Categories
мэдээ нийгэм

Бөөрний чулуутай үед удаан явахад өвдөлт мэдрэгдэнэ

Бөөрний чулуу өвчин манай оронд элбэг тохиолддог эмгэг юм. Тухайн өвчний тархалтад газар нутгийн байршил нөлөөтэй. Дундад Ази, Хойд Кавказ, Австри, Нидерланд, Югослав, Грек, Турк зэрэг улсуудад элбэг тохиолддог бол Өмнөд Африк, Японы зарим хэсэг, Каспийн тэнгисийн эрэг орчмын орнуудад тохиолддоггүй байна. Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолт, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсэх шалтгаан болдог.

Чулуу нь шээсний янз бүрийн давсны кристаллуудаас тогтсон байх ба 50-иас дээш хувь нь оксалат кальцийн давс, оксалат кальцитай холимог найрлагатай байна. Зарим судлаачид бөөрний чулууг удамших чанартай гэж үздэг.

БӨӨРНИЙ ЧУЛУУ ӨВЧНИЙ ҮЕД ДАРААХЬ ШИНЖҮҮД ИЛЭРДЭГ

Ихэвчлэн эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй явагдах тул хэвлийн хөндийн рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээгээр тохиолдлоор оношлогддог. Зарим үед цустай шээх ба бусад цустай шээх шинжээр илэрдэг өвчнүүдээс (бөөр, шээс дамжуулах замын хавдар, сүрьеэ, уйланхай) ялгах шаардлагатай.

Шээлэй буюу энгийнээр хэлбэл бөөрнөөс давсаг руу шээс дамжуулах гуурсны аль нэг хэсэгт чулуу тээглэж бөглөснөөс шээсний урсгалд саад болж, бөөрний хатгаа өвдөлтийн шинж илэрнэ. Чулууны өргөн нэг см-ээс илүү, барзгар гадаргуутай бол бөөрнөөс давсаг руу орж амжихгүй шээлэйн аль нэг хэсэгт тээглэж тогтоно. Бага хэмжээтэй чулуу бөөрнөөс шээлэйгээр чөлөөтэй доошилж давсаг руу орно. Чулуу шээлэй рүү орох үед эвгүй оргиж байснаа өвдөлт нэмэгдэж тэсэхийн аргагүй болно. Өвдөлт нь ууц нуруу, цавь, бэлэг эрхтэн, гуяны дотор тал руу дамжина.

Өвдөлтийн үед дотор муухай оргих, бөөлжих, шээс саатах зэрэг шинж илрэхээс гадна хэвтэж чадахгүй хөрвөөнө. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж дуудахын зэрэгцээ өвчин намдаах эм өгөх, халуун жин тавьж, халуун усанд суулгах зэрэг анхны тусламж үзүүлнэ. Харин бөөрний хатгааг мухар олгойн цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл зэрэг өвчнөөс ялгах хэрэгтэй. Хэрвээ дээрх өвчнүүдийн сэжиг бүхий шинж тэмдэг илэрч байгаа бол халуун жин тавих хориотой.

Шээсний замд чулуутай бол удаан явах, морь унах, машин тэргэнд доргих, дасгал хөдөлгөөн хийсний дараа өвдөлт нэмэгдэж , тайван үед намдана. Халуун жин тавих, агчил тавиулах эмэнд өвдөлт намдана. Өвдөлтийг дагалдан цусаар шээх шинж илэрнэ. Эсвэл удаан явган явах, морь унах, машин тэргэнд доргих, дасгал хийсний дараа цусаар шээх нь бий.

Бөөрний чулуу өвчний үндсэн гол эмчилгээ нь мэс засал, дурангаар чулууг авах болон чулуу хайлуулах, бутлах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол дизайнер “Mercedes benz Kiev fashion show”-нд загвараа толилуулжээ

Өнгөрсөн жил “MUUSExVOGUE Talents Young Vision Award” залуу дизайнеруудын уралдааны шилдэг 50-д багтсан Италид ажиллаж амьдардаг загвар зохион бүтээгч Б.Баасандэлгэр энэ жил Украйны Киев хотноо болсон “MERCEDES BENZ” загварын шоунд өөрийн бүтээлүүдээ танилцуулжээ.2014 онд Италийн Турин хотноо өөрийн нэрийн брендийг үүсгэн байгуулсан Б.Баасандэлгэр хэдийнэ Европын загварынхны анхаарлыг татаж эхэлжээ.


Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” зах нэгдүгээр сарын 4 хүртэл амарна

Өнөөдөр, маргааш ихэнх томоохон зах, худалдааны төв амарч байна. Нэгдүгээр сарын 04-нөөс хэвийн хуваарийн дагуу зах, худалдааны төвүүд ажиллаж эхлэх юм. “Сандэй плаза” худалдааны төв, “Макс молл”-ын бүх салбар, “Берлин” зоогийн бүх салбарууд, “Бургер Кинг”-ийн бүх салбарууд өнөөдөр ажиллаж байгаа бол “Нарантуул” худалдааны төв, “Хар хорин” худалдааны төв, Бөмбөгөр-1,2 худалдааны төв, “Номин”-гийн бүх салбар, “Баянзүрх” худалдааны төв-1, “Баянзүрх” худалдааны төв-2 амарч байна.

Categories
мэдээ улс-төр

ФОТО: УИХ 2015 онд…

УИХ-ын өнгөрсөн 2015 онд хийсэн гол ажлуудыг эрэл зургаар өгүүлэн хүргэж байна.

