Ирэх есдүгээр сараас иргэд өрхийн эмнэлэгтээ очиж шээс, цусны шинжилгээ өгдөг болох аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Солонгосын “Руйсанса” корпорацитай хийсэн төслийн хүрээнд өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээний 142 аппаратыг суурилуулахаар болсон юм. Одоогоор аппаратуудыг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах зэрэг сургалтыг 142 өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарт хийжээ. Сургалтыг энэ сарын 27-30-ны хооронд явуулсан байна. Дараагийн ээлжинд өрхийн эмнэлгүүдээр явж давтан сургалт хийж эмч нарыг дадлагажуулна. Ингээд иргэд ирэх есдүгээр сараас шээс, цусны шинжилгээ өгөх гэж заавал дүүрэг дээрээ хэд хоногоор оочерлох шаардлагагүй болох юм. Энэ аппарат шээсний шинжилгээгээр 10 орчим өвчнийг илрүүлэх юм. Шинжилгээний хариуг тусгай вэбсайтаар орж, нууц дугаараа хийн авах юм. Хариугаа аваад зогсохгүй хоолны дэглэм, эм тариа, зайн эмчилгээний мэдээллээ ч сайтаар авах боломжтой аж.
Month: July 2015
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.30/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн, Хөдөө, аж ахуй, орон нутгийн хорооны дарга Чэнь Зеньгуо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Хөдөө, аж ахуй, орон нутгийн хорооны дарга ноён Чэнь Зеньгуо тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.
БХАТИХ-ын Хөдөө, аж ахуй, орон нутгийн хорооны дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Чэнь Зеньгуо УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд, хоёр улсын харилцааны хүрсэн өнөөдрийн түвшинг бид өндрөөр үнэлдэг бөгөөд үүнд иргэд хоорондын харилцаа чухал болохыг онцлов. 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн манай хоёр орны харилцааны түвшинг улам бататгаж өгсөн билээ. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой нягт хамтран ажилладаг. 1.3 тэрбум хүн амтай БНХАУ-ын хувьд хүнсний асуудал тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн. БНХАУ-ын Коммунист намын зүгээс эдийн засгийн үндэс суурь нь хөдөө аж ахуйн салбар мөн гэж тодорхойлсон. Иймээс БНХАУ болон Монгол Улсын харилцааг хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт эрчимжүүлэх сонирхол байна. БНХАУ-ын Засгийн газрын зүгээс хөрш орнуудтай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгсөөр ирснийг онцлох тэмдэглэх хэрэгтэй хэмээн БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын Хөдөө, аж ахуй, орон нутгийн хорооны дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Чэнь Зеньгуо уулзалтын үеэр хэллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улс хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгдөг. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбарт эрх тэгш, тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Хоёр улсын хооронд өндөр дээд түвшний харилцан айлчлал, уулзалт яриа тогтмолжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, ард иргэдийн харилцан ойлголцол улам бэхжиж, хоёр орны харилцаа шинэ утга агуулгаар баяжиж байгаад баяртай байна. БНХАУ хөрш орнуудтайгаа хамтран хөгжих, хөгжлийнхөө үр шимийг хуваалцах бодлогыг баримталж, хөрш орнууддаа илүү дотно, нээлттэй, хүртээлтэйгээр хандах шинэ үзэл санаагаар хандаж буй нь Монгол Улс зэрэг хөрш зэргэлдээ орнуудын хөгжилд таатай орчин бүрдүүлж, хоёр талын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү их боломж, нөхцөлийг олгож байна гэлээ.
Мөн тэрээр, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын харилцаанд хамтын ажиллагааны гурван талт механизм бий болж, үйл ажиллагаа нь тогтмолжиж байгаа нь гурван улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулж байгааг уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга онцолж байлаа.
