Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж:Монгол Улс нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

2015 оны есдүгээр сарын 29-ний өдөр, Нью-Йорк хот

Ноён Дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдон ажиллаж буй Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Тэгш ойн энэхүү чуулган үргэлжлэх хугацаанд манай төлөөлөгчид Таны эл хариуцлагатай ажлыг бүрэн дэмжиж ажиллах болно

Ноён Дарга аа,

Энэ өдрүүдэд бид бүгд НҮБ-ын 70 жилийн ойг бахархалтайгаар тэмдэглэж байна. Улс үндэстнүүдийн нэгэн гэр бүлд багтах бидний НҮБ-ын Дүрэмд тунхагласан энх тайван, хөгжил дэвшилийн төлөөх итгэл өнөөдөр огт алдраагүй харин ч улам бадран гүнзгийрч байна. НҮБ бол хүн төрөлхтөний

– энх тайван амьдрах

– эрх тэгш байх

– урт удаан үргэлжлэх аз жаргалд тэмүүлэх хүн төрөлхтний язгуур хүсэл тэмүүллийг батлан хамгаалах үүрэгтэй билээ.

Чухамдаа НҮБ нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд эдгээр эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө цуцалтгүй ажиллаж ирсэн. Хэрэв НҮБ байгаагүй бол хүн төрөлхтний дийлэнх хэсэг нь хүчирхийлэл бүхий мөргөлдөөнд уусч хүнд бэрх олон сорилттой тулгарах байсан биз ээ.

Олны хүч оломгүй далай гэдэг шиг олон зүйлийг бид хамтын хүчээр хийж, тэр хэрээр сайн сайхныг бүтээж чадсан. 1945 оноос хойш тусгаар улсын тоо дөрөв дахин, дэлхийн эдийн засгийн хүчин чадал тав дахин нэмэгдэв. Хүмүүс илүү эрүүл, урт удаан амьдарч, бичиг үсэгт тайлагдаж, өндөр боловсролтой болж байна.

Өдгөө олон улсын хамтын ажиллагаа түүхэндээ байгаагүй оргилд хүрээд байна. Орон орны Засгийн газар НҮБ-ыг үүсэн байгуулахаас эхлүүлээд хамтын ажиллагаагаа шинэлэг агуулга хэлбэрээр өргөжүүлэн баяжуулахын төлөө тал бүрээсээ хичээн зүтгэж ирсэн.

Энэ ч утгаараа хүн төрөлхтөнд урьд өмнө нь байгаагүй илүү их боломж, харилцан ойлголцож тохиролцох орон зай, эрх зүйн үндсийг бий болгож чадсан.

НҮБ нь дайн ба энх, ядуурал болон хөгжил цэцэглэл, хүний эрхийн зөрчил болон эрх чөлөөт амьдарлыг хооронд нь ялгаж салгаж өгсөн цорын ганц түгээмэл олон улсын байгууллага болж чадсан.

Тиймдээ ч хүн төрөлхтний туулсан сүүлийн 70 жилийг би “хамгийн гайхамшигтай түүхэн 70 жил” байжээ гэж хэлмээр байна.

НҮБ-ыг цогцлоон байгуулсан энэхүү түүхэн тэмдэглэлт ой биднийг өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбож байна. Хүн төрөлхтөн бүхэлдээ шинийг цогцлоон бүтээх дараагийн том алхамаа хийх гэж байна. Тиймдээ ч би ирээдүйд итгэж байна. Яагаад гэвэл

– бидэнд НҮБ байна.

– бидэнд тулгарсан сорилтуудыг даван туулах шилдэг арга туршлага байна.

– хүн төрөлхтний дараагийн шинэ үе өсөн өндийж байна.

Тэдэнд хамгийн боломжит шилдэг арга зам, шинэ шинэ боломжууд байна. Тэдэнд харилцан хуваалцсан хамтын их мэдлэг, тэргүүний технологи байна.

Ноён Дарга аа,

Өнөөдөр бид хүн төрөлхтний түүхэнд өмнө нь хэзээ ч байгаагүй илүү ихээр хувь заяагаа хуваалцаж байна. Бидний ололтын хажуугаар сая сая хүн урьдын адил үгээр илэрхийлэхийн аргагүй нөхцөлд амьдарсаар байна. Бидний гэр болох “Эх дэлхий” маань энх тунх бус, амьдрахад тав тухгүй газар болон хувираад байна.

Дэлхийн II дайн 70 жилийн тэртээ бидний ард үлджээ. Зэвсэглэлээр хөөцөлдсөн хүйтэн дайны үе 20 жилийн тэртээ хоцорсон. Өнөөдөр зэвсэгт мөргөлдөөн, зөрчил нь тодорхой газар нутгийг хамгаалахад чиглэсэн бус, харин хил хязгааргүй үзэл суртал, гэмт хэрэг, шашны зорилгоос улбаалан үүсч байна.

Бид эдгээр асуудлыг хэзээ хэзээнээс илүү ойлгож мэддэг болсон ч тэдгээртэй эрс шийдэмгий, үр дүнтэй тэмцэх боломжгүй тийм л гаж цаг үед амьдарч байна. Тиймээс ч бид энд хуран цугларч, эх дэлхийгээ өөрчлөхийн төлөө илүү ихийг, илүү сайн хийх шинэ гараагаа эхлүүлж байна.

Улс орон бүр энх тайван, тогтвортой байдлын үүднээс хүлээн зөвшөөрч, даган мөрдөх дүрэм, журам болон хуулийн тогтолцоог бүрдүүлэх нь энх тайван, тогтвортой байдлыг авч ирэх цорын ганц зам гэж үзэж байна.

Хэрэв НҮБ хүнд хатуу сорилтдоо унах аваас бид бүгд мөн унах болно

Энэ нь зөвхөн НҮБ-тай холбоотой зүйл биш юм.

Энэ бол зөвхөн бид бүгдэд хамааралтай зүйл.

Энэ нь бидний хамтын нийгэмлэгтэй холбоотой зүйл.

Энэ нь бидний гэр бүлтэй холбоотой зүйл юм.

Иймд бид алдах эрхгүй. Бидний хичээл зүтгэл эндээс НҮБ-аас эхлэх ёстой.

