Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн хүрэл медаль хүртэв

Франц улсын нийслэл Парис хотын “Centre d’entrainement Olympique” спортын ордонд уламжлалт “Гран-При” олон улсын III дахь тэмцээн гурван төрлөөр болж өндөрлөлөө.

“Хилчин” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Л.Төртогтох нэгдүгээр тойрогт бельгийн бөх Абдулла Омаровыг 7:0 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт унгарын бөх Иштван Веребт 1:6 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдааныг П.Өсөхбаатартай хийж 4:3 онооны харьцаагаар дийлж хүрэл медалийн төлөө барилдаанд шведийн бөх Найб Илалдаев Итаевыг цэвэр даржээ.

“Сүлд” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт вэнэсуэлийн бөх Луис Филипп Урбанижед 5:9 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө бразилийн бөх Антуан Брага Абоутай хүч үзэж 10:0 оноогоор хожлоо.

Болгар улсын нийслэл Софи хотын “UNIVERSIADA” SPORT HALL” спортын ордонд алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болж тэмцээний сүүлчийн өдөр дэвжээнд ганцаараа гарч 65 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт словакийн бөх Мукола Болотнякийг, хүрэл медалийн төлөө барилдаанд македоны бөх Дежан Митровыг ялжээ.

Манай эрэгтэй бөхчүүд 2016 оны хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотын “Ahmet Cömert Sports Hall” спортын ордонд болох туркийн алдарт бөх Я.Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяа нарыг батлан даалтад гаргажээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг шинэ төмөр замын асуудалтай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зайсангийн хориход саатуулан шалгаж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Б.Батзаяа болон БНСУ-ын иргэн иргэн “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёлыг батлан даалтад гаргажээ.

Б.Батзаяа болон Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёл нарыг онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн юм. Дараа нь яллагдагчаар татсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/69 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт даалгав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгав.

БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН
ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ УГСРАЛТ,
ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/


Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг

2016 онд санхүүжих

1

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /ЧД, 12 дугаар хороо/

2016

971,8

149,1

2

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /ЧД, 16 дугаар хороо/

2016

674,3

674,3

3

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /ЧД, 17 дугаар хороо/

2016

1110,9

1110,9

4

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /БЗД, 23 дугаар хороо/

2016

626,0

626,0

5

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /БЗД, 27 дугаар хороо/

2016

985,1

985,1

6

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /СХД, 24 дүгээр хороо/

2016

608,4

460,6

7

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /СХД, 25 дугаар хороо/

2016

966,9

966,9

ДҮН

5 943,4

4 972,9

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс жолоочийн зөрчлийн оноог хасаж эхэлнэ

Өнөөдрөөс жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг мөрдөж эхэлж байна.

Ийнхүү жолооч нарыг оноотой болгох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад оршиж байгаа юм. Ингэхдээ зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах зохицуулалт бас бий.

Замын хөдөлгөөний дүрэмд 80 гаруй зөрчил нэрлэгдсэн байдаг. Эдгээрээс 17 зөрчилд нь оноо хасах систем үйлчилнэ. Жолоочийн арван онооноос хасаад зогсохгүй мөнгөн торгууль давхар оногдох юм.

Харин та Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журмыг зөрчихгүй бол ямар нэг торгууль хүлээхгүй юм.

Зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ЗХАБТХ-ийг зөрчөөгүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог эргүүлэн өгөх бол хоёр жилийн хугацаанд дүрэм зөрчөөгүй тохиолдолд 10 оноог сэргээх урамшуулалтай юм.

Ингээд ямар тохиолдолд оноо хасагдахыг доорх тайлбараас харна уу.

НЭГ ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 192,000/

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 48,000, 19,200/

-Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч /Торгууль 9,600/
-Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч /Торгууль 9, 600/

-Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 19,200/

-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /Торгууль 19,200/

-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч /Торгууль 96,000, 192,000/

ХОЁР ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /Торгууль 192,000/

-Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 96,000/

-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 96,000/

-Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /Торгууль 96,000/

-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /Торгууль 19,200/

-Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /Торгууль 19,200/

-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч /Торгууль 9,600/

-Механикжсан ТХ-ийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 48,000/

ГУРВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /Торгууль 48,000/

-ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /Торгууль 96,000/

ТАВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна. /Торгуулийн хэмжээ ЗХД-ийн ямар заалт зөрчиж осол гаргаснаас хамаарна/

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт үүрэг бүхий Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тогтоолоор ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
  • Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд.
Categories
мэдээ цаг-үе

Ажнай хүлгээрээ дэлхийд өнгөлсөн Д.Цэрэнжигмэдийнх

Цагаан сарын босгон дээр арц
хүж, айраг цагаа, адуу мал, амжилт ололт дүүрэн ханхалсан сурвалжлагыг Монгол
Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийнхээс бэлдлээ. Түүнийг “Макс”
группийн ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан… гээд
бизнесийн том төлөөлөл гэдгээр нь хүмүүс бас мэднэ.

