Categories
мэдээ улс-төр

МАН-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

УИХ-ын намрын чуулган маргааш буюу аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Ерөнхийдөө улс төр энэ зун амраагүй гэхэд болно. Тэгвэл улс төрд өрнөөд буй халуун сэдвээр МАН-ын дарга М.Энхболд “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө. Тэрбээр улс төрийн нөхцөл байдал, Засгийн газар, валютын ханш, МАН-ын гишүүд хэрхэн намаасаа орж, гарч байгаа талаар гээд олон сэдвийн хүрээнд илэн далангүй ярилцсан байна. Энэ тухай маргаашийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Нэг хувийн татвар нийслэлчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлөх тооцооллыг “Өдрийн сонин”-оос уншаарай

НИТХ-ын төлөөлөгчид хоёр өдрийн өмнө Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг баталсан билээ. Сүүлийн хэдэн өдөр иргэд энэ тухай л ярьж байна. Тэр хэрээр энэ татварын хувь хэмжээний талаар эргэлзэж байгаа юм. Тэгвэл “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас нэг хувийн татвараар нийслэл хичнээн төгрөг төвлөрүүлэх тухай тооцооллыг тольдох боломжтой. Жишээлбэл, Улаанбаатар хотын зочид буудлаар үйлчлүүлж, ресторанд хоол идсэнийхээ төлөө иргэн бүр нэг хувийн татвар төлнө. Ингээд тооцоолохоор наад зах нь 100 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрөхөөс харагдаж байгаа юм. Харин шийдвэр гаргагчид нэг хувийн татвараас жилдээ 13 тэрбум төгрөг бүрдүүлнэ гэж тооцоолжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 71 жолооч саатуулагдав

Энэ оны есдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 401 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 286 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 6 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс явган зорчигч 6, зорчигч нэг байжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал, СХД-ийн нутаг Зүүн салааны зам, Номуун дэлгүүрийн урд замд Х.Аванте маркийн авто машины жолооч Ё нь явган зорчигч 51 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна. Мөн Төв аймгийн Өндөр ширээт сумын Бүс уулын зүүн замд Пажеро маркийн О жолоочтой автомашин онхолдож зорчигч 72 настай эмэгтэй Д нас барж, 2 хүн гэмтжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

З.Энхболд: Монгол бараа Японы зах зээлд 120 гаруй сая худалдан авагчтай болно

Ирэх 11 дүгээр сараас Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж, Монголын 9000 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн Японы зах зээлд татваргүй гарах боломжтой болж байгаа. Иймд Монгол улсын зах зээл 120 гаруй сая худалдан авагчтай болно гэж УИХ-ын дарга З.Энхболд Америкийн худалдааны танхимын 50 гаруй гишүүн байгууллагад хандан хэллээ. УИХ-ын намрын ээлжит чуулган нээгдэх гэж байгаатай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд Монгол дахь Америкийн худалдааны танхимын сар тутмын уулзалтад оролцож, чуулганаар хэлэлцэх гол асуудлууд болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Намрын чуулганаар ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогыг тодорхойлохоос гадна “Тавантолгой”-ийн хэлэлцээрийн төсөл, Татварын шинэчлэл зэрэг асуудлууд хүлээгдэж байна. УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа мөн илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

“Утаагүй нийслэл-2015” марафон болно

“Цэвэр агаар-Эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдаж байгаа “Утаагүй нийслэл–2015” марафон гүйлтийн тэмцээн аравдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдана. Өглөөний 09:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах марафон гүйлтэд нийслэл хотын бүхий л иргэд оролцох боломжтой. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагын 500 гаруй ажилтан албан хаагчид оролцоно гэдгээ Эрүүл мэндийн яаманд мэдэгджээ.

Нийслэл хотын хөрсний болоод агаарын бохирдол олон улсын дунджаас 10 гаруй хувиар илүү гэсэн тоон судалгаа байгаа. Тиймээс нийслэлчүүддээ хандан “Цэвэр агаар-Эрүүл амьдрал”-ын төлөө биеийн тамир спортоор идэвхитэй хичээллэж өөртөө цаг зав гаргахыг Эрүүл мэнд спортын яамнаас уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулган маргааш нээлтээ хийнэ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган маргааш /2015.10.01/ 09.00 цагт нээлтээ хийнэ. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гарган, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон юм.

Намрын ээлжит чуулганы нээлтийн дараа Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Төсвийн тодотголтой холбоотойгоор яамдын дансыг хаажээ

Сангийн яам бүх яамны зарлагын дансыг нь хаажээ. Энэ нь удахгүй төсөвт тодотгол хийх гэж буйтай холбоотой юм байна. Төсвийн тодотголыг хийхээс өмнөхөн яамд болон бусад төрийн байгууллагын зарлагын дансыг хаадаг билээ. Энэ удаа ч мөн дээрх жишгээр ажилласан гэж Сангийн яамнаас мэдэгдэж байна.

