Month: August 2015
Нийгэмд хүлээлт үүсгэсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан билээ. Энэ талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Бизнес эрхлэгчдийг өршөөлд хамруулах, тэдний нуугдмал хөрөнгийг ил болгох хуулиудыг өмнөх парламентын үед ч баталж, мөрдөж байсан. Тухайн үед уг хуулийг сурталчилж байсан хүний нэг бол та. Тэдгээр төслийн хэрэгжилт ямар байсан талаар яриагаа эхэлье гэж бодлоо?
-1992 онд манай улс чөлөөт зах зээлийг сонгож иргэд маань өмчтэй болсон. Хувиараа аж ахуй эрхлэхийг Үндсэн хуулиараа олж авсан. Компани байгуулах, өмчөө захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ бол Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд тусгагдсан хамгийн нандин чухал эрхүүд юм. Энэ эрхийг баталгаажуулах зүйл нь иргэний өмчөө төрд бүртгүүлдэг явдал байв. Төрөөр өмчөө хамгаалуулах анхны хэлбэр нь энэ юм. Дараа нь бизнес эрхлэх чөлөөтэй эрх олж авсан боловч төртэй татварын системээр холбогддог. Тэгэхээр татварын систем, бодлогын үндсэн үүрэг нь тэр иргэний аж ахуй эрхлэх эрхийг тасралтгүй хамгаалах, өмчөө захиран зарцуулах эрхийг нь хамгаалахын төлөө ажиллаж байх ёстой. Үүн рүү бид явж чадаагүй учраас байнга Өршөөлийн хууль ч юм уу, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн механизмыг хэрэглэх гээд байгаа нэг оролдлогууд бий. Энэ алдааг одоо харж байгаа юм биш. 2005 оноос хойш болохгүй байна гэдгийг нь мэдээд 2006 оны зургадугаар сарын 19-нд “4:10”-ын бодлогоор бүх татваруудаа баталсан. Тэр үед аж ахуйн нэгжүүд 45 хувийн татвар төлдөг байлаа. Тэрийг дээрх бодлогын хүрээнд 25, 10 хувь болгоод бүх шатлалыг нь багасгасан.
-Тэр үед аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгөө ил болговол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн түгшүүртэй байсан байх аа?
-Тухайн үед манай улсад 43 мянган аж ахуйн нэгж байсан. Нийтдээ 750-иад мянган иргэн аливаа нэг хэлбэрийн татвар төлдөг байв. Гэтэл үүнийг хаа, хаанаа сурталчлаагүй. Өөрсдөдөө ашигтай зүйл хийж байна гэсэн хар төрүүлсэн. Энэ механизмыг зөв явуулаагүйн тод жишээ бол зургаан сарын хугацаанд хэрэгжих хууль батлагдсан байхад дөрвөн сар 13 хоногийн дараа Сангийн яам, Татварын ерөнхий газар тэр хуулийг яаж хэрэглэх тухай журам гаргасан. Тэгээд дараа нь сар гаруйхан хугацаа үлдсэн байв. Миний хувьд хуулийн талаар сурталчилгаа хийж байхад 2200 иргэн, 2800-гаад компани хамрагдсан. Тэд дөрвөн тэрбум ам.долларыг ил болгосон. Ингэж 18 жил явсан буруу бүртгэл, буруу тооцоо, буруу хяналт, хар зах зээлийг ил болгосон юм. Тэгээд татвар төлдөг үндсэн 2000 гаруй компани ашиглаж чадсан. Цаана нь 41 мянган компани бараг ашиглаж чадаагүй. Тэрийгээ тайлбарлахдаа шударга улсууд нь ашиглаж чадаагүй гэдэг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Гол нь айдастай, мэдээлэлгүй байсан. Төр өөрөө буруу сурталчилгаа явуулсан. Тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газар “Энэ бол түр зуурын хууль шүү. Шинэ гарч ирсэн Засгийн газар албаар орлогыг чинь мэдэж авчихаад нөхөн татвар тавих гэж байгаа” гэж эсрэг сурталчилгаа хийгээд сууж байсан. Үүнээс болж айдаст автсан хэрэг. Социализмын үед иргэд маш их өмчөө хураалгаж байсан. Тэр үед татварын системийн үндсэн үүрэг нь хүнийг өмчгүй байлгахын төлөө байв. Тиймээс иргэдийн тэр их айдас хүлээс нь 2008 онд ч хэвээр байсан. Хуулиар нөхцөл бололцоог нь олгочихоод байхад ашиглаж чадаагүй. Ингээд 2008 оны нэгдүгээр сарын 21-нд Татварын өршөөлийн хууль гарсан. Өршөөлийн хууль гэдэг бол Их хурлын онцгой эрхэнд өршөөл үзүүлэх юм. Шүүхээр шийдэгдчихсэн эсвэл эрх бүхий байгууллагаас ял зэм авчихсан ийм улсуудыг өршөөж байгаа. Нөгөөдөх нь аливаа тэр процесс нь хүчний байгууллага юм уу хяналтын байгууллагаар илрээгүй тийм хөрөнгөө ил гаргасанд хамааралтай. Тиймээс өнөөдөр хоёр хууль дахиад яригдаад байгаа юм.
-Одоо яригдаад байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлахгүй удсанаар манай эдийн засаг туйлдаа хүрсэн гэх юм. Эдгээр хууль хэрэгжиж эхэлбэл үр өгөөж нь ямар байх вэ?
-Өнөөдрийн хувьд ямар үр дүн гарсан бэ гэхээр 2008 оны хуулийг хоёрхон хувьд нь хэрэглэснээс хуулийн тэгш бус үйлчилгээ гараад ирсэн. Нөгөө талаас манай эдийн засаг 17 хувь өслөө. Тэр өсөлтөд нөлөөлсөн зүйл бол “4:10”-ын бодлого, өмнө гарсан хоёр хууль байсан юм. Дээр нь ашигт малтмалын үнэ нэмэгдсэн. Манайхан зөвхөн ашигт малтмалын ханш өссөнтэй холбоод байдаг. Цаана нь бол Оюу толгой дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байх үед яг дотоодын хөрөнгө оруулалтаас ийм хэмжээний ам.доллар ил гарч байсан. Энэ найман тэрбум ам.доллар чинь манай эдийн засгийн хөгжилд маш нөлөө үзүүлсэн. Тэр үеийн 17 хувь хүрчихсэн эдийн засгийг микро эдийн засаг руу шингээх гээд буцаагаад алдчихсан. Дараа нь 2013, 2014 онд төрийн сангийн бодлогыг хойш нь тавиад төрийн мөнгөний бодлогыг оролдоод үзье гээд Д.Алтанхуягийн Засгийн газар Монголбанктай нийлж байгаад Үнэ тогтворжуулах хөтөлбөр, УИХ-аас эрх аваад бондын мөнгө гаргалаа шүү дээ. Зах зээл рүү бараг таван тэрбум ам.долларын мөнгө орж ирсэн. Гэтэл энэ мөнгө буцаад микро эдийн засаг руу шингэдэггүй. Эдийн засгийн 17 хувийн өндөр өсөлттэй макро эдийн засгийн үед ч гэсэн мөнгөний бодлогоор зах зээл рүү их хэмжээний мөнгө оруулсан ч гэсэн микро руу шингэхгүй байна гэдэг бол аж ахуйн нэгж иргэдийн санхүү бүртгэлтэй холбоотой. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань 1999 оны хуурамч тайлантай, 2-3 баланстай явж ирсэн учраас саяын хоёр ололт шингэхгүй гадуур нь урсчихаад байгаа юм. Тиймээс үүнийг шингээхийн тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ерөөсөө хөрөнгө бүртгэл, тайлан балансыг шинээр эхэлье гэж том түвшинд харж байгаа юм. Бид шударга ёс гэхээс илүү эдийн засгийн үр дүнг хараад байгаа юм. Статистикийн мэдээгээр 32-34 хувь нь хар зах зээлд мөнгө эргэлдэж, манай эдийн засгийн тооцоо бүртгэлд орохгүй байна.
-Энэ хууль батлагдсанаар бизнес эрхлэгчид жижиг, том гэлтгүй бүгд нэг гараанаас эхлэх боломж бүрдэнэ гэж яригдаад байгаа. Санхүү бүртгэлийн системд орох өөрчлөлтийг нь хэлээд байна уу?
-НӨАТ-ын шинэчилсэн найруулга батлагдчихлаа. Дараа нь манай бүх татвартай холбоотой хуулиуд өөрчлөгдөнө. Татварын ерөнхий хуульд ч өөрчлөлт орно. Дахиад бид дүрмээ шинээр эхэлж байгаа юм. Дүрэм шинэчлэгдэж байгаа болохоор гарааг шинээр эхэлнэ. Нөгөө талаас нэгэнт эдийн засаг уналттай байгаа энэ үед шинэчлэлт хийх бололцоо гарч ирдэг. Монгол Улсын нийгмийг бүх хүн, жижиг том гэлтгүй компаниуд бүрдүүлж байгаа.Тэгэхээр тэдэнд нэг удаа санхүүгийн эрх чөлөөг нь олгочихъё. Бүх бүртгэлийг шинээр хийчихье. Монгол Улсад сүүлийн 25 жилд маш их баялаг бий болсон. Хувь хүний өмч, аж ахуйн нэгжийн өмч. Энэ баялгийн хуваарилалтаа хийж чадахгүй байгаа юм. Нэгэнт тайлан нь тав, арван жилийн өмнөөс худлаа явчихсан бол үндсэн том хөрөнгө нь бүртгэгдэхгүй байгаа юм. Тэгэхээр ДНБ-ий тооцоо буруу гардаг гэсэн үг. Бүгдийг бүртгэчихвэл 22 их наяд төгрөгийн мөнгө эргүүлж байгаа бол бүртгэлийн дараа 7-8 их наяд бараг гарна. 30 их наяд болчихвол бид шал өөр тооцоо хийх бололцоо гараад ирж байгаа юм. Дүрэм эхэлбэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ гараагаар явна.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль одоо ч эсэргүүцэлтэй тулгарч, хаврын чуулганаар хэлэлцэх явцад нь МАН завсарлага авсан…
-Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хоёр том субъект бий. 2008 онд дөрвөн тэрбум ам.долларыг ил болгож байсан. Бүхэл бүтэн төрийн механизмыг ашиглаж тийм их хөрөнгийг нууж чадаж байсан. Энд төр хамжилцсан. Тэрнээс хувь хүн, компани чадахгүй. Тэр хөрөнгийг ил болгосноор эдийн засаг 17 хувьд хүрэхэд тэдгээр компаниудын орлого 3-5 дахин нэмэгдсэн. Энэ бол маш сайн. Харин ашиглаж чадаагүй нь доошоо орсон. Тэгэхээр хуулийн төслийг эхний эсэргүүцэж байгаа нь энэ давуу, монополь байдлаа авч үлдэхийн тулд зах зээл рүү өөр этгээдүүдийг оруулж ирэхийг хүсэхгүй байна.
