Categories
мэдээ цаг-үе

Ж.Дашдондог: Би хүүхдийн зургаас “будаа иддэг” хүн

Хүүхдийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогтой ярилцлаа.

-Та нүүдлийн номын сантайгаа Монголоо хэд тойрчихсон юм биш үү. Анх ямар зорилго тавьж байв?

-24 жил нүүдлийн номын сан аялуулж байна. Энэ хугацаанд 137 000 км явсан. Ардчилал эхлэхэд хүүхэд ямар ном унших вэ гэдэг асуудал тулаад ирсэн. Мэдээжийн хэрэг социализмын үеийн номуудыг уншиж болохгүй гэж би хувьдаа бодсон. Яагаад гэвэл өөр нийгэм рүү орчихож байна. Социалист реализм гэдэг арга барил өөр. Чөлөөт эдийн засгийн үеийн утга зохиолын арга барил өөр. Энэ хоёр таарахгүй юм байна. Лав л бидний зохиолыг уншихгүй юм байна. Өөр ямар ном унших нь вэ гэж 1991 онд Германы Мюнхэн хотод очиж байсан. Тэнд Олон улсын хүүхдийн номын сан байдаг. Номуудыг уншаад байлаа. Үнэхээр өөр түвшинд оччихжээ. Яагаад энэ улс орон хөгжсөн гэхээр хүүхдүүдийнхээ оюуныг цэнэглэсэн юм байна. Энэ цэнэгийг бий болгох гээд 40 орны зохиол орчуулаад, эртний утга зохиолоос ухаж үзээд, социализмын үеийн бүтээлүүдээс таарах зохиолуудыг нь түүж аваад, 108 ном гаргасан. Хүн ойлгодоггүй ээ. Наадахыг чинь хүүхэд ч ойлгохгүй гэнэ. Ялангуяа утга зохиолынхон, сэхээтнүүд, багш нар ойлгохгүй юм. Би сэтгэлээр унаад хөдөө Булгандаа очлоо. Намайг очихоор л хүүхдүүд ном унших гээд ирдэг юм л даа. Би хэдэн ном аваад очдог. Уншуулсан чинь маш сайн ойлгож байна. Ялангуяа миний хамгийн хэцүү бүтсэн номыг маань хүртэл маш сайн ойлгосон. Цэвэр сэтгэл хөдөө байгаа юм байна гэж бодоод, Нүүдлийн номын сан авч явсан. 108 номоо үүрээд, машин, морь, цаа буга, яваагүй юм байхгүй. Морин тэргээр ч гурван жил явлаа. Одоо эргээд харахад ихэнх аймгаар гурав явчихаж, Хөвсгөлд гэхэд есөн удаа очсон байна. Би хөдөө амарч байгаа хүүхдүүдэд ном уншуулдаг юм. Хөдөөгийн хүүхдүүд их баярлана. Би ч ямар мөнгөтэй хүн биш. Нүүдлийн номын сан аялуулахад шатахууны мөнгө хэцүү шүү дээ. Нүүдлийн номын сан гэж зөвхөн ном уншуулдаг юм биш. Янз бүрийн ажил зохионо. Хадны сүг зураггүй аймаг гэж байхгүй. Хүүхдүүдэд хадны сүг зураг үзүүлнэ. Би тэрийг дэлхийн хамгийн том номын сан гэж боддог. Одоогийн хүүхдүүдэд түүнийг үзүүлэхээр яг таарч байгаа юм. Яагаад гэхээр хүн төрөлхтөний балчир үеийн зураг шүү дээ. Хүүхдүүд маш сайн ойлгож тусгаж авдаг. Тэгээд би үлгэр зохиолгоод шилдэг үлгэрт нь шагнал өгдөг. Энэ бол номын сангаа байгалийн номын сангаар баяжуулж байгаа хэрэг. “Чулуун домог” гэж миний ном бий. Амьтны дүрстэй чулуунуудыг үзүүлээд, яагаад ийм дүрстэй болсон гэхээр орчин үеийн домог үлгэр зохиож байгаа юм. Домог үлгэр зохиолгоод түрүүлсэнд нь шагнал өгдөг. Бас хүүхэдтэй ном хаялцдаг. Надтай ном хаялцах хүүхэд байна уу гэхээр айгаад байдаг. Намайг ялсан 230 хүүхэд бий гэхээр гараад ирнэ. Гарч ирэхээр нь лам нар ном хаялцдаг шиг ном хаялцана. Намайг ялахаар нь “Номонд мэргэн” гэдэг алтан медалиар шагнана. Монголын ард түмэн харанхуй бүдүүлэг хүмүүс байгаагүй. Хүүхдийг хөгжүүлэх арван эрдмийн эхэнд нь ном байдаг. Номонд мэргэн, нойронд сэргэг үйлэнд уран, үгэнд цэцэн гэдэг.

-Энэ жилийн аяллаа яагаад “Ногоон морь” гэж нэрлэв?

-Нэгдүгээрт дорно дахиныхан Майдар бурхан ирээдүйн бурхан гэж ярьдаг. Ирээдүйн бурхдын хөлөг нь Ногоон морь байдаг. Түүнээс сэдэл аваад ирээдүй үеийнхний төлөө явж байгаа юм чинь тэдний хүлэг нь оюун санааны ногоон морь байх ёстой гэж тэнэглэж байгаа юм л даа. Хоёрдугаарт миний овог Ногоон морьт. Овог сэргээгээд ирсэн чинь овгоо мэдэхгүй, хүн бүр янз янзаар хэлэх юм. Аавтайгаа ярилаа. Манай нутагт Ногоон морьт гэж уул байдаг. Том асган дээр өвс нь морь болоод ургачихдаг. Лав л миний жааханд тийм байсан. Одоо ч тэр морь нь эвдрээгүй. Түүнийг ногоон морьт гэж нутгийнхан шүтдэг. Манай аав нас барахынхаа өмнө буу зэвсгээ тэнд аваачиж тавьсан. Ангийн махаар намайг тэжээсэн юм. Сүүлд нь уучлал гуйгаад, буу зэвсгээ өргөхөд нь би цуг овоон дээр нь гарч байлаа. Аавд хэлсэн чинь “Ерөөсөө Ногоон морьт гэж нэрлэе. Ногоон морьт уул эцэг, эхээс ялгаагүй биднийг тэжээсэн юм” гэсэн. Тэгээд Ногоон морьт овог авсан, түүнийгээ ч бодсон. “Ногоон морь” гэдэг миний үлгэр Японд хэвлэгдсэн юм. Зургийг нь зурах гэж япон зураач хоёр жил дараалан Монголд ирсэн. Их гоёор хэвлэсэн. Машин дээрээ “Ногоон морь” гэж наасан. “Go help” гэж Англид төвтэй олон улсын байгууллага байдаг. “Авто ралли” зохион байгуулдаг байгууллага. Нэг машин дээрээ далавчтай ногоон морь зураад зардал мөнгийг нь даагаад баруун таван аймагт энэ жил явуулсан. Энэ жилийнхээ аялалыг “Ногоон морьтой аялал” гэж нэрлээд байгаа юм. Эцэг эхчүүдэд лекц уншаад, хүүхдүүдэд ном уншуулаад яваа. Номоо зараад, шатахууны мөнгө олоод түүгээрээ 24 жил явлаа.

