Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн гараашнаас унаж амиа алджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус байрны гараашийн хажуугийн хоёр метрийн налуу өндрөөс хараагүй 53 настай эрэгтэй Б унаж амиа алдсан байжээ.
Month: May 2015
БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургуульд График Дизайны мэргэжлээр суралцаж байгаа оюутан Э.Шинэбаяртай онлайнаар ярилцлаа. Хүсэл, сонирхлынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөж, тавигдсан шаардлагуудыг амжилттай биелүүлсэн тэрбээр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа “Хоёр сургууль, хоёр диплом” (2+2) хөтөлбөрийн анхны элсэгч юм.
-График дизайны мэргэжлийг сонгосон тухайгаа яриач.
-Би мэдээллийн технологи, мэдээллийн системийн чиглэлд сонирхолтой энэ чиглэлээр суралцана гэж боддог байлаа. Яваандаа хүсэл, сонирхол маань зурах, бүтээх чиглэлд хөтөлж график дизайны мэргэжил л миний хийх зүйл гэдгийг ойлгосон. Ер нь энэ салбар хурдтай хөгжлөө дагаад маш эрч хүчтэй, бас бүтээлч, шинийг эрэлхийлдэг байдал нь намайг татсан гэх үү дээ. Ингээд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн мэдээллийн технологийн сургалтын чиг хандлага, сурах орчныг хараад элсч орж байлаа.
-“Хоёр сургууль, хоёр диплом” /2+2/ хөтөлбөрт хэрхэн хамрагдаж байв? Шалгуурууд нь юу байсан бэ?
-Мэдээж эхлээд Хүмүүнлэгийн оюутан байх ёстой. ХИС-д элсч нэг жил суралцсанаар Солонгост сурах үүд, хаалга маань нээгдсэн гэж болно. Мөн солонгос хэлний тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Хөтөлбөрийн хувьд дизайны ангийг санал болгосон нь надад маш их таалагдсан. Бүрдүүлэх материал гэвэл дүнгийн хуулбараас эхлээд виз хүсэхэд шаардлагатай материал хүртэл ажил бий. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл албан бичгүүдээ бэлдэхээс гадна монголд байх хугацаандаа хэлээ шамдан сураарай гэж захих байна. Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ.
-Урьд нь солонгос хэл мэддэг байсан уу? Ямар түвшиний мэдлэг шаарддаг юм бэ?
-Анх ямар ч үг мэддэггүй байлаа. Харин ХИС-ийн санал болгосон хэлний сургалтад сууж тодорхой мэдлэгтэй болсон. Мөн Солонгост ирээд зургаан сарын хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдаж чөлөөтэй ярьж, бичиж, уншиж сурсан шүү.
-БНСУ-ын Радио, Телевизийн их сургуульд очоод Энимейшн эсвэл Рекламны дизайны чиглэлээс сонгон мэргэшдэг гэсэн. Чиний хувьд алинаар сурч байгаа вэ?
-Рекламны дизайнаар сурч байгаа. Бүх л төрлийн мэдээллийн хэрэгслээр дамжин олон нийтэд хүрч, тэдний анхаарал, сонирхлыг өдөөж, татаж байдаг зүйл нь реклам шүү дээ. Энэ утгаараа бас хэцүү салбар л даа. Гэхдээ энэ нь надаас ихийг шаардаж, зогсолтгүй ажиллуулдаг болохоор би дуртай. Ялангуяа, техник технологи хөгжихийн хэрээр дизайнер хүмүүст тавигдах шаардлага өргөжиж, өндөр чанар шаардах болсон. Кино, видео гээд дүрст урлагийн төрөлд видео эффект улам л бодит мэтээр дүрслэгдэж, гурван хэмжээст дүрслэл ашиглах гээд цаг тутамд шинэчлэгдэж байна.
-Монголд ер нь дизайны хөгжил хэр түвшинд байна гэж хардаг вэ?
-Мэдээж нэг үеэ бодвол маш өндөр түвшинд хүрсэн шүү дээ. Өдөр бүр цацагдаж байгаа сонирхолтой рекламууд болон бусад дизайны шийдлүүдээс энэ нь харагдаж байна. Бас хамгийн сүүлд гарсан “Содура” киноны трейлерийг хараад ашигласан видео эффект нь надад маш их таалагдсан. Сайн кино болсон байх гэж бодож байна, Монголдоо байсан бол үзмээр л байлаа.
-Солонгост сурч, амьдрахад ямар байна? Төсөөлж байсантай чинь нийцэж байна уу?
-Санасныг бодоход давгүй ээ, ер нь миний төсөөлж байсан тэр л орон санагдсан. Уур амьсгал нь зөөлөн, монгол хүмүүс хурдан дасдаг байх. Хүмүүс нь эелдэг, найрсаг бас манайхан шиг тусархуу хүмүүс шиг санагдсан.
-Сургалтын орчин нь хэр байна?