Төрийн ордонтой танилцах цахим аяллын веб хувилбарын нээлт боллоо /2015.01.12/

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд заллаа /2015.01.12/

Монгол Улс Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай тус тус дипломат харилцаа тогтоолоо. /2015.01.30/

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин Монгол Улсад албан ёсны айлчлал хийв /2015.02.16/

XVII жарны модон хонин жилийн Төрийн золголт боллоо /2015.02.19/

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийв /2015.02.23-27/

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийв /2015.03.14-18/

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНЧУ-д айлчиллаа /2015.03.14-18/

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсад албан ёсны айлчлал хийв /2015.03.18-21/

УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын Холбооны 132-р ээлжит Ассамблейд оролцов /2015.04.01/

“Эврика 2015” эрдэм шинжилгээний их хурал Төрийн ордны Их танхимд болов /2015.04.16/

Улсын Их Хурлын Тамгын газар “Нээлттэй сонсголын танхим”-тай боллоо /2015.04.17/

“Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын V бага хурал Төрийн ордны Их танхимд болов /2015.05.04-05/

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад албан ёсны айлчлал хийв /2015.05.17/

“Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадамд УИХ-ын Тамгын газар хоёрдугаар байр эзлэв /2015.05.23/

Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлав /2015.06.19/

“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлав /2015.06.25/

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталлаа /2015.06.26/

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа /2015.07.02/

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталлаа /2015.07.08/

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек Монгол Улсад албан ёсны айлчлал хийв /2015.07.29/

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталлаа /2015.08.07/

Өршөөлийн тухай хуулийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа /2015.08.11/

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцов /2015.08.31/

Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан болов /2015.09.13/

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдав /2015.09.16-18/

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ /2015.09.20-25/

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа /2015.10.22/

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын үйл ажиллагаатай танилцав /2015.10.22/

Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа /2015.10.29/

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа /2015.11.06/

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан ес дэх хүн болов /2015.11.12/

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи Монгол Улсад айлчлав /2015.11.23/

Хамтын тэтгэврийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа /2015.12.03/

Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг эцэслэн баталлаа /2015.12.04/

УИХ-ын дарга З.Энхболдод БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхав /2015.12.16/

Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа /2015.12.25/

Улсын Их Хурлын Тамгын газар улсын үзлэгээр тэргүүн байрт шалгарав /2015.12.30/

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Витаминт маск

Хүйтэнд удаан хугацаагаар байсны дараа арьс чинь таталдаж байвал халуун компресс тавиарай. Энэ нь цочрол авсан нүүрэнд сайн нөлөөтэй аж. Нүүр, гарын алчуурыг содтой халуун усанд дүрж норгоод нүүрэндээ хоёроос гурван минут тавина. Дараа нь нэг цайны халбага А витаминтай өндөгний шар, ургамлын тосоор 15-20 минут маск тавиад буцалсан хүйтэн усаар угаана. Ургамлын тос болон өндөгний шар хоорондоо тэнцүү хэмжээтэй байх хэрэгтэй юм байна.

Нүүрэнд зориулсан дасгал

Хүйтэн, салхитай өдөр гадаа байхдаа үе үе хамар болон хацартаа чимхэх хөдөлгөөнөөр иллэг хийх хэрэгтэй. Мөн амьсгаагаа гүнзгий аваад түгжээд нүүрээ чинэртэл нь байлгана. Ямар ч тохиолдолд нүүрээ цасаар үрэх хэрэггүй. Энэ нь арьсанд маш хортой. Бас мөс хэрэглэх хэрэггүй. Энэ арга нь зөвхөн зун л үр дүнтэй байдгийг санаарай.

Гараа арчлах арга

Өвөл гарын арьс онцгой арчилгаа шаарддаг. Бээлий өмсөх нь маш ач холбогдолтой. Хэрэв арьс хуурайшиж, холцруутсан бол нэг цайны халбага содыг нэг литр буцалсан усанд хийгээд гараа арван минут дүрээд арчилгүй хатаана. Дараа нь гарандаа тос түрхээрэй. Гартаа маск тавих хэрэгтэй. Нарны хамгаалалтын тосоо гарандаа зузаан түрхээд даавуун бээлий өмсөөд хэдэн цаг болоход таны rap зөөлөн булбарай болно.

С.Ариун

Categories
мэдээ нийгэм

Өвөл нарны тос заавал түрхэх ёстой

Манай орон эрс тэс уур амьсгалтай. Тиймээс улирал улирлын онцлогоор бүсгүйчүүд арьсаа зөв арчилж хамгаалж байх хэрэгтэй. Өвлийн улирал хаалга тогшлоо. Хүйтний улмаас нүүрний арьс эмзэгшиж, хуурайших хандлагатай болдог. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол хүйтэнд цохиулсан цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт байдаг. Энэ талаарСаранзүүсалоныГэрэлтэхгоо сайхны салоны гоо сайханч, маникюрчин Л.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Өвлийн улиралд бүсгүйчүүд нүүрээ хэрхэн арчлах ёстой вэ?

-Нарны тос заавал хэрэглэх ёстой. Хүмүүс зөвхөн зуны улиралд л нарны тос түрхэх ёстой гэж ойлгоод байдаг юм. Эрс тэрс уур амьсгалтай учраас хүний арьс мэдрэмтгий болчихсон байдаг. Хэт хүйтэн газраас халуун газар руу ороход нүүр улайдаг шүү дээ. Энэ нь арьсаа эмзэглүүлчихсэн гэсэн үг. Тэгэхээр арьсаа цочроож эмзэглүүлэхгүйн тулд кремнийхээ доор нарны тос заавал түрхэх ёстой. Энэ нь мөн хүйтэн агаараас хамгаалдаг юм.

