Categories
мэдээ эдийн-засаг

Б.Бямбасайхан “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдлоо

“Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гурав дахь гишүүнээр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан томилогдсон байна. “Оюутолгой” компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр өмнө нь Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нар ажиллаж байсан юм. Харин Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Оюутолгойн ТУЗ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, үүнийгээ “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийж байсан. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэдгээр тайлбарлаж байсан юм.

Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нь “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г батлалцахад оролцсон гол хүн юм. Өнгөрсөн баасан гаригт түүнийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэр гарчээ.

Г.Тэмүүлэн дөрөвдүгээр сард ТУЗ-ийн гишүүний ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “Оюутолгой” компанийн ТУЗ найман гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол ийнхүү ес дэх гишүүнээрээ Б.Бямбасайханыг томиллоо. “Rio Tinto” групп нь далд урухайн бүтээн байгуулалтын эхлэлд зарцуулах 4.2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцыг олон улсын 20 орчим банк санхүүгийн байгууллагуудаас босгохоор төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны асуудлыг хэлэлцэнэ

“Сургуулийн дотуур байрны тулгамдсан асуудал” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Гацуурт тосгоны 85 дугаар сургууль дээр болох аж. Уулзалтад БСШУЯ, Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газар гэх мэт холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, дотуур байрны нөхцөлтэй танилцаж, хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах зүйлсийн талаар ярилцах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хурлаар хотын татварын асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр Хангард ордоны 14 давхарт эхэллээ. Хуралдаанаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Тасалбар борлуулах цэгийг цэцэрлэг болгожээ

Улаанбаатар төмөр замын газар хуучин тасалбар борлуулах цэг байсан барилгаа засч цэцэрлэг болгосон билээ. Өөрийнхөө хүч бололцоог ашиглан 400 хүүхдийн цэцэрлэг байгуулж байгаагаа дурьдсан. Тэгвэл тус цэцэрлэгийн нээлт өнөөдөр болох юм байна.

Үүнээс гадна Сүхбаатар дүүрэгт орон нутгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг байгуулжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчидын гудамжинд 240 хүүхдийн ортой, 225 дугаар цэцэрлэг байгуулсаныхаа нээлтийг өнөөдөр хийх юм байна. Энэхүү цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлснээр дүүргийн 16, 18 дугаар хорооны хамран сурах тойргийн 300 хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ажиллагаа Гал унтраах аврах 10 дугаар ангид өнөөдөр болох аж. Цэргийн гавьяаны улаан тугийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга н.Цагаан, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нар гардуулан өгнө.

Categories
мэдээ цаг-үе

Хуулийнхны хатуурхал буюу Д.Амарсайхан агсны үхлийн шалтгаан (II)

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №234 (5186) дугаарт>>

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хоригдсон. Улмаар мөн оны тавдугаар сарын 13-ны өдөр хорих ангийн эргэлтийн өрөөнд нас барсан билээ.

Сэжигтнийг эмнэлэгтээ хэвтүүлэх эсэхийг АТГ-аас асуусан гэв үү

Хяналтын прокурорын оргон зайлж болзошгүй гэсэн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр талийгаачийг цагдан хорьсон. Талийгаач нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, тархины судасны агшилтаас хамаарсан тархины хүчтэй өвдөлт (мигрень) өгдөг талаар өмгөөлөгч нь долоо найман удаа холбогдох албан тушаалтнуудад хүсэлт өгсөн ч батлан даалтад гаргаагүй. Батлан даалтад гаргахгүй бол хорих ангийнхаа эмнэлэгт хэвтүүлээд эмчилж өгөөч гэдэг хүсэлтийг ч өгч байжээ. Үүний хариу болгож Урьдчилан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгээс 2014 оны тавдугаар сарын 9-ний өдөр “Хариуцсан эмчийн байнгын хяналтад байгаа” гэсэн бичгийг өгч байсан баримт байна. Тэгвэл эмч нар хорих ангид саатуулагдаж байгаа хүмүүсийг үзэх бүртээ талийгаачид үзлэг хийж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хоригдсон хүмүүсийг үзсэн нэрсийн жагсаалтад Д.Амарсайхан гэдэг нэр байхгүй, дөрөвдүгээр сарын 24-ний жагсаалт дээр нэг хүний нэрийг штрихээр арилгаж байгаад дээр нь талийгаачийн нэрийг бичжээ. Тавдугаар сарын 5-ны өдрийн жагсаалтад мөн л ийм засвар оруулж талийгаачийн нэрийг бичсэн байх юм. Үүнээс хоёр хоногийн дараа хоригдсон иргэдийг үзэхдээ талийгаачид огт үзлэг хийгээгүй байна. Нөгөөдөр нь өмгөөлөгчид “Хариуцсан эмчийн байнгын хяналтад байгаа” гэдэг хариуг өгсөн байдаг. Гэхдээ урд өдөр нь талийгаачийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн бичгийг хорих ангийн ерөнхий эмч гаргасан байжээ. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс өөр аргагүйг хорих ангийн эмч нар батлаад, хэвтэх бичиг хийчихсэн байж. Тэгсэн атлаа Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн даргаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрийн нэр дээр нэгэн албан бичиг очсон баримт байна. “Д.Амарсайханы бие муу байна. Эмнэлэгт хэвтүүлэхэд таны л зөвшөөрөл хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий бичиг. Тухайн үед хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүх рүү шилжчихсэн байсан. Тэгэхээр Д.Амарсайхан агсныг суллах, хориход АТГ огт хамаагүй гэсэн үг. АТГ шалгадгаа шалгаад хэргийг прокурор, шүүх рүү шилжүүлчихсэн байсан үе. Гэтэл яагаад огт хамааралгүй хүнээс зөвшөөрөл хүссэн байх вэ. Энд эмч нарын “Дээрээс чиглэл өгсөн” гэдгийн учиг тайлагдаж байх шиг. Хуулийн байгууллагын эмч хүртэл үйлчлүүлэгчээ эмчлэх зөвшөөрлийг АТГ-аас авдаг болж таарах нь. Дээрх албан бичгийн агуулгаар шүү дээ. “АТГ-ын дээр юу ч гарахаа больсон. АТГ-ынхныг шалгах эрхтэй байгууллага байхгүй. Дархан эрхтэй хүмүүс” гэж ярьж бичээд байдаг нь хоосонгүй бололтой. Тодруулбал, хорих ангийн эмч нар хэвтүүлэх бичиг хийснээс тав хоногийн дараа буюу 2014 оны тавдугаар сарын 12-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэлээс АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрд 4/105 тоот албан бичиг явуулсан баримт олдлоо. Түүнд “Тус ангид цагдан хоригдож буй Д.Амарсайхан нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, толгойн талласан өвдөлт оноштой хорих өрөөнд эмийн эмчилгээ хийлгэсэн боловч төдийлөн үр дүн өгөхгүй байна. Иймд цаашид тус ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийхэд мөрдөн шалгах ажиллагаанд саад учрах эсэх талаар манай байгууллагад хариу мэдэгдэнэ үү” гэж бичжээ. Энэ бичгийг явуулснаас нэг хоногийн дараа талийгаач нас барсан юм.