Өнөөдөр Монгол Улсад 95 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй. Хууль батлагдсан тэд бүгд шинэ тайлан баланстай ороод ирнэ. Тэгэх юм бол зах зээл дээр 95 мянган шинэ тоглогч гараад ирж байгаа юм. Өнөө 2800 тоглогч дээр 95 мянган шинэ тоглогч нэмэгдэхээр сандарна даа. Үүнээс айж байгаа юм. Нөгөө нэг хэсэг нь хуулийн аливаа нэг доголдлыг ашиглаж, хүч хэрэглэдэг бүхэл бүтэн систем бий болчихсон. Тэд энэ хоёр хуулиас айгаад байгаа юм. Дахиж тэдний дарамтад нь орох, шантаажид нь орох, авлига өгөх хүн байхгүй болчихно. Бүх юм ил болно. Сүүлийн гурван жилд 11240 компанийн захирал, нягтлангууд цагдаад очиж байцаагдсан. Тэд зөвхөн Эрүүгийн хуулийн 166-аар байцаагдаж байгаа юм. Манай үндсэн татвар төлж байгаа компани 10 мянга л байдаг. Өнөөдөр эрүүгийн хуулийн ганц заалтыг тодорхой бишээс болоод манай бүх аж ахуйн нэгжийг, баялаг бүтээдэг хүнийг дарамталдаг гол хэрэгсэл болсон. Үүндээ хүчний байгууллагыг ашигладаг. Зах зээлд ширүүн өрсөлдөөн байдаг. Тэр өрсөлдөөнийг буруу талаар ашиглаж, өрсөлдөгчөө дарахын тулд хүчний байгууллагад матаас бичдэг ажилтай болжээ. Нөгөө талаар арав гаруй мянган аж ахуйн нэгж цагдаад дуудагдсан шалтгаан бол 2008 онд гарсан хуулийг таатай ашиглаж чадаагүйгээс хэлмэгдсэн юм. Жишээлбэл, гурван жилийн өмнөх татвар дээр акт тавьдаг. Татвараа төлж чадаагүй бол хүү, алданги тавьдаг.
-Тэгвэл хууль батлагдсанаар энэ нь яаж өөрчлөгдөх юм бэ?
-Ногоо тарьж байгаа хүн нягтлан бодох бүртгэл хийнэ гэж байхгүй. Тэгэхээр жижиг аж ахуйн нэгжүүд тусгай тайлан гаргадаг санхүүгийн компаниудаар тайлангаа гаргуулж байх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн ажилтанд жилдээ 10 сая төгрөгийн цалин өгч байна. Тэрний оронд жилдээ нэг сая төгрөг төлөөд санхүүгийн компаниудад даатгачих хэрэгтэй. Хялбаршуулсан системд оруулна гэсэн үг. Энэ бол Америкт ч, Солонгост ч хэрэгжээд явж байгаа практик. Аль болох санхүү бүртгэлийг хялбаршуулсан маягаар өгөөд нөгөө бизнес хийж байгаа өсөх процессыг гаргаж өгөх ёстой. Өнөөдөр манайд 23 мянган нягтлан байдгийн дийлэнх нь хуурамч тайлан гаргаж байна. Монголын асар том оюуны бүтээл хэрэггүй цаас болж хувирч байгаа. Одоо энэ санхүү бүртгэлийг тусд нь гаргаад энэ 23 мянган нягтлан цэвэр мэргэжлийн нягтлан бүртгэлийн компани байгуулчих хэрэгтэй. Монголд 300-400 компани байгуулчихаж болж байна. Харин том компаниуд нь санхүүтэйгээ явж байна биз. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд татвар төлөх журамт үүрэгтэй. Хувь хүний орлогын албан татвар татварын үндсэн суурь байх ёстой.
-Үүнийг хянах механизмыг нь яаж зохицуулж байгаа юм бол?
-НӨАТ-ын хоёр хувьд буюу тухайн татварын 20 хувийг буцааж өгнө гэж байгаа. Энэ нь хоёр янзын системтэй. Нэг нь карт уншуулах юм. Банкныхаа картыг уншуулаад талх авахдаа ч НӨАТ төлж байгаа шүү дээ. Тэгвэл үүний 20 хувь нь таны данс руу буцаад орно. Тэгэхээр бүх үйлчилгээндээ карт уншуулах болно. Энэ бололцоо нь манайд байгаа. Техникийн талаас асуудалгүй. Үүнийг хэрэгжүүлэх алхмуудыг Татварын ерөнхий газраас хийгээд эхэлсэн. Карт уншдаггүй газар талоноо уншуулна. Талоноор улс даяар том лото явах юм. Тэгэхээр хүн бүр талон аваад сурчихна. Харин талон өгдөггүй газар аяндаа зах зээлээс гарна. Сонгодог утгаар татвар төлж байгаа нь татварыг хянаж чаддаг. Энэ цагираг битүү болж эхэлнэ. Үр дүн нь 2017 оноос гарна. Тиймээс УИХ-ын 76 маань энэ долоо хоногт хуулиудаа батлаад өгөөсэй гэж хүсч байна. Тэгэхгүй бол бид хохирч үлдэнэ.
-Татварын өртэй компаниудыг Өршөөлийн хуульд хамруулаагүй нь нэг талдаа шүүмжлэл дагуулсан. Тэднийг өршөөх нь зөв үү гэдэг асуудалтай ч тулгарсан. Таны байр суурийг сонирхъё?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулийн голоор нэг хэсэг этгээд алга болчихлоо гэдгийг МАН-ын зүгээс тавьж байгаа нь зөв юм. Акт тавиулсан хүмүүсийг хуульд хамруулаагүй. Онолынхоо хувьд Өршөөлийн хуулиар орчихно гэтэл Татварын ерөнхий хуулийн 73 дугаар заалтыг оруулаагүй байна лээ. Тэгэхээр тэд хэлмэгдчихэж байгаа юм. Тэр улсуудыг энэ хоёр хуульд хамруулахгүй бол яриад байгаа сөрөг үр дагавар болно. Сайн ч муу ч татвартай харьцаж байгаа улсуудаа жагсаалын гадна гаргах гээд байна. Төслийг хэлэлцэх явцад засах болов уу.
М.МӨНХЦЭЦЭГ
Зохиол бүтээл туурвидаг хүмүүс урам онгодоор тэжээгдэж явдаг. Хааяа бас үнэн үгээ хэлж байх хэрэгтэй. Сүүлийн үед үнэнээсээ худал нь давамгайлаад байдаг болчихож. Социализмын үеийн арын хаалга гээч нь өнөө үеийн ардчиллын авлига, хээл хахууль гэдэг шиг болчихож. Тиймээс үнэхээр чанартай зохиол бүтээл бичсэн бол тэр тухай хэлэх нь зүйн хэрэг. Тийм учраас би өөрийн үеийн зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” романыг сайн зохиол болжээ гэж хэлсэн. Гэтэл үүнээс болж үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг шиг манай үеийн зарим уран бүтээлчид надад их дургүй болсон. Тэглээ ч би сайн зохиол бүтээлийн тухай бол дуугарна. Энэ удаад би зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын гурван бүтээлийн талаар үгээ хэлье гэж бодож байна. Ойдов зохиолч маань үргэлжилсэн үгийн зохиол ч бичдэг, шүлэг ч бичдэг, жүжиг ч бичдэг, нэг ёсондоо “төгс цэрэг” гэдэг шиг төгс зохиолч юмаа.
Хүмүүс зохиол бичихийг их амархан гэж ойлгодог болчихож. Төв цэнгэлдэхэд 5000 төгрөгөөр цуглуулсан хүмүүсийнхээ өмнө гараад толгой холбож ярихыг хүртэл яруу найраг гэж боддог болчихож. Тэгээд ер нь шүлэг бичихийг бол амархан гээд ойлгочихож. Уран сайхны кинон дээр хүртэл шоронгийн нэг хулгайчийг толгой холбоод хэлэхэд “Болор цом”-д орчихмоор юм гэх маягаар дөвийлгөж, утга зохиолыг доромжилж байх жишээтэй. Ер нь бол нэг толгой холбоод, А үсгээр эхэлсэн бол А үсгээр үргэлжлүүлээд хэлчихвэл шүлэг гээд ойлгодог болчихсон байна. Тэгэхээр өнөөгийн энэ мэт төөрч будилсан ээдрээтэй цаг үед жинхэнэ яруу найраг, уран зохиол туурвина гэдэг бол хэцүү. Энэ хэцүү давааг амжилттай давж гараад сайхан зохиол бүтээл туурвиж, олны талархал хүлээж яваа хүн бол Ойдов зохиолч юм.
Түүний “Айн Жалудын цавчилдаан” хэмээх туужийн тухай онцолж хэлмээр байна. Энэ тууж бол үнэхээр чанар чансаатай зохиол болсон. “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан түүхэн сэдэвт туужийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл. Арабын ертөнцийг донсолгосон Айн Жалудын тухай нийтлэлч Б.Номинчимэд түүхэн нийтлэл бичиж байсан. Би бас Айн Жалуд, Хитбуха жанжны тухай шүлэг бичсэн. “Арабын Хавар”-ын эцэг Хүлэгү алалдан дайтсаар Хэтбуха жанжинг Айн Жалудад үлдээн Улаан тэнгисийн эрэгт шүр няслуулсан түүх” гэдэг бүлэг шүлэг. Ойдов зохиолч бас Айн Жалуд, Хитбуха жанжны талаар тууж бичлээ. Түүний “Айн Жалудын цавчилдаан” тууж бол үнэхээр гайхамшигтай сайхан бичигдсэн. Бямбын Ренчин гуай нэг сая монгол үг бий гэж тодорхойлсон байдаг. “Айн Жалудын цавчилдаан” туужийг бичихдээ зохиолч маань яг л эмнэг сургаж байгаа аятай монгол үгийг урамтай сайхнаар булгиулж, урамтай сайхнаар номхруулжээ. “Төрт ёс-Хаадын сан”-гийн тэргүүн Д.Гүн-Үйлс энэ туужийн тухай “Дэлхийн сонгодгийн хэмжээнд бичигдсэн” гэж үнэлсэн байхыг би олж үзсэн. Бас соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав гуай энэ туужийн тухай санал бодлоо бичсэн байна лээ. “Айн Жалудын цавчилдаан”-ыг би бүтнээр нь уншсан. Ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр үнэхээр л тухайн цаг үед өөрөө яваад оччихсон юм шиг санагдсан. Энэ туужийг уншсаны дараа манай монголчууд ямар бахархмаар түүхэн замналтай, бичээд бичээд барагдашгүй, үнэхээр яндашгүй сайхан баялаг түүхтэй улс вэ гэх бодол төрсөн. Тэгэхэд Солонгос улс өнөөдөр түүх зохиох гэж ядаж байна шүү дээ. Тэгтэл манай захын нэг жанжин хаа холын Арабын ертөнцөд очоод л дуулиан тарьж байдаг. “Айн Жалудын цавчилдаан” туужаар монгол цустан хүн бүхэн бахархах сэтгэл төрнө. Энэ тууж бол Ойдов зохиолчийн ирээдүйд бүтээх агуу их романых нь эхлэл, өмнөх бие халаалт дасгал болж байна уу гэж бодогдсон. Ийм том, чадалтай бичигдсэн зохиолоор ингэж бие халаалт хийж байгаа юм чинь дараа нь бичих роман бол лут бүтээл болох байхаа гэж бодож байна. Зохиолч маань энэ туужаараа сэтгэл битгий ханаасай.
Өнөөдөр Монголынхоо төлөө тэмцье гээд зарим нэг нь буу шийдэм бариад шоронд хүртэл орчихсон байна. Зарим нэг нь Чингис хааны талбай дээр үсээ хүртэл хусч байна. Үс, сахал хусахыг хүртэл улс төр, сонгуулийн бэлтгэл ажил болгочихсон байна. Харин Ойдов зохиолч бол улс төрийн шүлгээрээ нийгмийг цэвэршүүлдэг. Өнөө цагт улс төрийн шүлэг бичдэг хүн ховордсон. Энэ орон зайг түүний “Төрөөс төрсөн тэрбумтан”, “Хувьсгал мандтугай” гэх мэтийн шүлгүүд нөхөж байдаг. Мөн тэр өнөөдөр Монголын утга зохиолд өөр нэгэн орон зайг эзэгнэж байгаа нь хошин элэглэлүүд нь юм. Найрагч маань сүүлийн гурван жил дараалан “Болор цом”-д элэглэл уншсан. Өнөөдөр түүн шиг элэглэл бичдэг хүн байхгүй байгаа. Ахмадууд нь элэглэл бичихээ байсан, залуучуудаас сайн элэглэл бичдэг хүн төрөхгүй байна. Элэглэлээс гадна түүний утга уянгын шүлгүүд бол сайн. Би энд түүний “Уйгаржин бичиг” гэдэг шүлгийг онцолмоор байна.