Арьсаа хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

-Хэт хүйтрэх үед арьсанд цочрол өгч хуурайшдаг. Гэрийн нөхцөлд зөгийн балыг өндөгний шартай холиод маск тавьбал тэр нь хуурайшсан арьсанд зориулагдсан үйлчилгээтэй болно. Харин зөгийн балыг өндөгний цагаантай холивол холимог арьсны маск болно. Мөн ногоон огурцыг нимгэн зүсээд нүүрэндээ тавьбал арьс чийгшүүлж, цайруулах, нөсөө толбоны эсрэг үйлчилгээтэй байдаг.

Нүүрээ гуужуулах тал дээр хүмүүс өөр өөр мэдлэгтэй байдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Манайхан арьсаа гуужуулаагүй байж тос түрхээд байдаг. Тэгээд тос нөлөөлөхгүй байна гэдэг. Үхжсэн арьсаа гуужуулсны дараа эрүүл арьсан дээр тэжээлийн тос түрхвэл сайн нөлөөлдөг юм. Хүмүүс арьсаа арчилж байна гээд өдөр болгон маск тавиад л гуужуулаад байдаг. Долоо хоногт дор хаяж хоёроос гурван удаа маск тавих хэрэгтэй. Монголын нөхцөлд арьс мэдрэмтгий болчихсон байдаг учраас хоёр удаа гуужуулахад болно.

Арьсаа яаж бүрэн цэвэрлэх ёстой байдаг юм бол?

-Арьсаа байнга цэвэрлэдэг байх шаардлагатай. Өдөр болгон залхууралгүй угааж, тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Шүдээ өдөр болгон угаадаг шигээ л дадал болгох нь зөв. Хүмүүс зөвлөгөө авах гэж ирэхдээ заримдаа арчилгаа хийгээд хааяа хийдэггүй гээд байдаг. Үе үе арчилгаа хийгээд л болиод байхаар арьс цочрох аюултай. Үнэтэй биш энгийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд л нүүрэндээ арчилгаа сайн хийх юм бол асуудал гарахгүй. Манайхны бас нэг алддаг зүйл бол гараа давхар арчилдаггүйд оршдог. Гарандаа чийгшүүлэгч тос л түрхээд байдаг юм. Нүүрээ яаж арчилж байна гараа ч гэсэн адилхан арчлах ёстой. Сүү, зөөлрүүлсэн усаар нүүр, гараа угаавал сайн нөлөөтэй байдаг.

Арьсаа хурдан цайруулах арга бий юу?

-Төмс чанасан усанд гараа угаахад цайрдаг. Мөн төмсөө нухаад нүүрэндээ маск тавих нь сайн нөлөөтэй. Өндөг зөгийн балан дээрээ нимбэгний дусал хийгээд нүүрэндээ тавьбал хурдан цайрдаг.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Өрөөнийхөө цонхоор, өмнөтөө Тэнгэр ширтэн зогсохуй морин хараацайнууд нисэлдэх нь…

Манай сонины “Утга зохиол” буланд хэвлэгдсэн их сэтгэгч Дамдинсүрэнгийн Урианхай найрагчийн “Цээжин аглагийн шүүдэр буюу голын эргээс эргүүлэг рүү нь…” хэмээх афоризм, максимим, эсээ-бодролын номоос шинэхэн эсээнүүдийг нь хүргэж байна.

(ЭСЭЭ-БОДРОЛ)

Тэнгэрт багирдуу үүлтэй, Богд Дүнжингарав дүнсгэрдүү, бодлогошронгуйяа хөмсөг зангидан дүнхийж, юу хүүрнээд буй нь тодорхой сайн ойлгогдохгүй ч лавтайяа юухан нэгийг хөхөмдөг хөх агаараар, амгалан, түнэр ойнхоо ногоон салхиар тодхон тодхоноор чихнээ сонсгон, тасралтгүй шивнэнэ.

Цонхны цаана зөндөө зөндөө морин хараацайнууд далавчныхаа үзүүрээр цонхны шил маажин алдан, миний “Чачиртын гол”-ын загас, жараахайнууд шиг “буцлан” нисэлдэнэ.

Сониноос уншсанаасаа тогтоосон минь, “Хамгийн хурдан нисдэг шувуу бол морин хараацай. Цагт 200 км нисдэг!” гэж тогтоож үлджээ.

Яасан ч хурдан нисдэг жигүүртэн юм бэ дээ, Хайрхан! Тэдний нисэхийг хараад, “Агаар огторгуй далавчинд нь зүсэгдэхдээ өвддөггүй байгаа даа? гэж бодогдон, агаар огторгуйг өөрийнхөө хөрзгөр хөөрхий арьс шиг санан эмзэглэнэ.

“Агаар огторгуй зүсэгдлээ ч дорхноо л, хоромхонд л тасарсан тасархай нь уулзан нийлж, морин хараацайсын түрмэг, шалмаг далавчаар зүсэгдсэн “шарх”-аа уулзан учрахын баяраар дор нь эдгээнэ шүү дээ! Агаар огторгуй мөнхөд амьд, бүтэн байх агуу хүчирхэг, хувилгаан амьдралтай!..” гэж бодоод тайтгарна.

Морин хараацайнуудын далавч хүний нүдэнд гүйцэгдэхтэй, үгүйтэй жирс-жирс дэвэн, бие биеийнхээ хойгуур урдуур гялс-гялс хэрэн, тэгш, муруй, том, бага тойрог, тиг тэнгэрт зуран бүжицгээх нь газраар дүүрэн инээд цалгиан цацах агаад, тэгэхдээ, жишиг зүйргүй хурдан нислэгэндээ толгой нь эргэн зүг чигээ алдан эргэлдэх мэт санагдахаар харагдавч тийнхүү хурданаа нисэлдэн цэнгэлдэх нь оюуныг бүтээгч хүмүүний цээжинд элдэв ялдар санаа үүсгэн торниулдаг ид шидээрээ түмэнтээ түмэнтээ баярлуулдгийнхаа бахыг эдэлдэг биз дээ, тэд минь!

