Categories
мэдээ нийгэм

Зарлан мэдээллийн дохиогоор сэрэмжлүүлэг хүргэлээ

Онцгой байдлын Ерөнхий газраас Зарлан мэдээллийн дохиогоор нийт иргэд, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэлээ.

Өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 1-ны өдөр усархаг бороо үргэлжлэн орох тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Жил бүр улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван өдрийн дотор зургаан хүн мансуурч эмнэлэгт хүргэгджээ

Хар тамхины хэрэглээ дэлхий нийтийг хамарч байхад манай улсад энэ төрлийн гэмт хэрэг сураггүй байсан үе тун саяхан. Гаднын иргэд хар тамхи хэрэглэсэн, мансуурсан гэсэн мэдээлэл дуулж байснаас өөрийн оронд ийм хэрэг гарлаа гэж дуулаагүй байсан монголчуудын дунд 2000-аад оны эхээр л энэ тухай яригдаж эхэлсэн. Эхэндээ манай улсын иргэд гаднынханд хууртан, тээвэрлэгч болж байгаа тухай ярьж эхэлсэн бол сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх хандлагатай болж, үүнд насанд хүрээгүй хүүхдүүд ч татагдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа.

Тэр дундаа олны танил хүмүүс эл “хар хор”-ыг ихээр сонирхох болж, торны цаана суусан нь ч бий. Түүнчлэн манай улсын иргэд хилийн чанадад хар тамхи мансууруулах бодисыг санаатай болон санамсаргүйгээр тээвэрлэн, ял зэм хүртэх тохиолдол өдгөө ч гарсаар байна.

Хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл буюу мөсөн чихрийг оруулж ирэн залуучуудад зардаг нь ил болоод байгаа. Баримлын шавар, эсвэл ногоон замаска хэлбэрээр худалдаалах нь ч бий. Мөн хүнд хэлбэрийн хар тамхины төрлийн зүйлүүд ч Монголын хилээр нэвтэрсэн тохиолдол илэрсээр байгаа билээ.

Судалгаагаар хар тамхины төрлийн бодисыг хэрэглэж байгаа залуусын дийлэнх нь 17-20 гаруй насныхан байж болзошгүй байдал ажиглагдаж байгаа гэдгийг албаныхан хэлж байсан.

Хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдүүддээ ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй байна. Миний хүү насанд хүрчихсэн, бие даасан гээд хүүхдээ орхисон байхад хүүхэд тань архи дарс үнэртүүлэлгүйгээр ямар нэгэн байдлаар мансуурсан байх тохиолдол бий. Хэрвээ ийм тохиолдол гарвал мэргэжлийн эмчид болон цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх шаардлагатай. Дээрээс нь баар, цэнгээний газар ажиллуулж байгаа иргэд тухайн газрынхаа үйлчлүүлэгч, барменийг ч мөн сайтар хянаж байх шаардлагатай байна.

Ер нь хар тамхийг байнгын хэрэглээгээ болгочихсон, энэ төрлийн бодисын хүнд хэлбэрийг хэрэглэдэг иргэд ч байдаг аж. Тэгэхээр манай улсынхувьд хар тамхины хэрэглээ аюултай байдалд хүрсэн гэж ойлгож болно. Ялангуяа идэр насны залуучууд хар тамхи хэрэглэх, мансуурах сонирхол нэлээд давамгайлах хандлагатай болсон байна.

Хамгийн сүүлд л гэхэд долдугаар сарын 27, 28, 29 гурван өдөр дараалан мансуурсан хэрэг гарчээ. Тодруулбал, 27-ны өдөр 21 настай эрэгтэй Б гэгч гэртээ, 28-ны өдөр 30 настай эрэгтэй Б, 32 настай эрэгтэй Н, 28 настай эрэгтэй М нар мансуурч эмнэлэгт хүргэгдсэн, 29-ны өдөр 20 настай эрэгтэй Э, А нар эмнэлэгийн хашаанд мансуурч байгаад тус тус цагдаагийн байгууллагад баригдан шалгагдаж байна.

Тэд цавуу үнэрлэх, өвс ургамал татах зэргээр тодорхой хэмжээгээр мансуурсан байна: Үүнээс гадна хар тамхи хэрэглэдэг хүмүүс насанд хүрээгүй, ялангуяа арван жилийн хүүхдүүдийг уруу татах, тэдэнд мансуурахыг санал болгосон тохиолдол ч бүртгэгдэн, шалгагдаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Монголын баг шийдвэрлэх нислэгүүдээ хийж байна

Чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монголын баг мөнгөн медаль авлаа. Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ий үндсэн гурван төрлийн сүүлийнх болох хугацаат нислэг буюу F1C ангилалын тэмцээн өчигдөр болж, багийн дүнгээр БНХАУ 3951 оноогоор түрүүлж, Монгол 3873, Их Британи 3872 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Энэ ангилалд 19 орны 47 тамирчин өрсөлдсөнөөс 19 нь эхний 7 нислэгийг амжилттай хийж, финалд өрсөлдөх эрхийг авсан. Манай тамирчдаас ОУХМ Э.Эрдэнэбат финалд өрсөлдөх эрхийг авсан бөгөөд шийдвэрлэх нислэгүүд өнөө өглөө 09.00 цагт болсон бөгөөд дүгнэлт хараахан ил гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлнэ

Энэ сарын 5-ны лхагва гарагаас эхлэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажил гурав хоногийн турш үргэлжлэх юм байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд болох энэхүү бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-ноос 1997 оны наймдугаар сарын 5-ний хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой ажээ.

Мөн Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангасан байх ёстой юм байна.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах аж.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой юм байна.solongos

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх хүүхэд улсын сургуулийн босго алхвал хувийн сургуулиуд элсэгчгүй болж магадгүй нь

-Их дээд сургуульд яамнаас өгсөн элсэгчдийн квот дунд сургууль төгсөгчдийн тооноос давжээ-

Өнгөрсөн хавар анхны арванхоёрдугаар ангиуд төгсөлтөө хийсэн. Монголын их, дээд сургуулиудын консорциумын Орон нутгийн элсэлт зохион байгуулах төв комиссын нарийн бичгийн дарга Б.Буянзаяагийн хэлж буйгаар бол Ерөнхий боловсролын сургуулийг өнөө жил 19 мянга гаруй хүүхэд төгссөн байна. Өмнөх жилүүдээс хоёр дахин багассан гэсэн үг. Энэ тоо өдгөө үйл ажиллагаа явуулж буй 91 их, дээд сургуульд хүндрэлтэй байдал үүсгэх нь нэгэнт тодорхой болжээ.

Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд үүргийнхээ дагуу өнгөрсөн зургадугаар сарын 5-нд А/210 тушаал гарган их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх хяналтын тоог зааж өгсөн байна. Хяналтын тоонд дурдсанаар бол энэ хичээлийн жилд Батлан хамгаалахын их сургууль 270, МУБИС 2500, МУИС 3500, СУИС 1000, Ховд их сургууль 350, ХААИС 1600, ХААИС-ын Дархан салбар 200, ХСИС 435, ШУТИС 3980, АШУҮИС 1400, Тээврийн дээд сургууль 250 оюутан нэгдүгээр курсдээ элсүүлж суралцуулна. Энэ хэд нийлээд л 15485 оюутан элсүүлэх боломжтой аж. Тэднээс гадна хувийн хэвшлийн томоохон их сургуулиуд ч бий. Тухайлбал, “Их засаг” их сургууль 900, “Монголын Үндэсний их сургууль” 900, “Этүгэн” их сургууль 700 оюутан элсүүлэх хяналтын тоо батлуулаад авчээ. Гэвч Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог нэмэгдүүлснээс үүдэн төгсөгч бүр сургуульд элсэх боломжгүй болсон. Элслээ ч үндэсний тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах аргагүй гэдгийг салбарын яамнаас мэдээлж байлаа. Тийм болохоор сургууль, оюутан аль аль нь үүнээс тойрно. Хожим гарах хэл ам, хохирол бэрхшээл их.

Дээр дурдсан арав гаруй сургуулийн элсэлт гэхэд энэ жилийн төгсөгчдийн тооноос давжээ. Ер нь тэгээд “Улсын сургууль бараадвал дараа нь ажилд ороход хялбар шүү дээ” гэж хэлэх хүн олон байдаг. Тиймээс өнөө жилийн төгсөгчдийг төрийн өмчийн сургуулиуд хуу хамах болов уу. Албаны хүний мэдээлж буйгаар бол төрийн болон хувийн өмчийн 48 их, дээд сургуульд орон нутаг, Налайх дүүргээс 11500 оюутан элсүүлэх хуваарьтай аж. Харин өчигдрийн байдлаар МУИС-д элсэгчдийн тоог оруулахгүй тооцоход 5500 орчим оюутан элсээд байгаа гэнэ. ШУТИС-д 1700, ХААИС-д 830, АШУҮИС-д мөн 1500 орчим оюутан элсээд байгаа гэнэ. Энэ байдлаар төгсөгчид улсын сургуульд хуваагдаад орчих нь байна. Хэрэв ингэвэл үйл ажиллагаа явуулж буй олон арван хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд элсэлтгүй болох юм.

Энэ талаар сонирхохоор зарим хувийн хэвшлийн сургуулиудаар орлоо. Ер нь бол жил бүрийн өдийд сургуулиуд элсэлтээ эд авч, байрных нь гадна аав, ээжээ дагасан хүүхдүүд багширдаг. Гэвч өчигдрийн байдлаар сургуулиуд дүнсгэр, хоосон угтсан юм. “Улаанбаатар их сургууль” гэхэд элсэлтийн бүртгэл хийж байгаа зарлал үүдэндээ хадсан боловч дотор нь бүртгэлийн хүнгүй эл хуль байх аж. Үүдний жижүүр нь “Өнөөдөр хүмүүс амарч байгаа. Маргаашнаас ирээд бүртгүүлж болно” гэв. БЗД-ийн Сансар орчмоор байрлалтай “Зохиомж”, “Засагт хан” дээд сургуулиудаар орох гэсэн боловч үүдээ дангинатал түгжжээ. Зарим сургуулийн захиралтай холбогдоход “Энэ жил элсэлтгүй шахуу л байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч оюутан бүрээ тэтгэлэгтэй, төгсөөд ажлын байртай болгох талаар хөөцөлдөж байгаад элсэгч татах төлөвлөгөөтэй байна. Тэгэхгүй бол элсэлт авч чадахгүй болчихсон шүү дээ” гэсэн юм.

“Их засаг их сургууль”, “Монголын үндэсний их сургууль”, “Мандах бүртгэл”, “Этүгэн”, “Шихихутаг” зэрэг томоохон хувийн сургуулиуд л цөөн тооны элсэгчтэй байгаа аж. “Их засаг” их сургууль байрандаа болон онлайнаар элсэлт авч байв. Ажилтнууд нь “Удирдлагууд гадагшаа явсан тул хичнээн элсэгч бүртгүүлээд байгаа талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэж байлаа. Гэвч III, IV курсийн оюутнууд гэх хэсэг хүмүүсийг эс тооцвол хөл хөдөлгөөн багатай харагдана лээ. “Монголын үндэсний их сургууль” мөн л хөл хөдөлгөөн багатай байлаа. Дараа дараагаар орсон сургуулиуд бүгд л эл хуль байсан юм.

Сургуулийнх нь нэр хүндэд нөлөөлөх учраас нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжаас дараахь тодруулгыг авлаа.

-Танай сургууль хичнээн элсэгч бүртгээд байна?

-20 элсэгч бүртгүүлсэн.

-Нэмэлт элсэлт авах уу?

-Ирэх сарын 1-нээс авна.

-Элсэлт ер нь ямар байна вэ?

-Бага байна. Өмнө нь манай сургууль жилд дунджаар 300 гаруй оюутан шинээр элсүүлж авдаг байсан. Одоо чухам яахыг мэдэхгүй байна.

-Танайх хичнээн багш, ажилтантай вэ?

-30 гаруй багш, ажилтантай.

-Тэгэхээр тэр олон хүн ажилгүй болох нь ээ?

-Би мэдэхгүй. Өмнөх жилүүдийн оюутнууддаа л хичээлээ орох байх даа. Үнэхээр нэмэлт элсэлтээр өөрчлөлт орохгүй бол хэцүүхэн л ирээдүй хүлээж байгаа байх.

-Элсэлтээ нэмэгдүүлэхийн тулд ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?

