Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн сайн үйлсийн эзэд Улаанбаатар хотноо чуулж байна

“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн сайн үйлсийн эздийн чуулга уулзалт энэ сарын 26-нд Чингис зочид буудалд эхэллээ. Долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх тус чуулга уулзалтад бүс нутгийн зургаан орон, олон улсын байгууллага, Монголын төр нийгэм, залуучуудын төлөөлөл болсон 250 гаруй залуус оролцож байгаа юм. Чуулганаар сайн дурынхныг чадавхижуулах, сайн дурын үйл ажиллагааны эрх зүйн орчныг бий болгох, залуучууд бизнес эрхлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах, сэргээх зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, хамтын хүчээ нэгтгэх харилцан туршлага солилцох аж.

Г.Сайнбилэг

Categories
мэдээ цаг-үе

Гомбожавын Занданшатар: Монголын ард түмэн төрдөө итгэх итгэлээ алджээ. Энэ бол маш том эмгэнэл

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Гомбожавын Занданшатартай ярилцлаа. Тэрээр АНУ-ын дэлхийд алдартай Стэнфордыних сургуульд олон улс судлал болоод улс төрийн шинжлэх ухааны зочин судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирээд байна. Нэгэн цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан эл эрхэм Америкт суралцаж байхдаа автын осолд орж олон хоног ухаангүй байсан юм.

Энэ бүхний дараа хэв­лэлд анх удаа ярилцлага өгч байна.

-Таны хувьд Стэнфор­дын их сургуульд зочин судлаачаар ажиллаж ирээд удаагүй байна. Ингэхэд яагаад Стэнфордын их сургуульд суралцах болов. Улс төрөөс түр зай авъя гэж бодсон уу?

-Улс төрд удаан хугацаанд хутгалдлаа, цаашдаа ямар нэгэн байдлаар вакуум орчинд орох нь гарцаагүй. Тиймээс Монголын нийгмийг, төр засгийн байдлыг хөндлөнгөөс нэг ажиглаад судалгаа хийгээд үзье гэж бодсон л доо. Ер нь Америкийн болоод дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд хэтэрхий удаан ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ялангуяа над шиг гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан хүмүүс өөрийн хуримтлуулсан туршлагаа мэдлэгтэй хослуулах нь чухал гэдгийг мэдэрсэн. Дэлхийн нэртэй улстөрч, олон улс судлаачдын лекцийг тухайн танхимд нь сонсч, мөн өөрөө лекц уншиж тэдэнтэй санаа бодлоо хуваалцана гэдэг аз завшаан.Ийм үүднээс миний бие Стэнфордын их сургуулийг сонгосон. Ардчиллын онолын эцэг гэгддэг Ларри Даймонд нарын олон улсад нэртэй хүмүүс ажилладаг, улс төрийн том сургууль юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондолиза Райс зэрэг нэртэй улстөрчид улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр лекц уншдаг.

-Тэнд та хэр удаан хугацаанд суралцсан бэ?

-Нэг жил зургаан сарын хугацаанд байсан. Өөрийнхөө алдаа оноог нэг эргэцүүлээд үзье. Монгол Улс ардчиллын зөв замаар явж байна уу, үгүй юу. Үнэнч шударга ажилласан нь буруудаж, хэн мөнгөтэй, пиар хийж ард түмний тархийг угааж чадсан нь улс орныг удирдан залж буй нь зөв юм уу гэдгийг мэдрэх зорилгоор очсон. Ардчиллын үнэт зүйлийг ардчиллын эх орноос судалж үзэх эрмэлзэл төрсөн хэрэг. Олон улс судлалын талаар Билл Гейтс, Хятадын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн, Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан эрхэм гээд тал бүрийн мэдлэг, олон жилийн дадлага туршлагатай нөхөд цуглаж дундын мэдлэг хуримтлуулдаг. Фрэнк Фукуяама, Карл Эикенбэрри, Ги Воок Шин гээд олон эрдэмтэн судлаачтай найз нөхөд болсон. Миний харьяалагдаж байсан Ларри Даймондын “Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төв” бол улс төрийн шинжлэх ухааны зүтгэлтнүүд зорин ирдэг том гал тогоо л доо.

-Стэнфордын их сургуулийн судлаач гэх авторын дор улс төр, нийгмийн хэд хэдэн шуугиантай нийтлэл хэвлүүлсэн. Мөн уг нийтлэлүүдээр ном бичиж байгаа гэж дуулсан?

-“Зөвлөлдөх ардчилал ба хөгжлийн гарц” гэсэн судалгааны чиглэлтэй номоо сая гаргалаа. Өнөөдөр дэлхий дахинд ардчиллын гурав дахь давалгааны дараахь ухралтын үе тохиож байна. Даяаршил техник технологийн эрин үед дэлхийн олон орны ардчилал саарч, ухарч, хямралд орж байна. Тиймээс улс төрийн шинжлэх ухаанд ардчиллыг боловсронгуй болгох арга хэлбэрийг эрэлхийлж байна. Миний хувьд тэрхүү гарц нь зөвлөлдөх ардчилал гэж үзэж байгаа. Монголын эдийн засгийн хямрал хариуцлагагүй төрийнх гэдэг нь ойлгомжтой. Хариуцлагын төрийн хямрал нь хувь улстөрчдийн хариуцлагаас үүдэж эдийн засгийн, хариуцлагын, хуулийн засаглалын, институцийн, засаглалын гэх таван төрлийн хямрал гинжин холбоог үүсгэсэн байна. Үүнийг засч өөрчлөх тухай “Зөвлөлдөх ардчилал бас хөгжлийн гарц” ном бичиж олон түмэнд хүргэж байна.Таван толгой, төмөр зам бусад олон тулгамдсан асуудлыг зөвлөлдөх ардчиллын аргачлалаар шийдсэн бол бид маш хурдацтай хөгжих байлаа. Оюу толгойг ч зөвшилцлийн ардчиллаар шийдсэн бол ийм их хэл ам гарахгүй явах байсан гэж боддог.

-Тогтолцооны гажгийн талаар нийтлэл хэвлүүлж санал дүгнэлтээ танилцуулсан байсан. Нэг Монгол үзэл чинь энэ бүхний тайлбар гэж ойлгож болох уу?

-Япон болон Зүүн өмнөд Азийн найман эдийн засаг, дэлхийн хөгжлийн загваруудтай харьцуулахад Манай төр нэгдсэн нэг бодлогогүй, хоорондоо эвлэлдэж уялдаагүй хэтэрхий олон зүйлийг хуулбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, Герман, Америк, Орос, Хятад, Шинэ Зеланд, Канад гэхчилэн маш олон үндэстний хувцас хольж өмссөн хоорондоо уялдаагүй олон төрхтэй монгол болчихсон байна. Үүнээс улбаалаад “Нэг Монгол нэг зүгт нэгдэхийн учир” гэж номоо тайлбарлаж нэрлэсэн. Номын ерөнхий утга агуулга ч үүнийг нэг монгол болгох томъёололд багтаж байгаа. Монгол уламжлалыг өрнө дорнын ухаантай хослуулан үндэсний хөгжлийн зөв гарцыг олж, “зөвлөлдөх ардчиллаар” хамтран шийдээд Нэг Монгол нэг зүгт тууштай нэг мөр замнах нь Монгол Улс Азийн баруудыг гүйцэн түрүүлж хөгжлийн хурдан хүлэг болно. Бид чинь нэг л Монгол биз дээ.

Үндсэн хуулиас аваад төрийн бүх тогтолцоо тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн алба, хүн ам нийгмийн хамгаалал, эдийн засгийн энэ бүх тогтолцоо чинь гадны улс орнуудын загварын цуглуулга. Авлигатай тэмцэх тухай хуулийг Хонконгоос, төрийн албаны хуулийг Канадаас, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийг Шинэ Зеландаас,тэгш татварын хуулийг Зүүн Европын орнуудаас, Эрүүгийн хуулийг Орос, Германаас гэх мэтчилэн жишиг загвар авч хэрэглэсэн. Сүүлийн үед далайн хууль, Герман Ромын хуулийн зарчмууд ч зөрөлдөж эхэллээ. Хуулийн засаглалын хямрал гэж үүнийг хэлнэ. 466 хуулийн ихэнх нь өөр өөр суурь зарчим, хэрэгжих механизмтай хуулиуд эвлэж ажиллаж өгөхгүй байна. Үүнийгээ даруйхан засч монгол төрийг дархлаатай, талцсан, намчирхсан энэ байдлыг зогсоон эв нэгдэлтэй болохгүй бол гадаад харилцаанд эвгүй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Украины асуудал бидэнд маш том сануулга болсон.

