Categories
гадаад мэдээ

“Их 20”-ын орнуудын төрийн тэргүүний хувийн нууцийг задруулжээ

Австралийн хил хамгаалах, цагаачлалын албаны ажилтны буруутай үйлдлээс үүдэн “Их 20”-ийн орны чуулга уулзалтад оролцогч орнуудын лидерүүдийн паспортын дугаар, визийн мэдээлэл, төрсний гэрчилгээний дугаарыг задруулсан хэрэг гарсан байна.

Брисбен хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Их 20” орны төр, засгийн тэргүүнүүдийн чуулга уулзалт болсон ба дээрх алга болсон мэдээлэлд 31 орны удирдлагууд болох АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин, Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг дэлхийн тэргүүлэгч гүрний удирдагчдын мэдээлэл багтсан байжээ.

Австралийн цагаачлалын алба тэрхүү е-мэйлийг 10 минутын дотор илгээгч, хүлээн авагчийн сүлжээнээс устгасан учир цааш түгээгээгүй хэмээн мэдээлсэн ба тийм ч их ноцтой алдаа биш учраас “Их 20”-ын зочдыг сандаргахыг шаардлагагүй хэмээн үзэж энэ хэргийг нуун дарагдуулсан ажээ.

Паспортын дугаар, визийн мэдээлэл, төрсний гэрчилгээний дугаар зэргийг ашиглан тухайн хүний өвчний түүх, бусад хувийн мэдээллийг олж авах боломжтой байдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дуут гэрлэн дохиотой болно

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/232 дугаар захирамж гаргаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах зорилгоор дуут гэрлэн дохио байрлуулах суурь судалгаа хийх Ажлын хэсгийг баталсан байна.

Суурь судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх судалгааны ажлыг 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд явуулахыг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт, дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал гурван сая 425 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг НЗДТГ-т даалгасан аж. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болгожээ.

Categories
мэдээ спорт

Нийслэлийн физикийн олимпиадын аварга тодорлоо

Монгол улсын Гавъяат багш Батын Оргойн нэрэмжит Нийслэлийн физикийн 42-р олимпиад амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Энэ удаагийн олимпиадад Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 500 гаруй сурагчид оролцож багийн дүнгээр Сант сургууль тэргүүн байр эзэллээ.

· 12-р ангийн сурагчдаас Сант сургуулийн Б. Бат-Оргил

· 11-р ангийн сурагчдаас 1-р сургуулийн Э. Гарьд

· 10-р ангийн сурагчдаас 11-р сургуулийн Цэрэнноров

· 9-р ангийн сурагчдаас Сант сургуулийн Б. Баярбат

· 8-р ангийн сурагчдаас 11-р сургуулийн С. Сайханбилэг

7-р ангийн сурагчдаас Шинэ Монгол сургуулийн Э. Чингүүн нар шалгарч Алтан медаль хүртлээ. Уг олимпиадаас шалгарсан ахлах ангийн 8 сурагч Бээжин хотод болох Ази тивийн физикийн олимпиадад оролцоно.

Нийслэлийн физикийн олимпиадыг 1995 оноос эхлэн О. Баяр захиралтай “Үүрэг-Трейд” ХХК 21 дэх жилдээ зохион байгуулж байна. Түүний аав Монгол улсын Гавъяат багш Б. Оргой нь физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 1973 онд эхлэн зохион байгуулж физикийн сургалтыг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулсан билээ.

Олон улсын физикийн олимпиад болон Ази тивийн физикийн олимпиадад оролцох сурагчдын бэлтгэл өнөөдрөөс эхэлж байна.

Categories
мэдээ улс-төр

ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзанддорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Энэ дагуу Ерөнхий сайд түүнийг ажлаас нь чөлөөлжээ. ТӨХ-ны дарга асан Ц.Нанзанддоржийн тухайд 2013 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан ч үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхдэж байсан юм. Шүүхийн шийдвэрийн дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд тус албан тушаалд дахин томилогдсон. Гэвч Ц.Нанзанддорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаагүй гэж зарим хэвлэлээр мэдээлж байгаа юм. Энэ тухай “Ц.Нанзаддорж яагаад өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэхгүй байгаа. Тиймээс тэрээр шүүхэд хандах бололтой” гэж мэдээлсэн байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Хоёр орны засаг төрийн оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй болсон

Монгол Улсын сайд М.Энхсайханаас дараахь тодруулгыг авлаа.

-Таван толгойн хэлэлцээний завсарлага хэзээ дуусах вэ. Хэзээнээс үргэлжлэхээр байна…

-Ажлын хэсэгтэй хийж буй хэлэлцээр завсарласан байгаа. Санаанд багтахгүй гэрээ хэлэлцээ урьд өмнө нь байгуулж байснаас үүдэн бэрхшээл үүссэн. Шийдэл нь зөвхөн бизнесийн шийдэл байх боломжгүй тул ажлын хэсгийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал болж байгаа. Хоёр орны засаг төрийн оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй болсон. Тиймээс бид Хятадын талд хандсан. Удахгүй хариу өгнө гэж Элчин сайд нь хэлж байгаа. Энэ долоо хоногт тухайлан ярилцах байх гэсэн хүлээлттэй байна.

-“Чалко”-гийн асуудлыг шийдэж чадахаар байна уу?

-Хоёр арга зам байгаа байх. Нэгд, “Чалко”-д төлөх 150 сая ам.долларын өрөө төлж, гэрээгээр хүлээсэн нүүрс нийлүүлэх үүргээ таван жилээр биелүүлэх. Энэ нь өрөө төлснөөс хойш энэ үүргээ биелүүлнэ гэсэн үг. Бүх зүйл одоо байгаагаараа үлдэх, эсвэл Зүүн Цанхийг Консорциумд түрээсээр ашиглуулах. Үүнийхээ хариуд өр төлбөрөө Консорциумд хариуцуулах гэсэн хувилбар бий. Нэгдүгээр хувилбар нүүрсний үнэ унасан зах зээлийн тааламжгүй нөхцөлд үнэндээ хэцүү харагдаж байгаа. 150 сая ам.долларын үнэ бүхий нүүрсийг олборлож, нийлүүлэхийн тулд 150 сая ам.долларын зарлага гаргах хэрэгтэй. Зах зээл ингэтлээ уначихаад байна. Одоо ч унасаар байгаа. Засгийн газрын хичээгээд байгаа зүйл нь хоёр дахь хувилбар. Өөрөөр хэлбэл Тавантолгой төслийг урагшлуулах. Зах зээл дандаа ийм муу байгаад байхгүй байлгүй дээ гэсэн өөдрөг төсөөлөл дээр бид ажиллаж байгаа юм.

-Таван толгойд Хятадын Төрийн зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна гэж та ярьжээ. Үүнийг чинь зарим хүн Тавантолгойг УИХ-аар шийдүүлэхгүй хэрнээ Хятадын Төрийн зөвлөлөөр шийдүүлэх гэж байна гэж шүүмжилж байна. Та нарийн учрыг нь тайлбарлаад өгөөч?

-Тайлбар маш энгийн. Манайд Засгийн газар гэж нэрийддэг байгууллагыг Хятадад Төрийн зөвлөл хэмээдэг юм. Хятадын Засгийн газрыг албан ёсных нь нэрээр Төрийн зөвлөл гээд хэлчихээр учир мэдэхгүй хүмүүс УИХ-тай адилтгах байгууллага гэж эргүүтээд байна лээ. Тавантолгойн асуудал их дээшээ яваад Засгийн газрын түвшинд шийддэг асуудал юм. УИХ-тай адилтгах Хятадын байгууллага нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал эсвэл, тус хурлын чөлөө цагт үйл ажиллагаа эрхэлж байдаг байнгын хороо юм. Монголд Засгийн газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг бол Хятадад Төрийн Зөвлөл нь БХАТХ болон Байнгын хорооны өмнө ажлаа тайлагнадаг. Тавантолгой төсөл хоёр орны харилцааны чухал төсөл гэж бодож байна. Монголын Засгийн газар, Хятадын Төрийн Зөвлөл нь Тавантолгойн асуудлаар хоёр орны харилцаанд харилцан ашигтай байх шийдэл олно гэж бодож байна. Хаа газар төр төмбөгөр, ёс ёмбогор юм чинь тодорхой цаг хугацаа шаардагдах нь гарцаагүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал СЭМ УОЛШ: Бид “Оюу толгой” төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй

Дэлхийн уул уурхайн акул компанийн нэг “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголд ирээд өчигдөр орой буцлаа. Энэ үеэр түүнтэй Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгой төслийнх нь талаар ярилцлаа.

-Сэм, таныг Оюу толгойн сая дахь тонн баяжмалын баярыг хуваалцахаар ирсэн гэж дуулсан. Гэхдээ хэлэлцээртэй холбоотой ирсэн гэх таамаг хүчтэй байна. Монголд ирсэн нэг шалтгаан тань хэлэлцээр мөн үү?

-Юуны өмнө 2010 оноос хойш хоёр дахь удаагаа Монголд ирж байгаадаа баяртай байна. Би тэр үед төмрийн хүдрийн бүлгийн захирлын хувиар ирж байсан юм. Харин өнөөдөр “Рио”-гийн захирлын хувьд ирж байна. Анх ирж байснаас минь хойш Монголд асар их бүтээн байгуулалт өрнөж, өөрчлөлт явагджээ. Танай улсын богино хугацааны эрчтэй хөгжлийг нүдээрээ харахад таатай санагдаж байна. Миний аяллын гол зорилгыг та сая асуултдаа дурдлаа. Ажиллагсадтайгаа уулзаж, нэг сая дахь тонн баяжмалыг амжилттайгаар экспортод гаргасан үйл явдалд баяр хүргэх нь миний аяллын гол зорилго. Өнөөдрийг хүртэл Оюу толгой төслийг ийм амжилтад хүргэсэн тэдэндээ талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Мэдээж Монголд ирсэн маань энэ төсөлд миний зүгээс хэр их сонирхолтой байгааг илэрхийлэх нэг хэмжүүр л дээ. “Рио тинто” группын зүгээс Оюу толгой төсөлд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж буй хэрэг. Үргэлжилж буй хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт шууд бус ч гэсэн дэмжлэг, итгэл найдвар үзүүлэх зорилго байгаа ч гэж ойлгож болно.

