Categories
булангууд мэдээ өд-бэх

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Гүн хэлмэр”-ийн тухайд

Шинээр төрөн гарч буй залуу шүүмжлэгч, судлаач, СУИС-ийн багш Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр” хэмээх шинэхэн номын тухай уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Нэрнээсээ авахуулаад л гүн гүнзгий утга агуулгатай, Монголын утга зохиолын шинэ зууны шүүмж судлалд өөрийн гэсэн орон зайг эзэлж буй энэхүү бүтээлд Монголд бараг үгүй болоод буй театрын шүүмжүүд орсон нь олзуурхууштай юм. “Хараачлах үнэний бараа буюу Ч.Түвшний “Эдип хаан”, “Байгалийн шинэ жам уу, Шинэ байгалийн жам уу” зэрэг театрын шүүмжүүд нь тайз, үзэгчийн хоорондох харьцааг шинээр нээж сэтгэлгээний өргөн загвараар боловсруулсан нь нэлээдгүй даацтай шүүмжүүд болсон байна.

Мөнхүү уран зохиолын хүрээний ахмад үеийнхэн гэхээс бус шинээр төрөн гарч буй залуу зохиолч, яруу найрагч, шүүмжлэгчид төдийлөн мэдэхгүй Ж.Төмөр хэмээх шүүмжлэгчийн “Үндэс үрнээсээ” номын тухайд “Салхин дундах зул” хэмээсэн тэмдэглэл нь ч өнөөгийн уран зохиолд үгүйлэгдэж байсан зүй тогтлыг олж харж, өмнөх үеийнхээ зохиолчдын олон сайхан бүтээлийг хойч үедээ таниулсан явдал юм.

Номын өмнөтгөлд МУСГЗ, яруу найрагч, утга зохиол судлаач Л.Нямаа “XXI зууны, оюун мандлын эриний хүмүүсийн оюуны хэрэгцээг хангах жинхэнэ урлагийг бүтээхийн төлөө зүтгэхэд Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр” ном тус болно” хэмээжээ. Өдгөө бид ертөнц текист гэдгийг ухаарсан, оргүй хоосонд орших олон хий биетүүдийн хөдөлгөөн, амьсгалахыг олж нээх хэмжээний оюун сэтгэхүйд хүний ертөнцөд аж төрж байна. Нөгөөтэйгүүр энэ л нийгмийн бурангуйг үл анзааран, эсвэл анзаарсан сэтгэлийн шаналангаа үгийн урнаар илэрхийлж буй жинхэнэ урлагийг бүгтээгчдийн дунд, тэдний бүтээлийн амин сүнсийг нээн илрүүлэхийн тулд “гүн хэлмэрч” мэндэлж буйд талархууштай.

МУИС-ийн багш доктор Д.Галбаатар нэгэнтээ “Шүүмжлэл бол нохойд барьдаг мод биш” хэмээсэн. Шүүмжлэл гэдэг шүүн тунгаах, зохиолын сайн мууг үнэнээр нь ялган салгаж, шинжлэхийн нэр биз ээ. Тийм л учраас залуу судлаач Х.Чойдогжамц “Гүн хэлмэр” номондоо “Л.Өлзийтөгсийн шүлгүүдийг уншихад хэзээ ч ийм удаан байдаггүй байлаа” гэж хүүрнэл зохиолчийнх нь тал дээр зоригтой дуугарч чадсан бол “Л.Өлзийтөгсийг яруу найрагчийн хувьд өмөөрөхийн тал дээр ярих ч хэрэггүй. Тэр шинэчлэгч (уншигчдаасаа “зул задарчихсан”) уран бүтээлч, жинхэнэ (гэхэд л хангалттай) яруу найрагч” хэмээгээд “Буриадын нэрт яруу найрагч Сергей Тумуровын “Хүннү уулын нойрсогч өвс” шилмэл шүлгийн түүвэр оюун санааны минь ойд оршигч нэгэн сүнсийг сэрээх шиг болов”, “Мэдрэхүйн бүхэллэг чанар-хайку” зэрэг шүүмжүүд нь зохиолчдын оюун сэтгэлгээ, өөрөө төрсөн бүтээлийн чанарт шинээр хандсан байна.

