Categories
мэдээ нийгэм

“Мөнгөн шөнө” цэнгүүний дараахь дүр зураг

Нийслэлчүүд жил бүр шинэ оноо төв талбайд угтдаг уламжлалтай болсон. Урлаг соёлын ододтой хамт нэгэн үдэш доргин хөгжилдөж, айлчлан ирж буй шинэ жилтэйгээ золгодог болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг энэхүү “Мөнгөн шөнө” цэнгүүн үнэхээр хөөр баярыг бидэнд мэдрүүлдэг юм. Төв талбайн хоёр талын автозамыг тэр чигт нь хааж, нүсэр зохион байгуулагддаг уг арга хэмжээний үеэр эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж иргэдийн аюулгүй байдалд цагдаагийн албан хаагчид анхаарал тавьдаг. Баярлаж, хөөрч, догдолсон хүмүүс оргилуун дарс буудуулж, бие биедээ аз жаргал хүсэн хундага тулгацгаана.

Хэдхэн цагийн энэхүү арга хэмжээний дараа Чингисийн талбай, Төрийн ордон тойроод хог новшинд дарагдсан дүр зурагтай үлддэг нь харамсалтай. Энд тэндгүй оргилуун дарсны шил, нэг удаагийн цаасан аяга, салютны хог хөглөрнө. Тайзан дээр өнгө өнгийн гэрэл гялалзаж, тэнгэрт түмэн янзын салют цацарч, газарт ганган дэгжин залуус хөгжин цэнгэлдсэн гэмээргүй орчин тойрноо гахайн оромж шиг болгож орхидог гээч. Нэг талаар хогийн сав хангалттай биш гэх байх. Гэхдээ манайхан хичнээн хогийн сав байрлуулсан ч гадуур нь хэнэг ч үгүй хаячихдаг улс шүү дээ. Тиймээс ирэх жилүүдэд олон нийтийг хамарсан энэхүү арга хэмжээг зохион байгуулахдаа хаа хаанаа бодолцох хэрэгтэй биз ээ. Их хотын залуус маань соёлтой боловсон хандахгүй бол торгуулийн арга хэмжээ авсан ч яагаад болохгүй гэж.

М.МӨНХ

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хүн амын тоо 7.3 тэрбум болжээ

Энэ 2016 оны эхний өдөр манай дэлхийн хүн ам 7.3 тэрбум болж байгаа тухай АНУ-ын Хүн амын тооллогын товчооноос мэдээлжээ. Өнгөрсөн жилийн дотор дэлхийн хүн ам 78 саяар буюу 1.08 хувиар нэмэгдсэн байна. Манай дэлхийн хамгийн олон хүн амтай орон нь БНХАУ юм. Тус улсын хүн амын тоо 1.367 тэрбум байна. Дараа нь Энэтхэг 1,252 тэрбумаар удаалж байна. АНУ, Индонези, Бразил, Пакистан, Нигери, Бангладеш улсууд эдгээрийн араас бичигдэж байгаа аж. Оросын холбооны улсын хувьд 142.423 сая хүнтэйгээр есдүгээр байрт оржээ. Харин аравдугаарт Япон улс бичигдэж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө зарим газраар, маргааш өдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 02-ны 20 цагаас нэгдүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуура шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
________________________________________
2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс нэгдүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-6-нд нутгийн өмнөд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эсэн мэнд гэртээ иржээ

