Categories
мэдээ нийгэм

Хөөрдөг бөмбөлөг ихээр худалдаалж байна

Урд хөршид үйлдвэрлэгдсэн хөөрдөг бөмбөлөг халуунд тэсвэр муутай, дэлбэрэх аюултай тул худалдаж авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлсэн. Мөн Хүүхдийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас хөөрдөг бөмбөлөг худалдаж авахгүй байхыг анхааруулж байгаа юм. Гэвч Чингисийн талбай болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэхүү хөөрдөг бөмбөлөгийг ихээр худалдаалж байна. Тиймээс эцэг эхчүүдэд хөөрдөг бөмбөлөг худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын бяцхан үрс Чингэсийн талбайд баяраа тэмдэглэлээ

Зургадугаар сарын нэгний энэ өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Монголын ирээдүй болсон бяцхан үрсэд зориулсан нэгдсэн арга хэмжээг Чингэсийн талбайд зохион байгууллаа. Төв талбайд өнөөдөр 1500 хүүхдийн урлагийн тоглолт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад албаныхан оролцож Монголын нийт хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээний үеэр жил бүр нийслэлээс зохион байгуулдаг Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын шилдэг хүүхдүүдийн урлагийн тоглолтоор нийслэл төдийгүй Монголынхоо хүүхэд багачуудыг баярлуулахаар болсон билээ. Их эзэн Чингис хааны талбайг хүүхдүүддээ зориулан чимэглэсэн бөгөөд 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулж, өртөө бүрд төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Мөн нэгдсэн арга хэмжээнээс гадна дүүрэг бүрт, Хүй долоо худаг дахь “Монгол наадам” цогцолборт хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулав. Ингээд манай сонины гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнгийн бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгааны хязгаарлалт хийнэ

Баянзүрх

10.00-17.00

20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэрүүд, иргэн Баянмөнх, Рендер, Улаанбаатар буян, Гачууртын төв, Хуандай, Шар хоолойн ам

11.00-17.30

28-р хороо Хужирбулангийн 5-6, 36, 38, 40-46, 11-83-р гудамж, эцэс орчимд

12.00-16.30

3-р хороо 12-р хороолол 47, 58-р байр, СЭЗДС, СЭЗДС-ийн орон сууцны барилга, ХХААЯ, УСУГ, Шашны сургалтын төв болон ойр орчимд

Сүхбаатар

10.00-17.00

15-17, 19-р хороо Дамбадаржаа, Ар хустайн чиглэлд

10.30-17.00

19-р хороо Гүнт, Гоодой, Жигжид зуслангийн чиглэлд

Чингэлтэй

10.00-17.00

19-р хороо Салхитын зуслан чиглэлд

Баянгол

11.00-15.00

6-р хороо Улсын 3-р төв эмнэлгийн зарим хэсэгт

Хан-Уул

10.30-18.00

11-р хороо Зайсан цогцолбор, 35-р цэцэрлэг, 32-р сургууль, МУ-ын Үндсэн хуулийн цэц, МААЭШХ орон сууц, ХАА-н техникийн корпораци, Бөхбат, Цас констракшн, Модун ХХК-ууд, 11-р хорооны цагдаагийн хэсэг, Эмнэлэг, ХААИС-ийн оюутны 3, 4-р байр, Бошингийн ам болон ойр орчимд

Сонгино хайрхан

10.30-11.00

7-р хороо 11-18-р гудамж болон ойр орчимд

10.30-18.00

32, 22, 29, 7-р хороо Баруун турууны 2, 4, 5, 6, 8, 12, 13-р гудамж, Мандалын 4, Баянхошууны 9, 10-р гудамж, ЭХТТБУТ-ын аж ахуй болон ойр орчимд

Налайх

10.00-18.00

2-р хороо Шинэ үе цэцэрлэг, 10-15-р байр, Шижир зул дэлгүүр, Хаан банк, Прокурор, Цогтүвшин дэлгүүр, Худалдан авах үйл ажиллагааны газар, Хангамж үйлчилгээний хэлтэс болон ойр орчимд

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн хариуцлагатай жижүүрүүд маргааш өглөө хүртэл ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2015 оны 06 сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллаж байна.

Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 2015 оны 06 дугаар 01-ний өдрийн оройн 19.00 цагт, 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цагт мэдээ өгөхийг Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгасан байна.

Мөн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авч, ажилчдын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах, Түргэн тусламжийн төв, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламжинд гарч ажиллах эмч, автомашины бэлэн байдлыг хангаж, шаардлага гарсан үед нөөцтэй байх, эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ёс зүй, харьцаа хандлагын доголдолгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэхийг үүрэг болгожээ.

Өнөөдөр буюу 06 сарын 01-ний өдөр Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 10-16 цагийн хооронд ажиллуулах, хоолны хордлого, халдварын үед авах сорьц шинжлэгдэхүүний бэлэн байдлыг ханган мэдээ, мэдээллийг зохих журмын дагуу шуурхай мэдээлж, хяналт тавьж амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүрт гарч ажилласан хүмүүсийг хууль тогтоомжийн дагуу биеэр амруулахыг харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Монголын кино урлагийн алтан үеийнхэнтэй дэлгэцэнд хамт мөнхөрсөндөө бахархдаг

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганхуягтай ярилцсанаа хүргэе.

Та дуурийн нэртэй дуучдын нэг. Мөн бага балчир насаа дэлгэцэнд мөнхөлсөн азтай хүмүүсийн нэг. “Тунгалаг Тамир” киноны сэлэм гялс, толгой бөндгөс гээд ярьдаг хэсэг санаанаас гардаггүй юм?

-Ерөөсөө багын л кино зохиол ярьдаг адтай хүүхэд байлаа. Юмыг ургуулж, хүч оруулж, дүрсжүүлж ярихдаа гаргуун. Цэцэрлэгт байхад хүртэл манайхан өдрийн хоолоо идчихээд намайг той­роод суучихна. Кино яриулах гээд. “Тунгалаг Тамир” кино­ны тэр дүр хүмүүст бас их хүрсэн байдаг. Гэхдээ би чинь хэд хэдэн кинонд дүр бүтээсэн шүү дээ.Анхны кино маань “Толбот хивс” юм. Ч.Нацагдорж гэж олон мундаг өгүүллэг бичсэн зохиолчийн зохиол, Бадрахын Сумхүү гуайн найруулсан кино л доо. 1961 онд сургуульд орохын­хоо өмнөх жил тухайн кинонд тоглож байлаа.

Дараа нь 1970 онд “Улаан дарцаг”-т тоглосон юм. Өмнө нь кинонд дүр бүтээсэн болохоор кино театрынхан 23 дугаар сургуульд хүрч ирээд намайг шууд авсан. Миний бие наймдугаар ангид байлаа. Ингээд л Идэрийн дүрд тоглосон доо. Гол дүрийн нэг болох Батад тоглосон Ганбаатарыг нэгдүгээр сур­гуу­лиас шалгаруулж авсан байдаг. Манай Ганбаатар чинь матема­тикийн олимпиадын улсын аварга болж мундаг сурагч байлаа шүү дээ. Нэг хэсэг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан.

-“Улаан дарцаг”-ийн зураг авалтыг хаана авч байсан бэ?

-Латиф нартай хөөцөлддөг хэсгийг Горхийн амралтад авч байв. Харин сүмтэй суурин хэсгийн зургийг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд авч байлаа. 1971 онд “Тунгалаг Тамир” кинонд тоглосон. Дараа жил нь “Тэмцэл” кинонд гутал худалдаж авдаг ардын хоршооны Аюушийн дүрд тогло­сон юм. Ингээд 1975 онд Хөгжим бүжгийн сургуулийн гуравдугаар ангийн оюутан байхдаа “Мартагдашгүй намар” кино­ны Ганзоригийн дүрийг бүтээсэн. Энэ мэт­чилэн арван тав, зургаан кинонд тогложээ. Хамгийн сүүлд гэхэд “Төрийн дайсан” кинонд Үйлдвэр худалдааны яамны сайд Түвшингийн дүрийг бүтээгээд байна.

Анх кинонд тоглоод ямар урамшуулал хүртэж байв?

