Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

09.00
цагаас:

1.Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн
төслүүд /Засгийн
газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль
зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ
танилцуулна.

2.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн
найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч
2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
П.ЦАГААН танилцуулна;

-Хууль
зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

3.Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/
болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн
газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль
зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ
танилцуулна.

4.Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн
Ш.Түвдэндорж 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна;

-Хууль
зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ
танилцуулна.

5.Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай
болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн
газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ
танилцуулна;

-Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын
гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

6.Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл /Засгийн
газар 2016.01.27-ны өдө өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Эдийн
засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР
танилцуулна.

7.Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж
ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун
нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна;

-Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын
гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

8.“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын
тогтоолын төсөл /Засгийн
газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;

-Эдийн
засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ
танилцуулна.

9.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/
хуулийн төсөл /Засгийн
газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг
Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

10.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлийн биелэлт”/Засгийн
газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/:

-Үндсэн
чиглэлийн биелэтийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
танилцуулна;

-Эдийн
засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА
танилцуулна.

11.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт /Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн
тухай/:

-Үндсэн
хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;

-Хууль
зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН
танилцуулна.

12.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны
өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

-Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын
гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

13.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл /Улсын
Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;

-Төрийн
байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн
Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

14.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд
нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл /Улсын Их
Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль
санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна;

-Хууль
зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД
танилцуулна.

15.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн
төслүүд /Засгийн
газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн
байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН
танилцуулна.

16.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн
албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр
өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн
байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН
танилцуулна.

17.Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/
тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,
анхны хэлэлцүүлэг/:

-Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын
гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Генералуудад хүндэтгэл үзүүлнэ

Жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү түүхэн ойн хүрээнд Монгол Улсад генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр 11.00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Сайд өөрчлөгдөхөд хаа нэг газраас хүн авчирч агентлаг, хэлтсийн дарга болгодоггүй болно

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Танай байнгын хороогоор Засгийн газрын тухай, Нийтийн сонсголын тухай, Төрийн албаны тухай, УИХ-ын дэгийн тухай гэх мэт олон хууль хэлэлцэгдэж байна. Энэ хаврын чуулган сонгуультай холбоотойгоор богино хугацаанд болно. Эдгээр хуулиудыг баталж амжих болов уу?

-УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн хугацааны отгон чуулганы хугацаанд зайлшгүй хэлэлцэх ёстой зарим чухал хуулиуд байна. Үүн дотор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтатган хэлэлцэж анхны хэлэлцүүлгийн шатанд орсон. Энэ хуулийг хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хууль батлагдсанаар төрийн албыг улс төрөөс ангид байлгах бололцоо бүрдэнэ. Ямар нэгэн байдлаар сайд өөрчлөгдөхөд хаа нэг газар байсан хүнийг авчраад агентлагийн дарга эсвэл тодорхой хэлтсийн даргаар шууд тавьдаггүй болно. Төрийн албаны хамгийн бага шатнаас ахисаар эцэст нь Төрийн нарийн бичгийн дарга хүртэл шат дараалан албан тушаал ахих зарчмийг хуульд тусгаж байгаа. Дараагийн нэг асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа. Энэ хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд байна. Үүгээр Засгийн газрын гишүүний үүргийг УИХ-ын гишүүн давхар хашихтай холбоотой харилцааг зохицуулах асуудал байгаа. Төсөл дээр гурван яамны хувьд давхар хашиж болно гэж оруулж ирсэн.

-Аль яамдыг УИХ-ын гишүүн давхар хариуцаж болохоор оруулсан байсан бэ?

-Төсөлд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам гэж байсан. Гэвч хэлэлцэх явцад гишүүд шууд нэр заахгүйгээр Засгийн газрын тэргүүн аль яамыг оруулахаа шийдэх нь зүйтэй гэсэн санал давамгай гарч ирсэн. Ирэх долоо хоногоос хэлэлцүүлэг нь эхлэх байх. Яалт ч үгүй өнгөрсөн дөрвөн жил яригдсан гол асуудал энэ байлаа шүү дээ. Бид дөрвөн жилийн дотор шийдэж чадаагүй ч гэсэн дараагийн сонгуулиар шинээр бүрдэх Засгийн газрыг тодорхой зөв болгох шаардлага тулгарч байгаа учраас энэ хууль батлагдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хүмүүс 36 хүртэлх сарын цалинг эмч, багшаас бусад тухайлбал, соёлын салбарынханд өгөх болов уу гэсэн асуулт их тавьж байна лээ. Энэ талаар сонирхуулбал?

-Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг зарим салбарт өгдөг хууль бий. Тэр нь салбарын хуулиар зохицуулагдаж байгаа л даа. Жишээлбэл, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар багш, эмч нарт буцалтгүй тусламж олгогдож байна. Салбар болгон дээр харилцан адилгүй байна. Бүх асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахад түвэгтэй. Мөн салбарын хуулиар энэ асуудлыг зохицуулах нь зүйтэй гэсэн гишүүдийн байр суурь давамгай байгаа. Гэхдээ Төрийн албаны тухай хуулиар нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зарчмыг нь тодорхой болгох ёстой гэж бодож байна.

-Саяхан Ардчилсан намын ҮЗХ хуралдлаа. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Л.Болд нар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байсныг ярив уу?

-Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар Сонгуулийн хуулийн асуудал огт яригдаагүй. Зөвхөн 2016 онд Ардчилсан намаас сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцээд сайшаасан байгаа. Мөн Ардчилсан нам сонгуульд оролцохоо илэрхийлэх талаар тогтоол гаргасан. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал цаг хугацааны хувьд өдөр ирэх тусам боломжгүй болж байгаа. 70 хүрэхгүй хоног үлдлээ. Нөгөө талаас гишүүд хууль санаачлах эрхээ л эдэлж байгаа учраас үүнийг би буруу, зөв гэж хэлмээргүй байна. Гэхдээ энэ гаргаж байгаа саналаа сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах үед гаргасан бол дахиад ингэж хоёр ажил болгох үндэс байхгүй байсан.