-Кампус нь маш том тул тэндээ байрладаг оюутнуудад давуу тал болдог л доо. Бялдаржуулах төв, спортын танхим, компьютерийн лаборатори гээд бүх зүйл бий. Бас гадаад оюутнууд хоолоо хийх боломжтой гал тогоо нь тусдаа гэхчлэн тухтай амьдрахад хэрэгтэй бүх л зүйл байгаа. Харин эндэхийн сургалтын систем манайхтай харьцуулахад арай өөр. Оюутнуудын хоцрогдол гэсэн ойлголт байхгүй, багш нар оюутнуудтай маш их тулж ажиллах боломжтой нь таалагдсан. Нэг талаар бас их шахуу системтэй юм уу даа. Гэхдээ хичээлээ хөгжилтэй, ойлгомжтой заадаг болохоор хүнд санагдаад байдаггүй.
-Хэцүү зүйл тулгарч байна уу?
-Мэдээж гадаад хэлээр сурна гэдэг тийм ч хялбар биш л дээ. Гэхдээ ойлгохгүй, хүндрэлтэй зүйл гарсан үед багшаасаа асуухад хэзээд нээлттэй байдаг юм. Мэргэжлийн талаас ур чадвар шаарддаг болохоор гадаад оюутан цөөн бөгөөд сургалт нь Солонгос оюутнуудтай адил арга барилаар л явагдана. Гэсэн ч ойлгоогүй үлдсэн нөхцөлд багш нараасаа асууж, зөвлөхөд үргэлж тусалдагт нь баярладаг.
-Ямар нэг тэтгэлэгт хамрагдаж байгаа юу?
-Энд хичээлийн дүнгийн голчоос хамаарч хөнгөлөлт эдэлдэг. Одоогоор би сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт авч байгаа. -Энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсч байгаа оюутнуудад юу гэж зөвлөх вэ? -Хүний газар сурахаар ирэх бол хичээлдээ шамдан сурч, илүү их мэдлэг өвөртлөх чин зорилготой байгаарай. Эх орондоо эргэж очих, Монголын бүтээлч дизайнерууд болох хүсэлтэй оюутнууд олон байгаад итгэж байна. -Оюутны амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? -Өмнө нь би сургуулийн дотуур байранд амьдарч байлаа. Энэ улирлаас гадуур амьдарч эхэлсэн нь сонирхолтой санагдаж байгаа. Өглөө долоон цагт босоод хичээлдээ явж үдээс хойш тардаг. Дараа нь гэртээ даалгавраа хийж, хэсэг амраад хааяа цагийн ажил хийнэ.
-Ажил хийх боломж гардаг хэрэг үү? Юу хийдэг вэ?
-Амралтын өдрүүдээр цаг гарвал хуримын ордонд туслахаар ажилладаг юм. Эхний зургаан сард буюу хэлний бэлтгэлд байхад цагийн ажил хийх бололцоо бага байсан ч түүнээс хойш хичээлийн хажуугаар ажиллах боломж гарсан. -Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? -Гадуур алхаж, дугуй унах дуртайгаас гадна сүүлийн үед усанд сэлж сурч байгаа. Яваандаа Солонгосын дурсгалт газруудаар аялахад сонирхолтой юм байна гэж бодож байгаа. -Гэр бүлийнхнээ санаж байна уу? -Анх удаа л гэрийнхнээсээ хол байж үзэж байна. Манайхан “2+2” хөтөлбөрийг сонсоод их сайхнаар хүлээн авч бүгд дэмжсэн. Мэдээж эхлээд гэрийнхнээ их санадаг байсан ч, яваандаа дасч эхэлсэн. Анги, хамт олонтой болоод найзалж, нөхөрлөөд ирэхээр гайгүй л дээ.
-Хүмүүнлэгийн багш нартайгаа хэр холбоотой байдаг вэ?
-Хоёр сургуулийн хамтарсан хөтөлбөр болохоор байнга холбоотой байдаг. Энд суралцахаас гадна ХИС-ийн хичээлийг давхар судалдаг юм. Ижил хичээлийг бол энд сурсан дүнгээрээ тооцуулна. Бусдыг нь багш нартайгаа онлайнаар холбогдож, даалгавраа авч хийдэг. -Цаашдын зорилго тань юу вэ? -Мэдээж очиж сургуулиа төгснө. Тэгээд мэргэжлээрээ ажиллаж реклам, энимейшн, хөдөлгөөнт /motion/ графикийн цогц компанитай болохыг мөрөөддөг.
Л.УРАН
-ОРОН НУТГИЙНХАН ИЙМ Л БАГАЖТАЙ ТҮЙМРИЙН ӨӨДӨӨС СӨРЖ БАЙНА-
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгийг хамарсан түймрийн гамшиг их хэмжээний га газрыг сүйдэлж, олон айлын гэр, өвөлжөө, хаваржааг нурам болгож, олон тооны малын аминд хүрсэн билээ. Зүүн аймгуудад дэгдсэн түймрийн ганцаас бусдыг нь унтрааж цурманд оруулсан гэх таатай мэдээ ирсэн ч зарим цурамнаас түймэр алдагдсан байна. Зүүн аймгуудын түймрийг бүрэн унтрааж амжаагүй байтал баруун аймгуудад мөн түймэр дэгджээ.