“Хана Хэрэм шиг ханз үсгийн голоор
Хага цохин цуулах уйгаржин бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр
Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн нуруунд
Хавж шаасан сум шиг хангал бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн цээжинд
Хадаж сийлсэн шүлэг шиг монгол бичиг минь…” гэж эхэлдэг шүлэг. Болдогсон бол энэ шүлгийг дунд сургуулийн уран зохиолын сурах бичигт оруулаад, хүүхэд болгоноор цээжлүүлмээр санагдаад байгаа юм. Энэ шүлэг цаашаа ингэж үргэлжилдэг.
“…Аянгын утга, хурмастын лүндэнг өөртөө шингээж
Аадрын үүлнээс газар луу харвасан тэнгэрийн цахилгаан юм, та
Ааг омгоо багтааж ядсан талын зэрлэг нүүдэлчдийг
Атгаж цуглуулаад Азийн төвд хатгасан алтан гадас юм, та
Хөх толбот Монгол үрсийнхээ амьдрах цаг хугацааг
Хүй ургаар нь агуулж хадгалсан тэмдэглэгээ юм, та
Огторгуйн хязгаар, хээрийн салхинд бүрэлдсэн гоц санааг
Ойртуулан хурааж орон зайг товчилсон ойллого юм, та
Хүн, Сүмбэ, Нирун гүрний дээдсийн
Хөшөө чулуунд үлдээж чадаагүй бодол нь юм, та
Уйгар, Түрэг, Кидан өвгийн хаадаас
Уураг тархиа хуулж шингээсэн зардас нь юм, та…” гэх маягаар урсдаг.
Би бол уран зохиолыг шинэлэг байгаасай, модерн байгаасай гэж хүсдэг. Модерн гэдэг маань шинэлэг гэсэн үг. Зарим нэг хүн уламжлалаа хадгална, уламжлалаа баримтална гэсээр байгаад хуучин өмнө нь бичсэн яруу найрагч, зохиолчдынхоо бүтээлийг давж гарахааргүй дууриамал юм биччихээд, тэгээд тэрийгээ болохоор уламжлалаа хадгалж, хөгжүүлж байна гэж яриад байдаг. Харин Ойдов найрагчийн “Эрх танхай нүргэлээн” шүлгийн түүвэрт бол шинэлэг шүлэг олон бий. Энд би түүний бас нэг шүлгийг онцолмоор байна. “Ихэс дээдсийг эмээлгэж явсан хутагт” гэдэг нэртэй. Догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай шүлэг юм. Энэ шүлэг ингэж эхэлж байна л даа.
“…Махгалын зууш хатуу архийг гавал аяганд дүүргэж бариад
Манзуширын тангараг нууц тарнийг хуур шанзанд аялгуулан дуурсгаад
Орчлон хорвоог эхнэрээ болгож тархийг нь эргэтэл загнасан Равжаагаас
Олныг бишрүүлсэн Алшаагийн Дандар лхаарамба эмээдэг байсан гэнэм
Очир судрын дээр хас тэмдгээр эмжсэн ташуу дээлийн энгэрт
Онцгой гавлын ясаар чөтгөр шулмыг тонилгож дарснаа товойлгож
Орчлонд ийм хувцас эсгэж нөмөрсөн шарын шашны хувраг үгүй тул
Оройн дээд Богд хүртэл Равжаатай уулзахаас бэргэдэг байсан гэнэм
Эрдэм чадлаас нь ихэс багш нар ийнхүү сүрдэн эмээж
Энгийн төрхөнд нь чөтгөр шулам ч ээнэгшин дасч
Хоосон хорвоог хувилгаан чадлаар нэвт хараад
Хортой архийг булгийн усанд хувирган залгилж
Хог новшийг ч эрдэнийн чанараар арилжин өөрчилж
Хосгүй эрдмийн оргилд хүрсэн Равжаа хутагтаас
Холын Түвдийн Далай ламтан ч болгоомжилж байсан гэнэм…”
Монголчууд Ноён хутагтын “Үлэмжийн чанар” дууг Хамрын хийд дээр очоод бүгдээрээ дуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ шүлгийг бас монголчууд уншиж л баймаар… Ноён хутагтын тухай энэ шүлэг цаашаа хэрхэн үргэлжилдэг нь гайхалтай.
“Үржинхандын гоо бүсгүй Дадишиурыг бодисадва болгон дэргэдээ дагуулж
Үнэрлэх, амтлах, харах, мэдрэх, сонсох таван язгуураар номын увдисаа туурвиж
Үүдний цоорхойгоор туссан сарны цацраг дээр хөөрөгний даалингаа тохох
Үнэт чулуун ваарны доторхийг даавуун уут шиг гадагш нь эргүүлж гүвэх
Үхээд гурав хоносон хүний хөшсөн цогцсыг буцаагаад амь оруулах
Үүлнээс асгарсан ширүүн хурыг газар буулгалгүй солонго болгож цэлмээх
Үлэмжийн хоосныг үнэн бодитойд урвуулан зохиож гурван цагийг эзэгнэсэн
Үүлэн чөлөөний наран мэт цухалзаад өнгөрсөн домогт Равжааг
Өндөр Гэгээний хойдын дүрүүд биширдэг байсан нь гайхалтай…” гэж урсдаг.
Би энэ шүлгийг хүмүүст уншиж өгдөг. Ер нь би бусад найрагчдын шүлгийг хүмүүст нэг их уншаад байдаггүй. Гурван хүний шүлгийг л хүмүүст уншиж өгдөг. Нэгд нь, Нямбуугийн Нямдорж багшийнхаа шүлгийг уншиж өгдөг. Хоёрдугаарт, Мишигийн Цэдэндорж гэдэг яруу найрагчийн шүлгүүдээс цээжээр мэднэ. Тэгээд гуравт, нь би Балсанцэрэнгийн Ойдов найрагчийн шүлгийг хүмүүст уншиж өгдөг. Шүлгийг нь хүнд уншиж өгдөг гурван найрагчийн нэг маань Ойдов ах маань шүү дээ. Үүнээс өөр би юу хэлэх билээ.
Яруу найрагч Баатарын Галсансүх
“Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, МУУГЗ, Оросын Засгийн газрын тэргүүн дээд шагналт, Буриадын ардын жүжигчин, Бадамгаравын Наранбаатарынд өнжлөө. Биднийг очиход Б.Наранбаатарын гэргий соёл судлалын доктор Д.Оюун хаалгаа тайлж байна. Тэрээр нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын охин билээ.
“Өдрийн сонин”-ы хүүхдүүд ирнэ гээд бид хоёр хүмүүстэй уулзах байснаа хойшлуулаад гэртээ ирчихээд байна. Сүүлийн хэдэн өдөр уулзалт тасарсангүй. Алдрын одны хөлд үрэгдэх нь байна шүү дээ” хэмээгээд инээмсэглэв. Энэ гэр бүлийн хоёр орост сургууль төгсөөд Буриадад ажилласантайгаа нийтдээ 23 жил хойно байжээ. Мөн сүүлийн арваад жил Өвөрмонголд ажилласан байна. Тиймээс Монголдоо олигтой төвхнөж амжаагүй нүүдэлчин маягаар ажиллаж байгаа болохоор хүүгийнхээ байранд байгаагаа учирлав.
Д.Оюун “Та хэд сууж бай. Дөнгөж л орж ирээд байсан болохоор юм бэлдэж амжсангүй” гэсээр гал тогоо руугаа орлоо. Бидний яриа саяхан болсон Алдрын хүндэтгэл тоглолтын талаар эхэлсэн юм. Б.Наранбаатар “Алдрын од шагнал авах болсныг хэдхэн өдрийн өмнө л мэдсэн. “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан маань урд тоглолттой явж байгаад нэг тоглолтоо орхиод ирсэн байх шүү.
Ч.Насантогтох Увсын баярт яваад ирж чадаагүй юм билээ. Ийм сайхан шагнал хүртээж байгаад нь баяртай байна. Америкт байдаг алдрын одтой ижил биш очир хэлбэртэй, самбар дээр нэрийг мөнхөлж байгаа нь таалагдлаа. Мөн Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн энэ зун Чингисийн талбайд хийсэн зүйлс хүмүүсийн сэтгэлд их нийцэж байна. Үндэснийхээ дуурь, рок поп, морин хуураа дандаа амьдаараа тоглолоо. Саяын алдрын одны арга хэмжээ ч сайхан боллоо. Бараг хүн ирэх юм уу гэж байтал бүр суудал ч олдохгүй арай гэж эхнэрээ урд сандал олж суулгасан шүү” гэв.
Баруун гарынх нь дунд хурууны өндөг цус хураад хүрэн өнгөтэй болчихож. Хүндэтгэлийн тоглолтын үеэр “Цэнхэр залаа”-г ятгаар тоглосноос ингэжээ. Тэр болгон ятга тоглохгүй болохоор жаахан сургуулилт хийтэл нь цэврүүтэж тоглолтын урд өдөр хагарч ус нь гараад давстай хар цайнд дүрж юм юм л болсон гэнэ. Тэрээр “Яг тоглох дээрээ хөндүүрлэж өвдөөд шүдээ зуугаад л тоглосон. Уг нь удаан тоглоод байвал хуруунууд эвэршээд ямар ч өвдөлтгүй болдог. Тоглохгүй удахаар ингэлээ л дээ. Тоглолтын өмнө ер нь болих уу эсвэл хөгжим тавьчихъя гэтэл тогло ам, гар барихыг зөвшөөрөхгүй гээд ээ” хэмээгээд инээмсэглэв.
Чулуу шидэхэд ятгаа хамгаалаад өөрөө цохиулдаг байжээ
Б.Наранбаатар бол анхны 16 мэргэжлийн ятгачны нэг юм. Хөгжим бүжгийн коллежид байхад нь Монголд анх ятга хөгжмийг мэргэжлийн түвшинд бэлтгэхээр анги байгуулжээ. Гэтэл чухам л ятга гэж яриад бусад хичээл ороод байгаа хэрнээ багш ч үгүй, ятга ч үгүй жил шахуу болсон гэнэ. Тэгсээр ардчилсан Солонгосоос Ким Зон Ан гэх эрэгтэй багш, ятгатайгаа ирсэн байна. Дөрөвдүгээр ангийн хүүхдүүд байсныг ч хэлэх үү. Ятганаасаа намхан. Тухайн үед хүүхдүүд их чулуугаар байлддаг. Хичээлээ тараад ятгаа аваад явахаар замд нь хүүхдүүд чулуу шиддэг байж гэнэ. Ингэхэд нь ятгаа хамгаалаад өөрөө чулуунд оногдоод явдаг байснаа хуучлав. Анги нь дөрвөн хүү, 12 охинтой. Эрэгтэйчүүд нь Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбатаа, Ж.Батсайхан энэ хэд. Төгсөх дөхөх үед нь Говь-Алтай аймагт “Алтай” чуулга дөнгөж нээгдэж байж. Тэгээд Б.Наранбаатар нөгөө гуравтаа “Эмэгтэйчүүдийг ч яахав ассамбль, чуулга аваад явчихна. Бид дөрөв хаана ч үгүй л хүмүүс болох нь. Ерөөсөө Алтай чуулга явъя. Хөдөөнөөс дөрвүүлээ ёстой үзүүлээд өгье” гэж ятгана. Нөгөө гурав нь хөдөө явах дургүй байртай. Ингэсээр төгсөлтийн шалгалт ч болж.