-Үндсэн хуулийн Цэц ирэх баасан гаригт хуралдана. Үүгээр Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл өөрчлөгдөж таарах уу?

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудал хуралдаад хэрвээ Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн хэсэг буюу 28 нэр дэвшигчийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихвал УИХ хүлээж авах эсэхээ хэлэлцэнэ. Тэгээд хүлээж авах болчихвол яах аргагүй л Сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үндэслэж өөрчлөлт оруулах бол байж болох асуудал. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор өөрчлөгдөж болно гэж үзэж байгаа.

-АН, МАН хоёр хоорондоо тохиролцоод гишүүдийг тойргоос сонгогддог байх дээр тохиролцоонд хүрсэн талаар яриа байна?

-Хоёр нам энэ талаар тохиролцоо хийснийг огт мэдээгүй, сонсоогүй. Үндсэн хуулийн Цэц хараат бус бие даасан байгууллага. Тиймээс хоёр нам тохироод тэд нар нь биелүүлнэ гэсэн асуудал байх ёсгүй. Цуурхал байх гэж бодож байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Халз барилдаанд П.Бүрэнтөгс арслангийн баг түрүүлэх өндөр магадлалтай

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө цагийн бөхийн өнгө болсон шилдэг залуу хүчтэнүүдийн барилдааныг энэ сарын 30-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион явуулахаар болсон билээ. Уг барилдаанд хүч үзэх шилдэг арван хоёр бөхийн нэр тодроод байгаа. Тодруулбал, нэгдүгээр багт улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс, улсын гарьд Нямдоржийн Ганбаатар, Батнасангийн Гончигдамба, улсын харцага Цэдэвийн Содномдорж, Нямаагийн Батзаяа, улсын начин Төрөөгийн Баасанхүү, хоёрдугаар багт улсын арслан Намсрайжавын Батсуурь, Энхтөгсийн Оюунболд, улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Мөнхсайханы Өсөхбаяр, улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших, улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат нар хүч үзэхээр болсон.

Бөх сонирхогч, судлаачид эдгээр бөхчүүдийн талаар өөрсдийн санаа бодлыг илэрхийлж байгаа. Сүүлийн үеийн дуулиан шуугианы эзэн болсон Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Өлзийбатын Даваабаатарыг байхгүй байгаад олон хүн сэтгэл гонсгор байна. Даваабаатар харцага өөрөө оролцохгүй гэсэн үү, эсвэл түүнийг оролцуулах сонирхол хэн нэгэнд байсангүй юу. Ямар чиг л байсан уран дайчин барилдаантай, мөнгөө төлөөд бөх үзэж буй олны урмыг хугалдаггүй идэр залуу харцага барилдахгүй нь тодорхой боллоо. Мөн шуугианы эзэн, бөхийн өргөөнд цугласан олны талархлыг хүлээсэн, өөрт байгаа бүхий л боломжоо бүрэн дайчилж, манайхны хэлдгээр шатаж, шаралхаж барилддаг өсөх идэр начин, даншгийн арслан Рэнцэнбямбын Пүрэвдагвыг барилдаагүйд харамсах хүмүүс олон байна.

Пүрэвдагвын мөнхийн өрсөлдөгч Б.Пүрэвсайхан харцагын нэр бас л алга. Мань хоёр, тэмцэлдээн гэдэг чинь зүгээр нэг хэн нэгнээ налаад зогсчихдог үзвэр биш жинхэнэ өрсөлдөөний талбар гэдгийг үзүүлж олны өмнө арай л зодолдохдоо тулалгүй хүч үзэн, бөх сонирхогчдын цөсийг нь хөөргөдөг. Халз барилдаан гэдэг бол нэг талаас бөхчүүдийн сорилго боловч, нөгөө талаасаа цэвэр шоу шүү дээ. Ёстой нөгөө “мангаруудын зодоон” гэдэг шиг тулааны талбар байхгүй юу. Эдгээр арван хоёр бөх жинхэнэ “алалцаж” байж монгол бөхийн барилдаан гэдэг ингэж л сэтгэлийн цэнгэл эдлүүлж, таашаал өгдөг юм гэдгийг мэргэжлийн хэмжээнд мэдрүүлэх учиртай. Түүнээс улсын наадмын дөрөв, тавын даваа шиг найр татсан, уйтгартай болбол халз барилдаан хийхийн ч хэрэг байхгүй ээ.

“Барьц сонгохыг хүлээж, өрсөлдөгчөө баглаад зогсчихдог нөхдийн хажууд энэ чинь бөх байхгүй юу” гэж Б.Соронзонболд зааныг зарим хүмүүс хэлдэг. Тэр бол өөрийн гэсэн фэнтэй бөх. Гэтэл Соронзон алга. Тэрээр гар ачих, тонгорох, хутгах, бусгах зэрэг мэхийг даацтай хийдэг дайчин бөхчүүдийн нэг л дээ. Эдгээр бөхчүүдийг халз барилдаанд оролцуулах байлаа. Хэрвээ оролцохгүй гэсэн бол тэдгээр нөхдөд хариуцлага тооцох ёстой. Мэргэжлийн сумогийн тэмцээн дууссаны дараа бөхчүүд хотуудаар очиж, үзүүлэх барилдаан хийдэг. Түүнд Хакүхо, Харумафүжи гээд аваргууд бүгд оролцдог. Оролцохгүй, бэртэл авчихаж мэднэ гэдэг ч юм уу ямар нэгэн шалтаг хэлэх юм бол сумо бөхийн холбоо хариуцлага тооцоод цолных нь асуудал яригддаг. Монгол үндэсний бөхөд энэ дүрэм үйлчлэх ёстой юм. Монголын үндэсний бөхийн холбоо нь санаачлан зохион байгуулж буй барилдаанд улсын цолтой бөхчүүд пээдийж, ихэрхэж болохгүй.