Түүнчлэн хууль тогтоох байгууллагуудын харилцаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгч байгаагаа хэлэв. 2014 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай хэлэлцээ хийж, “Монгол Улсын Их Хурал, БХАТИХ-ын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Тус санамж бичгийн хүрээнд парламент хоорондын байнгын уулзалтын механизмын анхны уулзалтыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар зарчмын хувьд тохиролцоод байгаа. Монголын тал энэхүү уулзалтын товыг тохирч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбар, худалдааны салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
1990 оны анхны ардчилсан сонгуулиар
ардчилсан хүчин Эрдэнэтэд 51,6 хувиар ялж, “гайхамшигт” ялалт байгуулав. 70 жил
дангаараа ноёрхсон МАХН-ыг орон нутагт анх ялсан болохоор “гайхамшигт” ялалт гэж
нэрлэхээс өөр яахав. Энэ ялалт Эрдэнэтийн Ардчилсан холбоо, Ардчилсан намын үйл
ажиллагаатай шууд холбоотой.
Эрдэнэтийн ардчиллын анх-ны
хараацайнууд, ардчиллын партизануудын олонхи нь түмний зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг,
урлагийнхан, соёлын ордны театрын уран бүтээлчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчид,
зураачид байсан. Эдгээр залуус Эв нэгтний холбоо буюу “ЭНХ” нэртэй маш хүчирхэг
улс төрийн нууц бүлгэм байгуулж, ухуулга сурталчилгаа их хүчтэй явуулж байлаа. Тэд
ухуулах хуудас наах, уулзалт хийх ажлаа 1989 оны эхээр эхэлсэн. Дашрамд сонирхуулахад
“Энх” бүлгэмийн нэрийг Эрдэ-нэтийн Ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайваны нэртэй
холбоотой гэсэн ойлголт байдаг нь, ерээд онд Д.Энхтайван ардчиллыг эхлүүлэх, бэхжүүлэх
үйлст их зүтгэж, нөлөөтэй байсан нь тодорхой.
“ЭНХ” бүлгэмээс гадна нэг хүчтэй байгууллага нь
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын дэргэдэх ЗХУ-д төлөх
өрийг барагдуулах хөдөлгөөн нэртэй, До.Ганболд тэргүүтэй залуучуудын бүлгэм. Үүний
хажуугаар “Шударга ёс” бүлгэм гэхчлэн хөдөлгөөнүүд их байсан. Хамгийн гол нь эднийг
нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажил байсан, тэд ч нэгдэж чадсан.
Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт
ажиллагсдын цалин өндөр, сэхээтнүүдийн бөөгнөрөл Эрдэнэтэд байлаа. Сонгогчид нь
мэдээлэл сайтай, ардчилсан үйл явцыг сайн мэдэж, Оростой хамтарсан байгууллагад
ажиллаж байсан учраас хойно болж байсан Престройкаг оросуудын түвшинд хүлээж авч
ойлгодог байв. Тийм учраас 1990 оны ардчилсан сонгууль болохоос өмнө Эрдэнэтийн
хувьд давуу нөхцөл бүрдчихсэн байв. Бусад газар, хөдөө орон нутагт ардчилсан хүчин
сайндаа л 5-10 хувийн санал авч байхад Эрдэнэтэд 51,6 хувийн санал авсан нь үүнтэй
холбоотой. Эрдэнэтэд МАХН хүчирхэг нөлөөтэй, санхүүжилт, тоног төхөөрөмжөөрөө хүчирхэг
намын байгууллагатай, дээр нь Ш.Отгонбилэг тэргүүтэй МАХН-ын хамгийн шилдэг боловсон
хүчнүүд нь Эрдэнэтэд байсан. Энэ намын өнгө зүс, ирээдүй болсон шинэ боловсон хүчнүүдтэй
намыг ялах хөрс суурь нь бэлтгэгдсэн байсан. Эрдэнэтийн Ардчилсан холбоо 1989 оны
арван хоёрдугаар сарын 10-нд хүний эрхийн өдрөөр тайван жагсаал хийж, ардчиллын
үйл явц Улаанбаатар хотоос хамаагүй түрүүнд явсан гэдэг. Ардчилсан хувьсгалын түүх
гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны арван хоёрдугаар сарын 3-нд “Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс
төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг
батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон
цуглаан хийсэн юм.
