Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москвад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх сарын 4-5-ны өдрүүдэд Москвад айлчлахаар төлөвлөжээ. Тэрээр Оросын нийслэлд байх хугацаандаа Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээ хийж хоёр улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм байна. Үүнд Оросын нэгэн банкны ажилтныг АНУ-д байхад нь тагнуул хийсэн хэрэгт буруутган баривчилсан зэрэг асуудлуудыг хөндөх аж. Мөн дэлхийн нийтийн тулгамдсан асуудлг хэлэлцэх юм байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээний зөөврийн аппараттай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппаратуудыг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд буцалтгүй тусламжаар бэлэглэж байгаа бөгөөд төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тус корпорацаас 140 ширхэг шээсний шинжилгээний аппаратыг нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгөх юм. Уг аппаратууд нь цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргаж, шинжилгээний хариуг интернэт болон утсаар дамжуулан эзэнд нь хүргэнэ. Өөрөөр хэлбэл эмнэлэг дээр заавал өөрөө очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байгаа юм. Мөн хүнд өвчтэй, хэвтэрт байгаа өвчтөн болон бага насны хүүхдийн шинжилгээг гэрээр нь очиж авах боломтой гэдгээрээ онцлогтой. Эдгээр аппарат нь 3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бөгөөд эрүүл мэндийн салбарт дэвшилттэй зүйл болж байна гэдгийг холбогдох салбарынхан хэлж байв.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулж, маш том дэмжлэг үзүүлж байгаа Та бүхэнд талархалаа илэрхийлье. Та бүхний ачаар нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ илүү хялбар хүрэхээр болж байгаад баяртай байна. Цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун, Руйсанса корпорацийн ерөнхий захирал Хо У Бүн, “Шинэ тосгон” холбооны тэргүүн Б.Жаргал нарыг нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Зөвхөн эрчүүдэд зориулсан олимп зохион байгуулах санал дэвшүүлэв

Саудын Аравийн Засгийн газраас зөвхөн эрчүүдэд зориулсан олимпийн тоглолт зохион байгуулах саналыг дэвшүүлэв. Хунтайж Фахад бин Джавалин аль-Сауд үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ Бахрейн эмэгтэйчүүдэд зориулсан олимп зохион байгуулах боломжтой гэв. Чухам яагаад ийм санал дэвшүүлснээ Саудын Аравийн төлөөлөгчид тайлбарлахдаа “Манай нийгэм маш консерватив байж чадна. Эмэгтэйчүүд спортод эрчүүдтэй өрсөлдөж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна” гэв.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав.

Зарлигт Монгол Улсын эдийн загийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Үүнд, Аж үйлдвэртэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, эдийн засгийн нөөц, чадамжид тулгуурлан богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын нэгдсэн баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчин бүрдүүлэх,

Экспорт болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн татварын уян хатан, ухаалаг бодлого явуулах. Ингэхдээ дотоодод үйлдвэрлэсэн хийц, бүтээгдэхүүнийг дараагийн боловсруулах үйлдвэрт шилжүүлэх сонирхлыг төрүүлэхүйц татвар, гаалийн тарифын бодлого явуулж, кластерын тогтолцоог бүрдүүлэх,

Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлосон, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах бодлогыг хэрэгжүүлэх, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц Монгол Улсын “Нэрийн бүтээгдэхүүн”-ийг олшруулах,

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөж байгаа нь аудитын дүгнэлтээр баталгаажсан, хууль тогтоомжид заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах тогтолцоог бүрдүүлэх;

Төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны стандартыг нарийвчлан баталж, хэрэгжилтийг хангах, хяналт, шалгалтын үйл ажиллагааг нээлттэй, ил тод (шилэн) тогтолцоонд шилжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй дарамтыг арилгаж, дэмжиж зөвлөдөг болгох;

Монгол Улстай хамтын ажиллагаатай болон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудтай эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортыг дэмжих чиглэлээр нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхэд Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг чиглүүлж, эрчимжүүлэх;

Хөрш болон бусад оронтой тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээр чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх;

Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн өнөөгийн түвшин нь их төлөв ашигт малтмалыг эрж хайх, олборлох, баяжуулах төдийгөөр хязгаарлагдаж байгаад дүгнэлт хийж, боловсруулах болон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулах, үүсмэл ордыг ашиглах эрх зүйн таатай орчин бий болгох;

Эрдэс баялгийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах уялдаа холбоо бүхий “нэг цонхны бодлоготой” болох;

Үйлдвэржилтэд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээг тодорхойлж, мэргэжилтэй ажиллах хүчнийг дотоод, гадаадын их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд бэлтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах зэрэг арга авч хэрэгжүүлхийг чиглэл болголоо.

