Categories
мэдээ улс-төр

Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр, маргааш хуралдана

УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг томилоод буй. Нийт гурван нам эвслийн бүлгээс гишүүдийг оруулж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тус ажлын хэсгийг ахалж байгаа. Түүнчлэн ажлын хэсгээс зарим гишүүд гарна гэдгээ ч илэрхийлээд байгаа.Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Сономпил тус ажлын хэсэгт томилогдохдоо өөрөөс нь асуугаагүй гэх шалтгаанаар гарах хүсэлтээ өгсөн. Харин УИХ-ын дарга З.Энхболд нэгэнт ажлын хэсгийн захирамж гарсан учраас боломжгүй гэжээ. Бас УИХ-ын гишүүн Су.Батболд гишүүн уг ажлын хэсгээс гарах бодолтой байгаагаа илэрхийлээд амжсан. Гишүүн М.Сономпилын хувьд МҮАН-ын гишүүн учир Тавантолгойн мега төслийг хариуцаж буй М.Энхсайхан намын даргынхаа бодлого шийдвэрийг зөрчихгүйн тулд энэ ажлын хэсэгт орох сонирхолгүй байгаа бололтой. Мөн Тавантолгойн төслийн ажлын хэсэг ажлын энэ амралтын өдрүүдэд хуралдаж асуудлаа ярилцах аж. Тодруулбал ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр, маргааш хоёр хуралдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нүхтийн уурхайд түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн тийш 40 км-т байрлах Нүхтийн уурхайд пүрэв гаригт түймэр гарчээ. Түймэр 12 цагийн үед гарсан бөгөөд 22.00 цагт унтрааж аюулгүй болгожээ. Одоогийн гал түймрийн шалтгаан тогтоогдоогүй байгаа аж. Түймрийг унтраахад нутгийн иргэд болон Онцгой байдлын аврагчид ажилласан байна. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар салхины хүч их байгаа учраас түймрийг унтаарахад хүндрэлтэй байсан талаар тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Галд өртсөн гурван иргэнийг ГССҮТ-д эмчилж байна

Дорнод аймгийн Булган сумаас гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутагт орсныг цурманд оруулсан байна. Түймрийн улмаас Сүхбаатар сумын 20 гаруй айлын гэр болон олон тооны мал шатжээ. Мөн гэр бүлийн гурван хүн түлэгдэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламж үзүүлсэн ч дээрх иргэдийг нийслэлийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт шилжүүлжээ. Ер нь зүүн бүсийн аймгууд ой хээрийн түймэр дэгдэлт ихтэй байгаа. Тодруулбал, он гарсаар 15 аймгийн 60 суманд 116 удаагийн ой хээрийн түймэр гарсан байгаа. Тэгвэл түймрийн 50 тохиолдол нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан аж. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул суманд хоёр долоо хоногийн турш асч, ихээхэн хохирол учруулсан түймрийг цурманд оруулж унтраасан байна.

Categories
гадаад мэдээ

14 орны төрийн Тэргүүнтэй ярилцлага хийсэн бяцхан охин

Ихэнх хүүхдүүд гэрийн даалгавраа эрт хийж дуусгаад тоглохыг хүсдэг. Харин Зуриел Одувел охин бусадтай адилгүй. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд өглөө эртлэн босч камер, микрофоноо үүрээд гардаг. Бяцхан охины ажлын өдөр ингэж эхэлдэг ажээ.

Калифорнид төрсөн Зуриел охины эцэг Нигери, эх нь Маврики хүн юм байна. Магадгүй тэрээр манай дэлхийн залуухан найруулагч ч байж мэдэх юм. 12 настай бяцхан найруулагч маань одоогоор Африкийн асуудлыг хөндсөн дөрвөн баримтат кино хийгээд байна.