Ноён Дарга аа,

Шинэ зууны эхэнд бид Мянганы хөгжлийн зорилтуудыг баталж, хэрэгжүүлж ирсэн. Бид олон зорилгодоо амжилттай хүрсэн хэдий ч заримд нь алдсан. Гэвч бүхэлд нь авч үзвэл дэлхийн хамтын нийгэмлэг сорилтоо давж чадсан. Энэ бүхнээс бид их сургамж авч, том дэвшилд хүрсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичгийг боловсруулж баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн ирэх 15 жилийн туршид баримтлан хэрэгжүүлэх үнэнхүү түгээмэл, илүү зоримог үйл ажиллагааны төлөвлөгөөтэй боллоо.

Түүний 17 зорилт, 169 зорилго нь бүгд бодитой хэрэгжих үндэстэй бөгөөд нийт хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл юм. Хүн төрөлхтөн түүхэндээ ийм түгээмэл, нэгэн дуугаар дэмжсэн хэлэлцээрт хүрч байгаагүй билээ.

2030 он хүртэлх хөтөлбөр нь үнэхээр бүх нийтийн тохиролцоонд суурилсан, дэлхий нийтийг хамарсан үйл ажиллагааны хөтөлбөр болсон.

Гайхамшигтай биш гэж үү! Эдгээр жинтэй зорилтуудыг дэлхий нийт нэгэн дуугаар баталж чадлаа:

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах гол зорилтуудыг би хүлээн зөвшөөрч байна.

Ирээдүйдээ зориулан эх дэлхийгээ жинхэнэ утгаар нь хайрлан хамгаалахын төлөө байгааг би харж байна.

Хүн төрөлхтний тэгш эрх, аз жаргалыг аврахын төлөө бид үүнд нэгдэж байна.

Энэ нь хөгжин цэцэглэж буй, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, шударга, эрх тэгш нийгмийг бүтээж байгуулж, чадавхитай төрийн тогтолцоог бий болгоно гэдэгт би итгэж байна.

Улс орон бүр сайн засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийн зөв бодлогын төлөө байнгын хүч чармайлт гарган ажиллах ёстой гэдэг нь тодорхой. Үүнийг хангахад бидэнд эрч хүчтэй, өргөн хүрээг хамарсан, нээлттэй механизм хэрэгтэй.

Хэрэгжилтийг найдвартай хангах, хяналт тавьж хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин, тогтолцоог бид бүрдүүлэх ёстой.

Ноён дарга аа,

Хүн төрөлхтний төлөө үйл хэрэгт өөрийн улсын оруулж буй хувь нэмрээр би бахархдаг.

Өнгөрсөн зууны сүүлийн 25 жилд Монгол Улс нээлттэй, эрх тэгш нийгмийн тогтолцоог ардчилсан сонгуулийн үндсэн дээр, зах зээлийн чөлөөт эдийн засагтайгаар, байгаль орчинд ээлтэй бодлоготойгоор цогцлоон хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр ирлээ.

Засаглалын ил тод байдлыг хангах, иргэний оролцоог нэмэгдүүлэх, авлигатай тэмцэж багасгах, ядуурлыг бууруулах зэрэг үйл хэрэгт мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргалаа.

– Сүүлийн 25 жилд Монгол хүний дундаж наслалт 7 жилээр нэмэгдэв.

– ДНБ бараг 20 дахин хувиар өсөв.

– Бид хүний эрх, хүний бүтээх чадварт итгэдэг бөгөөд хувь хүний санаачилгыг хөхиүлэн дэмждэг. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна.

– Манай улс хүний амьдралын нэг мөчлөгт багтан энхийн замаар, маш хаалттай, тусгаарлагдсан дэглэмээс нээлттэй, эрч хүчтэй ардчилсан улс орон болон шилжиж чадсан.

– Монгол Улс бүс нутагтаа сонгуулийн онцгой, нээлттэй, шударга, өрсөлдөөнтэй тогтолцоог бүрдүүлсэн. Улс орон даяар иргэдийн цахим бүртгэлийг хийж, үндэсний хэмжээнд санал тоолох цахим машин ашиглаж байна. Бид санал хураалтын модон болон цаасан хайрцаг, хурууны бэхийг хэрэглээнээс халлаа. Цахим санал хураалтад иргэдийн оролцоо ч өндөр байна.

– Авлига том аюул хэвээр байна. Ил тод, няцашгүй, хатуу бодлого баримталсны үр дүнд Transparency International байгууллагын үзүүлэлтээр манай улсын авлигын индекс сүүлийн 5 жилийн хугацаанд гуравны нэгээр буурч чадсан. Энэхүү аюулын эсрэг бид үргэлжүүлэн тэмцэх болно.

– Монгол Улс нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоор дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэг болж байна. Бид хамгийн нээлттэй, олон ургальч, цензургүй хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ба цахим сүлжээ болон социал сүлжээ хэрэглэгчдийн тоо борооны дараахь мөөг шиг олширч байна. 3 сая гаруйхан иргэнтэй ч бараг тийм тооны сэтгүүлч ажиллаж байгаа мэт санагддаг. Шинэ технологи, ил тод байдал, олон нийтийн хяналт нь манай нийгмийг илүү эрүүл саруул болгож байна.

– Нээлттэй, шударга, иргэний төлөө гэсэн хууль эрх зүйн баримт бичгүүдийг батлах, хэрэгжүүлэх ажлыг хийж байна. Энэхүү үйл явц нь иргэдийн чанд хяналтын дор явагдаж байна. Шударга шүүхийн тогтолцоонд итгэх ард иргэдийн итгэл дахин сэргэж байна. Түүнчлэн бид иргэний оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тогтолцоог бүрдүүлж байна. Төсвийн ил тод байдлын тухай хууль буюу “Шилэн дансны хууль”-ийг баталж, олон нийтэд төсвийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнадаг хууль баталсныг сэтгэл ханамжтайгаар тэмдэглэх байна.

– Хүний хөгжлийн гол түлхүүр бол боловсрол. Хүний хөгжил нь эргээд улс орны хөгжлийн гол түлхүүр нь болдог. Манай хүн амын гуравны нэгээс дээш хувь нь сурч боловсрох үйл явцад оролцож байна. Манай боловсролын тогтолцоо нь сурагч төвтэй, тэдний практик үйл ажиллагаатай уялддаг. Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн суралцахад манай Засгийн газар сургалтын зардлыг хариуцах бодлогыг бид хэрэгжүүлдэг.