Даралт багатай хүнд даралт бууруулах үйлчилгээтэй эм өгчээ

Талийгаач Д.Амарсайхан нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байжээ. Өвчин сэдэрсэн үед эсийн үйл ажиллагаа алдагдаж, шинжилгээгээр онош хангалттай тодрохгүй байх магадлалтай гэнэ. Үүнээс гадна талийгаач ходоодны архаг үрэвсэлтэй байсан аж. Хоолны дэглэм алдагдах үед ходоодноос нь цус алдах магадлалтай байж. Энэ бүхэн нь эмч нарын үзлэг, шинжилгээний дүнгээс ч тодорхой харагдаж байжээ. Гэтэл талийгаачид зөвхөн эмийн эмчилгээ хийж байсан баримт байна. Тухайлбал, талийгаачийн өмгөөлөгч манай сонинд ярилцлага өгөхдөө “Хоёр, гурав хоногийн өмнө очиход “Гар дээр идээт үрэвсэл гарах гээд байна. Юу уудаг юм билээ. Надад ариутгах юм явуулаач” гэж захисан. Бас барагшун өгөөч гэж хэлсэн. Барагшуныг буцалсан усанд найруулаад уухаар сайн гээд ярьж байсан юм. Цэвэршүүлсэн барагшун авчраад талийгаачид өгүүлэх гээд чадаагүй. Оруулахгүй болохоор хорихын үүдэнд байсан нэг залуу “Би өгчихье” гэж авчихаад өгөөгүй. Аваачаад өгсөн эмийг хүртэл замаас нь алга хийчихсэн. Цагаар уух эмийг цагт нь өгдөггүй. Байдал ийм л байсан” гэж ярьж байсан. Гаднаас оруулсан эмийг өгөхгүй байхаас гадна эм сольж өгсөн асуудал ч гарч байжээ. Тодруулбал, хорих ангид хоригдож байсан эмэгтэйд ар гэрийнхнээс нь явуулсан “Цитромон П”, цусны даралт бууруулах үйлчилгээтэй “Энап” гэдэг эмийг талийгаачид андуурч өгчээ. Талийгаач дээрх хоёр эмнээс даралт буулгах үйлчилгээтэйг нь нас барсан өдрийн өглөө уусан байна. Гэтэл тухайн үед талийгаачийн цусны даралт бага байжээ. Угаасаа ч даралт багатай хүн аж. Өөрөөр хэлбэл, даралт багатай хүн даралтны эм ууснаар даралт нь улам бүр унаж, шоконд орсон байх магадлалтай.

Эмч нар анхны тусламж хэрхэн үзүүлэв

Д.Амарсайхан агсан нас барахынхаа өмнө ахтайгаа эргэлтийн өрөөнд уулзчихаад инээгээд орж байгаа дүрс бичлэгийг Урьдчилан хорих 461 дүгээр ангийнхан үзүүлж байсан. Дараа нь буюу 15.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгөө уулзах гээд эргэлтийн өрөөнд хүлээж байхдаа гэнэт “Ёо ёо” гээд унасан гэдэг. Тэрбээр аймшигтай өвдөж байгаагаа үхлээ гэж илэрхийлсэн тухай эргэлтийн өрөөнд хамт байсан хүмүүс ярьдаг. Хорих ангийн эмнэлгийн эмч нар зургаан минутын дотор өвчтөн дээр ирж, тусламж үзүүлсэн гэдэг. Тэгэхдээ талийгаачид массаж хийсэн тухай тэнд байсан хүмүүс ярьсан юм. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн өвчүү дээд хэсгээрээ хугарсан, зүүн талын тавдугаар хавирга хугарсан гэдэг дүгнэлт гарчээ. Эмч нарын таамаглаж байгаагаар анхны тусламж үзүүлж, массаж хийж байхдаа өвчүү, хавиргыг хугалсан байх магадлалтай гэнэ. Хэрвээ тийм бол хүчтэй өвдөлттэй байсан хүнд өвчүү, хавиргыг хугартал массаж хийсэн гэхээр улам бүр шоконд орсон байж таарах нь. Массаж хийснээр өвдөлт хурдан бууруулах тариа хийгээгүй, харин цусны даралт бууруулах үйлчилгээтэй магнизм тарьжээ. Талийгаач даралт багатай гэж дээр дурьдсан. Дээр нь өвдөлтийн шокны улмаас даралт нь уначихсан байсан үед даралт буулгах үйлчилгээтэй тариа хийсэн нь эмнэлгийн мэргэжлийн бус хүнд ч ойлгомжгүй байгаа юм. Нөгөө талаар магнизм таталтын эсрэг үйлчилгээтэй. Энэ үүднээс тарьсан байж болох ч даралт буулгах давхар үйлчилгээг эмч нар тооцсон эсэх нь эргэлзээтэй.

Үүнээс гадна 103-т залгаж түргэн тусламж дуудсан байдаг. Гэтэл хорих ангийн бүсэд гадны машин оруулахгүй гэж маргаснаар цаг алдсан тухай тухайн үед өмгөөлөгч нь ярьж байсан.

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав: Би говийн хүн хэрнээ уул харахаараа ухаанаа алдчихдаг

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавтай аж амьдрал, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Тэрбээр өмнө нь манай сониноор уншигчидтайгаа олонтаа ярилцаж байсан ч энгийн сайхан яриа нь дуусашгүй.

-Та өмнө нь манай сонинд зохиолч анд нөхдийнхөө тухай, Монголын утга зохиолын ертөнцийн шуугиантай он жилүүдийнхээ тухай дурсамжаа уншигчидтайгаа хуваалцсан. Ойрдоо та юу хийж, ямар сонинтой байна даа?

-Би саяхан нэг нэвтрүүлэг үзлээ. Тэгээд нэг юм хэлмээр байна. Дан ганц Цаянжамцын “Янагийн дуулал”-ыг явуулахдаа Ц.Дамдинсүрэн гуайг нэг ч удаа дурссангүй. Шагдарсүрэнгийн орчуулга явж байна. Шагдарсүрэн бол элэгний л эмч. Сайн эмч. Одоо орчуулга хийж байгаа юм. Залуучууд үнэмшихгүй байх, гэвч хуучин уламжлалыг дурсах хэрэгтэй. Шагдарсүрэнгийн орчуулга бол үг утга нь зөв буусан боловч гол нь шүлэглэл нь зөв биш. Жишээ нь, Дамдинсүрэн гуай орчуулгадаа их өөрөөр хэлсэн байдаг.