Мөн Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглээг нь дэмжих ажилд нийт ард иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг идэвхийлэн оролцохыг уриалжээ.

Уг зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээ, үйл ажиллагааны зардлыг тооцон жил бүрийн улсын нэгдсэн төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, зарлигийн хэрэгжилтийн үйл явцыг Монгол Улсын Ерөнхийлөгчид улирал тутам мэдээлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т үүрэг болгож, уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гарын үсэг зурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Бурханч лам Г.Пүрэвбатаар дүгнэлт гаргуулсан гэнэ

Нийслэлээсэрэгтэй хүний занданшуулсан шарил олдож, монголчуудын төдийгүй гаднынхны анхаарлыг татаад байна. Цагдаагийн байгууллага иргэний мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг буюу Баянхошуу, Зүүнсалаа орчмоос занданшуулсан шарилыг авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн. Тус албаныхан мэргэжлийн нэгдсэн дүгнэлт гаргах бөгөөд эхний байдлаар бурханч лам Г.Пүрэвбатаар дүгнэлт гаргуулсан гэнэ.

Энэхүү занданшуулсан шарилын талаар гаднын томоохон хэвлэлүүд ч онцлон бичжээ. Тухайлбал, “Нью-Йоркийн мэдээ” сонин цахим хуудастаа “Монголоос 200 гаруй жилийн настай, бясалгал хийж байгаа мэт суусан ламын занданшуулсан шарилыг илрүүлсэн байна. Өнгөрсөн мягмар гаригийн өглөө Монголын хэвлэлүүдээр уг мэдээлэл тархаж эхэлжээ. Бадамлянхуа цэцэг мэт завилан суусан энэхүү занданшуулсан шарил нь үнсэн саарал өнгөтэй, яг л бясалгал хийж суугаа мэт гайхалтай зураглалыг харуулсан байгаа юм” гэхчилэн мэдээлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний С вирусийн эм 90 хувийн баталгаатай

Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурлаар АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) 400 мг шахмал эмийг Канад улсын “PatheonInc” үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирэх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг хэлэлцжээ. Хурлын шийдвэрээр Sovaldi (софосбувир) 400 мг шахмал эмийн бүртгэлийн материал нь Эрүүл мэнд спортын сайдын энэ оны 13 дугаар тушаал “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын шаардлагыг хангаж байгаа тул түргэвчилсэн хэлбэрээр бүртгэсэн байна.

Тодруулбал дээрх журмын Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллага АНУ-ын FDA-аас олгосон гэрчилгээ, хүний эмийн бүртгэлд тавигдах техникийн шаардлагыг хангасан, тухайн орныхоо хэрэглээнд нэвтэрсэн, бүртгэлийн журмын дагуу ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангасан аж. Эм оруулж ирэх эрхийг “Онбол” эм ханган нийлүүлэх компани авсан байгаа бөгөөд одоогоор хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа юм байна. Софосбувир эмийг дангаар нь ууж хэрэглэхгүй, харин интерферон тариа, рибаварин эмтэй хавсарч хэрэглэвэл үр дүн нь 90 хувь байх аж. Эмийг нэг сар уухад 300 ам.доллар болох бол нэг курс эмчилгээ нь гурван сар үргэлжлэх учиртай аж.

С.ЖАРГАЛ

Categories
мэдээ спорт

​Африкийн цомын тэмцээн үргэлжилж байна

Экваторын Гвеней улсад зохиогдож байгаа 30 дахь удаагийн Африкийн цом тэмцээн хэсгийн тоглолтуудаа дуусган хасагдах шатанд тоглох найман багаа шалгарууллаа. Нийтдээ 16 баг оролцож байгаа энэ тэмцээний дөрвөн хэсгээс эхний байр эзэлсэн хоёр нь дараачийн шатанд шалгарах дүрэмтэй. Гэтэл D хэсэгт тоглосон Гвеней ба Мали улсын шигшээ багуудын хожил, хожигдол, тэнцээ, бөмбөгний зөрүү зэрэг нь бүгд тэнсэн тул хөлбөмбөгийн түүхэнд ховор тохиолддог жам буюу сугалаагаар азтаныг тодруулав. Тэр азтан нь Гвенейн шигшээ баг байлаа. Хоёр жилд нэг удаа зохиогддог Африкийн цомын энэ удаагийн тэмцээний аварга баг хоёрдугаар сарын 8-д тодорно.

Плей-оффд шалгарсан багууд: Конго, ардчилсан Конго, Кот Д.Ивуар, Алжир, Тунис, экваторын Гвеней, Гана, Гвеней.