Уран сайхны шүүмж гүн хэлмэрч Х.Чойдогжамцын номын шүүмжүүд ийм буюу. Бусдын бүтээлд хэрхэн ажиглалт хийж, үнэн зөвөөр нь зохиолчийг нээж гаргах нь судлаачдын хэрэг боловч нэг ёсондоо шүүмж гэдэг тэдний өөрсдийн оюун санааны томоохон бүтээл юм. Яг үүнтэй адил эл номыг бүтээгчийн өөрийнх нь хэлсэн шиг уран бүтээл, уран сайхны шүүмжлэл “бүтээгдэнэ, бүтэцлэгдэнэ, дүрслэгдэнэ, тэмдэглэгдэнэ” гэдэг энэ билээ. Дашрамд дурдахад Х.Чойдогжамц “Гүн хэлмэр” номоороо Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн бөгөөд МЗЭ-ийн 87 жилийн түүхэнд анх удаа энэхүү шагналыг шүүмж, судлалын мэргэжлийн хүн хүртэж буйгаараа ихээхэн онцлогтой юм.

Л.Цэнгэл

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын хоёр дахь сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн
найруулгаар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Ингэснээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийн урамшуулал
авах эрхтэй болсон. Мөн сард хоёр удаа сугалаанд оролцохоор
зохицуулсан.

Эхний сугалаа нэгдүгээр сарын 17-нд
болсон бол дараагийнх өнөөдөр болно. Энэ өдөр нийт 4800 орчим азтан
тодрох гэнэ. НӨАТ-ын баримтын хоёр дахь сугалааны тохирлыг өнөөдөр 19:30
цагт МҮОНРТ-ээр орон даяар шууд дамжуулах юм.

Харин анхны сугалаанаас 1044 азтан
тодорсноос 160 хүн хонжвороо аваад байгаа аж. Хонжвороо аваагүй хүмүүс
“ebarimt.mn” сайтад нэвтэрч мөнгөө авах эрх нь нээлттэй байгаг албаны
хүн мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар юу хэлэлцэх вэ?

2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-ЭЭС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ,
АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ
АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.


ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний
    хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт
    үүрэг бүхий Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын
    дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
    оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн
    байнгын хорооны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тогтоолоор
    ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

  • “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
    /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг
    хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын
    хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг
    бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн
    хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай
    хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт
    бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн
    хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;

  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын
    тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого,
    боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
    15.00 цагаас “А” танхимд;

  • Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг
    хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн
    хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн
    төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө
    аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын
    Нээлттэй сонсголын танхимд;

  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад
    хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн
    байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд.

02 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн
    төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны
    ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдээс хууль тогтоомжийг
    боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах асуудлаар санал авах, саналын
    хайрцаг байрлуулах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас
    дүүргүүдийн Иргэний танхимд;

  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад
    хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс,
    хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас
    4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай“
    Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий
    Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас
    “Г” танхимд.

02 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай /шинэчилсэн
    найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх
    үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын
    хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 205 тоот өрөөнд;

  • Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэдээс хууль
    тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах асуудлаар санал
    авах, саналын хайрцаг байрлуулах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00
    цагаас Иргэний танхимд.


ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад
    хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн,
    анхны хэлэлцүүлэг/;

  • Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
    /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
    /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн
    2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон
    батлах тухай хуулийн төсөл /Засгийн газрын 2016.01.15-ны өдөр өргөн
    мэдүүлсэн, соёрхон батлах/;

  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
    /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн
    2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

  • Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн
    төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;

  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт
    малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн
    газрын 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах
    талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 9 гишүүн 2016.01.28-ны өдөр
    өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Нууц асуудал.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
    /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн
    2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ
    Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

  • Парис хотод 2015 оны 11 дүгээр сард болсон Нэгдсэн Үндэсний
    Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн талуудын
    21 дүгээр бага хуралдааны талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал
    жуулчлалын сайдын мэдээлэл.

4.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дараа “А”
танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх
    арга зам” Олон улсын зөвлөлгөөнөөс гарсан үр дүнгийн талаар мэдээлэл
    сонсох;

  • Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлээс агаарын бохирдлыг
    бууруулах чиглэлээр 2016 онд хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөгдөж
    буй ажлуудын талаар мэдээлэл сонсох.

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан
    татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний
    өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан
    татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн
    төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай
    хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ
    худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    хэлэлцэх эсэх/;

  • Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
    /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны
    хэлэлцүүлэг/;

  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын
    тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
    төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ
    батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27
    дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
    оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын
    16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
    /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн
    2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

02 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
    /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн
    2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт
    оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн
    мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн
    төслүүд /Засгийн газар 2016.01.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх
    эсэх/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
    /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн
    2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

  • Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх
    дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан
    Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр
    тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;

  • Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг
    шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд
    тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах
    тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны
    өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн
    газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Бусад.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний
    өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
    төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт 2016.01.21-ний өдөр өргөн
    мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай
    хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын
    Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн
    Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны
    хэлэлцүүлэг/;

  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
    /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн
    2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл
    /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн,
    анхны хэлэлцүүлэг/;

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт
    оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр
    2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Бусад.


ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал /үргэлжилнэ/;

  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их
    Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн
    мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын
    тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    эцсийн хэлэлцүүлэг/;

  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний
    өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан
    татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний
    өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/
    болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд
    нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар
    2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.12.22-ны өдөр
    өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн
    газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
    оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар
    2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын
    гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны
    хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан
    татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн
    төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын
    тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
    төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ
    батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27
    дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
    /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны
    хэлэлцүүлэг/;

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
    төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт 2016.01.21-ний өдөр өргөн
    мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай
    хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын
    Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн
    Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны
    хэлэлцүүлэг/;

  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
    /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн
    2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл
    /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн,
    анхны хэлэлцүүлэг/;

  • Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх
    дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

  • Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
    тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн
    мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
    тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны
    өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад
    хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн,
    анхны хэлэлцүүлэг/;

  • Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
    /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
    оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын
    16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай”
    Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн
    мэдүүлсэн/

  • “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон
    батлах тухай хуулийн төсөл /Засгийн газрын 2016.01.15-ны өдөр өргөн
    мэдүүлсэн, соёрхон батлах/;

  • Нууц асуудал;

  • Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан
    Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр
    тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;

  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн
    төслүүд /Засгийн газар 2016.01.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх
    эсэх/;

  • Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг
    шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд
    тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах
    тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны
    өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн
    төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    хэлэлцэх эсэх/;

  • Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн
    газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ
    худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их
    Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    хэлэлцэх эсэх/;

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт
    оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр
    2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт
    малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн
    газрын 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах
    талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 9 гишүүн 2016.01.28-ны өдөр
    өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт
    оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн
    мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулиудын эцсийн найруулгыг сонсох;

  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл;

  • Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хаалт.

Categories
мэдээ нийгэм

Сондгой тоотой машин хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баярын өдөр ойртож байгаатай холбоотойгоор нийслэлээс
амралтын өдрүүдэд ч замын хөдөлгөөнд тодорхой журам мөрдөхөөр болж,
захирамж гаргасан. Дээрх захирамж өчигдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд
өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын
хөдөлгөөнд оролцох болж байна. Тодруулж хэлбэл, автомашины улсын дугаар
1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол замын хөдөлгөөнд оролцох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Шийлэгдамба намын санхүүжилт болгож 120 мянган ам.доллар Н.Энхбаярт өгөх гэж байжээ

-Г.ШИЙЛЭГДАМБА ИЛ ЗАХИДАЛ БИЧИЖ, Н.ЭНХБАЯР ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАВ-

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн авлига авах гэж байхад нь баривчиллаа хэмээн хэвлэлээр шуугиж байсан. Түүнийг батлан даалтад гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл гараад байсан ч тэрбээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан юм. Тэгвэл энэ сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч пүрэв гаригт “Олон нийтэд хүргэх ил захидал” бичжээ.

Тэрбээр уг захидалдаа “Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна. Үүнд:

Миний зүгээс Монгол Ерөнхий сайдад хаягласан 2015.11.05-ны өдрийн ЭМСЯ-ны сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурдагдсаныг анзаараагүй юм.

Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авлигалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.

Миний бие иргэн Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015.11.4-ний өдрийн өглөө Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМСЯ-ны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” хэмээн бичжээ.

Баасан гаригийн үдээс хойш Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн нь тодорхойгүй байгаа ч Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд спортын сайд болгож, Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох асуудлыг хэлэлцсэн байх гэсэн яриа байсан юм. Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж өндөрлөсний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд Ц.Оюунбаатарын хамтаар сайдын өрөөг зүглэн Ерөнхий сайдын өрөөнд 20 гаруй минут болоод гарсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр “Шударга ёс” эвсэл түүнийг хамгаалж үлдсэн тул үүний барьцаа болгож Шадар сайд болохоор Засгийн газрын тэргүүнтэй уулзсан байх магадлалтай юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Монголын жүдогийн залуу од Цэнд-Очирын Цогтбаатар

Жүдо бөхийн 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөө жил Орхон аймагт болсон билээ. Уг наадам Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит болсноороо онцлог юм. Насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээний 60 килограммын жин жүдо сонирхогчдын сонирхлыг илүүтэй татдаг юм.

Учир нь 60 килограммын жинд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт Цэнд-Очирын Цогтбаатар дэлхийн шилдэг тамирчдыг манлайлж, аварга болсон билээ. Тухайлбал, Ц.Цогтбаатар Монгол Улсын гавьяат тамирчин дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг ялж анх удаа улсын аварга тамирчнаар тодорсон билээ.