-Телевиз, сонин зэргээр суртчилгаа явуулж, төлбөрийн тал дээр олон хөнгөлөлт зарласан. Аль нэг хичээлээр улсын хэмжээний олимпиадад шагналт байранд орсон бол эхний жилийн сургалтын төлбөрийг 50-100 хувь, Ерөнхий шалгалтын оноо 600-с дээш тохиолдолд дөрвөн жил төлбөрийн 20 хувийг хөнгөлөх, цэргийн алба хаасан бол сургалтын төлбөрийн 30 хувийг хөнгөлөх зэрэг олон хөнгөлөлт урамшуулал зарласан байгаа гэсэн хариултыг өглөө. Ерөнхийдөө энэ бэрхшээл зөвхөн хувийн сургуулиудад тулгарч байгаа бололтой. Төрийн өмчийн их сургуулиудаас тодруулахад элсэгчдийн тоо өмнөхөөсөө бараг өөрчлөгдөөгүй гэж байлаа.

Ж.Баярсайхан

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Л.Цандэлэг намайг авлига авсан гэсэн. Тэгэхээр нь би өөрийгөө шалгуулах гээд АТГ-т өгсөн юм

Хүнс, хөдөө
аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцов. Тэрбээр сэтгүүлч­дийн
сонирхсон асуултад хариулахаасаа өмнө салбарынхаа асууд­лаар дэлгэрэнгүй мэдээлэл
өглөө. Юун түрүүнд ургацын төлөв байдал, өвөлжилтөд хэрхэн бэлт­гэж байгааг онцолсон
юм.

“Мах гурилын үнийг
нэмэхгүй байх бодлого баримтална”

Өнөө жил 300 мянган га газарт улаан буудай тариалахаар
төлөвлөсөн байснаас 359 га газарт суулгасан байна. Зургадугаар сард хэт халалттай,
бороо­гүй, хуурай байснаас таримлын өсөлт зогсчээ. Урьд­чилсан байдлаар ургацын
дүн мэдээгээр 40-өөд хувийг алдах янзтай байна гэж Р.Бурмаа сайд дурдав. Дорнод,
Архангай, Өвөрхангайд нийт талбайн ургац хэвийн байгаа гэнэ. Тариалалтын нэлээд газар нутгийг хамардаг Сэлэнгэ
орчимд 65 орчим хувийн ургац авах урьдчилсан мэдээ байгаа бол 8-10 хувь нь уриншид
шилжих бололтой. Сүүлийн өдрүүдэд бороо хуртай
байгаа болохоор үлдсэн 30-аад хувьд нь тариаланчид найдвар тавьж буйгаа салбарын
яамдаа уламжилсан гэнэ. Төв аймгийн тухайд ургацын 60 орчим хувийг нь хураах тооцоо
гарчээ. Хамгийн хүнд байгаа нутаг нь Увс, Хэнтий аж. Хэнтийд 30 хувийн ургац авахаар
төлөв ажиглагджээ. Тус аймгийн Дадал, Норвилонд зуншлага сайн байгаа бол Хурах,
Биндэрт 80 хувийн ургац алдах аюул нүүрлэсэн байна.

Энэ жилээс буудайн
цавуулгийн хэмжээ сайжрах төлөвтэй байгаа гэнэ. Нийт 465 мянган тн улаан буудай
хурааж авахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 280 орчим мянган тн-ыг авах урьдчилсан
тооцоо хийсэн байна. Энэ өвөл хүндэрч болзошгүй учир хүнсний гол бүтээгдэхүүн болох
мах, гурилынхаа үнийг нэмэхгүй байх бодлогыг салбарын яам баримталж байгаа аж. Тиймээс
дотоодын хэрэглээгээ хангах, ирэх онд тариалан хийхэд үр хэлбэрээр ашиглах зорилгоор
150 мянган тонн буудай импортлох шаардлага гарчээ. Үүний хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг
ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болно гэж Р.Бурмаа сайд өгүүллээ.

Тариаланчдыг дэмжих
зорилгоор хөнгөлөлттэй үнээр тоног төхөөрөмж нийлүүлэх ажил зохион байгуулж байгааг
ч энд онцлов. Нийт 3000 гаруй бага оврын тракторыг урьдчилгаа төлбөргүй нийлүүлсэн
байна. Ингэснээр тариаланчдын техникийн чадвар таван хувиар, зүтгэх хүчний чадвар
найман хувиар өссөн гэлээ.

“МОНГОЛ УЛСЫН
БЭЛЧЭЭРИЙН ДААЦ 20 САЯ ТОЛГОЙ МАЛААР ХЭТЭРСЭН”

ХХААЯ-наас Бэлчээрийн
тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Монголын бэлчээрийн даац
20 сая малаар хэтэрчээ. Сэлэнгэ, Дархан, Төв, Архангай болон Өвөрхангай аймгуудад
бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн аж. Үүнийг малын хөлийн татвар зэргээр зохицуулах
хэрэгтэй. Ингэхгүй бол хөдөө аж ахуйн газар төрийн өмч гээд эзэнгүй орхих тохиолдол
байна. Бэлчээрийн газрыг хамгаалах асуудал нь БОНХАЖЯ, бүртгэх нь Хот байгуулалт,
хяналт нь Шадар сайд дээр байдаг. Мөн хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг Уул уурхайн яам
шийддэг. Энэ мэт олон салбарт хамааралтай тул хөдөө аж ахуйн газрыг хамгаалах ажил
цалгардаад байна. Тиймээс Бэлчээрийн тухай хуулиар энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ
гэдгийг Р.Бурмаа сайд хэллээ. Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад
хариулав.

-Дорнод аймагт
рапс их хэмжээгээр тариалж байгаа гэж орон нутгийн иргэдээс мэдээлж байна. Хөрсөнд
муугаар нөлөөлдөг гэсэн шүүмжлэл дагуулдаг энэ ургамлын тариалалтад яамны зүгээс
ямар бодлого барьж байгаа вэ?

-Рапсын тухайд бол
нийт талбайн 15 хувиас илүүгүй байх гэсэн бодлоготой. Гол шаардлага бол стандартын
дагуу, Монголд хүлээн зөвшөөрөгдсөн үрээр тарих ёстой. Гэтэл нууцаар оруулж ирж,
зөвшөөрөлгүй үрээр рапс тарьж байна гэсэн мэдээллүүд байгаад байгаа. Тиймээс бид
үүнийг зөвхөн зөвшөөрөгдсөн үрээр сэлгээнд тарина. Хэрэв жил дараалан тариад байвал
хөрсөнд халтай. Зөвхөн зөвшөөрөгдсөн хэмжээг зааж өгч байгаа. Цаашид рапсын тариалалт
дээр дотоодын ургамлын тосны үйлдвэрт нийлүүлэхэд зориулж, үндэсний үйлдвэрлэлээ
дэмжье гэж байгаа. Тэрнээс гадагшаа экспортлохын тулд тариалах асуудалд хязгаарлах бодлоготой ажиллаж байгаа.

-Өнөө жил их хэмжээний
ургац алдах нь тодорхой болсон мэдээллийг та сая өглөө. Тав, зургадугаар сарын цаг
агаарын дүн мэдээ зөрсөн гэлээ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Цаг уурын мэдээ бол
урьдчилсан мэдээ байдлаар гардаг. Тэгэхээр урьдчилсан мэдээгээс гадна үечлэл, цаг
уурын нөхцөл байдал, бусад улс оронд гарч байгаа дүн мэдээ зэрэг олон талыг харгалзан
үзнэ. Бас газар дээр нь шуурхай авч ажиллах хэрэгтэй. Хэн нэгэнд хариуцлага тооцъё
гэхээс илүүтэй хэрхэн яаж сайжруулах вэ гэдэгт анхаарч ажиллах нь зүйтэй.

-Ноосны урамшуулал
зөвхөн энэ жилдээ хэрэгжих үү?

-Хуульд хоршоог дэмжсэн
бодлого байгаа. Энэ жилдээ өвөлжилт хүндрэхтэй холбогдуулан хоршооны гишүүн гэлгүйгээр
ноосны урамшууллын мөнгийг олгоё гэж байгаа. Малаа эргэлтэд оруулж, малчнаа дэмжсэн
бодлого явуулна. Хоршооны гишүүн байж заавал урамшуулал авна гэдэг нь учир дутагдалтай
гэсэн хуулийн заалтыг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцээд хуульд өөрчлөлт оруулахаар
төсөл өргөн барьсан байна лээ. Тэрийг даруй шийдээд өөрчлөлт оруулах юм бол хуулийнхаа
дагуу явна.

-Өнөө жил ургацаа
80 хувь алдана гэсэн мэдээлэл гарснаар гурилын үйлдвэрүүд нэг кг тутамдаа
80-100 төгрөг нэмчихлээ. Тэгэхээр цаашдаа гурилын үйлдвэрүүд үнэ нэмбэл яах вэ?

-Ургац алдана гэдэг
яриаг ямар нэгэн албан ёсны мэдээ дүн гараагүй байхад хариуцлагагүйгээр тараасан.
Нийт тариаланч биш хоёр, гуравхан хүн ийм мэдээлэл тарааснаар гурилын үнэ нэмэгдсэн.
Эргээд гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэс рүү түлхэж байна. Тэгэхээр ургацын
мэдээ бол наймдугаар сарын 25-нд гарна. Жилд нийт 350 мянган тн улаан буудай хэрэглэнэ
гэвэл тэрний 200-230 тн-ыг дотоодынхоо хэрэгцээнээс хангах нь ээ. Цаана нь дутагдаж
байгаа үрэн буудайтайгаа нийлээд 150 мянган тн-ын нөөц хэрэгтэй.

-Тэгэхээр гадаадаас
150 мянган тн улаан буудай авна гэсэн үг үү?

-Эхлээд нөөцийнхөө
мөнгийг бэлдэж байна. Тэгээд дотоодоосоо наймдугаар сарын 25 гэхэд багцаа харна.
Аль болох хүнсэнд нийцэхийг нь ялгаж авна. Эндээс гурилын үйлдвэрийнхэн ч авна.
Малын тэжээлд очиж байгаа хэсэгт нь дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. Бүр уринш болсон
бол тариаланчдын ургацаа алдсан хувь хэмжээнд нь тохируулан зээлийг нь хойшлуулах
байдлаар дэмжлэг үзүүлнэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас бага хувийн урьдчилгаа
төлөөд зээл авчихсан тариаланчид бий. Энэ ажлыг амаар явуулахгүй. Үнэхээр ургацаа
алдаж уу гэдэг тооцоогоор дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол нь өвөл хүндэрч байгаа нөхцөлд
мах, гурилынхаа үнийг барина. Тиймээс хэн нэгний цуу үгэнд итгэж, үүний дагуу үнэ
хөөрөгдсөн бодлого байж болохгүй.

-Гурил үйлдвэрлэгчид
тариаланчдынхаа улаан буудайг чанаргүй гээд голдог асуудал гардаг. Үүнээс болж маргаан
үүсэх нь элбэг. Та дээр гурил, махны үнийг өсгөхгүй байх бодлого баримтална гэлээ.
Хэрэв гадаадаас улаан буудай импортолбол гурилын үнэ өсөх юм биш үү?

-Хамгийн их хэл ам
хийгээд байгаа хүмүүсийн улаан буудай дээр очоод үзэхээр 19 хувийн цавуулагтай гэдэг
дүн мэдээ гарсан. Тухайлбал, Л.Цандэлэгийн компани байна. Уг нь цавуулгийн хэмжээ
23 хувиас илүү байвал хүнсний үйлдвэрт тэнцэнэ. Тэгсэн атлаа “Миний буудайг гурилын
үйлдвэр авахгүй байна” гээд зарга хийдэг. Цаад гурилын үйлдвэр нь яаж авах вэ дээ.
Цавуулгийн асуудлын маргааныг сайн талаас нь харж байна. Энэ цавуулгийг сайжруулахын
тулд тариаланчдадаа ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа. Гангийн
асуудалтай холбоотойгоор хүнсэнд нийцэхгүй буудайгаа малын бэлчээр хэцүүдсэн газруудад
тарааж, татварынх нь хөнгөлөлтийг өгье гэсэн зохицуулалтыг хийгээд явж байна. Үнэ
тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл авсан гурилын үйлдвэрүүд маань нэгдүгээр
гурилыг 850 төгрөгөөс дээш гаргахгүй гэсэн. Сая үнэ тогтворжуулах хөтөлбөрт оролцоогүй
зарим компани ургац алдах сургаар гурилын үнийг 80-100 төгрөгөөр нэмсэн явдал бий.

-Импортоор улаан
буудай авна гэлээ. Хоёр хөршийн хувьд ургацаа 20-30 хувь алдсан гэж байна шүү дээ.
Өөр ямар улс орноос импортын буудай авахаар судалж байгаа вэ?

-Хоёр хөршөөс гадна
ургац сайн авсан улсуудтай эртнээс гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Цагийг нь
тулгавал улаан буудайн үнэ өснө. Тиймээс наймдугаар сарын 25-нд хэдэн хувийн улаан
буудай хурааж, хэдэн хувийг нь нөөцлөх шаардлага гарах вэ гэдэг дүн мэдээ гарна.
Юутай ч тэрнээс өмнө хүн хүч, хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг болоод өвөлжилтөд бусад
яамдтайгаа хамтарч бэлтгээд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Монголын үр тариа
эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгийг та яг ямар үндэслэлээр
шүүхэд өгсөн юм бэ. “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө
салбарын сайд шүүхэд хандчихлаа” гэсэн тайлбарыг өгөөд байгаа?

