Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үүрэг, хариуцлага хүлээж хувь нэмрээ оруулсаар байна

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс олон улсын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны 9 дэх удаагийн хээрийн сургалт, дадлагыг энэ 6 дугаар сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ удаагийн сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларусь, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23 орны Зэвсэгт хүчний 1200 гаруй алба хаагч оролцов. Сургуулийн нэг чухал арга хэмжээ нь хүмүүнлэгийн тусламж бөгөөд энэ үүргээ ч дайчид биелүүлжээ.

“Khaan quest-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм генерал, офицер, ахлагч нар, энхийг сахиулагчид аа!

Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо!

Юуны өмнө дэлхий дахины энхийн үйлст зорилго нэгдэж “KHAAN QUEST-2015” энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагад цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнууд, түүнчлэн энх тайвны үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар манай сайхан оронд морилон саатсан эрхэм та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж даян дэлхийд энхийг сахиулах нэр хүндтэй үйлсэд Тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Улс орнуудын хөгжлийн хурд, түвшин улам бүр ялгарч, буурай, эмзэг эдийн засагтай улсуудад ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаагийн зэрэгцээ үүнийг дагасан олон сөрөг үзэгдлүүд сүүдэр мэт оршиж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, экологийн сүйрэл, олон улсын терроризм, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчний тархалт зэрэг аюул занал, гамшигт үзэгдлүүд бид бүхний санааг зовоосон асуудал хэвээр байна.

Ойрхи Дорнодод үүссэн хямралт байдал, зэвсэгт мөргөлдөөнийг намжаах, хяналтдаа авах зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анхны энхийг сахиулах ажиллагааг тус бүс нутагт зохион байгуулахаар 1948 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэснээс хойш НҮБ-ын мандат дор дэлхийн янз бүрийн бүс нутагт нийт 71 ажиллагаа явуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 16 ажиллагаанд 100 мянга гаруй цэнхэр дуулгатан үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол Улс ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэн хөгжихийн зэрэгцээ дэлхийн бусад орнуудтай гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож, даян дэлхийн шударга улс түмнүүдтэй харилцан эрх тэгш, энх тайвнаар зэрэгцэн оршиж, энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг баримтлаж ирсэн. Бид дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар хөндлөнгөөс байр сууриа илэрхийлдэг улс биш, харин хэцүү, хатуу гэж шантралгүйгээр энхийн үйлсэд гар бие оролцож, чадах бүхнээ хийхийг чухалчилдаг билээ.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин, нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно.

“Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хуульд зааснаар Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин хүн төрөлхтөний энх амгалан амьдралын төлөө дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон 10 гаруй жилийн хугацаанд манай 12000 орчим цэргийн алба хаагчид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа болон дайны дараах сэргээн босголтын ажиллагаанд мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлтээр нилээдгүй туршлага хуримтлууллаа.

Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдсан “KHAAN QUEST” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлага нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн хэмжээний нэр хүндтэй, томоохон арга хэмжээний нэг болж чадсан билээ.

Энэхүү сургуульд оролцсоноор НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, дадлага, чадвараа нэмэгдүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ дээшлүүлэх, энхийг дэмжих ажиллагааны туршлага, сургамжаа солилцох, хамтран ажиллах, харилцан ойлголцох зэрэг үйл ажиллагааны эерэг үр дүнд хүрсэн гэдэгт итгэл төгс байна.

Түүнчлэн Энхийг сахиулагч та бүхэн цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, эрүүл мэнд, амь насанд аюултай орчинд даалгасан үүргээ хариуцлагатай биелүүлж, эрсдэл дагуулсан шинэ шинэ сорилт, шалгууртай байнга нүүр тулж байдгийг бид мэднэ. Энэ бол хүн бүхний хийж чадах хялбар ажил биш. Гагцхүү цэрэг хүний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятрашгүй хичээл зүтгэлээр л биелэлээ олдог учраас би та бүхний шударга ариун үйл хэргээр ямагт бахархаж байдгаа энэ дашрамд хэлэхийг хүсч байна.