Ц.Цогтбаатарын амжилтаас дурдахад, 2013 онд АНУ-ын Майами хотноо болсон өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Тухайн цагаас тэрээр спортын талбарт шуугиан дэгдээж олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр шиг жүдоч болохыг мөрөөддөг гэдгээ олон түмэнд зарлаж, Монголын жүдогийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоохоор зорьж буй билээ. Ц.Цогтбаатар 2014 оны Монгол Улсын насанд хүрэгчдийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэнэ гэдэг маш хүнд болсон цаг. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн 60 кг-ын жин бол манай улсын хамгийн олон тамирчин оролцдог өрсөлдөөнтэй жингийн нэгд тооцогддог.

2014 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 40 бөх өрсөлдсөн байдаг. 40 бөхөөс Ц.Цогтбаатар тодорч, хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул нэгэн. Хүрээмарал сумаас спортын гавьяат мастер, бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав тодорсон байдаг. Үндсэндээ Монголын жүдо бөхийн шилдэг тамирчин байхыг цаг үе хүсдэг билээ. Мөн оюун ухааны шилдэг хүмүүс утга зохиол болоод хөгжмийн ертөнцөд тодорсон юм.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-нд эрх нь зөрчигдсөн иргэд хандаарай

СБД-ийн XI хорооны иргэн Ж.ТУУЛ

Өнөөдөр гэр хорооллыг дахин төлөвлөж байна л гэнэ. Зарим газар дахин төлөвлөлтийн ажил зогсонги байдалд орсон. Манай хороонд долдугаар хорооллын барилгыг “Бэрэн” компани барьж байгаа. Долдугаар хорооллын барилгын байр болгоноос нэгээс, хоёр метр квадрат дутуу байгаа тухай олон иргэн гомдол мэдүүлж байна. Агааржуулалт байхгүйгээс цонхнууд нь ууршиж цантсан байгаа. Уг нь дулаахан байр юм билээ. Ослын шатны стандарт налуу, хамгаалалттай байх ёстой ч эгц, хамгаалалтын хашлагагүй шаттай. Долдугаар хороололд орон сууцанд орсон иргэд эрх нь зөрчигдсөн гэж үзээд холбоо байгуулж, иргэдийн санал гомдлыг цуглуулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч байгаа юм билээ. “Бэрэн” компани төсөл хэрэгжүүлэгч, төсөл гүйцэтгэгч нь Бээжин констракшн. Тэр нь Монгол Улсын Засгийн газартай орон сууцны метр квадратыг нь нэг сая 500 мянган төгрөг байхаар гэрээлсэн байдаг. Төсөл хэрэгжүүлэгч нь метр квадрат нь нэг сая 800 мянга болгож, мөнгө унагасан.

Нийслэлийн хэмжээнд дүүрэг дүүргээс хүмүүс оролцоод, “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” байгуулсан. Энд тэндгүй иргэдийн эрх ашиг хохирч байна. Иргэд эрхээ хамгаалаад явах гэхээр тэмдэгтийн хураамж төлөх, зардал чирэгдлээс болоод тууштай явж чадахгүй хохирсон дээрээ хохироод үлдэж байна. Асуудлаа шийдвэрлэх гарцаа ч тэр бүр мэддэггүй. Тийм учраас “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” байгуулсан. Энэ холбоо хуульч, өмгөөлөгчийн багтай ажиллаж байгаа.

Иргэдэд хандаж хэлэхэд аль ч салбарт эрх нь зөрчигдсөн байсан манай холбоонд хандаж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд, авто цогцолборт шилжсэнтэй холбоотой автомашины ченжүүд хүртэл асуудал үүссэн гээд явж байгаа. Олон хүн бидэнд хандаж байна. Эрх нь зөрчигдсөн хүмүүс Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж болно. Тэднийг асуудлаа шийдэхэд гарц олж өгөхөөр манай холбоо байгуулагдсан юм шүү. Удахгүй бид Нийтийн эрхийг хамгаалах холбооны сайт нээх юм. Энд хандах боломжтой болно.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН”, “ҮНЭНИЙ ХОРВОО”, “БӨХӨН ШАРЫН НУРУУ”-Г АМИЛУУЛСАН ХӨГЖМИЙН АНГИЙНХАН

