Categories
мэдээ нийгэм

130 мянган иргэн цахим карт авчээ

Нийслэлчүүд цахим картаар нийтийн тээвэрт үйлчлүүлдэг болоод хоёр хонож байна. Шинэ систем учраас иргэдийн дунд тулгамдсан асуудал багагүй гарч байгаа тул нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр иргэдийн асуултад хариулт өгөхөөр мэдээлэл хийлээ.

ИРГЭДИЙН ТАВЬЖ БУЙ НИЙТЛЭГ АСУУЛТЫН ХАРИУ

1. Цахим системд шилжсэнээр ямар хөнгөлөлт урамшуулал байх вэ?

  • ХАРИУЛТ: Урамшууллын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тухайлбал, 30 минутын дотор шилжин өөр автобусанд суусан тохиолдолд картнаас дахиж мөнгө суутгахгүй. Өөрөөр хэлбэл үнэгүй зорчино гэсэн үг. Мөн нэг өдөрт олон удаа нийтийн тээврээр зорчсон тохиолдолд 400 төгрөг суутгах зэрэг картын урамшуулал авдаг байхаар хэлэлцэж байгаа юм.

2. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудын хувьд хорооноосоо картаа авна. Тэдний хувьд картаа хаясан ч бүртгэлтэй учраас санаа зовох асуудалгүй. Энгийн иргэд ТҮЦ-үүдээс картаа авсан тохиолдолд хэн гэдэг иргэн, хаанаас авсан нь тодорхойгүй. Тиймээс хаяж үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ?

  • ХАРИУЛТ: Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудын хувьд хорооныхоо халамжийн ажилтнаар дамжуулан картаа худалдаж авна. Харин автобусны буудал дээрх ТҮЦ-ээс карт аваад үрэгдүүлсэн бол “Улаанбаатар смарт карт”-ын дэргэдэх Иргэдэд үйлчлэх төвд хандаж болох юм. Мөн картаа авсныхаа дараа бүртгүүлж болно. Иргэдэд үйлчлэх төвийн 78 11 12 89 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгнө.

3. Буудал дээрх ТҮЦ-үүдээс картаа авна. Харин цэнэглэхдээ заавал банкин дээр очих уу. Аль банкин дээр цэнэглэх вэ?

4.Хичээлийн шинэ жил эхлэхээр оюутан, сурагчид автобусаар хөнгөлөлттэйгөөр зорчдог. Тэдний хувьд яах вэ. Картаа хаанаас авах вэ?

Оюутнуудын хувьд картыг нь ирэх сарын 15-наас Монголын оюутны холбоогоор дамжуулан олгоно. Харин сурагчдын картыг хичээлийн шинэ жил эхлэхээр олгож эхлэх юм.

5. Бэлэн мөнгөний хайрцгийг хэзээ хүртэл ажиллуулах вэ?

  • ХАРИУЛТ: Иргэдийн дийлэнх нь картаа худалдан авч, автобусанд картаар үйлчлүүлдэг болж хэвших хүртэл ажиллуулна. Нийтийн тээврээр 500 мянган иргэн зорчдог гэх судалгаа бий. Өнөөдрийн байдлаар эдгээр иргэдийн дөнгөж 130 мянга нь л смарт карт худалдан авсан байна. Тиймээс энэ тоог 500 мянга дөхөх хүртэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулсаар байна.

6. Смарт карттай холбоотой мэдээллээ хаана өгч, гомдол санал хэлж болох вэ?

  • ХАРИУЛТ: Иргэдэд үйлчлэх төвийг “Улаанбаатар смарт карт” компанийн дэргэд байгуулсан. Холбогдох утас нь 78 11 12 89 юм. Иргэд смарт карт, цахим системтэй холбоотой бүх мэдээлэл, гомдлоо энэ утсанд өгч болно.

7. Зарим автобусны кондукторууд “Манайх сүлжээгүй, холбогдоогүй учраас мөнгөөрөө явна уу” гэх мэтээр карт авсан иргэдийг хохироож байна. Энэ тохиолдолд яах вэ?

  • ХАРИУЛТ: Цахим системийг нийтийн тээвэрт үйлчилж буй 1000 гаруй автобусанд бүгдэд нь нэвтрүүлсэн. Автбобусны кондуктор, жолоочид бүгд мэдэж байгаа. Тиймээс ийм асуудал гарвал дээрх утсанд холбогдож мэдээлэл өгөх хэрэгтэй.

