Categories
гадаад мэдээ

Саудын Арабын ЭСЯ-ыг шатаажээ

Саудын Араб улсад өчигдөр 17.00 цагийн орчимд Шейх Нимр ал-Нимр болон 46 хүнийг терроризмын хэрэгт буруутгаж, цаазалсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

Шейх Нимр ал-Нимр болон түүний дэмжигчид нь 2011 оны дөрөвдүгээр сард Шиа хүмүүсийг гадуурхаж буйг буруутгаж, Арабын зүүн хэсэгт Засгийн газрын эсрэг жагсаалыг зохион байгуулсан юм.

Тэрээр 2013 оны нэгдүгээр сард баривчлагдсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сард түүнд цаазаар авах ялаар шийтгэсэн билээ. “Цаазлагдсан 47 хүний дунд Чад болон Египетийн нэг нэг иргэн, бусад нь Арабын иргэншилтэй байсан” хэмээн “AFP” агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Шиа урсгал зонхилдог Иран улс Шейх Нимрийг цаазлах тухай асуудалд Саудын Арабын удирдлагуудыг буруутгаж, хэрвээ түүний аминд хүрсэн тохиолдолд олныг хамарсан жагсаал зохион байгуулахаа сануулсан юм.

Шейх Нимрийг цаазалсны дараа Тегеран дахь Саудын Арабын элчин сайдын яам руу босогчид дайрч, галдан шатаажээ.

Цагдаагийнхан яам руу халдсан этгээдүүдээс 11 хүнийг баривчилсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Саудын Арабын энэ үйлдлээс болж Ойрхи Дорнод дахь шашны мөргөлдөөнийг хурцатгаж магадгүй” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн охидын чансаанд Д.Номин-Эрдэнэ гуравт бичигдэв

Олон Улсын шатрын холбооноос 2016 оны эхний сарын рейтингийн жагсаалтыг гаргажээ. Шилдэг 10 шатарчны дунджаар байр эзлүүлэхэд манай улс 172 улсаас 57 дугаар байрт жагссан байна. Энэ жагсаалтыг ОХУ тэргүүлж, БНХАУ, Украин удаалав.

Монголын шатарчдын рейтингийн жагсаалтыг их мастер Б.Гүндаваа (2507, “Шунхлай”) тэргүүлсэн бол олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ (2468) удаалав. Дэлхийн эмэгтэй шатарчдыг БНХАУ-ын Хоу Ифань(2673), Энэтхэгийн Конеру Хампи нар тэргүүлсэн бол Д.Номин-Эрдэнэ 28, Б.Мөнгөнтуул 42-т бичигджээ.

Мөн дэлхийн охидын чансаанд Д.Номин-Эрдэнэ гуравт бичигдлээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Оддын дайн” киноны шинэ анги тэрбум долларын ашиг олжээ

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын тоглосон “Оддын дайн” цувралын “Оддын дайн: Хүч сэргэсэн нь” кино нээлтээ хийгээд 12 өдрийн дотор нэг тэрбум ам.долларын ашиг олжээ. Тус бүтээл дэлхийн 35 улсад нээлтээ хийсэн бөгөөд зөвхөн АНУ болон Канадын кино зах зээлээс 544.5 сая ам.долларын ашиг олсон байна. “Оддын дайн” киноны долоодугаар анги АНУ, Их Британи, Герман, Австралийн кино чартуудыг тэргүүлээд байна. Зөвхөн Зул сарын баяраар тус кино 135 сая ам.долларын ашиг олжээ. Кино шүүмжлэгчид “Оддын дайн” киног гурван тэрбумын ашиг олох магадлалтай хэмээн бичсэн талаар CNN мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ Туркт визгүй зорчих дэглэмээ зогсоолоо

ОХУ, Турк улстай визгүй зорчих журмаа зогсоосон тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай “Энэ нь манай иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой билээ. Турк улсаар дамжин исламын дайчид зорчих болсон” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Туркийн сөнөөгч “F-16” онгоц, Оросын байлдааны “Су 24” онгоцыг Туркийн агаарын хилийг зөрчсөн хэмээн буруутгаж, пуужингаар харвасан билээ. “Су 24” онгоцны сүйрлийн дараа Москвагийн удирдлагууд дургүйцлээ илэрхийлж, Анкарагийн эсрэг худалдаа, виз, аялал жуучлалын салбарт хориг тавьсан юм.

Хэдий Орос, Туркийн олон хориг тавьсан ч Анкарагийн удирдлагууд “Аль ч улсын байлдааны онгоц Туркийн хилийг зөрчсөн ч бид дээрх аргыг хэрэглэх байсан” гэж хариу мэдэгдэж Оросуудад визгүй зорчих журамдаа өөрчлөлт оруулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

Хоёр орны иргэд улс хоорондоо визгүй зорчих гэрээг 2010 оны дөрөвдүгээр сарын 19-нд байгуулж, 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

Ойрхи дорнодод шашны мөргөлдөөн хурцдаж эхэллээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 2-нд Саудын Арабын вант улс Шейх Нимр ал-Нимрийг бусад 46 хүний хамт терроризмын хэрэгт буруутган цаазалсан байна.

Шейх Нимр ал-Нимр нь 2011 онд Шиа хүмүүсийг гадуурхсан гэх шалтгаанаар Арабын зүүн нутагт засгийн газрын эсрэг бослогыг зохион байгуулсан гол хүмүүсийн нэг юм.

Тэрээр хоёр жилийн өмнө баривчлагдсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сард түүнд цаазаар авах ял оноожээ.

