Categories
мэдээ цаг-үе

Машины урд талын суудалд, хамгаалалтгүй авч явснаас болж ой хүрээгүй хүүхэд амиа алдлаа

-ХҮҮХДЭЭ МАШИНЫХАА АРД ТАЛД, ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛД СУУЛГАЖ ХЭВШЭЭРЭЙ-

Өнгөрсөн баасан гаригт нийслэлд зам тээврийн ноцтой осол гарч, арван сартай хүү, өвөөтэйгөө харамсалтайгаар амиа алдлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг буюу “Дүнжигарав”-ын урд замд энэ сарын 28-ны 10.05 цагийн орчимд “Хьюндай Аксент” маркийн 21-85 УБЗ улсын дугаартай автомашин, “Киа Бонго” маркийн 46-37 УНБ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн. Ослын улмаас “Хьюндай Аксент” маркийн автомашины жолооч Т, хажууд нь сууж явсан арван сартай хүү хоёр нас барсан юм. Эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс болсон явдлыг тоймлон хүргэе.

Өвөө, ач хоёр өглөө бүр тэр замаар явдаг байжээ

Өвөө эмээ хоёр нь ач хүүгээ өдөр гэртээ аваачиж хардаг байжээ. Хүүгийнх нь хотын зүүн талд байдаг учраас өвөө нь ачийгаа өглөө бүр очиж авч, оройд хүргэж өгдөг. Тэгэхдээ Дүнжингаравын урд замаар л явдаг байсан гэнэ. Тэгж явахдаа машиныхаа урд талын суудлыг хойш нь хэвтүүлж байгаад ачийгаа хэвтүүлчихдэг. Бас суудлын бүсээр даруулдаг байжээ. Суудлын бүс бага насны хүүхдэд бол хамгаалалт гэхээсээ илүү даруулсан нэр төдий арга.

Осол гардаг өдөр яг тэр янзаараа урд суудал дээр, хамгаалалтын суудалгүй ачийгаа суулгачихсан явж. Дүнжингаравын урд зам дөрвөн эгнээтэй. Талийгаач Т урдаа явсан ачааны машиныг гүйцэж түрүүлэхдээ эсрэг урсгал руу оржээ. Хурдтай эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан “Киа Бонго” маркийн машиныг мөргөсөн байна. Ослыг харсан албан бус эх сурвалж “Урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэхдээ маш хурдтай эсрэг урсгал руу орсон. Тормозных нь мөр бараг 20 метр орчим гарсан байна лээ. Суудлын автомашины (Хьюндай Аксент) урд хэсэг тэр чигээрээ шахам чихэгдсэн байсан. Жолооч, урд нь явсан хүүхэд хоёр хавчуулагдсан учраас онцгойгийнхон ирж харагдсан. Хүүхэд уйлах ч чимээ сонсогдоогүй. Битүү доргилт аваад тэр дороо бурхан болчих шиг харагдсан. Тэр ослыг хараад том, бага ямар ч насных бай хүүхэд л бол зориулалтын суудал дээр суулгах ёстойг мэдэрлээ” гэсэн юм.

Ачааны машины жолоочийн бие гайгүй байгаа аж. Гоо сайхны бүтээгдэхүүн импортолдог компанийн түгээгчээр ажилладаг тэрбээр “Гэнэт өөдөөс машин маш хурдтай гараад ирсэн. Зөрөх боломж олдоогүй” гэж мэдүүлжээ. Харин “Хьюндай Аксент” маркийн машины жолооч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.

Зориулалтын суудал хүүхдийн нас барах, гэмтэх эрсдэлийг 71 хувь бууруулдаг

Бага насны хүүхэд зориулалтын суудалгүй, ялангуяа урд суудалд явахдаа жолоочийн анхаарлыг сарниулах, босох, суудал дээрээ хөдлөх зэргээр гэмтэж бэртэх, зам тээврийн осол гаргах эрсдэлтэй байдаг. Одоогоос хоёр жилийн өмнө нэгэн эмэгтэй “Дэнжийн 1000” захын авто машины зогсоолоос хөдлөхдөө хүн дайрсан. Тэрбээр урд суудал дээрээ сууж явсан хүүхэд нь урагш унаснаас болж сандрахдаа тормозоо биш “хааз”-аа гишгэснээс үүдэж дээрх ослыг гаргасан тухайгаа мэдүүлж байжээ. Өнгөрсөн баасан гаригт ч талийгаач хүүг зориулалтын суудал дээр суулгаж явсан бол гэдэг харамсал төрнө. Учир нь зориулалтын суудал, суудлын даруулга хэрэглэснээр зам тээврийн ослоор нас барах, хүнд гэмтэх эрсдэлийг 0-1 насны хүүхдийг 71 хувь, 1-4 насны хүүхдийг 54 хувь, 4-8 насны хүүхдийг 45 хувь, 8-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдийг 50 хувь хамгаалдаг гэж судлаачид үзсэн байдаг. Замын цагдаагийн газраас өнгөрсөн жил хүүхдээ машинд зориулалтын суудалд суулгаж байхыг уриалсан сарын аян ч зохион байгуулж байлаа. Өнгөрсөн жил зам тээврийн ослоор 48 хүүхэд амиа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсны цөөнгүй нь автомашинд зорчиж явсан, зориулалтын суудалгүй байжээ. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж байсан аж. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг насных нь байдлаар ангилахад 0-7 хүртэлх насны хүүхэд 39, 8-14 насны хүүхэд 48.5, 15-17 насны хүүхэд 12.5 хувийг эзэлжээ.