Төгсөлтийн дипломын шалгалтыг урлаг заалныхаа тайзан дээр нэг нэгээр нь тоглуулж авдаг байсан байна. Шалгалтын комисст бүх байгууллагын дарга, уран сайхны удирдаачид сууна. Солонгос багш болохоор солонгос дасгал, ая их заадаг байж л дээ. Харин төгсөх курстээ Б.Наранбаатар, Б.Эрдэнэхуяг хоёр гэртээ “Арван тавны сар”, “Дэлгэрхэн дэлхий” гээд ардын дуунуудыг ятганд тохируулж найруулаад тоглодог байсан байна. Солонгос багшийнхаа заасан нэг амархан аяыг аваад өөрсдийнхөө найруулж бэлдсэн “Арван тавны сар”-ыг чөлөөт сэдэв дээрээ тоглож үзүүлжээ. Шалгалтынхан ч босч алга ташаад их өндөр хүлээж авсан аж.
Ингээд тэр үеийн Ардын дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагч байсан МУУГЗ, хөгжмийн зохиолч Г.Цэрэндорж бүгдийг нь чуулгадаа авчээ. Чуулгад ороод хэдхэн хоногийн дараа төрийн концерт дээр “Арван тавны сар”-аа тоглосон байна. Гэвч түүнээс цааш эмэгтэйчүүд нь л мандаад байсан юм уу даа. Энэ талаар “Охидууд ятгын чуулга гэж гараад хөгжмөө тоглоод “гайхмаараа хө”, “би чамайг аваад явах уу” гээд Г.Дарамзагд гуайн гоё гоё дуунуудыг бүгдээрээ дуулна. Ятга уяхан дуутай эмэгтэй хүнд их тохиромжтой. Бид дөрөв тайзны шат зөөнө. Заримдаа найрал дуунд хүн дутвал зогсдог байлаа. Жаахан биетэй юмнууд том том жанжин малгай тавьчихна. Тэр нь бараг нүд халхалдаг байсан байх. Тэгээд мал төл, хадланд явуулна. Ерөөсөө л тийм ажилтай болж байгаа юм. Ятгатайгаа дуулах гэхээр дөрвөн барайсан хар юм дуу хоолой нь ч тохирдоггүй. Найрал дуунд байсан Н.Гэрэлт-Од манай командын нөхөр байлаа. Уг нь их сайхан дуулна гэхдээ бас л ер юманд ордоггүй нөхөр л дөө. Хадланд болохоор бид хамт явна. Хүүхдүүд болохоор дуртай ч байж дээ” гэв.
Гэхдээ цаагуураа нийлээд ардын дуунуудыг найруулаад ятгын зохиолууд хийгээд байж. Тэгээд уран сайхны удирдагч Г.Цэрэндорж руу ороод “Багшаа бид ятгаар төгссөн тэгээд мал төл, хадлан, тайзны засал хийж байна. Эсвэл бидний тайзны ажилчнаар шилжүүлчихвэл яасан юм” гээд гоморхсон гэнэ. Б.Наранбаатар “Багш дуугай явж бай бид мэдэж байна гээд гаргачихлаа. Тухайн үед Г.Дарамзагд, Э.Чойдог, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав гуай гээд дандаа том бурхдууд байлаа. Тэд Д.Түмэндэмбэрэл хоолой нь намдуу болохоор жаахан дарагдаад байна. Ятга л яг таарна гээд Түмэндэмбэрэл ятгын дөрвөн эрэгтэйтэй гээд хуваарилчихаж. Гэтэл Түмэндэмбэрэл гуай уурлаж “Тэгнээ тэгнэ. Та нар надад тааруулаад дөрвөн мууг нь өгч байгаа биз дээ” гэж байсан гэсэн. Тоглолтод орохгүй болохоор муу гээд ойлгочихсон хэрэг. Бид дөрөв нь ч Түмэндэмбэрэл гуайдаа тал засаад яах уу гэтэл “Монгол транс, Юндэн гөөгөө” гээд нэлээд янзгүй хэлж байна. Бидэнд тэр бол үдийн будаа л даа. Ингээд хоорондоо ярилцаад таван минутын дараа нийлж үзсэн. Тэгээд л шал өөр болж байгаа юм. Уран сайхны зөвлөлдөө ч шалгууллаа. Маргаашнаас нь л төрийн бүх концерт, тоглолтод оролцдог болсон доо” гэж ярив. Тэрээр цааш нь “Тэр үеэс ятгын дөрөв гэж гарсан юм. Нэг үе П.Адарсүрэн гээд дуучид дуулахад ч ард нь эрэгтэй эсвэл эмэгтэй ятгын дөрвөл гардаг байлаа шүү дээ. Ятгыг ардын дуутайгаа холбож ятган дээр анх удаа найруулгатай аккордын хүндрэлүүдийг анх нээсэн. Том том багш нарын нөлөө маш их байдаг” хэмээв. Тэгээд нөгөө хэд өөрийн хүн болох Н.Гэрэлт-Одыгоо татаж авсан байна. Ингээд Гэрэлт-Од, Түмэндэмбэрэл, ятгын дөрвөл хэмээн алдаршиж гадаад, дотоод тоглолт, төрийн концертод оролцож цалин нь нэмэгдэн нэг л өдрийн дотор байдал өөр болсон гэнэ.
“Ж.Батсайхантайгаа хамтлагаа байгуулах талаар мөрөөддөг байлаа”
Тэрээр “1969 онд манайх чуулгаараа Москва, Ленинградад соёлын өдрүүд хийлээ. Тоглолт дээр манай Н.Гэрэлт-Од “Подмосковные вечер”-ийг дуулсан. Мөн бид дөрөв ятгаар Чайковскийн “Хунт нуур”-ын аялгууг тоглож алдаршиж байлаа. Биднийг мундаг хүлээж авсан. Тэгээд зөвлөлтийн радиогоор бидний тоглолт Монголд нэвтэрч байлаа. Большой театрын тэр алдартай сайхан тайзан дээр тоглож байлаа. Ятга таван хөгтэй. Түүн дээр дэлхийн алдартай хөгжмүүдийг тоглож, найруулга гаргана гэдэг нарийн мэдрэмж” хэмээв.
Тэр дөрвийн найруулга гарган тоглож буй ритм, тоглож байгаа аккордын хүндрэлүүд гээд хэв маягийг нь тухайн үед хөнгөн хөгжим гэж ярьдаг байсан байна. Мөн 1970-аад онд барууны социалист хамтлагууд их ирдэг байж л дээ. Тухайлбал, Полшийн “Трубадур”, “Амазонк” гээд алдартай хамтлагууд, Германы том оркеструудын тоглолтыг алгасалгүй үзэж орчин үеийн хөгжмийг хардаг байжээ. Дээр нь орос телевиз үздэг нь ч нөлөөлсөн байна. Б.Наранбаатар “Миний баруун гар болж “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулж явсан хүн бол манай Ж.Батсайхан юм шүү дээ. Ноднин нас барсан. Тэр маань сая байсан бол их л сайхан байх байсан байх аа. Тэднийх 120 мянгатад гэртэй. Манайх хоёрдугаар 40 мянгатад байдаг. Бид хоёр ажлаа тарчихаад төв талбай дээр хоёр тийшээ салахгүй баахан ярьж, мөрөөдөж суудаг байлаа. Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай гадаад, дотоод их явдаг. Тэгэхдээ сонсдог мэддэг хүрээ нь өөр байдаг байсан байгаа юм. Тэгээд нэг өдөр Цох хорхой гэж хамтлаг байдаг та нар мэдэх үү. Тийм хамтлаг болж чадах уу гэж байна. Загатнасан газар маажчихаж байгаа юм. Ингэж л хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан” гэж ярьлаа.
Ингээд Соёлын сайд Сосорбарам гуай Аж ахуйн дарга Шаравтаа “Энэ дөрвөн хүүхэд эстрад хамтлаг байгуулна. Хэрэгтэй юмнуудыг нь өг” гэж үүрэг өгчээ. Нөгөөх нь бараа захисан гээд яваад байдаг. Өнөө дөрөв нь байнга шалаастай сайдад нь очиж хов хүргээстэй хэдэн сар болжээ. Тэгж байтал “Бааз дээр хэдэн гитар ирсэн та нар очоод ачаа барааг нь буулгаад ав” гэсэн гэнэ. Дөрвөн гитараа авах гэж бүх л ачааг нь буулгаж ачиж өгч. Гэтэл дөрвүүлээ басс гитар байсан аж. Тэгээд дахиад хэдэн сар хөгжимгүй явсан байна. Япон руу захисан гээд хүлээж байтал цэцэрлэгийн хүүхдийн сургалтад ашигладаг юм хүртэл өгч байжээ. Ерөнхийдөө “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулах гэж бужигнаж байхдаа л Соёлын яам солл, басс гээд гитарууд өөр байдаг гэдгийг мэдсэн гэнэ. Ингээд хагас жил шахуу болсон хойно нь Соёлын сайд байсан Сосорбарам гуай Япон руу хуралд явах гэж байсан сайдад үүрэг өгч хамгийн сайн хөгжим, тоноглолтой болгожээ.
Монгол попыг “Соёл-Эрдэнэ” үндэслэсэн гэв
Хөгжим хэрэгсэлтэй болчихоод Галсанбат, Жаргалсайхан нар нэмэгдээд хамтлагаа байгуулж байжээ. Дуучнаар Гэрэлт-Од, Нандинцэцэг нар байж. Ингээд орчин үеийн хөгжим дээр өөрсдөө тоглож сурсан байна. Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд байсан болохоор сууриа дандаа ардын дуунуудаар тавьсан аж. Энэ үедээ “Хүүш Дамдин”, “Хадны орой”, “Сэр сэр салхи” зэрэг ардын дуунуудыг шинэ хөгжмийн найруулгатай олон хоолойгоор салгаж дуулж эхэлжээ. Биднийг ийн хөөрөлдөж байхад Д.Оюун “Монгол попыг үндэслэсэн хамтлаг бол Соёл-Эрдэнэ юм шүү дээ. Д.Болдыг үндэслэсэн гэж яриад байгаа нь том эндүүрэл юм” гэлээ.
Ингээд 1971 онд концертын программаа батлуулжээ. “Соёл-Эрдэнэ” хэмээх 1930-аад оны Дорждагва гуайн дууг Б.Наранбаатар шинээр найруулан тавьж түүгээрээ хамтлагаа нэрлэсэн байна. Тэдний анхны тайзны хувцсыг УГЗ Доржпалам скизийг нь гаргаж урлажээ. Тухайн үедээ материалын хямдыг бодоод танзан хилэнгээр гурван шар, гурван улаан пиджак хийлгэн өмсөж байсан гэнэ. Хэт өргөн биш ч трапиц өмдтэй, бие барьсан содон өнгийн пиджактай тухайн үедээ сонирхол татахуйц хувцастай болжээ. Бас зузаан ултай гутал өмсч тайзан дээр гарчээ.