“KHAAN QUEST-2015” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагыг хамтран зохион байгуулж, энхийг сахиулагчдын мэдлэг туршлагаа хуваалцах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэн, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа оролцогч улс орнууд, энхийг сахиулагчид Та бүхэнд дахин талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ХҮЖ ДЭЛХИЙ АМАР АМГАЛАН БАЙЖ, ХҮН ЗОН НЬ ТАЙВАН ЖАРГАХ БОЛТУГАЙ!” гэлээ.





Categories
гадаад мэдээ

Америк, Куба хоёр Элчин сайдын яамдуудаа нээхээр боллоо

Сүүлийн үед АНУ,Кубын харилцаа сайжирч байгаа билээ. Хоёр тал харилцан Элчин сайдын яамдуудаа нээхээр тохиролцсон тухай албан эх сурвалжууд мэдээллээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Б.Обама, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри, Кубын албан ёсны төлөөлөгчид энэ тухай мэдэгдэл хийх юм байна. АНУ-ын Төрийн Департамент нь Конгрессоор баталуулсанаас 15 хоногийн дотор ЭСЯ нээхээр ёстой юм. Хавана хотод болох АНУ-ын Элчин сайд яамны нээлтэд Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри оролцохоор төлөвлөжээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдын засварын ажил дууслаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүхт 50 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны энхийг сахиулагч дүүргийн Мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд сургуульд 332 сая төгрөгийн засвар хийлээ.

“KHAAN QUEST-2015” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын инженерийнхамтарсанажиллагааны хүрээнд тус сургуульд зургаан төсөл хэрэгжүүлсэн юм. Төслөөр сургуулийн анги танхимуудын 102 хаалгыг бүрэн шинэчилсэн байна. Мөн бялдаржуулах өрөө, спорт заалыг засч тохижуулжээ.

Түүнчлэн сагсны талбай, 2,3 дугаар давхарын ариун цэврийн өрөөг засч, сургуулийн гаднах 400 метр хашааг сольж, шинэчилсэн. Энхийг сахиулагчид дүүргийн 6 дугаар цэцэрлэгийн барилгын цахилгаан монтаж болон хүлээлгийн заалыг засч, тохижуулсан юм.

Засварын ажлыг Америкийн нэгдсэн улсын Армийн тэнгисийн цэрэг, Тэнгисийн явган цэргийн 72, дотоодын 50 албан хаагч нийт 122 хүн хийж гүйцэтгэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрэл зурагчин Д.Амараагийн үзэсгэлэнгээс Дарьганга нутгийн өнгийг тольдоорой

Зураач, уран барималч, гэрэл зурагчин Д.Амараа “Дарьганга нутгийн өнгө” гэрэл зургийн цомгоо олон нийтийн хүртээл болгож байна. Хуучнаар Сэцэнхан аймгийн “Дарьганга хошуу” буюу одоогийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумын үзэсгэлэнт байгаль, талын чимэг болсон ан амьтад, зон олны ахуй амьдрал, зан заншил, өв соёл, түүхийн онцлогийг харуулсан 350 орчим гэрэл зургийг сонгон авч, энэхүү цомогтоо нийтэлжээ. Тэрбээр цомгоо бүтээхийн тулд дээрх зургаан сумын нутгаар 20 мянга орчим км замыг туулан аялж, Онгон сумын будрын чулуунд өглөө эрт гүү унагалах агшин, талын саарал чоныг ойроос харах хийморилог хором, 700 гаруй адууг туухад боссон тоос, Ганга нуурнаа чуулсан олон мянган хун зэрэг нисэх агшин, Шилийн богдын оройд уухай хадаах зуу зуун эрс гээд давтагдашгүй мөчүүдийг нүдээр үзэж, чихээр сонсох завшаан олонтаа тохиож, тал нутгийнхаа байгаль, ан амьтан, өвс ургамлаас авахуулаад өчүүхэн жижиг хорхойг хүртэл дурандаа буулгахыг хичээн чармайснаа номондоо өгүүлжээ. Зураач Д.Амараа номонд орсон бүтээлүүдээсээ дээжлэн үзэсгэлэн гаргахаар зэхэж байна. Үзэсгэлэн болон номын нээлт 2015.07.03-ны баасан гарагийн 16 цагаас Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан “даахиа үргээлээ”