ДӨРВӨН АЙМГИЙН ЗУРГААН ГАЗАР ТҮЙМЭРТЭЙ БАЙНА
Тухайлбал, өчигдөр өглөөний 10 цагийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул суманд, Хэнтий аймгийн Норовлин, Өмнөдэлгэр суманд тус бүр нэг түймэр асч байгаа бол, Увс аймгийн Сагил, Өндөр-Хангай суманд тус бүр нэг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд түймэртэй байгаа гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар өглөө. Монгол Улсын хэмжээнд дөрвөн аймгийн зургаан суманд зургаан газар түймэртэй байгаа юм байна. Увс аймагт гурван ч ой хээрийн түймэр гарч онцгой байдлын албан хаагчид, иргэдийн хүчээр нэг түймрийг өчигдөр өглөө 06.30 цагт бүрэн унтрааж, нэгийг нь цурманд оруулсан бол нөгөө түймэр нь ассаар байгаа аж. Тус аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар энэ сарын 27-ны өдрийн орой ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 15 албан хаагч, орон нутгийн 83 иргэн 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж. Мөн тус аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр дэгдэж, нийт 100 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласнаар 28-ны өдрийн 21.43 цагт түймрийг цурамд оруулж чаджээ. Харин Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн нутаг “Ногоон машин” гэдэг газар мөн хээрийн түймэр гарч Хилийн цэргийн 0311 дүгээр ангиас нэмэлт хүч авч ажиллуулснаар унтрааж чадсан байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас орж ирсэн ой, хээрийн түймэр өчигдрийн 15 цагийн байдлаар тус аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархсан гэх мэдээллийг бид авлаа. Улмаар Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг “Эмгэнт” гэдэг газрын түймэр цурмаас алдагдаж, тус сумын Онон багийн “Баруун зүүн Хавчуу”, ‘Бэрхийн-Ам”, “Улаан-Өндрийн даваа”-нд тархан асчээ.
НАЙМАН АЙЛЫГ ТҮЙМРЭЭС ГАРГАН ЦУРАВ ТАВЬЖЭЭ
“Шивэртийн” даваанаас “Онон” гол хүртэл 33 км газар цурав татан, унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дарьхинт” гэдэг газар тархан шатсан түймэр энэ сарын 25-ны өдөр цурмаас алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг унтраахаар ажиллаж буй гэнэ. Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан ч хойд хэсэг нь асч байгаа аж. “Үйсэнгийн зоо”, “Шинэстэй”, “Битүү”, Эрээн давааны араар “Хүрэл тохой”, “Дарьхинтын адаг” гэдэг газар нутагладаг найман айлыг түймрээс гарган цурав тавьж чаджээ. Дээрх түймрүүдийг унтраахаар орон нутгийн Онцгой байдлын болон хилийн цэргийн ангийнхан орон нутгийн иргэдтэй ажиллаж буй ч шаардлагатай тоног төхөөрөмж байхгүйн улмаас бараг гар нүцгэн ажиллаж байна гэдэг мэдээлэл орон нутгаас ирж байгаа юм. Нутгийн иргэд модны үзүүрт шуудай, хамер бэхэлж түймэр унтраах зэвсэг болгон ашиглаж буй ч тэр нь амархан сугарч унадаг гэнэ.
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙН УЛМААС ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСДСЖЭЭ
Орон нутгийн Онцгой байдлын газарт хэдхэн тоон түймэр үлээгч багаж байдаг боловч тэр нь хүрэлцдэггүй амархан эвдэрдэг тухай саяхан зүүн аймгуудад ажиллаад ирсэн сэтгүүлчид онцлож байсан билээ. Харин үүнийг Улсын онцгой байдлын комиссынхон үгүйсгэж, шаардлагатай багаж төхөөрөмж бий. Гэвч энэ удаагийн түймэр урьд нь гарч байсан түймрүүдийг бодвол өөрийн гэсэн онцлогтой. Хүн хүч шаардсан түймэр. Орон нутгийн онцгой байдлын газруудад түймэр унтраах нөөц багаж төхөөрөмж байдаг хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэвч харамсалтай нь орон нутгийн Онцгой байдлын газруудад тоног төхөөрөмж байхгүйн улмаас ой хээрийн түймрийн өмнө хүчин мөхөсдсөн хэвээр байгаа аж. Улсын нөөцийн газарт төсөвлөгдсөн олон тэрбум төгрөг уг нь ийм л гамшигт зарцуулагдаж байх учиртай. Харамсалтай нь Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон Улсын нөөцийн газрын үе үеийн дарга нар хөрөнгө мөнгө ашигладаг гэх хэл ам тасардаггүй нь өнөөдөр гал сөнөөгчид багаж хэрэгсэлгүй байдагтай ч холбож ярих хүн байгаа юм. Өнөөдөр ой хээрийн түймэр гарлаа гэхэд үүргэвчтэй ус шүршигч, цуравдагч гамшгийн шуурхай үед хэргэлэдэг албаны машин гэсэн хэдхэн тооны зүйлсээр гамшгийн өөдөөс сөрж байгаа нь нууц биш.
