Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд цастай баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Нийслэлийн хүүхдүүд Чингисийн талбайд цуглан нэгдсэн арга хэмжээндээ оролцож байгаа бол орон нутагт хүүхдийн баярыг цастай угтжээ. Тодруулбал, өнөөдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод цастай байгаа бол өчигдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд цас оржээ.

Categories
мэдээ нийгэм

50 бэлэгний уналт

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид өнөөдөр тохиож буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “50 саяын уналт” нэвтрүүлгийн тусгай дугаарыг бэлтгэжээ. Энэ бол өнөөдөр 20.40 цагаас гарах хүүхэд багачуудад зориулсан “50 бэлэгний уналт” тусгай дугаар юм. Тэдэнд 50 өөр бэлэгний сонголт байгаа. Харин оролцогч хүүхдүүд баярынхаа өдөр ямар бэлэг хожих бол.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд Чингисийн талбайд баярлаж байна

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ” Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болж байна. Баярын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад албаныхан оролцож монголын нийт хүүхэд, багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээний үеэр жил бүр нийслэлээс зохион байгуулдаг Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын шилдэг хүүхдүүдийн урлагын тоглолтоор нийслэл төдийгүй монголынхоо хүүхэд багачуудыг баярлуулахаар болсон юм. Хүүхдүүд та бүхэнд зориулсан гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн тоглолт болно. Монголынхоо нийт хүүхэд, багачуудад эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн онцлон хэллээ.

Их эзэн Чингис хааны талбайг хүүхдүүддээ зориулан чимэглэсэн бөгөөд 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулж, өртөө бүрд төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Мөн нэгдсэн арга хэмжээнээс гадна дүүрэг бүрт, Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

“Asashoryu Cup-2015” тэмцээний дүн гарлаа

asa

“Asashoryu Cup-2015” өсвөр үеийн чөлөөт бөхийн олон улсын анхдугаар тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Сүлд” спорт хорооны дарга Д.Бумбаяр, Эрүүл, спортын яамны Биеийн тамир, бодлогын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Бахытжан, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Чөлөөт бөхийн холбооны тэргүүн Ухаан нар үзэж сонирхлоо. Энэ өдөр олон хурц дайчин барилдаан болсноос хөвгүүдийн 54 кг-ын жинд Өвөрхангай аймгийн Н.Анхбаяр хүрэл медалийн төлөө барилдаанд Баянхонгор аймгийн бөх Д.Мөнхзоригтой барилдахдаа барилдааны сүүлчийн секундэд даацтай мэх хийж хожлыг авч охидын 49 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдаанд “Алдар” спорт хорооны бөх Б.Мөнхнар оноогоор хожигдож явсан ч сандарч тэвдсэнгүй, хугацаа дуусах мөчид мушгих мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялсан. Энэ тэмцээнд Налайх дүүрэг, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль”, “Арслан” клуб, БТСДуС-ийн өсвөрийн бөхчүүд бэлтгэл сайтай оролцож өндөр амжилт гарлаа.

Казахстан улсын өсвөрийн охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жумабаев Мурат тэмцээний тухай сэтгэгдлээ ярихдаа “Тэмцээн зохион байгуулалттай сайтай болж байна. Манай Ази тивд өсвөрийн үеийнхний олон улсын тэмцээн бараг байхгүй, тийм учраас энэ тэмцээн жил уламжлал болгон зохиогдоно гэдгийг сонсоод их баяртай байна. Энэ жилийн хувьд тивийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээн дөхсөн учраас бид 8 бөхтэй ирсэн, ирэх жил бүх жинд хүүхдүүдээ авчирна” гэлээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Хөвгүүд