Хүүхдийг машинд заавал зориулалтын суудалд суулгахыг ихэнх улсууд шаарддаг. Манайд мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тусгасан байдаг. Хүүхдийн суудлыг машины ард талд байрлуулбал аюул багатай. Ялангуяа ард талын суудлын дунд хэсэг хамгийн аюулгүйд тооцогддог аж.

Ингэхдээ хоёр хүртэлх насны хүүхдийн суудлыг буруу харуулан бэхэлж, тогтоодог. 2-5 насны хүүхдийн суудлыг урагш харуулан байрлуулдаг. Таваас дээш насныханд суудлын даруулгыг зүүж чадах хүртэл нь өндөрлөгөөтэй суудал ашигладаг. Үүнээс дээш насныханд зориулалтын суудлын бүс хэрэглэдэг. Ингэхдээ бүсний доод хэсэг гуян дээгүүр, босоо бүс нь цээжин дээгүүр таарсан байх ёстойг анхаарна уу. Суудлын бүс хэрэглэж эхлэхэд хүүхдийн өндөр 145 см-ээс дээш байх ёстой ба үүнээс намхан байвал насанд нь таарсан зориулалтын суудалд суулгаж байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

А.Ганхуяг: Ухаалаг системээс ухрахгүй, олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг иргэддээ хүргэхийн төлөө явна

Нийтийн тээвэрт нэвтрүүлсэн ухаалаг системийн талаар том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид ямар байр суурьтай байгаа бол. Нийтийн тээврийн “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягтай ярилцлаа.

-Иргэд автобусанд смарт картаар үйлчлүүлдэг болоод нэг сарын хугацаа өнгөрлөө. Ухаалаг системийг цааш үргэлжлүүлэн мөрдүүлэх тал дээр хувийн хэвшлийнхэн ямар санаа оноотой байгаа вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээврээс харагддаг смарт картны үйлчилгээ манай улcын хувьд мөрөөдөл байсан нь саяхан. Нийслэлийн удирдлагууд тэр дундаа хотын дарга Э.Бат-Үүл маш зоригтой алхам хийж ухаалаг системийг нийтийн тээвэрт нэвтрүүлж чадлаа. 60 гаруй жил явж ирсэн хуучин системээ орхиж, олон улсын жишигт хүрэх смарт үйлчилгээ рүү хувийн хэвшлийн компаниуд бүгд 100 хувь дэмжээд орсон. Долдугаар сарын 29-нөөс иргэд маань анх удаа автобусанд өөрөө төлбөрөө хийдэг ухаалаг картаар үйлчлүүлж эхэлсэн.Энэ бол нийтийн тээвэрт үгүйлэгдэж байсан маш том бодлого.

Одоо манай улсад хэрэгжиж эхэллээ. Автобусны компаниуд урьд нь орлогын төлөө явдаг байсныг бүгд мэднэ.

Жолооч нь хэдэн хүн суулгачих гээд замын дунд зогсч, буудал дээр удна. Кондуктор нь зорчигчдоо загнаад л. Энэ бол үйлчилгээний доголдол байжээ. Харин ухаалаг системтэй болж иргэдээ хүлээлгэдэггүй, цагтаа явдаг, тэдэнтэй соёлтой, хүндэтгэлтэй харьцдаг олон улсын жишигт хүрсэн зөв үйлчилгээг нэвтрүүлсэнд хувийн хэвшлийнхэн бүгд баяртай байгаа.

-Нийтийн тээврийн маршрут өөрчлөгдөж, богино эргэлттэй болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй байна. Тодруулбал, дахин дамжилтад илүү мөнгө төлж байгаа. Иргэдийн бухимдал их байгаа болохоор ухаалаг систем цаашид үргэлжлэх боломжгүй гэх мэдээлэл ч тарсан. Асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын хэлсэнчлэн “Хуучин системээ март” гэснийг дэмжиж байгаа. Энэ ухаалаг системийг цаашид улам боловсронгуй болгож , мөрдүүлж хэвшүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Ямарваа нэгэн шинэлэг систем нэвтрэхэд хүн бүр амархан дасаж чадахгүй, янз бүрийн шүүмжлэл дагуулдаг шүү дээ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Смарт картын үйлчилгээг нэвтрүүлсэн компанид жижиг сажиг процедурын алдаа байгаа. Жишээлбэл, иргэдэд смарт картыг борлуулах тал дээр менежментээ хийж чадахгүй байна. Дээрээс нь иргэдийг бухимдуулаад байгаа нь дахин дамжилт, сэлгэлтийн үнийг шийдэж чадахгүй байна. Хотын захын гэр хорооллоос нэг автобусаар хотын төв рүү ороод ирээд сурчихсан иргэд одоо хэд хэдэн автобус дамжиж байгаа нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай шууд уялдаж хүндрэлтэй тусаж байгаа. Мөн цаг хугацааны хувьд ч алдагдалтай санагдаж байгаа байх. Гэвч энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулах бодлоготой нягт холбоотой төлөвлөлт юм.

-Сүлжээ төлөвлөлт хийж, богино эргэлттэй болсноор автобус компаниудын орлого нэмэгдэж байна гэх юм?