-Та Монголд байх хуга­цаан­даа шийдвэр гаргах түвшнийхэнтэй уулзах уу, Оюу толгойн ТУЗ-д Монго­лыг төлөөлсөн хүмүүстэй санал бодлоо солилцох төлөвлөгөө бий юу?

-Аяллын маань зарим төлөвлөгөө батлагдаж дуусаагүй байна. Би өнөө өглөө (уржигдар) Оюу толгойн ТУЗ-ийн даргатай биечлэн уулзсан. ТУЗ-ийн дарга хэдэн долоо хоногийн өмнө надтай Лондонд очиж уулзсан юм.

Г.Батсүх дарга урлагт хэр дур, сонирхолтойг минь мэдэх учраас өнөө өглөө намайг монголчуудын очих дуртай газрын нэг Богд хааны өвлийн ордон музейг сонирхууллаа. Сэтгэл хөдөлгөм газар байна лээ.

-“Рио” бол Монголын хамгийн том хөрөнгө оруу­лагч. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг таатай болгох бодитой алхмууд сүүлийн үед эрчимтэй хийгдсэн. Төр засгийнхны зүгээс ч хөрөнгө оруулалтын орчинд анхаарна гэж удаа дараа мэдэгдэл хийж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулагчдад хэр анхаарч байна гэж та харж байна. Жишээ нь Оюу толгой төсөлд?

-Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн дунд явж байгаа хэлэлцээрт маш идэвхтэй, эерэг байр суурь илэрхийлж ирснийг онцлон тэмдэглэж хэлмээр байна. Ер нь аль аль тал нь энэ төслийн амжилтын төлөө байгаа. Тийм учраас бид хүндрэлүүдийг даван туулж цаашаа алхаж чадна гэсэн итгэл дүүрэн байна.

-Хэлэлцээр сунжирч байна. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт ойлголцолд хүрч чадахгүй цаг авсан ямар асуудал байгаа вэ?

-Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр эхэлснээс хойшхи хугацаанаас яг өнөөдөр бол их онцлогтой үе. Шийдэлд хүрэхэд хамгийн ойртсон цаг үе гэж хэлмээр байна. Хэлэлцэгдэж байгаа асуудлуудын суурь зарчмын хувьд ямар ч олон улсын компани Монголд ирээд төсөл хэрэгжүүлсэн ялгаагүй тавигдах тэр л шаардлагуудыг бид тавьж байгаа. Бидний тавьж байгаа шаардлагууд “Рио” ч юм уу, өөр ямар нэгэн компани байлаа гээд солигдохгүй. Аливаа олон улсын компани Монголд болон бусад улсуудад төсөл хэрэгжүүлэхэд тавигдах л шаардлага. Төслийн менежмент ч гэдэг юм уу, онолын үүднээс авч үзвэл байх л учиртай суурь зарчмууд. Дэлхийн эдийн засаг ямархуу байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Байгалийн хий, бусад түүхий эдийн үнэ ямар хэмжээний уналттай, хөдөлгөөнтэй байгаа билээ. Дээр нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдал бидэнд тодорхойгүй орчныг үүсгэж байгаа. Тэгэхээр Оюу толгой шиг ийм том, дор хаяж 50, түүнээс ч олон жил үргэлжлэх төслүүдийн хувьд баримтлах суурь нөхцөл бол тодорхой байдал. Бүх юм тодорхой тунгалаг байх ёстой. Тийм учраас бид аливаа зүйлийг сууриар нь харж, аль аль талуудын хүсэл сонирхолд нийцсэн байдлаар зөв шийдвэрлээд цааш алхах ёстой. Учир нь “Рио тинто” болон Монголын Засгийн газар олон жил цуг явна. Тийм учраас бид асуудлуудаа анхнаас нь зөв, тодорхой тохирч аваад цааш алхвал хэн хэнийх нь эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. “Рио” үүн дээр хүлээцтэй хандаж, асуудлыг зөвөөр шийдвэрлэхийг хүсч байгаа.

-Далд уурхайн бү­тээн байгуулалтыг үргэлжлүү­лэхэд зарцуулах мөнгийг төслийн санхүүжилтээр шийднэ гэж “Рио”-гийн зүгээс хэлж байгаа. Монголын Засгийн газрыг төлөөлж та бүхэнтэй хэлэлцээ хийж байгаа улсын хувьд “Хэрвээ төслийн санхүүжилтийг сонгож, олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авбал Оюу толгойн хувь нийлүүлэгч Засгийн газар зээлдэгч болж хариуцлага хүлээх гээд байна. Рио анх тохирсноороо бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг өөр замаар шийдэх ёстой” гэсэн утгатай тайлбар хэлдэг. Төслийн санхүүжилтээс өөр хувилбар бий юу?

-Өмнө хэлсэнчлэн эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөл байдалд олон хүчин зүйлийг тооцоод үзэхэд томоохон компаниуд өөрийн санхүүгийн үзүүлэлтүүдийг маш тэнцвэртэй, тогтвортой авч явах шаардлагатай байдаг. Энэ үүднээс бол төслийн санхүүжилт хамгийн боломжит хувилбар гэж бид үзэж байгаа. Нэмж хэлэхэд Оюу толгойн хувь нийлүүлэгч, эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто”, “TRQ” компаниудын хувь нийлүүлэгчид. Тэгэхээр энэ хүмүүсийн нийтлэг ашиг сонирхлыг хангах гэдэг талаасаа төслийн санхүүжилт хамгийн бололцоотой хувилбар. “Рио тинто” компани энэ төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй.

-Ирээдүйд “Рио”-гийн талаас гарын үсэг зурах ямар нэг бичиг баримт Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс давж үйлчлэхгүй гэсэн итгэл Монголын талд байдаг. Цаашдаа “Рио”-гийн зүгээс гарын үсэг зурах ямар нэг гэрээ, санамж бичиг гучин жилийн хугацаанд үйлчлэх учиртай энэ хоёр гэрээг давж үйлчлэхгүй гэсэн баталгаа бий юу. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Оюу толгой төслийн хувьд мэдээж Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэрээ үндсэн суурь бичиг баримт. Тэр хэвээрээ л байна. Харин сүүлийн үед яригдаж байгаа санамж бичгийн тухайд хувь нийлүүлэгчдийн хооронд яригдсан асуудлыг базаж, нэгтгэж дүгнэсэн л баримт бичиг. Асуудлуудыг шийдвэрлэх зарчмуудаа л тодорхойлсон санамж бичиг. Дахин хэлэхэд ямар ч баримт бичиг хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг давж үйлчлэхгүй. Энэ хоёр гэрээ суурь баримт бичгүүд хэвээрээ байна.

-Гэрээ байгуулах эдийн засгийн суурь бол ТЭЗҮ. ТЭЗҮ-ээр Засгийн газар, “Рио” хоёрын үр өгөөжийн хуваарилалт 53:47 хувь гэж явдаг. Монголын талын хүртэх өгөөж гэхээр бэлэн мөнгө­ний урсгалыг л оруулж тооцоод байна, уг нь хоёр талын халаасанд орж байгаа бэлэн мөнгө, цэвэр ашиг л үр өгөөж гэсэн тайлбар бий. Монголын талын 53 хувийн өгөөж хангагдаж чадаж байгаа юу?

-Оюу толгой шиг урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд үр өгөөжийг маш нарийвчлалтай сайн тооцож үзэх нь чухал байдаг. Ямар ч том төсөлтэй харьцуулсан ялгаагүй л дээ. Аль аль талдаа үр өгөөжөө өгч чадаж байгаа гэдэгт итгэж байна.

-Тэгэхээр Монголын талын хүртэх учиртай өгөөж хангагдаад явчихна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно.

-Хэлэлцээр тун удахгүй шийдэгдэх байх гэсэн өөдрөг мэдээг та ярианыхаа эхэнд хэлсэн. Ер нь хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр төдийд л дуусах болов уу гэсэн багцаа хугацаа байна уу?

-Маш олон хүчин зүйлээс хамаарах учраас яг нарийн, тодорхой хугацаа хэлэх боломжгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Амар амгалангийн буйд Аглаг бүтээлийн хийд

Амралтын өдрөөр гэр бүлээрээ салхинд гарч, байгалийн үзэмж тансаг буйд газарт очих хүсэлтэй хүмүүс бурханч лам Г.Пүрэвбатын их бүтээн байгуулалт хийж буй Аглаг бүтээлийн сүмийг зорих нь ихэсчээ. Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн нутаг Далийн ам байгалийн гоо үзэсгэлэнгийн хувьд үнэхээр тансаг газар юм. Наран тийшээ харсан аманд сүрлэг хадат уулс, битүү нарсан ой мод байх. Өвөлдөө нэвсийтэл цас дарчихдаг болохоор буга, гөрөөс, туулай хэрэм тэргүүтэй амьтад уулнаас буугаад ирдэг юм байна. Мөнх ногоон модны мөчир цасаа дааж ядан бөхөлзөж, жавартай салхи сэрчигнэхээс өөр аниргүй, нам гүм буйд газар болдог гэнэ. Харин зундаа уулсын суга, жалга судагнаас тув тунгалаг, шүд магнай хага ташим хүйтэн булгууд ундарч, хоржигнон урсаад нэлэнхүйдээ далийн ягаан цэцэг ургачихдаг байна. Бороо орвол битүү манан уулын хормой руугаа буудаг аж. Гарьд уулын бэлд орших сүмээс доош хацар ирвэгнүүлсэн зөөлөн бүгээн манан буугаад энэ ертөнцөөс тасарчихсан юм шиг л мэдрэмж төрдөг байна. Ийм л байгалийн тансаг яруу, үзэмж төгөлдөр газарт бурханч лам Г.Пүрэвбат болон уран бүтээлчид Аглаг бүтээлийн сүмийг барьж, бурхан номын цогцолбор газар бий болгохоор ажиллаж байна. Мөн тус хийдийг үзэхээр ирсэн амрагчдын цуваа үл тасрах ажээ.