Охин хамгийн анх гурван жилийн өмнө Ганын хувьсгал сэдэвтэй баримтат киноны тэмцээнд оролцож энэ салбарт хөл тавьж байсан аж. Тэр үеэс хойш Зуриел кино хийх хүсэлдээ автан бүхнийг эхнээс нь суралцаж эхлэв. “Би киноныхоо зохиолыг өөрөө бичиж, найруулж, эвлүүлж бас продюссерлодог. Олон зүйлд суралцаж байна” хэмээн ярьжээ.

Зуриел өнгөрсөн онд “Ирээдүйтэй Африк” нэртэй баримтат киногоо гаргасан бөгөөд Африкийн таван улсыг төлөөлөл болгон бүтээлдээ тусгажээ. Тэрээр хамгийн түрүүнд аавынхаа төрсөн нутаг болох Нигерийг зорьсон байна.

Өсөх ирээдүйтэй залуу найруулагч одоогийн байдлаар 14 орны төрийн Тэргүүн болон бизнесийн салбар дахь алдартай хүмүүстэй ярилцлага хийгээд байгаа гэнэ. Түүний дотор Танзани, Либери, Кени, Өмнөд Судан, Нигери, Кабо-Верде улсын Ерөнхийлөгч багтсан юм. “Ирээдүйтэй Африк” баримтат киног Нигери, Гана, Өмнөд Африк, Их Британи, Япон гэсэн таван улсад өргөн дэлгэцээр гаргахаар болсон байна.

Охин киноныхоо тухайд “Хүмүүс баримтат киног минь үзсэнээр Африкт ганцхан дайн самуун, өлсгөлөн, халдварт өвчин биш олон эерэг өөрчлөлт шинээр бий болж эхэлснийг ойлгох болно. Африк тивд бидний мэдээгээр үздэгээс илүү сайхан зүйл бий гэдгийг харуулахыг хүссэн юм. Үүнд бүжиг, хөгжим, гайхамшигт соёл зэрэг олон зүйлс багтсан байгаа” гэжээ.

Түүний ээж Патрисиа компьютерийн инженерээр ажилладаг бол аав нь дөрвөн хүүхдээ дагуулан Африкаар явж, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэрээр хүүхдүүддээ цаг гаргахын тулд аялал жуулчлалын ажлаасаа хэсэг хугацаанд чөлөө авчээ.

Зуриел уран бүтээлээ хийхийн сацуу боловсролдоо давхар анхаарсаар иржээ. Тэрээр саяхан Калифорнийн онлайн хичээлийн системийг ашиглан есдүгээр ангиа төгсчээ. Зуриел үеийнхнээсээ хоёр жилийн өмнө ахлах сургуулиа төгсөх юм байна. Үүнээс гадна “Dream up, Speak up, Stand up” төслийнхөө хүрээнд есөн орны 21 мянган хүүхэдтэй ярилцахаар төлөвлөжээ.

Гэтэл насандаа баймгүй өндөр хариуцлага үүрч яваа Зуриел охин дөнгөж 12 настай гээд боддоо…

Categories
мэдээ спорт

Д.Номин-Эрдэнэ их мастер болов

Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Ерөнхий зөвлөлийн анхдугаар хурлаар Монгол Улсын шатарчин Д.Номин-Эрдэнэд эмэгтэйчүүдийн их мастер, С.Отгонжаргалд эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг албан ёсоор олгосноо зарлажээ. Энэ хурал БНХАУ-ын Ченду хотноо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-29-нд болсон юм. Манай улсын шатарчин Д.Номин-Эрдэнэ оны өмнөхөн Унгарын Кечкемет хотноо зохиогдсон “Нappy New Year” олон улсын тэмцээнд оролцож эмэгтэйчүүдийн их мастер цолны гурав дахь нормоо биелүүлжээ. Ийнхүү 15 настайдаа эмэгтэйчүүдийн их мастер цолыг хүртэж, эмэгтэйчүүдийн их мастер цол хүртсэн Монгол Улсын дөрөв дэх шатарчин болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ухаалаг цагны сул тал нь шивээс гэдгийг тогтоожээ

Apple-ийн зарим ухаалаг бугуйн цаг бугуйн дээрх шивээснээс чинь болж ухаалаг утасны зүрхний цохилтыг мэдрэх төхөөрөмжийг зөв ажиллуулахад саад учруулж магадгүй гэсэн байна.