-Л.Цандэлэг “Сошиалаар
мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлсний төлөө намайг цагдаад өглөө” гэдэг тайлбар өгч
байна. Тийм зүйл байхгүй. Миний хувьд хувийн фэйсбүүк, твиттер хуудасгүй. Албан
ажлынхаа мэдээллийг олон түмэнд хүргэхэд л зориулсан фэйбүүк, твиттертэй. Тэнд албан
ёсны мэдээлэл гаргадаг. Би хувьдаа сошиал сүлжээ мэдээллийг хурдан, шуурхай харилцан
бие биедээ хүргэдэг хэрэгсэл гэж ойлгодог. Тиймээс фэйсбүүк, твиттерт ярьж байгаа
асуудалд хариу тайлбар гаргах, шүүмжлэлтэй эсэргүүцэх зүйл гаргадаггүй. Хүн хүнээ
элдвээр доромжилж, гүтгэлэг, эвлүүлэг хийх зэрэг байдалд тэвчээртэй байгаа. Ямар
нэгэн гомдол гаргаагүй. Харин Л.Цандэлэг
”Асар их авлигыг импортын будаа оруулж ирэх явцдаа авлаа”, “Пуужингийн мөнгийг аваад
идчихэж”, “Халх голыг хятадуудад зарчихаж гэнэ” гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд, тэр дундаа өдөр тутмын сонинуудаар маш олон давталттайгаар гаргасан.
Би төрийн алба эрхэлж байгаа хүний хувьд маш их хүндэтгэлтэй ханддаг. Намайг асар
их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл гарсантай нь холбогдуулан өөрийгөө АТГ-д
шалгуулахаар өгсөн юм. Энэ дагуу АТГ шалгаад “Үндэслэлгүй мэдээлэл байна” гэж үзээд
гүтгэлэг хийсэн асуудлыг цагдаагийн газарт шилжүүлсэн. Би өөрөө ч тэнд очиж мэдүүлэг
өгч байгаа. Аливаа асуудал хууль эрх зүйт оронд амьдарч байгаа юм бол хуулийн дагуу
шийдэгдэх ёстой гэдэгт итгэдэг. Миний хувьд жирийн иргэн байхдаа хууль зөрчсөн байх
гэдэг мэдээллийн дагуу УИХ-ын болон СЕХ-ны даргыг хуулийн байгууллагаар шалгуулж
байсан. Жирийн иргэн миний талд шийдвэр гарч байсан. Тиймээс энэ асуудал хуулийн
дагуу шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. Би бол хэн нэгэн иргэнийг үзэл бодлоо илэрхийлснийх
нь төлөө хуулийн байгууллагад хандаагүй. Төрийн алба хашиж байгаа хүний хувьд албан
тушаалаа урвуулан ашигласан гэсэн мэдээллийн дагуу холбогдох газарт нь хандсан гэдгээ
дахин хэлье.

-Халх голд анхны
чөлөөт бүс байгуулахаар УИХ-ын тогтоолын төсөл гарсан. Хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах
вэ?

-Үүн дээр загвар аж
ахуй байгуулах чиглэл дээр олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн судалгааны
чиглэлийн ажлууд байдаг. Цаашид хичнээн га газарт тариалалт эрхлэх үү, зохистой
ямар техник, технологийг хэрэглэх үү гэдэг нарийвчилсан журмыг бид гаргаж мөрдүүлнэ.
Тэрнээс хэн нэгэн гадаадын байгууллагад олон мянган га газар эзэмшүүлэх асуудал
огт байхгүй. Энд зөвхөн Монголын иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулна.

-Энэ жил хэдий
хэмжээний мах экспортлохоор төлөвлөж байгаа юм бол?

-64 мянган тн махны
квот байгаа. Өнөө жил мал их өссөн. Өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байгаа болохоор
нэмж мах экспортлох судалгааг хийж байна. Ингэснээр энэ квот нэмэгдэх бололцоо бий.

М.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулган эх адаггүй улс төр болох уу

УИХ-ын дарга
З.Энхболд наймдугаар сарын 3-14-ний хооронд ээлжит бус чуулган зарлан
хуралдуулахаар 156 тоот захирамжаа гаргалаа. Ээлжит бус чуулганы хэлэлцэх
асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах, томилох
тухай асуудал оржээ. Тэгэхээр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нэг үг хэлсэн
байгаа, “УИХ-д орж ирээгүй асуудлаар ээлжит бус чуулган зарлах захирамж
гаргавал хууль бус үйлдэл болно” гэж.

Өчигдөр саарал
ордноор юу болов гэхээр УИХ-ын даргад зургаан сайдын асуудлыг өргөн барих АН-ын
бүлгийн гишүүнийг олох эрэл хайгуул байв. АН-ын бүлгийн гишүүд дотроос энэ
асуудлыг Их хурлын даргад өргөн барьчих хүн олдохгүй байсаар 15.00 цаг хүрэв.
Эх сурвалжийн мэдээлснээр бол Гарьдхүүгийн Баярсайхан гишүүн “Би өргөн
барьчихъя” гэсэн ч гэнэт сураггүй болжээ. Өнөөдөр харин өргөн барих гишүүн гарч
ирэх нь үү, яахнав. Хууль дүрмээрээ бол гарцаагүй АН-ын бүл­гийн гишүүдээс хэн
нэг нь асуудлыг өргөн барьж байж чуулганаар хэлэлцэгдэх нь. Хэлэлцэгдэхээр болсон
тохиолдолд МАН-ын бүлэг завсарлага авах гэнэ. Завсарлага нь хуулиараа ажлын
таван өдөрт багтдаг. Намын бүлэг хоёр удаа завсарлага авах эрхтэй. Гэхдээ хоёр
дахь удаад нь Их хурлын дарга шийднэ. Үүний дараа МАН-ын Удирдах Зөвлөл
хуралдаж, улмаар Бага хурлаараа хэлэлцэх дүрэмтэй аж. Ингээд эцэстээ МАН-ын
бүлгийн зүгээс Засгийн газарт байгаа АН-ын гишүүн зарим нэр бүхий сайд нарыг
огцруулах асуудлыг зэрэгцүүлэн өргөн барих бололтой. Энэ бүхэн бол ээлжит бус
чуулганы үйл явц хэрхэхийг ажиглаж буй улс төр судлаачдын байр суурь юм. Тэдний
үзэж байгаагаар зургаан сайдыг огцруулах асуудал нь хоног хугацаа авсан,
сунжирсан асуудал болж магадгүй нь. АН-ын хувьд ҮЗХ нь эрх мэдлээ Гүйцэтгэх
зөвлөлдөө өгсөн болохоор Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэр нь эцсийнх ажээ.

МАН Засгаас гарах
үнэхээр дургүй байна уу? Чаргууцалдах цаад шалтгаан нь арай л өөрөөр харагдаж
байгааг зарим нэг улс төр судлаачид бас бичээд эхэлжээ. Тэдний бичсэнээр бол
МАН-ынхан энэ Засгийн газарт Сангийн яам, Зам тээврийн яам хоёрыг атгаж байгаа
нь хамгийн үнэ цэнтэй, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой үйл явц аж.
Өчигдөр гэнэт зарласан Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэвлэлийн бага хурал нь
МАН-ын зургаан сайд Засгийн газраас гарах нь тодорхой болсон эхний дохио гэж
судлаачид үзжээ. Ж.Эрдэнэбат сайд өчигдөр юу гэж мэдэгдсэн гэхээр “Улсын
хэмжээнд 2008-2014 оны төсөвт тусгагдсан ч санхүүжилт нь бүрэн хийгдэж
чадаагүй, гэрээний үлдэгдэл төлбөртэй 286 төслийг санхүүжүүлэхээр болсон” тухай
юм. Ингэхдээ Сангийн яамны зүгээс арилжааны банкуудтай гэрээ байгуулж
Монголбанкнаас үнэт цаас худалдан авч өрийн бичиг бичин аж ахуйн нэгжүүдэд
олгох замаар санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ. 300 гаруй аж ахуйн нэгжээс
шилж сонгосон энэхүү 286 компанийн цөөнгүй нь МАН-д ямар нэг хамааралтай гэж
судлаачид үзсэн байх юм. УИХ-ын сонгууль есөн сарын дараа болно. Санхүүжилт
хамгийн чухал. Ямар ч байсан Сангийн сайд Ж.Эрдэнэбат 286 аж ахуйн нэгжийн
санхүүжилтийн асуудлыг төрөөс шийдэж амжжээ. Улсын төсвөөс эх үүсвэртэй,
хамгийн их мөнгө эргэлдэж, хөдөлж байгаа төслүүд бол авто замын төслүүд байгаа.
Өөр үзээд өгье гэсэн ч хөдөлж байгаа том төсөл Монгол Улсад байхгүй гэнэ.
Эдгээр төслүүдийн учир начир, арга замыг дан ганц Зам тээврийн яам л
мэднэ. Засгийн газраас зургаан сайд нь
гарсан ч, гараагүй ч амжиж Сангийн яам, Зам тээврийн яам хоёр төсөл тендерүүдээ
хөдөлгөж, хөрөнгө мөнгөнийх нь асуудлыг шийдэж айдгаа авдрандаа хийж чадлаа
хэмээн нэгэн улс төр судлаач өчигдөр өөрийн блогтоо бичсэн байна лээ. Дараагийн
сайд нь аль намын хэн ч гарч ирсэн нэгэнт шийдэгдсэн төсөл тендерүүдээр оролдож
чадахгүй гэнэ. Учир нь Ж.Эрдэнэбат, Н.Төмөрхүү хоёрын үед ямар ч байсан аж
ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгөтэй болж, зам гүүрийн том ажлууд амжилттай явагдлаа
гэсэн ард түмэнд таалагдах пиар халхалж байгаа учраас тэр аж. Харин энэ олон
төсөл тендерийн мөнгөний хэдэн хувь нь сонгуульд зарцуулагдахыг чөтгөр ч
мэдэхгүй бололтой. Ингэж асуудлаа шийдсэн нам одоо сонгуульдаа чиглэгдэнэ,
сөрөг пиараас өөр ямар ч ажил хийхгүй зургаадугаар сартай золгоно хэмээн
судлаачид бичжээ.

Тэгэхээр
судлаачдын үзэж байгаагаас харахад
МАН цаанаа бол Засгаас нэг их зовох юмгүй гарах бололтой. Гарахдаа бас л өөртөө
оноо авсан, улс орон, ард түмнээ нэлээн бодсон маягтай, дээр нь боломжийн
тохироотой гарах аж. Харин Засгаас зарим сайдууд огцрохтой холбоотойгоор
“Шударга ёс” эвслийн үнэ цэн нэлээн өндөрт байгааг тэд онцолжээ. “Шударга ёс”
эвсэл гэхээр ард нь гарцаагүй Н.Энхбаяр яригдах болдог. Эх сурвалжуудын мэдээлж
байгаагаар бол Н.Энхбаярыг Эрхүүд ирэхэд нь ч, Европт очиход нь ч, Сөүлд байхад
нь ч АН, МАН-ын тодорхой хүмүүс очиж уулзалдаад байдаг бололтой. МАН-ын цөөнгүй
гишүүд Н.Энхбаяртай уулзаж эвсэх, тэр байтугай буцаад нийлэх асуудлыг ч ярьдаг
гэнэ. Түүний МАН-д тавьж байгаа болзол нь хатуу сурагтай. Нэгдлээ гэхэд намын
удирдлагын 50 хувь манайх гэсэн болзлыг тавьсан гэж ойрын эх сурвалж нь
мэдээллээ. МАН-ын зорилго нь “Шударга ёс” эвслийг бутлан задалж, Н.Энхбаярын
хүмүүсийг өөртөө уусгаж байж сонгуульд амжилттай оролцоно гэж үзэж байгаа гэх.
Тийм учраас сонгуулийн наана түүнтэй ямар нэг байдлаар ойлголцъё гэсэн лидерүүдийн
тоо МАН-д хоног хоногоор нэмэгдэж байгаа ажээ. Гэхдээ яагаад ч ийм байдалд
хүргүүлэхгүй байх олон хүчин зүйлс Монголын улс төрд өнөөдөртөө байгаа.