Энэ талаар Б.Наранбаатар “Тэр үед дотоод хяналт гээд бүх том хөгжмийн зохиолчид, багш нар үзнэ. Дараа нь гадаад хяналт гээд Соёлын яам, Төв хорооны үзэл суртал, Хөгжмийн зохиолчдын холбооноос бүрдсэн хүмүүс үздэг байлаа. “Энэ хэдэн сөөсийсөн банди нар юун ч том нэртэй юм” гээд шүүмжилнэ. Алив Наранбаатар хамтлагийн ахлагч нэрээ тайлбарла л гэж байна. Би ч манайх Ардын дуу бүжгийн үндэсний чуулгын дэргэд байдаг. Тийм болохоор бамбарууш, динозавр гэсэн нэр өгмөөргүй байна. Тэгээд Соёл-Эрдэнэ гэж Дорждагва гуайн сайхан дуугаар нэрлэлээ гэж байсан юм. Чанга, сул байна гээд баахан юм ярьсан ч бидний концертыг 100 хувь баталж байгаа. Манай Цэрэндорж багш их айхтар хүн байсан. Махкомбинатад тэр үед дандаа германы мэргэжилтнүүд ажилладаг. Тэр мэргэжилтнүүдийн баяр дээр биднийг анх тоглуулж байлаа” хэмээн ярив. Тухайн цагт шүүмжлүүлж байсан зүйлсийнхээ талаар “Найрамдлын дуу дуулж байхад яагаад дундуур нь хэй хэй гэж хашгирч байгаа юм. Хүүш Дамдин гэж гуч гаруй хэлдэг нь яаж байгаа юм гэж сонин дээр шүүмжлүүлж байлаа. Бас миний “Эндүүрэл” дууг “Энэ нөхөр эндүүрчээ, андуурчээ гээд орилоод байх юм. Эндүүрсэн андуурсан юмаа бид энд дуулахгүй шүү нөхөөр гээд шүүмжилж радио бичлэгийг нь хааж байсан. Дараа нь болохоор энэ их сайн дуу, маш мэргэжлийн хэмжээнд бичигдсэн дээшээ доошоо их гарсан сайхан дуу” гэж байлаа. Манай Зундарь бид хоёр үзэл суртлын хэлтэст зөндөө дуудагддаг байсан шүү дээ. Одоо чөлөөтэй сайхан болж. “Нисванис”-ийн Амгаа “Зүрхээ зүсээд хуваамаар” гээд дуулж байна ш дээ. Бид одоо 70 хүрэх гэж байгаа хүмүүс. Гэхдээ сэтгэлгээгээрээ залуу. Урлагаар дамжуулж хүмүүжил, соёл, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн юм” хэмээн ярив.
Ятгын ганцаарчилсан төрлөөр Дэлхийн залуучууд оюутны наадмаас алтан медаль хүртжээ
1973 онд Дэлхийн залуучууд оюутны X их наадамд монголын чуулга, сор болсон хүмүүс, ардын хөгжмийнхөн тусгай программ зохиож оролцжээ. Тэнд Монгол Улсыг төлөөлсөн концертод “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Хүүш Дамдин”, “Цэнхэр залаа” болон наадамд зориулж “Залуус их наадамдаа” зэрэг дуунуудаа дуулахаар оролцжээ. Тэр үед болсон нэг хөгтэй зүйл нь “Социалист оронд явах гэж байж ийм байж болохгүй” гээд хамтлагийнхны үсийг нь тайрч сарфан шиг зүйл өмсгөн жигдрүүлж байсан гэнэ. Энэ талаар Б.Наранбаатар “Тухайн үедээ үзэл суртлын юм байсан. Гэхдээ аажимдаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тийм хөгжмийг чинь зүгээр нэг хөвөнтэй өмдтэй гараад тоглоод байж болохгүй биз дээ. Биднийг анх монгол захтай урт хантааз өмсүүлээд, үсийг нь тайраад байдаг байсан. Тэгээд аяндаа нийгэм, хөгжил хүлээн зөвшөөрч эхэлсэн” гэв.
Берлинд болсон тэр Дэлхийн залуучууд оюутны фестивалийн бас нэг сонин нь Б.Наранбаатар ятга тоглоод алтан медаль хүртэж байжээ. Язгуур урлагийн төрөлд тэмцээн зохиоход нь оролцмоор санагдаад л оролцчихсон гэнэ. Тэгээд Цэрэндорж багшдаа хэлж бүртгүүлээд ангийнхаа найзын ятгыг гуйгаад ганцаараа тоглож очжээ. Бэлдэж очсон хүмүүс тэр хөгжмөөрөө гоцлож ард нь үндэсний хөгжим хавсарч байсан гэнэ. Гэсэн хэдий ч түрүүлж монголдоо анх удаа ятга хөгжмөөр алтан медаль авчирч байжээ.
“Соёл-Эрдэнэ” орцонд архи уудаг хүмүүсийг алга болгов
“Соёл-Эрдэнэ” хамтлаг гарснаар орцонд архи уудаг хүмүүсийг гитар тоглодог залуус шахаж гаргасан байна. Өнөө хэр түүнд Харангын Чука, Энхманлай, Одсүрэн нар “Нараа ах сайхан залуу байсан шүү. Бид ингэж тоглох юмсан гэж боддог байсан” гэж ярьдаг гэнэ. Хөдөө орон нутгаар ч яваагүй газаргүй гэв. Тухайн үед Улсын филармонийн төлөвлөгөөг ганцхан “Соёл-Эрдэнэ” хийдэг байсан аж. Энэ талаар “Тэр үед нэг сард 45 мянган төгрөгийн орлого хий гээд үүрэг өгнө. Бид чинь концертоо тоглоод нийтийн бүжиг явуулна. Ямар сайндаа Дуурийн театр төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байна гэхээр нь бид хоёр удаа үнэгүй тоглож төлөвлөгөөг нь биелүүлж өгөх жишээтэй. Хүмүүс орох гээд хамаг цонхыг хага цохичихно. Нөгөөдүүл ч мөнгө л бүрдэж байвал эвдэх хамаагүй гэдэг байсан. Циркийн тэр том сайхан шилийг бас л хагалуулна. Очсон газар бүхнийхээ цонх хаалгыг хагалуулдаг байсан даа. Ямар сайндаа “Эх нутгийн дуу” билүү концерт 19:00 цагаас тоглох байтал 20:00 цаг болж байхад үзэгчид нь орж чадахгүй. Сэргийлэх ирээд нохой тавьж, гал команд ирээд гурван есийн хүйтэнд ус цацаж байж замбараатай болгож байлаа. Хөлийн дор дэвсдэг шороотой даавууг нэг сахилгагүй нь л дээш нь гаргачихсан бололтой. Бөөн шороо маналзсан даавуу газар унахгүй явж байгаа харагддаг байв. Би чинь 10-аад жил “Соёл-Эрдэнэ”-ийн уран сайхны удирдаачаар ажилласан. Тэгэхэд хөдөө ч, хотод ч үзэгч пиг дүүрэн, билет олддоггүй байсан” гэж хуучиллаа.
Сургуульд явуулахгүй болохоор нь Ханх сум руу ажиллахаар явж байлаа
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн уран сайхны удирдагчаар ажиллаж байсан болохоор сургуульд явуулдаггүй байсан гэнэ. Энэ талаар “Хэрвээ явуулчихвал дууны найруулга, төлөвлөгөө, ашиг тасарна гэж үздэг байсан юм шиг байна лээ. Тэгээд би өөрөө Ханх сум руу ажиллахаар хүсэлтээрээ явж байлаа. Тэгээд удаа ч үгүй дуудагдаж ирээд ажилласан. Дараа нь Ленинградад сургуульд явсан юм. Оюутан ахуйдаа Д.Оюунтай танилцаж гэр бүл болсон” гэж ярив.
Б.Наранбаатарын хүүхдүүдээс “Сонорын Н.Халиун аавынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа. Энэ талаар “Хүү маань хийсэн уран бүтээлээ үзүүлнэ. Надаас зөвлөгөө авах юу байхав. Урам хайрлана. Миний хүү их авьяастай. Анх аранжровшик гэдэг мэргэжлийг албан ёсоор гаргасан хүн нь Халиун шүү дээ. Бүх одууд Б.Сарантуяа, Т.Ариунаа, Камертон. Тэр бүх аранжровшикийг нь хийгээд дашка мастерийг нь хийгээд одооны энэ зүйлийг тавьсан” хэмээв. Д.Оюун ч “Халиун үнэхээр аавынхаа авьяасыг авч төрсөн хүүхэд. Дээрээс нь маш ажилсаг, даруу шүү дээ. Анх аав нь найруулга хийгээд 1990-ээд оноос хүү нь бүр мэргэжлийн болгож байна. Манайд дуучин алдаршаад байдаг тал байх юм. Хөгжмийн найруулга гэдэг хамгийн гол ажил л даа. Байшингаар бол өрлөгчин, шаварчин нар алдаршаад, инженерүүд нь мэдэгдэхгүй өнгөрөөд байна гэсэн үг” гэв. Мөн охин Н.Нар-Оюу нь Ленинградад оюутан ахуйд нь мэндэлжээ. Буриадад цэцэрлэгээсээ эхлээд хөгжмийн дунд, дээдийг төгссөн. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хамгийн залуу гишүүн эмэгтэй юм байна.
Б.Наранбаатар гуай загасчлах их дуртай гэнэ. Д.Оюун “Халиун аавтайгаа загас л их ярина шүү дээ. Энэ хоёрын дуртай юм нь” гэсэн бол Б.Наранбаатар “Бид оюуны ажил эрхэлдэг хүмүүс. Загасчлах тархинд маш сайхан амралт болдог. Бас өөрөө ч мэдэлгүй их хол алхсан байдаг юм. Монголынхоо бараг бүх голд загасчилсан байх аа. Би бас загас барих түүгээрээ хүмүүст хоол хийж өгч магтуулах дуртай. Ер нь загасчлах бол хэрэгцээнийхээ хэрээр л авах хэрэгтэй. Хэрэгцээнээсээ илүү гаргаж бариад өмхийрүүлдэг хүмүүст дургүй. Ашиг олох зорилгоор дэлбэлэх, тор тавих таалагддаггүй юм. Ер нь тэгээд тул загас Улаан номонд орсон барьж болохгүй л гэсэн бол болохгүй шүү дээ. Дэлхий тэр чигээрээ байгаль орчноо хамгаалах чиглэлд явж байна” гэж ярив.
Улсын томилолтоор монгол туургатнууддаа туслахаар явжээ
1990-ээд онд Буриадаас манай улсын Соёлын урлагийн хороонд ардын урлаг, орчин үеийн урлагийн талаар мэддэг мэргэжилтэн явуулахыг хүсчээ. Тухайн үед дарга нь байсан Б.Бадар-Ууган тэр дагуу Б.Наранбаатар, Д.Оюун хоёрыг гурван жилийн хугацаатай томилолтоор явуулсан байна. Хэдий гурван жилийн гэрээгээр Буриадын “Байгаль” чуулгад очсон боловч тэдний хүсэлтээр гэрээгээ хоёр, гурван жилээр сунгасаар 17 жил болжээ.
Анх очиход нь Буриадын Үндэсний хөгжмийн оркестр гэхэд баянтай, басс гитартай, ёочинтой халтар хултар байсан гэнэ. Тэгээд том оркестр болгосон төдийгүй ОХУ-д дээгүүр орох хэмжээнд хөгжүүлжээ. Тэрээр “Буриадад би 400 дуу хийсэн байдаг. Мөн бүжгийн хөгжим, киноны дуу гэхэд 100 гаруйг бичсэн байна. Арваад драмын жүжгийн хөгжим бичжээ” хэмээв. Түүний Буриадын театрт зориулж бичсэн “Угийн сүлд” хэмээх хөгжимт жүжиг нь ОХУ-ын хэмжээнд 87 мэргэжлийн театр өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт оржээ. Өвөрмонголын Одон телевизийн Радио телевизийн улсын хороо том чуулга, найрал дууны бүлгэмтэй аж. Тэнд очиж ажиллан үндэсний хөгжмийн хамтлаг шинээр байгуулжээ. Энэ мэтээр монгол туургатныхаа хэмжээнд хийсэн ажил нь их гэнэ.