Цаазлагдсан 47 хүний дунд Чад болон Египетийн нэг нэг иргэн, бусад нь Арабын иргэншилтэй байжээ. Шиа урсгал зонхилдог Иран улс Шейх Нимрийг цаазлах тухай асуудалд Саудын Араб вант улсыг буруушааж байсан юм.

Харин Шейх Нимрийг цаазалсны дараа Тегеран дахь Саудын Арабын элчин сайдын яам руу босогчид дайрчээ. Тэд элчин сайдын яаманд гал тавьж, үймээн самуун өдөөсөн бөгөөд одоогоор босогчдын заримыг баривчлаад байгаа аж. Түүнчлэн Саудын Арабын зарим нутагт мөн бослого гарч эхэлсэн байна.

Вашингтон Саудын Арабын энэ үйлдлээс болж Ойрхи Дорнод дахь шашны мөргөлдөөнийг хурцатгаж магадгүй боллоо гэжээ.

Дашрамд дурдахад Саудын Араб өнгөрсөн жил 150 хүнийг цаазалсан нь сүүлийн 20 жилийн доторх хамгийн өндөр үзүүлэлт байсан гэж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамба батлан даалтад гарчээ

Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамба 12 сарын 31-нд батлан даалтад гарсан байна. Түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаагаар саатуулаад ийнхүү оны өмнө батлан даалтанд гаргасан байна.

Энэ талаар түүний өмгөөлөгч,

– Г.Шийлэгдамбын саатуулан шалгагдах хуулийн хугацаа дууссан тул оны өмнө буюу 12 дугаар сарын 31-нд батлан даалтад гарсан.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байгаа онц их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл ор үндэсгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цаашид хэргийн мөрдөн байцаалт гадуур явагдана гэв.

Categories
мэдээ цаг-үе

Р.Эмүжин: Эрх чөлөө унтлагын өрөөнд байдаг

Яруу найрагч Р.Эмүжинг шинэ номоо гаргасных нь дараа ярилцсан ярилцлагаа өнөөдөр та бүхэнд онлайнаар хүргэж байна

-Р.Эмүжин эрос ном бичжээ гэцгээж байна. Тэр нь их л зузаан байхыг хараад энэ сэдвээр бичих юм их байжээ гэж бодлоо. Магадгүй энэ сэдвийг хүн бүр өөр өөрөөр төсөөлдөг байх?

– Эротик роман гэхээр ор хөнжлийн ажил гэдэг талаас нь хүмүүс төсөөлж байгаа болов уу. Олон хүн өөрийнхөөрөө төсөөлөөд арав, хорин минут, ганц хоёр хуудсаар хэмжиж магадгүй. Гэхдээ хайр гэдэг нь урлаг юм бол хайрлана гэдэг урлахуй гэж би боддог. Нөгөө талаар хүн төрөлхтөнд үлдсэн сүүлчийн амьтанлаг мэдрэмж нь хайрлах урлаг юм уу даа гэж санадаг. Эротик гэхээр хүн зөвхөн үйл явдал талаас нь бодчихож болно. Үнсэлцээд цаашаа алхаж таарна. Тэгээд асуудал дууслаа гэж бодож болно. Үүний цаана хос хоёрын сэтгэл зүрхэнд тарчлаан шаналал, эргэлзээ, хайр, уйдсан сэтгэл, үзэн ядалт, гал халуун учрал, хүсэл дурлал гээд маш олон юм өрнөж байдаг шүү дээ. Тэр болгоныг задалж бичвэл нэг номоор дуусахгүй.

-Үргэлжилнэ гэсэн үг үү?

-Үргэлжлүүлж болно. Уншигчдынхаа реакцийг харж байна. Гол дүрүүд маань амьдралд хайртай болохоор үргэлжлэх боломжтой.

-Эрос зохиол гэхээр содон сонсогдож байна. Ийм зохиол бичих санаа яаж төрөв?

-Би хүнээс хүнийг л харахыг хүсдэг. Эцсийн эцэст хүн мөнгөтэй ханилдаггүй. Байшин савтай ханилдаггүй. Хүнтэй л ханилдаг. Ганцаардахын цагт хүн хүндээ л хань болдог. Гэтэл хүн, хүний нийгэм гэдэг ойлголт өнөөдөр юу болж хувирав. Бид бүгдээрээ байгалийн амьтан. Олон хүний боддогчлон бурхны бүтээл. О.Дашбалбарын шүлгэнд гардагчлан хоолтой хоолгүй тэнэж яваа талын хөх чонотой л адилхан амьтан. Тэгсэн хэрнээ гутлаа гялалзтал тосолчихоод, зангиа зүүчихээд, охид нь өндөр өсгийт дээр дэнжигнээд эхлэхээрээ бид хээнцэр амьдрах ёстой, сарнайн дэлбээгээр дүүрсэн ваннд хэвтэх ёстой, бэлгэнд авч байгаа цэцэг маань торгон туузаар ороолттой байх ёстой гээд материаллаг амьдралаас хэт хараат болчихдог. Уг нь хүн ууланд урамдаж байгаа бугатай л адилхан, хээр талд гавраа зуугаад явж байгаа үнэгтэй л адилхан амьтанлаг мэдрэмжтэй. Гэтэл энэ төрөлхийн мэдрэмжүүдээ алдсан байна. Эр, эм амьтныхаа хувьд хайрлаж дурлах цагт л энэ мэдрэмж нь сэргэдэг юм болов уу даа. Байгалиас заяасан эл мэдрэмжээ олон хүн олж авч чаддаггүй. Нөгөө гоё зангианыхаа цаана нуугдаад он жилүүдийг элээдэг. Надад үгүйлэгдээд байгаа хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн бусдад ч үгүйлэгдэж байгаа. Би хүнийг хүн гэдгийг жинхэнэ утгаар нь сануулсан зохиол бичихийг хүсдэг байсан. “Хөх сарны явдал”-ыг анх бичиж эхэлсэн шалтгаан ердөө л энэ юм даа. Хүнийг хүн гэдгийг нь, байгалийн бүтээл гэдгийг нь бусад амьтантай л адил гэдгийг энэ зохиол маш олон талаар сануулна гэдэгт итгэлтэй байна.