Энэхүү бугуйн цаг нь таны зүрхний цохилтыг мэдэрснээр таныг цагаа зүүсэн үгүйг мэддэг бөгөөд, зүрхний цохилт мэдэгдэхгүй тохиолдолд уг цагаа ашиглаж чадахгүй юм байна. Зарим хэрэглэгчид энэ талаар гомдол мэдүүлсэн бөгөөд ийм алдаа мадаг гарж болзошгүйг Apple компани хүлээн зөвшөөрсөн аж. Уг цаг нь ногоон болон инфраред туяаг цацруулж судасны цохилт хэмжиж зүрхний үйл ажиллагааг тодорхойлдог юм байна. Харин товгор шивээс нь инфраред туяаг ойлгож ногоон туяаг шингээж авдаг гэжээ. Харин хар шивээс нь ногоон инфраред аль аль туяаг шингээж авдаг бөгөөд ингэснээр зүрхний цохилт болон үйл ажиллагааг нь хянах боломжгүй болгож байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автомашины улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн жолооч нар татвараа төлөөрэй

“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн билээ. Тэгвэл энэ сард автомашины улсын дугаар нь 5,0 тоогоор төгссөн жолооч нар албан татвараа төлөх ёстой юм.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураамжаа төлөх нэг цэгийн үйлчилгээний зарим байршил, цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрвээ татвараа төлөөгүй тохиолдолд таны машин ирэх сараас хөдөлгөөнд оролцох эрхгүй гэсэн үг.

Categories
мэдээ спорт

Супер лиг шинэ ордонд

Өнөөдөр Үндэсний супер лигийн шийдвэрлэх тоглолтууд Хандгайтад нээгдэж буй Д.Содномзундуйн нэрэмжит сагсан бөмбөгийн шинэ ордонд болох гэж байна.

Хүрэл медалийн төлөөх тоглолт болох “Хасын Хүлэгүүд”-“Эрдэнэдрийлинг” багийн тоглолт 13.00 цагаас болох бол 15.00 цагаас “Дундговь Альянс Тех Харцага” – “Дорнод Танан Гарьд” багуудын цувралын зургаа дахь тоглолт тус тус болох ажээ.

Categories
мэдээ спорт

Монголын волейболчид “А” хэсэгт багтлаа

-Азийн Зүүн бүсийн тэмцээн Монгол улсад 3 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд өмнөх тэмцээнээс манай эмэгтэй баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртжээ-

Өмнө нь 2000, 2008 онуудад болоход эмэгтэй шигшээ баг 2000 онд МӨНГӨ, 2008 онд ХҮРЭЛ медаль хүртсэн билээ. Харин эрэгтэй баг хараахан медаль хүртэж чадаагүй байна.

Азийн волейболын холбооны ивээл дор болох эрэгтэйчүүдийн Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд болох билээ. Азийн волейболын холбооноос өчигдөр тэмцээний албан ёсны сугалаа, тоглолтын хуваарийг баталгаажуулан ирүүллээ. Тэмцээний “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан байна.

Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам дэмжин, “Витафит” групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн Баянгол зочид буудал, тамирчидад үйлчлэхээр “Атибус” ХХК, харуул хамгаалалтын O.B.S ХХК хамтран ажиллахаар болсон. Тэмцээний үеэр сайн дурын ажилтнууд ажиллах юм.

Энэ удаагийн тэмцээнийг шууд дамжуулахаар ТВ-9, МНС, Сүлд гэсэн гурван телевизийн уран бүтээлчид ажиллахаар болжээ.