Гал тогооныхоо хавиар хүүхдүүд
нь бужигналдсан, эхнэр нь цай хоол болсон, хүмүүс орж гарсан, хурдан морины
яриа хөөрөө дэлгэсэн, амгалан сайхан монгол айлын дүр зураг тэднийхээс
мэдрэгдэнэ. Тэдний гэрт хуучны нэг бор шүүгээ байна. Түүний өөдөөс харах шилэн
сервантанд бараг соц үеийнх байх гэмээр хуучны шаазан эдлэлүүд өрсөн харагдах
нь хүмүүсийн бодож байгаагаас даруухан аж. Том өрөөнд нь нэг буйдан. Өөдөөс нь
харах зурагтын дээр даллаганых нь бумба тэргүүнтэй, түрүү морьдынх нь бай
шагналын дээжис, найз нөхдийнх нь бэлэглэсэн морьдын баримлууд, мэдээж нэг
хуучны эмээл. Д.Цэрэнжигмэд тод манлай хэлж байна аа, “Гар утсанд олон дуудлага
орж ирнэ л дээ, тэр бүр яриад байж чаддаггүй юм. Өчигдөр харин санаандгүй автал
“Өдрийн сонин”-оос гэлээ. Уулзах ёстой хүмүүс уулзаж, болох ёстой зүйл
болдгоороо болдог гэж үг бий. Өнөөдөр та нартай уулзах л ёстой байж” хэмээн
бидний яриа эхэллээ. Аавтайгаа ойр зуурыг ярилцах бадриун залуу бол том хүү
Идэрболд нь юм байна. Бээжинд сурч байгаад иржээ. Одоо “Макс шил” гэдэг компани
байгуулан ажиллаж байгаа гэнэ. Идэрболд тусдаа гарахгүй аав ээжийнхээ дэргэд
шигдээд байгаа нь отгон дүү Манлай гэж “Шинэ монгол” сургуулийн бага ангийн
сурагч нөхрийн уурыг жаахан хүргэжээ. Манлай сүүлийн үед нэлээн ширүүнээр “Та
одоо тусдаа гар, тэгээд өрөөгөө надад өг” гэж дарамталсан байна. Харин ах нь
нэг л үгээр түүний амыг таглажээ. “Чи тэгээд өрөөндөө ганцаараа унтаж чадах юм
уу” гэж. Том, жижиг хоёрынх нь дунд нэг иймэрхүү асуудал үүсээд байгааг аав,
ээж хоёр нь ярьж инээлдэв. Ц.Идэрболд “Намайг жаахан байхад аав Өвөрхангайд
морь унахыг зааж байлаа. Тэр үед зургаан настай л байсан байх. Махлаг биетэй
болохоор тэгсгээд хүнддэж таранд явахгүй хөлсөнд л явдаг болсон доо. Сүүлдээ
уяа морьдоо манах, хоолыг нь тааруулах ажилд тусалдаг болсон. Морь манахад
хөвөнтэй дээл ч сайхан дулаахан шүү. Хамгийн дулаахан юм тэр байна. Өөр
хувцастай морь манахаар даараад байдаг юм” хэмээн ярианд оролцлоо.

Д.Цэрэнжигмэдийнх Зайсан дахь
энэ байшиндаа ороод хоёр жил орчим болж байгаа гэнэ. “Хотын төвд гурван өрөө
байрандаа хэдэн хүүхэдтэйгээ болоод л байсан. Хүүхдүүд том болохоороо тусдаа
өрөөтэй байх гээд… харж байгаа биз дээ, одоо энэ хамгийн бага хүртэл ахыгаа гэрээс
нь хөөгөөд, өрөөгөө надад өг гэж хэл ам болоод байгааг. Тэгээд энэ нэг байшинг
барьж орцгоосон юм” гэв. Таны үеийн бизнесмэнүүдийг харж байхад хүүхдүүдээ
гадаадад сургаад эхнэртэйгээ хоёулхнаа том байшиндаа сууж байдаг юм билээ гэвэл
Тод манлайгийн эхнэр Д.Эрдэнэчимэг эгч “Хүүхдүүд бүгдээрээ Монголдоо байгаа.
Нялх юмнуудыг гадаадад сургаад яахав дээ, ядаж аав ээж хоёрыгоо санаад болохгүй
биз дээ” гэсэн нь за энэ хоёр бол хүүхдүүдээ өөрсдөөсөө холдуулах дургүй хүмүүс
юм байна гэсэн ойлголтыг төрүүллээ. Том хүүгээ Бээжингээс ирэнгүүт нь бие
даалгаж бизнес рүү оруулжээ. Өөрийнх нь оюун ухаанаар ажил хийлгэж сургая гээд
Монголын зах зээлд ямар бизнес эрэлттэйг судлуулсан. Идэрболд өөрөө гадагшаа
явж, үзэсгэлэн энэ тэрд оролцож, тоног төхөөрөмж, технологио авчирсан. Бүгдийг
тэгээс эхлүүлж байгаа. Цэрэнжигмэдийн хүүхэд гэхээрээ бүх зүйл нь амар хялбар,
асуудалгүй бүтдэг юм гэж хаана байхав дээ, зовлон жаргал дундуур явж, бие
сэтгэлээрээ мэдэрч байж л амжилтад хүрнэ шүү дээ хэмээн ярьсан юм.

Д.Эрдэнэчимэг эгч бол нийтийн
хоолны технологийн инженер мэргэжилтэй. “Макс” группийн “Берлин бургер” хоолны
сүлжээний зөвлөх, мөн Монголын “Хоол урлахуй” нийгэмлэгийн тэргүүн. Та ч
наадам, цагаан сараар зочин гийчний хоол цайнд дарагдана биз гэвэл “Наадмаар
гайгүй ээ, Хүй долоо худагт манай Берлин бургерийн аварга тогоочид, хамгийн
сайн зөөгч нар ирээд үйлчилчихдэг юм. Зочдоо угтах, үдэх ажилтай л байдаг.
Цагаан сараар бол харин бүгдийг өөрөө хийнэ ээ” гэлээ. Д.Цэрэнжигмэд тод манлай
“Цагаан сараар өглөө эрт аав, ээждээ очиж золгоно. Дараа нь хадмын талдаа
золгочихоод адуу руугаа давхичихна. Уул овоондоо идээ будааныхаа дээжийг
өргөдөг. Хурдан морьдынхоо уяаг харж, хийморио сэргээнэ. Тод манлай Ононгийнх
манай хойно. Онон гуайнхаар золгочихоод хот руу давхидаг юм. Ирэхэд гэрээр
дүүрэн хүн ирчихсэн байна. Тэгээд л баруун солгойгүй золгож гарна даа.
Уламжлалт сайхан баяр даа. Монгол хүн гэдгээ мэдэрдэг баяр юм уу даа” хэмээн
сар шинээ хүлээсэн монгол эрийн хийморь цухас хийв.