600 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧЭЭ
Гэтэл тэдгээр гарын таван хуруунд багтах тоног төхөөрөмж нь хангалттай бус юм. Зүүн аймгуудад гарсан түймрийн уршгаар 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж хэд хоногийн өмнө авсан гэнэ. Энэ тоног төхөөрөмжид нь хорт утаанаас хамгаалдаг баг гэх мэт юухан хээхэн авсан сураг гарч байна. Үүнийгээ удахгүй түймрийн голомттой байгаа аймаг сумд руу явуулах гэж байгаа аж. Батлан хамгаалах яамнаас “ВНП” маркийн гинжит машин өгчээ. Тэр машинуудыг түймэр унтраалгахаар орон нутаг руу явуулна гэнэ. Гамшиг боллоо ч ийм л зүйлсийг гаргаж байгаа учраас ой хээрийн түймэр болон байгалийн гамшиг тохиолдоход яах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Гэтэл өнөөдөр дэлхий нийт түймрийг тэнгэрээс, усаар шүршдэг онгоцоор унтрааж байна. “Бидэнд харин тэр онгоцыг мөрөөдөхөд олон жил хэрэгтэй. Тийм үлгэр битгий ярь” гэх Улсын онцгой комиссын газрын ажилтантай ч таарав. Учир нь тэр онгоцыг авахад манай төсвлөдөг олон тэрбум төгрөг хаана нь ч хүрэхгүй гэнэ. Яагаад тэр онгоцыг авч болохгүй гэж асуутал “ОХУ түймэр орж ирлээ. Тэрийг унтраах гэж хамаг хүчээ барж байна, бид. Тийм сүрхий юм бол хойд хөршийнхөн унтраачихгүй яасан юм. Тэгж чадахгүй байгаа биз дээ. Ярих нэг өөр. Түймрийн голомтод ажиллах нэг өөр” хэмээн сургав. Зүүн зүгийн нутгийг хярвасалсан түймэр унтарч амжаагүй байхад баруун нутаг түймэрт нэрвэгдлээ. Хоёр талаас дэгдсэн түймрийг унтрааж чадахгүй бол яах вэ. Дээрээс нь хуурайшилт ихтэй байгаа энэ хаврын цагт салхи хэдхэн өдөр ширүүсч, зүг чигээ өөрчлөхөд Монгол Улсын нутаг дэвсгэр тэр аяараа өртөхгүй гэх баталгаа байхгүй юм.
31 АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГААС 185 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЧЭЭ
Ийм үед улсын төсвийг бүрдүүлэг татвар төлөгчид л гамшгийн байдалтай байгаа орон нутаг руу тусламж илгээдэг нь нууц биш юм. Тухайлбал, ой, хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон айл өрх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн ард иргэдэд сэтгэл санааны болон хүнс, өргөн хэрэглээний бараа, материал мөнгөн хандивын тусламж дэмжлэгийг аж ахуйн нэгж албан байгууллагууд ирүүлсээр байгаа юм. Өчигдрийн байдлаар 31 аж ахуйн нэгж, байгууллагаас 178.8 сая төгрөгийн эд, материал, 6.2 сая төгрөгийг мөнгөн хэлбэрээр, нийт 185 сая төгрөгийн хандив тусламжийг ОБЕГ-т ирүүлсэн байна. Түймрийн улмаас хамгийн их хохирол амсаад байгаа Дорнод аймагт Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбар, “Хатансүйх” ХХК, “S OUTLETS” гутлын дэлгүүр, “Нано планет” ХХК, “Жи Эй Эйч” ХХК, ГХЯ-ны дипломат эмэгтэйчүүдийн клуб, “Хүн-Од” ХХК, Сүү ХХК, “Оремтрейд” ХХК, “Монголын байгаль орчин иргэний зөвлөл, МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооноос хандивласан хүнс, хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, материал, ажлын бээлий, гутал, ажлын хувцас, үлээгч аппарат, бэлэн мөнгө зэрэг 67.9 сая төгрөгийн эд материалын хандивыг хүргүүлжээ. Мөн Хэнтий аймагт 14.4 сая мянган төгрөгийн хувцас хэрэглэлийг Сүхбаатар аймагт дөр “Баярс констракшн” ХХК-ийн нийт 10.5 сая төгрөгийн иж бүрэн 5 ширхэг монгол гэрийг хүргүүлээд байна. Мөн ой, хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон айл өрх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн ард иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж Авлигатай тэмцэх газрын 150 гаруй албан хаагчид нэг өдрийн цалингаа гэх мэтээр олон байгууллага, хувь хүн хандив өгсөөр байгаа юм.
Д.МАРГАД
Хар мөр
-Байна уу? …аа ашгүй мөн байна. Таны бүтээлийг бид хэвлээд
-Айн…!.
-Нээлтэнд нь урьж байгаа юм -Юу……………….!