– Бид хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхид итгэдэг. Энэ асуудлаар Монгол Улс НҮБ-ын хүчтэй дэмжигч. Нийгмийг улам хөгжүүлэхийн төлөө бид орон нутгийн түвшинд ч, дэлхий нийтийн түвшинд ч нийтийн албанд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эмэгтэйчүүд илүү олноороо эрх мэдэлтэй болсноор бид улам нийцтэй, эвсэг болж, илүү бага сөргөлдөөн, илүү богино харууслыг мэдрэх болно.

Энэхүү хүчин зүтгэл эрх тэгш, ил тод, цогц, хариуцлагатай, үйл ажиллагаанд чиглэсэн удирдамжийг гаргаж, тогтвортой хөгжлийн замд чиглүүлэх болно. Үүний амжилтын тулгын чулуу нь ноён Дарга Таны удирдлага, чиглэлийн дор гаргасан “Үйл ажиллагааны шинэ амлалт” уриалга урагш хөтлөнө гэдэгт би итгэлтэй байна.

Ноён Дарга аа,

Шинэ зууны эхээр бүх нийтийг хамарсан цочирдом, шинэ сорилтуудтай дэлхий нийтээр нүүр тулаад байна.

Үй олноор хөнөөх зэвсгээс дэлхийн дулаарал

Хүний эрхийн зөрчлөөс хүмүүнлэгийн гамшиг

Аймшигт гэмт хэрэг, алан хядлагаас улс орны тусгаар тогтнолоо алдалт

Эрчим хүч, хоол хүнс, усны гачигдлаас эрх чөлөө, аюулгүй байдлын заналхийлэлтэй тулгарч байна.

Дэлхий нийтийг хамарсан сорилттой тулгарахад бид нэг л зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Том ч бай, жижиг ч бай, улс орон дан ганцаараа үүнийг шийдэж чадахгүй. Иймд бүх улс орон, бүх тоглогчдын уялдуулан зохицуулсан үйл ажиллагаа чухал шаардлагатай.

Хэрэв бид нэгдэж чадвал ямар ч соёл, иргэншилтэйгээсээ үл хамааран дэлхий нийтийн өмнө тулгарч буй аливаа сорилтыг давж чадна гэдэгт итгэлтэй байна. Парис хотноо удахгүй болох COP-21 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт нь олон улсын хүчин чармайлт, нэгдлийг сорих хамгийн эхний шалгуур байх болно.

Иймдээ ч эх дэлхий, экосистемийг өөрсдийнхөө болоод хойч ирээдүйнхээ төлөө хамгаалах нь яах аргагүй өнөөдрийн бидний үүрэг хариуцлага болж байна. Бид шударга байх ёстой. Улс орон, Засгийн газар бүр даян дэлхийн зорилтод өөрийн бололцоо, оногдох хариуцлагын түвшингээр хувь нэмрээ оруулах ёстой.

Ноён дарга аа,

Манай улсын хувьд даян дэлхийн сайн сайхны төлөө ямагт хүчин зүтгэж ирсэн. Тухайлбал:

Монголчууд бид бахархалтайгаар зүтгэж, энхийн үйлснээ хувь нэмрээ оруулсаар байх болно. Манай цэнхэр дуулгатнууд НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж байна. Өдгөө монголчууд бид мэргэжлийн ур чадвар, чанар чансаагаараа НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг илгээгч топ 20 орны тоонд орж байна. Энэ хугацаанд 14000 монгол энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь манай улсын хүн амтай харьцуулахад үлэмж тоо юм.

Бид өөрийн улсын шилжилтийн туршлага, эрх чөлөө, шударга ёс, хөгжлийн төлөөх туршлагаасаа бусадтай хуваалцахдаа ямагт бахдалтай байдаг. Ингэж гэмээнэ бидний ололт амжилт урт насалж, улам бүр бат бэх болж чадна. Монголчууд бид энэхүү эрмэлзэлдээ хөтлөгдөн бүс нутаг хийгээд түүнээс чинагш олон оронтой идэвхтэй хамтран ажиллаж байна.

Дэлхий нийтийн тогтвортой байдалд бид бусдын адил санаа тавьж ирсэн. Бид эх дэлхийгээ цөмийн зэвсгээс ангижруулах ёстой. Иймдээ ч сүүлийн 23 жилийн хугацаанд манай улс цөмийн зэвсгээс ангид статусаа баталгаажуулсаар ирсэн. Нэг улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөр нөгөө улсын энх тайван, аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэх учиргүй. Аливаа асуудлыг яриа хэлцээ, хамтын хүчээр шийдвэрлэхээс биш ганцаардуулах, хамтын нийгэмлэгээс тусгаарлах учиргүй.

Олон талт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь юу юунаас чухал. Тэр дундаа Азид. Монгол бол эвсэлд үл нэгдсэн улсын хувьд бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг түгээн дэлгэрүүлэх үйлснээ “үнэнч зууч” нь болж чаддаг. Бид Хельсинкийн яриа хэлцээтэй ижил төстэй “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г санаачлан эхлүүлээд байгаа.

Түүнчлэн “Азийн форум” хэмээх механизмыг эхлүүлээд байна. Азийн улс орнуудыг бүхэлд нь татан оролцуулах олон талт яриа хэлцээний цогц механизм зайлшгүй шаардлагатай. Улс орон бүр дэлхийн тавцанд ганц ганцаараа нүүр тулан барилдахаасаа илүүтэйгээр нэг нэгнийхээ өмнө үүрэг хүлээдэг. “Азийн форум” нь жижиг, том гэлтгүй Ази тив дэх тусгаар улс бүрийн эрх тэгш оролцоог хангаж, тэдний тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, тогтвортой хөгжлийн баталгааг бэхжүүлэх зорилготой механизм юм. Энэхүү үйл хэргийг дэмжиж, сонирхож буй бүх улс идэвхитэй оролцохыг урьж байна.

Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил амжилттай даргалсан. Харин өнөөдөр “Онлайн эрх чөлөө” эвслийг даргалж байна. Энэхүү чухал эвслийг даргалж буй Азийн анхны улс болж байна. Цахим ертөнцөд хүн бүр холбогдох боломжийг уриалж, улмаар Цахим эрх чөлөөний асуудлаарх бүх нийтийн конвенциийг гишүүн улс орон бүр дэмжин батлахыг энэ завшаанд уриалж байна. Цахим хувьсгалын төлөө ийн нэгдсэнээр хүн төрөлхтөнд хөгжил цэцэглэлийг авч ирэх нь гарцаагүй.

Монгол Улс нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Чухамдаа энэхүү бодлого, байр суурь нь Монгол Улсыг байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Манай дотоодын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүд угтаа төвийг сахих бодлоготой нийцэж байгаа юм. Иймд Та бүхнээс манай улсын энх тайванч, нээлттэй, төвийг сахисан, идэвхтэй гадаад бодлогын хүчин чармайлтыг ойлгож, дэмжихийг хүсч байна. Монгол Улсын байнга төвийг сахих статус нь бүс нутагт төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс саяхан Ази, Номхон далайн хүний эрхийн бага хурлыг зохион байгууллаа. Мөн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулган анх удаа манай улсад хуралдлаа. Хүний эрхийн мэргэжилтнүүд, Европын парламентчид үр ашигтай, амьд яриа өрнүүлж, санал бодлоо солилцлоо. Энэ нь нэг ёсондоо хүний эрхийн асуудлаар бидний хийж, гүйцэтгэсэн ажилтай газар дээр нь биечлэн танилцаж, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт, нээлттэй нийгмийг хэрхэн бүрдүүлж буйг ажиглах таатай боломж олгосон хэмээн найдаж байна.

Ирэх жил, саруудад бид олон улсын томоохон арга хэмжээг нийслэл хотноо зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээгээд байна. Эн тэргүүнд 2016 оны зун АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулна. Ази, Европын 53 орны төр, засгийн тэргүүн нар АСЕМ байгуулагдсаны 20 жилийн түүхэн ойгоор манай улсад чуулах тул тэднийг бид чин сэтгэлээсээ хүлээн авах болно..

Монгол Улс энх тайвны төлөөх санаачилгын дор энхийн зуучлагчийн үүргээ гүйцэтгэж, идэвхтэй, нээлттэй гадаад бодлогоо улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Манай улсын үүд хаалга үргэлж нээлттэй байж, бүс нутгийн хийгээд олон улсын асуудлаарх аливаа яриа хэлцээнд оролцох болно. Эрх чөлөө, шударга ёс, хөгжил цэцэглэлийн төлөөх хамтын үйлснээ бид үргэлж ханцуй шамлан ажиллахдаа таатай байх болно. Бид сурсан мэдсэнээ болон цааш сурч мэдэхээ бусадтай хуваалцахад үргэлж бэлэн байна.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаа нэр дэвшиж байгааг онцлон тэмдэглэмээр байна. НҮБ-ын Хүний эрхий зөвлөл нь хүний эрхийг дэлхийн дахинаа хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг бүхий байгууллага юм. Хүний эрхийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх олон улсын талбар нь болж, улмаар түүнийг эргүүлээд үндэсний бодлого болгоход чухал ач холбогдолтой зөвлөл юм. Монгол Улс хүний эрхийг дээдлэн, түгээн дэлгэрүүлэх үүргээ баталгаажуулахын сацуу ардчилсан, чөлөөт нийгэм рүү хэрхэн шилжсэн, авлигын эсрэг хэрэгжүүлсэн ажил, цаазын ялыг халсан зэрэг өөрсдийн туршлагаас хуваалцахыг хүсч байна. Ирэх 10 дугаар сард болох НҮБ-ын ХЭЗ-ийн сонгуульд Монгол Улсыг дэмжихийг гишүүн улс орон бүрээс хичээнгүйлэн хүсье.

Ноён Дарга аа,

Энх тайвныг дэлгэрүүлэх,

Хүний эрхийг дээдлэх,

Хүн бүрт хүрэлцээтэй нийгэм, эдийн засгийн цогц хөгжлийн төлөө байгуулсан НҮБ-ын үндсэн зорилтын төлөө бид бүгдээрээ хүч чармайлтаа дайчлах хэрэгтэй.

XXI зуунд ч гэсэн НҮБ-ын оролцоо хүн төрөлхтөн бидний зүрхэнд хэвээр байна гэдэгт итгэлтэй байна.

Арьс, өнгө, шашин шүтлэгээс үл хамааран, гагцхүү хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн шаардлагаар Байгууллагын чиг үүрэг, зорилго нь дахин шинэ утгаар бүрэлдэж, улам бүр төгөлдөржих учиртай.

Бид өнөөдөр илүү гэрэл гэгээтэй XXI зуунд амьдарч байгаа ч хүний эрх ноцтойгоор зөрчигдсөөр л байна. Хүнийг боолчилсон наймаа өнөөдөр ч байсаар байна.

Энэхүү хүндэт индэр дээрээс үг хэлсэн бусад төлөөлөгчдийн хамтаар НҮБ-ын өмнө тавьсан зорилгыг биелүүлж, бэрхшээл саадыг хамтын хүчээр шийдмэгээр даван туулахын төлөө өөрийн үг санааг ийнхүү нэгтгэж байна.

Үр өгөөж олох олон боломж байна.

Дэлхий нийтийн өмнө тулгараад буй асуудлыг шийдэх боломж, технологи, нөөц баялаг бид бүхэнд байгаа бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэнд анх удаагийнх юм.

Цэрэг, зэвсэглэлийн том үзэсгэлэн үзэх үед: “Дайны машин, үй олноор хөнөөх зэвсэгт ямар их хөрөнгө мөнгө, хүний оюун ухаан, цаг хугацаа орж байна вэ” гэж би өөрийн эрхгүй боддог юм. Ийм “хүчирхэг зэр зэвсэгийн үзүүлэнд” зарцуулсан хөрөнгө мөнгө, технологийн багахан хэсгийг ч болтугай өнөөдөр тулгараад буй бусад олон асуудлыг шийдэхэд ашигласан бол илүү өгөөжтэй байхсан гэж бодогдоно.