-Номын дэлгүүрээс хүүхдийн зохиол сонгож олоход хэцүү. Бидний үеийн зохиолууд таарахгүй. Сүүлийн үед гаднын хүүхдийн зохиолуудыг орчуулаад хэвлэдэг болсон байна?

-Хуучин зохиолууд таарахгүй гэдэг үнэн. Баян хүн муухай сэтгэлтэй, ядуу хүн сайхан сэтгэлтэй гэж бичдэг байсан. Ингэж хар цагаанаар хувааж загварчилсан юм одоогийн хүүхдэд тохирохгүй. Одоо баячуудыг хөлөөс нь татаад байна. Бид баян хүнийг жигшүүлчихсэн. Энэ улбаа тасраагүй. Баян хүн байхгүй бол энэ нийгмийг хэн авч явах юм. Энэ чинь бидний хийсэн нүгэл байхгүй юу. Хоёрдугаарт нэг юм бичихээр үүний цаана хэнийг хэлж байгаа юм. Аягүй бол чи Цэдэнбалыг шоргоолжоор хэлсэн байх гээд үйл үздэг. Хал балгүй юм бичиж бай. Битгий хоёрдмол санаатай юм бичиж бай гэдэг байлаа. Хоёрдмол санаа, гүн ухааны санаа гэдэг хамгийн гол нь. Хүүхэд зохиол уншаад инээнэ. Цаана нь арьсан дотор нь гүн санаа хийж өгөх ёстой. Тэгж байж хүүхдэд юм өгнө. Мөнхийн зохиол болно. Андерсены “Нүцгэн хаан” гэдэг үлгэрт гүн ухааны санаа хийчихсэн байхгүй юу. Хүн төрөлхтөнд зориулаад бичсэн болохоор ямар ч нийгэмд зохицно.

-“Гурван марал” гээд таны зохиолд бас л гүн ухаан яваад байх юм. Хүүхдэд хүнддэх биш үү?

-Хүнддэхгүй. Хуучин манай утга зохиолд нэг хандлага байсан. Хүүхдэд ойлгогдохоор бичнэ гээд хүүхдийн утга зохиолыг дээд зэргээр ядууруулсан. Хүүхэд өөрсдөө маш их гүн ухаантай улс. Магадгүй томчуудаас илүү ойлгоно. Хүүхдийн хэлээр бичээгүй байна гэж намайг насан туршид маань шүүмжиллээ. Хүүхдийн хэлээр бичнэ гээд зуун үгээр бичиж болох байх л даа. Цаашаа явах ёстой. Хэлгүй бол сэтгэлгээ нь хөгжихгүй. Нэг үг дагаж, нэг шинэ сэтгэлгээ нэмдэг. Одоо ч миний “Морьтой үлгэр” номонд хүүхэд мэдэхгүй үг их байна гэдэг. Хүүхэд мэдэхгүй байж болно. Тэр үгийн эрэлд гарна. Толиос хараад нэг том үгтэй үлдэнэ. Бэлэн юм шаарддаг сэтгэлгээ одоо хүртэл яваад байгаа юм.

-Хүүхдийн зохиолд санаа чухал байх?

-Том жишээ нь Андерсен байна л даа. Андерсенаас том багш бидэнд байхгүй. Энэ юу хэлж байна гэвэл ерөөсөө гүн санаа л хийсэн. Нүцгэн ноён гэхэд нийгэм яаж ялзарсан, ганц үнэн үг хэлсэн хүн нь хүүхэд байсан. Аюултай хэлж байна шүү дээ. Нугасны муухай дэгдээхэйг бүгд ад үзээд байсан. Ямар сайхан шувуу болов. Мундаг гүн санаанууд. Уншигчид харин дандаа шүүмжлээд байх юм.

-Эсвэл өөрсдөө ойлгохгүй болохоороо шүүмжилдэг байх?

-Өөрсдөө ойлгохгүй, хүүхэд ойлгоод байгаа юм. Жишээлбэл “Морьтой үлгэр” номыг маань багш нар, эцэг эх, шүүмжлээд “Хуучин үгээр бичсэн байна” гэцгээсэн. Г.Мэнд-Ооёо Соёлын яамны Соёл урлагийн газрын дарга байлаа. Түүнд энэ тухайгаа ярихад “Алив үзье” гэсэн. Таван настай ачдаа уншиж өгсөн чинь бүгдийг нь эргүүлээд тэр чигээр нь ярьжээ. “Та бол жинхэнэ хүүхдийн зохиолч байна” гэсэн юм. Тэр жилийн шилдэг номоор “Морьтой үлгэр” шалгарсан. Тэгэхээр хүүхэд ойлгох юм болов уу гэж боддог юм.

-Гадныхан таныг ойлгоод байх шиг санагддаг?