Аадрын үүл хуралдаад ирвэл

Аюулт мөндөр буухын шинж

Асман банди нар олшроод ирвэл

Ариун ёсон буурахын шинж… гэж орчуулсан. Монгол хүнд яаж буух талаас нь ингэж орчуулсан. Эмэгтэй хүнийг давардаг гэдгийг Дамдинсүрэн гуай хэлэхдээ

Нэг гэрийн нохой хав үртэс өгсөн ч долоочихно, гэтэл чи юу яаж байна ч гэдэг юм тийм утгатай мөрүүдийг Дамдинсүрэн гуай орчуулахдаа

Эрээн барс цоохор ирвэсийг

Энгийн аргаар номхруулж болно

Эхнэр гэдэг гэзэгтэй барсыг

Энхрийлэх тусам дошгин болно гэж. Тэгэхээр ер нь, бодлын ордонд бодолдоо оршихын цагт бол зүгээр Цаянжамц лам, гадна нь гараад явахын цагт би дураар аялаагүй гэсэн маягтай шүлэг уг нь бичсэн байгаа юм. Үгчилбэл. Гэтэл Дамдинсүрэн гуай энийг шүлэглэхдээ

Тансаг бодлын дотоод ордонд

Тарнийг бясалгасан Цаянжамц

Тагтат тайзны гадна талд

Тачаалыг бясалгасан танхай банди… гэж бичсэн. “Тагтат тайзны” гэхээр Түвдийн барилгууд санаанд бууж байгаа юм. Би Цастын оронд хөгшинтэйгөө, хоёр охинтойгоо очиж үзэх аз завшаан тохиож байлаа. Яг дөрвөлжин дөрвөлжин барилгууд байдаг юм. Одоогийн энэ сүм хийдүүд чинь түвд хийц маягтай дөрвөлжин барилгууд байгаа. “Тагтат тайз” гэхээр Түвдийн төрх нь онож буугаад байгаа юм. “Тагтат” гэдэг үг шүлэг дотор нь байхгүй ч гэсэн Дамдинсүрэн гуай нэмж ийнхүү шүлэглэсэн байдаг. Бодлын ордонд би зүүн талаас нь орж нар зөв тойроод баруун талаар нь гарсан. Өлзий хадаг нь энэ байна. (Хадаг харуулав).Энэ бодлын ордон дотор би “Тансаг бодлын дотоод ордонд

Тарнийг бясалгасан Цаянжамц” гэж хэлээд харахад Бодлын ордны дотоод жавхлан, тансаг байдал нь харагдаж байгаа юм. Зүйрлэвэл, ингэж яруу сайхан шүлэглэх ур гол нь юм. Жишээ нь, Омар Хаияамыг Цоодол ч орчуулсан, Цэрэндэндэв ч орчуулсан. Цэвээн гуай ч дээр үед орчуулсан. Цөмөөрөө Явуухулангаас тойроод байдаг. Явуухулан залхуурсан ч юм уу архиа уугаад явчихсан юм уу зав нь ч болоогүй юмуу цөөхөн шүлэг орчуулсан. Гэхдээ Явуухулангийн шүлэглэсэн нь санаанд үлдсэн. Юу хэлсэн бэ гэхээр

Дуулим энэ хорвоо дээр шүлэгч байх зовлонтой

Дурлал дарс хоёргүйгээр насыг барвал нүгэлтэй

Мөнгөн сартай орчлонд бүгдээрээ л оршдогоос хойш

Мөнхрөх эсэхийн тухай ярих нь илүү ажил гэлтэй… гэсэн. Шүлэглэчихсэн. Утга нь байна уу байна. Яг л яруу найрагч хүн бол хүүхэн дарс хоёргүйгээр хол явахгүй. Тэрийг монгол хүний сэтгэлд буухаар ийм сайхан хэлсэн. Бид бол үүгээр хүмүүжсэн улс. Түүнээ жаахан нэхэх маягтай. Шинийг нь голоод хуучныг нь үгүйлээд байгаа ч юм биш. Би бол улс төр ярихгүй, ярьдаг ч үгүй. Ярих ч үгүй. Гэхдээ хуучны социалист нийгэмд сайн юм бишгүй л байсан. Цаг барихаас эхлээд. Одоо чинь цаг барьдаг хүн, цагтаа эхэлдэг юм гэж бараг алга болоо шив дээ. Театр ердөө хонх гурвантаа цохиход яг эхэлдэг л байсан юм. Ямар ч том даргыг хүлээлгүй яг л цагтаа эхэлдэг байсан. Би 2006 онд цэнгүүн хийсэн. Багабанди гуай ирсэн. Би хамгаалагчид нь хэлсэн, яг цагтаа ирүүлээрэй, таван минут л хүлээнэ, тэгээд би эхэлнэ шүү гэж хэлсэн.

-Цагтаа ирсэн үү?

-Тэгсэн. Зарим нь тоодоггүй юм. Зарим нь ч яг цагаа барьдаг. Миний тэр цэнгүүн дээр Багабанди гуай ч цагтаа ирсэн, Жасрай гуай ч авгайтайгаа цагтаа ирсэн. Би хоёрхон удаа л цэнгүүн хийсэн. Сосорбарам надад “Та цэнгүүнээ хийгээч ээ, танаас байтугай нь хийгээд байна. Би сайхан найруулаад өгье” гэсэн. Найруулахдаа гол нь биш юм. Гэтэл Данзангийн Нямаа надад хэлэхдээ, би тасалбарыг тань заралцаад өгье, та цэнгүүнээ хийгээч гэхээр нь сая за гэж хэлсэн юм. Бөхийн ордныхон надад, “Амьтан их цуглуулаад ордон хэмхэлчихэв дээ” гээд байсан. Тэгээд Нямдоржоос гуйгаад хоёр сая төгрөг өгч чадахгүй ээ, нэг л саяыг нь өгье гэж тохирлоо. Тэгээд яахав, миний хувьд бас хэдэн төгрөг орж ирсээн, хөөрхий. Хүн олон цуглараад бүр дотор талаар нь сандал тавиулаад, дөрвөн талд хаалган дээр нь дотор гаднагүй дөрвөн цаг босоо зогсч үзэж байсан. Багабанди гуай Дорнодод уулзаад “Сүрэнжав гуай, таны цэнгүүн дээр зөвхөн таны үеийнхэн биш бүх үеийнхнээс ирсэн байна шүү” гэж хэлсэн. Дуустал нь суугаад байсан, айхтар хүн харсан байх. Энийг би яагаад хэлэв гэхээр, юмыг цагтаа эхлээд цагтаа дуусгаж байх. Социализмд муу юм ч их, сайн юм ч их байлаа. Сайныг нь авах хэрэгтэй шүү дээ. Биднийг цаг бариад сургачихсан юм, ажлын хариуцлагад сургасан юм. Одоо хэн ч хариуцахгүй, би мэдэхгүй тэр мэднэ, тэр мэдэхгүй энэ мэднэ гээд бие бие рүүгээ юмаа зувчуулаад юмаа бүтээж чадахгүй. Хичнээн тэрбумаар залгиж идэж ууж байна вэ.

-Яагаад ч юм нанчидтай нөхөрлөж өөрийгөө үрж яваа өнөөгийн зарим яруу найрагч дүү нартаа чин сэтгэлээсээ нэг үг хэлээч. Ингэхэд таныг халамцуу явахыг хараагүй юм байна, сархад таашаахаа болиод удаж байна уу?