-Нийтийн тээврийн үйлчилгээний оператор компаниуд өдөр тутамдаа хэдэн төгрөгийн орлого хуримтлуулаад, хэрхэн ажилладгийг ухаалаг систем харуулж байгаа. Урьд нь оператор компаниуд маш их хардалтыг дагуулдаг байсныг энэ систем нэвтэрснээр үйл ажиллагаа нь тодорхой харагдаж, үйлчилгээний орлого нь шилэн дансаар мэдээлэгдэнэ. Одоо бид орлогын араас хөөцөлдөх шаардлагагүй болсон. Хотоос чиглэл маршрутаа зохиогоод ингээд яв гээд замыг нь заагаад өгчихлөө. Тэгэхээр бид зөвхөн иргэддээ аюулгүй, соёлтой үйлчилгээг хүргэх ёстой болж байгаа нь олон жилийн туршид ярьж байсан бодлого хэрэгжиж байгаагийн илрэл. Урьд нь автобусууд орлогын хойноос хүнээ булаацалдаж, буудал дээр нэг нэгнээ шахаж зогсдог байсан цаг ард хоцорч байна. Бүх компаниудын үйлчилгээнээс орсон орлогыг нэг дансанд хуримтлуулаад түүнийг нь явсан гүйцэтгэл цагаар нь эргэн хуваарилах систем юм. Тэгэхээр үйлчилгээний орлогыг оператор компаниуд мэдэхээ больсон гэсэн үг. Тухайн автобус тогтоосон цагтаа ирээд, цагтаа явдаг болно. Жолоочид нь орлого ямар ч хамааралгүй болж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ бол манай нийслэлийн удирдлагуудын нийтийн тээврийн салбарт хийж байгаа том шинэчлэл мөнөөс мөн.

-Смарт карттай иргэн тодорхой хугацаанд амжиж автобус сэлгэн зорчвол 500 төгрөг л төлнө гэж анх яригдаж байсан. Энэ хэрэгжиж байгаа юу?

-Улаанбаатарт өдөр тутамдаа ойролцоогоор 700-800 мянган хүн нийтийн тээврээр зорчиж байгаа. Тэд бүгд ухаалаг системд нэгдчих юм бол дахин сэлгэлтийнхээ 20 юм уу 30 минутыг үнэгүй болгох асуудлыг шийдэхээр нийслэл болон нийслэлийн тээврийн газрынхан тооцооллоо хийхээр хүлээж байгаа. Иргэдийн маань карт худалдан авалт тийм ч сайн биш байгаа нь тооцоолол хийх боломжгүй болгож хүлээлт үүсгэж байна.

-Хуучин системээр явж байхад хувийн хэвшлийнхний орлого сайн байсан. Харин жолооч, кондукторын гар дээр бэлэн мөнгө ирэхгүй байгаа болохоор энэ системээр цаашид явах сонирхолгүй байх шиг…

-“Автобус компаниуд хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Кондуктортой системээрээ явах гэж зориудаар смарт картын системийг эсэргүүцэж байна” гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа л даа. Тодруулж хэлэхэд, хувийн хэвшлийн бүх компани ухаалаг системийг 100 хувь дэмжиж ажиллахаа анхнаасаа мэдэгдэж, албан ёсоор гэрээ байгуулсан. Хувийн хэвшлийнхэн эргэж, буцахгүй. Оператор компаниудын өдөр тутмын үйлчилгээнээс орж байгаа бүх орлогыг Смарт карт компани хүлээн авч байгаа. Хүлээн авсан орлогыг эргэн хуваарилах ажил нь удаашралтай, алдаатай байна. Явсан автобус гүйцэтгэл цаг рейсээ бүрэн гүйцэт гаргаж чадахгүй байгаагаас болоод мөнгө хуваарилалт нь удааширч, үйл ажиллагаанд томоохон хүндрэлүүд гарч ирж болзошгүй.

-Үүнээс болоод та нарын орлого буураад байгаа юм биш үү?

-Шинэ системээрээ сар гаран явлаа. Нийтийн тээврийн 20-иод компани өдөрт 120-140 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ алдагдал нь сардаа дөрвөн тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Мөн богино эргэлттэй болоод нийтийн тээврийнхний орлого нэмэгдсэн гэдэг мэдээлэл бол ташаа ойлголт юм.

-Тэгэхээр бүх автобус компаниуд алдагдалтай ажиллаж байна гээд иргэдэд үйлчлэх автобусныхаа тоог цөөлж байгаа юу?

-Үгүй. Харин ч хичээл, сургууль эхлэх гээд хотын хүн амын хөдөлгөөн ихэсч байгаа энэ үед наймдугаар сарын 23-наас үйлчилгээнд явах гаралтын тоогоо нэмэгдүүлсэн.Одоо хувийн хэвшлийнхний өдөр тутмынх нь орлого байхгүй болчихоор бүгд түлшний компаниудад хуримтлагдсан өртэй байна.Тэглээ гээд нэгэнт нэвтрүүлсэн смарт үйлчилгээг буруутгахгүй байгаа.

-Нийслэлийн удирдлагууд ямар чиглэл өгнө бид тийшээ иргэдэд үйлчилнэ гэж та дээр хэллээ. Тэгвэл төрийн өмчит автобусны компани орлого сайтай чиглэлд үйлчлээд, хувийн хэвшлийнхэн нь ашиггүй талдаа ажиллаад байх шиг. Энд өмчийн ялгаа гараад байгаа юм биш үү?