-Таныг ирэх юм бол номноос нэгийг зүгээр өгнө ………………………………..ггг…ммм(алдах уулга эс олдов)
Болсон явдал
ХОНЬ БА ОЮУН
“Юнивижн”-ийхэн сая хэвлэлийн хурал хийлээ л дээ, оюуны өмчийг хамгаалах талаар. “Эх орноо хамгаалах”, “ард” түмнээ хамгаалах” “уурхайгаа хамгаалах”, “намаа хамгаалах”, “шударга ёсыг хамгаалах”-ын хажууд барьцтай, бодитой асуудал л даа. Гэхдээ асуудлыг ойлгохын тулд бидний “оюуны өмч” ердийн хонь хоёрын ялгаатай болоод төсөөтэй талыг тогтоох хэрэгтэй л дээ. Бид өөрсдийгөө оюунлаг ард түмэн гэдэгт итгэж, оюунлаг монголчууд ирээдүйн баталгаа хэмээн ярьдаг, нээрээ ч тийм санагддаг билээ.Нэгэнт санагдсан учраас улс орон маань оюунлаг болоод арилж өгөх юм бодсон. Тэгсэн чинь тэгж итгэх, үнэмших бол бага хэрэг болоод явчихлаа. Оюунлаг байхын тулд оюуны баялгийг бүтээдэг байх ёстой болж таарав. Ингээд зогсохгүй хүмүүний бүтээсэн оюуны баялгийг өмч хэмээн үзэж хонь малын адил хулгай зэлгийгээс хамгаалах учиртай болоод явчихав. Малын хулгайг бол ойлгож байна (урт гартнуудын мөч хугарвал таарна). Манай зохиолч З.Дорж гуай Мал сүргийг гэмт халдлагаас “нийгэмлэг” байгуулж, цэрэглэн босоод муусайн хулгай нарыг нисдэг тэргээр “баримчлаад” ирэхэд бид хичнээн бахаддагсан билээ. Гэтэл хүний сэдсэн, сэтгэсэн, бүтээн туурвисан зүйлс хоньтой адилхан гэхээр санаанд буудаггүй. Хонийг бол ойлгож болно. Харин оюуны бүтээл булаагдахдаа яг л хонь шиг хайран, бас гарзтай гэхээр инээд ч хүрэх шиг. Ийм болохоор хонио хулгайд алдчихсан иргэнийг цөмөөрөө өрөвдөж, хулгайчийг барьж хүлэхээр сур шидмэсээ бэлдэн хөдлөхөд бэлхэн. Харин оюуны бүтээл, сэтгэлгээний өмч, уран бүтээлээ хамгаалж байгаа үйлдлийг бид хэнхэгтэй, сэнтэгтэй этгээдийн сүгсэлзэх, өвчигнөхийн хэмжээнд л харна. Уран бүтээлч хүн хачин гоё сийлбэр хийчихээд түүнээ хулгайд алдвал бид ойлгоно. Муу хулгайчийн гарыг тас цохивол таарна, мөн үү! Харин сийлбэрийг нь яг дуурайлгаж хийгээд зараад сууж байгаа хүнтэй заргалдаж буй уран бүтээлчийг бид эс ойлгоно. “Дуурайлгаа л хийчлээ, тэгээд яачихаав! Хоттой хониноос чинь хөтлөөд гараа юу? Байтлаасаа сийлбэр хийх болгондоо чамаас асуух болж байна уу. Сэнтэгтэй шаар вэ” Зад загнуулаад гарна. Хөөрхий амьтан уран бүтээл туурвихын оронд хонь хариулсан бол аштай юу, ядаж хулгайд малаа нэр төртэй эрнэ шүү дээ. Уул нь хамгийн үнэ цэнтэй өмч нь уран бүтээлчийн оюун санаанд сийлэгдсэн уран бүтээлийн санаа, төрх юм. Улмаар тэр нь модонд сийлбэрт хувилаад уран бүтээл болно. Энэ хоёрын цоглолоос нь оюуны өмч бүрэлдэнэ. Америк энэ тэр улсад гэхэд хоёр төрлийн гэмт хэргийг бусдаас чанга шийтгэдэг аж. Согтуугаар машин жолоодохыг хүн амины хэрэг үйлдэхээр завдсан утгаар зүйлчилж үздэг бол оюуны өмч, бүтээлийн санаа хулгайлах явдлыг эд материал гулгуулснаас илүү хохирол учруулсан байдлаар шийтгэдэг байна. 2011 онд Германы ирээдүйтэй улс төрчдийн нэг, Батлан хамгаалахын сайд Карл-Теодор цу Гуттенберг эрдмийн ажилдаа бусдын бүтээлийг хуулсан асуудлаар албан тушаалаа орхиж байлаа. (Тэрээр манайд айлчилж байсан ч монголчууд буруугүй, хэргийн баримт нотолгоо бидний эсрэг биш байсан зэргийг дурдахад таатай байна. Учир нь тэрээр Монголд ирэхээсээ өмнө “юм хуулсан” нь нотлогдсон)
ДУРСАХ, СЭРГЭЭХ ХОЁР