-Далай ламын үгэнд ороод би архийг орхисон юм. 1990 онд XIV Далай ламтай уулзаж ирээд орхисон. Ардын уран зохиолч, төрийн шагналтай хүнийг хэн загнахав. Тэгээд яваад байтал архи ч зохихоо байгаад ирнэ? Тэрнээс биш тааруулж ууна, тааруулаад болино энэ тэр гэдэг бол худлаа. Өөрийгөө ч хуурсан, хүнийг ч хуурсан хэрэг. Тэгээд шууд орхисон. Би архийг ууж явсаан. Ханилж яваад нөхрөө, хатирч яваад морио гэдэг шиг одоо хамаагүй муулдаггүй юм. Сайн тал нь хүний зиндааг арилгаад ойртуулдаг. Тийм учраас Чимэд, Эрдэнэ эд нартай бид ойртож заримтай нь бүр хүнд ярьдаггүй юмаа ч ярьж явлаа шүү дээ. Сайн тал нь тэр. Муу тал нь их. Сүүлдээ шартдаг барьдаг, ажил тасалдаг, амьтанд загнуулдаг, бараг чи өчигдөр хүн алчихсан гэвэл тийм юм байх гэж бодох жишээтэй. Их хорлонтой л доо. Энэ далимд улс төрийн маягийн юм хэлье. Багачууд та нар минь сайн, мууг, авах, гээхийн ялгалыг мэдэрч, хариуцлага хүлээж сурмаар байна шүү.

-Орчин үеийн яруу найрагч та тэртээх дундад зууны их шүлэгч Цаянжамцтай оюун сэтгэлээр төрөлсөн шадарлаж тансаг бодлын ордон сэлтээр зочлонгоо Түвдэд зорчсон сайхан дурсамжаасаа энэ мөчид хуваалцаач?

-1990 он. Би мэс засал хийлгээд. Арай л үхчихсэнгүй. Сайн эмч нарын ачаар боссон. Тэгж эдгэрч аваад Цастад нэг очъё гэж бодоод ойр дотно байдаг болохоор Чой хамбаар тэр жил нэг мэргэлүүллээ. Энэ жил та яваад тусгүй гэсэн. Дараа нь мэргэлүүлсэнд одоо явбал ёстой сайхан бүтэх юм байна гээд, нэг охин маань Бээжинд багшилдаг юм. Хэлтэй устай юм болохоор Бээжинд багшилдаг охин, эмч охин хоёрыгоо дагуулаад хөгшин бид хоёр галт тэргээр хоёр шөнө, хоёр өдөр яваад хоёр дахь өдрийнхөө орой нар гудайж байх үес Лхаст очсон. Би бас муу санаатай, люкс вагон авчихаад тэндээсээ гараагүй. Гарч ярих болохоор хятад хэлтэй охиноо гаргаж яриулчихаад. Миний хүсэл бол ерөөсөө Лхаст очоод Далай ламын суудаг Бодлын ордонд очих. Энэ зураг нь байна, бариад үз дээ. Дээр нь цагаан алтаар ирийтэл нь бичсэн бичигтэй. Энэ далимд хэлье. Манай Авдарбаян сум хоёр баг барга нартай, зургаан баг нь цэвэр халхууд. Би бол Дархан чин вангийн хошуу, Бамбар эрдэнэ хувилгааны шавь. Урдуураа говьтой, хойгуураа Авдар уултай тал нутаг шүү дээ. Тэгээд би говийн хүн хэрнээ уул харахаараа ухаанаа алдчихдаг.

-Яагаад тэр вэ?

-Ямар сайхан санагддаг гэх вэ. Одоо энд хойморт минь Отгонтэнгэр уул, хажууд нь Гималай байна. Гималай Бодлын ордон хоёрын дундаас Далай лам ургаж байна. (Хойморт нь залаастай уран зургуудыг хэлэв). Тэгээд би гайхдаг юм. Тал нутгийн хүн уул харахаараа баясдаг, онгоцоор нисэхээр бол онгод ороод сайхан. Зарим хүмүүс айдаг биз. Би бол онгоцоор нисэхээр омогшил бахархал төрөөд байдаг. Тэгээд би гайхаад Чой хамбаас асуусан чинь таны урд үетэй л холбоотой байх гэсэн. Түвд хэл мэддэг их ном үзсэн хүн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар доктороос асуусан. Таны аав ээж аль хүрээнд харьяалагддаг вэ гэж байна. Бамбар эрдэнэ хувилгааны хүмүүс гэсэн чинь өө тэгвэл аргагүй шүү дээ, Бамбар эрдэнэ хувилгааны гол шүтээнийг Энэтхэгийн чулуун хороот газар бүтээж өгч аравнайлсан байдаг юм. Энэтхэг зүгийн хүн аравнайлсан учраас шижмээр ууланд их баясдаг гэсэн утгатай юм хэлсэн. Тэр үнэн байх. Есдүгээр богдын хүү манайд нэг ирээд цаад талд нь Гималайн уулс наад талд нь бодлын ордон, дундаас нь ургасан Далай ламын дүрийг хараад бараг л нулимсаа арчиж байсан. Одоо би нэрэлхэж өөрийгөө магтдаг цаг ч биш, нас ч биш.Залуу байхад жаахан хөөрүү онгироо байсан л байлгүй дээ. Далай лам надад юу ойлгуулсан бэ гэхээр, хүн ерөөсөө төрөлхийн шунахай амьтан. Алт мөнгөнд шунана, алдар нэрэнд шунана, авгай хүүхэнд шунана. Энэ бүх шуналыг сэтгэлээсээ аваад хаячих. Сэтгэлийг чинь өөртөө хадгалж авч яваа бие чинь амарна. Тэгээд бие сэтгэл хоёр чинь амраад та амар амгаланг олно гэдгийг ойлгуулсан. Ийм энгийн.

-Буддизм их энгийн хэр нь тайлбар нь түвэгтэй хүнд тэр чигийнхээ бичгийн хэлээр бичсэн байдаг болохоор хүмүүс ихэнхдээ ойлгодоггүй шиг?