Нөгөөтэйгүүр бид бүхний мөрөн дээр буй бэрх сорилтыг шинэлэг, эрч хүчтэй, эрэмгий шийдлээр гэтлэн давах чадвартай, ухаалаг, орчин үеийн техникт гаршсан, эрч хүчтэй залуу хойч үе бидэнд байна. Эд бол бидний найдвар, бидний итгэл бөлгөө.

Ноён Дарга аа,

Жижиг, том бүх улс үндэстний эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь НҮБ-ын үндэс суурь юм.

НҮБ-ын талаар тодорхой үндэстэй шүүмжлэл байгааг бид бүгд мэднэ. Хэрэв НҮБ шинэ бодит байдалд тулгарч буй асуудлуудыг даван туулъя гэж байгаа бол зарим томоохон өөрчлөлтийг НҮБ-д хийх хэрэгтэй байна.

НҮБ нь дэлхийн хамгийн өргөн төлөөлөлтэй бөгөөд хамгийн чухал байгууллага хэвээр байна гэдгийг бид бүгд сайн мэднэ. Энэ бол дуу хоолойгоо илэрхийлэх, санал өгөх эрхтэй байх, хүн төрөлтний гэр бүлийн гишүүн нь байх явдал юм.

Гэвч бидэнд өрх гэрээ шударгаар засан төвхнүүлэх шинэчлэл хэрэгтэй байна.

Учир нь, НҮБ урьд өмнөхөөсөө илүү харилцан хамааралтай болоод байгаа.

Бид үйл ажиллагаагаа хойш тавих аваас нөхцөл байдал цаашид илүү хүнд, бэрх болох болно.

Өмнө хэлсэнчлэн, сүүлийн 70 жил хүн төрөлхтний хамгийн гайхамшигтай 70 жил байсан.

Иймд ирэх 70 жилийг ч мөн хүн төрөлхтний төлөөх гайхамшигтай 70 жил болгохын төлөө хамтдаа ажиллая.

Ноён дарга аа,

Хүн төрөлхтөн аливаа сорилттой нүүр тулгарахдаа хамгийн сайн арга замыг эрэлхийлдэгийг бид мэднэ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудтай тулгараад буй энэ цагт бид бүгд “хөгжиж” буй орнууд болоод байна. Яагаад гэвэл бид бүгд амжилтад хүрэх зорилттой тулгарч байна.

Энх тайван үгүй бол ирээдүй үгүй,

Тогтвортой байдал үгүй бол ертөнц үгүй,

Шударга ёс үгүй бол хүн төрөлхтөн үгүй гэдгийг бид бүгд мэднэ.

Ялалтын төлөө үргэлжлүүлэн тэмцье.

Манлайлагчид нь байцгаая.

Барианы зурвас дээр өөрсдийн тугаа мандуулцгаая.

Тэгээд энэ сайхан эх дэлхийнхээ хойч үед эдгээрийг бахархалтайгаар уламжилъя.

Анхаарал тавьсанд баярлалаа.



Categories
мэдээ нийгэм

АТГ-аас П.Дашийн талаар тодруулга гарган өгчээ

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн Пүрэвийн Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн тодруулгыг ЗГХЭГ-т гарган өгчээ.

П.Даш нь албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдон нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдсэн, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байна.

Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй этгээдийг нийтийн албанд томилох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болох тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан ажиллах талаар албан бичгийг Авлигатай тэмцэх газраас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгод хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

С вирусын шинжилгээг хийх эрхтэй арван эмнэлэг батламжаа авлаа

ХӨСҮТ-өөс элэгний С вирусын шинжилгээ хийх албан ёсны эрхтэй лабораториудыг зарлаж, батламжиллаа. Хепатит С вирусийн шинжилгээ хийх лабораторийн сонгон шалгаруулалтад нийт 18 байгууллага оролцсоноос 10 газрыг сонгож, батламжилсан байна.

Үүнд:

Элэгний төв

Грандмед

Интермед

Сонгдо эмнэлэг

Гялс анагаах ухааны төв

Хаппи веритас

Мед-аналитик

Онкоген

Стандлаб

Итгэл эрүүл мэндийн төв гэсэн 10 байгууллага багтжээ. Эдгээр эмнэлэг С вирусын шинжилгээ хийх эрхтэй албан ёсны батламжаа өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс гардан авлаа.

Categories
гадаад мэдээ

“Волксваген” 11 сая машинаа эргүүлэн татна

Хууль бус программ хангамжтай дизель тээврийн хэрэгслүүдийг шинэ программ хангамжаар тоноглох хүсэлтийг ирэх хэдэн өдрийн дотор манай компани хэрэглэгчдэдээ гаргана гэж Германы авто машин үйлдвэрлэгч “Волксваген” компанийн шинэ захирал Маттиас Мюллер хэллээ.

Хууль бус программ хангамжтай холбоотой дуулиан шуугиан бол манай компанийн түүхэн дэх хамгийн том хямрал гэж Мюллер компанийнхаа менежерүүдэд хэлээд, “Олон нийтийн итгэлийг буцааж олох нь маш чухал” гэжээ.

Утаа хэр зэрэг ялгаруулж байгааг шалгах сорилтыг давж гарахын тулд 11 сая орчим тээврийн хэрэгсэлд хуурамч программ хангамж суурилуулснаа “Волксваген” хүлээн зөвшөөрсөн юм.

Тус компани энэ хэргийг дотроо мөрдөн шалгаж байгаа аж. Германы хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, мөрдөн шалгалтын талаарх урьдчилсан тайланг өнөөдөр тус компанийн удирдах зөвлөлийн уулзалтын үеэр танилцуулах бололтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид нэг Монгол

“Өдрийн сонин” “УИХ-ын гишүүн бичиж байна” хэмээх шинэ булан нээлээ. Энд УИХ-ын гишүүд ямар ч сэдвээр бичиж, нийтлэх эрхтэй юм. Энэхүү булангийн салхийг Л.Эрдэнэчимэг гишүүн хагалж “М.Энхсайханы ажлын хэсэг Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвасан” тухай нийтлэлээ хэвлэсэн. Удаах буюу өнөөдрийн дугаарт С.Бямбацогт гишүүний “Бид нэг Монгол” нийтлэл гарлаа. Уг нийтлэлийг уншигчдадаа толилуулж байна.