Монголд шарын шашин дэлгэрээд олон зуун жилийн нүүр үзэж байгаа. Энэ хугацаанд сүсэгтэн олны өргөл барьцаар энд тэндгүй сүм хийд барьж, бурхан шүтээн залсан. Гэвч өнөөг хүртэл Аглаг бүтээлийн сүм шиг байгалийн өвөрмөц зүй тогтоцыг ашиглан цогцолбор барьсан түүх байхгүй. Их бүтээн байгуулалт хийгдэж байгаа Аглаг бүтээлийн сүм дээр өнжлөө.

Өглөө эртлэн нийслэл хотоос хөдөлсөн бид цаг гаруйхан давхиад Аглаг бүтээлийн хийд дээр очлоо. Аялал жуулчлалын компаниудын автобус хэдийнэ ирчихсэн байв. Албан байгууллага, анги хамт олон амралтын өдрөөр хийдийг зорьсон аялал зугаалга зохион байгуулдаг байна. Нэг хүн 26 мянган төгрөг төлөөд Аглаг бүтээлийн сүм, цогцолборыг үздэг гэнэ. Барагцаалбал гурван автобусанд 200 орчим хүн иржээ. Мөн “Талх Чихэр” компанийн ажилтнууд ирээд буцаж байв. Сүмийн үүдэнд машин битүү тавьчихжээ. Ирсэн хүн болгон 5000, хүүхэд мянган төгрөгийн тасалбар худалдаж аваад дээш явах аж. Бид сүмийн хашаа руу нэвтэрч дээш алхав. Тусгайлан зассан явган хүний замаар дээш явсаар Бурханч лам Г.Пүрэвбатын байгаа лаврин руу орлоо. Хотод хэд хоног ажилтай явж байгаад ирсэн гэнэ. Түүнтэй мэнд мэдэлцээд өнжих гэж байгаа тухайгаа хэлэв. Тэрбээр “Ойрын хэдэн жил бүтээн байгуулалтын ажил гэж эндээ суурьшиж, бясалгал хийж, уран бүтээлээ хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч харах завгүй болсон” талаараа ярив. Тэрбээр “Та хэд нэгэнт л энд ирчихсэн юм чинь бурхан шүтээнд очиж мөргөл үйлдээд ир. Ах нь цайгаа уучихаад хүлээж байя. Тэгээд хамт эргэлийн мөрөөр гороо хийе” гэлээ.

Бид ч түүний хэлснээр хийд рүү орж бурхан тахилд мөргөхөөр гарлаа. Хийдийн үүдэнд хүмүүс дугаарлаад зогсчихсон байв. Хийдийн ажилтнуудтай уулзаж дараалал дайрч, “арын хаалга”-даж байж хийд рүү орлоо. Энхжингийн орны байгуулалт бүхий олон бурханыг энд хийж бүтээжээ.Цаглашгүй гэрэлт бурхан Энхжингийн орны найман бодь сэтгэлтэн хөвүүн асрагч охин тэнгэрийн шүтээн, цутгамал бурхан сүмд зочилсон хүн бүрийн мэлмийг гийгүүлэн оршиж угтана.

ДУХАНДАА ЭВЭРТЭЙ АДУУ, ГАНЦ ЭВЭРТЭЙ ЯНГИР ЗЭРЭГ ХОВОР ҮЗМЭР

Хийдийн гол шүтээн болох нэгэн суварга байна. Тусгайлан хийсэн болов уу гэмээр суварга дээр жижигхэн үнсэн саарал өнгөтэй хонины хоргол шиг бөөрөнхий зүйлс байх. Энэ нь гэгээн язгуурын шүтээнт Цогт үр цогцолсон суврага гэнэ. 77 гэгээн язгуурыг олж гэгээрсэн хутагт хувилгаадын цогт үр буюу ринсэлийг суваргад байрлуулсан нь энэ аж. Цогт үр гэдэг нь гэгээрсэн хутагт хувилгаадыг бие барах үед нь чандарлаж шатаах үед нэгэн зүйл огт шатахгүй үлддэг байна. Үүнийг нь цогт үр гэдэг аж. Хутагт хувилгаадын цогт үр нь буддын шашиндаа маш ховорт тооцогддог гэнэ. “Эрдэм чадалтай лам нар цогт үрийн хажууд ном уншихад бүгд хөдөлгөөнд ордог юм байна лээ” гэж сүмийн тайлбарлагч эмэгтэй онцолж байна лээ. Хийдийн суурийг тавихаас хоёр хоногийг өмнө бурханч лам Г.Пүрэвбат нэгэн бул хар чулуу зүүдэлсэн гэнэ. Зүүдэнд нь тэр чулууг тойруулаад хадаг яндар уячихсан сүсэгтэн олон мөргөж залбирч байгаагаар харагдсан гэнэ. Тэгээд л хийдийн суурийг ухаж байтал зүүдэнд нь үзэгдсэн том бул чулуу гараад ирсэн байна. 20 гаруй тонн жинтэй тэр чулууг “Энэ чулууг хөдөлгөж болохгүй юм байна. Бэлгэдэл талаасаа үзсэн ч энэ цогцолбор маань он удаа жил байх утга учрыг энэ чулуу агуулж байж магадгүй” гээд чулуугаа авалгүй хийдээ барьжээ.

Мөн Г.Пүрэвбат ламын олон жилийн турш зурсан гурван ч зургийг хийдийн хананд байрлуулжээ. Багш нарынхаа болон Богдын зургийг маш нарийн аргаар зурсан байна. Монгол гутлын хээ, ширээ сандал, хувцас гээд бүх зүйлсийн хээг нарийн гаргаж өгсөн байна. Их тэвчээр гаргаж зурсан нь илт харагдах юм. Ингээд хийдийн хоёр давхарт гарав. Тус хийдийнхэн маш ховор зүйлсийг дэлгэн тавьжээ. Метр гаруй урттай тул загасаас эхлээд матрын арьс, могойн арьс, таван эвэртэй хар халзан хонины толгой, нэхий, ганц эвэртэй морины алтадсан толгой, эвэртэй туулай, нэг эвэртэй янгир, дөрвөн эвэртэй нас бие гүйцсэн үхрийн толгой, цэцгэн эвэрт бор гөрөөс, давхар эвэртэй гөрөөсний толгой, таван биетэй нэг сүүлтэй загас, хоёр толгойтой яст мэлхий, цагаан өнгөтэй тарвага гээд хосгүй үнэт үзмэр угтлаа. Эдгээр ховор үзмэрүүдийг олон жилийн турш эрэл хайгуул болж байж олж авсан гэнэ. Монголд толгойдоо нэг эвэртэй янгир, данайсан том дөрвөн эвэртэй, нас бие гүйцсэн шар байжээ. Дээрх үзмэрүүдийг сонирхлоо. Үнэхээр духан дээрээ эвэртэй адууны толгой, ганц эвэртэй янгир, эвэртэй туулайн чихмэл нь бодит юм шиг л харагдах аж. Үүнийг хийдийн ажилтан “Эдгээр үзмэрүүд маш ховор зүйлс байгаа юм. Хаанаас олж авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан бүгд бодит зүйлс гэдгийг хэлмээр байна. Хүний гар орж хийсэн зүйл огт байхгүй” гэлээ. Модны үндэс, үзмэн мана, халтар мана гээд ховор нандин зүйлс ч олон байв. Бидэнтэй хамт үзмэр үзэж байсан хүмүүс дээрх зүйлсийг “Ийм зүйлс Монголд байсан гэж үү. Эвэртэй морь чинь үлгэрт л гардаг биз дээ” хэмээн ярилцаж байв. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас Дулмаа гэх өндөр настан ирсэн байв. Тэрбээр Цогт үр бүхий суваргад сунаж мөргөж байв. “Хүүхдүүд минь их сайхан газар нээгдсэн байна лээ. Утай гүмбэн, Түвд рүү өндөр зардлаар явснаас Аглаг бүтээлийн хийдэд очсон нь хамаагүй дээр. Монголчууд үнэхээр сайхан зүйлс хийсэн гээд энд авчирсан юм. Эгч нь энд ирж мөргөл үйлдээд гэгээрчихээд явж байна. Байгалийн чулууг бурхан болгоод бүтээнэ гэдэг их хэцүү шүү. Үнэхээр их хүч хөдөлмөр гаргажээ” гэлээ.