Тоглолтын хуваарь: (Буянт-Ухаа спортын ордон)

V.10 (Ням гариг)

  • 12.00 Япон vs БНАСАУ
  • 14.00 Макао vs Тайвань
  • 16.00 Нээлтийн ажиллагаа
  • 17.00 Монгол vs Хонгконг
  • 19.00 БНХАУ vs БНСУ

V.11 (Даваа гариг)

  • 14.00 ХонгКонг vs БНСУ
  • 16.00 Тайвань vs БНАСАУ
  • 18.00 Япон vs Макао
  • 20.00 Монгол vs БНХАУ

V.12 (Мягмар)

  • 14.00 Макао vs БНАСАУ
  • 16.00 БНХАУ vs ХонгКонг
  • 18.00 Тайвань vs Япон
  • 20.00 БНСУ vs Монгол тус тус тоглож хэсгийн тоглолт өндөрлөх юм.

Хэсэг бүрээс нэг, хоёрдугаар байраар шалгарсан багууд хүрэл болон алтан медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээний хуваарийн дагуу лхагва гаригт тоглолтгүй өнжиж, пүрэв, баасан гаригт хагас шигшээ болон шигшээ тоглолтууд болох юм.

V.14 (Пүрэв)

  • 14.00 А3 vs B4 (13 дахь тоглолт)
  • 16.00 B3 vs A4 (14 дэх тоглолт)
  • 18.00 А1 vs B2 (15 дахь тоглолт)
  • 20.00 В1 vs A2 (16 дахь тоглолт)

V.15 (Баасан)

  • 10.00 13-р тоглолтын хожигдсон vs 14-р тоглолтын хожигдсон
  • 12.00 13-р тоглолтын хожсон vs 14-р тоглолтын хожсон
  • 14.00 15-р тоглолтын хожигдсон vs 16-р тоглолтын хожигдсон (ХҮРЭЛ МЕДАЛЬ)
  • 16.00 15-р тоглолтын хожсон vs 16-р тоглолтын хожсон (АЛТАН МЕДАЛЬ)
  • 18.00 Хаалтын ажиллагаа
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойгоос алдсан боломж

Оюу толгой” компани ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж урд хөршид экспортолж буй. Харин зэсийн гол нөөцийг олборлох учиртай далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоод хоёр жил болж байна. Оюу толгойн нөөцийн 80 хувь нь гүндээ бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусч байж Оюу толгой гол нөөц рүүгээ орно гэсэн үг. Далд уурхайн санхүүжилт гацаж бүтээн байгуулалт зогсоогүй бол эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх байсныг тоо­цоолж үзсэн хүн одоогоор алга. Ингэхэд Оюу толгойн бүтээн байгуулалт зогссоноор монголчууд ямар боломжуудыг алдсан бол. Тооцоолох гээд үзье.

Оюу толгой төсөл 2013, 2014 онуудад нийтдээ хоёр тэрбум ам.доллар зарцуулах байж. Том төслийн зарцуулалт эдийн засагт яаж нөлөөлөх нь тодорхой. Татвар болж төсөвт очно. Төсөв мөнгөжихийн хэрээр хамгийн наад зах нь л төсвийн ажилчид цалингаа асуудалгүй авна. Цомхтголд өртөж ажилгүй болно гэх айдасгүй ажиллана. Мега төсөл хэрэгжиж эхлэхээр ажилчдын хоол, унд, хувцас, бензин шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд хэрэглээ нь өснө. Дотоодын бизнесүүдээс хэрэглээгээ худалдаж аваад эхлэхээр эдийн засагт шууд нөлөө нь мэдрэгдээд ирнэ.

