Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт дөрвөн настай охин амиа алдсан хэрэг энэ сарын 21-нд гарлаа. Уг хэргийн талаар талийгаач охины төрсөн ээжийн найз өнгөрсөн лхагва гарагт өөрийн цахим хуудаснаа бичиж, олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл ээжүүд талийгаач охины төлөө зул өргөж, тайван жагсахаар болжээ. Уг арга хэмжээ энэ сарын 28-нд буюу бямба гарагийн 18.00 цагт Чингисийн талбай дээр болох юм байна. Жагсаалыг “Ээж бүхний дуу хоолой” группын ээжүүд зохион байгуулж буй гэнэ. Тэд хүчирхийллийн золиос болж, эмгэнэлтэйгээр амиа алдсан охины төлөө, хүүхдийн эрхийн төлөө ийнхүү зул өргөж, таван минутын чимээгүй зогсолт хийх ажээ.
Month: February 2015
Яаралтай түргэн тусламжийн машин, дуудлагаар явж байх үед зам тавьж өгөөгүй жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авчээ. Приус машины жолооч 2015 оны хоёрдугаао сарын 15-ны өдрийн оройн 22:00 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүний бие муудлаа, нүүр, ам нь татаад байна” гэх яаралтай дуудлагын дагуу явж байсан түргэний тэрэгний жолоочид зам тавьж өгөөгүй зөрчил гаргажээ.
Зөрчлийн улмаас түргэний тэрэгний жолооч, приус машины жолооч хоёр муудалцаж, хугацаа алджээ. Хүний амь нас, эрүүл мэнд минут секундээр хэмжигдэж буй мөчид хэн нэгний болчимгүй, буруутай үйлдлээс зөрчил гарчээ. Болсон үйл явдлыг дараах бичлэгээс үзнэ үү.
Монголын загасчлалын спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг Мөсний загасчлалын Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүд буюу 2015 оны 2-р сарын 27-28 өдрүүдэд Дархан-Уул аймагт “Мөсний загасчлал-2015” нэрийн дор зохион байгуулагдана.Олон улсын загасчлалын спортын дүрмийн дагуу явагддаг нэр хүнд бүхий энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгаас нийт 50 гаруй тамирчин ирж оролцох бөгөөд эхний байрт шалгарсан тамирчид Монголын загаслалын спортын холбооны шигшээ багийн бүрэлдэхүүнд орно.
Мөн “Мөсний загасчлалын дэлхийн аварга”шалгаруулах тэмцээн /http://mormyshka2015.com/ ирэх гуравдугаар сарын 23-29 өдрүүдэд Финланд улсын Куопио хотод зохион байгуулагдах бөгөөд манай орноос 6 тамирчин энэхүү дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Дашрамд дурдахад Монголын загаслалын спортын холбоо нь Олон Улсын Загасчлалын Спортын Холбоо (CIPS)-ны бүрэн эрхт гишүүн төдийгүй 2014 онд Монголын Үндэсний Олимпын хорооны гишүүнээр эллсэн юм байна.
Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллахаар байгуулсан 2015 оны гэрээний дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Долларын ханш буурлаа
Энэ долоо хоногийн эхээр 1991 төгрөгтэй тэнцсэн ам.долларын ханш бага зэрэг буурсан байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам. долларыг 1962-1970 төгрөгөөр авч, 1975-1985 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларыг 1972 төгрөгөөр авч, 1974 төгрөгөөр зарж байна. Долларын ханш буурсан нь түр зуурынх гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, өнгөрсөн жилийн эцсээр гэхэд 845 сая доллар болтлоо буурсан нь долларын ханшид сөргөөр нөлөөлсөн, мөн зэсийн ханшийн уналт, нүүрсний экспортын түр зогсолт додоодод зарагдаж байгааг долларын ханшийг өсгөх томоохон шалтгаанууд болж байгаа юм.
ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ
Валют:
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
–УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Энэ удаагийн намрын чуулганы үр дүнгийн талаар ямар бодолтой байна вэ. Зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдээ баталж чадсан уу?
-УИХ-ын намрын чуулган эхэлж байхад би хувьдаа эдийн засаг юунаас болоод хямрав, бодлогын ямар алдаа гарав, гадаад орчны нөлөөлөл юу байв, хямралыг давахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон талаас нь ярьж, авах арга хэмжээгээ маш тодорхой болгоно гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь хамгийн гол асуудалдаа маш бага цаг зарж, үр дүн багатай шийдвэр их гаргалаа. Дүгнээд хэлэхэд үр дүн муутай чуулган болж өнгөрлөө гэж үзэж байна.Эдийн засгийн уналт, хямрал, валютын ханшийн уналт үргэлжилсэн хэвээр байх болно. Үүнд л харамсаж байна.
–Уг нь чуулганаар Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг баталсан шүү дээ. Хямрал үргэлжилнэ гэж та хэлж байх юм, уг төлөвлөгөөг хэрхэн харж байгаа вэ. Ардын намын бүлгийн зүгээс өргөн барьсан хямралыг даван туулах төлөвлөгөөг АН-ын бүлэг дэмжээгүй. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-2014 оны хавар Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр гээч зүйлийг баталж байсныг санаж байна уу. Тэр үед хямралд хүргэсэн бодлогын алдаагаа засах оролдлого хийхгүй, мөрөөдлийн жагсаалт батлахад нь энэ 100 хоногт эдийн засаг эрчимжихгүй,уналт үргэлжилсэн хэвээр байх болно гэдгийг хэлж байсан даа. Зарим хүмүүс Засгийн газрын улаан хамгаалагч болчихоод паа пии, ямар муу амтай хог вэ гээд л байсан. Эрчимжүүлсэн 100 хоногийн үр дүн тэгээд гарсан уу. Гараагүй, гарах боломж ч байгаагүй юм. Хямрал үргэлжилсэн хэвээр л байна. Яг ийм алдаа дахин давтагдаад, бодлогын алдаа үндсэндээ засагдахгүй байгаад үнэхээр бухимдаад байгаа юм. Төрийн эрхийг голлон барьж байгаа АН-ынхан үүнийг ойлгохгүй байгаад л хамаг зовлон оршиж байна.
–Одоо танай нам чинь АН-тай хамтарч байгаа биз дээ, энэ алдааг засаж болдоггүй юм уу?
-Бодлогын алдааг хэрхэн засах, төсөв мөнгөний бодлогыг хэрхэн өөрчлөх, ямар замаар засах тухай ойлгуулах гэж хэд хэдэн удаа оролдлого хийсэн. АН-ынхан ойлгохгүй байна лээ. 2007 оны Азийн хямрал, 2008-2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг амжилттай даван туулсан орнуудын туршлага, 2008-2009 оны хямралыг даван туулсан манай өөрийн орны туршлага бий. Эдийн засгийн онол гэж бас байна. Үүнд үндэслэн эдийн засгийн бодит байдал, үүнийг засах тодорхой саналуудыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа болон зарим гишүүдийн хамт З.Энхболд, Ч.Сайханбилэг, Б.Гарамгайбаатар нарт тайлбарлаж, ойлгуулахыг хичээсэн.
–Тэгээд хүлээж авсан уу?
-Аваагүй. УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралд бидэнд ноогддог таван минутанд бүхэл бүтэн эдийн засгийн бодлогыг тайлбарлаж ойлгуулах боломжгүй ш дээ. Тийм учраас тусгайлан уулзах хүсэлт тавьж байгаад орж тайлбарласан юм. Харамсалтай нь бидний хэлж ярьсан зүйл 2015 оны төсвийн тодотгол, хямралыг давах төлөвлөгөөнд суугаагүй. Үнэхээр бухимдал, дургүй хоёр зэрэг хүрэх тохиолдол их гарах юм.
–Бодлогын хувьд яг юуг зөвлөөд, аваагүй юм бэ. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна гэж та үзэж байна вэ?
-Хатгаа тусчихсан хүнийг фатлазол өгч эмчилдэггүй биз дээ. Төсөв, мөнгөний бодлогын хэд хэдэн алдаа засагдахгүйгээр 2-3 жил болж байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг хэт өндөр баталсан. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн нэг болох төсвийн алдагдлыг гурван жилийн турш хэт өндөр хэмжээнд байлгах нь манайх шиг жижиг эдийн засагтай оронд хэтэрхий сөрөг. Удаан хугацааны туршид төсвийг өндөр алдагдалтай байлгах нь эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулж, эдийн засгийн хямраадаг. Маш энгийн үгээр хэлэхэд, өндөрт татсан олсон дээр нэг гартаа хоосон, нөгөө гартаа 20 кг-ын туухайтай алхаж яваа хүнийг төсөөлөөд үз дээ. Удаан тэнцвэрээ олж алхаж чадах уу. Үгүй л байх. Иймд эдийн засагт ачаа болоод байгаа их хэмжээний төсвийн алдагдлыг эрс багасгах хэрэгтэй.Хоёрдугаарт, төсвийн энэ их алдагдлыг богино хэмжээний өр үүсгэж санхүүжүүлж байгаа юм. 2011 оны эцсийн байдлаар Монгол Улсын зээлийн хүүд 37 тэрбум төгрөг төлдөг байсан бол одоо 700 тэрбум төгрөг төлж байна.Өөрөөр хэлбэл зээлийн хүүд улсын төсвийн хөрөнгө оруулалтаасаа илүү их мөнгө төлж байна. Энэ зөв үү, буруу юу. Буруу учир үүнийг яаралтай засах хэрэгтэй. Засахгүй бол юу болдгийг 2007 оны Азийн хямрал харуулсан шүү дээ.Харамсалтай нь засахгүй л байна.
–Өөр ямар гарц боломжууд байгаа гэж?
-Дээрх зүйл дээр нэмээд хэлэхэд гуравдугаарт, төлбөрийн тэнцлийн алдагдал хэт өндөр байна.
2015 онд хийгдэх ихээхэн хэмжээний гадаад төлбөрийг санхүүжүүлэх валют байгаа юу. Валют байхгүй бол гадаад төлбөрийн хугацааг сунгах, бүтцийг өөрчлөх арга хэмжээг яаралтай авах, мөнгөний болон ханшийн бодлогодоо эрт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Харамсалтай нь зээл нэмж авах, өрийн босгоо нэмэх талаар л ярихаас бодлогын өөрчлөлт ярьж байгаа сайд, дарга нар алга. Өрөө нэмэх замаар асуудлыг шийдэхгүй, харин ч өр нэмэх тутам эдийн засгийн суурь үзүүлэлтүүд улам муудаж, хөрөнгө оруулалтын орчин улам л доройтно. Дөрөвдүгээрт, мөнгө хэвлэж хэрэгжүүлдэг үнэ тогтворжуулах хөтөлбөрөө шууд зогсоох. Тавдугаарт, Хөгжлийн банк болон төсвийн хөрөнгө оруулалтыг танахдаа гадаад валютын эрэлтийг илүүтэйгээр бий болгодог хөрөнгө оруулалтаасаа эхлэх. Гадаад валют хомс үед ийм арга хэмжээ авах нь зайлшгүй. Харамсалтай нь хөрөнгө оруулалтыг механикаар, үзэмжээрээ хассан.
Зургаадугаарт, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг эхлүүлэхгүйгээр эдийн засгийн хямралыг давах боломжгүй. Харамсалтай нь Монголд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчтайгаа та нартай муудалцана шүү гээд төсөвтөө 17 тэрбум төгрөг суулгачихсан. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар яаж Монголыг сонирхох юм бэ. Ийм л байна.
–Ам.долларын ханш 1980 гарчихлаа. Хазаарлах арга хэмжээ авах боломж байна уу?
-Таны түрүүчийн асуултанд хариулахдаа би бодлогын алдаанууд засагдаагүй учир эдийн засгийн уналт, хямрал, валютын ханшийн уналт үргэлжилсэн хэвээр байх болно гэж хариулсан даа. Бодлогын дээрх олон алдаануудаа цогцоор нь засаагүй тохиолдолд валютын ханш тогтворжихгүй.
–Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна?
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод 80 орчим хоног болж байна.Ямар ч гэсэн Монгол Улсыг хямралаас гаргачих хэмжээний лидер биш гэдгээ харуулчихлаа. Ерөнхий сайд болж байх үедээ, төсвийн тодотголыг өргөн барьж байх үедээ ярьж хэлж байсан зүйлээ нэгийг нь ч ажил хэрэг болгож чадсангүй. Уг нь хэлсэн ярьснаа ажил хэрэг болгодог байх хэрэгтэй, чадахгүй юм бол хэлээд хэрэггүй биз дээ.
–МАН Засгаас гарахаас өөр зам үлдсэнгүй гэдэг зүйлийг ярьж байна. Танай намынхан ч дотроо яриад байгаа сурагтай. Үнэн үү?
-Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа байх. Миний хувьд манай намын хувьд АН-тай гэрээ байгуулж, хамтарчихаад “Одоо больё” гээд Засгаас гарна гэх нь одоохондоо буруу гэж бодож байна. Хамтарсан Засгийн газарт тодорхой цаг, боломж өгөх нь зөв. Гэхдээ хаврын чуулган эхлэхээр гэрээний биелэлт ямар байна, эдийн засагт ахиц дэвшил гарав уу, үгүй юу гэдгийг харж байгаад ярилцах нь зүйтэй гэж бодож байна.
–Өмнө нь та Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Энэ удаагийн Тавантолгойн хэлэлцээрийн үр дүн ямар байгаа бол. Хэдэн жилийн өмнө таны ахалсан ажлын хэсэг хамгийн боломжит хувилбарыг гаргасан хэмээн та ярьдаг. Томоохон ордууд хөдөлж эдийн засгийн эргэлтэд орох уу?
-Тавантолгойн хэлэлцээрийн үр дүн ямар байгааг мэдэхгүй байна. Одоогоор УИХ-д албан ёсоор ямар нэгэн шийдвэрийн төсөл, танилцуулга орж ирээгүй байна.Хүний хэлсэн, ярьсан, эсвэл цуу яриа, хов жив дээр үндэслэн ийм чухал асуудалд гоомой хандмааргүй байна. Албан ёсны бүрэн мэдээлэл авч байж энэ асуултанд хариулмаар байна. Тухайн үед миний хэлэлцээр хийж, Ерөнхий сайд М.Энхболдын УИХ-д өргөн барьсан Оюу толгойн гэрээг АН эсэргүүцээд батлуулаагүй, Таван толгойн гэрээг дараагийн Засгийн газар нь татан авсан юм.
–Ерөнхий сайд Японд айлчилж эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Их хурал ч баталчихлаа. Уг түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд ямар боломжууд нээгдсэн бол?
-Та энэ асуултыг айлчлал хийгээд ирсэн Ч.Сайханбилэгээс асуусан нь дээр байх. Тэр хүн л энэ талаараа хамгийн сайн ярих болов уу. Миний хувьд Монгол-Японы хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдэх сайхан боломж гэж харж байгаа. Олон жилийн турш олон Засгийн газрын хөдөлмөр шингэсэн ажил гэж бодож байна. Эерэг олон үр дүн гарна гэдэгт итгэж байгаа.
Э.ЭНХБОЛД
-ТӨР ДОЛООН КОМПАНИД 23 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛСЭН Ч ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 500 МЯНГАН СУРАГЧИЙГ ДҮРЭМТ ХУВЦСААР БҮРЭН ХАНГААГҮЙ БАЙНА-
Сар шинийн баяраар нийслэлд ээжүүд гэртээ 400-500 мянган дээл оёсон албан бус мэдээлэл байна. Хүүхэд, хөгшидгүй шинэ дээлээр гоёсныг харахад энэ тоо баримжаатай болов уу. Монголчууд сар шинийн баярын бэлтгэлээ сар орчмын өмнөөс л хийж эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө сарын дотор ээжүүд гэртээ 400 мянган дээл оёчихож. Дээл оёх завгүй зарим нь үзэсгэлэн худалдаа гараад эсвэл захын оёдолчинд захиалаад авчихсан. Зах зээлийн жамаараа 400-500 мянган хүн дээлтэй, түүнийг оёсон ээжүүд орлоготой үлдлээ. Энэ бол ээжүүд гэртээ суугаад мөнгө олох боломжтойг, бэлээхэн ажлын байр байгааг харуулж байгаа хэрэг юм. Хэрэглэгч, худалдан авагч нь байвал ээжүүд гэр, гэртээ үйлдвэрлэл эрхэлчихэж байна. Энэ бол эрэлт дагаж нийлүүлэлт ихэсдэг зах зээлийн жам. Гэтэл зах зээлийн жамаар бус төр оролцсон ажил бүтэл муутай байдгийг сурагчдыг дүрэмт хувцсаар хангах “кампанит” ажил харууллаа. Монголд 2014-2015 оны хичээлийн жилд 510 мянга 100 орчим сурагч суралцаж байгаа. Жилд нэгдүгээр ангид 60 орчим мянган сурагч элсэн суралцдаг. Тэгэхээр 500 мянган хүүхдийг дүрэмт хувцсаар хангах гэж төрийн дэмжлэгтэй долоон компани 2013 оноос хойш ажиллаад барсангүй.
Төрийн дэмжлэгтэй гэх учир нь Чингис бондын мөнгөнөөс 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх авсан долоон компанид хувааж зээлсэн юм. Долоон компани хоёр жилийн турш 500 мянга гаруй дүрэмт хувцсыг оёж чадахгүй мухардалд орчихоод байхад ээжүүд гэртээ тийм тооны дээлийг сарын дотор урлачихлаа. Энд нэг зүйлийг онцлоход монгол дээл урлахад 30 шахам дамжлагатай, европ загварын дүрэмт хувцас оёход арав хүрэхгүй дамжлагатай юм билээ. Энэ нь загвар нь байвал ээжүүд дүрэмт хувцсыг дээлнээс хурдан хугацаанд оёно гэсэн юм. Төр зохицуулж байгаа нэрийдлээр тусгай зөвшөөрөл энэ тэрээр хааж боогоогүй бол ээжүүд сурагчдыг арав хоногийн дотор дүрэмт хувцастай болгочих байжээ. Тэр хэрээр оёж буй ээжүүд орлоготой болж, өрсөлдөөн дунд эцэг эхчүүд хямд үнэтэй, чанартай хувцас авах боломж бүрдэх байлаа. Зах зээлийн жамаар ээжүүдийн гэртээ оёж, зарсан 500 мянган дээл, төр оролцож бүтэлгүйтсэн 500 мянган дүрэмт хувцасыг үйлдвэрлэлийг харьцуулан сурвалжиллаа.
С.ТУУЛ: ӨДӨРТ ГУРВАН ХҮҮХДИЙН ДЭЭЛ ОЁХОД Л САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ БАЙЛАА
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн С.Туултай ярилцлаа. Тэрбээр сар шинийн өмнө ажлынхаа завсар зайгаар дээл оёод нэг сая гаруй төгрөг олжээ. Гэрийн ажлаа хойш тавиад ажилласан бол үүнээс ч их мөнгө олох боломж байсныг ярьсан юм.
–Сар шинийн баярын өмнө ачаалалтай ажиллав уу?
-Сүүлийн арав хоногийн дотор захиалгад дарагдлаа. Сарын өмнөөс оёдлоо эхэлсэн дээ. Гэхдээ хүүхдээ сургуульд зөөх, гэрийн ажлаа амжуулах завсраараа дээл оёсон. Өөртэй чинь ярилцахын өмнө дэвтрээ харж байхад нэг сая гаруй төгрөгийн орлоготой байжээ. Яг суугаад ажилласан бол үүнээс ч илүү мөнгө олох боломж байлаа. Захиалга ч их байлаа. Гэхдээ би зөвхөн хамаатан садан, найз нөхөд, танилуудаасаа захиалга авсан. Тиймээс зах зээлийн ханшаас хямд үнээр оёсон гэсэн үг.
–Хүүхдийн дээлийг гэхэд хэдэн төгрөгөөр оёсон бэ?
-Монгол дээлийг 25 мянган төгрөгөөр, хүннү загварынхыг 30 мянган төгрөгөөр л оёсон. Үүн дээр мэдээж материалын үнэ нэмэгдэнэ. Зах, үзэсгэлэнгүүдээр зарж байгаа дээлний оёдлын үнэ нь 30, 50, 80 мянга байна лээ. Би харьцангүй хямд оёсон ч хөөрхөн ашигтай байлаа. Даанч цагаан сар, хонхоны баяраар л ийм ажилтай байдаг. Бусад үед бараг захиалгагүй байдаг юм. Энэ мөнгөөрөө хонхны баяртай залгана гэсэн үг.
–Хүүхдийн нэг дээл оёход хэр хугацаа зарцуулж байна вэ?
-Таван цагийн дотор нэг дээл хангалттай оёчихно. Өдөрт гурван дээл оёчихдог юм. Хөвөнтэй дээл бол жаахан цаг зарцуулна.
–Монгол дээл нарийн ажиллагаатай, оёдол ихтэй байдаг. Та хурдан оёдог юм байна.
-Монгол дээл ажил ихтэй. Эхлээд дээлээ эсгэнэ. Дараа нь наалт наана. Эмжээрээ зүсч, нэг дэх оёогоор оёод өөлж, цавуу түрхээд эргүүлж индүүднэ. Үүнийхээ дараа хажлагыг нь барьж оёно. Дахиад нааж индүүднэ. Дараа нь хажлагаа барьж оёодар гол, энгэр гол, ханцуйгаа залгаж оёдог. Оёо бүрээ хоёр тийш салгаж индүүднэ. Үүнийхээ дараа дотроо эсгэж, эх биетэйгээ нийлүүлж оёод дээлээ битүүлнэ. Захаа залгаж, дээлээ хавсаныхаа дараа шилбэ, сампингаа бэлтгэнэ. Бэлтгэсэн сампин, шилбээ дээлэн дээрээ оёод бэлэн болгоход 30 шахам дамжлага оёдол хийдэг. Оёод хэвшчихсэн болохоор хугацаа бага зарцуулдаг байх.
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ОЁВОЛ 50-60 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРНА
–Тэгвэл та европ загварын костюм оёдог уу. Тодруулбал, сурагчийн дүрэмт хувцас оёж үзсэн үү?
-Европ загварын хувцас хийлгүй яах вэ. Загвар нь байвал монгол дээлнээс хамаагүй хялбар шүү дээ. Хүмүүс “Яг үүн шигийг оёулъя” гээд хувцсаа аваад ирдэг. Харж байгаад яг тэр байдлаар нь оёж өгөөд явуулдаг юм. Сурагчийн дүрэмт хувцсыг хүүдээ оёж өгсөн. Үйлдвэрийнхээс ямар ч ялгаагүй болж байна лээ.
–Хэр хугацаанд, ямар өртгөөр оёсон бэ?
-Хагас өдөр суугаад л хоёр өмд, нэг хүрэм оёчихсон. Ажиллагаа багатай шүү дээ. Бүгд далд оёдолтой. Эсгээд наалтыг нь наачихвал оёход хялбар. Харин материал нь олддоггүй юм билээ. Үйлдвэрүүд нь дүрэмт хувцасныхаа материалыг зарахгүй байсан. Тэгэхээр нь захаас орос даавуу авч оёсон. Бүрзийхгүй, гялаахгүй их сайн материал л даа. Метр нь 8000 төгрөгийн үнэтэй даавуунаас гурван метр, хоёр мянган төгрөгийн наалтнаас нэг метр, 600 төгрөгийн долоон ширхэг товч, 1200 төгрөгийн хоёр метр резин, 1000 төгрөгийн хоёр ширхэг цахилгаан авсан. Дээр нь өмдний дээд хэсгийн дотор хийх гэж 4000 төгрөгийн үнэтэй дотроос хоёр метрийг авсан. Ингээд тооцохоор 42600 төгрөгөөр хоёр өмд, нэг хүрэмний материал авсан. Материал нь илүү гардаг юм билээ. Хүү минь тэр хувцсаа одоо ч өмсч байгаа. Өнгө нь үл ялиг зөрснөөс өөр ямар ч ялгаа байхгүй.
–Тэгэхээр та сурагчийн дүрэмт хувцсыг гэртээ оёчих бүрэн боломжтой гэсэн үг үү?
-Загвар нь байвал оёчихно. Одоо бол би хүүхдийн хувцсыг харж байгаад дуурайлгаж хийж байгаа шүү дээ. Хүүгийн минь ангийн таван хүүхэд надаар дүрэмт хувцасныхаа өмдийг оёулсан. Нэг өмд 10 мянган төгрөгөөр л оёж өгсөн. Материалных нь тооцоог дээр ярьсан шүү дээ.
–Бага ангийн сурагчийн дүрэмт хувцас 79860 төгрөгөөр зарагдаж байсан. Та гэртээ үйлдвэрлэвэл хэдэн төгрөгөөр зарах боломжтой бол?
-Олныг хийгээд эхэлбэл, 50-60 мянган төгрөгөөр зараад хөөрхөн ашиг олчихмоор юм билээ. Мэдээж ноосон майкийг нь үйлдвэрээс нь худалдаад аваг. Гэхдээ гэртээ ноосон хувцас нэхдэг, оёдог эмэгтэйчүүд олон байна лээ.
–Танд хэдэн оёдлын машин байна вэ. Гэртээ оёчихож байгаа болохоор байр сууцны мөнгө гэхгүй хэмнэлттэй байх.
-Гэрийнхээ зүүн хаяанд л суугаад оёчихдог шүү дээ. Оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад 220 мянган төгрөгөөр худалдаж авсан цахилгаан машин байна. Цахилгаан тасарвал оёдог орос машин бас байна. Гурван утастай хэрээсний машинтай. Мөн Чехээс авсан 22 төрлийн оёдол хийдэг машин байгаа. Ингээд л дөрвөн машинтайгаа гэртээ ажиллачихдаг.
–Та өөртөө таарсан хангалттай тоног төхөөрөмжтэй юм байна. Дүрэмт хувцас оёх эрх өгчихвөл байнгын ажлын байртай болох нь ээ.
-Тэгэлгүй яах вэ. Боловсролын яамнаас баталсан дүрэмт хувцасны загвараа ил гаргаад, нийтэд хүртээлтэй болгочихмоор байна. Тэгвэл би дээл оёдог шигээ ах дүү, найз нөхөддөө тохирсон үнээр нь оёод зарчихмаар байна. Хэрэглэгчдийг татахын тулд мэдээж би чанартай материалаар сайн хувцас оёно. Эргэлтийнхээ мөнгөөр материал аваад хийсэн хувцсаа зарж мөнгө олоод байх болохоор төрөөс мөнгө төгрөг зээл, өг гэж шаардахгүй. Бас зөвхөн цагаан сар, хонхны баярыг хүлээхгүй байнга ажилтай болно гэсэн үг. Хүүхдүүд дүрэм хувцсныхаа өмдийг урчихдаг. Эцэг, эх нь хайгаад олдохгүй сүйд болдог юм билээ. Бид оёчихдог бол эцэг, эхчүүд ч хүүхэддээ хувцас хайхгүй амар болно шүү дээ.
ТӨР 23 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГСӨН ЧСУРАГЧИД ХООСОН ҮЛДЭВ
Төрөөс дэмжлэг авч, Чингис бондын мөнгөнөөс 23 тэрбум төгрөгийг зээлсэн долоон компани 2013 оноос хойш 500 мянган гаруй сурагчийг дүрэмт хувцсаар хангачихаж чадахгүй байгаа. Тэгвэл ээжүүд нэг сарын дотор 500 мянган дээл оёчихлоо. Тэдэнд дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг нь өгчихвөл төрөөс нэг ч төгрөг гарахгүй, сурагчид жигд хувцастай хичээлдээ явах боломж бүрдэх юм.
Хичээлийн шинэ жилийн эхэнд Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр 510 мянга 100 орчим сурагч дунд сургуульд сурч байгаа. 2013-2014 оны хичээлийн жилд нийт сурагчдын 38 хувь болох 189 мянган хүүхэд дүрэмт хувцастай болсон. 2014-2015 оны хичээлийн жилд 186 мянган сурагч шинээр захиалга өгсөн. Өөрөөр хэлбэл, нийт сурагчдын 73.5 хувь бюу 375 мянган сурагч дүрэмт хувцсаар хангагджээ. Дахиад 135 мянган хүүхэд хувцасгүй байгаа гэсэн үг.
Гэтэл төр бүх хүүхдийг хувцастай болгохын тулд 23 тэрбум төгрөгийг долоон компанид хуваагаад өгчихсөн байдаг. “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас”-ны үлгэр хэрхэн өрнөсөн, одоо юу болж байгааг нэхэн сануулъя.
Салбарын яамнаас 2012 онд журам гарч, сурагчид жигд дүрэмт хувцас өмсөхөөр болсон. Тэр хувцас нь эх орондоо үйлдвэрлэсэн даавуугаар хийсэн, дээд зэргийн чанартай байх тухай ҮХААЯ-ныхан ам уралдан ярьсан. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрүүд сэргэж, хөл дээрээ тогтох сайхан мэдээг ч дуулгасан юм. Тэгтэл төд удалгүй долоон толгой компанид сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх олгож, 40 шахам тэрбум төгрөгийн зээл олгох дуулиан дэгдсэн. “Монголын оёдлын нэгдсэн холбоо” гэдэг малгай дор “Шилмэл загвар”, “Төмөр трейд”,“Өэлүн мэнч”, “Шүтэн Уул”, “Эрд сүлж”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” компаниуд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх авч, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зориулж “Чингис бонд”-оос 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм. Энэ долоон компанийн дор 100 гаруй жижиг үйлдвэр байгааг тухайн үед мэдээлж байсан.23 тэрбум төгрөгөөс 12-ыг нь давууныханд, есөн тэрбумыг оёдлынхонд, хоёр тэрбумыг нь сүлжмэлийн үйлдвэрүүдэд зээлсэн аж. Энэ мөнгө одоо ч эргэн төлөгдөөгүй байгаа.
Ц.ӨРНӨХ
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН
Мэдрэмжтэй эрчүүдэд хүүхнүүд дуртай байдаг. Хүүхнүүд үерхдэг залуугаа илүү сайн мэдэхийг хүсвэл Мартаар аваад очих цэцгийн баглааг нь хараарай гэж цэцгийн дэлгүүрийн худалдагч бүсгүй хэлэв. Учир нь зүгээр л нэг өнгийн цаасаар боосон цэцгийн баглаа үеэ өнгөрөөжээ. Хэдэн жилийн өмнө цэцэгнийхээ хажуугаар баахан навч, ургамал хийн гурвалжилж боогоод гадуур нь өнгө өнгийн цаасаар ороон томоо туузаар чимэглэдэг байсан. Тэгвэл сүүлийн хоёр жил өнгөгүй цаасаар цэцгээ боодог болоод байлаа. Харин өнөө жил байгалийн гэж хэлж болохоор бор, ногоон, хөх өнгийн цаас сонгодог болжээ. Бор бордоо бүр дээхнэ үеийн цөцгийн тосны гэмээр цаасаар цэцгийн баглааг боодог болжээ. Эко хэрэглээний тухай ярьдаг болсон өнөө үед байгальд ээлтэй иймэрхүү цаасан чимэглэлийг дэлхийн олонх улс хэрэглэж байгаа нь манайд ч гэсэн ороод ирчихэж. Янз бүрийн тод өнгөтэй, гялгар уутан чимэглэлийг оруулж ирэхээ ч больсон тухай цэцгийн дэлгүүрийнхэн ярьж байна. Удахгүй болох мартын 8-наар ямар цэцэг сонгох, үнэ ханш нь хэд байх, яаж боолговол тансаг харагдах тухай сурвалжлахаар 13 дугаар хорооллын гурван өндөр буюу “Монгол экспо” дотор байх “Лили” цэцгийн салоноор орлоо. Эднийх цэцгийн баглаагаа зүгээр нэг боож чимэглээд зардаггүй.
Өгөх гэж байгаа хүндээ үнэхээр их сэтгэл гаргаж дээ гэж санагдуулахаар чимэглэдэг. Таван ширхэг сарнайтай баглаа боолголоо гэхэд ямар хүнд өгөх гэж байгаа, тухайн хүн ямар өнгөнд дуртай, юу сонирхдог, өгөх гэж байгаа хүн нь юуг илэрхийлэх вэ гэдгийг нарийн сайн судалдаг ажээ. Ингээд хайр сэтгэлээ илэрхийлэх гэж байгаа юу, эсвэл хүндэтгэж явдгаа илтгэх үү гэдгээс хамааран чимэглэдэг юм байна. Бас сүүлийн үед Италийн “Raffaelo”, “Ferrero rocher” зэрэг чихэртэй баглаа боох болжээ. Бас төрөл бүрийн дарс, лаа зэрэг бэлэг дурсгалын зүйлс худалдаж байв. Цэцгийн тухайд ягаан, цагаан, улаан, шар өнгийн сарнайгаас гадна лили, алтанзул, сараана зэргээс гадна гоо даль, хайтан зэрэг таримал цэцэг ч бий. Үнийн хувьд баглаа боодлоосоо хамааран харилцан адилгүй. Таван ширхэг сарнай цэцэгтэй, гурван ширхэг чихэртэй баглаа 25 мянга, зүрхэн хэлбэртэй, зүрхний хэлбэрт оруулан боосон дан чихэр бүхий баглаа 45 мянга, 17 ширхэг сарнайтай 16 ширхэг чихэртэй баглаа 85 мянга, 21 ширхэг сарнайтай 16 ширхэг чихэртэй баглаа 95 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ тухайн хүн цэцгийн баглаагаа яаж боолгохоо урьдчилан захиалж өөрийн хүссэнээрээ цорын ганц загвартай байлгаж болно. Мөн хот дотор 5000 төгрөгөөр хүссэн газартаа хүргүүлэх боломжтой ажээ. Сүүлийн үед залуус дан ганц цэцгийн баглаа гэхээсээ илүүтэй чихэр, дарс зэрэгтэй хослуулан баярын баглаа худалдан авдаг болсон гэнэ. Ерөнхийдөө 35-150 мянган төгрөгийн хооронд цэцгийн баглаа сонгох боломжтой юм байна. Бас хайртай бүсгүйдээ зориулан 247 ширхэг сарнай бэлэглэх бол урьдчилсан захиалга өгөөд хүссэн газартаа хүргүүлэх боломжтой гэдгийг тус дэлгүүрийнхэн ярьж байлаа.
Засгийн газрын ордны ард байрлах “Flora” цэцгийн дэлгүүрээр оров. Одоогоор худалдан авагч цөөн байгаа ч гэлээ урьдчилсан захиалга өгч байгаа хүн олон байгаа гэнэ. Залуучууд хайртай бүсгүйдээ, ээжүүддээ, хамт ажилладаг хүндэлж явдаг эмэгтэйдээ өгөх цэцгийн баглаагаа захиалж эхэлжээ. Уг дэлгүүрт мартын 8-наар эрэлт ихтэй байдаг нь өнгө өнгийн сарнай, бас лили цэцэг гэсэн. Эрэгтэй хүнд чамин биш, урт иштэй сарнай, лиш, том ширхэгтэй алтанзул бэлэглэвэл зохистой байдаг бол эмэгтэй хүнд ямар ч цэцэг тохиромжтой байдаг ажээ. Гэхдээ тохиромжтой гээд хаа, хамаагүй цэцэг өгч болохгүй. Ямар цэцэг өгөхөө мэдэхгүй байвал ахимаг насны эмэгтэйд гоёлын ногоон юмуу цэцэглэдэг ваартай ургамал бэлэглэхийг зөвлөдөг юм байна. Сарнайн тухайд улаан нь хайр дурлалын бэлгэдэл. Бас гоо үзэсгэлэнг нь бахаддаг нэгэндээ улаан өнгийн сарнай бэлэглэж болно. Ягаан сарнай сүр жавхлан, хээнцэр, тансаг байдлыг илэрхийлэл. Шар сарнай дулаан уур амьсгал, аз жаргалын илтгэдэг бөгөөд ихэнх тохиолдолд найз нөхдөдөө бэлэглэхэд тохиромжтой байдаг ажээ. Бас сарнайн олон төрлүүдээс хамгийн гоё үнэртэйд шар сарнай тооцогдохын зэрэгцээ сэтгэл санаа гундуу нэгэндээ эрч хүч нэмэхийн тулд уг цэцгийг сонгоорой. Харин цагаан сарнай гэнэн цайлган, цэвэр ариун байдлын илэрхийлэл. Хурим найр болон шинэ зүй эхлэхэд цагаан сарнайг сонгодог. Бас хайртай бүсгүйтэйгээ гэрлэх талаар боддог бол цагаан сарнай бэлэглэн өөрийн сэтгэлээ илэрхийлж болдог гэнэ. Учир нь цагаан сарнай хуримын ёслолыг авчирдаг хэмээн үздэг байна. Товчлоод нэг үгээр хэлбэл улаан сарнай би чамд хайртай, ягаан сарнай надад итгээч, цагаан сарнай би чамд тохирно гэсэн утгатай юм байна. Харин хадаасан цэцэг аливаа зүйлд үнэн голоосоо бишрэн итгэхийн илэрхийлэл, алтан зул алдар нэр, амжилтыг, сараана цэцэг ариун, энхрий байдлыг илтгэдэг ажээ.
Сонирхуулахад цэцгийн тоо ч мөн адил өөрийн гэсэн бэлгэдэлтэй байдаг юм байна. Нэг ширхэг бол чи надад цорын ганц.Гурван ширхэг нь чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна, тав нь би чамд хайртай, долоо нь хоёулаа гэрлэе, ес нь чамайг найзын ёсоор хүндэлнэ гэсэн утгатай. Арваас дээш болоод ирэхээрээ тэгш тоотой байж болдог байна. Арван ширхэг цэцэг чиний төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна, арван нэг нь чи миний жирийн найз, арван хоёр нь одоо хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно, арван гурав нь би чамайг үзэн ядаж байна, арван дөрөв нь чи миний цорын ганц эрдэнэ, арван тав нь чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Мөн сүүлийн үед залуучууд 67, 69 ширхэгтэй цэцгийн баглаа худалдан авдаг болсон талаар цэцгийн дэлгүүрийн худалдагчид ярьж байлаа.
С.АЛТАН
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Жүжигчин, СТА Ц.Батхуяг буюу Амбий хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр 43 настай байсан юм. Сүүлийн үед хүнд өвчний улмаас уран бүтээлээс хөндийрч, өвчнөө эмчлүүлж байжээ. Тэрбээр Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байжээ.
Түүний гэр бүл, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хошин урлагийн салбарын уран бүтээлчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай эх сурвалжууд өгүүлж эхлэлээ. Түүнийг орон сууцжуулах 8 хувийн зээл, 888 төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, Нүүрс хөтөлбөр, Бумбардай хүүхдийн цуврал ном, Гудамж төсөл зэрэг өмнөх Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа гэнэ. Мөн өөр эх сурвалжаас авсан мэдээлээр бол түүний саяхан хэвлэлд өгсөн ярилцлагатай нь холбоотой гэнэ. Н.Алтанхуяг нам дамжсан бүлэглэл, хууль бус үйлдэлүүдийн талаар дэлгэрэнгүй ярьсан нь өөрийгөө шалгуулах үндэслэл болсон байж ч магадгүй байна.