БУРХАН БАГШИЙН БИЙ БОЛСОН ТҮҮХ БУЮУ ГАРЬД УУЛЫГ ТОЙРСОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Бид эргээд бурханч лам Г.Пүрэвбатын өрөө рүү очлоо. Хэдийнэ хувцсаа өмсчихсөн байлаа. “Ууланд гороо хийхдээ аялагч нарын хаясан хог хаягдлыг түүнэ. Уут бэлдээрэй” гэж н.Пэрэнлэй ламд хэлээд гарлаа. Хаврын урин дулаан ирсэн болохоор уулсын цас хайлж шар усны хоржигнон урсах чимээ, хүүхдийн цолгиун дуутай инээд тодхон сонсогдох ажээ. Хийдийг тойроод хэд хэдэн том бул боржин чулуу байсан гэнэ. Ухаад гаргах гэхээр чулууг өргөчих, ховхлоод авах техник Монголд байхгүй. Мөн бэлгэдэл чанарыг нь бодоод чулуун урлал хийчих боломжтой гэдгийг олж харсан байна. Ингээд хийдийн өмнө байх чулууг ажаад харсан урд тал нь шувууны хошуу шиг хэлбэртэй, хойд тал нь хэвтэж байгаа араатны бие шиг байсан гэнэ. Хийд тойроод байгаа дөрвөн том чулууны хэлбэр дүрсийг нь янзалж засаад амьтан хийх санааг олсон байна. Ингээд гарьд, арслан хоёрын дундаас төрсөн найман хөлт арслан бүтээжээ. Хийдийн зүүн талын чулуугаар бурханы номонд гардаг юунд ч дийлдэхгүй амьтны дүрс бүхий матар, лавай хоёрын дундаас төрсөн гэгдэх лавайт матар гэх амьтныг хийсэн байна. Хийдийн зүүн талын чулуугаар халиу, загасны дундаас төрсөн үст загас бүтээжээ. Загасан идэшт халиу загастай эвцэлдэн дундаас нь загас толгойтой, халиу биетэй хүчирхэг амьтан төрснийг үст загас гэж нэрлэдэг гэнэ. Мөн луу барсны дундаас төрсөн барс, луу гэх амьтныг хийдийн арын Гарьд уулын өвөрт бүтээжээ. Хэлбэр хийц нь маш уран нарийн юм. Урлаачид маш их хөдөлмөр гаргаж, нарийн хийц бүхий амьтад хийсэн нь илт. Дээрх амьтдын дүрийг бий болгосон газар болгонд “Үл зохилдох хямрал бүхэн арилдаг” гэх бэлгэдэлтэй гэнэ. Эдгээр чулуун урлалыг “Эвцэлдэхгүй амьтан дундаас эвийн хүчээр төрсөн амьтад юунд ч дийлдэхгүй хүч чадалтай, аливаа хямрал, атаа жөтөөг дардаг” гэж бурханы номонд үздэг гэдгийг Г.Пүрэвбат лам онцолж байлаа. Аливаа зүйлс учир жанцантай байдаг шиг хийд байгуулах үед дээрх амьтдыг хийхэд зориулагдсан мэт дөрвөн чулуу хэлбэр дүрстэйгээ шахуу байгальдаа байсан гэнэ.

Уул өөдөө өгсөж явахдаа Г.Пүрэвбат ламаас “Энд хийд бариад бурхан шашны цогцолбор бий болгох санааг анх яаж олсон бэ” гэж асуулаа. Тэгсэн өөдөөс инээснээ “Энэ их учиртай газар байгаа юм. Ах нь Борнуур сумын хүн. Энүүхэн доор манайхан үе удмаараа нутаглаж ирсэн байдаг. Ах нь энд л хонь хариулж хүн болсон юм. Тэгээд л цаанаасаа учиртай байжээ. Хүний хөлөөс хол аглаг буйд газарт бурхан номын мөр хөөж суухаар шийдэж хийдээ барьж байлаа” гэв. Биднийг ийн ярилцаж явтал хэсэг залуу дуу алдаад л явчихлаа. “Энэ мод чинь дээрээсээ хувхайрч үхчихээд мөчирнөөсөө гол мод нь гарчихсан байна шдээ. Яаж ургахаараа ингэж ургадаг юм бэ” гэцгээх нь сонсогдов. Аянга буугаад модны орой хэсэг үхчихсэн байна. Аянганд цохиулсан мод хувхайрч, бүр мөчир нь унаж байснаа гурван жилийн өмнөөс гэнэт модны доод хэсгээр мөчир салаалан ургасан байна. Гэтэл мөчрөөс дахин гол гарч мод ургаж эхэлжээ. Хийдийн лам нар дээрх модны орой дээр нь алтан охь залж дархалсан байна. Монголчууд хайртай малаа сэтэрлэдэг шиг модыг дархалдаг ёс байдаг энэ. Эндээс эргэлийн зам эхэлдэг байна.

Уул өөд өгсөж хэсэг явахад хадан агуй тааралдах юм. Агуйн нэг талаас ороод нөгөө талаар мөлхөж гарах юм. Эргэлийн анхдагч үүдэн хаалгаар орсон хүн амар амгалан гэгээрэлд хүрэх үүд хаалга нээгдэж байгаа хэмээн сүслэн залбирах ёстой гэнэ. Эндээсээ Зуурдын хавцгай гэх гурвалжин хонгилоор ороод арга, бэлгийн шүтээн бүхий газарт хүрэх юм. Эргэл хийж яваа хүмүүс мөн л шуугилдаад явчихлаа. “Хүүе ээ, энэ дотор эрэгтэй хүний “боов” хад байна. Агуй хадан дотор байна шдээ”гээд хүүхнүүд нь инээд алдах. Тэгсэн нэгэн эрэгтэй “Энэ агуй чинь эмэгтэй хүний юу юм биш үү. Бас эротик газар байх нь. Бурхан номын газар гэсэн чинь эвгүй зүйлтэй таарлаа” гээд л хүмүүс чулууг харсан сэтгэгдлээ хуваалцах юм. Энэ чулууг лам Пэрэнлэй “Хүмүүс хүүтэй болмоор байна. Охинтой болмоор байна гэдэг биз дээ. Тэгвэл энэ хад үүнийг бэлгэдэж байгаа юм. Зуурдаас төрлийг хайж буй агшинд эр төрөл бий болгох бол эцэгтээ тачаадах, эм төрөл авах бол эцэгтээ тачаан, алинд нь тачаасан түүнийгээ тэвэрдэг” гэж байдаг. Мөн ямар нэгэн уур уцаар болон бусад атаа жөтөөг бодохыг тэвчих хэрэгтэй. Үүнийг л хүмүүст ойлгуулах гээд байгаа юм” гэж тэнд байсан хүмүүст хариулт өглөө.

Бурхан багш тэнгэрийн орноос энэ орчлонд мэндлэх үед бурхан багшийн ээж цагаан заан зүүдэлсэн гэх домог байдаг. Хэлбэр нь яг зааных шиг чулууг чулуу урлаач нар янзалж зургаан соёотой цагаан заан бүтээжээ. Зааны хажууд эхийн сав байх юм. Тэнд очсон хүн болгон эхийн саваар мөлхөж гарах ёстой. Эхийн сав шиг хэлбэртэй байгалийн хадан доогуур гарсан хүний хилэнц арилдаг гэнэ. Хадны доор орших нүхийг харахад тийм ч том биш. Заавал мөлхөж гарахаас өөр аргагүй. Гэсэн ч түүгээр биеийн хэмжээнээс үл хамааран ямар ч хүн мөлхөөд гарчихдаг нь сонин. Жил гаруйн өмнө 60 гаруй килограм жинтэй жижигхэн биетэй хүн эхийн саванд гацаж хүмүүсийг сандаргасан тохиолдол гарчээ. Ууланд мөн эхийн умай байх ажээ. Хүйсэн дээрээ модтой босоо хадны нүүрэнд умайн хэлбэртэй нүх буй. Түүгээр сард нэг удаа усан дусал гоождог гэсэн. Бурхан багш хорвоо ертөнц дээр төрсөн шиг. Аглаг бүтээлийн хийд дээр очсон хүн болгон цагаан зааны хажуу талын эхийн саваар гарч, хилэнцээ арилгаад бурхан багшийн хадан дээр сийлсэн бурханы дүрийг олж харна. Ингээд доош алхах үед чулуугаар хийсэн долоон лянхуан сийлбэр чулуу байв. Энэ нь бурхан багш эхээс төрөөд долоо алхах үед гишгэсэн газар болгонд лянхуа цэцэг ургасан гэдгийг бэлгэдэн хийжээ. Лянхуа сийлбэр чулууг Монгол Улсын гарьд Б.Гантогтох тэргүүтэй олон бөхчүүд уул өөд гаргасан байна. Улсын цолтой арав гаруй бөхчүүд лянхуа суурийг уул өөд олон удаа амарч байж гаргасан гэнэ. Дээд эргэлийн замаас доод эргэлийн зам руу орох заагт бие биенээ налан ургасан мод таарах юм. Энэ нь бурхан багшийн хорвоо ертөнц дээр төрсөн түүх шиг эхээс төрөөд цэцгэн сууриар алхаад их амьдрал руу алхан орж байгаа мэтээр зохиомжилж хийсэн байна. Замд чулуу болон газрын хөрсийг янзалж, хүн халтирч унахаас сэргийлж шат гаргасан байв. Зохиомжийн дагуу амьдралын хаалгаар ороод цааш явах үед гурван том хадтай тааралдах юм. Хүний гар огт хүрээгүй байгалийн хад яст мэлхий мэт дүрстэй аж. Яст мэлхий нь өвчин зовлонгүй, урт удаан наслахын бэлгэдэл билээ. Яст мэлхийн хажууханд өөд өөдөөсөө харсан заан хад харагдах юм. Чих нь далбайсан хэлбэртэй заан хад нь амар амгалан сэтгэлийн тэнхээтэй амьдрахын ерөөлтэй. Гурав дахь тааралдах хад нь ембүү шиг хэлбэртэй аж. Хадны орой дээр нь өвс ургаж, зулзаган нарс мод ургасан харагдав. Хадан дээр мод ургасан байгааг харсан хүн болгон гайхширдаг юм билээ. Ембүү хад нь эд мөнгө арвин байхыг бэлгэдэж байгаа гэсэн. Урлаач нар нэгэн том чулууг амаа ангайж байгаа матар болгон урлажээ. Хамт явсан зурагчин маань матрын аманд багтаж байна лээ. Тэгэхээр хэр том хадыг матар болгон урласан болох нь мэдэгдэх биз ээ. Матрыг энд урласан нь мөн л бэлгэдлийн чанартай. Матар хазсан амьтнаа үхэн үхтэл огт тавьдаггүй амьтан гэнэ. Иймд буддын шашинд орсон бол хайр энэрлээр хэзээ ч дутаахгүй гэх бэлгэдэл агуулсан байна. Мөн арав гаруй метр өндөртэй хадыг хаанаас нь ч харсан цагаан өвгөний дүр төрх харагдаад байсан гэнэ. Тэгээд нүүр, гарыг нь гаргатал хамаг газар, усны эхийг захирдаг гэгдэх цагаан өвгөний дүр төрх бүр сайн тодорчээ. Мөн лам дүрстэй хад ч байна лээ. Аглаг бүтээлийн хийдийн хойд талын Гарьд ууланд энэ мэт их олон төрлийн байгалийн өвөрмөц дүр төрхтэй хад таарах юм. Зангидсан гараараа хад цохьсон юм шиг хэлбэртэй хад ч байна. Үүнийг Нударга хад гэж нэрлэх болжээ. Мөн хүний мөр бүхий хад ч байх юм. Номын хүрдэн суварга шиг хэлбэртэй нарс мод, гулсдаг хад хүртэл байлаа. Эргэлийн замын хамгийн өндөр оргил бүхий хадан цохион дээр нэг ч хадаас оруулалгүй модон сүм барьж байна лээ. Барьж дуусгаад оройг нь алтадсан шаргал өнгөөр будах юм гэсэн. Үүнийгээ Тэнгэрээс буусан сүм хэмээн нэрийджээ. Сүмээс доош бууж явахад арван метр өндөртэй хадан дээр сийлсэн догшин сахиус гэгдэх Очирваань бурханыг сийлсэн байв. Бурханыг бүтээсэн хийцийн тухай ярих юмгүй үнэхээр сайхан бүтээжээ. Монголд хадан дээр ингэж нарийн аргаар бүтээсэн бурхан байхгүй гэнэ. Очирваанийн бурханыг хадан дээр хийхэд маш олон хүн оролцсон байна. Хүн бүрийн сэтгэл зүрх нэгдэж гайхалтай бүтээл төрүүлжээ. Арван метр бурханы доохно хадны хөмөг газрыг агуй болгож чулуугаар барьсан агуйт суварга барьсан байна. Энд Аглаг бүтээлийн хийдийн лам нар өвлийн цагт бясалгал үйлдэж, хэдэн хоног өдрөөр суудаг газар бий болжээ. Ингээд эргэлийн замын төгсгөлд нирваан дүрийг үзүүлж буй арван метрийн урт хадан дээр сийлсэн бурхан багшийн хөрөгтэй тааралдах юм. Гарьд ууланд хийсэн их бүтээн байгуулалт ийм ажээ. Байгалийн өвөрмөц тогтоц хад чулууг ашиглан урлагийн бүтээл болгосон нь дээрх зүйлсээс харагдаж байв.

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХИЙЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭНЭ

Энэхүү бүтээн байгуулалтыг гадны ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр монголчуудын сүсэг бишрэлийн өргөл барьцаар босгож байна. Монгол залуус нийлэн их бүтээн байгуулалтыг хийж байгаа ажээ. Г.Пүрэвбат ламын үүсгэн байгуулсан Урлах ухааны сургуулийг төгсөгч залуус эдгээр зүйлсийг хийж бүтээж байна. Энэ талаар Г.Пүрэвбат лам “Шавь нар маань өөрсдөө ирээд л хийж өгөөд байх юм. Монголын урдаа барьдаг урчуудыг төрүүлж чадсан юм байна гэж шавь нараараа бахархах сэтгэгдэл байнга төрж байна” гэлээ. Үнэхээр 84 урлаач цогцолбор газрын бүтээн байгуулалтыг хийж байна. Аглаг бүтээлийн сүмийн цогцолбор газрынхаа ажлын 50 гаруй хувийг барьжээ. 21 метр өндөртэй, алтан өнгөлгөөтэй сүм барих ажил ид хийгдэж байв. Мөн Сахиусны сүм барих ажил хийгдэж байна. Цул төмрөөр их биеийг нь барьсан сүмийг амьтны ясаар битүү урлаж чимэглэл хийх гэнэ. Сүмээ чимэглэх ясаа хүртэл цуглуулчихсан байна лээ. Энэ зунаас чимэглэлийн ажил хийгдэх ажээ.

АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМИЙН АГУЙ “АЛМАС”-ТАЙ БОЛНО

Уул тойрсон бид аялагч нарын хаясан ундааны сав, чихрийн цаас зэргийг түүсээр бууж ирлээ. Нэг үеэ бодвол монголчууд байгаль дэлхийгээ хайрладаг, хог хаядгаа больсон байна. Хоёр цаг гаруй яваад уулнаас бууж ирэхдээ нэг тор л хог түүлээ. Уулнаас бууж ирээд удаагүй байтал хоёр залуу тосч гүйж ирээд “Багш аа, нөгөө алмасаа доод байшин руу зөөх үү. Бид ачих гэсэн хүн нь цөөдөөд хаалгаар гаргаж чадахгүй байна” гэв. Бид “Юун алмас хаана байгаа юм бэ” гэсээр удахгүй ашиглалтад орох гэж байгаа Алтан сүм рүү хамт орлоо. Хоёр метр гаруй өндөртэй, үс ноос болсон амьтныг бүтээжээ. Үүнийгээ “Цаст уулын цагаан алмас” гэдэг амьтан гэж тайлбарлав. Тэнгэрийн сүмийн хажууханд байх агуйд алмасаа байрлуулах гэнэ. Цоохор ирвэс базсан байдалтайгаар сарлаг болон бусад амьтны ширээр хийсэн “алмас”-ыг бид өргөлцөв. Хоёр зуу гаруй килограмм жинтэй гэнэ. Алтансүмээс нөгөө “алмас”-аа гаргаад ирсэн тэр хавьд явсан хүмүүс “Алмас байна ш дээ. Ямар сонин юм бэ. Алмас үзье” гээд гүйлдээд ирэх юм. Хүмүүс “Яг алмас байна шүү дээ. Яг хийсэн байна” гээд л өмнө нь алмас гэх амьтныг нүдээр үзэж байсан юм шиг л ярих ажээ.

Бурханч лам Г.Пүрэвбат хэд хэдэн сонин бүтээл урлажээ. Тэр нь Аглаг бүтээлийн хийд орчмын уул усны лус савдагууд гэнэ. Тухайлбал, Гарьд уулсын газрын эзэн гээд эвэртэй шувуун толгойтой, урт далавчтай, гар хөлтэй амьтан байна. Гадна төрх нь ийм амьтан байдаг юм уу гэмээр сонин. Мөн зүүн луст уулын эзэн гүрвэлийг зохиомжилж бүтээсэн байна. Энд тэндээс нь эвэр гарсан урт хумстай амьтан байх. Зүүн луст ууланд гүрвэл их байдаг учир ийн сэтгэж хийсэн бололтой. Харин Баруун луст уулын эзнийг могойгоор дүрсэлжээ. Эвэртэй, хэлээ гаргасан догшин төрхтэй юм. Тэнгэрийн хуягт луу, өтөгтэй уулсын гурван толгойтой загас гээд Г.Пүрэвбат ламын бүтээсэн хачин сонин амьтад олны нүдийг хужирлаж, улам бүр хүч аван амилж байна уу гэмээр сүр хүчтэй харагдана.

Тус газарт уулнаас бууж ирсэн туулай, тэжээвэр тахиа, галуу, цацагт хяруул гэх мэт арав гаруй төрлийн шувууд байна лээ. Ирсэн хүн болгон шувуудыг тэжээж хооллодог юм байна. Мөн явган хүний зам дагуу жимсний модны бут сөөг тарихаар болжээ. Мөн хийдийн ойролцоо дөрвөн эвэртэй 50 гаруй тооны хонь бэлчиж яваа харагдав. Энэ талаар Г.Пүрэвбат лам “Хэдэн жилийн өмнө Баянхонгор аймагт явж байхад дөрвөн эвэртэй эр хурга айлд байхад нь таарсан юм. Тэр хургыг аваад энд авчирч хуц болгоод хэдэн эм хонинд тавьсан. Одоо 50 гаруй дөрвөн эвэртэй хоньтой болчихоод байгаа” гэв. Мөн үнэт үзмэрүүдийн талаар асуухад “Хаанаас олдсон талаар ярих болоогүй байна. 1890 оны сүүл үед Өвөрхангай аймагт духан дээрээ эвэртэй морь байсан талаар түүхэн баримт байдаг шүү дээ. Монголд эвэртэй адуу байсан” гэж товчхон хариулт өгөв.

Энд нийслэл хот төдийгүй, хөдөө орон нутгаас хүмүүс зорин ирж байлаа. Мөн жуулчид ч энд ирэх болжээ. Ирсэн хүн болгон л байгалийн үзэмж тансагийг, үзвэр, бүтээлүүд сайхан болсныг шагшин магтах юм. Хийдийн үүдэнд байх элэг, бөөрөнд сайн гэгдэх рашаанаас савныхаа хэмжээгээр хийж аваад хөдлөх ажээ. Нар жаргах гэж байхад бид нийслэл хот руу хөдөллөө. Орой бүрэнхий болохоос өмнө бидэнтэй хамт 30 гаруй машин төв замд нийлсэн юм. Харин Г.Пүрэвбат лам дахин уулзах ерөөл тавиад Аглаг бүтээлийн хийддээ хэдэн өдөр бясалгал хийхээр хоцорлоо.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Залаархаг хавраг буюу чийрийн давирхай

Чийрийн давирхай боловсорч буй үе

Шүхэр цэцгийн (Umbellifarae) овогт хамаарах олон наст өвслөг, модлог ургамал сүүлийн 20 гаруй жилд дэлхийн ургамал судлаачид болон анагаах ухааны салбарынхны анхаарлын төвд ороод байна. Харамсалтай нь дэлхийн хэмжээнд “дэндүү бага” гэмээр талбайд нэн цөөн тоогоор ургадаг ажээ. Үүнийг шинжлэх ухааны хэлэнд Залаархаг хавраг, Хавиргана хэмээн тэмдэглэдэг бол монголчууд Чийрийн давирхай гэж нэрлэнэ. Дэлхий дээр ердөө 100 гаруйхан га талбайг уг ургамал бүрхдэг бөгөөд Баруун Сибирь, Каспийн болон Газар дундын тэнгисийн орчимд ургадгаараа “Улаан ном”-д орсон ажээ. Энэхүү нэн ховор өвслөг, модлог ургамал нь Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн Булган сум, Ярантын боомт орчимд байна.

Манай орны хувьд 1954 онд анх бүртгэсэн байдаг ч 1980 оны сүүлч үеийг хүртэл нутгийн иргэдээс өөр хүн мэддэггүй байж. Ийнхүү анх тэмдэглэснээс 30 гаруй жилийн дараа МУИС-ийн багш нар зонхилон судалж нэн ховор гэдгийг нь тогтоон 1997 онд “Улаан ном”-д оруулсан байдаг. Учир нь энэ ховор ургамал амьдрах хугацаандаа ганцхан удаа буюу хагдарч унахаасаа жилийн өмнө цэцэглэж, үрээ гөвдөг гэж байгаа. Тодруулбал, 9-12 жил болоод нэг удаа цэцэглэдэг нь насны тоог нь заах бөгөөд бас үр удмаа үлдээж буй хэлбэр. Яагаад дэлхийд алаг цоог, дэндүү багахан талбайд байна вэ гэвэл олон жилд нэг удаа үрээ гөвж, тодорхой хугацааны дараа үрсэлж ургадагтай нь холбоотой. Ховд аймгийн Булган сумын хувьд Ярантын боомт хүрэх замаас 30 гаруй километрт Хоёр цэргийн агуйн орчимд элсэрхэг уулын нэг аманд л бий. Тэр бүс газрыг тодорхойлбол, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Төв Азийн цөлийн зааг. Тухайлбал, Зүүн, Баруун Хаац уулаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уул орчмын нутагт голын гаралтай, салхины нөлөөнд хэт автсан элсэн хуримтлал бүхий нутаг. Энэ хэсгийн уур амьсгал нь Монголын бусад бүсээс тэс өөр бөгөөд Булган гол тэжээдэг. Булган гол эрт үед одоогийн Үенч, Бодонч голын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим нь баруун тийш урсах болсон нь чийр хэмээх ургамлынхаа адил эрдэмтдийн сонирхлыг татдаг. Ер нь эндхийн ан амьтан, өвс ургамал бүр нь онцлогтой.

Ийм онцлог бүс нутагт ургадаг чийрийн давирхай хэмээх энэ ургамлыг дэлхийн эрдэмтэд өвс, мод хэмээн өнөөг хүртэл мэтгэлцсээр одоо ч нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Өвс гэхэд бургасны хэрийн бүдүүнтэй хүний биеийн бэлхүүс орчимд хүрэх буюу нэг метр орчим өндөртэй байж өвсний үзүүлэлтийг давна. Харин дээрх хэмжээ нь моддын үзүүлэлтийг хангахгүй учраас маргаан өнөөдөр ч үргэлжилдэг гэсэн. Бас хаврын цагт чийрийн давирхайн төгөлд очиход газарт хатгаад орхисон хувхай саваа мэт харагддаг бол зундаа дэлгэрч мөчир салаатай болж жил ирэх тусам мөчир нь уртасдаг. Гэхдээ нахиалж, дэлгэрч сүйд болохгүй байсаар 9-12 жилийн дараа л дээр хэлсэнчлэн цэцэглэнэ. Цэцэглэснийх нь дараа буюу хагдрах үед нь хөрснөөс сугалж үзэхэд үндэс нь адууны шийр лугаа бахим өргөн байдаг аж. Үндэс нь эндээсээ зэллэж хялгас мэт болж нарийссаар газрын гүн рүү хоёр метрт хүрдэгийг ч тогтоогоод байна. Харин яагаад дулаан уур амьсгалтай Газар дундын тэнгис, жилийн хоёр улирал ноёлдог Каспийн тэнгис, эрс тэс жилийн дөрвөн улирал зонхилдог Ховд аймаг, мөнхийн сэрүүн, мөнх цэвдэгт Сибирт бага багахан хэмжээгээр ургаж байгааг нь одоо ч ойлгож томъёолсон эрдэмтэн алга. Зарим эрдэмтдийн хэлж байгаагаар Чийрийн давирхай ургаж байгаа бүс нутгууд нь дэлхийн цаг агаараас харилцан хамааралгүй орон нутгийн онцлог уур амьсгалтай гэж үздэг байна.

Намартаа цөөн хэдэн хоног давирхай нь гадагшилна. Давирхай нь саарал, цагаан өнгөтэй учраас монголчууд сүү хэмээн нэрлэх болжээ. Энэ үед бүс нутгийн энгээр сүрчиг мэт анхилуун сайхан үнэр ханхалдаг нь давирхайгаас ялгардаг. Сүрчиг, хүдрийн заар зэргийг эрэмбэлвэл давирхайн үнэр бараг нэгдүгээрт жагсана гэж үзэх хүн ч цөөнгүй байдаг гэсэн. Нутгийн ардууд эрт дээр үеэс аян замд мордохдоо эмээлийнхээ хавтас эсвэл дөрөөний тавганд давирхайлаг бодисыг нь шавдаг байжээ. Гоё тансаг үнэрт нь элдвийн нян устахаас гадна ханиад шуухинаа хүрвэл түүнээсээ авч хэрэглэх зориулалттай. Чийрийн давирхайн төгөлд очоод нэг өдөр саатахад л хүний ядаргаа тайлагдаж, цусны даралт буурдаг тустай. Ер нь эл ургамлыг анагаах ухааны салбарт түлхүү ашиглах болсон бөгөөд өдгөө дэлхийн арав гаруй орны лабораторид үрслүүлэн ургуулж, судлан, анагаах ухааны салбарт ашиглаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар чийрийн давирхай нь 110 орчим эмийн жор болон ордог болжээ. Хамгийн гол нь амьсгалын замын өвчин, ханиад, томуу болон цусны даралт, ил задгай шарх зэрэгт онцгой нөлөө үзүүлдэг. Эмч, эмнэлгийн салбараар олон жил яваад эмчилж чадаагүй төрөл бүрийн харшлыг ч шидтэн мэт анагаадаг байна. Энэ ургамлын газрын дээр ил гарсан хэсэг нь малын тарга хүчийг нэмэгдүүлдэг, тэжээллэг чанартай бөгөөд үнээний сүүний гарцыг нэмэгдүүлдэг тухай судлаачид тэмдэглэсэн байна. Дэлхийн эрдэмтэд амьсгалын замын өвчнөөс гадна үе мөчний үрэвсэл сапаген, диатез, лимфийн булчирхай, дунд чих ба ходоодны үрэвсэл, ядаргаа зэрэг өвчний үед болон тайвшруулах зорилгоор ийнхүү 110 орчим нэр төрлийн эм гарган аваад байгаа бол монголын уламжлалт ардын эмнэлгийн жороор зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, хооллох дур нэмэгдүүлэх, нянгийн эсрэг үйлчлэлд өргөн ашигладаг байжээ. Мөн мөөгөнцөрийн эсрэг, ферментийн идэвхийг бууруулах, хавдрын эсрэг, азотын оксидийн нийлэгжилтийг бууруулах, хумхаан эсрэг, арьсны янз бүрийн өвчнийг эмчилж, хорт хавдрын эсрэг ашигладаг байсан нь зарим сударт үлдсэн байна. Элэгний хорт хавдар тусаад “ямар ч эмчилгээгүй” гэсэн оноштой хүн Ховд аймгийн Булган суманд очиж чийрийн давирхайг хэрэглэснээр 85 насныхаа найрыг хийсэн тохиолдол ч бүртгэгдээд байгаа юм. Ийм сонирхолтой хэрнээ шидтэй ургамал дэлхий дээр өчүүхэн зайд байдаг ч Монголд багагүй хувь нь бүртгэджээ. Газар дундын болон Каспийн тэнгис, Сибирь, Ховд аймгийн Булган суманд байдаг залаархаг хавраг буюу чийрийн давирхай нь ийм сонирхол татам болохоос энэ төрлийн 100 орчим нэршил бүхий ургамал байдгийг бас мартаж болохгүй ажээ. Гэхдээ л тус бүрдээ нэн ховорт тооцогддог байна.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Л.Цандэлэг: Тариаланчдад өгдөг мөнгийг авмааргүй байна, биднийг зах зээл дээр чөлөөтэй орхичих

Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Тариаланчид өнгөрсөн долоо хоногт хийсэн зөвлөгөөнөөрөө салбарынхаа сайдтай хамтарч ажиллах боломжгүй гэсэн утгатай мэдэгдэл гаргасан гэсэн. Зөвлөгөөн нэлээд ширүүхэн уур амьсгалтай болжээ дээ?

– Дархан-Уул аймагт болсон тариаланчдын зөвлөгөөнд 200 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцлоо. Тариаланчид юу ч хийхээс буцахааргүй байдалд орсон нь саяын зөвлөгөөнөөс анзаарагдлаа. Хоёр жил дамжсан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээгүй улс чинь бухимдахаас аргагүй л дээ. “Одоо бидэнд хийх ажил алга, бүх ажилчдаа аваад Улсынхаа төв талбай дээр суулт хийе” гэж байна. Компаниуд зөвхөн валют дээр гэхэд л120 орчим тэрбум төгрөгийн хохирол амссан. Он гарснаас хойш арав гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдалд орчихлоо. Тариаланчид банкныхаа өрийг төлж чадахгүй байна. Улсаас өгөх учиртай 10 тэрбум төгрөгөө өгөөгүй. Танай сониноор дамжуулаад Р.Бурмаа сайдаас “Та Монголын тариаланчдыг 150 орчим тэрбум төгрөгийн алдагдалд хүргэчихлээ. Таны олсон ашиг энэ хэмжээнээс их үү” гэж асуумаар байна. Тариаланчид зөвлөгөөнөөсөө салбарынхаа сайд, төрийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллах боломжгүй гэсэн хатуу мэдэгдэл гаргалаа. Үрийн асуудлыг шийдэж өгөөч, улсынхаа буудайн хэрэгцээ, авах үнийг нь зарлаж өгөөч гэсэн хүсэлтийг албан ёсоор тавилаа. Манай яаманд ажлаа мэдэх хүн алга. Хүнс хөдөө аж ахуйн яам гэсэн нэртэй хэрнээ нидэр дээрээ Хууль зүйн яам болчихоод байна.

-Яагаад Хууль зүйн яам гэж…?

-Сайд, төрийн нарийн бичиг нь хоёулаа хуульч. Тариаланчдыг шалгана, хянана, шүүхэд өгнө гэсэн бодлого баримтлаад ажил хийлгэхээ байсан. Сайд нь импортын буудай оруулж ирж байгаа Ц.Баатарсайханыг өмөөрөөд тариаланчдаа үзэж чадахаа байсан. Сайд маань өнгөрсөн найман сарын турш Монголын тариаланчдын хөдөлмөрийг үгүйсгэж, телевизээр мэдэгдэл хийлээ. Чанаргүй будаа тарьдаг, цавуулаг алга гэж.

-Тариаланчид энэ жил хэр тариа тарьж, ирэх намар хэчнээн тонн ургац авах төлөвлөгөөтэй байгаа вэ, энэ талаар яриа хөөрөө өрнөсөн үү?

-Энэ жил юу тарихаа мэдэхээ байчихаад байна. Яам засвар үйлчилгээ 50 хувьтай байна гэж мэдээлсэн. Тариаланчид цуглаад ярилаа л даа. Засвараа эхлэх нь битгий хэл, ажилчдынхаа цалинг тавих мөнгө алга гэж байна. Бүр шатахуунаа ч татаж чадаагүй байна. Борлогдоогүй будаа гэж том асуудал бий. Ийм байдал Монголын газар тариалангийн 55 жилийн түүхэнд огт гарч байгаагүй.

-Оросын цавуулаг сайтай буудайг Монголын цавуулаггүй буудайтай хольж гурил хийхгүй бол болохоо байлаа гээд хойноос будаа авсан. Хойд хөршөөс орж ирсэн буудай чанартай байж чадсан уу, хамтарсан ажлын хэсэг чанарыг нь шалгасан дуулдсан?

– Ерөнхий сайд саяхан МХЕГ, ХХААЯ, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Газар тариалангийн холбооны хамтарсан шалгалт хийлгэсэн. Шалгалтын дүнгээс харахад Монголд арван сар идэх гурил байна. Бараг нэг жилийн хэрэгцээ. Дөрвөн газрын шалгалтаар хойд хөршөөс чанаргүй, удаан жил хадгалагдсан буудай оруулж ирсэн гэсэн дүгнэлт гарсан. Уг нь тендерт 25 хувиас дээш цавуулагтай будаа оруулж ирэх учиртай. Энэ хэмжээндээ хүрээгүй нь сая нотлогдлоо. Монгол хүний нэр дээр компани байгуулаад Улаан-Үүдээс буудай оруулж ирсэн байна. Монгол хүний нэр дээр байгуулсан нь “Баргууд” гэж компани. Баатарсайханы будаа авдаг компани. Тэр компанийн 860 тонн улаан буудай хүнсний хэрэгцээ хангахгүй гээд Оросын хил дээр саатуулсан. Оросууд нь гаргахгүй гэж байхад Монголд орж ирээд байгаа нь хууль хяналт, хил, гаалийнхан муу ажилласан гэсэн үг. Нийлүүлж байгаа нь, авч байгаа нь, зөвшөөрөл өгсөн нь ч монгол хүн. Гадны хэн нэгэн биш, монголчууд өөрсдөө л зохион байгуулж байна даа. Шүүх, цагдаа, прокурорынхны хяналтдаа авахаар том хэрэг.

-Тариаланчид чанаргүй буудай нийлүүлээд байгаа учраас хойноос оруулж ирэхээс өөр арга алга гэсэн тайлбарыг салбарын сайд нь хэлдэг. Монгол хөрсөнд тарьсан буудай үнэхээр чанаргүй байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Р.Бурмаа сайд ийм л яриа гаргадаг. Оросоос улаанбуудай импортлох нь “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан, “Од” группийн “Ургац” гэдэг гурил, сайд гуравт л ашигтай. Рублийн ханш унасан ийм үед Улаан-Үдийн удаан хадгалагдсан, хямдхан, гуравдугаар сортын буудай оруулж ирэх нь ашигтай л даа. Дөрөвдүгээр сорт гэхээрээ гахайн хоол болчихдог юм. Арав гаруй сая ам.долларын ашигтай наймаа болчихлоо гэж миний яриад байгаа нь ийм учиртай. Энэ ашиг гуравхан хүний халаасанд орж, гуравхан айлыг мөнгөжүүлж, газар тариалангийн салбарт ажиллаж амьжиргаагаа залгуулж байгаа 300 мянга гаруй хүнийг элгээр нь хэвтүүллээ. Монголд байгаа юм нь нүүрс, хэдэн мал, газар тариалан. Дотооддоо хангаж байгаа юм гэвэл ердөө энэ шүү дээ. Ердөө долоохон жилийн өмнө Ерөнхий сайд нь хойд хөршөөс 100 мянган тонн улаан буудай гуйгаад явж байсан гашуун түүх бидэнд бий. Хятадаас ясны гурил их хэмжээгээр орж ирж байсныг монголчууд санаж л байгаа. Өнөөдөр тоо нь эрс өсч байгаа хавдрын өвчлөлд нөлөөлсөн л гэж боддог. Хятадаас орж ирсэн тэр гурилыг гэрийн хаяанд тавьчихаар хулгана тоож иддэггүй гэж ирээд ярьдаг л байсан. Бэлээхэн ийм түүх байхад өнөөдөр газар тариалангийн салбараа унагах гэж зориуд Оросоос хүнсний шаардлага хангахгүй улаанбуудай оруулж ирж болохгүй л дээ.

-Бурмаа сайд үрийн асуудлыг дотоодоосоо шийдэх боломжтой гэсэн. Таны яриаг сонсохоор үр байхгүй юм шиг. Тэгэхээр сайд худлаа мэдэгдэл хийсэн гэсэн үг үү?

-Тариаланчдын гар дээр 42 мянган тонн товарын буудай бий. Р.Бурмаа сайд 42 мянган тонн үр бий гэж ард түмэнд хуурамч мэдээлэл тараагаад байна л даа. Үр гэдэг чинь өөр. Сайн чанарын, элит, супер элит үрийг аль намраас шинжилж шалгаад авах ёстой. Үрийн аж ахуй гэж бий. Эсвэл гадаадаас авдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл яамнаас ийм ажил хийгээгүй. Эцэст нь товарын буудайгаа тарь гээд байна л даа. Товарын буудай таривал жинхэнэ чанаргүй ургац гарна. Би сайдад нэг л зүйл хэлж байгаа. “Та баталгаагаа өг. Хэрвээ чанаргүй ургац хураавал хариуцлагыг нь та хүлээх ёстой. Тариаланчдын мөнгөөр тоглох гээд байна шүү” гэж хэлсэн. Тариаланчдад байгаа 40 гаруй мянган тонн таваарын будааг цэвэрлээд үр гаргая гэвэл тал нь л үр болно. Хориод мянган тонн үр гарна гэсэн үг. Нийтдээ зуугаад мянган га-д тарих үр. Гэтэл 300 гаруй мянган га-гийн уринш байна. Өнгөрсөн жил тариаланчид хамаг мөнгөө гаргаад уриншаа бэлдчихсэн. Бидний хөрөнгөө гаргаад уринш хийсэн талбай дээр тарих таримлыг зааж өгөхгүй байна л даа.

-Уг нь үр тариагаа ахиухан тариад гадагш нь экспортлох боломж хаймаар санагдах юм…?

-Экспортолж болдоггүй. Биднийг хорьчихдог. Гэсэн хэр нь гаднаас бол импортлоод байдаг. Гурил иддэг улс хөдөөнийхөн шүү дээ. Түмпэн түмпэнгээр боорцог хийгээд иддэг байсан бол өнөөдөр гурилаа авч чадахгүй байна л даа. Гурилын үйлдвэрийн гурил борлогдохгүй байна. Өмнөх жилүүдийн өдийд арай ч ийм байгаагүй. Ер нь ноолуур гарч байж л хөдөөнийхөн гурилынхаа мөнгөтэй залгадаг. Энэ хүртэл гурилын борлуулалт багасдаг л даа.

-Гурилын борлуулалт өмнөх жилүүдээс муудсан хэрэг үү?

-Сая хийсэн тооллогоор зарагдаагүй гурилын хэмжээг гаргалаа. Өдийд ийм байдаггүй. Маш бага хэмжээний гурил идсэн байна. Шалтгаан нь эдийн засгийн хямрал. Хэн ч хямраад мөнгөгүй болоод ирэхээрээ хэрэгцээгээ танаж эхэлдэг.

-Сайдтайгаа хэл үгээр учраа олох ямар ч боломж алга уу?

-Очоод уулзъя гэхээр баахан телевиз сонин цуглуулчихаад тариаланчдынхаа өр шир, муу муухайг нь л ард түмэнд мэдээлээд байна шүү дээ. Өнөөдөр ХХААЯ руу очдог тариаланч эрс цөөрсөн. Хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарт дотоодын хөрөнгө оруулагчид голчилдог. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдаа гадуурхаж, монополь гэж дайрч давшилж байна л даа. Том аж ахуйн нэгжүүд идэж уудаг гэж ярих боллоо. Зүй нь баялаг бүтээгчдээ ингэж боломгүй санагдах юм.

-Түрүүн таны онцолсон дөрвөн газраас хийсэн шалгалтын дүнг олон нийтэд зарласан уу?

-Шалгалтын дүнг яамнаас зарлахгүй байна. Ерөнхий сайд бол сонссон. Ерөнхий сайд ч гэсэн нэгэнт нотлогдсон үнэнийг дэлгэж тавимаар л байгаа юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд шалгалтын дүгнэлтийг сонсгох үеэр би салбарынхаа үнэн байдлыг ярьсан юм. Гэтэл Р.Бурмаа сайд хажуунаас “Амаа тат” гэж загнаж байгаа юм. Тэгж хэлэхэд нь бидний дэргэд хорь гаруй хүн байсан.

-Таныг юу гэхээр Р.Бурмаа сайд “Амаа тат” гэж загнасан юм бол?

-“Таны чанаржуулагч гээд байсан орос буудай чинь хордуулагч байжээ” гэсэн чинь л тэгж загнасан.

-Ерөнхий сайдад зовлонгоо хэлэхээр юу гэх юм?

-Ерөнхий сайд яамтайгаа учраа ол гэдэг ганц л үг хэлдэг. Яам нь болохоор хүлээж авдаггүй. Ийм л байдалд орчихоод байна.

-Ингэхэд газар тариалан хэчнээн төгрөг эргэлддэг салбар вэ?

-300 орчим тэрбум төгрөг эргэлддэг салбар. Ийм том салбарыг авч яваа хүмүүсийг банкны хүүгийн алдагдалд, барьцаанд оруулчихлаа. Үндсэндээ дампууруулж байна. Маш олон компани газар, тоног төхөөрөмжөө зарна, тариалалтаа хаяна гэж байна. 55 тэрбум төгрөгийн аваагүй мөнгө, уриншдаа хийсэн 50 орчим тэрбум, 100 орчим тэрбум төгрөгийн хүү гээд асуудал их дээ. Тариаланчид сар бүр дунджаар хоёр тэрбум төгрөгийн хүү төлж байна. Ердөө л “Улаанбаатар гурил”, “Од” групп гэсэн ах дүү хоёрын бизнесээс болж ийм хэцүү байдалд орчихлоо. Сайд маань тэднийг дэмжиж зөвшөөрөл өгч, салбараа ганхуулснаа хүлээн зөвшөөрөхгүй голын нөгөө эргээс чулуу шидээд суудаг боллоо. Буруу юм хийсэндээ бантаад салбарынхантайгаа ч уулзахаа больсон. Уг нь улстөрч хүнд буруу үйлдлээсээ гарах гарц гэж бий. Уулзаж ярилцаад алдаагаа засах боломж бий.

-Танай холбооныхон тавьсан шаардлагаа тодорхой болтол тариалалтаа эхлүүлэхгүй юм байна. Холбоонд нэгдээгүй нь яах бол?

-Яам, тамгын газарт найз нөхөдтэй, Бурмаагийн наагуур цаагуур явж байгаад шатахуунаа хэдэн сарын хугацаатай зээлж хэрэглэх бодолтой хүмүүс бий. Ингэж байж амьдралаа залгуулдаг жижиг аж ахуйн нэгж цөөнгүй бий. Тэд яамнаас бага сага юм аваад тариалалтаа эхлэх байх. Өөр нэг аюултай зүйл байна. Жаран мянган тонн улаанбуудай оруулж ирмээр байна гэсэн импортын зөвшөөрлийн хүсэлт яаманд ирчихээд байгаа юм билээ. Хэрвээ яам энэ зөвшөөрлийг өгвөл Монголын бүтэн жилийн хэрэгцээг импортоор хангачихна гэсэн үг. Энэ тохиолдолд бид хөрөнгө мөнгө гаргаж тариа тариад яах юм. Манай агуулахад гэхэд 3000 тонн улаанбуудай байна. Цас, бороо ороод складанд хадгалсан буудай муудахад ойрхон байна. Төр гурил, мах, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг гэсэн нэртэй. Шатахуунаа дэлхийд үнэтэй үед нь хямд зарж, хямд үед нь үнэтэй зараад зохицуулаад байх шиг. Махных нь үнийг нөөцийн мах бэлтгэж дараад байна. Гурилын үнийг зөрүү мөнгийг нь өгье, урамшуулал олгоё гэж байж дардаг. Тэгсэн хэрнээ өгнө гэсэн мөнгөө өгөхгүйгээр дарж байна л даа. Одоогийн байдлыг харахад л ганцхан зам байна. Үнээ чөлөөлье. Бид улсаас авдаг мөнгөө больё. Авдаг, иддэг гэж муугаар яриад байгаа учраас энэ мөнгийг авмааргүй байна. Биднийг зах зээл дээр чөлөөтэй тавьчих гэж хүсмээр байна. Юу тариалах нь та нарын дур гэвэл өөр хэрэг. Бид энэ зах зээл дээр оршин тогтнож амьдармаар байна.

-Дахиад асууя, тариаланчдын хурааж авсан буудай чанаргүй гэдэг нь үнэхээр үнэн үү, шалгалт хийгээд чанаргүйг нь тогтоосон гэж яамны удирдлагууд яриад байх юм?

-Саяын цагаан сараар монголчууд бууз, ул боовоо бидний тарьсан буудайн гурилаар хийсэн шүү дээ. Ямар нэг гомдол дуулдсан уу. Оросоос орж ирсэн буудай нь Монголынхоос чанаргүй нь нотлогдлоо. Сансараас гурил авчраад хийгээгүй л бол монголчуудын цагаан сардаа хэрэглэсэн гурилыг бидний хурааж авсан буудайгаар хийсэн. Бид үүнээс өөрөөр яаж батлах юм бэ. Мэргэжлийн хяналтаар шалгуулчихсан буудай шүү дээ. Ерөнхий сайд “Энд 80 мянган тонн чанаргүй улаанбуудай байна. Тэндээс 20 мянган тонн чанартай буудай авчирч холиод гурил хийнэ. Тэгээд цагаан сараа хийх гэж байгаа юм” гэсэн. Гэтэл 80 мянга биш 200 мянган тонн улаанбуудай өнөөдөр Монголд байна. Гэх мэтчилэнгээр Ерөнхий сайд гэх мэт төрийн том хүмүүсийг яам буруу мэдээллээр хангаж байна л даа.

-Тариаланчдын хүссэнээр асуудал шийдэгдэхгүй бол яах вэ?

-Тариаланчид хохирлоо Баатарсайхан, Бурмаа хоёроос нэхэмжилнэ. Том өмгөөлөгчдөд санал тавиад байгаа. Болохгүй бол шүүхэд өгнө гэж бодож байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“Найрамдал” төв “Хоггүй зуслан” хөдөлгөөн өрнүүлнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд жилийн турш амрах 40.000 хүүхэд, тус төвийн 600 гаруй ажилтан, нийслэл орчмын хүүхдийн зуслангуудад зуны улиралд амрах 15 мянга гаруй өсвөр үеийнхэн тэдний гэр бүлийнхнийг хамруулсан “Холивол хог ялгавал баялаг” сургалт зохион байгуулна. Мөн Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр гоёл чимэглэлийн агч мод тарьж, “Хоггүй зуслан, хоггүй байр, хоггүй орц хөдөлгөөн” өрнүүлэх юм.

Энэ хөдөлгөөний хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах зориулалтын савыг төрөлжүүлэн байршуулж хүүхдүүд хогийг ангилан ялгаж хийнэ. Оршин суугчид амрагч хүүхдүүдийн сайн дурын зөвлөлийг ажиллуулж хог хаягдалд хяналт тавих юм. Ингэснээр өсвөр үеийнхний нийгмийн өмнө хүлээх хариуцлага өндөрсөж, найд нөхөд хамт олондоо сайн үлгэр дууриал үзүүлнэ. Улирал бүр “Хоггүй зуслан, хоггүй байр, хоггүй орц” хөдөлгөөнд идэвхитэй оролцсон хүүхдүүдийг шалгаруулж урамшуулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Зуслангуудын холбоо, Скаутын холбоо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран ажилладаг ерөнхий боловсролын сургууль болон бусад байгууллагууд энэ арга хэмжээнд хамтран оролцох юм. Эхний ээлжинд амрах 15.000, өдрийн амрагч 25 мянган хүүхдэд ил задгай хог хаягдлыг бууруулах нь эрүүл мэндэд хэрхэн тустай талаарх мэдээлэл сурталчилгааны материал тараана. Ингэснээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.