Тооцоогоо бүр ахиулъя. Оюу толгой төслийн зарцуулах байсан нэг тэрбум төгрөгийн53 хувь буюу 553 сая ам.доллар нь эдийн засагт шууд нөлөөлөх байж. Энэ мөнгөний 40 хувь нь дотоодын ханган нийлүүлэгчдээр дамжиж зах зээлд эргэлдэнэ гэсэн тооцоо гарч байна. Төсвийн ажилчдын цалинд 40 сая ам.доллар зарцуулах байсныгонцолъё. Эдийн засгийн шууд бус нөлөөний хувьд ч яг таг тоо хэлж болно. 450 орчим сая ам.доллар ханган нийлүүлэгчдээр дамжиж, бараа бүтээгдэхүүн, цалин, үйл ажиллагаандзарцуулагдах боломжийг бид алджээ. Энэ мөнгөний 37 хувь нь дотоодын гэрээлэгчдэд очих байж. Ханган нийлүүлэгч компани, тэнд ажилладагажилчдаас нийтдээ 90 орчим сая ам.доллар татвар хэлбэрээр улсын төсвийг арвижуулах байсан боломжоо ч бид өнгөрсөн хугацаанд алдаад байна. Ханган нийлүүлэгч байгууллагуудаас60 орчим сая ам.доллар төсвөөс цалинждаг хүмүүст очих байжээ. Энэ хэмжээний мөнгөөр улсад ажилладаг 2500 хүний цалин хөлсийг өлхөн тавьчихна.

Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт гацсанаасболж эдийн засагт эргэлтэнд орох байсан хэчнээн ам.доллар алга болчихов гэсэн асуултад хариу хайя. 1.55 тэрбум ам.доллар эргэлтэд орох байсан гэсэн тооцоог эдийн засагчид гаргажээ. Бараг л гурван их наяд төгрөг. Оюу толгой төсөл нэг жилд тэрбум ам.доллар зарна гэхээржил бүр дунджаар 500 сая ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Монголд орж ирэх байсан гэсэн үг. Энэ боломжоо ч бид алдаад байна.

Бас нэг тооцоо сонирхъё. Оюу толгой төсөл, энэ төслийнханган нийлүүлэгчид, ханган нийлүүлэгч компаниудын ажилчдаас шууд татвар хэлбэрээр авах мөнгө ч чамлахааргүй байж. Нийт зарцуулалтын 9-11 хувьтай тэнцэх мөнгө төсөвт орох байжээ. Оюу толгой төсөл энэ хэмжээний мөнгө зарцуулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувьтай тэнцэх хэмжээний шинэ бизнесүүд бий болно гэсэн анхаарал татахаар тооцоо ч байна.

Тэгэхээр өнгөрсөн хоёр жилд бид ийм боломжуудыг алджээ. Боломжийг алдсанаар ямар эрсдэлд хүрснээ эргэж харъя.

Оюу толгойн далд уурхайн санхүүжилт зогсч, Засгийн газар“Рио” хоёр хэлэлцээрийн ширээний ард сууснаас хойш гадаад хөрөнгө оруулалт огцом буурсан. Энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарсан гэх мэдээллийг Монгол банкнаас өгчбайна. Өнгөрсөн оны эхний улиралд 294 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж. Харин өдгөө 72.2 саяар буурч 366 сая ам.доллар руу уруудаад байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт жил бүр буурч байгааг энэ харьцуулалтаас харчихаж болно. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарчихаар ам.долларын ханш өсдөг. Доллар ховордох тусам ханшаа барихад хэцүү, төгрөг үнэгүйдэхэд ойрхон байна гэсэн анхааруулгыг Төв банкныхан өгч байна. Оюу толгой гацсан үед буюу 2012 онд 1400 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1995 төгрөгт хүрсэн. Гол шалтгаан нь эрс буурсан гадаадын хөрөнгө оруулалт.