Б.ХУЛАН

Categories
мэдээ улс-төр

Найман улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Төслийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар танилцуулав.

Монгол Улс НҮБ-ын гишүүн-Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай тус тус дипломат харилцаа тогтоохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж улмаар холбогдох тогтоолын төслийг баталлаа.

Энэ онд Монгол Улс НҮБ-ын гишүүн 10 гаруй улстай дипломат харилцаа тогтоохоор үргэлжлүүлэн ажиллах аж. Одоо Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна гэж УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Шийдэхийн тулд ард түмнээсээ санал авна

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг өчигдөр үдэш МҮОНТ-ийн ярилцлагад оролцож Засгийн газрын баримталж буй байр суурийн талаар өгүүллээ. Түүний юу өгүүлсэн, Засгийн газар ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

“Олны анхааралд байсан хамгийн том асуудал бол Төсвийн тодотгол. Би энэ төсөвт ямар нэгэн тодорхойлолт өгье гэж бодож байгаагүй ч боломжийн гэж хэлэх гээд байгаа юм. Яагаад гэвэл хэцүүхэн шийдвэр гаргах нь . Үүний дагуу төсвөө оруулж ирнэ гэдгийг УИХ-д хэлсэн. Засгийн газар бодож байснаа 100 хувь оруулж чадаагүй ч багагүй зүйлийг хийхээр тусгалаа. УИХ ч Засгийн газартайгаа сайн хамтарсан. Тэгэхээр энэ Засгийн газар ажил авбал хийх юм байна гэдэг бодол төрж байгаа. Тухайлбал олон дансаар хийгдэж байсан гүйлгээг багцалж нэг төсөвтэй болох асуудлаа сая шийдлээ. УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэхээр хүслээ жагсаадгаа больсон. Яам агентлагийн 15 хувийг танахын зэрэгцээ УИХ-ын гишүүд ч хэмнэлт хийлээ. Бас 80 байгууллагыг 25 болгох, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сараар үржүүлж мөнгө авдаг байсныг байж болох хэмжээнд аваачиж үрэлгэн байдлыг цэгцэлсэн. ШУА-ийн хүрээлэнгийн асуудлуудаар нэгдсэн дэвшилтэт ойлголтод хүрлээ. Төсөв ярих үеэр оюутнууд үнэхээр мундаг байсан. Зөвхөн сайн, онц сурдаг оюутнууд мөнгөө авч байя гэдгийг бид яриагүй байхад өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ийм зүйлүүдийг хийсэн болохоор төсөв муу болсон, Засгийн газар бодлогоо алдсан гэхгүй байх.

Өнөөдөр цалин нэмэх шаардлагатай байгаа юу гэвэл тийм. Цалин нэмэх боломжтой байхад нэмэхгүй суугаад байгаа хүнийг хэн бэ гэвэл хариултыг шууд өгөх байх л даа. Гэтэл өнөөдөр цалин нэмэх мөнгө үнэндээ алга. Энэ бол Засгийн газрын толгойны өвчин болсон асуудал. Ийм байхад ҮЭ-ийнхэн цалинг 60 хувь нэм гээд шаардаж байх жишээтэй. Тиймээс нийгэм нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр төрийн албан хаагчдын цалинг 60 хувь нэмэх боломжгүй учраас тодорхой хэмжээний мөнгө нэмье гэж шийдсэн. Хэрвээ талбай дээр гарч жагсаад мөнгө олддог бол жагсаад л байх хэрэгтэй.

Бас нэг зүйл нь алдарт эхийн одонгийн мөнгийг яагаад хасах гэсэн бэ гэвэл өнөөдрийн төсөвтэй холбоотой. Төсвийг харахаар төсвийн бүтэц дотор цалин, тэтгэвэр, халамж 62 хувийг нь бүрдүүлчихээд байна. Урсгал зардал буюу цахилгаан, дулаан гээд үйлчилгээнд 19 хувь нь явдаг. Харин хөрөнгө оруулалтад долоохон хувийг зарж байна. Тэгэхээр манайх халамжийн эдийн засгаас бүтээгч эдийн засагтай болох шаардлагатай байгаа юм. Нэг ёсондоо 18-аас дээш насны хүүхэд төрийн өмнөөс ээждээ мөнгө өгч халамжилдаг байх хэрэгтэй. Хүүхдийн мөнгөний тухайд аав, ээж нь боломжийн амьдралтай хүмүүс үнэхээр халамж авахгүй бол болохгүй хүмүүстэйгээ зэрэгцэхээ больё л гэсэн.

