Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

100 саяас дээш хадгаламжаас татвар авах хугацааг хойшлуулна

УИХ 2013 оны төсвийн төслийг батлахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэг чухал заалт нэмсэн.

Тодруулбал, гадаад иргэдийн хадгаламж, мөн 100 саяас дээш төгрөгийн хугацаагүй хадгаламж,болон нэг жилээс доош хугацаатай хадгаламжаас татвар авах тухай заалт юм.

Их хэмжээний хадгаламжтай иргэдээс татвар авах, арилжааны банкуудыг урт хугацааны нөөцтэй байлгах зорилгоор энэхүү заалтыг оруулсан байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө хэмээн баталсан.

Засгийн газар энэ хугацааг хоёр жилээр хойшлуулах санал гаргаж, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгөөс дээш хугацаагүй болон нэг жилээс доош хугацаатай хадгаламжтай иргэд татвар төлнө гэхээс эмээх хэрэггүй юм.

Categories
мэдээ улс-төр

Гэр хороололд ихэнх бүтээн байгуулалт хийгдэнэ

НИТХ-ын тэргүүлэгчид ирэх сарын 05-ны дотор хотын ирэх оны төсвийг хэлэлцэж, батлах журамтай. Тиймээс НИТХ өнөөдөр нийслэлийн 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэл ирэх оны төсөвт өртгөө 698.8 тэрбум төгрөг байхаар төсвийн төслөө боловсруулжээ. Үүнээс 570 тэрбум төгрөгийг хот өөрөөсөө бүрдүүлнэ гэж тооцсоноос, 45.8 тэрбум төгрөгийг татвараас бүрдүүлэхээр төлөвлөжээ. Татварын орлогыг жагсаавал цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвараас 318.8 тэрбум, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 37.6 тэрбум, газар ашиглуулсны төлбөрөөс 89.8 тэрбум, ус ашиглуулсны төлбөр болгож 3.5 тэрбум, хотын албан татвараас 10 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасан байна. Харин татварын бус орлого буюу хууль, тогтоомж, журмыг зөрчсөн, биелүүлээгүй нэгнийг торгож, 23 тэрбумын орлого олно. Мөн хотын эзэмшил авто зам, ашигласны төлбөр болгож, 11.5 сая төгрөгийн орлогыг олж, 2016 оны төсөвт төвлөрүүлэх болжээ. НИТХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсвийг иргэдэд халтай гэж нэрлэлээ. Тэд 2016 оны хотын тэлсэн төсвийг үргүй зардалтай холбон тайлбарлалаа.

Сүүлийн хоёр жилд уул уурхайн салбар дахь төслүүд зогссоноос олон хүн ажилгүй болсон. Иймээс хот өнгө үзэмждээ анхаарч, тохижилт үйлчилгээ, дахин төлөвлөлтийн салбар дахь ажилтны тоог нэмэгдүүлж, иргэдийг ажлын байраар хангасан. Гэхдээ нийслэлийн ажилгүйдлийг зогсооч чадаагүй, сааруулсан гэж хотын дарга мэдэгдлээ.

Хөрөнгө оруулалтын тухайд ирэх онд нийслэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод 319 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Үүнээс одоогоор 847 тэрбум төгрөгийн 530 төслийг хэрэгжүүлэх санал ирсэн байна. Өөрөөр хэлбэл хотын 2016 оны төсвийн төслийг НИТХ баталснаар ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тодорхой болох юм. Ирэх 2016 онд хийгдэх тодорхой зарим нэг ажлаас дурдвал 2700 хүүхдийн багтаамжтай 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хүүхдийн хоёр эмнэлэг, цагдаагийн хэлтсийн нэг барилга, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга нэг, Төрийн үйлчилгээний салбар төвийг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад оруулахаар зэхэж байна. Дэд бүтцийн хувьд 0.9 километр дулааны шугам, 2500 гэрэлтүүлгийн ажил, 8.1 километр авто замын шинээр барих бол 5.4 километр авто замд өргөтгөл шинэчлэлийн ажил хийж, орон сууцны хороолол дунд 23 километр авто замын ажил гүйцэтгэнэ. Мөн ирэх онд нийслэл 132 айлын түрээсийн гурван орон сууцыг ашиглалтад оруулах юм. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэйгээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажилд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Засгийн газраас нийт 320 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна. Товчхондоо ирэх оны бүтээн байгуулалтууд голдуу гэр хороолол дунд хийгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