Морины уяан дээр бас л сайхан
шүү дээ. Би ч хагас, бүтэн сайнд өглөө босоод цай ундаа ч уулгүй морь руугаа
явчихдаг юм гэснийг Д.Эрдэнэчимэг эгч залгуулан “Манай хүн гэртээ хоол хийгээд
хүн дайлах дуртай” гэхэд Цэрэнжигмэд манлай “Манай ээж хүмүүс орж ирж л байвал
баярлаж байдаг. Ээжийг байгаа газар хүмүүс бужигналдаж байдаг юм. Хүний алга
дээш нь харуулж байвал ажил үйлс бүтдэг гэж манай ээж ярих дуртай” гэсэн нь энэ
бүхэн ээжээс минь эхтэй миний зан араншин байгаа юм аа гэдгээ хэлэв бололтой.

Эдний том охин Мишээл МУИС-ийн
төгсөх курсийн оюутан. Буудлагын спортоор хичээллэдэг. Сая Кувейтэд болсон Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний гар бууны төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Ц.Мишээл “Буудлагын спорт бол сэтгэл зүйн спорт. Маш сайн төвлөрөх хэрэгтэй
болдог. Энэ спортоор би Алтаа багшийнхаа удирдлагад хичээллэж байгаа. Дэлхийн
аваргын хэмжээнд өрсөлдөхийн тулд маш их бэлтгэл хийх, төвлөрөх хэрэгтэй болно
доо” гэлээ. Д.Эрдэнэчимэг эгч “Нэг хэсэг манай хоёр том аавтайгаа бараг
уулздаггүй байсан. Хүүхдүүдээ унтаж байхад аав нь ирдэг. Өглөө аавыгаа унтаж
байхад энэ хоёр сургууль цэцэрлэгтээ явчихна. Ажил амьдрал тэгж их завгүй
өрнөсөн үе амьдралд байдаг юм шүү” гэлээ.

Ганбаа бид хоёрын өнөөдрийн
бизнес Германаас машин зөөхөөс улбаатай. Нэг удаа машин авахаар Берлинд
оччихсон хуучин машин зардаг сонин хараад сууж байлаа. Тэгсэн хар өнгөтэй бенз
230 зарна гэсэн байна. Тэр нь “Метро” гээд бөөний худалдааны төвийн захирлын
машин болж таарлаа. Машин ч таалагдлаа, нөгөө захиралтай наймаа тохирлоо. Өнөөх
чинь жолоочоо угаалгачихаад ир гээд явуулчихсан. Тэр хооронд өрөөндөө оруулаад
дайлаад, дараа нь том дэлгүүртээ орууллаа. Үзээгүй юмаа тэнд үзлээ. Тэр хооронд
бидний зургийг аваад дэлгүүрээрээ үйлчлүүлж байх үнэмлэх өгсөн. Жижиг бизнес
эрхэлдэг хүн л тийшээ ордог юм гэлээ. Хоёр, гурван машин авах гэж байснаа
болиод тэр дэлгүүрээс бараа дараад Монгол руу ачууллаа. Уулзах ёстой хүмүүс
уулздаг гэж энэ. Хүнсний супермаркетийн эхлэл тэр болсон юм. Машинаа контейнерт
ачуулна. Дээгүүр, доогуур нь сул зай их гарна. Тэрийгээ ашиглахгүй бол тээврийн
зардал их гарна. Тийм болохоор тэндээс хатуу мебель шкаф доор нь тавиад, дээр
нь зөөлөн буйдан тавьж ирүүлдэг боллоо. Евро мебелийн эхлэл ингэж тавигдаж,
Нацагдоржийн номын сангийн сул талбайнуудад мебелийн үзэсгэлэн гаргаж байлаа.
Түүнээс хойш бага багаар өсөн дэвжиж явсаар байгаад өнөөдөрт хүрлээ. Сая “Burg­er
king”-ийн эрх авах гэж Монголоос олон компани өрсөлдсөн. Санхүүгийн хувьд аваад
явж чадах уу гэдгээс авахуулаад олон шалгууртай. Судалгааны баг явуулсан нь
манайхыг сонгосон юм. Ийм л маягтай их ажил дунд цаг хугацаа урсаж байна. “Би
гадагшаа олон хоног ажлаар явна. Тэгж явсаар Буянт- Ухаадаа бууж, онгоцны шатан
дээр нэг гүнзгий амьсгаа аваад алхах ч сайхан. Надад ч тэгээд Монголын минь юм
бүхэн сайхан санагддаг юм даа. Хүмүүс гадаа хүйтэн байна л гээд байна. Үнэндээ
даараад, чихээ бариад алхах гоё шүү дээ. Би заримдаа малгайгүй, хөлдөж үхэх
гээд гудамжаар алхчихдаг юм” гэж ярих нь содон сонсогдлоо.

Цэрэнжигмэдийнх байгаадаа
сэтгэл хангалуун, стресс нервгүй айл юм. Манай гэр бүлийн хувьд энэ жил аз
хийморьтой байгаа. Энэ жил унаган адуунууд минь улсад түрүүлж, айрагдлаа. Анх
удаа Монголоос морин уралдааны дэлхийн аварга манайхаас төрлөө. Охин минь Ази
тивийн аваргаас мөнгөн медаль авсан” гээд сайхан зүйл их тохиосон. Ер нь
хүүхдүүдийг багаас нь ямар нэг спортоор хичээллүүлж байх ёстой юм билээ. Сэтгэл
зүй сайтай болдог. Манай бага хүү Манлай теннисний спорт сонирхоод байх шиг
байна, харин бага охин минь ямар спортод дуртай билээ гэвэл Нинжбадам
“Волейбол, сагсан бөмбөг тоглох дуртай. Бас моринд их дуртай. Зун морио унаад
хөлсөнд явдаг. Намайг морио хөлслөөд явж байхыг Онон ах гэрийнхээ үүдээр
харчихаад Цэрэнжигмэдийн хоёр хүүхэд мөн үү гээд байсан. Ер нь би хөдөөний ажил
сайн хийдэг. Гэдэс арилгана, боорцог хийнэ. Үнээгээ саачихна. Хүүхдүүдтэй цуг
морь хөлсөлдөг. Жүчээгээ цэвэрлэнэ” хэмээн ярилаа. Монголын том бизнесмений
отгон охиныг ийм юм ярьдаг гэхээр зарим нь үнэмшихгүй ч байж мэднэ.