-Эмүжин амьтанлаг мэдрэмжтэй байж таарах нь ээ?

-Би сэтгэлийнхээ дуудлагаар л амьдардаг хүн. Хүн сэтгэлийнхээ маш олон дуудлагыг хүлээж авахаас зайлсхийж, олон олон хүлээсээр өөрийгөө баглаж хүлдэг. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн дүүлэн нисэж, амирлан жаргахыг хүсдэг. Сэтгэлийнхээ дуудлагаар, мэдрэмжээрээ амьдрах үед амьдрал зарим талаараа хэцүү ч илүү амттай. Би төрөлхийн ийм сэтгэлдээ хэт автдаг хүн шиг байгаа юм. Тийм биш байсан бол өдийд амьдрал маань жигтэйхэн сайхан тогтчихсон, олон хүүхэдтэй намбайсан эхнэр байхгүй юу.

-Эмэгтэй хүн олон юманд баригдан номхорч, заримдаа өөрийгөө ч мэдрэхээ байдаг үе бий. Ялангуяа эх хүн маш олон юмнаас татгалзаж, бүсгүй хүний сэрэл мэдрэмжүүд хумигддаг, торлогддог юм шиг?

-Тэр торыг ямар байлгах нь эмэгтэй хүнээс шалтгаална. Би яах аргагүй л хоёр хүүгээ өөрөө өсгөж байна. Заримдаа шантрах үе бий. Гэхдээ хөвгүүдээсээ маш их суралцсан. Хөвгүүд маань хэлдэг юм. Ээж таны хамгийн их хэлдэг үг чинь “Өөрөө л мэд” гэдэг. Заримдаа хүүхэд юм болохоороо зүг чигээ олох гээд бухимддаг юм байна л даа. Би өөрөө дураараа чөлөөтэй, сэтгэлийнхээ дуудлагаар амьдардагтайгаа адилхан хөвгүүдээ тэгж өсгөсөн юм болов уу даа. Эд нар маань багаасаа шийдвэр гаргадаг, сэтгэл зүрхний дуудлагаа сонсдог болж өссөн юм байна. Хөвгүүдээ багад нь хөгжүүлж, оюун санааны хувьд тэтгэж байсантай адилхан эд нар маань намайг шүүмжилж, магтаж, хүмүүжүүлж, хөгжүүлж байна. Зарим талаараа миний сонирхдоггүй байсан юм руу хөтөлж байна. Хөвгүүдээ дагаад би өөрөө өөрчлөгдөж байна. Тэгэхээр ээж хүнд зайлшгүй ирдэг ядаргаатай асуудлуудыг ямар өнгөөр будах вэ гэдэг нь тухайн хүнээс л шалтгаална. Гэрээ цэвэрлэх үргэлж л ядаргаатай байдаг. Тийм үед сахилгагүйтэж байгаа хөвгүүдээ харахаар бүр бухимддаг. Харин хамтдаа нийлж сахилгагүйтээд, дараа нь хамтраад цэвэрлэчихвэл амьдрал илүү уужимхан болно.

-Нас ч бас ямар ч халуухан эмэгтэйг өөрчлөх том шалтгаан байх?

-Би 42 настай. Фэйсбүүкт тавьсан “42 нас” гэдэг шүлгийг маань 200 шахам мянган хүн уншсан байна. 3000 гаруй хүн сэтгэгдэл үлдээжээ. Яг энэ цаг хугацааны дараа байгалийн жамаар, амьдралын эрхээр өтөлсөн байж болно. Гэхдээ л өөрийнхөөрөө сэтгэдэг араншин хийгээд мэдрэмж маань хэвээрээ үлдсэн. Үүний хэрээр үнэ цэнийг нь ч олж харах боломж бүрдсэн. Саяхандаа би:

Зүрх, тархи, сэтгэл

Зүс царай, зүсрэх хайр

Үзэг барьдаг гар

Үнсүүлэх дуртай хүзүүнд минь үлдсэн

Үрчлээ болгон үнэ цэн болохоор

Үргэлж гайхуулж амьдарна, би гэж шүлэглэлээ. Хэрвээ торон дотор дуулдаг шувуу байсан бол, хэрвээ би чөдөртэй дэгэлздэг морь байсан бол, хэрвээ би уяатай ботго байсан бол чиний хэлээд байгаа насны эрхээр ирдэг олон дарамт, дотогшоо хумигддаг сэтгэл намайг нөмрөн авах байх л даа. Өөрийгөө чөлөөлж амьдарч чадсанаараа бахархдаг. Хүний сэтгэл хязааргүй орон зай. Гэтэл бид өөрсдөө түүнийг бачуурам явцуу болгож байдаг. Сэтгэлийн дуудлагаа дагана гэдэг нэг талаар тэнэг зориг юм. Нөгөө талаар хүссэн цагтаа жигүүрээ дэлгэж чаддаг байх сайхан.

-Хүүтэй ээжүүдэд хүү нь хорвоод хосгүй эр хүн. Гэхдээ Эмүжин мөрөөдлийнхөө эр хүнтэй учирсан уу?