-“Толбот хивс” кинонд тоглосны дараа урамшуулал болгож 50 төгрөг өгч байлаа. Харамсалтай нь Бат-Очир гэж туслах найруулагч маань өгнө гэж хэлээд өгөөгүй. Өвөг эцэг маань тэр хүнийг “50 цаасны хар” гэдэг байсан. Бодоход, надад өгөх мөн­гийг халаасалсанд нь дургүйл­хэхдээ тэгж дууддаг байсан болов уу. “Улаан дарцаг”-т тоглосны дараа 200 төгрөг өгч байсан. Тухайн үедээ багагүй мөнгө л дөө. Нэг зүйлийг бардам хэлэхэд, Мон­голын кино урлагийн алтан үеийн жүжигчидтэй хамт бага балчир нас минь дэлгэцэнд мөнхөрчээ. Энэ бол маш том бахархал. 1972 онд аравдугаар ангиа төгсөхдөө тааруухан төгсөж байлаа. Надад цэргийн сургуулийн хуваарь ирлээ. Ээж “Миний хүү цэргийн хүн болохгүй” гээд Их сургуулийн монгол хэлний ангид шалгалт өгүүлдэг юм. Монгол хэл, түүх, математикаар өглөө. Хэлзүй, түүхийн шалгалтыг даваад гарлаа. Тоон дээр яалт ч үгүй л уналаа даа.

Олон кинонд дүр бүтээ­сэн хүний хувьд кино урла­гийн чиглэлээр суралцаж болоогүй хэрэг үү?

-Кино үйлдвэр намайг авна гэж хэлсэн юм аа. Би жүжигчнээр л орно гэж бодож явлаа. Тухайн цагт кино үйлдвэрийн жүжигчин болно гэдэг хэн хүнд олдомгүй хувь заяа байлаа. Яг авах болтол “Гэрэлтүүлэгчээр авна” гэдэг юм.

Ингээд ороогүй. Хөдөө ээжийнхээ ах дүү нар дээр очлоо. Үндсэндээ малчин боллоо. Гэтэл ээж яриад миний хүү яаравчлан ирэхгүй бол болохгүй нь гэсэн. Тэг­­тэл хөгжмийн зохиолч Лувсан­шарав гуайн хүүхэд Даваахүү багш хөгжмийн сургууль нээж байсан юм билээ. Хөгжим бүжгийн сургууль. Одооны СУИС-ийн хөгжмийн суурь тэгж тавигдаж байгаа юм. Ядахад тэр жил Багшийн сургуулийн кино драмын анги элсэлт авалгүй өнжсөн юм. Ингээд кино үйлдвэр ч үгүй. Кино драм ч үгүй боллоо. Хөгжим бүжгийн сургуульд ороод Ц.Пүрэвдорж гэж лут хүн дээр анх очиж байлаа. Өөрийнхөө ямар хоолойтойг ч мэдэхгүй. Басс, баритони гэдэг үгийг ч дуулаагүй. Гэрэлт-Од гэж дуучныг дууг дуулна. Тухайн үед Гэрэлт-Од ид мандаж байв.

“Залуу найз аа замд гаръя

Заавал тийшээ хамт явъя…” гээд авч өгдөг байв. Хүүхдүүдийг ямар хоолойтой вэ гэж асууж байна гэнэ. Тэгэхээр нь би “Гэрэлт-Од чинь ямар хоолойтой юм бэ” гэж бусдаасаа асуулаа. Нэг нь “бортоон” л гэж байна. Би цээжилчихлээ. Шалгалтынхан дээр очоод ямар хоолойтой вэ гэхээр нь бортоон л гээд аваад хаячихав. Тэгтэл Пүрэв­­дорж багш дээр оч гэдэг юм. Багштайгаа гурван сар хичээллэсний дараа багш “Ганхуяг аа, миний хүүгийн хоолой тенор юм байна шүү дээ” гэж билээ. Хөгжим бүжгийн сургуулийг дүүргээд Уралын хөгжмийн дээд сур­гуульд явсан, Дуурийн теат­рын гоцлооч болсон урла­гийн зам мөрийнхөө тухай яривал бас л урт хугацаа шаардана даа.

Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Ганболд гэж хүний тухай?