Хүссэн хүсээгүй бүтэн халамжийн төсөв, ийм тогтолцоогоо халах хэрэгтэй. Санал дэвшүүлэхэд бүх хүүхдэд, бүх ээжүүдэд өгөхгүй юм шигээр, оноо авах улстөр явсан. Тэгээд л ийм асуудал үүссэн учраас энэ жилдээ халамжийг нь өгөөд явъя гэсэн. Энэ хямрал бүх зүйлийнхээ суурийг сайн тавихгүй бол болохгүй нь гэдгийг харуулж байна. Хямрал хэн нэгнийг тойрохгүй. Тиймээс ямар нэгэн тоглолт хийлгүй амьдарцгаая. Энэ ондоо барахгүй юм аа гэхэд ирэх жилүүдэд халамжийг цэгцлээд л явна. Тэрчлэн “Приус” машин, машины татварыг харах уу гэж бид хэсэг ярьсан. Үүнийг популистуудын шахаагаар больсон ч орон нутгийн төсөв дээр дахиад яригдана. Машин авч байгаа хүмүүс зогсоол, гарааш, бензин, даатгал гээд олон зардал ард нь дагадгийг мэдсэний эцэст худалдан авалт хийдэг байх. Гэтэл манайхан “Приус”-ыг ядуусын машин гээд байх юм. Ядууст зориулсан машин гэж байхгүй. Огт мөнгө төлөхгүйгээр машин унадаг, мөнгө төлөхгүйгээр замаар явдаг асуудал нийгмийн мөн чанараасаа болоод удахгүй алга болно. Тиймээс өнөөдөр 30 байгаа татвар 100 болно гэж ойлгох хэрэгтэй.

Ер нь би хувь хүний тухай ярихгүй байгаа. Хэн нэгний тухай ярихаар маргааш нь “юун гуя” гээд эхэлдэг. Манай баахан сэтгүүлчид АНУ явсан даа. Тэгэхэд сэлэм эргүүлдэг популист ярьсаар байгаад хотын дарга болсон байсныг харсан. Дараа нь тухайн хотыг сүнстэй гэх болсон. Яагаад гэвэл бүх эдийн засаг нь сүйрч, эзгүйрсэн юм. Популизмын ийм жишээ байхад бид яагаад заавал замаар нь явж, биеэрээ зовлонг нь мэдрэх шаардлагатай гэж. Популизм бүр өртөгтэй, төлбөртэй. Ер нь бол цаасанд боодолтой хортой чихэртэй ижил юм, популизм. Өнөөдөр бензиний үнэ буух боломж байсан ч бид онцгой татвар авч үнийг буулгахгүй байхаар болсон. Олсон мөнгөөрөө халамжаа өгнө. Энэ бол популизмын үнэ. Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр бүрт алга ташихгүй байх. Гэхдээ хайгуулын лиценз олгож эхэллээ. Гацууртыг хөдөлгөх бодолтой байгаагаа хэрэгжүүлэх гэж байна. Төсвөө янзаллаа. 106 лицензийн асуудлаа шийдсэн. 21 сургууль барина. Таван толгойн хэлэлцээр, өрийн тааз гээд асуудлаа шийдлээ. Энэ бүхэнд алга ташиж байгаа байх гэж найдаж байгаа. Сургууль барих шийдвэрийн тухайд гэвэл хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна. Тэгэхээр эхний ээлжинд энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй нь. Хүүхдүүд харанхуй шөнө, халтиргаатай, урдаг нохойтой гудамжаар харьж байна. Дахиад концессийн гэрээгээр 72 сургууль, цэцэрлэг барих гэрээ байгуулах эрхийг Д.Эрдэнэбат сайдад өглөө. Бас газын үйлдвэрийг барихаар болчихвол Улаанбаатарын утаан дээр урагшаа томоохон дэвшил хийнэ.

Үүний зэрэгцээ нийгмийн салбарыг хувьчилъя. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг хар. Тэнд өөрийн гэсэн удирдах зөвлөлтэй сайхан байна. Яагаад улсын сургуулиуд ийм байж болохгүй гэж гэсэн санааг дэвшүүлж байгаа. Хэн нэгнийг төрөөс томилох гээд сургууль нь хүлээж авахгүй гээд байж болохгүй л дээ. Энэ бүх зүйлээс төр татгалзах хэрэгтэй. Энэ нь нийгмийн салбарт компаниудын удирдлагыг оруулж байна гэсэн үг. Ингэснээр улс төрийн оролцоо байхгүй болно. Бид хорин хэдэн жил ингэж явлаа. Үр дүнд нь эмнэлэг, сургууль ямар шатанд байна. Өөрчлөлтийн эхний ажил хийгдэж байгаа. Удахгүй нийгмийн нийтийн салбарт засаглал, санхүүжилт, үйлчилгээ рүү энэ өөрчлөлт орно. Шийдвэр гаргагчид, улстөрчид үүнийг хүсэх хэрэгтэй.

