Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлаг хэвлэлийн хурал зарлалаа

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолт зохион байгуулахаар тов зарлаад буй. Үүнтэй холбогдуулан энэ сарын 4-ний өдрийн 12.00 цагт “Сastle” клубд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Тус хурлаар энэ сарын 8-ны өдөр болох хоёр тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд “Нарлаг диваажин” шинэ цомгийн танилцуулгаа мөн хүргэх юм байна.

Гуравдугаар сарын 8-ны 15.00 цагт “Ub palace”-ийн концертын танхимд “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолт болно. Харин тус өдрийн 20.00 цагт “Ханьдаа дуулъя” тоглолт “Castle” клубт болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлыг ил задгай хаяж шатаавал торгуультай

“Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай хууль” болгон шинэчлэн найруулж өчигдрөөс эхлэн орон даяар мөрдөж эхэллээ. Дээрх хуулийг шинэчлэн найруулах болсон шалтгаан нь хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн дэвшилтэд суурилсан хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хүчин төгөлдөр хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байсан аж.

Хүн ам өсч, бүтээн байгуулалтын ажил өрнөж, хотжилт, уул уурхай, аялал жуулчлал, үйлдвэржилт эрчимтэй явагдаж хүрээлэн байгаа орчинд сөрөг үр дагавар дагуулсаар байна. Тухайлбал, томоохон хот, суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга болон нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, түүн дотроо уушигны цочмог, архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна.

Мөн ундны ус бохирдол, Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн бие засах газар, бохирын цооногийн тоо нэмэгдсэнээр хөрсний бохирдлын түвшин нэмэгдэж, хүн амын дунд гэдэсний халдварт өвчин гарахад нөлөөлж байна гэж албаныхан үзжээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл эхэллээ

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл нийслэлд болон Ховд, Дорнод аймагт өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэнэ. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт 2016 оны гуравдугаар сарын 10-нд болно.

Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлжээ. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Диваажинд төрөх эрхийн бичиг

-ФЕЛЬЕТОН-

Улс орон хоцрогдонгуй байх тэр цагт зөвхөн хүн тавьдаг газар л хий үзэгдэлтэй байсан гэдэг юм. Одоо сонгууль дөхөхөөр л хий үзэгдэл бүтээн байгуулалт маягтай өрнөх боллоо. За, байхгүй иргэд саналаа өгөх ч аль эртийн явдал. Байгаа эсэх нь тодорхойгүй сая төгрөгийг хүн бүрт тарааж эхлээд байна. Араас нь хийгээгүй ажлын цалин, хүрээгүй насны тэтгэвэр, тусаагүй өвчний эмчилгээ…гээд цуварч өгөх юм байх аа. Нөгөө нөхөд чинь сүүлдээ энэ насны бүх хэрэгцээг амлаж дуусчихаад “Диваажинд төрөх эрхийн бичиг” гардуулж явааг бодохул, хорвоо ч цагаа тулахаар багтаамж муутай эд дэг ээ.

Учрыг нь олчих санаатай хүн амьтнаас асуух гээд гарахаар тооны хүрдээ талд нь ортол цээжилж амжаагүй бололтой хэдэн нөхөд “Би бодохдоо: 4х4 хэд билээ” гээд бодоод суучих юм. Ирэх сараас эхлэн урдаас мэлийтэл харснаа “Би боддоггүй ээ. Харин Чи Чодохдоо…” гэсэн хачин асуулт тавих юм гэсэн…Базарваань гэж.

Бид хоёр ертөнцөд зэрэг амьдарч байгаа юм байна. Нэг нь бодит ертөнц, өглөө сэрэхэд бахь байдгаараа л байдаг энэ ертөнц. Нөгөө нь улстөрчдийн бидэнд төсөөлүүлдэг амлалтын ертөнц. Улс төрийн төсөөллийн ертөнц үнэхээр жаргалтай, юм юмтай. Дээр үед “Коммунизмд орохоор чадлынхаа хэрээр хийгээд хүссэнийхээ хэрээр авна” гэж итгүүлдэг байсан нь энэний дэргэд юу ч биш. Мянга мянган мөрийн хөтөлбөрийг эвлүүлэн бүтээсэн энэ кибер ертөнцөд “чадлын хэрээр хүсч, хүсч хүчрэхийн хэрээр авна” гэж байгаа.

Анх төрсөн ертөнц маань бараг хэвээрээ боловч “хөтөлбөрийн ертөнц” хөгжиж байгаа гэж жигтэйхэн. Тийм болохоор бид илүү сайхныг амласан, амлалтаа ой тойнд буутал гоё төсөөлүүлж чадсаныг нь сонгодог болоод байна. Яг цагаа тулахаар хүсэх гэдэг чинь бас амаргүй ажил аж. Хүний хүсч байгааг өөрийнхөө нэхэж байгаатай харьцуулахад ямагт гологдоод байх юм. Үүнийг анзаарсан улстөрчид маань улам бүр төсөөлшгүй, санаанд ерөөсөө орж байгаагүй, орохын ч эцэсгүй зүйлсийг мөрийн хөтөлбөртөө дүрслэх болов.

Тэд төсөөлүүлэх, бид төсөөлж авах үүрэгтэй учраас өмнөх сонгуулиар дүрслэн ярьсан зүйлийг нь санахгүй бол сонгогчид л буруутай болоод байна. Үнэхээр ч хүний ярьсан юмыг мартчихаад бурууг өөрөөсөө зайлуулах гэвэл шударга бус аа. Манай сонгууль ийм бөлгөө.

Бид бодит хорвоо хэцүүдээд ирвэл “Ямар ганцхан хорвоотой биш. Дарга нарын маань төсөөлүүлж өгсөн амлалтын хорвоо байж л байгаа юм чинь” гэж тайтгардаг. Талх авах мөнгө хүрэхгүй тохиолдолд “Үхсэн ганц талхтай ч яалаа, талхгүй ч яалаа. Дарга нарын маань төсөөлүүлж өгсөн “Засгаас үнэгүй авах гурван өрөө байр, сар бүр авах монгол хүн болсны нөхөн төлбөрийн сая төгрөг хэвтэж л байгаа юм чинь” гээд бодоход дотор онгойж байгаа юм чинь. Нам, улс төр хоёр ийм л өгөөжтэй.

Би та нарт ярилуу яалаа, багадаа эгэл хүн, намын гишүүн хүн хоёр хэрэлдэхийг харснаа. Бүр социализмын үед шүү дээ. Тэр үед чинь саяхан Ши хуа болсон Хухуа нам дангаараа байсан цаг. Хухуа гэдэг нь хуучин “Хуучин ху нам” буюу МАН, Шихуа нь “шинэ Ху нам” буюу МАХН гэсэн товчлол юм гэсээн, хүн хэлсэн.

Уул нь өөрснөө “Шихуй” гэж товчилдог юм гэсэн. Хуй гэдэг бол нэгдүгээрт буу, хутга, сэлэм зэргийн агуулах гэрний нэр юм. Бас хүчтэй эргэлдсэн салхины ч нэр аж. Цаад утгаараа МАН бол эртний түүхтэй хуучин бууны хугархай төдийгүй маш эрч хүчтэй нам гэсэн санаагаар өөрсдийгөө Ху Хуй гэж товчилдог гэсэн.

Харин зарим хүн судлаач болохоор “Ху хуа” гэвэл дээр. Хуа гэдэг бол Янлинхуар, Тоохуар гэхчилэнгийн ардын дууны хүүхнүүдийн нэр. МАН нь “Хуа”-тай болсноор уянгалаг яруу дуудагдах төдийгүй бусдаасаа илүү жендерлэг харагдуулж байна гэх юм билээ. Бас ноу-хау гэдэгтэй ч ойролцоо сонсогдож байгаа тал бий. Олон сайхан эмэгтэй сайд даргыг эгнээнээсээ төрүүлж бас сонгуульд нэр дэвшүүлж байгаа энэ нам бол “Ху”-гаар зогсохгүй “Хуа” нам мөнөөсөө мөн гэж юм мэддэг улс ярих боллоо. Эл өгүүллийг бичигчийн хувьд бол, эрдэмтдийн талыг баримталж МАН-ыг “хуалж” байгаа болно. Хэвлэлийн мэдээнд “Хухуа намын хурал хуваариас хоцорч эхэллээ”, “Шихуа намын хуралдсаныг хэмээн Шинхуа агентлаг уламжиллаа” гээд явбал бараг шүлэг шиг сонсголонтой болж байна.

Одоо түрүүнд орхисон эгэл хүн намын гишүүн хоёрын хэрүүл рүүгээ орно оо. ХуХуа нам хуйтай сэлэм шиг гозолзож, хуй салхи шиг хуйлруулж байсан 1970-аад оны үесэн. Тракторын жолооч сургуулийн багш хоёр муудалцсан юм. Хүүхнээс болсон санагдана. Энэ хүүхнүүд үү, эр хүнийг намтай намгүй ялгалгүй алийг нь алдуулдаг айхавтар улс шүү, базарваань гэж. Тракторчин нь Хухуамэн буюу намын гишүүн байсан. Багш хархүү нь хуй, диплом хоёроос өөр барих юмгүй шалдан амьтан. Хуй гэж хутгаа гээгээд хоосон гэр зүүчихсэн гэсэн санаа шүү дээ. Тэр үед намд боловсролгүй улсыг голлон авдаг байсан. Сэхээтнүүдээс болгоомжилно гэж жигтэйхэн. Мэдэх хүнээс асуугаарай. Боловсролтой байж тэрийгээ нуугаад намд элсээд баригдвал болгож тавьдаг байсан цаг. Сэхээтний төөрөгдөл гэж дуулсан уу? 1964 онд хэсэг сэхээтэн төөрснийг. Янз янзаар нь ярьдаг юм. Их сургуулийн хэдэн багш боловсролтойгоо нууж намд элсээд тэр нь илэрч шившиг болсон гэдэг ч билүү? Элсэхдээ үнэхээр боловсролгүй байсан боловч нууцаар бие даан боловсрол эзэмшиж булайгаа хутгасан ч билүү? Намын түүхэнд бол төл бойжуулахаар явсан хэсэг профессор цасан шуурганд төөрөөд намын жанжин шугамаас гажсан мэтээр өгүүлдэг санагдана.