Ажил үйлс, амьдрал ахуй нь
адууны хийморьтой айл гэвэл Монгол Улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийнхийг
хэлнэ. Дэлхийн аваргад морь түрүүлгэсэн нь моринд дуртай монголчуудын хувьд
онцгой үйл явдал болсон юм. Бидний яриа энэ сэдэв рүү хазайлаа. Монголчууд
чаддаг ажлаараа дэлхийд түрүүлж, дэлхийн тэр их өндөр хурдтай, өндөр үнэтэй
морьдыг дийлсэн. Мориор дэлхийд гарах цаг болсныг ч харууллаа. Манай “Mongolian
Saturday”-г дэлхийд түрүүлсэн өдөр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр
янз бүрийн л өнцгөөр бичсэн. Хонгконгийн сэтгүүл дээр “Монголчууд ирж биднийг
мориороо эзлэх гэж байна” гэсэн. Дэлхийн хамгийн алдартай морин тойруулгын
уралдаанууд Хонгконгод болдог л доо. Манай морийг түрүүлэхэд стадион даяар
хөтлөгч нь “Монголын Бямба гариг түрүүллээ. Бүрэн утгаараа энэ өдөр Монголын
хагас сайн өдөр болж чадлаа” хэмээн дахин дахин зарлаж байсан. Тус уралдааныг
зохион байгуулагч нь шууд л Английн хатан хааны нэрэмжит уралдаанд урьсан. Та
нар яг энэ хувцастайгаа очиж уралдвал гайхамшигтай байна шүү гэж л онцолсон.
Ганбаа бид нар бүгдээрээ л үндэсний дээл хувцас, тод манлай уяачийнхаа малгайг
өмсөж очсон нь агуу түүхтэй ард түмний үр сад энд явж байна шүү гэдгээ л
харуулсан хэрэг.

Та бүхний гаргасан энэ амжилтыг
шинэ бизнесийн үүд нээгдлээ, монголчууд морины бизнесээр олон улсын зах зээлд
гарах том гарцтай боллоо гэж бичсэн гэвэл Д.Цэрэнжигмэд “Олон улсын морин
уралдаан өөрөө том зах зээл, том эдийн засаг шүү дээ. Манайхан хар багаасаа
адуутай, морьтой харьцаж сурсан хүмүүс. Гадны томоохон морин тойруулгууд дээр
монгол залуучууд олноороо уяач, унаач, адуучнаар нь ажиллах үүд хаалга
нээгдсэн. Монголчууд моринд ямар мундгийг тэр өдрүүдэд гадныхан үндсэндээ мэдэрч,
биширсэн дээ. Тэр уралдаанд Японоос олон морь ирж уралдсан юм. Японы нэг өвгөн
ирчихсэн байсан. Манайхан сайхан сэтгэлтэй болохоор өнөө өвгөнд зөвхөн морьдын
эзэд ордог эрхийг зүүгээд оруулчихсан байсан. Манай морийг түрүүлэхэд биширч,
дахин дахин ирж баяр хүргээд л, энэ зун заавал Монголд очно гэсэн. Тэгсэн
саяхан утасдаад гурван монгол залуу авч ажиллуулахаар болсон гэж байна. Манай
уяачдаас нэг нь явна. Хоёрыг нь өөрсдөө сонгох байх. Ингээд л адуучин залуучууд
маань гадагшаа явж, дуртай ажлаа хийх боломж нь нээгдэж байна шүү дээ” хэмээн
бахархалтайгаар хэллээ.

Уяачид гэхээр өрөөсгөл ойлгодог
хүмүүс мэр сэр бий. Тэгвэл хурдан морь гэдэг өөрөө олон улсын түвшний том эдийн
засаг гэдгийг Дагвадоржийн хоёр хүү ийнхүү харуулсныг монголчууд өнөөдөр хүлээн
зөвшөөрч байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа сүйрч баларсан Япон улсын эдийн
засагт чамгүй их мөнгө авчирсан салбар нь дэлхийн баячуудыг далласан морин
тойруулгууд, морин уралдаанууд байсныг тэр улсын түүх өнөөдөр харуулдаг.
Д.Цэрэнжигмэд тод манлай ч ярьж байна лээ, “Дэлхийн морин уралдааны менежерүүд
сайн ажилладаг юм билээ. Морь түрүүлгэчихээд байж байх тэр мөчид Хонгконгийн
морин холбооноос манай Ганбат руу шууд залгаад Хонгконгийн уралдаанд урих
талаар ярилцъя гэсэн. Тэгснээ төд удалгүй дахиж залгаад урих шийд гаргасан.
Албан ёсоор урилга өгч байна шүү гэсэн. Тэр үед Хонгконгод шөнө болж байгаа юм.
Гэтэл Америкт болж байгаа морин уралдааныг хараад сууж байдаг байна. Тэгж л
ажилладаг юм билээ” гэв.

Ийм амжилтад хүртлээ Ганбаатар
тод манлай та хоёр их ч зардал гаргасан байх даа гэвэл манай дүү Ганбаатар
арваад жилийн өмнө Америк руу Бандгай, Онон нартай хамт явсан. Өөрөө сүүлд
тэрийгээ ярьсан байна лээ. Нэг удаа оролдлого хийж үзээд болоогүй. Хоёр, гурван
жил өнгөрсөн. Тэгээд сая очиж Дэлхийн аваргад морио түрүүлгэж, монголчуудынхаа
магнайг тэнийлгэлээ. Ер нь бол дэлхийд морь түрүүлгэх нь миний хүсэл гээд
Ганбаа их ярьдаг байсан л даа. Тэгэхэд зарим хүмүүс Ганбаатар юу яриад байгаа
юм гэж боддог байсан байх. Аргагүй тэр хүсэл биелсэн дээ. Манайхан морь таньж
авахдаа аргагүй л өөр юм билээ.