-Таван толгойн асуудал дээр гэхэд төрийн гурван өндөрлөг гурван тийшээ хараад суучихаар Монгол Улс маань яаж хөгжих билээ гэх санааг уг нийтлэлдээ агуулсан байдаг. Тиймийн учир “Нэг Монгол нэг зүгт” гээд байна уу?

-Бид Үндсэн хуулийн долоон өөрчлөлтөөс хойш Нэг толгойтой Нэг монгол биш гурван толгойтой улс болсон. Таван толгой хэлэлцэж байгаа байдлыг хар л даа. Ард түмэнд төрийн гурван толгой л маргалдаад байгаа харагдаж байна. Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгоно гээд заачихсан байгаа. Гэвч бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь УИХ-д тайлангаа тавьдаг. Энэ нь парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог байх анхны төслийн загвар нь хэвээр үлдчихсэнтэй холбоотой.“Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хууль” сэдэвт хуралд оролцсон Германы эрдэмтэн Штайн 1992 онд Үндсэн хуулийн төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байхдаа“Анхны төсөл өөрчлөгдөөд бүхард түмнээс сонгодог Ерөнхийлөгчтэй болчихлоо. Энэ чинь яваандаа маш их зөрчлийг авчирна. Улс төрийг гацаанд оруулна” гэж хэлж байсан гэдгээ онцолж байна лээ. Сүүлийн 25 жилийн хугацаанд Ерөнхий сайд нарын огцорч байсан түүхийг аваад үзэхээр сонин түүх харагддаг. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоорондоо байнгын зөрчилтэй байсан. Энэ нь улс төрийн хагарал бутрал, өнөөгийн хямралын эх үүсвэр болсон ч байж магад.

-Хэсэг хугацаанд улс төрөөс зай аваад ирэхэд Монголын улс төр ямар байх юм. Зөвлөлдөх ардчилал, нэг монгол нэг зүгт гэх ойлголтыг хэрхэн хүлээж авч байна?

-“Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр онолын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж гадны зургаан нэртэй эрдэмтдийг урьж оролцуулсан. Улс орны том эрх ашгийн асуудал учир манай танай нам гэж явцууралгүй парламент дахь намын дарга нар, төлөөллийг бүгдийг нь урьсан. Дарга нар бүгд ирж оролцсон. Манай нийгэмд болохгүй байгаа төрийн тогтолцоо, системийн тухай ярьсан. Монголын улс төрд аливааг хүлээж авч байгаа өнцөг, ёс зүй, авлигын асуудал хэвээрээ байна. “Сант марал”-ын сүүлийн судалгаагаар “Монголын нийгэм шударга бус байна” гэж судалгаанд оролцогчдын 74 хувь нь үзсэн байна. Үндсэндээ дөрвөн хүний гурав нь нийгмээ шударга бус байна гэж үзэж байна. Энэ бол маш эмгэнэлтэй, аймшигтай явдал. Төрөө дээдлэх үзэл бол Ази тивийн үзэл юм. Түүнийхээ хүчинд Азийн улсууд хөгжиж байна. Гэвч Монголын ард түмэн төрдөө итгэх итгэлгүй болжээ. Үүнд улс төрийн нам болоод, улстөрчид буруутай. Ард түмнийхээ итгэлийг хөсөр хаясан байна. Төр нь төр шиг байж, төрийн түшээд түшээд шиг байж чадсангүй. Авлигатай холбогдуулж миний бие авлигын хэвтээ хяналтын тогтолцоо, Авлигагүй ардчиллын эвсэл бүрдүүлье гэсэн санаачилга гаргасан. Тодруулбал, Парламентын хяналт шалгалтын хороо Мэргэжлийн хяналтын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, прокурор, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс энэ байгууллагууд бие биенээ хянадаг тийм тогтолцоотой болъё. Хэд хэдэн байгууллага бие биенээ хянадаг системтэй болчих юм бол авлига устана. Орчин үеийн хамгийн шалгарсан аргын нэг энэ. Бүрэн төлөвшиж тогтоогүй байхад нь одоо л нэг хөлөө олж эхлэхээр нь АТГ-ын эрх мэдлийг өөр нэг мөрдөн шалгах байгууллага байгуулж шилжүүлэх нь оновчтой бус юм. Авлигатай дайн зарлаж сонгуульд ялсныхаа дараа АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй гэж ярьж байсан хүн энэ хуулийг санаачилж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

-Сүүлд нь нэмж асуухад, та Америкт өнгөрсөн зургадугаар сард автын осолд орсон. Олон хоног ухаан оролгүй удсан гэх мэдээлэл ирж байсан. Яг юу болсон юм бэ?

-Хар тамхичин нөхрийн 90 гаруй километр цагийн хурдтай явсан машинд дайруулсан. Ослын үйл явц ердөө л тэр. Тэгж л санамсаргүй байдлаас би гэдэг хүн үхээд боссон. “Нөгөө ертөнцөд очоод ирлээ” гэж ойр дотнынхоо хүмүүст тоглоом шоглоомоор хэлдэг. Ийм айхтар осолд орж олон хоног ухаангүй байсан хүнд буцаад ухаан ороход олон зүйл бодогддог юм билээ. Өнөөдрийг хүртэл нэг ч хүнд өөрт тохиолдсон зовлон бэрхшээлээ ярьж байсангүй. Харин “Өдрийн сонин”-оор дамжуулж хүнд бэрх цагт минь надад болоод манай гэр бүлд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан найз нөхөд, журмын андууддаа, намынхандаа баярласнаа илэрхийлье. Гэргий Г.Отгонгэрэл, үр хүүхдүүддээ маш их баярласан. “Бурхан надад хоёр дахь амьдралыг бэлэглэлээ. Хийх ажил байгаа учир намайг амьд үлдээсэн байх. Ард түмнийхээ төлөө, бусдын сайн сайхны төлөө зүтгэнэ” гэж ухаан орсныхоо дараа гэргийдээ хэлж байсан. Биед одоо ямар нэгэн зовиургүй болсон. Америкт ч юм уу, Энэтхэгт очоод бурхан шашинд ойр байдаг юм билүү гэж бодогдож байсан. Одоо бол Монголынхоо ирээдүйн төлөө чадах бүхнээ хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд НҮБ-ын зарим удирдлагуудтай уулзлаа

Ерөнхий сайд АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа
хүрээнд дэлхийн улс төрийн томоохон төв болох НҮБ-ын зарим удирдлагуудтай уулзаж
санал солилцлоо.

НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын орлогч Я.Елиассонтой уулзах үеэрээ Монгол Улс НҮБ-ын
харилцаа улам бүр өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд
цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд
оролцох болсноороо хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн төлөө өөрсдийн хувь нэмрээ
оруулах болсонд НҮБ-ын ЕНБД-ын орлогч талархал илэрхийллээ.

Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн туслах, ЕНБД-ын Туслах
И.Симиновочтай уулзлаа.

Монгол Улс нь Ази тивд төдийгүй дэлхий дахинд
Ардчиллын загвар улс болж байгаад И.Симиновоч талархал илэрхийлээд хүний эрхийг
хангах үйлсэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Цаазаар авах ялыг халах Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилгыг онцгойлон дэмждэгээ хэлээд
энэ санаачилга хууль эрх зүйн дэмжлэг авч хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа
илэрхийллээ.

Тэрээр 2010 оны долдугаар сарын 17-нд Хүний эрхийн
асуудал эрхэлсэн Туслах, ЕНБД-аар томилогдож НҮБ-ын дээд комиссарын албаны
Нью-Йорк дахь салбарын даргаар ажиллаж байна.

Европын холбооны хуулиар дамжуулан ардчилалд хүрэх
зөвлөлийн гишүүн, Арьс өнгөөр ялгаварлах болон үл тэвчих үзлийн асуудлаарх
Европын холбооны гишүүн болон НҮБ-ын Олон улсын шүүхийн дэргэдэх БНХУ-ын бүрэн эрхт
төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Удам дамжсан сайн малчин Д.БАТМӨНХИЙНХ

Төв аймгийн Сэргэ­лэн сумын малчин Д.Батмөнхийнхийг нутгийн айлуудаас нь сурагласаар олж очлоо. Гэрийн эзэн эзгүй. Унагатай гүүгээ хэд хоногийн өмнө алдсан гэнэ. Сураг гаргаад хоёр хоног хайжээ. Долооны тэнд айлын адуунд байгаа дуулдсан учир өглөө эрт тийш хөдөлжээ. Отгон хүү нь хүргэн ахтайгаа хамт хонины хашаа татаж байна. Хоёр, гурван хоногоос хонио ноослох аж. Гэрийн эзэгтэй Л.Энхбаяр “Манай хүн адуунд явсан. Удахгүй, ингэсгээд ирнэ дээ” гэсээр угтлаа. Цай барьж, ааруул, бяслагаар дүүрэн таваг дөхүүлэв. Баруун талын орон дээр саяхан мэндэлсэн нярай байна. Дундах охиных нь хүүхэд гэнэ. Дундах охин Б.Уранцэцэг нь том охиноо эмээ, өвөө дээр нь байлгадаг юм байна. Гэтэл саяхны хэд хоногийн халуунд охин нь наршчихаж, бөөлжөөд байна гэсэн мэдээ аваад аймгийн төвд, дэргэдээ авч явахаар ирсэн нь энэ.