-Өнөөдөр бид орлого гэдгийг мартаж үйлчилгээг чухалчлах ёстой оператор компанийн төлөөлөл. Сүүлийн 60 жил хөдлөөгүй сүлжээ төлөвлөлтийг хотын удирдлагууд маань маш шийдэмгий хөдөлгөж, олон улсын жишигт нийцсэн маршрутаа тогтоож чадлаа. Энэ бол маш том шинэчлэлт. Дэлхийд ийм шинэчлэлтийг богино хугацаанд зоригтой хийсэн улс бараг байхгүй. Ямар сайндаа “Танайх мөд сүлжээ төлөвлөлтөө хийж чадахгүй” гэж хэлж байсан олон улсын мэргэжилтнүүдийг гайхшруулсан шинэчлэлтийг манай хот хийсэн. Энэ сүлжээ төлөвлөлтийг хийснээр Энхтайвны өргөн чөлөө рүү автобус гурав, дөрвөн зуугаараа бөөнөөрөө ордог байсан нь болилоо. Нийтийн тээврийн энэ том шинэчлэлтэд хувийн хэвшлийнхэн ямар ч маргаангүйгээр дэмжээд орсон. Гэтэл манай төрийн өмчит автобус компанийн захирал, НИХТ Ц.Одонтунгалаг буруу ойлголттой яваа бололтой.ТӨК хэвтээ, босоо тэнхлэгт өмчийн ялгаа гаргаж маршрутаа авсан. Тэгсэн атлаа нэг тогоонд төвлөрсөн орлогыг нийт компаниудад явсан цагаар нь тооцоолж өгөх ёстойг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, хуучин системтэйгээ андуураад байгаа бололтой. Өөрсдийнхөө орлогыг өөрсдөө авна, бусадтай хуваалцахгүй гэж дайрч байна шүү дээ. Ц.Одонтунгалаг дарга маань Нийслэлийн удирдлагуудын санаачлан нэвтрүүлсэн ухаалаг системээс өөрөө ухраад эхэлчихлээ. Сүлжээ төлөвлөлт задлахад хотын маршрутыг нийслэлээс тогтоогоод өгсөн байтал өмчийн ялгаа гаргаад бүх ашигтай чиглэлүүдийг төрийн өмч авсан. Тэгсэн хэрнээ бид орсон бүх орлогоо авна гэдэг чинь ардчиллын зарчим биш байлтай. Тэрээр “Бусад компаниуд алдагдалтай ажилладаг юм бол төр нь өгдөг юм байгаа биз” гэж байна. Тэгвэл бид энэ систем рүү орсны хэрэг юунд байна вэ. Хувийн хэвшлийн компани алдагдалтай байвал тэр л биз, ямартай ч төр нь ашигтай байя гэсэн өмчийн ялгаа гаргах юм бол энэ систем унана. Бидний орлогын төлөө явахгүй, маршрут булаацалдахгүй гэсэн итгэл маань алдарч эхлэх нь байна. Бид Э.Бат-Үүл даргыг ардчиллыг байгуулчихаад өмчийн ялгаа гаргаж, ингэж хувийн хэвшлийнхнийг нүд үзүүрлэн ялгаварлаж байна гэдэгт итгэхгүй байгаа. Харин Ц.Одонтунгалаг дарга өөрөө буруу ойлголттой яваад байх шиг байна. Улс орон мөнгөгүй хамгийн хүнд үед хувийн хэвшлийнхнийг явуулчихаад төрийн өмчит компани парк шинэчлэлт хийнгүүтээ ашигтай чиглэлүүдээ булаагаад авчихаж байна. Энэ чинь үндсэндээ хувийн хэвшлийнхнийг шахаж эхэлж байна гэсэн үг. Харин ч төр тэртэй тэргүй төрийн компанидаа татаасаа өгдөг юм чинь орлогогүй чиглэл рүүгээ явуулж яагаад болохгүй гэж. Нэгэнт нийслэлээс маршрут тогтоогоод хотын захад юм уу төвд очоод үйлчил гэвэл бид очно. Ганцхан тэнд соёлтой, аюулгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Орлогын төлөө биш болохоор өрсөлдөөн гэж байхгүй болно.

-Ухаалаг систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор мөнгө хураагч нарын ажлын байр хөндөгдөж байна. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Нийтийн тээврийн салбарт олон жил, үе дамжаад ажиллаад ирсэн 1800-гаад мөнгө хураагч бий. Тэднийг шууд шинэ системд орсноор ажлаас нь халах үндэслэл байхгүй. Учир нь бүгд ар гэрээ авч явдаг, цалингийн зээлтэй, дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэй хүмүүс байдаг. Манай компани гэхэд смарт картын үйлчилгээнд шилжлээ гээд нэг ч мөнгө хураагчийг ажлаас нь халаагүй. Харин ч эдгээр хүмүүсийн хүчийг зөв ашиглаж, төвлөрөхгүй байгаа орлогыг бүрдүүлэх хэрэгтэй. Шинэ систем анх нэвтэрч эхлэхэд зорчигчид маань их идэвхтэй, картаа уншуулаад, мөнгөө төлөөд явдаг байсан.Эхэндээ кондукторууд ч хяналт тавиад ажиллаж байлаа. Харин сүүлийн өдрүүдэд орлого асар их унасан үзүүлэлттэй гарсан нь иргэд мөнгөө өгч байгааг хянах механизм байхгүйтэй холбоотой. Бид ухаалаг системд шилжчихлээ гээд ганц жолоочид энэ асуудлыг хариуцуулчихаар хотод алдагдалтай. Ядаж хүмүүсийг энэ шинэ системдээ дасаад зорчдог ухамсартай болтол нь мөнгө хураагч нарыг хяналтын ажилтан болговол хот эрсдэл багатай байна. Тэгээд ч хүмүүс хаанаас смарт карт авахаа тэр бүр мэдэхгүй байна. Кондукторууд автобусанд смарт картыг борлуулж болж байна. Одоо ухаалаг систем нэвтэрсэн юм чинь тухайн жолооч, кондукторын орлогоор ажлыг нь дүгнэх боломжтой. Нэг чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хоёр автобусны орлого газар тэнгэр шиг ялгаатай гарвал тэр нь мөнгө хураагчийн ажилтай холбоотой гээд хариуцлагын асуудал хөндөгдөж болно. Мэдээж зорчигчдыг бүрэн төлөлт хийлгэсэн, шаардлагаа зөв тавьсан, хяналтаа сайн хийж чадсан автобусных нь орлого ахиу байна. Энэ мэт бүх орлого шилэн данстай болж байгаа болохоор хяналтыг сайн хийж, хариуцлагыг зөв тооцож чадвал орлого бүрэн төвлөрнө. Тэрнээс өнөөдөр ухаалаг системд шилжлээ гээд мөнгө хураагч нарыг бөөн бөөнөөр нь ажлаас халж болохгүй. Ядаж 1-2 жилдээ тэднийг цалингийн зээлээ төлж дуусгах , дараагийн ажлын байраа олох хүртэл нь нийгмийн баталгааг нь хангах хэрэгтэй.