Монгол руу чиглэсэн том хөрөнгө оруулалтууд хүлээлтийн горимд шилжчихээд байгаа. Тэд Оюу толгой төсөл урагшлах эсэхийг харж суугаа. Бас Монгол Улсын зээлжих зэрэглэл хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй гэсэн ангилал руу уруудчихсан яваа. Зээлжих зэрэглэл муудах тусам Монголын компаниудын гадны зах зээлээс мөнгө босгох боломж нь хумигдана.Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү болно. Уг нь зээлжих зэрэглэл өндөр бол олон улсын зах зээлээс хямд хүүтэй мөнгө босгож эдийн засгаа тэтгэх боломж бий. Одоогийн байгаа зээлжих зэрэглэлийн B гэсэн үнэлгээг нэг шатаар ахиулахад л хөрөнгө оруулахад таатай гэсэн ангилалд багтчихна гэж Эдийн засгийн форумын үеэр ярьж байсан. Зээлжих зэрэглэлийг ахиулах нэг том гарц нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж эдийн засагчид ам нийлүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд гадны хамгийн том хөрөнгө оруулалттай Оюу толгойгоо хөдөлгөхөөс өөр гарц харагдахгүй байна.

Том төслөө хөдөлгөөгүйгээс болж гарах нэг том эрсдэл бий. Тэр нь “Чингис” бондын эргэн төлөлт. Засгийн газрын гадны хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөө эргүүлж төлөх хугацаа 2017 он. Яг одоогийн байдлаар Монгол Улсын төсөвт бондынөрөө буцаан төлөх мөнгө байхгүй. Том төслөө хөдөлгөж байж л бондын мөнгөө буцаан төлөх боломжтой гэж эдийн засагчид сануулдаг. Хэрвээ далд уурхайн өндөр агуулгатай хүдрээс бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн бол улсад төлөх татвар, төлбөрийн баримжаа гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ мөнгө бол 2018-2025 онуудад төлөх татвар хураамжийн хэмжээ. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл “Чингис” бонд зэрэг гадаад өрийг төлөхөд төсөвт дарамт учрахгүй гэж шинжээчид хэлж байна.

Оюу толгой эдийн засагт ингэж нөлөөлжээ

Хөрөнгө оруулалтын үржүүлэх нөлөө гэсэн ойлголт бий. Олон улсад бүр Investment multiplierгэсэн нэршилтэй. Манайх шиг чөлөөт зах зээлийн эдийн засагтай улсад энэ аргачлалыг хэрэглэдэг. Зорилго нь төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эдийн засаг дахь зөв нөлөөг гаргах. Ухаандаа Оюу толгой шиг төр, хувийн хэвшил хамтарсан төслийн эдийн засагт үзүүлж байгаажинхэнэ, бодитойөгөөжийг гаргаж ирэх арга гээд ойлгочихож болно. Энэ аргыг анх хэрэглэсэн улс нь АНУ. Өнгөрсөн зууны эхээр буюу 1930 оноос хэрэглэж эхэлжээ. Монголд яг одоо хэрэгжиж буй төр, хувийн хэвшлийн хамтарсан, гадаадын хөрөнгө оруулалттай томтөсөл гэвэл ганцОюутолгой л байна. Таван толгойг засаг, хувийн хэвшил хамтарч хөдөлгөнө гэсэн эерэг мэссэж бий. Гэхдээ яг одоогоор шийдлээ олоогүй байгаа.

Монголчууд том төслүүдээ хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөгөөр хэмжиж үзсэн удаагүй. Оюу толгой дээр гэхэд шууд оруулсан мөнгийг нь л хөрөнгө оруулалт гэж үздэг. Монголын эдийн засагт Оюу толгой ийм нөлөө үзүүлжээ гэсэн өнцгөөс үнэлсэн тоо харагддаггүй. Хөрөнгө оруулалтын өгөөж хөгжингүй оронд бага, хөгжиж байгаа улсад илүү байдаг гэж шинжээчид онцолдог. Тэгэхээр манай улсын хувьд том хөрөнгө оруулалтын нөлөө өндөр тусна гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын үр нөлөөг “татвар ба хөгжил” гэсэн аргачлалыг ашиглаж хэмждэг юм билээ. Татвар нь шууд хэмжиж болох орлого. Харин хөгжил нь мөнгөн үзүүлэлтэд шилжүүлсэн шууд бус эдийн засгийн үр нөлөө. Манай улсын хувьд татварыг нь онцлоод шууд бус үр өгөөжийг нь орхичихдог. Ер нь баялгаа гаргаж буй орнуудын хувьд хөрөнгө оруулагчаас авсан татвараа чамлах хандлага гаргадаг нь хөрөнгө оруулалтын шууд бус өгөөжийг ойлгодоггүйтэй холбоотой гэж эдийн засагчид хэлдэг. Баялгаа ашиглаад хөгжсөн улсуудын хувьд ийм хандлага бага, Замби мэт баялагтай ч өнөө хэр хөгжил буурай улсын хувьд харин өндөр байдгийг судлаач, шинжээчид баримт нотолгоотойгоор гаргаад ирсэн байдаг.