-Учирсан. Бас сайхан хөвгүүдийг нь төрүүлсэн. Би бас их гэнэн эмэгтэй. Эмэгтэй хүн эр хүнтэй танилцаад боддог. Энэ хүн надад хань болох уу. Мөнгөтэй юм уу, үгүй юм уу. Ажилтай юм уу, ажилгүй юм уу, ааштай болов уу, агсам болов уу гээд олон талаас нь эргэцүүлж боддог. Харин би хайрлаж дурласан л бол хайртай хүнийхээ үр хүүхдийг тээж төрүүлэхийг хүсдэг. Түүнээс биш суух уу, болих уу, хүүхдийг нь гаргах уу гэж тооцоо хийдэггүй. Би хайрласан. Сайхан хөвгүүдийг нь төрүүлсэн. Тэгээд яагаад салчихдаг юм гэж чи надаас асуух байх л даа. Яагаад гэвэл тэд зарим талаараа хайр даадаггүй. Эсвэл эмэгтэй хүн бүх сэтгэлээ, байгаа бүхнээ өгч, өөрийгөө тасалж, үр хүүхдийг нь хүртэл төрүүлдэг учраас магадгүй тийм хайрыг эргээд олж чадахгүй болохоороо гомддог байх. Нэг л өдөр сэтгэлээ чагнахад хайргүй болсон байдаг. Хайргүй мөртлөө хүүхдээ бодож байна гээд худлаа дүр эсгээд амьдрах хүсэл байдаггүй. Сэтгэлээ чагнаад, миний зүрхэнд хайр байхгүй болсныг ойлгох цагтаа олон талаас нь бодож байгаад “Хоёр тийшээ болъё доо” гээд үнэнээ шулуухан хэлчихдэг.

Дэндүү хайртайдаа

Чамтай би ханилахгүй,

Дэргэд чинь өнгөө гээж,

Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй гээд өөрийн чинь мөрүүд байдаг. Энэ үнэхээр бодож үзмээр сонин философи шүү?

-Зарим талаараа амьдралын хүнд хэцүү, болсон болоогүйг хамт туулаад ирэхээр бие биенээ анх олж харсан харц, хайраа мартдаг шиг байгаа юм. Нөгөө л сэгсийсэн эхнэр, нөгөө л телевиз ширтсэн нөхөр. Тэгж л харагддаг байх. Гэхдээ би энэ талаар сайн мэдэхгүй. Өөрөө хүнд хань болоод, өчнөөн олон жилийг хамт туулаагүй юм чинь гэр бүлийн амьдралыг үнэндээ мэдэхгүй байна. Би хөвгүүдээ төрөхөд нь л аавуудаас нь салчихсан хүн шүү дээ.

-Уг нь хүүхдээ төрүүлсний дараа дэргэд эр хүний нөмөр хэрэгтэй байх?

-Хуурмаг нөмөр, дарамттай нөмөр, сэтгэлд сүүдэр унагасан түшиг тулгуурт хоргодох гэж шархтай далавчаар зуун зууныг гаталснаас хурдхан шиг хоёр тийшээ болоод, асуудлаа шийдээд явсан нь дээр.

-Эмүжингийн урт, долгионтой үс, гадаад дүр төрх хэвээрээ үлджээ. Харин эрос шүлэг бичдэг байснаа эрос роман бичдэг болж өөрчлөгдсөн шиг байна?

-Хөвгүүдээ бага байхад би үлгэр бичихийг хүссэн. Үлгэрийн номуудаа гаргасан. Орь залуу насыг хөглөдөг зүйл нь хайр сэтгэл. Хайрын шүлгүүдээрээ ч бас жигүүрлэсэн. Одоо ч би шүлгээ бичиж байгаа. Н.Найруулагч Наранбаатар бид хоёр нэг удаа телевизийн ярилцлаганд хамт орлоо. Мань хүн надаас “Чи яагаад роман бичихгүй байгаа юм бэ” гэж асуусан. Би “Арай болоогүй байна аа. Аливаа юмыг шүүрч авах цаг хугацаа гэж бас байдаг. Би өөрийгөө чагнаж байгаа юм” гэж хариулж байсан л даа. Энэ роман төрөх цаг нь болсон юм байгаа биз. Одоо бол би уран сайхны түүхэн роман дээр сууж байна. Анхны роман маань эротик байсанд баяртай байгаа. Эхлээд түүхэн сэдэв барьж авсан бол хэллэг, сэтгэлгээ, гол дүрийн араншингийн задаргаа дээр өөрийгөө цэгнээд, биеэ барих байсан биз. Эротик роман, бас эмэгтэй хүний эмзэг мэдрэмжээр бичиж байгаа болохоор гол дүрүүдийнхээ сэтгэхүй, дотоод мөн чанарт тулгуурлан, хангалттай задалж чадсан. Зохиолчийнхоо хувьд энэ роман дээр хөгжиж, урагшаа ахиж чадсандаа баяртай байна.

-Эротик роман гэснээс нэг марзан юм санаанд орлоо. Эротик өгүүллэг яаж бичдэг байна аа гэж нэг нь хэлсэн чинь танил эмэгтэй маань “Бичиж ядах юу байх вэ. Үзсэн харсан дээрээ мөрөөдлөө нэмээд биччихэд болно” гэж билээ. Харин та юу хэлэх вэ?

