Categories
мэдээ нийгэм

Эболагийн талаар сургалт болно

МХЕГ-ын хурлын танхимд “Эбола болон бусад хил дамжин халдварлах эрсдэл өндөр халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ” сургалт өнөөдөр болно. Сургалтыг МХЕГ, ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий дахинд шинэ болон сэргэж буй халдварт өвчний талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд хил дээр ажиллаж буй байгууллагуудын уялдааг сайжруулах, үүргийг тодорхой болгох чиглэлээр сургалт явагдах аж.

Categories
мэдээ нийгэм

“Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, “Хорека Улаанбаатар-2015″ үзэсгэлэн зохион байгуулах тухай А/133 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, зочид буудал, зоогийн газрын “Хорека Улаанбаатар-2015″ үзэсгэлэнг 2015 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг Аялал жуулчлалын газарт даалгалаа. Олон улсын тэмцээн зохион байгуулахад шаардагдах төсвийг баталж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“ЖАЙКА”-ын Ерөнхийлөгч бараалхав

Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака бараалхав.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа илэрхийлээд “Таны энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж байгаа. Манай байгууллага олон жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний хамтын ажиллагааны түүх их юм” хэмээн хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр Монгол орны эдийн засгийн хөгжилд сүүлийн 20 гаруй жил дорвитой хувь нэмэр оруулж буй Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газрын зээл, тусламж нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлж, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Монгол Улсын Засгийн газар, ард түмэн өндөр үнэлж, талархаж байдгийг тэмдэглээд Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж ирсэн зээл, тусламжийг хэрэгжүүлэхэд JICA байгууллагын гүйцэтгэж ирсэн үүрэг, роль, хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

Тэрээр хэлэхдээ “Хөгжлийн албан ёсны тусламжийн ерөнхий буцалтгүй тусламжаар бага, дунд сургуулийн барилгын өргөтгөлийн 4 шаттай тусламжийн төсөл амжилттай хэрэгжсэн болон ерөнхий буцалтгүй тусламжийн сүүлийн төслөөр “Монгол, Японы сургалтын эмнэлэг барьж, байгуулах” төсөл хэрэгжүүлж буйд талархал илэрхийлье. Өчигдөр би Япон, Монголын найрамдлын нийгэмлэг, хамтын ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Саяхан хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээр нь технологи шилжүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааны үндсийг тавихад чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцлов. Түүнчлэн “Монгол Улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаас хөнгөлөлттэй зээл авдаг орон руу шилжсэн боловч одоо бид хөнгөлөлттэй шатны зээлийн хэмжээнд байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаас тус байгууллагын удирдлагад албан ёсоор тавьсан байгаль орчныг хамгаалах, жижг дунд үйлдвэрлэлийг дэмжих хоёр үе шаттай зээлийн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл авах, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, АХБ, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт төслийн дэмжлэгийн зээл авах зэрэг хүсэлтийг судалж нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн бүтээн байгуулалт хийгээд орхих биш, сургалт явуулах, хүнд чиглэсэн баялаг бүтээх, ноу хау нэвтрүүлэх зэргээр дэмжин ажиллахыг хүсч байна” гэлээ.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака хэлэхдээ, хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ байгуулсан байна. Энэ нь Монгол, Японы харилцааг хөгжүүлэхэд асар чухал үүрэгтэй. Ер нь цаашдаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ Монгол Улстай өнөөдөр хүрсэн харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой. Таны хэлсэн бодитой ажил хэргүүдийг би судлаад хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэдгээ илэрхийллээ. Мөн Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй шинэ нисэх буудлын ажлын явц байдлын талаарх зарим асуудлаар санал солилцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Хийморийн овоог цэвэрлэнэ

Манай эрчүүд Хийморийн овоонд гарч хийморио сэргээх дуртай. Хийморь сэргээх дуртай шигээ байгаль орчинд таатай хандаж чаддаггүй. Тэгвэл Онцгой байдлын Ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид өнөөдөр Хийморийн овооны ойр орчмын хогийг цэвэрлэх юм байна. Монгол түмний уламжлалт баяр цагаан сараар Хийморийн овоог зорьсон олон байгаль орчныг хадаг, шил зэрэг ахуйн хог хаягдлаар ихээхэн бохирдуулжээ. Тиймээс аврах тусгай ангийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Цас орж хүйтэрнэ

Малчид, тээвэрчид, ард иргэдэд хандаж, өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

2015 оны хоёрдугаар сарын 27-нд нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 18-23 хэм, Увс нуур болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 15-20 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голынсав газраар 11-16 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг, цас орж зөөлсөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 м/сек. 5-7 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.26/ Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсаны дараа тус нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ,

Эрхэм хүндэт япон анд нар аа,

Хатагтай, ноёд оо

Монгол Улсын Их Хурлын дарга, түүнийг дагалдаж буй Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж буй Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн гишүүд, Монголыг дэмжигч Та бүхэнд хувиасаа болон төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улс ардчилал, шинэчлэл, зах зээлийн замд шилжсэн 1990-ээд оны эхэн үеэс манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, өнөөдөр Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин гүнзгийрч байгаад баяртай байна.

Монгол оронд ардчиллыг хөгжүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Японы ард түмнээс үзүүлж ирсэн тусламж дэмжлэг дорвитой үүрэг гүйцэтгэснийг Монголын төр, ард түмэн өндөр үнэлж, гүнээ талархаж байдаг.

Энэхүү тусламж дэмжлэгийг санаачилж, хэрэгжүүлэхэд Япон Улсын Парламент дахь найрамдлын бүлэг, мөн найрамдал, соёлын нийгэмлэгийн гишүүд Та бүхний оролцоо, хичээл зүтгэл голлох үүрэг гүйцэтгэснийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Эрхэм хүндэт анд нөхдөө,

Монгол орны дотны түнш, манай гуравдагч хөрш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм.

Монгол Улс Япон Улстай улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, олон нийтийн өргөн солилцоог хөгжүүлэх чиг шугамыг баримталж байна. Саяхан хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол, Японы бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлж, шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэж үзэж байна.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны олон нийтийн байгууллагуудын үүрэг санал санаачилга, иргэд хоорондын нөхөрлөл чухал хөшүүрэг болж ирсэн. Иймд бид цаашид хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам бүр нэмэгдүүлж, итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхэд Та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно.

Эрхэм хүндэт япон анд нөхөд Та бүхэнд дахин талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсч, Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр дэвжин цэцэглэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье гэлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Япон, Монголын найрамдлын үйл ажиллагаа явуулдаг Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон, Монголын нийгэмлэг, Япон, Монголын эмэгтэйчүүдийн соёлын харилцааны “Солонго” нийгэмлэг, Япон, Монголын эдийн засгийн хороодын удирдлагууд болон Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд С.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ажлаа тайлагнана

УИХ-ын Байнгын хороод ажлаа тайлагнасаар байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлгэж ажлаа тайлагнана.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур-2014” наадмын шилдэг бүтээл

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2014″ наадамд Гранпри шагналыг “Ижий гөрөөс” дуу хүртжээ.

28 дахь жилтэйгээ золгож буй тус наадамд хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн нийт 100 гаруй уран бүтээл өрсөлдсөн байна.

Харин тэднээс МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу олны талархлыг хүлээж, тэргүүн байрыг эзэлжээ. Уг дууг залуу дуучин Н.Дашдэмбэрэл дуулж олныг баясгасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Шагайн харваа соёлын биет бүс өвийн батламж” гардуулах ёслол болно

08:30 цагт Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын Чуулганы танхимд “Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн” үргэлжилнэ. Утас: 88013455, 99998473


09:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд “Эбола болон бусад хил дамжин халдварлах эрсдэл өндөр халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ” сургалт зохиогдоно. Сургалтыг МХЕГ, ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий дахинд шинэ болон сэргэж буй халдварт өвчний талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд хил дээр ажиллаж буй байгууллагуудын уялдааг сайжруулах, үүргийг тодорхой болгох чиглэлээр сургалт хийгдэнэ. Утас 91989890


09:00 цагт Хил хамгаалах ерөнхий газрын хурлын танхимд Дэд бүтцийн хяналтын хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдана. МХЕГ-аас тус сургалтыг ЭХЯ, ЗТЯ, ХХЕГ, ЗХЖШ, СХЗГ, ИНЕГ, УБТЗ-ын ХНН, ХХЗХ, МТШХХГ, КАБГ-т ажиллаж буй улсын байцаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэшүүлэх зорилгоор хийж байна. Утас 91989890


09:00 цагт МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурал МҮЭСТО-нд эхэлнэ. Энэхүү хурлаар МҮЭХ-ноос эдийн засгийн хүндрэлийн үед явуулж буй үйл ажиллагаа, хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэлэлцэх, жилийн төсөв, түүнд хийх тодотгол болон төсвийн гүйцэтгэл, тайлан, балансыг хэлэлцэж батлах, гишүүн байгууллагын шийдвэрийг үндэслэн Ерөнхий зөвлөл дэх гишүүн байгууллагын төлөөллийг чөлөөлөх, нөхөн сонгох, Үйлдвэрчний эвлэлийн ажилтны ёс зүйн дүрмийг батлах зэрэг асуудлыг авч хэлэлцдэг юм. Утас:99027019


10:00 цагт Онцгой Байдлын Ерөнхий газрын тусгай ангийн Хийморийн овоог цэвэрлэнэ. Утас: 93050724


11:40 цагт “Шагайн харваа соёлын биет бүс өвийн батламж” гардуулах ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. “Шагайн харваа”-г ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн тунхаглаад байна. Утас: 88080619


14:00 цагт Авилгаас сэргийлэх, тер засгийг хянахад иргэдийн оролцоог нэмэгдуулэх зорилго бухий сошиал медиа ба терийн байгууллагуудтай холбогдсон шинэлэг цахим хуудасны нээлт Нээлттэй нийгэм хүрээлэн ( Хуримын Ордны баруун талд) дээр ыолно.


15:00 цагт МАХН үүсгэн байгуулагдсан болон Эх орончдын өдрийг тохиолдуулан МАХН-д шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэл сэргээх ёслолын арга хэмжээ МАХН-ын төв байранд болно. Нийтдээ 350 гаруй хүн шинээр гишүүнээр элсч, намын гишүүнчлэлээ сэргээнэ. Тэдний дунд урлаг спортын алдартнууд багтаж байна.


15:00 цагт Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК дээр Монголын зэвсэгт хүчний анги байгууллагын тэргүүн ахлагчдын оролцсон “Тэргүүн аялгуу” уран бүтээлийн тоглолт болно. Утас: 99299634


15:00 цагт НЭМҮТ-ийн Хор судлалын сектор нь Хордлого судлалын эрдэм шинжилгээний нийгэмлэгтэй хамтран Монголд анх удаа зохион байгуулсан Хор судлаач, Эмнэлзүйн хор судлаачын нарийн мэргэшүүлэх зургаан сарын сургалтыг төгсөгчид сертификатаа хүлээн авах ёслолын үйл ажиллагаа НЭМҮТ-ийн Хурлын зааланд болно. Утас: 96004417


15:00 цагт нийслэл дэхь төрийн албанд ажиллаж байгаа Говь-Алтайчуудын XVII дугаар жарны модон хонь жилийн золголт, уулзалт Гадаад хэргийн яамны хурлын зааланд болно.

Categories
мэдээ улс-төр

МАХН өнөөдөр шинэ гишүүд элсүүлнэ

МАХН үүсгэн байгуулагдсан болон Эх орончдын өдрийг тохиолдуулан МАХН-д шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэл сэргээх ёслолын арга хэмжээ өнөөдөр болох аж. Энэ удаа нийтдээ 350 гаруй хүн шинээр гишүүнээр элсч, намын гишүүнчлэлээ сэргээх юм байна. Тэдний дунд урлаг спортын алдартнууд багтаж байгаа гэнэ. Ёслолын арга хэмжээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, намын дэд дарга Ц.Цолмон, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон нарийн бичгийн дарга нар оролцоно.