Хэдэн өдрийн өмнө анхны цас унасан. Анхны цас унахад баярлаж догдолдог нь эртнээс байгаль дэлхийтэйгээ ээнэгшин шүтэлцэж амьдарч ирсэн нүүдэлчин монгол хүний араншин билээ. Гэвч энэ жилийн анхны цас тийм ч олон хүнийг баярлуулаагүй. Нийгэм, эдийн засгийн амьдрал бүүдгэр бараан урагшгүй, урамгүй явдлаар дүүрч нийтийн сэтгэл нэг л дүнсгэр өдрүүд үргэлжилж байгаа учраас байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг ч бишрэн магтах сөхөө бага байлаа. Монголчууд бид хоорондоо ойлголцохгүй, талцан хуваагдаж ирснийхээ горыг сүүлийн үед илүү ихээр амсч байна. Эв нэгдэлтэй, ойлголцолтой байхад намрын налгар өдрүүд шиг өнгөлөг гэгээлэг дүр зураг харагдаж байсан бол, эвдрэл талцлын үр дүнд хар цагаан зураг шиг бүүдгэр өдрүүд үргэлжлэх болов.

Анхны цас унахтай зэрэгцээд бичин жилийн зуд нүүрлэх болов уу, яадаг бол гэсэн зовнил малчдын сэтгэлийг чилээж, цалин хасна гэсэн Засгийн газрын мэдэгдэл олон хүнийг давхар хямраав. Энэ зунжин улстөржиж цаг алдсанаа гэнэт сэхээрсэн мэт “Улсын төсөв хүндэрсэн” гэдэг тайлбараар хачирлаж, “Нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэм” гэж Ерөнхий сайд маань Сангийн сайддаа үүрэг өгч байх юм. Уг нь дэлхий даяар хямдарч байгаа шатахууны үнийг Монголд ч бас бууруулах боломжтой ч төр засгийн буруугаас болж нүүрлэсэн хямралыг ард иргэдийн нуруунд үүрүүлж татвар, төлбөр нэмэх замаар давах гэж байгаа нь харамсалтай. Хэдхэн сарын өмнө татвар нэмэхгүй гэж амлаж байсан Ерөнхий сайдын маань энэ үйлдэл эргэлзээ төрүүлж байна. Монгол Улс маань бүхэлдээ хүндэрчээ. “Үүнээс илүү өвдөлт мэдэрнэ” гэж Ерөнхий сайд асан, одоогийн танхимын гишүүн нь сануулах нь бид улам л мухардаж, арга барагдаж байгааг илтгэнэ. Байдал үнэхээр хүнд болсныг дараахь үйл явдлууд нотолж байна. Айл өрхийн эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Үнийн нэмэгдэл иргэдийн амьжиргаанд хүндээр тусахаас гадна үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж тэр хэмжээгээр суурь зардал өсөх нөхцөлийг бүрдүүлэв. Тариа ногоогоо хурааж авахаас өмнө хүйт залгаж, урт зуны ган гачигтай хоршин гурил, ногооны хомсдол бий болох нь тодорхой болов. Тариагаа хурааж байгаа цөөн хэд нь га-гаас 10 хүрэхтэй үгүйтэй центнер ургац хурааж байна. Тариаланчдын сэтгэл гундуу, иргэд гурил, ногоогоо хавьгүй илүү үнээр авах нь гэсэн бухимдалтай явна. Бичин жилийн зуднаас урьтаж хэдэн малаа зарах гэсэн малчид ч өдөр нь биеэрээ, шөнө нь сэтгэлээрээ зовж байна. Мал үнэгүй болж, арьс нь чихрийн цаас шиг үнэлэгдэх ийм цаг ирнэ гэдгийг хэн урьдаас мэдэх билээ. Хямд мах идэх нь хотынхонд аятай ч Монгол орны экспортын хоёр дахь том салбар уналтад орсноор алдагдал нөхөхөөсөө илүүтэй эргээд нийслэлчүүдийн халааснаас хэд дахин үржүүлээд авчих болохоор малчдын амьжиргаа доройтох нь монголчуудын хэтэвчийг алсуураа торгох нь дамжиггүй. Дээрээс нь Улаанбаатарт суралцахаар ирсэн оюутан хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр нэмэгдэж орлогынх нь орой зардлынх нь ёроолоор шүргэхтэй үгүйтэй болов. Нэг оюутны сургалтын төлбөр 2.5-3.0 сая төгрөг, дээрээс нь дотуур байр, амьжиргааны зардлыг хамгийн багаар бодоход зургаан сая төгрөгөөр нэг жилийг барах нь. Хөнгөлж чөлөөлдөг байсан нийтийн тээврийнх нь үнэ ч нэмэгджээ. Хойч үеийнхний нурууг тэнийхээргүй болтол ачаа үүрүүллээ. Барилга барьсан компаниуд өрийн сүлжээнд нэрвэгдэж, хотоор нэг эзэнгүй барилгууд хүйтэн хөндий балгас мэт дүнсийх боллоо. Байр авах чадалтай, чинээтэй хүн байх нь бүү хэл байр авсан нэг нь банкны зээлээ төлөхдөө “мачийж” байна. Барилгын салбарынхны өр, байр зээлдэгчдийн өр банк санхүүгийн байгууллагыг хоёр талаас нь зулгааж, эдийн засаг царцанги хөшүүн байдалд орж, хэн ч шинээр бизнес эхлүүлэхээс зүрхшээм дүр төрх Монгол оронд хавтгайрлаа. Зах, дэлгүүрт лангуу түрээслэгчид түрээсээ төлж дийлэхгүй болж, лангуугаа нээж хоосон зогссоноос зарлага гаргалгүй гэртээ хэвтэхийг илүүд үзэх болов. Улсын ажлыг өөрийн болон өрийн хөрөнгөөр хийсэн компаниуд мөнгөө авч чадахгүй төрийн байгууллагын үүдийг сахин өдрийг өнгөрүүлэх болжээ. Хэдэн хүнийг цалинжуулж байгаа хувийн хэвшлийнхэн амь тариагаа барж байна.