Тогоруу, тагтаа, бор шувууд мэт газарт буух нь харагддаггүй, газраар галуу, ятуу мэт явгалан гүйх нь ч харагддаггүй нь, “тэд угаасаа, ам руугаа хийх юм эрэн зүдрэхээр газарт хэзээ ч буудаггүй юм болов уу?” гэж бодогдуулна.

Ер, шувууд тэнгэрт нисэж явахдаа газрын хамаг амьтдаас өндөрт харагддаг ч газарт буугаад, өвс ногоонд явгалахаараа тун намхан, тун өрөвдмөөр, өвс боргийн ёроолоос үл цухуйх цох, гүрвэл, нүүнээ хорхойноос арай өндөр харагддаг нь яамай даа, хөөрхий! гэж залбирмаар санагдуулдаг нэг яльгүй харамсал барайлгадаг нь шувуудыг дээш нь өргөн татах “Тэнгэрийн өргөх хүч”-ийг шувуудыг доош нь чангаан буулгах “Газрын намсгах хүч” дийлдгээс шувууд газарт буухаараа намхан харагддаг ч юм бил үү, бүү мэд! Гэлээ ч, манай байрны цонхны цаахнуур морин хараацайнууд сая живаа, сая живаа навчтай саглагар саглагар үй түмэн салаа мөчиртэй модны навчис намрын ширүүн салхинд сэрэлзэн хөдлөх шиг өөдөө сөөргөө агаар өрөмдөн зурс-зурс нисэлдэн, далиа улам улам эрчлэн “шурагдах” мэт урагш шуухайн зүтгэх нь “Тэнгэрийн татах хүч”, бас ч нэгэн бодохноо, “Газрын татах хүч” хоёртой тэрсэлдэн тэнцэлдэх мэт урагшаа, дээшээ ч цахилан дэвэлдэж, хойшоо, дээшээ ч цахилан дэвэлдэж, “Хар гэрэл”, “хар цахилгаан” шиг харван халин зуралзах нь агаарын урсгалын “Үрэлт”, “Эсэргүүцэл”-ийг элэглэн тохуурхаж, хүний атаархлын хорыг цайруулан эеэрүүлж, үл үзэгдэх алсыг сүлжин одох мэт харагдана.

Тийн, тэнгэр сандчаан, үүл, хур дуудан үймэлдэхийг нь харахуй, газрын амьдралаас жишихэд, үүрээ эвдүүлсэн шоргоолжнууд нүд эрээлжлүүлэн нүдэнд газар дайвуулан, үүрнийхээ орчин тойрноор үерлэн гүйлддэг нь санаанд орж, “шоргоолжнуудын хурдан хөл нь хөл биш, далавч байсансан бол, тэд л, магадгүй, морин хараацайнуудаас түргэн нисэж чадах байсан байх даа!” гэсэн бодол сэрхийлгэвч морин хараацайнуудын нислэг өөрсдийнхөө тухай бодлоос бусад бүх бодлыг хором зуур л толгой дотроос ор мөргүй арчин устгана.

Морин хараацайс тэнгэрийнхээ өндрөөс зөвхөн тэдэнд л харагдах ямар нэг юмтай уралдах мэт агаар хэрчин сүлжиж, жирс-жирс нисэлдэн сандрах нь, тэд тэнгэрээс хааяа нэг доошоо (тэд үргэлж нар өөд, тэнгэрийн гүн рүү харж нисдэг биз!), газар руу, хүмүүс рүү харахдаа газрын болоод хүмүүсийн амьдралаас харц дальдран өөрийн эрхгүй уйлж байгаа нь л тэр юм билээ!

Газар, тэдний хувьд, өөр дээрээ үүдэж-төгсөж, өнгөрч-үлдэж байгаа аливааг өвөртөө тэврэн харуулагч шидэт “Толь” юм билээ!

Морин хараацайнууд үүлсийг шүргэн алдан нисэж явахдаа доошоо, “Газар-Толь”-доо Хүмүүс бидний ахуй амьдралыг хараад хүнийг өрөвдөн уйлдаг, морин хараацайнууд уйлахаар л бороо асгадаг юм билээ!

Морин хараацайнууд уйлахаар бороо ордгийг би сая л, өтөлсөн хойноо ойлголоо, чааваас!

Орчлонгоос ойлгосон бүгдээ би хайрладаг, “Хайртай!” гэж үнэнээ хэлдэг.

Хүүхэнд, Шувуудад, Шоргоолжинд, Наранд, Өвс ногоонд, Элс шороонд, Цэцгийн өргөсөнд, Эрвээхэйнд, Гол усанд, Салхи шуурганд, Дуунд, Гуниганд, Учралд, Жаргалд, Агаар огторгуйд, Аав, Ээждээ, Үр хүүхдүүддээ, Амьдралд… Амьдралд… Амьдралд үнэнхээр хайртайгаа насан туршаа бичсэн! Одоо, орчлонгоос ойлгоогүй, мэдээгүй бүгддээ ч хайртай болж байна! Гагц, өнөө эргээд бодохноо, “Хайртай!” байдаг үнэнээ зөвхөн цаасан дээр л бичиж! Заримдаа, залуудаа, элсэн дээр, цасан дээр, цасан шамрага шавсан цонхны шилэн дээр ч бичиж насны халуунаар томоогүйтэж ч л явж!

Одоо, Бурханы хайраар бүтээгдэж, Бурханы амь амьсгааг шингээсэн бүгдэд хайртай болсноо цаасан дээр биш, элсэн дээр биш, цасан дээр биш, цантсан цонхны шилэн дээр биш, морин хараацайнуудын далавчин дээр бичих л үлдэж!..