Бас нэг жаал хүү урдуур хойгуур гүйж, гадаа гарч унадаг дугуй унана. Л.Энхбаяр “Манайх чинь хагас, бүтэн сайнаар бөөнөөрөө цуглана. Тэр үед хөл толгой нь мэдэгдэхгүй жинхэнэ бужигнаад сайхан байдаг юм. Бусад үед яах вэ өвгөн бид хоёр л нэг нь гадаа, нөгөө нь гэртээ л өнждөг. Харин бага хүүгээ ажлаас нь гаргаад малчин болгохоор дэргэдээ авчихаад байгаа” гэлээ.

Хоймрын орны баруунтаа хувцас, хунар чихчихсэн нэг цүнх нүдэнд тусав. “Asics” брэндийн логотой улаан, хартай уг цүнхийг чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ голдуу барьж харагддаг болохоор “Эдний хүүхдүүдээс нэг нь барилддаг болж таарлаа” гэж таамаглав. Тэгээд орж харсан хүүхдүүдийг нь шинжвэл барилдчихаар бие хаатай нь үгүй шүү. Харин хүүхдээ тэвэрч суусан дундах охиныг нь ажвал нэг л харсан төрх, бие нь ч тийм муугүй, барилдчих хэмжээний. Тэр охиноос “Танайхан дунд барилддаг хүн байдаг уу. Яагаад тэгж асуув гэхээр тэр цүнх” гээд заавал Л.Энхбаяр “Тийм шүү дээ. Манай хүү, манай хүргэн Мандахаа” гэлээ. Ямар Мандахаа вэ, Мандахнаран уу гэтэл “Тийм, тийм Мандахнаран, гавьяат тамирчин” гээд инээмсэглэлээ. Г.Мандахнаран эдний ууган охин Б.Ууганцэцэгийн нөхөр. Түрүүн унадаг дугуй унаад гүйгээд байсан жаал Г.Мандахнарангийн том нь, Д.Батмөнх гуайн том зээ хүү нь. Эмээ нь “Энэний маань дүү нь улаанбурхан тусаад ээж нь харж байгаа. Төвөөс хүн ирэхээр энэ чинь гэр рүүгээ явна гээд дагачихна. Тэгээд гэртээ очоод нэг, хоёр хоноод л наашаа буцаад хөөгдчихдөг юм” гэвэл зээ хүү нь “Эмээ, би эхлээд улаанбурхан туссан тийм ээ” гэнэ. Ингээд дундах охин нь хүүхдүүдийг суулгаад машинтай яваад өглөө.

Гэрийн эзэгтэй авдраа уудлаад гэр бүлийнхээ жаазтай зургийг гаргаж ирэв. Энд нэлээд гандуу, цагаан байгаа болохоор нүүх гээд хамаг юмаа далд хийчихсэн гэнэ. Өнөө өвөл зуд болно гэдэг үнэн байх шүү. Олны үг ортой гэдэг гэсээр гэр бүлийн зургаа сонирхуулав. Том охин нь газрын мэргэжилтэй, дундах охин нь эмч, отгон хүү нь цэргийн мэргэжилтэй. Отгон хүүг нь Б.Батжаргал гэдэг юм байна. Цэргийн ангид зургаан жил орчим ажиллаж, Сьерра Леонд энхийг сахиулах ажиллагаанд хүртэл оролцсон мундаг залуу. Аав, ээж нь хүүгээ эзэмшсэн мэргэжлээр нь явуулах санаатай ч өөрсдийнх нь бие чилээрхэж, эд мал нь эзэнгүйдчих гээд байсан учир хүүгээ ийнхүү мал дээр гаргачихаад байгаа аж. Л.Энхбаяр гуай хүүгээ ихэд магтана. Хүү минь байхгүй байсан бол бид ч хэцүүднэ дээ гэнэ.

Хүү, хүргэн хоёр маань хашаагаа хатгачих шиг боллоо. Нүүнэ гээд хураачихсан байсан юм. Ямар ч байсан ойрын үед нутаг сэлгэнэ. Шинэ газарт очихоос өмнө хонио ноосолно доо. Тэгэхгүй бол хот бохирдоод байдаг юм гэлээ.

Удалгүй зүүн хойнотоогоос мотоциклийн дуу наашлав. Л.Энхбаяр гуай “Манай өвгөн ирж байна. Гүүгээ олоод ирж дээ. Манай гүүг айлын азарга тасдаад аваад явчихсан юм билээ” хэмээлээ. Д.Батмөнх гуай ирж байна. Унагатай гүүгээ олоод авчирчээ. Мэнд ус мэдэлцээд гэрт орцгоолоо. Гэрийн эзэн хоймортоо суугаад тэнгэр хангайн байдал, зуншлага, малын байр байдлын талаар ярина. Энэ зуур гэрийн эзэгтэй тогоо тавиад зууханд аргал нэмлээ. Тараг буцалгах гэнэ.

Д.Батмөнх гуай Баян-Өнжүүлийнх, Л.Энхбаяр гуай Алтанбулагийнх. Энэ хоёр аймгийнхаа Нийтийн аж ахуйн захиалгат гутлын тасагт хамт ажилладаг байж. Тэнд байхдаа танилцаж арав орчим жил ажиллаад 1991 онд хөдөө гарч, албан ёсоор малчин болцгоожээ. Д.Батмөнх гуайд аав, ээж нь өмч таслахдаа 75 толгой мал өгчээ. Түүнийгээ л өсгөж үржүүлж, буяныг нь хүртсээр өнөөдөр хонь, ямаа нь мянга хол давж, үхэр, адуу нь өсч үржсээр байгаа юм байна. Үүнийг сайн малчин маань “Малын буян” гэж тодотгов. Гэрийн эзэн удам дамжсан малчин айлын хүүхэд. Багаасаа л малын захад өссөн болохоор мал дээр гарахад их дуртай байжээ. Ах дүү 13-уулаа бөгөөд тав нь малчин. Д.Батмөнхөөс гадна хоёр дүү нь бас мянгат малчин. Ах дүүс нь ер нь бүгд шахуу Сэргэлэн суманд шилжиж ирсэн гэнэ.

Харин гэрийн эзэгтэй Л.Энхбаяр гуайн аав нь ойн цагдаа, ээж нь жирийн ажилчин байжээ. Бага байхдаа ах дүү, хамаатан садныхныхаа гэрт, хөдөө очиж амардаг байсан болохоор мал, идээ цагааны ажилд ч сүрхий нэгэн.

Эдний зусч байгаа энэ газрыг Зүлэгтэй гэнэ. Хур бороо арвинтай жил Зүлэгтэй шиг сайхан зуслангүй гэнэ. Булагтай бол булагтай, худагтай бол худагтай. Юм юмтай баян хангай.

Д.Батмөнх гуай гэр бүлээрээ мал дээр гарсныхаа дараа хурдан морь уядаг байжээ. Хүүхдүүд нь ч жаахан байсан болохоор ямар хүүхдээр морь унуулах вэ гэж толгой гашилгах шаардлагагүй байж. Гурван хүүхэд нь гурвуулаа хурдан морины нуруун дээр давхиж л явж. Аймгийнхаа 70 жилийн ойн баяр наадмаар хул морь нь долоод хурдалж. Бас сумандаа айрагдаж, Өнжүүлийн наадамд гуравт орж байсан удаатай. Ер нь хурдан морь уях, хурдлуулах хүсэлтэй байсан ч бусад ажил нь хоолойгоор татсан их байсан болохоор ерөнхийдөө мориныхоо ажлаас хөндийрчээ. “Одоо морь унуулъя гэхээр хүүхэд алга. Гол нь хурдан морины хүүхэд шүү дээ. Морь уяна гэдэг маш том ажил. Хамгийн гол нь зав зай. Зав зайгүй болохоор амжихгүй” гэлээ. Д.Батмөнх гуай залуудаа адуу дагаж явахад өөрийнхөө хэмжээнд исгэрчихдэг байжээ. Одоо бол исгэрнэ гэж байхгүй. Харин нутаг нь өндөр настай хэрнээ, лимбэ шиг сайхан исгэрдэг Буд гэж өвгөн байдаг гэнэ.