-Миний номыг уншиж үзвэл ойлгоно. Солонго гээд гол дүрийн эмэгтэй маань Малайзад хүний наймааны золиос болж, бараг бүтэн жил хүний эрхэнд амьдарч байгаа хэсэг бий. Үүнийг бичихийн тулд ардаа нялх хүүхдээ үлдээгээд, өөрөө биеэ үнэлж мөнгө олохоор Эрээн рүү гараад, тэндээсээ Хонгконг руу худалдагдаж, адаг сүүлд нь бичиг баримт ч үгүй Монголын Элчин сайдын яаманд аврал эрж очсон эмэгтэйтэй нэлээд хэдэн удаа уулзаж ярилцсан. Зохиолч хүнд бичих гэж байгаа сэдвээ маш олон талаас нь судлах шаардлага гардаг. Заримдаа улаан гэрэл дээр машиндаа сууж байхдаа гарцаар гарч байгаа хүмүүсийг ажиглахад ямар нэг дүр заавал тэдний дунд байдаг. Бичнэ гэж хэлэх амархан. Өөрийнхөө үзсэн харсан дээр мөрөөдлөө юм уу төсөөллөө нэмээд биччихнэ гэж хэлэх ч бас амархан. Зохиолч хүний дотор сэтгэлд өөрийнх нь босгож амьдруулах гэж байгаа дүр удаан амьдарч, оюун бодлыг нь эзэлж байж төрдөг. Нэг талаараа хүүхэд төрүүлж байгаатай адил хариуцлага. Би нэгэнт номоо бичээд гаргасан л бол тэр дүр өөрийнхөө тавиланг хөөж, уншигчдын сэтгэлд амьдардаг.

-Романаа хэр удаан бичсэн бэ?

-Дөрвөн жилийн өмнө эхлүүлээд хаячихсан. Зориг дутсан юм болов уу даа. Харин өнгөрсөн хавар дахин барьж аваад, хоёр сар л зарцуулсан.

-Номын нээлт орой болсон болохоор эрчүүдэд сонин санагдсан бололтой. Эмүжин торон даашинзтай байсан болов уу, очсон эрчүүдтэй болзсон болов уу гэх мэтээр сонирхож байна лээ?

-Номын нээлт 22 цагт “Аз хур” номын их дэлгүүрт болсон. Эротик номын нээлтэд шөнө хагаслаж очно гэдэг зарим хүнээс зориг шаардсан байх. Үнэндээ юу өмсөхөө бодоогүй биш, бодсон. Богинохон даашинзаар гоёх уу, цээж мөрөө гаргах уу гээд эргэлзсэн л дээ. Яг гарахдаа жирийн л өмд, костюм өмссөн. Би уран бүтээлч хүн. Нэгэнт л сэтгэл, сэтгэлгээ, оюун санаагаа олны өмнө тайчиж хаячихаад дээрээс нь бас хувцсаа тайчаад яахав. Надаас илүү роман маань хүмүүсийн сэтгэлд хүрээсэй гэж л хүссэн. Гэхдээ номын нээлтийн үеэр үнэхээр галзуу шүлгүүдээ уншсан. “Хонгор хүү минь чи намайг энхрийл, хориглож байсан ч даашинзыг маань тайч” гээд л. Түүнтэй загас наадуулахсан, түүний энгэрт шургахсан гэдэг ч юм уу. Бас нэгэн үеийн яруу найрагч Б.Галсансүх маань гайхалтай чөлөөтэй шүлгүүдээ хэлж, оюутан цагийн анд, Түвд судлаач Б.Ням-Очир маань залуу халуун насны задгай шүлгүүдээ уншсан. Зохиолч Б.Сарантуяа, яруу найрагч С.Оюун нар маань том түшиг болсон.

-Хориглож байсан ч даашинзыг маань тайч гэснээс үүдээд эрчүүдийн хувьд эргэлзээ төрж магадгүй. Үнэхээр дургүйцээд байгаа юм уу эсвэл дургүйцсэн дүр үзүүлж байгаа юм болов уу гээд л?

– Мэдрэмж. Гол нь тэр эмэгтэйн дургүйцэл аальхан дургүйцэл үү, аймаар дургүйцэл үү гэдгийг мэдрэх л учиртай. Амьтанлаг мэдрэмжээ алдаагүй хүн түүнийг маш сайн мэдэрнэ.

-Хаврын хаварт л би дурлачихсан явдаг гээд өөрийн тань нэг шүлэг байдаг. Эмүжин дурлаж байгаа болов уу?

-Одоо ч гэсэн би дурлачихсан байна. Сайхан эр хүнээр хайрлуулж амьдарч байна.

-Хүүхдийн үлгэрийн зургаан ном гаргаад төд удалгүй эрос ном гаргана гэдэг мөн түргэн шилжилт ээ?

-Эхлээд ээж аав хоёр нь учрах ёстой. Тэгээд хүүхэд нь төрөх ёстой. Гэхдээ би дэс дарааллыг нь алдагдуулсан. Эхлээд хүүхдийн үлгэрийн номоо гаргаад, араас нь эротик романаа хэвлүүллээ. Нийгмийнхээ араншинд тааруулсан хэрэг. Би бас юунд ч баригддаггүй хүн биш, баригддаг хүн юм билээ. Эхлээд хүүхдийн үлгэр гаргаж ээж хүн гэдгээ харуулж, зарим талаар нэр төрдөө хамгаалалт хийж байгаа санаатай гэх үү дээ.

-Эрос романаа хаана бичсэн бэ?

-Хөнжилдөө гэж хариулах ёстой юу? ( инээв) Үргэлжилсэн үгийн зохиолыг тухалж байж бичдэг. Цаг хугацааны хувьд ёстой хэзээ ч хамаагүй, шөнө хагаслаад, эсвэл өглөө эрт гэхчилэн бичмээр санагдсан үедээ хурдхан л буулгаад авдаг. Шүлгийг бол зам зуур, ёстой хаана ч хамаагүй, заримдаа гэрлэн дохион дээр зогсож байхдаа ч тэмдэглээд авдаг. Нүүрээ будангаа ч нэг хоёр мөр биччихдэг.

