Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос дөнгөж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг, Н.Ганбаяр нар оролцсон юм. “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэл”-ийг тус комисс боловсруулан гаргаж, өчигдөр /2016.03.30/ УИХ-д өргөн барьсан байна. 15 дахь удаагийн илтгэлд үндсэн дөрвөн асуудлыг хөндөн тавьснаа комиссынхон онцолж байна.
Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн хуулиар хязгаарлаагүй, баталгаатай эдлэх ёстой эрх хэрхэн хангагдаж байгааг судалж үзжээ. Ингэхдээ ШШГЕГ-ын харъяа 401,405,407,409,411,415,421,429,443 дугаар ангиудад хяналт шалгалт хийжээ. Хорих ангийн орчин нөхцөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, ялтны хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс олголт, ялтны сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд голлон анхаарсан байна. Мөн энэ удаагийн илтгэлд тодорхой хүрээнд эрх нь хязгаарлагдсан хүмүүст сэтгэцийн асуудалтай иргэдийг багтаан төр, засгийн хэмжээнд анхаарал татахуйцаар тавих гол асуудал гэж ХҮЭК үзсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хэвтэн эмчүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхэд онцгойлон анхаарч, сэтгэцийн өвчтэй иргэдэд зориулан асрамжийн газар байгуулах шаардлагатайг тогтоожээ. Энэ асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс хөндөгдсөн ч анхаарч үзэлгүйгээр өнөөдөртэй золгосныг ХЭҮК-ийн дарга тодотгосон.
ХЭҮК-оос хоёрдугаарт анхаарал хандуулж, илтгэлд оруулсан зүйл нь баривчлах, цагдан хорих ажиллагаанд хийсэн дүгнэлт байв. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч бие дааж нотлох баримт цуглуулах эрхгүй, хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг өөрийн санаачлагаар дуудах эрхгүй байгаа нь шүүх хуралд өмгөөлөгч мэтгэлцээний үр нөөөтэй тал болж чадахгүйд хүрч байгааг тодотгожээ. Энэ нөхцөл байдлыг өөрчилж, эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатайг Хүний эрхийн тайланд онцолсон байна.
15 дахь удаагийн хүний эрхийн илтгэлийн бас нэгэн чухал хэсэг нь ахмад настны эрхийг баталгаатай эдлүүлэх, тэдэнд чиглэсэн нийгмийн хамгаалллын цогц бодлогыг боловсруулж ахмадуудад зориулсан үйлчилгээг чанаржуулах шаардлагыг илтгэлд тусгажээ.
Харин дөрөв дэх гол асуудалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын эрхийг онцолсон байна. ШШГЕГ-ын харъяа албадын алан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлтйэ танилцаж, зарим албаны ажлын байрны нөхцөлийг сайжруулах, албан хаагчдад илүү цаг, амралтын баярын өдрүүдэд ажилласан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, аюулгүй байдлыг хангах үүднээс ажилтан бүрийг тусгай хэрэгсэлтэй болгох зэрэг асуудлыг тусгажээ.