МУГЖ С.Жавхлан эсэргүүцлээ илэрхийлж, Чингэсийн талбайд үсээ хуссан юм. Түүнтэй хамт МУГТ Ц.Шаравжамц болон бусад хүмүүс үсээ хусууллаа. С.Жавхлан “Бид энэ төр засгийг дорвитой шийдвэр гаргаж, эх орон, газар нутгийнхаа төлөө явахыг хүлээж суусаар залхлаа. Хэн нэг нь дуугарч, хэлнэ биз гэж хойш суух биш иргэн бүр энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй. Эх орон, газар шорооныхоо төлөө бид тэмцэж эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол Төрийн ордонд суусан 76 ямаа хийхгүй” гэв. Түүнийг дэмжиж Хохирогчдын холбоо, Гал үндэстэн холбоо, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулаа аваръя хөдөлгөөнийхөн иржээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас дуучин С.Жавхлангийн энэ үйлдлийг дэмжиж 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ. Тэд ч мөн үсээ хусч, төр засагт дуу хоолойгоо хүргэж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Индонезид онгоц осолдож 140 гаруй хүн амь үрэгдэв

Индонезид цэргийн тээврийн “Hercules” онгоц осолдсоны улмаас 140 гаруй хүн нас баржээ. С-130В маркийн “Hercules” онгоц нь Натун арлыг зорьж явсан бөгөөд Медан хотын нэгэн зочид буудал дээр унасан байна. Агаарт хөөрснөөсөө хэдхэн минутын дараа осодсон бөгөөд үүний өмнөхөн онгоцны нисгэгч техникийн асуудал гарсан тул газардах зөвшөөрөл хүсчээ. Онгоцонд 122 хүн сууж явсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудад “E-Office” цахим ажлын байрны системийн танилцуулга сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудад цахим ажлын байрны систем нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээг бий болгох E-Office программыг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас нэвтрүүлж эхэллээ.

Үүнтэй холбогдуулан цахим ажлын байрны систем нэвтрүүлэх сургалтыг нийслэлийн нутгийн захиргааны 78 байгууллагын хүний нөөц, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд E-Office цахим ажлын байрны системийг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг цахимжуулан, цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний системийг боловсронгуй болгож албан хаагч, байгууллага хооронд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээх, солилцох, шинэ мэдлэг олж авахад чиглэгдсэн, байгууллагын дотоод үйл ажиллагааг хөнгөвчилж, нэгдсэн хяналт бий болох юм гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дорноос мандсан гүн ухааны нар КҮНЗ

Гүн ухаан өрнө дахинд л хөгжөөд байсан уу гэвэл мэдээж үгүй. Дорно дахинд гүн ухаантнууд, их сэтгэгчид төрөн гарч байсны нэг нь Хятадын суу билгийн нэгэн оргил Күнз буюу Кон Фу Зи билээ. Тэрбээр хятадын ард түмний итгэл үнэмшил хийгээд санаа оюуныг нэгтгэж чадсан агуу их сэтгэгч юм. Нийгмийнхээ үзэл суртлын гол тулгуур болж байсан шаминизмийг асар их судалж, боловсруулсан үндсэн дээрээ өөрийн сургааль номлолыг боловсруулсан нь эдүгээ Күнзийн сургааль хэмээгдэн уламжлагдан ирсэн юм.

