Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.30.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн 51,3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нар Тавантолгойн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, уг асуудлыг хэлэлцэх асуудал юунаас болж гацаанд орж хойшлогдоод байгаад тайлбар авахыг хүссэн юм. Тавантолгойн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсэг гаргах талаар намын бүлгүүд ярилцаад гурван намын бүлэг гурвуулаа нэрээ өгсөн. Ажлын хэсэг хагас бүтэн сайнд ажиллах байх. Яаралтай энэ асуудлыг шийдэж оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ одоо өргөн барьсан хууль, тогтоомжтой нийцэж байгаа эсэх дээр дүгнэлт гарах ёстой. Ямар арга замаар явах вэ гэдгийг ажлыг хэсэгт орсон намын бүлгийн гишүүд бүлэг дээрээ очиж ярих хэрэгтэй. Тэгж байж өөрчлөлт оруулна гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын дарга өгөв.

Гишүүд тайлбар авсны дараа чуулганы нэгдсэн хуралдаан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 61,9 хувиар дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ.

Үүний дараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар тус тус танилцуулав.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх үндэслэл, шаардлагыг харгалзан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар Эдийн засгийн хөгжлийн яам /хуучин нэрээр/-ыг татан буулгасан бөгөөд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 75 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулалтын асуудал хурцаар тавигдаж байна. Шинэ засгийн газар гарч ирснээр хөрөнгө оруулалтын талаар ямар ажил хийв. Хөрөнгө оруулалтын асуудалд илүү ач холбогдол өгч, төр, засаг анхаарлаа түлхүү тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хууль гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн хууль болж чадсан уу. Төрийн захиргааны байгууллагын шилжилт, хууль эрх зүйн орчинд ойр ойрхон хийгдэж байгаа өөрчлөлт нь тогтворгүй байдлыг бий болгож байна. Тогтворжуулалтын гэрчилгээг хэдэн компани аваад байна гэсэн асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, хуулийн төслийн гол ач холбогдол юунд байна вэ. Ерөнхий сайдын мэдэлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг оруулья гэж байгаа юм байна. Гадны хөрөнгө оруулалтыг татах өөр ямар том шинэчлэл байгаа вэ. Өнөөдөр монголд хөрөнгө оруулалт оруулж ирэхэд хамгийн хүнд бэрхшээл нь төрийн албаны хүнд суртал, олон шат дамжлага байгаа. Хичнээн хууль гарсан ч хэрэгжилт муутай байдаг. Энэ асуудалд анхаарсан зүйл байна уу. Дөнгөж сая Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг унагачихлаа. Жинхэнэ зохицуулалт хийх нь энэ хөтөлбөр нь байсан гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хариултдаа, өнөөдрийн хуулийн өөрчлөлт бодлогын бус техникийн шинжтэй өөрчлөлт. Хүлээлт бий болгоод байсан ашигт малтмалтай холбоотой гол гол зохицуулалт бүрэн дүүрэн хийгдсэн. Гадныхан юу хүсч байна гэвэл хамгийн гол нь хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал гэдгийг хэлж байгаа. Хөрөнгө оруулалтын орчинг сайруулах талаар гишүүд санал, санаачлага гаргаад ажиллавал хамтарч ажиллахад бэлэн. Юуны түрүүнд бизнесийнхний нуруун дээрх ачааг хөнгөлөх хамгийн том хууль бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Энэ хуулийг Засгийн газрыг татаж аваад дахин боловсруулж өргөн барьсан. Хуулийн хэлэлцүүлэг хурдан хугацаанд хийгдвэл үр дүн гарах бололцоотой гэлээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 78,4 хувиар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байв. Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцууллаа.