Харин АН-ын
зүгээс Н.Энхбаяртай уулзаад байгаа нь хэн юм бэ. Мэдээж Н.Алтанхуяг хамгийн
эхэнд нэрлэгдэнэ. Тэр хоёр ирэх сонгуулиар хэрхэх тухайгаа ярилцаагүй гэвэл
түүн шиг худлаа юм байхгүй. Н.Алтанхуяг бол бодит хүч мөн. Дээр нь намын дарга
З.Энхболд, Н.Алтанхуяг нарын ойлголцол муугүй байгааг улс төрчид ярьж байгаа.
Н.Алтанхуягаасаа өмнө Н.Энхбаяртай уулздаг, ойлголцдог байсан хүмүүс бол
өнөөдрийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр юм билээ. Зарим улс
төрчид “Энэ хоёр чинь Н.Энхбаярын хуурай дүү нар нь явсан хүмүүс шүү дээ” гэж
шууд хэлдэг. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, томчуудын толхилцоон мань
хүнийг Н.Энхбаяртай уулзах боломжгүй болгож байгаа байж магадгүй.

Тэгэхээр
наймдугаар сарын 3-нд эхлэх ээлжит бус чуулган эх адаггүй улс төржилт болох уу,
үгүй юу гэдэгт судлаачдын байр суурийг голлон харахад тиймгүй бололтой. Улс төр
судлаачдын үзэж байгаагаас харвал “Шударга ёс” эвсэл АН-ын бүлэгтэй Засагт
эвсэнэ гэжээ. Дээр нь бие даагч гурав нэмэгдэнэ. АН-ын бүлгийн 35 гишүүн.
Эвслийн 11, бие даагч гурав. 50+1 хангалттай ирц. Цаг хугацааны л асуудал
байгаа болохоос биш МАН-ын зургаан сайд огцордгоороо огцорно хэмээн тэд үзжээ.
Харин аль намаас ямар хүмүүс сайдын суудалд очихыг өнөөдөртөө хэлэхэд эрт
байгаа бололтой. Сонирхуулахад, сүүлийн өдрүүдэд зарим нэг мэдээллийн
сувгуудаар Шадар сайд У.Хүрэлсүх –
Э.Батшугар (МАХН), БОАЖНХЯ-ны сайд Д.Оюунхорол-Г.Баяр­сайхан (АН), Барилга хот
байгуулалтын сайд Д.Цогт­баатар-Д.Арвин (АН), Хөдөл­мөрийн сайд С.Чинзориг –
Ц.Даваасүрэн (бие даагч), Сангийн сайд Ж.Эрдэнэбат – Б.Гарамгайбаатар (АН), Зам
тээврийн сайд Н.Төмөрхүү – А.Гансүх (АН), Монгол Улсын сайд М.Энхсайхан –
Н.Батцэрэг (МАХН) болох магадлалтай гэсэн жагсаалтыг гаргасан харагдана
лээ.

Categories
мэдээ цаг-үе

Тод манлай уяач Д.Онон: Хакухо аваргад төрийн наадмын аман хүзүү хавчиг зээрд үрээгээ өглөө

Д.Онон манлай их аваргад зээрд үрээгээ бэлэглэхээр алхаж буй нь.

Төв аймаг Зуунмод хотын цэнгэлдэх. 2015.07.29-ний өдөрМонгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Шёо М.Даваажаргалын төрийн дээд шагналдаа хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадам уржигдар Төв аймгийн Зуунмод хотноо болсон. Энэ үеэр Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононтой уулзаж хөөрөлдлөө.

-Энэ жил та аль хэр наадав. Морь их хурдлав уу?

-Улсын наадмаас манай “Түмний эх” галаас нэг түрүү, таван айраг авсан. Өндөр гэгээний наадамд нэг түрүү, долоон айраг авлаа. Морь мал маань тэнэгэр сайхан уралдлаа. Энэ маань уяач бидний бүхэл бүтэн жилийн хөдөлмөр юм даа. Морь, хүү­хэд эндэлгүй сайхан уралдах шиг энх жаргал хаа байх вэ. Энэ жил төрийн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд “Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын хээр азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн “Янзага” зээрд гуравт хурдал­лаа” гэхийг миний дүү сонсоогүй юу. (инээв. сур) Эрлийз дунд насанд миний хүү, Монгол Улсын манлай уяач О.Батбилэгийн маань үзмэн бор түрүүлсэн.

-Төрийнхөө их баяр наадамд олон жил айраг, түрүү авсан болохоор наад­маар сэтгэл их догдолно биз?

-Морь уралдуулж түрүү­лүүлнэ гэж бүгдээрээ л нэг ижил сэтгэлтэй явж байж болж бүтдэг зүйл шүү дээ. Тэрнээс биш захын хүн бүхний санаагаар ч болдог эд биш. Заримдаа сайхан давхина, заримдаа мод ч үгүй давхихыг алийг тэр гэх вэ. Наадам гэдэг наргиантай, ээлж дугараатай эд шүү дээ. Заавал ч үгүй түрүүлэх гээд зүтгээд бай­хын ч хэрэг байхгүй. Ээлж дугараатай энэ сайхан цэн­гэлээр чинь наадаж наргиж л яваа болохоос тэмцэлдээд тэрсэлдээд байхаар алаан хядааны юм биш. Олон түмнээ сайхан цэнгүүлж, төр түмнээ хүндэтгэж явбал болох нь тэр. Тэгэхэд зарим улс нэг нэгэндээ атаа жөтөө санаж, элдэв янзын юм яриад бие биенийхээ морийг хасуулах гээд давхиад байдаг. Энэ чинь маш буруу зүйл шүү.

-Таны морийг эрлийз энэ тэр гэж энэ жил хассан юм уу?

-Сая Халхын анхдугаар богд, Өндөр гэгээн Зана­базарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан бат оршил өргөх даншиг, “Төвийн бүсийн их хурд-2015” наадам Монголын эртний нийслэл Хархорин, Орхоны хөндийн Харганын дэнж хотойтол өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ наадамд аваачсан миний уяаны морьдыг тамгаар нь ялгаж бариад авна лээ. Тэгэхээр нь зарим морьдоо зурхайд гаргасангүй.

-Унаач хүүхдүүдийн тухайд та ямар бодол санаатай байна?

-Монголын унаач хүүхдүүд хар багаасаа л морь малаа унаж, монгол ахуйдаа ойрхон өсдөг. Даяаршиж дэлхийшиж буй энэ цаг үед монгол ахуйгаа хадгалж байж л монгол хэвээрээ үлдэнэ. Ер нь хотын хүн хэзээ ч хөдөөний хүн болж чаддаггүй. Хөдөөний хүн бол хот газар ирээд суурин иргэншилд дасан зохицож чаддаг. Хөдөөний хүн америк, англи хаа ч амьдарч, хаанахын ч хүн болж болно. Унаач хүүхдүүд багаасаа амьдрал ахуй эрхэлж, мал сүргээ өсгө­хөд гар бие оролцож сур­­даг. Хүн гэдэг чинь хэлээд байхад ойлгодоггүй, биеэрээ үзэж байж ухаардаг. Тиймээс биеэрээ үзэж байж л юмыг мэдэрч авна шүү дээ. Ийм хүмүүжлийг жинхэнэ амьдралын гүнээс монгол ахуйгаасаа олж авдаг юм. Энэ хүүхдүүдийг чинь тэсвэр тэвчээртэй, юм ойлгодог болгохын тулд морь малтай ойрхон байлгаж, сургавал шал өөр хүн болдог юм даа.

-Хүүхдүүдэд насны хяз­гаар зааж эхэлсэн. Үүнийг юу гэж бодож байна даа?

-Уг нь унаач хүүхдүүд гурав дөрвөн наснаас эхлээд морь унахад долоон настай болоход нэлээд туршлага суугаад, морь сайн унах дадал зуршилтай болно оо доо. Багаасаа л хурдан хүлгийн нуруунаа дарцаг шиг дэрвэж өсвөл тэр л хүүхдийн хийморь цог улам сэргэнэ ээ дээ. Дээхнэ, биднийг хүүхэд байх үед ч юм уу таван настай хүүхдээр хурдан морь унуулдаг байсан. Таван настай хүүхэд ч юмны учрыг арай л сайн мэдэхгүй байдаг байсан юм. Гэхдээ тэр үеийн тавтай хүүхдүүд одооны балчруудтай огт адилгүй байсан шүү. Би өөрийн хоёр хүүгээ таван настайгаас нь хурдан морь унуулаад, төрийнхөө их баяр наадамд уралдуулж л байсан. Энэ жил хоёрт давхидаг хээр азаргыг маань арван настай Гүндэгмаагийн Отгонбаяр, янзага зээрдийг минь Отгон­баяр хүүтэй нас чацуу миний ач хүү, Батбилэгийн Буяндэлгэр унаж хурд­лууллаа. Унаач хүүх­дүүддээ баярлаж л байна.

-Та Хакухо аваргад унаган хүрэн морио бэлэглэлээ. Ямар ямар амжилт үзүүлж байсан морь билээ?

-Ноднин улсад соёолон насандаа аман хүзүүдэж байсан үрээ. Бага насандаа улсад арав хорийн дотор давхиад байсан л адуу шүү. Бүдүүрээд ирэхээрээ сайн давхилтай л морь болох шинжийн адуу. Хакухо их аварга дүүдээ нутгийнхаа ард түмнийг, Төв аймгийнхнаа төлөөлөөд өгч байгаа юм. Би ганцаараа ч өгч байгаа хурдан буян юм биш шүү.

-Их аварга удахгүй нэг наадамд сойно гэж ярьж байсан?

-Тийм шүү. Ирэх найм­дугаар сарын 7-нд Уяачдын холбооны 20 жилийн ой болох юм. Тэр наадамд уралдуулна. Сая төрийнхөө их баяр наадамд уралдуултал эхний гурав дөрөв дээр өнгөлөн давхиж байсан. Гэдэс нь жаахан эвгүйтээд байх шиг болохоор нь татуулаад авчих­сан. Хүрэн морь минь энэ жил хавчиг юм шүү дээ. Дөнгөж нялх амьтан. Миний энэ хурдан буянг хүн болгон мэднэ дээ, угаасаа сайн эхсийн удмын адуу гэдгийг.

-Одоо танд энэ жилдээ уралдах өөр наадам юу байгаа билээ?

-Монголын морин, спорт уяачдын холбооны ойд зориулсан наадам л байна даа. Түүнээс хойш ч намар, өвлийнхөө ажлыг бодохгүй бол болохгүй. Энэ жил мичин жил болно гээд байна. Манайхны хувьд өвсөө хадуулдаг хүмүүс байдаг юм. Тэдэнд захиалгаа өгөөд байж байна.

-Өмнөх жилүүдээс хатуу­хан өвөл болж магад гэж Ерөнхийлөгч хүртэл сануулаад байсан байх шүү?

-Мичин жил гэхээр хатуу­хан болдог давтамжууд байдаг. Тиймээс хатуухан хайрхан болж мэдэх л юм. Үүнийг малтай хүн болгон л бодож байгаа. Дотроо бодолтой, доороо суурьтай байхгүй бол болохгүй. Одоо ургасан энэ сармигар жаахан өвс чинь хатангуутаа л малын хөлөөр хугараад алга болно шүү дээ. Одоо өвлөө л бодох хэрэгтэй болоод байна.

-Та “Морийг уяхаасаа тавих нь чухал ” гэж нэгэнтээ хэлж байсан. Энэ ер нь ямар учиртай үг юм бэ?

-Уясан морьдыг, тэр тусмаа их насны морийг наадмын дараа хорон хөлсийг авч, булчинг нь гүйцэд суллаж, мулталж тавихгүй бол тэр жилдээ биеэ тавьж өгдөггүй агдайчихдаг. Байнга бэлтгэл хийсээр зангидсан гар шиг болчихсон булчинг чинь хариу уяа хийж зөөллөөд тавихгүй бол болдоггүй юм. Хойтонгийн уяаны ажил бол ерөөсөө тэр. “Уяхаасаа тавих нь чухал ” гэдэг үгний утга учир ч тэр. Ер нь морийг зөв сайхан эдэлж сурсан хүн л морь уяна даа. Их насны морь жилдээ нэг л буруу эдэлсэн бол тэр жилдээ засал авдаггүй. Уяач хүн наадмын маргаашнаас л дараа жилийнхээ наадамд бэлддэг юм шүү дээ.

-Цаг улирал урьдынхаас огт өөр болж байна. Адуу малын иддэг өвс ургамал ч их өөрчлөгдсөн байх. Үүнийг дагаад уяа засал ч их өөрчлөгдөв үү?

-Одооны морьдын хүч тамирыг хадгалаад хашаанд байлгаж байгаад тэжээгээд байна гэж ойлгож бас болох­гүй. Бараг зургадугаар сарын 20 гарч байж ногоо идэж бай­гаа энэ үед хашаанд байлгаж хүч тамирыг нь хадгалах нь буруу биш. Идэш хоолыг нь тэнцүүлээд гамнаад байхад бараг зогсож байгаад уяа нь болчих адуу ч байдаг. Манайхны бага насны адуу­нууд бараг л тийм. Улсууд мориндоо ажил хийгээд л байхад манайхны морьд зогсч л байдаг.