Оюу толгойн бүтээн байгуулалтад нийтдээ 6.49 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн статистик бий. Гэхдээ эдийн засаг талаас нь харвал энэ мөнгөнөөс илүү өгөөж үлдсэн. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө нь их байсан гээд ойлгочихож болно. Баримтаар нотолъё. Бүтээн байгуулалт ид өрнөж байх үед өмнийн говьд 3000 орчим хүн ажиллаж байв. Ийм тооныгэр бүл энэ төслөөс амьжиргаагаа залгуулж байсан гэсэн үг. Нэг хүний ард гурван хүн бий гэж бодоход бараг арван мянган хүнийг Оюу толгой тэжээж байж. Тэдний олонх нь байр, машины зээл авч амьдралаа дээшлүүлсэн. Байнгын дажгүй орлоготой учраас л амьдрал ахуйгаа дээшлүүлсэн хэрэг. Цалин багатай, урьдчилгаагаа өгч чадахгүй иргэдийн хувьд байрны зээл асуудал болдог. Орлого нь хүрсэн ч урьдчилгаагаа төлж чадахгүй учраас байрны зээлд хамрагдаж чадахгүй яваа залуус олон бий. Харин Оюу толгой зэрэг уул уурхайн ашигтай, цалин дажгүй өгдөг төслүүдэд ажилладаг залуусын хувьд байдал өөр байсныг ипотекийн зээлийн статистикаас харж болно. Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс байрны зээлд төвөггүй хамрагдсан байдаг. Үүнийг л хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гээд байгаа юм.

Оюу толгой боловсрол сургалтанд гэхэд л 126 сая ам.долларыг таван жилийн хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн гэсэн тооцоо бий. Төгрөгт шилжүүлж тооцволхэдэн тэрбум хол давсан мөнгө. Энэ мөнгөөр Өмнөговь аймагт уул уурхайн жишиг сургууль босгосон. Мэргэжлийн боловсрол олгох багш нарыг нь сургасан. Техник мэргэжлийн боловсрол сургалтад анхаарсан. Тэтгэлэгт сургалтуудад зориулсан. Дотоод, гадаадынтэтгэлэгт хөтөлбөр гэж зарласан. Уул уурхайн салбарт чадварлаг мэргэжлийн ажилтан, мэргэжилтнүүд бэлтгэхэд Оюу толгойгоос олон тэрбум төгрөг зарцуулаад байгаа гэсэн үг. Ирээдүйд уул уурхайн олон том төсөл хэрэгжинэ. Таван толгой, Цагаан суварга зэрэг төслүүд хэрэгжиж эхлэх үед уул уурхайн өндөр мэргэжилтнүүд нь монголчууд болчихвол энд үлдэх мөнгө тэр хэрээр ихэснэ. Том төслүүд дээр гадаадын мэргэжилтнүүд өндөр цалинтай ажиллаж байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Өндөр түвшинд бэлтгэсэн хүн нь байхгүй учраас том төслүүд гадаадаас мэргэжилтэн авчирч ажиллуулаад байгаа хэрэг л дээ. Харин Оюу толгойн эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч, уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй залуус гадаад, дотоодод сураад ирэхээр байдал өөрчлөгдөнө. Өндөр цалинтай ажлыг тэд хийнэ гэсэн үг. Уул уурхайн өндөр мэргэжилтэй залууст гадны улсуудад хэрэгжиж буй том төслүүд дээр ажиллаж их мөнгө олох боломж ч бий. Тэр тоолонд Монголд орж ирэх доллар нэмэгдсээр байна. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэдэг нь энэ.