Мөнгөн ус нь байгаль дээр оршдог элемент бөгөөд хүний үйл ажиллагаатай холбоотойгоор болон өөрөө байгаль дээр ялгарч, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг онцгой хортой бодис юм байна. Мөнгөн ус нь задарч устдаггүй учраас үүссэн газраасаа хол тархах чадвартай ба агаар, ус, хөрс, ургамал, амьтны хооронд урт хугацаанд шилжиж хөдөлгөөнд оршиж, хүний тархи, төв мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээж, мэдрэлийн системийн гажиг, дутуу хөгжилтэй хүүхэд төрөхөд нөлөөлдөг байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү асуултдаа, мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн зохицуулалт, хяналт муу байгаа. Үүнийг хэлэлцэж буй асуудлын хүрээнд зохицуулах ямар боломжтой вэ. Мөнгөн ус агуулсан хаягдлын цуглуулга, хадгалах, устгах асуудлыг зохицуулсан журам байхгүй, менежментийн систем байхгүй байгаагаас, иргэд мэдээлэл муутай, мэдэхгүй байгаагаас болж мөнгөн усанд их хорддог. Тухайлбал хог хаягдалтай цуг маш их мөнгөн ус хаягдаж байна. Түүнийг хогноос тусгаарлах, хоргүйжүүлэх асуудлыг энэ хүрээнд яаж авч үзэх вэ. Мөн мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцдаг хүмүүсийн мэдлэг хангалтгүй байгаагийн зэрэгцээ, тэр тоног төхөөрөмжийг эргээд ашиглах боломжгүй болсон үед нь устгадаг, хоргүйжүүлдэг системийг яаж тогтоох вэ гэсэн асуудлыг хөндөв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, мөнгөн ус ашиглалтын асуудал өнөөдөр цэгцтэй болоогүй. Мөнгөн усыг нууцаар оруулж ирдэг гэсэн мэдээлэл байдаг нь хэр бодитой вэ. Гаднаас орж ирж байгаа мөнгөн усны албан ёсны хэмжээ байна уу. Энэ хортой бодисыг багасгах хүрээнд хортой хог хаягдлын үйлдвэрлэл барих асуудал хэзээ шийдэгдэх вэ. Гар аргаар боловсруулж байгаа алтны хэмжээн дээр мөнгөн усыг багасгаж чадсан гэж байгаа нь сайшаалтай байна. Мөнгөн усны хордлогоос болж өвдсөн, эрүүл мэнд нь хохирсон хүн хичнээн байдаг вэ гэсэн асуултыг асуув.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өгсөн тайлбартаа, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан аргачлалыг ашиглан Монгол Улсад анх удаа 2011 онд мөнгөн усны ялгарлын тооллогыг хийхэд улсын хэмжээнд жилд 577.0 тонн мөнгөн ус ялгарч байгаагийн 85.9 хувь нь хөрсөнд, 5.43 хувь нь агаарт, 3.9 хувь нь завсрын бүтээгдэхүүнтэй, 2.6 хувь нь хог хаягдалтай хамт, 1.9 хувь нь усанд, 0.15 хувь нь хог хаягдал устгах болон цэвэрлэх байгууламжид хаягдаж байгаа бөгөөд гол эх үүсвэр нь өнгөт металлын анхан шатны боловсруулалт, мөнгөн ус агуулсан бараа бүтээгдэхүүний хаягдал, нүүрсээр ажилладаг цахилгаан дулааны станц, уурын болон ус халаагуурын зуух гэж тогтоосон гэлээ. Мөн ажлын хэсгээс өгсөн хариултад, мөнгөн усны хэрэглээ манай улсад харьцангуй хязгаарлагдсан. Алтны олборлолтод мөнгөн ус хэрэглэж байгаа ажиллагааг зогсоож чадсан гэж хэлж болно. Төв, Баянхонгор аймагт бага хэмжээгээр нууцаар ашиглаж байгаа тохиолдол байгаа. Ойрын хугацаанд дэлхий нийтээр хориглож байгаа мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглээний зүйлсийг улсын хилээр оруулахыг хориглох хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа гэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 78.2 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд зодохгүй байхыг уриаллаа

Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдөр. Энэ өдрийг манай улсын Хүүхдийг ивээх сан, оюутан залуус болон олон нийтийн хамтаар ес дэх жилдээ тэмдэглэж байна. Боловсорлын их сургууль, Боловсрол судлал сургуулийн нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн нийт 80 гаруй сурагчид хүүхдийг зодож шийтгэхгүй байхын төлөө хүмүүст уриалан Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд арга хэмжээ болов. Тэд хүүхдийн тухай дуу дуулж, флаш моб бүжиглэлээ.

Энэ өдрийг дэлхийн олон оронд эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж буйгаа эргэцүүлэн бодуулах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалан суртачилдаг байна.

Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг ивээх сангийн санаачлагаар тэмдэглэж хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн ажлууд зохион байгуулдаг уламжлалтай болжээ. Энэ жил Хүүхдийг ивээх сан “Гэр бүлийн орчинд хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг хуулиар хориглоё”, “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” аяныг зохион байгуулж байна. Мөн хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аянд 21 аймгийн орон нутгийн телевизүүд, нийслэлийн есөн дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох, эерэг аргаар, үлгэрлэн хүмүүжүүлэх сэдэвт шторкуудыг цацан суртачилж байна. Хүүхдийг зодож шийтгэхгүй байхын төлөө уриалж байгаа оюутан залуус бороонд норон зогсохдоо “Бидний дээрээс бороо орон урсан алга болдог шиг хүүхдийг зодон шийтгэх асуудал ч мөн адил урсан алга болоосой” хэмээн ярьж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Авлигатай тэмцэх нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэж оролдсон тогтоолын төсөл уналаа

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг устгахыг санаархсан хэд хэдэн заалт тусгагдаад байсан билээ. Тодруулбал, авлигатай тэмцэх соён гэгээрүүлэх ажлыг хэвлэлүүд үнэ төлбөргүй нийтэд түгээх, иргэд, аж ахуй нэгжүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй байгуулсан гэрээг ил болгох, “Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч-эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтоох” гэсэн ноцтой гурван заалт орсон байлаа.

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхдээ хэвлэлд харшилсан дээрх заалтуудыг огт хөндөөгүй юм. Авлигатай тэмцэх нэрийдлээр дунд нь хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн зальжин арга бүтсэнгүй. Учир нь Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд дэмжээгүй. Ингээд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь эхлүүлээд, өнөө маргаашийн аль нэгэнд нь хэлэлцэхээр товлоод байсан билээ. Тэгвэл өнөөдрийн чуулганы хамгийн эхэнд уг тогтоолын төслийг хэлэлцэхээр оруулж ирсэн байв. Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл ийн унаж, төсөл санаачлагчид нь буцаасан байна.

Categories
мэдээ улс-төр

Дэд ажлын хэсгийг А.Гансүх ахална

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн олон нийтийг шүүмжлэлийг багагүй татаад байгаа юм. Гэтэл нэг ажлын хэсэг байгуулаад зогсохгүй ажлын хэсгийн дор ахиад дэд ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Тавантолгойн гэрээний төслөө УИХ-д өргөн бариад долоо хонож байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Тавантолгойн гэрээний төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Энэ төслийг бүлгүүдээр хэлэлцсэн боловч, өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа. Мөн Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр орох ёстой байсан ч УИХ-ын даргын шийдвэрээр Ажлын хэсэг байгуулсны дараа хэлэлцэхээр болсон юм.

Лхагва гаригт буюу өчигдөр УИХ-ын даргын захирамжаар Тавантолгойн ажлын хэсгийг томилж, ахлагчаар Л.Эрдэнэчимэгийг, гишүүдээр нь А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нарыг томилсон. Мөн Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулсантай холбоотойгоор дэд ажлын хэсэг байгуулжээ.

Дэд ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын Хуулийн зөвлөх А.Гансүх ахалж байгаа бол гишүүдэд нь П.Амаржаргал / УИХ-ын Тамгын газрын ахлөх зөвлөх/, Б.Батбилэг /Эрдэнэс Тавантолгойн компанийн санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч/, И.Индранила /Эрдэнэс Оюутолгой компанийн хуулийн зөвлөх/, М.Мягмар-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэр эрхэлсэн дэд захирал/ нар багтжээ.

Үүнийг харсан зарим хүмүүс Засгийн газраас өргөн барьсан гэрээний төслийг яахаараа төрийн өмчит компанийн ажилтнууд шүүн хэлэлцэх эрхтэйг гайхаж байна. Нөгөөтэйгүүр, Тавантолгойн ордын гэрээнд хаа байсан “Эрдэнэс Оюутолгой” компанийн хуулийн зөвлөхийг багтаасан нь гайхширал дагуулж байна. Тиймээс ажлын хэсгийн дор ажлын хэсэг ахиад дор нь ажлын хэсэг байгуулбал гайхах ч хэрэггүй биз.

Categories
мэдээ нийгэм

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/351 дугаар захирамж гаргаж нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Батэрдэнэ ажиллана.

Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн төслийг 2015 оны 2 дугаар улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, батлуулахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Орон сууцыг нурах аюулд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, барилгын компанийн газар эзэмших эрхийг цуцаллаа

Гуравдугаар хорооллын 16 дугаар байр нурах аюул нүүрлэж, оршин суугчдын хүнд байдал ороод байгаа. Гэтэл уг байрыг нурах аюулгүй гэж мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулсан. Тэгвэл дээрх байрны ашиглалтын хэвийн ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байна. Тодруулбал, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, уг асуудалтай холбогдуулан хууль, журам зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ. Уг захирамжид:

1. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны барилгын сууринд барилгын норм дүрэм, стандарт, технологийн горим зөрчин, барилгын суурь газар шорооны ажлыг гүйцэтгэсний улмаас үүссэн нөхцөл байдалд хийсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07/008/207 дугаар дүгнэлтийн дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

1.1.Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны суурь суулгалтын зөрүү, барилга хоорондын хөрсний өөрчлөлт, гулсалт, хийц бүтээцийн төлөв байдлын судалгаа шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, судалгааны дүнд үндэслэн барилгын аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөлөгөөний газарт

1.2.Барилгын буурь хөрсний байдалд хийсэн судалгаа шинжилгээний дүн, хөрсний нуралт үүссэн нөхцөл байдлаас үндэслэн хүчитгэлийн зураг төсөл боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, зураг төслийн дагуу бэхлэх, хүчитгэх ажлыг орчны болон зэргэлдээх барилга байгууламжуудын аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар яаралтай гүйцэтгүүлэх, гүйцэтгэлд нь захиалагчийн хяналт тавихыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт;

1.3.Орон сууцны 16 дугаар барилгын бохир ус цуглуулах шугам хоолой, ТТ-1 тунгаагуурын далд шугам хоолойн ашиглалтын шаардлагыг хангуулах, үерийн далан, лоткины хэвийн ажиллагааг хангах арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын Албанд

2. Дээрх үүссэн нөхцөл байдалтай уялдуулан авсан шуурхай арга хэмжээний дагуу Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байрлуулах, хөрсний суурь байдалд судалгаа шинжилгээ, сууринд хөрсний нуралтаас хүчитгэл, бэхэлгээ хийх, инженерийн барилга байгууламжийг засварлах болон бусад сэргээн босгох ажлын зураг төслийг боловсруулж, мэргэжлийн байгууллагаар яаралтай гүйцэтгүүлэхэд шаардагдах зардлыг норм нормативын дагуу тооцон хянаж, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулж, холбогдох буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Тамгын газарт даалгалаа.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга “Барилгын хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох талаар авах зарим арга хэмжээний тухай” А/354 дугаар захирамж

1. Холбогдох хууль тогтоомж болон газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн “Би Жи Би Жи” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар саналаа боловсруулж, 2015 оны 4 дүгээр сард багтаан танилцуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт

2. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны барилгын сууринд барилгын норм дүрэм, стандарт, технологийн горим зөрчин, барилгын суурь газар шорооны ажлыг гүйцэтгэсний улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дор дурдсан асуудлаар санал боловсруулж, танилцуулахыг Тамгын газарт

2.1. Газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламжийн байршил тогтоох, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, барилгын эскиз зургийг батлахдаа шинээр барих барилгын зориулалт, хүчин чадлыг ашиглаж байгаа барилгуудтай уялдуулаагүй, өөрийн эзэмшлийн шугам, хоолойн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүй, барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавиагүй, зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдсон зөрчлийг тухай бүр шалгаж дүгнэлт гаргах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох;

2.2. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийг зөрчиж хот төлөвлөлтийн зай хэмжээ, барилгын бат бэх, галын найдваржилт зэрэг өндөр барилгын төлөвлөлтөнд тавигдах шаардлагуудыг тусгаагүй эскиз, ажлын зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт тавих талаар Барилгын хөгжлийн төвд санал хүргүүлэх;

2.3. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4 дэх заалтыг зөрчиж, тухайн барилгын зураг төсөл боловсруулах болон угсралтын ажил гүйцэтгэх тухайлсан обьектын тусгай зөвшөөрөлгүй этгээдэд барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт тавих талаар Барилга хот байгуулалтын яаманд санал хүргүүлэх;

2.4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газар олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” болон холбогдох хууль тогтоомжид заасан барилгын суурийн улаан шугам тавих үйл ажиллагааны талаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох, геодезийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх;

2.5. Нийслэлийн Онцгой комиссын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалын дагуу үүссэн нөхцөл байдалтай уялдуулан авсан шуурхай арга хэмжээний дагуу Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн, байрлуулсан болон бусад урьдчилан гаргасан зардлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07/008/207 дугаар дүгнэлтээр “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн 1.4, 1.5 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон “Би Жи Би Жи” ХХК-иас гаргуулж, нөхөн төлүүлэх.

3. Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөл, магадлалын дүгнэлт, барилгын норм, дүрэм, стандарт, технологийн горим зөрчиж барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаарх танилцуулга, цаашид авах арга хэмжээний тухай санал, дүгнэлтийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2015 оны 04 дүгээр сард багтаан хэлэлцүүлэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт

4. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ зөрчиж, ажлын хариуцлага алдаж ноцтой нөхцөл байдал үүсгэсэн албан тушаалтныг шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоохыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт үүрэг болголоо гэж.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайд тэтгэврийн насыг хойшлуулах болсон үндэслэлийг тайлбарлана

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцоно. Уулзалт өнөөдөр 12.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимын дэргэдэх Мэдээллийн төвд болно.

Тэтгэврийн насыг нэмэх тухай асуудал яригдаж, олны дургүйцлийг хүргэж байгаа. Тэгвэл С.Эрдэнэ сайд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тэтгэвэрийн насыг нэмэхгүй гэж тодотгосон билээ. Тэрбээр “Сайдын цаг” уулзалтаараасалбартаа хийсэн асуудал, хэрхэн хөгжүүлэх тухай ажлынхаа төлөвлөгөө, тэтгэврийн насыг хойшлуулах болсон үндэслэл зэргийг мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм.

Categories
мэдээ нийгэм

Барилгуудын зөрчлийг арилгаж, газар эзэмших эрхийг цуцална

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараахь асуудлуудыг хэлэлцлээ.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлсэн, үргэлжлүүлсэн зөрчлийн тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаарх мэдээллийг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүргийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй 33 барилга баригдаж байна. Үүнээс:

Батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг, төсөл, Барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй-16 барилга

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй-17 барилга

Зөрчилтэй барилгуудыг дүүргээр нь ангилвал:
Баянгол дүүрэг – 7
Баянзүрх дүүрэг – 9
Сүхбаатар дүүрэг – 2
Сонгинохайран дүүрэг – 7
Хан-Уур дүүрэг – 7
Чингэлтэй -1 тус тус байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл”-гүй барьж байгаа барилгын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт, шалгалтаар нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар барьж байгаа 47, иргэний захиалгаар барьж байгаа 18, нийт 65 зөвшөөрөлгүй барилга хамрагдсанаас барилгын угсралтын ажил хийгдэж эхэлсэн 57, барилгын суурийн нүхийг ухсан 8 барилга байна.

Эдгээр барилгуудыг дүүргээр нь ангилбал:
Баянзүрх- барилга 7, ухсан нүх 2
Хан-Уул- барилга 6, ухсан нүх 2
Сонгинохайрхан- барилга 12
Сүхбаатар- барилга 4
Баянгол- барилга 21, ухсан нүх 2
Чингэлтэй- барилга 2, ухсан нүх 1
Налайх- ухсан нүх 1
Багануур- барилга 57, ухсан нүх 8

Эдгээр зөвшөөрөлгүй 57 барилгад илэрсэн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд угсралтын ажил гүйцэтгэхгүй, түр хугацаагаар зогсоох тухай улсын байцаагчийн 36 удаагийн акт, 1 албан шаардлага, 20 мэдэгдэх хуудас, суурийн нүх ухсан 8 барилгад 2 акт, 1 дүгнэлт, 1 албан шаардлага, 4 мэдэгдэх хуудсыг захиалагч иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгч Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын дагуу 22.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан байна.

Шалгалтанд хамрагдсан барилгууд нь Барилгын зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжүүд бүрдэл болоогүй, баталгаажаагүй зураг төслийг барилгын захиалагч, гүйцэтгэгчид нийлүүлдэг, Инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцөлд олгогдоогүй шалтгаанаар зураг төсөл нь иж бүрдэл болж баталгаажаагүй, Барилгын ажлын зураг төсөл боловсруулахдаа Хот байгуулалтын тухай хууль, батлагдсан эх загвар, архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчсөнөөс батлагдахгүй байх зэрэг зөрчилтэй байна.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Зөвшөөрөлгүй газрыг яагаад инженерийн дэд бүтцээр холбодог талаар тодруулахад Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн захирал С.Төмөрхүү “Архитектур, төслийн даалгавартай барилгуудыг цахилгаанаар хангадаг, зөвшөөрөлгүй барилгуудыг цахилгаанаар хангасан асуудал байхгүй. Зарим газрууд хажуу талын барилгаас цахилгаанаа авсан тохиолдол байгаа” гэлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, Зөрчилтэй барилга, байгууламжтай холбоотой асуудалтай нийслэлийн Засаг дарга долоо хоног бүр тогтмол танилцдаг болох, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газраас гаргасан хяналт, шалгалтын дүнг нягталж эцсийн байдлаар гаргасан мэдээллийг олон нийт, банк, санхүүгийн байгууллагад мэдэгдэхийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгийн асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээлэлтэй холбогдуулан НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох,барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д заасны дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авч, ажлын үр дүнг танилцуулахыг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураггүй, зөвшөөрөлгүй барилгуудын газрын эрхийг цуцлах арга хэмжээ авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Мөн зөрчилтэй барилгуудын ус, дулаан, цахилгаан хангамжийг хязгаарлах дүгнэлт гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг НМХГ, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д үүрэг болгох нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран өнгөрсөн сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015 бизнес чуулга уулзалтын үр дүнгийн талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Тус бизнес уулзалтыг нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд нийслэлээс хэрэгжүүлж, төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Төр, хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон бизнес чуулга уулзалтаар Хөгжлийн төлөө Түншлэлийн тунхаглал гаргаж, хамтран ажиллахаар болсон.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар бизнес чуулга уулзалтыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулсан хэмээн онцлоод нийслэл хувийн хэвшилтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөрийг санал болгож, танилцуулах, харилцан санал солилцох тус форумыг жил бүр зохион байгуулахаар тогтлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдлагууд ААН-н төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн 500, Баянзүрх дүүргийн 600, Сүхбаатар дүүргийн 525, Чингэлтэй дүүргийн 580, Баянгол дүүргийн 380 нийт 3000 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг угтан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 35 мянган аж ахуйн нэгжийн дунд 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлаж байгааг танилцуулав.


Энэхүү уралдаантай хамтатган согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилал явуулах юм. Аж ахуйн нэгжийн удирдлагууд аттестатчиллыг хэрхэн явуулах, Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага, Амьдрах орчны зураглалд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын байршил тоо хэмжээг хэрхэн тусгасан талаархи асуудлаар санал солилцлоо. Аж ахуйн нэгжийн удирдлагууд нийслэлээс зохион байгуулж байгаа ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид энэ жишгээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах олон ажлыг санаачлан зохион байгуулж байхыг хүсч, идэвхитэй оролцохоо илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Дагиймаа: Авлигатай тэмцэх нэрийдлээр хэвлэл мэдээллийг боомилвол бид тэмцэнэ

“Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн ноцтой заалтуудыг Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан дуу нэгтэйгээр эсэргүүцэж байгаа. Энэ сэдвээр“ТВ-5” телевизийн гүйцэтгэх захирал Э.Дагиймаатай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх нэрийдлээр хэвлэлийн эрхэнд улмаар энэ салбарыг үгүй хийхээр санаархсан тогтоолын төсөл УИХ-д явж байна. Төслийн эхэнд хэвлэл мэдээллийн байгууллагууд авлигын эсрэг соён гэгээрүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй сурталчлах ёстой гэж үүрэгдсэн маягийн заалт бий. Үүнийг биелүүлэх боломж хувийн хэвшлийн сонин хэвлэл, телевиз, радиод байгаа юу?

-Төрийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилна гэдэг асуудал УИХ-ын түвшинд яригдаад, улстөрчид өөрсдөө үнэгүй сурталчлуулах гарцаа хайж байсныг манай уншигч, үзэгчид бүгд мэдэж байгаа. Улстөрчид сонгуульд өрсөлддөг, ялсан нам нь засаглалаа бүрдүүлдэг. Тэр хүмүүсийг хэвлэл мэдээллийнхэн хүчээр магтан дуул гэдэг тулгалт байж болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр чөлөөт хэвлэл үүссэн процессыг харахаар энэ салбарт хайртай хүмүүс л авч үлдсэн байдаг. Герман болон Америкийн жишээг харъя л даа. Сэхээтнүүд нь хэвлэл мэдээлэлтэйгээ үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сонин гэхэд элит гэр бүлийн өвлөгдөж ирсэн өмч хөрөнгө. Хэвлэл мэдээллийн байгууллага бол улс орны үндэсний аюулгүй байдалдмаш томбааз суурь болдог. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчөөр бий болсон хэвлэл мэдээлэл гэж байхгүй. Манай иргэд мэдэж байгаа, бүгд хувийн өмч шүү дээ. Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө зарцуулж байсан түүх байхгүй. Тухайлбал, ТВ-5 телевиз гэхэд өөрсдөө хөдөлмөрлөөд бүх зүйлээ хийсээр өдий зэрэгт хүрсэн. Түүнээс төр манай телевизийг мөнгөөр тэтгээд сайхан хөгжсөн үү гэвэл үгүй гэж хариулна. Энэ засаг өнөөдөр хөгжлийнхөө гольдролоор явж байгаа байгууллагууд руу үсрээд байгаа нь харамсалтай. Ингэж болохгүй. Төр өөрөө ажлаа ард түмэнд ил тод хүргэх ёстой. Гэтэл төр өөрийнхөө ажлыг хийж чадахгүй мөртлөө нийт эдийн засгийн 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг хааж, бооно, шалгана гэдэг. Үүгээр зогсохгүй төр хувийн бизнест хувь хэмжээгээ оруулна гэх зэрэг тулгалт явуулж байгаад харамсаж байгаа.

Авлига гэж юу юм бэ. АТГ юу шалгах ёстой юм бэ гэвэлэнэ байгууллага татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулж, албан тушаалаа хэтрүүлж, төсвийн хөрөнгийг идэж, шамшигдуулж байгааг авлига гэж хардаг. Энэ утгаараа тэд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудыг авлига гэж хараад байгаа юм уу, ойлгохгүй байна. Бид өнөөдөр реклам, зар сурталчилгааныхаа орлогоор санхүүждэг. Хэн нэгнээс авлига авдаггүй. Бид бизнесийн компаниудаа, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилладаг.

-Авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажилд улсаас чамгүй мөнгө төсөвлөдөг. Тэгсэн хэрнээ хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэ төлбөргүйсурталчлуулах гээд байна?

-АТГ соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хэзээ ч явуулдаггүй. Тэгвэл энэ ажлаа сайн хийгээрэй гэж улсаас мөнгө төсөвлөдөг юм байна. Тэр төсвөө юунд зарцуулдгаа тэд тайлагнамаар юм. Бараг хэдэн товхимол, каталоги, цаас хэвлээд дуусдаг байх л даа. Миний хувьд авлигын эсрэг соён гэгээрүүлсэн цуврал нэвтрүүлэг,нийтлэл үзэж, уншиж байгаагүй юм байна. Дэлхийн жишигт авлигатай тэмцэх хамгийн гол ажил нь ард түмнээ авлигын эсрэг мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх. Харин манай АТГ хүмүүсийг барьж, хорьж айлгах маягаар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Авлигаас эмээж, айдастай байх нь зөв. Гэхдээ хүмүүсийг дарамталж, авлигын эсрэг тэмцэж байна. Арай сардаа нэг хэвлэлийн бага хурал хийснээ соён гэгээрүүлэх ажил гэж бодохгүй байх.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэрийг нь үнэ төлбөргүй нийтэлж, нэвтрүүлдэг шүү дээ. Харин төсөвлөчихсөн мөнгөөрөө АТГ нь ажлаа хийж чадахгүй байхад бид өмнөөс нь тэдний ажлыг хийнэ гэж юу байхав дээ.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй байгуулсан хувийн хэвшил, иргэн аж ахуй нэгжүүдийн гэрээг ил тод болгохоор тогтоолын төсөлд тусгасан байна. Хэвлэлийг дампууруулах гэсэн бас нэг ийм заалт тогтоолын төсөлд байгаа?

-Төрд, хувь хүнд ч нууц гэж байх ёстой. Тиймдээ ч дотоод журам гэж байна. Хувь хүний нууцад бүр ч халдаж болохгүй. УИХ-ын гишүүд гэхэд бүгд халдашгүй дархан эрхтэй. Тэднийг ямар нэгэн асуудалд холбогдохоор прокурор шалгаж чаддаггүй биз дээ. Гэтэл ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхтэй атлаа ард түмэн хэврэг байж болохгүй. Ардчиллын үнэ цэн алдагдана. Яахав хэвлэлтэй байгуулсан иргэн аж ахуй нэгжийн гэрээ хэрэгтэй гэвэл шалгаж болно. Бид хуулийн байгууллагаас нуугаад явахгүй. Гэхдээ гэрээ болгоноо гаргаад тайлагнаад байх уу. Энэ бол бизнесийн зарчим. Өнөөдөр чөлөөт зах зээлд өрсөлдөөн гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарт гэхэд арилжааны 16 телевиз өрсөлдөөд явж байна. Манайх “Номин” компанитай байгуулсан гэрээгээ ил тод болгох ёсгүй. Магадгүй бид хамгийн доод үнэ өгсөн байж болно. Тэрийгээ зарлаж болохгүй. Хэрэв ил болголоо гэхэд “Номин” компани бидэнтэй гэрээ хийсний нэмэргүй. Тэгвэл бид өрсөлдөөд яах юм бэ. Ямар ч үнэ цэн байхгүй болж байгаа биз дээ.

Монгол Улс өнөөдөр ардчилсан нийгэмд шилжээд 25 жил болсныхоо ойн баярыг сүр дуулиантай зарлаж, тунхагласан. Гэтэл ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг шат дараатайгаар боомилж, хаахыг оролдсоор ирсэн. Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьж, баталсан улстөрчид тэнд байгаа. Хотын дарга Э.Бат-Үүлээс өгсүүлээд тухайн үедээ “Ардчиллын үнэ цэн хэвлэлийн эрх чөлөөнд байдаг” гэж хэлж байсан. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөг байхгүй болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр өөрөө цензурддаг тогтолцоо руу орох нь ээ. Мэдээж, төрийнхнийг АТГ шалгалгүй яахав. Манай хэвлэлийнхэн авлигатай тэмцэхийг уухайлан дэмжээд хамгийн тэргүүн фронтод явж байгаа. Давс нь хэтэрсэн хоол шоврог болдогтой адил тийм гашуун хоолыг идээд явах хүн өнөөдөр байхгүй. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийд байнга ухарсан үзүүлэлттэй байгаа. Ялангуяа ардчилсан засаглалын үед үүнийг харах ёстой. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хууль зөвхөн авлигатай тэмцэх тогтоолын төслөөр хязгаарлагдахгүй. Олон хууль байна. Хууль санаачилсан УИХ-ын гишүүн заавал хэвлэл мэдээллийн салбартай холбоотой заалт хийдэг. Энэ салбарыг оролдохгүй бол болдоггүй юм шиг л байдагт гайхдаг.

-Сэмхэн өөр хуультай хамааруулаад оруулж ирдэг зальжин арга бас байна…

-Томоохон баяр ёслолоор хүмүүсийн анхаарал өөр тийшээ хандсан байхадхууль баталдаг муу зуршил УИХ-д байдаг. Төр энэ муу зуршлаасаа салах ёстой. Бид хуульгүй байя гэж ерөөсөө хэлээгүй. Хууль баталж болно. Гэхдээ энэ салбарын төлөөллийг хэлэлцүүлэгтээ оролцуулаад санаа оноог нь тусгаад сайн хууль гаргавал шүүмжлээд байхгүй. Тэрнээс хэвлэл мэдээллийн салбар бол бүх хуулийн төсөлд шигтгэгдээд ордог зүйл биш. Үүнийг манай улстөрчид анхаараасай. Тэд сонгогчдын саналаар төрд гарч ирдэг. Дараагийн сонгуулийн уухайн дуу ойртож байгаа. Улстөрчдийн нүдэнд хамгийн гоё болоодмуухай харагдаж байгаа хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. “Хэвлэлийнхнийг л дарж байвал өөрсдийгөө амь бөхтэй төрд байна” гэж тэд бодож байгаа бололтой. Манай хэвлэл мэдээллийнхэн энэрэнгүй, дандаа хүний төлөө явдаг. Хэзээ ч өөрсдийнхөө асуудлыг тавьдаггүй. Барилга хазайлаа гэхэд оршин суугчид хохирч, гэмтэх вий гэж болгоомжилно. Эмнэлгийн барилга хүрэлцэхгүй байхад өвчтөнүүд нь шалан дээр унтаж байна гэж санаа зовдог. Тэгсэн атлаа өөрсдийнхөө асуудлыг үргэлж хойш нь тавьсаар ирсэн. Номхон тэмээг ноолоход амар гэдэг дээ. Тийм болохоор манай салбарыг байнга оролддог байх. Харин хэвлэл мэдээллийнхэн номхон тэмээ шиг дарлуулаад суугаад байдаг хүмүүс биш.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд хэвлэлийн эрхийг хааж, боомилсон хууль батлахыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл энэ хаврын чуулганаар энэ хуулийг зөрчсөн хэд хэдэн төслүүдийг хэлэлцэх гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдийнхөө төлөө хэрхэн нэгдэх шаардлагатай вэ?

-Удахгүй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байна. Энэ салбарынхан эрх чөлөөнийхөө төлөө дуугарна. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дөрөвхөн заалттай, ганц хуудас. Энэ бол хууль 1998-2015 он хүртэл биднийг зохицуулаад ирсэн. Монголын хэвлэлмэдээллийг маш өндөр түвшинд хөгжүүлж чадсан хууль. Үүнд төр хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлогод оролцохгүй гэдгийг заачихсан. Төрийг хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах, боох ямарваа нэгэн заалтыг хуулинд оруулж болохгүй гэдгийг тодорхой заасан хууль өнөөдөр хүчин төгөлдөр байна. Гэтэл манай улстөрчид ямар нэгэн байдлаар хэвлэлийг хаана, бооно гэж бичээд явдаг. Тэд нэгэнт энэ салбарын тухай хууль хийх гэж байгаа болсалбарынх нь тухай хэрэгжээд явж байгаа хуулийг унших хэрэгтэй. Бидэнд олон хууль хэрэггүй. “Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” гэх УИХ-ын тогтоолын төслөөр хэвлэл мэдээллийн салбарыг боомилж, хаах асуудал яригдах юм бол бид босч, тэмцэнэ.

-Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил болго, хөрөнгө оруулагчдыг нь зарла гэсэн заалт бүхий хуулийн төсөл байсхийгээд л орж ирэх юм. Энэ удаад ч авлигаас ангижрах халхавчийн дор өргөн баригдлаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил болго гэж хэн эрж хайгаад юм бэ. Иргэд бол аль сонин, телевизийг хэн өмчилж, эзэмшдэгийг мэддэг. Хамгийн ил тод байгаа хөрөнгийг ил тод байлга гэж шоудаад байх хэрэггүй. Хууль зүйн яаманд бүгд бүртгэлтэй. Зарламаар байгаа юм бол хариуцсан яам нь дэлгэ л дээ. Манай хэвлэлмэдээллийнхэрэгслүүдэд айж сандраад байхаар Барак Обама, В.Путин нарын хөрөнгө оруулалт байхгүй. Үнэн хэрэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асар их орлого олоод байдаггүй. Энэ чинь оёдлын үйлдвэр, нарийн боовны цех ч биш. Үнэнийг хэлэхэд салбартаахайртай, үүнийгээ бөхөөчихгүй юм сан гэсэн сэтгэлээр ажиллаад явж байна.

Ер нь бол “Би тэр телевизийн хувьцаа эзэмшигч” гээд зарлачихсан хүн ч байгаа. Улстөрч хүн хэвлэл мэдээлэлгүй байх ёстой гээд байдаг. Яагаад ингэж хүний эрхийг боож байгаа юм бэ. Хүн Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, хэвлэн нийтлэхэрхтэй шүү дээ. Харин ч улс төрд манай сэтгүүлчид лидер явдаг. Ерөнхийлөгч, Ерөнхийсайдаасаа авахуулаад сэтгүүлч байсан. Магадгүй сэтгүүлчид муу байсан бол элитүүд төрөхгүй. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөрөнгө оруулагчдыг зарлахыг шаардаад байгаа юм бол бусад компаниуд ч хөрөнгө оруулагчдаа ил тод болгох ёстой. Тийм л юм бол өнөөдөр “АПУ”, “Женко” компаниуд хичнээн хувьцаа эзэмшигтэйгээ нийтэд танилцуулж, тэднийг ил тод болго. Бид мэдэхгүй байна шүү дээ.

-Улстөрчид өөрсдийгөө тандах гэж иймэрхүү увайгүй аргаар хууль, тогтоолын төсөл санаачилж, хэвлэлийн эрх чөлөөг хумих гээд шиг. Тэд “Энэ хэвлэлийн цаана ямар улстөрч байна, хэн удирдаад байна” гэж бие биенээ илрүүлэх зорилготой гэж харагдахаар байгаа…

-Манай хэвлэл мэдээллийн салбарынхан юманд туйлшраад нэг талыг бариад явдаггүй. Хэвлэлмэдээлэл үргэлж ард түмнийг улстөрчдөөс дээгүүр тавьсаар ирсэн. Тэнд нэг хувь хүн, эзний эрх ашиг хэзээ ч үйлчилдэггүй. Харин улстөрчид өөрсөд шигээ санаж харддаг. Бид улс орныхоо эрх ашгийг дээгүүр тавьдаг бол улстөрчид хувийнхаа эрх ашгийг тэргүүнд болгодог. Үүнд л том ялгаа бий. Үнэнийг хэлэхэд сонгууль дөхөөд, улстөрчдөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд муухай харагдаад байгаа. Нэг хэсэг хэвлэлүүд хаалтын гэрээ хийсэн гээд л тэд баахан шуурцгаасан. Тэр хаалтын гэрээ хаана байна, тийм л юм бол гаргаад ирэх хэрэгтэй шүү дээ. Түүнээс энэ салбарыг нэлэнхүйд нь харлуулаад хэрэггүй. Харин ч хаалтын гэрээ гэж ярьсан гишүүдээс АТГ тэр хүнийг нь хайж олоод шалга л даа. Тэгэхгүй байж авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөөр хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг санаархаж болохгүй.

-Уг тогтоолын төсөлд “Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч-эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтоох” гэсэн утгагүй заалт бий. Таны байр суурийг сонсъё?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд хэзээ ч редакцийн бодлогод оролцдоггүй. Телевизийн эфирт бүх хувьцаа эзэмшигчид нь суугаад л гарах гэж байгаа мэдээ, нэвтрүүлэг болгоныг хянаад суудаггүй. Энэ бол сэтгүүлчдийн хөдөлмөр байдаг. Харин улстөрчид нийгэмд өөрсдийгөө гоё харагдуулах гэж, сонгогчдоос санал авахыг хичээн хэзээ ч хэрэгжихгүй эсвэл хэрэгжиж байгаа хууль ярьдаг болов уу.

Хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлье гэсэн нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс л сонин, телевиз байгуулж, бизнест хамтарна шүү дээ. Үнэн хэрэгтээ улс төрийн намууд нэгдмэл үзэл санаагаар нэгдсэн. Улс төрийн нам байгуулж,төрд гарч болдог мөртлөө хоёр найз нийлээд сонин, сэтгүүл хийхийг хуулиар хориглож болохгүй. Магадгүй энэ төслийг санаачлах хууль боловсруулагчид асуудлаа ойлгоогүй байх. Тэгвэл Монголд хүмүүс нийлээд, хамтраад бизнес хийж болохгүй байх нь ээ. Одоохондоо хэвлэл мэдээллийн салбарт хамаатай заалт гэж харагдаж байгаа ч цаашдаа бизнес компанийнханд хүнд асуудал болно. Тэгэхээр ах, дүү гурав нийлээд компани байгуулж болохгүй гэсэн үг үү. Бүгд тус тусдаа бизнес эрхэл гэж хуульчилж байгаагаас ялгаагүй.

Бид өнөөдөр хамгийн хүнд, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Гэвч төр үнэлдэггүй. Гэтэл өнөөдөр танай байгууллага цаад эздээ зарлаад, бүх хувь хэмжээгээ ил тод болгоо гэж хуульчлах гэж санаархаж буйд харамсаж байна. Өнөөдөр авлигатай тэмцэх хууль Монголд хэрэгтэй. Гэтэл савнаасаа хазайгаад даваад явахаараа олон нийтийн дэмжлэгийг биш тэдний дургүйцлийг хүргэдэг гэдгийг санах ёстой.

М.МӨНХЦЭЦЭГ