БЗДХ-аар өвчлөгсдийн 40 хувь нь ажилгүйчүүд байна

Манай улс вирус, нян, шимэгчээс гаралтай нийт 30 гаруй бэлгийн замын халдвараас зөвхөн тэмбүү, заг хүйтэн, трихомониаз болон ХДХВ-ын халдварын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийдэг байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-ын 12 220 тохиолдол бүртгэгджээ.

Албан ёсоор бүртгэгддэг БЗДХ-т өвчний 46.2 хувь нь тэмбүү, 30.8 хувь нь заг хүйтэн, 22.9 хувь трихомониаз, 0.1 хувь нь ХДХВ/ДОХ-ын халдвар эзэлжээ.

Улсын хэмжээнд тэмбүүгийн өвчлөл 2014 оны мөн үетэй харьцуулахад 2.3, заг хүйтний өвчлөл 1.3, трихомониазын өвчлөл 0.1 промилээр өссөн үзүүлэлттэй байна.

БЗДХ-ын өвчлөгсдийн:

• Эрэгтэйчүүд 35.5%,
• Эмэгтэйчүүд 64.4%,
• 15-24 насны залуучуудын дунд 44.0%,
• Хот суурингийн -50.6%
• Гэрлээгүй -29.0%
• Ажил эрхэлдэг – 28.4%
• Ажилгүй – 40.4%
• Оюутан – 12.3%-ийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн албан хаагчид байрны түлхүүрээ гардан авлаа

Удаан хугацаанд хүлээлгэсэн батлан хамгаалах салбарын 300 албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо. Өнөөдөр тус салбарын албан хаагчдын төлөөлөл шинэ байрны түлхүүрээ гардан авсан байна. Түлхүүр гардуулах арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцож, офицер ахлагч, албан хаагчдад байрных нь түлхүүрийн гардуулан өгчээ.

Цэргийн музейн дэргэд баригдсан орон сууцанд Зэвсэгт хүчний анги салбаруудаас 215 офицер, ахлагч, батлан хамгаалах салбараас 85 албан хаагч төвхнөж байна.

Тус орон сууцны ажил 2011 онд эхэлсэн. Таван жилийн хугацаанд хүлээгдсэн орон сууцыг цэргийн албан хаагчдаар хүч нэмэгдүүлэн барьж дуусгаад, өнөөдөр ашиглалтад өгч байна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.11.30/ Хөдөлмөрийн яамны бодлого, үйл ажиллагаатай танилцав.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тус яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль батлагдсантай холбогдуулан “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг зохион байгуулах, эрсдлийг тодорхойлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам”-ыг Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, зохион байгуулж байгаа болон Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа талаар танилцуулав.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тус яамны бодлого, үйл ажиллагааг танилцуулах үеэр хэлсэн үгэндээ, УИХ-аар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Монгол Улс 2015 оны нэгдүгээр сард нэгдэн орсон “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” ОУХБ-ын 88, “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” ОУХБ-ын 181 дүгээр конвенциудын талаар мэдээлэл өгөв. Энэхүү конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр, хамгааллын эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэл тодорхойлогдож байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд, хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөжүүлж, мэргэшлийн түвшиний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулах зэрэг өөрчлөлтүүд орж байгаа нь ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Монголын төмөр зам” ХХК-аас ирүүлсэн төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтны судалгааг УИХ-ын даргад танилцуулав. Үүнд хүнд машин, механизмын оператор, завсарчин, мэргэшсэн жолооч, бетон арматурчин, геодезийн техникч гэх мэт төмөр замын доод бүтцийн ажилд шаардлагатай нийт эрэлттэй ажилтны тоо 3362 байгаа юм байна. Жишээ нь, Хүнд машин механизмын оператор мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын хувьд нийт 18 сургууль, суралцагчдын тоо 736, багшийн тоо 40 байгаа бол Хүнд машин механизмын засварчин мэргэжлээр 12 сургуульд 659 суралцагч суралцаж байгаа хэмээн Хөдөлмөрийн сайд танилцуулав. Барилга, уул уурхай, төмөр замын салбарын нийт 60 мэргэжлээр 2016 оны 1 болон 6 сард төгсөгчдөөс цэргийн алба хаах хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон судалгааг мөн танилцууллаа. Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн 2.1 дэхь заалтад цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, стратегийн болон цэргийн тусгай хамгаалтын обьект, байгууламжийг барих, засвар үйлчилгээ хийх тодорхой мэргэжлийн боловсролд эзэмшүүлэн, сургаж дадлагажуулан, чадвар эзэмшүүлэх замаар үндэсний ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэхийг хөтөлбөрийн зорилго гэж тодорхойлсон байна. Хөтөлбөрийн зорилго, зарчмын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенцийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн А-д “Цэргийн шинжтэй ажилд цэргийн алба заавал хаах тухай хууль тогтоомжийн дагуу шаардах аливаа ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу албадан хөдөлмөрт тооцохгүй хэмээн заасан болохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ.