Оюу толгойн дотоодод зарцуулсан нийт мөнгөн дүнг сонирхъё. 2010-2015 онд Оюу толгой 4.78 тэрбум ам.долларыг дотоодод зарцуулжээ. Барагцаалбал долоон их наяд гаруй төгрөг. Монгол улсын төсвийн жилийн орлогоос давсан хэмжээний мөнгийг энэ аварга төсөл зөвхөн дотоодод зарцуулжээ. Энэ их мөнгөний 76 хувийг зөвхөн монгол компаниудад хийсэн төлбөр эзэлж байна. Оюу толгойгоос мөнгө авсан монгол компаниуд, тэр компаниудад ажилладаг гэр бүлүүд амьдрал ахуйгаа давгүй аваад явсан гэсэн үг. Оюу толгойн Монголд зарцуулсан мөнгөн хөрөнгөний таван хувь нь үндсэн болон гэрээт ажилтнуудын цалин болж очжээ. Мөн л овоо хэдэн айлыг амьжиргааг залгуулсан байж таарна. Дотоодод зарцуулсан мөнгөний 19 хувь нь Монголын төсөвт байгууллагад төлсөн шууд төлбөрүүд. Өөрөөр хэлбэл татвар, нийгмийн даатгал, хураамж зэрэг бусад төлбөрт зарцуулсан мөнгө. Төсөвт орсон мөнгө төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг үйлчилгээнд зарцуулагдсан гэхээр Монгол Улсын иргэн бүр Оюу толгой төслийн өгөөжийг хүртсэн гэсэн үг. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гээд байгаа нь энэ л дээ.

Оюутолгой орон нутагт буюу Өмнөговьд ч багагүй хэмжээний мөнгө зарцуулсан байдаг. Дэд бүтэц тавих, малчдын худгийг нөхөн сэргээх, соёлын өвийн, байгаль орчны хөтөлбөр гээд орон нутгийн хөгжил рүү хандсан нэлээд ажил хийснийг компанийн тайлангаас харж болно. Оюу толгойн тавьсан цахилгааны шугам өмнийн говийнхонд хэрэгтэй. Барьсан зам нь ч тусаа өгч байгаа. Янзалж өгсөн худаг нь говийнхны хувьд амины хэрэгцээ. Дээр нь энэ аймгаас Оюу толгойд ханган нийлүүлэлт хийдэг хувь хүн, компаниуд гэхэд л өчнөөн. Наад зах нь хэдэн тэмээтэй Дорж гуай ингэний хоормогоо нийлүүлээд амьжиргаагаа залгуулчихаж байна. За тэгээд Оюу толгойд гэрийнх нь аль нэг нь ажилладаг айл Өмнөговьд олон. Тэд эдийн засаг хямралтай ийм үед энэ төслийн өгөөжөөр ажилтай, орлоготой дажгүй яваа. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө Өмнөговьд гэхэд л ийм байх жишээний.

Монгол шиг байгалийн баялагтай, ирээдүйд хөгжих өндөр боломжтой улсууд олон бий. Тэднээс ялгарч өрсөлдөх нэг тал бидэнд бий.Оюу толгой шиг том хөрөнгө оруулалт шаардсан төслөө хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөгөөр хэмжиж, бодитой үр дүнг нь тооцоод сурчихвал л Монгол уул уурхайн салбартаа түшиглээдхөгжилд хүрччадна.

Ц.Баасансүрэн