Categories
мэдээ нийгэм

Академич С.Нарангэрэлийн ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт академич
С.Нагангэрэлийн “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шинжлэх ухааны
үүднээс дэмжих боломжгүй” хэмээх гарчигтай ярилцлага нийтлэгдлээ. Өчигдөр
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлт ба шинжлэх ухаан” хэмээх онол
аргазүйн хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд энэ үеэр түүнтэй ярилцсан юм. Үндсэн
хуулийн өөрчлөлтийн талаар тэрбээр “УИХ-ын нэр бүхий 40 гаруй гишүүн Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан. Өргөн барина гэдэг
бол үндсэндээ албан ёсны болж хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон хэрэг юм. Бид
хэлэлцүүлгээрээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шинжлэх ухааны дүгнэлт, шүүмж
гаргах зорилгыг агуулсан. Юуны өмнө яг төсөлд бол урьдчилаад эрдэмтэн,
судлаачдын дүгнэлтийг аваагүй юм билээ. Тийм учраас бид санал дүгнэлтээ
зайлшгүй өгөх шаардлагатай” гэжээ. “Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулахдаа
иргэдээс хэрхэн санал авах ёстой вэ. Зарим хүмүүс заалт бүрээр нь санал авах
ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан” гэх сэтгүүлчийн асуултад “Одоо санал
асуулгыг Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу, үгүй юу гэж явуулчих гээд
байна. Ингэж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өргөн
барьсан төслөө УИХ хууль батлагдах бүх шатандаа хэлэлцэх ёстой. Үүний эцэст
заалт бүрээр нь ард түмнээс асуух ёстой. Угтаа бол Үндсэн хуульд өөрчлөлт
оруулах шаардлага бий юу гэвэл байгаа” гэжээ. Дэлгэрэнгүйг маргаашийн “Өдрийн
сонин”-ы хоёрдугаар нүүрнээс уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хуралдаанд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалт, хуралдаанд оролцож байна. Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх юм.

Талуудын 21 дүгээр чуулганд 195 орны Засгийн газрын төлөөлөл, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэлийн төлөөлөгч зэрэг нийт 50 мянга орчим төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганы үйл ажиллагаа, яриа хэлэлцээ 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
энтертаймент-ертөнц

Жей-Ло нэг үдэш 10 даашинз солив

2015 оны 11-дүгээр сарын 22-ны өдөр Лос-Анжелос дахь “Майкрософт Театр”-т болж өнгөрсөн “Америкийн Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслол”-ын (AMA-American Music Awards) үеэр дуучин, жүжигчин Женнифер Лопез ёслолын даашинз болон, тайзны хувцас гэх мэт нийт 10 удаа хувцсаа солин гарч ирж олны нүдийг хужирлажээ. Ингээд түүний хувцаслалтыг хамтдаа сонирхоцгооё.

Хатгамал болон хээгээр чимэглэсэн bodysuit

Дэрвэгэр хормойтой ягаан өнгийн гялалзсан даашинз

Загасны торон даашинз

Алтлаг даашинз

Одтой шөнө нэртэй даашинз

Шар өнгийн нөмөргөн даашинз

Уруулын хээ бүхий гэрэлтсэн даашинз

Сансрын тулаанч даашинз

Нэвт гэрэлтсэн даашинз

Зангилаа бүхий даашинз

Categories
гадаад мэдээ

Туркийн хоригт орсон барааны урьдчилсан жагсаалтыг нийтлэв

Оросын «Известия» сонин даваа гаригийн дугаартаа, ерөнхийлөгч Владимир Путины зарлигийн дагуу улс орондоо оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүний урьдчилсан жагсаалтыг нийтэлсэн байна. Хөдөө аж ахуйн яаманд ойр эх сурвалжийн мэдээллээр уг жагсаалтыг гаргажээ.