Күнз НТӨ 551 онд одоогийн Шаньдун буюу хятадын зүүн хэсэгт байсан Лу хэмээх жижигхэн ханлигт мэндэлжээ. Күнз гарал сайтай, язгууртан угсаатай хэдий ч дээд өвөг нь Сүн улсаас дүрвэн Лу улсад дагаар орсон байжээ. Харин Күнзийн аав Шү Лян Хэ цэргийн эрдэмд дориун сайн дайчин байж хэд хэдэн удаагийн дайнд ихэд гавьяа байгуулан бага түшмэлийн зэрэг дэвтэй болон боломжийн алба хашиж явжээ. Шү Лян Хэ өндөр биетэй, их л алиа хөөрүү зантай, цэрэг албаттайгаа элгэмсүү ханддаг, тухайн үедээ бусдаасаа ялгарч чаддаг байсан жанжин байсан тухай түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ. Түүнд цэргийн алдар гавьяа байсан ч хувийн амьдрал нь тийм ч аятайхан байгаагүй бололтой. Ер нь Күнзийн эцэг эхний эхнэрээсээ арван охинтой байсан гэдэг. Мэдээж удам залгах хүүтэй болохын хүслэн байсан учир дахин эхнэр авч хүүтэй болсон авч тахир дутуу үр мэндэлжээ. Ийнхүү дал гарсан насандаа дахин эхнэр авахаар болж удам гарвал сайтай, эрүүл чийрэг гурван охинтой айлын бага охин болох Чин Цайг авчээ. Цэргийн хөгшин жанжинтай дэр нэгтгэсэн Чин Цай удалгүй бие давхар болсон нь ирээдүйн хятадын суут ухаантан Күнз байлаа. Домогт өгүүлэхдээ Чин Цайг хүүхдээ төрүүлэхийн өмнө зүүдэнд нь цагаан сахалт таван өвгөн орж “Чамаас хосгүй ухаант нэгэн хөвүүн төрнө. Хаан ширээгүй хаан байх болно” хэмээсэн гэдэг. Ийнхүү НТӨ 511 оны адгаар дорнын их сэтгэгч, гүн ухаантан Күнз хорвоод мэндэлжээ. Харин Күнзийг ердөө гурав орчим ойтой байхад эцэг нь үгүй болж, бэлэвсэн хоцорсон гурван эхнэр арван хоёр хүүхэд үлджээ. Цагийн эрхээр үлдсэн эхнэрүүд болон хүүхдүүдийн эв хагарч байхыг анзаарсан Чин Цай хүүгээ аван гэрээс явснаар ядуу зүдүүхэн амьдралтай нүүр тулсан гэдэг. Хэдий хүнд он жилүүд байсан ч ээж нь тэжээж тэтгэж явсаар хүүгээ 17 нас хүргээд нас баржээ.

“Би хар бага ахуйгаасаа дорд ядуу явсан, амьдралын хатуу хөтүүг дуулсан. Гэвч амьдралаас авч болох зүйлс ихийг сурсан” хэмээн хэлсэн байдаг нь түүнийг ямархуу байдалтай амьдарч байсныг гэрчилдэг. Залуу Күнз амь зогоох, амьд явахын эрхээр ёстой хийж үзээгүй ажил байхгүй гэхэд болно. Оршуулах ёслол дээр бүрээ үлээх, найр наадмын үеэр бараа туруу зөөдөг хар ажилчин, хөрөнгөтэй хүний сангийн нярав гээд хийж болох бүх л ажлыг хийж явжээ. Хэдийгээр түүний бага балчир насных нь тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн зүйл маруухан боловч “Эхээс төрөхдөө эрдэм мэдлэг, чадвар төгс төрөөгүй. Харин эрдэм соёлд шамдан хичээж тэрхүү их эрдмийг гагцхүү эрлээс л олсон билээ” хэмээн хэлснээс нь харвал хүүхэд байхдаа их л мэриймтгий, хичээнгүй хүү байсан нь харагдана. Күнз хувь хүнийхээ хувьд санаа бодлоо ил цагаан хэлчихдэг, туйлын шударга зантай нэгэн байсан гэж бичигддэг. Амьдралын хар ухаантай, төлөв байдал нь бусдын хүндэтгэл хайрыг татдаг байсан биз. Күнзийн номлол сургааль нь хүний эрх гэхээс илүү үүрэг хэмээгч зүйлд илүүтэй анхаарал хандуулсан байдаг. Мөн хорвоо дэлхий, амьдралын тухай хувь хүнийг үзэл бодлоо эрс өөрчил гэж хэзээ ч шууд тулгаагүй. Харин уламжилж ирсэн үзэл санааг шинээр тун ойлгомжтой гаргалгаагаар томъёолж өгсөн юм. Тэрбээр залуу насандаа төрийн албанд ажиллаж. Бас 15 жил орчим багшилсан гэдэг бөгөөд багшилж байх хугацаандаа өөрийн гүн ухааны үзэлдээ олон хүнийг сурган итгүүлсэн гэж түүхнээ үлджээ. Нас нэлээд хэвийсэн хойноо төрийн сайдын суудалд суусан боловч өрсөлдөгч дайснууд нь буулгаж дөнгөснөөр барахгүй эзэнт улсаас хөөн явуулжээ. Ийнхүү арав гаран жил хэсүүчлэн тэнүүчлэхдээ багшийн ажил л хийж яваад төрөлх нутагтаа ирсэн ажээ. Түүний үзэл санаа хятадын соёл, ард түмний ахуй амьдрал, амьдралыг үзэх үзэл, улстөрийн ёс суртахуунд жинтэй хувь нэмэр үзүүлэх болсон юм. Судлаач эрдэмтдийн зарим нь түүнийг шинэ шашин бий болгосон гэх нь ч бий. Гэвч тэрбээр бурхнаас ишлэл татаж байсангүй. Үхэл болон үхлийн дараах амьдрал бий эсэх тухай зэргээс аль болох зайлсхийдэг, бусадтай маргалдахаас эвтэйхэн мултардаг байсан гэдэг. Тиймээс тэрээр улстөрийн ёс суртахуун болоод хувь хүний зан чанарын асуудлыг гүнзгий судалсан хүн төрөлхтний ховорхон гүн ухаантны нэг байсан билээ.