-Ээжтэй минь хэзээ хойно ханилсан ч гэсэн тэр хүнийг би аав аа гэж дууддаг, аав шигээ дээд зэргээр хүндэтгэдэг байлаа. Энэ хорвоо ертөнц дээр сайхан хүмүүс төрдгийн нэгэн баталгаа бол аав минь байсан даа. Үнэхээр хүний хайлан болсон хүн байлаа. Тэр хүнийг аав аа гэж дуудахад хамаг биеэр минь хайр лугших шиг болдог байж билээ. Аавыг өнгөрсний дараа ээжийн нэг хэлсэн айхтар үг байдаг. “Би өөрийгөө их олон түмэнтэй хүн. Манайхаар ирж байгаа хүмүүс намайг л гэж ирж байна даа гэж боддог байв. Гэвч үгүй байж. Миний ханийг хүндэтгэж ирдэг байж” гэж. Нээрээ л тийм байсан. Тэр хүний кино урлагт үлдээсэн хэдэн сайхан дүр байдаг даа. Ялангуяа “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Гэлэг хошууч байна. Мөн Сувдаатай хамт тоглосон “Анхны хайрын дууль“ байна. Би киног нь үзэж чаддаггүй юм. Харахаар хоёр нүдний нулимс сул асгараад байдаг юм.

Таныг ардын уран зохиолч Шагдарын Дулмаа­гийн хүү гэдгийг манай­хан мэдэх болов уу. Ээжийн­хээ тухай ярихгүй юу?

-Тийм ээ, ээжийг маань Монголын утга зохиолын нэртэй төлөөлөгч гэдгийг манайхан мэднэ дээ. “Хүүгийн эцэгт бичсэн захидал” найраглал, “Амьдрал хайр дээр тогтдог” гээд олон сайхан дуу, зохиол бүтээлийг нь уншдаг, биширдэг. Харин миний хувьд бол энэ хүн хамгийн дотнын халамжит ижий, амьд бурхан минь юм. Биднийг өсгөх гэж амьдралын хатуу ширүүнийг мөн чиг туул­сан даа. Манайхны хэлдгээр, гадаа гарч эр, гэрт орж эм болж явлаа. Надад ганцхан үг л аминчилж хэлдэг байв. Эдээр биеэр чимэхээр эрдэнээр биеэ чим гэж хэлнэ. Өвөг эцэг, эмэг эх хоёр маань өнгөрөөд л би айл гэр толгойлоод эхэлсэн. Тухайн үед гуравдугаар ангид л байжээ.

Танайхаар зохиолчид их ирдэг байсан биз?

-Тэгэлгүй яахав. “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуай, өнөө л агуу Ч.Чимид, Ц.Гайтав, Базарын Цэдэндамбаа гуай байна. Мөн Б.Явуухулан гуай ирнэ. Ээжийн багш нь. Тэрхүү дорнын их Явуугийн дугуйланд Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Шагдарсүрэн, П.Пүрэвсүрэн, Ш.Цогт гээд дэндүү авьяаслаг найрагчид явдаг байлаа. Тэд чинь бүгдээрээ л манайд ирнэ. Р.Чойном, Намжимын Очирбат гээд манай босгоор алхаагүй найрагчид ховор оо. Хоол унд хийж идээд л, үймж бужигнан шүлэг зохиолоо уншицгаагаад л. Ямар сайхан байсан гэж санана. Би чинь өөрийгөө бурхдын дунд өссөн хүүхэд гэж хэлэх дуртай даа.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Хотын төвд явуулын худалдаа “цэцэглэлээ”

Жил бүрийн хүүхдийн баяраар Чингисийн талбайд явуулан худалдаа нүүн ирж Нарантуул захыг санагдуулам дүрх төрхтэй болдог билээ. Тэгвэл энэ жилийн Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээнд зөвхөн зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгж хүүхэл багачуудад хүнс, бараагаар тусгай асарт үйлчилсэн юм. Харин явуулын худалдааг Чингисийн талбай руу нэвтрүүлээгүй учраас төв зам даган ийнхүү цэцэглэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зорилго, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шамдан суралцахыг Ерөнхий сайд хүслээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хүүхдийн баяр” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд болж, нийслэлийн зарим сургуулийн сурагчид урлагийн шилдэг үзүүлбэрээ найз нөхөд, дүү нартаа толилуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын нэгдсэн арга хэмжээнд оролцож, хүүхэд багачууддаа баяр хүргэж, үг хэлэхдээ “Хүүхдүүд та бүхэн минь том болоод ямар ч ажил, мэргэжилтэй болж болно. Хамгийн чухал нь сайн хүн болж өсөөрэй” гэлээ.