Ирэх есдүгээр сард Өвөрмонголд очиж хүүхдийн найрал дууны СD гаргах гэнэ. Тэрээр “Ер нь нас өндөр болсон болохоор Монголдоо амьдрахаар юмаа дөхүүлж байгаа. Одоо ятгынхаа CD-г гаргах гэж байна. Ятгын сурах хийж байна. Дандаа ардын дуугаар хийх гээд бэлдэж байгаа. Гэхдээ энд тэндээс дуудаад юм хийж өгөөч гээд байдаг юм. Баянхошуунд байдаг дүүгийндээ, хүүгийнхээ энэ байранд, XIII хороололд байдаг охиныдоо юмнуудаа тараагаад байж байна” хэмээв. Харин Д.Оюун “Номоо ангилж дугаарлатал 85 хайрцаг болсон. Баянхошуунд амбаарт хураах гэж арав гаруй хоног ноцолдсон. Манай хүний даралт нь өгсчих гээд байдаг. Уг нь манай хүн пянзны цуглуулгатай. Бид хоёр ч гадаадад явахдаа заан их цуглуулдаг. Харин хамаг хогшлоо энд тэнд тараачихаад үзүүлэх юмаар тааруухан байна даа” хэмээх аж.
Ийнхүү биднийг ярилцсаар явах болоход Өвөрмонголын Одон телевизийн найруулагч Хас-Эрдэнэ залгаж нэг дууг дөрвөн ятганд найруулаад даруйхан явуулаад өгөөч гээд байгаа бололтой. Нөгөөхийг нь Б.Наранбаатар гуай “Энэ дуу чинь манай дунд голтой адилхан юм байна” хэмээж байв. Тэгээд утсаа таслаад “Зөвхөн рок поп ч биш би хөгжмийн зохиолч болохоор миний энэ ажил дуусашгүй, ширгэшгүй ажил юм. Одоо нас яваад Монголдоо суурин байж их юм хийх хүсэлтэй болж байна даа” гэсээр хаалган дээрээ үдлээ.
Ж.Баярсайхан
Гэрэл зургийг Г.Лхагвадорж
УИХ-ын
гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-УИХ-ын
ээлжит бус чуулганаар МАН-ын зургаан сайдын асуудлыг хэлэлцэнэ гэсэн боловч
хэлэлцэх асуудлын жагсаалтад харагдахгүй байна. Ээлжит бус чуулганы эхэнд
Эрүүгийн хуулийн төсөл байна лээ. УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайдын зүгээс
УИХ-ын дарга, Ардчилсан намын даргад хүргүүлсэн шаардлагыг юу гэж харж байгаа
вэ?
-Ээлжит
бус чуулганыг хуралдуулсан гол зорилго нь МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх тухай
байсан гэж ойлгож байгаа. Ямар нэгэн байдлаар үүний төлөө зүтгэж байгаа бол
зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх байх. Яг хэдэнд
хэлэлцэхийг нь мэдэхгүй байна.
Ерөнхий
сайдын зүгээс намын даргадаа шаардлага хүргүүлсэн байна лээ. Уг шаардлагыг нь
уншсан. Ардчилсан намынхан анхандаа ардчилал гэдэг зүйлийг бий болгохын төлөө
тэмцэж байсан. Гэхдээ яах гэж тэгж тэмцэж байсан бэ гэдэг нь өнөөдрийн энэ
нөхцөл байдалд тун ойлгомжгүй болчихлоо. Эсвэл үүнийгээ мартчихдаг юм уу бүү
мэд. Өөрөөр хэлбэл намын шийдвэрээрээ засгаа өөрчилдөг болсон байна. Ухаандаа
Үндсэн хуульдаа харшилсан зүйлийг хийж байна гэж ойлгож болохоор байгаа юм. Энэ
бүгдийг нийтэд нь аваад үзвэл Ардчилсан намын дотоод зөрчил л харагдаад байгаа
биз дээ.
Чангахан
хэлэхэд Ардчилсан намынхан шар хадны хурцын тасгийнхан шиг сав л хийвэл гуйвж,
дайвж байгаа нь өнөөдрийн Монголын нийгэмд гай тарьж байна. Үүнийгээ ойлгож
байна уу гэдэг нь сонин санагдаад байгаа юм.
-Ерөнхий
сайд зургаан сайдын асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр санал хүргүүлээд
байгаа юм билээ. Гэсэн ч Ерөнхий сайдын шаардлагад намын дарга нь Ерөнхий сайд
байх уу, Ерөнхий сайд нь намын дарга байх уу гэдэг асуудлаа тодорхой болгох
ёстой гэсэн. Мөн ҮЗХ-г ээлжит бусаас өмнө хуралдуул гэсэн ч нам гүм байна. Үүн
дээр хэр хүлээлттэй байгаа вэ?
-Ардчилсан
намын ҮЗХ-г хүлээнэ гэж юу байхав дээ. Тэдний нам дотооддоо юугаа ярих нь манай
намд огт падгүй зүйл. Ардчилсан нам дотроо ярилцаад Ерөнхий сайд нь намын дарга
болно уу, намын дарга нь Ерөнхий сайд болно уу өөрсдийнх нь л шийдэх асуудал.
Харин намынхаа зөрчлийг улсын ажилтай битгий хутгаад байгаасай л гэж хүсч
байна. Засгийн ажлыг Засгаар нь төрийн ажлыг төрөөр нь хийлгэх хэрэгтэй. Нам,
төр хоёрынхоо ажлыг ялгаж салгаж сураачээ, АН-ынхаан. Үүнээс өөр бодол алга.
-Таны
хэлж буйгаас харахад нам нь төрийн дээр хэтэрхий сандайлсан байна гэж үү?
-Тэгэлгүй
яадаг юм. Ерөнхий сайдын ярианд нам даалгавар өгсөн учраас гээд байж л байна
лээ. Дээхнэ үед Улс төрийн товчооны шийдвэрийг нам, засаг дагадаг байсан.
Үүнтэй л агаар нэг болж байгаа байхгүй юу. Тэгэхээр нам төвтэй төрөөс
татгалзана, сонгодог парламентыг байгуулна гэж 20 гаруй жил явсан. Энэ бүхнийг
эдний намын үйл ажиллагаанаас харахад талаар өнгөрч байна.
-АН-ынхан
уг нь хэдхэн хоногийн өмнө Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойгоо тэмдэглээд
байсан л даа…
-Ардчилсан
сонгуулийн 25 жилийн ой гэж баахан шоудсан. Ам ажлынх нь зөрүү алд дэлэм л
байгаагийн илрэл биз дээ. Хамгийн гол нь ам ажлынхаа нэгдлийг хангаж, ажил
хэрэг болгохын төлөө явах ёстой. Тэгэхгүйгээр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг
яваад байж болдог юм уу. Түүнээс нь болж төр засгийн хямрал нүүрлэчихээд байна.
Тэгсэн хэрнээ үүнийгээ зөвтгөх гээд хамтраад явж байгаа улс төрийн хүчнүүд
рүүгээ буруугаа чихэх гээд байгаа царайг нь хардаа. Тэдний ингэж уснаас хуурай
гарах гэж байгаа энэ явуургүй арга нь яавч бидний бодлого байж болохгүй.
Харамсалтай нь үүнийгээ ойлгох хэмжээний чадвартай хүн тэдэн дотор байна уу
даа.
-Гадны
хөрөнгө оруулагчид манай улс төрийн тогтвортой нөхцөл байдлыг харж байгаа гээд
байсан. Гэтэл дотооддоо ингээд тэмцэл өрнөөд эхлэхээр өнөө хөрөнгө оруулагчид
бас л хүлээзнэх байдалд шилжих байх даа?
-Гадны
хөрөнгө оруулалтын гол нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал л даа. Өнөөдөр
манай улсад тогтвортой байдал бүрдэж өгөхгүй байна. Та хүлээлт үүссэн гэж
хэллээ. Энэ бол маш зөөлөн үг шүү дээ. Үнэндээ нүүр буруулж байгаа юм.
-Ерөнхий
сайд мэдээлэл хийхдээ зургаан сайдыг огцруулсан энэ асуудал нээлттэй хэвээрээ
үлдэнэ гэсэн?
-Ер нь
Засгийн газарт яах гэж орсон бэ гэдгээ эхэлж ярих нь зөв. Засгийн газар
байгуулахын өмнө Ч.Сайханбилэг, З.Энхболд дарга нар манай бүлгийн хурал дээр
орж ирээд улс орныхоо төлөө эв санаагаа нэгтгэе, хамтарч юм хийе гээд долоон
цаг юм ярьсан. Манай нам Бага хурлаараа хүртэл хэлэлцээд улс орны эдийн засаг
хүндэрчихлээ гэж үзээд эдийн засгийн хүндрэлээс гаргаж чаддаггүй юмаа гэхэд
тогтворжуулъя гээд Засгийн газарт орсон. Харамсалтай нь сүүлийн 2-3 сар элдэв
янзаар манай намыг Засгаас хөөж туулаа. Тэглээ гээд бүтэж байгаа ч юм алга.
Хувь хүнийхээ үүднээс харахад хамтарсан нэртэй гай ч тариагүй, гавьяа ч
байгуулсангүй явлаа. Муу юм болохоор Ардын нам гээд ганц өнгөтэй өөдтэй юм
гарахаар бид л арай гэж хийлээ гэж ярих юм. Ийм нөхцөлд манай нам ингээд
байгаад байх уу гэдэг нь асуудал л даа.
-МАН-ыг
Засгаас гаргах хэд хэдэн шалтгаан байгааг нэрлэж байсан. Та ч сайн мэдэж байгаа
байлгүй. Төрийн албан хаагчдыг хоморголон халсан, сайд нар нь Засгийн биш
намынхаа сурталчилгааг хийсэн, хамтарснаас хойш ажил урагшилсангүй гээд…
-Ардчилсан
намынхныг зүгээр л ичиж амьдраачээ гэж хэлмээр байгаа юм. Засгаас гаргах
үндэслэл гээд байгаа энэ юмнуудаа ард түмэнд хэлээд явахад хүртэл ичмээр байгаа
биз дээ. Тэдний ярьж байгаа зүйлийг ард иргэд байтугай жаахан хүүхэд хүртэл
чихээ бөглөж, нүдээ аньж хүлээж авахаар болчихлоо. 2012 оны сонгуулийн дараа
17-18 мянган хүнийг ажлаас нь халсныг орон даяараа мэдэж байгаа. Тэдний хууль
зөрчсөн үйлдлийг манай намынхан хуулийн хүрээнд болгосон. Энэ нь харин тэдний
хувьд хууль зөрчсөн болж таараад байгаа юм.
Манай
сайд нарыг намын сурталчилгаа хийгээд байна гэсэн. Өмнө нь манайх “Ардын
нам-ард түмэнтэйгээ” гээд аян явуулаа биз дээ. Байнга л хийгддэг процесс юм.
Энэ удаа “Бид хамтдаа” аяныг зохион байгуулж бүх, аймаг сумдад хүрч ажиллаад,
ард түмнийхээ үгийг сонсъё гэсэн. Ард түмэн яг юу хүсээд байгааг мэдэх хэрэгтэй
байна. Үнэндээ бид 20 гаруй жилийн хугацаанд ардчилсан сонгууль явууллаа гээд
байгаа. Үр дүн юу гарав гэхээр бодохоос ч ичмээр байгаа байхгүй юу. Энэ аянд
Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн гээд манай намынхан бүгд оролцоод явж
байгаа. Үүнээс болоод төрийн ажил хохирч байна гэж байгаа бол үүнтэй хэзээ ч
санал нийлэхгүй.
Манай
намын зүгээс ямар хуулийн төсөл, хөтөлбөрүүдийг гацаачихав гэхээр нэрлэж
чадахгүй байгаа юм. Ганцхан Эдийн
засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлээд байсан. Үнэхээр цагаан захтнуудад
зориулсан хуулийг бид дэмжихгүй гэдгээ хэлж байсныг санаж байгаа байх. Харин
энэ хуулийг 10 гаруй мянган бизнес эрхлэгч, аж ахуйн нэгждээ зориулан гаргах
ёстой. Юмыг тодорхой ярих ёстой. Ардын намынхан Гацуурт, Оюу толгой, Таван
толгойг унагаасан гээд хэл л дээ. Тэд ингэж хэлж чадахгүй. Учир нь өөрсдөө
унагасан байхгүй юу.
-Ерөнхийлөгч
намуудын болон бүлгийн дарга нарыг дуудаж уулзаад Ерөнхий сайд асуудлыг гартаа
ав гэдгийг хэлж байсан. Гэсэн ч З.Энхболд дарга намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн
шийдвэрийг дагах ёстой гэдгийг хэлж байсан. Та хуралд сууж байсан хүний хувьд
ямар бодолтой байсан бэ?
-Ардчилсан
намын дарга З.Энхболд өөрийн байр сууриа хадгална гэдгийг Ерөнхийлөгчийн
уулзалтад орж байхдаа хэлж байна лээ. Үндсэндээ аятайхан ажиллачихъя гэвэл 3-4
сарын л зай байна. Дараа нь хүссэн хүсээгүй сонгууль гээд алга болоод өгнө. Тэр
уулзалтын үеэр Ерөнхий сайд асуудлыг гартаа ав гэж Ерөнхийлөгч харин зөв байр
суурийг илэрхийлж байсан. Таван толгойн асуудлыг Засгийн газар шийдэх ёстой
байсан ч Их хурлаар оруулж ир гэсэн. Оруулаад ирэнгүүт нь болохгүй байна гэсээр
байгаад татуулчихсан. Их хурал үүнийг шийддэггүй. Засгийн газар нь шийдэх эрх
байхгүй. Тэгээд Таван толгойг хэн шийдэх юм бэ. Хөгжиж буй буурай орны хувьд
гадны тэр томоохон хөгжсөн орны хөрөнгө оруулагчид биднийг дагаад намирна гэж
арай андуураад байгаа юм биш биз дээ.
-Засгаас
гарснаараа МАН алдаж, АН хожих юм шиг л яриа яваад байна?
-Мэдээж
ард түмэнд л хортой. Хэнд ч ашиг байхгүй. МАН-ыг Засгаас гаргавал одоо шалан
дээр унасан Монгол Улсын нэр хүнд шалан доогуур орноо л гэсэн үг. Хамгийн үр
ашиггүй зүйлээр АН өөрөө тоглоод эхэлчихлээ. Өөрсдөд нь ямар нэгэн тооцоо
байгаа байлгүй дээ л гэж бодох юм.
Улайм
цайм Засгаас гар гээд хөөж тууна гэж үнэндээ бодоогүй. Ингэж хэллээ гээд Ардын
намынхан үхэн хатан сандал ширээтэйгээ зууралдаад байна гэж ярих байх. Тийм биш
ээ. Улс орны том эрх ашиг гэж нэг юм байдаг.
-Ардын
нам угаасаа хэзээ нэгэн цагт сонгуулиас өмнө Засгаас гарах байсан тул АН-ынхан
үүнийг нь мэдээд засгаас гаргахаар болсон гэдэг зүйл яригдаж байсан. Үнэхээр
тийм зүйл болох байсан юм уу?
-Улстөрчдийн
дотор тиймэрхүү ренбүчи нар олон байдаг. Сүүлийн үед далдыг хардаг байдал бий
болоод байгаа юм биш үү. “Бид одоо боллоо Засгаас гарлаа” гэх юм уу. Юу гэж
тийм юм байхав дээ. Ардчилсан намынхан 2011 оны сүүлд өөрсдөө засгаас гараад
Ардын нам ийм тийм гээд муулж байсан шиг зүйл болно гэж бодсон бол эндүүрчээ
гэж хэлмээр байна. Манай нам тийм нам биш. Хал үзэж халуун чулуу долоосон,
зовлон жаргал дундуур туучиж алдаж, онож үзсэн нам. Ямар зүйл дээр ноён
нуруутай, ямар зүйл дээр хатуу чанд байх вэ гэдгээ мэддэг. Тэрийгээ ойлгож, тэр
хэмжээндээ ажилладаг улс төрийн хүчин байхгүй юу.
-Ардын
нам Засгаас гарлаа гээд өөрчлөгдөх юм юу байна?
-Ардын
намыг Засгаас гарчихаар тэдний бодлого тэгшрэх юм байлгүй гэж харж байгаа.
Садаа болоод байгаа хүмүүсээ гаргая гэж байгаа бол өөрсдөд нь бодлого байгаа юм
байлгүй. Нэгэнт хамтарч ажиллах сэтгэл байхгүй, ямар нэгэн шалтаг хайж, буруу
бүхнийг чихээд байхад бид зүтгээд байвал жинхэнэ утгаараа сандал ширээний
төлөөх нам болж хувирна биз дээ.
Манай
улс 1990 оноос хойш нам төвтэй төрөөс салчихсан. Тиймээс Ардчилсан намын
удирдах дээд байгууллага МАН-ыг засгаас гар гэж байгаа бол эндүүрч байна. Бид
Ардчилсан намын урилгаар засагт ороогүй. Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар
харин орсон. Засгийн газрын гишүүнийг огцруулах эрх нь Үндсэн хуулиар олгогдсон
эрхийнхээ дагуу Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Нэг намын удирдах дээд
байгууллага нь шийдвэр гаргаад явуулдаг болж байгаа юм бол буцаад социализм
руугаа орцгооё л доо. Намын төв хороогоо байгуулъя, намын төв хороо шийдвэрээ
гаргая гээд энэ мэтчилэн ингээд яриад яваад байж болно.
Э.ЭНХБОЛД
Рублийн ханш эргээд суларчээ
Энэ оны эхний хоёр сард 27-30 төгрөгт хэлбэлзэж байсан рублийн ханш дөрөвдүгээр сард 39.9 төгрөг болж чангарсан. Тэгвэл сүүлийн гурван сарын дотор 8.4 хувиар буурч, Монголбанкны өнгөрсөн баасан гарагт зарласан ханшаар 33 төгрөгтэй тэнцээд байна. ийнхүү рублийн ханш аажим сулрах хандлага ажиглагдаж байна.
ОХУ эдийн засгаа дэмжих зорилгоор мөнгөний бодлогоо зөөлрүүлж байгаа нь рублийн ханш унахад нөлөөлжээ. Тус улсын Төвбанк өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш бодлогын хүүгээ зургаан удаа бууруулсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт бодлогын хүүгээ 11 хувь болгосон. Түүнчлэн дэлхийн зах зээлд нефтийн ханш 50 хувиар хямдраад байгаа нь рублийн ханш сулрахад нөлөөлсөн гэж шинжээчид онцолжээ.
Дуурийн дуучин СТА Ц.Баттөртэй ярилцлаа.
-Та Дуурийн театрт 15 жил ажиллахдаа урын сангийнх нь 40 гаруй дуурьт дуулсан. Дуурийн гоцлоочийн хувьд урын сангаа маш зөв дарааллаар тавьсан цөөхөн дуучдын нэг. Моцартын “Увдист лимбэ”-ээс эхэлж Фигарог, дараа нь Вердийн “Трубадур”, Пуччинийн “Тоска” гэхчлэн. Театрт та хамгийн сүүлд “Аида” дуурьт дуулаад театраасаа гарсан. Тэр үед та өөртөө дараагийн том түүх босгохоор зэхэж байна гэж ярьж байсныг санаж байна. Удалгүй Оросын Буриадад сонгодог тоглолт хийгээд, саяхан Америкт очиж тоглолоо. Ойрын үед уран бүтээл арвин байна уу?
-Одоохондоо би хувиараа уран бүтээлээ хийгээд эрх чөлөөтэй явж байна л даа. Ойрын үед гурван ч сайхан дуу дуулчихлаа. Хэнтий нутгийн тухай “Цэцэн ханы нутаг” гэж сайхан дуу дууллаа. Сэтгүүлч Сонинбаяр гэдэг залуугийн шүлэг А.Энхтайван ахын хөгжим энэ дууныхаа клипийг хийхээр ирэх лхагва гаригт хөдөө явах гэж байна. Ардын уран зохиолч Балжирын Догмид гуайн шүлэг мөн А.Энхтайван ахын хөгжим “Бурхан Халдун” гэж сайхан дууг дууллаа. Мөн ”Өндөрхаан хайрхан” гэсэн ийм гурван дуу дууллаа. Гурвуулаа Хэнтий нутгийн тухай сайхан дуунууд.
-Бас гурвуулаа ардын жүжигчин А.Энхтайван гуайн хөгжим юм байна. Ингэхэд А.Энхтайван гуайн дуунууд эгшиглэгээгээрээ, сэтгэлийг илэрхийлэх орон зайгаараа гойд содон сайхан даа. Дуулахад ямархуу байв?
-Намайг сая Америкт тоглолтоо хийгээд ирэхэд ихэд олзуурхаж бичиж өгсөн л дөө. Их сайхан аялгуутай дуунууд юм. Гурвуулаа л хоолойны цар хүрээ далайц шалгасан дуунууд.
-Америкт хийсэн тоглолтынхоо сониноос хуваалцахгүй юу. Ямар хөтөлбөртэй явав?
-Тэнд гурван удаагийн тоглолт хийлээ. Намар нэг тоглоод өвөл шинэ жилээр Солт Лейкт нэг тоглоод сүүлд нь Чикагод тоглолоо. Тэнд ажиллаж амьдарч байгаа төгөлдөр хуурч Хулан гээд доктор, мэргэжлийн тоглогч хүн байна. Өөрөө сонгодог урлагийн хүн болохоор их сайхан зоригтой “Сонгодог үдэш” нэртэй тоглолт зохион байгуулж өглөө. Хоёр хэсэгтэй тоглолт хийсэн. Манай Дуурийн театрт нэг хэсэг концертмейстр хийж байсан Д.Маралгуа сонгодог бүтээлүүдийг тоглож өгсөн. Хөтөлбөр маань, сонгодгоос Фигарогийн ари, Эскомильогийн ари, “Отелло” дуурийн Ягогийн ари, тэгээд Оросын болон Монголынхоо хөгжмийн зохиолчдын овоо хэдэн романс дуулсан.
-Дуунуудаасаа ямар дуу сонсгов?
-“Жинжиймаа”-гаас эхлээд “Халуун элгэн нутаг” гэхчлэн. Ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн хүү Амарбүрэн гэдэг залуу байдаг юм. Америкт амьдардаг, өөрөө бас дуурийн дуучин мэргэжилтэй, басс баритон хоолойтой залуу бий. Тэр маань миний тоглолтод оролцож дуулсан. Амарбүрэн намайг урьж аваачиж, найз маань Хулантай хамтарч тоглолтыг маань зохион байгуулсан л даа. Найзынхаа урилгаар очоод Америкийн баруун эргээр нэлээн явж үзэж сонирхлоо.
-Монголын дуурийн алтан гургалдай хэмээн алдаршсан А.Загдсүрэн гуайн уянгын цээл хоолой, бүтээсэн дууриуд, ари романсуудыг нь үнэндээ мартахынг аргагүй. Бас их үзэсгэлэнтэй эмэгтэй байж. Үр ач нар нь тэнд олуулаа юм уу?
-Манай багш гурван хүүтэй шүү дээ. Амарбүрэн ахтайгаа Америкт байдаг. Бараг арван тав зургаан жил болж байгаа байх аа. Том нь эндээ байдаг юм. Ер нь сайхан амьдарцгаадаг.
-Үзэгчид таныг хэрхэн хүлээж авав. Тэнд байгаа монголчууддаа зориулж тоглосон уу?