Тухайлбал, хөргөсөн ба хөлдөөсөн бод малын мах, махан бүтээгдэхүүн, гэрийн тэжээмэл шувууны махан бүтээгдэхүүн, давсалсан ба борцолсон мах, бүх төрлийн загас, далайн бүтээгдэхүүн, сүү, тараг, бяслаг, самар, жимс, ногоо зэргийг Засгийн газар нь хорионд багтаахаар төлөвлөөд байна.

“Россельхознадзор” гэх хяналтын байгууллага Туркийн бүтээгдэхүүнийг бүрэн орлуулах боломжтойг хэлж байна. “Нэгдүгээрт, барууны хориг арга хэмжээний улмаас бид өөрсдийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдан нэмэгдүүлэх боломжтой болсон байгаа. Мөн бид бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэлээд хэмжээгээр тэлж чадлаа” гэж тэд мэдэгджээ.

Оросын засгийн газар Туркийн эсрэг хоригт хамаарагдах бүтэгдэхүүний жагсаалтыг даваа гаригт нийтэлж магадгүй гэж өмнө нь мэдээлж байсан юм. Оросын ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 28-нд Туркийн эсрэг эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсгээ зуржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Төрийн үйлчилгээ супермаркет”-ыг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэв

Улаанбаатар хотын
Захирагч Э.Бат-Үүл АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хотын дарга
Э.Бат-Үүл Улаанбаатар хоттой үргэлж найрсаг харилцаатай байж, хамтран
ажилладагт талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал
солилцов. АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай
Женифер Зимдал Галт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Засаглалыг
сайжруулах, Авлигатай тэмцэх чиглэлээр түлхүү хамтран ажиллахаа дурдав.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа
агаарын бохирдлыг хөндөж анхаарал хандуулж байгаад баяртай байна. АНУ-ын Мянганы
Сорилтын Сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын
бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан
зуухыг тараасан. Энэ нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч чадсан. Энэ мэтчилэн
төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн Төрийн
үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс “Төрийн үйлчилгээний
супермаркет”-ыг нийслэлийн гурван байршилд байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж
байна. Уг ажилд дэмжлэг авах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв. Хатагтай
Женифер Зимдал Галт “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх энэхүү ажил амаргүй
ч гэсэн цагаа олсон чухал зүйл хийх гэж байгаад баяртай байна. Та бүхэнтэй
хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно” гэлээ.

Categories
гадаад мэдээ

“Су-24” онгоцны нисэгчийн цогцсыг Оросын талд шилжүүлэн өгчээ

Энэ сарын 29-ний ням гаригт ОХУ-ын “Су-24” онгоцны нисэгчийн цогцсыг Оросын талд хүлээлгэн өгсөн байна. Тус арга хэмжээнд Турк улс дахь ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов болон албаны бусад хүмүүс оролцжээ. Энэ сарын 24-ний өдөр Туркийн агаарын хүчнийхэн ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг устгасан билээ. Онгоц сүйрэхийн өмнө хоёр нисэгч нь үсэрч амжсан ч “Су-24 онгоцны нэг нисэгч Олег Пешков амиа алдсан юм. ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцны осол хоёр улсын харилцаанд ноцтой зөрчил үүсгэсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркэд эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурав. Энэ дагуу Турк улсаас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнд хориг тавих, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Оросын ажил олгогчдод Туркийн иргэдийг ажилд авахыг хориглох, мөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Туркийн иргэд Орост визгүй зорчихыг хориглоод буй юм.