Бид яагаад ийм байгаа юм бэ, хулгайг дотор нь ангилаад заримыг нь буруушааж, нөгөө хэсгийг зүй зохистой гэж үздэг юм болов уу гэсэн асуулт гардаг. Хариултыг нь өнгөрсөн ба түүний шууд үргэлжлэл болох өнөөгийн нийгмийнхээ сэтгэл зүйгээс хайх ёстой. Уул нь, нүүдэлчин малчин монголчуудын биет болон биет бус соёлын өв далай шиг бөгөөд ер бусын сониуч, тааралдсан шинэ зүйл бүрийг өөриймшүүлэн авдаг зантай. Тэрэгний дугуйг суурин иргэд хийсэн байхыг харж тун зүгээр санагдаж, Тататунгаагаас олдсон бичиг үсэг хэрэг болмоор бодогдож гэдгээс эхлээд түмэн зүйлийг өөриймшүүлэн авсан. Буугаад мордсон зочны эмээл хазаарыг, гутлын угалзыг сониучирхан ажиж “Ингээд л хийж болох юм байна, уяа зангилааг тэнд тааруулбал эвтэй аж” гэхчлэн суралцана. Таны гутлын угалзыг би дуурайлган хийвэл болох уу гэж асуух нь илүүц. Харин унтаж байхад нь гутлыг нь авчихвал ёстой нүгэл болно. Нийтлэг сэтгэхүй нь “сайн дуурайх нь хөгжих, аж төрөх, амь зуух” үндэс мөн. Муухай ч юм биш, ганцхан бид ч ийм байгаа юм биш, хүн төрөлхтөн ийм л байсан. Харин хүн төрөлхтөн ийм байхаа больсон, бид больж чадахгүйд л шинэ цагийн ичүүр нь байгаа юм. Нөгөө өнцөг нь гадаад ертөнцтэй холбогдоно. Умард хөрш нь газар нутаг харагдвал боломжоороо эзлээд авч нутаг дэвсгэр, нөлөөний бүсээ тэлдэг ЗХУ, өмнөд хөрш нь шинэ санаа, шинэ бүтээл харагдвал мөн л эзлээд хөгжлийн түвшин, технологийн эрэмбээ тэлдэг БНХАУ. Аль аль нь зөвшөөрөл, зохиогчийн эрх энэ тэрээр ёсорхдоггүй байжээ. Энэ дунд завшчихмаар юм харагдвал завшчихаад, муу зан сурсан улсаа бид. Саяхныг болтол нь антивирусын программыг худалдаж авахыг нүгэл гэж боддог байв. Гэвч программ нь сүлжээгээр идэвхждэг болсноос хойш авахаас өөр аргагүй болсон. Гэвч Хятадаас эхлээд биднийг оруулаад хөгжлийн нялх балчир үеэ орхиж байна. Дэлхий нийт ч биднийг “хүүхдэн улс” гэж харахаа болиод, “томоогүй гэнэн” хэмээн цагаатгуулж чадаж байсан үйлдлүүдийг маань насанд хүрэгчдийн зүйл ангид хамруулах болоод байгаа юм. Бид өнгөрсөн үе, бага насаа дурсахад хөгтэй, заримдаа хорио цээрийн улаан шугамыг даван алдсан зүйлээ эргэн санаж хөгжилдөж байдаг. Тэрхүү “шугамаас хэтэрсэн” явдлуудыг дурсахад сайхан л болохоос биш сэргээн үргэлжлүүлэхэд осолтой. Жишээлэхэд, дотуур байранд сууж, орон гэр ба дураараа иддэг боов боорцгоо санаж өссөн үеийнхэнд хааяа сургуулийн гуанзны поорчигоор талх “туусан” дурсамж байдаг. Тэрийг дурсалцах зуураа “Ерөөсөө хажуугийн рестораныг ухаж, хүүхэд насны сайхан үеэ эргүүлэн авчиръя” гэх этгээд гардаггүйтэй адил. Улс үндэстэн ч гэсэн хуучирсан хэвшил, нялхсын зовлонгоо гэтлэн дурсамж хэлбэрээр үлдээгээд хөгжлийн шинэ зам гардаг.
ОЮУНЫГ ТОНОХ НЬ ГЭРИЙГ ТОНОХ МЭТ
Монголын нийгэмд оюуны бүтээлийн үнэ цэнийг хамгийн түрүүн ойлгосон хэсэгт хөгжмийн хамтлаг дуучид хамаарах байх. Ур авьяас дуу хоолойг нь хаа хамаагүй этгээд кассетанд хуулаад бэлжиж байхыг хараад сая л дээрэмдүүлж, хулгайлуулж байгаагаа анзаарсан. Оюуны бүтээлийн хулгай яг л гэрийг ухаад, амбаар савыг хувхайлаад арилахтай агаар нэг гэдгийг ухааран тэмцэж эхэлсэн. Дараа нь сэтгүүлчид цагаас өрсөж, заримдаа амь нас хувь заяагаа сөрөн байж олж авдаг мэдээллээ хулгайд алдахын зовлонг амссан. “Хүн хэлээрээ сэтгүүлч хөлөөрөө” гэдэг нь хөөцөлдөж, бэрхийг туулдаг сэтгүүлчдийн хөдөлмөрийг хэлсэн хэрэг. Гэтэл хөлөө байтугай гараа ч зовоолгүйгээр сурвалжлагыг сурвалжилдаг, мэдээнээс мэдээгээ олдог завшигчдын эгнээ гарсан. Энэ ажлыг “мөнгө угаах” гэдэгтэй зүйрлүүлэн “мэдээ угаах” гэж хэлдэг болсон юм билээ. Зарим зовлон багатай сайтууд, FМ-ийн мэдээ гэж мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагынхны оюуны бүтээлийг (үйл явдлын