Сайхан сэтгэлтэй хүн амьдралдаа хоёр сайн үйлийг чандлан мөрдлөг болгоно гэж Күнз үзсэн байдаг. Тэр нь “жэнь” буюу хайр энхрийлэл, ойрын хүндээ ихэд сайнаар хандах. Нөгөөх нь “ли” буюу зан заншил, биеэ авч явах, зан чанарын цогц байдал. Күнзээс өмнөх хятадын гол үзэл баримтлал, шашны ухагдахуун нь өвөг дээдсээ шүтэн бишрэх үзэл номлол байсан юм. Күнз ч гэсэн эмэгтэйчүүд нөхөртөө албат ард нь эзэн удирдагчдаа гүн хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн баримтлалтай байлаа. Гэхдээ хүчирхийлэл гэгчийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй байсан ба төр засаг гэгч тогтолцоо нь гагцхүү ард иргэд, түмэн олон харьяатынхаа амар амгалан сайн сайхан бүхний төлөө оршин байдаг гэж сургаж байв. Удирдагч, манлайлагч бээр эрх мэдэл, хүч чадлаараа түрэмгийлж бус харин ёс суртахууны өндөр жишгээр харьяат албатаа удирдах ёстой гэж сургаж байлаа. Энэ сургаалиа ч тэрбээр ямагт давтан өгүүлдэг байсан тухай судар бичгүүдэд үлдсэн юм. “Өөрийн эс хүссэнээ бусдаар хүчээр бүү хийлгэ” гэсэн зарчмыг ямагт баримтлагтун гэж Күнз хэлдэг байж. Күнзийн үед Цжо удмынхан хаанчилж байсан бөгөөд тухайн үеийн удирдагчид түүний сургааль номлолыг төдийлөн ойшоож үздэггүй байсан ч үзэл баримтлал нь ихэд өргөн дэлгэр нутагт таржээ. Тэр бүү хэл НТӨ 221 орчим онд Цинь удмынхан хаанчилснаар Күнзийн сургаалийг бүрэн хорьж, бүх л ном судрыг шатаан устгаж ч байсан. Гэсэн хэдий ч НТӨ 220 он хавьд Хань угсааныхан төрийн эрхийг авснаар Күнзийн сургаалийг албан ёсны шашин хэмээн өргөмжилжээ. Тухайн цаг үетэй давхцан төрийн албан хаагчид, түшмэдийг сонгон авахдаа шалгалт авдаг болсон бөгөөд явцын дунд шалгалтын гол үндэс суурь нь Күнзийн сургааль болон хувирсан байна. Хятадын хаант улсад төрийн алба хаших нь асар нэр төрийн хэрэг төдийгүй нийгэмд эзлэх байр суурь ихэд нэмэгдэн хангалуун тансаг амьдрахад тун чухал байсан тул шалгалтын гол ноён нуруу болсон Күнзийн сургаалийг гүнзгий судлагсад асар олноор бий болж, төрд ажиллах гэсэн залуусын дунд хүчтэй тэмцэл өрнөдөг байжээ. Ийн Күнзийн сургаальд нэвтэрхий боловсорсон төрийн түшээдийн залгамж явсаар өнөөг хүртэл хятадыг удирдсаар байгаа нь түүхэн үнэн билээ.