Түүнчлэн Улсын төсвийн 2015 оны тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар батлуулсан. Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр төлөвлөөд буйг салбарын сайд дурдсан юм. Мөн тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Улсын хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.0 хувь, ажилгүйдлийн түвшин 7.4 хувь байгаа бөгөөд Мэргэжлийн боловсрол, сургалтын 81 байгууллагад нийт 42675 суралцагч суралцаж байгаа аж.

Мөн УИХ-ын даргад Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар өгсөн мэдээлэлдээ, 2014-2015 оны хичээлийн жилд 18978 хүн төгссөн нь өмнөх оныхоос 620 буюу 3.4 хувиар буурсан. Харин төгсөгчдийн 14.1 хувь нь техникийн, 49.2 хувь нь мэргэжлийн боловсрол, 36.7 хувь нь мэргэжлийн сургалтыг дүүргэсэн болохыг мэдэгдэв.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Даваа хэлэхдээ, Монгол цэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөрийн төсвийг УИХ-аар баталж өгсөнтэй холбогдуулан, судалгаа тооцоог бид албан ёсоор хийсэн. Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн яамны хувьд хамтран ажиллаж, яамдын сайд нар албан ёсоор уулзаж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа талаар УИХ-ын даргад илтгэв.

Хөдөлмөрийн яаманд ажиллах үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. УИХ-ын дарга З.Энхболд Хөдөлмөрийн яаманд ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Хурандаа Г.Сайханбаяр, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс байлцав.

Categories
мэдээ соёл-урлаг

Английн гитарчин Монголд тоглоно

Английн алдарт гитарчин, дуучин Жон Гомм ирэх сарын хоёрны өдөр Улаанбаатар хотноо “The IVY”-д тоглолтоо хийх гэж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Жон Гомм нь 2004 оноос хойш уран бүтээлээ туурвижээ. Түүний хувьд виртуозо стилиэр акустик гитарыг тоглодог юм байна. Гол нь тэрбээр гитар тоглохын зэрэгцээ бөмбөрийн цохилт, басс, аялгууг хослуулж дуулдгаараа онцлог аж.

Тоглолтын зохион байгуулагчаар “Амантун энтертайнмент”, “The IVY”-гийн хамт олон зохион байгуулахаар болжээ. Түүний тоглолт ирэх сарын хоёрны өдөр “The IVY”-д болох юм. Тоглолтод урилгаар “Шөнийн галт тэрэг” хамтлаг оролцохоор болжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Эйфелийн цамхаг ногоон өнгөөр гэрэлтэж байна

Франц улсын нийслэл Парис хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал болж буйтай холбоотойгоор өнгөрсөн ням гаригийн шөнөөс Эйфелийн цамхаг өнгөө “хувиргасан” байна. Тодруулбал, Парисын гол үзмэрийн нэгийг үндсэн шар өнгөөс нь гадна ногоон өнгөөр гэрэлтүүлжээ.