-Одоо жолооч, кондукторын цалин хэд байхаар болсон бэ?

-Тэд хэдэн төгрөгөөр цалинжих нь одоохондоо тодорхой биш байгаа. Ийм тооцоо ч гарч ирээгүй. Хотын захиргаанаас энэ бүх тооцоогоо хийгээд хурдан ухаалаг системийг бүрэн хэрэгжүүлэх, шийдвэрлэгдэхгүй байгаа олон асуудлуудыг зоригтой шийдвэрлэх хэрэгтэй.

-Ямартай ч нийслэлийн удирдлагууд зоригтой алхам хийж олон улсын жишигт нийцсэн ухаалаг систем рүү шилжчихлээ. Одоо энд парк шинэчлэлтийн асуудал хөндөгдөх байх?

-Хөгжлийн банкнаас зам тавина гээд зээл авдаг шүү дээ. Тэрэнтэй ялгаагүй оператор компаниудад 400, 500 автобусыг нь зээлээр олгочих хэрэгтэй байгаа юм. Ганц ТӨК-д гэхгүйгээр хувийн хэвшлийнхэнд өгчихвөл элэгдэл хорогдлынхоо мөнгөөр парк шинэчлэлт хийгээд явах нь шударга зарчим. Өнөөдөр иргэд маань хиртэй, тоос шороотой, хөлдүү хүйтэн автобусанд суумааргүй байна. Ухаалаг систем дээр хамгийн их дутагдаж байгаа зүйл бол парк шинэчлэлт. Цэвэрхэн сайхан ухаалаг системтэй, интернэттэй автобусанд ямар ч иргэн баяртайгаар үйлчлүүлнэ.Хотоор дүүрэн ийм автобус иргэдэд үйлчилбэл нийслэлийн удирдлагуудын нөгөө замын түгжрэлийг бууруулах гэсэн арга хэмжээ биелэлээ олно. Хэн машиндаа түгжрээд явахыг бодох билээ дээ. Хурдан шуурхай, цэвэр цэмцгэр нийтийн тээврийг л сонгоно. Одоо энэ дутагдаад байгаа зүйлээ хотын дарга яаралтай шийдэх хэрэгтэй. Эсвэл хувийн хэвшлийнхэн бидний цуглуулсан хөрөнгийг хот үнэлж аваад энэ салбарыг орхи гэвэл болж байна. Ингэж өмчийн ялгаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн компани гэхээр ивээл дор яваад байдаг. Ороод ирсэн шинэ автобус болгоноо өгч, алдагдлыг нь даадаг байж болохгүй. Харин хувийн хэвшлийнхэн банкнаас зээл аван байж энэ зэрэгтээ явж байхад хариуцлагыг нөгөө талдаа өндрөөр үүрүүлсээр байдаг.

-Манай улс смарт картыг нэвтрүүлснээр олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болоход хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?

-Смарт карт ХХК нь процедурынхаа алдаануудыг хурдан шийдэж чадах юм бол гурван сарын дараа ард иргэд маань энэ системээрээ яваад сурчихна. Нийтийн тээврийн салбарынхаа бодлогыг хамгийн сайн шийдэж чадсан улс бол өмнөдСолонгос. Дэлхийд байгаагүй энэ ухаалаг системийг 2002-2004 онд нэвтрүүлсэн.Тухайн үеийн хотын дарга буюу одоогийн экс Ерөнхийлөгч Пак Гын-Хэ нийтийн тээвэрт явдаг хувийн хэвшлийн бүх компанийн удирдлагуудаа тойруулан суулгаж байгаад “Одоогийн орлого хөөцөлдөж маршрутаа булаалцалддаг системээ март” гэж хэлээд шинэчлэлтийг зоригтой хийсэн. Солонгосын нийтийн тээврийн үйлчилгээ урьд нь яг манай улс шиг орлогын төлөвлөлттэй, маршрутын зохион байгуулалт муутай байсан. Харин хотын дарга нь ард иргэддээ хүрч чадсан маршрут зохиож түүгээрээ үйлчилгээнд явахыг оператор компаниуддаа санал болгож, түүнээс гарах алдагдлыг нь төр даахаар тохиролцсон. Эхний жилдээ 800 сая долларын алдагдалтай гараад бөөн шүүмжлэлд өртөж байлаа. Харин өнөөдрийн байдлаар 100 сая долларын алдагдалтай ажиллаж бууруулж чадсан. Автобус нь ухаалаг болоод үйлчилгээ нь сайжраад ирэхээр бүх хүн автобусаар үйлчлүүлдэг болсон. Ингээд орлого нь нэмэгдээд нөгөө талдаа татаас нь багассан. Манайх хүссэн хүсээгүй энэ системийг хотын удирдлага хийсэн л бол татаас гэдэг асуудал гарч ирнэ.