Халаа сэлгээний тухайд Засгийн газар солигдох бүрт явагдаж байдаг. Үүний зэрэгцээ яам гэдэг байгууллага сүүлийн хэдэн жил томроод, данхайгаад явчихаж. Үүнийг энэ удаа багасгая гээд 15 хувь бууруулсан. Удахгүй УИХ-д Төрийн албаны тухай хуулийн төслийг оруулна. Төрийн албаны бүхий л асуудлыг энэ хуулиар цэгцлэх бодлоготой байгаа. Тэрчлэн энэ оны хаврын чуулганаас эхлээд бас нэг том асуудал ярина. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай ч ярьж болохоор. Гүйцэтгэх, шүүх засаглал гээд олон салбарын суурийг цэгцэлнэ. Ингээд төрийн алба нь төрийн албаараа, улс төрийн алба нь улс төрийн албаараа явдаг болохоор өнөөгийн энэ зөрчлүүд арилна.

Бизнесийнхэнтэйгээ нэлээд уулзлаа. Эдийн засгийн ил тод байдлын хуулийг УИХ- д өргөн барьсан. Шинээр бизнесийн эрх чөлөөг бий болгоход нөлөө болох байх. Зөвшөөрөл, Хяналтын тухай хуулийг цэгцэлнэ. Тэгэхгүй бол зөвшөөрөл гэдэг нэртэй хориглолтын тухай хууль яваад байна. Хяналтаа яаж хийх юм. Бизнесийнхнийг хүсээгүй байхад нь очиж татвар авчихаад баярлалаа гэхгүй мөртлөө дарамт бий болгож болохгүй. Бизнесийнхэн битүү дарамтанд байна. Одоо бизнесийнхний нурууг амраа гэж Мэргэжлийн хяналт, Татварын дарга нарыг дуудаж авчраад хэлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийг баталж бизнест ээлтэй орчин бий болгоно. Хяналтын хууль батлагдсанаар мэргэжлийн хяналтыг дүрэмд оруулна. Засгийн газар дээр Шилэн дансны хуулийн хүрээнд хяналт тавьдаг цахим хуудас ажиллуулна. Шалгалт хийдэг байгууллагууд нь бүртгүүлдэг байна. Хаана зөвшөөрөлгүй шалгалт явж байгааг хянадаг боломж бүрдэнэ. Түүгээр нь хариуцлага тооцдог болох юм. Төр өөрөө хянадаг болох юм.

Би эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэн маань үгийн давтамж биш. Асуудалд хандах хандлага юм. Хүндрэлтэй байгаа асуудлыг онцгойлж байгаа юм. Биднээс дайжсан гадны хөрөнгө оруулалтаа оруулж ирмээр байна. Хувийн секторыг ажиллуулж, том ордоо явуулна. Бидний жижиг гээд тоодоггүй зүйлсээс ажлаа хийнэ. Нэг жишээ дурдахад канон гээд хувилах машинд ордог жижиг төмрийг Японоос түүхий эдийг нь оруулж ирж манайх угсарч байгаа. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг байгуулбал манайхаас Япон руу татваргүй орж, татваргүй гарна. 120 гаруй сая хүнтэй үндэстнийг дагаж хөгжинө. Японтой хийх чөлөөт худалдааны гэрээ маш том боломж нээж өгнө. Волксвагены рулийн арьсыг хийдэг гол ажилчид нь монголчууд. Тиймээс Монголдоо үйлдвэрийг нь байгуулъя. Нэг жишээ дурдахад Монголын жамц давсаар япончууд чихэр хийж байна. Монголын жамц давстай чихрийн технологийг оруулж ирээд Япон руу чихрээ гаргая. Үүнийг бодлого, татвар, хөрөнгө санхүүгээр дэмжвэл бүрэн шийдэгдээд явах боломжтой.

Сүүлийн үед импортын улаанбуудайны талаар багагүй хэл ам гарч байна. Энэ тал дээр Ерөнхий сайд ХХААЯам аль нэг талыг бариагүй. Үл ойлголцол үүссэн хоёр талыг зохицуулах гэж байгаа юм. Тариаланчдад 70 мянган тонн буудай байна. Гурилын үйлдвэрт 100 мянган тонн буудай хэрэгтэй. Гурил үйлдвэрлэгчид цавуулаг хүрэхгүй байна гэсэн. Тиймээс 20 мянган тонн улаанбуудай оруулж ирээд хольж цавуулгийг нэмэх юм. Энэ маргаан 2-3 хүний асуудал юм шиг болчихлоо. Тариаланчид хоёрдугаар сарын эхээр жагсана гэж байна. 70 мянган тонн буудайны цавуулаг хүрч байна уу гэдгийг шалгуул. Хүрч байвал буудайгаа ав гэж хэлнэ. Нөгөө тал нь жагсаал хийнэ гээд байгаа. Бие биенээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй хоёр тийшээ хараад суучихаж болохгүй.