Күнз зөвхөн их сэтгэгч, соён гэгээрүүлэгч байгаагүй. Тухайн үеийнхээ эзэнт улсуудаар хэрэн бэдэрч соёл, ёс заншлын үнэт өвийг бүтээсэн юм. Утга зохиол, түүх, гүн ухаан, ёс суртахуун зэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, тэрхүү судалгаандаа суурилсан номлолоо хэлж үлдээж явсаар сонгодог сургаалиа бий болгосон аж. Түүний шавь тэргүүтнүүдийн эмхэтгэсэн дөрвөн ном, таван бичиг хэмээгч нь Күнзийн суртлын язгуур суурь болдог. Тэртээх хоёр мянганы цаанатай зохиогдон, түмэн саад мянган бэрхийг даван туулсаар өнөөг хүрсэн, гүн ухаан сэтгэлгээний томоохон дурсгал бол өмнө цухас дурдсан дөрвөн ном, таван бичигт байдаг Шүүмжлэл өгүүлэл хэмээх бэсрэг зохиол. Энэхүү шүүмжлэл өгүүлэл нь асуулт хариулт, цэцэн мэргэнээ сорих, тунгаах болгоох, дүгнэлт гэх мэт хэлбэрээр бичигдсэн хорин бүлэг бүхий зохиол билээ. “Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд зүйлийн тухай хүүрнэлдэж болно. Харин дунджаас доор хүнтэй дээд зүйлийн тухай ярьж эс болно” гэх агуулга уг бүтээлд буй.

Күнз 19 насандаа Цы Гуан гэгч бүсгүйг эхнэрээ болгон авч удалгүй хүүтэй болж түүндээ Пи Юү Ли хэмээх нэр хайрласан байдаг. Күнз 30 орчим насандаа сургууль байгуулж, шавь нар болон дагагчид нь даруй 3000 хүрсэн гэдэг ба тэдэн дунд нь эрдэм мэдлэгт төгс гэгээрч чадсан 72 шавь байсан хэмээн түүхэнд үлджээ. Эдүгээ цагт хүн төрөлхтний суут арван сэтгэгчийн нэгэнд зүй ёсоор тооцогддог Күнз бүх л амьдралдаа эрдэм боловсролыг нэн тэргүүнд тооцон сурч мэдэхийн гайхамшиг, ёс зүйт нэгэн байхын талаар түгээн дэлгэрүүлсээр байсан юм. Хэв журмыг чанд сахидаг байсан тэрээр хаалга үүд нь хэмхэрсэн айлд огтхон ч ордоггүй байсан гэдэг. Тэрбээр амьдралдаа дөрвөн үндсэн зүйлийг мөрдлөг болгосон байдаг. Үүнд:

-Хий хоосон мөрөөдөлд автахгүй байх

-Өөрийн байр суурин дээр эрс шийдэмгий байх

-Зөрүүд занг тэвчих

-Хувиа хичээсэн өөдгүй зан гаргахгүй байх дөрөв ажээ.