-Нэг их философидож хэлэхгүй хэрнээ энгийн үгээр би хэлье. Монголын ард түмэн “Санаа сайн бол заяа сайн” гээд хоёрхон мөрөөр энэ философийг хэлчихсэн. Би эмээ дээрээ өссөн хүн. Гуравтайдаа эмээ дээрээ ирсэн. Ээж маань хөдөөний л нэг авгай. Миний дүү нар өөр овогтой. Нэг эхийн, өөр эцгийн хүүхдүүд. Миний удаахь дүү бол төрийн шагналт Пүрэвсүх гэж зураач байсан. “Мандухай цэцэн хатан” киноны ерөнхий зураач. Тэгэхээр ээж нар шүлэгч яруу найрагчдаа биш юм. Тэр сургаалууд бол Чингисийн үеэсээ дамжаад үр хүүхдэдээ хэлээд сургаад ирсэн. Мунхгийн санаа хожуу гэж их хожуу, зарим нь бараг дөч тавь, зарим нь бүр дал хүрч байж ойлгодог. Миний багад эмээ минь дандаа хэлдэг байсан. За чи худлаа хий битгий амьсгал, амьсгалын чинь тоо гүйцчихнэ. Битгий олон юм өмсөөд бай, өмсгөлийн чинь тоо гүйцчихнэ, юм гэдэг тоо хэмжээтэй. Өглөөний нарыг нар гэж бодож болдоггүй, өсөхийн жаргалыг жаргал гэж бүү бод гэхчилэн. Ерэн он гараад миний найз Самбуугийн Сүрэнжав траншейнд үхэхэд би ойлгосон шүү дээ. Ёстой л хотыг доргитол хуримлаж долоо найман авгайтай гэрлэсэн хүн байлаа. Их сайхан цагаан сэтгэлтэй хүн байсан юм. Гагцхүү, хааны хүү траншейнд үхэх ёсгүй юм. Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, өглөөний нарыг наранд бүү бод гэж үнэн үг болохыг тэр хойно л ойлгож байна шүү дээ, би. Монгол хүн жар хүрч ухаан ороод жаран нэгтэйдээ үхдэг гэж их хоржоонтой хэлсэн.

-Хэзээ тэр вэ?

-Энэ бол сүүлд том болоод зохиолчидтой танилцаад Намдаг гуайтай Өвөрхангайд нэг гэрт хоёулхнаа байж байхад ярьсан яриа. Намдаг гуай шоронгоос гарсан өдөр юм уу даа. Ер нь юмаа ярилаа. Би дөчин нэгэн онд хоёр дахь удаагаа шоронд ороод найман жил зургаан сар хорин гурав хоноод гарсан. Шоронд байхад дайны жил юм ховор хэцүү үе. Намдаг чи лоозон наа гээд цагаан гурилын жонхуу өгсөн. Би гоожсоноос нь долоогоод ясны хөлс чийхарч байсан гэж. Нээрээ ч цадахад цагаан хурганы сүүл пир пирхийгээд хатуу, өлсөхөд өөхөн цагаан чулуу ч зөөлөн. Ийм уран ухаантай ард түмний үр сад мөн юм бол бид бас муу л шүлэг бичээд байгаа юм. Хүн ойлгох, ойлгохгүй юм их байна. Би гурван кино хийсэн. Цагаан сар, шинэ жилээр “Гарьд магнай”, “Тод магнай” гээд гардаг. Жараад оны хэдэн дуунаас маань “Миний ардын сэтгэл цагаан” гэхчилэн ганц нэг нь одоо яваад байдаг чинь энгийн ойлгомжтой учраас хүнд хүрээд байдаг бололтой. Их философиддоггүй, энгийн үгээр бичихээр ойлгогдоод байдаг. Грекийн мэргэн ухаантан Сократ хэлэхдээ “Цэцэн мунхаг хоёрын завсрын хүн философич болдог” гэж хэлсэн байдаг. Энэчлэн би юмыг их хожуу ойлгож байгаа.

-Нээрээ ч “Гарьд магнай”, “Тод магнай” хоёр кино дэлгэцээс буухгүй байна. Элдэв маяггүй энгийн сайхан амьдрал гардгийнх байх л даа?

-Жанцанноров эртээд хэллээ. Урьд нь “Мандухай цэцэн хатан” гэхчилэн түүхэн кино их хийлээ. Ганцхан монгол ахуй байдлыг харуулсан кино урьд нь гараагүй. “Гарьд магнай”-г гарахаар би мэдлээ гэж хэлсэн. Миний гурван киноны хөгжмийг бичсэн төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров хэлэхээр нь би сая анзаарч байгаа юм. Монгол ахуй байдлыг сайн харуулсан байна. Тэдгээр киноны нэг дуу нь “Аавын оронд аав болсон ард түмнээ хайрлаж яваарай, асар их үнээр олдсон аз жаргалаа хамгаалж яваарай гээд байгаа чинь толгой холбосон цэцэн үг биш. Энэ аз жаргал гэдэг чинь цэцэгнээс дэлбээлээд тэнгэрээс буугаад ирээгүй. Энэ урд үеийнхний хөлс цус. Хичнээн их зүтгэлээ. Тийм учраас би буруу зөв хийснийг нь гайхаж явснаа тэр “Торгон хилийн зүг” дуу хийсэн. “Торгон хилийн зүг”-ийг бичихэд чинь би шартчихсан байсан шүү дээ. Гэрээсээ гараад ирсэн чинь Энхтайвны гүүрний энэтээ олон машин гэрлээ унтраагаад хил рүү явж байгаа юм. Тэгтэл дотор нэг л эвгүй болоод, зарим нь аз жаргалдаа ташуураад шартаад явж байдаг гэж бодогдоод л. Тэгээд

Хилийн зүг юуны тулд

Хэний төлөө цэрэг эрчүүд

Бүхээгтэй ногоон машинаараа

Бүрэнхий үдшээр аялна вэ.. гэж бичээд

Дархан орныг минь хамгаалан босч

Даяар олныг минь өмгөөлөн босч

Атаат дайсныг өвдөглөн дарахаар

Анд Зөвлөлтийн арми ирж явна… гээд

Зуун зуунаар байлдааныг хийгээд

Монгол Орос мөр зэрэгцээд

Морин атак шуугин ороод

Молцог элс улайран байсныг

Халхын гол мартаагүй гээд буцаад ардчилал гарч ирж Зөвлөлтийн цэргийг буцаахаас өмнө би тэр дуугаар Умар зүг Сибирийн замд

Урт цуваа үелэн хөврөөд

Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд

Дуугаа дуулсаар хаачна вэ

Дархан орныг минь хамгаалан босч

Даяар олныг минь өмгөөлөн зогсч

Атаат дайсныг өвдөглөн дарсан

Анд нөхөд минь буцаж явна гэж бичсэн. Тэгэхээр түүхэн үнэнийг санасан, монгол ахуй байдлаа санасан, өссөн төрсөн байгальдаа ойр байдаг. Бидний үед айл нүүхдээ гадасны нүхийг чулуугаар чигжээд орхидог байлаа шүү дээ.

Үргэлжлэл бий>

Categories
мэдээ цаг-үе

Айргаараа алдартай ХОТОНТ

Хангайн нурууны их уулсын зүүн захын шувтарга, Орхон голын хөндий дэх байгалийн хосгүй өвөрмөц, нандин тогтоц бүхий Жарантайн голын сав газар засаг захиргааны нэгжийн хувьд Архангай аймгийн Хотонт сум харьяалагддаг юм. Чухам энэ л газар шороонд тарьсан бүхэн нь ургаж, энд идээшилсэн мал хуй түм бумаараа өсдөг. Сүрлэг уулс, уужим тал, ногоон ой төгөл, тунгалаг гол мөрнүүд ингэж нэг дор цогцолсон сум суурин тун ховор.