-Ойлгоод байна л даа. Японд дөрвөн ном, Солонгост долоон ном гарсан байна. Германд, Арабын орнуудад ч хэвлэгдсэн. Сая Солонгосын киноныхон ирээд “Гурван марал” номыг маань худалдаж аваад уншжээ. Энэ бол дэлхийн хэмжээний ном байна, хэвлэнэ гээд аваад явсан. “Хар шувууны цагаан түүх” гэж ном бичсэн. Эмгэн хэрээ хоёрын жаран жилийн нөхөрлөлийн тухай, гэрэл зурагтай, бодит түүхэн ном. Боловсролын яамнаас том уралдаан зарлахад байранд орсонгүй. Өвөрмонголчууд харин хэвлээд, намайг шагнал ав гээд дуудаж байна. Очсон чинь улсууд миний гарын үсгийг авах гээд дэлгүүрт ирчихсэн ч байх шиг. Тэрийг хятадууд сонирхоод, хятад хэл дээр орчуулаад гаргачихаж. Тэндээс захиа занаа ирж байна. Зарим нь “Чонон сүлд”-ийн дайтай ном байна гэж. За бүү мэд дээ. Хятадын зах зээлд орно гэдэг миний хувьд их том юм байгаа юм.

-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, юу уншуулах вэ гэдэг том асуудал?

-Анхны ном хүүхдийг хөтөлж, номын амтанд оруулдаг учраас маш хариуцлагатай сонголт. Жишээлбэл Америкт “Малгайтай муур” гэдэг номыг заавал уншуулдаг. Хүүхдийн гарт эхлээд муу ном оччихвол хүүхэд дахиад ном уншихгүй л дээ. Хүүхдийн анхны ном маш их эрчимтэй, хүүхэд шиг хөдөлгөөнтэй байх учиртай. Хүүхэд арга байхгүй сэтгэл татагддаг. Тэр номыг уншаад инээдэг, уйлдаг, үзэн яддаг. Сэтгэлгээг нь хөгжүүлж догдлуулсан ном эхэлж уншуулах ёстой. Түүнийг хүүхэд өөрөө сонгож олж чадахгүй. Ямар ном уншуулах вэ гэдгийг л би эцэг эхчүүдэд хэлээд явдаг. Зах зээлд сайн нь ч муу нь ч бий.

-Таны бүтээлээс анхны номоор санал болгох ном байгаа биз?

-Анхны номонд өөрийн бүтээлээ санал болгооч гэвэл Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил есдүгээр сарын 1-нд ярьсан “Гэр” гэдэг үлгэрийг л оруулаасай гэж хүснэ. Би тэр үлгэрийг Ар жанчивланд амарч байхдаа бичсэн юм шүү дээ. Гэр барих гээд хэдэн залуу өдөржин ноцолдоод чадсангүй. Тэгсэн чинь нэг муу өвгөн очоод бараг ганцаараа хэдхэн минутад барьчихаж байгаа юм. Түүнээс санаа аваад “Гэр” гэдэг үлгэр биччихсэн. Амьтад, хүмүүс эвтэй сайхан амьдарч байсан чинь юунаас ч болсон юм тус тусдаа гэртэй болсон. Шувууд тэнгэрт, зарим амьтад усанд, газар дор гэртэй. Хүнд гэр байхгүй. Долоон хүүхэдтэй өвгөн. “Өө, гэр энэ байна шүү дээ” гээд тооно гээд нарыг хараад, цацрагийг унь гэж заадаг. Эргэн тойрны уулыг хана нь энэ байна. Тээр тэнд байгаа хавцлыг хараад хаалга нь энэ байна гэсэн. Дэлхийгээ дуурайлгаад, монгол гэр хийчихгүй юу. Өвгөн ханан гэрээ орхиод, хадан гэр нь ойртоход хүүхдүүддээ ганцхан юм захьсан. “Бүслүүрээ чангалж яваарай” гэсэн. Хүүхдүүд нь ойлгосонгүй. Өвгөн өнгөрснөөс хойш гэр нь шалхайгаад унах гээд хүүхдүүд “Чи гарч чангал”гээд бие биедээ дээрэлхэж байтал гэр нь уначихаж. Хэрэлдээд таарахгүй, өмчөө хувааж авна гээд нэг нь тоонотой, нөгөө нь уньтай, өөр нэг нь ханатай, хаалгатай үлдсэн. Монголын зэрлэг талд ганц тоонотой хүн яаж амьдрах вэ. Амьдрах аргагүй болоод цөмөөрөө бүслүүрээс өөр юм үлдээгүй дүү дээрээ тал талаас унь, тооно, хаалгаа барьж иржээ. Гэрээ бариад, бүслүүрээ чангалж татаад, өвгөн аавын хэлснийг ойлгож гэнэ. Ерөөсөө л утга нь энэ. Ерөнхийлөгч үүнийг өөрөөр заасан. Би бол эв нэгдлийн үлгэр гэж бичсэн. Ерөнхийлөгч “За , хүүхдүүд ээ, хүүхдүүд нь хэрэлдээд унь тооноо аваад явчихдаг зөв үү гэж байна, хүүхдүүд буруу гэсэн. Монголын талд ганц ганцаараа амьдарч чадахгүй бүгдээрээ гэрээ эргүүлээд барьж байна, зөв үү” гэсэн. “Зөв” гэж хариулж байна. “Буруугаас зөв рүү явж байгаа үйл явцыг чинь л Зөв монгол хүүхэд гэнэ шүү дээ” гэж Ерөнхийлөгч өөрийнхөөрөө тайлбарласан. Хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгох гүн ухааны үлгэр энэ байхгүй юу.

-Та олон улсын хүүхдийн номын яармагт оролцдог. Дэлхий хаашаа явж байна, хүүхдийн зохиол юу болж хувираад байна вэ?

-Миний харж байгаагаар бодит зохиол, баримтат зохиол руу сүүлийн үед орж байна. Уран сэтгэмжээс жаахан уйдсан ч юм уу. Насанд хүрэгчид ч Гитлерийн намтар, Жуковын намтар руу хошуурч байна. Баримтат юм сонирхоод байна шүү дээ. Ийм чиглэл харагдаад байна лээ. Баримт уран сайхан хоёрыг сүлжчихсэн. Хатуу баримт бол сэтгүүлчийн нийтлэл шиг болчихно шүү дээ. Уран сэтгэмж бол хэзээ ч хоцрогдохгүй, халаасанд байх мөнхийн сэдэв.

-Хүүхдийн зохиолч хүүхэд хэвээрээ үлддэг гэдэг. Таны зохиол бичих сэдэл хаанаас төрдөг вэ?