-Сэдвээс хазайсан асуулт байна. Танай компани “МТ 150” гэдэг станцыг нэг дор олноор нь жижиг машинд суурилуулаад хуурамч рейс бүртгүүлдэг байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нэг л зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Энэ юу вэ гэвэл манай компани олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл тууштай үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үзүүлэлтээрээ ч өнгөрсөн жил дэлхийн чанарын тэмдэг авсан. “МТ 150” станцыг бөөнөөр нь жижиг машинд суурилуулаад рейс уншуулсан гэх мэдээлэл манай компанитай холбоотой асуудал биш, харин ч бид үүний эсрэг байдаг гэдгийг хэлмээр байна. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улсын шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүжирдэх, дайрч доромжлон нэр хүнд болоод сэтгэл санааны хохирол учруулдаг байдал сүүлийн үед түгээмэл болсонд харамсаж явдаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын хурал монголчуудад хамаагүй бололтой

Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний
байгууллагуудын хурал боллоо. Энэ хурал монголчууд бидэнд хаалттай болов. Үндсэн
илтгэлүүдээ англи хэл дээр тавьж, хурал болж байгаа газар нь ч олон нийтэд
мэдээлэгдэлгүй өнгөрлөө. Бүр сэтгүүлчдэд мэдээлэл дутмаг олдож байснаас ингэж дүгнээд
байна. Цөөн хэдэн сонин, сайтад “Чуулган болно, болж байна” гэсэн товч мэдээ
гарч, ихэнх телевизээр энэ тухай мэдээлэл бараг цацагдсангүй. Ядаж нэг
телевизээр шууд дамжуулж хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, бусад орны жишээ,
хэтийн төлөв ямар байгааг ард түмэнд ойлгомжтой хүргэх болов уу гэсэн ч тэгсэнгүй.

Яг юу болоод өнгөрөв. Ихэвчлэн гадаад улс орнууд иргэдийнхээ
эрхийн тухай яриад өнгөрчээ. Тодруулбал, бүс нутгийн 28 орны хүний эрхийн
байгууллага, НҮБ-ын тусгай илтгэгчдээс бүрдсэн 160 гаруй нөхөд өнгөрсөн хэдэн өдөрт
англи хэл дээр Монголоос бусад улс үндэстний хүний эрхийн тухай хүүрнэлдсэн нь
энэ бололтой юм. Гадныхан Улаанбаатарт ирж өөрийн орныхоо эрүү шүүлтийн эсрэг,
хүний эрх зөрчигддөг явдлыг халахаар, иргэнийхээ эрхийн төлөө том том илтгэлүүдийг
ийнхүү тавьж байхад Монгол орон хүнийхээ эрхийг хэлж, ярих нь бүү хэл иргэддээ
ч энэ тухай мэдэгдсэнгүй. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл Монголын Хүний
эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг л улсаа төлөөлж энэ чуулганд илтгэл
тавьсан гэж байгаа. Гэхдээ түүний илтгэлд яг юу туссаныг бүү мэд. Учир нь
илтгэлээ урьдаас бэлдэж, төлөвлөлгүй тухайн үед санаандаа буусан зүйлийг
ярьсныг сэтгүүлчид сүүлд нь мэдсэн юм.

Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатарт болсон хүний эрхийн төлөөх
томоохон чуулганы дараа ийм л яриа, сэтгэгдэл үлдэж байна. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж уг чуулганд уригдаж үг хэлээгүй бол бүр ч бүрхэг төсөөлөлтэй үлдэх
байсан биз. Төрийн тэргүүн тус хуралд хүрч очоод “Хүний эрхийн асуудал дээр, хүнийхээ
эрхийн төлөө Монгол Улс үргэлж “За” гэж хэлнэ. Хүний эрхийн төлөөх бүхий
л гэрээ, конвенцид манай улс нэгдэн орсон. Энэ бүхэн Монголд яг л хууль шиг хэрэгжинэ”
хэмээн товхийтэл дуугарсныг олон нийтэд түгээхэд ард түмэн алга ташин хүлээн
авч буй нь мэдрэгдэж байв. Үүнээс өөрөөр монголчуудын эрхийн төлөө, иргэдийн
эрхийг хамгаалж ярьсан нь тун ховор бололтой байна. Зарим нэг хүмүүс энэ талаар
үгээ хэлэхийг хүссэн ч биднийг оруулсангүй гэж гомдоллож яваа нь дуулдсан. Үндсэндээ
бидний хувьд үр өгөөжгүй хуралдаан болж өнгөрлөө
гэж дүгнэсэн ч болохоор байгаа юм.

Эндээс малчин монголчуудад хүний эрх үнэхээр хамаагүй юм уу
гэсэн асуулт урган гарч байгаа. Бид өөрсдийгөө хүн гэж санаад хүний эрх яриад
байсан нь буруу байсныг сая гэрчилчихлээ. Уг нь бид Ази, Номхон далайн бүс
нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын хурал хэмээх томоос том автортай
чуулган Улаанбаатар хотод болохоос өмнө яг энэ асуудлыг хөндөж хичнээн жил
ярьж, хэрхэн хийрхэж ирснийг олон түмэн мартаагүй байх.

Бусдыг дуурайж олон ч жил хүний эрх ярьсан жишээг “Өдрийн сонин”-ы шарласан хуудсууд өнөөдөр ч гэрчилсээр. Тухайлбал, “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярын гэх асуудал бий. Түүнийг өмгөөлөгч Л.Баярмаа, Ц.Цэрэнжээ нар “Өдрийн сонин”-ы №101 (4741) дугаарт “Энэ хэргийн эргэн тойронд сонин сонин юм тохиолдож байна. Хүний амь эрсэдлээ. Өмгөөлөгч зодууллаа. Шүүгдэгчдийг 50 тэрбум төгрөг идлээ, уулаа, угаалаа гэх зэргээр холбогдоогүй хэрэгт нь гүтгэж байна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон биз дээ. Энэ конвенцид гурав дахь этгээдийн эсрэг мэдүүлэг авахын тулд хүнийг хорих, дарамтлах, доромжлохыг хориглоно гэж заасан. Хуульч хүний хувьд үнэхээр цөхрөнгөө барж байна” хэмээн өгүүлж байв.