Харин “ Хөх сарны явдал” романаа бичиж байхдаа би эрх чөлөө унтлагын өрөөнд байдаг гэдгийг олж харсан. Ийм галзуу чөлөөтэй, хүсэл шунал, хайр дурлал, халуухан учралуудаар дүүрэн ном бичлээ гээд намайг үзэн ядаж, үгүйсгэн муулж, адлан гоочилж, эсвэл өрсөн магтаж болно. Аль нь ч байсан одоо өнгөрсөн. Зохиолоо бичиж байхдаа би бүсгүй хүний хувьд өөртэйгөө хангалттай зөрчилдөж, эргэлзсэн. Одоо эргэлзэх хүсэл алга. “Хөх сарны явдал” бол энэ цагийнхны зүрх сэтгэлийн зүг илгээж буй хайр хийгээд хайрлах урлагийн галт тэрэг юм. Их зохиолч Д.Нацагдоржийн “Монголын үрс маш олон болтугай” хэмээх үгийг романыхаа төгсгөл болгосон нь ч учиртай.

Categories
мэдээ цаг-үе

Номхон зантай Усны цагаан сүүлт БҮРГЭД

Монгол оронд олон зүйл бүргэд байдаг талаар шувуу судлаачид онцолдог. Энэ удаагийн сав шимийн буландаа Монгол орны бүргэд тэр дундаа усны цагаан сүүлт бүргэдийн талаар онцолъё. Бүргэд нь харцагын овогт багтах, том биетэй махчин шувуу юм. Дэлхий дээр 60 гаруй зүйлийн бүргэд байдгаас ихэнх нь Евроази, Африкт нутагладаг бол манай оронд бахим бүргэд, бор бүргэд, тарважи бүргэд, цармын бүргэд, хан бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, усны нөмрөг бүргэд, уулын согсоот бүргэд хэмээх зүйлүүд амьдарна. Бүргэд нь бахим хошуу, хүчирхэг том биеэрээ бусад махчин шувуунаас онцгойрдог. Махчин шувуудыг өдрөөр ангуучилдаг, шөнөөр ангуучилдаг гэж ангилбал өдрөөр ангуучилдаг махчин шувууны хамгийн том төлөөлөгч нь бүргэд юм.

Усны цагаан сүүлт бүргэдийн талаар шувуу судлаач, доктор Г.Майнжаргал, мал судлаач, ахмад зохиолч А.Далхжав нараас дараахь зүйлийг тодрууллаа. Улаан номд багтсан энэхүү зүйлийн бүргэд нь харцагын овгийн, нөмрөг бүргэдийн төрөлд багтдаг. Монгол орны Орхон, Сэлэнгийн сав газар, Их нууруудын хөндий тэр дундаа Хөвсгөл нуур, Хар-Ус нуур, Хар нуур, Өгий нуур, Булган, Тамир, Сэлэнгэ гол зэрэг усны ундарга ихтэй нутгуудаар цагаан сүүлт нөмрөг бүргэд нэлээд тархжээ. Олон улсын нэр нь “HaliaeeTus albiciLa” буюу оросоор “Орланбелохвост”, англиар “White-Tailed Eagle” гэнэ. Энэ бүргэдийг анх 1758 оны үеэс шувуу судлаач эрдэмтэн, докторууд сонирхон судалж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэлжээ. Нэн ховорт тооцогдох бөгөөд 1997 онд Монгол Улсын “Улаан ном”-д, мөн ОХУ-ын “Улаан ном-“д орсон дархан цаазат нүүдлийн шувуу юм.

Усны цагаан сүүлт бүргэд нь цайвар толгой, бараан хүрэн бие, бахим том хошуу, цав цагаан сүүл, тод шар сарвуу болон хошуугаараа бусад зүйлээсээ ялгардаг. Мөн биеийн хэмжээгээрээ бусад бүргэдээс ялимгүй том.

Биеийн ерөнхий урт 69-92 см, зарим үед 100 см ч хүрдэг. Элин халин нисэхэд далавчны урт нь 182-244 см хүрдэг байна. Эм бүргэд эрээсээ ялимгүй том бөгөөд өргөн, урт далавчтай байна. Эм бүргэд нь 4-6.9 кг жинтэй бол эр нь 3.1-5.4 кг хүрнэ. Манай оронд цагаан сүүлт бүргэд хамгийн уртдаа 25 насалжээ. Тус зүйлийн бүргэд дунджаар 21 насалдаг юм байна.

Бүргэд бол тэнгэрт амьдрах заяатайгаа зохицсон хүчирхэг, догшин, анч жигүүртэн билээ. Энэ ч үүднээс монголчууд бид хүчирхэг, эрэмгий, омог бардам хэн нэгнийгээ “бүргэд шиг” гэж зүйрлэдэг. Яруу найрагч Б.Ичинхорлоо

“…Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй …” хэмээн шүлэглэсэн байдаг. Харин цагаан сүүлт бүргэд нь бусад зүйлээ бодоход харьцангуй дөлгөөн тайван амьтан аж. Энэ зан чанар нь түүний хооллолтоос ч гэсэн анзаарагддаг. Ихэнх бүргэд өндрөөс элин хальж, үнэг, хярс, туулай зэрэг амьтдыг ангуучлан барьдаг бол энэхүү бүргэд нь гол мөрөн, нуур цөөрмийн орчмоор амьдран голдуу загас жараахайгаар хооллоно. Мөн амьтдын сэг зэм, гол мөрөн хөлдсөн үед жижиг хөхтнөөр хооллох нь ч бий. Өдөртөө 500-600 гр хоол тэжээл иддэг аж. Мөн гол, нуурын хөвөө дагаж айл малтай ойр амьдардаг нь энэ бүргэдийн хэрцгий догшин бус номхон дөлгөөн зантайг харуулна.