Харин үүнийг л танаас асууя гэж бодоод явлаа. Морио, “Mongolian
Saturday”-г яаж шинжиж таньж авсан юм бэ. Монгол адуугаар бол голлож ямар
шинжийг нь мэдэрч авсан юм бол. “Дуудлага
худалдаанд орох даагануудын танилцуулга номтой эхэлж танилцдаг. Нэг, хоёр,
гурав гээд ангилчихсан танилцуулгын ном. Нэг, хоёрдугаар ангилалд нь удам угсаа
сайтай, хамаагүй өндөр үнэтэй дааганууд байдаг. Бид нар яахав дээ, бэл
бэнчиндээ тааруулаад хамгийн бага зэрэглэл болох гуравдугаар номноос нь харж,
хямд үнэтэйгээс нь авсан. Удам угсаа гэж айхавтар юм байхгүй. Тэрнээс ах дүү
нар нь давхиж байсан 1,2 дугаар зэрэглэлийн дааганууд бол дуудлага худалдаанд
өндөр үнээр дуудагддаг. Одоо бол манай Бямба гариг маань үнэ нь өндөр болсон л
доо. Хамаатан садан ах, дүү нар нь ч үнэд орчихсон байгаа. Харин шинжихдээ
голлож анхаарсан юм бол махны ширхэг зузаантай. Арьс зөөлөнтэй, нимгэн гэх
шинжийг л харсан гэж Онон гуай хэлэх юм билээ. Ер нь Онон манлай сонгосон л
доо. Хамгийн доод зэрэглэлийн, хямд үнэтэй адуунаас морь шинжиж аваад дэлхийн
аваргад түрүүлгэчихсэн монголчуудыг биширсэн нь тухайн үеийн мэдээллүүдээс
харагдаж байсан. Үнэндээ Ганбаатар, Цэрэнжигмэд гэж хоёр хүний нэр дуулдахаасаа
илүүтэй монголчуудын морь түрүүллээ гэсэн шуугиан их байсныг байсан хүмүүс
анзаарсан даа” гэв.

Одоо ч цагаан сар хаяанд ирлээ
дээ. Танайх цагаан сар, наадмыг нүсэр тэмдэглэнэ биз гэхэд Д.Цэрэнжигмэд тод
манлай, ёстой л нүсэр болно доо. Хүй долоон худагт гурван хоног зочин ихтэй
өнжинө. Хурдан буянгууд минь намайг олонтой болгосон. Морины уяан дээр л тэгж
хүмүүс цугладаг байх. Азарга түрүүлгэчихээд байж байхад хуучин, шинэ хоёр
Ерөнхийлөгч хэдхэн цагийн зөрүүтэй ирж байх жишээтэй. Өнөө телевизээр үзэж
тараад байдаг хоёр намын хүмүүс чинь манай уяан дээр л хамтдаа инээж хөхрөлдөөд
зогсож байдаг юм. Нэг өдөрт долоон орны Элчин сайд буугаад мордох үе ч бий.
Монголчууд бариан дээр морь орж ирэхийг хараад доголон нулимстай зогсдог ард
түмэн шүү дээ. Ганбаа бид хоёрын хувьд хурдан морины хамгийн дээд цолыг нь хүртсэн
хүмүүс болохоор үүрэг хариуцлага их байдаг. Тэр нь наадмын зохион байгуулалтад
үлгэр жишээ сайхан оролцож, наадамчин олноо баярлуулж цэнгүүлэхээс эхлээд,
төвшин сайхан байх ёстой. Том цолтны үлгэр дуурайл гэж айхавтар юм бий. Энэ жил
гэхэд их насны морийг хүний машинд суугаад дагасан. Бараг цагаан хөтөл давж
байхад халтар морь байдаггүй. Тоолоод байсан бараг 50-60-аадаар явж байна.
Гараан дээр жаахан алдаад гарчихсан юм билээ. Жаахан харъя даа. Найдвар бага
юм. Татуулаад амраачихдаг юм уу гэж хүртэл бодоод явж байтал Цагаан хөтөл
уруудаад өнгөний адуунууд дээр хүрээд ирсэн. Тийм сайхан амьтныг чинь нулимсаа
дуслуулаад хараад байхаас өөр яах билээ. Ингээд л шарга мориныхоо ард айргийн
дөрвөөр орж байгаа юм. Энэ хоёр их сонин адуунууд, нэг нь түрүүлбэл дагаад л
айрагдаж байдаг юм. Мултрах юм бол хоёулаа л мултарчихдаг. Ер нь гэхдээ
уралдсан бүхэндээ түрүүлж айрагддаг аваргууд даа.

Энэ үеэр Д.Эрдэнэчимэг эгч
“Морь түрүүлсний дараа уяачдын гэр бүлийнхэн нь төв асарт орох гэж их хэцүү.
Очоод цагдаа нарт туугдаад сүйд болно. Инээдтэй юм болж байж орно. Угаасаа
баярлаад явж байгаа хүмүүсийг аятайхан оруулчихмаар байдаг. Эхнэр хүүхдүүд бид
чинь тэр морь түрүүлэхэд арын албанд нь сайн зүтгэсэн байгаа шүү дээ (инээв).
Тэрийг наадмын зохион байгуулах хорооноос анхаармаар юм шиг санагддаг. Би бол
яахав, ханийнхаа буянд хэдэн жил ороод гарч л байгаа. Анх удаа улсын наадмынхаа
асарт морио цоллуулах гэж байгаа, сэтгэл нь хөөрсөн хүмүүс их хэцүү харагддаг
юм гэсэн нь бодууштай санагдлаа.