Хоёулхнаа хэрнээ мянга хол давсан малтай хөдөө амьдарна гэдэг хэцүү. Малын ажил дуусах биш. Өглөөний үүрээс харуй бүрий тасартал ундарна. Хөдөөний амьдралын дуусашгүй тойрог жилийн дөрвөн улирлын туршид нэг л хэмнэлтэй.

Хажуудаа айл буулгаад эсвэл ажилд дуртай залуус байвал гэртээ байлгаад ч болтугай туслах малчнаар авч ажиллуулъя гэж хэд хэдэн удаа үзжээ. Залуучуудын хувьд хоёр гурав хоноод л алга болчихно, ажлаа хаяад явчихна. Мянгат малчин маань “Малчин авъя гэхээр тохитой хүн олдохгүй юм. Залуу хүмүүс ажил хийх сонирхолгүй, арчаагүй ч болсон юм уу даа. Бэлэн юманд л дуртай. Цалин өгөөд хажуугаар нь мал хуй тасалж өгнө дөө. Жаахан ч гэсэн хөрөнгөтэй болог дээ гээд бодож байтал нэг л өглөө яваад өгчихнө. Уг нь гурван жил л туслах малчнаар ажиллачихвал цалингаасаа гадна овоо тооны малтай болчихож болно. Сэтгэлээсээ, манай малыг өөрийн мал шиг үзээд харж хандаад байвал би гэдэг хүн баярлана биз дээ. Хүн гэдэг чинь баярлахаараа байдгаа л бариад гүйчихдэг цайлган сэтгэлтэй амьтан. Гэтэл гурван жил байтугай гурван хоногийн ажил дийлэхгүй залуус их болжээ” гэснээ “Манай Сэргэлэн сум чинь ер нь залуу малчид олонтой. Энд чинь эмэгтэйчүүл ховор. Охид нь эрдэм ном, их дээд сургууль гээд нутгаа орхиод явчихдаг. Хэдэн харчуул л энд даналзаад л явж байна шүү дээ” гэлээ. Л.Энхбаяр гуай галаа ихдүүлчихэж, тараг нь дэвэрлээ. Д.Батмөнх гуай “Алив тогоогоо тэгшил. Дээрээс нь жаахан авъя” гэсээр ухасхийн босч хувин ойртуулав. Л.Энхбаяр гуай “Өнөө халхын буянд тогоо дүүрлээ гэдэг юм боллоо доо” гэж инээлээ. Дээр үед нэг хятад монгол айлаас сүү аваад гэртээ аваачаад буцалгаж л дээ. Сүү яаж хөөрүүлдгийг мэдэхгүй болохоор ширүүн галаар буцалгатал сүү нь хөөрөөд дэвэрч. Хятад ч баярлаад “Халхын буянд тогоо дүүрлээ” гээд баярлатал гал нь буурсны дараа сүү нь юун тогоо дүүрэх манатай, тогооны ёроолоор л юм үлджээ. Энэ хууч яриаг гэрийн эзэгтэй тэрхэн зуурт бидэнд ярьж сонирхуулав. Л.Энхбаяр гуайн хамаатны арван настай хүү эднийд хоёр хоногийн өмнө иржээ. Өөрөө моринд их дуртай, морь унаж сурна гээд хөдөө гарчихаад байгаа нь энэ гэнэ. “Энэ хүүг морь унуулж сургах гэж байгаа юм. Дараа жилээс манай хурдан морийг унах хүүхэд. Одооноос хөдөөтэй танилцаж, морь малтай ойр байх гэж байгаа юм. Бие хаа нь жижигхэн, хөнгөхөн. Энэ нэлээд хэдэн жил уначихна шүү” гэж танилцууллаа.

Л.Энхбаяр гуай тогоон дахь цагаагаа зөөлөн самарна. Д.Батмөнх гуай хоймортоо урьдын адил суугаад ойр зуурын юм хуучилна. Гадаа хүү, хүргэн хоёр нь хашаа хороогоо бэхэлж, шонг нь суулгаж байгаа чимээ дуулдана.

Өнөө жил нэлээд гандуу байгаа болохоор мал орой тарга авах шинжтэй байгаа аж. Хэдий хурын улирал дуусчихсан ч одоо байна уу, долдугаар сард байна уу хамаагүй бороо орж л байвал сайхан. Хур бороо ахиухан шиг орвол ногоо ч дөмөгхөн гарчихна. Хэрэв ийм байдлаар үргэлжилбэл зуд гээч нь болох нь уу даа гэж хашир малчин хүйтэн цай залгилангаа өгүүлснээ “Ган болсон газар хүйтэрч, цас их унах гээд байдаг. Тарга сайн авсан мал ямар ч цасан шуургыг давдаг юм. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг чинь тэр. Өлчир мал баргийн шуургыг тоохгүй сөрөөд явчихдаг. Малын хулгай төв газраа их байна л гэдэг. Малчин малаа хариулгагүй орхисноос бүх юм болж байна гэж шүүмжилдэг. Үнэндээ хонь гэдэг мал жаахан хөндийрвөл тасарчих гээд байдаг. Ер нь малд байнгын харуул хамгаалалт хэрэгтэй байдаг юм. Манай энд уяатай үхрийг нь аваад явчихсан тохиолдол хоёр, гурван жилийн өмнө гарч байсан шүү дээ. Тэр малчин өглөөнөөс орой болтол малаа хариулсан л байж таараа. Тэгээд шөнө нь унтахдаа үхрээ уяад унтсан байгаа юм. Тэгтэл тэр үхрийг нь аваад явчихна гэдэг чинь муухай биз” гэлээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Сэргэлэн сумын нутагт тийм хэрэг гарсан гэнэ. Уяатай үхрийг нь тууж аваадявахдаа “Нохойгоо сайжруул, нойроо багасга” гэж толгой холбож бичээд, бүтэн шил архи үлдээгээд гэрээс нь хэдэн зуун метрийн зайд өнөө үхрийг нь нядлаад шир, толгойг нь хаячихсан хэрэг гарсан гэнэ.

Л.Энхбаяр гуай гэрийн зүүнтээ унинаас аарцаа өлгөөд шүүлээ. Гандуу байгаа бас хүн хүч байхгүй болохоор хонь, ямаагаа саахгүй байгаа гэнэ. Харин үнээгээ өглөөд сааж байгаа аж. Хүүхдүүд нь бага, сургууль соёлд байхад зундаа эднийх хоёр гурван зуун хонь холбоод сааль гэж чухам юу болдгийг яруу тодоор харуулдаг байж. Энэ жил долдугаар сарын сүүлээр л гүүгээ барина гэнэ.

Сар шинэ, ёолкийг гэр бүлээрээ өргөн дэлгэр тэмдэглэнэ. Ямар нэг баяр ёслолоор хүүхдүүд нь төвөөс бүгд хүрч ирнэ. Аав, ээжийгээ Улаанбаатар хотод тоглолт үзүүлэхээр тасалбарыг нь аваад ирнэ. Заримдаа албан шахалтаар шахуу хот орж тоглолт үзнэ. Наадмаар нутагтаа л наадамлана. Аймаг, сумынхаа наадмаас хэтрэхгүй. Хүй долоон худагт очдог ч хэний хурдан хүлэг, ямар угшлын адуу давхиж байгааг сайн танихгүй болохоор морины уралдааныг гэрийнхээ зурагтаар үзэх дуртай гэнэ. “Телевизээр чинь сайхан тайлбарлаад өгчихдөг юм” гэлээ. Д.Батмөнх гуай 2009 онд Мянгат малчин болж байжээ. 2012 онд Сумын аварга малчин, өнгөрсөн жил Аймгийн сайн малчны өргөмжлөл хүртсэн байна. Мянгат, сайн малчин гэдгээсээ гадна сумынхаа малчид дундаа настай, тохитойн тоонд орох учир залуу малчид “Отрыг та ахал” гэж хүндэтгэнэ.