Цалингаа залгуулж чадахгүй, өрөндөө баригдсан аж ахуйн нэгжүүдэд татварын шалгалт, төрийн дарамт улам хүндээр тусч амьсгаа авах зайгүй болтол нь бачууруулж байна. Байдал яагаад ийм болсныг бид бүгд мэднэ. Төрийн буруу бодлого, засаглалын хямралын хажуугаар дэлхийн зах зээл дэх түүхий эдийн уналт, мал, махны үнэгүйдэлт, ган гачиг. Монголыг дотроос нь сөхрүүлсэн хямрал дээр гадаад зах зээл сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Ийм үед Засгийн газар цаг аргацаасан, сайд нар сонгууль хүртэл тэсч үлдэх гэсэн, УИХ-ын гишүүд хөөргөн популизмаар дахиж сонгогдох гэсэн явуургүй сэтгэлтэй байвал бид хэдэн үеийнхнийхээ хөлс, цус, хөдөлмөр, зүтгэлээр бүтээн босгосон бүхнийг үнэ цэнгүй болгоно. “Итгэл” хэмээх үг гудамжинд хийсэх шаргал навчис шиг хөглөрөн тэнүүчилж, харц доогуур гундуухан алхах хүмүүсийн тоо улам олшрох боллоо.

Сонгууль дөхөх тусам дэвэргэн уур амьсгал ихэсдэг жамаар бид цаашаа явбал энэ УИХ хугацаанаасаа өмнө тамираа барж мэдэхээр байна. Цаашдаа нэгнээ үгүйсгэсэн, хүч түрсэн, үл ойлголцсон байдал үргэлжилж болохгүй. Бид улс үндэстнийхээ том эрх ашгийн төлөө ойлголцож, эв нэгдлийг хичээж ажиллах цаг болжээ. Энд манай танай нам, Засагт хамтарсан, хамтраагүй нь сонин биш. Гагцхүү том эрх ашиг, үндэсний зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэх сэтгэлзүй л чухал юм.

Нийгэм хямрах тусам эрүүл бус сэтгэлгээ давамгайлдаг. Бухимдаж талцаад хэн нь ч хожихоосоо өнгөрсөн. Бид нэг л гэр орон, хэл соёлтой. Хүний нутагт явахдаа гурилтай шөлөө санадаг, гуниглаж баярлахдаа төрийнхөө далбаанд мэхийдэг ард түмэн. Ардчилсан намын, Ардын намын Монгол орон гэж хаана ч, хэзээ ч байхгүй. Байлгах ч ёсгүй юм. Унавал хамтдаа л унана, урагшилбал хамтдаа л урагшилна. Тийм болохоор зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэж бэрхшээлийг хамтдаа даван туулах зүг чигээ олъё. Өрсөлдөгч, хамтрагч хэн нь ч бай ижилхэн Монгол эх орныхоо төлөө зүрх нь цохилдгийг ухамсарлаж нэгнээ хүндэтгэн урам, итгэлээ сэргээе. Хамтдаа энэ бүхний ард хэрхэн яаж эрчээ сунгаж, эвээ чангалж гарах вэ гэдгээ бодох цаг болжээ. Амны билгээс ашдын бэлгэ гэлцдэг. Гэхдээ өнөөдрийн бүүдгэр нийгмийн дүр зургийг сэтгэлдээ тээж явах бус ил тодоор илэн далангүй хэлэлцэн, шүүн тунгаацгаая. Нийгэмдээ гэрэл нэмье. Асуудлаа ярилцъя, ширээний ард ажил хэрэгчээр сууцгаая. Удахгүй эхлэх намрын чуулганыг нийгэмдээ гэрэл нэмсэн, ард иргэдээ итгэл найдвараар урамшуулсан түүхэн чуулган болоосой хэмээн хүсч, энэхүү санал санаачилгад нэгдэн нийлж, түгээн дэлгэрүүлэхийн төлөө ойлголцлыг, зөвшилцлийн замыг улс үндэстнээ аврах гарц гэдгийг ухамсарлая. Бид нэг л эх оронтой, Бид нэг монголчууд.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржийн үүрэг гүйцэтгэгчээр М.Болорыг томиллоо

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны есдүгээр сарын 28-ны өдрийн хурлаар Д.Ангарыг үүрэгт ажлаас чөлөөлж, М.Болорыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Мөнхсайханы Болор нь ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр ажлын гараагаа Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар эхэлсэн. Тус байгууллагад арав гаруй жил ажиллах хугацаандаа арилжааны банкуудын баланс, зээлийн тайлан, аймгуудын тайлан болон судалгааны бюллетень зэргийн ерөнхий загварчлалыг боловсруулж улс орон даяар хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөн Монгол улсын эдийн засгийн макро загвар, салбар хоорондын бүтэц зэрэг сэдвээр судалгааны ажил хэвлүүлсэн. 2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй” ХХК-г үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажилласан туршлагатай ажээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол-АНУ-Японы гурван талт анхдугаар уулзалт болов

Монгол-АНУ-Японы гурван талт анхдугаар уулзалт есдүгээр сарын 29-ний өдөр Нью-Йорк хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Д.Рассел, Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын ерөнхий захирал Ж.Ихара нар оролцов. Уулзалтын үеэр талууд олон улсын болон бүс нутгийн түвшинд гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, чиглэлийн талаар санал солилцлоо.

Ийнхүү Монгол-АНУ-Японы гурван талт уулзалт зохион байгуулсан нь манай улсын “гуравдагч хөрш” АНУ, Япон Улстай олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн интеграцид оролцох, нэгдмэл сонирхол бүхий асуудлаар олон улс, бүс нутгийн түвшинд явуулах үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох байнгын механизм бүрдүүлэх эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой үйл явдал болов.

Categories
мэдээ нийгэм

Америкийн худалдааны танхимын сарын ээлжит хуралд оролцов

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Монгол дахь Америкийн
худалдааны танхим (АмЧам)-ын сарын ээлжит хуралд оролцлоо.

http://resource.news.mn/politics/photo/2015/9/30/c5dc0732c1fbaff13e7cfa53a06c7361original.jpgГадаад, дотоодын 50 гаруй бизнесийн төлөөлөл
оролцсон тус хуралд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын 2015 оны
намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд, эрх зүйн шинэчлэл болон улс орны эдийн
засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараа хуралд оролцогчид
Монгол Улсын Их Хурлын даргаас сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан юм.