46 кг

1.Энхбаярын Бямбадорж /Баянхонгор аймаг/

2.Сүрэнгийн Ойдов /”Аварга” спортын дунд сургууль/

3.Бямбасүрэнгийн Ууганбаяр /Баянхонгор аймаг/

3.Сүхболдын Эрдэнэбаяр /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

54 кг

1.Мягмарсүрэнгийн Ананд /”Женко” клуб/

2.Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

3.Наранбаатарын Анхбаяр /Өвөрхангай аймаг/

3.Амаржаргалын Дэлгэрдалай/Баянхонгор аймаг/

63 кг

1.Төмөрхуягийн Тэргэл /БТСДуС/

2.Хүрэлбаатарын Шинэбилэг /Төв аймаг/

3.Батчулууны Баасанням /”Женко” клуб/

3.Баярсайханы Батзориг /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

76 кг

1.Ванг Киа Гианг /БНХАУ/

2.Баярсайханы Билгүүн /БТСДуС/

3.Чимидийн Алтангэрэл /Баянхонгор аймаг/

3.Энхтөрийн Хүслэн /Сэлэнгэ аймаг/

100 кг

1.Мөнхбатын Жамсрандорж /Төв аймаг/

2.Батжаргалын Лхагвадорж /Өвөрхангай аймаг/

3.Буянтогтохын Ганзолбоо /”Ганьт” клуб/

3.Элбэгийн Батсуурь /Баянгол дүүрэг, “Их шавь” дэвжээ, 73 дугаар сургууль/

Охид

38 кг

1.Бааваржангийн Бямбасүрэн /Налайх дүүрэг/

2.Түмэнбаярын Цээням /Баянхонгор аймаг/

3.Баттөмөрийн Орхон /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

3.Батсүхийн Оюунгэрэл /Ховд аймаг/

43 кг

1.Өлзийсайханы Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг/

2.Азиза Леспекова /Казахстан/

3.Байгалмаагийн Мөнхтуул /Чингэлтэй дүүрэг/

49 кг

1.Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо/

2.Нандинцэцэгийн Анударь /Чингэлтэй дүүрэг/

3.Балжиннямын Зулаа /Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс” клуб/

3.Сүхбатын Хонгорзул /Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс” клуб/

56 кг

1.Гүндсамбуугийн Энхсувд /Налайх дүүрэг/

2.Батчулууны Содбилэг/Булган аймаг/

3.Алтангэрэлийн Мөнхнаран /Баянхонгор/

3.Екатерина Фирстова /Казахстан/

65 кг

1.Энх-Амарын Даваанасан /Чингэлтэй дүүрэг/

2.Ганбаатарын Пүрэвцэцэг /БТСДуС/

3.Энхсайханы Дэлгэрмаа /Өвөрхангай аймаг/

3.Төмөрбаатарын Оюунчимэг /”Ганьт” клуб/

Categories
мэдээ спорт

Т.Санчир Филиппиний багтай гэрээгээ цуцаллаа

Монголын Сагсан бөмбгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппиний “Гинебра Сан Мигель” багтай гэрээ байгуулж, тус улсын лигт тоглож эхлээд байсан. Гэвч тэрээр саяхан хоёр талын тохиролцоогоор гэрээгээ цуцалсан байна. Ингэснээр тэрээр удахгүй эх орондоо ирэхээр болжээ.

Т.Санчир энэ талаар өөрийн фэйсбүүк хуудастаа “Ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад, өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал дээр асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг хэлтэй болохоор. Дэмжсэн бүх хүмүүстэй болон Bold Maagii-даа баярлалаа. Их туршлага боллоо” гэж бичжээ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн Азийн оюутны АШТ болно

Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурал Улаанбаатар хотноо 2015 оны 05 дугаар сарын 22-25-ний өдрүүдэд Цэцэг зочид буудлын цогцолборт амжилттай явагдаж 15 орны 33 төлөөлөгчид гадаадын орнуудаас хүрэлцэн ирж оролцлоо. Хурлын үеэр 2016 онд болох Азийн оюутны аварга шалагруулах тэмцээнүүдийн эрхийг олгох танилцуулга, зохион байгуулах хүсэлт, саналыг авч хэлэлцлээ. Манай улс 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээний эрхийг авахаар ЭМСЯам, МҮСБХолбоо, МОСХ-ноос саналаа гаргасан юм. Мөн Хятадын Тайвань энэ төрлийн тэмцээнийг авахаар манай улстай хамт өрсөлдөв.

Тэмцээний танилцуулгыг МОСХ, МҮСБХ-ны 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хийж, Хятадын Тайваны талаас 5 төлөөлөгч тэмцээний талаар Гүйцэтгэх хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн. Үүний дараа, санал хураахын өмнө АОСХ-ны ГХ-нд тухайн улсаас сонгогдон ажиллаж байгаа хүмүүс нэмэлт мэдээлэл хийв. Санал өгөх албан ёсны эрхтэй 9 гишүүн санал өгөхөд Монгол улсын саналыг 6 гишүүн дэмжиж, Хятадын Тайваны тал 3 санал авснаар Монгол улс энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч, зохион байгуулах эрхтэй болж чадлаа.