-Би хүүхдийн зургаас будаа иддэг хүн. Хүүхдийн зурагт маш их ухаан байдаг. Хүүхэд сэтгэлгээ нь зургаар илэрч гардаг. Жишээлбэл зургаан настай хүүхэд өөрийгөө зурж байна. Нэг чих нь том нөгөөх нь жижиг. Яагаад ийм байна гэхээр “Үглээд байхаар чих багасаад, үлгэр сонсохоор чих уртсаад байна” гэж байгаа юм. Дараа нь биеэ зурсан чинь толгой нь том байна. “Үгүй, энэ чинь рахиттай хүүхэд шиг яасан том толгой вэ гэхээр “Толгойд бодол багтахгүй байхад том зурахаас аргагүй” гэнэ. Тэгснээ зүүн гартаа дөрвөн хуруу зурчихаад, баруун гартаа зургаан хуруу зурчихав. “Баруун гар их юм хийдэг. Зүүн гар юу ч хийдэггүй залхуу болохоор нэг хуруугаа ийш нь зээлдүүлчихсэн” гэлээ. Хөлөө зурахдаа тэр нөхөр дөрвөн хөл зурчихлаа. Яагаад гэхээр “Шувууны бага нь жиргэдэг, хүний бага нь гүйдэг гээд намайг гүйлгээд байх юм. Хоёр хөл хаанаа ч хүрэхгүй байна. Дөрвөн хөлтэй бол дэлхийгээр нэг гүйгээд, хүн болгонд тусалчих юм сан” гэж байгаа юм. Энэ тэр чигээрээ гүн ухаан. Хүүхэд судлалыг зургаас нь эхэлдэг. Миний хамгийн сонирхдог үе нь сургуульд ороогүй хүүхдүүд.

Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: Малчдын нийгмийн даатгал төлсөн нэг жилийг 1.2 жил болгон нэмэгдүүлж тооцно

Энэ удаагийн “Бид” ярилцлагын буланд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт оролцлоо. Д.Батцогт гишүүний хувьд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх санаачилга гаргаж түүний дагуу малчдын тэтгэвэр тэтгэмжийг нөхөж тооцох нөхцөл бүрдээд байгаа юм. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Ховд аймагт шатахууны үнэ буурсан гэсэн сайхан мэдээ байна. Шатахууны үнэ буурсан нь Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдэд таатай санагдаж байгаа нь мэдээж?

-Баруун бүсийн ард иргэд Улаанбаатар хотынхоос 400 гаруй төгрөгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг, тэгсэн хэрнээ ижил хэмжээний цалин, тэтгэвэр тэтгэмж авдаг байсан. Нэг талаараа хэлмэгдэж байсан ард түмэн. Нийслэлээсээ хэт алслагдсан ард иргэд бүсийн хөнгөлөлттэй байх ёстой гэдэг асуудлыг үе үеийн парламент дээр ярьж, бүсийн хөнгөлөлтийн хуулийг санаачилдаг ч дэмжигддэггүй байсан. Бүсийн нэмэгдлийн тухай тусгайлсан хууль гаргаснаас шатахууны үнийг Улаанбаатарынхтай адилхан болгоё, эрчим хүчний үнийг төвийн бүсийнхтэй адилхан болгоё гэх мэт олон хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх нь зөв юм байна. Ямартай ч шатахууныхаа үнийг хямдруулж чадлаа. Аль ч цаг үед хийж болох байсан ажлыг энэ Засгийн газрын үед хийж чадлаа. Энэ бол баруун аймгуудын эдийн засагт маш том хувь нэмрээ оруулна. Литр тутамд 400 төгрөгийн хэмнэлт гарна гэдэг бол ард иргэдийн халааснаас хэдий хэмжээний мөнгийг хэмнэж болох уу, эдийн засагт хэдий хэмжээний үр өгөөж өгөх үү гэдэг нь ойлгомжтой. Иргэдийн халааснаас хэмнэгдсэн мөнгө тэндээ үлдэнэ гэсэн үг.

-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хоёр дахин буурсан байхад манайд үнэтэй хэвээрээ л байсан. Шатахууны үнийг буулгахын тулд гишүүд Засгийн газарт нэлээд шахалт үзүүлсэн байх?

-Шатахууны үнэ буурсанд иргэд маш их баяртай байна. Шатахууны үнийг бууруулсны маргааш өглөө миний таньдаг залуу тааралдаад “Би 20000 төгрөгт бензин аваад дундаас нь нэг хайрцаг тамхины мөнгө гаргаад авлаа. Энэ чинь л бодит хэмнэлт юм байна” гэж хэлж байсан л даа. Энэ хэрээрээ иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлнө. Бензин хямдарлаа гээд тэнд бизнес хийж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн орлого буурахгүй, харин ч өснө. Литр тутмаас олж байсан ашиг нь багассан ч борлуулалт нэмэгдсэн учир ашиг орлого нь нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг юм билээ. Манай ховдынхон яадаг вэ гэхээр Улаанбаатараас явахдаа шатахуун хямд байдаг Баянхонгор, Говь-Алтай аймгуудаас маш их шатахуун аваад Ховдоосоо бага авдаг байсан. Тэгвэл эсрэгээрээ шатахуунаа Ховдоосоо их хэмжээгээр авдаг болсон байна. Ер нь бол дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаснаас үүдэн баруун аймгуудын шатахууны үнийг буулгасан гэж ойлгож болохгүй. Бид цаашид улс орны хэмжээнд нэг үнийн тогтолцоог хийхийг зорьж байна. Ингэхийн тулд Онцгой албан татвараараа л зохицуулалт хийх эрхийг нь Засгийн газарт өгч байгаа. Төвийн бүсээрээ орж ирж байгаа нефтийн татварыг өндөр буюу хэвийн байлгаад, баруун бүсэд авах татварыг тэг болгож байж энэ асуудлыг шийдсэн. Цаашид ч тогтвортой байна. Энэ бол Засгийн газрын санал санаачилга. Гишүүдийн зүгээс шахалт үзүүлж л ажилласан.

-Малчдын тэтгэврийг 1.2 жилээр тооцох таны санал санаачилга УИХ-аас дэмжлэг авлаа. Тэгэхээр 1.2 жилийг сараар нь тооцвол хэд гэсэн үг вэ. 14 сар уу, 15 сар уу. Мөн малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах асуудлыг сөрөг хүчин нэлээд ярьсан?