Тус цуглаанаас МАХН-ын Төв
Хорооны V бүгд хуралд гурван зүйлт өргөх бичиг хүргүүлэв. Үүнд нэгдүгээрт, улс орныг
удирдан жолоодох чадваргүй болсон МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ
огцрох, хоёрдугаарт Эрдэнэт, Мардай, Заамар зэрэг уул уурхайн орд газрыг зөвхөн
монголчууд эзэмшиж ашиглах, гуравдугаарт Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах.
1990 оны гуравдугаар сарын МоАХ-ны өлсгөлөнгөөс өмнө тавьсан эдгээр шаардлага хэдхэн
сарын дараа хэрэгжсэнийг түүх гэрчилнэ.
Эрдэнэтийнхэн илүү эрт ардчиллын
хөрс суурь нь бэлтгэгдсэн, тийм учраас 1990 оны анхны ардчилсан сонгуульд Эрдэнэтийнхэн
51,6 хувийн өндөр амжилт үзүүлсэн юм.
Тухайн үеийн сонгуульд хоёр
хуудас дугуйлдаг, нэг нь нэр дэвшигчийг, нөгөө нь намыг дугуйлна. Улс төрийн шинэ
ардчилсан хүчнийг эрдэнэтийнхэн 51,6 хувь дэмжиж хуучин 70 жил эрх барьсан МАХН-ыг
ялж байсан. Тэр үед Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны даргаар Данзанбалжирын Энхтайван,
Ардчилсан намын дарга нь Луузангийн Лувсан-Очир ажиллаж байлаа. Анхны намуудын төлөөх
санал хураалтаар 51,6 хувийн санал аваад ялчихсан мөртлөө дахин сонгууль явах тойрог
байсан юм. Тухайлбал 57 дугаар тойрог. Улаанбаатарчууд ардчиллыг ойлгох, хүлээж
авах, масс дэмжих талаараа Эрдэнэтийг гүйцэхгүй байсан. Тиймдээ ч тухайн үед ардчиллаас
нэр дэвшсэн лидерүүд анхны ардчилсан сонгуульд нийслэлд ялагдаж байжээ.
Эрдэнэтэд дахин сонгууль болох тойрог байсан,
тэнд хамгийн гол нь хэн ч ирсэн ялахаар сайн суурьтай. Тэр тойргуудад дахин сонгууль
болж, Ардчилсан холбооны дарга Д.Энхтайван Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг зориуд авчран
нэр дэвшүүлжээ. Эрдэнэтийн залуус “Бид сонгуульд гармаар байна. Энэ бидний хөдөлмөрийн
үр шим” гэсэн яриа гаргахад “За яахав ээ, би ажиглаж байгаад улс төрд тууштай явах,
Монголын ардчилалд хэрэгтэй гэж үзэж Ц.Элбэгдорж гэдэг энэ залууг сонгуульд оруулна”
гээд Ц.Элбэгдоржийн гурван үеийн түүхийг аваад Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн Цэцэгмаа
гэдэг эмэгтэйд өгч “Танайх маргааш 11 цагаас өмнө хурлаа хийгээд энэ хүнийг дэмжээч”
гэж захиж байжээ. Энэ бол Эрдэнэтийн онцлог. Тэд одоогийн ерөнхийлөгчийг анх сонгуулиар
гаргаж ирж байсан түүхтэй. Бусад газар сонгуульд оролцоод ялах найдваргүй, сураггүй
хол байхад Эрдэнэтэд яагаад Ардчилсан хүчин ялчихав?
Үүнд хэдэн хүчин зүйл байгаа.