Ингэхэд хоёр хүний хэрүүл ярих гээд мөн их хадуурч байна аа. Бодсоноосоо өөрийг яриад, ярьснаасаа өөрийг хийдэг улстөрчдөөс болоод энэ. Сав л хийвэл ярьж байгаагаасаа өөр юм бичих гээд байдаг болчихсон…

Тэр үед ийм юм болсон. Тракторчин нь “Чи намайг зодвол шорон явна. Сэхээтэн хүн байж ажилчин ангийг дээрэлхсэн хэмээн бүр чангалж гяндан явуулна. Харин би чамайг зодвол яах ч үгүй. Би намын гишүүн хүн, сайндаа л намаас сануулга аваад үлдэнэ. Пролетари хүн юмны учрыг олоогүй гээд давхар өршөөнө. (Хүн зодох нь зөв буруу эсэхийг мэдэхгүй тул хэргийг хөнгөрүүлнэ гэсэн санаа) Яасан ч байсан би зөвдөнө” гээд даналзаад байсан. Яаж ч бодсон түүний зөв байсан ба багш хархүү бараг номхон зогсож байгаад нармайгаа нээлгээд үлдсэн. Харин хүүхнээ бол нам бус нь авсан. Золоор, намын гишүүн нь эхлээд хүүхнийг авна гэсэн заалт байгаагүй нь бурхан байсаар байсны гэрч гэлтэй…нам аа гэж, хуйтай бол хуйтай эд байлаа даа…

Ийм л паянтай намууд биднийг хоёр ертөнцөд зэрэг амьдардаг болгож өгсөн юм. Сүүлдээ аль ертөнц нь жинхэнэ гэдгийг ялгахаа байгаад байна. Эхнэртээ толгой түрүүгүй загнуулаад хөөгдсөн анд маань “Үхсэн баас, манай нэр дэвшигчийн төсөөлүүлсэн амьдралд Зайсангийн хотхонд байртай, 18-тай охин байж л байгаа юм чинь. Энэ мууд царай алдахгүй” гээд явсан. Одоо болтол эргэж ирэхгүй байгааг бодоход намуудын мөрийн хөтөлбөр дотор л амьдраад болоод байгаа хэрэг.

2012.5.2

Categories
мэдээ цаг-үе

Ц.Хулан: Ядарч байна гэвэл худлаа сонсогдох, жаргаж байна гэвэл гангадахаар амьдарч байна даа

Яруу найрагч Ц.Хулантай ярилцлаа.

Та сайхан харагдаж байна шүү?

-Тэгцгээдэг юм (инээв)

Өдий насны бүсгүй хүний нүдээр харахад энэ хорвоо ертөнц өөр өнгөөр харагдаж байгаа даа гэж бодлоо?

-Бас ч гэж Монголд төдийгүй Азийн элгэн дээр хатуухан өвөл болох шиг боллоо. Зэргэлдээ Өмнөд Монгол, Орос руу ч зөндөө их цас зудтай дуулдаад, зам хаагдсан боогдсон гэсэн мэдээ сонсогдсон. Тэнгэрийн муухай арилдаг гэж монголчууд хэлдэг. Гэсэн ч зуун зуундаа арилдаггүй нэг зүйл нь хүний мөн чанар байна. Сайхан хавар болж байна. Александр Блокын нэг шүлэг байдаг. “Ай хавар аа, Ааглуухан ирдэг хавар аа, Амьдрал чамайг би гараа алдлан хүлээж авъя” гэж 16-хан насандаа шүлэглэж байсан юм. Энэ мөрүүдийг Оросын хувьсгалыг угтсан зөнч дуун байсан гэж ярьдаг ч ерөөс хүний сэтгэлийг хавар гэдэг маш их шинэтгэдэг улирал. Энэ жилийн хавар бас их сайхан болж байна. Цагаан сарын дараахан хар аяндаа л хүний сэтгэл уяраад, уужраад ирсэн шүү дээ. Монголчууд маш их сэтгэлийн хаттай ард түмэн юм. Зуданд алдсан малаасаа илүүтэй ирэх зуныхаа тухай яриад, шинэ торго дурдан дээлээ хийж өмсөөд, ямар морио уралдуулах уу, хүүхдээ ямар сургуульд явуулах уу, юуг шинээр хийж бүтээх вэ гэдгээ ярьдаг, боддог.

Энэ сайхан хаврын тухай та шүлэглэсэн үү?

-Сайхан хаврын тухай шүлэглэж амжаагүй ээ. Гэхдээ өдөр болгон хүн аялгуу хөгөөр амьдардаг. Манай Дан.Нямаа ахын сайхан шүлгийн мөр байдаг юм. Өглөөгүүр нэгэн сайхан үг сонслоо, өдөржин тэгээд дотроосоо гэрэлтлээ гэж. Сүүлийн үед би зурагт үзэхгүй, үзвэл дандаа сайныг нь түүж үзнэ. Сонин хэвлэл уншвал дандаа сайхан зүйлийн талаар бичсэнийг нь түүж уншдаг болоод байгаа. Миний хийж байгаа ажил Хүүхэлдэйн театр, хүүхдийн ертөнц учраас энэ гэгээн сайхан орчинд хүн өөрөө өөрийгөө цаг үе, нийгмээс булааж аваад, өөртөө үүсгэсэн орон зай дотроо жаргалтай л байх шиг надад санагдаж байна шүү дээ.

Сүүлийн үед шүлгээ уншиж байхыг чинь хараагүй санагдаад байна. Ц.Хулан гэдэг бүсгүйг юу ирлэж, юунд илүү санаа чилээж суудаг бол?

-Хүн өөрийгөө тусгай орчинд тусгаарлаад би л жаргалтай байя. Бусад нь яах нь хамаагүй гэдэг маш бэртэгчин бодол. Амьдрал хатуу хэцүү байлаа ч ирж байгаа хавраар, мандаж байгаа нараар өөртөө аялгуу хөг бий болгож амьдрахгүй бол энэ амьдралаас сэтгэл ханах, таашаал авах юм юу ч байхгүй болж хоцорно. Хүмүүст энэ тухай сануулж бай, энэ дохио сэрэмжийг өгч бай гэж яруу найрагчид сайхан дуу шүлэг зохиодог байх. Миний хувьд театрын хэдэн гол уран бүтээл, шүлэг ном зохиол, найз нөхдийн хүрээ энэ зүйлүүдээс сэтгэл ханамж авч байдаг.

Та хулан шиг эрх чөлөөтэй явсан байх. ГэхдээНандин учрал”, зуун жилдээ ганцхан ханьтайгаа учирснаас хойш гэр бүлийн амьдралд баригдсан хүлэгдсэн болов уу?

-Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдох юм. Нөхөр ноднин жил хорт хавдраар өвдөөд, гурван улсын бараг арваад эмнэлгээр нөхрөө сахиад явсан. Яаж ийгээд хөл дээр нь босголоо. Одоо нөхөр маань ажлаа хийж байна. Төмөр замын орлогч дарга шүү дээ. 6000 хүн хариуцдаг байсан бол 8000 хүн хариуцаж байна. Олон гэдэг оломгүй далай. Ц.Хулан ядарч байна гэвэл худлаа сонсогдох, жаргаж байна гэвэл гангадахаар үед амьдарч байна л даа. Би олны танил, хүмүүс надад хайртайг мэдэрдэг. Хүмүүс гараа сунгаж байгаа энэ үед жирийн иргэд маань яадаг бол гэж бодогдож байсан. Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүст сэтгэлийн дэм, эдийн засгийн тусламж үзүүлэх юмсан гэж бодогдсон. Урт хугацаанд буруу оношлогдоод явж байснаа, баяртай мэдээ дуулсныхаа дараа ийм асуудалтай хүмүүст туслахыг хүссэн л дээ. Гавьяат цол авсан учраас найр хийх ёстой байтал нөхөр маань өвдөж байсан учраас найраа хийж чадаагүй. Магадгүй тэр хэмжээнд зарлагадах мөнгийг ийм асуудалтай гэр бүлд өгсөн. Нэг үдэш би хүмүүс цуглуулаад магтаал сонсоод, бэлэг цуглуулахаас илүү хүнд тус болох алхмыг нөхөр бид хоёр ярилцаж байгаад хийсэндээ сэтгэлд хангалуун үлдсэн юм. Гаднаас нь харвал энэ нэг цахилсан хүүхэн юу хийж чаддаг юм гэх байх. Одоо би өөрийгөө тоогоод хэлэхэд миний хоол цай хэнд ч гологдохгүй. Хоол цай хийхэд сэтгэлийн орц найрлага хамгийн их хэрэгтэй байдаг. Миний нөхөр гадуур хоол иддэггүй. Энэ хооронд бас нус нулимсаа үзүүлэхгүйгээр Монголын олон хүнд гамшиг болсон өвчний ард гарах гэж хичээсэн. Энэ миний хувийн амьдрал учраас нийтэд түгээж зарлаад байсангүй. Өөрсдийнхөө нурууг хотойлгож даваад гарсан. Ойр дотнын хүмүүс маань ойрхон байсан. Яг үхэл амьдралын зааг дээр хүн танигддаг. Надад өөрийгөө, зэргэлдээх хүмүүсээ таних том боломж өгсөн. Ийм үед яг юу үнэ цэнтэй юм бэ гэхээр амьдрал өөрөө үнэ цэнтэй. Өдөр тутмын нар үнэтэй, амьд явна гэдэг хүнд тус болохын үүд, шалтгаан юм байна. Энэ агшнуудыг хайрлаж үнэлж цэгнэмээр юм байна гэж бодогдсон. Ийм юмнаас авсан ухаарал их л дээ. Энэ айхавтар хэцүү нэртэй өвчин сэтгэлийн гаралтай юм байна. Эхлээд хүний сэтгэл эмчлэгдэж байж бие эмчлэгддэг. Нийгмийн сэтгэл эрүүл байж, нийтээрээ буян хурааж байж энэ өвчинд олноороо өртөхгүй байх юм. Монголчууд биенээ арай жаахан өөрөөр хармаар юм байна. Хүнсний аюулгүй байдал гэхээсээ илүү хүн хүндээ аюулгүй байдлаар хандаж сурмаар юм байна. Монгол хүний амьдралын чанарт нөлөөлж байгаа орон сууцны зээл, банкны зээл, хүүхдийн сургууль, сургалтын чанар, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал гээд олон юм бий. Монгол хүн аз жаргалтай байж чадах нөхцөлийг боломжийн хэрээр бүрдүүлж өгөхгүйгээр дандаа иргэнийхээ эсрэг зүйлийг хийсээр ирсэн үр дүнгүй манлайлалтай улстөрчидтэй бид олон жил зууралдлаа. Энэ бол нам эвслийн тогтолцоондоо бус хувь хүнд нь байгаа юм. Хувь хүний дотоод хөгжил гэгээрэл боловсролтой холбоотой. Ингээд яривал их юм байна л даа.