-Яг нарийн бодож үзээгүй юм байна шүү. Гэхдээ уг санаа нь 14 сар. Энэ хөнгөлөлтийг өмнө нь цэрэг, цагдаагийн, дипломат ажилтнуудад өгдөг байсан. Дипломат ажилтнуудын хувьд байгалийн эрс тэрс уур амьсгалтай газар нутагт ажилладаг учир ажилласан жилийг нь 1.6 жилээр тооцдог. Цэрэг цагдаагийнхныг 1.5 жилээр нөхөн тооцдог байсан. УИХ-ын гишүүдийн зүгээс малчдын нийгмийн баталгааг сайжруулъя, тэтгэврийн насыг наашлуулъя, малчдад тодорхой нэмэгдэл өгье гэж ярьдаг. Малчдын тэтгэврийн насыг механикаар наашлуулах бололцоогүй. Малчдын эрхэлж байгаа ажил хүнд гэдгийг тооцох ёстой л доо. Гэхдээ зөвхөн малчдын насыг наашлуулна гэвэл бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс барьцана шүү дээ. Тухайлбал, уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс адилхан хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нь эргээд Үндсэн хууль зөрчсөн, ажил мэргэжлээр нь ялгаварласан хэрэг болно. Нөгөөтэйгүүр энэ улс чинь тэр чигтээ тэтгэвэр авдаг хүмүүсээр дүүрэх гээд байна. Тиймээс малчдаа дэмжээд ажилласан жилийг 1.2 жилээр тооцохоор болж байгаа юм.

Яагаад заавал малчдыг дэмжээд байгаа юм бэ гэж гайхаж магадгүй. Малчид Монгол Улсын эдийн засгийн маш том хувийг нуруундаа үүрч байгаа, соёл уламжлалыг хадгалж яваа онцлогтой ард түмэн. Энэ хүмүүсээ төрийн бодлогоор дэмжих ёстой юм. Тэдний нийгмийн даатгал төлсөн нэг жилийг 1.2 жил болгон нэмэгдүүлж тооцох тухай хуулийн төслийг санаачилж батлууллаа. Энэ хууль батлагдсанаар малчдын нийгмийн баталгаа эрс өөрчлөгдөнө.

-Тэгэхээр авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэх үү?

-Авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.

-Малчдын орлого нь тодорхойгүй, сайн дураараа нийгмийн даатгал төлдөг байсан. Энэ хууль батлагдсанаар малчдын тэтгэврийн нөхцөл сайжирлаа. Үүнийг дагаад нийгмийн даатгалаа төлье гэдэг сэдэл төрж байгаа байх. Тэгэхээр нийгмийн даатгалаа нөхөж төлж болох уу?

-Малчид нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдсан хамрагдалт маш бага байна. Ерөөсөө нийт малчдын 11 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэлд сайн дураараа хамрагдаж байна. Малчид маань нэгд, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг ухаж ойлгохгүй байна нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр ирээдүйн нийгмийн баталгаа нь ямар болох вэ гэдэг хуулийг сурталчлан тайлбарлах асуудал ч байгаа. Хоёрдугаарт, малчид маань та бидэн шиг сар бүр цалин авдаггүй улсууд. Тэдэнд сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх бололцоо алга. Малчид жилдээ 2-3 удаа л ноолуур, идэшний гэх мэт үеэр орлого олдог. Тэр үед нь нийгмийн даатгалын шимтгэл авах бололцоог нь нээсэн хуулийг УИХ дээр бид баталсан байгаа. Дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаагүй хүмүүсийг нөхөн төлүүлэх боломжид малчид маань хамрагдаад явж байгаа. Олон боломжийг нээж өгсөн хуулиудаа илүү сурталчлах, ойлгуулж таниулах хэрэгцээ байгаа.

-Малчдын тэтгэвэр нэмэгдэнэ гэж та цухас дурдлаа. Тодорхой хэлбэл 10-20 жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн малчин хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байна. Та хуучин шинийг нь харьцуулаад хэлбэл?

-Яг нарийн тооцооллыг гаргаагүй байна. Тэр тооцооллыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын газрынхан гаргах байх. Мэдээж тэтгэврийн хэмжээ шууд нэмэгдэнэ. Ер нь бол малчид маань хамгийн бага тэтгэвэр авдаг байсан. Цэрэг цагдаагийнхан бол тэтгэвэрт гарахдаа үнэхээр өндөр тэтгэвэр авдаг нь ойлгомжтой байгаа. 1,2 жилээр нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдэж тооцогдоод ажилласан жил нь нэмэгдээд явчихаар тэтгэвэр мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

-Та сая өнөөдөр нийт малчдын 11 хувь нь л сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байна гэсэн мэдээлэл өглөө. Нийт тэтгэврийн насны малчдын хэдэн хувь нь тэтгэвэр авч байна вэ?

-Нийтдээ 50 гаруй мянган малчин тэтгэвэр авдаг юм байна. Тэрнээс найман мянга гаруй нь тахир дутуугийн тэтгэвэр авдаг юм байна. Малчид маань бидний нийгмийн даатгалын шимтгэлийг яах вэ, бид төлж чадахгүй байна. Эсвэл төр даах бололцоо байхгүй юм уу. Бид чинь цаг наргүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс шүү дээ гэсэн зүйлийг ярьдаг. Тэтгэврийн тогтолцоо гэдэг маань сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд ид хөдөлмөрлөж, мөнгө олж чаддаг насан дээрээ тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгож байгаад ирээдүйд ажил хөдөлмөрийн чадвар алдагдсан үедээ тэтгэвэр авах энэ тогтолцоог хийж өгсөн. Мөн сая бид тэтгэврийн бодлогын шинэчлэлийг баталлаа. Ер нь иргэн хүн өөрөө хүсэх юм бол, нэмэлт нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ирээдүйд бусдаас илүү тэтгэвэр авах бололцоог өөртөө бий болгоё гэвэл боломж нь бий болсон. Үүний араас нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө бэлтгээд Засгийн газрын яамдуудаас санал аваад УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Бид малчид болоод иргэддээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг таниулах, хууль сурталчлах ажлыг сайн хийх шаардлагатай байгаа.