Морин хараацайнууд цонхны минь цаахнуур үймэлдэн нисэлдэнэ…

Цонхоо дэлгэхээс!..

Хараацайнууд над руу улам ойртон… улам ойртон нисэлдэж эхэллээ…

Далавчинд нь гар хүрэхээр… үзэгний минь үзүүр ч шүргэхээр маш ойрхон!..

2015.08.04-05. Алтан Тэвшийн хөндий.

“Цонхоор харагч” хийгээд “Цонхоор харагдагчид”

/ҮР-БОДОЛ/

“Цонхоор харагч” зурагтаа унтраагаад цонхоор харна.

“Цонхоор харагдагчид”-тай нэгдэхийг хүсэвч эс чадна.

“Цонхоор харагч”-ийн дотор, хаа нэгтээ нь “хашгичин” буй “дотоод юмс”-ын нь эсэргүүцэл час улайсч өөрийгөө хамгаалан тусгаарлаж, юугаар ч юм, эс мэд, ямар нэг үл үзэгдэгчээр “Цонхоор харагдагчид”-ыг хаана.

“Цонхоор харагдагчид” нь хичнээн “харь”, хичнээн “хүний” харагдах тусам “Цонхоор харагч”-ийн нүд болоод сэтгэл төчнөөн гайхан гунина.

Хичнээн их гайхах, гуних тусмаа төчнөөн хүчтэй уягдана…

Ойлгохыг… туслахыг… “цагаатгах”-ыг… эвлэрэн нэгдэхийг хүснэ.

Гагц, үл эвлэрэгч “дотоод юмс” эрс татгалзана.

“Цонхоор харагч”-ийг зовлонтойёо шаналган тамлаж, хоромхон ч эс эвлэрч өгнө. Эсрэгээр, эсэргүүцлээ улам улам нэмнэ. “Цонхоор харагч” цонхоор удаан харах тусам нь “Цонхоор харагдагчид”-тай нь улам зөрчилдөж, улам “харьшаана”…

“Дотоод юмс”-ын эсэргүүцэл, зөрчил, “харьсал”, үл эвлэрлийн ужгаар “Цонхоор харагч”-ийг үл амраагч, үргэлж шаналгагч Гайхашрал, Цөхрөл, Гэмшил, Эмзэглэл, эцэст, өөрөө өөртэйгөө “үл эвлэрэх”-ийн эмгэнэл азарган борооны үүлс мэт бөөгнөрөн барайж, ойлгохыг хүсэх -ойлгож эс чадах, хүлцэхийг хүсэх -хүлцэж эс чадах, нэгдэхийг хүсэх -нэгдэж эс чадахын гашууныг “Цонхоор харагч”-д хурцаар мэдрүүлнэ…

“Цонхоор харагч” цонхоо хаана.

Амьдрал, Үхлийн аль алинаас ангид харь зүүдээр амьдарна…

Цонхоор харахыг тэсгэлгүй хүсэвч эс харна.

Цонхоор харахгүй хичнээн тэсэвч харахгүй удаж… өнжиж… хонож эс чадна.

“Цонхоор харагдагчид”-аасаа нууцлагдан үлдэхийг үхэхээсээ дор мэт бодон үхтлээ айна.

2015.10.20-23. Хүн чулууны хөндий.

Нулимсаа үл харуулагч

(ҮР-БОДОЛ)

Хүн шиг хүн болж өгөөгүй үрийг нь хүмүүс муулахад бурууг нь өөртөө аван гэмших, үрдээ гомдох зэрэгцэн үрээ өмөөрч суугаа эх, үрээ өлгийтэй нялхад нь тоонондоо хүртэл өргөн бахаа хангаж, тэнгэр намсан чагнатал ялдам уяханаар бүүвэйлсэн өдөр шөнүүдээ зүүд мэт санан уйтайяа, уйтайяа уйлдаг.

Нулимсаа харуулдаггүй!

Ширгэсэн голын хуурай ёроолд хөхөр даан хэвтээ ангамал чулууд голынхоо урсгалын харгиа, боргио, алив амьтны балчирхан шулга үр мэт цовхчин шуугичин дайрч өнгөрөх “халуун” нойтон чимээнд шөнөжин нойргүй хонодгоо санагалзан санагалзан гунихарч, одоо хувхай цагаан тоос шороонд дарагдан унтанги ч юм шиг, сэрэнгэ ч юм шиг үүрэглэн цагийн “мөнх”-ийг эдлэхдээ урьд огт “Байгаагүй” мэт, эсвэл, “Байсан”-аа үхсэн мэт, огт дуулдахаа больсон Голынхоо урсгалын хий үер шуугианыг л өдөржин шөнөжин… өдөржин шөнөжин… өдөржин шөнөжин сонсон “өнгөрсөн”-өө зүүд мэт үзэн уйтайяа уйтайяа уйлдаг.

Нулимсаа харуулдаггүй!

Хавар, зундаа дандаа Тэнгэр өөд ширтдэг модод намрын салхи шамраганаар нүцгэрээд доошоо, газар руу… элс шороо руу Эх-Модныхоо саглагар саглагар мөчрүүдээсээ тасран унасан шаргалхан… шаргалхан… хорчгорхон… хорчгорхон үй живаа навчсаа нэгд нэггүй тоолон, ганцыг ч үлдээлгүй тоолон, уйтайяа уйтайяа уйлдаг.

Нулимсаа харуулдаггүй!

Миний харсан, дотроо шаналан бодсон минь: Амьдын насанд хамгийн хэцүү юм,- нулимсаа харуулахгүй уйлах!

2015.10.18-22. Хүн чулууны хөндий.