Монголын соёл урлагийн түүхэнд хожмын өдөр алтан үсгээр бичигдэх тэнгэр заяатай нэгэн ангийнхны түүхийг уншигчдадаа хүргэх болсондоо талархалтай санагдана. Амьдрал аялгуу эгшгийн сайханд гэрэлтэж, алаг хорвоогийн баяр гуниг төгөлдөр хуурын хар цагаан даруул шиг уярал баярын өнгөөр тодорном. Ерээд оны эхээр хөдөөнөөс голдуу ирсэн гүзээлзгэнэ шиг улаахан хацартай охид хөвүүд өнөөдөр Монголын хөгжмийн урлагийн гэрэлт дэнлүүд болон бадамлажээ. Ямархан сайхан хувь заяагаар тэд нэгэн ангид тохой нийлүүлэн сууцгааж, басхүү биесээ хөглөн амьдрах одонд төрцгөөгөө вэ. Эд бол Багшийн сургуулийн 1990-1994 оны төгсөлтийнхөн юм аа. Тэд анх нэгдүгээр дамжаанд орохдоо гучин зургуулаа байлаа. Одоогоор ангийнхнаа алдар хүнд, авьяас билгээрээ түүчээлж яваа нэгэн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нийтийн дууны нэрт аялгуу туурвилч хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од юм. Энэ эрхэм хүмүүнтэй өнгөрөгч намар төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн жаран насны ойгоор Булган аймагт очихдоо сэтгэл зүрхний гүнээс ойртон танилцсан сан. Газар газрын хөгжимд дуртай хүүхдүүд цугласан эл ангийн анхны дарга нь Дархан хотоос ирсэн Ваанчигийн Мөнхбат аж. Хоч нь Памбига гэж байгаа. Багшийн сургуулийн хөгжмийн ангиа төгсөж СУИС-ийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан тэр авьяастан одоо АНУ-ын Вашингтон хотод аж төрж байгаа гэсэн. Тэр оюутан байхдаа л “Бодол”, “Чулуу” романсууд бичиж, “Торонд суусан болжмор” номыг бичсэн зохиолч Т.Рэнцэний “Уяхан хангайн бүсгүй” шүлэгт аялгуу зохиож явсан нэгэн юм.

Ер нь энэ ангийн авьяастнуудыг нутаг нутгаас нь олж ирсэн багш нарын билгийн харааг магтахаас яалтай. Гавьяат Сэр-Одыг гэхэд Хөвсгөлийн Ханх сумаас Одонтунгалаг багш нь олж ирсэн бол, Баянхонгорын Гурванбулагаас “Зөөлөн зөөлөн замбуулин”-гийн Норовын Баасандоржийг Баттогоо багш, “Үнэний хорвоо” дууны зохиогч Пүрэвдоржийн Ганбатыг Төв аймгийн Эрдэнэсант сумаас улсын начин Чанарав гуайн гэргий хуучрын багш Лийриймаа олж ирж байжээ. Ангийнхан нь Сэр-Од зохиолчийг Сэрээ гэж нэрлэнэ. Тэрээр оюутан болж ирэхдээ л бас ч ганц нэг хүүхдийн дууны ая зохиочихсон тэрүүхэндээ хоосонгүй нэгэн байж. Хөгжмийнхний дунд “Эрдэнэбатын ногоон” хэмээн алдаршсан онолын номыг гараар хуулаад биччихсэн, ноот хараад баянхуур тоглочихдог байсан гэж байгаа. Дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа нарын “Би чамд хайртай”, Чинболорын “Төгөлдөр гоо” дуунуудыг зохиосон соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Даваажавын Сүхбаатар бол арын сайхан хангайн Цахир сумын унаган хүү. Завхан аймгийн Нөмрөг сумаас ирсэн Мөнхцэцэг эдүгээ Идэр сумын дуу хөгжмийн багшаар ажиллаж буй агаад арванзургаан дуунаас бүтсэн хүүхдийн дууны цомгоо гаргаад байгаа авьяаслаг нэгэн. Мэдээж ангийнх нь хөгжмийн мэргэжилтнүүд дууных нь найруулжуулга сэлтэд сэтгэл гарган тусалсан юм билээ.

Нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн хөгжмийн багш, соёлын тэргүүний ажилтан Батмагнай, Дэлгэрмаа хоёр бол өөрсдөө дууны найруулгаа хийдэг, Баянгол дүүргийн хэмжээнд мэргэжлээрээ гайхуулж яваа зүтгэлтнүүд юм билээ. Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Одончимэг хүүхдийн дууны уран бүтээлээрээ бас л гайхагдаж явдаг юм байна. ОХУ-ын Уралын их сургуулийг дүүргэсэн, Монголын анхны мэргэжлийн хөгжмийн зохиолч эмэгтэй, ардын жүжигчин Самбуугийн төрсөн дүү Дэнсмаа эдний ангийнхныг нэгдүгээр курст ороод дөнгөж арвандөрөв хонож байхад “Миний хүүхдүүд хичээл номоо хэцүү гэж бүү шантраарай. Танай ангид наанадаж авьяас төгөлдөр арван хөгжмийн зохиолч байна гэж би итгэл дүүрэн хэлье” гэхэд дунд сургуулийн ширээнээс хөндийрөх төдий оюунтан болоод гэрээ санамаглах аядаж байгаа хүүхдүүд тэр үгийг гайхах төдий болоод өнгөрчээ. Гайхахаар ч барахгүй “Хөгжмийн зохиолч гэж биднийг мөн ч томоор харж байна даа” гэж багшаа дооглон мушилзасхийцгээж байжээ. Энэ нь нэг талдаа өөрсдийн авьяас билгээ таньж хараахан мэдрээгүй, ирээдүйд юу бүтээхээ мэдэхгүй ариун тунгалаг үеийнх нь гэгээхэн эндүүрэл, гэрэлт андуурал байжээ. Дэнсмаа хэмээх тэр авьяаслаг багшийнх нь таньж ерөөснөөр ч юм уу, тэнгэр бурхнаас заяасан өглөг хишгийн буяных ч юм сан уу ямартай ч өнөө энэ ангийнхны олонхи нь хөгжмийн зохиолч, хөгжмийн урлагийн зүтгэлтнүүд болцгоон өсөн торниж, туурвин бүтээж явцгаана.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хөгжмийн багшаар Д.Одгэрэл, хөгжмийн зохиолч П.Ганбат нар яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн “Аргалын гал” яруу найргийн түүврийг аван “Үнэний хорвоо” шүлэгт аялгуу зохиосон түүх бий. Одгэрэлийн аялгуу зохиосон хувилбар төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит “Сэтгэлийн дуу”-д байр эзэлж шалгарсан бол Ганбатын аялгуутай дуу нь “Төгс аялгуу” уралдаанд дэд тэргүүн байр эзэлж, 1992 оны “Морин хуур” наадмын тусгай шагнал хүртэж байсан түүхтэй. Тэр жил Багшийн сургуулиас “Морин хуур”-т хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “тахиа” хэмээн алдаршсан “Сүүдэр цармын цэцэг” дууны зохиогч Сайнцогийн Мөнхбат, хөгжмийн зохиолч Ёндонгийн Сүхбаатар, одоогийн урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналын энтэй хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр нарын авьяасын шандас сорьсноос урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаярын “Орхон түшээ мөрөн” дуу тэргүүлж, оюунтан Ганбатын бүтээл тусгай шагнал хүртсэн гэлээ. Оюутан хүү улсын наадмаас тусгай шагнал авчихаад Хүнсний хорьдугаар дэлгүүрийн урд талаас “өвгөнт” хэмээх архи олныг авч найруулан ангийнхнаа дайлж байсан ажээ.

“Төрүүлээд өсгөдөг нь ээжий юм аа

Төөрүүлж орхидог нь хорвоо юм аа хө

Хайрлаад өсгөдөг нь аав минь юм аа

Хагацуулж орхидог нь хорвоо юм аа хө” хэмээх эл дууг гавьяат жүжигчин Болормаа дуулж анх олны хүртээл болгож байсан. Хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбатын хувьд 1992, 1996, 1997 оны “Морин хуур” наадмын шагнал хүртэж, 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байр, “Хайрын дуу – 2000” наадмын тэргүүн байрын шагналыг авч байсан билээ. Тэр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд хөгжмийн зохиолчоор суралцсан байдаг. Тэрээр Ширмэнтуяагийн дуулсан “Бодол”, яруу найрагч Д.Дашбадрахтай хамтарч “Санахгүй байхын аргагүй”, гавьяат жүжигчин Хонгорзул дуулж 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байрын шагнал хүртсэн “Их Монгол орон мину” романс, дууны шүлгийн мастер З.Түмэнжаргалтай хамтарч “Зүүдэнд уяатай уул минь” зэрэг олны хүртээл болсон жар гаруй нийтийн болон мэргэжлийн дууны уран бүтээл хийсэн байдаг.