Тэд зүгээр л үг дуугүй ажлаа хийж, үүргээ ухамсарладаг баймаар байна. Халз барилдаанд Пүрэвсайхан, Пүрэвдагва, Даваабаатар тэргүүтэй бөхчүүд яагаад оролцоогүй тухай бөхийн холбоо хэвлэлийн хурал зарлаж олонд мэдээлэхийг шаардаж байна. Ингээд халз тулалдахаар болоод буй арван хоёр бөхийн барилдаан хэрхэн өрнөхийг та бүхэнд сонирхуулъя. Улсын арслан П.Бүрэнтөгс нэгдүгээр багийг ахалж байгаа. Тэрээр Н.Батсуурь, Э.Оюунболд, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Ө.Бат-Орших, Э.Энхбат нартай хүч үзнэ. Эдгээр зургаан бөх дотроос хамгийн хатуу учраа нь мэдээж Санжаадамба байна. Бүрэнтөгс арслан Санжаадамбатай хүч үзэхдээ нэг л зүйлийг санах хэрэгтэй. Өнөө жилийн наадмын 1024 бөхийн барилдааны түрүү үзүүрт улсын аварга цолны төлөө Санжаа заантай халз тулна л гэж бодох нь чухал. Тиймээс Санжаадамбыг ямар нэгэн байдлаар хамаг хүчээ дайчлан, арал чац, байгаа бүхнээрээ түрж дайраад хаях нь зүйтэй. Хаях хаяхдаа бүр чанга хаяж, зүрхэнд нь жаахан шар ус хуруулчих нь зөв юм. Хэрвээ Бүрэнтөгс Санжаадамбад унавал өнөө жилийн наадмыг бодох, аварга цолны тухай санахын ч хэрэггүй. Санжааг нарийн ууцаар нь тас тэврэн голлож дайраад аваад явчих юм бол залуу арслан бусад тавыг нь аргалчихаж дөнгөнө л дөө. Ингэхээр Бүрэнтөгс босоо байх магадлал өндөр харагдаад байна. Үндсэндээ багтаа зургаан оноо авчирна.

Мөн цаана нь элдэвтэй нэг нөхөр бий. Биеэр жижиг хэрнээ, тойргийн барилдаанд одтой барилддаг Төрөөгийн Баасанхүү начин. Тэр жил бөхийн холбооноос зохион байгуулсан тэргүүн дэвжээ шалгаруулах “нутгаа дуурсгана” барилдаанд бараг л нэг ч уналгүй тэргүүлж байсан удаатай. Энэ удаа мөн босоо түрүүлчихийг байг гэх газаргүй. Баасанхүүд хамгийн эвгүй бөх нь Булганы Энхбат начин байж магадгүй. Энхбат уян хатан чанартай, унаж яваад мэх хийдэг, нэг гараараа газар тулж байгаад нөгөө хөлөөрөө тачигнатал барилддаг амаргүй учраа. Түүнийг л ямар нэгэн байдлаар нугаруулчихвал Баасанхүүд боломж гараад ирнэ. Бусдыг нь бол мань хүн нүүр нүдгүй алгадчихна. Өрсөлдөгч бөхөө тугны өмнө дэвээ шаваагаа хийж дуусгаагүй байтал манай хүн араас нь барьж аваад сөхөө өгөлгүй элдээд хөөчихнө. Батсуурь, Оюунболд, Бат-Орших, Өсөхбаяр нар алийгаа ч мэдэлгүй газар саваад унана. Хүмүүс санаж байгаа, өнөө жилийн цагаан сараар яалаа. Чүүчигнэсэн, туранхайвтар амьтан, бие хаа тэгш дүүхэлзсэн өндөр нөхөд болох хоёр Дамбыг баруун солгойгүй тонгороод, зүгээр л тоглоод хаячихаа биз дээ. Баасанхүү тийм л элдэвтэй. Санжаадамбын салтаанд хэд ч эргэж байж мэднэ дээ.

Бүрэнтөгсийн багт энэ жилийн сар шинийн барилдааны тэргүүн бөх Ц.Содномдорж байгаа. Хэдхэн хоногийн өмнө болсон Сонгинохайрханы хишиг 256 бөхийн барилдаанд Содномдорж харцага бас түрүүлнэ лээ. Сүүлийн үед түүнийг тогтоох бөх ховор болоод байгаа юм даг уу даа. Содном харцага Баасанхүү шиг элдэв янзын барилдаан гаргаж, өрсөлдөгчөө нүүр нүдгүй балбахгүй. Харин бүр санаа амар, айван тайван хүч үзсэн шигээ зогсож байгаад алсын сүвээний барьц аваад өргөөд шидчихдэг. Тийм л тактикаар барилдаад байгаа юм. Содномын шазуур зууж үзэх бөхийн нэг бол Оюунболд. Тэр хоёр өнгөрөгч жилийн наадмын долоогийн даваанд тунасан. Хэн давсан нь дээшээ барилдана байх аа гэсэн үзэгчдийн таамаг үнэн болж Оюунболд наадмын түрүү бөхөөр тодорсон билээ. Магадгүй өнөө жилийн наадмын наймын даваанд тунаж мэднэ. Тийм болохоор Содномдорж одооноос л Оюунболдыг хэрхэн яаж хаях вэ гэдгээ нарийн чинад тооцоолох хэрэгтэй.