Д.Батмөнх гуай ийн ярилаа, отрын талаар. “Сэргэлэнгийн малчин хүүхдүүд байдаг юм. Адуу, хонины бэлчээр таардаггүй юм. Цастайхан жил адуу хонины бэлчээрийг цавчлаад сүйдлээд хаячихдаг. Энд тэнд шороо овоолоод, газар ухаад. Тэгээд дараа нь цас орж шуурахаар өнөө нүхэнд нь цас хунгарлаад хатуурчихна. Бид чинь есдүгээр сарын сүүл аравдугаар сарын эхээр л оторт гарчихна. Мянга гаруй адуу, хоёр, гурван мянган хонь, ямаатай. Хүмүүс үзэхгүй, хөөж туугаад хэцүүхэн л байдаг. Ялангуяа адууг нутагтаа оторлуулах дургүй. Би малчин, адуучин гэдгээрээ дандаа бахархдаг. Адууныхаа захад очихоороо л малчин болсноороо бахархаж, сэтгэл минь хөдөлгөдөг. Адуугаа харах бүртээ баярладаг. Би залуудаа адуугаа ганц ч удаа шуурганд уруудуулж үзээгүй. Харин одоо ганц шөнийн нойр даах уу, үгүй юу л болчихоод байна.Адуу бол маш сайхан амьтан. Энд тэнд, эмнэлэг домнолгоор хэд хоног явж байгаад мал дээрээ ирэхээр сэтгэл сэргээд өнөө өвдөж байсан өвчин эдгэчих шиг болдог” хэмээн чин сэтгэлээсээ өгүүллээ. Хүүхдүүд нь ер нь хагас, бүтэн сайнаар бүгд ирэхийг хичээнэ. Ирж аавдаа, ээждээ, бага дүүдээ тусална. Хашаа босгочихсон юм чинь. Хоёр, гурван удаа бүгд дайраад л хонио ноосолчихно доо гэцгээнэ. Том хүргэн Г.Мандахнаран нь ч бас ажил төрлөө зохицуулаад нааш ирэх дуртай. Гэвч шигшээгийн тамирчин болохоор бидэнд байтугай, авгай хүүхдүүддээ үзэгддэг юм уу гэмээр л байдаг ш дээ гэж Д.Батмөнх гуай өгүүлээд “Том тэмцээний дараа л ирдэг юм. Нэг ирсэн чинь нүд нь булуу болоод чих нь урагдаад, толгойг нь ураад явуулчихсан байсан. Тэмцээн нь шударга болдоггүй юм шиг байна лээ. Хүүгийн минь нүүр нүдийг хэцүү болгоод хаячихсан байсан. Дэлхийн аваргын тэмцээн тийм аймаар болж байгаа юм чинь олимп бол бүр аймаар биз” хэмээн хүргэнээ өрөвдөнгүй хэлээд “Бид хоёр ар гэрт нь нэмэр болохоос биш өөрөөр тусалж чадах биш дээ” гэлээ.

Гаднаас хүү, хүргэн хоёр нь орж ирлээ. Машиных нь нэг юм болохоо байгаад хээр унтарчихаар нь монголчилж янзлаад хүрээд ирчихлээ гэцгээнэ. “Хоёр хонгор урд байна”, “Буурал ус уучихаад л явж байна” гэхчилэн ойр зуурын юм өгүүлнэ. Д.Батмөнх гуай “Уургаа наахсан” гэв.

Зүлэгтэд эднийхийг анх ирэхэд юу л байна тарвага л элбэг байж. Овоолсон шороо болгон л тарваганы дош байсан гэнэ. Нэг жил айхавтар ган болж тэрнээс хойш бараг үзэгдэхээ байсан гэнэ. Авдар хайрхны ам болгоноос нь ус гардаг байж. Сэргэлэн баялагтай ихтэй. Алтны зургаа, долоон уурхай ажилладаг болсноос хойш ихэнх булаг ширгэжээ. Малчдын яриагаар тэдгээр уурхайнууд алт угаана гэхээрээ газрын гүний усыг хэдэн мянган шоогоор татдаг. Тиймээс нутагт нь ган болж, задгай уснуудыг ширгээж байгаа аж. Өнжүүл задгай ус ховор. Д.Батмөнх гуай Сэргэлэнд анх ирээд задгай ус элбэг, хайрхны ам болгоноос булаг ундарч байхыг хараад ихэд гайхаж байсан гэнэ.

Салхи дэгдлээ. Гэрийн хаяагаар шороо тоос бужигналаа. Л.Энхбаяр гуай “Хаяагаа дээрдүүлчихжээ. Шороо орж ирээд авдар сав шороонд дарагдаад хар даа” гэвэл гэрийн эзэн “Хэтэрхий дор байвал бороо орвол ялзарчихна” гэж хариулав. Ээж хайрхны доод адагт Нарийны гол бий. Долоо найман жил тасраад сүүлийн үед жаахан урссан гэнэ. Уг нь дээхнэ үед уг голыг жолооч нар гатлах гэж хоёр гурав хонодог байж. Одоо сайр төдий л юм харагддаг болсонд харамсдаг гэлээ.

Сайн малчин маань бүлээн цай залгилж бидэнд ийн хуучилснаа “Хонь руугаа явъя даа” гэсээр мориндоо мордлоо. Л.Энхбаяр гуай борц гаргаж ирээд том том гэгч нь хэрчээд гоймонтой шөлтэй хоол хийж эхэллээ. Тэнгэр бүрхээд хойноос бараан үүл айсуй. Том, багагүй “Ашгүй борооших нь үү дээ. Жаахан ч болтугай дусчихаасай” хэмээнэ. Салхи улам хүчтэй шуурч, гэрийн хаяагаар шороо тоос орж ирнэ. Хүргэн хүү нь гэр дээрх дэлгэцтэй ааруулыг жийп машиныхаа арын хаалгыг онгойлгоод хийчихлээ. Хүү нь аргалаа хучина. Л.Энхбаяр гуай зээ нарынхаа тоглоом, унадаг дугуйг цуглуулаад гэрийнхээ гадаа хураагаад юмаар хучиж, өрхөө урагшлуулав. Б.Батжаргал орж ирээд “Ээж ээ, цувнууд хаана байгаа вэ. Аавд цув аваачиж өгье” гэлээ. Д.Батмөнх гуай саяхан уламжлалын эмнэлэгт хэвтээд гарсан учир даарч хөрж болохгүй. Хүү нь хоолоо идчихээд аавдаа цув өгөхөөр мотоцикль унаад явчихлаа.

Айхавтар шороогоор шуурч, бороо ганц нэг дусаллаа. Мотоцикльтой хүн айсуй.

Тогооны угаадас долоож байсан том банхар хов, хов гэж тасалдангуй залхуутайяа ёс болгон хуцаж чимээ өгөв. Багийн дарга нь хойноо нэг бондгор хүү сундалчихаж. Мянгатыг асууж, хонин дээр байгаа гэдгийг дуулчихаад цай оочилсноо “Жаахан бороо орох нь уу. Бороо орчихоосой билээ. Болохгүй бол говь руу нүүдэг юм билүү. Говьд бороо хур ороод байгаа гэсэн биз дээ” гэлээ. Багийн дарга гараад явчихлаа. Салхи тавьж, шороо боссоор л бороо орох ч өнгөрөв бололтой.

Л.Энхбаяр гуай “Хэд хоногийн өмнө манай энүүгээр тэрлэг норгох дайны бороо орсон юмсан. Даан ч дараа нь хурц нар гараад хатаачихсан. Ямартай ч хонио ноосолчихоод ногоо цагаатай, мал цадчихаар өвстэй газарт очиж бууна даа” гэлээ. Б.Батжаргал аавдаа цув өгчихөөд иржээ. Үхэр рүүгээ явъя даа гэсээр буцаад явчихав. Гэрийн эзэгтэй хамаатныхаа арван настай хүүтэй үлдэв. Энэ бид хоёр л энэ зун гэрийн мухар сахих байхдаа гэлээ. Хүү том хувинд аргал, хомоол оруулж ирээд дөрвөлжид хийв.

Д.Батмөнх, Л.Энхбаяр нар ахуй үйлчилгээнд цуг ажиллаж, ажил амьдралын гараагаа хамтдаа эхлүүлж байсан найзуудтайгаа одоо ч холбоотой гэнэ. Таван гэр бүлийн найзууд. Гэр бүлээрээ найзална. Саяхан Аглагийн хийд рүү явж газар үзээд ирсэн бол удахгүй Хамарын хийдэд очиж энерги авахаар төлөвлөсөн гэнэ. Жаргал, зовлон ээлжилдэг энэ хорвоод юу ч тохиолдсон дэргэд нь байж тусалдаг сайхан найзуудтай гэдгээрээ бахархдаг гэдгээ хэлж байлаа.

Гэрийн эзэгтэй “Дээр үед чинь анх мал дээр гарахад их л ганган айл байлаа. Алаг эрээн авдар сав, жааз толь, бүрхээр гээд л. Тэр үед архи их нэрдэг байлаа. Өдөржингөө нэрсэн архийг минь манай хүн найзуудтайгаа орж ирээд тойрч суугаад л цай ууж байгаа юм шиг уучихаад л гараад явчихна. Ер нь нэрээд байвал манай хүн уух дуртай болчихож магадгүй гээд нэрэхээ больсон юм. Одоо манай бүрхээр аймгийн төвд амбаарын мухарт л хэвтдэг байх даа” гэлээ.