мэдээнээс бусад) хүсвэл жаахан өөрчлөөд, хүсэхгүй бол тэр чигээр нь тавиад туучихдаг нөхөдтэй тэмцэлдэж эхэлсэн. Ямар ч байсан “тэр тэгж мэдээлсэн байна” гэхчлэнгээр эх сурвалжаа заадаг соёл манайд нэвтрээд байна. Орчин үед хамгийн том баялаг бол контент хэмээх нийтлэг нэрийн дор агуулагддаг оюуны бүтээлийн цогцлол. Нийслэлийн кино театруудад Холливудын шинэ бүтээлийг америкчуудтай зэрэг үзэж болж байна. Энэ бол контентийн бизнесийн буян. Харин түүнийг сэм хуулаад хорооны улаан буландаа билет тасалж гаргавал хулгайд хэрэгт орж шүүхийн үүдэнд ялаа хүлээн “чулуу нясална” гэдгээ ч мэднэ. Улмаар Холливудын бүтээлээс эхлээд кино ба цэнгээнт үзвэрийн дижитал ертөнцийн контентын бизнес байна. Кабелийн телевизийн бизнес эрхлэгчид тэдгээрийг зохиогчийн эрхийн төлбөр, роялти зэргийг төлөн худалдаж аваад, нийтэд түгээж эхэлнэ. Гэтэл тэдгээр үнэ цэнэтэй контентуудыг нь “монгол боксоосоо үнэгүй киногоо үзээрэй” гээд интернэтээр түгээгээд эхэлнэ. Яг талхчин хүн арай гэж бүтээгдэхүүнээ хийгээд гараад иртэл нэг этгээд хүнсний дэлгүүр ухчихаад “үнэгүй” боорцог тарааж суувал ямар харагдах билээ. Гэтэл ашиг харахын оронд олсон зөөснөө олон түмэнтэйгээ зүгээр хувааж байгаа мэт тэр үзэгдлийн цаана том бизнес байдаг. Үнэгүй кино татахын өмнө дарахаас өөр аргагүй болдог сурталчилгаа бол цаад эзэндээ чамгүй унац өгдөг ажгуу. Хүн сонин шүү, хэрвээ “Таныг энд дарахын тоолон надад орлого ордог юм” гэсэн бичигтэй товч энд тэнд таарвал барагтай хүн гар хүрэхгүй дээ.
СЭХЭЭТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
ХХ зууныг бид хонь, хомоол хоёроо орхин хотшин суурьшиж өнгөрөөсөн. Хүн амын 15 орчим хувь нь мал маллан амьдарч байгаа боловч бараг айл болгон хүүхдүүдээ хот суурин газар амьдрахад хэрэгтэй мэргэжил боловсрол эзэмшүүлж байна. Сонирхолтой нь, хөдөө нутаг хичнээн сайхан, хөдөө л хүн жаргадаг, малчны амьдрал нь жинхэнэ монгол болохыг нотлон ухуулдаг хэсэг нь суурин амьдардаг 85 хувьдаа багтдаг. Өөрөө хөдөө амьдрахгүй мөртлөө, бусдыгаа тийш явуулах, үгүйдээ л одоо байгаа хэсгийг нь тэндээ үлдээх санаатай, айн! Зун очиж айраг цагааг нь уунгаа, жаал магтаж хөөргөчихөөд ирэх айл амьтангүй болчихоос айдаг юм болов уу? Харин “оюун ухаан эрин” хэмээгдэх XXI зуунд бид хүн төрөлхтний хөгжлийн жишигт хүрэх, тэдэнтэй зэрэгцэн амьдрах зорилготой. Оюун ухааны эринд оюун ухааны өмчийг бүтээдэг. (бэлчээрийн монгол мал л хэвээрээ байгаагаас бус бусад нь хүний оюуны өмчийн үр шим болсон. Жишээлэхэд, дэлэнтэй үнээг хувиргаж хөгжүүлээд үнээтэй дэлэн болгосон шүү) Оюуны бүтээлийг баялаг, өмч гэж үзэхгүйгээр оюунлаг нийгмийг бүтээхгүй. Хамгаалахгүй, хулгайтай нь тэмцэхгүй бол оюуны өмч үнэ цэнгүй болно. Үнэ цэнгүй болбол түүнийг бүтээх хэрэгцээ алга гэсэн үг. Яг л хонь хулгайлахыг хэн ч тоохгүй, шийтгэхгүй болчихвол мал өсгөж яах билээ! Тэрний оронд малын хулгайч болсон нь дээр гэж үзнэ. Нийгмийн хандлага шал өөр болоод явчихаж байгаа биз? Хулгай хар мөртэй гэж энийг л хэлдэг, тэрнээс биш баригдах, гэрчээр дуудагдаж түвэг учрах зэргийг хэлээгүй юм. Яг түүнчлэн оюуны бүтээлийн үнэ цэнийг тунхаглаж, түүнийг өмчийнх нь хувьд хамгаалахгүйгээр оюунлаг нийгэм байгуулах аргагүй. Оюуны хулгай нүүрлэсэн нийгэмд сэхээтэн байх нь утгагүй болно. Оюуны өмчийг бүтээх хэрэгцээгүй газар оюуны баялаг бүрдэхгүй. За оюунлаг нийгэм энэ тэрийг яриад ч яахав, ийм л юм. Оюуны өмчийн хулгай бол оюунлаг нийгмийн эсрэг гэмт хэрэг.