Түүний гол өрсөлдөгч бол мэдээж Санжаадамба. Залуу заан эхэн үедээ хэд хэд хүчтэй туйлах нь мэдээж. Тэрхүү “салхи шуурга”-ыг аядуу намжуу болгосны дараа бол Содномд боломж бүрдээд ирнэ. Үндсэндээ санасандаа хүрч барьц сонгон, толгой дээрээ бярдаж гаргаж ирээд шидчих байх. “Олон жилийн дунджаар” гэдэг шиг Санжаа, Содном хоёрын ид үеийн барилдааныг эргээд харахад ихэвчлэн залуу заан давсан байдаг. Эдүгээгээс таван жилийн өмнө ардын хувьсгалын ерэн жилийн түүхт ойгоор тэр хоёр долоогийн даваанд тунаж, хоёр ч удаа барилдан будилж байж Санжаа нь давж заан болж байсан. Содном нь тахимаа өгөхгүй, хичнээн цаг талбай дээр уйлж зогссоныг үзэгчид мартаагүй. Содномын тэрхүү гашуун нулимс цээжинд нь амтагдаж л байгаа даа. Наадмын дараа намар нь байна уу даа, өнөө геннисийн зургаан мянга гаруй бөхийн барилдаанд энэ хоёр мөн л тунан хүч үзэж, Санжаа нь илүүрхэн хаясан. Эл бүгдийн хариуг Содном энэ удаад л авах хэрэгтэй. Маш том боломж гарч ирлээ гэж бодох хэрэгтэй.

Нэг хэсэг Пүрэвжав харцага “бөхийн аранга” гэгддэг байлаа. Өсөхөө аваргыг төрийн наадамд хоёр жил дараалан түрүүлж, арслан, аварга цолыг авчихсан ид байх үед нь буюу 2004 оны наадмын дөрвийн даваанд залуу бөх байхдаа өвдөг шороодуулж шуугиан тарьсан. Дараа нь Санжаадамбыг баттай түрүүлнэ гэж яригдаж байсан наадмын тавын даваанд өвдөглүүлж мөн л шуугиан дэгдээсэн. Харин сүүлийн үед “бөхийн аранга”-аар Ховдын Батзаяа харцага тодроод байгаа. Тэрээр түрүү жилийн наадмын тавын даваанд дархан аварга Өсөхбаярыг сөхрүүлчихсэн. Өсөхөө аварга Сүхбаттайгаа зүүний магнайг булаацалдан, хичнээн өдөр сар нервтсэний эцэст Сүхбат нь зодоглохоо больж, аварга маань зүүний магнайдаа сэтгэл амар гарч, цолоо дуудуулаад жавхаатай гэгч нь байтал юу болсон билээ.

Батзаяа гэж полдгор нөхөр тавын даваанд өвдөглүүлчихдэг байгаа. Түүний “бөхийн аранга” гэдгийг нь аварга тооцоолоогүй. Хэрвээ тооцоолсон бол түүнд тэгж “тамлуулах”-ын оронд нэг начин төрүүлчихнэ биз дээ. Тэгтэл Батзаяа зүгээр ч нэг унагачихаагүй, аваргаар минь бүр тоглоод хаячихсан. Зургаагийн даваанд урьд жилийнх нь түрүү бөх Батсуурь арслан мөн л дөрвөн хөллүүлээд “сансарт нисчихсэн” дээ. Энэ жилийн цагаан сараар Мөнхбат аварга, залуу арслан Оюунболд нарыг бас л дараалуулан орхиод шуугиан дэгдээсэн. Тиймээс “бөхийн аранга” Батзаяа бас л хатуу боорцог. Түүнтэй залуу арслан Батсуурь, Оюунболд хоёр даагаа нэхэж яс үзэлцэх нь мэдээж. Ийм л дуулиан шуугиан дор бөхчүүдийн халз барилдаан болно. Анзаараад байх нь ээ, Бүрэнтөгс арслангийн нэдүгээр баг түрүүлэх боломж байна. Үндсэндээ өндөр оноо авах магадлалтай бөхчүүд байна. Арслан өөрөө байна, цаана нь Баасанхүү гэж зүггүй барам байна, за тэгээд Содномдорж, Гончигдамба, Батзаяа байна. Харин Батсуурь арслангийн баг өрсөлдөгчөөсөөө жаахан дутуу харагдаад байгаа. Санжаадамба л голлож, туйлдгаараа туйлах байх. Түүнд Оюунболд, Батсуурь хоёр мэдээж хань болно. Харин Бат-Оших, Энхбат хоёр тэгтлээ өндөр авах нь юу л бол. Өсөхбаяр заан бол сүүлийн үед тун тааруу барилдаж байгаа. Эдгээр бөхчүүдийн зөөлөн боорцог нь гэж бөх сонирхогч олон таамаглаад буй. Эцэст нь хэлэхэд, энэ удаагийн халз барилдааныг санаанд оромгүй “сюрприз”-ээр дүүрэн болоосой гэж бөх сонирхогч олон хүлээж суугаа билээ.

Б.Батболд

Categories
мэдээ цаг-үе

Ц.Хүсэлбаатар: Өнөөдөр ч хүмүүс амархан аргаар баяжих мунхаг сонирхолтой хэвээр байна

“Ядуугийн зовлон” уран сайхны киног Монголын хамгийн анхны аймшгийн бүтээл гэдэг. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги буюу “Ядуугийн зовлон-2” уран сайхны кино энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байна. Тус киноны ерөнхий найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа

-Киногоо нээх гээд тун завгүй байгаа бололтой.Сэтгэл их хөдөлж байна уу?