Ийнхүү Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Д.Батмөнхийнд өнжлөө. Орж гарсан хүн бүр л хур бороо хүсч, хэдэн малаа л тарга тэвээргийг нь сайн авахуулчихвал бол оо гэсэн ганцхан зорилготой, зав чөлөөгүй л малаа хуйдаа санаагаа чилээсэн малчин айлын нэг өдрийн амьдралын өнгө төрх ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж, У Тейн Сейн нар уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн
айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын
Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө
Чингисийн талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм
зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул
жагсч, Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул,
угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд
хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын
Ерөнхийлөгч У Тейн Сейн Төрийн ордонд хүрэлцэн ирж “Баганат” танхимд
хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж дурсгалын гэрэл зураг авахуулав.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд
Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн
гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Одоо тэд Төрийн ордны Б
танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлэлцэж буй Эрүүгийн хуулиар энэ УИХ монгол төгрөгөөс татгалзаж буйгаа зарлаж, гурван сая иргэнээ шоронд явуулахаас буцахгүй гэдгээ мэдэгдлээ

УИХ-ын чуулганаар шинэч­лэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаад Зөрчлийн тухай хуулийн төсөл явж байгаа. Хуулиудыг эхнээс нь хэлэлцэж байна. Энэ хуулиудаар бол торгуулийг монгол төгрөгөөр хийхээс татгалзаж буй юм. Монгол төгрөгөөр бус тооцооны нэгжээр хийх юм гэнэ.

Эрүүгийн хуулийг хоёр дахь Үндсэн хууль гэдэг. Ийм гол хуулиараа монгол төгрөгийг ямар ч төлбөрийн чадваргүй гэдгийг энэ УИХ зарлалаа. Энэ УИХ-ын өнгөн дээр монгол төгрөг хүчгүй болж байна. Харин тооцооны нэгж гэдэг дээрээ УИХ бодвол юу байх аа тогтох юм байгаа биз дээ. Евро, доллар, иен байх тухай яригдаж буйгэж сонсогдож байна. Олон нийтийн дундтэр тооцооны нэгж нь иен байх болов уу гэсэн цуурхал ч хүртэл гарчээ. Энэ бол шинэчлэн найруулсан, шинэ хуульд тусгагдсан эхний жигтэйзүйл нь. Хоёр дахь асуудал нь энэ хуулиар жиргээч, фэйсбүүкчид телевиз, сайт хэвлэлийн байгууллагынхан тэр аяараа шорон руу ачигдах болоод байна. Хэт туйлшран улайрах гэсэн заалтаар ийм болж байгаа юм. Тэгвэл бас нэг заалт энэ хуульд байна. Тэр нь хулхи бараа зарвал эрүүгийн хариуцлага хүлээж,шоронд явна. Тэгэхээр “Наран туул”, “Хар хорин” захынхнаас авахуулаад тэр чигээрээ шоронд суух болж таарч байгаа юм. Байгууллагыг шийтгэдэг болсон учир тэнд ажиллаж байгаа бүх хүн бас шорон руу явах уу. Нэг жишээ авъя л даа.

Тухайлбал, Таван тол­гойн­хон энэ хуулийгзөрчжээ гэж бодъё. Тэгвэл Таван толгойн удирдлагууд, хувьцаа эзэмшигч, ажилчид нь бүгдээрээ шоронд явах нь.Энэ хуулиарбол гуравхан саямонголоос шийтгүүлэхгүй өнгөрөх хүн бараг гарахгүй нь бололтой.Тэр тооцооны нэгжид нь монгол төгрөг дарлуулаад хүчгүй болдог юм байж.Тэгэхээр Монгол Улсяах болж байна аа. Хэн бүтээн байгуулалтынажилд оролцож, хэнхүүхэд төрүүлж, хэн хилээ манаж, хэн улс орноо авч явж, хэнгэр бүлээ тэжээх болж байна вэ. Хэлэлцэж буй шинэ хуулиудаар бол энэ УИХ монгол төгрөгөөс татгалзаж буйгаа зарлаж, гурван сая иргэнээ шоронд явуулахаасаа ер нь сийхгүй нь бололтой дог оо.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Мьянмарын ерөнхийлөгчийг угтах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочныг Чингисийн талбайд
албан ёсоор угтан вахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал
эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй
мэндчилсний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн
Сейн Төрийн ордонд хүрэлцэн ирж “Баганат” танхимд хүндэт зочны дэвтэрт
гарын үсэг зурж дурсгалын гэрэл зураг авахуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд
Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн
гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.

Одоо тэд Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японд экспортлох монгол хүнсний урт жагсаалтыг хэлэлцэв

Монголчууд Япон руу шимийн архинаас авахуу­лаад янз бүрийн юм гаргах сонирхолтой байгаа гэнэ. Японы Хөдөө аж ахуй ой, загас агнуурын яамны мэргэжилтэн Мацүмото Рюүхэйгийн хэлснээр бол Монголоос Япон руу малын гэдэс, шийр, булчин шөрмөс, ямааны самнаагүй ноолуур, ноос гаргажээ. Сонирхолтой нь Монгол мал аж ахуйн орон гэдэг ч Японоос үхрийн мах импортолдог. Түүнээс гадна тахианы мах, хуурай сүүнээс авахуулаад, модон эдлэл хүртэл авсан байх юм. 2014 онд япончууд АНУ, БНХАУ, Австрали, Канад, Тайландаас ихэнх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ импортолжээ.“Монголчууд Японд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн гаргахын тулдэнэ улсуудтай өрсөлдөх хэрэгтэй болно” гэж Мацүмото Рюүхэй сануулсан. Өнгөрсөн жил япончууд гаднаас импортолсон эрдэнэшишийнхээ 84 хувийг АНУ-аас авсан бол үхрийн махаа ихэвчлэн АНУ, Авст­ралиас шилсэн байх жишээтэй. Монгол-Японы төвд болсон “Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум”-ын үеэр дээрх яриа өрнөлөө. Хүнс, хөдөө аж ахуйн яамны газрын дарга Ц.Баярмаа Монголоос Япон руу бүтээгдэхүүн экс­лорт­лоход хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүсэл хэмээх сэдэв сөхөгд­дөгийг онцолсон. Малын гаралтай бүтээгдэхүүнээ тэрбээр “Жаргалтай монгол малаас гарсан бүтээгдэхүүн” хэмээн сурталчлаад авахаа март­сангүй. “Малаа эрүүлжүүлсний дараа танай­хаас мах авъя” гэвэл хэцүү. Анхны цэгээс нь хамтарч ажиллах хэрэгтэй байна гэж газрын дарга уриалсан шүү. Урьд нь ч монголчууд Япон руу адууны мах, муур нохойн хоол зэргийг гаргаж байжээ. “Цэвэр цөцгийн тос авъя” гэж Японы талаас хүссэн удаатай. “Эрэлт хаана ч байдаг” гэж Ц.Баярмаа хэлсэн. Харин түүнийг дагадаг хорио цээр, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, махан дахь эм тариа, пестицидийн үлдэгдлийг тодорхойлох гэх мэт чамбай шаардлагуудад манайхан бүдэрчихдэг. “Бидэнд өргөн боломж өгсөн, түүнийг дагаад чанар, аюулгүй байдал хариуцлага нэхэгддэг” гэж Ц.Баярмаа хэллээ. Японы зах зээлд экспортлоход квотын болон гаалийн тарифаас үе шаттайгаар чөлөөлсөн бараа гэдэгт хагас боловсруулсан үхрийн махан бүтээгдэхүүн, сүү аарц, зөгийн бал, гоймон болон гурилан төрлийн бүтээг­дэхүүн бяслаг гэх мэтээр үргэлжилнэ. Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйта лав танилцуулгадаа “Энэ оны нэгдүгээр сард манай хүнсний нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Монголын гурвалжин будааны гоймон болон Монголд үйлд­вэрлэсэн баяжуулсан гоймонг танилцуулж иргэ­дээс өн­дөр үнэлгээ авсан” хэмээн онцолсон. “Экспор­тын бүтээгдэхүүний үйлдвэр­лэлийг нэмэгдүүлэхэд хам­тар­­сан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх” саналыг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас дэвшүүлэв. Монгол, Японы төвийн хурлын танхим дүүрэнхүн сууцгаажээ. Энд дотоод гадаадын 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.Танилцуулгын үеэр монголчууд бас япончууд ч их л анхааралтай сууж, тэмдэглэл хийцгээнэ. Форумын нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү нар байлцлаа. Харин Монгол, Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Су.Батболд гишүүн нар “хуримын генерал”-ын үүрэг гүйцэтгэж, чимэг болж хэсэг суув. Танхимд суугаа хүмүүс дунд УИХ-ын экс гишүүн, Ц.Сэдванчиг, өмнө нь Хүнс хөдөө аж ахуйн сайд байсан өдгөө Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний хороог тэргүүлж буй Д.Насанжаргал, Монгол, Японы хөдөө аж ахуйн нийгэмлэгийн тэргүүн Т.Хас­баатар нар харагдсан. Д.Насанжаргал гуай “Бү­тээгдэхүүнээ Японд гаргах сонирхол бий. Япончуудих сонирхдог ч түүхий эдийн нөөц, боловсруулалтын технологи, бүтээгдэхүүний нэр төрөл, олон улсын стандарт гээд асуудал бий” гэсэн юм. Зарим сүйхээтэй нөхөд япончуудтай хамтарч бүтээгдэхүүн үйлд­вэрлэснийгээ экспортолдог байна.