Агуу хүн Бенжамин Франклин амьдралдаа хийж бүтээх зүйлийнхээ жагсаалтыг бичиж, энэ бүгдийг хийж бүтээхэд 130 жил шаардлагатай гэсэн тооцоог хүүхэд байхдаа гаргаж байжээ. Гэсэн ч тэрээр жагсаалтад бичсэн ажлаа 65 жилд амжуулсан юм. Бенжамин Франклин шиг хүүхэд бүр хийж бүтээх ажил, зорилго, мөрөөдлөө бичиж тэмдэглэн, түүндээ хүрэхийн төлөө, хийж бүтээхийн төлөө шамдан суралцаарай гэж Ерөнхий сайд захилаа.

Мөн “Хүүхдийн баяр бол хамгийн сайхан баяр. Өнөөдөр хүүхэд бүр баярлаж, инээж хөөрч байна. Хүүхдүүд та нар минь өдөр бүр ийм баяр баясгалантай байгаарай” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Бяцхан дуучин анхны цомгоо өлгийдөн авлаа

Хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх гол хөшүүрэг нь сургууль цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүд байдаг. Эцэг эх нь хүүхдийнхээ ямар сонирхолтой, юу хүсэж мөрөөддөгийг үргэлж сонсдог хүүхдүүд ирээдүйд илүү их амжилт гаргах боломж өндөр байдаг байна. Тухайлбал зарим хүүхдүүд том болоод эмч, багш, цагдаа зэрэг мэргэжилтэй болно гэж ярьдаг. Харин М.Гэрэлтэх охины хувьд ирээдүйд алдартай дуучин болохыг хүсдэг юм. Тэрээр өнөөдөр тохиож буй Хүүхдийн баярын өдрөөрөө мөрөөдлөө нэг алхмаар урагшлуулж анхныхаа цомгоо өлгийдөн авлаа.

М.Гэрэлтэх охин 6 настай. Тэрээр Чингэлтэй дүүргийн 4-р цэцэрлэгт суралцдаг. Түүний мөрөөдөл бол монголын болоод дэлхийн хамгийн алдартай дуучин болох. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд өдөр бүр тогтмол дууны бэлтгэл хийж тэмцээн уралдаанд өөрийгөө бэлтгэдэг байна. Өнөөдөр түүний баярын өдөр, баярын өдрөөрөө тэрбээр анхны цомогоо өлгийдөн авсан нь түүний хувьд хамгийн том бэлэг байлаа гэсэн юм.

М.Гэрэлтэхийн анхны цомог байгал дэлхий, цэцэг навч, уул ус, ан амьтдыг хайрлан дуулсан дуунуудаас бүрджээ. Цомгийнхоо дуунуудын үгийг монгол болон босоо монгол бичигээр гаргасан нь онцлог байлаа. Мөн тэрээр өнгөрсөн жил “Бяцхан мисс” тэмцээнд оролцож тэргүүн байрыг эзэлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийн хөгжилтэй бичлэг

Categories
мэдээ нийгэм

Таны хүүхдийн зурхай

Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг өндөр хариуцлага байдаг. Таны хүүхэд ямар зурхайн ордонд төрснөөр зан ааш, давуу талыг нь тодорхойлж ямар амжилт үзүүлэх боломжтойг таамаглах боломжтой. Жишээлбэл, эрх чөлөөг эрхэмлэдэг хумхын ордны хүүхдүүд бусдаар заалгах, үг сонсох тун дургүй байдаг. Тэд эцэг эхийнхээ сургааль, номлолыг “үглэх” хэмээн хүлээж авах талтай.