Эдний ангийн багш Солонго болбоос Багшийн сургуулийн ёочингийн багш төдийгүй хойт улсад дуулаачаар сурч байгаад агаар таарахгүйн улмаас ирсэн авьяасын гэрэлт нэгэн байсан гэдэг. Энэ хүмүүн эдүгээ нийслэлийн 84 дүгээр сургуульд ахлах багшаар ажиллаж байна. Шавь нар нь багшаа “Улаанбаатарын наяад оны миссүүдийн нэг байсан даа” гэж шагширч байна. Багшийн сургуулийн байранд Сэр-Од, Баасандорж, Памбига Мөнхбат, Одгэрэл дөрвүүл оржээ. Тэр үед оюутнууд 180 төгрөгийн стипендтэй байлаа. Дөрвүүлээ далан төгрөгөөр нийлцгээв. Тасгийнхаа санхүүг Бааска хариуцна. Тогооч нь Д.Одгэрэл. Гучдугаар дэлгүүр лүү явж нэг килограмм элсэн чихэр, төгрөг дөчийн хоёр талхтай ирнэ. Нэгийг нь Сэрээ стакан ус барьж байгаад идчихдэг байж. Үлдсэн нөгөөхийг нь гурвуул хувааж иддэг байж. Оюутны цалингаа эхэндээ амьжиргаандаа хүргээд л байдаг байж. Хөгжмийн зохиолч О.Эрдэнэбат дөрөвдүгээр курсийн оюутан. Нэг удаа ах нэгдүгээр курсийн Сэрээгийн тасгийнхныг шар айргаар дайлж, түүнээс хойш стипендээ амьжиргаандаа хүргэхээ больсон гэж байгаа. Дал, далаар нийлэхээ ч больж тус тусдаа санхүүгээ барьцгаах болжээ. Тасгийн тогооч Одгоо хоолоо ахин дахин амссаар цадчихдаг байсан хөөрхөн зальтай. Нөгөө гурав нь шүлсээ залгиад хараа л суугаад байдаг байжээ. Хажуу талын зэргэлдээ өрөөнд ангийнх нь охид амьдарна. Тэднийхээ хоолыг Сэрээ баараггүй бууддаг гэж байгаа. Солонгоо багш нь ангийнхаа хүүхдүүдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн байжээ. Хүнсний 100 дугаар дэлгүүрээс хямдхан гэж цувдай авч ирэн хувцас угаадаг цагаан түмпэндээ цувдайныхаа шөлийг үлдээгээд гаргаж асгахаас ялархан байсаар хэд хонотол ангийн багш нь иржээ. Гэтэл тасгаас нь бөөн өмхий үнэр ханхлаад хачин юм болж дээ. Багш нь Сэрээгээр асгуулсан гэж байгаа.

Сэрээгийнхээс Хөвсгөлийн цагаан загас, чихэр боов их ирнэ. Яагаад гэвэл тэр Ханхын хүүхэд шүү дээ. Харин нөгөө гурвынхаас нь өрөм зөөхий, мах ирдэг байжээ. Баялагмаа гэж Говь-Алтайн охин байж. Ардын жүжигчин Загдсүрэнгийн удирдлага дор дуулаачаар төгссөн нэгэн. Чико буюу Шаравын Мөнхжаргал эдүгээ Эрдэнэтэд багшилж байна. Мөнхбатаас хойш Дуламсүрэн гуравдугаар курсээс ангийн дарга болсон Дорнодын Хөлөнбуйрын барга охин. Одоо тэр 94 дүгээр сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Тэд хоёр нийгмийн ид шилжилтийн үеийн даржинхан оюутнууд байсан ч өнөө бүгд мэргэжлээрээ ажиллаж байгаа чин сэтгэлтнүүд ажээ. Анх оюутан болж ирээд Борнуурын САА-д төмс хураалтад явж, механик зоорин дээр төмс ялгадаг байжээ. Улсын нөөцийн төмсийг ялгадаг том мэргэжилтнүүд гэж байгаа. САА-д явсан долоо, найман хөвгүүн нь зэргэд ангиудаасаа нэг, нэг найз охинтой болж ирлээ. Хоёрдугаар курсээсээ Багшийн сургууль, Цэцэрлэгийн багшийн ангиудын хөгжмийн ангийнхан нэгдэж, статусын хувьд Хөгжмийн багшийн коллежийн оюутнууд болон төгсөцгөөжээ. Сүхбаатараас ирсэн Мөнхзаяа хожим англи хэлний алдартай багш болсон байна. Лхамжав хоёрдугаар курсээс багшийн ангид орж одоо хотод цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Байгальмаа Говь-Алтайдаа багшилж байгаа нь сайшаалтай. Суурьбат гэж хөдөлгөөнтэй хүү одоо Сэлэнгэдээ алдарт уяач болсон байна. Гэрэлцэцэг хэмээх тэр турьхан охин Эрдэнэтэд багшилж байгаа гэсэн.