Япончуудтай хамтарч ажиллах,бизнесийн түншээолохоор ирсэн амбицтай залуусын нэг нь А.Дорждэрэм. Тэр GIMEX компанийн ерөнхий менежер аж.Энэ нь “green food imfort and export” хэмээх үгсийн товчлол юм байна. Тэд “Гэртэй монгол будаа” хэмээх төслөө танилцуулсан. Цагаан будааг эх орондоо тариалах экспортлох том зорилго тээж яваа гэнэ. Өөрсдийн тариалсан “Хөсөг” нэртэй гоё савалгаатай будаагаа тэрбээр индэрт авч гарсан юм. “Хөсөг” будаа нь 5000 төгрөгийн үнэтэй. Далайн тээврээр оруулж ирдэг ажээ. Харьцангуй үнэтэй буй ньзамын зардлаас гадна тухайн будаа жасмин буюу хом мали хэмээх дээд сортынх гэдэгтэй холбоотой аж. Сонирхолтой нь тэрхүү будаагаа Лаос улсад тариалсан аж. Тус улсын газар тариалангийн томоохон компани болох “Павина”-тай хамтарч, тэдний 200 га газарт тариалалт хийжээ. Ойрын гурван жилдээ тэд Монголд ургах тэсвэртэй сайн сортын үр гаргаж авах гэнэ. Хятадад дээд сортын будаа ургадаг Хар мөрний орчим судалгаа хийж үзээд, орчин нөхцөл ойролцоо хэмээн Ховдын Буянт, Гов-Алтайн Шарга, Цогтсум, Баянхонгорын Баянлиг сумын нутгийг тоочигложээ. Будаа +35 хэмтэй, ус хөрс нь тохирсон нөхцөлд 125-135 хоногт ургадаг юм байна. Манайхан эрүүл мэндийн шинжилгээгүй, гарал үүсэл нь тодорхой бус 50 тонн цагаан будааг “зооглодог” гэнэ. Ядаж л өөрсдөө тариалдаг болчихвол буух эзэнтэй буцах мөртэй болох юм.1991 онд япончууд Дорнодод цагаан будаа тариалах санал тавьж байсан гэсэн. Манай залуус япон түншүүдээ олж авах байх аа. Монгол хүний цагаан будааны жилийн дундаж хэрэглээ 21 кг байдаг бол хятад хүнийх 80 кг, харин америк хүн бол 11 кг байдаг гэсэн статистик бий.

Уг форумыг Хүнс хөдөө аж ахуйн яам, Монгол, Японы хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэг зохион байгуулжээ. Монгол, Японы хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Когэ Иссэй гуай мэндчилгээндээ Монголд анх ирээд төрсөн сэтгэгдэлээ өгүүлсэн юм. “Миний бие Монголд анх ирээд зах хязгааргүй ихтал хээр, цэлмэг хөх тэнгэрийг гайхан биширч, энэ сайхан нутагт Монголын тал нутаг дахь хүүхдийн төвийг байгуулах санаа төрсөн юм. Энэхүү төв нь Японы бага дунд сургуулийн сурагчдыг хүлээж авч, Монгол оронтой танилцуулж. амраасаар долоо дахь жилтэйгээ золгож байна” гэсэн. Когэ Иссэй гуай Монголын сул болон давуу талыг өөрийнхөөрөө тодорхойлов. Дэлхийд тэргүүлэх эрдэс баялгийн нөөцтэй орны нэг. Хөх тэнгэр, гялалзан харагдах оддын орон. Сэвшээ салхитай, хязгааргүй өргөн уудам цэвэр ариун хээр тал, чадварлаг үндэстэн гэдэг мэдээж давуу тал. Харин сул тал нь “Далайд гарцгүй орон, дэд бүтцийн хөгжил сул, хүн ам хэт цөөнтэй, хатуу ширүүн өвөлтэй” гэсэн. Харин Хоккайдогоос ирсэн япончуудын хувьд “хатуу ширүүн өвөлтэй” гэдгээрээ бидэнтэй дотносож байв. Хоккайдогоос ирсэн багийнхнаа төлөөлж, Үрата Ёшинори гуай танилцуулга хийлээ. Чухамхүйтэн сэрүүн бүсийн хөдөө аж ахуйн технологи нь монголчуудад хэрэг болно гэж тэд найджээ. Хоккайдогийн технологи, ноу хау гэдэгтээ тэд дулаан орон сууц, газрын хөрсний дулааны систем, хүйтэн сэрүүн газрын цэцэрлэгжүүлэлт, ахуйн хаягдал ус цэвэрлэгч байгууламж, био жорлон цэвэрлэгч танк зэрэг орчинд ээлтэй загвар хотын бүтээн байгуулалтыг санал болгов.Хөдөө аж ахуй, хүнсний боловсруулалтын салбарт хамтарч ажиллах боломжтой гэлээ. Хөрсөө боловсруулахын тулд ахуйн хог, малын ялгадас зэргээс гаргаж авсан бордоо хийх технологи, нарны эрчим хүчийг ашигласан хөдөө аж ахуйн техник, хүлэмжийн аж ахуй гээд тэдэнд монголчуудад зааж сургах юм олон. Монголд Япон хоолны газар цөөнгүй.Хоккайдод ч бас “Дархан” гэдэг монгол зоогийн газар бий гэнэ шүү. “Монгол хүний хүн чанар, байгаль,хоол унд нь Хоккайдогийн хүмүүстэй адил” гэж тэр хэлсэн юм.

Харин Хоккайдогийн Токочи хэмээх хотод барилга болон зоогийн газрын бизнес эрхэлдэг Хаяаши Хидэясү “Монголчууд хүнсний но­гоогоор тогтмол хангаж чадахгүй байгаа учраас гадаадаас ногоо оруулж ирдэг. Тариачид ногоогоо хураагаад агуулах зоорь байх­гүйн улмаас шууд хямдхан бор­луулахаас аргагүйд хүрдэг” хэмээн ярьсан. Тиймээс тэд ЖАЙКА-гийн шугамаар Токочид хэрэглэдэг загвар зоорийг Монголд барихаар ажиллаж буй. Тэдний хүйтнийг тэсвэрлэх хямд зоорь Борнуур суманд баригджээ. “Бармаш”-ынхан гүйцэтгэж, япончууд технологийг нь импортолж буй. Цас мөс ашиглан хадгалсан төмс чихэрлэг амттай болдог гэнэ. Улаанбаатарт зоорь нэвтрүүлэх тэдний сургалтыг ногоочид ихээр сонирхох нь лав. Д.Насанжаргал гуай ч тэр чиглэлээр яриа хэлэлцээр хийхээр зэхжээ.

Монгол Японы бизнес эрхлэгчидээс хосуудтөрж амжсан байна.“Mongol Japan urtuu” компанийн захирал А.Галбадрахын гэргий япон бүсгүй гэнэ. Тэд гэрт суурилуулдаг “Natsureturn” япон ус цэвэршүүлэгчийг Монголд борлуулдаг. Халуун савны чинээ эд мөртлөө их үнэтэй юм билээ.

