Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийнхэн хуралдаж байна

Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Үүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон.

Төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс зарчмын зөрүүтэй саналууд гаргасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Тус бүлгийн Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарын гишүүд эсрэг санал өгсөн.

Тиймээс чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэхийн өмнө АН-ын бүлгийнхэн хуралдаж, нэгдсэн байр суурьт хүрч, саналаа нэгтгэхээр болсон бололтой.

Categories
мэдээ улс-төр

Хөдөөд мандатын тоог бууруулах санал дэмжлэг аваагүй байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.

Уг төсөлтэй холбоотойгоор гаргасан Ардчилсан намын бүлгийн гишүүдийн саналууд олонхийн дэмжлэг хүлээж чадаагүй байна. Тодруулбал, Дорнод, Хэнтий, Завхан, Увс аймгийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулах санал олонхийн дэмжлэг хүлээсэнгүй, унажээ. Мөн нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх санал дэмжлэг аваагүй байна.

Дээрх хуралдаанаар сонгуулийн санал авах өдрийн товыг тогтоож “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-ний өдрөөр тогтоох тухай Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ тусган оруулж ирсэн. Мөн гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдөр авах тухай тусгасан. Гишүүд хэлэлцээд сонгуулийн санал авах өдрийг СЕХ-ны саналаар тогтоохоор дэмжжээ.

Categories
мэдээ спорт

П.Орхон аваргын төлөө Каори Ичотой барилдана

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод болж байгаа юм. Өнөөдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингийн барилдаанууд болж, аваргууд тодорно.

Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд барилдаж буй П.Орхон аваргын төлөө Японы алдарт бөх Каори Ичотой барилдахаар үлдээд байна. Тэрээр Б.Шоовдор, ОХУ-ын А.Кузнецова, Балданова Екатерина нарыг ялсаар финалд шалгарсан. Энэ жингийн хүрэл медалийн төлөө С.Цэрэнчимэд Э.Гантуяа нар барилдана. С.Цэрэнчимэд эхний тойрогт, Э.Гантуяа хагас шигшээд Японы К.Ичод ялагдсан.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 19.00-с эхэлнэ.
Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар долоо хоног амрах шийдвэр гараагүй

Цахим сүлжээгээр цагаан сараар долоо хоног амарна гэсэн мэдээлэл түгээд байсан. Тэгвэл цагаан сараар долоо хоног амарна гэсэн энэ мэдээллийг албаныхан үгүйсгэж байна. Учир нь ажлын өдөрт зохицуулалт хийхээр болбол Засгийн газар шийддэг. Тиймээс энэ талаар ямар нэгэн зохицуулалтыг Засгийн газраас гаргаагүй байгаа аж.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Цагаан сарын шинийн 1,2,3 буюу 2 дугаар сарын 9, 10, 11-нд бүх нийтээр амарна. Харин сар шинийн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 8-ны даваа гариг, шинийн 4-ний өдөр буюу хоёрдугаар сарын 12-ны баасан гаригт хуваарийн ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Чинбаярт оноосон 17.6 жилийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын нууц задруулсан гэх Д.Чинбаярын хэргийг Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн хуралдаанаар хэлэлцэж, түүнд давж заалдах шатны шүүхээс оноосон 17 жил зургаан сарын чанга дэглэмтэй ялыг хэвээр үлдээлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны наймдугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд 22 жилийн ял оноосон юм. Улмаар нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ялыг 17 жил 6 сар болгож бууруулсан.
Д.Чинбаярын хяналтын шатны шүүхэд хандсан гомдлыг ийн өнөөдөр хэлэлцэж, гадаадын тагнуулын байгууллагад улсын нууц задруулсан гэм буруутай хэмээн үзэж, ялыг хэвээр үлдээлээ.

Categories
мэдээ нийгэм

Олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэрэгтнүүдийг саатуулжээ

Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхүүдийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлдаг хэргийг илрүүлэн гэмт этгээдүүдийг баривчлан саатуулжээ.

Иргэн Г, Б, Б нар нь Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн 7-р хороо зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт удаа хэрэг үйлдсэн байна.
Тэд айлын хаалганы цоожийг хөшиж, вакуум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыг иргэн Б-д зарж борлуулсан нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулж хамтарч ажиллахыг сэрэмжлүүлэв

Categories
мэдээ нийгэм

​Яамнаас санхүүжилт хийгдэхээр оюутны тэтгэлгийг олгоно

Оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгөө хүлээж буй цөөнгүй оюутнууд бий. Сургалтын төрийн сангаас 2015-2016 оны хичээлийн жилийн 9-12 дугаар сарын үндэсний тэтгэлгийн судалгааг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд хийж дуусгасан байна. Ингээд Сангийн яаманд бүх холбогдох материал албан бичгээ хүргүүлжээ.

Харин одоо Сангийн яамны санхүүжилтийг хүлээж байгаа бөгөөд санхүүжилт хийгдсэн өдөртөө арилжааны банкууд руу шилжүүлж олголт хийгдэх юм байна. Тиймээс Сангийн яамнаас хэзээ санхүүжилт хийхийг хүлээх хэрэгтэй гэдгийг хариуцсан албан тушаалтнууд хэллээ.

9-12 дугаар сарын үндэсний тэтгэлгийн болзлыг нийт 52 мянга гаруй оюутан хангасан бөгөөд үүнд нийт 16 тэрбум төгрөг зарцуулагдах аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны азтаны мөнгө дансанд нь орж эхэлжээ

Энэ оны нэүдүгээр сарын 1-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрээсээ хоёр хувийн буцаан олголтыг авч, худалдан авалтаа нэг бүрчлэн бүртгүүлснээр нийт 22 тэрбум төгрөгийн шагналын сантай сугалаанд сар тутам оролцох боломжтой болсон юм. Тэрхүү сугалааны эхний азтанууд энэ сарын 17-нд тодорсон. НӨАТ-ын сугалааны анхны тохирлоос 1044 азтан тодорч нийт 32 сая 320 мянган төгрөг хожжээ.

Тус сугалаанд энэ сарын 1-нээс 10-ны хооронд хэвлэгдсэн бүх баримтыг оруулсан бөгөөд сугалааны дугаарын сүүлийн гурван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн гурван цифртэй таарсан 946 иргэн зургадугаар зэргийн урамшуулал буюу тус бүр 20 мянган төгрөг, сүүлийн дөрвөн цифр таарсан 89 иргэн тус бүр 100 мянган төгрөг, сүүлийн 5 цифр таарсан есөн иргэн тус бүр 500 мянган төгрөг хожсон юм.
Тэгвэл анхны сугалааны тохирлоос 20.000 болон 100.000 төгрөг хожсон азтануудын мөнгө өнөөдрөөс дансанд нь орж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын сонгуулийн мандатыг 45 байхаар тогтлоо

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдав. Хурлаар сонгуулийн 45 тойргийг хэвээр үлдээсэн байна. Харин Багахангай дүүрэгт анх удаа сонгуулийн мандат олгохоор боллоо. Учир нь Багахангай дүүрэгт логистик төв болон үйлдвэр олноор барих юм байна. Мөн энд цахим газар олголтоор 11 мянган иргэн газартай болсон юм. Энэ нь ирээдүйд 11 мянган өрх тийшээ шилжин сууршина гэсэн үг тул хотын ИТХ-д төлөөлөгч сонгох нь зүйтэй гэж нийслэлийн ИТХ дахь АН болон МАХН-ын бүлгийнхэн үзжээ. Одоогоор Багахангай дүүрэгт 6000 орчим иргэн амьдардаг.

Хуучин сонгуулийн тогтолцоогоо хадгалж нэг тойрогт 3000-4000 сонгогч байхаар тооцож тойргийг хуваажээ. Хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр есөн тойрог, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг тус бүр зургаан тойрог, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг тойрогт нэр дэвшигчид хуваагдаж дэвшихээр болов.
УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу хүн амын тоог харгалзан сонгуулийн тойргийн мандатыг хуваарилахаар болсон. Иймд нийслэлийн ИТХ мандатаа шинэчлэн тогтоож байгаа юм.
Нийслэлийн Статистикийн газрын 2014 оны хүн амын тооллогын дүнг үндэслэн 1 тойрог 1 мандат гэсэн зарчмаар
– Баянзүрх 9 тойрог 9 мандат,
-Сонгинохайрхан 9 тойрог 9 мандат,
-Баянгол 6 тойрог 6, мандат,
-Чингэлтэй 6 тойрог 6 мандат,

-Хан-Уул 6 тойрог 6 мандат,

-Сүхбаатар 6 тойрог 6 мандат,
-Налайх 1 1 тойрог 1 мандат

-Багахангай 1 1 тойрог 1 мандат

-Багануур 1 1 тойрог 1 мандат тус тус ногдуулахаар тооцож 45 мандаттайгаар 45 тойрог байгуулахаар төсөлд тусгасан байна.

Categories
мэдээ улс-төр

Яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө

Яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хэрэгжилт, хяналт, хариуцлага” цахим хурал өнөөдөр боллоо.

УИХ-ын намрын чуулганаар 26 хууль хэлэлцэн баталсны 10 гаруй хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж байна. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах хугацаа ойртож байна. Эдгээр асуудалтай холбоотойгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлагийн удирдлагуудад хандан мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.
Мөн Захиргааны ерөнхий хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг тайлагнах, Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулахад анхаарах асуудлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар мэдээлэл хийлээ.
2016 оны төсөвт нэлээд таналт хийсэн. Иймд төсвийн ерөнхийлөн захирагч нар орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчилж, төсөвт төвлөрүүлэх, хэмнэлтийн зарчмыг оны эхнээс баримтлаж ажиллах шаардлагатай. Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, онцгой байдал, цагдаа, шүүх, шүүхийн шийдвэрээс бусад бүх шатны төсвийн байгууллагын цалингийн зардлын 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний урсгал зардлыг хэмнэхээр тооцож, 2016 оны төсөвт зардлыг бууруулж тусгасан. Энэ зохицуулалтыг жилийн эхнээс хийж төлөвлөж анхаарч ажиллах учиртайг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхний өдрөөс хэрэгжиж байна. Тус хуулийг хэрэгжүүлж, татварын нэгдсэн мэдээллийн санд хийгдэж буй бараа, ажил үйлчилгээний борлуулалтын мэдээллийг бүртгэх ажлыг төрийн байгууллагууд эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй. Аж ахуйн нэгжүүдэд программ бүрэн суурилагдаагүй, кассын машингүй газрууд олон байгаа зэрэг тодорхой бус зарим асуудлыг зардал багатайгаар шийдвэрлэхэд холбогдох яам, агентлагууд анхаарах нь зүйтэй гэлээ.
Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт.
Дүнжингарав худалдааны төвд “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулж, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллага төрийн 200 гаруй үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна. Энэ төвийн үйл ажиллагаатай яам, агентлагийн удирдлагууд танилцахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт үүрэг болгоод Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан тухай мэдээлэл өглөө.