8. Картын борлуулалт хэр байна вэ?

  • ХАРИУЛТ: Өнөөдрийн байдлаар 130 мянган иргэн карт авсан байна. Энэ дундаас хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудын 50 мянга нь картаа авчээ. Зорилтот бүлгийн иргэдийн хувьд карт авахдаа идэвтэй байгаа аж.
Categories
гадаад мэдээ

ОХУ Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавилаа

Виталий Чуркин

Фото: Li Muzi / Xinhua / Zuma / Global Look Press

Өнгөрсөн оны зун Донецкт сөнөсөн Малайзийн “Боинг” онгоцны сүйрэлд гэм буруутай хүмүүсийг мөрдөн шалгах Олон улсын шүүх байгуулах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүлээж авсангүй. Энэ талаар Reuters мэдээлжээ.

Малайзын санаачилсан тогтоолын төслийг батлахыг дэмжиж Аюулгүйн зөвлөлийн 11 гишүүн санал өгсөн бол Хятад, Ангол, Венесуэла улс санал өгөхөөс татгалзжээ. Харин ОХУ хориг тавих эрхээ эдлэн, тогтоолын төслийг саатуулсан байна.

НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэхдээ, Орос Украинд сүйрсэн онгоцны ослын мөрдөн байцаалтад тус дэм болох ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн гэжээ. Тэрээр тогтоолын төсөлд хориг тавьсан шалтгааныг “Баримтын төсөл нь хууль зүйн болон үлгэрчлэх жишээ болохуйц үндэслэлгүй” гэж тайлбарлажээ. Болсон хэрэг явдал нь олон улсын аюулгүй байдал, энх тайванд аюул заналхийлээгүй, мөн 2001 онд Украины зэвсэгт хүчин Оросын иргэний агаарын хөлгийг сөнөөхөд Олон улсын шүүх байгуулаагүй зэргийг тэрээр нэмж сануулжээ.

Малайзын тээврийн сайд Лиоу Тионг Лай энэ талаар “Тогтоолыг хүлээж авахгүй байгаа нь энэ хэргийн буруутнуудын хувьд гаргаж буй буруу үйлдэл. Гэхдээ бид ингээд зогсохгүй. Дэмжсэн орнуудтай зөвлөлдөж, хүчээ нэгтгэн ажиллана” хэмээн байр суурь илэрхийлжээ.

Харин “Энэ хэргийн мөрдөн байцаахад ямар ч хориг саад болохгүй” гэж НҮБ-д суугаа АНУ-ын элчин Саманта Пауэр онцлон тэмдэглэсэн байна.

Малайз улс “Боинг” онгоцны сүйрлийн гэм буруутныг хариуцлагад татан шийтгэх Олон улсын шүүх байгуулах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд долдугаар сарын 14-нд өргөн барьжээ. Ийм тогтоол гаргахыг Нидерланд, Малайз, Австрали, Бельги, Украин зэрэг улс дэмжиж байгаа юм.

“Malaysia Airlines” компанийн Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд нисч байсан “Боинг-777” онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Донецк мужид унасан. Онгоцонд явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд тухайн үед Киев онгоцыг Украины зүүн өмнөд нутагт сөргөлдөж байсан Донецкийн сайн дурынхныг сөнөөсөн гэж буруутгасан бол “Агаарын хөлөг сөнөөх зэвсэг бидэнд байхгүй” гэж сайн дурынхан мэдэгдэж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

“Ургацын 80 хувийг алдлаа гэдэг үндэслэлгүй”

“Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, цаг үеийн байдлаар мэдээлэл хийн, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ жилийн хувьд хамгийн хүндхэн зусч байгаа аймаг нь Увс болон Хэнтий аймаг гэдгийг сайд онцлов. Бусад аймгийн хувьд харьцангуй гайгүй байгаа ажээ. Хэнтий аймгийнхан л гэхэд энэ жилийн ургацынхаа 70 хувийг алдахад хүрчээ. Тус аймгийн Дадал, Норовлин сумд сумдад зуншлага сайтай га-гаас 10-14 цэнтнер ургац авахаар байгаа бол Хурх, Биндэрт байдал хүнд, бараг л 80 хувийн ургац алдах шинжтэй байгааг сайд хэлж байна.