-Монгол Улсын тод манлай уяач хэмээх алдарт хүргэсэн замналаасаа та жаахан хуучлаач?

-Би Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул хүн. Хөдөөний хүүхдүүд хэрхэн бага насаа өнгөрүүлдэг вэ түүний л адилаар морь мал дагаж бага нас минь өнгөрсөн. Одоо миний амьдарч байгаа Гавжийн шанд чинь манай сумын л нутаг байгаа юм. Би айлын ганц хүү. Аав, ээжийн талаас хурдан буян унаж, уяж явсан хүмүүс байсангүй. Хурдан буянд дурлах болсон түүх минь долдугаар ангиас эхлэлтэй. Сургуулиа төгсч мал дээр нэг хэсэг гарсан. Үүний дараагаар цэрэгт явж ирээд жинхэнэ малчин болж, хурдан морины үнэхээрийн хорхойтон болсон. Ер нь сургуульд сурахаас эхлээд л явган явж үзээгүй шүү. Төв аймгийн урд талд тавдугаар хороо гэж байсан. Тэнд амьдардаг ажаа маань өвөл болохоор морио тэжээнэ. Намайг эрхлүүлж байгаа нь тэр. Цэрэгт явтлаа сумынхаа Гомбожав, Дожоо нарын сайн адуучдын малд их явдаг байлаа. Ингэж явсаар цэрэгт явсан.

-Цэргээс ирээд нэгдлийн суурь адууг арваад жил дагасан гэл үү?

-Тийм ээ. Арав гаруй жил адуу маллаж байтал мал хувьч­лал ч таарсан. Хуу­чин цагийн сайн адуучид бүгд манай суманд байлаа. Уяачийн эрдэм, соёлоор ма­най нутаг чинь бусад аймгаас ер нь л илүү. Тухайн үед сум, аймгийн наадам гэж бол­дог­гүй, байнга л улсын наадамд хурдан хүлгээ сойдог байсан.

-Таныг төрийн баяр наадамд олон амжилт гаргаж явсныг тань түмэн олон мэднэ. Тэр дундаас одоо болтол мартагддаггүй ямар наадам байна?

-Том хүү Батбилэг маань улсын баяр наадамд аман хүзүүдсэн 1989 оны баяр наадам л сэтгэлд үргэлж хадаатай явдаг даа. Шинэхэн уяачийн хувьд баяр наадмын түрүү хүртэх эхлэл минь байсан бол эцэг хүний хувьд хүү минь барианы зурхайд орж ирж байгаа дүр зураг сэтгэлээс минь одоо ч гардаггүй юм шүү. Одоо ач хүү маань аавынхаа уясан морийг унаж хурдлуулж байна. Хүний амьдрал гэдэг чинь ингээд л баяр хөөрөөр ээлжлэн эргэж байдаг юм байна даа.

-Батбилэг хүү тань хэдэн наснаасаа хурдны морь унаж эхэлсэн юм бэ?

-Таван наснаасаа л хурдан буян унаж эхэлсэн. Нэгдлийн ажил гээд түмэн завгүй. Тухайн үед морь бугуйлддаг эрлийз халтар морь байсан юм. Хүү минь унаад явж бай­даг. Агт ялгаад сууж байтал дунд сунгаа болдог юм байна. Хашааны хойгуур морь дав­хилаа. Тэгсэн манай хүү “Ааваа би уралдмаар байна” гээд болдоггүй. Тэгэхээр нь Сугар дүүдээ “Дүүгээ эргүүлж өгөөд, тоос багасахаар нь тавьж өгчихөөд хүрээд ир” гээд явууллаа. Удалгүй санаа зовоод араас нь мотоцикльтой давхиад очтол гараанаас гарчихаж. Араас нь дагатал ерөөсөө уралддаггүй морь маань сунгааны морьдыг гүйцээд түрүүлж байна. Ингэж л хүү минь унаач болж, одоо надтай хамт морь уях ажилд шамдаж явна даа. Тэр жилийн наадмаас хойш төрийн наадмын дөч гаруй түрүү, ная гаруй айраг хүртлээ дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Ардчилал бол үргэлжийн арчилгаа шаардсан эмзэг тогтолцоо гэдгийг бид мартах учиргүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН 25 ЖИЛ: ОЛОЛТ АМЖИЛТ, ТУРШЛАГА СУРГАМЖ

Аливаа нийгмийн өөрчлөлт өөрийн түүчээлэх баатартай, түрэх хүчтэй байж амжилтад хүрдэг. Ардчилсан хувьсгал ийм замналтай, тийм баатруудтай. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд ардчиллыг манлайлж, дэмжиж, уухайлж, зүрх сэтгэлдээ тээж явсан хүн бүхэн ардчиллын баатрууд. Монгол түмэн минь хүй элгээрээ ардчиллын баатрууд юм аа. Монголын ард түмэн-ардчиллын баатрууддаа анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын халуун мэндийг чин сэтгэлийн угаас өргөн дэвшүүлье.

Ардчиллын баатрууд болох ард түмнээ төлөөлөн Монгол Улсын баатар болсон эдүгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлдээ, Ардчилсан хувьсгалын бэлгэ тэмдэг болсон өнөөдрийн Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид, амьдралын ухаан, алсын хараа гаргаж шинэ хуучны зөрчлийг зөвшилцөл, хөгжил дэвшил болгоход хүчин зүтгэсэн ахмадууд болох Ж.Батмөнх, Г.Очирбат, Д.Бямбасүрэн, Б.Чимэд нарт, Ардчилсан Монгол Улсын анхны төр засгийн тэргүүн болж хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн П.Очирбат, Р.Гончигдорж, Д.Бямбасүрэн нарт, мөн ардчилсан хувьсгалын бүх анхдагч нартаа, анхны улс төрийн намуудын лидерүүд болох Э.Бат-Үүл, Б.Баабар, Д.Ганболд нартаа, МоАХ, Ардчилсан социалист хөдөл­гөөн, МОХ, ШДХ-ны удирд­лагууд С.Зориг, Р.Гончигдорж, Л.Болд, Д.Батсүх болон эдгээр холбоо, хөдөлгөөний мянга мянган гишүүддээ, ардчилсан хувьсгалыг бие, сэтгэл зүрхээрээ эхний өдрөөс нь тууштай дэмжсэн түмэн олондоо энэ баярын өдрийн мэндийг хүргэе!

Өнөөдөр тэнгэрийн орноос биднийг харж байгаа С.Зориг, Д.Батсүх, С.Цогтсайхан бусад олон анхдагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэе.

Монголын Ардчиллыг анхны өдрөөс нь эхлэн тууштай дэмжиж, улс төр, эдийн засгийн хувьд төдийгүй сэтгэл санаа, зохион байгуулалт, арга туршлага, хүний нөөц бүхий л талаар сэтгэл харамгүй тусалж ирсэн бүх донор орнууд, олон улсын институт байгууллагууд, тэдгээрийг төлөөлөн өнөөдөр энд ирсэн бүх хүндэт төлөөлөгчдөд Монгол Улсын ард иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.

Монголын ардчилал залуу хэдий ч, Монгол Улсын төрт ёсны түүх өөрөө агуу баялаг түүхтэй билээ. Саяхан бид үндэснийхээ их баяр наадмыг Монголын тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойнуудтай хамтатган тэмдэглэлээ. Энэ их баяр цэнгэл нь монголын ард түмэн ардчилал, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үзэл санааны дор монголын ардчиллын, түүний дотор анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойтой таширлан тохиож байгаагаараа онцлог болж байна.

1989 онд Берлиний хана нуран унасны дараа Зүүн Европын орнуудад эхэлсэн ардчилсан хувьсгалын буухиаг Ази тивд зөвхөн Монгол Улс үргэлжлүүлж чадсан юм. Тоталитар дэглэмийг эсэргүүцсэн Монголын ард түмэн Ардчилсан хувьсгалыг нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдүүлэлгүй, нэг ч цонх хагалалгүй тайван замаар хийж, ялуулж болдгийг юуны өмнө харуулж чадсан юм.

Энэ нь үнэхээр ардчиллын хамгийн чухал үнэт зүйлийн нэг болох хүлээцтэй, нийцтэй шинж монголчууд бидэнд манай төрт ёсны баялаг уламжлалаас улбаалж ирсэнтэй холбоотой биз ээ. Улс орны байтугай хувь хүний амьдралыг 70 гаруй жил хянан зохицуулж ирсэн МАХН-ын тэр үеийн удирдлага нийгмийн өөрчлөлт, хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрч, хэлэлцээний ширээний ард сууж чадсан төдийгүй сайн дураар эрх мэдлээсээ татгалзаж чадсан юм. Залуу ардчилагчид ч чухам ардчиллын зарчмаар, түүний мөн чанарт нийцсэн аргаар буюу анхны чөлөөт ардчилсан сонгуулиар ард түмний мэдэлд эрх мэдлийг шилжүүлсэн нь тэдгээрийн мөнхийн гавьяа болно.

25 жил гэдэг улс үндэстний түүхийн хувьд байтугай тухайн хувь хүний амьдралын хувьд маш бага хугацаа. Энэ танхимд сууж байгаа хүмүүсээс жишээ нь, 20-н хэдхэн жилийн өмнө хаагдмал хязгаарлагдмал Монгол Улсыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болно, Цахим эрх чөлөөний эвслийг удирдах болно гэвэл итгэх хүмүүс цөөхөн байх байсан. Гэтэл энэ нь боломжтой зүйл гэдгийг Монголчууд, Монголын ардчилсан хувьсгалын түүх батлаад байна. Ардчилал гэдэг ийм л хүчтэй зүйл. Ардчилал тухайн улсыг бусдын нүдэнд сайхан харагдуулдаг. Ардчилал тухайн улсыг дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт нэгэн гишүүн болгож чаддаг, ардчилал улс орны нэрийн хуудсыг, ID card-ийг өөрчилж чаддаг гэдгийг Монголчууд батлан харууллаа.

Монгол Улс түүхэн уламжлал, төрт ёсны арвин баян түүхтэй орон. Анхны парламентат ёс өдгөөгөөс 800 жилийн тэртээ Англи улсаас гаралтай гэж дэлхий нийтээр үздэг. Цаг хугацааны хувьд Англитай ижил тэртээ 1206 онд Монголчууд парламентат ёсны анхдагч хэлбэр болох Их хуралдайг анх үүсгэн байгуулсныг түүх гэрчилнэ. Дэлхийн бусад улсад ихэвчлэн мөрдөгддөг байсан хааны ууган хүүг угсаа залгамжлан шууд хаанд өргөмжилдөг байсан ёс Монголчуудын хувьд Хааны ууган хүүг бус хаан ширээнд тохирох төрийн хүнийг Их хуралдайгаас сонгож тохоон залахаас эхлэн, дайн, энхийн асуудал, төрийн гол хэргийг хамтаараа шийдэж байжээ.

Монголын Их гүрэн, эзэн хаадын их түүх, Монгол төрийн бие даасан бодлого, тусгаар тогтнол XVII зуунд Манжид дагаар орсноор дуусгавар болсон билээ.

1911 онд харийн дарлалыг түлхэн унагаж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа энэ үеийн тэргүүлэх хэсгийн дотор зөвхөн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлээс гадна орчин цагийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хуучин засаглалын бүтэц байгууллыг хувьсган өөрчилж, шинэ ёсонд зохицсон төрийн байгууллыг тогтоож, улс орноо хүчирхэг баян, соёлжиж боловсорсон түвшинд хүргэх үзэл санааг давхар дэвшүүлэн ажил хэрэг болгохыг оролдон тэмцсэн юм.

1921 оны ардын хувьсгалын дараа Хэмжээт эрхтэй Хаант төр тогтож, Ардын тодотголтой Засгийн газар байгуулагдаж, авч явуулсан анхны томоохон ажлуудын нэг нь Улсын Түр цагийн Хурал гэдэг зөвлөх эрхтэй хамтын удирдлагын дээд байгууллагыг бий болгожээ. Гэвч тухайн цаг үе, их гүрнүүдийн бодлого, нөлөөллийн цар хүрээ Монголчуудыг бие даасан төр улстай, бодлого үйл ажиллагаатай байх ямар ч боломжийг олгохооргүй байлаа.

Монголын төрийн тогтолцоо бүрэн эрхт, бүгд найрамдах, ардын, ардчилсан, социалист, бүх ард түмний гэсэн тодотголуудтай, 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудаар зохицуулагдаж ирсэн хэдий ч хаалттай нийгэмд, манай нийгмийг удирдан чиглүүлэгч ганцхан намын удирдлага дор 100 хувийн ирцтэй, дээрээс нэр заасан ганцхан сонголттой нэр дэвшигчтэй буюу “Сонголтгүй сонгуулийн” тогтолцоотой, хэлбэрийн төдий ардчилалтай явсаар 1990 онтой золгосон билээ.