Дэлхийд алдартай, олон сая
уншигчтай “Forbes” сэтгүүлээс сурвалжлах баг ирж ах, дүү хоёр тод манлай уяачид
болох Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын талаар сурвалжлага бэлдсэн нь тэдний
бизнесийг, улмаар Монгол Улсын нэр хүндийг өндөрт хүргэсэн хэрэг болжээ. Алдарт
“Forbes” сэтгүүл дээр тэдний тухай “Монгол Улсын иргэн Дагвадоржийн хүүхдүүд
анх ангийн арьс зарж бизнесээ эхэлж байсан ч одоо олон салбарыг цэцэглүүлсэн
“Макс” группийн эзэд болжээ. Өнөөдөр тэд Монголын зах зээл дээр “Макс”
супермаркет, Сүү компани, “Berlin burger” түргэн хоолны газар, “Мaхipot”
ресторан, “Макс зам”, “Макс цонх”, “Макс өргөө”, “Rama­da” зочид буудал,
багахан дэлгүүрээс эхлээд хувцас болон тавилгын шинэхэн “Max­mall” дэлгүүрийг
ажиллуулж байна. Мэдээж үүнд “Макс” уул уурхайн компанийг дурдахгүй байхын
аргагүй. Учир нь тэд алтны уурхайг хослуулан ажиллуулдаг юм. Ах, дүү нар
Улаанбаатар хотод хэрэглээний 650 мянган кв метр талбай эзэмшдэг, 2500
ажилтантай, өнгөрсөн жил 42 сая долларын худалдаа хийжээ. (Үүнд сүүний
бүтээгдэхүүн ороогүй) Дагвадоржийнхон Монголд 500 хурдан морьтой. Энэ бол
Чингис хааны үеэс Монголын талыг туулсан хийморьлог хөрөнгө юм. Мөн Америкт
уясан даагануудынх нь нэг Mongo­lian Star Kentucky уралдаанд түрүүлэн
монголчуудад анхны найдварыг төрүүлжээ” гэхчлэн хэдэн нүүр том нийтлэл бичжээ.
“Forbes” сэтгүүл дээр ийнхүү гарсаны дараа дэлхийн ижил чиглэлээр бизнес
эрхэлдэг цөөнгүй хүн холбогдсон байна. Та манайхтай адил бизнес хийдэг юм
байна. Ийм зүйл дээр хамтрах боломж байна гэсэн саналууд иржээ.

Гэрт нь өрнөсөн их яриа цааш
тэдний хурдан морьдын жүчээ байх Өлзийт хороолол хүртэл үргэлжилсэн юм. Бид
Өлзийт хороолол руу явах замдаа Айдасын даваа руу тонгойход Цэрэнжигмэд тод
манлай “Морьд энэ даваагаар уралддаг байхад Асгат саарал маань анх улсын
наадамд хязааландаа аман хүзүүдсэн юм. Энэ даваан дээр явуул гээд дохиход бөөн
бөөнөөр нь идээд л урагшаа явчихаж билээ. Нүдний нулимсаа барьж чадахгүй байсан
шүү” гэв. Өлзийт хороолол морины том төв болжээ. Мориор амьсгалсан орчин. Хашаа
болгонд морь тэжээсэн, адуу малласан хүмүүс. Сунгаатай өдөр сургуульд нь цөөхөн
охид хичээлдээ суудаг гэж дуулдав. “Манайх энд 100-гаад адуу тэжээж байгаа.
Жилд 10-аад мянган боодол өвс ордог юм. Овъёос, хивэг гээд бас овоо их юм орно.
Адуучин, туслах адуучин, жолооч гээд л зөвхөн адуун дээр гэхэд л нэлээд олон
хүн ажлын байраар хангагдаж байгаа. Уяаны үед 30-40 хүн ажилладаг. Манай унаач
хүүхдүүд бүгд хувийн хадгаламжийн дэвтэртэй. Бид жилд цалин хөлс, шагнал
урамшууллыг дансанд нь хийчихдэг. Мөнгө гаргах хэрэг гарвал аав ээж, хүүхэд
гээд гурвалсан гарын үсгээр авчихдаг юм. Анх “Maxmall”-ынхаа нээлтэн дээр Асгат
саарал азарганыхаа төлийг дуудлага худалдаанд оруулсан юм. Хүмүүс их идэвхтэй
оролцсон. Тал талаас үнэ хэлээд тухайн үед 20 саяар зарагдсан. Бүгдийг нь
асрамжийн газрын хүүхдүүдэд Худалдаа хөгжлийн банкинд хадгаламж нээж өгсөн.
Жилээс жилд энэ ажил маань өргөжөөд явж байгаа. Аргагүй тусламж, дэмжлэг
хэрэгтэй, бүтэн өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тэгж тусалж байна. Манай уяаны
унаач хоёр хүүхэд маань оны шилдэг унаач болж байгаа. Гансүх, Цэрэндаваа гээд
хоёр хүү бий. Бас хоёр их насны морьд оны шилдэг морьдоор шалгарсан. Энд
морьдыг маань аавын минь дүүгийн хүүхэд П.Алтансүх гэж залуу хариуцдаг юм. Мань
нөхрийг Гов-Алтайгаас жаахан хүүхэд байхад нь авчирсан юм. Тэгээд нас биед
хүрээд ирэхээр нь нутаг орондоо сууна барина гэсэн бүсгүй байдаг юм бол одоо
авчраад гэрлэ гэсэн, нэг охин аваад ирсэн. Ингээд л энд гэр бүлээ зохиогоод
хүүхэд шуухадтай болоод морьдоо уяад тов хийгээд амьдарч байна. Алдарт уяач
цолоо авчихсан. Энэ жилийн “Шилдэг гал” одоо тодорч байгаа байх. Манайх лавтай
хоёрт орчих байх гэсэн багцаа байна. Манай галаас энэ жил таван түрүү, арван
айраг авсан юм байна лээ хэмээн хөөрөлдсөн шигээ бид уяа морьдынх нь дундуур
алхацгаалаа.

Манай уяан дээр саяхан нэг
хөгжилтэй яриа боллоо хэмээн Д.Цэрэнжигмэд манлай ярив. Даваахүү манлай хүнтэй
муудалцвал өмнөөс нь элдэв үг хэлэхгүй зүгээр л ерөөх гэнэ. Муудалцсан хүнийхээ
өөдөөс “За хүү минь сайхан таргалаарай” гээд ерөөчих юм гэсэн. Тарган хүнд
зовлон их байдаг байх нь л дээ гэсэн нь тэдний уяа морьдыг сэргэтэл бөөнөөрөө инээлдэхэд
хүргэв. Уяа морьдын орчин ийм л гэгээн сайхан байдаг даа гэсэн бодолтой,
уужимхан амьсгаа аваад бид хот руу хөдөллөө.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Цогтбаатар: Өвлийн улиралд Улаанбаатар хотод хүүхэд тээж төрүүлэх нь сөрөг нөлөөтэй

-АГААРЫН БОХИРДЛООС БОЛЖ УЛААНБААТАР ХОТЫН САЯ ГУРВАН ЗУУН МЯНГАН ИРГЭД БҮГДЭЭРЭЭ АРХАГ ХОРДЛОГОТОЙ БАЙНА-

ЭМСЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Анагаах ухааны доктор Б.Цогтбаатартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрсэн үү?

-ДЭМБ-ын агаарын бохирдлын стандарт гэж бий. Монголд мөн агаарын чанарын стандарт гэж байдаг. Энэ стандартад заагдсаны дагуу үндсэн бохирдуулагч бодисонд нүүрсхүчлийн хий, азотын давхар исэл хүхрийн хий, нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор зэрэг ордог. Эдгээр бодисуудын хэмжээ тодорхой түвшинд байж хүний амьсгалж байгаа агаар хэвийн чанартай байна гэж үздэг. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг тодорхойлогч гол бодисуудын түвшин ДЭМБ-ын гаргасан стандарт хэмжээнээс таваас долоо дахин өндөр байдаг. Нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ арван метр куб агаарт арван микрограммаар нэмэгдэхэд зүрх судасны өвчлөлөөр эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 0.8 хувиар нэмэгдэнэ гэж үздэг.

-Монголд амьсгалын замын өвчлөл өндөр байгаа гэж ойлгож болох уу?

-Өвчлөлийн номер нэг шалтгаан бол амьсгалын замын өвчлөл. Нас баралтын номер нэг шалтгаан зүрх судасны өвчлөл байдаг. Аль алинд нь агаарын бохирдол шууд нөлөөтэй. Бидний Канадын их сургуультай хамтарч хийсэн судалгаанд агаарын бохирдол зүрх судасны өвчлөлийг 29 хувиар нэмэгдүүлдэг гэж гарсан. Мөн уушгины хавдрын шалтгаант нас баралтыг 40 хувиар нэмэгдүүлж байна.

-Агаарын бохирдол урагт яаж нөлөөлдөг юм бэ?

Агаарын үндсэн бохирдуулагч бодис ургийн бойжилтод шууд муугаар нөлөөлж байдаг. Үүнийг олон улсын судалгааны үр дүнгээр нотолчихсон. Сүүлийн гурван жилд Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүдэд ургийн бойжилтод агаарын бохирдол яаж нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн. Агаарын бохирдолтой орчинд ураг тээж төрүүлэхэд бага жинтэй ураг төрөх замаар илэрч байгаа юм. Мөн ураг эрүүл мэндийн хувьд эмзэг, өвчлөмтгий болох магадлалыг ихэсгэж байгаа.

-Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд дээгүүрт ордог. Тэгэхээр Улаанбаатар хотод жирэмслэх нь аюултай гэж ойлгож болох уу?

-Манай иргэд хариултыг нь өөрсдөө олчихоод сүүлийн жилүүдэд аль болох урин дулааны улиралд хүүхдээ тээж төрүүлж байна. Эсвэл зуслан, Улаанбаатарын ойролцоох орон нутаг, хотууд руу явж хүүхэд тээх хандлага бий болчихсон. Энэ бол нууц биш. Өнөөдөр Улаанбаатарт өвлийн улиралд арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд хоёрдугаар сарын эхэн хүртэлх энэ цаг хугацаанд жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хүмүүс, настайчууд, харьцангуй эрүүл саруул гэж үзэгддэг залуу хүмүүс ч гэсэн агаарын бохирдолд өртөхгүйгээр эрүүл байх боломж тун хэцүү асуудал болоод байна.

-Агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлж байгаа нь мэдэгддэг үү. Шинж тэмдэг илрэх үү?

-Улаанбаатар хотынхон маш муу агаараар амьсгалж байна. Магадгүй өөрсдөө мэдэхгүйгээр тэр үр нөлөөг амсаад явж байгаа. Лондонд 1950-иад онд агаарын бохирдлоос болсон хурц хэлбэрийн хордлого илэрч 4000-12000 хүн хоёр хоногийн дотор нас барсан байдаг. Одоогоор Монголд тийм хэмжээний хордлого буюу шууд шалтгаант нас баралт учиргүй их харагдахгүй байна. Гэхдээ бидний мэдэхгүй хурц хордлого, нас баралт явагдаж байгааг үгүйсгэхгүй. Энэ хурц хордлогод өртөх магадлалтай хүнд хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, амьсгал болон зүрх судасны тогтолцооны өвчтэй настайчууд орно. Тэгэхээр архаг хордлогод улаанбаатарчууд тэр чигээрээ орж байгаа. Хэмжээний хувьд жаахан жаахан өөр байгаа байх. Улаанбаатар хотын сая гурван зуун мянган иргэн бүгдээрээ архаг хордлоготой байгаа. Хурц хордлогод хүрэхгүйн тулд, бид өрх гэрийн түвшинд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд боломжтой аргуудыг гаргаж хүмүүст мэдээлнэ.

-Хувь хүн энэ хордлогоос сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Агаар ийм өндөр бохирдолтой байхад хувь хүн шүүлтүүртэй маск зүүх ёстой. Гадагшаа гарсан тохиолдолд маскныхаа шүүлтүүрийг нь тодорхой хугацаанд сольдог байх ёстой. Болж өгвөл агаарын бохирдол хамгийн өндөр байдаг өглөө, оройн цагаар гадагшаа гарахгүй байх шаардлагатай. Агаарын чанарын үндсэн үзүүлэлтээ аваад үзэхээр агаарын бохирдол бага байх хугацаа 12 цагаас 16 цагийн хооронд байдаг. Энэ үед жирэмсэн эхчүүд, нялх хүүхэдтэй хүмүүс маань хүүхдээ гаргаж болно. Нялх хүүхэдтэй хүмүүс хүүхдээ заавал хөхөөрөө хооллох ёстой. Бүх насны хүмүүс биеийн эсэргүүцлээ дэмжихэд анхаарах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг гадаад болон дотоод гэж ангилдаг юм. Хүн цагийнхаа 90 орчим хувийг ажил, гэр, нийтийн тээвэрт гээд дотоод орчинд өнгөрөөсөн байдаг. Бохир агаарт өртөж хордлогод ороод байгаа 70 гаруй хувь нь дотоод орчны агаараас болдог. Тэгэхээр гэртээ орж ирсэн агаарыг чанартай байлгахын тулд шүүлтүүртэй агаар шүүгч авч хэрэглэх ёстой. Хэдэн зуун мянган төгрөгийн агаар шүүгч хүн болгон авч чадахгүй гээд байгаа юм. Бидний хийж чадах зүйл хязгаартай байна. Үүнийг няцаалгүй хүн өөрөө эрүүл байж тодорхой хэмжээний хорноос хол байя гэвэл тэр боломжоо бүрдүүлэх хэрэгтэй. Өөрийнх нь болон гэр бүлийн хайртай дотны хүмүүсийнх нь уушги хамгаалагдана шүү дээ.

-Нийслэлийн иргэд бүгд архаг хордлоготой байгаа гэсэн. Энэ хордлого ямар уршигтай вэ?

-Агаарын бохирдлын архаг хордлогуудын хор нөлөө хожуу илэрнэ. Уушгины хавдар удахгүй нэмэгдэнэ. Тэгэхээр цаг алдаж суулгүйгээр хувь хүн өөрөө өрх гэрийнхээ төлөө эрүүл мэндээ яаж хамгаалах талаар бодож санаачилгыг гартаа авах хэрэгтэй байна. Хүн болгонд хамаатай учраас өөрөө л асуудлаа шийдэх хэрэгтэй. Төр засгаас бид хүлээх юм байна. Бас хүлээх боломжгүй ч юм гэж бий шүү дээ. Өнөөдөр улсын хэмжээнд нэг жилд агаарын бохирдолтой тэмцэхэд таван тэрбум төгрөг тавьж байна. Энэ чинь юу ч биш. Өнөөдөр бүх хүний эрүүл мэндийн талаар ярьж байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас энэ асуудалд хандуулж байгаа. Энэ нийгмийн эрүүл мэндийн амин чухал зүйл болжээ. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд анхаарал нийт хүмүүсийн эрүүл мэндтэй хамаатай бүх асуудал орно. Сүүлийн үед агаарын бохирдол манай номер нэг асуудал болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагст зүүн өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эхээр 35-40 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ханбогдыг хоёр дахь том хот болгох хэрэгтэй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн дугаар хэвлэгдэж, уншигчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаарын гол нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас тоймлон хүргэе.

Долоо хоногийн даваа гариг бүр хүргэдэг “Танайд өнжье” уламжлалт буланд шаазан урлаач Х.Хадхүүгийн өргөө хоймор зочлон ярилцлаа. Тэрбээр саяхан шаазангаар урласан ганц хувь бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан юм. Хаадын хөрөг, 21 дарь эх, төрийн зүтгэлтнүүдийн хөрөг зэрэг гангар шаазангаараа хийсэн бүтээлүүдээ дэлгэж, орхигдсон урланг хэрхэн сэргээсэн тухай нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ярилцлагыг тэргүүн нүүрт онцоллоо. Тэрбээр “Хорин
найман “ланжгар”
байх ёстой” хэмээв. МАХН-ын дарга Н.Энхбаяртай өнгөрсөн оны сүүлээс хойш уулзаагүй байгаа, дэд даргын ажлаа өгсөн зэрэг улс төрийн хүрээний олон асуултад хариу өгсөн юм. Нэг, дөрөв, тавдугаар нүүрээс уншина уу.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт “Ханбогдыг хоёр дахь том хот
болгох хэрэгтэй” хэмээх нийтлэл гарлаа Уг нийтлэлд “…Түүнээс гадна өмнийн говь,Ханбогд өвлийн хэдэн сард Улаанбаатарынхаа утаан дундаас гарах гарцгүй аж төрж, осгож үхмээр хүйтэнд дагжин чичирч буй монголчуудад цаг агаарын хувьд хамгийн таатай бүс нутаг юм. Манай сонинд өмнө нь “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна”, “Арал худалдаж авах биш өөрсдөө арал байгуулъя” гэсэн цуврал нийтлэлүүд гарч байсан. Идэр есийн жавар тачигнан, хотын утаа хэрээс хэтэрч Улаанбаатарт аж төрнө гэдэг
аймшигтай санагдах болсон өнөө цагт бидний дэвшүүлсэн нийтлэл олон ч хүний анхаарлыг татаж, талархлыг хүлээн санал сэтгэгдлээ илэрхийлэхэд хүргэсэн юм. Тэгвэл өөрсдөө байгуулах гэж санал санаачилга гарган зүтгээд байгаа “диваажингийн арал” чинь Ханбогд юм биш үү гэх бодол төрөөд байна” гэж дурдсан байна.

Цоохор ирвэстэй холбоотой бүх хэрэг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон тухай долдугаар нүүрээс,

Монгол инженерүүд хүйтэнд ажрахгүй нарны авсаархан хавтангаар цахилгаан, дулааны асуудлыг шийдэх гэж байгаа тухай зургадугаар нүүрээс, эдийн засагч Н.Дашзэвэгийн ярилцлагыг наймдугаар нүүрээс тус тус уншаарай.

Мөн ОХУ-ын Красноярс хотноо болсон Ярыгиний тэмцээнд Японы домогт бөхийг ялж, шуугиулж буй монгол охины тухай, өвөрмөц содон хоолойгоороо сонсогчдыг гайхашруулаад авсан дуучин П.Дагийсүрэнгийн ярилцлага зэргийг өнөөдрийн дугаараас уншиж болно.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