Нэгдүгээрт Эрдэнэтийн Ардчилсан холбооныхон маш эв нэгдэлтэй байсан. Одоогийнхоос
эрс ялгаатай байсан. Одоо эрх мэдлийн төлөө байлдаж байгаа нь нууц биш. Эрдэнэтийн
Ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайван “Хэн энэ нийгмийг өөрчилж чадах вэ, хэн
ардчилал, шударга ёсыг бий болгож чадах вэ, тийм хүмүүсийг ямар ч нам хамаагүй дэмжинэ”
гэж олны өмнө хэлж байсан. Тиймээс ч шүүх прокурорын тухай асуудал дэвшүүлсэн баримтат
кино хийсэн сэтгүүлч Жаргалын Барамсайг МАХН-аас нэр дэвшсэн ч дэмжиж байж. Эрдэнэтэд
анхны тайван жагсаал, залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнд дэмжиж үг хэлсэн. Арван
хоёрдугаар сарын 10-нд УТТ, Намын төв хороог огцруулъя гэсэн жагсаалыг дэмжиж зөвшөөрөл
олгосон аймгийн АДХ-ны Гүйцэтгэх захиргааны дарга Тогооч нэр дэвшсэн. Засвар механикийн
заводын Эвлэлийн хорооны дарга байсан До.Ганболд МАХН-аас нэр дэвшсэн “Эрдэнэт”
үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг ялж, Ц.Элбэгдоржтой цуг АИХ-ын депутат
болж байжээ. Эрдэнэтэд 1990 оны анхны ардчилсан
сонгууль болоход ялах хөрс суурийг 1989 онд анхны партизанууд бэлдчихсэн байлаа.
Уран бүтээлчид аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг. Тэд зөв сайхан, шударга нийгмийг
хүсч байв. Тийм учраас залуучуудын эх орноо гэсэн дэврүүн хүсэл мөрөөдлөөр шударга
ёсыг тогтоож чадах хүнийг олж гаргая, үүний төлөө сөхөрч унатлаа зүтгэе гээд тэмцэж
энэ хүмүүсийг гаргаж ирж чадсан. Анхны ардчилсан сонгууль одоогийнхоос өөр. Сонгогчид
нь өөр, нам нь өөр, сонгуулийг удирдан зохион байгуулж байсан хүмүүсийн сэтгэхүй
нь өөр, өөрийгөө гэхээсээ илүү Монгол улсынхаа төлөө хэн биднээс илүү юм хийж чадах
вэ гэсэн хүнийг сонгохыг зорьж байсан.
Д.Энхтайван нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон Төрийн байгуулалтын
байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Д.Энхтайван гишүүний сэтгэлийг өмнөд
хөршийг зорьсон “Ой ачсан оршуулгын цуваа” юунаас ч илүү эмзэглүүлж, модны экспортыг
таслан зогсоох хуулийн төсөл боловсруулан УИХ-д гурвантаа өргөн барьсан ч далд эдийн
засгийн лобби бүлгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа.
Энэ хооронд Туж, Дух нарс
хожуулын тал болж, Монгол эх орны газар нутгийн аравхан хувийг эзэлдэг ногоон хүрэм
таван хувь болтлоо сэглэгджээ. Эрхэм гишүүн эцэст нь Хүүхдийн парламент зохион байгуулан
“Ой модгүй бол бид яах вэ” хэлэлцүүлэг явуулж, сэтгүүлчдийн дэмж¬сэн дуу хоолой
олон улсын байгууллагад хүрэв. Дараалсан тэмцлийн үр дүнд Монголын парламент модны
экспортыг таслан зогсоох хууль баталсан нь одоо ч хэвээр байна. Энэ бол Д.Энхтайваны
гавьяа. Тиймээс ч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн түүний тухай “Лус савдаг баярлуулсан
хүн” хэмээн бичсэн нь бий.