Моддын “ухаан”

(ЭСЭЭ-БОДРОЛ)

Ой…

Ойн захад ургасан өндөр, саглагар шилтэс модны хажууд зогсон модны орой руу ч, навчис шилмүүс рүү нь ч, тэнгэрт нүүдлэх үүлс рүү ч ширтэн бодлогоширлоо.

Гайхамшигтай!

Ямар гайхамшигтай юм!..

Хүн төрөлхтөн моддын “ухаан”-аас л суралцмаар санагдаад санаа алдлаа…

Модод хичнээн саглагар, том, хичнээн өндөр сүрлэг ургалаа ч нэг ч гишүү нь нэг ч гишүүгээ, нэг ч мөчир нь нэг ч мөчрөө, нэг ч навч нь нэг ч навчаа, нэг ч шилмүүс нь нэг ч шилмүүсээ сүүдэрлэлгүй, зай зайгаа гайхмаар “ухаан”-тай олоод ургачихаж!

Модны нэгхэн ч эс нэгхэн ч эсээ нарнаас халхлаагүй, нэг нэгнээ сүүдэрлээгүй хэрнээ нэгний нь сүүдэр нөгөөгийнхөө сүүдрээс саланги салгуу, тус тусдаа бус, зүүний сүвэгчээр нийтгэгдэж байгаа мяндсууд шиг нийлж эвлээд нэг дор, нэлэнхүй том сүүдэр болж газар дарсан харагдана.

Юухан нь ч бай, юухан нэгээсээ агаар, салхи харамлалгүй, нарны илч, гэрлийг өөр өөртөө хэрэгтэй хэмжээнээс илүү гаргахаар булаахгүй урган сүндэрлэнэ гэдэг “Амьд оршихуй”-н дээд хууль, дээд “далд ухаан” юм байна даа! гэж баярлах хүүхэдлэг гэгээн сэрэхүй ямар нэгэн шувуухай толгой, цээж рүү нисээд орчих мэт хаа нэгтээгүүр сэрхийнэ…

Моддын “ухаан”, үнэнхээр л, эгэл хүмүүс бидний байтугай хүний хорвоод заларсан (номноос уншснаар минь!) Найман Их Будда, -Амитаба Цаглашгүй Гэрэлт Будда, Шагжаа Муни Будда тэргүүтэн ч хүрээ энг нь даваагүй Дээд гэгээрэл, Дээд ухаарал байх! гэж бодогдоод алгаа халуунаар хавсран залбирлаа.

Ой руу жаахан дотогшиллоо.

Өө, бас нэг ёстой гайхамшиг!

Нэг үндэснээс Хус, Шинэс хоёр хамт зэрэгцээд ургачихаж!

Хоёулаа жигтэйхэн гоолиг, өндөр, хоёулаа үзэсгэлэн, сүрлэг, хоёулаа ногоохон ногоохон навчис, шилмүүсэнд хучигдаад нэлмийчихэж!..

Нэг үндэс!

Нэг үндэст болохоор “нэгэн амь” оршихуй!

Мөнх бусыг мөнх бусаар нь айлгахуй!

Мөнх бусыг мөнхөөр тэжээхүй!..

Бурхан минь!

Модод яасан ч нууцлаг үзэсгэлэнтэй юм!

Ямар нууцлаг увдис, хүчний жанлаваар ч дээшээгээ эгц, шулуухан, юунд ч үл хоригдон, үл саатан зүтгэж тэнгэрт ойртдог юм!?

Хаа нэгтээ, энд тэнд “Газрын татах хүч”-ний дийлдэшгүй эсэргүүцлээр муруй хазгай ургасан нь тааралдлаа ч эгц, шулуун ургасантайгаа ав адил үзэсгэлэнтэй нь яасан ч атаархаж үхмээр гоё “гажиг” агаад бурханлаг гоо сайхан юм!?

Яасан ч ажиггүй, яасан ч анир чимээгүйхэн ургаж, холтос дотуураа урсаж байгаа агуу амьдралын аймшигт зовлон, эсэргүүцэл, “Хэцүү”-гийн үер, шуургыг нам гүмд хувиргаж чаддаг ч юм, Бурхан минь!..

Модод минь, модод минь, -Монголд минь ургадаг модод минь, бүгдийг тань үнсье!

2015.08.26. “Төр Хурах”-ын ам.

2015.10.10-11. Алтан Тэвшийн хөндий.

Categories
мэдээ спорт

Залуучуудын хоккейн ДАШТ болж байна

Финляндад явагдаж байгаа дэлхийн залуучуудын шайбатай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолт өнөөдөр болно.

Оросын шигшээ баг сүүлийн тоглолтдоо Словакийн багийг 2:1 харьцаатайгаар хожин хэсгээсээ нэгээр шалгарлаа. Тэд шигшээд шалгарах хэсэгт дараагийн тоглолтыг Данийн багтай хийх юм. Мөн энэ өдөр хагас шигшээд шалгарсан Швед-Словак, Канад-Финлянд, АНУ-Чехийн багуудын тоглолттой.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хүний амийг юман чинээ боддоггүй тогтолцоо байсаар байх уу?

МУСТА Ц.Баттөмөр

Эх орны даалгавар биелүүлж яваад амь эрсэдсэн нисгэгчид В.Путин ОХУ-ын баатар цол нэхэн ойлгож, ар гэрт нь тусламжийн гар сунгалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама аллага таллагад өртсөн иргэн бүртээ эмгэнэл илэрхийлдэг. Монголд харин хүн үхэж байхад тоодоггүй. Бүүр үхсэн хүнд ял оноосон тохиолдол ч бий.

Ирвэс хамгаалагч Л.Лхагвадэмбэрэл хүү учир битүүлгээр алтан амиа алдлаа. Олон удаа дарамтлуулж, барьцаалагдаж, энэ тухайгаа гэрч, баримттайгаар хуульчид, цагдаад мэдэгдсээр байхад яагаад хамгаалсангүй вэ?