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд түүхэндээ анх удаа бүх нийтийн сайн дурын үндсэн дээр яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс, үзэл бодол үл харгалзан хэн нэгэн урьдчилан томилогдсон хүнийг бус олон намаас дэвшүүлсэн төлөөллийг чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгох жинхэнэ ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр та бидний 25 жилийнх нь ойг тэмдэглэж байгаа энэ баярын ач холбогдол нь Монголчууд сүүлийн 300 илүү жилд анх удаа өөрсдөө, бусад хэнээс ч хамааралгүйгээр өөрийн хөгжлийн замаа сонгох, өөрсдөө төр улсаа төвхнүүлэх бололцоотой болсонд, Монголын төр улсын бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын баталгаа бий болсонд оршиж байгаа юм.

Ийм ч учраас Анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойн энэ баярын утга учир, агуулгыг онцгойлон тэмдэглэх үүднээс Монгол Улсын Засгийн газар энэ ойн босгон дээр жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсын Бүрэн эрх- Ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэлт өдрүүдэд оруулах шийдвэр гаргасныг та бүхэнд сонордуулахад таатай байна.

Монголын ардчиллын 25 жил бол монгол түмний гайхамшигтай ололт амжилтын буухиаг өртөөлсөн он жилүүд байсныг баярын хурлын энэ хүндэт индрээс бахархалтайгаар хэлэх нь зүйтэй.

Нэг. Монголын ардчилал, түүний ололт амжилт

Бид чөлөөт сонгуулиа хугацаанд нь явуулж, эрх мэдлээ тайван замаар шилжүүлж чаддаг боллоо. Хувь хүн, бүлэг хүмүүс, бусад улс орны шийдвэрээс хамаардаггүй дархлаагаа суулгалаа. Хэвлэл мэдээлэл төр засгийн цензурээс салж дөрөв дэх засаглалын хэлбэртээ орлоо. Гудамж, талбайд жагсах эрхээ эдэллээ. 25 жилийн өмнө Монголд Ардчилсан хувьсгал ялсан юмаа гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрлөө. Ардчилсан хувьсгалын баяр ганцхан намын баяр бус нийт ард түмний нийтлэг баяр болж чадлаа.

Монголчуудын ардчиллын 25 жилийн хугацаанд хүрсэн хамгийн том ололт бол улс төр, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын талаар бие даасан бодлого явуулж, улсын дайтай улс байх боломж анх удаа бүрэн утгаар хэрэгжих түүхэн боломж нөхцөл бүрэлдсэнд оршино. Аль нэг улс гүрнээс Монгол улсын төрийн бодлого, дотоод үйл ажиллагаанд хутгалдан оролцох, нөлөөлөх дарамт үгүй болов.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, төрөө чөлөөт сонгуулиар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зорчих бүхий л эрх шинэ Үндсэн хуулиар баталгаажиж бодитой хэрэгжиж байна. Өнөөдөр Монголд Төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын эвслийн тоо 23 мянгад хүрсэн байна. 1990 онд төрийн мэдлийн 10 хүрэхгүй сонин, радио, телевизийн нэг л суваг байсан бол одоо зөвхөн хувийн хэвшилд хамаарах өдөр тутмын сонин 20 гаруй, радио 70 орчим, зурагтын монгол суваг хэдийн зуу давжээ.

Ардчиллын 25 жилийн хугацаанд хөдөө орон нутгийн иргэдэд малыг, хот суурин газрын иргэдэд орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилснаар Монголын ард түмэн өмчтэй болсон билээ. Малын тоо толгой өнгөрсөн нийгэмд хичнээн төлөвлөгөөгөөр шахаад ч 24 саяас хэтэрдэггүй байсан бол өнөөдөр манай малчид 60 орчим саяд хүргэж малаа тоолуулаад байна. Эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх оролцоо байр суурь 70 хувь болтлоо нэмэгдэж, төрийн оролцоо хумигдсаар байна. 1940-1990 оны хоорондохь 50 жилд Монголын эдийн засаг 10 дахин өссөн бол ардчиллын хоёр дахин бага хугацаанд 20 дахин өсчээ.

Хүн амын тоо сүүлийн 25 жилд нэг саяар нэмэгдэж бид саяхан гурван сая дахь иргэнээ өлгийдөж авлаа. Монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдлээ. Одоо нялхсын эндэгдэл 1990 оны үеийнхээс даруй долоо дахин буурсан байна. 10 мянган хүнд ноогдох оюутны тоо 600 давж энэ үзүүлэлтээр дэлхийд дээгүүр орж байна.

1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсны дөнгөж 100 орчим нь аминых байлаа. Одоо Улаанбаатар дэлхийн түгжрэл ихтэй хотуудын тоонд орохоор болжээ. Харин гар утасны тоо нийт хүн амын тооноос хэтэрч давхардсан тоогоор дөрвөн саяд хүрчээ. Бүх өрх телевизортой, хүн амын дийлэнх хэсэг нь цахим технологи ашиглан ажил амьдралаа зохицуулдаг боллоо. Энэ бол хэн бүхний олоод харчих боломжтой бодит өсөлт, ардчиллын маргашгүй ололт мөн.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр Ардчилал Монгол хүнд, монгол айл өрхөд юу өгснийг “Ардчиллын 10 цагаан буян” гэж нэрлэж дурдсаныг энд эргэн санахад илүүдэхгүй болов уу.

Ардчиллын 10 цагаан буян:

Гаднаа тоолох малтай

Гартаа барих утастай

Гараашдаа тавих машинтай

Га-гаар хэмжигдэх газартай

Гэртээ асаах гэрэлтэй

Гэр бүлээрээ хувьцаатай

Гуундаа тахих бурхантай

Гадаадад зорчих паспорттой

Гараад золгох цагаан сартай

Гавьяаг нь дуурсах Чингис хаантай” улс орон болжээ гэсэн байдаг.

Энэ мэтчилэнгээр Монголын ардчилал Монгол хүнд, Монгол айлд юу өгөв, ямар боломж олгов гээд яривал үнэхээр бахархам сайхан үр дүн харагдаж байна.

Монгол Улс гадаад бодлогын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчлэн боловсрууллаа. Мөнхийн хоёр их хөрштэйгөө стратегийн болон стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд харилцааны түвшингээ хүргэснээс гадна “Гуравдагч орнууд”-ын бодит ашиг сонирхлыг Монголд тусгах, харилцан ашигтай хамтран ажиллах зорилго бүхий Гуравдагч хөршийн бодлогоо тунхаглан тогтвортой хэрэгжүүлж байна.

Монгол Улс Ардчиллыг шинээр болон Сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурлыг 2012 онд эх орондоо амжилттай зохион байгуулж дэлхийн 106 орны зочид төлөөлөгчид ирж асуудлаа ярилцаж шийдвэрлэсэн нь манай улсын ардчиллын замналын бодит үр дүн, хүрсэн түвшнийг илэрхийлэн харуулсан дэлхийн хэмжээний арга хэмжээ болж өнгөрсөн билээ. Мөн манай улс ирэх 2016 онд Ази-Европын Дээд хэмжээний уулзалтыг Ази-Европын 57 орныг оролцуулан зохион байгуулах гэж байна. Энэ бүхэн нь Монголын ардчилал эрийн цээнд хүрч, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдөн бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон болсныг нотлон харуулав.

Хоёр. Монголын ардчилал, түүний онцлог

Монголын ардчилал хөгжсөн түүх, ардчилсан хувьсгал болж өрнөсөн үйл явц өөрөө монголчуудын оюуны ертөнцийг баяжуулж чадсан юм. Аливаа асуудлыг зөвшилцөн хэлэлцэж, маргаан, мухардлыг тайван замаар зохицуулж чадсан нь Монголын ардчиллын хамгийн чухал ололт мөн. Тайван замаар асуудлаа шийдэхэд талуудын уян хатан байдал, харилцан буулт хийх, шийдлийн олон хувилбарыг бодож олж хэрэгжүүлэх, улс төрийн хүлээцтэй, нийцтэй байх чадвар шаардагддаг. Бид энэ бүхнийг хийж чадсан.

Энэ үйл явц нь Монголын ардчиллын төдийгүй бүс нутаг, дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэхүйц энхийн замаар хэрэгжүүлсэн ололт болж үлдсэн билээ.

Монголын ардчилал бол Монгол нутагтаа төрж, нутагтаа бойжиж, төрт ёсныхоо уламжлалын үнэ цэнэтэй бүхнийг шигшин шингээсэн жинхэнэ өөрөөс нь төрсөн ардчилал юм. Манай улсыг ардчилалд шилж гэсэн болзлыг хэн ч гаднаас тулгаагүй, бидний эргэн тойронд хил дамнан орж ирэх ардчилал байгаагүй. Бид ардчилалгүй бүс нутгийн хамгийн гүнд нь байрлаж байсан ч ард түмэн маань ардчиллыг сонгосон юм.

Монголын ардчилал бол улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюуны ертөнцийг цогц хамарсан иж бүрэн ардчилал байсанд нь бид бахархах ёстой. Монголд харьцангуй богино хугацаанд дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар энэ цогц өөрчлөлт, шилжилтийг хийж чадсан нь түүхэн амжилт.

Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийн гол зарчмуудыг шингээн авч, өөрийн үндэсний уламжлалыг сэргээн бадрааж, жинхэнэ монгол ухаан, шүтэн барилдахуйн ухаалаг зарчим дээр суурилан хэрэгжүүлж чадсанаараа гайхамшигтай байсан юм. Тийм ч учраас ардчиллын 25 жилд үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёл маань сэргэн мандаж, монголоо дэлхийд өөрөөр таниулж чадсан юм.

Монголын ардчилал монгол хүн бүрийн сэтгэл оюунд хүрч, тэдний итгэл зүтгэлийг цогцлоож өгснөөрөө тусгаар тогтнол, бүх ард түмний эв нэгдлийн баталгаа болсон юм. “Та 1990 оны өөрчлөлтийг зөв гэж үздэг үү” гэсэн асуултад Монголчууд байнга 90-ээс дээш хувиар “тийм” гэж хариулсаар ирсэн нь гайхалтай өндөр үзүүлэлт. Монголчууд эдийн засаг нь харьцангуй сайн байх үед ч, хямралтай байх үед ч ардчиллыг хөгжлийн замаа гэж эргэлт буцалтгүйгээр үзсээр байгаа нь ардчилсан хувьсгалын гол баталгаа нь болж байна.

Гурав. Анхны ардчилсан сонгууль, түүний түүхэн ач холбогдол

1990 оны анхны ардчилсан сонгууль бол монголын ард түмний түүхэнд улс төр, эрх зүйн хувьд асар их үнэ цэнтэй, түүхэн ач холбогдол бүхий үйл явдал байсан юм. Сүүлийн жилүүдэд хийгдсэн олон тооны судалгаанд 1990 оны ардчилсан сонгуулийн ач холбогдол, үр дүнгийн талаар шинжлэх ухааны үндэстэй үнэлэлт, дүгнэлт хийсэн байдаг. ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс хийсэн ”Монгол Улс дахь сонгууль, сонгуулийн шинэ тогтолцоо” судалгаанд манай оронд сонгуулийн тогтолцоо үүсч төлөвшсөн түүхэн үйл явцыг тодорхой үе шатуудад хуваан ангилж судлахдаа 1990 оны ардчилсан сонгуулийг сонгуулийн тогтолцооны цогц шинэчлэлийн гарааны үе хэмээн онцолжээ.

Чухам энэ үед сонгуулийн үйл явц дахь уламжлал шинэчлэлийн залгамж холбоо хадгалахын зэрэгцээ хуучнаас шинэд шилжих амаргүй үйл явц хэрэгжсэн байдаг. Монгол Улсад өрнөсөн улс төрийн томоохон өөрчлөлтүүд, ардчиллыг хөгжүүлэх, хүний эрхийг хангахын төлөө хийгдсэн бодит алхмууд үндсэндээ анхны ардчилсан сонгуулийн угтвар нөхцөлийг бүрдүүлэх, сонгуулийг шударга зохион байгуулах, сонгуулийн үр дүнгээр төрийн байгууламжийг өөрчлөх гэсэн логик дараалал бүхий цогц үйл явц байсан билээ.

1990 онд АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн ҮIII чуулганаар БНМАУ-ын АИХ-ын депутатуудын сонгуулийн хуулийг баталж, түүнд орчин үеийн ардчилсан сонгуулийн түгээмэл зарчмуудыг тусгасан нь түүхэн том дэвшил байлаа.

АИХ-ын сонгуулийн тойргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр байгуулсан бөгөөд тойргуудад нэр дэвшүүлэх субъектийн хүрээг ихээхэн өргөтгөснөөрөө өмнөх үеийн сонгуулийн тогтолцоог үндсэнд нь халсан гэж үзэж болно. Энэ журмын дагуу нутаг дэвсгэр, үйлдвэрийн газар, байгууллага, түүний салбар нэгж, хөдөлмөрийн хамт олон, нам, олон нийтийн анхан шатны байгууллага, цэргийн албан хаагчдын хурал дангаараа буюу хамтран АИХ-ын депутатад нэр дэвшүүлэх эрхтэйн дээр хувь хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхээр хангагджээ.

Энэхүү сонгуулийг АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар байгуулагдсан 25 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн нутаг дэвсгэрийн комисс зохион байгуулж явуулсан нь өнөөгийн СЕХ-ны түүхийн эхлэл байлаа. Түүнчлэн тойрог, хэсгийн 9963 комисс сонгуулийг зохион байгуулж явуулсан бөгөөд эдгээр сонгуулийн комиссын бүрэлдэхүүнд 43.4 мянган хүн ажиллажээ.

1990 оны сонгууль хоёр үе шаттай болсон бөгөөд сонгуулийн 430 тойрогт 2413 нэр дэвшигч өрсөлджээ. 1990 оны долдугаар сарын 22-ны өдөр гурав ба түүнээс дээш нэр дэвшигчтэй тойргуудад эхний шатны санал хураалт явагдаж, санал хураалтад нийт сонгогчдын 98.0 хувь оролцсон нь чөлөөт ардчилсан сонгуулийн хувьд ихээхэн өндөр ирцэд тооцогдох билээ. Долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 29-ний өдөр хоёр дахь шатны санал хураалт 426 тойрогт явагдаж, сонгуулийн дүнгээр 422 депутат сонгогдсон байна. Сонгуулийн үр дүнг үндэслэн АИХ-ын суудлын 84.4 хувийг МАХН, 15.6 хувийг улс төрийн бусад намууд, Улсын бага хурлын суудлын 60.4 хувийг МАХН, 39.6 хувийг шинэ намууд эзэлсэн байна.

1990 оны анхны ардчилсан сонгуулийн үр дүн, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрэлдэн бий болсон хоёр шаттай, парламент бүхий төрийн байгууллагын тогтолцоог судлаачид шилжилтийн маягийн улс төрийн тогтолцоо хэмээн нэрлэдэг. Улс төрийн анхны энэ тогтолцоо нь Монгол Улс засаглалын хэлбэрийн хувьд шинэ сонголт хийж парламентын бүгд найрамдах улс болсны бодит илэрхийлэл байлаа. Анхны ардчилсан сонгуулийн үр дүн, түүнийг үндэслэн бүрдүүлсэн төрийн байгууллагын тогтолцоо нь бүрдэлтийн процессын хувьд нэлээд өвөрмөц онцлогтой байв. Энэхүү сонгууль нь Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхим бүхий Парламентыг сонгосны зэрэгцээ АИХ-ын депутатуудыг нэг мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай Парламент болох Улсын Бага Хурлаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгөх буюу пропорциональ тогтолцоогоор, Парламентаа сонгохдоо хосолмол тогтолцоог анх удаа хэрэглэсэн байна.

Ийм нөхцөлд парламентад олонхийн суудал авсан МАХН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх ёстой байлаа. Гэтэл цаг үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж эвслийн Засгийн газрыг байгуулсан юм. Энэ бол онолын хувьд болон олон улсын жишиг талаасаа ч ихээхэн өвөрмөц үзэгдэл байсан гэж судлаачид үздэг.

Энэхүү чөлөөт сонгуулийн үр дүн болсон БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1990 оны есдүгээр сарын 12-ноос хуралдаж түүгээр Улсын Ерөнхийлөгчийг сонгож, Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг баталж, Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсан байна.

Ийнхүү 1990 оны эрчимтэй өөрчлөлтийн оргил үед болсон анхны ардчилсан сонгуулийн үр дүнгээр Монгол оронд 70-аад жил ноёрхож ирсэн улс төрийн тоталитар дэглэм бүрэн нурж, ардчилсан шинэ зарчимд тайван замаар шилжих шилжилтийн үндсэн асуудал буюу төрийн байгууламжийн хэлбэр үндсэндээ шийдэгдсэн юм.

1990 оны сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурал 1992 оны нэгдүгээр сарын 1З-нд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаар Монголд шинэ нийгмийн байгуулал төлөвшин тогтох хууль, эрх зүйн суурь баталгаа бүрдсэн байна. Улмаар шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хууль тус тусдаа төрөлжсөн байдлаар батлагдан гарсан байна.

Дүгнэж хэлбэл, 1990 оны сонгууль нь: нэгд, Монголын анхны ардчилсан чөлөөт сонгууль байснаараа, хоёрт, чөлөөт сонгууль, ардчилалд монголчуудыг сургах анхны том сургууль болсноороо, гуравт, нийгмийн эрчимтэй өөрчлөлтийн үйл явц дахь улс төр, ардчиллын чиг шугамыг тууштай хамгаалан хөгжүүлэх үндсэн арга байснаараа, дөрөвт, сонгуулийн үр дүнгээр нийгмийн хуучин улс төрийн тогтолцоог халж, шинэ ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлснээрээ, тавд, Монгол Улсад шинээр үүсэн бүрдэж байсан олон намын тогтолцоо, иргэний нийгмийн бүтцүүд ардчилсан зарчмаар бэхжин хөгжих бодит боломжийг олгосноороо, зургаад, иргэдийн сонгох, сонгогдох эрх чөлөөний үнэ цэнийг олон нийтэд бодитой ойлгуулж чадсанаараа, долоод, сонгуулийн хууль тогтоомжийг олон улсын нийтлэг жишгийн дагуу боловсруулах анхны эхлэл байснаараа, наймд, ардчилсан тогтолцооны үеийн сонгуулийн байгууллагууд хэрхэн ажиллах анхны туршлагыг хуримтлуулснаараа, есд, ардчилал жинхэнэ утгаараа нийгмийн амьдралд бодит зүйл болж, улсынхаа бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан зэрэг олон учир шалтгаанаар Монголын улс төр, ардчиллын түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байсан юм.

Анхны ардчилсан сонгуулиас хойш бид сонгуулиас сонгуульд улам бүр туршлагаа арвижуулсаар байна. Монгол Улсад 2010 онд явагдсан иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, сонгогчийг бүртгэх үйл ажиллагааг бүхэлд нь улсын бүртгэлийн байгууллагад хуулиар шилжүүлсэн. Нэг сонгогч нэг жагсаалтад бүртгэгдэж, нэг удаа саналаа өгөх зарчмыг амжилттай хэрэгжүүлснээр сонгогчдын нэрсийн жагсаалт бодитой гарч, түүнтэй холбоотой гардаг маргааныг эцэслэх боломжтой болгосон юм. Түүнчлэн санал тоолох, дүн гаргах ажиллагааны үеэр ил тод байдлыг хангах, санал тооллогын үеэр ажиглагчдад саналын хуудсан дахь тэмдэглэгээг тодорхой харуулах, ажиглуулах үүднээс Улаанбаатар хотын бүх хэсгийн хороод, аймгуудын төвийн сумын бүх хэсгийн хороод хяналтын дүрс бичлэгийн камер ашиглах болсон байна.

Сонгуулийн үйл ажиллагаанд автомат техник хэрэгсэл ашигласан нь хүний буруу үйлдлээс хамаарах сөрөг үр дагавруудыг арилгаж, сонгуулийг будлиантуулах гэсэн аливаа хууль бус субъектив нөлөөг бүрэн зогсоож сонгуулийг шударга явуулах боломж бүрдүүлсэн.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 2011 онд батлагдаж, сонгуулийг зохион байгуулахад сонгогчийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох үйл ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах үндэс суурь нь тавигдаж, амжилттай хэрэгжүүлснийг бусад олон орон сонирхон судалж байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа 2012 оноос эхлэн гадаад оронд сурч, амьдарч байгаа монгол иргэдийнхээ санал өгөх эрхийг бодитой хэрэгжүүлж эхэлсэн билээ. Сонгуулийг мажоритар, пропорциональ системийг хослуулан явуулснаар гадаад улсад байгаа Монгол Улсынхаа иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх боломж бүрдсэн юм. Энэ талаар багагүй туршлага хуримтлууллаа. Бусдад үлгэр загвар болохуйц орчин үеийн дэвшилтэт техник, технологийг богино хугацаанд нэвтрүүллээ.

Хамгийн сүүлд ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн байгууллагын болон бусад орны 400 гаруй гадаадын ажиглагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг ажиглаж сонгуулийн үйл явц, зохион байгуулалтад өндөр үнэлгээ өгсөн юм. Лондонд төвтэй Олон Улсын Парламентын судалгааны төвөөс жил бүр олгодог Олон улсын “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч” 2013 оны шагналыг манай улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хүртээжээ. Энэхүү шагналыг Монгол Улс сонгуулийн үйл явцыг богино хугацаанд боловсронгуй болгож, сонгуулийн ардчиллын үнэт зүйлсийг сонгогчдод хүртээсэн, түүний дотор сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, сонгуулийг амжилттай зохион байгуулсан хэмээн үнэлж олгосон юм.

Дөрөв. Монголын ардчиллын гол сургамж

Ардчилал бол улс орнуудын онцлог байдалтай уусан шингэлцэж, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тогтсон универсал жоргүй, бүрэн гүйцэд тодорхойлолтгүй, хөгжлийн амьд процесс билээ. Энэхүү үйл явцад саар илүүц зүйл нь гээгдэн хоцроход түүнийг нь баяжуулан нөхвөрлөх шинэ шинэ давуу талууд ч гарч ирсээр байдаг. Товчхондоо бол эрсдэл, боломжийг зэрэгцүүлэн олгодгоороо онцлог билээ. Их усан эргэн буцаж урсдаггүйн адилаар та бид энэ голдиролдоо бүрэн зохицож цааш замнах нь гарцаагүй үнэн болно.

Бид 25 жилийн хугацаанд Ардчилсан зургаан сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Хамгийн сонирхолтой нь Монголын ард түмэн Монголын нялх Ардчиллыг төрөл бүрээр туршсан үнэхээр өвөрмөц сонголтуудыг энэ богинохон хугацаанд хийсэн юм. Бид гурван ч удаа төрийн бүх эрх мэдэл улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд сонгуулийн үр дүнгээр, тайван замаар шилжихийг харсан, нэг улс төрийн хүчин 90 хувийн санал авч бараг сөрөг хүчингүй, нэг үгээр хяналтгүй байхын зовлонг амссан, олонхийг бүрдүүлсэн ч ирцийн бүрдэлд ганц суудал дутахын хясланг туулсан, аль ч нам сонгуулийн үр дүнгээр олонхи болж чадалгүй, Эвслийн засгийн газар байгуулахын хэцүүг мэдэрсэн, улс үндэстнийхээ төлөө хүндрэл бэрхшээлээс гарахын тулд парламент дахь бүх улс төрийн хүчин хамтран өөрсдийн хүсэл эрмэлзлээрээ Их эвсэл-Хамтарсан засгийг байгуулж ажиллахын ч гэрч бас болсон.

25-хан жилд Ардчилсан сонгуулийн байж болох бараг бүх хувилбарыг угсруулан үзнэ гэдэг ховорхон завшаан. Бас хэцүүхэн сорилт байсан. 25-хан жилд бусад улсуудын ардчиллын 200 илүү жилийн түүхийг туулна, бас товчилно гэдэг Холливудын кино найруулагчид ч атаархмаар монтаж байх биз ээ.

•Монгол Улс нь ардчилал, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засгийг зарчмаа болгосон шинэ нийгмийг байгуулах 25 жилийн хугацаанд улс төрийн болон эдийн засгийн шинэтгэлийг нэгэн зэрэг явуулж үүгээрээ бүс нутгийнхаа болон бусад улс оронд үлгэр жишээ үзүүлж байна.

•Азийн ихэнх орон тухайн цаг үеийнхээ онцлог, түүх, уламжлалаасаа шалтгаалан эдийн засгаа либералчлахдаа улс төрийн хувьд нэлээд хатуу дэглэмээр удирдан явуулсан онцлогтой байдаг. Монголчууд бид хамгийн хүнд зам болох улс төр, эдийн засгийн шинэчлэлээ нэгэн зэрэг хамт явуулах бартаат замыг сонгон авсан юм. Өнөөдөр хамгийн чухал шийдвэрүүд Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын ойлголцлоор, Парламентад суудалтай улс төрийн намуудын хоорондох зөвшилцөөнөөр гарч байна. Энэ нь шийдвэр гаргагчдын хувьд үзэн ядмаар хэцүү зовлонтой ажил, гэхдээ Монголын Ардчиллын хувьд амь тариа, агаар ус нь болж байна.