Тэр үед ямар газрын баялгаа
олборлож эхэлсэн биш, модоор хөлжих гэсэн наймаачид түүнийг элдвээр дайрч давшилж,
нэгэнт огтолсон мод төмөр зам дагуу хөглөрч байлаа. Чухам л “Их санасан газар ес
хоног хоосон” гэгч болсон ч аажимдаа мод боловсруулах үйлдвэрүүд шинээр байгуулагдаж,
хуванцар ширээ сандал модоор солигдож, хувийн байшингууд хаа сайгүй босч эхлэв.
Наяад оны дундуур нам, засгаас дэвшүүлсэн Хувийн орон сууц, Зээлийн орон сууц хөтөлбөр
ийнхүү хэний ч шахалт шаардлагагүй амилах нь тэр. О.Дашбалбар агсны нэрлэснээр
“Эвслийн лантуу” тэрсүүд гишүүний санаачилсан хууль монголчуудад давхар хожоо авчирсныг
хожим тэрээр тэнгэрийн таалал хэмээдэг.
Ардчиллын анхны сонгуулиар
гайхамшигтай ялалт байгуулсан Эрдэнэт хот буюу одоогийн Орхон аймагт Ардчилсан намын
үйл ажиллагаа тааруухан байх шиг. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болж, АН-аас нэр дэвшигчид нэлэнхүйдээ
ялж байхад, анхны ардчилсан сонгуулиар цэнхэртэж
байсан Эрдэнэт хотод Ардчилсан намын хоёр нэр дэвшигч хоёулаа өвдөг шороодсон. Ардчиллын
суурь хөрс сайтай Эрдэнэтэд “Улаан” намаас нэр дэвшигч улс төрд анх хөл тавьж байгаа
30 гаруйхан насны залуу, шинэ тутам байгуулагдсан МАХН, “Шударга ёс” бүлгээс нэр
дэвшсэн нэгэн ялчихлаа. Иймд анхны ардчилсан сонгуулиар 51,6 хувийн санал авч, бүх
орон нутаг Эрдэнэт шиг байгаасай хэмээн төв намын лидерүүдээ санаа алдуулж байсан
ардчиллын анхны ялалт авч, анхны суурь болсон Эрдэнэтийн ардчилагчид нэгийг бодох
цаг болжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хуучнаар нэг, хоёр, гуравдугаар төрөх буюу одоогийн “Өргөө”, “Хүрээ”,“Амгалан” амаржих газарт “Эмгэг нярайн тасаг” байгуулахаар болжээ. Эхний ээлжинд буюу маргааш “Өргөө” амаржих газар дахь тус тасгийг нээх гэнэ. Үлдсэн хоёр амаржих газар болох “Амгалан”, “Хүрээ” газрууд тасаг байгуулан ажиллуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, хэрэгжүүлэхийг уг тушаалаар үүрэг болгожээ. Түүнчлэн энэхүү тасгийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв зайлшгүй шаардлагын улмаас өөрсдөө санаачлан, нөөц бололцоондоо тулгуурлан байгуулж байгаа гэнэ.
Энэ тасагт амьсгал хямралын хам шинж, тархины цус харвалт, гэдэсний үхжилт үрэвслийн 1А, 1Б зэрэгтэй, 34 долоо хоногоос дээш тээлттэй нярай хэвтэн эмчлүүлэх юм байна. Мөн эмгэг шарлалттай, 37 долоо хоногоос дээш тээлттэй нярайн амьсгалын дээд, доод замын эмгэг, суулгалт өвчнийг эмчлэх аж.
Америкийн Лос Анжелос хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн Тусгай олимпод манай улсын тамирчид амжилттай оролцсоор байна. Тодруулбал, ширээний теннисний ганцаарчилсан төрөлд манай тамирчин У.Нинжбадам мөнгөн медаль хүртлээ. Өмнөх өдрүүдэд бөөрөнцөг шидэлтийн төрөлд манай тамирчин Б.Тулга хүрэл медаль, 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь нар хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргаад байна.
Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчдын хамтаар Лос Анжелес хотыг зорьсон юм.
Өнөөдөр 13.00 цагт УИХ-ын дарга З.Энхболдод МАН-ын зургаан сайдыг огцруулах хуулийн төслийг өргөн барих гэж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг боловсруулжээ. Учир нь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг танхимын гишүүдээ явуулах асуудлыг өргөн барихгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.
УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 3-наас 14 хоногийн хугацаатай хуралдуулахаар болсон билээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох тухай байв. Иймд МАН-ын зургаан сайдыг засгаас явуулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барих гэж байгаа бололтой. Бид энэ тухай эргэн мэдээлэх болно.
Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэх тул замыг хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаан хоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм. Улиастай – Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор намйдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба одоогоор ажлын явц 44 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Дэлхийн хүн амын тоо энэ зууны сүүлчээр 11,2 тэрбум болно гэж НҮБ-ын Хүн ам зайн илтгэлд өгүүлжээ. Энэ үзүүлэлт 2030 онд 8,5 тэрбум, 2050 онд 9,7 тэрбум болох гэнэ. Одоо дэлхийн хүн ам 7,3 тэрбум байна гэж Ассошиэйтед Пресс дамжуулав. Хүн амынхаа тоогоор Энэтхэг 2022 оны орчим Хятадыг гүйцэн түрүүлэх бол 2050 онд Нигери хүн амын тоогоор дэлхийд гурав орж, АНУ-ыг ардаа орхино гэж шинжээчид дүгнэжээ. Хүн төрлөхтөн хөгшрөх хандлагатай байгааг уг илтгэлд тэмдэглэсэн байна. 2050 он гэхэд дэлхин 60 дээш настай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэх бөгөөд энэ үзүүлэлт Европт 34 хувиар нэмэгдэх ажээ.
Энэтхэгийн далай дахь Францын Реюньон арал руу Малайзи шинжээчдийг яаралтай илгээв. Арлын хавиас өнгөрсөн онд сураггүй болсон Boeing 777 онгоцных байж болох далавчны хэсэг олджээ. Реюньон арал руу мэргэжилтнүүдийг илгээснээ Вашингтонд айлчилж байгаа Малайзийн Тээврийн сайд Лиоу Тионг Лай мэдэгджээ. Тэрээр далайгаас олдсон онгоцны сэг нь чухам юуных гэдгийг хурдан тогтооно гэсэн найдлагатай байгаагаа хэлжээ. Лхагва гаригт уг олдворын зургийг судалсан АНУ-ын нисэхийн удирдлагын төлөөлөгч далавчны хэсэг нь Малайзийн өнгөрсөн онд сураггүй болсон онгоцных байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ. Далайн давалгаагаар эрэгт хаягдсан хэсэг нь Boeing 777 онгоцны далавчны флаперон эсвэл элерон бололтой.
Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монголын тамирчин Мижиддоржийн Гонгор алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг хүртлээ. ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилал өчигдөр явагдсан бөгөөд 29 орны 77 тамирчин өрсөлджээ. Долоон нислэгийн нийлбэр дүнгээр 31 тамирчин финалын нислэгт оролцох эрхийг авсан байна. Үүнд манай тамирчдаас М.Гонгор багтаад байсан юм. Ингээд финалын нислэгүүд өчигдөр орой болж, нийлбэр дүнгээр 2040 оноог цуглуулсан М.Гонгор ангилалдаа түрүүллээ. Украйны Стефанчик Стефан, Кулаковски Олег нарын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
Манай улсад анх удаа болж буй чөлөөт нислэгийн ДАШТ маргааш өндөрлөнө. Өнөөдөр ДАШТ-ийн үндсэн гурван төрлийн сүүлийнх нь хугацаат нислэг буюу F1C ангилалын тэмцээн болох бол маргааш чөлөөт нислэгийн холимог “Миксмэн” тэмцээн болно.