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг С.Данзан Хотонт сумын уугуул

Сумын төвийн хамгийн өндөр барилга нь хоёр давхар сургууль юм. Тийм ч болохоор өөр сум орон нутгаас хүн ирэхэд гэр орноо эсвэл дэлгүүр хоршоо зааж өгөхдөө “Тэр өндөр барилгын баруун доод буланд бий”, “Өндөөр гэгчийн цагаан барилга харагдаж байгаа биз. Энэ чинь манай сургууль. Манайх сургуулийн урд талын гудамж” гэх зэргээр ярьж байхыг би нэг бус удаа сонсож байсан. Сургууль, захиргаа, эмнэлэг, дотуур байр, цагдаагийн хэлтсийн эргэн тойронд сумынхан хашаа хатгаад, төвхнөжээ. Миний мэдэхийн сүүлийн арав гаруй жил сумын төвд хүнсний дэлгүүр л шинээр баригдсанаас бус өөр “барилгажилт” явагдаагүй. Сургуулийн өмнөх талбайд төрийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын намын анхны дарга С.Данзангийн хөшөөг 2000 оны эхээр босгосон юм. С.Данзан бол Хотонт сумын уугуул бөгөөд 1885 онд хуучнаар Сайн Ноён хан аймгийн Сүжигт бэйс Сандаг-Очирын хошуунд мэндэлсэн байдаг. Хөшөө босгосны дараахан монгол хэл уран зохиолын багш С.Уранчимэг сурагчдадаа “Хичээл номдоо шамдаж, сайн сурах хэрэгтэй. Хамгийн гол нь сурч мэдсэнээ сайн сайхны төлөө, зөв зүйлд зарцуулах ёстой. Ингэвэл өөрийн нэртэй хөшөөг, төрсөн нутагтаа сүндэрлүүлж, алдар гавьяагаа мөнхөлж болдгийн тод жишээ бидний хажууханд байна. Тэгэхээр энэ хөшөө зүгээр ч нэг амьгүй хүрэл биш болж таарч байгаа биз” гэж билээ. Үүний дараагаас ангийнхан маань хичээл номдоо маш сайн шамдацгаах болсон сон.

Хотонт хэмээсний учир

Сумын төвийн зүүн хойхно дүнхийх, ой мод бүхий уулыг Хотонт хэмээн нэрийднэ. Сумынхан уулаа жил бүр тахина. Сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээснээр Хотонт уулын эртний нэршил нь Дулаан уул юм. Уулынхаа араар шигүү ой модтой, орой хэсэгтээ үхэр чулуу, хадат хавцалтай бол өвөр хэсэг нь эгц доош уруудсан тогтоцтой юм. Тухайн бүс нутагт өвөл болон хаврын эхэн сард ихэвчлэн зүүн хойноос салхитай байх тул уулын урд хэсэгт нөмөртэй дулаан байдаг аж. Тиймээс ч нутгийн ардууд Дулаан уул хэмээж, нөмөрт нь олон зууны турш өнтэй өвөлжиж, хаваржсаар өнөөг хүрсэн. Харин манай эриний долдугаар зуунд Уйгарын есөн овог аймаг нэгдэж, Түрэгийн эсрэг тууштай тэмцэн, ялалт байгуулж улмаар МЭ 745 онд өөрийн хаант улсыг төвхнүүлсэн байдаг. Үүнээс 100 гаруй жилийн дараа Уйгар зэргэлдээх нүүдэлчин киргизүүдэд ялагдаж нийслэл болох Ордубалыкаа шатаалган, сүйтгүүлжээ. Тус Ордубалык хотын туурь бол өнөөдрийн Хотонт сумын нутаг дахь Хар балгас юм. Уйгарын ихэнх иргэд баруун зүгт зугтсан боловч ганц хоёрхон овог аймаг киргизүүдийн харгис дарлалыг үл ажран буйраа сахиж үлдсэн гэдэг. Тэд ухаан төгс Дой хатнаар удирдуулсны хүчинд тодорхой хэмжээний алба татвар өгөхөөр киргизүүдтэй тохиролцон, мал хуйгаа хураалгаж, хүн ардаа сүйтгүүлэлгүйгээр зэрэгцэн аж төрсөн аж. Тийм ч учраас харь солгой дайсан нь Дой хатныг хүндэлж, нэгэн нуурын хөвөөн дэх орд харшид амьдруулж байжээ. Хожим тэрхүү нуурыг Дойтын цагаан нуур гэх болжээ. Хатныг тэнгэрт халихад ойр хавийн хамгийн өндөрлөг газар болох Дулаан ууланд оршуулсан гэнэ. Үүний дараагаар дулаан уулыг Хатант хэмээх болсон аж. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатант уул хэмээх нэршил Хотонт болж өөрчлөгдсөн гэдэг. Түүнчлэн газар зүйн байршлын хувьд Хотонт уул сумынхаа төв хэсэгт байрладаг нь ийн нэрлэхэд багагүй нөлөөлсөн болов уу. Хотонт уулаас гадна Дэлгэр Хайрхан, Цагаан Уул, Сант-Уул зэрэг нутгийн олны сүслэн тахьдаг уулс олон бий.

Зуугийн багш, Зуугийн гэгээнтэн зэрэг эрдэм төгс хутагт хувилгаад энэ нутгаас л төрөн гарсан