Categories
энтертаймент-ертөнц

Хамбург олимпийн наадмыг зохион байгуулах өрсөлдөөнөөс гарчээ

Өчигдөр Хамбург хотын иргэд 2024 оны зуны
Олимпийн наамдыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх үү гэдэгт бүх нийтийн
санал хураалт явуулсан юм. Гэвч нийт иргэдийнх нь 50 хувиас дээш нь татгалзсан
санал өгсөн байна. Ийн Германы хамгийн том хотуудын нэг Хамбург нэрээ татсанаар
Лос-Анжелес, Ром, Парис, Будапешт хотууд 2024 онд болох хүн төрөлхтөний хамгийн
том спортын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр үлдэв. Хамбург
хотын тухайд тус олимпийн наадамд зориулж 7.4 тэрбум евро төсөвлөөд байсан
бөгөөд Парис хотноо болсон халдлагыг зохион байгуулагчдын занал хийлэл,
сүрдүүлэг иргэдийн саналд нөлөөлсөн хэмээн хотын нэр дэвшүүлэх комиссын захирал
Николас Хилл мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Бид ийм үр дүн хүлээж байсангүй.
Парисын халдлага, 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэрэг, дүрвэгсдийн
нөхцөл байдал, допингийн асуудал. Эдгээр зүйлс ард иргэдийг залхааж, түгшүүртэй
байдалд байлгаж байна.” гэжээ. 2024 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг
Олон улсын олимпийн хороо 2017 онд тодруулах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийн 0.7 хувь нь чанаргүйд тооцогджээ

Банкууд өнгөрсөн аравдугаар сард нийт 1395 зээлдэгчид 80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3370.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 75877-д хүрчээ.

Зээлийн үлдэгдлийг харахад 98.4 хувь нь төгрөгийн зээл, 1.6 хувь нь гадаад валютын зээл байна. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 2.4 хувийг, чанаргүй зээл нь 0.7 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Солонгосын Шинжлэх ухаан, технологийн академитай хамтарна

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг өнөөдөр байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал ном бүтээл, эрдэмтэн, судлаачдын солилцоо, судалгааны хамтарсан хөтөлбөр, эрдэм шинжилгээний мэдээлэл солилцох, хамтарсан хурал, семинар зохион байгуулах чиглэлээр ажиллах юм байна.

БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн академи 1994 онд байгуулагдсан бөгөөд салбартаа нэр хүндтэй гишүүн эрдэмтэд, инженерүүдийнхээ мэдлэг, мэргэшлийн туршлагаар дамжуулан шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилготой ажилладаг байна.

Хоёр байгууллага хамтран ажилласнаар үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн нэгдмэл байдлыг хангах, төрөл бүрийн судалгааны ажлууд, мэдээлэл харилцан солилцох, Засгийн газрын бус судалгаанд голлон оролцох, шинжлэх ухаан, технологийн бодлогын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлтболовсруулах зорилттой ажээ.

Categories
мэдээ улс-төр

Токио хотноо “Инвест Монголиа” чуулга уулзалт болно

Ирэх сарын 9-нд Токио хотноо “Инвест Монголиа” уулзалт болно. Японы хөрөнгө оруулалттай, Монголд үйл ажиллагаа явуулдаг Frontier securities компани гурав дахь жилдээ энэ уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ жилийн уулзалтад монголын талаас 30 төлөөлөгч оролцох юм.

Аравдугаар сарын 22-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад нэг өдрийн айлчлал хийгээд буцсан. Энэ нь түүний Монголд хийсэн хоёр дахь айлчлал байв. Айлчлалын дараа Монгол-Японы улс төрийн харилцаа улам бэхэжлээ гэж талууд онцолсон юм. Энэ харилцааг батжуулах нь “Инвест Монголиа” чуулгын гол зорилго. Мөн хоёр улсын хооронд байгуулсан, Чөлөөт худалдааны гэрээ ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ. Энэ гэрээний Монгол, Японы эдийн засагт үзүүлэх үр нөлөөг ч уулзалтын үеэр хэлэлцэх юм.

Японы хөрөнгө оруулагчид манай улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, уул уурхай, санхүүгийн салбарыг илүүтэй сонирхдог. Иймд эдгээр салбартай холбоотой мэдээллийг солилцох аж. Төгсгөлд нь чуулганд оролцогчид 2016 оны сонгуулийн төлөв байдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам удахгүй болох уулзалтад оролцох, монголын хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулан дараа өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 10-нд “Бизнесийн мэдээлэл солилцох уулзалт”-ыг ЭСЯ-даа зохион байгуулна.