Categories
мэдээ нийгэм

ТОСК-д 1333 иргэн бүртгүүлжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 21-нд эхэлсэн.

Орон сууц түрээслэх иргэдийг долоон бүлэгт хувааж бүртгэсэн. Өчигдөр өрх толгойлсон иргэдийг бүртгэснээр долоон бүлгийн бүртгэл дууссан юм. Харин өнөөдөр болон маргааш бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг нэмэлтээр бүртгэнэ.

Энэ сарын 21-29-ны өдрүүдэд нийт 2879 иргэн түрээсийн орон сууцанд хамрагдахаар ТОСК-д хандсанаас 1333 иргэн бүртгэлд хамрагджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга З.Энхболд Эдийн засгийн чуулганыг хаалаа

УИХ-ын дарга З.Энхболдын Эдийн засгийн чуулганыг хааж үг хэлсэн бөгөөд бүрэн эхээр хүргэж байна. Эрхэм хүндэт зочид оо,

Энэ жилийн чуулга уулзалт дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, улс орнууд
богино хугацааны асуудалдаа түлхүү анхаарч буй цаг үед болж байна.
Дэлхийн эдийн засаг эмзэг байгаа, мөн дэлхийн томоохон орнуудын эдийн
засгийн өсөлт өмнө төсөөлж байснаас муу байгаа тухай ОУВC энэ 3 дугаар
сарын эхээр анхааруулсан. Ялангуяа, манай гол түнш БНХАУ-ын гадаад
худалдаа өмнөх жилээс буурсаар байгаа нь эдийн засагт багагүй эрсдлийг
учруулж байна.

Хятад Улс урьд өмнө үзэгдээгүй их хөрөнгө оруулалт хийж, түүхий эдээр
ханаж цаддаггүй байсан үе саяхан. Харин өнөөдөр Хятад Улс дотоодын
хэрэглээндээ суурилсан өсөлтийг чухалчлан, бүтцийн өөрчлөлт хийж буйтай
холбоотойгоор тэдний түүхий эдийн их хэрэгцээ аль хэдийнээ татарчээ.
Өнөөдөр манай аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67 хувь, экспортын 79 хувь нь
уул уурхайгаас хамаарч байна. Тиймээс, Хятадын аж үйлдвэрийн барааны
эрэлт унасан нь манай эдийн засагт удаашрал, тодорхой бус байдлыг бий
болгож байна.
Нэг хэсэг бид Монголын эдийн засгийн хөгжлийн гарц нь уул уурхай,
стратегийн ордууд хэмээн зөвхөн уул уурхай дээр түшиглээд хөгжчих чинээ
санаж явлаа. Эдийн засаг байнга 2 оронтой тоогоор өсөөд байдаггүй,
xүссэнээрээ газар ухаад, нүүрс зараад өндөр ашиг олоод байж болдоггүй,
бага хүүтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр байнга олдоод байдаггүй гэдгийг
дан ганц Монгол биш, дэлхий нийтээрээ ойлгож авлаа.

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй.
Харин нийт эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болгож орхисон
нь Монголын төрийн, үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газруудын алдаа
юм. Бид өнөөдөр энэ алдааныхаа төлбөрийг төлж байгаа.

Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналтад орсноос
болоод гадаадын олон хөрөнгө оруулагчид манайхаас гарч явсан. Уул
уурхайн хөрөнгө оруулалт унасан нь зөвхөн Монголд болж байгаа үйл явдал
биш гэдэгтэй энэ чуулганд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчид ч
санал нэгдэх байх гэж бодож байна. Дэлхийн хаа сайгүй том том уурхайнууд
хаагдаж, олон арван жил тогтвортой ажиллаж байсан том компаниуд үүд
хаалгаа барьж, олон зуун мянгаар нь ажилтнуудаа халж байгаа.

Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Таван толгойн төслийг Улсын Их
Хурал зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт
ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг
удааширч байгаа цаг үед энэ төслийг, нэр бүхий компаниудад өгөх нь
Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын Ажлын хэсэг гаргасан.
Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын
эзэд болох 2 сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч
этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй. Зүйрлэн хэлэх юм бол Рио Тинтогоос
асуулгүйгээр Оюу толгойн ашиглалтын лицензийг Шенхуа компанид 60 жилийн
хугацаагаар 2-хон хувийн роялтитайгаар өгөх шийдвэрийг Улсын Их Хурал
гаргах гэсэнтэй агаар нэг, хууль бус үйлдэл юм.

Авахыг оролдож байсан хоёр компанийн нөхцөл байдал сайнгүй байгаа.
Тухайлбал, Шенхуа компанийн удирдлагууд авилгын хэргээр шоронд орсон бол
ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Таван
толгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, 2-хон хувийн роялтитайгаар
зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн Улсын
Их Хурал зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн. Энэ бол хуулийн
засаглал. Энэ бол ардчилал юм.

1990-ээд оноос өмнө Улс төрийн товчооны 9 гишүүн суугаад бүх шийдвэрийг
ард түмнээсээ асуулгүйгээр гаргадаг байсан. Энэ цаг өнгөрсөн.
Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад “тэр
толгойг түүнд өгье” гэдэг шийдвэр гаргах боломжгүй.

Өнөөдөр энэ чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би сонссон.
Ерөнхийлөгч маань Шенхуа, ММС компаниудад Таван толгойг өгөхийг хүссэн
зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна. Тэр хүмүүс Ерөнхийлөгчийг
буруу мэдээллээр хангаж байсан байна. Харин Улсын Их Хурал асуудлыг
томоор харж, ард түмний эрх ашгийг дээдэлж, зөвхөн хуульд нийцүүлж
шийдвэр гаргасан.

Таван толгойг улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон
орд юм. Энэ бол улсын өмч. Харин Оюу толгойн хайгуулийг хувийн компани
өөрийн хөрөнгөөр хийсэн. Тиймээс, энэ хоёр ордыг адилхан гэрээгээр
ашиглаж болохгүй. Дашрамд хэлэхэд, гадаад зах зээлийн нөхцөл байдал
тааруу байгаа ч дэлхийд хамгийн томд орох, урт хугацаанд үргэлжлэх
төслийн хувьд Оюу толгойн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж байна. Ойрын
3 жилд Оюу толгойн хөрөнгө оруулалт өссөнөөр манай гадаадын шууд
хөрөнгө оруулалт 2015 онтой харьцуулахад 3 дахин өсөх болно.

2012 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж эхлэх үед бид
нэгэн том сонголт хийсэн. Тэр нь түүхий эдийн үнийг дагаад, эдийн засгаа
хүчтэй унагаад, дахин үнэ өсөхийг хүлээгээд суух уу, эсвэл түүхий эдийн
үнийн цохилтыг сөрж, аж үйлдвэр, дэд бүтцээ хүчтэй хөгжүүлж, бүтээн
байгуулах замаар эдийн засгийн өсөлтөд тэмүүлэх үү гэсэн салаа замын
уулзвар байсан юм. Бид бүтээн байгуулалтыг сонгосон.

Бүтээн байгуулж, аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх бидний бодлого
чамлахааргүй үр дүнгээ өгч байна. Ялангуяа бид аж ахуйн нэгж, иргэдээ
татварын дарамтад оруулахгүйгээр, бонд гаргаж амин чухал хөрөнгө
оруулалтаа таслалгүй, аж үйлдвэр, дэд бүтцээ тэлсэн нь цагаа олсон,
бодит ажил болсон.

Аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах салбар
болгон хөгжүүлж, дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар
бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгохын тулд Улсын Их Хурлын тогтоол
гарч Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэхүү
бодлогыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд ДНБ-д аж үйлдвэрийн салбарын эзлэх
хувь өнөөтэй харьцуулахад 2 дахин өсч, тэр чинээгээр бид түүхий эдийн
үнийн хамаарлаас ангижирнa.
нгөрсөн жил Улсын Их Хурлаас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг
баталж, бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний
үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлэх болсон. Уг хуульд зааснаар, экспортын
үйлдвэрлэлд факторингийн дэмжлэг үзүүлж, экспортод чиглэсэн дэвшилтэт
технологийн судалгаа, хөгжлийн зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх
дэмжлэгийг тухайн үйлдвэрт буцааж олгоно. Мөн дотоодын үйлдвэрлэлээр
хангах боломжтой барааны тендер шалгаруулалтад гадаадын бараа
нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглосон.
Өнгөрсөн жилийн Эдийн засгийн чуулган дээр миний бие хөдөө аж ахуйн
салбарын хөгжлийг анхаарах ёстой гэдгийг онцолж байсан. Мөн, хоёр долоо
хоногийн өмнө болсон “Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн” дээр бас энэхүү
үгээ лавшруулж, Таван толгойд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе
хэмээн малчиддaa, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарынхандаа уриалсан.
Хөдөө аж ахуйн салбар хөгжсөнөөр манай олон зуун мянган өрхийн орлого
өсөж, бид уул уурхайгаас хэт хамаарсан гачлангаас сална. Хөдөө аж ахуйн
салбарын орлого, ажил эрхлэлт нь барилга, боловсрол, эрүүл мэнд,
худалдаа, үйлчилгээний салбаруудын өсөлтийг тэтгэн, дотоодын зах зээлийг
хөгжүүлэх суурь болно. Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хятад зэрэг Азийн
орнуудын туршлагаас үзэхэд хөдөө аж ахуйн нь дундаж давхаргыг
бэхжүүлэх, дотоодын зах зээлийг тэлэх суурь болдoг, улмаар экспортoo
хүчтэй тэтгэдэг салбар юм. Учир нь тухайн үедээ тэдгээр орны дийлэнх хүн
амын амьжиргаа хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байжээ. Хамгийн
түрүүнд хүн ам олонтой салбартаа хүч тавьбал дотоодын зах зээл хөгжиж,
үндэсний эдийн засгийн суурь бэхжинэ. Манай улсын хувьд хүн амын тэн
хагасаас илүү нь мал аж ахуйгаас шууд ба шууд бус утгаар хамаарч байдаг.

Гэхдээ, манай ХАА-н салбарын зорилт нь дан ганц хөрш зэргэлдээ улсын
зах зээлээр хязгаарлагдахгүй. Бид Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос
зэрэг өндөр хөгжилтэй орнуудад экологийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлж,
ХАА-н салбарынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ялангуяа
Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үр бүтээлтэй
ашиглан, нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд түлхүү
анхаарч, Японы үйлдвэрлэл, худалдааны сүлжээнд нэгдэн, баттай байр
сууриа олохыг зорих нь чухал юм. Манай хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес
эрхлэгчид тээврийн зардал багатай, чанартай, эрүүл мэнд, гоо сайхан,
биотехнологи, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж Япон болон бусад
өндөр хөгжилтэй орны зах зах зээл дээр өрсөлдөөд эхэлжээ. Эдгээр алхмууд
нь өндөр технологийг нутагшуулах, аж үйлдвэрийг амжилттай хөгжүүлэх,
монголчуудын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэгэн шинэ замын эхлэл
мөн.

Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг. Бид өнөөдрийн хэрэглээндээ
хэт анхаарч, ам.долларын ханшийг шүтсэн сэтгэл зүйгээр эдийн засaгтaa
хандаж, ирээдүйнхээ өсөлтийг боомилж болохгүй. Хэдийгээр уул уурхайн
валютын орлого татарсан ч, уул уурхайн бус салбаруудад нааштай байдал
үүслээ. Төгрөгийн ханш нь манай бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт
муугаар нөлөөлдөг. Жишээлбэл, ам.долларын ханш 1000 төгрөг болчихвол
манай барилгын материалын oлон үйлдвэр хаагдаж, бид эдгээр барааг
Эрээнээс татдаг хуучин байдалдаа шилжих болно.
Бид их хэмжээний xүнсний бүтээгдэхүүн гадаадаас авдаг байсан нь сүүлийн
3 жилд багасаж, харин манай хүнсний экспорт хурдтай өсөж байна. Төгрөг
сул байсан сүүлийн 3 жилд мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний
импортын хэмжээ 15%-иар буурч, экспорт 2 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, бид
Голланд өвчнөөсөө ангижрах боломж бүрдэж байна.
Манай нийт өрхүүдийн тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарaac хамаарч
байна. Гэтэл, манай нийт хөрөнгө оруулалтын хоёрхон хувь нь хөдөө аж
ахуйн салбарт орж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудын
хөдөлмөрийн бүтээмж хурдан өсөхгүй байгаа гол шалтгаан юм. Энэ том
салбарынхаа хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ?
Манай эдийн засагт гарсан бас нэг том дэвшил нь эрчим хүчний салбарын
хөгжил юм. 2012-2015 онд эрчим хүчний үйлдвэрлэл 24%-иар өсөж, 2015 онд
уг салбар анх удаагаа ашигтай ажиллаcaн. Ойрын үед бид 5 дугаар
цахилгаан станц, Багануур, Тавантолгой, Эгийн голын цахилгаан станцуудын
төслийг хэрэгжүүлж дуусгaна. Ялангуяа Таван толгой, Эгийн голын
станцууд ашиглалтад орсноор бид эрчим хүчний хэрэгцээгээ хот хөдөө
ялгалгүй, дотоодоосоо бүрэн хангаж, эрчим хүч экспортлодог улс болнo.
Бид эдийн засгийн бодлогоо ярихдаа ажил эрхлэлтийг онцгой анхаарах
ёстой. Хэдийгээр манай ажиллах хүчний оролцооны түвшин дэлхийн дундажтай
харьцуулж болохоор байгаа ч, бидний санаа тавих гол асуудал нь ажил
хийж буй хүний тоо бус харин ажил хийж буй хүмүүсийн орлого юм. Олон
жилийн турш Монголд хөдөлмөрийн орлого маш бага түвшинд явж ирлээ. 2014
оны эцсийн байдлаар Монгол Улсын ДНБ-ий дөнгөж 30% нь хөдөлмөрийн орлого
болж өрхүүдэд хүрч байна. Энэ тоог 50% болгон нэмэгдүүлэх нь илүү
ойлгомжтой, бодитой зорилт бөгөөд, үүнийг хэрэгжүүлэх үндсэн арга нь аж
үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх явдал юм.
Хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй нааштай үр дүн нь голчлон ХАА, аж
үйлдвэрийн салбарын өсөлтөөр тодорхойлогдож байгааг тэмдэглэе. Өнөөдөр
аж үйлдвэрийн салбарын өсөлт 9%, ХАА-н салбарын өсөлт 11% байгаа бол
үйлчилгээний салбар нэлээд удаашралтай, 1%-ийн өсөлттэй байна. Богино
хугацаанд ажиллах хүчний тодорхой хэсгийг үйлдвэрлэл рүү чиглүүлэх нь
ажил эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмж, улмаар ДНБ-ийг өсгөх найдвартай арга