Шарын шашин Монголд ид дэлгэрч байх үед Хотонт суманд олон ч хутагт хувилгаан тодорч, сүм хийдүүд шинээр баригдаж байжээ. Энэ нь тухайн үеийн шашин мөргөлийн гол төв болох Эрдэнэзуу хийд хаяа залган оршиж байсантай ч холбоотой байж болох. Зуугийн багш, Зуугийн гэгээнтэн нар нь хүүхэд ахуйдаа Эрдэнэзуу хийдэд шавилж, ухаан мэдлэгээрээ онцгойрон шалгарч, хожмоо Түвдийн Далай ламтай ном хаялцаж явсан гэдэг. Арванесдүгээр зууны үед гэдэс дотор, үе мөчний өвчинд тустай нэгэн рашааны эхэнд томоохон эргэл мөргөлийн хийд болох Цагаан сүмийг байгуулж байсан ч харамсалтай нь их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд тус сүмийг нурааж, лам нарыг нь буудан хороосон талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Үүний дараагаар нэр нь тодорхойгүй өнөөх халуун рашааныг Цагаан сүмийн хэмээн нэрлэх болжээ. 1980-аад оны дундуур сүмийн тууринаас цан хэц, хэнгэрэг, лам нарын хэрэглэж байсан мөнгөн домбо, аяга, үнэт хаш чулуун хөөрөг тэргүүтэй эд өлгийн зүйлс олдсон байна. Харамсалтай нь ихэнх эд хогшлыг нь ойр хавийн иргэд тоноод дуусгасан гэдэг. Харин сумын төв дэх хийдийн балгасыг 1990-ээд онд хамба лам Д.Доржцэвээн сэргээн босгож, хуучин нэрээр нь буюу Дашгэмпэлийн хэмээн нэрлэж, өнөөдрийг хүртэл сүсэгтэн олны чуулдаг буяны өргөө хэвээр. Энэ тухайд миний өвөө Д.Дэмбэрэлнямбуу “Сүрэг хонио гэхээсээ атганд багтах мөнгөн бурханаа эрхэмлэн, гэрийн хогоо шүүрдэхээс урьдаж бурханыхаа тоосыг арчдаг байлаа даа. Амьтны амь хороох, бусдад гэм учруулах, хуурч мэхлэх, худлаа ярьж, хулгай хийнэ гэдгийг бурханы шашинд байж боломгүй нүгэл гэж номлосон учраас элэнц өвөө, эмээ минь бид нарт үргэлж л нүглээс хол явахыг сануулна. Бид ч үгнээс нь гарахгүй. Үүний хүчинд элдэв хэрэг төвөг гарахгүй, амар амгалан аж төрдөг байсан сан. Өөр сум оронд бусдын аминд хүрсэн гэнэ ээ гэх жигшүүрт явдлыг явуулын хүнээс дуулаад “Ээ бүү үзэгд, бурхан гончигсум минь” гээд алгаа хавсраад духандаа хүргэнэ. Хэрэв ингэх л юм бол дөнгөж хэлд орсон хүүхэд ч хүртэл жижигхэн бумбагар гараа хавсарч нийлүүлээд духандаа хүргэнэ. Нарийн учрыг нь мэдэхгүй ч цаагуураа болохгүй, бүтэхгүй зүйл тохиолдсон болохыг зөнгөөрөө мэдэрдэг. Харин томроод ухаан суугаад ирэхээр багадаа зөнгөөрөө мэдэрч асан тэр зүйл нь санаа сэтгэлээс нь ер арчигддаггүй. Ингэж л бидний үеийнхнийг номхон хүлцэнгүй болгосон. Үүнд оносон нь ч бий, алдсан нь ч бий. Гэхдээ оносон нь хавьгүй их” хэмээн хуучилж билээ.

Гантай зун Цагаан сүмийн голын хөндий, зудтай өвөл Цохиот ууландаа малаа бэлчээдэг

Хотонт сумын Хүйсийн овооноос эхтэй горхи Цагаан сүмийн голтой нийлж, сумын төвийн урдуур урсана. Тус голын эрэг дагуух ногоон ширх, зүлгэнд жилийн аль ч улиралд мал тааваараа идээшилнэ. Барагцаалбал 50 гаруй км үргэлжлэх учраас зэргэлдээх сумдын мал хуй ч орж ирэх нь бий. Зун ган болсон ч энд хүмүүл, хүнхээл, зэрлэг жууцай зэрэг шим тэжээлт төрөл бүрийн ургамал ногоо өтгөн ургана. Тиймдээ ч нутгийн уугуул малчид цагаан сүмийн голыг “Ногоон үелзээ” гэх нь ч бий. Хатсан өвс, гандуу цэцэгс бүхий шаргал хөндийгөөр ногоон зураас татуулан өвс ургамал нь халиурдаг болохоор тэгээ биз. Харин өвөл цас их унасан ч дэрс нь халиурч, зэгс нь ногоорох Цохиот уул гэж бий. Бэлээрээ эгц өндөр хэдий ч орой хэсэгтээ ширээ мэт тэгшхэн тал бүхий энэхүү ууланд ой модноос гадна хад асга, эгц цохио элбэг. Тийм учраас ч өвлийн их цас, тэсгим жавраас өвс ногоог нөмөрлөдөг биз. Гэхдээ өнтэй өвөл тэнд малаа хонио хариулах нь бүү хэл адуугаа туугаад ч дайрч өнгөрдөггүй санагдана. Нагац ахын “Жил бүр тийш нь малаа тууж гаргачихаад, гэртээ гэдсээ илээд хэвтвэл ирэх онд нь модоо барихын цондон” гэж хэлсэн нь угтаа бэлчээрээ сэлгэж, үржил шимийг нь алдагдуулахгүй гэх малчдын ухааныг энгийнээр тайлбарласан нь тэр байж. Өнөөх арав гаруй жилийн өмнө тохиосон айхтар мичин жилийн зуднаар Цохиот, түүний салбар уулсаар малаа хариулсан тулдаа хохирол багатай давсан гэдэгсэн. Бүр доголон хурганы гарзгүй, зудыг сөрөн гарсан малчид цөөнгүй байсан аж. Энэ тухайд манай эмээ “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг нь чухам байгалийн онц аюултай үзэгдэл тулгарахад нэгдэн нийлэхийг хэлж байгаа хэрэг. Мэдээж мал хуйгаа бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөө. Арав гаруй жилийн өмнөх мичин жилийн зуднаар гэрийн ханатай чацуу цас орж, тооноороо гэр лүүгээ орж, гарч байлаа. Тийм байхад бэлчээрт гаргалгүй хадлангийн өвсөөр хашаанд нь тэжээнэ гэвэл ганц сараас хэтрэхгүй. Өвлийн сар нэг биш шүү дээ. Үргэлжлүүлээд хаврын гурван сар байдаг. Нэг орой саахалт өвөлжиж байсан айлын хүн манайд ирээд “Хамтын хүчээр зудыг давахгүй бол горьгүй нь. Самдан, Тоорил хоёрынд сая очоод ирлээ. Тэр хоёр энэ хавийн хотныхныхоо малыг бөөгнүүлж, Цохиот уул руу гаргая гэж байна. Адуу үхрээ урд нь гаргаж туугаад мөрөөр нь шүдлэнгээс дээш насны хонь ямаагаа туугаад явъя. Харин төлөг, борлон, бяруу, даага болон зарим тамир муутай малаа хотондоо үлдээчихье. Тэднийгээ өвсөөрөө тэжээгээд хавартай золгочихно. Цохиот ууланд гаргасан хойно малаа ээлжлээд хариулчихъя. Чи юу гэж бодож байна” гэж өвөөгөөс чинь асуухад “Тэгэлгүй яахав дээ. Юуны тулд айл саахалт билээ дээ. Маргааш хажуухан энгэр дээр малтсан цасан дотор зогсоо морьдоо хотондоо оруулъя. Дунд жалгын цасыг ч дээрээс нимгэлж байя. Урд талын цагаан хошууны үзүүр хүртэл цас нь арай нимгэн юм билээ. Тэнд нөгөөдөр үдээс хойш малаа бөөгнүүлье” гэснийг би тодхон санадаг юм” гэсэн юм. Хоёр гурван сарын турш зарим малаа Цохиот уул, түүний салбар уул нуруудаар хариулсны хүчинд цөөн мал хорогдсон. Цагаан сүмийн голоос гадна Орхон, Жарантай голын их хөндий, түүний ойр орчмын ам, энгэр газарт хүнсний ногоо, үр тариа тариалахад бүрэн тохиромжтой. Тиймдээ ч Уйгарын үеэс тариа тарьж байсан ул мөр усалгааны далан шуудуу элбэг. XX зууны сүүлийн хагаст сумын хэмжээнд 5,5 га-д тариалалт хийж байсан нь улсын хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт. 1958 оноос төвийн эрчим хүчний системд холбогдсон. Төд удалгүй Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон нь аялал жуулчлал хөгжихөд гол түлхэц болсон юм. Эрдэнэзуу хийдийг үзсэн гадаад дотоодын олон жуулчин цааш 20 гаруйхан км яваад Хотонт сум орж, тэндээсээ Төвхөн хийд, Улаан цутгалан, Орхоны хүрхрээ, Хоргын тогоо ордог “нэгдсэн маршрут” хэдийнэ тогтжээ.