(Тог тог….диннн динннн!)
-хэн бэ
-Уучлаарай юм асуух гээд -юу……
-Аа сайн байна уу?Цагаан сарын бэлэн бууз авах уу гээ л…та хардаа…ёстой сайхан бууз
-Үгүй үгүй. Манайд бууз хэрэггүй.
-Авчих л даа. Ярина шүү. Сайн ярина.
-Үгүй үгүй…манайх буузтай
-Та жигнээд амсаад үз…би гадаа хүлээж байя
-Үгүй үгүй… та явж үз (Хаалга тархийн хаагдаж, хөлийн чимээ холдов)
-Хачин нөхөр вэ? Ийм хямдхан өгч байгааг бодоход хулгайн л юм байгаа л даа
-Чухмаа чухам. Хулгайн бузар шингэсэн юм гай болно….Ерөөсөө наад үүд хаалга ариул!
-Хөөе… Гандангийн арц аваад ирээрэй. Нээрээ хулгай хар мөртэй гэдэг юм. Бас л болсон явдал
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарын гуравдугаар нүүр дэх “Цөөхүүлээ, зожиг Монголын хүчирхэгжих нууц өгөөмөр сэтгэл” хэмээх нийтлэл юун тухай хөндсөнийг уншигч танд гарчигнаасаа шууд харагдана. Цэнхэр дэлхий дээр цөөхүүлээ монголчууд хүчирхэгжин тэлэх боломжтой. Бид дайны үед хойд солонгосчуудад тусламжийн гараа сунгаж байсан. Мөн цунамид өртсөн япончууд, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хятадуудад ч бас тусалж байлаа. Харин дэлхийгээр тархсан элэг нэгтнүүддээ хэрхэн тусалсан билээ. Ойрын жишээ гэхэд гамшигт өртсөн Балбачуудад тусалсан бил үү. Энэ талаар сонины гуравдугаар нүүрт хэвлэгдсэн дээрх нийтлэл хэн хүн бүхэнд жинтэй хүрнэ.
Өнөөдрийн байдлаар Малайзид Монгол Улсын гурван иргэн амиа алдсан. Тэдний араас Монголын төр огт анхаараагүй. Ар гэрийнхэн нь араас нь хөөцөлдөх гэхээр хүчин мөхөстдөг. Малайз бол хар тамхи, хүний наймаагаар дэлхийд тэргүүлдэг улс. Дөрөвдүгээр сард тус улсад амиа алдсан гурав дахь монгол бүсгүйн ар гэрийнхэнтэй манай сэтгүүлч ярилцлаа. Энэ тухай сонины тэргүүн болон долдугаар нүүрээс уншаарай.
“Өдрийн сурвалжлага” Дэвшлийн шинэ ногоо хэрэглэгчдэдээ хүрч эхэлнийг онцоллоо. Тус компанийн тариалсан улаан лооль, өргөст хэмх гээд шинэ ногоонууд хаагуур худалдаалж байгаа тухай энэ дугаараас уншаарай. Мөн тэд ногоогоо хаана, хэрхэн тарьдгийг ч эндээс мэдэх боломжтой.
“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн А.Тлейханы ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр “Таван толгойг эргэж буцалтгүй эргэлтэд оруулах шаардлагатай” гэж ярьжээ. Мөн улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлууд нийтлэгдсэн байгаа. УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар авлига нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг оролдсон тогтоолын төслийг дэмжээгүй юм. Чуулганаар ямар асуудлуудыг хэрхэн дэмжиж, шийдвэрлэснийг энэ дугаараас уншаарай.
“Сонгодог урлаг” нүүрээс Симфони оркестрын удирдаач УГЗ, профессор Чулууны Чинбатын ярилцлага нийтлэгдлээ. Сүүлийн үед томоохон дуурийн тоглолтуудыг чадварлагаар удирдаж байгаа түүний амьдрал уран бүтээлийн талаар ярилцсан байна.
“Дэлхийн мэдээ” В.Путин дэлхийд алдартай ахмад улстөрчидтэй уулзсаныг онцолжээ. Мөн Билл Клинтоны сууц явсан онгоц ослын буултхийсэн тухай, Шинзо Абэ Оросын Ерөнхийлөгчид захидал бичсэн зэрэг дэлхийн онцлох үйл явдлуудыг тусгалаа.
“Миний аав” нүүрт Монгол Улсын спортын нэрт зүтгэлтэн, гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, академич, хөнгөн атлетикийн спортын мастер Гонгорын Лхагвасүрэнгийн гэгээн дурсгалд зориулсан түүний охин Л.Гүндэгмаагийн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр аавынхаа тухай дурсан ярьсан сонирхолтой ярилцлагыг 13 дугаар нүүрээс уншаарай.
Дашрамд дуулгахад, “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж байна. Манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Мөн цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
Эрхэм уншигч та, манай сонинг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