Хавар ч болж байна, сонгуулийн жил ч болж байна. Олон хүн өөрийгөө голохгүй нэр дэвшүүлж байна. Тан шиг хүмүүс юу бодож суугаа бол. Ааг амтагдаад үүнийг хийчих юмсан, өөрчилчих юмсан гэсэн энэ их бодол ухаарал хүслээ яаж бодит ажил болгох вэ?

-Яг үнэндээ би нэр дэвшихгүй гэж худлаа ярихгүй. Нэр дэвшинэ гэж амлаж чадахгүй. Хэрэв нэрээ дэвшүүлэх дээрээ тулбал аль нэг нам бараадахгүй, бие дааж нэр дэвшинэ. Гэхдээ эцсийн шийд гараагүй. Надад олон хүлээлт байна. Эхлээд ханийнхаа биеийн байдлыг харна.

Нандин учрал минь зуун жилдээ ганцхан хань минь гэсэн мөрүүдийг бичихэд хүргэсэн хүн сайн эр байж таарна?

-Тийм, миний хань сайн хүн, сайхан хүн. Бас их хаттайгаар энэ өвчний ард гарч яваа. Эрэгтэй хүн өөрийгөө боддоггүй, хайрлаж сураагүй. Байнга л хойноос нь утасдаад диспетчер тогооч шиг хоолыг нь хийгээд, “Хэдэн цагт ирэх гэж байна, одоо яаж байна, одоо цонхоо онгойлгоод гурав амьсгал” гэдэг. Нарийн бичгийн дарга руу нь яриад “Одоо манай хүн тийм юм идэж, ууж байна уу ч гэдэг. Би ийм байхаасаа ч тээршааж цааргалдаггүй.

Хүүхэлдэйн театрыг та тэргүүлж байна. Хүүхдүүдэд юу үзүүлж харуулах вэ гэдэг маргаашийн Монголын нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж байгаа гэсэн үг?

-Нэгэнт эвдэрсэн, өөрсдийгөө хэн бэ гэдгийг мэдэхээ байсан хүмүүстэй ажиллаж байснаас Монголын ирээдүйг энэ цэвэр тунгалаг цаасан дээр бичих нь зүйтэй гэж санасан л даа. Энд ирээд зургаан жил боллоо. Энэ салбар хөл дээрээ бослоо. Сүүлийн хэдэн жүжгийг маань яам худалдаж авсан. Мял богдын намтар, дэлхийн хэдэн сонгодог жүжгүүд байна. Энэ тайзан дээр ийм жүжгүүд тоглогддогт хүмүүс баяртай байгаа. Нийгмийн ёс суртахуун хүүхэд ахуй наснаасаа эхэлдэг. Долгион барьдаг улсууд хамтарч ажиллах аятайхан байдаг. Манай яам надтай долгион барьдаггүй байсан бол би ажлаас халагдсан юм уу, нэг бол шүүмжлээд сууж байх ёстой л доо. Ажлыг дэмжинэ гэдэг сайн. Дэмжлээ гэхэд улсын төсвөөс хэтэрсэн зүйл надад олгодоггүй. Олгосон санхүүжилтээр нь жинхэнэ бүтээл хийж үзэгчдэдээ хүргэдэг. Хэдийгээр гурвын гурван байгууллага нэг байшинд байрладаг ч гэсэн манайх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа.

Ц.Хулан найрагч роман бичиж байгаа болов уу, зохиол руу шилжихээр төлөвлөж байгаа юу гээд хүмүүс сонирхох байх л даа. Энэ талаар танд мөрөөдөл бий юу?

-Би мөрөөдлөөрөө биш бодит байдлаараа амьдардаг хүн. Ирээдүйн тухай зөгнөөд л яваандаа тийм болно гэдэггүй. Хүүхнүүдийн нэг мөрөөдөл байдаг. Март ойртож байгааг хэлэх үү, 40 размераасаа 36 болчих юмсан гэцгээдэг. Яг үүний төлөө би өөрийгөө хэзээ ч зовоож байгаагүй. Ирээдүйд түүхэн роман бичнэ гэсэн том мөрөөдлөөр амьдардаггүй. Агшин агшнаар, өдөр өдрөөр амьдрахын аз жаргалыг мэдрээд үзээрэй. Өнөөдрөөрөө амьдарсан хүн аз жаргалтай байдаг. Хамгийн гол нь хүнд атаархах шунах сэдэл үүсдэггүй.

Та яаж өөрчлөгдөхгүй, үрчлээтэхгүй толигор хэвээрээ үлдээд байна вэ?

-Зүрхэнд үрчлээ суухгүй бол зүсэнд үрчлээ суухгүй гэдэг дээ. Тэр нь юу юм гэхээр зүрх сэтгэл чинь хүүхдээрээ л байг. Хайрлавал хайрласан шиг хайрла. Би бол хүнийг далд муу хэлэхээсээ илүү нүүрэн дээр нь хэлээд санаа амардаг зантай. Хэзээ ч юмыг бугшуулж, дарж хорт явуулга, далдуур ажиллагаа хийдэггүй. Тийм учраас надад үрчлээ байхгүй нь сайн л биз. Гэхдээ хүн намайг үгсэж араар тавихыг мэдэрнэ. “Өө, яадаг юм, энэ миний л үйлийн үр, энэ хорвоогийн жамаар яваандаа та нар намайг ойлгож л таараа ш дээ” гээд л ирээдүй цагт хаячихдаг. Тийм учраас стрессгүй амьдарч чаддаг. Миний нэг хуурай дүү надад хандаад “Хулан эгч ээ, би таныг ёстой их хүндэлж биширдэг. Та бол жинхэнэ эр хүн” гэсэн нь интернэтээр их явсан гэсэн. “Гэнэн хүн гэгээрэлд ойрхон” гэгчээр цагаа тулахаар би үнэхээр гэнэн хүн. Гэхдээ ажил төрлийн хувьд бол гэнэн царайлж алдаа гаргахгүй л дээ.

Хүүхэдтэй холбоотой асуудал дээр ялангуяа ээж нар бараг алдаа гаргахгүй дээ?

-Зарим ээж хүүхдээ өөрийнхөө хүрч чадаагүй бүхэнд хүргэх гээд шахаад байдаг. Би бол заримдаа “Миний хүү хичээлээ пялчих” гэдэг. Энэ цаг хугацаанаас хүүхдүүдийг авч үлдмээр байна. Өдрийн хичнээн цаг сургууль дээр байдаг билээ. Ирээд даалгавар гээд нухаад сууна. Зарим хүүхэд бүр нүд нь анивчаад, хөдөлгөөний дутагдалд орчихдог. Хүүхдийн сургалт боловсрол дээр бид их алдаж байна. Зөвхөн тоо заах биш сэтгэлийн боловсрол олгодог, хүнийг хайрлах нинжин сэтгэлд сургахыг ор тас мартсан байна. Энэ бол дорно дахины уламжлалаас харш. Би лав хүүхдээ энэ бүхнээс хамгаалдаг.

Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан гэх мэт таны мөрүүдийг мэргэдийн үг шиг л, маань мэгзэм шиг л хүн бүр шахуу мэддэг. Таны шүлгийн мөрүүдээс хүмүүс иш татдаг байх ямар вэ?

-Мэдээж сайхан байлгүй яахав. Энэ бол зөвхөн үг биш үйл хэрэг болоод хэрэгжээсэй гэж боддог. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан гэдгийн тайлбарыг би дараа бичнэ л дээ. Япончууд энэ шүлгийг маань ямар нарийн ойлгосон гэж санана. Тайлбарыг нь Шинтаро Таникава гуай их сайхан хийсэн. Зүлгэн дээр гэдэг бол байгаль экологийн бүрэн бүтэн байдал, гэрээ бариад гэдэг бол улс үндэстэн бүрийн өөрсдийнх нь амьдрах ахуйн хэв маяг. Зарим нь Кремлиэ барина, зарим нь Букинхемиэ барина, монголчууд бол гэрээ барих жишээтэй. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг гэдэг бол улс төр, эдийн засаг, шашны дарамтгүй байх, амьдрахсан гэдэг бол хүн төрөлхтний идэвхтэй зарчим. Энэ бол XX зууны бүх хүн төрөлхтний хүслэн гэж үзээд, XX зууны шилдэг зуун найрагчийн нэгэнд намайг багтаасан байна лээ. Сонирхолтой нь зуугаад найрагчаас бараг тэн хагас нь амиа хорлож өрөвдмөөр нас барсан байдаг. Эдгээр зохиолчдын мэргэн цэцэн үгтэй зэрэгцээд миний үг тууж явна лээ.

Ийм мундаг философи дөнгөж хорьтой залуу бүсгүйн толгойд яаж буусан байна аа?

-1990 оны “Болор цом” дээр Б.Лхагвасүрэн гуай шүүгчээр сууж, энэ шүлгийг хоёрын даваанаас хасч байсан юм. Тэр жил Б.Ичинхорлоо түрүүлж байлаа. Гэтэл энэ шүлэг 20 жилийн дараа эргэж ирсэн. Би шүүмжлэгч С.Энхбаярт үнэхээр баярладаг. Хорин жилийн өмнө О.Дашбалбар, С.Энхбаяр хоёр л энэ үгийг олж харсан юм шүү. Тэр үед нийгэм их өөрчлөгдөж байлаа. Нэг хөлөөрөө хуучин нийгэмд, нөгөө хөлөөрөө шинэ нийгэмд монголчуудын сэтгэлгээний шилжилтийн үе байсан. Монголын эв нэгдэл гангар шаазан хагарч байгаа юм шиг цууралт явж байсан. Үүнээс хойш хичнээн олон сэтгэл хирдхийлгэсэн муу муухай зүйл гарав, үүнээс хойш хүмүүсийг баярлуулсан хичнээн сайхан зүйлс болов. Монгол хүн өөрийнхөө соёл иргэншлийн үнэт зүйлийг танин мэдрэх тэр эрмэлзэл өөрийн эрхгүй бага насанд уулга алдалт болж гарсан маань 20 жилийн дараа гүйцэж ирж, хүмүүст хүрээд, өнөөдөр хүн бүр энэ үгийг мэддэг болжээ. Аливаа үнэн, энгийн юм хэзээ ч хоцрогддоггүй, мартагддаггүй.