-“Ядуугийн зовлон” уран сайхны киноныхоо хоёрдугаар ангийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болгоод байна. Одоо зөвхөн нээлтийг л хүлээж, басхүү түгшиж сууна. Уран сайхны кино гэдэг баг, хамт олны нөр их хөдөлмөр. Тиймээс кино багийнхан маань бүгд л надтай адилхан түгшиж, бас догдолж байгаа болов уу. Нээлт “Тэнгис кино” театрт 18:00 цагаас болно.

-Нээлтийн үеэр үзэгчдэд ямар гэнэтийн бэлэг бэлдээд байгаа вэ?

-Гэнэтийн бэлэг бол гэнэтийн л бэлэг байх ёстой. Энд хэлчихвэл гэнэтийн гэдэг утгаа алдчихна шүү дээ.

-Хоёрдугаар ангиараа үзэгчдэд чухам юу өгүүлэхийг хүссэн бэ?

-Арван долоон жилийн өмнө хүмүүст хэлж байсан санаа одоо ч байж л байна. Хүмүүсийн шунал, хөдөлмөрлөхгүйгээр орлого олох гэсэн мунхаг хүсэл, шударга бус явдал энэ олон жилийн дараа оршсоор л байна. Алтанд шунасан Сэндэр эгч, амьдралаа залгуулах гэж ядарч буй Хүдэр, цэрэгт явсан хүүгээ хүлээсэн эмгэний сүнс гээд л бид анх яг л энэ сэдвийг хөндөж хийж байсан. Тэгвэл киноны хоёрдугаар анги мөн л энэ сэдвийг хөндөж байна.

-Киноны нэгдүгээр анги төгсөх тэр мөчид хоёрдугаар ангийг хийнэ гээд тухайн үед төлөвлөчихсөн байсан уу?

-Тухайн үед киноны хоёрдугаар ангийг хийнэ гээд яг таг төлөвлөсөн бодсон зүйл байгаагүй. Хүмүүсийн дунд домог болж үлдэх бүтээл болно ч гэж тооцоолоогүй байсан.

-Тэгвэл шуналаас болж өөрийгөө болон эхнэрээ алдсан гол дүрийн баатар Хүдэр энэ удаагийн анги дээр ямар байдалтайгаар эргэн ирж байгаа нь үзэгчдийн сонирхлыг татаж байна?

-Хүдэр олон жилийн дараа галзуугийн эмнэлгээс оргож байгаагаар кино үргэлжлэх болно. Хүдэр эргэн ирэхийн учир мэдээж энэ кино түүнгүйгээр сонирхолтой болохгүй шүү дээ. Хүрэлхүү маань Хүдэрийн дүрийг бүтээхээс гадна киноны ерөнхий продюсероор ажилласан байгаа.

-“Ядуугийн зовлон-2” уран сайхны кинонд өнөөгийн дэлгэцийн уран бүтээлийн өнгийг тодорхойлж буй Ц.Цэрэнболдоос эхлээд олон мундаг жүжигчин тоглож байгаа харагдсан…?

-Дүрдээ сайн тохирох, ур чадвар өндөртэй уран бүтээлчдийг сонгосон. Ц.Цэрэнболд, Г.Золбоот, А.Адилцэцэг, Т.Анар, Ц.Алдармаа, залуу жүжигчин сурагч Н.Буянцог зэрэг уран бүтээлчид бий.

-“Ядуугийн зовлон” яах аргагүй Монголын анхны аймшгийн кино. Харин одоо бол аймшгийн кинонууд ар араасаа мэндэлж байна. Эдгээрээс хоёрдугаар анги юугаараа өөр байх бол?

-Хүмүүс өөрсдөө энэ айдсыг бий болгож байна. Мэдээж нэгдүгээр ангиас өөр байлгүй яахав. Тэр үеэс одоо бидний амьдарч байгаа орчин хүртэл өөр шүү дээ. Илүү бодитой амьдралыг харуулна. Бас баатар болгон өөр өөрийн онцлогтой, давтагдашгүй байх болно.

-Тухайн үед уг киноны нэгдүгээр анги үзэгчдэд хүрч байх үеийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Анх үзэгчдийг байлдан дагуулна гэдгээ төсөөлөө ч үгүй байсан гэсэн?

-Нэгдүгээр ангид тоглосон гавьяат жүжигчин Сэлэнгэ агсан, мөн соёлын тэргүүний ажилтан Нарантуяа, Д.Хүрэлхүү, А.Адилцэцэг, тэргүүтэй жүжигчид, ангийн анд Г.Энхтөр, зураач П.Чулуунбаатар, залуу зураач С.Чулуунбаатар, гайхалтай зураглаач агсан Наранбаатар гээд олон сайхан уран бүтээлч маш сайхан эрч хүчтэй гар нийлэн ажилласан учраас одоо болтол хүмүүсийн дунд сайн бүтээл гэж яригдаж байгаагийн шалтгаан байх.

-Өмнөх анги шигээ үзэгчдэд хүрч чадах болов уу. Та юу гэж бодож байна?

-Мэдээж энэ сэдэв бол мөнхийн сэдэв. Хүн чанарын гэрэлтэй, сүүдэртэй талууд байгаа цагт дээрээс нь хэрхэн цааш үргэлжлэх бол гэсэн хүмүүсийн хүлээлт байгаа цагт хэрэгцээтэй хэвээр л байх болно.

-Зураг авалтыг хаана хийв?

-Улаанбаатар хотод авсан. Мөн зураач С.Чулуунбаатарын багийнхны гараа гаргаж бэлдсэн павильонд авсан. Энэ дашрамд харамгүй сэтгэлээр тусалсан бүх анд найзууддаа болон бүх уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа.

-Киноны нэгдүгээр анги хичнээн төгрөгөөр бүтэж байсан бол. Харин хоёрдугаар анги хэр өртөгтэй босов?

