Авто замын ачааллыг бууруулах ажлын хэсэг хуралдаж Дэнжийн мянгад байрлах Хүчит шонхор захын зарим түрээслэгчийн амралтгүй ажиллах хүсэлтийн талаар хэлэлцэв. Ажлын хэсгийнхэн “Шонхор зах нь нийслэл хотын махны бөөний цэг учраас худалдан авагчдын бөөгнөрөл ихтэй. Үүнээс үүдэн авто замын түгжрэл байнга үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын томоохон зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн баталсан захирамжийн дагуу Хүчит шонхор захад хамаатай хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм. Нийслэлийн иргэдийн хүнсний бүтээгдэхүүний гол хэрэгцээг хангадаг махны бөөний цэгийн хувьд долоо хоногт нэг удаа амарч их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эрүүл ахуйн дэглэмийг сахих ёстой. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан байгаа. Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, замын түгжрэлийг бууруулах нь нэг байгууллагын эрх ашгаас илүү чухал болоод байна” гэсэн юм.
Month: March 2015
МХЕГ-аас “Юнигаз” компанитай хамтран такси үйлчилгээнд ашиглагдаж буй шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв дээр үзүүлэх сургалт зохион байгуулсан байна. “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтаар Дан соёмбо компанийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүр бүхий 32 таксинд техникийн үзлэг хийж, илэрсэн зөрчил, гэмтлийг хэрхэн засварлах талаар зааварчилгаа, зөвлөмжийг өгчээ. Түүнчлэн Юнигаз компанийн инженер шингэрүүлсэн шатдаг хийн баллон, тоног төхөөрөмжийг ашиглах аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг жолооч, техникийн ажилтнуудад өгч мэргэжил арга зүйгээр хангажээ.
-МЗХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН МӨНХБАТЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ-
Их хурлын төлөөлөгчид өө, Залуус аа, найз нараа, Хүндэт зочидоо, Эрхэм иргэдээ!
Та бүхэндээ Монголын Залуучуудын Холбооны V Их хурлын босго өндөр индэр дээрээс энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан хаваржиж байна уу?
Монголын залуучуудын байгууллагын Их хурлыг хуралдахыг олон залуус хүлээж байсан.
Тийм хүсэлт, санал ч ихээр ирсэн. Хүлээсээр, найдсаар заримынх залуу нас дууссан. Их хурлаа хуралдуулж холбооны ажлыг ярих гэхээс илүүтэй, Монгол Улсын хөгжилд залуусын оролцооны тухай, ямар ирээдүйг бүтээж, залуудаа хэрхэн сайхан амьдрах тухай ярилцахыг залуус хүссэн нь дамжиггүй.
Энэ Их хурал нь өмнөх Их хурлаас хойш бүхэл бүтэн 12 амьтнаар нэрлэсэн бүх жилүүдийг өнгөрөөснийэцэст Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе дуусч, шинэ үе эхлэж буй эгзэгтэй,ер бусын цагт болж байгаа гэдгээрээ ихээхэн хариуцлагатай, онцгой чухал ач холбогдолтой билээ.
V Их хурлаар бид МЗХ-ны Үндсэн дүрэм, Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төсөл, “Монгол залуу хүн” хөтөлбөр,байгууллагын ойрын болон дунд хугацааны бодлого, үзэл баримтлал, үйл ажиллагааны ерөнхий чиглэлзэрэг олон чухал бичиг баримт, нэн шаардлагатай тогтоолуудыг хэлэлцэн баталлаа.
Одоо харин улс төр, нийгмийн тулгамдсан асуудлууд мөн энэ бүгдийг зөв засахын тулд бид ямар онол, арга зүйг үндэс болгож өөрсдийн алдсан, мартсан, гажуудуулсан алтан үнэний тухай та бүхэнд хэлэлцүүлэхээр дэлгэж байна.
I ХЭСЭГ. ӨНӨӨДРӨӨ БАРАГСАД
Монгол орны уналт, сэргэлт, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэнд ХХ зуун онцгой байр эзэлдэг ажээ. ХХ зууны хориод оны үе гэхэд Монголын хүн ам хагас сая болтлоо буурч, эрдэм боловсролоор доройтож, Монгол хүн төрөлт, дундаж нас, эрүүл мэндийн үзүүлэлтээр туйлын дор орж, гадаад ертөнцөд бидний Монголыг устан сөнөж байна гэсэн дүгнэлт хийж байсан билээ.
Монгол Улс маань хоёр их гүрний дунд оршдог, цөөн хүн амтай, цэрэг зэвсгийн чадал мөхөс орон болохын хувьд нэгний нь дэмжлэгээр нөгөөгийн нөлөө хараанаас гарах оролдлого бүртээ өөртөө дэмжигч орны нөлөөнд шууд шахам орох аюулыг ямагт агуулж ирсэнийг ХХ зууны түүх гэрчилж ирлээ.
Монголчууд 1911 онд Манж Чин Улсын колончлолын эсрэг, 1921 онд Дундад иргэн улс болон Оросын цагаантны түрэмгийллийн эсрэг Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэлд босож, 1989-1990 онд Зөвлөлт Оросын хатуу нөлөө хараат байдлаас гарахын төлөө, дагуул орны тавилангаас ангижрахын төлөө тэмцсэн. Энэхүү тэмцлийн гол хүч нь залуучууд байлаа.1911 онд Хаант Оросын ил далд дэмжлэгээр Манж Чин Улсын колончлолоос ангижраад, Богд Хаант Олноо Өргөгдсөн Монгол Улсыг /1911 оны XII сараас 1915 оны VI сар/ байгуулж, төрийн байгуулалаа Англи, Орос мэтийн жишээ загвараар тогтоосон байна.
Хятадын гамин цэргээс Нийслэл хүрээг чөлөөлсөний дараа Богд Хаант Олноо Өргөгдсөн Монгол Улсыг /1921 оны II сарын 3-аас 1921 оны VII сарын 10/ дахин сэргээсэн. Гэвч 1921 оны хувьсгалын ялалтыг Зөвлөлт Оросын тусламж дэмжлэгээр хангасны учир Зөвлөлүүдийн маягийн түр засгийн газар хилийн чанадад 1921 оны III сардбуй болсоноор 1921 оны III сараас VII сарын 10-ыг хүртэл Монгол Улс хоёр засагтай байлаа.
Ийнхүү хоёр засагтай байсаар 1921 онд Ардын эрхт, хэмжээт цаазат, хаант засаг тогтсон юм. Эцэст нь Орос дах пролетарийн диктатурийн хэв, жишээт маягаар Монгол Улсаа 1924 онд БНМАУ хэмээн анхны үндсэн хуулийг батлаж, тунхаглажээ.
Харин 1990 оны хувьсгалын үр дүнд олон намтай, сонгон байгуулагдах төр төвтэй, улс төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засаг бүхий нийгмийг бий болгон 1992 онд шинэ үндсэн хуулиар баталгаажуулан 20 гаруй жил хөгжиж ирлээ. Тухайн үеийн гадаад дотоод түүхэн нөхцөл, эрхшээл, нөлөөнөөс хамаарч тогтсон нийгмийн шинэ тогтолцоо Монголын ард түмэн түүний залуу үеийнхэнд юу өгөв, цаашид төрийн тогтолцоог боловсронгуй болгох, төр засаг, ард олны нийтлэг эрх ашгийг ойртуулахад чухам юу шаардагдах болов гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна.
Дээр өгүүлсэнээ дүгнэхэд, түүх урагшлах 1911, 1921, 1990 онуудын харилцан адилгүй түүхэн нөхцөлд өрнөсөн үндэсний хувьсгал амжилтанд хүрэх бүрийд тухайн гадаад дотоод байдал, түүхэн нөхцөл байдлын эрхшээл, нөлөөнөөс хамаарч адилгүй шинж байдал бүхий төрийн тогтолцоонууд Монгол оронд буй болж, үйлчилж ирсэн нь тодорхой ажээ. Гэхдээ Монголчуудын хувьд 1990 он олон зуун жилийн дараа хувь заяа, тусгаар тогтнол, хөгжлийн замаа өөрсдөө тодорхойлон сонгох түүхэн боломжийг нээж өгсөн гэдгийг хэлэх нь зүйтэй.
Энэхүү түүхэн үнэн, түүхэн боломжийг алдах аваас улс үндэснийхээ хөгжлийг нийт хүн төрөлхтний түүхэн хандлага болон глобал хамралтын үйл явцаас салангид үзсэнээр дахин хэдэн зуун жил хоцорч, угсаатан зүйн өвөрмөц үзэгдэл төдий болох аюул бодитоор нүүрлэх юм. Иймээс өнөөгийн Монголын улс төрийн хүрээнд эв нэгдэл, үндэсний үзэл санааг бүрдүүлэх хүчин зүйлсийг төлөвшүүлэх нь нэн чухал юм.
Шинэ мэдлэг, шинэ чадамжийг улс төрийн хүрээнд хэрэгжүүлж чадах гол хүч бол залуучууд юм.
Дээрхи бүх хувьсгалыг залуучууд хийсэнийг түүх нотлоно. МЗХ-ны эцэг байгууллага МХЗЭ ХХ зууны бүхэл бүтэн 80 жилийг нь бүтээлцсэн онцгой гавьяаг бид мартахгүй ээ! Чиний төлөө үхье гэж эх орондоо тангараглаж хамгаалсан ахмад залуучууддаа баярлалаа.
Цагаан морин жилийн цан хүүрэг татуулсан хувьсгалаас, цаг үеийг түүчээлэн их хөгжлийн гараанд ирж буй өнөөдрийг хүртэлх түүх бол манай МЗХ-ны сүүлийн 25 жилийн шинэхэн үеийн түүх юм.