Гэнэнпил хатны нэг сайхан үг байдаг. “Би юу эсийг үзэж юу эсийг эдэлсэн гэх билээгэж. Таны хувьд тиймэрхүү бодол төрдөг үү. Эсвэл үзэж харах байлдан дагуулах өндөрлөг бас үлдсэн болов уу?

-Миний найз нөхөд хэлдэг юм. “Чи их тэнэг хүн юм аа. Чи хаана ч юм хийвэл чадах хүн шүү дээ” гэдэг. Би нөхрийгөө өвдөхөөс өмнө явцуу хүрээнд өөрийнхөөрөө жаргалтай явжээ. Жаахан ачаа, хариуцлага үүрэхгүй бол энэ улс орон эдийн засгийн хямралаасаа маш удаан гарч байна. Энэ олон алтны уурхай эрдэс баялгийн ордууд нээгдээд, хүмүүсийн гар дээр мөнгөн эргэлт эрчимжиж байгаа ч монгол хүн сэтгэлээр гундуу, төрдөө итгэлгүй болчихсон нь анзаарагдаж байна. Хүмүүсийн амьдрал 1990, 2000 онтой харьцуулшгүй өөр болсон. Гудамжинд архи уугаад, ажилгүй явж байгаа хүн харьцангуй цөөрсөн ч юунд энэ ард иргэд бухимдаад байгаа гэхээр шударга бус байдал, төрийн эрээ цээргүйд бухимдаж байгаа юм. Төр юунаас болж эрээ цээрээ алдсан гэхээр ард иргэдийн хяналт, оролцоо дутагдаж байна. Тэр нь юу гэхээр мань мэтийн амиа бодсон, бэртэгчин үзэлтнүүдээс болоод хүмүүст үнэн үг дутсан юм. Би хувиа бодоод суулгүй тэнд гардан тулаанд орсон бол гэж боддог. Би УИХ-ын нэг суудлыг бөглөөд юу ч хийхгүй сууж байж болно. Гэхдээ Ц.Хулангаас хэзээ ч шунал, муу юм гарахгүй. Гавьяа байгуулдаггүй юм аа гэхэд ядаж нэг суудал бөглөөд сууж байх ёстой бүхэл бүтэн нийгмийн давхарга ажил хаяснаас болоод төрийн нэр хүнд шалдаа буулаа. Ухаардаг сэхээрдэг боддог, ард иргэдийн төлөө зоригтой ажилладаг хүмүүс хувиа бодсон учраас энэ орон зайг шунал ашиг сонирхлоо улсынхаас дээгүүр тавьсан этгээдүүд дүүргэж, Монголын нийгмийг ёс суртахууны хувьд ч эдийн засгийн хувьд ч хохироогоод гундаагаад байгаа юм биш үү.

Categories
мэдээ цаг-үе

У.Доржханд: Би лист зараагүй. Надад тийм эрх нь ч байхгүй

ХҮНын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Доржхандтай ярилцлаа.

Танай нам доторх хагарал, хуйвалдаан болон тантай холбоотой гэх асуудлуудад Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд албан ёсны тайлбар хийвэл…?

-Эхлээд ХҮН-ын тухай болон энэ нам ямар учраас байгуулагдсан юм, энд би яагаад явж байгаа юм гэдэгт хувь хүний зүгээс өөрийн ойлголтыг өгөх нь зөв байх. Цаасан дээр байсан намыг бид ярьж байгаад “Энэ нам бидний итгэл үнэмшилтэй нийцсэн нам байна. Товчлол нь ХҮН. Бидний гаргаж ирсэн үзэл баримтлал бол хүн дээд үзэл. Энэ үзэл нь хүн төвтэй биш хүнийг дээдэлдэг, түүнийг урдаа барих юм” гээд энэ намыг бий болгож 2011 онд шинэчилж зохион байгуулсан. Миний хувьд, АНУ-д Олон улсын вальютын санд ажиллаж байгаад, ажил, амьдрал, бүх зүйлээ орхиод эх орондоо ирсэн. Энд учир утга, агуулга, нэр төртэй, амьдралдаа харамсахгүйгээр үр хүүхдэдээ сайн сайхан амьдралыг өгөх боломжтой ийм нөхцөлийг бий болгох үе нь мөн байна гэж бодоод шийдвэрээ гаргаад ирсэн л дээ. Одооны үүсээд байгаа нөхцөл байдал уг нь намын дотоод жижигхэн асуудал байгаа юм. Манай нам өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан. Хүний амьдралтай зүйрлэвэл ХҮН мөлхөж яваа нам. Тэгэхээр энэ намын хувьд хэдийгээр цаг хугацааны хувьд богино хугацаанд нийгэмд хүлээлт үүсгэсэн ч гэлээ институцийн хувьд бэхжиж амжаагүй, бэхжих шатандаа яваа. Үүсээд байгаа асуудал намын дотор асуудал байсан ч харамсалтай нь нийтэд ил болж, хяналтаас гарчихлаа. Үүнд маш их харамсч байгаа. Энэ байдлыг үүсгэсэн нөхдүүдийнхээ өмнөөс намын гишүүд дэмжигчдээсээ уучлал гуйя.

Таныг листийн гуравдугаархыг таван тэрбумаар зарсан. Ер нь лист зарж 30 гаруй тэрбум төгрөг босгож намын санхүүжилтээ шийдээд байгаа гэж яриад байгаа. Энэ үнэн үү?

-Би ямар нэгэн лист зарсан зүйл байхгүй. Лист зардаг хүн нь би биш. Надад тийм туршлага байхгүй (инээв). Би анх удаа намын ерөнхий нарийн бичгийн даргын ажил хийж байгаа. Надад ёс зүйтэй, нэр хүндтэй, хэзээ ч хүний өмнө муу юм хийсэн дээ гэж гэмшихгүйгээр амьдарч чадна гэсэн итгэл үнэмшил байдаг. Би эдийн засагч хүн. Макро эдийн засгийн чиглэлээр нэлээд ажилладаг. Нэг санхүүгийн эх үүсвэрээс хамаарсан эдийн засгийн систем явдаггүй юм. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байна. Уул уурхай сайн явж, эрдэс түүхий эдийн ханш өндөр үед эдийн засаг сайн явдаг. Гэтэл өнөөдөр уначихлаа. Үүний дараагийн салбар байхгүй байна. Тэгэхээр нэг салбар, нэг хүчин зүйл, нэг санхүүгийн эх үүсвэр, нэг хүний их мөнгөнөөс хамаарсан систем явахгүй. Энэ ч агуулгаараа би үүний эсрэг байсан. Харин бид Ажлын хэсэг гаргаад краудфандинг буюу олон нийтээс хөрөнгө босгох-Обамагийн загвараар жижиг дунд бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг нийт хөдөлмөр эрхлэгчдээс мөнгө гуйя. Тэр нь 1000 төгрөг ч байсан хамаагүй. Тэр нь сэтгэл шингэсэн байдаг юм. Энэ бол бидний давуу тал. Өнөөдрийг хүртэл бид худлаа ярьж, хулгай хийгээгүй. Ямар нэгэн амлалт өгөөгүй, улс төрийн шинэ хүчин болохоор бидэнд боломж байна гэцгээсэн. Ингэж санхүүгийн загвараа гаргаж ажиллаж байсан.

Бидний хувьд шинээр үүсч байгаа улс төрийн хүчин. Маш их оюунлаг залуус нэгдэж, нягтарч байгуулагдсан нам. Бидний зорилго бол улс төрд шинэ салхи оруулах. Дандаа эрх мэдэл, мөнгөтэй хүн улс төрд явдаггүй юм аа. Тэрний оронд ажлаа хийдэг, мэргэжлийн, мэдээлэлд ойр байдаг хүмүүс нь явдаг юм гэсэн жишээг бий болгоё гэсэн ийм л зорилгыг тавьсан. Энэ намын хувьд яалт ч үгүй хүндрэлтэй асуудал бол санхүүжилт. Аль ч намын хувьд тийм байгаа. Бид өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө багахан эх үүсвэрээр үйл ажиллагаагаа явуулаад ирсэн. Хэн нэгэн гадны мөнгө, эрх мэдэлтэй, ямар нэгэн субьектээс нэг ширхэг ч төгрөг аваагүй. Зөвхөн өөрсдийнхөө итгэл үнэмшил, өөрсдөөсөө мөнгө гаргаж мөн намынхаа гишүүдийн татвар, зарим нөхдийн хандиваар үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүргэсэн. Цаашид ч ийм зарчмаар явуулна. Хэрвээ хэн нэгэн хүнээс хамааралтай, хэн нэгнээс их хэмжээний мөнгө аваад түүгээрээ улс төр хийгээд явна гэвэл, уучлаарай. Хэрэв тэгвэл энэ цэвэр улс төр байж чадахгүй. Аль болох олон түмнээс, олон хүнээс мөнгө босгоод түүгээрээ улс төр хийнэ гэсэн загвараар явсан.

Тэгэхээр лист зарсан гэх яриа хаанаас үүдэж гарсан юм бэ?

-Надад лист зарах эрх нь байхгүй. Тэгэхээр үүнийг шийддэг бүтэц нь жагсаалтыг 1-28 хүртэл жагсаагаад явдаг эрх үүрэг бүхий бүтэц Намын төв хороо юм. Танилцуулаад явах нь Удирдах зөвлөл. Үүнийг журамласан журмыг бид хийгээд явж байгаа. Хоёрдугаарт, маш их хүлээлт нийгэмд үүсчихээд байна. Энэ хүлээлтийг бид сайхан хүлээж авах ёстой. Яарч болохгүй. Тэгэхээр системээ маш эрүүлээр хийх хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн системээ. Маш их мөнгөтэй, АН, МАН-д орж байсан, ажиллаж байсан ийм хүмүүсийг хүлээж авах нь буруу гэдэг хувийн байр суурьтай байсан. Надтай холбож яриад байгаа нэр бүхий бизнесменүүдтэй (сурв. Ш.Сайхансамбуу, Ч.Мянганбаяр … г.м.) би уулзаагүй. Уулзах саналыг манай намын удирдах албан тушаалтнуудаар дамжуулж надад хүргүүлж байсан. Тэр хүмүүстэй би уулзаагүй. Тэр хүмүүстэй уулзах ажлыг манай асуудал хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн, “Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөртөө авч “Би тэдэнтэй уулзъя. Та ийм юмнаас хол бай. Та бол төрийн, цэвэр хүн. Харин би бол бизнесийн хүн учир энэ хүмүүстэй уулзъя” гэсэн. Ийм байдлаар явсан. Цаашдаа бол аливаа улс төрийн хүчин хэн нэгнээс хараат бус байна гэх юм бол их мөнгийг нэг хүнээс босгох систем ажиллахгүй. Боломжтой бол улс төсвөөс санхүүжүүлээд явах нь хамгийн зөв хувилбар гэж боддог.

Таныг гадаадаас ирэхээс хоёрхон цагийн өмнө намын дарга Удирдах зөвлөлтэйгөө хуралдаж ажлаас тань халах болон Хариуцлагын ерөнхий хороогоо татан буулгах тушаал гаргасан юм билээ. Битүүний өдөр ийм гэнэтийн шийдвэр гаргасныг танай намынхан урьдаас сайтар бэлтгэсэн ажиллагаа байсан гэж тайлбарлаж байна?

-Бидний зорьж байгаа, хийх гээд байгаа ажил бол Монгол Улсыг урт хугацаанд тогтвортой, эдийн засгийн хөгжилтэй, улс төрийн тогтвортой бодлоготой, оюун санааны хувьд хөгжчихсөн, амьдралын хувьд ч элбэг дэлбэг, хүүхдүүд нь аз жаргалтай, нүдэнд нь гэрэл гэгээ цацарсан тийм л амьдралыг хүсч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол 2016 он биш. 2020 он ч биш. 2024, 2028, 2032 он руугаа зорьж ажиллая. Хорь, гучин жилийн турш энэ улсыг босгохын төлөө ажиллая гэж нэгдсэн юм, бид. Үүнийг хийх арга зам нь юу вэ гэхээр энэ бол институци юм. Хөгжсөн орнуудын загварыг аваад үзэх юм бол хамгийн сайн институци байгуулсан нь АНУ, Англи, Герман. Германаас япончууд хуулсан. Сингапур Англиас хуулсан. Тэнд нэг хүнээс хамаарсан систем ерөөсөө ажилладаггүй. Тэнд хичнээн мундаг хүн байж болно. Институци буюу систем нь зөв суурьтай хөгжсөн тохиолдолд тэнд хөгжлийн асуудал, урт хугацааны төлөвлөлт, стратегийн асуудал яригддаг.

Нэгэнт улс төрийн хүчин байгуулж байгаа зорилго нь юу вэ гэхээр улс орныг өөрчлөх, Засгийн газарт орж ажиллах, засгийн эрхийг авах гэсэн үндсэн зорилго байна. Нэгэнт засгийн эрхийг авах гэж байгаа бол тэр засгийг институцийн хэлбэр рүү оруулах шаардлагатай.

Доржханд гэдэг хүн бол анх удаа намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажил хийж байна. Алдаа, оноо байна. Магадгүй олон жилийн турш гадны байгууллагуудтай хамтарч ажиллаад явсан туршлага байгаа ч Монголын хөрсийг мэдрээгүй гэдэг алдаа байж болно. Удирдах арга барилын хувьд буруу байна уу гэвэл буруу байна. Шинэ агаарыг улс төрд оруулахад тийм ч амаргүй. Тийм агаарыг цэврээр нь оруулахад хуучин хүсэл сонирхол ямар байсныг тооцож чадаагүйд буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үүнийг шаардлага тавьж байгаа нөхөд маань өмнө нь хэлээд залруулаад явах хугацаа байсан. Харамсалтай нь, тэгсэнгүй. Нөхөдтэйгөө уулзаад ярья гэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ асуудлыг хөндөж ярихгүй байна. Энэ бол нам дотор явж байгаа жижиг асуудал гэж харж байгаа. Бид үүнийг институцийн зарчмаар дүрэм, журмынхаа дагуу шийдээд явахгүй бол цаашид буруу жишиг тогтоно.

Өнөөдрийг хүртэл би ямар нэгэн байдлаар хэвлэлд ярилцлага өгөөгүй, нийтэд гараагүй. Нам гэдэг бол дүрэм, журамтай. Институци гэж байгуулж байгаа бол бид тэрийгээ хүндэтгэх ёстой. Өнөөдөр тэр дүрэм журам, хууль муу байж болно. Гэвч тэрийгээ бид дагаад явах соёлтой байх ёстой. Ийм соёлтой байж байж л намд жишиг тогтоод, дүрмээ хэрэглэдэг болох ёстой. Өнөөдөр бид шинэ нам гээд дүрмээ хэрэглэхгүй явсаар анхны хариуцлагын асуудал гарч ирж байгаа байхгүй юу. ХҮН-ын онцлог юу вэ, бусдаас ялгардаг ялгаа нь юу вэ гэхээр бид ёсзүйтэй, дүрэм журамтай, ёс журмаа хатуу сахиж мөрддөг ийм нам гэж бүгд ярьдаг байсан. Үүгээрээ ч ялгарна гэж бодож байгаа. Аливаа нэг хүн асуудал үүсгээд хуйвалдаан, хээл хахууль зэргээр дүрэм журмаа зөрчөөд явбал түүнд хариуцлага тооцох системийг хийж байгаа. Манай намын дарга болчихоод анхны тушаалыг гаргахдаа хамт энэхүү төслийг бодож боловсруулан, манлайлсан нөхрөө үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрийг хянаж, өөрт нь хариуцлага тооцох ёстой намын дээд байгууллагаас томилогдсон Хариуцлагын ерөнхий хороог өөрөө тушаалаараа татан буулгаж байгаа энэ үйлдэл нь болохгүй. Энэ бол бидний хүсч байгаа зүйл биш.

Шинээр гарч ирж байгаа, цаашид нэлээд хол явж мэдэхээр ХҮНыг АН, МАН дотроос нь бутаргая гээд С.Ганбаатарыг оруулсан. МөнАлтан дорнод Монгол”-ын Т.Ганболд МАНаас авсан гэрийн даалгавраа биелүүлэхээр ХҮНыг бутаргахыг зорьж байна гэж тал талаас нь хардаж, сэрдэж байх шиг байна?

-МАН-ын гишүүн байсан Т.Ганболд гэдэг хүн орж ирсэн. Орж ирэхэд нь итгэл үнэмшлээрээ л орж ирлээ дээ гэж бодож байсан. Гэтэл болж байгаа процессийг харвал эргэлзэхээс өөр аргагүй болж байна. ХҮН бол урьд өмнө нь сонгуульд орж байгаагүй. Энэ намд итгэл сэтгэлээ өгч орж ирсэн залуучууд бол амьдралд анх удаа намын батлах авч үзэж байгаа хүмүүс. Бид саяхан дөчин нас хүрлээ. Амьдралдаа анх удаа намын батлах авч үзэж байна. Найз нөхөд маань ч анхныхаа сонголтыг хийж орж ирж байна. Нөгөө хоёр намын явж байгаа систем нь болохгүй байна гэж татгалзаад манай намд итгэл үнэмшлээрээ орж ирж байгаа нь олон байна. Тэр хүмүүсийг хардаад “Та ямар зорилгоор орж ирж байгаа юм” гэж шалгаах эрх байхгүй. Үүсээд байгаа үйл явцыг дүгнээд харах юм бол тийм ээ, АН, МАН-ын хүмүүс орж ирээд манай намыг бутаргах гэж байна гэж хэлэхэд баримт алга. Би эдийн засагч хүн. Аливааг баримттай ярьдаг. Гэхдээ тэгж хардах эрх нь байна. Үүнийг хамгийн сайн хараад цаашаа явах хүн бол манай намын дарга. Бидэнтэй харьцуулах юм бол улс төрд арав гаруй жил явсан. Том зургаа хараад өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлчихсэн. Тэр хүний үндсэн үүрэг нь уг нь намын эв нэгдлийг сахиулж, намыг авч явах ёстой. Түүнээс энэ зүйлийг тодруулж асуух нь зүйтэй байх. Бидэнд улс төрийн туршлага алга. Гэхдээ бидэнд хардах үндэслэл байна. Хэр үндэслэлтэй вэ гэдэг нь явц дунд харагдах байх. Яг бодитой баримт одоогоор мэдэгдэхгүй байна.

Танай намыг байгуулалцсан хүмүүсийг нэлээд боловсролтой, өмнө нь улс төрд хутгалдаагүй, үнэхээр эх орноо хөгжүүлж, энэ хэцүү байдлаас гаръя гэж чин сэтгэлээсээ нэгдсэн залуус гэж хараад байгаа. Үүгээрээ бусад намаас бас ялгагдаж байгаа гэж ойлгож болох уу?

-Үнэн, үнэн. Эдийн засаг талаасаа тайлбарлавал бид маш их нөөцтэй ч цөөн хүн амтай. Маш тогтворгүй улс төрийн системтэй байна. Эдийн засгийн тогтвортой бодлого нь алга. Боломж байгаад байна. Боломжийг ашиглаад энэ улсыг босгох эрдэм мэдлэг, хүсэл мөрөөдөл, чадавхи нь бидэнд байна. Үүн дээр л үндэслэж энэ залуучууд нэгдсэн. Клубийн зохион байгуулалтад хамрагдаж байсан залуус болон гадна, дотноос маш олон залуус нэгдээд явж байна. Бидний “Хүн дээд” гээд байгаа үзэл санаа нь бол хөгжлийг хэн авчирдаг вэ гэхээр хөгжлийг хүн авчирдаг юм. Эдийн засаг гэдэг нь хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй эрэлт, хэрэгцээг хангана гэдэг маш товчхон тодорхойлолт байдаг. Нөөц гэхээр хоёр төрлийн нөөц байгаа. Нэг нь бараа материал, идэж уух хүнс тэжээл, газрын доорх баялаг. Нөгөөх нь хүн. Таваарлаг нөөц нь хязгаарлагдмал байдаг. Харин хүний нөөц хязгааргүй. Эдийн засгийн хөгжилд хөгжлийг авчирдаг зүйл нь хүн болчихоод байна. Эдийн засаг болон улс орны хөгжилд хүний авчрах хүчин зүйл маш өндөр. 50, 100 жилийн өмнө эдийн засгийн гол хөшүүрэг нь байсан хүнд аж үйлдвэр, газар тариалан, хөдөө аж ахуйн талбар бол хоёр, гурав дахь салбар болж, мэдлэг, технологи дээр үндэслэж суурилсан салбарууд харин гол салбар нь болоод байна. Миний хувьд энэ намыг цаашид аваад явах боломж бололцоо байна. Гэхдээ залуу хүнд урам зориг хэрэгтэй. Сонгууль болоогүй байхад дотроо ингэж байгаа тохиолдолд цаашид яана даа гэсэн эмзэглэл төрөх юм. Урам ихэд хугарч байгаа ч хойч үе, үр хүүхдүүдийнхээ төлөө, эх орныхоо сайн сайхны төлөө бид хөдлөхгүй бол өөр хэн хөдлөх вэ дээ.

ХҮНын залуус хэвлэлийн хурал зарлажС.Ганбаатарыг намын даргаас огцруулъягэж санал гаргаж байсан?

-Схемийг тодруулаад харвал нэг талд нь боловсрол, үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй залуус. Нөгөө талд нь улс төрөөр өндөр рейтингтэй улстөрч. Энэ хоёрын холимог байхгүй юу. Энэ системээр сонгууль руу орох юм бол магадгүй амжилт үзүүлэх систем. Гэхдээ бид нэг л эрх ашигтай. Нэг л цаасан дээр бидний үйл ажиллагаа хязгаарлагдаж байх ёстой. Тэр бол бидний институци гээд байгаа намын дүрэм журмын хүрээнд намын дарга байна уу, аль нэг сумын иргэн байна уу ялгаагүй аль алинд нь намын дүрэм адилхан хэрэгждэг байх ёстой.

Дүрэм журмын дагуу, энэ хүн үнэхээр ёсзүйн зөрчил гаргасан байна, буруу шийдвэр гаргажээ гэвэл хариуцлага тооцогдох ёстой.Листийн асуудал бол явдаг журмаараа олон нийт нь оролцоод дарааллаараа явна. Өнөөдөр би тэр хүмүүсийн өмнөөс листийн талаар ярих эрх мэдэл надад ч, намын даргад ч байхгүй.

Үүсээд байгаа асуудлыг би аль болох хүлээцтэй, тэвчээртэйгээр дүрэм журмын дагуу шийдэх гээд л өнөөдрийг хүртэл тэсээд яваад байгаа. Тэснэ ээ. Япон ардын нэг мэргэн үг байдаг юм “Тэвчээр бол зэвсэг юм” гэж. Намынхаа гишүүдэд хандаж хэлэхэд тэвчээртэй бай, үр дүн гардаг юм. Бид институци байгуулаад цэвэр ёс суртахуунтай, дүрмээ дагасан, хариуцлагын системээ ажиллуулаад явах юм бол Монголын ард түмэн маань бидэнд итгээд явах болов уу гэж харж байна. Бидэнд нэр хүнд, улс орноо авч явах эрхэм зорилго байгаа. Жижигхэн чулуунд бүдрэхгүйн төлөө явна. Том институцийг харна. Бидний зорилго бол 2016 он биш ээ. 2016 онд бид сонгуульд амжилт гаргахгүй байж ч болох юм. Гэхдээ бид шаардлагатай бол 2024, 2028 он хүртэл тэсч чадна. Бидэнд нас, боломж бий.

ХҮНын цаана нууц ноёнтон байгаа юу?

-Тийм нууц ноёнтон байхгүй. Ард нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хүн байдаг гэдэг нь худлаа. Цаашид ардаа ямар нэг хүнгүй байхаар зорьж ажиллана. Намын дарга бол манай хувьд мөс хагалагч болохоос биш хүчээ хуваагаад, сарниулаад байдаг хүн биш л дээ. Энэ л итгэл үнэмшил дээрээ багцлагдаад явах юм бол ХҮН-д маш том хүч байгаа. Маш олон наашаа гэсэн төлөөлөл, залуучууд байна. Бид үнэхээр ёсзүйтэй, хүлээцтэй, тэвчээртэй, боловсролтой хүмүүс юм бол уулзаад учраа олоод явах байх аа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хосбаяр: Кинонд тоглохын тулд БЗД-ийн цагдаагийн хэлтэст 14 хоног ажиллаж, дуудлагад явсан

Амьдрал чиний төлөө”, “Амьдрал чамаас уйдаагүй”, “Ус дээшээ урсдаг”, “Найззэрэг кинонд тоглосноороо үзэгчдийн танил болсон жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа.

-“Эхнэрийн эзгүйдуран сайхны киноныхоо нээлтийг хийлээ. Энэ киноны тухай яриагаа эхэлье?

-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн уран бүтээл болох “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны киног өнгөрсөн баасан гаригт амжилттай нээлээ. Энэ киноны зохиолыг 2009 онд СУИС-ийн МУАЖ Б.Мөнхдорж багшийн ангийг төгссөн А.Баярсайхан гээд ангийн маань залуу бичсэн. Зохиол бичсэн залуу маань өмнө нь хоёр ч хүүхдийн зохиол бичсэн туршлагатай. Мөн багшийн шавь, бидний доод курсыг төгссөн найруулагч Содбилэг зохиолыг хамтарч бичсэн. Миний бие киноны гол дүрийн гурван залуугийн нэг болох Жавхаа гэх залуугийн дүрд тоглолоо. Кино маань өнөөгийн залуучуудын амьдрал, хайр дурлал, аз жаргал, итгэлийг нэг тойрогт багтааж залууст хүргэх зорилготой байсан. Хамгийн гол нь энэ киноны онцлог нь бид ангиараа хийж байгаа анхны уран бүтээл. Анхны бүтээл учраас бид их хичээж ажилласан. Кинонд МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Б.Баатархүү, Ишчүү, Батзориг, Даваажав, Д.Дэлгэрсайхан, Л.Дэмидбаатар гээд ахмад уран бүтээлчид урилгаар залуучуудаа дэмжиж оролцсон.

Ангиараа хийсэн бүтээл юм байна. Танай ангийг хэдэн хүүхэд төгсч байв?

-СУИС-ийг 2009 онд МУАЖ Б.Мөнхдорж багшийн удирдлаганд 14 хүүхэд төгсч байлаа. Дорноговь аймгийн Саранхөхөө театрын захиалгаар зургаан хүүхэд ирж суралцаж байсан юм. Тэд маань Саранхөхөө таетртаа очиж ажилласан. Тал нь энд үлдэж байлаа. Энэ уран бүтээлд Дорноговиос зарим нь ирж орсон. “Эхнэрийн эзгүйд “киног бид өөрсдөө мөнгө гаргаад хийсэн. Улаанбаатар хотоос гадна Дархан, Эрдэнэт хотуудад бас гаргана. Болж өгвөл Монгол Улсын өнцөг булан бүрт тараачихмаар байна. Дараа нь IPTV-д тараах ажил явна. Эхлээд бид хүчээ үзэж, хүмүүс яаж хүлээж авахыг харах гэж байна.

Та сургуулиа төгсөөд л УДЭТд орсон байх аа?

-Сургуулиа төгсөх жилийнхээ зун УДЭТ-д “Парисын дарь эхийн сүм” мюзиклд оролцож байлаа. Эхлээд дагалдан жүжигчнээр олны хэсэгт оролцож яваад 2010 онд албан ёсоор шалгалт өгч, УДЭТ-ын сонсогч жүжигчнээр орж ажилласан. 2013 он хүртэл гурван жил ажилласан. Ажиллаж байхдаа театраас хийсэн бүх уран бүтээлд оролцож байсан. Театраас гарснаасаа хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

Хүссэн хүн болгон УДЭТд орж чаддаггүй гэдэг. Яагаад гарсан юм бэ?

-Би гэр бүлтэй залуу хүн. Бодож санасан зүйл их байсан. УДЭТ маш өндөр босготой. Монголд байгаа ганц оюуны лаборатори гэж ярьдаг. Тэр утгаараа театрт орж юм сурсандаа маш их баяртай байдаг. Ерөнхийдөө киногоор дагнаад өөрийн гэсэн студитэй, өөрийн гэсэн юмтай болъё гэж хүсэж мөрөөдсөн учраас л гарсан.

БагшийнхааГацуурханхүүхдийн театрт хэсэг ажилласан гэсэн?

-Тийм. Бид хэд Мөнхөө багштай нийлээд хүүхдийн театр байгуулсан. Тэр үед хүүхдийн төсөл явж байсан юм. “Мөрөөдлийн үзэг” гээд Ц.Түмэнбаяр гуайн зохиолоор жүжиг тавьсан. Тухайн үед зургаа, долдугаар ангийн өсвөр насны хүүхдүүдэд зориулсан жүжгүүд ховор байсан юм. Би тус жүжигт гол дүрийн багшийн дүрд тоглосон. Жүжиг маань тэр жил их амжилттай тоглогдож Улаанбаатар хотын бүх Ерөнхий боловсролын сургуулиудад тоглогдож байсан. Төсөл дуусаад МҮОНРТ, TV9 телевизүүдэд бичүүлсэн байдаг. Энэ ерөнхийдөө улсын бүтээл болсон.

Таны дэлгэцийн анхны уран бүтээл юу байв?

-2007 онд хоёрдугаар курст байхдаа “Хубилай хааны зарлиг” гээд “Зохиомж” дээд сургуулийн захирал, найруулагч Д.Батбаярын хийсэн кинонд тоглосон. Газар нутаг гэж ямар үнэтэй байдаг юм бэ. Тэр газар нутгаа яаж хамгаалж хайрлав гэдэг утга санаатай кино. Юу ч мэдэхгүй оюутан байхдаа тоглосон кино. А үсэгнээсээ шууд л кинонд орж байна гэсэн үг л дээ. Монголын кино урлагийн түүх болсон Дамчаа гуайн бүтээсэн дүрийн залуу дүрд тоглосон юм. Тэр кинонд оролцсон минь нэр төрийн хэрэг байсан. Дараа нь 2009 онд СУИС-ийн деканы нарийн бичиг МУСТА Ганхүү багш маань “Амилсан хайр” гэж кино хийсэн юм. Тэр кинонд Хаш-Эрдэнэ гээд залуугийн дүрд тоглож байлаа. Жүжигчин Энэрэлтэй хамтарч тоглосон. Хараагүй охин маань сүүлд хараа орж гэгээлгээр дуусдаг кино шүү дээ.