-Энэ асуулт нууц хэвээрээ үлдэг. Тэгээд ч санхүүгийн талын нарийн ширийн асуудлыг би сайн мэдэхгүй.

-Гэргий болон охин тань дүр бүтээсэн үү ?

-Гэргий Өлзийхүү маань энэ киноны арын албаны ажлыг хариуцаж ажилласан. Мөн зургийн дарга гэдэг том албыг хашиж бид бүгдийг саадгүй ажиллуулж байлаа.

-Кино багийнхнаа танилцуулахгүй юу?

-Зураглаач Г.Гүеэнбаатар, хөгжмийн зохиолч Г.Хишиг, нүүр хувиргагчаар киноны нэгдүгээр ангид ажилласан Ж.Болормаа, Г.Хос-Эрдэнэ зэрэг олон сайхан уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдөр нь үл мэдэгдэх түүхт ой

Нэр нь үл мэдэгдэх буюу нэргүй баатрууд гэж бий.Тэднийгээ ард түмэн нэр нь дуурссан баатруудаас дутахгүй хүндэлдэг. Тийм баатруудын гавьяаг дурсахын тулд мөнх гал, дурсгалын булш үйлдээд санан дурсдаг. Эрхэмсэг талийгаачийн шарилыг хүнээр, малаар тахиж ёсолдог балар үе нэгэнт өнгөрсөн тул тэмдэглэлт өдрүүдээр цэцэг өргөх гэхчилэнгийн зөв боловсон тайлга үйлддэг болж. Шинэ шинэ баатруудын гавьяа тодорч л байдаг боловч “нэр үл мэдэгдэх” нөхдийн талаар маргаан гараад байдаггүй. Бид үр ачдаа Тэмүүжин, Сүхбаатар гэхчилэнгийн нэр өгч тэдний дурсгалыг бас хүндэлдэг. Монголчуудын дунд түгээмэл байдаг “Нэргүй” гэдэг нэр ч гэсэн нэр нь тодроогүй баатруудын дурсгалын нэр бас мөн.

Харин өдөр нь үл мэдэгдэх ой, үйл явдал гэж буй. Тийм явдал болсон нь тодорхой, түүхийн голдрилыг, хүн ардын хувь тавиланг өөрчилсөн нь тодорхой. Харин хэдэн оны хэдэн сарын хэдэнд гэдэг нь балархай. Зуун зууны тэртээд үлдсэн тэрхүү явдлын огноог хэн ч санахааргүй мартагдсан байдаг. Гэтэл хүн зоноороо түүнийгээ дурсмаар тэмдэглэмээр байдаг.

Хүсэл байгаа боловч биелүүлэхэд амаргүй. Хэн ч мэдэхгүй байна гэдэг бол хэн ч мэдэж болно гэсэн логик учраас хэтэрхий маргаантай. Өөрийн саналыг батлах боломж “0”-тэй тэнцүү боловч бусдын саналыг унагаах бололцоо бараг 100 хувь. “Чи наадахаа нотлоодох” гэхэд л өрсөлдөгчийн санаа нисээд явчих нь энүүхэнд. Бусдын бурууг нотлох нь өөрийнхөө зөвийг нотлохтой дүйхгүй юм аа гэхэд дөхөж очих хэмжээний ид бахыг эзэндээ авч ирдэг золиг шүү дээ. Нэр нь тодорхой ч огноо нь тодорхойгүй түүхт явдлыг тодруулахад ийм бэрхшээл гардаг.

Саяхан Чингис хааныхаа төрсөн өдрийг товлож байхад өрнөсөн маргаан ч ийм учиртай. Тэрнээс биш Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглүүлэхгүй гэсэн далд санаа биш байх л даа.

1921 оны ардын хувьсгалын ойг бид долдугаар сарын 11-13 -нд тэмдэглэсээр иржээ. Уул нь ардын журамт цэрэг гуравдугаар сарын 18-нд Хиагтыг гамингаас чөлөөлсөн гэж заадаг. (Яагаад ч “журамт” цэрэг гэсэн юм бүү мэд. Баронд хөөгдөөд Хиагтад зугтаж очсон гамин цэргүүдтэй харьцуулахад хавьгүй эмх журамтай байсан юм болов уу).

Ялсан намын сүр хүчийг бадруулсан нөхдүүд долдугаар сарын эхээр янзын сайхан наадам хийж ялалтаа угаажээ. Наадам гэдэг бол нүүдэлчдийн хувьд “бүх ард түмний хүлээн авалт” юм шүү дээ. Мянга мянган жил “хээрийн хүлээн авалт” хийсэн туршлагатай монголчууд муу нэртэй “мичин жил” хүртэл тэнгэр сайхан байдаг тийм өдрийг сонгосон нь долдугаар сарын аравд орчим аж.

Энэ огноотой хэн ч маргалдсангүй өнөөг хүрч. Гурван сарын 18-нд өвөл дуусаагүй байх тул бүх ард түмний хүлээн авалтыг зохион байгуулахад хүндрэлтэй. Морь унасан хүүхдийн хацар хайрагдахыг юманд бодохгүй байж болох ч зодог шуудагтай бөхчүүдийн чухал чухал цэгүүдэд гүн хөлдөлт үүсвэл хэн хариуцахсан билээ. Иймээс ардын хувьсгалын ойг гуравдугаар сард тэмдэглэнэ гэж хэн ч маргасангүй.

Ингээд жил бүрийн долдугаар сарын 11-нээс 13 хүртэл 2-3 өдрийг “1921 оны ардын хувьсгалын төрсөн өдөр” хэмээн тооцох болж. Хүн биш хувьсгал учраас хоёр гурван өдөр үргэлжлэн төрж болох тул хүмүүс гайхсангүй. 1966 онд үер болсныг эс тооцвол 90 жилийн турш энэ өдөр тэнгэр сайхан байж ирсэн нь ардын бөгөөд журамт цэргийн сонголт мэргэн байсны гэрч билээ.