Хонь: Энэ ордны хүүхдүүд ерөнхийдөө тайван, дуу цөөтэй байдаг. Гэхдээ тэдний дундаас уран илтгэгч тодрох нь ч бий. Тэдэнд эцэг, эхийн анхаарал халамж онцгой шаардлагатай. Зарим нэг нь хэтэрхий сэргэлэн хөдөлгөөнтэйгөөс хэрэг төвөгт орж, бэртэж гэмтэх гээд байдаг. Ийм хүүхэддээ эцэг эхчүүд байнга анхаарал хандуулж, хаана, юу хийж явааг нь тандаж байхад гэмгүй. Эцэгтэйгээ илүү ойр байх бөгөөд эршүүд талдаа. Энэ ордны хүүхдүүд хоол голох хандлагатай. Заримдаа тэд ганцаараа тоглохыг илүүд үзэх бөгөөд бусадтай хамт тоглохыг хүчлэвэл дургүйцдэг. Оюуныг сорьсон тоглоомонд илүү сонирхолтой байдаг. Мөн бусдыг удирдаж, чиглүүлэх дуртай байдаг тул боссын дүрд орж тоглох нь элбэг.

Үхэр: Сайхан сэтгэлтэй, аядуу зөөлөн зан чанартай байдаг. Гэхдээ тэд зодооны урлагт дурладаг. Тэдэнд боксийн бээлий авч өгвөл маш их баярлана. Өөрийгөө сорьж, өрсөлдөх дуртай байдаг. Өдрийн ихэнхи цагийг гадаа тоглож өнгөрөөнө. Хөгжмийн авъяасыг нь багаас нь дэмжвэл амжилтанд хүрч чадна. Дуу дуулах дуртай бөгөөд уянгалаг хоолойтой байдаг. Сайхан хувцаслах их дуртай, биедээ арчаатай. Тэд эцэг эхийнхээ анхаарлыг татахын тулд юу ч хийж мэднэ. Хүүхэддээ ярихаасаа өмнө сайн бодож байхыг сургах хэрэгтэй. Түүнчлэн зөрүүд зан гаргавал өөрөө уурлахгүйгээр аргадаж сурах хэрэгтэй.

Хамтатгах: Ухаантай, авъяаслаг хүүхдүүд байдаг. Тэд бусад хүүхдүүдээс төрүүлж хэлд орж, түрүүлж уншиж сурдаг. Тэр гэр бүлдээ баяр хөөр, дуу хуур авчирдаг. Тэр үргэлж бусдыг хөгжөөж, элдвийн хошин зүйл ярьж явдаг. Тэд маш олон найз, нөхөдтэй байдаг. Гадаад хэлийг маш хурдан төрөлх хэл шигээ сурчихна. Үүнээс гадна техникийн авъяасыг нь та гайхах болно. Компьютер, гар утас зэрэг орчин үеийн технологийг тэр хялбархан эзэмшинэ. Гэхдээ компьютер тоглоомонд донтож магадгүй. Төрөлхийн сониуч зангийнхаа улмаас бүх зүйлд хүрж үзэхийг оролддог. Та түүний эцэс төгсгөлгүй “яагаад” гэсэн асуултанд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Мэлхий: Энэ ордны хүүхдүүд ээжтэйгээ ойр дотно байдаг. Тэдний амнаас “ээж” гэдэг үг сална гэж байхгүй. Тэд үргэлж авч байгаагаасаа илүү хайр халамж хүсч байдаг. Ааштай, бусад хүүхдээс илүү уйланхай байх магадлалтай. Эмзэг, мэдрэмтгий тул таагүй нөхцөл байдалд хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ. Гэр бүлээс гадна танихгүй хүмүүсийн хажууд ичимхий болж хувирдаг. Тэд сайхан хувцаслах үнэхээр дуртай. Хүүхэлдэй, гэрийн тэжээвэр амьтдад тэр яг л ээж шиг нь халамжтай хандана. Гал тогооны ажилд тусалж, хоол хийх дуртай байдаг. Зургийн авъяасыг нь илрүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Тэдэнд өөрийнхөө өрөөг чимэглэх, хувцас хунараа янзлахыг даалгавал маш сайн хийнэ. Хүүхдээ загнаж, хэрэлдэхээс татгалзаж, эелдэгээр ярьж ойлгуулах хэрэгтэй. Бусад хүүхдүүдтэй дотносох цаг өгч, хүчлэх хэрэггүй.