Манайхан зөв бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаагүй популизм үйлдвэрлэчихсэн. Нийгэмд ойлголцол зөвшилцөл явна. Нийгэм рүү хүмүүс рүү шийдэмгий байхын тулд ойлголцох хэрэгтэй юм байна. Төсөв хэлэлцэж байхад надад нэг мессэж ирсэн. Наад дугаараа зараад манай ээжийн одонгийн мөнгийг өг гэсэн. Миний ээж бурханы орноос намайг харж байгаа. Хүмүүс ингэж бухимдаж байгааг хараад би өөрөө бухимдаж байгаа юм. Олон хүмүүсийг асуудалд оруулж шийдэх ёстой гэдгийг ойлгосон.

Харин эдийн засгийн хямралын талаар хямрал хэн нэгэн хүнийг тойрдог юм биш. Эдийн засаг хямарч байна уу үгүй юу гэдэг маргаан дээр цэц булаалдах хэрэггүй. Энэ бүхний гүн рүү орох хэрэгтэй. Огцорчихвол яадаг юм гэж боддог юм билээ. Гэхдээ Засаг огцроод яах юм. Дараагийн хүн энэ ажлыг хийж авч явах ёстой. Иргэд арай ч эхийн одонгийн, хүүхдийн мөнгө рүү орох болоогүй гэж байсан. Одоо эдийн засаг хүнд байна. Хямрал юунаас болсон юм. Залж авчирсан хөрөнгө оруулагчаа заамдаад гаргаснаас болсон. Хөрөнгө оруулагчдаа авчрах хэрэгтэй. Том төслүүдээ явуулах хэрэгтэй. Тэгж байж валютын ханшаа тогтооно. Эдийн засгийн ухаан гаргаж ам.доллараа барина. Бид хэрэглэж байгаагаасаа их доллар оруулж байж өсөлтийг барина. Улс төрчид, бизнесийнхэнтэй уулзсан. Одоо хариулт өгөх цаг болсон. Ерөнхий сайдын хувьд иргэддээ бидэнд хоёр зам байна гэдгийг хэлмээр байна. Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслөө явуулах эхний замыг сонгох уу. Эсвэл хэрэглээгээ багасгаж бүсээ чангалсан хоёр дахь замыг сонгох уу. 15151111 рүү энэ хоёр замын алийг нь сонгох вэ гээд 1 юм уу 2 гэсэн мессэж явуулъя. Бүгдээрээ хамтдаа гарцаа хайя. Нийтлэлчид, сошиал ертөнцийнхөн, хэвлэл мэдээллийнхэн хэлэлцүүлэг явуулж санал бодлоо солилцох ёстой. Оюутолгой төслийг сонговол Оюутолгой дээр хэрүүл хийхээ больж шийдээд явах ёстой. Гэхдээ Монгол Улсын эрх ашгаа хохироож болохгүй. Тавантолгойгоо явуулъя. Эгийн голын усан цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станцаа хөдөлгөе. Газраа эргэлтэд оруулах хэрэгтэй. Тусалъя гэж байгаа хөрөнгө оруулагчдаа оруулъя. Тэвчиж болох бүх зардлаа бүгдээрээ тэвчье. Хамгийн гол суурь нь энэ дээр ирээд гацчихлаа. Хагас бүтэн сайнд шийдвэрээ гаргая гэлээ. Ард түмнээсээ асууж буй мессэж саналыг бямба гаригт эхлэх бөгөөд мягмар гаригийн 22 цагт зогсоно. 20, 30 мянган хүн ч хамаагүй оролцоосой. Хэлэлцүүлэг явуулахад нийтлэлч, эдийн засагчид оролцоосой. Энэ ажил гацвал Засаг дээр хийх ажлын төлөвлөгөө гаргасан. Санал асуулга шийдвэр гаргахад хэрэгтэй.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоорондоо толхилцсон. Долгион руугаа ороход цаг хугацаа хэрэгтэй байна. Хүлээцтэй хүндэтгэлтэй хандаж байна. Зовлонтой шийдвэр гаргах гээд байна. Шийдвэр гаргахад монгол ахан дүүсээ саналаа өгөөч ээ гэж байгаа юм. Хаана очиж шинэ хандлага маань салах гээд байна гэдгийг мэдчихвэл болчих гээд байна.