Ардын засгийн анхны наадмаас хойш монголчууд суурьшин, олуул амьдарч болох төдийгүй барилдаж болох байшин баригдсан тул Октябрийн гэхчилэнгийн баярыг ажрахгүй тэмдэглэдэг болов. Тэндээ барилдахгүй юм гэхэд хуралдаж болно. 1930-аад онд “хуралдан цэнгэх газар” гэсэн хаяг бишгүй байсныг тэмдэглэн үлдээжээ. Тиймэрхүү ойнууд их төлөв Зөвлөлт засаг, социалист систем, тухайн дэглэмтэй холбоотой байж.

1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялж, далаад жил замнасан “капиталист бус хөгжлийн зам”-аа орхив. Үүнтэй зэрэгцээд Зөвлөлт улс түүнчлэн социалист систем үгүй болов. Зөвлөлт засаг ой мойтойгоо хүчингүй болсон тул Октябрийн баярыг тэмдэглэх нь утгагүй болов. Гэвч ард түмний баярыг хасч, барилдааныг цүүлсдүүлэн гомдоож болохгүй учраас Октябрийн хувьсгал ялж Орос оронд Зөвлөлт засаг тогтсон түүт ойн баярын оронд 11 сарын 26-ныг санал болгож “наймаа” тохирчээ.

1924 оны энэ өдөр өрнөдийн маягтай анхны Үндсэн хуулийг батлан Бүгд найрамдах засаглал тогтоосноо зарласан аж. 1911 оны эрх чөлөөний хувьсгалыг удирдсан Богд хаан ба түүний засаглалыг халсан төдийгүй шашинтай тооцоо бодно гэдгээ ч хуульдаа тусгажээ. Богд гэгээнтэн бээр “хамаг амьтны тусын тулд” гэлээ гэгчээр хаангүй улс болох ёслолд садаа болохгүй гэсэн аятай БНУ тунхаглахын өмнөхөн “нас барсан” байдлаар зайгаа тавьж өгсөн байдаг.

Үнэхээр арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бол Бүгд найрамдах улс тунхагласан өдөр мөн аж. Гэвч “Бүгд найрамдах” нь дорхноо гээгдэж “улс тунхагласан өдөр” болоодохлоо. Нэг хэсэг нь манай улс ердөө л 1921 оны өвлийн эхээр бий болсон аятай бодож байхад, нөгөөдүүл нь 1206 оны энэ өдөр Чингис хаан ширээнд суусан маягаар ойлгоно.

Бид мянга мянганаар ярих төрт ёсны уламжлалтай, найм есөн зуунаар хэлцэгдэх их улс, эзэнт гүрний намтартайгаа үр ачдаа төдийгүй дэлхий дахинд сануулж бахдаж байхын тулд ойн өдөр хэрэгтэй байна.

Иргэн байхын тулд иргэний үнэмлэхтэй, иргэний үнэмлэх авахын тулд төрсний гэрчилгээтэй, төрсний гэрчилгээ авахын тулд төрсөн өдөртэй байдаг шиг зүйл.

Саяхан бид их Чингис хаандаа төрсний гэрчилгээ олгож, мэндэлсэн өдрийг албан ёсны болгов. Гэхдээ билгийн тооллоор тооцов. Цагаан сар, бурхад гэгээдийн дүйцэн өдөр зэргийг хуучин тооллоор явахад харин ч домоглог, бурханлиг, ид шидлэг харагдуулах төдийгүй сүсэг бишрэл төрүүлэх менежмэнт болдог. Харин түүхэн ой, төрт ёсны үйл явдлын огноог нийтийн он тоололд нийцүүлж байж албан ёсны болдог. Учир иймд билгийн улирлаар авсан “Чингис хааны төрсөн өдөр”-ийг нийтийн он тоололд шилжүүлж хүн төрөлхтөнд ойлгомжтой болгох нь дараагийн алхам болов уу.

Одоо бид монгол нутагт анх төр улс байгуулагдсан өдрийг Хүннү гүрнээр улбаалан авч жил бүр тэмдэглэдэг, энэ өдөр төрийн албан хаагчид тангараг өргөдөг байвал сайхан мэт. Шинэ албан хаагч “миний бие ийнхүү 2200 жилийн түүхтэй төрд зүтгэх үүрэг иржээ” гэж бодоход бахархам бас үүрэг хариуцлагаа ухаарч сүрдэм. Дараа нь “Их Монгол Улс байгуулагдсан өдөр” товлоод үндэсний баяр болгох хэрэгтэй байна.

Их засаг хууль батлагдсан хэмээн нэгэн өдрийг зөвшөөд хууль цаазын баяр болгож яагаад болохгүй билээ. Ийм ой гарцаагүй хэрэгтэй боловч огноог яг таг хөдөлгөөнгүй тогтоох боломжгүй. Хамгийн гол нь бие биеийнхээ саналыг нураах гэж тулалдахаа л багасгачихвал болоо.

Жишээлэхэд, монголчууд Чингис хааныг ширээнд суулгасан, Их Монгол Улс байгуулсан явдлаа тэмдэглэж наадам хийсэн нь гарцаагүй. Наадмыг зун л хийсэн байж таараа. Наадам хийхэд хамгийн сайхан өдөр долдугаар сарын аравд хавь гэдэг бол маргаангүй.

Амар хялбарыг бодоод хуучин баяруудыг шинээр баяжуулж болж байна. Долдугаар сарын 11-ний бол ардын хувьсгал ялсан төдийгүй Их Монгол Улс байгуулагдсан албан ёсны өдөр болгочиход болохгүй гэх газаргүй. Ер нь ч ийм байдлаар явж байгаа. Харин арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдөр анхдугаар үндсэн хууль батлагдсаны зэрэгцээ Чингис хааны Их засаг хууль баринтаглагдаж байсан байж яагаад болохгүй гэж.