Улсын хэмжээнд төлөвлөсөн 365 мянган тонн улаан буудайнаас 230-280 орчим тонныг хураан авах болов уу гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Хүнсэнд 350 мянган тонн улаанбуудай хэрэлэхийн сацуу үрийн буудайг нөөцөлнө гэж тооцвол нийтдээ 150 мянган тонн буудай импортлохоос аргагүй гэнэ. Энэхүү нөөц бэлтгэх хөрөнгийн асуудлыг ирэх даваа гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм байна. Гэхдээ аль болох тариаланчдынхаа тарьж ургуулсан буудайг авахыг чухалчилна. Чанарын шаардлага хангаагүй буудайг нь малын тэжээл болгохоо ч салбарын сайд хэллээ.

Гангаас болж ургацынхаа 80 хувийг алдах магадлалтайг зарим хүмүүс хэлж байгаа. Энэ талаар сайдаас тодруулахад “Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй , хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй юм. Ургацын хэд хэчнээн хувийг хураан авах болмжтой талаарх мэдээлэл ирэх наймдугаар сарын 25 гэхэд тодорхой болно” гэлээ.

“Сайдын цаг”-т хөндөгдсөн бас нэгэн асуудал бол Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээ байлаа. Сайд өнгөрсөн тав, зургадугаар сарын цаг агаарын мэдээ урьдчилсан мэдээллээс зөрсөн, үүнээс болж ажлын горим алдагдсан тал бий гэсэн юм. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэсэн асуултад Р.Бурмаа сайд хариулахдаа:

-Хэн нэгнийг буруутгаж чичлэхээсээ илүү цаашид яах вэ гэдгээ сайтар тунгаах ёстой. Цаг уурын мэдээнээс гадна ган зудын давтамж, жил сарын онцлогийг харгалзан ажлаа төлөвлөх учиртай байсан. Манай яамныхан энэ зун огт амралгүй ажиллаж байгаа. Ургацын комиссыг тусгайлан байгуулсан. Хийх ажил тун их байгаа ийм үед хариуцлага тооцохоосоо илүү хэтээ харж, ажлаа зохицуулах чухал байна гэлээ.

Энэ жилийн хувьд хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сум бий. Тэдгээрийг зуншлага сайтай Сүхбаатар, Дорнод аймгаас хадлан бэлтгүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Мөн тариалангийн урамшууллыг тонн тутмаар тооцохоосоо илүү цавуулаг өндөртэй сайн чанарын буудайнд олгох бодлогыг барьж буй ажээ. Ингэж гэмээнэ тариаланчид авах ургацынхаа хэмжээнд бус чанарт анхаардаг болно гэж үзэж буй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүн нас барж, 7 хүн гэмтжээ

Өчигдөр Хан-Уул дүүргийн V хороо Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд Hyundai Accent автомашин, Hyundai HD55 маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Т /44н, эр/ нас барж, 3 хүн гэмтсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн XX хороо Товчооны зам, Хуучин 22-ын ШБТ-ны замд амины Toyota Prius автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Sinotruck болон Nord Benz маркийн автомашинуудтай мөргөлдөж, осол гаргажээ. Ослын үеэр нэр хаяр тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэй нас барж, 4 хүн гэмтсэн байна.

Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

JCB картын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав

Монгол улсын нутаг дэвсгэрт JCB төлбөрийн картыг Монголбанкны “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-гээр 2013 оноос дамжуулж бусад банкууд өөрийн сүлжээнд хүлээн авах боломжтой болсон. Одоогоор картын үр дүнгийн тооцооллыг карт хүлээн авагч банкууд ХХБ-аар дамжуулж гүйцэтгэж байгаа. Монгол-Японы худалдааны харилцаа тэлж, хоёр орны хооронд зорчих жуулчдын тоо өсөж байгаа тул манай банкуудад JCB нэрийн картыг дангаар нь болон Т карт–JCB хосолсон карт гаргах сонирхол бий болж тухайн картын нэгдсэн гарцтай болох саналыг Монголбанкинд дэвшүүлж байсан.

Үүнтэй холбоотойгоор Монголбанк JCBI-ийн хооронд карт гаргах бизнест зориулсан “Системийн сүлжээ байгуулах гэрээ”-нд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монголбанкийг төлөөлж Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, JCBI-ийг төлөөлж JCBI-ийн Ерөнхийлөгч ноён Коремицу Санномия (Koremitsu Sannomiya) нар гарын үсэг зурлаа.