Цагаан сүүлт бүргэд нүүдэллэн амьдардаг гэх боловч Монголд өвөлжих нь элбэг байдаг ажээ. Голдуу гол мөрөн, нуурын эрэг дагуух цавчим хясаа, өндөр модны оройд үүрээ засдаг аж. Монгол оронд энэ зүйл бүргэд ойролцоогоор 60 орчим хос байдаг бөгөөд жилдээ 1-2 өндөг гаргана. Харин дэлхий нийтийн хэмжээнд 2008 оны байдлаар 9-11 мянган хос цагаан сүүлт бүргэд бүртгэгдсэн байна.

Энэхүү бүргэдийн ангаахай 4-5 нас хүрээд бэлгийн бойжилт нь гүйцэж хосоо олдог. Нэгэнт хосоо олсон бол амьдралынхаа турш түүнтэйгээ амьдрах боловч хос нь амь үрэгдсэн тохиолдолд өөр нэгнийг сонгох тохиолдол ч байдаг гэнэ. Хосоо сонгохдоо эр нь түрүүлж тохиромжтой газар сонгон үүрээ засна. Хэрэв гоё үүр зассан байх юм бол эм бүргэд нь таалснаар тэд нийлдэг байна. Тэд амьдралынхаа туршид хэд хэдэн газар үүрээ солин амьдардаг. Нэг хосын эзэмших нутаг нь ойролцоогоор 30-70 км ам.дөрвөлжин талбай байдаг ажээ.

Хосууд өвлийн сүүлч буюу хаврын эхэн сард үржилд орж гурав, дөрөвдүгээр сарын хооронд өндөг гаргадаг байна. Эр, эм бүргэдийн аль аль нь өндгөө ээлжлэн дарах бөгөөд 38 хоногийн дараа хагарч ангаахай гарна.

Эцэг эх нь эхний 5-6 долоо хоногт ангаахайнхаа аманд хоол хийж өгөх бөгөөд тэрнээс цааш өөрсдөө хооллох чадвартай болдог байна. Мөн 11-12 долоо хоноод даль жигүүр нь ургаж гүйцдэг ажээ.

Монголчууд эртнээс шувууны өндгөөр оролдох, тэр битгий хэл сүүдрээ ч тусгахыг цээрлэн, үр хүүхдүүддээ сургаж ирсэн уламжлалтай. Энэ нь тэрхүү бяцхан өндгийг эх нь голж хаях вий, улмаар устаж ховордох вий гэж сэрэмжилсэн малчин ардын ухаан билээ. Үүний жишгээр нутгийн иргэд усны цагаан сүүлт бүргэдийг хороох, үүр оромжоор нь оролдохыг ихэд цээрлэдэг юм.

Э.Номин

Categories
мэдээ цаг-үе

Цаг агаарын өөрчлөлтөөс хэн хамгийн их хохирох вэ?

Дараахь нийтлэлийг манай дэлхийн тэргүүн баян “Bill & Melinda Gates” сангийн тэргүүн Билл Гейтс бичсэн юм. Түүнийг нь Америкийн “Project Syndicate”-ээс манай сонины редакцид явуулсныг сонирхуулъя.

Одоогоос хэдэн жилийн өмнө Мелинда бид хоёр үерт хамгийн их автаж хохирол амссан Энэтхэгийн Бихар мужийн цагаан будаа тарьдаг тариачин айлуудаар очсон юм. Тэд бүгдээрээ маш ядуу, ямар ургац авахаас амьдрал нь хамаардаг хүмүүс байв. Жилд нэг удаа борооны улирал болоход голын ус үерлэж ургац алдахад аюул нүүрлэнэ. Гэсэн хэдий ч тэд аж ахуйгаа авч үлдэж чадна гэсэн найдварыг тээж эрсдэлтэй алхам хийхэд хэзээ ч бэлэн байдаг. Харамсалтай нь эрсдэл ихэвчлэн алдагдал хүлээхэд хүргэдэг. Хэрвээ ургацаа алдвал тэд гэр орноо тэжээх мөнгө олохоор хот орно. Ингээд жилийн дараа улам хоосорчихсон дахин цагаан будаагаа тарихаар харьж ирнэ.

Энэтхэгт хийсэн энэ удаагийн айлчлалаар дэлхийн хамгийн ядуу тариачны амьдрал, хувь заяа нь утасны үзүүр дээр тогтож байгаагийн нэгэн тод жишээ болсон. Тэдэнд нийгмийн хамгаалал гэдэг юм байхгүй. Өндөр хөгжилтэй орнууд шиг орчин үеийн техник технологийг ашиглан цагаан будааныхаа үрийг сайжруулах арга үгүй. Алдагдлаас аврах ургацын даатгал гэж байхгүй. Ган, үер, өвчин гээд нэг л юм болоход тэдний хувь заяа ядуурал, өлсгөлөнд бүрэн автана.

Өнөө үед цаг агаарын өөрчлөлт нь тэдний амьдралд бас нэгэн эрсдэлийг бий болгож байна. Ирээдүйн арван жилд цаг агаар улам халуун болж арван хэмээр нэмэгдэнэ. Энэ нь хөдөө аж ахуй тэр дундаа халуун орнуудын хувьд маш том өөрчлөлт оруулна. Бороо хэт ихэсвэл маш бага орсноос будаа боловсорч амжихгүй. Түүнээс гадна халуунд цагаан будаанд халтай амьтад маш их үрждэг аюултай.

Өндөр хөгжилтэй орнуудын тариаланчид ч ийм өөрчлөлттэй тулгарна. Гэвч тэдэнд эрсдлийг давж гарах боломжууд байгаа. Харин дэлхийн хамгийн ядуу тариачид нь нүцгэн гарнаас өөр юу ч үгүй.