-Эрх барьж байгаа Ардчилсан нам бол өмнөх эрх баригчид шиг бэлэн мөнгө өгнө гэж амлахгүй байгаа шүү дээ. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль, таны санаачилсан малчдын ажилласан жилийг нэмж тооцох тухай зэрэг бол нийгмийн даатгалын салбарыг сууриар нь өөрчилж байгаа шинэчлэлүүд орж байна гэж миний хувьд дүгнэж байгаа.

-Ард иргэдэд аль болох бэлэн мөнгө өгдөг, амладаг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Үүний оронд өвдсөн зовсон үед нь, хөдөлмөрийн чадвараа алдсан үед нь ямар хэмжээний халамж тэтгэвэр авдаг байх ёстой вэ гэдгийг тодорхой болгож өгөх ёстой. Мөн бид тэтгэврийн зээлийн орчныг бий болгох хуулийн төслийг санаачлаад явж байна. Энэ хуулийн төсөлд ахмадууд маань тэтгэврийнхээ тодорхой хувийг барьцаалаад зээл авдаг. Тодорхой хувийг гар дээрээ авдаг байхаар тусгаж байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр ч ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Зуу зуун хайр, зуун зууны хайр

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын хоёр дахь цувралыг хэвлүүлжээ.Энэхүү цувралын эхнийхийг 2014 онд хэвлэн гаргасан юм. Тухайн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” чөлөөт уншлага зохион байгуулж, уг уншлагад оролцсон найрагчдын хайрын шүлгээр ном бүтээсэн билээ.

Өнгөрсөн ням гаригт нээлтээ хийж, уншигчдын гар дээр очсон хоёр дахь цувралд Б.Ринченгээс Д.Эрдэнэзулай хүртэлх 150 гаруй яруу найрагчийн хайрын шүлгүүдийг багтаажээ. Номыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан эрхлэн, залуу яруу найрагч Б.Алтанхуяг, М.Батбаяр нар эмхэтгэн хэвлэлд бэлтгэсэн байна. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн хэвлэх үйлдвэр уг номыг өвөрмөц хийц загвартайгаар хэвлэн гаргажээ. “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын нээлтэд төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Д.Мөнхтөр нар болон МЗЭ-ийн дэргэдэх “Шинэ мянган” нэгдэл, Залуу зохиолчдын нэгдлийн уран бүтээлчид, яруу найрагчид, уншигчдын төлөөлөл оролцлоо. Хайрын шүлгээс тухайн хүний хэн болох, дотоод мэдрэмж сэтгэл санааны онцлогийг бэлхнээ мэдэж болдог гэдэг. Өөрөөр хэлбэл яруу найрагчид хайрын шүлэгтээ зүрх сэтгэлээ нүцгэн үнэнээр нь өгүүлдэг бол өөр бусад шүлэгт сэтгэл гэхээсээ сэтгэлгээгээ илүү шингээдэг гэж үзэх нь ч бий. Ер нь хайрын шүлэг юугаар ч орлуулалгүй өөрийн гэсэн үнэ цэнтэй, түүхтэй байдаг. Ингээд “Зуун яруу найрагч, Зуун хайрын шүлэг-II” номонд орсон “Өдрийн сонин”-ы яруу найрагчид болон бусад яруу найрагчдын шүлгээс дээжлэн толилуулж байна.

“Болор цом”-ын эзэн Яруу найрагч Норовын Гантулга

Э.З-Д

Зөрөг замын голд харц харцаа мөргөлдүүлж

Зөөлөн сэвшээ үдшээр санаандгүй уулзсан бүсгүй минь

Оддын чөлөөнөө тунарсан дорнын саран адил гэрэлт дүрийг чинь

Одоо болтол би мартаагүй л яваа юм шүү

Луу ороосон зүүд хөмсгөн сарнаас нисэж

Лаа асахын төдийд чиний зүг харвана

Жүнзтэй дарсны мэлмэрээнээс охидын нүд шүүрч

Жигүүрээ дэлгэсэн шувуу цээжин дотор ганганана

Амрагийн дууны цэнхэр алчуур торгон салхи сэвэлзтэл

Алдрайхан хонгор зүрхний минь гэгээн тольтод намирлаа

Рашаан булгийн хатан долгио тунгалагхан үзэгдэж

Равжаагийн цэцэн мөрүүдээс би чамайг олж харлаа

Ганихрам үдийн халуун сүүдэрт дуулж суугаад эргэсэн ч

Ганхаа хонгор цэцэгсийг мартаж чадамгүй санагдана

Адууны зүүдтэй талдаа хайрын мананд ороогдон уналаа ч

Амрагийнхаа гэрэлт харцнаас дүрийг чинь харж тайтгарна

Лимбэ цэцгэн дундаас өнчин янзага цахилж

Ланзан үүлсийн цаагуур оройн наран шингэлээ

Дурлалт сайхан чи минь сүүлчийн удаа миний

Дугариг нулимсан дотор ягаан даашинзтай бүжлээ.

Яруу найрагч, “Өдрийн сонин”-ы Улс төрийн албаны сэтгүүлч Энхбаатарын Энхболд

Чамайгаа би мартаж чадаагүй

Хайртай чинийхээ сэтгэлээс хол ч

Харамлан хайрлахын зүрхтэй байж

Хардаж хардуулахын үнэнээс ангид

Хавар намрыг үдэж чадсан болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй ээ

Нулимстай чинийхээ харцнаас нуугдсан ч

Наадан эрхлэхийн хайртай байж

Нандин учралын үүлс сэмлэн

Нуурын шувуудыг нисгэсэн болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй ээ

Энхрий чинийхээ бодлоос ангид

Энэлэн шаналахын гунигтай байж

Энэ орчлонгийн гэрлийг цуглуулан

Эрх сэтгэлээ аргадсан болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй ээ

Хүслийнхээ тал дээр ганцаардлаа нөмөрч

Хараацайн гунигаар жигүүр урлаад

Дэлхийн хязгаараас сарнай түүж

Дэндүү их хайраасаа хагацаж чадаагүй болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй ээ.