Нам нь төрийнхөө дээр байдаг нийгмээс тайван замаар ардчилсан нийгмийг бүтээлцэж буй эгэл идэр залуусын түүх бол бидний хүүхэд, балчир залуу насны нэгэнтүүх.
Өнөөдөр тэдгээр идэр залуусын зарим нь бидний дунд орон зайгаа үлдээж эгнэгт ирэхгүйгээр одсон ч, хийсэн үйл нь балраагүй, хүсэл мөрөөдөл нь бүдгэрээгүй байна.
Энэ түүхийг бүтээхээр өөрийн амь амьдралаар дэнчин тавьж, тэмцсэн олон мянган залууст Их хурлын энэ индрээс гүн талархал илэрхийлж мэхийн ёсолж байна.
Хахир өвлийн хүйтэнд төв талбайд өлсөж, тэмцэж явсан олон мянган залуусын хувьд 25 жилийн дараах өнөөдрийн тухай ямар ч чимэг хачиргүйгээр, яг байгаагаар нь ярьсан бол хэн нь ч итгэхгүй байсан байх. Бидний амьдралын наад захын хэрэглээ болсон гар утас, япон машин, 2 хөршдөө визгүй зорчиж байгаа нь 90-ээд оны залуусын хувьд алс холын мөрөөдөл байсаан…
Хойч үедээ эрдэм сургаж, ертөнцийн соёлд хүргэх юмсан гэсэн тэдний холын мөрөөдөл өнөөдөр нэгэнт биелэл болсон.
Өнөөдрийн Монгол бол 25 жилийн өмнөх залуусын хүсэл мөрөөдлийн биелэл. Тэдний төлөөлөл болсон залуус энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн жилүүдэд хувьсгал хийлцэж, нам байгуулж, сонгуульд өрсөлдөж, төр барилцаж, бодлого тодорхойлсон билээ.
Их Хурлын төлөөлөгч Залуус аа.
Үеийн нөхөд өө.
Өнгөрсөн 25 жилийг бүтээсэн, үеийнхнийхээ мөрөөдлийн төлөө ажилласан ах, эгч нартаа баярлалаа. Бүтээсэн бүхнийг тань үргэлжлүүлж, алдсан алдааг тань залруулах үүрэг өнөөдрийн залуус бидэнд ирж байна.
Өнөөдөр зөвхөн түүхээ ярих өдөр биш ээ. Өнгөрсөнөө дүгнэн ярьж, алдаа оноогоо цэгнэж, ирээдүйгээ төсөөлж, бодлогоо оновчтой тодорхойлох өдөр юм аа.
Энгийн жишээ ярья. Сонины нэг нүүрэнд хэдэн зуун саяыг төрөөс хулгайлсан эрхмийн тухай мэдээ ид сенсаацалж байхад, нөгөө нүүрэнд нь хотод амьдардаг хэрнээ цахилгаангүй, усгүй, нийтийн үйлчилгээгүй, ахуйн наад захын шаардлагыг хангаагүй айлын элэг эмтрэм амьдрал зурайж байна. Хотын төвийн ресторанд 300 мянгаар нэгэн үдшийг өнгөрөөж байхад, сарын 300 мянгаар амьдралаа залгуулж байгаа гэр бүлүүдийн жишээ олноороо.
Өмчийн ялгаа газар авчээ. Ядуурал буурахгүй, нийгмийн үйлчилгээ иргэдэд тэнгэр газар мэт зааглан холджээ.
Либериалистүүд ядуурал бол залхуурал гэж ярьдаг. Тийм ч байж болно. Гэхдээ хэтэрхий олон хүмүүс дундаас доош түвшинд амьдарч байгааг нийтээрээ залхуу байсных гэж буруутгах нь туйлширсан хэрэг болох байх.
Ер нь залхуу байлаа гээд мартаж орхих нь хүмүүнлэг төрийн бодлого биш ээ.
Зах зээлийн зарчмаар чөлөөт өрсөлдөөнөөр амьдарч чадаагүй гэж хүн амынхаа тэн хагасаас илүүг буруутгах уу? Буруутгаж болно оо!
Харин буруутгагдаж байгаа иргэд нь гарааны тэгш боломж олгосон ч өрсөлдөөний зарчмыг хөгжүүлж, мэдээллээр бүрэн хангаагүй төрийн бодлогын буруу гэж хэлж байна.
Үнэний хувьтай. Төрд ажилласан дарга тэрбумын наймаа үсэргэж байхад, насаараа зүтгэсэн багш байрны урьдчилгаа өгчих хуримтлалгүй байгаа нь шудрага уу?
Төрийн мөнгөөр тендер шалгаруулаад 10 хувийг хахуульд авдаг жишиг тогтсоныг хэн худлаа гэхийн!
Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг үг байдаг уу? Хууль адилхан үйлчлэхгүй байна гэсэн бухимдал нь хоосон яриа юм уу?
Тийм ээ. Энэ бол өнгөрсөн 25 жилд ардчилсан засаглалыг хөгжүүлэх, амаргүй замд гарсан алдаа юм аа.
Энэ бол ардчилсан хувьсгалыг хийсэн ч либераль ардчилалын энгийн зарчмууд, түүний амин чухал механизмуудыг орхигдуулсаны, зарим зарчмыг нь хэт дөвийлгөсний, төрийн оролцоог зарим салбарт хэтрүүлж, зарим салбарт хэт орхигдуулсаны үр дүн юм.
Бид засаглалын зарчмуудыг эдийн засгийн оновчтой бус хөшүүргээр дэмжсэнээр төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо тодорхойгүй, хяналт бэхжээгүй, төрийн аппарат данхайж, эдийн засгийн салбарт монополь үүсэх хөрс бий болж, хөрөнгө оруулалт үнэгүйдэж, бүтээн байгуулалт үр дүнгүй хийсэж байна.
Уул уурхайн гэнэтийн бүүм бидэнд бэлэнчлэх сэтгэлгээг үлдээсэн бол, энэ удаагийн хямрал бидэнд нийтээрээ бэлэнчлэх сэтгэлгээнээс гарах сургамжийг үлдээгээсэй гэж чин сэтгэлээсээ олон залуус хүсэж байна. Харамсалтай нь тэгэхгүй бололтой.
Энэ бүхэн хөрөнгө оруулалтыг бодит салбарын хэмжээнд хэмээн хумьсанаасинноваци, оюуны, боловсролын, шинжлэх ухааны салбарууд сульдан тамираа барж, шинжлэх ухаан, техникийн хөгжлөөс алс хол хаягдсан үр дүнтэй сууж байна.
Уул уурхайн бүүмээс үүдэлтэй тансаглал, бэлэнчлэх сэтгэлгээгээр иргэд гүн хордож, гэнэтхэн диваажинд хүрэх адган бодолд нийтээрээ автаж байгаа нь үнэхээр харамсмаар.
Яг л “юниверс бест сонгс” гэдэг уралдаант шалгаруулалтаар сайхан дуулдаг бүсгүйг гэнэт олж харсан шигээ алга урвуулах төдийд амьдралыг нь гийгүүлээд өгөх агуу улс төрчийн эрэлд сонгуулиас сонгуулийн хооронд “хатацгааж” байна.
Тэр бүхэнд хүслийг нь хангаад өгнө, биелүүлээд өгнө, энэ муусайнууд одоо болсон гэж иргэдээ өмөөрөх олон “хүмүүс”-ийн ард хувийн сонирхол нь цухалзаж, УИХ-ын танхим, сайдын сандалд суух шунаг бодолдоо шаналж байгааг олж харах тийм хэцүү гэж үү?
Найзууд аа!
Сошиал медиа нийгмийн харилцааны шинэ хандлага хүчтэй хөгжсөнөөр салбаруудын тулгамдсан асуудал, шийдлүүд олны өмнө ил болж, олон салбарын алдаа дутагдалууд шийдлээ хүлээж байгаа болохыг нийтээрээ мэдэж авав. Тэгш бус байдал зөвхөн орлогын, хуулийн, төрийн үйл ажиллагаанаас үүдсэн шударга бус байдал зэрэг нүднээ харагдах асуудлуудаар хязгаарлагдахгүй болох нь бүгдийн өмнө ил болсоор байна.
Олон олон салбарт асуудлууд шийдлээ хүлээж байгаа юм байна гэдгийг “бүгдээрээ мэдлээ”.
Хамгийн чухлыг нь бус хамгийн их шуугиулсан, хамгийн их хэвлэлээр яригдсан асуудлыг төр шийддэг харалган бодлоготой болов. Аливаа асуудал дээр зөвхөн гал унтраасан арчаагүй,аргадсан шийдэл гаргадаг болжээ.
Байдал ийм байхад алдаагаа засахын оронд хэвлэл мэдээлэлээр гул барин шантаажлах, асуудлын чухал, чухал бусын дараалал эрэмбийг алдагдуулах бүхэл бүтэн кампанит ажлууд төрийн бодлогын залгамж чанарыг нурааж эхэлжээ.
Үүнийг нь овжиноор ашиглах бүхэл бүтэн сүлжээ хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагаар хязгаарлагдахаа больж бүр хөрөнгө оруулагчид Монголын эрх ашгийг хооронд нь сөргөлдүүлэх, үр ашиг, ач холбогдолынх нь эрэмбэ дарааллыг алдагдуулж байгааг нуух хэрэггүй.
Энэ бол бидний хамтын зовлон. Энэ бол ардчилсан Монголын зовлон.
Мөрөөдлөөрөө мөлхөж байгаа өнөөдрийн бидний гаслан.