Арслан: Нөхөрсөг, нийтэч арслангийн ордны хүүхдүүд голдуу аз жаргалтайгаар инээмсэглэж явдаг. Тэд тайван байдалд дуртай. Тэдэнд хурц тод өнгөнд татагддаг. Бүх төрлийн тоглоомонд дуртай. Гэвч хэтэрхий чимээ шуугиантай тоглоом тэднийг стресст оруулж магадгүй. Эрч хүчтэй үед нь тэднийг унтуулахад маш хэцүү байх болно. Тиймээс оройн цагаар сэтгэлийг нь хэт хөөргөсөн тоглоомоос татгалзаарай. Тэд өөрийгөө зугаацуулахдаа гаргууд. Хариуцлагатай, амьтанд хайртай, зөөлөн хүүхдүүд байх болно. Аялал, адал явдалд дурладаг. Тэднийг ялахын төлөө хүчлэх хэрэггүй. Харин амьдралд ялалт биш ялалтанд яаж хүрэх нь чухал гэдгийг заах хэрэгтэй.

Охин: Тэд юунд дуртай, юунд дургүйгээ сайн мэддэг. Аливааг тогтсон дүрэм журмын дагуу товлосон цагт хийж гүйцэтгэхдээ гаргуун. Тэд элдэв гаж хэв маяггүй, чанга дуу чимээгүй орчинд дуртай. Ном, эвлүүлдэг тоглоом авч өгөх хэрэгтэй. Эргэн тойрныхноосоо үлгэр дуурайлал авдаг тул хүүхдийнхээ хажууд хамгийн сайнаараа байх хэрэгтэй. Тэд бусдад туслах дуртай, тусархуу хүүхдүүд. Найз нөхөд олон байх тусам өөрийгөө нээхэд нь тустай. Гэр бүлдээ захирангуй, шүүмжлэгч хандлага гаргах нь элбэг. Далдуур бусдыг шоглочихоод гэмгүй царай гаргаад сууж чадна. Хүүхэлдэйн киноноос илүү боловсролын нэвтрүүлэг үзүүлж байх хэрэгтэй. Түүнд гэр бүлийн дэмжлэг маш чухал.

Жинлүүр: Сайхан сэтгэлтэй, эелдэг зантай. Тэд өөрт нь анхаарал, халамж тавьдаг хүмүүст үргэлж сайхан ханддаг. Гэхдээ тэднийг танихгүй хүнтэй ярьж болохгүй гэдгийг зааж сургах хэрэгтэй. Тэд бага байхаасаа л алдартнуудыг дуурайж эхэлдэг. Гэр бүл салалт, эцэг, эхээсээ хагацах нь маш хүндээр тусдаг. Эцэг, эх нь тэднийг хайрладаг гэдгээ үргэлж хэлж байх хэрэгтэй. Хайр халамжаар дутвал бодлогоширсон, хатуу хахир болж хувирдаг. Жинлүүрийн ордны хүүхдүүд шударга ёсыг эрхэмлэгч бөгөөд буруу, зөвийг ялгах чадвартай. Бүх зүйлийг гоё, сайхан байлгах гэж оролддог. Тэд төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт баярт маш дуртай.

Хилэнцэт: Олон төрлийн авъяастай, ой тогтоолт гайхам сайн. Сэтгэл санааны байдал нь тогтворгүй. Маш эмзэг боловч сэтгэл хөдлөлөө сайн барьдаг. Хүүхдээ дуугаа хураагаад эхэлвэл юу болсныг нь асууж, анхаарал хандуулах хэрэгтэй. Интроверт темпераменттай тул олон цагаар ганцаараа тоглох, эвсэл ганц хоёрхон найзтай байхад нь гайхах хэрэггүй. Өөрийгөө сорих, өрсөлдөх дуртай. Бусдыг элэглэн дуурайх, дүр орохдоо сайн. Хувцаслалтандаа их анхаарал тавьдаг тул өөрт нь таалагдаж байгаа эсэхийг асууж байж худалдаж авах хэрэгтэй. Усанд сэлэх дуртай байх болно. Тэднийг үл тоож, өөр хүүхдэд анхаарал тавихад маш их атаархдаг.