Энэхүү нэгдсэн сүлжээ бий болсноор банкуудад карт гаргах ижил боломж олгож холболтын нэмэлт зардалгүйгээр JCB төлбөрийн картыг гаргах, үйлчилгээний урсгал зардлаа хуваан төлж, гадаад оронд зорчих тэдгээр банкуудын харилцагч Монгол Улсын иргэдэд олон улсын JCB картын өргөн сүлжээг ашиглан төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх бололцоо нээгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол арт”-ын залуус эх орноо сурталчилна

Английн алдарт зохиолч Э.Л.Жеймсийн “Fifty Shades of Grey” буюу “Тавин янз саарал” гурамсан романы орчуулагч А.Түвшинтуяа “Монгол арт-2015” дэлхийн тойрон аялалыг санаачилжээ. Эл тойрон аялал нь дэлхийн түүхийн нэгэн үеийг бичилцсэн нүүдэлчин ахуйт Монгол түмний түүх соёл, үндэсний урлаг, уран зургийг дэлхийд таниулах зорилготой.

Багийн бүрэлдэхүүнд “June production”-ы захирал Ш.Боролдойхүү, найруулагч, зураач Э.Эрдэнэжаргал, сэтгүүлч Ө.Оюу, “Урлах эрдэм” дээд сургуулийн багш, үндэсний бичгээ өөрийн бүтээлдээ шингээн үлдээж яваа зураач СТА Л.Амарсанаа, Монголын урлагийг европ болон олон улсад сурталчлан таниулж буй зураач Г.Наранцацралт /ZAZAA/, залуу дуучин Б.Зоригоо /этник Зоригоо/ нар багтжээ.

Тус тойрон аяллын багийнхан өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АНУ-ын Сан Франциско хотноо “Монгол арт” шоугаар анхны гараагаа эхэлсэн юм. Тэд энэхүү тоглолтдоо Монгол үндэсний хөгжим, бүжиг, ардын урлагийн гайхалтай дуу хоолой, “June” продакшны өвөрмөц содон видео, тайз засалт, гэрлийн хослол зэрэг олон сонирхолтой үзүүлбэрээс гадна зураач Zazaa-ийн Body art шоу үзүүлбэр, зураач Л.Амарсанаагийн уран бичлэг, эдгээрийг гайхамшигтай хослуулсан гэрэл техник, тайзны амьд тоглолт, уран зургийн амьд үзүүлбэрүүдийг толилуулжээ.

Тус аяллын уран бүтээлчид энэ ондоо багтан АНУ-ын Лос Анжелос, Лас Вегас зэрэг хотод аялан энэхүү шоугаа толилуулан, түүх соёл, урлагаа сурталчлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

”Загасан нүд 2015” наадмын үндэсний шалгаруулалт болж байна

Телевиз, кино сонирхогчдын олон улсын “Загасан нүд 2015” наадмын үндэсний шалгаруулалт эхэллээ.

Энэ жил 13 удаагаа зохион байгуулж буй тус наадамд Байгаль-Аялал, Миний гэр бүл-Манай хот, Cinema буюу кино, Animation буюу компьютер графикаар бүтээсэн кино, Хөгжилтэй агшин гэсэн төрлөөр оролцох боломжтой.

Үндэсний хэмжээний бүтээлийг ирэх сарын 15-ныг хүртэл UBS телевизийн байранд “Загасан нүд” фестивалийн комисс хүлээн авч байна. Наадамд оролцох бүтээл нь DVD болон HD форматаар бичигдсэн байх шаардлагатай бөгөөд нэг бүтээлийн үргэлжлэх хугацааг 15 минутад багтаахыг сануулж байна.

Монголоос оролцогчдын бүтээлийг мэргэжлийн комисс шалгаруулна. Таны бүтээл үндэсний хэмжээнд шалгарснаар ОХУ-ын Улан-Үдэ хотноо болох телевиз кино сонирхогчдын “Загасан нүд-2015” олон улсын наадамд оролцох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

”Марко поло” киноны зураг авалт Унгарт үргэлжилж байна

АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко поло” киноны зураг авалт Унгарт үргэлжилж байна.