“Нэг зүрх сэтгэл, нэг мод” төслийг Бельги-Тунисын зураач Назих Местауи санаачилсан байна. Түүний үзэж буйгаар, энэхүү төсөл нь эх дэлхийгээ эко болгон цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй аж.

Categories
гадаад мэдээ

WI-FI-аас 100 дахин хурдан LI-FI төхөөрөмжийг амжилттай туршчээ

Их Британийн “Velmenni” хэмээх компани Li-Fi буюу гэрэл ашиглан гайхамшигтай хүчин чадал бүхий интернэт сүлжээ үүсгэгч зохион бүтээжээ. Энэхүү ухаалаг LED гэрэл нь секундэд 1Gb-ийн хурдтай интернэт сүлжээ үүсгэдэг буюу энгийн үгээр Wi-Fi-аас 100 дахин илүү хурдтай аж. Зохион бүтээгчдийн тайлбарласнаар Li-Fi нь мэдээллийг LED гэрэл ашиглан дамжуулдаг аж. Өөрөөр хэлбэл хүний нүдэнд ажиглагдахааргүй нано секундын хурдаар анивчдаг байна.Уг бүтээгдэхүүнийг 2011 онд лабораторид зохион бүтээсэн бөгөөд тухайн үед секундэд 224Gb хурдалж байсан ч туршилтаар батлагдаж байжээ.

Хурдаас гадна Wi-Fi-аас ялгаатай гол үзүүлэлт нь уг сүлжээ нь хана нэвтрэх боломжгүй байна. Wi-Fi орж ирсэн тохиолдолд нууц үгээ хийвэл сүлжээнд нэвтэрдэг. Харин Li-Fi гэрэлд суурилан ажиллах учраас сүлжээний цар хүрээ ханаар хязгаарлагддаг байна. Гэхдээ энэхүү сул тал нь аюулгүй байдлыг бататгаж буйгаараа илүү давуу тал болно гэж тайлбарлаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

40 гаруй алдуул малын сургийг гаргажээ

ХХААЯ-аас малын хулгайтай тэмцэх зорилгоор
“Малчин лавлах 109” тусгай дугаарыг 2015 оны аравдугаар сараас ажиллуулж
эхэлсэн. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй.

Мөн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн
мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах
ажлыг орон даяар шуурхай зохион байгуулдаг юм. Тодруулбал, малчдын өгсөн алдуул
болон олсон малын зарыг Молор телевизээр өдөрт гурван удаагийн давтамжтайгаар,
88.8 радиогоор тогтмол мэдээллэдэг. Түүнчлэн Todsurag.mn сайт дээр малчид
өөрсдөө алдсан, олсон малын зараа байршуулах боломжийг бүрдүүлж өгсөн юм.
“Малчин лавлах 109” дугаарт нь хоёр сарын хугацаанд 24 хүний 40 гаруй алдуул
малын сургийг гаргаж эзэдтэй нь холбож өгсөн байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Төв аймгийн Аргалант
сумын малчин Х.Барсхүүгийн 2015 оны 8 дугаар сард алдагдсан хоёр үрээний
сургийг гаргаж энэ сарын 26-ны өдөр эзэнд нь хүлээлгэж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч осол гаргаж 15 хүнийг гэмтээжээ

“Сутайн буянт” компанийн автобусны жолооч авто замын осол гаргаж, зорчигчид болон буудал дээр автобус хүлээсэн хүмүүсийг гэмтээсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Тодруулбал, халтиргаа гулгааны улмаас “Сутайн буянт” ХХК-ийн “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын ард байрлах автобусны буудал болон Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг мөргөжээ. Ослын улмаас 15 хүн бэртэж гэмтсэн байна. Бэртсэн иргэдийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд уг хэргийг Замын цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.