•Ардчиллын үнэт зүйлс, зарчим, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн нийгмийг бидний өдөр тутмын амьдралын хэм хэмжээ болгох, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчид тооцдог болох, иргэний нийгмийн институцууд бий болж нийгэмд өөрсдийн байр сууриа эзлэх процесс нь цаг хугацаа шаардсан удаан ажиллагаа юм. Энэ нь өөрөө Монголын ардчиллын 25 жилийн түүх билээ.

•Ардчилал амьд үйл явц болохынхоо хувьд тогтолцооны төлөвшил, үйлчлэл, механизмтай холбоо бүхий бэрхшээл, сорилтууд гарч тэр бүрийг цаг тухайд нь зөв оношлон шийдэх шаардлагатай бид тулгарч байв. Бидний өмнө тулгарч байсан бэрхшээл сорилтыг шийдвэрлэж ирсэн туршлагаас дараахь бодитой сургамж урган гарсан юм.

•Үндсэн хуулиас эхлээд зарим хууль тогтоомжид эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг бүрэн гүйцэд суулгах шаардлага оршсоор байна. Өнгөрсөн 25 жилд хуримтлуулсан туршлага, алдаа оноондоо тулгуурлан Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт хийх ажил цаг хугацааныхаа хувьд ч тэр, агуулга асуудлынхаа хувьд ч тэр нэгэнт хойшлуулшгүй болжээ. УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг Монгол Улсын Засгийн газар бүхий л талаар дэмжин ажиллах болноо гэдгээ энэ дашрамд илэрхийлж байна.

•Хууль тогтоох эрх мэдлийн институцийн төлөвшлийг манайх шиг бага оврын парламентын онцлогт нийцүүлэх, улмаар хууль боловсруулах, батлах явцын төлөвлөлт хангалтгүй, хууль тогтоогчдод судалгааны мэдээлэл ашиглах, судалгаанд түшиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгцээ төлөвшөөгүй, чадвар дадал эзэмшээгүй байдал нь хуулийн чанар, хэрэгжих боломжид сөргөөр нөлөөлдгийг бидний өнгөрсөн жилүүдийн туршлага харууллаа.

•Иргэд сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд тогтолцоо, хуулийн хүчин зүйлсээс гадна улс төрийн намуудын үйл ажиллагаатай холбоотой бэрхшээл, хүндрэлүүд сонгууль бүрийн үеэр гарч байлаа. Сонгогчдын бүртгэл, сонгуулийн үеийн сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой будлиан, саналын хуудасны зөрчил, санал давхардалт, популизм хийж бие биенээсээ давах уралдаан, биелэгдэж хэрэгжихгүй амлалт, сонгогчдын санал худалдаж авах оролдлого зэрэг нь сонгуулийн дүн бодитой гарахад сөргөөр нөлөөлж, сонгуулийн ардчилалд ноцтой бэрхшээл учруулдаг нь бидний туршлагаас харагдаж буй гол сургамжуудын нэг мөн.

•Олон намын тогтолцооны төлөвшил удааширч, ухралт гарсан гэхээр байдал бий боллоо. Намууд улс төрийн институцийн хувьд шинэчлэгдэн төлөвших үйл явц удааширч зогсонги байдалд орсноор, баруун зүүн төвийн сонгодог зарчим дээр суурилсан намуудын үзэл баримтлал үнэт зүйлс эцэслэн ялгарч бий болоогүй байгаа зэргээс шалтгаалан улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл сулардгийг манай ардчиллын 25 жилийн туршлага харуулж байна.

•Иргэдийн улс төрийн боловсрол, соёлын хэмжээ доогуур, ардчиллын үнэт зүйлс, идеал буюу чин эрмэлзэл нь хэт ерөнхий байгаа учраас ардчилсан институт, ардчиллын механизмууд амьд бүтээлчээр үйлчилж чадахгүй байна. Иргэдийн улс төрийн боловсрол, ардчиллын талаарх мэдлэгийг дээшлүүлэхгүйгээр ардчиллын хамгийн гол баталгаа болсон шударга ёс, хариуцлагын дархлаа олигтой бүрддэггүй гэдэг нь бидний туршлагаас тодорхой харагдлаа.

•Төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх талаар тодорхой алхам хийж, төрийн албаны хуулийг дорвитой шинэчлэхгүй бол төрийн албаны чадавхи сул, үйл ажиллагаа нь олигтой зүгшрэхгүй байна. Төрийн мэргэшсэн чадварлаг, хараат бус албыг буй болгох нь ардчиллын чухал хүчин зүйл гэдгийг манай ардчиллын туршлага харуулж байна.

•Мэдээлэл олж авах иргэдийн эрх чөлөө, иргэдийн мэдээлэл хүртэх эрхийн үзүүлэлтүүдээр иргэд, нийгмийн бүлгүүдийн хооронд харилцан адилгүй байдал байсаар байна. Орчин үеийн ардчилалд иргэдийн мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах эрх чөлөөний баталгаа нэн чухал гэдгийг бид туршлагаасаа олж мэдлээ.

•Шүүхийн шинэчлэлийн эрчийг удаашруулахгүй, шүүх эрх мэдлийн байгууллагуудын нэр хүндийг олон түмний дунд өндөр байлгах нь ардчиллын хамгийн чухал баталгаа гэдгийг бидний туршлага нотоллоо.

•Ардчилсан сонгуулийн үр дүнгээр үүсдэг төлөөллийн ардчиллын байгууллагууд нь шийдвэр гаргахдаа иргэний нийгмийн болон иргэдийнхээ санаа бодлыг хэрхэн сонсож, тусгаж байх, тэдний оролцоог журамласан эрх зүйн зохицуулалт нэн чухал гэдэг нь ардчиллын хөгжлийн өнөөгийн түвшнээс их тод харагдаж байна.

•Иргэний нийгмийн байгууллагууд ардчиллын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа боловч иргэний нийгмийн уламжлал багатай улс оронд өрнөж буй эрчимтэй өөрчлөлтийн үед тэдгээр байгууллагын төлөвшил хөгжил өөрчлөлтийн хурдцаас хоцрох хандлагатай байдаг нь бидний туршлагаас бас харагдаж байна.

Ийнхүү Монголын ардчиллын туршлагаас төрсөн сургамжууд нь ардчиллын цаашдын хөгжилд алдаа эндэгдэл бага гарах, илүү үр нөлөөтэй байхын нэг үндэс болж, ардчиллын чанарыг сайжруулах чухал сурвалж болсоор байна. Монголын залуу ардчилалд алдаа гарахыг үгүйсгэх аргагүй ч гарсан алдаагаа хүлээн зөвшөөрөх, хурдан хугацаанд засч залруулах чадвартай байх зарчим хангагдсан байх ёстой. Учир нь Ардчилал бол үргэлжийн арчилгаа шаардсан өглөө бүр тордон усалж байдаг мод зүлэгтэй адил гэмтэж үрэгдэх эмзэг тогтолцоо гэдгийг бид мартах учиргүй.

Ардчилсан хувьсгалын Монгол загвар бүс нутгийн болон бусад улсуудад ч үлгэр жишээ болж байна. “Мориныхоо нуруунаас буулгүй дэлхийн талыг эзлэх амархаан. Харин мориноосоо буугаад төр улсаа төвхнүүлнэ гэдэг амаргүй” хэмээсэн Их эзэн хааны хэлсэн үгийг энд сануулахад илүүдэхгүй болов уу. Үнэхээр гартаа мод чулуу, зэр зэвсэг бариад хувьсгал хийх харьцангуй амархан, харин гартаа хүрз зээтүү, багаж бариад шинэ амьдрал бүтээн бий болгоно гэдэг хамаагүй төвөгтэй.

Дэлхий ертөнц даяаршин хөгжиж буй шинэ нөхцөлд ардчиллын агуулга хэлбэр, механизмыг боловсронгуй болгож, түүнийг онол, үзэл баримтлал, арга зүйн хувьд хөгжүүлэх явдал чухал. Үндсэн хуулиа улс орныхоо хөгжлийн асуудалтай нийцүүлж шинэчлэн өөрчлөх, улс төрийн намуудыг 21-р зууны хөгжлийн шинэ шаардлагад нийцүүлэх, тэдний санхүүжилтийн эх үүсвэрийг зохистой шийдвэрлэх, орон нутагт жинхэнэ эрх мэдэл, эдийн засгийн бололцоог олгох бодит шаардлага бий болоод байна.

Эрхэм зочид оо,

Хатагтай ноёд оо,

•Хүний эрх, эрх чөлөөгөө тунхагласан, шинэ ардчилсан Үндсэн хуультай, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө эдэлсэн Монгол оронд Монгол хүн гэдгээрээ бид өнөөдөр нэгэнт бахархах болжээ. Өнгөрсөн 25 жил бид иргэний болон улс төрийн эрхээ бодитой хэрэгжүүлж чадсан гэдгээ дэлхий нийтэд нэгэнт харууллаа.

“Би Монголд төрсөн юм” гэдэг хүний эрх, эрх чөлөө ханхалсан улс төрийн энэ ололтоо, Бид “Монголд үйлдвэрлэв” гэдэг эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн хөгжил дэвшлээрээ баяжуулах цаг маань биднийг бас хүлээж байна. Ардчиллын дархлаа нь хүчирхэг эдийн засаг байдаг. Сул дорой эдийн засагтай оронд ардчилал жинхэнэ утгаараа хөгжих боломжгүй. 2015 оноос дараагийн 25 жилд хүчирхэг эдийн засагтай, чинээлэг нийгэм бүхий Монгол орныг цогцлооё. Энэхүү нийгмийг цогцлооход ажил хөдөлмөртэй, мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг монгол хүн юу юунаас чухал.Ардчиллын түүхийг монголчууд бид хамтдаа бүтээсэн. Тиймээс энэ 25 жилийн алдаа нь ч биднийх, оноо нь ч биднийх. Одоо туулж өнгөрсөн замаа эргэцүүлж ухрах бус, туулах замаа бодож урагшлах цаг үе бидний өмнө байна. Ирж буй цаг бүхэн эвсэж нэгдэх, эрчтэй бүтээхийг шаардаж байна.

Монголын ардчилал 25 дөнгөж гарсан цэл залуугаараа байна. Монгол Улсын хөгжлийн хөтөч нь Ардчилал юм. Харин ардчиллын хөтөч нь та бид өөрсдөө билээ. Та бидний хичээл зүтгэлээс, хийхээр төлөвлөсөн хөгжлийн бодлогоос ардчилал эрийн цээнд хүрэх эсэх нь, Монгол Улс маань бүрэн ардчилсан улс болж бусдыг манлайлах эсэх нь шууд шалтгаална.

•Ардчилсан үйл явц үргэлжилсээр… Ардчилсан хувьсгалын түүхийг бид бүтээсээр байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа

Сонины гуравдугаар нүүрт нийслэлийн эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр болох тавдугаар цахилгаан станц барих асуудал гацаанаас гарсан талаарх нийтлэл багтсан бол долдугаар нүүрэнд хуримын цогц үйлчилгээний талаарх сурвалжлагыг багтаалаа. 2013 оны нэгдүгээр сард Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд албаны нохой бэлтгэх төлөвлөгөө гаргаж, Гаалийн ерөнхий газартай хамтран 240 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Баянчандмань суманд байх нохой сургалт бэлтгэлийн цогцолбороо байгуулжээ. Тус цогцолборт нэгэн зэрэг 30 нохой сургах бололцоотой бөгөөд сургалт гурван сар гаруй үргэлжилнэ. Тэгвэл гурав хоногийн өмнө энэхүү сургалтын гуравдугаар ээлжид хамрагдсан ноход төгсөлтөө хийлээ. Энэ удаад немц, бельги болон орос овчаркуудаас гадна монгол банхар, лобрадори үүлдрийн 20 гаруй нохой сургажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Хилчин ноход төгсөлтөө хийлээ” хэмээх сурвалжлагад багтлаа.

Түүнчлэн “Хэлэх эрхийн индэр”, “Өд бэх”, “Өдрийн зочин”, “Гэмт хэргийн тойм”, “Гал тогоо”, “Амрах агшин” болон “Нэг анги” зэрэг тогтмол булангуудаа багтаалаа. “Өд бэх” буланд яруу найрагч Б.Галсансүхийн “Зохиолч Б.Ойдовын уйгаржин бичиг шүлгийг дунд сургуулийн сурах бичигт оруулмаар санагддаг” гэх нийтлэл орсон бол үүнтэй зэрэгцээд яруу найрагч Г.Лхагвадоржийн “Зүрхэн цохилго” номын шүлгийн дээжсээс шигтгэж өгчээ. Энэ удаагийн өдрийн зочин буланд нисэх загварын чөлөөт нислэгийн дэлхийн аварга М.Гонгорыг урилаа. “Гал тогоо” буланд улаан лоольтой амтат үхрийн чанасан мах бэлтгэх жорыг нийтэллээ.