Шинэ оны баярын өмнөх өдөр буюу өнгөрөгч
арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн 33
настай О гэгч айлын цайллагаас буцаж яваад сураг тасарчээ. Тус сумын төвөөс 40
км-ийн алсад үдшийн 23 цагийн үед энэ хэрэг болсон тухай мэдээлэл
арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт орон нутагт ирсэн байна. Ингээд
сумын Засаг даргаар ахлуулсан Сагсай сумын 62 хүн эрлийн ажиллагааг зохион
байгуулжээ. Харин сураггүй болсон иргэн О нь нэгдүгээр сарын 2-ны өдрийн 01:30
цагт гэртээ эсэн мэнд ирсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Монцемент” төсөл төсөвт нийт 458.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жилийг ардаа орхисон. Энэ хугацаанд Засгийн газар гурав дахь Хөрөнгө оруулалтын гэрээг “Монполимет” болон “Монцемент Билдинг Материалс” компани хооронд оны өмнөхөн байгуулсан билээ. Хөрөнгө оруулагч “Монполимет” компани Дорноговь аймгийн Өргөн сум дахь “Монцемент” төсөлд 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа ажээ. Төслийн хүрээнд Дорноговь аймгийн Өргөн суманд 375 шинэ ажлын байр бий болж, 220 айлын орон сууцны хотхон, хүүхдийн цэцэрлэг, худалдааны төв барих юм байна. Жилд нэг сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийж, Ерөнхий сайд оролцсон юм. “Монцемент” үйлдвэр нь жилд нэг сая тн цемент үйлдвэрлэхээс гадна 984 мянган тонн чулуунцар, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх боломжтой. Тиймээс уг төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж. Үүнээс 90 хувийг “Монполимет” компани санхүүжүүлээд байгаа бол үлдсэн 48.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын санхүүжилтээр шийдвэрлэх юм байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд “Монцемент” үйлдвэр улсын төсөвт жилд 21.8 тэрбум төгрөг, нийт 458.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгагджээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт нэмэлтээр 384 автомашин иргэдэд үйлчилж байна

Манайхны өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг бол шинэ жил. Он солигдохоос өмнө хот, хөдөөг зорьж, аав, ээж, ах, дүү, ураг садангуудтайгаа шинэ жилээ угтдаг нь бараг уламжлал болсон. Тиймээс орон нутгийн зорчих тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгдэж, хүрэлцдэггүй юм.

Өнөө жилийн тухайд зорчигчдын үйлчилгээнд зориулан нэмэлтээр 384 суудлын автомашиныг орон нутгийн чиглэлд явуулж байгаа аж. Тодруулбал, амралтын өдрүүдэд хуваарийн дагуу аймаг орон нутагт үйлчилнэ. Харин ирэх даваа гариг буюу энэ сарын 4-нөөс энэхүү нэмэлт үйлчилгээ зогсоох юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Уяачийн эрдэм” сургалт болж байна

Залуу
уяачдын дунд сургалт болжээ. Тодруулбал, “Нүүдэлчдийн дуу хоолой” Төрийн бус
байгууллага, “Уяачийн эрдэм” фэйсбүүкийн хуудас хамтран залуу уяачдын сургалтыг
нийслэл хотноо зохион байгуулж байгаа юм байна. “Уяачийн эрдэм” морь
уях арга барилаас суралцах сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн 71 уяач
хамрагджээ. Тухайлбал, орон нутгаас Завхан, Ховд, Архангай, Сэлэнгэ,
Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Дорнод, Орхон, Хэнтий, Төв аймгийн уяачид
хүрэлцэн ирсэн байна. Энэхүү сургалтад Монгол Улсын тод манлай уяач, Д.Онон
морь уях уяаны талаар өөрийн олон жилийн туршлага үнэт зөвлөгөөг залуу үедээ
сургамж болгон үлдээж, мэдлэг туршлагаасаа хуваалцаж буй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдэд баримт олгохгүй бол орлогынх нь хоёр хувиар торгоно

НӨАТ-ын буцаан олголт, урамшууллын систем өчигдрөөс орон даяар эхэлсэн билээ. Тодруулбал, иргэн та бараа, үйлчилгээ авахдаа төлдөг НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах боломжтой юм. Уг системийг хэрэгжүүлэх төслийн багийнхны зүгээс бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууссан бөгөөд одоо аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахим баримтыг нэг бүрчлэн үйлчлүүлсэн иргэдэд олгохыг шаардах, шалгах ажил өрнөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийт 7000 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллага НӨАТ-ын буцаан олголт, сугалаа бүхий цахим баримтыг хэвлэн олгож эхлээд байгаа юм байна. Тухайлбал, бүх шатахуун түгээх станцууд, томоохон супермаркетууд, түргэн хоолны сүлжээ, найман нэрийн барааны дэлгүүрүүд, Некст элекрониксийн бүх салбарууд цахим баримт олгож байна. Мөн Баянүзүрх захын наймаачид ч дундын нэг хэвлэх машинаар цахим баримт иргэдэд олгож байгаа ажээ.