-Эхний хоёр тоглолтыг монголчууддаа сонсгосон. Дараагийн “Сонгодог үдэш” тоглолтод монголчууд ч гадныхан ч нэлээн ирж сонирхсон. Чикагод манай монголчууд олон байдаг юм байна. Эмэгтэйчүүд нь америк, европ хүмүүстэй ханилж гэр бүл болсон нь олон байдаг юм байна. Тэд “Сонгодог үдэш”-ийг их сонирхож хань ижлээ, найз нөхдөө дагуулж ирсэн. Их олон гадаадын хүмүүс тоглолтыг маань үзэж сонирхлоо. Тэнд амьдарч ажиллаж байгаа монголчууд маань янз бүрийн л ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд ч тэр үү тоглолтын дараа гадныхан ярьж байна л даа, намайг янз бүрийн ажил битгий хийгээрэй, зөвхөн энэ сонгодог урлагаараа яваарай, дуучны карьераа битгий орхиорой гэцгээж байна лээ.
Ер нь тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа хүндэтгэх сэтгэл надад төрж байлаа. Энд байхдаа бас сайн ойлгодоггүй байсан юм байна. Найз нөхөд маань ч тэнд байна, соёл урлагийн их сургууль төгсөөд тэнд ажиллаж байгаа Батхуяг, “Нюанс”-ын Өнөрөө гэхчлэн найзууд ч байна. Тэднийгээ яаж ажиллаж амьдарч байгааг хараад би хүндэтгэж байлаа. Хүн ер нь ажлыг голж болохгүй л дээ. Ажил хүнийг голно уу гэхээс. Тэд нар бол амьдралын төлөө л явж байна. Монгол орон маань өнөөдөр ажил мэргэжилтэй хүмүүс нь эндээ ажиллаж амьдраад, тэр нь амьдралыг нь тэжээн тэтгэдэг байсан бол тэд нар тэгж хүний нутагт янз бүрийн юм хийгээд явахгүй шүү дээ. Би ч бараг тэнд тэгж явахгүй шүү дээ, ер нь.
-Ер нь тийшээ явъя гэсэн бодолтой ирсэн үү, та?
-Олимпийн аварга Түвшинбаяр, “Олимпод яваад би амжилт гаргаагүй бол эргэж ирээд Улаанбаатартаа гуйлгачин” гэж хэлсэн дээ. Аваргын маань хэлсэн шиг, театрт би 15 жил сайхан ажиллачихаад яг үнэнийг хэлэхэд ингээд байгаад байлтай биш. Би ч яахав, дуурийнхаа хажуугаар “Жинжиймаа”-гаас эхлээд олон сайхан дуу дуулаад олон түмэнд хүргэснийх орлого тасардаггүй байлаа л даа. Дээрээс нь цомгуудаа гаргаад, тоглолт хийгээд болоод л байдаг байсан. Гэвч алийн болгон тэгж явах вэ. Хүүхдүүд том болж байна, амьдралын төлөө л тэнд юм судалж яваа маань тэр шүү дээ. Түүнээс биш айхтар мундаг аялаад яваа юм биш. Амьдрал судалж л яваа хэрэг. Тэнд байгаа монголчууд эх орондоо байгаа хүмүүсээс илүү Монголоо гэсэн сэтгэлтэй юм. Наад зах нь, цагаан сар зэрэг үндэсний баяр ёслолын үеэр ёс заншлаа эрхэмлэж байна гэж жигтэйхэн юм. Би тэнд зургаан сар л болоод ирсэн. Тэгэхэд бас нутгаа санаж байна лээ шүү. Хааяа найз нөхөдтэйгөө ярилцаад сууж байхад нүдэнд нулимс мэлмэрэх маягтай.
-Нутгаа саналаа гэснээс,ирэхэд тань энд уран бүтээлийн орчинд хүлээлт хэр байв?
-Мэдрэгдэж л байна. Хөгжмийн зохиолчдын холбооноос ийм ийм сайхан дуу байгаа шүү гэсэн хүмүүс цөөнгүй л байна. Сая ирмэгц Бүтэнбаяр гуай “За, чи хүрээд ирэв үү. “Эх орон хаанаас эхэлдэг юм бэ” дуугаа одоо дуулна шүү дээ” гээд угтаж байх жишээтэй. Энэчлэн уран бүтээлийн орчин маань мэдрэгдэж л байна л даа. Дуулах шинэ дуунууд байна аа байна.
-Америк орноор нэлээн явж сонирхлоо гэлээ. Та бол сонгодог дуурьт хүч чадал ид жагссан дуучин. Тэнд оперын компаниуд хэр олон байх юм, сонирхож үзэв үү?
-Америкийн тавин хэдэн мужид бүгдэд нь оперын компани байна. Бид нэг л зүйл дээр гацаад байгаа юм л даа. Хэлний бэрхшээл л байдаг юм. Харилцааны хэлтэй л байгаад дээрээс нь өөрөө хэдийд ч дуулах байнгын формтой байж байхад хаана ч очоод дуулж болох том зах зээл зөвхөн Америкт гэлтгүй байна шүү дээ. Жишээ нь, Чайковскийн “Евгений Онегин”-ыг дуулъя гээд хойшоо гарахад л хажууханд том зах зээл байж байна.
Хэрвээ ярианы хэлтэй бол хаана ч очоод дуулахад асуудалгүй. Америкт бол маш том зах зээл байна. Тавин мужид тавиуланд нь оперын хувийн жижиг компаниуд ч байна, том нь ч байна. Гурав, дөрөв, таван жилээр гэрээгээ хийчихдэг юм байна. Зарим хүмүүс онгирч байна гэх байх даа, гэвч бодит байдал ийм л байгаа.
-Буриадад хийсэн тоглолтоос гадна та дуурьт нь бас дуулсан байх аа?
-Тэр тоглолт ийм учиртай. 2013 онд би буриад дууны цомог гаргасан юм. Андреев гэж Оросын мундаг хөгжмийн зохиолч байдаг даа. Голдуу тэр хүний дуунууд, “Тоонот нютаг”, “Ижий минь” гэх мэт 13 дуутай цомог гаргасан л даа. Тэр цомгоосоо хэдийг манай Монголын дуучин, Улаан-Үдийн театрт ажилладаг Буриадын ардын жүжигчин Мөнхзулд өгч явуулсан юм. Улаан-Үдийнхэнд таалагдсан юм байлгүй, өнгөрсөн хавар Филармони нь уриад очиж тоглосон. Тэнд би “Травиата” дуурийн Жермонд бас дууллаа. Би эндээ Дуурийн театрт “Травиата” дуурьт гурван дүрийг нь дуулсан шүү дээ. Тэднээсээ Жермоныг дуулаад ирсэн. Ер нь цаашид хэл сураад энд тэнд явж дуулъя л гэж бодож байна. Сүүлийн үед би нэг юмыг мэдэрлээ. Орчин үед бүтэн том дуурь гэхээсээ илүү тэр олон гоё дууриудаас шилмэл гоё гоё хэсгүүдээс аваад сонгодог концерт хийх юм бол хүмүүс их сонирхож байна.
-Ардын дууны, буриад дууны, романсын, бас аригаар гээд төрөл чиглэл бүрээр та олон цомог гаргалаа. Сонгодог ари болон романсаар дагнасан цомог тань бас л Монголдоо анхных байлаа. Сонгодог романсуудаас гадна манай Монголын романсууд бас л гоё шүү. Та дахин энэ төрлөөр цомог гаргах уу?
-Би голдуу Чайковскийн романсуудыг дуулсан л даа. Романс дотроо Чайковскийн романсууд их гоё. Гончигсумлаа гуай тэргүүтэй манай Монголын хөгжмийн зохиолчид Орост боловсрол эзэмшсэн учраас Монголдоо ирээд романс их бичсэн байдаг л даа. Тэдний маань сайхан сайхан романсууд байна аа байна. Одоо би дахиад романсаар нэг цомог гаргахаар ажиллаж байгаа. Чайковский, Бородин, Рахманинов нарын романсуудаар хоёр дахь цомгоо гаргана.
Н.Пагма
Өнгөрсөн баасан гариг буюу долдугаар сарын 31-нд Баянгол дүүргийн Эх нялхсын өмнөх уулзварын замд зуурмагийн машин дөрвөн автомашиныг мөргөж, онхолдсон осол гарсан. Тормоз нь ажиллагаагүй болсны улмаас “портер” машиныг мөргөөд цааш явсаар хоёр ч “тоёото премо”-г мөргөжээ. Цааш энерцээрээ явсаар онхолдохдоо “ниссан тийда” маркийн машиныг мөргөсөн байгаа юм. Азаар хүн бэртэж гэмтээгүй учраас албан журмын даатгалын журмаар хохирлыг барагдуулсан аж. Бас өнгөрсөн сарын эхээр хоёр зуурмагийн машин мөргөлдсөн осол гарчээ. Зуурмагийн машины жолооч нар олон удаа рейс буюу зуурмагаа зөөхийн тулд хурд хэтрүүлэх нь элбэг учраас энэмэт осол гарах нь элбэг гэдгийг холбогдох албаныхан хэлсэн юм.
М.Ууган
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Н.Номтойбаяр, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь нар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Энэ өдрийн дугаарын эхний нүүрт УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн сурвалжлагыг онцоллоо. Зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэж буй ээлжит бус чуулганы нээлт ямар өнгө төрхтэй өрнөснийг өнөөдрийн дугаараас сонирхоорой. Мөн ээлжит бус чуулганы үеэр чуулганы танхимд ирээгүй МАН-ын гишүүдийн байр суурийг ч “Улстөр” нүүрэнд хүргэж байна.
“Улс төр” нүүрэнд УИХ-ын гишүүн Д.Ганбаттай хийсэн “Нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулиудаа энэ 14 хоногийн хугацаанд яаралтай хэлэлцэн батлах ёстой” гэсэн ярилцлага нийтлэгдлээ.
Гуравдугаар нүүрний “МАН:Цаадуулын чинь яаж зодолдохыг харъя” гэсэн нийтлэлээс АН-ын бүлгийн хаалттай хуралдааны нээлттэй сониныг уншаарай. Мөн МАН-ын бүлгийн гишүүд Удирдах зөвлөлтэйгөө хамтран намынхаа цагаан байранд хаалттай хуралджээ. Энэ тухай сонин хачныг ч нийтэлсэн байгаа.
“Үзэл бодол” буланд “Монголын нийгмийн шилжилтийн зарим онцлог, ээдрээ” гэсэн нийтлэл нийтлэгдлээ.
“Дурсахуй” буланд “Монголын түүхийн долоо” гэсэн өгүүлэл нийтлэгдлээ. Баримт үйл явдал буланд Л.Гансүхийн шүүх хурал ямар шалтгаанаар хойшилсан талаар онцоллоо. Түүний өмгөөлөгч “Шүүх хуралдаанд Н.Алтанхуяг гишүүнийг оролцоно гэж найдаж байна” хэмээн ярьжээ.
“Дэлхийн мэдээ” буланд Оросын сөрөг хүчнүүдийн нэгдсэн “Ардчилсан эвсэл”-ийн үндэслэн байгуулагч М.Касьяновын “Яахаа алдчихсан намыг яагаад сонгуульд оролцуулахаас айгаад байна” гэсэн ярилцлага нийтлэгдлээ.
“Шинжлэх ухаан” буланд академич Б.Энхтүвшингийн “Зүүний магнайд хэн гарах вэ гэж маргалдах нь ёс, уламжлалаасаа хөндийрсний шинж” гэсэн ярилцлага нийтлэгдлээ.
“Миний аав” буланд “Гэрлэж амжаагүй явна” киноны гол дүрийг бүтээсэн Чойн Хүрэлийн хүү Түвшинтэй хийсэн ярилцлагыг онцоллоо.
Энэ удаагийн дугаарын “Соёл, урлаг” буланд “Хөсөгтөн” хамтлагийн ятгачин Ч.Амарбаясгалангийн ярилцлагыг нийтэллээ.