Архангай аймаг, тэр дундаа Хотонт сум уруул чимчигнүүлж, аяганд шар тос хөвсөн айргаараа алдартай. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн зун Өндөр гэгээн Занабазар мэндэлсний ойд зориулсан даншиг наадмын үеэр зохиогдсон айрагны баярт Хотонт сум түрүүлсэн. Бүр тодруулбал “Хөхүүрийн монгол айрагны дээжээр мялаалга өргөмүй” мялаалгын наадам болж, Өвөрхангай, Төв, Булган, Архангай зэрэг аймгийн 30 гаруй сумын төлөөлөл оролцсон юм. Бүр удаахь байранд нь Булган аймгийн Могод сумын айраг шалгарсан юм шүү. Бас жил бүрийн намраар сумынхаа айрагны баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Айрагны хөрөнгөө жил дамнуулан сэрүүн газарт сайтар хадгалдгаас гадна хавар бүрсэн таргийг гүүний саамаар шингэлж хөрөнгө гаргах нарийн ухаанд гарамгай суралцсан малчид олон учраас айраг нь амттай байдаг биз ээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Баяр жаргалаа хоёроор үржүүлж бодож суръя

Зөвлөлтийн үеийн Узбекстаны яруу найрагч Римма Казаковагийн нэг сайхан үг байдаг. “Баяр жаргалаа хоёроор үржүүлж байгаа зовлонгоо хоёроор хуваан бодож сур” гэсэн. Хүний амьдрал гэдэг үргэлж мөнхийн баяр жаргалаар бялхаад байдаг үүрдийн диваажин биш. Бас бие сэтгэлийн зовлонд дандаа тарчилж байдаг харанхуй там ч биш. Жаргал, зовлон гэдэг ер нь харьцангуй ойлголт.

Бор гэртээ богд гээд борог амьдралаа болгоод явдаг хүнд бол тэвэр дүүрэн алт, өвөр гэрэлтэм амраг үй түмээрээ байгаад чиг нэмэргүй. Хүсэл, шунал нь далай мэт ёроолгүй, тэнгэр адил оёоргүй нэгэнд бол энэ дэлхийн бүх баялаг байлаа ч ханаж цадах нь үгүй.

Амьдралын сайхныг мэдэрдэг, байгалийн гайхамшгийг биширдэг нэгэн бол хоосон үүргэвчтэй ч хорвоог сэтгэл амар туулна. Сэтгэл амар гэхээр хөл хөсөр, гар газар амраад гэдсээ илээд хэвтээд бай гэсэн үг биш л дээ. Хөлөө явж, хөлсөө дуслуулан хөдөлмөрийнхөө үр шимийг амссан хүн өрх бүлдээ аз жаргалтайгаар олсон долсноо хувааж хүртээд жаргалтай байж чадна.

Шуналын хүүдийнх нь ёроол цоорхой бирдүүд бол харин түмний хөрөнгөөр түнхэрцгээ дүүргэж, олны буянаар олгойгоо цатгавч илүү харж, билүү долоон арван найман тамын адгийн тамд унана.

Тиймээс хүн гээч сэтгэлийн амьтан “Баяр жаргалаа хоёроор үржүүлэн, байгаа зовлонгоо хоёроор хувааж” аж төрвөл аз жаргалд дөтлөн сэтгэлийн зовлонгоос ангижрах буюу.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Цөөврүүд улилдаж эхэллээ, дахиад л огцруулалт уу” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарт улсын арслан Оюунболдын аав аймгийн начин Д.Энхтөгсийнхөөс хийсэн сурвалжлага нийтлэгдлээ. Тэднийх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумандаа эгэл даруухнаар аж төрөн суугаа. Гэвч энэ айл “төрийн наадмын түрүү авах үүдтэй айл” гэнэ. Энэ тухай сонирхолтой сурвалжлагыг нэг болон 13 дугаар нүүрээс уншаарай.

Баримт үзэл бодлын гуравдугаар нүүрт “Цөөврүүд улилдаж эхэллээ, дахиад л огцруулалт уу” хэмээх нийтлэл хэвлэгдсэн юм. Харин дөрөвдүгээр нүүрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой хийсэн “Бусад оронд шүүх хурлыг теле сериал гаргаж байгаа юм шиг шууд дамжуулдаггүй” хэмээх ярилцлага хэвлэгдсэн. Түүнчлэн энэ өдрийн дугаарт хэд хэдэн даацтай уншууртай ярилцлага нийтлэгдээд байгаа. Тодруулбал, өмнөх дугаарт гарсан ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын ярилцлаганы үргэлжлэл нийтлэгдсэн. Мөн улс төр судлаач, философич С.Молор-Эрдэнэтэй хийсэн “Ядуусыг баячууд биш нийгмийн оюунлаг, ухаалаг давхарга л чирдэг” хэмээх ярилцлагыг хэвлэлээ. Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор профессор Дашлхүмбийн Галбаатартай хийсэн ярилцлага уншигчдын анхаарлыг эрхгүй татах биз ээ. Энэ ярилцлагад хэн дуртай нь ном бичдэгээс уншигчид цөөрч Монголын уран зохиол үхээнц байдалд орсныг шүүмжилсэн байна.

Баримт, цаг үеийн нүүр энэ дугаарт хоёр бий. Нэг нь хорих 461 дүгээр ангид амиа алдсан Д.Амарсайхан агсантай холбоотой “Хуулийнхны хатуурхал буюу Д.Амарсайхан агсны үхлийн шалтгаан” хэмээх цуврал нийтлэл юм. Харин долдугаар нүүрт Төв аймгийн Баянчандмань сумын хурган дарга нар хүчингийн хэрэг үйлдсэн жигшүүрт хэргийн талаар болон замын ажлаас болоод гэртээ орж чадахгүй байгаа суумгай эрийн тухай материалууд багтсан болно.

Түүнчлэн “аян зам”, “эрүүл мэнд”, “эдийн засаг”, “сав шимийн ертөнц”, “дэлхийн мэдээ” зэрэг брэнд болсон уншууртай, чанартай нүүрүүд хэвлэгдээд байна. Эдгээр болон бусад цаг үеийн олон шинэлэг, шуурхай мэдээллийг багтаасан юм.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