Би Хятадын Боловсролын сайдтай уулзахад 3-аас 2 нь гадаадад үлддэг гэсэн. Тэгэхээр нэг нь эх орондоо ирж манай улсын хөгжил явдаг. Тэр хүмүүсээ бид эх орондоо ирсэнгүй гээд байж болохгүй. Харин боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Үйлдвэр хөгжих, хөрөнгө оруулаад эдийн засгаа тэлээд ирвэл монгол залуус ирнээ. 2009 онд бид хоёрдугаар замаар явсан. Нүүрсний үнэ нэмэгдээд явахад хүмүүс их ирсэн. Монгол хүн эх орондоо ирнэ. Өнөөдөр гурван сая боллоо. Монголын ирээдүй гэрэлтэй гэдгийг бүх гадныхан хэлдэг. Бодлого чинь жаахан буруу байна гэдэг.

Шар толгойтой хүмүүстэй хамт эхлээд хийхгүй бол болохгүй. Монголд хэрэгтэй, бидэнд хэрэгтэй гэж бодох ёстой. Тэгэхгүйгээр эвгүй харц зэвүүцэл хэрэггүй. Гадныхан манайхны зочломтгой занг нь гайхдаг байсан бол одоо тийм биш болох гээд байна. Японд анх жижигхэн шар хүү очоод сумо бөхөөр хичээллэн бүх цаг үеийн рекордыг эвдлээ. Япончууд 33 түрүү авчихаад байхад нь яаж хандаж байна. Үндэсний үзэл байх ёстой. Гэхдээ манайхны гаргадаг шиг биш. Хүчтэй монгол хүн болох ёстой.

Твиттерт орохдоо аймшгийн ертөнцөөр аялъя гээд ордог. Бид ийм уур амьсгалыг бүрдүүлчихэж. Гадаадад инээж байгаад энд ирээд буугаад л нэг хүнд шүргүүлээд тэр инээд өөрчлөгддөг. Сая Японы хүмүүс баригдахад хэвлэлүүд нүүрийг нь нууж байна. Гэтэл манайд шууд дэлгэдэг. Ажлын байр бий болсон гэх мэтээр сайн сайханд нийгмийн сэтгэл зүйгээ бэлдэх ёстой. Эдийн засгийн асуудал чинь түр зуурынх. Бид хаана хаанаа хичээх хэрэгтэй. Үгүйсгэлийн үгүйсгэлээр явалгүй 2016 онд Монгол Улс яаж явахыг хамт гаргая. Бидэнд хоногийн 24 цаг бага байна. Тэгсэн ч ажиллаад явна. Бидэнд эрч хүчтэй ажиллах боломж нөхцөл бий.

Шийдлийн Засгийн газар ажил хийх гээд ард нь гараасай гэсэн хүлээлт байгаа болов уу. Шийдэхийн тулд хүмүүстэйгээ ярилцах хэрэгтэй. Салаа замаа шийдсэн байхад болох байх. Оюутолгой төслийг явуулахгүй гээд эсэргүүцээд байгаа хүн нэг жил бүсээ чангалж тэсэх хэрэгтэй гэж мөн хэлж чаддаг байх хэрэгтэй. Бидэнд гурав дахь зам гэж байхгүй. Хоёр дахь зам муу зам биш. Монгол Улс одоо мэс засал хийлгэж байна. Мэс засал хийж байхад нь гэр бүлийнхэн нь орж ирээд боль гэдэггүй биз дээ. Тиймээс цаашаа явахад саад битгий болоорой л гэж байгаа юм. Засгийн газар ил тод шийдвэрээ гаргах болно.

Монгол Улс өөдрөг байх уу, үгүй юу гэдэг нь санал асуулгаас хамааралтай. Засгийн газрын алхмууд муудсан юм байхгүй. Хамгийн том ажил болох шинэ Засгийн газрыг байгуулж чадлаа. Зөв явж ард түмний захиа даалгаврыг шийдээд явах боломж бий. Замаа тодорхой болгох хэрэгтэй” гэв.

Ерөнхий сайд твиттерт байдаг хүмүүст хандан нэг удаа санал асуулга авахад нэмэр болцгооё. Нийгэм даяараа нэг сайн хэлэлцүүлэг хийе. Шинэ жилийн босгон дээр зүг чигээ гаргая. Монгол Улс 10 тэрбум долларын эдийн засагтай байсан. 2-3-хан том төсөл, зөв шийдвэрүүд хөгжүүлэх боломжтой. Аль нэг намын биш багийн тоглолт хэрэгтэй. Хамтдаа зүтгэе ээ л гэж байгаа юм. Жагсаал цуглаан хийдэг цаг биш. Хэн ч засагт ирсэн шууд давахгүй. Хамтдаа тэмцэж давъя. Бүх намууд иймээс хамтарсан болов уу. “Бид чадлаа” гэдгийг хэлэхийн төлөө байна гэснээр уг ярилцлага өндөрлөлөө.