зам юм гэдэг нь сүүлийн 3 жилийн тоо баримтаас тод харагдаж байна.
Дэлхийн түүхий эдийн сөрөг нөлөөнөөс үүдсэн дотоодын хөдөлмөрийн зах
зээлийн уналт нь өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн саарч, хөдөлмөрийн зах
зээл сэргэж байна. Тухайлбал, сүүлийн 2 сарын турш шинээр ажилд орсон
хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеэс 60%-иар өссөн нь таатай мэдээ мөн.
Дэлхийн ихэнх улс орнуудад ажил эрхлэлт унасан сүүлийн 3 жилд бид аж
үйлдвэрийн салбарынхаа ажиллах хүчийг 10%-иар өсгөж чадлаа.
Хүн ардаа тохилог орон сууц, чанартай хүнс зэрэг амьдралын наад захын
хэрэгцээгээp хангах боломжийг бүрдүүлэх нь төрийн анхдагч үүрэг мөн.
1996 он хүртэл Монгол Улсад нийтдээ 100 мянган орон сууц байсан. Одоо
бид нэг жилд 25 мянган айл орон сууцанд оруулж байгаа нь бодитой амжилт
бөгөөд, энэ хурдаа алдахгүй байх ёстой. 2008 онд барилгын салбарт 50
мянган хүн ажиллаж байсан бол өнөөдөр энэ тоо даруй хоёр дахин өсжээ.
Энэ том амжилтын гол хөдөлгөгч хүч нь 2013 оноос хэрэгжүүлжсэн орон
сууцны ипотекийн зээлийн тогтолцоо юм. Энэ жил нийт 18450 айл ипотекийн
8%-ийн зээлээс 5%-д шилжиж байна. 2016 онд шинээр 9772 айл 5%-ийн зээлд
хамрагдана. Ипотекийн зээл нь мөн ажил эрхлэлтийг хүчтэй дэмжиж, уул
уурхайн салбарын үлдээсэн орон зайг тодорхой хэмжээгээр нөхөж байна.
Энэ жилийн Эдийн засгийн чуулганаар
инновацийн талаар тусгайлан хэлэлцүүлэг явуулсан нь сайшаалтай. Гэвч,
энэ чиглэлд мэдэгдэхүйц үр дүн гарахгүй байна. Эдийн засгийн өсөлтийн
үндэс нь зах зээл дээр цоо шинэ бараа, үйлчилгээ гарч ирэн хуучныгаа
бүтээлчээр “устгах” зарчим буюу инноваци юм гэсэн 100-аад жилийн түүхтэй
Шyм-пийтерийн онол бий. Инноваци нь шинэ мэдээлэл, шинэ мэдлэг, шинэ
технологи дээр суурилан гарч ирдэг ч, бизнес, эдийн засгийнханд илүү
хамаатай ойлголт юм. Инноваци гэхээр их дээд сургуулийнхны сэдэв гэж
үзэх ойлголт түгээмэл байгааг зөв гэж хэлэхэд хэцүү. Инноваци гэдэг зах
зээлийн тоглоомын дүрмийг огцом өөрчилдөг бизнесийн үйл ажиллагаа учраас
өндөр эрсдэлтэй венчер бизнесийг дэмжих орчинг бүрдүүлэх, мөн оюутан
залууст болон нийт бизнес эрхлэгчдэд энтрепренершипийн боловсрол олгох
талаар түлхүү анхаарвал зохилтой. Өөрөөр хэлбэл, инновацийг эрдэмтэн
судлаачдын ажил гэхээсээ илүүтэй, эрсдэл үүрч чаддаг бизнесменүүдийн
ажил гэж ойлговол зохистой. Ингэхдээ хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн
талаар төрөөс баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуультaй
уялдуулан бодитой ажиллах шаардлагатай байна.
Энэхүү чуулганаар яригдсан бусад олон санал, санаачилга нь Монголын
эдийн засгийн бодлогын үр өгөөжийг нэмэгдүүлж, холбогдох хууль, эрх зүйн
орчныг улам боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой гэж итгэж
байна.
Чуулганы нийт оролцогчид, зохион байгуулагчдад талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга руу халдахыг завджээ