Дорноговиос ирсэн Энхбат Замын-Үүдэд ажиллаж амьдарч байгаа юм билээ. Ангийнхан нь холбоо бариасай гэж хүссээр л байна. Хоёр буудлын атаман, “Чулуутын минь гол оо хө” гэсэн дууг зохиосон Минжүүрдоржийн хүү Дэмчиг гэж хөдөлгөөнтэй, авьяастай нэгнийг өнөө ч ангийнхан нь халуун дотноор дурссаар байна. Төгсөлтийнхөө хорин жилийн уулзалт болохоос хэдхэн сарын өмнө бурхан болсон бүжиг дэглэдэг, хөгжмийн авьяастан Эрдэнэболдоо тэд мартаагүй ээ. 2014 оны зургадугаар сард эдний ангийнхны хорин жилийн уулзалт баяр, гуниг дүүрэн болж өнгөрчээ. Сэрээгээ 2010 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цол авахад ангийнхан нь Төрийн ордноос Хөгжмийн зохиолчдын холбоо руу хамт алхахдаа Бааска, Ганбаа хоёр нь “Хойшоо болоорой, хойшоо болоорой” хэмээн куперлэж явсан гэж байгаа. Нэгэндээ тийм л хүндтэй ханддаг хүмүүс ажээ. Энэ анги хоёр багшийн гар дамжжээ. Түүний нэг нь дуучин мэргэжилтэй Чулуунхүү. Багшдаа хайртай ч гэж жигтэйхэн. Солонго багш нь балчир хүүхдүүдийг нь оюутан болгосон бол Чулуунхүү багш нь хатуу шаардлагаар тодорхой нийгмийн хүмүүс болгосонд тэд өнөөдөр ч чин зүрхнээсээ баярладаг юм билээ.

Ая зохиогч, хөгжмийн зохиолч Норовын Баасандоржийг манай уншигчид андахгүй биз ээ. Түүнийг “Элээх тавилан”, “Хос шарга”, “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Тэр л хэвээрээ” зэрэг олон сайхан нийтийн дуугаар нь танина. Тэр “Морин хуур” наадмын сонсогчдын таашаалд нийцсэн дуу, Монголын радиогийн “Цагаан лавай”-н тэргүүн байрын эзэн болж байсан гайхамшигтай уран бүтээлч билээ. Эдний ангийнханд агуу их хөгжмийн зохиолч Ч.Сангидорж хөгжмийн онолын цагаан толгойг заасан юм билээ. Бас нэг сонирхолтой түүх өгүүлэхэд Баасандорж, Ганбат хоёр СУИС-д 2000 онд элсэхэд ангийнх нь анд Тогтохын Сэр-Од багшаар хүлээж байсан гээд бод доо. Бас л гоё түүх шүү. Муратбек гэж Баян-Өлгийн Алтанцөгцийн хүү эдүгээ Баян-Өлгийнхөө театрт уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Тогтохын Сэр-Од бол ХЦДБЧ-ын уран сайхны удирдаач, СУИС-ийн профессорын багийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Do Re­Sound music production”-ий продюсероор, хөгжмийн зохиолч П.Ганбат БГД-ийн Хүүхэд, залуучууд хөгжлийн төвийн захирал, СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимийн багш, соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж “Soft music” продакшны захирлаар тус тус ажиллацгааж байна. Ийм л тэнгэрлиг, авьяаслаг ангийнхан Монголын соёл урлагт хувь нэмрээ оруулсаар явцгаана даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Одончимэг Алтан гран прид түрүүллээ

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гран-При” болон И.Ярыгиний цомын төлөөх тэмцээн ОХУ-ын Красноярск хотод болж байгаа. Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Б.Одончимэг дөнгөж сая алтан медалийн төлөө ОХУ-ын бөхтэй барилдаж, 12:7-ын харьцаагаар яллаа. Ийнхүү олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг И.Ярыгиний нэрэмжит алтан гран прид түрүүлж байна. Түүнийг барилдахын өмнө манай эмэгтэй шигшээгийн тамирчин Э.Нарангэрэл, О.Бурмаа нар хүрэл медаль хүртсэн юм.

Categories
мэдээ спорт

О.Бурмаа Ярыгиний тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гран-При” болон И.Ярыгиний цомын төлөөх тэмцээн ОХУ-ын Красноярск хотод болж байгаа. Өнөөдөр эрэгтэй 61 кг, 86 кг, 125 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж, Улаанбаатарын цагаар 19.00 цагаас финалын барилдаан эхлээд байна. Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Б.Одончимэг мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө яг одоо барилдаж байна. Мөн манай бөхчүүдээс 48 кг-ын жинд Э.Нарангэрэл хүртсэн бол 75 кг-д Очирбатын Бурмаа дөнгөж сая ОХУ-ын бөхтэй барилдаж, хүрэл медаль хүртлээ.