ОХУ-ын нисгэгч, ирвэс хамгаалагч хүү хоёр эх орныхоо даалгаврыг адилхан биелүүлж явсан аавын хөвгүүд бус уу. “Намайг дарамталж зодоод байна” гэж гэртээ захидал бичиж суусан цэрэг яахаараа өөрийгөө егүүтгэдэг билээ. Бас явган зорчигчид өдөр бүр шахам согтуу жолоочийн дугуйны нөхөөс болсоор байна. Нийтийн тээврийн автобуснууд нь өвлийн дугуй авч хүчрэхгүй байгаа гэсэн шалтгаанаар өчнөөн осол хийж, олон хүнийг гэмтээж бэртээж, амь насыг нь сүйтгэлээ. Оны эхний арван сард барилгын ослоор 13 хүн амиа алдлаа. Эдгээр тоог Монголын хүн амтай харьцуулбал дэлхийн чихийг дэлдийлгэхээр өндөр тоо гарах бус уу.

Дорноговьд хөлдүү мах биедээ ороож хил нэвтрэх гэж байгаад амь насаа алдсан хүний тухай мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Гэтэл аймгийн хоёр дарга нь ажирсан шинжгүй, харин ч нэгнээ суудлаас нь авч хаях тухай ярьж байдаг гэнэ. Сайд нараа “шүд сугалан” хэлмэгдүүлэх нь намын харьяаллаар шийдвэр гаргах түвшинд залсны гор юм болов уу. Халх голын дайнд амь үрэгдсэн дайчдаас ч хэд дахин олон хүний амь насыг авто зам дээрээ манайхан авч оддог. Дэлхийн гуравдугаар дайн зам дээр өрнөж байна гэж мэргэжлийн байгууллагын гаргасан тоо баримтад өгүүлсэн байна лээ. Хүний амийг Монголд өндөр үнэлдэг байсан бол хамгаалахдаа ингэж хөшүүн хойрго хандахгүй биз ээ. Хүний амийг юман чинээ боддоггүй энэ байдал аль хэр удаан үргэлжлэх юм бэ.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
мэдээ цаг-үе

Дуучин П.Баярмагнай: “Оройн дээд” бол дуулалт жүжиг гэхээргүй дуурийн хэмжээний том бүтээл болсон

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхны уран бүтээлОройн дээддуулалт жүжгийг тайзнаа дахин тавьсан юм. Тус жүжгийн дараа Богд хаан Жавзундамбын дүрийг амилуулсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ҮДБЭЧын гоцлол дуучин П.Баярмагнайтай уулзаж ярилцсаныг хүргэж байна.

Та дуучны мэргэжлийг хаана эзэмшлээ?

-Би СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид Монгол Улсын гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлага дор 2003-2008 онд суралцаж төгссөн. Сургуулиа дүүргэсэн жилдээ урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхуягийн найруулсан “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд уригдаж дуулж байсан. Мөн тэр жилдээ бүх Оросын ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож “Өсөх ирээдүйтэй дуучин”-ы шагналыг хүртэж байсан минь сайхан дурсамж үлдээсэн.

Өөрийг чинь даруу бусаар магтахад сургууль төгссөнөөсөө хойш дуулалт жүжиг бүхний гол дүрд уригдаж дуулж байсан гэж сонссон. Ямар жүжгүүдэд тоглосон бол?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад орсны дараа 2013 онд анх урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндолгор гуай намайг “Сүнжидмаа” дуулалт жүжгийн эсрэг баатар Навааны дүрд тоглуулсан юм. 2012 онд ардын жүжигчин Бирваагийн Мөнхдоржийн найруулсан Английн бичгийн их хүмүүн У.Шекспирийн “Зөрүүд эхнэрийг номхотгосон нь” жүжгийн гол дүр Лучинциогийн дүрд тоглосон юм байна. “Мартагдашгүй намар-2” уран сайхны кинонд Жижгээгийн дүрийг дэлгэцнээ бүтээсэн юм байна. Төрөлх Баянхонгор аймагтаа сонгодог урлагийг дэлгэрүүлж хөгжүүлье гэж хэдэн жил зүтгэсэн. “Учиртай гурван толгой” дуурийг аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа тоглуулахдаа улсын нэр төртэй дуучдыг урьж, өөрөө Юндэнгийн дүрд тоглосон. Би “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Балган хоёрын дүрийг бүтээсэн. Цаашид худалдаачны дүрийг бүтээх юмсан гэж санаж явдаг.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай таныгСүнжидмаадуулалт жүжигт тоглоход их сайхан үнэлсэн байдаг даа?

-“Сүнжидмаа” дуулалт жүжгийг 1981 онд тайзнаа тавьснаас хойш гучин нэгэн жилийн дараа дахин дэглэж тоглосон юм. Тэгэхэд агуу их хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай “Навааны дүрийг залуу хүн гэхэд үнэхээр биширмээр бүтээж чадлаа. Миний санаснаас ч илүү бүтээлээ” гэж урмын үгээр мялааж байлаа. Энэ үг одоо ч миний сэтгэлд үлдэж, уран бүтээлийн их урам зориг өгдөг юм даа.

Томоохон дуулалт жүжигт уригдаж тоглохоос гадна уралдаан тэмцээнүүдэд овоо амжилттай оролцсон байх аа?