Мөн шоронд амиа алдсан Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Т.Нямдорж “Өдрийн сонин”-ы 2014 оны тавдугаар сарын 14-ний дугаарт “Төрийн тусгай харуул хамгаалалттай газар байсан хүн амиа алдлаа. Хорих ангийн эмч, эмчилгээний ажилтнуудын асуудал биш цаашлаад хуулийн байгууллага, тэнд ажиллаж байгаа ажилтнуудын хууль бус үйлдэл хөндөгдөнө. Мөн хорих газрынхан энэ хүнийг хоригдож байхад хэрхэн харьцаж, эрхийг нь зөрчиж байсан гэх мэтээр сөхөх олон ноцтой зүйлс бий. Эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэсэн чиг үүргийг дээрээс өгсөн гэх яриа байгаа нь үйлчлүүлэгчийн эрхийг ямар хэмжээнд зөрчиж байсныг харуулж байгаа хэрэг” хэмээн ярьсан байдаг. Түүнээс гадна Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мөн оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн дугаарт “Хууль тогтоогчид иргэний эрх зүйн салбарыг шалан дээр унагаж Монгол Улсыг эрүүгийн орон болгож байна. Миний бичсэн ноорог цаасыг АТГ-ынхан олж аваад олон нийтэд тарааж иргэний захидал, харилцааны нууцад халдсан. Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын харилцаанд хүртэл саад учруулж өмгөөлүүлэгчийн маань эрхэд удаа дараа ноцтойгоор халдсаар байна” хэмээн өгүүлж АТГ-ыг шалгуулна гэдгээ мэдэгдэж байжээ.

Сэжигтнүүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулж, эрүүдэн шүүж хүний эрх зөрчдөг талаар ердөө гуравхан жишээг сонины хуудаснаас жишээлэн дурдахад л ийм байна. Ер нь зөвхөн шоронд л хүний эрх зөрчигдөөд байгаа юм биш. Гэр дотор, гадаа гудамжинд гээд нийгмийн бүхий л харилцаанд иргэдийн эрх зөрчигдөж байдаг. Харин энэ тухай дэвшүүлэн ярих, олон улсын туршлага судлах томоохон боломж ийнхүү бидэнд хаалттай өнгөрчээ. Угтаа бидэнд Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын хурал хамаагүй байсан бололтой.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит
хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Өнөөдрийн
хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэх юм байна.

-Улсын чанартай томоохон
төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг батлах тухай
/С.БАЯРЦОГТ/

-Журам батлах тухай /С.БАЯРЦОГТ/

-Ерөнхий байцаагчийн эрх олгох
тухай /С.БАЯРЦОГТ/

-Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлалын тухай*
/Л.ПҮРЭВСҮРЭН/

-Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга* /Р.БУРМАА/

-Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай /Г.ШИЙЛЭГДАМБА/

-Бусад асуудал /Ч.САЙХАНБИЛЭГ/

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд
хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай

/С.БАЯРЦОГТ/

-Монгол Улсын нэгдсэн
төсвийн 2015 оны 7 дугаар сарын гүйцэтгэлийн тухай /С.БАЯРЦОГТ/

-Гадаад хэргийн
сайдын олон улсын хуралдаанд оролцсон дүнгийн тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/

-Монгол,
Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны дүнгийн тухай


/Л.ПҮРЭВСҮРЭН/

Categories
мэдээ нийгэм

Тов оврын машины ачаа автобус руу унажээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн
замд том оврын ачаа ачиж явсан машины ачаа автобус руу унажээ. Энэхүү хэрэг
дөнгөж сая гарчээ. Тус ачааны машин цахилгааны зориулалттай том эд анги ачиж
явсан бөгөөд ачаа нь гэнэт холбирч автобус руу унажээ. Ослын улмаас хүн
гэмтээгүй бөгөөд зорчигчдыг тэр даруйд буулгасан байна. Одоогоор ослын шалтгааныг
тодруулахаар цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

В.Путин Хятадын ялалтын баяраар дуулж магадгүй

Ирэх сарын 3-нд БНХАУ-ын Бээжин хотод
чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баяр болох гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч
В.Путин Си Зиньпинийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Тэгвэл
тус ялалтын баяр арга хэмжээний үеэр В.Путин хятад дуу дуулж бэлэг барина гэсэн
мэдээлэл байна. Энэ талаар БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов
хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ийм газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ

Наймдугаар сарын 31-ний Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг
цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх
тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.


Баянгол дүүрэг

10.00-18.00 цагт: 10, 11, 23-р хороо. 57-р цэцэрлэг, Зүүн Ард Аюуш. Зүүн нарангийн гудамжууд, тэр орчмын хэрэглэгчид

11.00-18.00 цагт: 7-р хороо 4-р хороолол 1, 2, 3-р гудамж, 27, 29, 30, 31, 71 -р байр ба ойр орчимд


Баянзүрх дүүрэг

10.30-17.30 цагт: 16-р хороо 16-р хороолол 1, 2, 24, 25, 26, 70, 71, 72-р байр, 82-р цэцэрлэг, Улаанхуаран ОСНААТӨҮГ болон эдгээрийн ойр орчимд


Сүхбаатар дүүрэг

10.30-17.00 цагт: 19-р хороо Ундраа, Янзага зуслангууд, спорт цогцолбор, Майхан толгой


Жич: Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон
болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай
ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН,
байгууллагуудад мэдээлэх болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга АНУ-г зорьжээ