Э.ЭНХБОЛД

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий боловсролын сургуульд уйгаржин монгол бичиг заахгүй байсан нь дээр

Сүүлийн үед уйгаржин монгол бичгийг үндэсний бичиг болгоно гэж хэт туйлшраад эхэллээ. Улсын их хурлын монгол хэлний тухай хуулийн төсөл дээр “Өмчийн бүх хэлбэрийнерөнхий боловсролын сургуулийн сурагцагсдад үндэсний монгол бичгийг зургадугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заана”. Бас “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хэсэг нь үндэсний монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэсэн заалт оруулж байна. 2020 оноос эхлэн Монгол Улс хос бичигтэй болно гэсэн амьдралд нийцэхгүй хуулийг хэлэлцээд дээр дороо орж байгаа харагдах юм. Албан байгууллагууд гаднах хаягаа уйгаржин бичгээр бичихгүй бол үйл ажиллагааг нь зогсооно гэх юм. Ингээд хувийн хэвшлийнхэн хаалгаа баривал ард түмнийг хэн тэжээх вэ. Эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль болгон ийм айхтар, эвгүй заалттай гарч байна.

Улс орон урагшаа хөгждөг болохоос хэзээ хойшоо алхаж байсан юм бэ. Уйгаржин мон­гол бичиг сурвал Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн “Хуу­чин хүү” өгүүллэгт гардагчлан хөмөрсөн тогоон дор буй мэт амьдарна. Монголдоо хайртай, үндсэрхэг, эх оронч гэхэд энэ арай хэтэрнэ. Генри хаан “Чи энэ ард түмнийг мунхаг байлга. Би энэ улс орныг ядуу байлгая. Тэгвэл чи бид хоёр удаан засаглана” гэж хамба ламдаа хэлж байсан юм гэнэ билээ. Яг үүнтэй адил үндсэрхэг үзлийг нь далимдуулаад байна. Зориуд үндсэрхэг үзлийг нь дэврээн буцалгаж байгаад дагуулж тонгорно гэгчээр ийм хэрэггүй хууль хэлэлцэж эхэллээ. Уйгаржин монгол бичгийг зургадугаар ангиас заана, 2020 оноос хос бичигтэй болно гэхийнхээ оронд бүр заахыг нь хориглох хэрэгтэй. Тэрний оронд латин галигаар хэрхэн зөв бичих, интернэт ертөнцөд яаж суралцах, цахим орчинд биеэ хэрхэн зөв авч явах вэ гэсэн хичээлүүдийг түлхүү оруулмаар байна. Ингэж орчин үетэйгээ хөл нийлүүлье.

Сүүлийн үеийн залуучуу­дыг кирилл үсгээр яагаад ийм их алдаатай бичээд байна вэ гэдгийг нэг удаа ч гэсэн бодож үзсэн үү. Энэ манай боловсролын салбарын яг ингэж хийрхсэн, алдаатай бодлогоос үүдэлтэй юм. 1993 онд сургуульд орсон хүүхдүүдэд дөрөвдүгээр анги хүртэл нь монгол бичиг заасан. Кирилл үсгийг тавдугаар ангиас нь заасан байдаг. Үр дүнд нь кириллээр ганц ч үг зөв бичиж чадахгүй залуустай болсон. Яг үүнтэй адил уйгаржин бичигт шилжинэ гэж хийрхцгээвэл ойрын 30 жилдээ ном унших, сонин гарчиглах хүнгүй болно. Ингэж харанхуй, бүдүүлгийн туйл болно. Уйгаржин бичигтэй бол их сайндаа Хөх хотод л очиж хэдэн хаяг унших байх. Өөр ямар ч хэрэггүй. Харин нас биед хүрсэн хойноо их, дээд сургуулийн судлаачдын хэмжээнд уйгаржин бичгийг судалж болох юм. Ер нь Мон­гол Улс байсан цагт монгол хэл мөхнө гэдэг арай хэтэрсэн, амьдралаас тасарсан популизм. Монгол хүн эх хэлээрээ ярихгүй өөр юугаараа ярих билээ. Тэгэхээр үндсэрхэг үзэл гэж хийрхэлгүйгээр, уйгаржин монгол бичгийг ерөнхий боловсролын сургуульд заахгүй байсан нь дээр.

С.АЛТАНЦЭЦЭГ