Энэхүү хурлын дараа АОСХ-ны ГХ-ны хуралд оролцсон төлөөлөгчид Хандгайт дахь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ спорт цогцолборт зочлон үйл ажиллагаатай нь танилцан, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй уулзан, Монголын талаас хүндэт зочидод оройн зоог барилаа. Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 23-30-нд зохион байгуулагдах юм. Тэмцээний урьдчилсан тоглолтууд Хандгайт дахь “Олимп” спорт цогцолбор, Буянт –ухаа спорт ордонд болж хагас, шигшээ тоглолтууд Буян-Ухаа дах спортын ордонд явагдахаар төлөвлөгдөж байна. Тэмцээний эрхийг авахад Монгол улсын Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба болон ЭМСЯамнаас дэмжлэг үзүүлжээ. Энэхүү тэмцээнд Монголын оюутан сагсан бөмбөгчид 2006 онд анх орж байсан бол 2010, 2012 оны тэмцээнүүдээс 2 удаа хүрэл медаль хүртэн, 2014 онд шагналт 5 дугаар байранд шалгарч байв. Тэмцээнийг 2016 онд өөрийн эх орондоо зохион байгуулсанаар өмнөх амжилтаа ахиулж, аваргын алтан медалын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой гэж МОСХолбоо, МҮСБХолбооноос үзэж байгаа юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Орос, Англи хэлний шалгалтад сонсох дасгалыг туршилтаар оруулна

shalgalt

Боловсролын үнэлгээний төвийн мдэээлснээр ЭЕШ-ыг ирэх сарын 18-ны өдөр авч эхлэхээр хуваарь гарсан байна. Энэ онд нийт 20450 шалгуулагч орохоор бүртгүүлээд байгаа аж.

Түүнчлэн ЭЕШ-ын журам дээр монгол хэл бичгийн шалгалттай холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Үүнд:

-Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 09:00 цагт эхэлж, 2015 оны гуравдугаар сарын 09-ний 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.

-Энэ онд 12 дугаар анги төгсөж буй шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийнэ.

-Өмнөх оны шалгуулагчид заавал онлайнаар Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлд хамрагдана.

-Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авна.

-Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400-гаас доош оноо авсан шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж болно. (Дахин шалгалтанд 400-гаас дээш оноо авсан буюу эхний шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид орох боломжгүй)

-Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 болсон.

-ЭЕШ-д орохдоо авчирдаг байсан материал дээр МХБ-н шалгалтад тэнцэж ЭЕШ өгөх эрхтэй боллоо гэсэн эрхийн бичиг нэмэгдсэн зэрэг аж.

Мөн орос хэл, англи хэлний хичээлүүдэд туршилтын шугамаар сурагчдын сонсоод ойлгох чадварыг шалгасан даалгавруудыг оруулж өгөх юм. Гэхдээ энэ нь шалгуулагчдын үндсэн дүн оноонд энэ жилийн хувьд нөлөөлөхгүй гэнэ.

Бүртгүүлэгчид www.eec.mn д нэвтэрч журмыг дэлгэрэнгүй байдлаар үзэж болно.

ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2015 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn веб сайтад байршуулан нийтэд зарлах аж. Харин шалгуулагчдын батламж хуудсыг 7 сарын 5-аас өмнө тарааж дуусгах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алдарт эхчүүдэд одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав.

“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Борхүүгийн Нина, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Махбалын Байгаль, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Затияны Бахатгуль, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Борисын Ундраа нарыг,

“Алдарт эх” хоёрдугаар одонгоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Дөрвөнжингийн Саруулбаясах, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Бавуудоржийн Ариунтунгалаг, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Даваажавын Сандуйжав, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Төмөрбаатарын Оюунханд, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн Хуваагийн Батцэцэг, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Нямсүрэнгийн Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн Даваасамбуугийн Эрдэнэтуяа, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн Зандангийн Мягмарзаяа, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Жадамбын Булгансайхан, Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Энхтайваны Мөнхзаяа, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн Мөнхцогтын Дэлгэрсайхан, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ганхуягийн Гүррагчаа, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Долгорсүрэнгийн Цэнджав, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Амангельдийн Туул, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Нямцэрэнгийн Эрдэнэбилэг, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн Жавзандуламын Солонго, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Эрдэнэбатын Хишигсайхан нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Алдарт эх” одон гардуулж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ээжүүд ээ,

Эхийн алдар одонгоо гардан авсан хүндэт ээжүүд Та бүхэнд болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэж буй ээжүүд, хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилье.

Монголчууд улам олуулаа болох бэлгэ ерөөл биелэн оршиж, бид 2015 онд өсөн нэмэгдэх ховор заяанд төрсөн гурван сая дахь иргэнээ угтан авлаа. Энэ бол манай түүхэнд тохиосон тэмдэглэлт үйл явдал болсон билээ. Эх орон, эрх чөлөөний эзэд болж төрсөн хөвүүд, охид маань эрдэм ухаан төгс, зориг золбоо төгөлдөр сайн хүн болж, Монголын нэрийг даянд дуурсгана гэдэгт итгэж байна.