Тиймээс цаг агаарын өөрчлөлтийн улмаас хамгийн ихээр хохирох хүмүүс.

Дэлхийн хүн ам өсч хүнсний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед фермерүүдэд цаг агаарын өөрчлөлт аяндаа мэдрэгдэнэ. 2050 он гэхэд дэлхийн хүнсний хэрэгцээ 60 хувиар нэмэгдэнэ. Тиймээс ургац багасах нь хүнсний хангамжид асуудал учруулж өлсгөлөн улам бүр газар авна. Ингэснээр сүүлийн зуунд ядууралтай тэмцэх зорилгоор хийсэн ажлын амжилтууд үгүй болно гэсэн үг.

Гэхдээ би ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Бид цаг агаарын өөрчлөлтийн улмаас бий болсон сөрөг үр дагаврыг даван гарч, дэлхийг хүнсээр хангаж чадна. Хамгийн гол нь одооноос энэ чиглэлээр арга хэмжээ авч эхлэх нь чухал. Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд одооноос байгаль орчинд ээлтэй эрчим хүч гаргаж авахад хөрөнгө оруулалт хийж ингэснээр агаарт ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг багасгана. Гэхдээ агаарын хэм нэмэгдэж байгаагийн сөрөг нөлөөг бүрэн зогсооход хэтэрхий оройтчихоод байгаа гэдгийг ч бид хүлээн зөвшөөрөх ёстой. Дараагийн долоо хоногт хямд бөгөөд байгаль орчинд ээлтэй эрчим хүч гаргаж авах аргыг нээсэн ч нүүрстөрөгчөөс бүрэн татгалзахад чамгүй хугацаа хэрэгтэй. Тиймээс ч ядуучуудад шинэ нөхцөл байдалд зохицоход нь туслах хэрэгтэй.

Шинэ аргуудын зарим нь цаг агаарын өөрчлөлтөд тохирсон юм. “Gates Founda­tion” сан нь хамтрагчидтайгаа нийлэн ган, үер нүүрлэсэн ч ургадаг шинэ сортын үр гаргаж авахаар ажиллаж байна. Жишээ нь Бихарт надтай уулзсан тариачид үер болсон ч ургадаг шинэ сортын цагаа будаа тариалж байгаа. Энэ үр нь хоёр долоо хоногийн туршид усан дор байсан ч ургах чадвартай тул “ургадаг цагаан будаа” хэмээн нэрлэсэн. Тариачид үер болж магадгүй хэмээн бэлтгэлтэй байгаа. Түүнээс гадна ган, зуд болон давсны агууламж нэмэгдэх зэрэг хөрсөнд ямар нэгэн өөрчлөлт орсон ч ургадаг тийм сортын үрийг гаргаж авахаар ажиллаж байна.

Энэ нь хүний амьдралд чухал нөлөөтэй. Орчин үеийн аргуудыг хэрэглэснээр тариачид хоёр, гурав дахин их ургац хураан авч орлогоо нэмэгдүүлж байгаа тохиолдол цөөнгүй. Иймэрхүү дэвшилтэт аргуудыг өндөр хөгжилтэй орнуудын тариалан эрхлэгчид байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг. Харин ядуу орнуудын тариачдын хэрэглээний хүнс нэмэгдэж аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийж, хүүхдүүдээ сургуульд явуулах боломж бүрддэг. Ингэснээр зарим жил нь ургац муу байсан ч ямар нэгэн хүндрэлд орохгүй.

Цаг агаарын өөрчлөлтийн улмаас бий болох эрсдэлүүдийг урьдчилан тооцоолох аргагүй. Тиймээс хамгийн найдвартай арга нь үрийг сайтар судалж, жижигхэн фермерийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийг дэмжих явдал. Фермерүүдэд тус болох хамгийн дэвшилтэт технологи бол хиймэл дагуул ашигладаг технологи. Түүний тусламжтайгаар Африкт хөрсний нарийвчилсан зургийг гаргаж авсан. Ингэснээр ямар сортын будаа сайн ургахыг тогтоодог.

Сайжруулсан үр, шинэ технологи нь тариачдын гар дээр очсон цагт л тэдний амьдрал сайжирна. Нэлээд хэдэн арилжааны бус байгууллага тэр дундаа “One Arce Fund” нь эдгээр шинэ аргуудыг фермерүүдийн хүртээл болгох арга замыг хайж буй. “One Arce Fund” нь Африкийн 200 мянган фермертэй хамтран ажиллаж, шинэ аргад суралцаж, шинэ тоног төхөөрөмжтэй болгох ажлыг санхүүжүүлдэг. Тус байгууллагын хамгийн гол зорилго нь 2020 он гэхэд үүнд нэг сая фермерийг хамруулах явдал юм.

Мелинда бид хоёр энэ жилийнхээ илтгэлд ойрын 15 жилд Африк өөрөө өөрийгөө хүнсээр хангах боломжтой болно гэсэн урьдчилсан таамаглалыг дэвшүүлсэн. Цаг агаарын өөрчлөлт нь нэлээд эрсдэл авчрах хэдий ч бид энэ таамаглалдаа бүрэн итгэлтэй байгаа.

Ядуу тариачдын амьдрал хэцүү бөгөөд эвлүүлдэг тоглоом мэт маш олон зүйлээс хамаарна. Үүнд зөв үрээ тарихаас эхлүүлээд ургацаа хаана зарах хүртэл хамаарна. Эдгээрээс нэг нь дутваас бүх юм бүтэлгүйтнэ. Тэднийг цуглуулахын тулд дэлхий чадах бүхнээ хийнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Хамгийн гол нь фермерүүд өөрсдөө үүнийг хийхэд бэлэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Өнөө шөнө зарим газраар, маргааш өдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуура шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.