Монгол дахь Америкийн худалдааны танхим нь хоёр
орны худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх, Монголд АНУ-ын
хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Вашингтон дахь
Америкийн худалдааны танхим, Ази Номхон далайн бүсийн 28 ижил байгууллагатай
хамтран ажилладаг.

Монгол дахь Америкийн худалдааны танхимаас сар
бүр зохион байгуулдаг энэхүү хурлын үеэр бизнес эрхлэгчид шийдвэр гаргачидтай
уулзаж, бизнесийн орчинтой холбоотой асуудал, хөрөнгө оруулалтын талаар санал
солилцдог юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунбаатар: Эрүүгийн хуульд зарчмын өөрчлөлт хийх ёстой

МАХН-аас бүх аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулсан зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд МАХН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож байгаа аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар “Хүний эрх, улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр илтгэл тавьжээ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Өршөөлийн хуулийн хүрээнд 2000 шахам иргэн суллагдана. Улсын хэмжээнд шоронд хоригдож байгаа 8000 орчим иргэн бий. Тэдний 2000 шахам нь урьдчилан хорих төвд саатуулагдан, хоригдож байгаа иргэд бол үлдсэн 6000 нь шүүхээс ял сонсон хоригдож буй ажээ. Жилийнх нь зардал 40 тэрбум төгрөг болдог. Өршөөлийн хуулийг баталснаар 2000 шахам иргэн суллагдсанаар төсөвт суух зардал 20 орчим тэрбум төгрөгөөр буурах бололцоотой гэсэн мэдээллийг өгсөн байна.

Мөн Эрүүгийн хуульд эрх зүйн зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай. Ингэхгүй бол хүний эрхийн ноцтой зөрчлүүд буурахгүй байгаа. Гэмт хэрэг хийсэн хойно нь биш хийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аль ч шатны байгууллага ажиллахаа больсон. Үүнээс болж гэмт хэргийн зөрчил буурахаа больсон. Мөн зөрчилд хамаарахуйц хэргээр бусдыг шууд хорьдог. Нөгөө талдаа хоригдож байгаа иргэн нь эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алддаг. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил рүү оруулж байна гэдгийг Шадар сайд тодотгожээ.

Иймээс эрх баригчид өш хонзонгоо мартаад, урьдын явдлаа мартаад Эрүүгийн хуульд зарчмын өөрчлөлт хийх чиглэлд ажиллах ёстой гэжээ. Мөн тэрбээр авлигын хэргээр шоронд 40 гаруй хүн ял эдэлж байгаагийн дийлэнх нь нягтлан, нярав зэрэг албан тушаалынх байгааг онцолж, хамгийн том албан тушаалтай нь яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан. Намаар нь хөөж үзвэл 20 шахам нь МАН-ынх, 7-8 нь Ардчилсан намынх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Р.Жигжид: Шатахууны үнэ 60-150 төгрөгөөр буурсан

Уул уурхайн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ.

-ГАЦУУРТЫН ОРДОД 300 НИНЖА ДАЙРЧ ОРОН, НЭГ ХҮН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ-

Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах бичил уурхайн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцжээ. Тус төрийн бус байгууллага нь 400 гаруй гар аргаар алт олборлогчийг эгнээндээ нэгтгэж, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон байна. Гацууртын ордын тухайд УИХ-ын тогтоол гарч стратегийн ордод хамааруулсан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч дэмжлэг аваагүй учир үйл ажиллагаа нь зогсонги байдалд бий. Уул уурхайн сайдын хамтаар Түүх, археологийн болон Газар зүй, геологийн цэвдэг судлалын хүрээлэнгийн мэргэжлийн хүмүүс Гацууртын ордтой танилцсан байна. Холбогдох мэргэжилтнүүд түүх дурсгалын зүйлс, цэвдэгийн судалгааг дахин нягталж үзжээ. Энэ үеэр ордын ойр орчимд хууль бусаар ашигт малтмал олборлогчид цөөнгүй байсныг хэлэв. Гацууртын ордод энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө 300 гаруй хууль бус алт олборлогч дайран орж, нэг хүн шороонд дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Иймээс тус сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж нинжа нарыг орд газраас албадан гаргасан байна.


-ШАТАХУУНЫ ҮНЭ 60-150 ТӨГРӨГӨӨР БУУРСАН-

Монгол улсын хувьд шатахуунаа 100 хувь импортоор авдаг. 2013 оны 5-р сараас эхлэн түүхий газрын тосны дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр шатахуун импортлож байна. Тиймээс газрын тосны үнийн бууралттай холбоотойгоор импортлогдсон шатахууны гаалийн үнэ 2014 оны 8-р сараас эхлэн тонн тутамд 1011 ам.доллараас 517 ам.доллар болж буурсан. Шатахууны хэрэглэгчдэд хүрэх үнэ нь гаалийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг учир санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт зэргийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Цаашид үнийг тогтвортой байлгах ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

2015 оны эхэн үеэс баруун аймгуудад шатахууны үнэ 150 төгрөгөөр, Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуй нэгжүүдэд бөөнөөр борлуулагдаж байгаа шатахууны литр тутмын үнэ 300 төгрөгөөр буурч 1390 төгрөг орчим болсон. Мөн 9-р сарын байдлаар хотын захын дүүргүүд болон Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдад шатахууны үнэ литр тутамдаа 60 төгрөгөөр буураад байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд орон нутаг дахь шатахууны үнийг бууруулах боломж нь гааль, НӨАТ, онцгой албан татвараар зохицуулах хэлбэрээр хязгаарлагдаж байна.


-СЕРВЕРТ АЛДАА ГАРСАН НЬ ГАДНЫ ХАЛДЛАГА БАЙГААГҮЙ ГЭВ-

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхлэсэнээс хойш 490 тусгай зөвшөөрлийг шинээр олгожээ. ЭНэ сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан шалтгааныг тогтоохоор ТЕГ-ын харъяа Кибер аюулгүй байдлын газар, АМГ, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн шуурхай ажлын хэсэг хуралдаж, шалтгааныг тогтоосон. Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгээд кодод алдаа гарсан учраас системийн 2-р сервер унтарч, ассан гэсэн дүгнэлт гаргасан. Мөн хүний санаатай үйл ажиллагаа болон халдлагын шинжтэй зүйл байхгүй гэдгийг тогтоосон” гэсэн юм.