-Хорьдугаар зууны нийтийн дууны уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж гран при шагнал авч байсан. “Universe best songs-2011” наадмын шилдгийн шилдгээр шалгарч байлаа. “Морин хуур-2013” наадамд Жанцансамбуугийн ая, Ломолмаагийн үг “Сүүн совин” жүжгийн дуу маань “Оны шилдэг дуу”-гаар шалгарч байсан. 2014 онд Заг-Байдрагийн түүхт нутгийн тухай “Хүрэн бэлчир” дуугаараа бас энэ наадамд амжилттай оролцож байлаа. Өнгөрөгч есдүгээр сард Булган аймагт болсон төрийн соёрхолт Цэдэн-Ишийн Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо-2” улсын уралдааны гуравдугаар байрт шалгарлаа.

-“Оройн дээдтүүхэн дуулалт жүжигт та хэний дүрийг бүтээж байна?

-Манай хамт олон чуулгынхаа 65 жилийн ойд зориулан Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Пунцагийн Бадарч, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат нарын цомнол “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэ бүтээлд дал гаруй жилийн турш социалист агуулга үзэл суртлын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлдэг. Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн Монголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон Наймдугаар богд, Монголын сүүлчийн хаан Жавзандамба нар уг үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд юм. Миний хувьд Богд хааны дүрийг бүтээж байгаа. ”Оройн дээд” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолчоор М.Бирваа ажилласан. Цомнол, аялгуу зохирсон сайхан бүтээл болжээ гэж мэргэжлийн олон хүн үнэлээд байгаа.

Богд хааны дүрийг ардын жүжигчин Нямын Цэгмид, гавьяат жүжигчин Цог гуай нар тайз дэлгэцнээ олны сэтгэлд хоногштол бүтээсэн. Өөрийн чинь бүтээж байгаа Богд хааны дүрийн онцлог нь юу байна?

-Энэ “Оройн дээд” жүжиг гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй томоохон бүтээл л дээ. Урьд тайзнаа тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурилаг шинж чанарыг агуулсан, дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл гэж манай урлагийнхан ярилцаж байна лээ. Дуулалт жүжиг гэдэг үүднээсээ хөгжим нэлээд зонхилох ч дуучны авьяас, мэдрэмж их шаардах бүтээл. Би өмнөх богдуудыг бодвол анхны дуулалт жүжгийн богд хаан гэдгээрээ онцлог. Уран сайхны богдуудынхаас тайзнаа олон түмний өмнө амилуулж байгаагаараа миний богдын дүр тэс ондоо л доо.

Таны дуулж байгаа хэсгээс сэтгэлд хоногшин, аманд өөрийн эрхгүй уншигдаж байгаа ямар үг ойрхон байна?

-Наймдугаар богдын үеийн Монгол маань улс гэр болох уу, харийн гүрний эрхшээлд хэвээр үлдэх эмгэнэлт үндэстэн байх уу гэдэг нь хутганы ирэн дээр дэнсэлж байсан түүхэн цаг хугацаа шүү дээ. Жавзандамба хутагт таван настайдаа Монгол оронд залагдаж ирсэн түвд хүн. Энэ хүн Монголын төлөө зүрхээ яаж цохилуулж байв аа гэдгийг л харуулах учиртай. Манжийн амбантай маргалдах үеийн үг сэтгэлд их ойрхон байна.

Амбан та тайвширч хайрла.

Адилхан хоёулаа гадны улс.

Цаст Түвдийн орноос би ирсэн

Цагаан хэрмийн цаанаас та ирсэнгэж хэлдэг үг их айхтар далд утгатай. “Та ч, би ч Монголын иргэн биш” гэсэн санаа байвч “Би бол Монголыг аврах гэж байгаа, та бол Монголыг залгих гэж байгаа” гэсэн давхар санаа энэ үгэнд багтсан байгаа юм. Манжийн амбан “Үгэн дотор үг, үхэр дотор гиваан байдаг”-ийг ер ойлгохгүй өнгөрч байдаг.

Жүжиглэнэ. Дуулна. Дуулалт жүжиг гээд байгаа чинь ер нь сонгодог дуурийн монгол хувилбар гэж ойлгож болох уу?

-Би дуулалт жүжиг гэхээсээ илүү дуурь гэж тодорхойлоод байгаа. Миний дуулж байгаа хэсгүүд дуурийн элементүүд орсон хүнд хэсгүүдтэй. Ганболд найруулагч, хөгжмийн зохиолч Бирваа нар ч анх дуурь гэж нэрлэх саналтай байсан. Дуурь гэхээр дандаа дуурийн мэргэжлийн дуучид байх ёстой. Гэтэл “Оройн дээд”-д ардын дуу, уртын дуу ч явж байдаг учраас дуурь гэхэд учир дутагдалтай юм гээд дуулалт жүжиг дээр тогтсон. Зөвхөн Богд хаан, Дондогдуламын дүрээр бол яах аргагүй дуурь л даа. “Оройн дээд” жүжиг маань өнөөдөр тайзнаа амилахаас гадна арванхоёрдугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөөний өдрөөр тоглогдоно доо.

Тайзнаа Богд хааныхаа дүрийг ч бүтээгээд л, Төрийн ордонд Сүхбаатар жанжны үгийг ч хэлж жүжиглээд лхувьсгалын үйл хэрэгтань бүтэмжтэй сайхан л яваа юм байна. Ингэхэд хувийн амьдрал, ар гэрийн чинь байдал ямаршуухан байна даа?

-Би Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгадаа урилгаар ирж ажиллаад явсан. Эндээ гоцлол дуучнаар ажилд ороод нэг жил орчим болж байна. Гэр орон, гэргий хүүхэд маань Баянхонгор аймагтаа л байна. Яваандаа төв суурин газраа бараадаж бөөгнөцгөөх бодол байгаа. Гэргий маань Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт жүжгийн драмын театрын дуучин Бурмаа гэж бүсгүй бий. Тэр маань одоо хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Богд хааныхаа дүрийг бүтээчихээд ар гэртээ очихоор сэтгэл зүрх өөрийн эрхгүй догдолж яарч л байна даа.