Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Ирээдүйн тэтгэврийн нөөц сан хөрөнгө оруулалтын том эх үүсвэр болно

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдлаа. Энэ талаар тайлбарлаж өгөөч. Ямар өөрчлөлт гарах вэ?

-1995 оноос хойш шинэ даатгалын системд шилжсэн. Энэ хугацаанд тэтгэврийн даатгалын санд ямар ч хуримтлал үүсээгүй. Засаг баахан мөнгө аваад идчихсэн юм шиг, хэн нэгэн аваад үрчихсэн ч юм шиг, асар их мөнгөтэй байсан санг мөнгөгүй болгочихсон юм шиг буруу ташаа ойлголтууд явдаг. Тэгвэл энэ сан анх байгуулагдсан цагаасаа эхлээд ямар ч хуримтлалгүй хоосон байсан. Одоо ч тэр хэвээрээ. Олон улсын практикт байдаг Эв санааны нэгдлийн зарчмаар явж ирсэн. Өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн орлогыг тэтгэвэр авч байгаа иргэдэд олгоод явдаг гэсэн үг. Төр хариуцах тэтгэврийг төсвөөс олгодог ийм л зохицуулалттай явж ирсэн.

Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын санг яаж мөнгөжүүлж бодитой орлоготой болгох, хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ гэдэг гол асуудал байсан. Үе үеийн газрын дарга нар, нийгмийн хамгаалал эрхэлсэн сайд нарын сэтгэлийг зовоож байсан гол асуудал бол энэ. Харин энэ асуудлыг шийдэх маш том боломж үүссэн. Үүн дээр бид үндсэндээ жил гаруй ажиллаад үр дүнд нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн бариад амжилттай батлууллаа.

Энэ Ирээдүйн тэтгэврийн сан нь нийгмийн даатгалын одоогийн сантай ямар ч хамааралгүй. Одоогийн сан бол яг одоо байгаа Эв санааны нэгдлийн зарчмаараа хэсэг хугацаанд цаашаа явна. Өнөөдөр манай нийгмийн даатгалын дэргэдэх мэдээлэл тооцооллын төвийн тооцооллоор бол 10 гаруй их наяд төгрөгийн өр авлага үүссэн. Энэ хэмжээний мөнгийг шимтгэл төлж байгаа иргэдийн нэр дээр байх ёстой гэж тооцоод бичилт хийгээд явж байгаа. Мөнгө ор тас алга болсон юм байхгүй. Энэ мөнгө тухайн иргэний нэр дээр төдөн төгрөг байх ёстой гэж бичилтээр баталгаажаад явж байгаа.

Тэгэхээр энэ байхгүй болчихсон юм биш. Энэ бол бий болох ёстой мөнгө. Энэ мөнгөний эрсдэлийг төр хариуцах ёстой ийм л мөнгө. Тэгэхээр төрийн баталгаатай сан учраас энэ санг хоосон гэдэг юм уу, хоосорсон гэж ойлгож болохгүй. Угаасаа төр өөрөө санхүүжилтийг нь шийдэх үүрэг хүлээж байгаа.

-Тэтгэврийн санд цугларсан мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа. Энэ талаар тодруулбал?

-Өнгөрсөн жил Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг шинэчилж батлуулсан. Энэ бодлого дотор ер нь цаашдаа урт, дунд хугацаанд тэтгэврийн даатгалын санд хэрхэн зөв менежмэнт хийж сангийн хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдэх вэ, төрөөс ямар бодлого барих вэ гэдгийг бид тодорхойлж оруулсан. УИХ-аас батлагдсан бодлогын хүрээнд энэ анхны ажлууд хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ сан 2030 он хүртэл ямар нэгэн зарцуулалт гарахгүй явах юм. Дандаа хуримтлал бий болгоод тэнд байгаа мөнгөө үр ашигтай менежмэнтээр өсгөх ажил явагдах юм. Энэ нь яваандаа тэтгэврийн даатгалын санг урт хугацаанд тогтвортой маш том хөрөнгө оруулалтын сан болгох суурийг нь бэлдэж байгаа.

Дэлхийн олон улс оронд тэтгэврийн сан нь өөрөө хөрөнгө оруулалтын том сан байдаг. Яагаад гэвэл тогтмол орлого төвлөрч байдаг. Маш урт хугацаанд хадгалдаг. Хүн амьдралынхаа хугацаанд доод тал нь 20, дээд тал нь 40-50 жил нийгэмд хөдөлмөрлөдөг. Баялаг бүтээж тэндээсээ шимтгэл төлж явдаг. Тэгээд насны эцэст тэтгэвэрт гараад эргээд тэр сангаасаа тэтгэвэр авдаг ийм зохицуулалттай. Тэгэхээр энэ урт хугацаанд хадгалагдаж байгаа мөн тогтвортой эх үүсвэр болж байдаг. Дэлхий дээр хамгийн урт хугацаанд тогтвортой, найдвартай хөрөнгө оруулалт хийдэг сангууд нь тэтгэврийн сангууд юм. Олон улсын жишгээр манай тэтгэврийн сан хамгийн тогтвортой хөрөнгө оруулалтын сан байх ёстой юм. Тэгээд зөв хөрөнгө оруулалтын бодлого явуулах юм бол тэр сан арвижна. Арвижих хэмжээгээр тэнд нэрийн дансанд хуримтлах мөнгө бас өсөөд явдаг. Зөвхөн шимтгэлийн орлогоор биш тэр мөнгө нь эргэлтэд ороод ашгаараа өсөөд явна гэсэн үг. Тэр хэмжээгээр дараа нь тэтгэвэрт гарахад хангалттай тэтгэвэр авах санхүүгийн эх үүсвэр бүрдэнэ. Бид анхны суурь тавигдсанд баяртай байгаа. Нийгмийн даатгалд маш том чухал асуудал шийдэгдэж байна гэж ойлгох ёстой юм.

-Сангийн мөнгийг ипотекийн зээл рүү оруулна гээд байгаа?

-Өнөөдөр Монголд хамгийн үр дүнтэй, ашигтай сайн төсөл хөтөлбөр гэвэл ипотекийн хөтөлбөр байгаа юм. Сүүлийн гурван жил Монголбанк энэ ипотекийн хөтөлбөрийг хариуцаж хэрэгжүүлсэн шүү дээ. Ипотекийн зээлийн үр дүнд бий болсон 1.8 их наяд төгрөгийн үнэт цаасаар баталгаажсан хөрөнгө төвлөрчихсөн байж байна. Дээр нь буцааж шаардах эрхтэй Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон 680 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө байна. Энэ хоёр хөрөнгө нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын сан дээр балансаас балансад шилжих юм. Нэг үгээр хэлбэл нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болж байгаа. Өмчлөх эрх нь нийгмийн даатгалын санд шилжиж байна. Бидний тооцож байгаагаар энэ сангийн мөнгө оны эцэс гэхэд гурван их наяд хүрнэ. Цаашаа үр ашигтай өсөөд арвижаад явах боломжтой.

-Ипотекоос өөр хөрөнгө оруулалт хийх төсөл хөтөлбөр байгаа юу?

-Нийгмийн даатгалын сан 21 жилийн хугацаанд анх удаа бодит мөнгөн хуримтлалтай болж байна. Тэгэхээр энэ мөнгөө юунд зарцуулах вэ. Яаж өсгөж арвижуулах вэ гэдэг маш хариуцлагатай үүрэг. Нийгмийн даатгалын санг хэн нэгэн аваад идчихсэн гээд яриад байдаг нь хоосон хардлага байсан. Одоо харин энэ сан маань жинхэнэ мөнгөжиж байна. Ямар нэгэн хөрөнгө оруулалт руу шууд мөнгийг гаргачих судалгаа тооцоо одоогоор байхгүй. Хамгийн үр ашигтай, хамгийн сайн төсөл хөтөлбөр ипотекийн хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн үр дүнд л бий болсон мөнгө шүү дээ. Тэр мөнгийг төр өөрийнхөө төлөх ёстой анхны төлбөр болгож нийгмийн даатгалын санд шилжүүлж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг цааш нь нэг хэсэг хугацаанд үргэлжлүүлье. Гурван жилийн хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд Монголбанк дээр хүний нөөц, туршлага бий болчихсон. Монголбанкны тухай хуулийн 18 дугаар зүйлд Монголбанк Засгийн газартай гэрээ хэлцэл байгуулж санхүүгийн зуучлах үйлчилгээ үзүүлж болно гээд заачихсан байдаг. Тэгэхээр энэ мөнгийг өсгөх, ипотекийн хөтөлбөрийг цааш нь санхүүжүүлэх гол эх үүсвэр болгоод менежмэнтийг нь Монголбанкаар гүйцэтгүүлье гэж байгаа. Энэ хооронд нийгмийн даатгалын сан дээр хүнээ бэлдэж, чадавхиа бий болгоно. Нэг үгээр хэлбэл дараа нь энэ хөрөнгөө үр ашигтай ямар нэгэн төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийхэд түүний менежмэнтийг аваад явах чадвартай багийг бэлдэх ийм зорилго тавьж байгаа. Үүнийг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Цаашдаа зөвхөн ипотек биш үр ашигтай ямар л төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт байна тэр лүү энэ хөрөнгийг оруулаад тэр нь өсөөд арвижаад Ирээдүйн тэтгэврийн нөөц сан өөрөө тодорхой хөрөнгийн нөөцийг бий болгох ёстой.

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг ипотек рүү орууллаа. Дараа нь ямар нэгэн эрсдэл гарвал яах вэ. Байрны үнийн хөөсрөл хагараад үр ашиггүй болчихвол яах вэ гэсэн болгоомжлол байна?

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод байрны хөөсөрсөн үнэ байх ёстой хэмжээндээ хүртэл буучихсан шүү дээ. Гадуур байрны квадрат метрийн үнэ хэд байснаа хэд болтлоо буусан нь бүгдэд анзаарагдсан байх. Тэгэхээр одоо бол дахиж үнэ буух ойлголт байхгүй гэж бодож байгаа. Өнөөдөр инфляци 2.9 байснаа бараг 1.9 рүү орлоо шүү дээ. Дахиад ч бууна. Дээр нь ипотекийн хөтөлбөрийг дэмжсэн төрийн бодлогууд гараад эхэллээ. Жилийн хүүг таван хувь болголоо. Урьдчилгаа төлбөрийн асуудал яригдаж байна. Хугацаа яригдаж байна. 20 жилийг 30 болгох боломж юу байна. Урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 20 болгох боломж юу байна гээд бүх асуудал яригдаж, хэрэгжээд эхэлж байгаа. Энэ бол ипотекийн төсөл хөтөлбөр, барилгын салбарыг дэмжсэн маш том бодлого. Зөвхөн нэг барилгыг дэмжээд байгаа юм биш шүү дээ. Барилгын салбарыг дагаад маш олон үйлдвэрлэгчид, бизнес, иргэдийн ажил амьдрал буцалж босч байдаг. Төмрийн үйлдвэр, төмөр импортлогчид, янз бүрийн жижиг дунд барилгын үйлдвэрлэл эрхлэгчид гэх мэт мянга мянган бизнес эрхлэгчид энэ салбарыг дагаж амьдардаг. Тэд хөл дээрээ босоод ирэх хэмжээгээр ажлын байр, орлого нэмэгдэнэ. Үндсэндээ эдийн засагт маш том эргэлтийг бий болгох боломжийг бүрдүүлж байгаа ийм л асуудал юм. Барилгын үнэ ханш унах тухай ойлголт байхгүй. Бидний гол бодлого бол ипотекийн төслийг үр ашигтай цааш нь явуулахдаа ямар нэгэн байдлаар барилгын үнийг нэмэгдүүлэхгүй, бууруулахгүй байх. Эсвэл тодорхой зах зээлийн ямар бодит ханш байдаг юм, түүн дээр л барих дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Аливаа юмнаас айгаад болгоомжлоод суугаад байвал хүн юм хийхгүй шүү дээ. Мэдээж алдаа оноо бий. Аль болох бага алдах ёстой. Илүү хожиж, оновчтой бодлого явуулах ёстой.

Тэтгэврийн даатгалын сан дээр миний нэг харж байгаа зүйл бол тэртэй тэргүй тэтгэврийн даатгалын сан өөрөө эрсдэлтэй сан байхгүй юу. 10 гаруй их наяд төгрөгийн өр авлага үүсчихсэн. Шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш нэг ч удаа бодит мөнгөн хуримтлал бий болж байгаагүй. Дандаа алдагдалтай явж байсан сан байхгүй юу. Анх удаа бодит хөрөнгө оруулалт орж ирж байна. Анх удаа хөрөнгийн зах зээлд оролцох боломж бүрдэж байна. Энэ бол үнэхээр тэтгэврийн даатгалын санд олдож байгаа маш том боломж. Тэгэхээр энэ боломжийг бид алдаж болохгүй. Түүхэндээ анх удаа л ийм боломж тохиож байна даа. Үүнийг үр дүнтэй ашиглаад явах. Та бид бүгд даатгуулагчид шүү дээ. Цаашдаа ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хууль батлагдаад бодит мөнгөн хуримтлал бий болоод эхлэхээр бидний хувьд ч нийгмийн даатгалын санд итгэх итгэл нэмэгдээд явчихна. Учир нь бид тэтгэвэрт гарахад бодит мөнгөн хуримтлал бий болчихсон. Тэр мөнгө нь үр ашигтай төсөл хөтөлбөрт ороод өсөх арвижих бодлого нь баталгаатай явж байна. Ийм л асуудал юм.

-Яагаад Монголбанктай хамтарч байгаа юм бэ?

-Монголбанк нэгдүгээрт боловсон хүчний нөөц бий болчихсон туршлага хуримтлуулсан давуу талтай байна. Хоёрдугаарт, Монголбанк өөрөө эрсдэлээ даах чадвартай байгууллага.

Тийм учраас бид Монголбанкаар тодорхой хугацаанд ипотекийн төслийг үргэлжлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах нь зүйтэй юм гэсэн шийдэлд хүрсэн. Аль ч улс оронд тэтгэврийн даатгалын сан бол хамгийн том, хамгийн урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын сан байдаг. Өнөөдөр Чили, Америк, Канад гээд олон оронд тэтгэврийн даатгалын сан нь маш урт хугацааны томоохон хөрөнгө оруулалт хийдэг.

-Нийгмийн даатгалд төлсөн мөнгө тэр сан руу орно гэсэн үг үү?

-Үгүй. Одоохондоо нийгмийн даатгалд төлж байгаа мөнгө таван санд хуваагдаж байгаа шүү дээ. Жишээ нь, тэтгэврийн даатгалын санд тодорхой нэг хэсэг нь очно. Эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн ослын даатгалд нэг хэсэг нь орно.

Ажилгүйдлийн сан, тэтгэмжийн санд хуваагдана. Тэгээд тухайн сангийн зориулалтаараа хөрөнгө зарцуулагдаад явдаг. Энэ таван сан дотор бодит хуримтлал бий болгох шаардлагатай сан бол тэтгэврийн даатгалын сан байдаг. Бусад нь бол зарцуулагдаж байх ёстой сан. Тэгэхээр тэтгэврийн даатгалын санд байгаа мөнгө бодит хуримтлал болоод явах суурийг нь тавьж байна гэсэн үг.

-Ипотекийн зээлийн таван хувийн дагалдах журам гарах уу?

-Ипотекийн зээлийн хүү буурсантай холбоотой бусад зохицуулалтын журмууд Засгийн газар дээр гарна шүү дээ. Тэгээд зохицуулагдаад явна.

-Гуравдугаар сарын 1-нээс таван хувь болгоно гээд байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Яагаад боломжгүй гэж. Боломжтой болоод л Засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Өнөөдөр инфляци ийм түвшинд хүртэл бууна гэж хэн ч төсөөлөөгүй. Гурван жилийн өмнө Чингис бондын мөнгө босгож ирээд янз бүрийн зах зээл рүү оруулж мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Тэр үед олон улсын валютын сан “Танай инфляци 20 хувьд хүрнэ. Энэ мөнгөний урсгал дээрээ хамаагүй мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого чинь буруу” гэж ярьж байсан. Тэгтэл бид тэнд зоригтой хийсэн. Аливаа улс орны нийгэм эдийн засаг хүнээр бол цус нь мөнгө шүү дээ. Монголчууд нас залуу, цус шингэн гэж ярьдаг. Хүн хөгшрөх тусмаа цус нь өтгөрч байдаг. Цус өтгөрнө гэдэг хүний бүх эд эсэд шаардлагатай тэжээл хүчилтөрөгчийг хүргэх ажил нь удааширдаг учраас хөгшрөлт явагддаг. Түүнтэй адил эдийн засагт мөнгөний нийлүүлэлт багасаад эргэлт нь удаашраад ирэхээр эдийн засаг өөрөө муудаж эхэлдэг. Хэрвээ улс орны нийгэм эдийн засгаа залуу байлгая гэвэл мөнгөний эргэлт хурдан байх ёстой. Мөнгө өөрөө тодорхой хэмжээнд хангалттай нийлүүлэлттэй байх ёстой. Алдартай эдийн засагч Сато “Эдийн засагт ерөөсөө эргэлт явж байх ёстой. Бүр болдоггүй юм бол нэг хэсгээр нь нүх ухуул, тэгээд цалинг нь өг. Нөгөө хэсгээр нь булуул, тэгээд дахиад цалинг нь өг. Энэ бол эдийн засгаа аврах маш том арга” гэж хэлсэн байдаг. Зүгээр мөнгө тарааж болохгүй. Заавал юм хийх ёстой.

-Таван хувийн хүүтэй зээл гарахаар найман хувийн хүүтэй зээлтэй хүмүүсийг шилжүүлэх үү?

-Өмнө нь найман хувь руу шилжүүлсэн шиг мөн шилжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Тусгай журмаар зохицуулагдах байх.

Ж.Баярсайхан

Categories
мэдээ цаг-үе

А.Мурат хар тамхи нийлүүлдэг сүлжээнийхэнтэй холбоотой байсан бололтой

-БНХАУ-ЫН ХИЛИЙГ НЭВТЭРВЭЛ ТҮҮНИЙГ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР БАРИВЧЛАХ АЖ-

А.Муратхар тамхины хэрэгтхолбогдсон уу

Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд улс руугаа нэвтрэх визийг дамлан худалддаг гэх мэдээлэл өнгөрсөн хавраас сонсогдож эхэлсэн. Гадаад хэргийн яамны сайд виз дамлан худалдах явдал гаарсныг мэдээд дотоод хяналт шалгалтаараа хэд хэдэн хүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгч, зарим нэг Элчин сайд, консулын ажилтнуудыг эргүүлэн татах асуудлыг хөндсөн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ.

Мөн ийм хэрэг дахин гаргуулахгүйн тулд виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 дугаартай албан тоот хүртэл гаргасан байдаг. Энэ үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт виз дамлан худалдах явдал эх захаа алдсан байсан гэдэг. Тухайлбал, 2014 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн асан А.Мурат Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон. Тэрбээр томилогдсон даруйдаа Монгол Улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулж эхэлсэн нь тогтоогдсон байна. Энэ тухай хэвлэлүүд ч мэдээлж байсан юм. Бидэнд олдсон мэдээллээр А.Мурат нь БНХАУ-аас Монгол руу хар тамхи нийлүүлдэг сүлжээнийхэнтэй холбоотой байсан бололтой. Тэрбээр консулын машинаар хар тамхи зөөвөрлөж байсан гэнэ. Үүнийхээ хөлсөнд ч чамгүй мөнгө авдаг байсан гэх мэдээлэл байна. Харин оргон зугтахаасаа өмнө гурван кг хар тамхи зөөвөрлөж явсан иргэдэд тусалсан аж. Тэд нь БНХАУ-ын хил дээр саатуулагдсан байна. Хаанаас, ямар аргаар хар тамхи зөөвөрлөв, үүнд нь хэн туслав гэсэн асуудал гарсан байна. Харин хар тамхи зөөвөрлөж байсан иргэд “Монголын консулын машинаар зөөсөн, А.Мурат гэх хүн тусалсан” хэмээн мэдүүлсэн гэнэ. Ингээд БНХАУ-ын хуулийн байгууллагынхан түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн аж.

Тэрбээр хар тамхи зөөврлөж байсан хүмүүс нь баригдсаныг сонсоод оргон зугтсан бололтой. Хэрэв тэрбээр БНХАУ-ын хилээр нэвтэрвэл баригдах аж.

Тэрбээр зугтахдаа консулын албанд зарцуулах мөнгийг ч аваад явжээ

А.Мурат оргон зугтахдаа консулын албаны ажилд зарцуулах бүх мөнгийг хамж аваад явсан гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн түүнийг Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газарт очсон даруйдаа өөрийн эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек, багш Хөхөөгийн хүү Х.Нарангэрэл нарыг виз олгох ажилд томилсон. Гадаад хэргийн яамнаас томилогдсон ажилтнуудыг бичиг хэргийн ажилтан, хашаа цэвэрлэгчийн ажилд томилж байсан гэх хэл ам гарч байсан билээ. Танил тал хамаатан саднаа виз олгох гол ажилд томилсноор виз олгох ажлыг бүрэн хяналтдаа авч чадсан гэдэг. Виз дамлан худалдаж, их хэмжээний ашиг олсон гэж ярих хүн ч байдаг. Түүний виз дамлан худалдаалдаг тухай зарим хүн хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж байсан удаатай. Уг гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн юм. Мөн түүнийг Улаанбаатарт ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байв. Гэвч тэрбээр хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтсон цагт хуулийнханд ирж мэдүүлэг өгөөгүй гэнэ. Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар очиж ажлын өрөөнд нь ороход виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан гэнэ. Үйлдэл дээрээ баригдсан А.Мурат шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр, хүргэн дүү нараа дагуулан Эрээнээс явсан гэдэг. Захидалдаа “Амралтаа авлаа. Би сарын дараа эргэж ирнэ” гэж бичсэн байжээ. Ингээд А.Мурат сураггүй болсон байна. Хожим нь түүнийг эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек нараа дагуулан ээлжийн амралтаа авах нэрээр Казакстан руу явсан гэдгийг тогтоосон аж.

Ах А. Марат дээрээ очиж амьдарч байгаа гэнэ

Гэвч тэрбээр захидалдаа дурдсан шигээ сарын дараа эргэж ирсэнгүй. Түүний амралтын хугацаа дуусч буцаж ирэхгүй байгаа учир хийсэн хэргээсээ болж оргон зугтлаа гэж үзэхээс өөр аргагүйд хүрчээ. Тэрбээр оргон зугтахдаа их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан гэдгийг тогтоосон байдаг. Мөн түүнийг гэр бүлийн хамтаар Казахстан руу явж тэндээсээ АНУ руу гарсныг олж мэджээ. Түүний ах А.Марат нь тус улсад амьдраад олон жил болж байгаа бөгөөд өөрийн хувийн бизнестэй нэгэн юм байна. Түүнийг ах дээрээ очиж амьдарч байгаа мэдээлэл саяхан ирсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийнхан дүүг маань зодсон бичлэгийг биднээс нуугаад байна

Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын сурагч бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Аравдугаар ангийн сурагч хүү өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд тархиндаа цус харвасан байдалтай аймгийн эмнэлэгт хүргэгдэн очоод гурван хоног ухаангүй байсаар нас барсан. Талийгаачийг таньдаг хүүхэд аавынхаа хамтаар түүнийг зодож, цагдаад хүргэж өгсөн гэх мэдээлэл цацагдаад буй. Хүү цагдаагийн газраас гараад ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Талийгаач хүүгийн ах Ц.Чанцалгүмэнтэй юу болсон талаар ярилцлаа.

-Арванхоёрдугаар сарын 23-нд болсон хэргийн талаар ярихгүй юу. Талийгаач хүүг цагдаад хүргэж өгсөн жолооч Батсүрэн гэдэг хүнийг цагдаагийнхан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм билээ. Энэ хүнийг буруутай гэж бодож байна уу?

-Хичээлээ тараад гэр рүүгээ харих гээд явж байсан хүүхдийг микроны жолооч Батсүрэн гэдэг хүн машинаараа элдэн хөөж, барьж авсан байгаа юм. Машинд өөрийнх нь хүү Жаргалсайханаас гадна гурван хүн явсан байна. Машинаараа хөөж байгаа бичлэг гудамжны камерт үлдсэн байна лээ. Олуулаа нийлээд машинаар хөөхөөр чинь айгаад үнхэлцэг нь хагарах дөхсөн байлгүй. Ямар их айсан болоод тэнд байсан хоёр давхар балгасан дээр авирч гарах вэ дээ. Дүүгийн маань цамцыг урж, хүзүүнээс нь гараараа атгаад машиндаа суулгаж байсныг хүмүүс харсан байна. Тэр жолоочийн хүүхдийг Жаргалсайхан гэдэг. Тэр хүүхэд манай дүүд гар утас, бээлий, мөнгөө дээрэмдүүлсэн гээд байгаа. Ийм шалтгаанаар дүүг маань цагдаагийн газар хүргэж өгсөн. Дээрэм хийх хүүхэд биш. Айлын бага хүү. Гурван ах, гурван эгчтэй. Бид дүүгээ юугаар ч дутаагаагүй. Жаргалсайхан гэдэг хүүхэд өөрөө олуулаа нийлж манай дүүгийн утсыг дээрэмдэж авсан байгаа юм.

-Дүүг тань хүүхдийн байцаагчид хүлээлгэж өгсөн гэсэн. Тэгээд юу болсон юм бол?

-Дүүг маань хүлээж авсан хүүхдийн байцаагч нь манай дүүг байцаагаагүй. Эрүүгийн цагдаагийн төлөөлөгчийн өрөөнд оруулж өгсөн. Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч бол онц хүнд ноцтой, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа ийм хэргийг илрүүлэх чиг үүрэгтэй хүмүүс байдаг биз дээ. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр, ар гэрт нь хэлэхгүйгээр байцаасан. Бямбасүрэн гэдэг төлөөлөгч манай дүүг байцаасан гэсэн. Гэтэл байцаалт хийсэн ямар нэг тэмдэглэл байхгүй байна. Хамгийн гол нь дүүг маань цагдаагийн байгууллага руу орсноос хойш гарах хүртэлх дэлгэрэнгүй камерын бичлэгийг бидэнд үзүүлээгүй. Тасдаж, янзалсан бичлэг үзүүлсэнд гомдолтой байна. Үзүүлэхгүй байгаа камерын бичлэгт миний дүүг цохиж, зодсон хэсэг нь байсан байх гэж хардаж байна.

-Бямбасүрэнг ямар шалтгаанаар сэжиглэж байгаа юм бэ?

-Эрүүгийн цагдаагийн төлөөлөгчийн өрөөнд гурав, дөрвөн хүн сууж байсан. Манай дүү хаалганы хажууд зогсож байна. Камерын бичлэгт манай дүү харагдахгүй, гутлынх нь хоншоор цухуйж байгаа юм. Камер нь хаалганы нөгөө талд байгаа учраас байцаагч руу чиглэсэн байсан. Дүү маань цаг гаруй тэнд зогссон. Тэр өрөөнд байсан Бат-Оргил гэдэг байцаагч нэг удаа дуудаж ширээнийхээ ойролцоо авчирсан. Ингэхдээ хоёр удаа мөр рүү нь цохиж, гараараа толгой руу нь далайгаад байхад дүү маань дальдчаагүй. Үүний дараа Бямбасүрэн эрүүгийн төлөөлөгч хаалга руу чиглээд явсан. Камер тусахгүй газар хоёроос гурван минут байсан. Энэ үед Бямбасүрэн цагдаа гэнэт хөл алдаж гарч ирсэн. Яг тэр үед өрөөнд сууж байсан Бат-Оргил гэдэг эрүүгийн төлөөлөгч сэрдэс хийгээд дүү рүү маань цочсон байдалтай харсан. Зүгээр байж байгаад тэгж харахгүй шүү дээ. Ямар нэг юм болсон учраас тэр нөхөр тэгж цочиж харсан. Үүний дараа дүү маань толгойгоо бариад нэг удаа доошоо тонгойсон. Дахиад нэг удаа толгойгоо бариад доошоо суусан. Зүгээр байсан хүүхэд толгойгоо бариад хоёр удаа тонгойж, суух уу. Эхлээд Бат-Оргил гэж хүн гараа далайгаад цохих гээд байхад дальдчаагүй, зүгээр зогсож байсан хүүхэд Бямбасүрэн гэдэг байцаагчийг ширээ рүүгээ дуудаад юм өгөх гэхэд авч чадахгүй ухраад айгаад байсан. Тэр бичлэгийг харсан хэн ч Бямбасүрэн байцаагч манай дүүг зодсон гэж хардахаар байна. Цагдаагийн газар руу зүгээр эрүүл алхаад орж ирсэн хүүхэд гарахдаа шатаар бууж чадахгүй хөл нь доголсон байсан.

Бямбасүрэн цагдаа өөрөө дүүг маань түшээд үүд хүртэл гаргаж өгсөн. Шат руу бууж чадахгүй бариулаас нь бариад байна лээ.

-Цагдаагийн өрөөнд хэдэн хүн байсан бэ?

-Бямбасүрэнгээс гадна гурван хүн байсан. Энэ хүмүүс тангараг өргөсөн төрийн цагдаа юм бол хүний амь үрэгдчихээд байхад яагаад гэрчлэхгүй байгаа юм бэ. Иргэнийхээ үүргийг гүйцэтгээд бидэнд туслаач. Бямбасүрэн цагдаагийн манай дүүг зодсон гэдгээ хэлэхгүй байгаа шалтгааныг нь мэдэж байна л даа. Бямбасүрэнгийн аав нь том нөлөөтэй хүн юм билээ. Тиймээс хэн ч хоолноосоо салахыг хүсэхгүй шүү дээ.

-Цагдаагийн газраас гараад хаана очсон бэ?

-Сургууль дээрээ очсон байна. Тэр өдөр их цэвэрлэгээтэй байсан. Ангид нь долоон хүүхэд байсан. Тэр хүүхдүүд нь манай дүүгийн хамгийн сайн найзууд нь байсан байгаа юм. Анги руугаа орж ирэнгүүтээ ширээн дээр гараад хэвтсэн. Найз нь “юу болсон бэ” гэж асуухад нь “Толгой өвдөөд байна. Цагдаад толгой руугаа балбуулчихсан. Дотор муухай оргиод байна” гэсэн байна. Тэгээд бусад хүүхдүүд нь юу болсон талаар асуухад “Та нар битгий юм асуугаад байгаач ээ” гээд уцаарласан гэсэн. Ангийн багшийгаа орж ирэхэд нь цонхоороо бөөлжсөн байна. Багш нь “Толгой чинь өвдөөд байгаа бол гэртээ харь. Дараагийн удаад чи нөхөөд ангиа угаагаарай” гэсэн байгаа юм. Сургуулиасаа гараад ойролцоох дэлгүүрт орсон. Худалдагчаас “Ах аа, би энд жаахан хэвтэж болох уу” гэж асуусан. Яагаад хэвтэх гээд байгаа юм гэж асуухад нь “Толгой өвдөөд байна. Жаахан л хэвтээд авмаар байна” гэж гуйсан байна. Тэгээд зуухных нь хажууд доошоо хараад суугаад байсан байна. Худалдагч нь “Толгой чинь өвдөөд байвал эм уух уу” гэхэд нь “Миний толгой эм уугаад дарагдахгүй” гэж хэлсэн байна. Дэлгүүр хаах дөхсөн учраас худалдагч нь “одоо гэртээ харь” гээд гаргасан байгаа юм. Хэсэг хугацааны дараа худалдагч гадагшаа гартал дүү маань шатных нь довжоон дээр толгойгоо барьчихсан сууж байсан гэсэн. Явж чадахааргүй их өвдөж байсан бололтой юм. Тэгээд худалдагч “хариагүй байгаа юм уу” гэхэд “харилаа” гээд булан тойроод явсан гэсэн. Тэгээд найзындаа очсон байна. Найзынх нь хоёр давхар байшинтай юм билээ. Дээд давхарт гараад ухаан алдсан. Тэгээд түргэн дуудсан. Эмч ирж үзээд “энэ хүүхэд согтуу байна” гээд авч яваагүй. Тэгэхээр нь найз нь эгчийг нь дуудсан байгаа юм. Эгчийгээ ирэхэд нь танихгүй байсан гэсэн. Тэгээд эгч нь эмнэлэгт хүргэж өгсөн. Гурав хоног ухаангүй байсаар өөд болсон доо.

-Энэ хэрэгт жолооч Батсүрэнгээс гадна цагдаагийн албан хаагч Бямбасүрэнг сэжигтнээр шалгаж байгаа юу?

-Хэрэг мөрдөж байгаа Өлзийжаргал гэдэг байцаагч эрүүгийн төлөөлөгч Бямбасүрэнг сэжигтнээр татах ёстой. Нотлох баримт цуглараад, гэрчийн мэдүүлэг бүрдчихээд байхад Бямбасүрэн гэдэг нөхрийг сэжигтнээр татаагүй. Одоо Бямбасүрэн ажлаа хийгээд явж байгаа. Арваад гэрчийн мэдүүлэг бүрдчихээд байна шүү дээ. Бид Өлзийжаргалаас асуусан юм. “Бямбасүрэнг юугаар байцаасан бэ” гэхэд “Гэрчээр байцаасан” гэж хариулж байгаа юм. Бидний гол сэжиглэж байгаа хүнийг гэрчээр байцаагаад ямар үр дүн өгөх юм бэ. Бямбасүрэнг байцаахгүй байгаад бид үнэхээр гомдолтой байна.

Миний дүү өнөөдөр босоод ирэхгүй л дээ. Яагаад бид ингээд хөөцөлдөөд байна гэхээр, дахиад нэг айлын хүүхдийг Бямбасүрэн гэдэг байцаагч зодоод алчих вий дээ гэснээс сэрэмжлээд байна л даа. Микроны жолооч, цагдаа хоёрын аль алинд нь зохих шийтгэлийг нь хүлээлгээсэй гэж хүсч байна. Цагдаа, прокурорын байгууллага хэргийг үнэн зөв шийдээсэй гэж найдаж байна. Монголд хүүхдийн эрхийг хамгаалах гэдэг зүйл огт хэрэгждэггүй юм байна.

-Бямбасүрэн гэдэг байцаагчтай уулзсан уу. Дүүгээс тань юу гэж байцаасан тухай асуусан уу?

-Бямбасүрэнтэй уулзсан. Тэрбээр “Тэр өдөр сургуулийн ойролцоох дэлгүүрт хулгай гарсан. Хулгайн хэрэгт холбоотой байж мэднэ гээд гутлын улыг нь харсан юм” гэсэн. Тэгээд дүүгээс маань асуусан байгаа юм. “Чи яагаад хүний хүүхдийн утас, түрийвч дээрэмдсэн юм бэ гэхэд “Ах аа, үнэндээ би энэ хүүхдийн бээлий, мөнгийг нь аваагүй. Утсыг нь аваад буцаагаад өгчихсөн” гэж хариулсан. Яагаад утсыг нь авсан юм гэхэд “Намайг хичээлээ тараад ганцаараа явж байхад 10-аад хүүхэд ирээд миний утсыг авчихсан юм. Тэр хүүхдүүдийн дунд Жаргалсайхан гэдэг хүүхэд байсан. Дараа нь Жаргалсайханыг явж байхаар нь “Миний утсыг авчирч өгөөд өөрийнхөө утсыг аваарай” гээд утсыг нь авсан гэж дүү минь ярьсан байсан. Манай дүү есдүгээр сарын 1-нд хөдөө суман дээрээс аймгийн төвд шилжиж ирсэн. Хөдөөний хүүхэд. Аймгийн төвийн хүүхдүүд гоё утас барьдаг юм байна лээ гэж ээжид маань хэлсэн байсан. Тэгээд ээж Samsung S3 утас авч өгсөн. Манай дүү хүний хүүхдийн утас, мөнгийг нь аваад байх тийм ядарсан айлын хүүхэд биш. Ах эгч нарынхаа үгнээс гардаггүй, даруулгатай сайн хүү байсан.

-Бямбасүрэн гэх цагдааг сэжигтнээр татаж шалгахгүй байгааг ямар шалтгаантай гэж бодож байна?

-Батсүрэн гэдэг жолоочид хэргийг нь тохоод өнгөрөх гээд байгаа бололтой. Энэ цагдааг шалгуулмаар байна. Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн. Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн. Гэсэн ч энэ хүн өнөөдөр ажлаа хийгээд л явж байна. Бямбасүрэн гэдэг цагдаагийн аав Батбаяр нь аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байгаад одоо аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар ажилладаг юм билээ. Магадгүй том албан тушаалтай хүний хүү учраас түүнийг сэжигтнээр татаж шалгахгүй байгаа юм болов уу гэж хардаж байна. Бямбасүрэн, Батсүрэн гэдэг энэ хоёр хүнийг аль алиныг нь сэжигтнээр байцаах ёстой. Бид дүүгээ алдчихна гэж бодоогүй. Дүүгээ ухаан ороод юу болсон талаар хэлнэ гэж бодож байсан. Бат-Ундрал гэдэг эмчид баярлаж байна. Шөнө ухаан алдаад бүх аппаратыг нь салгаад, зүрх нь зогсож байхад энэ эмч ганцаараа хиймэл амьсгаа хийж бүх л арга хэмжээг авсан. Цаг гаруй ноцолдсоны хүчинд дүүгийн маань зүрхийг ажиллуулсан. Хэдий ухаан ороогүй ч ах, дүү нар нь энэ үед дүүтэйгээ уулзсан л гэж бодож байна.

-Камерын бичлэгийг хэзээ үзсэн бэ?

-Цагдаагийн байгууллага руу манай дүүг орсноос хойш гарах хүртэлх хугацааны камерын бүтэн бичлэг байхгүй. Бүтэн бичлэгийг нь үзмээр байна гэхээр үзүүлдэггүй. Хэд тасдсан ийм дутуу бичлэг үзүүлсэн. Бидний зүгээс дүүг маань зодсон хэсгийг тасдаж нуучихаад үзүүлэхгүй байна л гэж хардаж байна. 26-ны өдөр бямба гаригт дүүгээ алдсан. Тэгээд камерын бичлэгийг нь үзье гээд цагдаагийн газар очлоо. Гэтэл 26-нд үзүүлсэнгүй. Маргааш нь бас үзүүлэхгүй, 28-нд ирээрэй гэсэн. Тэр өдөр нь өөрсдөө очиж камерын бичлэг үзье гэхэд “Холбооны инженер байхгүй байна. Компьютерээс СD руу хуулсан уншихгүй байна” гэсэн. Бид CD -гээр нь биш бүрэн эхээр нь үзчихмээр байна гэхэд “Тийм боломж байхгүй. Маргааш ирээд үз” гэсэн. Маргааш нь буюу 29-нд очиход тасдсан бичлэг үзүүлсэн.

-Хэвлэл мэдээллээр цагдаагийн албан хаагч буруугүй мэтээр мэдээлсэн?

-Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Лхагвасүрэн гэдэг хүн энэ хэргийн талаар “Цагдаагийн алба хаагч буруугүй” гэж мэдээлсэн байна лээ. Энэ хэрэг дөнгөж мөрдөн байцаалтынхаа шатанд явж байгаа. Эмнэлгээс шарилаа ч гаргаагүй байхад ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Төрийн цагдаа иргэдэд үйлчилдэг, ард түмнээ хамгаалдаг, амар тайван амьдралын төлөө ажиллана гэдэг уриатай. Харин өнөөдрийн бидэнд тохиолдсон хэцүү зүйлээс харахад эсрэгээрээ ажиллаад байна уу даа гэж бодогдохоор байна.

Х.Цэнд-Аюуш

Categories
мэдээ цаг-үе

Надад үлдсэн найз

Тайзнаа дөрвөн найз гарч ирэн, Итгэлийгээ Америкийн виз авсныг баяр хөөртэйгөөр тэмдэглэж, насан туршийн андууд байхаа андгайлан тангараглацгаана. Тэд хөгжил цэнгэлтэйгээр нэгэн үдшийг өнгөрөөж байтал алс хол явах найрын эзэн тархиа барин ухаан алдан унана. Хоёрдугаар үзэгдэлд эмнэлгийн орчинд хоёр найз нь Итгэлийн эмчтэй уулзахад тархины бичлэгийн зураг үзүүлж “Хорт хавдартай. Ямар ч найдваргүй. Зургийг өөр эмч нарт үзүүлсэн ч адилхан л онош хэлнэ” гэж эмчид тоглох төрийн шагналт, гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар баттайгаар нотлон өгүүлнэ. Итгэлийн тархины баруун тал хавдартай гэх агаад хоёр жилийн өмнө дөрвөн найзын нэг болох Азаа найзыгаа түлхэж унагаснаас үүдэлтэй гэх зохиолын зөрчил гарч ирэв. Хоёр найзад нь учирлан хэлсэн найдваргүй гэх оношийг өвчтөн Итгэл ч сонссон байв. Бүр өөр эмнэлгийн эмч нар ч зургийг хараад адилхан онош хэлснийг мэдэв. Итгэл бол Пагма хэмээх ядруухан авгайн наран мэт нандин ганц хүү нь. Найз нар нь эмнэлэгт хэвтсэнийг ээжээс нь нуусаар эцэст уулзуулахаас аргагүй байдалд орцгоов. Пагма авгайнд гурван найз ирвэл найзынхаа гэмтэлд өөрийгөө буруутай гэж гэмшсэн Азаа Итгэлийн ээжид тусалж хүүгийн адил аж төрж байх ажээ.

Пагма “Та гурвыг бодох нь ээ энэ муу Азаа л надад тусалж, гар хөлийн үзүүрт зарагдаж байна. Тэгэхэд Итгэл чи ямар муухай хатуу сэтгэлтэй хүүхэд вэ. Төрсөн эхээ ч тоохгүй чам шиг чулуун зүрхтэн бас байдаг аа” гэсээр угтлаа. Өвчтөн Итгэл ээжтэйгээ удаан байх ч тэнхэлгүй болжээ. Тиймээс найзууд “Өнөө орой Америк нисэх гэж байгаа” гэж хөөрхий эхийг хууран, сүү өргүүлэн гарцгаана. Эмнэлэгт эмч “Чи одоо ямар ч нэмэргүй болсон. Охиных нь бие маш муу байгаа нэгэн эхэд тус болох хэрэгтэй” гэх мэтээр өвчтөн Итгэл рүү сэтгэл зүйн дайралт хийнэ. Үзэгчдэд шулам мэт санагдах эмэгтэйн дүрийг соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан бүтээжээ. Тэрээр Итгэл хүүтэй уулзан “Миний охин ухаангүй, бие нь муу байна. Элэгний хорт хавдартай охиныг минь аврах ганц бурхан нь чи. Чиний элэг л яг таарч байгаа. Миний дүү бурхныг бодож хүний амь авраач дээ. Би чиний ачийг огтхон ч мартахгүй. Юу хүссэн бүхнийг чинь биелүүлье” гэнэ. Эцсийн мөч ирж байгаа хүн юу хүсэх сэн билээ. Гэвч, хорин тавхан настай Итгэлд амьд үлдэх ямар нэгэн итгэл найдвар үлдсэн гэж бодон “Таны охинд тусалдаг бурхан гэж байхад надад туслах бурхан тэгвэл хаа байгаа юм бэ” гэж уйлна. Уйлна гэдэг нь мюзикл болохоор мэдээж дуулна л гэсэн үг шүү дээ.

Итгэл хэдийгээр амьд мэнд сайхан аж төрөхийг хүсэвч хувь заяа түүнээр даажигнажээ. Тэрээр эцсийн эцэст хөөрхий охины ээжтэй уулзаж охинд нь донор болохоо хэлнэ. Тэртэй тэргүй хүний хорвоод амьдрах насны зогсоолд ирсэн юм чинь бүжигчин охинд элгээ өгөхөөр шийджээ. Тэр охины ээжээс “Таны охин амьдарч байна аа гэдэг би амьдарч байна аа гэсэн үг. Ээж минь надад хүнд туслахдаа элэг зүрхний гүнээс ач болж яваарай гэсэн. Ээжийн минь элгийг дэвтээж охиныхоо бүжиглэхийг ганцхан удаа ч болов харуулаарай. Ээж минь хүүгээ амьд явааг элгээрээ мэдрээд баярлах байх” гэж хэлнэ. Эмч гуай энэ үед зуучилж гүйгээд, жигтэйхэн баяртай. Гурван найз нь Итгэлийгээ эргэж ирээд шинэхэн байранд ээжийг нь оруулснаа гар утасны бичлэгээр үзүүлж сэтгэлийг нь үелзүүлээд авна. Тэд барилга дээр гурвуул ажиллаж Пагмад сайхан байр авч өгөн “Итгэл маань Америкт ёстой эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж ээждээ ийм сайхан байр авч өглөө” хэмээн итгүүлнэ. Итгэл найз нартаа талархаж эцсийн хүслээ хэллээ. Тэр нь маргааш өглөө ирэхдээ багадаа идэцгээдэг байсан зайрмагийг нь авчирч өгөх. Найз нарыг нь гарсны дараахан эмч орж ирж түүнийг түрдэг тэргэн дээр суулган авч явахаар зэхлээ.

Тэгтэл… гаднаас Төмөрөө, Сэргэлэн хоёр найз нь Итгэлийнхээ дуртай зайрмагийг нь барьсаар бөөн баяр гүйн орж ирлээ. Эмч ч царай нь зэвхийрэн хувьсхийж гарч одов. Хоёр найз нь Итгэлээс эмч өөрийг нь хаашаа авч явсныг шалгаав. Хүнд туслах ёстой гэж ээжийнхээ сургаалаар хүмүүжсэн Итгэл чухам үнэнийг өгүүлэх нь үгүй. Энэ үеэр Азаа найз нь гаднаас Итгэлийн ээж Пагмыг дагуулан орж ирлээ. Хүний амьдралын баяртай ч гэмээр, бас гунигаар дүүрэн эгзэгтэй хором мөчүүд. Ээж нь хүүгээ хүнд өвчтэйг сая л жинхэнэ утгаараа мэдэрчээ. Гэвч, Итгэл хүү ээждээ, найз нартаа сайн сайхныг хүсэх л үлджээ. Хорвоогоос буцаж буй түүнд нэг ч гэсэн хүний алтан амийг аврах хүндтэй агаад эрхэм үүрэг хувь тавилангаар оногджээ. Үзэгчдийн танхимд чив чимээгүй, гагцхүү хааяа нэг шугшран уйлах сонстож, эрчүүд ч хацар дагах халуун нулимсаа арчих сөгөөгүй сууцгаана. Урлаг гэгч хүний сэтгэл зүрхийг уяруулан бөмбөрүүлэх ийм увидастай зүйл аж.

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус “Надад үлдсэн найз” мюзиклээрээ сонсогч, үзэгчдэдээ бэлэг барина гэж зарласан нь ийнхүү биеллээ олов. Тэд хэлсэндээ хүрч Улсын драмын эрдмийн театрт уг мюзиклээ амжилттай толилууллаа. Тоглолт эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг огшоож, танхим дүүрэн алга ташилт нижигнэнэ. Тэдний тоглолт хүчтэй сайхан хоолойноос гадна жүжиглэлт нь үзэгчдэд урлагийн сайхныг мэдрүүлж чадаж байсныг энд дурдахгүй байж үл болно. Түмний сэтгэлийн таашаалд нийцсэн эл мюзиклийн зохиолч нь “Милл” кино компанийн зохиолч Д.Мөнхбат. Ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан, зөвлөх найруулагчаар Х.Энхболд нар ажилласан бол хөгжмийн зохиолч найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар Т.Түмэн-Өлзий нар ажиллажээ. Мюзиклийн дууны үгийг Л.Таванбаяр, жүжгийн дүрүүдэд “Увертюра” хамтлаг, Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцсон юм.

Мюзиклийн төгсгөл нэн гунигтай бөгөөд эмч өөрийн охины амийг аврахын тулд Итгэл хэмээх гэнэн цагаан сэтгэлт залууд ямар ч найдваргүй хэмээн итгүүлж амь насыг нь хөнөөснөөр өөрөө галзуурч үхэж байна. Амиа хоохойлогчийн эл өчүүхэн шинж чанарын эсрэг талд амьдрахын төлөө чин сэтгэлээсээ тэмцэж буй ариун цагаан сэтгэлтэй залуусын хүн чанар, сэтгэл зүрх, ирээдүйд итгэх их гэрэл гэгээг цацруулан үзүүлсэн нь энэ мюзиклийн хамгийн гол ололт байлаа. Үзэгчид тоглолтоос гарч явахдаа “Тэр дуунууд нь бүгд л шинээр зохиосон мөртлөө чихэнд ямар наалдацтай, сэтгэлд ямар дотно сонсогдов оо” гэж байсан нь “Увертура” хамтлагийн уран бүтээлч залууст тохирох үнэлэлт байлаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 19 хэм хүйтэн

Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

2016 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар явган шуурга шуурна. Завхан голын эхээр 37-42 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 31 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Categories
мэдээ спорт

П.Орхон алдарт Каори Ичог ялж, Алтан гран прид шуугиулав

ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Алтан гран при тэмцээн Красноярск хотноо хоёр дахь өдрөө болж байгаа билээ.

Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы домогт бөх Каори Ичог 10:0-ээр ялж, аваргын алтан медаль хүртэв. Олимпийн гурав, дэлхийн аваргын арван алтан медальтай алдарт Каори Ичо ялагдал гэдгийг үзэлгүй арван гаруй жил бөхийн дэвжээнд ноёрхсон түүний 158 дараалсан ялалтыг манай тамирчин зогсоож чадсан нь чөлөөт бөхийг шимтэн сонирхогчдыг шуугиулж байна.

“Алдар” спорт хорооны тамирчин П.Орхоны хувьд энэ жилийн улсын аваргаар жиндээ түрүүлсэн юм.

Түүний барилдааныг доорх бичлэгээс үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос “Хүйтний эсрэг шинжлэх ухааныг хөгжүүлмээр байна” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаараас та юу унших вэ.

Г.Шийлэгдамба намын санхүүжилт болгож, 120 мянган ам.доллар Н.Энхбаярт өгөх гэж байжээ” хэмээх гарчигтай материал өнөөдрийн дугаарын нэгдүгээр нүүрт гарлаа. Г.Шийлэгдамба энэ сарын 28-ны өдөр олон нийтэл хүргэх ил захидал бичсэн юм. Түүний захидалд юу гэж бичсэн тухай болон хэргийн нарийн учир юу байв гэдгийг энэхүү материалд бичлээ. Өчигдөр мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдтай уулзсан тухай энд бичсэнийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаарт уламжлан гардаг “Нэг ангийнхан булан”-д Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуулийг 1966 онд төгссөн ангийнхныг урьж оролцууллаа. Эл ангийнхнаас улсы заан, доктор, дуучин, найрагч гээл алдартан авьяастан төржээ. Энэ тухай нэг, зургаадугаар нүүрээс уншина уу.
Хэдхэн хоногийн дараа монголчуудын уламжлалт сар шинийн баяр болж, арван долдугаар жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарна. Ирж буй жилийн өнгө, ерөнхий төлөв ямар байх талаар “Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн хамба Ж.Гончигсүрэнгийн ярилцлагыг нэг, долдугаар нүүртээ хэвлэлээ.
Харин “Улс төр” буланд өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй нийтэллээ. Хоёрдугаар нүүрээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн гол бодлогыг тодорхойлж, уншигчдын шуугиулж байдаг алдарт гуравдугаар нүүрт “Хүйтний эсрэг шинжлэх ухааныг хөгжүүлмээр байна” нийтлэлийг хэвлэлээ.
“Хэлэх эрхийн индэр” буланд Баянзүрх дүүргийн иргэн С.Батзориг, Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Баттөмөр, “Чингис хааны дэлхийн академи”-ийн гишүүн Н.Баатар, Чингэлтэй дүүргийн иргэн Я.Дүгэр нар оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэдний санал шүүмжлэлийг дөрөвдүгээр нүүрт нийтэллээ.
Уншигчдын амралтын өдөрт зориулж хүргэдэг “Амрах агшин”, “Кино ертөнц”, “Өд бэх”, “Таны гал тогоонд” зэрэг тогтмол булангууд хуваарийн дагуу гарлаа. Манай өнөөдрийн дугаарын “Өдрийн зочноор” дугуйн спортын Азийн аварга болсон Б.Марал-Эрдэнэ уригдсаныг тавдугаар нүүрээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тойргийн мандатын асуудлыг хэлэлцэж, хуучнаар нь баталлаа. Тодруулбал, нийслэлийн мандатын тоог 22 болгох саналыг дэмжсэнгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжиж, 2012 оны УИХ-ын сонгуулийн хуваариар явахаар боллоо.

НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын 2016 оны сонгуулийн нийт тойргийн мандатыг нийслэлд нэмж хуваарилах хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарт хүргүүлсэн. Тэрээр нийт 48 мандатын 45 хувийг буюу 22 мандатыг нийслэлд олгохыг хүсч дээрх саналыг ийн хэлэлцүүлсэн юм.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхи анхны хэлэлцүүлгээр нь дэмжиж баталлаа.
Categories
мэдээ нийгэм

“Хэрэглэгчийн жил”-ийг нээв

Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан нээлтийн арга хэмжээ “Нэгэн дээвэр дор” сэдвийн хүрээнд боллоо. Шадар сайдын ажлын алба, Эрүүл мэнд, спортын яам, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 6 агентлаг, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээг Шадар сайд Ц.Оюунбаатар нээж, “Хэрэглэгчийн жил”-ийн гол зорилтууд, хийж, хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл тавилаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар шинэ оны анхны хуралдаанаараа 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгох тогтоолыг гаргаж, энэ шийдвэрээ олон нийтэд хүргэсэн. Энэ бол санамсаргүй тохиолдол, зүгээр нэг тунхаг, уриа лоозонгийн чанартай зүйл биш. 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарласан нь Шийдлийн Засгийн газрын хувьд улс орныхоо эдийн засаг, нийгмийн бодит байдал, хэрэглэгчдийнхээ амьдралд тулгамдаад байгаа бэрхшээл, сорилтуудыг удаан хугацаанд судалж үзсэний үндсэн дээр тодорхой асуудлуудыг нийгмийн хүрээнд шийдвэрлэн, гаргасан шийдвэрийнх нь үр дүн хэрэглэгч нэг бүрт хүрч тэр чинээгээрээ иргэдийн амьдралын түвшинд эерэг нөлөө үзүүлж байхаар бодож төлөвлөсөн Засгийн газрын шийдлүүдийн нэг юм гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг шөнийн тарифаар ялгавартай тогтоон хямдруулсан, УИХ-аар 2016 оны мөнгөний бодлого батлуулахдаа арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгасан, аймаг орон нутгийн бензин шатахууны үнийг Улаанбаатар хоттой ойролцоо үнээр тогтоож эхэлсэн, түр хугацаанд зогсонги байдалд орсон ипотекийн орон сууцны зээлийг хэвийн үргэлжлүүлэх болсон, иргэд, худалдан авагчдад НӨАТ-ын 2 хувийг буцаан олгохоор болсон гээд Засгийн газраас ард иргэд рүүгээ, хэрэглэгчид рүүгээ хандсан олон шийдвэрүүдийг гаргасан. Мөн 11 11 төвийг нээж, Төрийн үйлчилгээний цахим машинд төрийн 25 үйлчилгээг цахимаар оруулсан, удахгүй төрийн 167 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ. Нийслэлийн иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг хүргэх шинэ төв Дүнжингарав худалдааны төвд нээгдсэн. Энэ төвийг Улаанбаатар хотын хүн ам олонтой бусад газруудад, аймгийн төвүүдэд байгуулахаар Засгийн газраас төлөвлөн ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Төрийн байгууллага шалгадаг, хянадаг, зогсоодог бус зөвлөдөг, тусалдаг, дэмждэг үндсэн зарчмыг барьж ажиллах хэрэгтэй. Төрийн бүх үйлчилгээг хүнд сурталгүй, ойлгомжтой, хөнгөн шуурхай байхаар зохион байгуулж, эцсийн үр дүн тоогоор бус хэрэглэгчийн сэтгэл ханамж гэсэн чанарын үзүүлэлтээр хэмжигдэнэ гэдгийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой гэдгийг ч Ерөнхий сайд хэллээ. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл сэргэн, олон үйлдвэрүүд үүд хаалгаа нээж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн учраас хэрэглэгчид эх орондоо үйлдвэрлэсэн эко цэвэр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг тогтолцоог бүрдүүлэх, иргэдэд хүрч буй үйлчилгээ олон улсын стандарт, чанарын шаардлага хангаж байхыг үндэсний хэмжээнд хэвшүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.
Мөн тэрээр Засгийн газар 2016 оныхоо үндсэн зорилгоо тодорхойлж чадсан. Үр дүн нь бидний идэвхтэй үйл ажиллагаанаас шалтгаална. Төрийн байгууллагууд энэ ажилд манлайлж оролцож чадвал араасаа 3 сая хэрэглэгчийгээ дагуулах болно гэдэгт эргэлзэхгүй байна гээд нэг зорилгод хүрэхийн төлөө нэгэн дээвэр дор хамт зүтгэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бололцоотой бүх арга хэмжээг авах болно гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн санал өгөх өдрийг зургаадугаар сарын 29-нөөр баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байна. Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн Сонгуулийн санал өгөх өдрийг батлах тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар баталлаа.

Ингэснээр УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-ний өдрөөр тогтоож байна. Мөн гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг зургаадугаар сарын 17, 18, 19-ний өдөр авахаар боллоо.