“Бридж” группийн ерөн­хийлөгч Ц.Сэдванчиг “Түншлэлийн гэрээ бай­гуулагдсантай холбоотойгоор Японтой бизнес хийх боломжилүү болсон. Япон талаасаа ч сонирхогчид олширлоо. Манай Бридж группийн хувьд япончуудтай 20 гаруй жил хамтарч ажиллаж байна. Үйл ажиллагааны чиглэл өргөн. Худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн чиглэлээр Японы“Farm do” компанитай хамтарч ажиллаж байгаа. Хотын захад хүнсний ногоо, жимс жимсгэнэ тухайлбал гүзээлзгэнэ хоёр дахь жилдээ тариаллаа. Улаанбаатар хотын иргэдийг Японы технологиор Монголд суурьшуулсан шинэ технологийн хүнсний ногоо жимсээр хангах ажил туршаад явж байна. Ойрын хугацаанд үр дүн нь гарах байх. Манай төсөл эхлэлийн шатанд яваа. Төсөл амжилттай үргэлжилбэл зөвхөн дулааны улиралд бус өвөл ч хүлэмж ашиглаад хүнсний ногоо, жимс иргэдэд нийлүүлэх зорилготой. Манай эрс тэс уур амьсгалтай нөхцөлд хүлэмжийн бизнест хүндрэл бий. Гэхдээ боломж бий. Нарны эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч ашиглаж зардлыг бууруулах талаар судалж хэрэгжүүлэх шатандаа яваа” гэлээ. Монгол, Японы бизнес эрхлэгчдийн тариалсан амтат гүзээлзгэнэ арааны шүлс асгаруулан айсуй.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд: Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих болно

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр амралтын өдрөөр “Эм Си Лог хаус” ХХК-ийн Мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Долоон болдог” группын тавилгын үйлдвэр, Ган хийцийн үйлдвэртэй танилцлаа.

“Долоон болдог” групп нь “Долоон болдог” ХХК, “Зитоп” ХХК, “Евро-Электроникс” ХХК, “ДБ панель системс” ХХК зэрэг тавилга, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэгтгэсэн бөгөөд 2004 оноос эхлэн гал тогооны тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан хэмээн группын Ерөнхий захирал С.Ганбаатар УИХ-ын даргад танилцуулсан юм.

“Долоон болдог” ХХК нь “Kitchenall” нэртэй тавилгын брэндээрээ зах зээлд танигдсан бөгөөд байгуулагдсаныхаа 10 жилийн ойгоор буюу өнгөрсөн онд Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгийн санхүүжилтээр дэлхийн жишигт нийцсэн тавилгын үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий тус үйлдвэр нь тоос хураалтын системтэй хэмээн тус компанийн дэд захирал Г.Батболд хэлж байлаа. Энэ систем нь үйлдвэрийн тоосыг хураан хадгалаад өвөл нь түүнийг шатаан үйлдвэрийнхээ дулааныг бүрэн хангадаг бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг хангасан, байгаль орчинд ээлтэй шинэ технологи ажээ.

Шинэ үйлдвэрийг байгуулахад 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр маш их дэмжлэг болсон хэмээн дэд захирал Г.Батболд онцолсон юм.

Жилдээ 30 мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр цаашдаа дан ганц гэр ахуйн тавилга бус албан өрөөний тавилга үйлдвэрлэх боломжтой болсон юм байна.

“Долоон болдог” группын хувьд 2009 оноос эхлэн нийт 6 га газарт үйлдвэрлэлийн парк байгуулах зорилго тавин ажиллаж, 2010-2015 оны хугацаанд инженерийн бүрэн шугам сүлжээнд холбогдсон нийт 30.000 ам.метр талбай бүхий үйлдвэр болон оффисын барилгын бүтээн байгуулалтыг хийж, дэлхийд тэргүүлэгч компаниудын шилдэг тоног төхөөрөмжийг суурилуулан, салбарын аж үйлдвэрлэлийн оновчтой технологийг нэвтрүүлсний зэрэгцээ мэргэжлийн боловсон хүчнийг гадаад, дотоодод сургаж, 300 гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа гэж группын Ерөнхий захирал С.Ганбаатар хэлсэн юм.

Дээрх төслийн хүрээнд 2011 онд төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр “Зитоп” ХХК-ийг байгуулж, жилдээ 5000 тонны хүчин чадал бүхий ган хийцийн үйлдвэрийг 2012 онд ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн “ДБ панель системс”компанийг 2015 онд үүсгэн байгуулж, үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ болон ахуйн зориулалттай барилга байгууламж, зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглагдаж буй олон улсын чанарын стандартад нийцсэн PU, EPS сендвич хавтангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэн 2015 оны наймдугаар сард дуусгахаар ажиллаж байгаа юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд тус группын үйл ажиллагаатай танилцсаны дараа, “Бид тавилгын хувьд дэлхийн ямар ч брэндтэй өрсөлдөж чадахаар үйлдвэрлэж чаддаг болжээ. Одоо иргэд дотоодод үйлдвэрлэсэн тавилгаа худалдаж аваад байвал энэ 300 ажилчин ажилтай байна. Хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд байвал тэр мөнгө монгол ажилчдад цалин болоод очно. Гаднаас зөөгөөд байвал мөнгө гадагшаа урсаад л байна. Бидний түрүүн очсон мод боловсруулах үйлдвэрт хийсэн хавтангаар энд тавилга үйлдвэрлэж байна. Дэлхийд өрсөлдөх чадвартай, орчин үеийн олон үйлдвэр босчээ. Одоо бид борлуулалтад анхаарна. Тухайлбал, нэг спорт заал барих боллоо гэхэд Монголд ган хийц үйлдвэрлэж байгаа болохоор өрсөлдөөнд зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийг л оролцуулна. Импортоор оруулж ирсэн ган хийц хямд үнэтэй байсан ч улсын захиалгад зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг л авна. Ийм маягаар бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих болно. Хуулиа ч тэгэж гаргана. Иргэдэд орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор анх найман хувийн хүүтэй зээлийг гаргасан. Энэ нь барилгажилтыг араасаа дагуулсан. Жилд 20-30 мянган айлын орон сууц баригдаж байна. Тэр бүх байруудад тавигдах тавилгыг үйлдвэрлэж байна. Одоо гаднаас тавилга зөөх шаардлагагүй болсон байна” хэмээн хэллээ.

УИХ-ын даргын хамт “Долоон болдог” группын үйл ажиллагаатай танилцсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “УИХ саяхан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг баталсан. Аж ахуйн нэгжүүдтэй танилцаж явахад тэдний удирдлагууд одоо үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хурдан батлах хэрэгтэй байна гэсэн саналаа илэрхийлж байна. Тэрхүү бодлогын баримт бичгийг яаралтай горимоор хэлэлцэж хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулна. Түүнчлэн татварын багц хуулийг хэлэлцэн батлахаар ажиллаж байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт би багтан ажиллаж байгаа. Ингэж үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих нь маш чухал асуудал юм. Түүнчлэн татвараас чөлөөлөх жагсаалтыг УИХ батлах бус Засгийн газар баталдаг болгон өөрчилбөл асуудал цаг алдахгүй хурдан шийдэгддэг болох юм. Баянгол дүүрэгт 17.000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Түүний нэг нь “Долоон болдог” групп юм. Иргэд монголоос чанартай тавилга авснаар тээврийн зардал хэмнэнэ. Дотооддоо үйлдвэрлэсэн сайн чанарын тавилга авдаг болж байгаа нь сайхан хэрэг” гэж хэлсэн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн ур чадвартай уялдсан цалингийн тогтолцоо бий болгох хэрэгтэй

Саяхан болж өнгөрсөн Хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг цалин хөлсний талаар сонирхолтой мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Хөдөлмөрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” илтгэл тавьсан юм. Энд дурдсанаар бол ”Улсын хэмжээнд 2014 оны эцсийн байдлаар ажиллагчдын сарын дундаж цалин 844.8, төрийн албан хаагчдын дундаж цалин 700.4, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 192.0 мянган төгрөг байгаа аж. Мөн инфляцийн түвшин 2014 онд 11.0 хувиар, 2015 оны эхний таван сарын байдлаар оны эхнээс 3.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар тус тус өссөн ч нийт ажиллагчдын 90 орчим хувийг эзэлж буй жижиг, дунд аж ахуйн нэгжид ажиллагчдын дундаж цалингийн өсөлт инфляцийн өсөлтөөс 8.0 орчим пунктээр доогуур байгааг дуулгав. Цалингийн зээлтэй иргэдийн тоо 2009 оныг өнгөрсөн жилтэй харьцуулахад 2.2 дахин нэмэгджээ. Цалин хөлсний тэгш бус байдал байсаар байгаа бөгөөд адил хөдөлмөр эрхэлж байгаа ажиллагчдын цалингийн ялгаа их, хувийн хэвшил, салбарын түвшинд цалин хөлсний тогтолцоо бүрдээгүйгээс ажлын байрны урсгал хөдөлгөөн өндөр байгаа. Хувийн хэвшилд ажиллагчдын цалингийн асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар зохицуулж ирсэн нь өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Төрийн албан хаагчдын цалингийн систем нь ур чадвар, ажлын ачаалал, гүйцэтгэлтэй уялдаагүй. Тиймээс мэргэжлийн ур чадвар, ажил, мэргэжлийн зэрэгтэй уялдсан цалингийн тариф тогтоох, цалин хөлсийг индексжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг сайд онцолсон юм.