Энэ мэтчилэн нийтдээ 27000 гаруй байгууллага цахим баримтыг хэвлэж өгөх үүргийг хуулиар хүлээж байна. Тиймээс баримт өгөхгүй байгууллагуудыг шалгаж, 10 хоногийн хугацаат үүрэг өгөх нь ээ. Хэрэв сануулга авсан байгууллагууд 10 хоногийн дараа гэхэд цахимт баримт хэвлэж өгөх ажлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд орлогынх нь хоёр хувьтай тэнцэх төгрөгөөр торгох юм байна.
Харин иргэдийн зүгээс баримтаа шаардаж авах хуулиар олгогдсон эрхтэйгээ санах хэрэгтэй. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ тухайн газрыг НӨАТ төлөгч мөн эсэхийг лавлаж, хэрэв мөн бол баримтаа нэхэх ёстой юм байна. Таны аваагүй орхисон баримт бүр таны буцаан авах мөнгө, үүгээр зогсохгүй 100 сая төгрөгийн хонжвортой сугалаа ч байх эрсдэлтэй тул заавал шаардаж аваарай. Хэрэв танд баримт олгохгүй бол 1800-1288 дугаарт залган мэдэгдэх боломжтой.
Харин цахим баримтаа авсан бол www.ebarimt.mn сайтад бүртгүүлэн сугалааны эрхээ аваарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ оны эхний өдрүүдэд 36 хүүхэд мэндэлжээ

Шинэ оны анхны өдөр буюу өчигдөр Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд 19 хүүхэд шинээр мэндэлжээ. Тэдний 11 нь хүү, найм нь охин аж.

Монгол Улс 2015 онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авснаас хойш даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ. Хүн амын тоог нэмэгдүүлэн мэндэлж буй бяцхан үрсийн маань дийлэнх нь хөвгүүд байгааг ахмадууд ихэд бэлгэшээдэг юм. Монгол ёсонд эрэгтэй хүүхэд их төрөх нь эр цэрэг, баатрууд, сайн бөхчүүд нэмэгдэнэ хэмээдэг билээ.

Тэгвэл өнөөдөр Эх нялхсын эрүүл мэндийн төвд 17 хүүхэд мэндлээд байгаа тухай мэдээ авлаа. Шинэ иргэдийн маань арав нь охин, долоо нь хүү байжээ. Оны эхний хоёр өдрийн байдлаар тус эмнэлэгт нийт 36 хүүхэд төрсний 18 нь хүү, 18 нь охин байна. Харин одоогоор ихэр хүүхдүүд төрсөн тухай хараахан бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Дулааны худагт унаж амиа алджээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд хамгийн их завгүй ажиллаж байгаа хүмүүс бол онцгой байдлын албаныхан. Зам тээврийн осол аваар, золгүй байдлаар амиа алдагсад, цасан шуурганд төөрөгсөд зэрэг дуудлага нэлээд иржээ. Өчигдөр 14.55 цагт гэхэд “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол гуравдугаар сургуулийн ард дулааны шугамын худагт хүн нас барсан байна, гаргаж өгч туслаач” гэсэн дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллажээ. Харамсалтай нь талийгаачийн биед ямар нэгэн бичиг баримт байгаагүй тул нэр, нас, гэрийн хаяг тодорхойгүй байсан гэнэ. Ямартай ч насанд хүрсэн эрэгтэй хүний цогцос байсан бөгөөд харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.