Яруу найрагч, “Өдрийн сонин”-ны Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул

* * *

Гав гинж, дөнгийг минь таслан хаясан

Чиний хуриманд талархъя

Хуучин муу үүр адил чамайг орхиод

Алсыг шувуу шиг зорин

Эрх чөлөөтэйхэн нисье

Элин халин нисч ханаад

Эргээд дахин газардахдаа

Эр хүний үүрэнд орохгүй гээд

Хоёр жигүүрээ тасдъя.

Яруу найрагч, “Өдрийн сонин”-ы Гэрэл зургийн албаны фото сурвалжлагч Гантогтохын Лхагвадорж

Оньсхон

Оньсхон минь

Олон ааштай зөрүүдхэн минь

Одоо би чинийхээ оньсыг тайлж сурсан уу?

Ямар зүйлд дуртай, ямарт нь дургүй

Яахаар уурладаг, яахаар баярладаг

Юунд хамгийн ихээр сэтгэл нь хөдөлж

Юунд хамгийн ихээр ой гутдагийг чинь ч мэднэ

Оньсхон минь

Олон ааштай зөрүүдхэн минь

Одоо би чинийхээ нууцыг мэдсэн үү?

Гэзэг үс чинь ямархан үнэртдэгийг

Гижиг чинь хаанаа байдгийг

Уурлавал чинь хэрхэн аргадахаа

Уруулыг чинь яаж озохоо ч мэднэ.

Гэвч чи минь оньсхон хэвээр л

Гэргий минь байлаа ч тайлагдашгүй янзаар

Үе үехэн гунихад чинь

Үүд хаалгагүй газар хоригдох шиг л болном.

Эмзэг турьхан, ичимхий ялдам

Тэгээд тийм гэнэхэн байхын зэрэгцээ

Яаж ийм үл ойлгогдом байж чаддаг байна аа…

Оньсхон минь

Оньсогохон минь ээ

Яруу найрагч Зоригоогийн Сумъяабазар

* * *

Өглөө сэрмэгц аманд аялагдсан ийм гунигт дуутай

Урт хаврын өдрүүдийг туулна гэдэг хэцүү

Нот бүхнээс нь нулимс дуслах бүрт

Нэгэнт хагацсан чамаас ахин хагацах юутай хүнд

Намрын тухай дуу атлаа хаврын гудамжинд

Зэрлэг ургамал шиг ургах энэ дууг

Аялахгүй байж чадахгүй байна

Ихийн их хайрыг хагацал болтол нь туучсан

Ийм гунигт дууг аялахгүй байж чдахгүй байна

Ихийн их хайрыг хагацал болтол нь туучсан

Ийм гунигт нүдийг ижийдээ үзүүлж чадахгүй байна.

Бэлтгэсэн Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг: Япончууд “Эрдэнэс-Таван толгой”-г ашиглахад оролцоно

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-”Эрдэнэс-Таван толгой”-н ажил ямар шатандаа явж байгаа юм бэ. Улс төрийн эрх ашиг байгаа учраас 2016 оны сонгуулиас өмнө хөдөлгөхгүй гэх яриа байгаа?

-Төр засгийн зүгээс “Эрдэнэс-Таван толгой”-г хөдөлгөхгүй, зогсоосон зүйл байхгүй. Нүүрсний үнэ уначихсан, хэрэглээ байхгүй болохоор “Эрдэнэс-Таван толгой”-н олборлолт түр зогсчихоод байгаа. Нүүрс экспортлохын тухайд гаргаж л байгаа шүү дээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьд өнгөрсөн зун 2.5 сая тонн нүүрс олборлоод овоолчихсон байгаа. Баруун Цанхийн “Макмахон” компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж оронд нь Хятадын компани үйл ажиллагаа явуулж Чалкогийн өрийг дарах нүүрсийг олборлож байна. Миний хувьд Таван толгойн тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барихаар ажиллаж байна. Засгийн газраас санал авах хугацаа арванхоёрдугаар сарын 10-нд дууссан. Төрийн бус байгууллагуудаас дэмжлэг хүсэх албан бичиг өнөөдрөөс (өчигдрөөс) эхлэн ирж байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргаас цаг авсны үндсэн дээр Таван толгойн тогтоолынхоо төслийг өргөн барина гэж бодож байгаа. Энэ тогтоолын төсөлд 40 гаруй гишүүн гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Ер нь үндсэндээ гол гурван асуудлыг хөндсөн байгаа.

-Ямар гурван асуудал билээ?

-Нэгдүгээрт, 1072 хувьцааг эргэлтэд оруулах ёстой. Хоёрдугаарт, “Эрдэнэс таван толгой” компанийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын эзэмшилд байх ёстой. Мөн төмөр замуудын 51-ээс доошгүй хувь нь төрийн эзэмшилд байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, гуравдагч хөршийн бодлогыг оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг улсаас хамааралтай гэрээ байгуулахын эсрэг байх байр суурийг баримталж байна. Энэ тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцсэний дүнд дээрх гурван асуудлыг баталчих юм бол М.Энхсайхан сайдын үед яригдаж байсан Таван толгойн гэрээнд өөрчлөлт орох ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн гэрээгээр “Эрдэнэс-Таван толгой” компанийн 98 хувь нэг улсын харьяалалд очих гээд байсан. Тиймээс “Эрдэнэс таван толгой” компаниар дамжуулан гэрээ хийгдэж 51 хувиа авах ёстой. Дээрээс нь Хятад, Япон, Америк зэрэг бусад улс орны тодорхой компанийг оролцуулахаар гэрээ дахиж хийх шаардлага гарна гэсэн үг. Гэхдээ гэрээтэй, гэрээгүй Эрдэнэс-Таван толгой өнөөдрийг хүртэл явдгаараа явж байгаа.

-Гэрээнд өөрчлөлт оруулна гэлээ. Яг ямар өөрчлөлт орж байгаа талаар танилцуулахгүй юу?