Тодбаяр гэх залуугийн дүрд тоглосон байдаг. Цагдаа болох ямар байсан бэ?

-2011 онд Цагдаагийн ерөнхий газрын 90 жилийн ойд зориулж “Амьдрал чиний төлөө” гээд цагдаагийн алба хаагчдын амьдралыг харуулсан олон ангит кино хийсэн. Хүмүүс цагдаа нар хэрэг бүртгээд л ажлаа хийгээд явдгийг мэддэг ч ар гэрийнх нь амьдралыг мэддэггүй шүү дээ. Цагдаа нарын арыг нь ямар хүн дааж, хэрхэн өөрсдийгөө золиосолж байж хүнд гэмт хэрэг дээр ажилладаг вэ гэдгийг харуулсан. Кинонд хэсгийн төлөөлөгч Тодбаяр гэх залуугийн дүрд тоглосон. Энэ кино миний хувьд маш том сургууль болсон. Яагаад гэвэл СУИС-ийн жүжигчний анги төгссөн хүүхдүүд театрын тоглолттой байдаг. Кинонд тоглоход энгийн байх учиртай юм гэж мэдсэн. Театр кино хоёр алд дэлэм ялгаатай гэдгийг ойлгосондоо.

Кино театруудаар гарсанНайзкинонд тоглосныг чинь хүмүүс сайн мэднэ. Нөхөрлөлийн талаар өгүүлэх кино ховорхон санагддаг?

-2010 онд найруулагч Болдбаатар, Эрдэнэбаяр хоёрын урилгаар “Найз” киноны Саруулын дүрийг бүтээсэн. Би энэ урилгыг их баяртайгаар хүлээж авсан л даа. Нөхөрлөлийн талаар харуулсан кино байна, хүрээд ирээч гэсэн. Очоод зохиолыг нь уншаад их гоё санагдаж байлаа. Залууст сайн хүрсэн гэж боддог.

Одоогоор хичнээн кино бүтээлд дүр бүтээгээд байна?

-Арав гаруй кино байдаг. “Хайрын эрэлд” гээд боловсрол телевизийн анхны олон ангит кинонд айлын бага хүү болж тоглосон байдаг. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх станцын 80 жилийн ойгоор хийгдсэн “Сэтгэлийн гэрэл” гээд цахилгааны инженерүүдийн тухай кинонд оролцсон.

Найруулагч Ч.Лодойдамба гуайн ач охин МУСТА Тулгын гэргий Буяндэлгэрийн зохиолоор “Өнөөдөр” киног хийсэн. Энэ киног маш гоё зохиолтой кино гэж би боддог юм. Шинэлэг, соргог, залуучуудад хөөж бодох юмтай кино. 2014 онд үзэгчдийн хүртээл болсон. Тэр киноны “хөмсөг” Сүхээгийн дүрд тоглож байлаа. Мөн “Royal HD” сувгийн “Хөтөч” олон ангит киноны Бархас гээд эсрэг дүрийн залуугийн дүрд тоглосон.

Бас “Бага хаадын түүх” гээд өсвөр насны хүүхдэд хичээл болж орохоор киног өнгөрсөн жил хийсэн. Тэр кино Өгөөдэй хаанаас хойших бага хаадуудын тухай гардаг. Тэрэнд Эсэнтайш хааны дүрд тоглосон. Түүхийн хичээлээр тэр хаан тийм хатантай байжээ. Тэдэн онд хорлогджээ гэж заадаг бол энэ кинон дээр илүү дэлгэрэнгүйгээр харуулдаг. Өнгөрсөн жил гарсан киногоо хүүхэд залууст хүргэх гээд CD болгох ажил дээрээ явна.

Кинонд тоглохдоо ямар судалгаа хийдэг вэ?

-Би цагдаагийн кинонд тоглохын тулд 14 хоног БЗД-ийн цагдаагийн хэлтэс дээр хэргийн дуудлагад явж үзсэн. Эрүүлжүүлэх дээр өнжиж үзлээ. Хулгай орсон газар байцаагч, шинжээч нар юу хийдгийг бүгдийг нь мэдэрсэн. Аливаа уран бүтээлд орохын тулд уран бүтээлч өөрийгөө бэлдэх ёстой гэж би боддог. Хүмүүс өөр өөр өнцгөөс ажилладаг л даа. Эхлээд зохиолоо маш сайн уншиж, танилцсан байх хэрэгтэй. Тухайн хүний мэргэжил, мөн чанарыг мэддэг байх ёстой. Сэтгэлийн гэрэл кинонд цахилгааны инженер залуугийн дүрд тоглоход хамгаалалт зүүгээд шон дээр хүртэл гарч л байсан.

Айсан уу?

-Айлгүй яахав. Хамгийн гол нь дандаа ажиглагч, зөвлөгч нар хамт байсан л даа. Бүр хүнд зургийг орлуулсан. Бүр өндөр дээр гарахын тулд кран гарах ашиглана гэх мэт янз бүрийн нууц байна л даа.

Хоёр дахь удаагаа цагдаагийн дүрд тоглоход?

-2014 онд мөрдөн байцаах алба тусдаа гарахад зориулж бүтээсэн “Ус дээшээ урсдаг” олон ангит киноны гол дүрийн Амар гээд ахмадын дүрд тоглосон. Ерөнхийдөө мэддэг болчихсон байсан ч гэсэн арай өөр байсан. Мөрдөн байцаагч чинь голдуу энгийн хувцастай явж мэдээлэл цуглуулдаг учраас энгийн талаас нь харуулахыг хичээсэн. Өмнөх киноны хэсгийн төлөөлөгч бол шинэковдоод л тэгсэн хэрнээ зүтгээд байгаа талаар гардаг. Энэ дээр арай өөр. Хүн харахад цагдаа биш, дотор талаас нь цагдаа хүн ямар байх талаас нь ажилласан. Надад ч бас их таалагдсан. Харамсалтай нь энэ кинон дээр би сүүлд нь үхчихдэг. Үхдэг кинонд хоёр дахь удаагаа тоглож байна. Өмнө нь “Найз” кинонд бас сүүлд нь үхчихдэг шүү дээ.

Иймэрхүү дүрд тоглох нь сэтгэл зүйд нөлөөлөх үү?

-Их эвгүй, сэтгэлд нөлөөлдөг юм билээ. “Найз” киноны нээлтэн дээр ээж маань хажууд суугаад үзсэн юм. “Ямар муухай дүрд тоглодог юм чи. Би явлаа” гээд бүр уурлаад яваад өгсөн. Дараа нь ээж “Баярлалаа миний хүү сайхан кино болж, амжилт хүсье. Хүн чинь хүүгээ үхэхээр сэтгэл өвддөг юм байна” гэж байсан. Орой нь ээж дээр очоод энэ бол уран бүтээл шүү дээ гэж ярилцаж байлаа.

Дараа нь “NTV”-гийн олон ангит кинон дээр бас үхчихсэн. Хүн чандарладаг буяны байгууллагад очоод намайг хадгаар ороогоод, миний зургийг тавьсны дараа буяны үйл ажиллагаа эхлээд л хүмүүс уйлж байгаа юм. Дараа нь лифтэнд оруулаад хаалгаа хааж кноп дарахад чандарладаг юм байна. Тэр үед кино багийнхан маань “Зураг авж байгаад чамайг лифтэнд оруулаад андуураад кноп дарчихвал яана аа” гэж надаар тоглож байсан юм. Тэр чинь аймар айдастай болгочихож байгаа юм чинь. Тэр дотор ороод лифт хаагдаад мотор боллоо гэнгүүт буцаж онгойлгоод намайг авч байгаа юм л даа. Лифтэнд ороход камер намайг дагаж байгаа учраас амьсгаагаа түгжих ёстой. Тухайн үед толгой дотор олон бодол төрж байсан. Тэр мэдрэмж хамгийн аймар байсан.

Киноны санал ирэхэд зохиолыг нь харж сонгодог уу, хөлс мөнгийг нь хардаг уу?

-Хамгийн түрүүнд зохиолыг нь хардаг. Ажиллаж байгаа баг, хамт олныг бас харна. Үнийн санал залуу хүнд чухал л даа. Гэхдээ миний хүсч мөрөөддөг дүр байдаг магадгүй үнэ ханш бага байсан ч би зөвшөөрнө. Энэ бол уран бүтээлч хүний зан л даа.

Олон ангит, нэг ангит кино ялгаатай байх. Танд аль нь илүү ойр байдаг вэ?

-Ялгаа бол маш их. Хоёулаа ажиллагаатай. Нэг ангит кино цаг гучин минутад бүх зүйлээ харуулна. Нэг ангит кинонд бэлтгэл ажил их хэрэгтэй байдаг. Олон ангит кино өдөр өдрөөр өөр зүйл гарч зохиолдоо хөөгдөж явдаг учраас бүр илүү ажиллагаатай. Зарим кинонууд үзэгчдийн хүсэлтээр дундаа зохиол нь өөрчлөгддөг тал байдаг. Солонгос киног хүмүүс их үздэг шүү дээ. Сүүлийн үед монголчууд өөрсдөө олон ангит кино үйлдвэрлэж эхэлж байгаа нь сайн талтай. Олон ангит кино нэмэгдэх тусам чанар нь сайжирч байгаа.

Танд голдуу ямар киноны санал ирж байна?

-Эерэг дүрийн санал их ирдэг. Зөөлөн эсвэл дурлалт залуугийн дүр байна. Дурлал нь бүтэлгүйтэж гутарсан залуугийн дүр ч ирдэг. Сүүлийн “Эхнэрийн эзгүйд” кинонд хөдөлгөөнтэй залуугийн дүр дээр ажиллах гэж хичээсэн. Миний тоглосон анхны инээдмийн төрлийн кино. Ер нь цаашдаа тийм дүр дээр тогловол сонин юм болов уу гэж бодож байгаа. Жүжигчин хүн бүр түүхэн киноны дүр бүтээхсэн гэж мөрөөддөг байх. Жишээлбэл, Мандухай цэцэн хатанг ямар хүн байсан бэ гэж төсөөлдөггүй хэрнээ Төрийн соёрхолт Сувд гуайгаар төсөөлдөг шүү дээ. Чингисийг Өмнөд Монголын жүжигчин Баасанжаваар төсөөлдөг, Ингээд л хүнд дүрээрээ үлдэж чадаж байвал энэ жүжигчин хүний оргил. Би залуу хүн учраас тийм цаг хугацаа байгаа байх.

