Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөх дөхлөө

Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд долоо хоногийн дараа өндөрлөнө. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 11, эмэгтэйчүүдийн таван баг өрсөлдөж байгаа. Багууд дунджаар 18 тоглолт хийгээд байгаа бөгөөд эрэгтэй багийн тоглолтыг “СБЛ Хасын хүлгүүд” тэргүүлж байна. Тус багийнхан 11 хожил, зургаан хожигдолтойгоор жагсаалтын эхэнд бичигдэж байгаа бол “Увс Эрдэнэдрийлинг ригс” багийнхан 11 хожил, найман хожигдолтойгоор удаалсан. Жагсаалтыг тэргүүлж буй багийн хувьд Б.Соронзонбаатар эзэнтэй, өнгөрсөн жилийн лигийн аварга баг. О.Баярцогт дасгалжуулагчийн удирдлагаар лигт өрсөлдөж буй тэдний багийн лидер тоглогч Б.Билгүүн сүүлийн гурван ч тоглолтод оролцоогүй. Өөрийн багаа өнгөрсөн жилийн лигийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, ялалтад хүргэсэн тоглогчоо Б.Соронзонбаатар эзэн урамшуулахаа мартсангүй. Сагсан бөмбөгийн спортын жинхэнэ халуухан ертөнц болох NBA-ийн тоглолтыг үзээд ир гээд Америк руу явуулсан.

Энэ тухай мэдээлэл лигийн тэмцээн үзэхээр Спортын төв ордонд ирсэн залуусын дунд шуугиан тарьж байна. “Б.Билгүүнийг цаашдаа олон улсын тавцанд гарах тамирчин гэж үнэлж байгаа болохоор Америк руу явуулсан. Тухайн орчныг өөрийн нүдээр үзэж, биеэр мэдэр гэж явуулсан тун оновчтой шийдвэр байлаа”, “Охидын анхаарлын дунд байсан Б.Билгүүн сая нэг найз охинтой болсон. Бал сараа тэмдэглэхээр Америк руу хамт явсан” гэх мэтийн яриа ид буцалж байна. Басхүү “СБЛ Хасын хүлгүүд” багийн эзэн сагсан бөмбөгийн спортод хөрөнгө хаяж чаддаг тухай ам уралдан ярьж байгаа. Тус багийн тоглогчид сард дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай байдаг бөгөөд сайн тоглох тусам цалин нь өсдөг. Тухайлбал, Нью-Йорк хотод NBA-ийн цуврал тоглолт үзэж байгааБ.Билгүүн л гэхэд 1.2 сая төгрөгийн цалинтай ажээ. Тэрээр уржигдар эх орондоо буцаж ирсэн бөгөөд хоёрдугаар тойргийн үлдсэн тоглолтуудад хүчин зүтгэнэ.

Үндэсний супер лигийн баг тус бүр нийт 20 тоглолт хийх ёстой. Одоогоор багуудад 2-3 тоглолт үлдээд байгаа. Хоёрдугаар тойрогт тоглож буй 11 багаас гурав нь хасагдаж, энэ жилийн лигийн тэмцээнийг бүр мөсөн орхино гэсэн үг. Үлдсэн улирлын тоглолтуудыг үзэгчдийн суудлаас үзэхгүйн тулд чаддаг бүхнээ дайчлахаас өөр аргагүй. Тэгэхээр ирэх долоо хоногт гал авалцсан ширүүхэн тоглолтууд болох нь гарцаагүй юм. Одоогоор “Сентоза арслангууд”, “Гэгээн хангай лидер”, “Хэнтий Чингэс сити” багийнхны хувь заяа бүрхэг байгаа. Энэ гурван баг хасагдах магадлал өндөртэй буюу жагсаалтын сүүлийг мушгиж байгаа юм. Тэгэхээр жагсаалтын наймд бичигдэж, лигт үлдэхийн төлөөх авьяас чадвараа харуулсан тоглолтуудыг үзэх нь. Эдгээр баг өөр өөрсдийн сул талтай. “Сентоза арслангууд” гэхэд бөмбөг алдалт ихтэй, нэг тоглолтод дунджаар 25 удаа бөмбөг алдаж байна гэх статистик мэдээлэл байна. Нарийвчилбал тоглолтын сүүлийн мөчид буюу цаг дуусахаас нэг, хоёрхон минутын дотор гурваас дөрвөн бөмбөг алдаж байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа. Бас хамгаалалт тийм ч сайнгүй байгааг үзэгчид ярьж байна лээ. “Гэгээн хангай лидер”-ийнхэн дундын болон холын зайн шидэлт маш их алдаж байгаа бол “Хэнтий Чингэс сити” багийнхан маш бага довтолж байгаа нь ялагдалд хүргэж буй гол шалтгаан болжээ. Харин “Их өргөө аравтууд”, “Дорнод танан гарьд”, “Төв аймаг төв ургац”, “Мон-Алтиус мадимос шонхрууд” багуудын тухайд айдгаа авдрандаа хийчихсэн гэхэд болно. Ямартай ч жагсаалтын дундуур бичигдэж буй болохоор гуравдугаар тойргийн тоглолтуудад үлдэх бололтой. Хоёрдугаар тойргийн тоглолтын эргэн тойрныг товчлон хүргэвэл “Дундговь Альянс тех харцага” болон “Хан талстын ирвэсүүд” багуудын ялалт, ялагдлын тоо ганцхан онооны зөрүүтэй байгаа юм. Хоёулаа есөн хожилтой байгаа. Тэгэхээр үлдсэн тоглолтуудад хэн сайн тоглосон нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ.

Үндэсний супер лигийн тэмцээнийг сүүлийн хэдэн жил тун сонирхолтой болгож буй легионер тоглогчид энэ жил ч бас тэмцээнийг ширүүхэн болгож байна. Нэг багт 1-3 гадны тоглогч бий бөгөөд тэд өмнөх жилүүдэд ачааллын дийлэнхийг нуруундаа үүрдэг байсан бол өнөө жилээс Б.Билгүүн, Т.Санчир нарын тамирчид гадныхнаас дутахгүй оноо цуглуулж чадаж байгаа. Сонирхуулахад долоо хоног бүрийн сондгой өдрүүдэд болж байгаа тэмцээний үзэгчдийн дийлэнх нь эрчүүд ч гэлээ 30 гаруй хувийг нь бүсгүйчүүд эзэлдэг гэсэн. Лигт тоглож буй залуучууд бие бялдрын хувьд хэнээс ч дутахгүйн дээр царай зүсээр ч тун давгүй байдаг тухай сагсан бөмбөг сонирхогч охидууд ярих юм билээ. Дээрээс нь хүчин зүтгэж буй багаасаа тун боломжийн цалин авдаг. Лигт тоглож буй тамирчид доод тал нь сар бүр 450 мянган төгрөг халаасалж байгаа бол лидерүүд 1.2 сая төгрөгийн тогтсон цалинтай. Легионерууд харин дунджаар 1500 ам.долларын цалин авдаг ажээ.

Супер лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд ирэх сарын 8-нд дуусах бөгөөд долоо хоног амарсны эцэст жагсаалтыг тэргүүлсэн найман баг цааш өрсөлдөнө. Гуравдугаар тойрогт үлдсэн найман багаас тал нь хасагдаж лигийн аваргын төлөө тоглох юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

“Ардчилал гэж юу вэ”

“Ардчилал гэж юу вэ” гэдэг номыг 1990 оны арванхоёрдугаар сарын 10-нд нэгэн улстөрч надад бэлэглэжээ. Тухайн үед Төв аймгийн МоАХ-ны гишүүд Зуунмод хотын төв талбайд өлсгөлөн зарлаж байсан юм. Өлсгөлөнгийн дараа энэ номыг уншиж хөдөө орон нутгаар баахан мэдэмхийрсэн санагдана. Тэр үед номыг ярих нь бүү хэл, ойлгоход ч түвэгтэй байсныг нуух хэрэггүй биз. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэ номыг ойлгоод зогсохгүй, амьдрал дээр олон зүйл зөрчигдсөнийг шүүмжилж болно. Анх номыг уншиж байхад ойлгосон ардчиллын зарчмаас бидний монголчууд багагүй гажуудсан мэт санагдана. Номын “Ардчиллыг тодорхойлох нь” бүлэгт “Ардчилал гэдэг үгийг бараг хүн бүр мэднэ. Гэвч дарангуйлагч дэглэм ч ардчилсан нэр зүүчихээд ард түмний итгэлийг хүлээж байгаа мэтээр сурталчилсаар байгааг” сануулжээ. Мөн А.Линкольны “Ардчилал нь ард түмний өөрөө удирдсан, ард түмний төлөө Засгийн газар юм” гэсэн үг байна. Олонхийн гаргасан улс төрийн шийдвэрт цөөнх захирагдах боловч, 51 хувь нь олонхи нэрээр 49 хувийг дарангуйлах нь ардчилал биш. Засгийн газар бол нийгмийг бүрдүүлэгч нам, мэргэжлийн холбоо, ТББ зэрэг байгууллагатай ижил эрхтэй нийгмийн нэг л эд эсэд тооцогдоно. Ардчилсан нийгэмд Засгийн газар ард түмэндээ болон нийгмийг бүрдүүлдэг бүх байгууллагуудад тайлан тавих үүрэгтэй. Харин дарангуйлагч дэглэмд эсрэгээрээ ард түмэн болон нийгмийн эд эс болсон байгууллагуудыг Засгийн газар хянана.

Ардчиллын тулгуур баганад хүн ардынхаа итгэлийг хүлээсэн Засгийн газар, хуулийн өмнө адил тэгш эрх эдлэх, шүүх ажиллагааг шударгаар явуулах, засгийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах зарчмууд тооцогдоно.

Энэ номын “Хүний эрх” бүлэгт “Аливаа ардчиллын лугших судас нь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” хэмээн тодорхойлжээ. Энэ эрх нь зөрүүтэй саналаа илэрхийлэх, хуран цуглах, мөргөл үйлдэх, шударга ёсыг шаардах, мэдээлэл хүлээн авах хэлбэрээр хангагдана. Ардчилсан Засгийн газар иргэний бичлэг, хэлсэн үгийн утга агуулгыг хянаж, зааварлаж, үнэлж дүгнэдэггүйгээрээ дарангуйлагч Засгийн газраас ялгаатай. Засгийн газар нь ард түмэндээ үйлчлэхээс бус ард түмэн нь Засгийн газарт үйлчлэх ёсгүй. Төр иргэдийн амьжиргааг илүү сайжруулж, хариуд нь ард түмнээсээ итгэл хүлээж баталгаатай оршин тогтноно. Засгийн газрын оршин тогтнох хөрс нь ардчилсан сонгууль. Сонгууль нь эрх баригч, сөрөг хүчнээс үл хамааран тэгш өрсөлдөөнтэй байх ёстой. Сөрөг намууд ба тэднээс нэр дэвшүүлсэн хүмүүс Засгийн газрыг ил тодоор шүүмжлэх, шинэ хөтөлбөр дэвшүүлэх, радио долгионоор хангагдах ёстой. Ардчилсан нийгэмд мэдээллийн хэрэгсэл нь ард түмэнд үнэ зөв мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх үүрэг хүлээнэ. Мөн Засгийн газар болон төрийн байгууллагуудыг хянах, мэдээллийн нуугдмал агуулгыг илчлэх замаар албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэг. Ардчилал нь хэн нэгэнд ямар нэгэн баталгаа болдоггүй. Харин дэвжин дээшлэх эсвэл аз сориод алдах боломжийг л олгоно. Ардчилсан үйлс амжилттай өрнөх эсэх нь зөвхөн ард иргэдээс өөрсдөөс нь л шалтгаална. Ард түмэн өөрсдөө Засгийн газар байгуулна гэдэг ард иргэд Засгийн газрын ололт амжилт, алдаа оноог хамт үүрэлцэнэ гэсэн үг юм. Нобелийн шагналт, оросын яруу найрагч И.Бродский “Эрх чөлөөт хүн алдаж, доройтвол өөрөөсөө өөр хэнийг ч буруутгадаггүй” гэжээ.

Х.БАТТӨГС