Нум: Өөртөө итгэлтэй, нээлттэй нумын хүүхдүүд шинийг эрэлхийлэх, эрэл хайгуул хийх дуртай. Дүрэм журамд баригдах дургүй. Аливааг өөрийнхөөрөө хийх боломж олгож, хэтэрхий зааж сургах гэсний хэрэггүй. Тэр бусдад зааж сургах дуртай. Шинийг сурах, өөрийгөө хөгжүүлэх дуртай зан чанар нь амжилтанд хөтөлдөг. Ямар ч хүүхэдтэй нөхөрлөж чаддаг бөгөөд хүмүүсийг уурлуулах нь ховор. Спортын тоглоом, тоноглолоор гадаа тоглох дуртай. Тэдэнд худлаа хэлэх хэрэггүй. Тэд хэзээ нэгэн цагт олж мэдээд урам нь хугарна.

Матар: Эцэг, эхийнхээ бахархал байхыг хүсдэг. Тиймээс тэднээс хэтэрхий их зүйл шаардах хэрэггүй. Өөрийнх нь хийж чадахгүйг шаардсанаар түүнийг дарамтанд оруулж, урам зориггүй болгож магадгүй. Тэднийг багаас нь нийгмийн харилцаанд сургаж, нээлттэй зан чанарыг төлөвшүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн тогтворгүй амьдрал, сургуулиа ойр ойрхон өөрчлөх нь тэднийг ганцаармал, бусадтай таарамжгүй нэгэн болгон хувиргаж мэднэ. Гэр бүлсэг тэд хамаатан садантайгаа уламжлалт баяр ёслол тэмдэглэх дуртай. Хамгийн их амбиц хөөдөг зурхайн орд учир та түүний амжилтанд тэгтлээ санаа зовох хэрэггүй. Тэр өөрөө мэдээд оргилд нь хүрчихнэ.

Хумх: Энэ ордны хүүхдүүд ухаалаг, зоригтой, хүнлэг байдаг. Тэд нээлттэй, нөхөрсөг тул маш олон найзтай байдаг. Бага зэргийн этгээд, бусдаас өөр байхад нь гайхах хэрэггүй. Тэдний хоолны дуршил маш хурдан өөрчлөгдөж болно. Хумхын ордны хүүхдийг хорьж цагдах гэж оролдвол хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ. Бяцхан эсэргүү гэж мэдээрэй. Шударга бус зүйлийг үзэн яддаг. Гэр бүлийн хэн нэгэн түүнд шударга бус хандвал маш их дургүйцнэ. Ах, дүүсдээ найрсаг, өглөгч хандана. Скаут, нийгмийн ажилд дуртайяа оролцоно. Ид шид, шинжлэх ухаанд дуртай. Маш их хөдөлгөөнтэй тул ямар ч спортод амжилт гаргаж чадна. Хайртай амьтан нь үхвэл маш их сэтгэлээр унаж мэднэ. Энэ бол байгалийн жам гэдгийг ойлгуулж, тайтгаруулах хэрэгтэй. Тэднийг бага гэж басамжилсан хандлагад маш дургүй.

Загас: Энэ ордны хүүхдүүд цэцэн цэлмэг ухаантай. Тэд мөрөөдөмтгий боловч аливааг бодитоор харах чадвартай. Урлаг, инженерчлэл, уран зургийн салбарт амжилт гаргаж чадна. Үе тэнгийхэндээ захирангуй ханддаг. Төсөөлөн бодох гайхалтай чадвартай. Найзуудынх нь хажууд түүнийг буруушаан зэмлэх хэрэггүй. Тэр бусдад дорд үзэгдэх үнэхээр дургүй. Гэр бүлийн дүрэм журмыг сайтар ойлгуулж, зөрчвөл ямар хор хөнөөлтэйг хэлж өгөх хэрэгтэй. Театрын урлагт нэлээд сонирхолтой байх болно. Эргэн тойронд нь дандаа томчууд байвал хэтэрхий эрт хэрсүүжих юмуу ганцаардмал нэгэн болж хувирах магадлалтай. Тав тухай орчинд дуртай.