Оны эхээр хийсэн төсвийн тодотгол үр дүнгүй болсон гэдгийг Сангийн сайд Б.Болор Ерөнхий сайдад өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Тодруулбал, төсвийн алдагдал энэ оны эхний найман сарын байдлаар 600 гаруй тэрбумд хүрсэн бөгөөд оны сүүл гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр төсөв тасарч магадгүй. Тиймээс даруй төсвийн тодотголыг хийх шаардлага үүсээд байгаа юм. Мөн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж өндөр албан тушаалтангуудын цалинг 30 хувиар хасах болон цалин, тэтгэврийг нэмэхгүй байхаар тогтоод байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлаас сэрэмжлүүлж байна

Өнгөрсөн шөнө Говь-Алтай, Архангай, Өмнөговь аймгийн зарим нутгаар 10-15 см цасан бүрхүүл тогтсон байна. Цаашид ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх тул алс замд гарахаар зэхэж байгаа иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангах хэрэгтэй. Мөн дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Бүсгүйг зэрлэгээр хүчирхийлсэн хэрэгт Баянчандмань сумын удирдлагуудаас гадна олон хүнийг сэжиглэн шалгаж байна

Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагууд хөдөө аж ахуйн мэргэжилтэн эмэгтэйгээ хүчирхийлж, онц ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан талаар мэдээлсэн. Албаны эх сурвалжийн сүүлд өгч буй мэдээллээр тус хэрэгт холбогдуулан сумын орлогч дарга Б.Ханбаатарыг цагдан хориод байгаа бол, Засаг даргын тамгын газрын дарга н.Ариунболдыг давхар шалгаж буй ажээ. Мөн сумын Засаг дарга болоод зарим нэг хүмүүсээс тус хэрэгт холбоотой эсэх талаар мэдүүлэг аваад байгаа юм байна. Мөн хэрэгт сэжиглэгдэж буй зарим хүмүүсийг шаардлагатай тохиолдолд цагдан хорино гэсэн юм. Тэгэхээр тус хэрэгт олон хүнийг сэжиглэн шалгаж байгаа бололтой.

Учир нь хэрэг гардаг өдөр буюу энэ сарын 24-ны өдөр хохирогч бүсгүй Х-г хуралд сууж байхад малын гоц халдварт өвчин гарлаа. Хүрээд ир хэмээн сумын орлогч дарга Б.Ханбаатар, Засаг даргын тамгын газрын дарга н.Ариунболд нар дуудсан байдаг. Гэвч тэд бүсгүйг худлаа хэлэн хурлаас гаргаж улмаар унаганы найранд дагуулан явсан байна. Унаганы найранд дарга нараа дагаж явсан бүсгүй, тухай өдрийн шөнө хүчиндүүлж, зодуулсан ухаан алдсан байдалтай, Б.Ханбаатар гэгчийн машины хажууд хэвтэж байсныг н.Ариунболдын жолооч олж эмнэлэгт хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

”Алдар”-ын тамирчид цэргийн дэлхийн аваргад оролцоно

СИЗМ буюу Дэлхийн цэргийн спортын байгууллагаас зохион байгуулдаг Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д зохион байгуулагдах гэж байна. Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж дууслаа. Ингэхдээ “Алдар” спорт хорооны 70 гаруй тамирчид спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Тодруулбал, байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуйн төрлөөр оролцох юм. Маргааш эх орноосоо мордох тамирчдад амжилт хүсч, үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр “Алдар” спорт хорооны зааланд боллоо. Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тамирчдад хандаж хэлсэн үгэндээ “Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн цэргийн спортын холбооноос 4 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тоглолт нь 1992 оноос эхлэн явагдаж ирсэн түүхтэй. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь 60 гаруй жилийнхээ түүхэнд олон зуун шилдэг тамирчдыг бэлтгэснээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат Дасгалжуулагч, гавьяат Тамирчин, олон улсын хэмжээний мастер, үндэсний бөхийн аварга, арслан гэх мэт 800 гаруй спортын алдартнуудыг төрүүлэн гаргасан Монгол Улсын биеийн тамир, спортын тэргүүлэх байгууллага юм. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох “Алдар” спорт хорооны баг тамирчиддаа спортын өндөр амжилт гаргаж, Монгол улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд цуурайтуулахыг хүсэн ерөөе” гэсэн. Харин тамирчдыг төлөөлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа “Бид бүхэн энэ нэр хүндтэй тэмцээнд эх орныхоо нэрийг өндөр өргөхийн төлөө хичээн зүтгэнэ. Эх орноо батлан хамгаалах үйлсэд гар бие оролцож чаддаггүй ч, эх орныхоо нэрийг дэлхийн давцанаа цуурайтуулах бидний хүсэл зорилго юм” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад, манай Зэвсэгт хүчний спортын байгууллага 1992 онд Бээжинд болсон СИЗМ-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож СИЗМ-д жинхэнэ гишүүнээр элссэн байдаг. Зах зээлийн эхэн үеийн хүндрэл бэрхшээлийн явцад татвараа төлөөгүй учир 1999 оноос сул гишүүнээр бүртгэгдэж явсныг 2012 онд дахин жинхэлж чадсан юм. Төлөөгүй татварыг тэглэх, цэргийн тамирчдыг энэ тэмцээнд оролцуулах алхмыг Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тухайн үедээ ажил хэрэг болгож чадсан байдаг юм.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Бээжин-2008 зуны олимпийн их наадмын мөнгөн медальт, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний багийн алт, мөнгөн медальт Монголын Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Монгол Улсын Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд нарын тэргүүтэй тамирчид оролцоно.