Монголын эдийн засгийн форум хоёр өдрийн турш Төрийн ордонд болж
өндөрлөлөө. Форумыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Түүнийг үг
хэлэхээр гарч ирэх үед хурлын оролцогч, эдийн засагч Л.Наранбаатар босч ирэн
халдахаар завджээ. Тэрбээр “Монголын эдийн засгийг та нар дампууруулсан.
Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй” гэхчлэн
дайрсан байна. Л.Наранбаатар УИХ-ын дарга руу оймс шидсэн аж. Түүнийг
З.Энхболдын хамгаалагч нар чирч гаран, тагнуулын байгууллагад өгчээ. Харин уг
үйлдэлд УИХ-ын дарга З.Энхболд “Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу.
Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд өвчтэй хүмүүс их” гэлээ.

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг олимпийн эрхээ авлаа

БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээнээс манай баг тамирчид эхний эрхийг авлаа.

Эрэгтэй 64 кг-д Б.Чинзориг Киргизистаны Е.Сакеновыг 3:0-оор хожиж, мөнгөн медалийн болзол ханган улмаар олимпийн эрхээ авав.

Армийн дэлхийн аварга ОУХМ Б.Чинзориг Тонга улсын Т.Файнеази, Японы Хикарү Окишима, БНАСАУ-ын Кон Таэ нарыг хожин хагас шигшээд үлдсэн юм. Тэрээр шийдвэрлэх тулаанд Киргизистаны боксчинг 3:0-оор илүүрхэн хожиж, ирэх наймдугаар сард Бразил улсад болох зуны олимпийн наадмын эрхээ авлаа.

Өнөөдөр дахин хоёр боксчин олимпийн эрхийн төлөө тоглох юм. Энэ өдөр рингэнд гарсан Г.Ган-Эрдэнэ, Н.Шинэбаяр нар өрсөлдөгч нартаа ялагдсан ч маргааш дахин олимпийн эрхийн төлөө тоглоно. Учир нь хоёр хүрэл медаль хүртсэн тамирчдын аль нэг нь РИО-г зорих юм.

Categories
мэдээ цаг-үе

ФОТО: Эдийн засгийн форумын эргэн тойронд

Монголын “Эдийн засгийн форум-2016” Засгийн газрын ордонд хоёр дахь өдрөө боллоо. Өнөөдрийн хуралдаан “Сорилт, сургамж, шийдэл” уриатайгаар үргэлжилсэн.

Өнөөдрийн хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрбээр “Нэгдүгээрт, өнөөдөр иргэдийн амьдрал, ихэнх хүмүүсийн амьдрал хүнд байна. Та бүхэн харж байгаа байх. Хоногийн өл залгуулахын тулд, эм тарианыхаа мөнгийг залгуулахын тулд ахмадууд маань тэтгэврийн дэвтрээ барьцаалж хэдэн төгрөг зээлж байна. Хүүхэд нь өвдсөн эх халамжийн дэвтрээ барьцаалж мөнгө зээлээд явж байгаа. Төрсний гэрчилгээг нь тавиад мөнгө зээлж байна. Иргэдийн амьдралыг харж байхад байдал сайн байна гэж хэлэх ямар ч аргагүй байна.

Хэрэв бид нар том төслүүдээ цаг хугацаанд нь хөдөлгөөд, эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан гэж бодож байна. Би энэ тухай 4-5 жилийн өмнө хэлж л байсан. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ төслүүдээ хурдан эргэлтэд оруулах хэрэгтэй…” гэж хэлсэн үгэндээ дурсан юм. Өнөөдөр эдийн засгийн байдал хүнд байгаа нь Засгийн газар, улс төрчдийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгвэл 19.00 цагаас УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж үг хэлэх гэж байна.Тэрбээр мэдээллийнхээ үеэр Тавантолгойн уурхайн талаар ярих юм.

Ингээд форумын эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг фото сурвалжлагаар хүргэж байна.

Categories
гадаад мэдээ

Си Жинпинь цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалтад орохоор АНУ-д зочиллоо

БНХАУ-ын дарга Си Жинпинь цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор АНУ-д хүрэлцэн очжээ. түүний араас Румын, Габон, Украйн, Нигери зэрэг улсуудын төр засгийн тэргүүнүүд Вашингтон хотноо чуулж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 50 орчим улс орны удирдагчдыг угтан авч, чуулганы үеэр хэлэлцэгдэх асуудлуудыг танилцууллаа. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэр зэвсэг үйлдвэрлэн туршихыг хориглох, терроризмыг таслан зогсоох зэрэг олон чухал асуудал хөндөгдөх юм байна.