Хүний амьдрал мөнх бусыг баталсан гэнэтийн зүйл болсон нь түүнийг 69 насны орчим байхад нь хүү Ли нь нас барж, улмаар шавь нар нь ч гэсэн цагийн эрхээр үгүй болсон эмгэнэлт явдлууд Күнзэд их л нөлөөлсөн гэдэг. Орчлонгийн жам, цагийн эрхээр өтөл болсон Күнз НТӨ 479 онд 73 насандаа төрсөн нутагтаа ирж насан эцэс болжээ. “Би бээр 15 наснаас эхлэн эрдэм ном хичээнгүйлэн шимтэж 30 хүрэх насандаа эрийн цээнд хүрч, 40 өнгөрөх насандаа төөрөлдөн гуйвалгүй зогсож, 50 хүрэхдээ тэнгэрийн зарлигийг таньж, 60 эргэм насандаа сонссон зүйлсээ ялгаж салгахтайгаа болж, 70 хүрээд харин хүсэл зоргоороо байвч хэв ёсны хүрээнээс хальж эс чадав” хэмээсэн нь өөрийн амьдралын зураглалаа тэр чигээр нь гарган хэлсэн үгс болсон юм. Хэдийгээр түүнд нэг ч хаан шавь ороогүй боловч зөнтэй зүүд биеллээ олж хаан ширээгүй хаан болон хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн билээ. Түүний шарилын чулуун дээр “Хамгаас ариун гэгээн, мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар энэ болой” хэмээсэн бичээс бий. Тэнд байх булгийн усыг Күнзийн сурталт орнууд ариун дээд рашаан хэмээн үздэг бөгөөд тэрхүү булгаас уувал нэгэн насны онцгой явдал хэмээн бэлгэшээн үздэг.

Их сэтгэгч, гүн ухаантан Күнзийн хэлж, бичиж үлдээсэн үгсээс дурдвал:

-Мэдэж буй хүмүүн хэзээ ч эс эргэлзмой. Хүнлэг хүмүүн бээр сэтгэл чилдэггүй. Зоригт хүмүүн айж эмээхийг үл мэднэ.

-Хэрэвзээ чи биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаалгүйгээр дагалдана. Харин биеийг буруу авч явбал тушааж албадсан ч эс тоомой.

-Анхааруулан хэлсэн зүй ёсны үгийг хүлээн авахгүй байж яахин болох. Харин тэр дагуу өөрөө засрах нь чухал.

-Төгөлдөр мэргэн хүмүүнтэй учран уулзана хэмээн бодохоо огт больсон. Гагцхүү буянт сайхан хүнтэй учирваас болох нь тэр бололтой.

-Хүн яахаараа хэнэггүй, худалч, ичих нүүргүй, шударга бус байж чадаад байдгийг би огтхон ч ойлгохгүй юм.

-Өөртөө хатуу чанд, өрөөл бусдад энэрэнгүй зөөлөн байвал өс хонзон хэзээ ч үүсэхгүй.

-Шударга ёсны талаар ярихгүйгээр өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох.

-Ухаан сийрэг хүмүүн бээр өөрийн төгс бусдаа санаа чилэхээс биш олноо алдаршсангүй гэж харамсан гомдоллодоггүй юм.

-Яруу тод байх нь харилцан ярианд байх ёстой гол шаардлага.

-Хүнд хөнөөлт гурван найз, туст гурван найз буй. Худал хэлэгч найз, хоёр нүүр гаргагч найз, хэт уран яригч найз гурав хөнөөлтэй. Харин шударга нөхөр, цагаан сэтгэлт нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав туст найз болой.

-Хамгаас дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдөнө.

-Худал цуурхал тараагч хүн сайн үйлийг гээсэн байдаг.

-Муу хүнтэй хамт эзэнд зүтгэж яахин болох. Муу хүн зорилгодоо хүрээгүй байхдаа л зөвхөн түүндээ хүрэх гэж зовж шаналдаг. Зорьсондоо хүрмэгцээ тэндээ тэсч байх гэж зовдог. Олсноо алдчихгүй гэхдээ ямар ч муу үйлийг хийхэд ямагт бэлэн байдаг.

-Ялихгүй өчүүхэн хүн алдаа гаргалаа гэхэд ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж зүтгэдэг.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам гарлаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг хавсралтаар баталлаа.

Энэ журмыг Үндэсний их баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулахад мөрдлөг болгох юм.

Уг тогтоолоор уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийг томилж, журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулна. Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулна.