Залуу зүтгэлтэнүүд, нийт залуус бидний урд хангалттай орон зай, үнэ хүндтэй зорилт хүлээж байна. Бусдыг та сайн эсвэл муу болгож чадахгүй. Тэд ч бас таны адил эрх чөлөөтэй, тэд өөрсдийгөө мэднэ.
Гэхдээ Чиний, Таны, Бид бүгдийн амьдарч байгаа Монгол Улс, эх оронд маань өөрийн чинь оролцоо байхгүй, хэн нэгэн этгээдүүдийн хүсэл зоригоор явж, өнөөдрийн энэ дүр зурагт хүрсэн байна. Өнөөдрийн амьдарч буй энэ нийгэм бидний хүсч тэмүүлж буй нийгэм мөн байна уу?
“Шидэх чулуу олтлоо хөөрхөн гөлөг бай” гэдэг шиг Монгол залуу хүн та хэн нэгний ивгээл, аз од гийхээ хүлээж суусаар, өөрөөрхэлбэл, өөрсдийгөө зөвтгөдөг “цаг нь ирэхээ” хүлээж суусаар өнөөдрийг барж залуу чигээрээ өтөлж байна.
Одоо цагт жирийн Монгол залуу хүн нам, бүлэглэлийн эрэг шураг болохгүй л бол өөрийнхөө чадлаар дээшээ гарах боломж хэр байгаа вэ? Цаашлаад бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс төрийн үйл ажиллагааг бохирдуулаад удлаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой юу?
Манай зарим мундагчууд одоо шилжилтийн үе учраас төрийн болоод нийтийн салбар замбараагүй, зарим тохиолдолд шударга бус байх нь зүй ёсны гэх нь холгүй байдаг. Гэтэл шилжилтийн үе бүхэл бүтэн хорь гаран жил үргэлжлээд хүний нэг насны амьдралын тал шахам хувьд шилжээд шилжээд дуусдаггүй гэж юу байхав дээ.
Хүссэн хүсээгүй, эдгээр асуудлыг шийдэж байж, хөгжлийн дараагийн алхамыг хийнэ. Зовлонгоо даван туулж байж, илүү сайхан нийгмийг байгуулна.
Бид мөрөөдөлөө шинэчилээгүй юм биш үү?
Бид том сэтгэж чадахгүй бол том үйлс бүтээхгүй ээ!
Өнөөдөр Монголын залуус олимпийн дэвжээнд манлайлж, сумод рекорд эвдэж, Эверэстэд авирч, хаа холын холливуудын хаалгыг тогшиж, шинжлэх ухаан технологийн эриний хөдөлгүүр болсон корпорацид шийдвэр гаргалцаж, дэгжин бүсгүйчүүдийн загварыг тодорхойлолцож түүхийг бичилцэж эхэлсэн.
Залуусынхаа мөрөөдлийг төр нь гүйцэхээ больж байна.
Хүсэл мөрөөдлөө хүн бүр, өрх бүлээрээ, хамт олноороо, улс эх орноороо шинэчлэх шаардлагатай болж байна.
Тиймээс одоо төр улсаараа том мөрөөдөж, том ярьж, том сэтгэж, том хийх цаг болжээ.
Шилжилтээ төгсгөж, төрөө тамиржуулж, улсаа өөд нь татаж, иргэнээ боловсруулах цаг нь нэгэнт иржээ. Өнгөрсөн түүхээ зарж биш, гайхам түүх бүтээж залуудаа сайхан амьдармаар байна!!!
Олон хүнд аз жаргал бэлэглэхийн тулд бид энэ бүгдийг зоригтой хэлж
байна!
Ирж буй 30 жилийн түүх бол Хөх Монголыг босгосон миний үеийнхний түүх
байх ёстой!
Бид бол өнөөдрийг барагсад биш!Түүхийг бүтээгч,том мөрөөдөлтэй манай
үеийнхэн юм шүү ЗАЛУУСАА!
II ХЭСЭГ. БИДНИЙ ТҮҮХЭН ЗОРИГДОЛ БА АЛТАН ҮНЭН
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид мэддэг. “Монголын нууц товчоо” хэмээх хүн төрөлхтний агуу их түүхэн судар “Дээр Тэнгэрээс заяат төрсөн” гэж эхэлдэг нь үнэн бодитой мэдээлэл хэмээн итгээд, эцэг өвгөдийнхөө агуу түүхийн мөрөөр өнгөцхөн ч болов өнгийхөд, түүхийн янз бүрийн тавцанд сайн муу хэлэгдэж ирсэн монголчууд та бид чинь энэ дэлхийн топ-тэргүүн үндэстэн угсаатан мөн бусуу, хэмээх бардамнал, өөрийн эрхгүй төрнө.
Өнөөгийн залуучууд та бид энэ домогт асуудлыг сайтар нягтлан судалж, мөрдөн мөшгиж ихэс дээдсийнхээ эрдэм сургааль, суу билэгт шамдан суралцах түүхэн цаг үе ирсэн гэж Монголын Залуучуудын Холбоо үзэж, энэ асуудлыг та бүхний өмнө шинээр дэвшүүлэн дэлгэж байна. Монголчууд бид түүхийн энгүй их далайд чухам “хэн юм бэ” гэдгээ мэдмээр байна. Түмний хөлд нухлагдан гишгэгдсэн цоорхой ноорхой дэвсгэр үү, аль эсвэл хүмүүн заяаны эх, гүр их түүхийн эзэн нь юмуу?
Хэдийгээр түүхийн нугачаанд бүдгэрч баларч байгаа ч гэсэн бид, Ихэс дээдсийнхээ анхлан гаргасан, гэгээрлийн агуу их зам мөрийг бүрмөсөн арилган баллах ёсгүй.
Хүн төрөлхтний балар харанхуй үеэс бидний өвөг дээдэс эргэн нүүх хорвоо болон нарт ертөнцийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдээд, оддын эрчим хүчний дээд нэгдлийн хуулиар энэ хорвоогийн бүх л юмс үзэгдэлд тулган хүлээлгэсэн оршин амьдрахуйн зарчмыг ягштал мөрддөг гэрээтэй байжээ.
Энэхүү гэриэ нь хүн төрөлхтний зайлшгүй мөрдөх ёстой, зөв аж төрөх ёсны алтан зарчимуудыг өөртөө агуулсан ихэс дээдсийн минь танин мэдэхүйн иж бүрэн цогцолбор юм.
Ийм агуу их өв сан миний Монголоос өөр хаана ч байхгүй гэдгийг омог бардам, зориглон хэлмээр байна.
Хүн төрөлхтний гэгээлэг сэхээлэг хэсэг нь мунхаглалын замаар орсоноо хүлээн зөвшөөрч, зөв гарцыг нүүдлийн соёл иргэншил буюу монголчуудын суу ухаанаас эрэн хайсаар байна.
2010 оны үед АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Шанхайн орны тэргүүн нарын ээлжит зөвлөлгөөн дээр “Хүн төрөлхтөн буруу замаар орсон нь нэгэнт тодорхой боллоо. Америкийн ардчилал мухардалд орж, шинжлэх ухаан зогсонги байдалд хүрч, шашин үүргээ гүйцэтгээд дуусч байна. Зөв хөгжлийн шинэ гарцыг бид нүүдлийн соёл иргэншлээс, Монголчуудаас хайхаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгдсэн нь олон хүний сонорыг мялааж, тэд монголын зүг чихээ дэлдийлгэх болсон билээ.
Энэ нь өнөөгийн залуус та бидэнд буурал түүхийн өмнө хүлээх асар их үүрэг хариуцлага оногдуулж байгаа нь тодорхой.
Хэрвээ та бид Монгол эх орон, Монгол хүн гэж чухам юу юм бэ, ертөнцийн бусад хүмүүнүүдээс юугаараа ялгаатай юм бэ, гэдгийг бодит байдлаар танин мэдэж чадах аваас, ямар агуу хүмүүсийн үр сад болохоо бүрэн дүүрэн мэдэрч, энэ ертөнцийн хаана ч гэсэн омог бардам, харц дээгүүр, зориг төгөлдөр алхан агуу их ихэс дээдсээ улам илүү бишрэн хүндэлж, бахархан дээдлэх болно.
Бидний Монголчуудын ихэс дээдэс омог бардам, цэвэр ариун, үнэн шудрага, оюун цэлмэг, төгс төгөлдөр байж ертөнцийн оршин тогтнохуйн зүй тогтлыг танин мэдэж, эрчим хүчний харилцааг нээн эзэмшиж байгалийн болон байгалийн бус бүх хүчийг төвлөрүүлэн агуу их зорилгоо хэрэгжүүлэхэд ашиглан, хүмүүн төрөлхтөнийг мунхаглалын аюулаас хамгаалан, алтан дээд үнэний ёс жаягийг тогтоохоор баатарлагаар тэмцэж ялан дийлж, мандан бадарч явсаныг түүх гэрчилнэ.
Энэ гэгээн танин мэдэхүйгээр өнөө үеийн хүн төрөлхтөн гачигдаж, мунхаглалын замд улам гүн гүнзгий шигдэж амин чанарууд нь мөхөж, туйлдан доройтсоор сүйрлийн өмнө ирсээр байгаа гашуун үнэнийг харамсалтай ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүд хүрээд байна.
Бидний эцэг өвгөд эр зориг, хүч чадлаараа ертөнцийг цочоож байсан бол өнөөгийн залуус бидэнд эцэг өвгөдөөсөө уламжлан ирсэн оюун ухаан, суу билгээрээ хүмүүн төрөлхтөнийг мунхаглалынх нь замаас аврах түүхэн үүрэг оногдож байна.
“Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм” гэж немцийн агуу их гүн ухаантан Фридих Гегель баталж байсан бол, “Ирээдүйн эзэнт гүрнүүд болбоос оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэж Английн улстөрч агуу их Уинстон Черчель зөгнөн хэлсэн байдаг.
Бидний эцэг өвгөд гэгээн дээдэс минь оюун ухааны эзэнт гүрэн гэдгийг жинхэнэ утгаар нь байгуулж, ертөнц даяар алдар суугаа цуурайтуулж байсан түүхтэй.
Бид тэдний уртын үзүүр, өргөний зах, яс цусны тасархай нь билээ.
Би та бүхнийг эцэг өвгөдийнхөө алтан дээд үнэний сургаалиудыг нэвтэрхий сайн судлаасай хэмээн хүсэж байна. Эдгээр сургаалиуд нь байгаль дэлхий болон хүн төрөлхтний үүссэн цагаас эхлэн Монголчуудын шүлснийхээ хөөсөөр ундаалж, шүднийхээ махаар хооллож, үхэгсэддээ атаархах хүртлээ ядарч зовж, хүсч, тэмцэж, тэмтэрч, алд биеэрээ туулан явсаар цуглуулж олсон агуу их танин мэдэхүй, эх үрэн зургаагын амин хэлхээний алтан аргамжаа, алтан сүлжээ нь билээ.
“Монголын нууц товчоо”, “Их эзэн Чингис хааны алтан дээд ГЭР ИЭ”, “Төрийн найман цах аялгуу”, “Хөх Монголыг нийхэмээр бадраах хутагтай их засгийн алтан дээд үнэний аялгуу” зэрэг өв сургаалиуд хатуу хэцүү зам мөрийг туулж, устаж алга болохынхоо босгон дээр Монголчууд бидний их хувь тавилангаар ямар нэг хэмжээгээр бидний гар дээр ирчихээд байна.
Их эзэн Чингис хаан Монголчууд та бидэнд “Тэнгэрээ битгий мартаарай, Хөх толбоо битгий гээгээрэй” гэж гэрээслэн захиж үлдээсэн байдаг. “800 жилийн дараа та бүхэн шаварт шавааралдаж, үнэн худал, цэвэр бохир холилдож, төр засаг нь зөв бүхнийг буруугаар дийлүүлж, мэддэгийгээ сүйтгэхүйд, мэдэхгүйгээ бурханд даатган, танин мэдэхүй гэж юу ч үгүй, хүүхэд нь хонгилын гэрэл бараадаж, эмс охид нь хадан дээр нуруугаа зовоон, хүмүүний цуглуулга, хэрүүлийн далай уруулын уранхай болж, алмас хаанаар суух шахсан байх болно” гэж айлдсан байдаг.
Энэ хэлсэн бүхэн хичнээн их оновчтой зөв болохыг батлах шаардлагагүйг нэгдүгээр хэсэгт дурьдсан ба та бүгд ч шууд ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
Эдгээр алтан судруудад урьд өмнө хаана ч хэнээс ч сонсож байгаагүй, зөвхөн хөх толбот Монгол хүнд эцэг эхээс нь заяасан амин чанарууд, тэдгээрийг нээн ашиглах арга замаас эхлээд, ертөнцийнэрчим хүчний нэгдлээс хүмүүн төрөлхтөнд тулган хүлээлгэсэн зарчимууд, мөнх оршин амьдрахуйн дэг жаяг, төр болон нийхэм, засаглалын амин чанаруудыг эрчимийн дээд өндөр түвшинд тусгасан байдаг нь үнэхээр бахархалтай.
Монгол Алтайн их уулсад араатан маягаар амьдарч байсан хижи хэмээх амин чанартай босоо гөрөөс, наран саран сүүн-эхээс амин эрчим авсан хэдий ч, онолгүйн замаар зовж зүдрэн олон зуун мянган жилийг туулж, гэгээрлийн мөн чанарыг танин мэдэж өөрийгөө хөгжүүлсээр хүн хэмээх агуу бодь галыг бий болгосон түүхийг энд дурьдана.
Хүн гэдэг нь хөгжлийнхөө үе шатны дөнгөж хоёрдахь нь бөгөөд “гэдэс нь цадчихаар зорилго нь биелчихдэг өчүүхэн амьтан” хэмээн тодорхойлсон байдаг.
Хүн хөгжлийн буруу замыг сонгох юм бол “гуйж хоолоо олдог булай хүн, булааж заншсан булхай хүн, дээрэмдэж амьдардаг боулихай хүн” болон хувирдаг.
Монголчууд буруу хөгжлийн замыг засаглалынхаа хэлбэрээр бүр мөсөн хааж зөв хөгжих гарцаагүй байдлыг бий болгон “хүнээ тэнгэрт мэндэлж, ертөнцөд бойжсон ИРГҮН” хэмээх төгс дээд хүнийг төрүүлж чадсан нь хүний нийгмийн хөгжилд оруулсан их хувь нэмэр юм.
Хүчит цэрэг, алтны сангаар зогсох засаг, хүчлэн байлдаж, хядан сөгдүүлж чаддаг боловч хүмүүнээ иргүн, дэмч, элч, ил болгон хүмүүжүүлж, гурван оломлогчтой засаг байгуулан гайхуулсан нэгэн Монголоос өөр үгүй.
Бусад хүмүүст Монголчуудыг дууриах хэл хөл байвч авъяас байхгүй. Авъяас гэдэг эцгээс хүүд долоон дээд эцгээс нь удамшин ирдэг зөн гэх байгалийн бус хүч бөгөөд хөх толбоныхоо амин чанараар түүнээ сэрээдэг гэж бахархалтайгаар тэмдэглэсэн байдаг.
Их Монгол улс үүслийн гурван эрдэнээс үүсч, таван тусгаар тогтнол амьтай, бөө гэгээн тархитай, анд орон зайтай, ураг төрлийн төртэй, айл бүлийн засаглалтай мөнх тэнгэрийн орон бөгөөд их дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйд унах зурхайтай болохыг танин мэднэ.
Бид өнөөгийн нийгэмд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа элдэв янзын бэрхшээлүүдийн учир шалтгаан, түүнээс гарах арга замуудыг онолын өндөр түвшинд онож гэгээрэн хэрэгжүүлэх болно.
Хүн төрөлхтөн мунхаглалын замаар орсон болохыг яс махандаа хүртэл бүрэн ойлгож, “мунхаглалын гадаад илрэл нь өстөнгүүдийн талцаан” болохыг бүрэн гүн гүнзгий мэдэрч, өөрсдийнхөө өнөөгийн арчаагүй байдлаасаа ичнэ.
Хөх Монгол иргүнийг нийхэмээр бадраах хутагтай нэүрит засагийг амин чанараар нь байгуулах гэж юу болох тэр нь хэрхэн үл тасрах долоон голтой болж яаж эрчимнэн, ард түмнээ бадраадаг болон өнөөдөр бид төрөөрөө хэрхэн гутаагдаж уруудан доройтож байгаагийн учир шалтгааныг танин мэднэ.
“Үнэн дээр тогтсон бүхэн их эвлэрэлийг бий болгон хүч болон хувирч, худал нь эвдрэлийг бий болгодог алтан дээд үнэний зарчимуудаас зай төдий гажихад мунхаглалын зам уруу гулсан орж аливаа гэм үүсгэх эх үүсвэр болдог”-ыг ойлгоно.
“Би Монгол иргүн”, “Их Эзэн Чингис хаан” гэсэн нэрүүдийг амин чанараар нь тайлж, дээд төгөлдөршлийн гүн утга учрыг мэдэж авна.
Бидний өнөөгийн итгэл үнэмшил орвонгоороо эргэн ямар ч асуудлыг эх үрэн зургаагын хэлхээ холбоо, тэдгээрийн амин чанарын өндөр дээд түвшинд танин мэдэх чадварыг эзэмшин, танин мэдэхүйн цар хэмжээ өсөн нэмэгдэж танин мэдэхүйн болон бие сэтгэлийн агуу их хүч хуримтлагдана.
Монголчууд цагдаагүй, шоронгүй, эмнэлэггүй нийгмийг байгуулна.
Хөх толбот Монгол иргүнийг шорон цагдаагаар мохооно гэвэл “эцсэн туранхай мориор өлөн барс хураахтай адил” зүйл гэж үздэг гүн ухааны учир утгыг ойлгон хөх толбоныхоо амин чанарыг ашиглан зэрлэг, мунхагууд ид шидийн гэж болох чадварын эзэн болох боломж бүрдэнэ.
Амь, амь зуулга, амьдрахуйн бодит ялгааг танин мэдэж, амьдрахуйн зам мөрийг хөөх нь хамтаар хариуцах засаглалын хэлбэр мөн болохыг ухааран, тогтоон барьж хэрэгжүүлж ирсэн арга замыг бид өөрийн болгоно.
Эцгээс яс удамшин, эхээс цус уламжлан ирж, удам ургийн алтан хэлхээ үе дамжин үүсгэдэг болохын учир шалтгаан, амин чанарын хэлхээ холбоог гүн гүнзгий танин мэдэж Монгол эмэгтэйн цус таван тусгаар тогтнолын нэг болохыг ойлгож, эмэгтэй хүний үнэ цэнийг улам илүү мэдрэн хүндэтгэх болно.
Эргэн нүүх хорвоогийн жам ёсыг даган мөрдөхгүй байгаагаас үүсч бий болсон хохирол хүн төрөлхтөн даахааргүй хэмжээнд хүрч байгааг, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа элдэв янзын гамшиг, сүйрэл бэлхнээ харуулж, хор уршгийг нь амсаж мэдэрч туйлдсаар байна.
Газар хөдлөлт, ган гамшиг, галт уулын дэлбэрэлт, хар салхи, цунами, цөлжилт төдийгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, дайн байлдаан, ядуурал гуйлганчлал, өлсгөлөн, өвчин гэх зэрэг олон асуудлуудын учир шалтгаан түүнийг арилгах арга нь Монголчуудын гүн ухаанаар тайлбарлагдах нь улам бүр тодорхой болсоор байна.
Гэгээрэл, боловсрол, мэргэшил, нийгэм, төр засаг, хүний хөгжил, хүний эрх, ертөнцийн оршин тогтнох үндэс, хоорондын уялдаа холбоо, эрч хүчний тухай танин мэдэхүйн асар өндөр түвшинд хүрч, оршин байгаа ертөнцтэй оосорлогдон оломлогдож сүлжигдэн жам ёсыг мөрдөн нэгэн цогц болон нэгдэж, амьдрахуйн зөв замаар эргэлт буцалтгүй итгэл төгс алхан, эрдэм мэдлэг суу билгийн жинхэнэ эзэн нь болцгоох агуу их хувь заяа та бидний өмнө нээлттэй байгааг сонордуулахад таатай байна.
Ертөнц тэнгэрээс хөх нуруутын суу билэг, өмч болгон өгсөн
аялгуу гучин таван эрдэм,
оршихуйн олз ерэн есөн тэнгэр,
хүслийн олз ерөн есөн арга,
хэцүүгийн олз таван зуун тавин шалтгаан,
сэрэхүйн ерэн цэвэр шудрага,
ахуйн арван түгээмэлийн онол,
үүслийн гурван эрдэнийн сэтгэхүй,
үрийн олз есөн хүслийн хүчин,
бодолтой тэмцсэн есөн зуун тавин мөлсү,
зүтгэлийн олз есөн мөрний сав шимийн үнэн,
нүүхүйн олз босоо голчит нэүрит засаг,
үүрдийн олз босоо голчит нэүрит дэм”-ийн жинхэнэ нууц нь миний дурьдсан дээрх судруудын мөн чанарнь болж эзнээ хүлээн одоохондоо зүүрмэглэн байна.
Энэхүү агуу их өвийн жинхэнэ эзэн нь өнөөгийн залуус та бид бөгөөд сэрээх хувь тавилан зөвхөн БИДНИЙ ҮЕИЙНХЭНД оногджээ. Анх сонссон хүнд харийн юм шиг сонсогдох саяын миний хэлсэн бүгдэд Монгол амин чанар, та бидний өвлөн авч удамшуулан үлдээх ёстой жинхэнэ нууц нь оршиж байгаа билээ.
Залуусаа!
Монголчууд бид мянган жилийн өнгөрсөнөөс түмэн жилийн ирээдүйг байгуулдаг өв соёлтой ард түмэн гэдгээрээ бахархах ёстой!
III ХЭСЭГ. ИРЭЭДҮЙГ УГТАЖ МЭДЭЖ, ТОСОЖ БЭЛДЭЖ, ТЭСЭЖ ҮЛДЭНЭ
Би илтгэлийн эхний хоёр хэсгийг дуусгаад энэ хэсгийг эхлүүлэхийн өмнө та бүгдийг дээрх хэсэгт дурьдсан, дэлгэсэн алтан үнэнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч цаашдын үйл хэргийг хамтран эхлүүлэгч, өрнүүлэн довтолгогч, их үйлсийн эзэд болох түүхэн үүрэг хүлээсэн нэг үеийнхэн гэдгээ бүрэн дүүрэн батлан илэрхийлэхийг хүсэж байна.
Өнөөдөр ийм дорой байхыг Их Эзэн Чингис хаан 800 жилийн тэртээ бошиглон үлдээсэнийг 5 мэдэрхүйгээрээ батлаад зогсож байх нэг талаасаа бид азгүй нөгөө талаасаа дээр дэлгэсэн алтан үнэний гэрээг сэргээн нийт Монголчууддаа заан ойлгуулж,олноороо сэхээрч,зөв танин мэдэж, сайн боловсрон гэгээрч, туйлбартай хөгжлийн зөв замд оруулах их ажлыг гардан зохион байгуулах түүхэн үүрэг оногдлоо.
Хөх Монголыг өмнөх 300 жилийн залууст тохиож байгаагүйгээр босгож, нийт хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх гайхамшигтай үүрэг бидэнд түүхээр оногдож байгааг энэ индэрээс зарлаж байна.
“Их Эзэн Чингис хааны алтан дээд сургаалиуд дээр чинь заларч байгаа бол та энэ ертөнцийн хамгийн агуу нь, хэрвээ таны дээр өөр хэн нэгэн байгаа бол та бусдын идэш, өөрийн өөдгүйн боол ба харь хүмүүнүүдээс өөрийгөө бүү дорд үзтүгэй” гэсэн ихэс дээдсийн сургаалийг санахтүн!
Их түүх эр зориг, их эвлэрлээс эхэлдэг!
Алсыг хар, ихийг хүс!
Их Монголын үнэн түүхийг уламжлан сэргээх агуу их үйлсэд Та бүхнийг уриалан дуудаж, тунхаглан зарлаж байна!
Өнөөдрийн энэ үеийг хүртэл алтан сургаалиудыг амнаас ам дамжуулан уламжлуулж ирсэн ой ихт өвгөд, бидний хэл бичигт ойлгогдохоор тайлсан, буулгасан, бидэнд зааж байгаа буурлууддаа үеийнхэнийхээ өмнөөс өвдөг сөгдөн талархаж, үр хойчдоо алдаршуулан мөнхлөхөө андгайлъя!
Энэхүү их үйлст нэгдэхийг Монголын нийт ард түмэндээ Монголын Залуучуудын Холбоо уриалж байна.
МЗХ-ны V Их хурлаар бид шинэ үндсэн дүрэмтэй боллоо. Нэгхэн сарын дараа гэхэд Үндэсний залуучуудын зөвлөл, аймаг, дүүрэг, сум, хорооны залуучуудын зөвлөлүүд сэтгэлтэй, итгэлтэй зөв сайхан залуусаар бүрэн бүрдэж улс төр, нийгэм, эдийн засгийг дараагийн 30 жил хөгжүүлэх их аяндаа нэгдэн гарах гэж байна.
Монгол залуу хөх толбот хүн бүр өөрийгөө үл голон энэхүү галт тэргэнд амжиж суухыг уриалж байна.
Монгол Улсын хөгжлийг хөтлөх, эрх мэдэлтэй, нэгдсэн залуучуудыг төрүүлэх, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах, дэмжих зорилготой үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болохын хувьд үйл ажиллагаагаа ардчилсан, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмын дагуу явуулж алтан үнэний талд тууштай зогсож иргэдээ эрх мэдэлтэй байх, бие даасан, хариуцлагатай байж-эв нэгдэлээ сахиж, тогтвортой хөгжих суурийг бүрдүүлэхийн төлөө ирээдүйг угтаж мэдэж, тосож бэлдэж, тэсэж үлдэн тэмцэхээ энэ индрээс батлан илэрхийлж байна.
“Ард түмэнд алтан дээд гэрээ байдгийг үл мэдэгч хүн зэрлэг, Их Монгол улсад үүслийн гэгээн дээд үндэс байдгийг үл ойлгогч хүн мунхаг, эцсийн шийдвэрлэгч нь ард түмэн байдгийг үл ойшоогч хэн ч хүн алуурч.
Зэрлэг, мунхаг, алуурч гурав Төрийн тураал ба нийтээрээ гэмтэй байхын эх үрэн байдаг.
Бугшмал хэцүүгээр нийтийг гутааж, итгэлийг нь булааж, буцаан худалдаад, буруу бүгдээр зөвийг нь дийлүүлдэг хүн хорлол дарангуйлваас төрийн тураал.
Их эзэн Чингис хааны мөнхийн зарлиг болсон Алтан дээд гэрээг мартваас бид үжирхэл хөгжлийн жимт нийгэмээр гутаагдан өөрийн өөдгүйд боолчлогдму, маргаваас чи хөндлөнгийн идэш болж алдаандаа үхүүлэгдэн доройтуулагдаж тамлагдму, мөрдөвөөс чи нийхэмээр үндэслэн бадарч, хөх Монгол болж, ертөнцийн хүмүүнийг гэгээрүүлмү.” гэсэн ихэс дээдсийн алтан дээд сургаалаар энэ илтгэлээ өндөрлөж байна.
ЗАЛУУСАА СЭРЭХ ЦАГ БОЛЛОО!
САЛХИ МЭТ ТҮГЭЭТҮГЭЙ, НИЙТЭЭРЭЭ ОРОЛЦТУГАЙ, БҮГД НЭГДЭХТҮН!
МӨНХ ХӨХ ТЭНГЭР МИНЬ БИДНИЙГ ИВЭЭН ТЭТГЭХ БОЛТУГАЙ.
Хойд Солонгосын төрийн хэвлэл АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг хурцаар шүүмжилжээ. “Родонг Синмун” сонинд АНУ-ын цөмийн зэвсгийн бодлогыг ихээхэн шүүмжилсэн бөгөөд Барак Обамаг Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хуурамч хэлэлцээрээр далимдуулан өөрсдийг нь заналхийлж байна хэмээн буруутгасан байна. Тиймээс 2009 онд түүнд олгосон Нобелийн энхтайвны шагналыг буцааж өгөхийг шаарджээ.
2010 оны дөрөвдүгээр сард АНУ цөмийн зэвсгийг багасгах хэлэлцээрийг ОХУ-тай хийсэн бөгөөд үүний дараахнаас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт цензур тавих асуудлыг эрчимтэй ярьж эхэлсэн юм. Энэ тухай Пхеньяны хэвлэл бичихдээ “Энэ бол учир утгагүй худал зүйл бөгөөд хүн төрөлхтнийг доромжилж буй гэмт хэрэг юм” гэжээ. Мөн АНУ-ыг 2900 цөмийн хошуутай хэмээн тэмдэглээд “Барак Обама утга учиргүй худал зүйл хийсэн нь батлагдсан тул Нобелийн энхтайвны шагналаа буцааж өгөх цаг нь ирсэн” гэж бичсэн байна.
Биеийн тамир, спортын удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 27-28-нд Эрүүл мэнд, спортын яамнаас зохион байгууллаа. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Аймаг, нийслэл, дүүргүүдийн Нийгмийн бодлогын хөгжлийн асуудал эрхэлсэн удирдах ажилтнууд, Биеийн тамир, спортын газрын удирдах ажилтнууд болон эрхэм хүндэт Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Шийдлийн Засгийн газрын бүтцэд Эрүүл мэнд спортын яам байгуулагдсанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, 2015 онд Эрүүл мэнд, спортын яамнаас хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд анхаарвал зохих асуудлуудын талаар хамтран ярилцаж, санал бодлоо солилцохоор Та бүхэнтэй зөвлөлдөж байна.
Биеийн тамир, спортын салбарын нийт ажиллагсад хүн амыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхитэй хөдөлгөн, эрүүл чийрэг байлгахад сэтгэл зүрх, эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээ шавхан ажиллаж байдгийг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Биеийн тамир, спортын хуулийн хэрэгжилт, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулъя.
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод хөгжлийн гол цөм нь нийтийн биеийн тамир байна гэж тодорхойлсон байдаг бөгөөд Монгол улсын хүний дундаж наслалтыг 69 болгон нэмэгдүүлэхэд үе үеийн биеийн тамир, спортын салбарын хөдөлмөрч хамт олны хүч, оролцоо орсон нь дамжиггүй юм.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд спортын ТББ-уудын бие даасан байдлыг хангах, спортод бизнес, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлж, харилцан ашигтай түншлэлийн зарчмаар спортыг хөгжүүлж спортыг бизнесийн эргэлтэд оруулах, спортоор дамжуулж нийгэм-эдийн засагт өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжлийг дэмжих тогтолцоог бий болгох, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийн тоог нэмэгдүүлэхийн тулд тус хууль болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл байсных нь төлөө эрүүл мэндээ эрт хянуулах, биеийн тамирын үйлчилгээг үнэ төлбөргүй авах , хөнгөлөлттэй үйлчлүүлэх нийгмийн орчин бүрдүүлэх, допинг хэрэглэхийг бүрэн хориглож, шийтгэлийг тодорхой болгох зэрэг олон асуудлыг хуульчлах нийгмийн хэрэгцээ тулгарч байна.
НҮБ-ын ЮНЕСКО-ын 2013 оны Берлины тунхаглалыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, тунхаглалын хэрэгжилтийг хангах зорилгоор бүх насны хүн спортын аль ч төрлийг сонгон өөрийн нас, хүйс, сонирхол, бие бялдрын чадамж, өвөрмөц хэрэгцээнд тохируулан тогтмол хичээллэх тусгай хөтөлбөр, аргачлал болон материаллаг орчин бүрдүүлэхэд биеийн тамир, спортын үйл ажиллагааг чиглүүлэх хэрэгтэй байна.
Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, орон нутгийн онцлог, хүний нөөц, хөгжлийн түвшин, уламжлалд тулгуурлан спортын төрлүүдийг хөгжүүлэх, нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээний тоо, чанарыг ахиулах, зорилтот бүлгүүдэд чиглүүлэх шаардлага тавигдаж байна.
Нийтийн биеийн тамирын арга хэмжээнд хамрагдсан иргэдийн тоо жил бүр өсч байна. Статистикийн дүн мэдээгээр улсын хэмжээнд 2014 онд 5884 арга хэмжээ зохиогдон давхардсан тоогоор 1.6 сая иргэд хамрагдаж, үүний 1 сая иргэд биеийн тамираар хичээллэдэг, идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийдэг гэсэн үзүүлэлт гарсан нь хүн амын 3/1 нь эрүүл мэндийнхээ төлөө анхаардаг зөв хандлага тогтож байгаагийн илрэл юм.
Харин спортоор тогтмол хичээллэгсдийн тоо 2014 онд улсын хэмжээнд 183.708 хүн байгаа нь чамлалттай бөгөөд энэ асуудалд анхаарч ажиллах ёстойг харуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж байна. 2014 онд 3-64 настнуудын бие бялдрын түвшин тогтоох сорилд нийт 319,107 иргэд хамрагдсанаас хангалттай үнэлгээтэй 71.5 %, хангалтгүй үнэлгээтэй 28.5 % -тай байна. Тус сорилд Монгол улсын хүн амын 11,9% нь хамрагдлаа.
2013 онд дээрх үзүүлэлт хангалттай үнэлгээтэй 66,5%, хангалтгүй үнэлгээтэй 33,5% байсан. Энэ үзүүлэлтүүд 2014 онд хангалттай үнэлгээтэй иргэд 5 % өсөж, хангалтгүй үнэлгээтэй иргэд 5 % буурсан үзүүлэлттэй гарч байна.
Монгол улсын 2015 оны нэгдсэн төсвийн 0,8 хувь нь биеийн тамир, спортын салбарт оногдож байгаа,түүний 10 хүрэхгүй хувийг нийтийн биеийн тамирын арга хэмжээ эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт бөгөөд арга хэмжээ, уралдаан, тэмцээн зохион байгуулах, оролцуулах, өсвөрийн шигшээ баг байгуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэхэд хангалтгүй байгаа юм. Тэгэхээр нийгмийн хөгжлийн одоогийн нөхцөлд зохицуулан өөрсдийн нөөц бололцоог дайчилсан менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй.
Бүх аймаг, нийслэл, дүүргүүдэд явган алхалт, аялал, дугуйн аяллыг засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог түшиглэн хөгжүүлэх бодлого баримталж, 2014 оны байдлаар аймаг, орон нутагт 16000 км маршрут бий болгосныг одоо маршрутын зураглалыг баталгаажуулах, амралтын цэгийг тохижуулах, иргэдийг аялуулах, тогтмол ашигладаг болгох тал дээр ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна.
Улаанбаатар хотод Богд-Хан ууланд 3 чиглэлийн явган алхалт, аяллын жишиг зам тохижуулснаар иргэд өөрсдийн санаачлагчаар, хэний ч албадлагагүйгээр баг бүрдүүлж сард давхардсан тоогоор 10.000 орчим хүмүүс алхаж, аялж, тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа зөв жишгийг дэмжиж байна.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт биеийн тамир, спортын талаар авч хэрэгжүүлэхээр 6 үндсэн зорилт, арга хэмжээг тусгасныг хэрэгжүүлэхээр хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, одоо Эрүүл мэнд, спортын яамнаас жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.
Засгийн газрын хөтөлбөрийн “Ажилтай орлоготой монгол хүн” бүлэгт “Биеийн тамир, спорт, соёл, урлагийн салбарт оруулсан болон ивээн тэтгэсэн хөрөнгийг татвараас хөнгөлөх, урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгагдсаны дагуу “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудаас 2 удаа санал авч нэгтгэн Биеийн тамир, спортын салбарт оруулсан хөрөнгө оруулалт болон ивээн тэтгэсэн хөрөнгийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх, урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтуудыг тусгаж, хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг ЗГ-аар хэлэлцүүлэн дэмжүүлж, Хууль зүйн яамаар батлуулахаар ажиллаж байна.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад Та бүхэн аймаг, нийслэл, сум дүүргүүдэд биеийн тамир, спортын байгууллагын бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн уялдаа холбоо, ажилчдын нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн талаар эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар саналаа өгч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
“Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд дасгалжуулагч, тамирчдын нийгмийн баталгааг сайжруулах мөнгөн шагнал, урамшуулал олгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрөл, тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах, спортын цол зэргийн нэгдсэн ангиллыг батлах, цол олгох журмуудыг батлан улсын хэмжээнд мөрдүүлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Засгийн газар, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мөнгөн шагналын бодлогодоо өөрчлөлт оруулан Монгол улс олон улсын допингийн эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж хүлээсэн үүргийн дагуу зөвхөн Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын спортын холбоодын зохион байгуулсан тэмцээн, наадамд амжилттай оролцсон тамирчдад мөнгөн шагнал олгохоор болгон Засгийн газрын 2014 оны 64 тогтоолоор “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”, “Мөнгөн шагналын хэмжээ”, “Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам”-ыг батлан хэрэгжүүлж, 596 тамирчид, дасгалжуулагчдад 1,5 тэрум төгрөгийн шагнал олгосон.
Шагналын журамд орсон 2 дахь гол өөрчлөлт нь багийн спортыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор багийн спортын тамирчид ганцаарчилсан төрлийн тамирчдын мөнгөн шагналын 30%-ыг авдаг байсныг өөрчлөн тоглогчдын оролцооноос хамаарч мөнгөн шагналыг 100% авдаг болгон шинэчлэн баталсан.
Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн зай жинд медаль хүртсэн тамирчдад насан туршид мөнгөн урамшуулал олгох тухай МУ-ын Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигийг гаргуулан Засгийн газрын 2014 оны 64 тогтоолоор олгох журмыг батлуулан хэрэгжүүлсэн нь спортын салбарын хөгжлийг дэмжсэн, тамирчид, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, хүүхэд залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлсэн, иргэд олон нийтийн талархлыг хүлээсэн онцгой ач холбогдолтой шийдвэр байлаа.
Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрөл, тамирчид, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах журмыг өрсөлдөөнийг тэгш хангах, ур чадвартай шилдэг тамирчид, дасгалжуулагч болон нөөц тамирчдыг бүрдүүлэх, ил тод нээлттэй байлгах, хувь тамирчны мэдээлэл, эрүүл мэндийн нэгдсэн мэдээлэлтэй болох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор боловсруулан батлуулж үндэсний шигшээ багийн үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна.
Спортын цол зэрэг олгох үйл ажиллагаа, үйлчилгээг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор анхан шатны хяналтыг спортын холбоодод олгож, хариуцлагыг спортын холбоодтой тооцох, цолыг улиралд нэг удаа олгож байсныг сар бүр олгодог болгосон, үнэмлэх, тэмдгийг үнэ төлбөргүй олгодог болгосон зэрэг чухал өөрчлөлтүүдийг оруулан батлуулж хэрэгжиж байна.
Өнгөрч буй жилүүдэд спортынхон тэр дундаа Үндэсний шигшээ багийн тамирчид Олимпийн наадмын амжилтаа бататгах, амжилтаа ахиулахад гол анхаарлаа хандуулж ажилласны дүнд тив, дэлхийн чанартай тэмцээнд 2013 онд 203 медаль, 2014 онд 138 медалийг хүртэн Олон Улсын Олимпийн Хорооны ивээл дор зохион байгуулагддаг Азийн зуны спортын наадам, Азийн паралимпийн зуны спортын наадам, Азийн элсний наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өмнө нь үзүүлж байсан амжилтаа ахиулж, спортын салбарын хөгжилд түүхийн шинэ хуудсыг нээсэн жил байлаа.
Үндэсний спортыг дэмжих, залуу үед өвлүүлэх, сурталчлах зорилгоор 2014 онд Засгийн газрын тогтоолоор Үндэсний спортын V их наадмыг 13 төрлөөр, 2 үе шаттайгаар 21 аймаг, 9 дүүргийн 3500 тамирчдыг хамруулан анх удаа олон улсын наадмын зохион байгуулалтын жишгээр Хүй долоон худагт 3 өдрийн турш 150.000.000 төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулсан.
Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн бүрэлдэхүүнд олимпийн спортын 12 төрөл, паралимпийн спортын 6 төрлөөр 158 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний шигшээ багийг өдөр тутмын бэлтгэл сургуулилт, дотоод, гадаадад зохиогдох тэмцээн наадамд оролцуулах, бэлтгэл цугларалтыг хангуулах зардлыг улсын төсвийн санхүүжүүлтээр хангаж, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний судалгааны багийн хяналтан дор ажиллуулж байна.
“Рио-2016” олимп, паралимпийн наадамд Монгол улсын баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, олимпийн эрхийг авахад Засгийн газраас онцгой анхаарал тавьж 2014 онд 4,0 тэрбум, 2015 онд 6,0 тэрбум төгрөгийн төсвийг батлан дэмжсэн.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх аймаг, дүүргүүд биеийн тамир, спортын заал, усан бассейнтэй болох зорилт тавигдсанаар нийслэлийн 6 дүүрэг, Архангай, Дархан уул аймагт спорт цогцолбор, 3 аймагт усан бассейн барихад нийтдээ 92,3 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээр жил бүр төсвийн хуваарилалт хийгдэн иргэдийн спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдүүлэхээр ажил үргэлжилж байна.
Хүн амын хэрэгцээнд тохирсон спортын заал, ордон, бассейныг нэг загварын барилгын зургаар 2015 оноос шинээр эхлэх аймаг, дүүргүүдийн спортын заал, бассейний ажлыг гүйцэтгэх болно.
Олимпийн төрлийн спортын төрлийг дэлгэрүүлэн хөгжүүлэх, тамирчдын амжилтыг ахиулах, Монгол улсыг сурталчилан таниулах зорилгоор Засгийн газрын тогтоолоор 2014 онд тив, дэлхийн чанартай 10 тэмцээнийг 1.2 тэрбум төгрөгөөр төрөөс дэмжлэг үзүүлэн зохион байгуулж, Монгол улсад 5 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд бус ашгийг оруулсан нь спортын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бололцоо байгааг харуулж байна. Энэ онд Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотноо тив, дэлхийн зэрэглэлтэй олон улсын 14 тэмцээнийг зохион байгуулахаар 1 тэрбум төгрөгийн төсвийг хувиарлаад байна.
Саяхан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар батлагдсан аймгууд, нийслэлийн БТСГ-ын үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг хүн амын өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн бусад салбар аж, ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахад чиглүүлж гаргалаа.
Манай яамнаас спортын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар энэ онд 5 улсын спортын асуудал хариуцсан яамтай санамж бичиг, хамтран ажиллах гэрээг байгуулахаар Гадаад хэргийн яам болон Элчин сайдын яамдуудтай хамтран ажиллаж байна. Мөн манай яамнаас БНХАУ-ын Өвөр Монгол хил залгаа манай аймгуудын Биеийн тамир, спортын газруудыг хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан.
Монгол улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа байгуулсан 2 улсын Засгийн газар хооронд хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээр хилээр оруулж ирэх спортын бараа, техник хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөхөөр баталсан нь манай салбарын материаллаг баазыг бэхжүүлэхэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
Засгийн газрын тогтоолоор энэ онд зохион байгуулагдах Хүүхдийн спортын V их наадмын өвлийн төрлүүд зохиогдон, зуны спортын төрлүүдийн сонгон шалгаруулах тэмцээнүүд эхлээд байна. Энэхүү наадмын зохион байгуулалтыг олимпийн наадмын жишгээр эрх олгох зарчмаар оролцогчийн хязгаар тогтоон өсвөрийн шилдэг тамирчдын дунд нэр хүндтэй наадам болгохоор төлөвлөн нэгдсэн заавар батлан ажиллаж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд спортын их наадмуудыг зохион байгуулах хотыг 4 жилийн өмнө сонгон шалгаруулж, жил бүр шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн тухайн орон нутгийн материаллаг бааз, хүний нөөцийг бэхжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм.
Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Биеийн тамир, спортын газрууд, харьяа байгууллагуудын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад та бидний хамтын ажиллагаа ихээхэн үүрэгтэй юм.
Та бүхэнд ажлын их амжилтыг хүсч, зөвлөгөөний үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
“Шинэ яармаг” хорооллын барилгын ажлыг эхлүүлнэ
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 хүртлэх сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттайгаар санхүүжүүлэхийг Төрийн өмчийн хороо болон, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгалаа.
УИХ-ын тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2012 онд “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулсан байна.
2015 онд төслийн нэгдүгээр үе шатны барилгын ажлыг эхлүүлэхэд 245 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай, үүнээс 195 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, үлдэх 15 хувь болон зээлийн бусад зардал нийт 50 сая ам.долларын санхүүжилтийг Төрийн орон сууны корпорациар дамжуулан Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
Шинэ суурьшлын бүсэд орон сууцны хорооллыг, нийгмийн байгууламжийн хамт цогцолбороор нь барихад урт хугацаатай, бага хүүтэй, гадаад эх үүсвэрээр санхүүжлүүлэх боломжийг бүрдүүлэх нь ач холбогдолтой гэж үзэж байна.
“Шинэ яармаг” төслийн I үе шат хэрэгжиснээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол байгуулагдах юм.
Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа
Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, энэ оны 2 дугаар сард УИХ-ын тогтоолоор батлуулсан. Уг тогтоолын дагуу Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталж, энд тусгагдсан зорилт, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар улирал тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.
Яамд, агентлагууд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл, Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодоос энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн нийт 592 саналыг нарийвчилсан төлөвлөгөөнд тусгуулахаар ирүүлсэн байна.
Эдгээр саналуудаас давхардсан болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшин, хөтөлбөртэй шууд уялдаагүй саналуудыг агуулгын хувьд нийцүүлэн заримыг нь хассан бөгөөд нарийвчилсан төлөвлөгөөнд 220 орчим санал, үйл ажиллагааг тусгажээ.
Татварын торгууль, алдангийн хариуцлагын заалтыг боловсронгуй болгоно
Татварын ерөнхий хуулиар ногдуулж буй торгууль, алдангийн заалтыг боловсронгуй болгох чиглэлээр Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг Сангийн сайдад даалгалаа.
Энэ хууль батлагдвал татвараа үнэн зөв ногдуулсан боловч хугацаанд нь төлөөгүй татвар төлөгчид хүлээлгэх торгуулийн дарамт байхгүй болно. Мөн НӨАТ-ын тухай хуулийн дагуу торгууль, хүү ногдуулж буй хариуцлагын заалтыг Татварын ерөнхий газрын хариуцлагын заалтад нэгтгэснээр татварын зөрчилд ногдуулж буй хариуцлага давхардалгүй, хугацааны хүчин зүйлийг тооцсон ойлгомжтой байдлаар үйлчлэх болно гэж үзэж байна.
Архангайн Эрдэнэбулганд 120 хүүхдийн цэцэрлэг барина
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл болох 120 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барихыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БСШУ-ы сайд Л.Гантөмөр нарт зөвшөөрлөө.
Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 19-ний хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэн нийслэл, орон нутагт 21 сургуулийн барилгыг шинээр барих болон өргөтгөхөөр шийдвэрлэсэн.
БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд дээрх тусламжийн хөрөнгөөр Архангайн Эрдэнэбулган сумын “Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит” 4 дүгээр цэцэрлэгийн барилгад өргөтгөл барих хүсэлт ирүүлжээ. Тус цэцэрлэг нь 90 орчим хүүхэд хүлээн авах чадалтай ч хамран сургах тойргийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй байна.
Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг нэмснээр Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 22 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр буюу өргөтгөхөөр болж байна.
Хонь, тэмээний ноос тушаасан малчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчиллээ
Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.
Ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр, цехэд тушаасан ноосонд урамшуулал олгохдоо ноосны чанар, боловсруулах үйлдвэрийн эрэлт хэрэгцээнд үндэслэн нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост хонины болон тэмээний самнаж бэлтгэсэн ноосны кг тутамд 2000, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон нутгийн монгол хонины ноосны кг тутамд 1000, хяргаж бэлтгэсэн тэмээний ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал тус тус олгохоор журамд заажээ.
Ноосны чанараас хамаарсан ялгавартай урамшууллыг олгодог болсноор нарийн, нарийвтар ноост хонины тоо толгойг нэмэгдүүлэх, үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болж, энэ нь улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаас хойш нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагасан шинэ харилцаа үүссэн, хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим хүндрэлийг арилгаж, зохих өөрчлөлт хийх шаардлагатай болжээ.
Энэ хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг нэмж тусган, эрүүгийн хэргийн талаарх шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулжээ.
Ингэснээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэж, хорих ял эдэлсэнтэй холбоотой хувь хүнд үүсэх сөрөг үр дагавар буурна гэж үзэж байна.
НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн талаар танилцууллаа
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн явцын талаар Сангийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем”-ийн үйл ажиллагааг Төслийн ерөнхий төлөвлөгөөнд заасан хугацаанд хүлээн авч, ашиглалтад оруулахыг Татварын ерөнхий газрын даргад даалгав.
Засгийн газрын тогтоолын дагуу тус газрын дэргэд “НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх” төслийн нэгж ажиллаж байна.
Энэ систем нь иргэн худалдаа, үйлчилгээ эрхлэгч НӨАТ төлөгч аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр худалдан авалт хийх үедээ урамшууллын сугалаанд оролцох, төлбөрийн картандаа буцаан олголт авах зэрэг боломж олгожээ.
Товч мэдээ
“Рашаант дахь улсын нөөцийн агуулах төсөл”-ийн концессын гэрээг “Нейшл трейдинг энд транспорт групп” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны улсын Засгийн газар хооронд байгуулах “Засаглалыг дэмжих, төвлөрийг сааруулах” хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулах “Бодлогын дүн шинжилгээ, хяналт шинжилгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргана.
Засгийн газраас 2014 оны 5 дугаар сарын 19-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт санал оруулах тухай асуудлыг дэмжээд саналыг хуулийн төсөлд тусгуулахаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхийг Сангийн сайдад даалгалаа.
Богдхан уулсын дархан цаазат газрын ойр орчмыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулах, үүнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтэц бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.
Залуучуудын хөгжлийн асуудлаарх үндэсний хорооны дүрмийг баталж, хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг үндэсний хорооны дарга, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд даалгалаа.
Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам“-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд даалгалаа.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго болон хоёрдугаар босго үзүүлэлтийг мөрдүүлж ажиллахыг Сангийн сайдад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооны даргад зөвлөжээ.
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2014 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгахаар тогтов.
АНУ-ын Вашингтон хотноо өнгөрөгч сард зохион байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт болон Японы нийгмийн хамгааллын тогтолцоотой танилцах арга хэмжээнд оролцсон дүнг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ танилцууллаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийг дэмжиж УИХ-ын хуралдаанд нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Дэлхийн шуудан холбооны байгууллагаас 44 дэх жилдээ зохион байгуулж буй олон улсын захидал бичих уралдаанд Монгол улс оролцохоор хүсэлт гаргасан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо санаачлан Нийслэлийн боловсролын газар, Монгол Шуудан ТӨХК-тай хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү захидал бичих уралдааны зорилго нь дэлхийн улс орнуудын өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний чадварыг нэмэгдүүлэх, хүсэл мөрөөдлийг дэмжих, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, захидлын харилцааны соёлыг бий болгож, шуудангийн үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулахад оршдог билээ.
Тэр ч утгаараа дэлхийн олон улс оронд үндэсний хэмжээнд тус уралдааныг зохион байгуулж шалгарсан бүтээлээ олон улсын уралдаанд оролцуулдаг. Жил жилийн захидал бичих сэдэв өөр байдаг бөгөөд энэ жилийн тухайд “Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдвээр зарласан юм.
“Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт захидал бичих уралдааныг Монгол орон даяар 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд нийтдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамарч байна.
Захидлын уралдаанд оролцогчид нь сэдвийн дагуу бичсэн захидлаа нийслэлд “Дүүргийн боловсролын газарт” орон нутагт “Монгол шуудан” ТӨХК-ийн салбарт хаяглан явуулна. Эцсийн шалгаруулалт нийслэлд 2015 оны дөрөвдүгээр сарын 06, орон нутагт дөрөв дүгээр сарын 16 хүртэл явагдах ба 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс тэргүүн байр эзэлсэн 1 бүтээлийг улсын шалгаруулалтанд хүлээн авна.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь улсын уралдаандаанд түрүүлсэн 1 бүтээлийг НҮБ-ын албан ёсны хэл дээр орчуулан олон улсын уралдаанд оролцуулахаар явуулах юм.
Энэхүү “Миний амьдарх мөрөөдлийн дэлхий” сэдэвт захидал бичгийн уралдаанд боловсролын байгууллагууд, эцэг эхчүүд, 15 хүртэлх насны хүүхдүүдээ идэвхтэй дэмжин оролцуулахыг уриалж байна.
ИЗИС-ийн төгсөх курсийн оюутнууд амиа хорлосон хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөрдөн байцаалтын шатанд яваа учраас цагдаагийн байгууллагаас албан ёсоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Талийгаач залуусыг хүчингийн хэргээр шалгагдаж байхдаа ийнхүү амиа хорлосон тухай албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Харин албаны эх сурвалж энэхүү мэдээллийг үгүйсгээд байгаа юм. Гэхдээ талийгаач залуус эмэгтэй хүнтэй холбоотой хэргээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан нь үнэн аж. Тодруулбал, талийгаач А, Б нар тухайн эмэгтэйг хүчиндэж, элдэв асуудал үүсгээгүй ч нэгэн танил эмэгтэйн нууцыг мэдсэн байна. Улмаар нөгөө эмэгтэй гэр бүл, найз залуутайгаа нийлэн тэднийг дарамталсанаас амиа хорлосон гэж үзэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд бусдыг амиа хорлоход хүргэсэн бол тухайн амиа хорлоход хүргэсэн этгээдийг 2-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг. Гэхдээ хувийн таагүй харилцааны улмаас харилцан нэгнээ дооглон, тохуурхаж, доромжилж байсан бол энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгодог байна. Юутай ч амиа хорлосон оюутнуудын хэрэгт тухайн эмэгтэйг бусдыг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэгт татах бололтой. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад талийгаач залуус өөрсдөө эмэгтэйн нууцыг задлана хэмээн доог тохуу хийж байсан үйлдэл тогтоогдвол хуулийн дагуу эмэгтэйг хэрэгт татах үндэслэлгүй ажээ.
Оны өмнөхөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар сонгогдсон Л.Пүрэвбаатарын тансаглалыг олны өмнө дэлгэжээ. Л.Пүрэвбаатар нь өмнө нь УБТЗ-ын орлогч даргын албан тушаалыг хашдаг байсан юм. Мөн Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг байв.Харин “Улаанбаатар төмөр зам”-ын дарга болонгуутаа Л.Пүрэвбаатар хэтэрхий үрэлгэн гэдгээ харууллаа. Эдийн засгийн хэмнэлтийн энэ цаг үед манай улс Төрийн тэргүүнээсээ эхлэн дээрээс бүсээ чангалж байхад гүйцэтгэх албан тушаалтнуудын тансаглал ийн хэрээс хэтэрчээ.
Л.Пүрэвбаатар 200 саяар “Lexus 570” худалдан авч, 1,5 тэрбумаар орон сууц худалдан авч өгсөн талаарх баримт дэлгэгдлээ. Энэхүү тансаглал нь тус нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйгээс гадна эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байсныг ТӨХ-ны албан тоотод дурджээ.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр өөрийн орны баг ялбал тайчна гэж амлан шуугиан дэгдээж байсан загвар өмсөгч Диоза Каналест золгүй явдал тохиолджээ. Венесуэлийн загвар өмсөгч тэрбээр эх орондоо төдийгүй Америк болон бусад оронд ч маш алдартай нэгэн. Түүний Твиттер хуудсыг нэг сая гаруй хүн дагадаг бол Инстаграммд тэр 500 мянган фанаттай.
“Playboy” сэтгүүлийн од Диоза тайчигчдын бүждэг төмөр шон дээр бүжиглэж байгаад гэнэт доошоо унажээ. Тэр биеийн бүх жингээр шал хүчтэй мөргөх үед түүний силикон хөхийн нэг нь хагарсан байна. Диозаг шууд эмнэлэгт хүргэж, мэс засал яаралтай хийсэн байна. Түүний эмч “Силиконон хөхтэй байсан нь аз болж. Хамаг цохилт хиймэл хөхөн дээр ирж, улмаар хоёр хөх нь яг авто машины аюулгүйн дэр шиг бүсгүйг хамгаалсан. Хэрэв тэгээгүй бол маш ноцтой гэмтэл бэртэл авах байлаа” гэжээ. Диоза дахиад хиймэл хөх хийлгэжээ. Одоо түүний бие сайжирч байгаа гэнэ.