АНУ-ын төрийн тэргүүн экстремист бүлэглэлүүдэд зэр зэвсэг нийлүүлж байгаа эх үүсвэрийг судлан тандах ажилд анхаарлаа хандуулахыг уриалж байна. Учир нь зэвсгийн нийлүүлэлтийг нь хийж байгаа этгээдүүдээр дамжин цөмийн технологи хэт даврагчдын гарт орж магадгүй байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

Хамгийн өндөр үнэтэй пүүз 4 сая ам.доллар

АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхийн хамгийн өндөр үнэтэй пүүзийг олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү пүүз 4 сая ам.долларын үнэтэй бөгөөд уг пүүзийг Нью-Йорк хотод байрлах тансаг хувцас загварын Bicion бренд болон гутлын загвар зохион бүтээгч Дэн Гамаше нар хамтран бүтээжээ. Олон тооны үнэт чулуу шигтгэн бүтээсэн энэхүү пүүзийг дөрвөн сая ам.долларын өртгөөр бүтээсэн бөгөөд тун удахгүй дуудлага худалдаанд оролцуулан зарах юм байна. Дуудлага худалдаанаас олсон ашгийг хөгжиж байгаа улс орнуудын ард түмэнд гутал хандивладаг Soles4Souls байгууллагад хандивлахаар болжээ. Ядууралтай тэмцэх зорилго бүхий энэхүү ашгийн бус байгууллага нь 2006 оноос эхлэн дэлхийн 100 гаруй улс оронд 26 сая хос гутал, пүүзийг хандивлаад байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ховдод 94 өрх түрээсийн орон сууцанд орох эрхээ авчээ

Түрээсийн орон сууц хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна. Ховд аймгийн хэмжээнд 600 гаруй иргэн материалаа бүрдүүлснээс 150 иргэн шалгуур хангажээ. Харин тэдгээрийн дунд сугалаа явуулж 94 өрх айл орон сууцанд орох эрхээ авлаа.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд барилга барих газраас эхлээд, халаалт дулаан дэд бүтцийн асуудлыг орон нутгаас цогцоор нь шийдэж өгчээ.

Categories
гадаад мэдээ

“Sharp” корпораци 66 хувиа зарлаа

Электрон барааны зах зээлийн хүчтэй тоглогчдын нэг Японы “Sharp” корпорацыг зарахаар болжээ. Тус корпорацийн 66 хувийг Тайванийн электроникийн гигант “Foxconn” 3.5 тэрбум ам.доллараар худалдаж авах наймаа хийсэн аж.

Ингэснээр “Sharp” корпораци гадаадын компанид худалдаалагдсан Японы анхны электроникийн компани болж байгаа аж.

Энэ наймааны хэлэлцээ олны анхаарлыг татсан бөгөөд хоёрдугаар сард 4,4 тэрбумаар зарагдах тухай яриа гарч байсан юм. Харин багагүй хугацаанд хоёр талын санал зөрөлдсний дараа ийнхүү өмнө нь яригдаж байсан үнийн дүнг бараг нэг тэрбумаар бууруулжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Найруулагч Н.Наранбаатарынх зургаа дахь хүүхдээ өлгийдлөө

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарынх бүл нэмсэн байна. Түүний гэргий Л.Гантуяа өчигдөр Нийслэлийн өргөө амаржих газарт нярайлж, хүү төрүүлжээ. Шинэ хүн нь тэдний зургаа дахь хүүхэд аж.

Ийнхүү Төрийн соёрхолт найруулагчийнх улам өнөр өтгөн болж, гэргий нь “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгийн болзол хангаж байна. Н.Наранбаатарын гэргий 40 насны босгон дээрээ ийнхүү зургаа дахь хүүхдээ өлгийдөж байгаа юм байна.

Шинэ үеийнхэнд үлгэр дууриалал болсон өнөр гэр бүлийнхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье.