Categories
мэдээ нийгэм

МУ-ын гавьяат тамирчин Т.Гүррагчаа цагдаагийн байгууллагын тугийг эверестэд мандуулна

ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, Тэргүүн дэд дарга, Тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, Дэд дарга, Дэд комиссар Д.Эрдэнэбаатар нар МУ-ын гавьяат тамирчин, ОУ-ын хэмжээний мастер, ОУ-ын шилдэг уулчин, цагдаагийн байгууллагын ахмад алба хаагч Т.Гүррагчааг хүлээн авч уулзлаа.


Эдүгээ 74-н настай Т.Гүррагчаа гуай Энэтхэг, Австри зэрэг Олон Улсын уулчидтай хамтран аврих юм байна. Уулын спортоор 42 жил хичээллэж, тамирчин багийн ахлагч, дасгалжуулагчаар ажиллаж уул, хадан авиралт, цана, бокс, хөнгөн атлетик, цэргийн олон төрөлт буудлага, дугуй зэрэг секцийн олон төрлүүдээр амжилттай өрсөлдөж, тэмцэлдэж, Монгол орныхоо алтан соёмбот тугийг мандуулж, олон арван шавь төрүүлсэний дотор ОУХМ 8, спортын мастер 24, зэрэгт тамирчин 116 төрүүлжээ. Т.Гүррагчаа цэргийн олон төрөлтийн тэмцээнээр БНХАУ, ОХУ, Унгар, Польш, Чех, Куба, БНАСУ зэрэг хуучнаар социалист системийн орнуудад зохиогдож байсан тэмцээнүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах ахмадуудын тэмцээний мөнгө, хүрэл, Олон улсын бартаат замын 100м, 42,5км алт, мөнгө, хүрэл, Япон, Монгол улсын аварга шалгаруулах 10,5км, хол ойрын уралдаанд 6 удаагийн аварга, Монгол эх орныхоо мөнх цаст хайрханууд, авираагүй, гараагүй оргил гэж үгүй. Сүүлийн жилүүдэд уулчид авираагүй оргил, замын эрэл хайгуул хийж, олон оргил, замын нээлт судалгаа хийж, 2001 онд Гималайн Ловучи 6654м, Мера Пеак 6555м, Киргиз, Казакстаны хил орчимд орших Хантэнгэр 7010м, Германы Татар зэрэг оргилуудад авирч, олон улсын алдарт уулчидтай мөр зэрэгцэн амжилттай авирч байв. Олон улсын шилдэг уулчин, ОУХМ, Барс Алтай, МУГТ цол хүртэж, Цэргийн гавьяаны одон, Байлдааны медаль, МОХ-ны дээд шагнал Алтан очир одон, Тусгаар тогтнолын одон, Багшийн гавьяаны одон, Спортын алдар одон бусад ойн медалиуд, байгууллагуудын хүндэт тэмдэг, спортын алт, мөнгө, хүрэл 136 медалиар энгэрээ мялаажээ. 2015 онд олон жилийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд 74 насандаа дэлхийн 7 гайхамшгийн нэг дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргил Жомолонгмад гарч Чингисийн үр сад Монгол хүний нэр хүндийг дэлхийд мандуулж Монгол төр, ард түмнийхээ алтан соёмбот далбаагаа мандуулж сүлд хийморио мандуулахаар зорилго тавин бэлтгэлээ базаан ажиллаж байна.
МУ-ын гавьяат тамирчин Т.Гүррагчаа гуайдаа амжилт хүсье

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсыг 2040 он хүртэл хөгжүүлэх төслийн эхний хувилбар бэлэн болжээ

Яг жилийн өмнө УИХ-ын дарга захирамж гарган Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нараар ахлуулан байгуулсан билээ. Мөн ажлын дэд хэсэг байгуулж, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгалиар ахлуулж, бүх яамны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарыг багтаасан. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ажлын хэсэг, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэн, “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төсөл хамтран “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон болон ажлын дэд хэсгийн гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Н.Батцэрэг гишүүний хэлснээр төслийн эхний хувилбар бэлэн болжээ. Өнгөрөгч оны тавдугаар сараас төсөл боловсруулах ажлыг эхлүүлж, Арабын нэгдсэн Эмират, Ямайка, Израйль, Индонези, Брунди, Уганда, Гвиней, Танзани, Катар зэрэг эдийн засаг, хүрээлэн буй орчин, соёлын хувьд ялгаатай, хөгжлийн янз бүрийн түвшинтэй улс орнуудын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг харьцуулан шинжилсэн байна. Мөн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг үнэлж, 2040 он хүртэл бидний хөгжилд нөлөөтэй гадаад хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудыг тодорхойлжээ. Ингээд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг “Монгол хүнийг хөгжүүлж, өндөр мэргэшсэн ажиллах хүчинтэй болж, бүтээх чадварыг өсгөх”, “Төрийн институцийн чадавхи, бодлогын чанарыг дээшлүүлэх”, “Эдийн засгаа төрөлжүүлж, олон улсын зах зээлд хүчтэй нэвтрэх, нөөцийг үр ашигтай зарцуулах”, “Орчин үеийн технологи, инновацийг бүх салбарт нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”, “Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох нийгмийн дунд давхаргыг бэхжүүлэн нийт иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэх” гэсэн үндсэн таван чиглэлээр боловсруулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлж эхэллээ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан монгол орны агаарын дундаж температур 1940-2007 онд 2.1 хэмээр дулаарч, хөрсний ууршилт 118.1 хувиар нэмэгджээ. Мөн жилд унах хур тундасны хэмжээ жилээс жилд буурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна.

Хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дэлхийн дундаж хэмжээ 24 квадрат метр байдаг бол манай улсын нийслэлийн хувьд энэ тоо 7,5 дахин бага байгаа байна.

Тиймээс БОНХАЖЯ “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” эхлүүлснээ өнөөдөр зарлалаа. Энэ сарын 15-наас есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 гэсэн 2 үе шаттайгаар явагдах энэ хөдөлгөөнд иргэдийг идэвхитэй оролцохыг яамныхан уриалж байна.

Эхний үе шатанд нэг сая мод тарьж, хоёрдугаар үе шатанд тарьсан модоо нөхөн сэргээж, усалгаа хийх зэргээр өвөлжилтөнд бэлтгэх ажлыг хийх аж. Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн төв болон бүх сумдад хэрэгжих энэ ажлын санхүүжилтийг Ойн тухай хуулийн 30.1, 31.1 заалтын дагуу хуримтлуулсан хөрөнгө, мөн “Байгаль хамгаалах сан”, “Цэвэр агаар сан”-аас гаргахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

ХУД-ийн ИТХ, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын дарга Д.Батбилэг, Шууд Ардчилал Хүрээлэнгийн захирал А.Саруул нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг байгуулсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй иргэдийн оролцооны бодлого боловсруулах, хууль эрх зүйн шинэчлэл, мөн энэ чиглэлийн сургалт, судалгааг хамтран хийх, иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх, хэлэлцүүлгээс гарсан иргэдийн санал, санаачлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллах юм байна. Үүнээс гадна Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийг Ажлын албаны ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Мөн Хан-Уул дүүргийн Үндсэн дүрмийн төслийг боловсруулж, дүрмийн хувилбарыг олон нийтэд танилцуулах, хороо бүрт хэлэлцүүлэг хийснээр дүүргийн хувьд өөрийн гэсэн дүрэмтэй болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хонхны баяраа соёлтой тэмдэглэх аяныг эхлүүлэв

Хонхны баяраа зөв тэмдэглэх үүднээс Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-тай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн 1000 гаруй оюутан, сурагчдад хонхны баяраа зөв тэмдэглэн өнгөрүүлэх, зөв харилцаа, ёс суртахуун, архи, тамхины хор уршиг, Архи, тамхины хуулийн талаарх мэдээллийг өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Учир нь хонхны баяр лонхны баяр боллоо гэсэн шүүмжлэлд багагүйи өртдөг. Мөн хонхны баяраар гэмт хэрэг, зөрчил ихэсдэг. Тиймээс зөв соёлтой хонхны баяраа тэмдэглэхэд нь туслах үүднээс энэ аяныг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэвэр усны крантаас мөнгөн ус илэрчээ

Гуравдугаар сарын 31-ний өдөр буюу өчигдөр өглөөний 10.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны дөрөвдүгээр орцонд оршин суугч иргэн Б-гийн гэрийн цэвэр усны крантнаас мөнгөн ус илэрчээ. Гэрийн эзэд орон нутгийн цагдаа, Онцгой байдал, мэргэжлийн хяналтын газарт хандаж мэдээлэл өгсөн бөгөөд тухайн гэр бүлийн зургаан иргэнийг эмнэлгийн байгуулагад хэвтүүлэн, шинжилгээ хийлгэж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Спортын жишиг сургууль баригдаж дуусчээ

Улсдаа жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль Архангай аймагт удахгүй нээгдэх гэж байна. Улсын төсвийн 5,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр босч буй сургуулийн барилгын ажил дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Барилгын ажлыг Хера констракшн ХХК 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эхлүүлсэн юм.

Сургууль нийт 320 хүүхдийн суудалтай бөгөөд бөхийн төрөлжсөн гурван стандарт заал, тус бүрдээ саун, халуун усны өрөөгөөр тоноглогдсоноос гадна бусад спортын төрлүүдийн зориулалтын өрөө тасалгаанууд зураг төслийн дагуу хийгджээ.
Спортын гүнзгийрүүлсэн сургууль нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах учраас дэргэдээ 100 хүүхдийн ортой дотуур байртай баригдсан байна.

Categories
мэдээ нийгэм

”Автобус-3”-ын согтуу жолооч осол гаргажээ

“Автобус-3” ХХК-ны “Daewoo bus-106” маркын автобусны жолооч Л согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ. Тэрбээр Баянзүрх дүүрэгт хөдөлгөөнд оролцож, Т.марк, королла, приус маркын автомашинуудыг мөргөсөн байна. Энэ нь өглөөний гаралтыг хангалтгүй шалгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийг ажилд гаргасан нь Автобус-3 ХХК-ийн буруутай үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгджээ. Тиймээс нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд нийслэлийн Тээврийн газар онцгой анхаарах хэрэгтэйг сануулжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг хот дугуйн замтай болжээ

Засгийн газрын 96 дугаар тогтоол дагуу “Гудамж” төслийг өнгөрсөн жилээс аймгийн төвүүдэд хэрэгжүүлэхээр болсон. Энэ шийдвэр дагуу Архангай аймгийн төвийн авто зам, уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажил амжилттай өрнөжээ. Тус аймгийн төвийн автозамын гадна тойргийн дагуу 2.8 км дугуйн зам төлөвлөн гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, дугуйн замыг Цэцэрлэг хотын төв хэсгүүдэд тойрог хэлбэрээр тавьжээ. Ийм сайхан замтай болсонд тус аймгийн иргэд их баярлаж байгаагаа нуусангүй. Үнэндээ нутгийн иргэд “Архангайд “Гудамж” төсөл тултал хэрэгжлээ” гэж ярьж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий прокурорын туслахаар Ц.Арвинбуудайг томилов

Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан 2015 оны 04-р сарын 01-ний өдөр тушаал гаргаж, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улмаар түүний оронд Ц.Арвинбуудайг томилох шийдвэр гаргасан байна.

Хурандаа Ц.Арвинбуудай нь:
1990-1993 онд Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
1993-1999 онд УМБГ-т ахлах байцаагч
2001-2007 онд ЦЕГ-ын Тамгын газрын ахлах байцаагч, ШҮХ-т чиглэлийн ахлах, ШҮХ-ийн дарга, БЗҮХ-ийн дарга
2007-2008 онд МБГ-ын дэд бөгөөд хэлтсийн дарга, даргын үүрэг гүйцэтгэгч
2008-2010 онд ЗУГ-ын дарга
2012-2013 онд МСТөвд дэд бөгөөд Мэдээлэл статистикийн хэлтсийн дарга
2013-2014 онд МСТТ-д дарга

2014-2015 оны дөрөвдүгээр сар хүртэл ЦЕГ-ын Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хариуцсан орлогчоор тус тус ажиллаж байсан билээ.