онгол морьдоос эрлийз морьдыг үүлдэрлэг байдлаар нь ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, (биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, сүүл) сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 36 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын 2016 оны төсвийн төслийн тухай асуудал хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хийсэн юм. Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа улс орны төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлийг харгалзан Улсын Их Хурлын 2016 оны урсгал төсвийн төслийг 2015 оны түвшнээс нэмэгдүүлэхгүй байх зарчим баримталсан тухайгаа дурдав.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхйиг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны урсгал төсвийн төслийг нийт дүнгээр 24.7 тэрбум буюу өнгөрсөн оны түвшинд байхаар тооцжээ. Харин хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 5.4 тэрбум төгрөг байхаар, гадны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн орлого, зардлын төсвийн төслийг 1.7 тэрбум төгрөг байхаар тус тус тооцсон байна. Улсын Их Хуралд сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүйгээс техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй тул Байнгын хороод, нам, эвслийн бүлэг, Тамгын газрын хэлтэс нэгжээс ирүүлсэн санал, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн жилтэй холбогдуулан ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын тодорхой зардал төсөвлөх зайлшгүй шаардлагатай гэж тооцсон байна.

Төсвийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл санал хэлснээр асуулт, санал дуусч, Монгол Улсын Их Хурлын 2016 оны төсвийн төслийг Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд нэгтгүүлэхээр хүргүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Дараа нь “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар нар Сангийн сайд болон Үндэсний аудитын газрын даргаас асуулт асууж хариулт авлаа. Улсын төсвийн 2014 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас санаачилж өргөн барьсанГаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхэд байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг нь хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн төсөл”-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2014-2016 онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг байгуулж, энэ хүрээнд хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр салбарт 2015-2016 онд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 272 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэр хуваарилсан. Төслүүдийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь авах, зээлийн хэлэлцээрүүдийг энэ онд багтаан Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаа учраас төслүүдийн зээлийн асуудлаар Улсын Их Хуралтай нэгтгэсэн байдлаар зөвшилцөж, соёрхон батлуулах зорилгоор Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийг боловсруулаад байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбоглдуулан байнгын хорооны гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа санхүүжилтийн хөтөлбөрийн төслийг зөвшилцөхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2015.06.03-ны өдөр дагалдан өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан танилцуулсан юм. Хууль тогтоомжийн төслүүдийн талаарх танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асууж толруулан саналаа хэлэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт энэ асуудлыг салбарын сайдыг нь байлцуулж хэлэлцэх шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул уг хууль тогтоомжийн төслийг Аж үйлдвэрийн сайдыг томилолтоос ирсний дараа хэлэлцэхээр боллоо.

Мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн тухай мэдээлэл”-ийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын саналын дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран хэлэлцэхээр болсон юм. Энэ асуудлын талаар Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолын дагуу Жендэрийн Үндэсний хорооны ажлын албыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулж байна. Тус алба нь одоогоор 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах, жендэрийн мэдрэмжтэй төсвийн төсөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн эх үүсвэрийг батлуулах”, түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх 2013-2016 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд “Жендэрийн мэдрэмжтэй төсөв зохиох арга зүйг улсын нэгдсэн болон орон нутгийн төсвийг боловсруулах, батлах үйл явцад нэвтрүүлэх”-ээр заасан.

Энэ хүрээнд чадавхи бэхжүүлэх, үндэсний сургагч багш бэлтгэх, гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээ авах, “Оролцоонд суурилсан жендэр аудит” хийж салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулж, батлуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Ер нь “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт”-ийг нэвтрүүлэхэд олон талын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй.Хязгаарлагдмал төсөв, хөрөнгийг үр дүнтэй хуваарилах, жендэрийн ойлголтын зөрүүтэй байдлыг залруулах чиглэлээр нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгаж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийх нь чухал байна гэдгийг сайд танилцуулгадаа дурдсан юм.

Мөн Жендэрийн үндэсний хорооны гишүүн, жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт гэж юуг ойлгох, түүнийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил хэмжээний хөрөнгө зарцуулах тухай, эсвэл зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай төсөв боловсруулж батлуулах асуудал биш харин төсөв, хөрөнгийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн байхаар төсөвлөхийг хэлдэг байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.