Уг кинонд манай жүжигчид болох СТА А.Цэгмэд, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, ХБНГУ-д буй “Хөх тэнгэр” хамтлаг, манай кино урлагт алтан каскадиорууд хэмээгддэг “Тэнгэрийн чоно” Монголын орлон тоглогчдын холбоо, тулааны урлагийн багийнхан тоглож байгаа юм:

Дашрамд дурдахад, энэхүү олон ангит киноны эхний улирлын нээлт өнгөрсөн 12 дугаар сард Нью-Йоркийн алдарт “Broadway” дэх “AMC Loews” театрт болсон. Тус киноны Аригбөхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглож Холливудад мөрөө гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

“Авто машингүй гудамж” – нуудын хаяг, байршлыг тогтоолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай А/626 дугаар захирамж гаргалаа. “Гудамж төсөл”-ийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Авто машингүй гудамж” төсөлд хамрагдах гудамжнуудын хаяг, байршлыг баталлаа.

“Автомашингүй гудамж” төслийг удирдан зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгав. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт уялдуулан дээрх төслийн зургийн даалгаврыг батлахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, газрын харилцаатай холбоотой үүссэн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Төслийн Удирдах хорооны дарга Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“АВТО МАШИНГҮЙ” ГУДАМЖ ТӨСӨЛД ХАМРАГДАХ ГУДАМЖНУУДЫН ХАЯГ, БАЙРШИЛ

Д/д Гудамжны нэр Хаяг Байршил
1 Ц.Жигжиджавын гудамж Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Төв шуудангийн зүүн хойд үзүүр,
Монголын Хөрөнгийн Биржийн зүүн урд авто замын уулзвараас баруун тийш явж Скайтал утас засвар, Хадгаламж Банкны төв байр, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин байрны урдуур гарч Жи-Мобайл ХХК, Мобиком ХХК-ийн төв байр болон Төрийн Өмчийн хороо, Орон сууцны 4а байрны дундуур гарч авто замтай холбогдох
2 Ц.Жигжиджавын гудамж Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Төв шуудангийн хойд авто зогсоолын төв хаалганаас хойш явж Ц.Жигжиджавын гудамжийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж, Скайтал утас засвар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Бодь цамхаг, Хангарьд ордон, Эрдэнэс Монгол ХХК-ийн дундуур, Монцамэ агентлагийн урдуур гарч Үндэсний түүхийн музейн урд талын авто зам хүртэл
3 Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Чингис хааны нэрэмжит талбайн баруун талын авто замаас Улаанбаатар хотын банк болон МҮЭ-ийн холбооны төв байрны дундуур баруун тийш Ц.Жигжиджавын гудамжийг хөндлөн гарч Өргөө зочид буудал болон Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур явж Голомт банкны зүүн талын авто зам хүртэл

4

Авто зам, зогсоол

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо

Жуулчины гудамж, Голомт банк болон Асашёорюүгийн цэцэрлэгийн дундуур урагш явж Монгол банк, Хууль зүйн яам, Үндэсний үнэт цаасны хэвлэлийн газруудын зүүн талаар урагш явж, Улсын бүртгэлийн газрын баруун урд үзүүрээс зүүн тийш эргэж, Шүд эрүү нүүний эмгэг судлалын төвийн хуучин байр, Монтел, Төрийн банкны хойд талаар зүүн тийш явж Гар утасны худалдааны төвийн хойноос зүүн тийш эргэж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын баруун талаар явж, Эрдэнэс Монгол ХХК-ийн баруун хойд үзүүрээс зүүн тийш эргэж 50 дугаар байрны хойд талаар баруун тийш явж, Төр засгийн үйлчилгээний газрын хойд талаар гарч Монгол банкны зүүн талын замтай нийлнэ.
Categories
мэдээ нийгэм

Кёкүтэнхо Н.Цэвэгням эх орондоо ирж хуримлалаа

Мэргэжлийн сүмогийн Монгол бөхчүүдийн “Алтан хараацай”, МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгням, түүний гэргий Кэйко нар өчигдөр Гэрлэх еслолын ордонд бүртгүүлж, Монгол улсдаа өрх нэмж гэр бүлээ нэмлээ.

арга хэмжээнд Холбооны төлөөлөгчид болон ах дүүс найз нөхөд, дэвжээний анд, алтан хараацай Кёкүшюүзан Д.Батбаяр эхнэрийн хамт, дүү нар болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар оролцлоо.