-Тэгэхээр бид гэрээгээ дахиж санах ёстой гэсэн үг. Засгийн газартай байгуулах гээд явж байсан гэрээ маань ямар нөхцөлтэй байсан бэ гэх асуулт гарч ирнэ. Түүн дээр Эрдэнэс-Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр замын асуудал тавигдаж байсан. Энэ төмөр замын 49 хувийг Монгол Улс 30 жилийн дараа эргүүлэн эзэмшилдээ авна гэх нэг том заалт байсан. Харин гэрээн дээр ямар өөрчлөлт орох вэ гэхээр төмөр замын 51 хувь анхнаасаа манай улсын эзэмшилд байна. Үлдсэн хувь дээр дурын компани хөрөнгө оруулалтаа хийгээд хамтрах боломжтой. Эрдэнэс-Таван толгой компаниар дамжуулан бүх гэрээ хийгдэх ёстой гэх заалт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Таван толгойн 51 хувь манай эзэмшилд үлдэх болно. Үлдсэн 49 хувь дээр “Шинхуа”, “Энержи Ресурс” зэрэг компани оролцох бүрэн боломжтой. Одоо бол “Эрдэнэс-Таван толгой” компани гэрээний гадна талд үлдчихээд байгаа юм. Мөн одоогийн гэрээн дээр иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааны тухай үг, өгүүлбэр ч байхгүй. Шинэ гэрээний тухайд иргэдэд оногдож байгаа хувьцааг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заалтууд оруулсан.

-Иргэд хувьцаагаа хэрхэн ашиглах талаар тодорхой ойлголтгүй байх шиг санагддаг юм. Хувьцааны тухайд тодорхой тайлбарлахгүй юу?

-Тэр бол анх гэрээ байгуулж байсан багаас явуулж байсан нэг ёсны сурталчилгаа. Жижиг Таван толгойгоос хувьцаа эзэмшигчид хувьцааныхаа ашгийг хэрхэн хүртэж байсан тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Таван толгойн жижиг ордуудын хувьцаа хангалттай хэмжээнд өсөж байсан. Тэндээс тухайн хувьцаа эзэмшигчийн авч байсан ноогдол ашиг нэлээн өндөр болсон түүх байгаа. Тиймээс иргэдийн гар дээр байгаа хувьцааг эргэлтэд оруулах ёстой гэж харж байна. Монгол Улсын иргэд бусад ямар ч орд газар дээр хувьцаа эзэмшиж чадахгүй байгаа. Ганц хувьцаа эзэмшиж буй Эрдэнэс-Таван толгойн ордоосоо ирээдүйд ноогдол ашиг хүртэнэ. Маргааш эсвэл нөгөөдөр ноогдол ашиг хүртэх тухай асуудал огт биш. Магадгүй тав, арван жилийн дараа хувьцааныхаа ноогдол ашгийг хүртэж болно. Хувьцаа маань тодорхой хэмжээний эргэлтэд орох бүрэн боломжтой. Хувьцаагаа банкинд барьцаа болгон зээл авах гарц харагдаж байгаа. Тэгэхээр зөвхөн ноогдол ашгаас гадна хувьцаа эзэмшигч байна гэдэг маань хөрөнгөтэй болж байгаа хэрэг.

-Хувьцааны ашгийг хэзээнээс хүртэж эхлэх вэ?

-1072 ширхэг хувьцааг хэрхэн амилуулах вэ гэдгийг л гэрээн дээр тусгаад өгчихье гэх асуудал яригдаж байна. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос ч юм уу санал гаргаад хувьцааг эдийн засгийн эргэлтэд орох бүрэн боломжтой. Иймэрхүү байдлаар хувьцаа эргэлтэд орох боломжийг бүрдүүлчих юм бол иргэн бүр өнөөдрийн үнэлгээгээр нэг сая төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа гэсэн үг. Хэрэв төмөр зам ашиглалтад орчихвол сая төгрөгийн хувьцаа үнэд ороод явна.

-Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухайд олон янзын хувилбар яригдаж байгаа. М.Энхсайхан сайдын гаргаж ирсэн хувилбарыг эдийн засгийн талаасаа нэлээн өгөөжтэй байх болов уу гэж дүгнэж байсан ч гэлээ ажлын хэсгийнхэн гацаачихлаа шүү дээ?

-М.Энхсайхан сайдын гэрээний хувилбараар Эрдэнэс-Таван толгойгоос урагшаа гарах төмөр зам, Эрдэнэс-Таван толгойгоос Хятад руу зарах нүүрсний операторын үйл ажиллагааг Шинхуа, Энержи ресурс компанийн консерциум хамтран эрхэлнэ гэж байгаа. Энэ консерциум Эрдэнэс-Таван толгойг 100 хувь эзэмшихэд Монгол Улсад хоёрхон хувь нь үлдэнэ гэсэн үндсэн зарчимтай байсан. Бид харин Японтой хамтрах хувилбарыг барьж байгаа. Энэ ч үүднээс Японы Ерөнхий сайдыг ирэхэд өнгөрсөн зургаан сарын хугацаанд яригдаж байсан аман яриаг бодит ажил болгосон. Үүний үр дүнд япончууд Таван толгой руу орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Энэ бол М.Энхсайхан сайдын гавьяа биш. Эрдэнэс-Таван толгойн төслийг зүүн чиглэлд Японтой хамтрах тухай хувилбар гаргаж ирсэн нь манай багийн гавьяа гэж харж байна.

-Төмөр зам барих асуудал ямар түвшинд байгаа вэ. Оросынхтой ижил өргөн царигтай болъё гэхээр геополитикийн хувьд асуудалтай гээд байгаа. Яг ямар асуудалтай юм бэ?

-Төмөр замын тухайд ажил эхэлчихсэн явж байгаа. Урагшаа явах төмөр замыг баригдаж байхад нь зогсоочихсон. Хөндлөн чиглэлийн 480 км төмөр зам барих ажил үргэлжлэх нь гарцаагүй болчихсон. Үүн дээр Японы хөрөнгө оруулалт орж ирэх юм. Урагшаа чиглэлийн төмөр зам дээр Засгийн газар шийдвэрээ гаргах юм. Японы тал орсон ороогүй 51 хувь нь төрийн эзэмшилд байх ёстой. Хоёр төмөр зам баригдах үйл ажиллагааг бид нар 1-1.6 жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөө тавьж байна. Хөрөнгө мөнгөний асуудал ерөнхийдөө шийдэгдсэн. Төмөр зам барих ажилд 10 мянган цэрэг дайчлахаар болоод ирэх оны төсөвт 24 тэрбум төгрөг суулгасан.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Чингисийн талбайд шинэ оноо угтлаа

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН