Categories
мэдээ нийгэм

Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

Шийдлийн Засгийн газар энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаараатариаланчдаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн.

Тонн улаан буудай тутамд 70000 төгрөгийн урамшуулал олгох бөгөөд Хөдөө аж ахуйн сайдын тушаал гарч тариалан эрхлэгч 908 аж ахуй нэгж, иргэдэд нийт урамшууллын 25 тэрбум төгрөгийг өгөх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Содовын БАЯСГАЛАН: Талхгүй сууж байж бичиг үсгээ сольдог тэд хэн юм бэ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Содовын Баясгалантай ярилцлаа.

-Крилл бичгийг халж уйгаржин монгол бичгийг албан ёсных болгох хуулийн төсөл УИХ-ын түвшинд яригдах боллоо. Үүнийг та хэрхэн үзэж байгаа вэ?

-Энэ бүтэхгүй ээ. 1991 онд нэг оролдож үзсэн юм. Би комисст нь орж байлаа л даа. Уйгаржин монгол бичигт орох, яаж орохыг ярилцсан.Тэгэхэд би хувьдаа дэмжээгүй. Эсэргүүцсэн. Солихын оронд харин уйгаржин монгол бичгээ заая. Хүүхдүүддээ эзэмшүүлье. Сайн дурын дугуйлантай болъё. Сурах хүсэлтэй залуучуудыг дэмжье гэсэн байр суурьтай байсан. Гэвч төрөөс батлаад бүх сургуульд уйгаржин монгол бичиг заагаад крилл бичгээ хаясан шүү дээ. Үр дүнд нь нэг хэсэг сургуулийн хүүхдүүд бичиг үсэггүй болсон. Багшаа бэлдээгүй байсан. Дамдинсүрэн багш амьд сэрүүн байсан үе. Гэвч комисст ороогүй. Бие нь тааруухан эмнэлэгт байсан юм. Ер нь бид хэл бичгээ хаяна гэж өнөөдөр ярихын чхэрэггүй. Үүнд чинь мөнгө хэрэгтэй.

-Комиссынхон тэгэхэд юу ярьцгаасан бэ?

-Яахав дээ, уйгаржинд орно, орохгүй л гэж ярихгүй юу. Тэдэн дотроо уйгаржин монголоор бичдэг хүн нь ганц би байлаа. Нөгөөдүүл юу ч мэдэхгүй. Уншиж ч чадахгүй. Бичиж уншиж чадахгүй байж “гоё бичиг”, “босоо бичиг”, “хүмүүн бичиг” гэхчлэн хачин нэр өгцгөөснийг яана. Тэр байтугай ингэж бичицгээж байлаа. “Техникумаас багш нарыг аваад ир” гэж бичих гээд “Тэнэг гомбын шургуулганаас балж нарыг аваад ир” гэж бичиж байсан гээд бод. Захирал нь тэгж бичиж байгаа улс яаж тэр бичиг рүү орох вэ дээ.

-Дараа нь юу болов?

-Юу ч болоогүй. Гурван жил үр хүүхдээрээ туршилтын туулай хийгээд л өнгөрсөн. Сүүлд нь тэр хүүхдүүд криллээ сурсан ч боловсрол эзэмших, суралцах цаг үеэ алдчихсан л байхгүй юу. Тэгэхээр бичиг үсгээ сольж болохгүй ээ. Эхнэрээ сольж болно, үсгээ сольж болдоггүй юм. -Энэ асуудал УИХ-ын Байнгын хороогоор яригдаж эхэлж байна. Ганцхан өд­рийн дотор улс даяараа бичиг үсэггүй харанхуй амь­тад болчихсон байх юм биш байгаа даа?

-Яг л тэгнэ. Би сая 1991 оны явдлыг ярилаа шүү дээ. Яг л тийм байдал үүснэ. Өнөөдөр эдийн засаг, мөнгө нь ч алга шүү дээ. Ерэн оны үед би сурганы хүрээлэнд байлаа. Намайг дуудаад шууд комисст оруулчихсан. Да багшийн байр суурь бол үсгийн дүрэмдээ ялимгүй жаахан өөрчлөлт оруулъя гэсэн. Балархай эгшиг нь байна уу, хос эгшиг нь байна уу, зөөлөн хатуугийн дүрэмдээ өөрчлөлт хийе. Энийг би оруулсан юм. Больж болно гэж байсан. Тийм мэтээр дүрэмд өөрчлөлт оруулбал юу юм гэхээс энэ тухай ярих бүү хэл бодох ч хэрэггүй.Үсэг бичгээ солих юм бол хүнээр л тоглоом хийж байгаа нь тэр.

Хүнээр, иргэнээрээ, ард түмнээрээ хэзээ ч төртоглоом хийж болохгүй. Тэр төр чинь өөрөө крилл үсгийг 1942 онд авсан. Дахиад Монголын хүүхдүүдээр тоглоом хийх эрх эд нарт байхгүй.

-М.Батчимэг тэргүүтэй нэр бүхий гишүүдийн санаа­чилж оруулж ирсэн төсөл, Өвөр Монголоос санхүү­жүүлж байгаа төсөл гэсэн яриа зарим эх сурвалжаас сонсогдож байгаа. Хэрэв тийм бол Өвөр Монголчууд бидний соёл иргэншилд ихэд санаа тавьж байгаа бололтой?

-Би тэрийг нь мэдэхгүй. Батчимэг гишүүнээр уйгаржин монгол бичгээр бичүүлээд үз л дээ. Нэг ноёны явдлыг ярьж өгье. Богд хаант засгийн үед бичиг үсэг мэддэг нэг муу түшмэл байж л дээ. Тэр түшмэл Богдод захиа бичжээ. “Өмнө хязгаарын гаалийн хорооноос түшмэл Данзангийн бичиг” гэх гээд “Мунд газрын уулын хэрээнээс түшимэл Данзангийн гижиг” гэж бичсэн гэж байгаа юм. Түүн шиг түшимэл Данзангийн гижгүүд л гарч ирнэ биз дээ.

-Бичиг үсэггүй улс боло­­хоороо бид дэлхий ертөнцөөс, глобалчлагдаж байгаа амьдралаас тасран холдох нь мэдээж?

-Дэлхий ертөнцөд бид хамаагүй шүү дээ. Тэртэй тэргүй Монгол дэлхийгээс тасарчихсан. Дэлхий дээр Монголыг тоодог нэг ч хүн байхгүй болсон. Ерээд оны үед сонирхож байсан юм. Монгол хүн шиг ийм мулгуу хүмүүс байдаггүй юм байна гэдгийг одоо дэлхий ойлгочихсон. Америк ч ойлгочихсон шүү дээ. Ерээд онд анх Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкэрийг Монголд ирэхэд нь уулзаж л байлаа. Ардчиллын залуучуудыг маш их сонирхож байсан. Одоо тэр залуучуудыг хэн ч тоохоо больчихсон.

-Уйгаржин бичигт шилж­­лээ гэхэд манайд ямар ч технологи нэвтрэх боломжгүй болно биз дээ?

-Саяхан би Япон яваад ирлээ. Япончууд хэддүгээр зууны үед юм бэ ханз авсан юм байна. Солонгос ханз авсан юм байна шүү дээ. Солонгос нь Хятадаас ханзыг Күнзийн сурталтай нь авсан. Гэтэл Япон дагаад ханз авчихгүй юу. Одоо япончуудтаван мянган ханзаар бичиж байна. Хятадын ханз бол хязгааргүй. Хятадын ханз бол идео бичиг. Нэг үг нэг утгатай байна гэсэн үг. Ухаандаа, Баясгалан гэхийг дөрвөн ханзаар бичдэг. Бая си хо лан гэж. Цагаан сүүлтэй чоно гэсэн үг. Япончуудханзыг хятад дуудлагад тохируулж авсан байдаг юм.

-Тэгээд яасан бэ?

-Япончууд одоо ханзаа болиод латин руу оръё гэж ярьж байна. Японы бүх техник технологи латинаар явдаг юм байна. Тийм учраас одоо тэд яаж энэ асуудлаа шийдэх вэ гэж ярьцгааж байна. Танай монгол яаж шинэ бичигт шилжсэн бэ гэж надаас асууж байна лээ. Арлууд нь хоорондоо аялгууны ялгаатай ярьдаг юм байна. Энийгээ яаж нэгтгэх вэ гэдгээ япончууд ярьж байгаа юм байна лээ. Манай эртний хаад, ноёд их ухаантай улс байж л дээ. Хятадтай өвөр түүрийндээ орчихсон байсан хэрнээ хятад ханзыг аваагүй. Бүр хаа байсан согдыг, иран араб гаралтай үсгийг авсан. Уйгаржин монгол бичгийг хэвтүүлээд харахаар араб бичиг болчихдог юм. Үсэг нь яг адилхан. Дандаа араб үсэгнүүд байхгүй юу. Энийг бид “согд” гэж нэрлэдэг. Согдоос уйгар аваад уйгараас бид авсан байхгүй юу. Монгол Улс гээд хуучин бичгээр биччихээр арабууд яг л уншчихдаг юм. Манай уйгаржин бичгийг арабууд хэвтээгээр уншаад байдаг юм. Монголын нэг гайхамшиг бол ханзыг аваа­гүй арабаас үсэг авсан яв­дал. Дөрвөлжин бичгийг Түвдээс авсан. Өндөр гэгээн Занабазар эртний Энэтхэгээс соёмбо үсгийг авсан. Ойрадын Гунгаажалцан тод үсгийг мон­гол бичгээсээ авсан.Манжууд гэхэд л Хятадад эзлэгдчихээд ханзыг аваагүй монгол бичгийг авсан шүү дээ. Манжийн үсэг бол монгол бичиг шүү дээ. Үсэг гэдэг бол цаанаа их нарийн учир шалтгаантай учраас би яриад байна. Бичиг үсгээ солино гэдэг асуудал өнөөдрийн нийгэмд байж таарахгүй. Магадгүй, нэг, хоёр зуун жилийн дараа дэлхий үсгээ солих үед бид дагаж болно. Өнөөдөр цаг нь биш. Талхгүй сууж байж үсгээ соль­дог тэд хэн юм бэ. Үсэг бичиг гэдэг тоглоом хийдэг эд биш. Ямар сайндаа Да багш зарим талаар гэмшиж байхав. Гэтэл криллд орсон нь буруу байгаагүй. Европын соёлыг оруулж ирсэн юм. Өөр их олон дэвшил авчирсан.

-Эрдэмтэд, нийгэм ол­ноороо крилл бичгээ халахыг эрс эсэргүүцэж байна л даа. Гэсэн ч УИХ хуулийг хүчээр баталчихдаг. Наад зах нь дөч тавин жилнийтээрээ харанхуй явна гэсэн үг биз?

-Юм мэддэггүй улс тоглоом хийж байна. Би багш хүн. Тавин жил их сургуульд багшилсан профессор. Бичгээ солих хууль баталдаг тэд чинь хэн юм бэ. Ард түмнээсээ ич л дээ. Сая нэг ийм асуудал үүслээ. Украйн улс крилл бичигтэй юм байна л даа. Энийгээ хаяад латинд оръё гэж байна. Оросоосоо урваж байгаагаа харуулж байгаа байх нь л дээ. Казахстан бас латинд оръё гэж байна. Бид тэднийг дагаж болохгүй ээ. Улс төр гэдэг чинь ухаандаа, элээний дэвэлтэд сүүдэр байхгүй гэдэгтэй адил юм шүү дээ. Улс төртэй соёлоо битгий хутга. Соёл гэдэг чинь ард түмэн. Улс орон бол хэдхэн дуракийн тоглоом биш. Крилл бичиг дэлхийн соёл иргэншилтэй биднийг ойртуулснаар монголчууд гаднын хэлүүдийг амархан сурсан. Криллээ маш амархан сурсан шигээ англи, орос, герман гээд бусад хэлийг амархан сурсан шүү дээ. Шинэ үеийн залуусыг хуучин түүхээ хуучин бичгээрээ уншиж чадахгүй болгосноос өөр хор уршиг гараагүй. Крилл үсэг бол маш том дэвшлийг авчирсан. Хамгийн гол дэвшил нь, шинэ монгол үндэстнийг бий болгосон юм. Халх хэл аялгуун дээр суурилсан монгол хэлийг бий болгосон. Халх хэл аялгуу гэдэг бол өнөөдрийн Өвөр Монголын цахар хэл биш. Шинэ бичиг бол тусгаар монгол хэлийг бий болгосон гэсэн үг. Өвөр Монголоос, буриадуудаас ялгаатай шинэ монгол үндэстэнг бий болгосон юм.

-Бичиг үсгийн шилжилт ер нь эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг юм бэ?

-Хоцрогдоод хуучин нийгэм­дээ орох гээгүй л юм бол уйгаржинд орж болохгүй.Ухаандаа, чи бид хоёр хөдсөн дээлээ өмсөнө гэсэн үг шүү дээ. Харин хуучин монгол бичгээ битгий муул. Хадгалъя. Сурах хөдөлгөөн өрнүүлье. Сурах сонирхолтой залуучуудаа дэмжье. Крилл бичгээ харин монгол бичиг болгож хувиргаж авъя. Латин бол эртний Ромын бичиг. Крилл бол эртний Грекийн бичиг. Грек, Ром хоёрын бичиг байхгүй юу.

-Хуучин монгол бичгээр түүхээ мэдэж авахаас өөр юуг амьдралдаа хэрэглэх вэ. Улс орнууд өдөр ирэх бүр бие биенээсээ хамааралтай болоод байгаа үед?

-Даяаршилд тэртэй тэр­гүй орно. Олон юман дээр даяаршиж байна. Хамгийн хүчтэй нь эдийн засгийн даяаршил. Өнөөдөр бид эдийн засгийн хямралд орчихоод байгаа биз дээ. Өрийн таазаа дээшлүүлье, мөнгө зээл авъя гэж байна. Энэ чинь даяаршилд орох гэж байна шүү дээ. Үнэн хэрэгтээ эдийн засгийн даяаршил бол айлаас мөнгө л авч байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр ард түмэн амьдралаа яаж сайжруулъя даа гэж ярих нь асуудал болохоос биш ганц нэг үсэг, хатуу, зөөлний тэмдэг ярих, хуучин бичиг ярих асуудал биш шүү дээ. Тавь жаран жилийн дараа Монгол тэртэй тэргүй бүсийн хэлэнд орно. Англи юм уу хятад хэлний бүсэд орно.

– Үндэслэл нь юу юм бэ?

-Хаана, хэнийх нь амьдрал сайн байна бусад нь тэр хэл рүү орно шүү дээ. Ши Жин Пин ирээд хэлсэн дээ. Бид нар Монгол руу түрэмгийлэл хийхгүй ээ. Харин та нар бол манай ах дүү юм аа. Ядарсан үедээ наашаа хүрээд ирнэ ээ. Бид нар тэврээд авна аа л гэж хэлсэн шүү дээ. Тэгж л хэлсэн. Наад зах нь тавь жаран жилийн дараа, зуун жилийн дараа гэхэд юун уйгаржин бичиг вэ,хятад хэлтнүүд болж хувирч болно. Энэ бол таамаглал биш зүй тогтол. Харин тавь жаран жилий дараа гэдгийг би магадлалтай л гэж хэлж байгаа юм. Англи хэлний бүсэд орох ямар ч бололцоо бидэнд байхгүй. Мянга найман зуун километрийн цаана хятадууд байна. Оросууд бидэнд мөнгө өгөхгүй. Америк мөнгө өгөхгүй. Тэгэхээр ойлгомжтой биз дээ.

-Бүсийн хэлтэй болох зүй тогтол нь эдийн засагтай шууд холбоотой юу?

-Энэ бол даяаршилтай холбоотой. Дэлхий хөгжинө. Бид нар хөгжинө. Бид адуугаа хариулаад тал нутагтаа амь­дарна гэдэг. Дэлхий тэгэхгүй шүү дээ. Энэ чинь эх орноос гадна дэлхий шүү дээ. Даяаршил гэдэг бол бодлого нь хэзээд нэг удирдлага руугаа явдаг юм. Нэг л бодлогод тулгуурлана. Хэл судлаач эрдэмтэн Маар гэдэг хүн 1920-иод онд хэлсэн байдаг юм. Яваандаа дэлхий нэг хэлтэй болно гэж. Дэлхий дээр НҮБ-д бүртгэлтэй 340 хэл байна. Одоо улам цөөрч байна. Жишээ нь, Африк олон хэлтэй байсан бол одоо англи хэлтэй болчихоод байна. Гэхдээ наана нь бүсийн хэлтэй болно оо. Хэл бол соёлоо дагадаг юм. Англи хэл өнөөдөр эдийн засгийн хэл, франц хэл урлаг, уран зохиолын хэл. Итали хэл хөгжмийн хэл, герман хэл техникийн хэл. Хаана юугаараа хүчтэй байна хэл нь түүнийгээ дагадаг. 1960 оны үед юм аа. Хятадын Ерөнхий сайд Жоу Инь Лай улс орондоо бичиг соёлын бодлого явуулсан юм. Хятад улс латин хэлэнд шилжье гэсэн. Тэгсэн чинь дөрвөн хятад хэл гараад ирсэн байгаа юм. Шанхайн хэл, Бээжингийн хэл, Сичуаны хэл гэхчлэн. Дөрвөн үндэстэн гараад ирж байгаа биз дээ. Хятад ханз бичихээрээ адилхан боловч унши­хаараа өөр өөр шүү дээ. Тэгээд хоорондоо яриад ерөөсөө ойлголцдоггүй. Тийм учраас дөрвөн өөр хятад гарч ирлээ гэж айгаад буцаагаад ханзад нь оруулчихсан. Бичиг үсэг бүхэл бүтэн Хятад улсыг дөрөв хуваах учраас Жоу Лай айгаад болиулсан юм гэнэ лээ. Одоо манайд ярьж байгаа яриа бол үүнтэй адил юм шүү дээ.

Би крилл үсэг бичгийг их дэвшилтэт үсэг гэж боддогоо хэлсэн.Үүний ачаар бид буриад, дөрвөд халхын ялгаагүй болсон шүү дээ. Тийм учраас шинэ бичиг бол шинэ монгол үндэстэнг бий болгосон юм аа. Бий болгохдоо халх төвийн үзэл дээр тулгуурласан шинэ монгол үндэстэнг бий бол­госон. Үүгээрээ бид нар гоё байна шүү дээ. ыИйм учраас Монголын тусгаар тогт­нол шинэ үсэг буюу крилл үсэгтэй шууд холбоотой байгаа юм. Харин уйгаржин монгол бичиг бичгийн уран зохиолыг л бий болгосон юм. Хубилай хаан 1240 онд хаан болоод байхдаа Юань гүрнийг байгууллаа. Тэгэхдээ шинэ соёлыг байгуулъя гэж бодсон л доо. Тэгээд шинэ үсэг бий болгоё гэсэн. Хажууд нь Хятадын том эрдэмтэд байхад ханзыг аваагүй. Тээр хол Түвдээс Пагва ламыг авчраад ланз үсгийг монгол хэлэнд урвуулаад л бичсэн. Дөрвөлжин гэж хэлээд байгаа бичиг тэр. Яагаад Хубилай хаан Хятадыг эзэлчихээд ханз аваагүй юм бэ гээд бод. Энэ чинь монгол ухаан байхгүй юу.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяртай холбогдуулан замын хөдөлгөөний зохицуулалт хийж байна

Сар шинийн баяр болохтой холбогдуулан орон нутгаас Нийслэл Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, зах орчмын замуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж түгжрэл үүсч байна. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

-Авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 07, 14-ний бямба гаригт

-Авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол хоёрдугаар сарын 01, 08, 15-ны ням гаригт өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцоно.

Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын бүсэд оруулсан өөрчлөлт бол Сонгинохайрхан дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөөнд буюу Саппарогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэлх замыг дугаарын хязгаарлалтанд оруулж байна.

-Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн 1000-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд өглөөний 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар болсон.

-Томоохон худалдааны төв захууд УБ хотын захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу өөрсдийн автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллана.

-Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарантуул захын урд зам буюу Чулуун Овооны уулзвараас баруун тийш Нарантуул захын уулзвар хүртэлх замаар 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цагийн хооронд явуулахгүй.

Төвлөрсөн том худалдааны төвүүдийн ачааллыг бууруулахын тулд Нийслэлийн 6 дүүргийн 14 байрлалд худалдаа хийхээр болсон байна. Тухайлбал:

-Баянзүрх дүүрэгт “SKY” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааний төв.

-Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбай, Цэрэндоржийн гудамж.

-Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын талбай.

-Баянгол дүүрэгт Лион тауэр.

-Хан уул дүүрэгт “Sky Трейдин”-г ХХК, “Номин 5″ ХХК, ” Home Plaza”-ийн дотор талд, “Улаанбаатар импекс” ХХК,

-Сонгинохайрхан дүүрэгт “Сийлбэр” Худалдааны төв, “Сувдан төв” зэрэг газрууд хамаарч байна.

Иргэд та бүхэн захирамжийг биелүүлж бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөндөө сахилгатай оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
МЭНДЧИЛГЭЭ

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн
XVI их хурлын төлөөлөгчдөд

Үндэсний сэтгүүлзүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ээлжит XVI их хурлын эрхэм төлөөлөгч Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Монголын нийгэмд шинэ соргог, хэрэгтэй чухал мэдээ мэдээллийг цаг хугацаатай уралдан түгээн дэлгэрүүлэх хүндтэй агаад хариуцлагатай үүргийг гагцхүү сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан хүлээдэг. Та бүхний нөр их хөдөлмөр Монголын ард түмнийг мэдлэгжүүлж, мэдээлэлжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсаар ирснийг талархан тэмдэглэхэд таатай байна. 1951 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн холбоо болох Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн үүрэг үүнд асар их юм.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл нь сүүлийн үед бодлого чиглэлдээ томоохон өөрчлөлт хийж, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг дэмжиж, салбарын үйлдвэрчний эвлэлүүд байгуулах, мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага байх зарчмыг удирдлага болгож байгаа нь иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэн эрхэмлэгч улс орнуудын жишигт нийцсэн зөв чиг хандлага гэж үзэж байна.

Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралд оролцохдоо би “Монголын ард түмэн хамгийн нандин зүйлээ өгсөн сэтгүүлзүйн салбараас зөвхөн ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус байхыг шаарддаг” хэмээн хэлснээ давтан тодотгож байна.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэл ээлжит их хурлаараа салбарын тулгамдсан асуудлыг нухацтай хэлэлцэж, өнөөгийн байдалд бодит дүн шинжилгээ хийж, ирээдүйн төлөө зөв тодорхойлсон мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн XVI их хуралд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот, Төрийн ордон
2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Математикаараа цойлсон “А”, “анархист”-аараа цоллуулсан “Б”-гийнхэн

Хөдөлмөр амралтын зусланд

“Насны намар” дууны аяыг зохиосон урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган, гавьяат эмч Д.Гүнжидмаа, Дубнад Монголоо төлөөлж ажилласан Б.Отгоолой, бэлтгэл хурандаа Д.Чулуун, гавьяат эдийн засагч Б.Тунгалаг, зөвлөх инженер С.Дэмбэрэл, Ц.Чогжмаа, хуран­даа Д.Цоодол­сэнгэ, цагдаагийн хошууч Н.Цэнд гэсэн алдартай эрхмүүд 23 дугаар сургуулийн 1969 оны 10 “а”, 10″б” ангийг төгсөгчид. 10-ын хоёр бүлэг ирэх сарын 8-нд уулзахаар товложээ.Заримтай нь уулзлаа. Хоёр өөр бүлэг ч гэлээ”а”, “б” гэж ялгарах юм алга. Бараг нэг анги шахуу улс аж. “Хоёулаа дөрөв хүртлээ цуг байгаад дараа нь өөр бүлэгт орсноо эргээд нийлсэн шүү дээ” гэж ирээд хууч хөөрцгөөх юм. Тэртээх 1969 оны хавар 10 “а” нь 29-үүлээ, 10 “б” нь 23-уулаа төгсөж байж. “А”-гаас Дашдаваа, Бямбажав, Гансүрэн, Цэндбаатар нар ирсэн бол “Б”-гийн хоёр охин иржээ. Нэг нь Бямбаа, нөгөө нь Одонтунгалаг. Тэд сургуулийнхаа нийгмийн ажилт­ны өрөөнд цуглажсуу­гаад ангийнхныхаа тухай дур­самж хөврүүлсэн юм. Нөгөө­дүүл нь Цэндбаатарыгаа”Та­ван онцын эзэмшигч” болжбайсан гэж магтав. Тэр үед 40 улирал дараалж онц гарсан хүүхэд л ийм тэмдэг энгэртээ зүүдэг байж. Сав л хийвэл тоо бодоод суучихдаг, тооны чигийн ямар ч номон дээр байгаа бодлогыг цээжээрээ мэддэг хүү байсан гэнэ. Даш­даваа математикийн багш мэргэжилтэй. Математикийн анхны арван зөв­лөх багшийн нэг аж. 40 гаруй жил багшил­жээ. Тэрээр “Ма­­­­най ангийн хэсэг хүүхэд мате­матиктаа их сайн. Ямар сайндаа л математикийн багшийг орж ирэхээр тоо бодох аргачлалын талаар маргаж байхав. Багш дараа­гийн хичээл дээр, нээрээ та нарын зөв байжээ гээд л ороод ирнэ” гэж хууч хөөрлөө. Б.Отгоолойгоо “Миний найз чинь цөмийн урдаа барьдаг мэргэжилтнүүдийн нэг байсан” гэж ирээд баахан ярив. Арвын “а”-гийнхан математикаараа цойлсон анги байжээ.

Математикчдаас гадна эмч олон­той ангиюм. Уулзалтад ирсэн хүмүүсээс гэхэд л Бям­бажав, Гансүрэн хоёр эмч. Бямбажав хүүхдийн эмч. Эх, хүүх­дийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Эрүүлийг хамгаалахын тэр­гүүний ажилтан, клиникийн профессор аж.Д.Гансүрэн ангийнхнаа “Охид нь цэмцгэр гэж жигтэйхэн, хөвгүүд нь то­моо­той гэж тоймгүй” хэмээн тодорхойлов. Харин “Б”-гийнхэн нэлээд “чанга нөхөд” байж. Ямар сайндаа л Г.Бямбаа сургуулийнхаа түүхийн номонд ангийнхныхаа ту­хай бичихдээ “Раднаагийн анархистууд” гэж гарчигла­хав. Бямбаа “Манай анги хотын улсын тэргүүний бүлэг болж байлаа. Соёлч нөхөрлөлийн анги болж байсан. Шил цуглуулдаг аянд хүртэл оролцож хотын аварга шил цуглуулагч анги болж байсан шүү. Тэр үед нийгмийн идэвх сэргээсэн ажлуудыг их зохион байгуулдаг байжээ. Одонтунгалаг бид хоёр ангийнхныхаа тухай бичихдээ Раднаагийн анархистууд гэж зүгээр ч нэг бичээгүй. Манай ангийн хөвгүүд их биерхүү, хэрийн багшийн үгийг тоодоггүй зүггүй нөхөд байлаа. Арав төгсөхдөө багш нарын зөвлөгөөний хурлаархоёр удаа орж байсан юм. Хөдөлмөр зусланд байсан үе. Мал муулсны дараа лам болж нүглээ арилгаж байна гэж дэггүйтээд шашин шүтсэн “хэрэгт орж” байлаа. Дараа нь ангиараакино үзэх гэж хичээл таслаадбуруудсан” гэж ирээд дурсав. “Б”-гийнхэн урлаг спорт, сурлагагээд бүх талаараа сайн хүүхдүүд байжээ. Эдний ангийг дааж төгсгөсөн багш ньЗундуй гэдэг хүн байж.Г.Бямбаа хоёр жил багшлаад олон нийтийн байгууллагад насаараа ажиллажээ. Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг Тунгалаг, Туул гэж охид эдний ангийнх байжээ. “Б”-гийн Пүрэвээ хөнгөн атлетикийн олон улсын хүүхдийн тэмцээнд оролцохоор Унгар явж байсан гэнэ.АТГ-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Цоодолсэнгийгээ бас спортод сайн байсан гэж ярив. Оюунгэрэл, Жаргал хоёрыгооспортын гимнастикаар хичээллэдэг байсан гэж дурслаа. Спортын гимнастикаараадэд мастер хүртэл болсон аж. Одонтунгалаг ангийнхаа Дашнямыг “Сахилгагүй хэрнээ мундаг толгойтой хүү” гэж магтаж байна.Усны инженерээр гучаад жил ажиллаад тэтгэвэрт гарсан аж. Эдний анги хоёр ч зөвлөх инженертэй юм. Нэг нь эрчим хүчний зөвлөх инженер С.Дэмбэрэл, нөгөө нь холбооны гэхээр андахгүй Ц.Чогжмаа инженер. Утас ховор үед Холбооны яамны телефон хорооны даргаар ажиллаж байж.”А”, “Б”-гийн хэд хэдэн хүүхэд Ц.Чогжмаагийнхаа цохолттой бичгээр утас аваад бөөн баяр болж байсан гэнэ.

Одонтунгалаг “Манай ангийн зургаа долоон охин ес аравдугаар ангидаа багт наадамд бэлтгэдэг байлаа. Нарантуяа, Жаргал, Цэндсүрэн, Бямбаа бид хэд.Харшийн ёолконд орохын төлөө л бэлддэг байлаа шүү дээ. Юм ховор цагт гоёо гангараагаа өөрсдөө л аргална. Цаасан дээр молоко түрхэж байгаад хөвөн наана. Хөвөн дээрээ ёолкны чимэглэл хагалаад цацчихаар хачин гоё гялалзана. Тунгалагийн гэрийнёолкны чимэглэлийг бүгдийг нь хагалж байлаа” гэж дурсамж сөхөв. Одонтунгалаг “А”-гаас Ариунаатай найзалдаг байжээ. Ариунаа нь Орос хэлний багшаар Эрхууд сургууль төгссөн гэнэ. “Б”-гийнхэн хичээлээ тарсны дараа ангийнхаа хөшгийг хаагаад теннис, хөзөр тоглодог байж. Одонтунгалагийн аав хамгийн түрүүнд охиноо ирж авахдаа ангийнхныг нь хөөгөөд гаргачихдаг байсан аж. Тэр үедээ Одноодоо гомддог байсан ангийнхан нь саяхан уулзахдаа “Танай аав сүрхий зөв, сайн хүн байжээ. Ганцхан миний охин л болж байвал боллоо гэж бодохгүйгээр бидэнд ч санаа тавьдаг байж” хэмээн аавыг нь дурссан гэнэ.

“Б”-г төлөөлж ирсэнБямбаа “Ангиасаа Нарантуяа, Одонтунгалаг, Жаргал. Д.Цэцэгмаа бид хэд илүү дотно үерхдэг байлаа. Жаргалынхаа гэрээр их очноо. Ээж нь их сайхан зантай. Биднийг охиноосоо ялгаагүй хайрлана. Сүүлд Жаргал маань санхүүгийн мэргэжилтэй болсон л доо. Өдрийн сонинд олон жил ажилласнаар нь найзаараа бахархаж явдаг юм” гэж ярилаа.

ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГИЙН ХӨГЖИЛТЭЙ ӨДРҮҮД

Арвын “Б”-гийн Одонтунгалаг 40 жил багшилсан хүн аж. Төрийн соёрхолт Сосорбарам анхны шавь нарынх нь нэг байсан гэнэ. Даасан ангиас нь улсын тэргүүнийбүлэг гурав төрсөн юм байна. Өдий дайтай яваагаа багш нарынхаа гавьяа гэж ярив. Монгол хэлний багш Ичинхорлоогоо “Хүндлэхээс аргагүй хүн л дээ. Алхам бүрдээ хэлц, цэцэн үг хэлнэ. Монгол хэлний багш болоход багшийн нөлөө их байсан шүү” гэж дурсав. Тухайн үед 23 дугаар сургууль нэгдүгээр сургуультай эн зэрэгцдэг байжээ.

Одонтунгалаг”Хотын төвийн охин хөдөө айлын бэр болж очиход хэцүүхэн л байлаа. Гэхдээ хөдөлмөр зусланд явж байсан минь хэрэг болсон шүү. Шувуун фабрикийг түшиглэжбайгуулсан хөдөлмөр амралтын зусланд гардаг байлаа.Ногоо тарина. Тахиа тэжээнэ. Үнээ саана. Хотын хүүхдүүдийг ажилд сургаж байсан газар” гэж яриад эхлэнгүүт хөдөлмөр зуслангийн тухай яриа өрнөв. “Насны намар”-ын Булган, Одонтунгалаг хоёр нэг жил хургачин болж байж. Анх эзгүй талд гарангуутаа л айгаад уйлалддаг байсан гэнэ. Нэг удаа хургаа тариа, ногооны талбайд оруулаад муу авч, шугам жагсаалын өмнө зэмлүүлснээ Одонтунгалаг мартдаггүй аж. Жижиг биетэй охидоор нь хонь саалгана. Арай томхон биетэйд нь гүү саах ажил оноодог байж. Хөвгүүдэд халгай түүхгэх мэт арай хүндхэн ажил ногдоно. Тахианы байранд ажиллах их хэцүү байсан гэж ам нийлүүлэв. “Одоогийнх шиг агааржуулагч энэ тэр байхгүй. Их бүгчим” гэж Гансүрэнг хэлэхэд “Шувууны сангасны үнэр ч аймаар шүү” гэж Бямбаа толгой дохив. Хийж үзээгүй ажлаа хийсэн хүндхэн өдрүүд байсан ч гэсэн хамтдаа хөгжилтэй өнгөрөөсөн өдрүүд нь учраас байсгээд л хөдөлмөр зуслангийн тухай яриа өрнөх юм.

АМЬДРАЛЫН НАЙЗУУД

Арвын “А”, “Б”-гийнхнээс өдийг хүртэл найзалж яваахүмүүс олон юм билээ. “Бид амьдралын жаргал, зовлонгийн алинд ч хамтдаа байдаг” гэж Гансүрэн ярив. Гансүрэн гэрээсээ дурсгалын дэвтрээ авчирчээ. 96 хуудастай бор хавтастай дэвтрийн нэг ч хуудас эргээгүй, бараг шинээрээ шахуу цэмцгэр гэж. Аравдугаар ангиа төгсөхдөө ангийнхаа хүүхдүүдийн дунд энэ дэвтрийг аялуулжээ. Мэдээж ганц арвын “А” биш, арвын “Б”-гийн охид хөвгүүдийн “үлдээмж” ч энэ дэвтэрт дурайж байна. Дурсгал үлдээж байгаагаа “үлдээмж”гэж тодотгосон байна лээ. Бүгд зургаа нааж, шүлэг, дуу, сэтгэлийн үгээ үлдээжээ. Өнөө дэвтрээ эргүүлж тойруулж хараад жигтэйхэн. “Би ээжийн тухай ямар гоё утгатай шүлэг үлдээгээ вэ”, “Энэ манай Жаргалын үлдээмж байна”, “Тэр үед кино их үздэг байж билээ”гэх мэтээр дэвтрийн хуудас эргэх бүр сонин содон дурсамж хөвөрнө.Гансүрэн “Энэ дэвтэр их түүхтэй. Цэндбаатар 1989 онд 25 жилийн ойгоор цуглах үед аваад явчихсан юм. Хадгалж байгаад 20 жилийн дараа өгсөн. Их сайхан хадгалсан байсан” гэж сонирхуулав. “А”-гийнхан ангийнхаа багшийг байсгээд дурсана. Манай Буянхишиг багш гэж ирээд дурсамж сөхөцгөөх юм. Хөдөлмөр зуслан, гэр, сургуулийналинд ч ангийнхаа хүүхдүүдээс анхаарлаа сулруулдаггүй сүрхий багш байсныг сурагчдынх нь ярианаас анзаарч суулаа. Бурхан болтол нь гэр орноор нь орж гарч, ойр дотно явсан гэнэ. Дашдаваа “Хөдөлмөр зуслан дээр Бямбадорж тамхи татаж байгаад багшид баригдаж бөөн юм болж билээ. Охидын өрөө рүү шорттой ороход л зандарна шүү дээ” гэж ярив. Бямбадорж, Загдгочоо, Дашдаваа гээд “А”-гийнхны хөвгүүд спортод нэлээд хорхойтой байж. Зүггүйтэхдээ хичээлээ хийж зүггүйтдэг байсан гэж бөөн инээд болов. Газар зүйн хичээл дээр гэхэд л газрын зургаас хамгийн жижигхэн арлыг нь хайж олчихоод өнөөхөө багшаасаа асууж цагийг нь бардаг байснаа дурсаж байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган тайлан тоглолт бүрдээ ангийнхнаа урьдаг гэнэ. Булганыгаа их бахархаж ярьцгаах юм. Наймдугаар ангид байхдаа Болгарт дууны тэмцээнд явсныг нь, хөдөлмөр зуслан дээр шалны мод бариад дуулж өгдөг байсныг нь гээд өчнөөн дурсамж ярив. Сонирхуулж хэлэхэд арвын”Б”-д Баатар гэж 22 настай сурагч байж. Төгсөх жилээ эхнэр авсан Баатарынхаа хүүхдийг ээлжилж салхилуулдаг байсан гэнэ.

Математикийн Гэндэндоо багштай ана мана маргадаг “Б”-гийн тоочид физикийн хичээл дээр нүд алгасахгүй тав авдаг байж. Цогоо, Цэндбаатар, Отгоолой гэж ирээд баахан нэр хэлж байна.

Соёлч нөхөрлөлийн дарга Сарантуяа,пионерийн ордны үлээвэр хөгжмийн дугуйлангийн шилдэг хүүхэд байсан учраас Артек явсан Чука, Орос руусургуульд явсан Сараа, Зоригоо, Алтаа, Ариунаа, Дэлгэрмаа, Бадамханд гээд ирээгүй хүүхдүүдийн тухай дурсамж яриа ч хөвөрсөн.

Соёлч нөхөрлөлийн анги болсон “А”-гийнхныжурнал дээр ес, аравдугаар ангид нь нэг ч дунд бичигдээгүй гэнэ. Цэндбаатар”Манай ангийнхан тав, зургаан бүлэг болж хуваагдаад хичээлээ нийлж давтдаг байсан юм. Нэг бүлгээс хэн нэг нь дунд авахад бүлгээрээ зэмлүүлнэ. Тийм учраас дундгүй болсон байх. Тэр үеийн багш нар дүн өсгөж тавина гэж үгүй. Нэг хичээл дээр дунд авсан байхад засахгүйгээр дунд гаргадаг байлаа” гэж ярилаа.

ТАГТАН ДЭЭР ХИЧЭЭЛЭЭ УНШДАГ СУРАГЧИД

Тэр үеийнарав төгсөгчидзургаан шалгалт өгдөг байжээ. Математикийн шалгалт нь алгебр, геометр хавсардаг байсан гэнэ.Монгол хэлний хичээлийн шалгалтыг бичгээр өгдөг болбусад дөрвөн хичээлийг нь амаар шалгадаг байж. Гурван асуулттай гуч гаруй билет боловсруулах гэж гараа чилтэл бичдэг байснаа, өглөө эртээ гэгч нь тагтан дээрээ гараад хичээлээ уншдаг байснаа ам уралдуулан ярив.ХБХБ-гийннорм гэж бөөн юм болдог байснаа дурсацгаав. Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн гэсэн утгатай үгийн товчлол гэнэ. Спортын олон төрлөөр шалгалт өгдөг болохоор өглөө эрт босоод гүйцгээдэг байж. Уншсан номынхоо дугаар, агуулгыг бичицгээж, хэр олон ном уншсан нь Нацагдорж тэмдэгтэн болдог байжээ. Тэр үеийн охидын гоёл улаан, ногоон, цэнхэр өнгийн тавин төгрөгийн тирко байсан гэнэ. Охид хэн нь ямар өнгийн тиркогоор гоёдог байснаа хачин тод санаж байна. Өөр нэг гоёл нь шарваар байж.Хааяа хичээл дээрээ өмсөж ирээд загнуулдаг байснаа дурсав. Хөвгүүдийн хувьд хамгийн том гоёл нь жинсэн өмд байжээ. Гэхдээ баргийн сурагч өмсөхгүй. Эдний ангиас гэхэд хоёр хүү л хааяа жинсээр гоёдог байж.Дашдаваа “Бидний үеийнхэн чинь кино их үзнэ. Тэр үед театруудаар зөвлөлтийн голдуу кино гардаг байлаа.19 цагаас хойш багш нарын эргүүл гарна. Үзвэр энэ тэр үзнэ гэж саналтгүй. Зурагтаар кино үзэхийн тулд гэр орноо угааж цэвэрлэж байж эрхээ авдаг байлаа шүү дээ” гэж хэлээд хөгжилтэй инээлээ.Төгсөлтийн баяр гэж тэр үед тун даруухан болдог байжээ. Нийслэлийн арваа төгссөн бүх сурагч паркт цуглаж концерт үзээд л баяраа тэмдэглэчихэж байж. 1969 онд 23 дугаар сургуулийн 10-ын”А”, “Б”-г төгсөгчид хоёрдугаар сарын наймны 12.00 цагт сургууль дээрээ уулзахаар товложээ. Хамтдаа арваа төгсөөгүй ч хамт нэг ангид тохой нийлүүлсэн ангийнхнаа ч манай сониноор дамжуулан урьсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Гурван сая дахь иргэний үе чацуутнууд

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг төрийн тэргүүн зарласан нь энэ жилийн хамгийн бэлгэдэлтэй, гэгээтэй мэдээ байлаа. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэж олзуурхан хэлэлцдэг монголчуудын хувьд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авна гэдэг том бэлгэ. Манай сонин энэ долоо хоногийн”Өдрийн зочин” буландаагурван сая дахь иргэн болсон Х.Монголжин охины үе чацуутнуудыг онцолж байна. Х.Монголжин нэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгадад Э.Хатанболдын ууган охин болж төрсөн юм. Охины нэрийг төрийн тэргүүн өгсөн билээ.

Гурван сая дахь иргэнийг мэндэлсэн өдөр 180 хүүхэд дуу хадаан орчлонд ирсэн. Тэдний 99 нь хүү, 81 нь охин. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 31, нийслэлийн “Өргөө” амаржих газарт 24, “Хүрээ” амаржих газарт долоо, “Амгалан” амаржих газарт 15, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хоёр, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд тав, хөдөө орон нутагт 94 хүүхэд төрсөн гэсэн статистик байна. Хилийн чинадад хоёр хүүхэд мэндэлсэн юм.

Үндэсний статистикийн хорооноос гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн 30 нярайн нэрийг онцолж зарлаад байна. Х.Монголжингийн чацуутнуудыгтус бүрд нь70 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг энэ долоо хоногт Засгийн газраас гаргасан юм. Нялхсын шагналыг орон нутгийнх нь төсвөөс гаргахаар болоод буй. Зарим аймгууд гурван сая дахь иргэний чацуутнуудыг шагнаад эхэлжээ.

Мөнгөн тэтгэлгийг ирэх сарын 10-ны дотор өгнө. Гурван сая дахь иргэний чацуутнуудад Ерөнхийлөгч гарын бэлэг бэлдсэнээ дуулгаад байгаа. Төрийн тэргүүний бэлэг нь бойтогны хонх. Зүгээр ч нэг хонх биш. Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмидийн зургийн дагуу урласан утгабэлгэдэлтэй бойтогны хонх. Нэг хонхон дээр нь Гоо марал, нөгөө дээр нь Бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа авч зохиомжлон бүтээсэн эд. Ингээд төрийн тэргүүнээсээ бэлгэдэл зохиомжтой бойтогны хонх бэлгэнд авах гэж байгаа, засгаасаа 70 сая төгрөгийн тэтгэлэг авахаар болсон амны хишигтэй нялхсынхаа нэрсийг хүргэж байна.

Ц.СҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Хаштай, үхрийн гол махан ороомог

Хаштай, үхрийн гол махан ороомог

ОРЦ:

(2-3 порц)

Хаш буюу чэс 300 гр

Гол мах 300 гр

Өндөг дөрвөн ширхэг

Сонгино 20 гр

Сармис таван гр

Чили соус 10 гр

Япон цуу 20 гр

Ургамлын тос 50 гр

ХИЙХ АРГА:

Хашныхоёр талыг тэгш аваад урт иштэй хутганы тусламжтайгаар голыг нь ухаж авна. Ургамлын тосонд чили соус, сармис, япон цуу хийж гол урт гонзгой хэлбэртэй хэрчсэн махаа амтална. Өндөгний цагаан, шар уургийг ялгаж тус тусад нь шарна. Ялгаж шарсан өндгөө давхарлан тавиад амталсан гол махаа ороож нүхэлсэн хашны дотор хийнэ. Бэлтгэсэн ороомгоо нимгэн хавтгай зүсэж хайруулын тавганд хоёр талаас нь жигд 5-8 минут шарж болгоно. Эсвэл ороомгоо бүтнээр нь шарах шүүгээнд хийж 200 хэмд 20 минут шарж болно. Чанаж болгосон төмсийг сармис хэлбэртэй хэрчиж цөцгий, гахайн утсан махны хамт хуурч хачир бэлтгэж болно. Энэхүү зоогийг өдөр тутмынхаа хоол хүнсэнд болон босоо хүлээн авалтын үед зориулан бэлтгэхэд тохиромжтой.

УТСАН ХИАМТАЙ, гоймонгийн салат

ОРЦ:

Шпагетти гоймон 300 гр

Цуккини буюу чихэрлэг амт оруулагч

Сонгино нэг ширхэг

Утсан хиам 100 гр

Дарсны цуу, оливийн тос дөрвөн хоолны халбага

Сармис хоёр хумс

Зөгийн бал, гич нэг цайны халбага

Мөс

БЭЛТГЭХ АРГА:

Гоймонгоо хугалж чанаж бэлдэнэ. Цуккиниг жижиглэн хугалаад хэрчсэн сонгино, хиамтайгаа хольж хутгана. Сармисаа бяцалж, цуу, цөцгийн тос, зөгийн бал, гич, давс, нунтаг хар перец, элсэн чихэртэй хольж хутгана. Энэ холимгоороо салатаа амтлаад 30 минут хөргөгчинд байлгана. Ингээд салат бэлэн боллоо.

ДАЛАЙН БАЙЦААНЫ шөл

ОРЦ:

Дөрвөн хүний порц

Хатаасан далайн байцаа 25 гр

Үхрийн мах 150 гр

Ус найман аяга

Сармис

Шөлний цуу хоёр халбага

“Дашида” амтлагч хоёр том халбага

Гүнжилийн тос нэг том халбага

Давс

ХИЙХ АРГА:

Далайн байцаагаа халуун бүлээн усанд 3-5 минут дэвтээнэ. Далайн байцааныхаа усыг шүүгээд сайтар угааж зайлна. Савандаа гүнжидийн тос хийгээд махаа хуурна. Хуурч буй махан дээрээ далайн байцаа, ус, сармисаа хийгээд буцалгана. Буцалж байх явцад нь шөлний цуу, давсаар амтална.

Бэлтгэсэн: Д.САР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн “шар” номнуудыг шатаах ч багадна

Ном гаргана гэдэг зохиолчдын хувьд том баяр мэт харагддаг ч үнэндээ араас нь маш том хариуцлага ирдгийг мэдэцгээдэг. Хуучин бол ном гаргаж, эмхэтгэлээ хэвлүүлэхэд асар олон шалгалтаар ордог болохоор сансарт нисэх дайны л хүнд ажил байсан тухай ахмад уран зохиолчид өгүүлдэг. Олон жил бичсэн бүтээл нь хэвлэгдэхэд бэлэн болоход хэн нэг алдартай, эрдэмтэн хүмүүнээр өмнөх үг бичүүлнэ. Өмнөх үг гэдэг нь нэг талдаа уншигчдад очих гэж байгаа уг номын батлан даалт болдог байж. Тийм болохоор том зохиолч, эрдэмтэд өөрийн тоосон, сайн болсон болов уу гэсэн номонд, итгэл хүлээлгэсэн зохиогчдоо л өмнөх үг, мялаалгын үг бичиж өгдөг байлаа.

Харин одоо бол арай л дэндүү байгаа шүү. “Тунгалаг Тамир” кинон дээр гардаг шиг “Үсэг мэддэг хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа” гэмээр номнууд номын дэлгүүрүүдийн лангуун дээр “хэвтэж” харагддаг. Зарим нь зохиогч, огноогүй. Тэрэн дундаас хүүхдэд зориулсан зарим номыг сөхөж үзэхээс ч эмээх сэтгэл төрдөг юм. Номын эхний хуудсыг сөхөхөд алдаатай үгс гарч ирнэ. Хянасан гэхийг “хянсан” гээд биччихсэн байна. Гарчиг нь хүртэл алдаатай.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт эцэг эхчүүдээс баахан гомдол ирж, хүүхдэд зориулсан ном, зурагт хуудасны агуулга нь хүүхдийн бие бялдар, нас, сэтгэхүйд нийцэхгүй, тохиромжгүй байна. Ийм номуудыг худалдаанаас татаач гэж хүсэлт тавьж байсан удаатай. Гомдлын мөрөөр номын дэлгүүрүүдэд борлуулагдаж байсан 253 ширхэг номыг шалгасан байдаг. Гэтэл тэдгээр номын 32 нь хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх магадлалтай, зөрчилтэй байсан нь тогтоогдсон удаатай.

Хүүхдэд зориулсан хөгжилтэй ярианы цувралд хадам эхэд хортой мөөг өгч, шүдийг нь цөм цохисон тухай, нөхөртөө хортой хоол өгч байгаа тухай, багш нь сурагчтайгаа нийлж тамхи татсан тухай, ойн амьтан нийлээд архи ууцгааж байгаа тухай бичсэн байдаг. “Иш шидийн илд” номонд 11 дүгээр ангийн сурагч багштайгаа хайр сэтгэлийн холбоотой болж, үнсэлцсэнээр бүх юм төгсч байгаагаар бичжээ.

Хүүхдэд зориулсан хөгжилтэй явдал, онигоо, болсон явдлын тухай өгүүлсэн номуудад архи, шар айраг, архидалт, самуун явдалтай зүйлсийг их оруулсан байдаг.

Анааштай холбоотой онигоо одоогоос 20 жилийн өмнө ийм байв. “Туулай, анааш, зараа хоёрт онигоо ярьж өгөв. Зараа туулайн ярьсан онигоонд учиргүй их инээж, инээдээ барьж чадахгүй элэг нь хөшихийн наагуур юм болно. Гэтэл анааш ер инээхгүй байж. Маргааш нь туулай анааш дээр иртэл өнөөх нь учир зүггүй инээж байна гэнэ. Юу болов, яагаад инээгээд байгаа юм бэ гэж асуутал “Чиний өчигдрийн ярьсан онигоог сая л сонслоо” гэж хэлдэг” хэмээсэн онигоо байв. Гэтэл уг онигоо өнөөдөр ийм болжээ. Анааш “Урт хүзүү ч мөн сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь мэдрэгдээд халуун оргиод, сайхан шүү” гэж ярьж байгаагаар номонд бичжээ.

Хүүхдэд зориулсан сургамжит өгүүллэгийн номонд ээж нь хүүхдэдээ аав нь өөр эмэгтэйг сонгоод явсан тухай ярьж, аав чинь чи биднийг хаясан юм чинь үйлс нь бүтэхгүй, хэзээ ч жаргахгүй гэж занасан аястай хэлж байгаагаар гаргажээ. Юуных нь сургамжит өгүүллэг байх вэ, зохиогч эмэгтэй нь өөрийнхөө хувийн амьдралаас сэдэвлэж уг өгүүллэгүүдийг бичсэн болов уу даа гэх сэтгэгдэл төрүүлэв.

Дээхнэ үед болжмор, туулай мэтийн жижиг амьтад өхөөрдөм аймхай мэтээр дүрслэгддэг байсан бол одооны ном зохиолд агсам, архичин, архи уухаараа бөөлждөг, баавгайн бөгс рүү гал авалцтал өшиглөдөг, баавгайг хүчинддэг гэх мэтээр аймаар амьтнаар дүрслэгдэх болж. Энэ бол уран зохиолд тавигддаг шаардлагыг зөрчсөнөөс гадна логикийн асар том алдаа.

Ерээд оны үед манай гудамж талбайгаар дүүрэн шар сонинууд байдаг байлаа. Хүнд мэдээлэл өгөх юу ч байхгүй, аль л болохгүй бүтэхгүй зүйлсийн талаар бичсэн, нүцгэн шалдан хүмүүсийн зургаар дүүрсэн, этгээд нэртэй сонинууд тоймгүй их байсан даа. Гэвч цаг үе, нийгмийн байдал, хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөж, боловсролын түвшин өсөхийн хэрээр шар сонинууд аяндаа хэвлэлийн зах зээлээс шахагдчихсан. Гэтэл шар сонины хэв маяг Монголын хүүхдийн зохиолд хэдийнээ ороод ирчихсэн байгааг дээр өгүүлсэн жишээнүүд нотолно. Бид хүүхдүүддээ унших номыг нь сонгож өгдөг. Тэрэн дундаас шарыг нь олж өгч байна гэдэг эцэг эхчүүдийн сонголттой холбоотой. Хүүхдэдээ сонгож буй ном, хоол хүнс, хувцас, боловсрол гээд бүхий л зүйл бид нарийн шалгууртай хандах ёстой. Нийгэм өөрчлөгдчихөөд байхад хүүхдүүдэд зориулж шар ном бичиж суудаг ямар арилсан хар дотортнууд байна аа. Хүүхдийн зохиолыг шарлуулах эрхийг тийм хүмүүст хэн өгдөг юм бэ.

Зурагтаар үзэх хүүхэлдэйн кинонд нь хүртэл анхаарал хандуулах хэрэгтэй л дээ. Хүүхэлдэйн кино гарч байвал ямар ч хамаагүй сувгийг тааруулаад суулгачихдаг. Хүүхдүүдийн үзэх дуртай “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног дэлхийн 30 орчим улсад телевизээр гаргахыг хориглочихоод байгаа. Хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, охидыг сахилгагүй занд уриалан дуудаж, томчуулыг шоглох, үл тоохыг заадаг хэмээн япончууд уг хүүхэлдэйн киног ад үздэг. Ойн хүрэн, хүчит баавгайг сөөсийсөн жаахан Маша гэх шар охин үйлийг нь үзэж, үстэй толгойг нь зулгааж, амьд явахын эцэсгүй юм болгож байгаа тухай бараг анги бүрт нь гарна. “Ну, погоди” хүүхэлдэй кинонд чоно муу талын баатар ч эцэстээ туулай нь хамгийн зэвүүн, хорон санаатай амьтан болж таардаг биз дээ.

…Дээр дээр үсрэн үсрэн

Дэлдэн туулай

Дэнж дээгүүр

Даваад явчихлаа…хэмээн өхөөрдөн дуулдаг туулайны аймшгийн хувилбар нь “Ну, погоди”-гийн туулай л даа. “Том, Жерри” хүүхэлдэйн кино бол олон улсад хүүхэлдэйн киноны жагсаалтаас аль хэдийнээ хасагдчихсан бүтээл. Ан амьтныг хамгаалагчид уг киног амьтныг хайрлах сэтгэлийг үгүйсгэсэн, муурыг хамгийн муухай амьтнаар төсөөлүүлсэн гэж буруушаадаг. Хүүхдүүд муурыг тамлаж алсан хэд хэдэн тохиолдол Америкт бүртгэгдэж байсныг уг кинотой холбон тайлбарладаг. Түүнчлэн сүүлийн үед гарч буй хүүхэлдэйн киноны эмэгтэй дүрүүдийг хэтэрхий том хөхтэй, хөхийг нь хагас гаргасан, хэт богино даашинз өмсүүлснээр гаргадаг нь өсвөр насны охидод буруу дуурайлал үзүүлдгийг тогтоогоод Хятадад иймэрхүү киног багачуудад үзүүлэхийг хориглосон. Харин манайд хүүхдүүдэд ямар хүүхэлдэйн кино үзүүлэх вэ гэдэг дээр хяналт байхгүй.

Монгол ардын эртний аман зохиолд ихэвчлэн 15 толгойтой атгаалжин хар мангасыг дарж буй талаар гардаг. Гэтэл тэр дүрслэл Манжийн дарлалд 200 жил байсан цаг үед өөрчлөгдөж, атгаалжин хар мангас нь шуналтай ноёд, тайж болон хувирсан. Тэр санаа нь явсаар социализмын үед хаад, ноёд, баячууд бол хамгийн муу хүмүүс. Тэднийг устгаж байж ард олон жаргадаг. Баячуудыг ядуусаас төрөн гарсан хамуутай бор даагатай, нусгай, өнчин бор хүү даран устгаж адуу малыг нь бусдадаа өгөх замаар амар сайхандаа жаргаж суугаагаар дүрслэн үлгэрээ төгсгөдөг. Энэ бол үзэл сурталчжсан нийгмийн ардын аман зохиолд зориудаар нөлөөлж бүтээлгэсэн үлгэрүүд. Эдгээр үлгэрүүдийг одооны хүүхдүүдэд уншиж өгвөл гайхахаар. “Ээж ээ, яагаад баян хүн муу юм бэ. Тэднийг алах хэрэгтэй юу. Билл Гейтс, Соросыг яагаад алдаггүй юм бэ” гэж асууж мэднэ. Үнэндээ манай нийгмийг баян хүмүүс чирч яваа. Олон жил хөдөлмөрлөж босгосон компани нь жил ирэх бүр өргөжин дэвжсээр хорин ажилтантай байгууллага салбарлаад 200-300 хүн ажилтай сууж байгаа жишээ захаасаа аваад бий. Олон хүнийг ажилтай байлгаж, амьжиргааг нь залгуулж яваа компанийн захирал, баян чинээлэг хүмүүсийг устга, толгойг нь тасд гэсэн утга агуулгатай үлгэрүүдийг хүүхдүүдэд уншиж өгөөд, уншуулаад хэрэг байна уу. Монгол ардын бадарчингийн үлгэрүүд бол тэр чигээрээ хүнийг хуурах, овлигогүй аргаар хүнээс юм салгах тухай сургадаг. Бадарчин айлд урилгагүй ирээд зүгээр хоночихгүй охиныг нь оролдож, хоттой хониноос нь хамгийн тарган, нас бие гүйцсэнийг нь алж байгаа тухай өгүүлнэ. Гэрийн эзэд бадарчинд тийм ч таатай бус хандах ч бадарчин түүнийг нь эс тоон зальхай нүдээр бүгдийг шүлэнгэтэн хардаг. Яавал эднийхээс гар хоосон буцахгүй гарах вэ гэх бодол толгойд нь эргэлдэж байдаг нэг л онцгүй дүр. Энэ мэтээр тухайн цаг үедээ лам, бурхны шашныг бадарчин гэх хөл нүцгэн эрээр төлөөлүүлдэг “захиалгын” үлгэрүүд өнөөгийн нийгэмд уншигдсаар, уламжлагдсаар яваа нь хүүхдүүдэд сайныг үлгэрлэхээсээ саарыг хэлэх нь ойлгомжтой.

Дэлхийн улс орнууд хүүхдэд зориулагдсан бүтээлүүдийг төрөл тус бүрээр нь жагсаагаад хүүхдүүдэд үзүүлж болохыг нь сорчлоод санал болгодог. Бид үүнтэй адил хүүхдийн уран зохиол, хүүхдэд зориулсан кино, хүүхэлдэйн кинонд хатуу хяналт тавьж, нарийн шалгуураар чанартай, эцсийн бүтээгдэхүүн гаргадаг байх тогтолцоонд шилжих хэрэгтэй. Гадны бүтээлүүдийг хүүхдүүддээ үзүүлж, уншуулахдаа улсын бодлогын хэмжээнд авч үзэн, харьяа яамны мэргэжилтнүүд нь их сургуулиудын эрдэмтэн багш, бичгийн мэргэдтэй зөвлөлддөг байх дараалалтай болох нь зүйтэй юм. Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн асуудлыг төрийн хэмжээнд авч үзэхдээ хүүхдийн зохиолчидтой уулзаж, бодлыг нь сонсдог байсан үе манай төрд бий. Цаг үе өөрчлөгдчихөөд байхад хоцрогдсон сэтгэхүйтэй, хүүхэд байж үзээгүй, хүүхэдгүй юм шиг загнадаг, шар ном бичиж суудаг этгээдүүдийг энэ салбарт дахиж сараачихгүй болтол нь хатуу сануулдаг хууль дүрэм ч үгүйлэгдэнэ. Тэдний бичсэн шар номнуудыг шатаахад ч багадах байлгүй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Жинхэнэ хайр

Америкийн шилдэг романтик зохиолчоор 1995-1997 онд шалгарч байсан Францина Райверсийн “Жинхэнэ хайр” номыг энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. Уг зохиолд 1850-аад оны алтны хот гэгдэх Америкийн Калифорнийн уйтгар, гай зовлонгоор дүүрэн амьдралыг дүрсэлдэг. Тухайн цаг үед эрчүүд өөрсдийн бардам зан, эрхэмлэн нандигнах эд зүйл, тэр ч бүү хэл хайр сэтгэлээ хумсны толион чинээ алтаар солихоос сийхгүй бол эмэгтэйчүүд нь өөрсдийн биеэ ганц өдрийг аргацаах хоол хүнс, хоноглох газрын төлөө наймаалдаг байв. Ийм нийгэм эхээсээ хар нялхаараа өнчирсөн, харж хандах ах дүүгүй Сара хэмээх бяцхан охины амьдралыг хэрхэн орвонгоор нь эргүүлж байгаа талаарх сэтгэл өвтгөм түүхийг зохиолч Францина Райверс маш чадварлагаар тус зохиолдоо бичжээ. Сараг наймхан настай байхад нь ээж нь өвчний улмаас нас барах бөгөөд тэрээр хэсэг хугацаанд авга ах Рабтай амьдарна. Тогтсон ажилгүй, архинд дуртай Раб Сараг баян эр Дюкд үрчлүүлснээр Сарагийн амьдралын тамын гэмээр хүндхэн өдрүүд эхэлнэ. Учир нь Дюк огтхон ч эргэлзэлгүйгээр Сараг эмсийн хүрээлэнд тэр дор нь зарна. Ээжийгээ дуурайсан өндөр хүзүү, том хар нүд, өтгөн хөмсөгтэй охинд нүд унагах эрчүүд олон. Тэд бяцхан охиныг сахиусан тэнгэр буюу Анжел хэмээн дуудна. Хүүхэд байхдаа эмсийн хүрээлэнд зарагдсан тэрээр амьдралыг үзэн ядахаас гадна Анжелийн хувьд эр хүн гэдэг гай зовлон мэт санагдах болно. Цаг хугацаа хөвөрсөөр нэг л мэдэхэд арван жил өнгөрнө.

Гэтэл нэгэн өдөр Майкл Хосе хэмээх бурхны сургаалийг дээдлэн сахидаг, даруу төлөв залуу Анжелийг харсан даруйдаа сэтгэл алдарна. Эцэж турсан, нүднийх нь гал цог бөхсөн Анжел түүнд хорвоогийн хамгийн үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн мэт санагдана. Гэсэн хэдий ч Анжел Майктай бусад эрчүүдийн адилаар хүйтэн хөндий харьцаж, хэсэг хугацаанд өөрт нь чин сэтгэлээсээ хайртай гэдэгт үл итгэнэ. Эмсийн хүрээлэнгийн эзэн Дукесс Анжелийг хоолны шавхруугаар ундалж, хувцасны уранхай тасархайгаар биеийг нь халхлуулж, өдөрт хэдэн арван эрд дамжуулж худалдана. Энэ амьдралаасаа залхсандаа нэгэн удаа эмсийн хүрээлэнгээс оргохыг завдах ч бүтэлгүйтнэ. Харгис Дукесс түүнд олон хоног хоол өгөлгүй, зодож тарчлаана. Дээрх таагүй мэдээг Майкл дуулсан даруйдаа Дукесстэй уулзаж, түүнд атгын чинээ алт өгч Анжелийг эрх чөлөөтэй болгоно. Энэ үед Дукесс “Калифорниос ийм өндөр үнээр өөртөө гай зовлон худалдаж авдаг, чи ч тэнэг амьтан юм аа” гэвэл Майкл “Үгүй ээ. Та бүхэнд энэ алтыг өгөөд би хайртай хүнээ худалдаж авах биш, эрх чөлөөтэй болгож байна. Биеийг нь тэнхэртэл би гэртээ асарч тойлно. Үүний дараа надтай амьдрах эсэхээ Анжел өөрөө шийднэ” хэмээн хүйтэн шалан дээр ухаангүй хэвтэх Анжелийг тэврээд гарч одно. Майкл тэндээс гаруутаа шууд сүм орж, Анжелтай хуримлана. Ийн Майкл түүнд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ өөрийн үг үйлдлээрээ бэлхнээ батална. Энэ үеэр Майклд тэврүүлсэн шархандаа халуурч, тамиргүйдэн, ухаангүй болсон Анжелийн чихэнд найз бүсгүй нь “Чи одоо бусдын адил гэрлэсэн эмэгтэй боллоо. Анжел. Чиний хуруунд хуримын бөгж хичнээн сайхан харагдаж байна гээч. Энэ Майклийн ээжийнх нь бөгж гээд бод доо. Тэр ээжийнхээ бөгжийг чиний хуруунд зүүж өгсөн байна шүү дээ. Чамайг ээж шигээ хайрлаж хүндэлдэг болохоор тэр шүү дээ” хэмээн шивнэнэ.

Ийн тэд хуримлаж, Майклийнд амьдрах болно. Майкл Анжелийн хажуунаас алхам ч холдолгүй асарч тойглон, түүнийг хөл дээр нь босгоно. Анжел үймээн, нүргээнт Калифорниос амар амгалан, тайван нэгэн бөглүү тосгонд иржээ. Энд Майкл газар тариалан эрхэлж амьдардаг юм. Анжел Майклтай хамт сэрж, хөшгөө нээх бүртээ нарны тув тунгалаг туяагаар сэтгэлээ дүүргэхийг хүснэ. Тэр зовлон шаналал дунд өнгөрсөн 10 жилийн амьдралаа ор моргүй мартах болно. Учир нь Майкл Анжелийн үзэн ядах буг хар сэтгэлийгхайраараа эмчилнэ. Түүний ихэнх найз нөхөд, хамаатан садан Анжелийг цэнгээний газарт ажилладаг байсныг мэдэнгүүтээ Майклийг түүнээс салгах олон арга сүвэгчлэх авч тэдний нэгнээ гэсэн сэтгэлд сэв суулгаж чаддаггүй. Энэ бол ямар ч болзолгүй, үл хувирах, жинхэнэ хайрын гэгээн түүх юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Барьцаалагдсан япон сэтгүүлчийн амийг егүүтгэжээ

“Лалын улс”-ын хэт даврагсад барьцаалагдаад байсан хоёр япон иргэний сүүлчийнх нь буюу сэтгүүлч Кэнжи Готог өчигдөр цаазалж, амийг нь егүүтгэж буй бичлгээ интернэтэд байрлуулсан байна. “Японы засгийн газарт хүргэх илгээмж” хэмээн хаягласан энэ бичлэг цацагдсаны дараа Ш.Абэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө зарлан цуглуулж шуурхай зөвлөлгөөн хийлээ. Японы Ерөнхий сайд хэлэхдээ “Энэ бол хүн төрөлхтөний нийгмийн тогтсон ёс жамаас гажсан асар бүдүүлэг үйлдэл юм. Би асар их уур хилэн, жигшилтийг мэдэрч байна. Манай улс алан хядах үйлдлийн эсрэг тэмцэлд тууштай оролцохын зэрэгцээ энэ чиглэлд ажиллаж байгаа улс, байгууллагад гүн туслалцаа үзүүлэх болно” гээд “Манай засгийн газар барьцаалагдсан иргэдээ суллахын төлөө хийж болох бүхий л арга хэмжээг авсан ч үр дүнд хүрсэнгүй. Бидний уй гашуун, харамслыг хүлээн авна уу” хэмээжээ.

“Лалын улс”-ынхан он гараад Японы хоёр иргэнийг барьцаалснаа зарлаж 72 цагийн дотор 200 сая ам. доллар төлсөн тохиолдолд тэднийг суллана хэмээн мэдэгдэж байсан. Хожим нь Харуна Юкаваг хороосныхоо дараа болзлоо өөрчилж Иордан улсын шоронд хоригдож буй амиа золиослогч эмэгтэй ар-Рашиви гэгчтэй солилцох санал гаргаад байсан билээ. Японы засгийн газар, Иордан улс хамтран энэ чиглэлд тохиролцох боломжийг хайн нааштай байж магадгүй хандлагууд ажиглагдаж байсан. Гэвч эцсийн мөчид үл ойлгомжгүй ямар нэгэн байдлаас болж энэ төлөвлөгөө биелэх боломжгүй байсан бололтой, лалынхан дахин нэг гадны хүний амийг хороосноор үйл явдал өндөрлөлөө.

Д.Бат-Эрдэнэ