Монголын бахархалт түүх, уламжлал, хөгжил дэвшил бүхэн монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн оюун билиг, эрдэм ухаан, хичээл зүтгэл, оролцоо санаачилгатай салшгүй холбоотой юм. Монгол бүсгүйчүүд эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байна.

Эхийн хайранд эх дэлхий амгалан оршдог. Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл, сургааль билиг бол монгол хүн бүрийн ямагт санаж явах учиртай судар юм. Бид ээжүүд, хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө улам их хичээж ажиллах болно. Монгол хүүхэд бүр инээж, аз жаргалтай өсөн өндийх ёстой.

Шагнал гардаж авсан ээжүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болох болтугай” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр”-ийг ирэх бямба гарагт тэмдэглэнэ

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжин “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Автомашингүй өдөр“ ирэх зургаадугаар сарын 6-нд тохиох юм.

Энэ үеэр нийслэлийн хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг 07.00-19.00 цагт хязгаарлах гэнэ. Дашрамд, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах юм байна.

Мөн энэ өдөр нийслэлийн иргэдийг авто машинаасаа татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчихыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ улаанбурхан өвчнөөс яаж хамгаалах вэ?

ulaanburhan

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж, иргэд олон хүн цугласан газар хүүхдээ дагуулж явахаар бол дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Улаанбурхан өвчин бол амьсгалын замын халдварт өвчин учраас саяхан вакцин хийлгэсэн хүүхдүүдийн хувьд дархлаа хараахан тогтож, хамгаалах болоогүй. Өвчлөл өндөр байгаа энэ үед өвчнийхөө нууц үед байгаа хүүхэд явж таарвал бусад эрүүл хүүхдэд халдварлах эрсдэл өндөр байна.

– Хүүхэддээ “А” амин дэм уулгах, “А” амин дэм бүхий хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

– Илчлэг сайтай хоол хүнс идүүлж, дархлааг дэмжих

– Олон хүнтэй газраар явахдаа амны хаалт хэрэглэх

– Хүүхэд тань вакцин хийлгээгүй бол вирус амархан хүртэх учир гадуур дагуулан явахгүй байх

– Дотор газар, бөхчим, олон хүн амьсгалсан агаартай газруудаар хүүхдээ дагуулж явахаас зайлсхийх

Юуны өмнө та Улаанбурхан өвчний талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас эхний гурван сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100 хувь насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90 хувьд нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.

Илрэх шинж тэмдэг:

Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд эхний буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.

Хүүхдийн нүүр хөөнгөдүү, хамар уруулын салст, зовхи хавагнасан байдаг.

Өвчний нэг дэх хоногийн сүүл, 2 дахь хоногт БФК –ийн толбо буюу өвчний өвөрмөц тууралт гарна. Эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст зэрэгт гардаг. Энэ тууралтын онцлог нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй, өөр ямарч өвчний үед илэрдэггүй. Үүний дараа хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гарна.

Эхлэл үе дунджаар 3-4 хоног үргэлжилж, төгсгөлд нь халуун хэвийн болдог. 5 дахь өдрөөс халуун улам өндөрсөж улайралтын үе даамжирч арьсаар тууралт гарч, тууралтын үе эхэлдэг. Энэ тууралт нь том толбо-гүвдрүүт, тод улаан өнгөтэй, хоорондоо нийлсэн, барсгар, харин арьсны суурь хэвийн өнгөтэй байдгаас хүүхдийн арьс улаан цоохор харагддаг. Бага зэрэг загатнана. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, 2 дахь өдрөөс их биеээр, 3 дахь өдрөөс мөчдөөр гардаг. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.

Бусад эрхтэн тогтолцооны зүгээс илрэх шинжүүд:

– Эрүүн доорхи, хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно

– Ховор тохиолдолд элэг дэлүү томроно

– Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерийн даралт ялимгүй ихэснэ

– Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно

– Үрэвсэл гуурсан хооолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс өрчлөлт илэрнэ

– Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах, хэвлий зөөлөн, дүүрэнг, эмзэглэлтэй болно

Өвчний ангилал:

-Хөнгөрүүлсэн улаан бурхан: урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана. Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй , цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.

-Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл). 30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурханыхаас өөр. Хүндрэл маш их тохиолдоно.

-Насанд хүрэгчдийн улаан бурхан: хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй. Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг. Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг.

Хэрвээ шинж тэмдэг илэрсэн бол:

-Өвчтөнг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.

-Хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна. Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.

-Товлолын дагуу 8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.

Анхааруулга:

Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой. Мөн www.nccd.gov.mn www.ubhealth.mn сайтуудаас мэдээлэл авах боломжтой.