Та багаасаа л жүжигчин болно гэж бодож байв уу?

-Би багадаа нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Гоё малгай өмсчихөөд л шувуутай тэмдэг зүүж их тоглоно. Манай ээж продник л доо. Байнга дүрэмт хувцас өмсөнө. Их гоё харагддаг байсан. Арван жилдээ би реп бүжиглэдэг байсан. Урлагийн үзлэгт их орно. Тухайн үед “Шинэ үе” продакшны “Архичид” гээд номерийг үзсэн. Тэр хошин шогийг үзчихээд ямар гоё юм бэ гэж бодогдсон. Тэндээс л жүжигчин болно гэж боддог болсон доо. Сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгсөн чинь уначихсан. Тэгээд жил зөөгч хийсэн юм. Эхний жил нь юугаар шалгалт өгдөг, юун дээр алдсанаа мэдээд авсан учраас дараа жил нь дахиад шалгалт өгсөн. Тэгсэн тэнцчихсэн. Багш нар энэ хүүхэд өнгөрсөн жил уначихаад дахиад ирж байна гээд сэтгэл зүйг бодсон байх. Гэхдээ би өнгөрсөн жилээсээ илүү сайн бэлдсэн байсан л даа. Бүр мэргэжлийн хүнээр бэлдүүлж байлаа. Тэгээд л СУИС-д 2005 онд элсэн ороод 2009 онд дүүргэсэн.

Та тэгвэл хошин урлагийг сонгох байсан юм биш үү. Яагаад өөр сонголт хийчихсэн юм бэ?

-Манай ангийн багш МУАЖ Б.Мөнхдорж гээд том найруулагч шүү дээ. Олон сонгодог жүжиг тавьж байсан. Ер нь театрын найруулагч хүн. Одоо бол театрын зөвлөх найруулагч. СУИС-д багшлаад явж байгаа. Миний сонголтод багш маань их нөлөөлсөн юм болов уу гэж боддог.

Олон ангит кинонд их тоглож байгаа харагддаг. Хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм уу?

-Үгүй. Энэ бол амьдралын шаардлага. Би ардаа гэр бүл, амьдралтай хүн. Ирж байгаа санал нь тийм байдаг. Телевиз бол өдөр болгон хүнд үнэгүй хүрэх боломж. Олон ангит кинонд тоглоход хүн орой гэртээ ирээд хоолоо идээд суухад телевизээр нь гарч байдаг. Кино театраар гарч байгаа кинонд хүмүүс мөнгөө төлж үздэг шүү дээ. Олон ангит киноны дүр хүмүүст их хүрдэг юм. Одоо “Тусгай салаа”-ны Дэндэвийг хүн бүр мэднэ шүү дээ. Тиймээс би зохиолыг нь харж байгаад залуу хүн юм чинь ажиллаад үзье л гэж боддог.

Хүмүүс таныг аль дүрээр чинь таньдаг вэ?

-Цагдаа залуу л гэдэг юм. Таарчихаад чи чинь цагдаа бил үү, юу билээ гэдэг. Зарим нь шууд л чи нөгөө цагдаа байна гэнэ. Би сүүлийн үед үүнээс зугтахыг хүсээд байгаа юм. Өөр дүрд тогломоор байна шүү дээ. Эсрэг дүр ч юм уу. Архичин ч байж болох юм. Миний мэргэжлийн бусад мэргэжлээс ялгардаг хамгийн сайхан зүйл нь мэргэжил бүхэнд амьдарч үзэх боломжтой. Архичин, УИХ-ын гишүүн, нисгэгч гээд бүх мэргэжлээр зураг авалтын турш сэтгэлзүйг нь мэдэрч амьдарна шүү дээ.

Гэр бүлээ танилцуулах уу?

-Манай гэр бүлийн хүнийг Хонгорзул гэдэг. Сайхан бүсгүй бий. Надад гурван сайхан хүү төрүүлж өгсөн. Том нь энэ жил сургуульд орсон. Дундах хүү маань гурван настай сахилгагүй жаал бий. Бага нь одоо таван сартай. Залуу хүмүүсийн адилаар амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө л зүтгэж явна даа. Ээж, ааваас бол хоёулаа. Нэг дүүтэй.

Хүү чинь жүжиглэх авьяастай юу. Рекламанд тоглосон харагдсан?

-Манай том хүү багаасаа л кинонд тоглосон. Дөнгөж төрчихөөд удаагүй, өлгийтэй байхдаа “Үл таних эмэгтэй” кинонд орж байлаа. Тэрний дараа бид хоёр гурван ч рекламанд тоглосон байдаг. Саяхан “Өвлийн тууж” кинонд хүү маань бага насанд нь тоглосон. Хүүгээ чадах болов уу яах бол гэж эмээсэн. Хүн өөрийнхөө хүүхдийг тэгж харах хэцүү юм билээ. Буруу зөрүү юм хийхэд найруулагч нар чинь их хатуу байдаг. Ингэмээр байна, тэгмээр байна гээд л хүнд хүнд юм шаардана. Ард нь өмөлзөөд байж ядаж байгаа юм чинь. Хүү маань их том дүр бүтээсэн. Үзэгчдэд хүрэх үед нь гэр бүлээрээ очиж үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Ер нь болмоор санагдсан шүү.

-“Би залуу байнагээд л их гэгээлэг бодолтой юм. Амьралын үзэл бодол чинь юу вэ?

-Би залуу хүн. Гэхдээ ардаа өөрийн гэсэн амьдралтай болчихлоо. Хүнд худлаа хэлэхгүй байхыг хичээдэг. Одоо би амьдралын төлөө, гурван хүүхдийнхээ төлөө явж байна. Тэднийгээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө би сайн хөдөлмөрлөх ёстой.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Сүүлийн үед сагсан бөмбөгт би их донтож байна. NBA-ийн тоглолтыг алгасахгүй үздэг болж. Хувцас хунарыг нь худалдаж авна. Амралтын өдөр найзуудтайгаа заал авна. Амралтын өдөр нялх хүүхэдтэй учраас агаар салхинд гарахсан гэж боддог л юм. Сүүлийн үед ажил ихтэй байгаа учраас амжихгүй байна. Зун болж өгвөл гэр бүлээрээ аялахыг боддог.

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Өнөөдөр” киног хийсэн багтайгаа “Өвлийн тууж” арт трэйлэр төрлийн сонирхолтой кино хийсэн. Энэ кино цэвэр нийгмийг шүүмжилсэн маягтай кино. Каннын фестивальд явуулах уран бүтээл. Киноны зураг авалт дуусаад одоо үйлдвэрлэлийн шатандаа явж байна. Кино маань гуравдугаар сарын сүүлээр юм уу дөрөвдүгээр сарын эхээр нээлтээ хийнэ. Би энэ кинонд зургийн даргын үүрэг гүйцэтгэлээ. Ахиц гарч байна гэсэн үг л дээ. Зөвхөн дүр бүтээдэг байсан бол үйлдвэрлэлд оролцдог болж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сургуулийн цагдаа буянтай ажил” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Д.Галсандоржийн “Зэсийн үнэ 80 гаруй ам.доллараар нэмэгдлээ” ярилцлага нийтлэгджээ. Энэ ярилцлагыг XV нүүрнээс уншаарай. Мөн Л.Дашнямын “Үндсэн хуулиа зөрчиж, өөрсдийн эрх ашгаа шингээсэн Сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой” ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг II нүүрнээс унших боломжтой.
Улс төрийн нүүрт Монгол Улсын Боловсролын сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, доктор, судлаач Э.Гэрэлт-Одын “Сонгуулийн хуулийг одоо хөндвөл иргэд сонгуульд итгэхгүй болж, нийгмийн сэтгэлзүйд маш их хохирол учирна” ярилцлага нийтлэгдсэн байна. Та энэ ярилцлага болон улс, төрийн үйл явдлын мэдээ мэдээллийг V нүүрнээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Сургуулийн цагдаа буянтай ажил” нийтлэл хэвлэгдлээ. Тэрээр “Жилдээ ганцхан удаа үүргээ биелүүлэхээс бүү татгалзаарай, эцэг, эхчүүдээ. Хариуцлагатай боловч буянтай, сайхан ажил. Хүүхдийн төлөө нэг өдөр цаг зав гаргасан сайн үйлсийн тань үр заавал танд болон таны хүүхдэд ирнэ гэдэгт итгэж байна” хэмээн бичжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг III нүүрнээс уншаарай.
Баримт, үйл явдлын нүүрэнд П.Цогтбаатарын ар гэрийнхэн айдас дунд амьдарч байна гэв. Гэрийнхнийг нь тагнаж, чагнаад хэцүү байна гэж тэдний ойрын эх сурвалж мэдээлжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг VII нүүрт нийтэллээ.
Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Өнөө жилийн Оскар хүмүүсийн таамагласнаас эрс өөр байсан бол нөгөө талдаа зарим хүний хүсэн хүлээсэн наадам боллоо. 88 дахь удаагийн Оскарын шагналыг “Mad Max:Fury Road” кино түүсэн гэхэд болно. Тус кино дөрвөн номинацийн шагнал авсан юм. Мөн таван удаа Оскарын шагналд нэр дэвшсэн Лионардо Ди Каприо шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсан нь энэ жилийн онцлох үйл явдал байлаа. Та XI нүүрнээс Оскарын шагналын эргэн тойронд болсон мэдээ, мэдээллийг уншаарай.
Утга зохиол нүүрэнд “Үнэний хорвоогийн Жигжидийн Бямбаа багшийгаа дурсахуйд” нийтлэл хэвлэгджээ. Та энэ нийтлэлийг XII нүүрнээс унших боломжтой. Өөрөөс нь буланд “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны нээлтээ хийх талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй ярилцжээ. Тэрээр “”Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кино анх упаа Америкт гарах зөвшөөрлийг авсан” байна хэмээн ярьжээ. Та энэ ярилцлага XIII нүүрнэнд хэвлэгджээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