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ыг зорьсон
байна. Нью-Йорк хотод дэлхийн парламентын спикерүүдийн IV уулзалт болох бөгөөд
тус уулзалтад оролцохоор УИХ-ын дарга ийн эх орноосоо мордсон байна. Түүнчлэн
есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотод болох
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор төлөвлөөд байгаа
аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“Тамхины хяналтын тухай хууль” утаа болоод уусчихсан юм уу

Хоёр жил гаруйн өмнө батлагдаад хэрэгжилтийг нь нэг хэсэгтээ их л ширүүн мөрөөдөөд байсан “Тамхины хяналтын тухай хууль” өнөөдөр бараг л мартагдаж хэнийг ч цочроохоо больжээ. Үнэмшихгүй байна уу. Нийтийн тээврийн зогсоол дээр зогсоод тав, зургаан автобус өнгөрөөгөөд үзээрэй. Аль нэгнийх нь жолооч “…нийтийн тээврийн хэрэгсэл дотор утаат тамхи татахыг хориглоно” зааврыг зөрчөөд цонхоороо “баагиулж” л байх вий. Лангуун дор нуугдах тамхи ил байхаасаа илүү үнэ хүрдэг тул бүхий л жижиг мухлагууд хайрцагтай болон ширхгийн тамхийг айх зүйлгүй зардаг болж. Одоо хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэг зэргийн ойролцоо татаж болохгүй гэдгийг мөн ч олон хүн мартсан байгаа даа. Гэтэл тамхитай тэмцэнэ гэдэг төрөөс асар их хариуцлага шаарддаг, хуулийн хэрэгжилтээ тогтмол шалгаж, “эрэг шургийг нь” байнга чангалж байдаг өвөрмөц тэмцэл гэж байна шүү. Шинэ Зеландын Засгийн газар 2025 он гэхэд тамхи татдаггүй улс болно гэж таван жилийн өмнө зарлаад тэмцэж эхэлсэн гэнэ лээ. Манайхтай төстэй хууль баталсан, бас ганц нэг өөр санаанууд байх. Жишээ нь жил бүр тамхины татварыг 10 хувиар нэмдэг, дараа жилээс эхлээд бүх тамхийг нь нэг савлагаатай, брэндийн шошгогүй худалдаалдаг болно гэж тэнд амьдардаг нэгэн ярилаа. Хайрцаг тамхи нэг өдрийн хүнсний өртгийн талтай тэнцээд ирэхээр хүссэн ч, эс хүссэн ч тамхийг хаядаг юм билээ гэж тэр бас ярьсан. Тамхины талаар хуулиа эргэж нэг санаад шалгадаг, торгодог арга хэмжээгээ ажиллуулаач. Тэртээ тэргүй түгжрэлд “мөлхөж” яваа жолоочийг бүсээ зүүсэнгүй, аюулгүй байдлыг хангаж байна гээд төр торгоод болж байгаа юм чинь ил татаж байгааг торгох бүр ч амархан баймаар даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Багш болохоор Ховдоос ирсэн А.Даваадоржийн нэг өдөр”-ийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Манай уламжлалт “Танайд өнжье” буланд “Багш болохоор Ховдоос хотод ирсэн А.Даваадоржийн нэг өдөр”-ийг онцоллоо. Шинэхэн оюутны нэг өдрийг 12, 13 дугаар нүүрээс сонирхоорой. Улстөрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй хийсэн “70 тэрбумыг гурван компанид өгөхөөр вексель бичсэн байсныг шалгахаар болсон” хэмээх ярилцлага нийтлэгдлээ. Тэгвэл Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын хурал монголчуудад хамаагүй бололтой” хэмээх нийтлэл гарлаа. Саяхан болж өнгөрсөн энэхүү хурал хөндий, хаалттай, мэдээлэл олж авах боломжоор ядмаг болжээ. Үнэндээ манайхан өөрсдөө ч анхаарал хандуулсангүй бололтой. Үнэний дуу хоолой болсон “Өдрийн сонин” олон нийтлэлээрээ хүний эрхийг хамгаалж ирсэн. Гэтэл хүний эрхийн байгууллагуудын хурал үндсэндээ бидэнд төдийлөн хамаатай биш тэр байтугай ихэнх илтгэл англи хэл дээр тавигдсаныг шүүмжилсэн юм.

“Хилийн хяналтын бүсэд 160 ам.доллараар зарсан сэтгүүлийн хэргийг АТГ шалгах бололтой” эрэн сурвалжлах материалыг нэгдүгээр нүүрээс долдугаар нүүрт дамнуулан нийтлэв. Уг хэрэгт холбогдолтой албан тушаалтнууд болон бусад олон баримтыг үүнээс уншиж болох юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд Хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлэг бий. Уг эмнэлгийг Ажиа гэгээний санаачилгаар Америкт байгаа монголчуудын хандиваар барьсан юм. Түүнчлэн Ажиа гэгээний дэлхий дахинд байгаа шавь нар, нийт монголчуудын өглөг ч нэлээд байсан. Тус эмнэлгийнхээ дэргэдэх “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” дээрээ байхад нь “Өдрийн сонин”-ы сурвалжлагч уулзан сонирхолтой ярилцлага хийжээ. Ярилцлагаа хүүхдийн эмнэлэг болоод тус эмнэлэгтээ япон эмч авчирсан зэргээ хүүрнэжээ. Мөн түүнчлэн цаашдаа сургууль байгуулах хүсэлтэй байгаагаа дурдсан байна. Энэ мэтчилэнгээр байгаль дэлхийтэйгээ хэрхэн харилцах, энэрэл нигүүлсэл гэж юу болох, хойд дүрийн талаар илэн далангүй ярилцжээ. Уг ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарын 11 дүгээр нүүрээс сонирхох боломжтой.
Түүнчлэн боловсрол, спорт, эдийн засгийн ярилцлага, цаг үеийн мэдээлэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалaхыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