Яах аргагүй амарч баярлаж сурсан гуравдугаар сарын 8-ны өдөр Алун гоо юм уу, Өүлэн эх мэндэлсэн байхыг хэн үгүйсгэх билээ. Харин зургадугаар сарын 1-нд Хүннү гүрэн байгуулагдсан өдөр байж болох жишээний.

Тэр ч бүү хэл Есүхэй баатрын хорлогдож үхсэн гэх өдөр бий болгоод татааруудтай тооцоо бод гэх гэсэн юм биш. Харин “архи дарснаас татгалзах үндэсний өдөр” байдлаар тэмдэглэж, түүний хор хөнөөлийг сануулж болж байна.

Яах аргагүй тэмдэглэгдэн үлдсэн өдөр бол монголчууд бүрэн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан арванхоёрдугаар сарын 29-ний өдөр. Энэ өдрийг Их Монгол Улс байгуулагдсантай хавсруулан хийсэн ч болох.

2012.11.29

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос Б.Цэнддоогийн “Үлгэр, үнэн, үлгэр” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП-100 аж ахуй нэгжийг шалгаруулж, өргөмжилсөн юм. Өнөө жил “Эрдэнэт үйлдвэр” ХХК топ-100 аж ахуй нэгжийг тэргүүлсэн байна. Эдгээр шилдэг байгууллагуудыг шалгаруулахдаа Сангийн яам, Гааль, татварын газар, Статистикийн газрын албан ёсны тайлан мэдээг үндэслэсэн юм билээ. Татвар, орлого, ашиг, ажилчид гэх мэт үндсэн 5 үзүүлэлтээрээ тэргүүлсэн эдгээр топ-100 аж ахуй нэгжийн шалгаруулалтын ёслолоос хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөөдрийн дугаартаа онцоллоо. Сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрээс уншина уу.

Энэ долоо хоногийн эхээр ХХАА-н яаманд үр тариа эрхлэгчид цуглан багагүй үймээн, бужигнаан үүсгэсэн. Тэвэл салбарын сайд Р.Бурмаа ярилцлага өгч, яагаад ийм асуудал үүсээд байгааг тайлбарлажээ. “Тариаланчдын нэр барьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хязгаарлуулахгүй” хэмээх ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрт хэвлэлээ. Үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбат мөн энэ сэдвээр байр сууриа илэрхийлснийг хоёрдугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт манай сонины Орлогч эрхлэгч, төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Үлгэр, үнэн, үлгэр” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

Тэгвэл “Улс төр” булангийн тавдугаар нүүрээс “Сонгууль хойшлохгүй, мандатын тоо ингэж өөрчлөгдөнө” материалыг уншаарай. “УИХ-ын 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн” хэмээх дүгнэлтийг Цэцээс гаргасан. УИХ дахь АН, МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болсон бол “Шударга ёс” эвсэл завсарлага авсан. Завсарлагын хугацаанаас үүдэн сонгууль зургадугаар сард болох уу, эсвэл 11 дүгээр сард болох уу гэдэг асуудал олон нийтийн дунд үүссэн. Тэгвэл энэ тухай манай сонины тавдугаар нүүрээс дэлгэрэнгүй уншина уу.

Эдгээрээс гадна Баримт, үйл явдлын зургаа, долдугаар нүүрээс цаг үеийн мэдээ мэдээллийг унших боломжтой. Мөн удахгүй болох үе үеийн Болор цомын эздийн үдшийн талаарх ярилцлага, Өмнөд Монголын нутгаар явсан тэмдэглэл зэргийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Эклер”-ээс хордсон иргэдийн тоо 100 давжээ

ekler“Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэсэн “Эклер”-ээс 45 хүн хордож, 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн. Дээрх хүнсий бүтээгдэхүүнээс хордсон хүмүүсийн тоо нэмэгдэж, 129-д хүрсэн хэмээн МХЕГ-аас мэдээллэж байна. Өчигдөр оройн байдлаар хордсон хүний тоо 70 гаруй байсан бол өнөөдөр энэ тоо нэмэгдэж, ХӨСҮТ-д 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын ахлах байцаагч Ш.Одончимэг иргэдийг “Эклер” болон кремтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Тус бүтээгдэхүүн нь 1100 гаруй үйлдвэрлэгдсэнээс 736 нь борлуулагджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

ФОТО: “Шинэ бүтээл-Хүмүүс 5” үзэсгэлэн

Баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг сан”-аас гэрэл зургийн үзэсгэлэн нээгээд байгаа билээ. “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг агсны дурсгалд зориулсан энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 5-ныг хүртэл Гамма галерейд гарах юм. Уг үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжлагаа хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ нийгэм

ФОТО: Топ 100 аж ахуй нэгжийг өргөмжиллөө

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран шилдэг 100 аж ахуй нэгжийг шалгаруулж өргөмжлөн, өнөөдөр шагналыг гардууллаа. Энэхүү ёслол Төрийн ордонд болсон юм.

Өнөө жил “Эрдэнэт үйлдвэр” ХХК шилдэг 100 аж ахуй нэгжийг тэргүүлсэн бол “Оюу толгой” ХХК удаалж, Худалдаа хөгжлийн банк гуравт жагслаа. Эдгээр шилдэг байгууллагуудыг шалгаруулахдаа Сангийн яам, Гааль, татварын газар, Статистикийн газрын албан ёсны тайлан мэдээг үндэслэсэн байна. Ингээд ТОП-100 аж ахуй нэгжийг өргөмжлөх ёслолоос хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэе.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН