Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2015 оны төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны Төсвийн төслийг хэлэлцлээ. Ирэх жилийн төсөвт олон гишүүн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүдийн бараг хагас нь асуулт асуухаар нэрээ бүртгүүлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүн бүр өөрийн тойргийн хөрөнгө оруулалтыг тодруулж байсан бөгөөд “Төсвийн шинэ хуультай холбоотойгоор гишүүд аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэхээ больсон. Аймаг бүрт төсвийг багцаар нь шилжүүлэх болсон” гэдэг хариултыг сонсч байв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүдээс өөр чигт буюу шүүгчдийн цалинтай холбоотой асуудлыг тодруулав. Тэрээр “Шат шатны шүүгчид хэдэн төгрөгийн цалин авч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулж өгөх”-ийг хүссэн. Түүний асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Анхан шатны шүүхийн шүүгчид 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байгаа” гэсэн юм. Мөн Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоолын дагуу энэ оны аравдугаар сарын нэгнээс эхлэн Дээд шүүхийн шүүгчийн цалин нэмэгдсэн. Одоо Дээд шүүхийн шүүгч 3.2 сая, ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авч байна” гэдэг хариултыг мөн өгсөн. Энэ асуудал нь шүүгчдийн цалинг УИХ-аас тогтоосон тогтоол хүчин төгөлдөр байхад хууль зөрчиж өөрсдийнхөө цалинг нэмсэн байна гэдэг асуудалд хүргэж, мэтгэлцэхэд хүрэв. Бүр хууль зөрчиж нэмсэн мөнгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж төлөх үү, эсвэл шүүгчдийн цалингаас авах уу гэдэг асуулт урган гарч гишүүдийн дунд яригдсан юм. Ц.Нямдорж гишүүний дараа УИХ-ын гишүүн Г.Уянга “Өнөө жил Оюу толгойгоос орж ирэх ёстой байсан 480 тэрбум төгрөг сураггүй болсон. Ирэх оны төсөвт ч энэ тухай дурдаагүй байна.

Энэ мөнгийг хаачсан гэж үзэх вэ” гэдэг асуултыг тавихад Сангийн яамны мэргэжилтэн “Оюу толгойн гэрээг өөрчилсний үндсэн дээр ийм хөрөнгө орж ирнэ гэж тооцоолон өнгөрсөн оны төсөвт суулгасан ч асуудалд төсөөлсний дагуу болоогүй” гэдэг товч хариултыг өгсөн юм. Мөн Ө.Энхтүвшин гишүүн “Төсвийн баримтууд ноцтой алдаа дутагдалтай байна. 2015 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4.5 их наяд, гадаад, дотоодын өрийн хүү 707 тэрбум, үндсэн зээл 1.3 их наяд нийлээд хоёр их наяд гэсэн тоо гараад иржээ. Гадаад зах зээлд ч дотооддоо ч зээл тавьж амьдрах философитой Засгийн газар ажиллаад байна. Тажик улсыг хар. Өрөө дийлэлгүй газар нутгаа өгч байна. Хятадын цэрэг тэнд орчихсон ард иргэдийг нь нүүлгэн шилжүүлж байна. Үүнийг анхаарах л хэрэгтэй. Бас нэг зүйлийг асуухад тэтгэврийг нэмнэ гээд байна. Яг хэд болж өсөх юм” хэмээн асуухад Сангийн дэд сайд С.Пүрэв “Таны дурдсан тоог гаргахын тулд албан ёсны аргачлалаар бодсон” гэсэн бол Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Цалин хэд болохыг хэлчихвэл зарлалаа гээд шүүмжлүүлнэ. Цалин тэтгэвэрт нийт 500 тэрбум төгрөг төсөвлөж байгаагаас 300 тэрбумыг нь цалинд үлдсэнийг нь тэтгэвэрт зориулна. Өнгөрсөн жил 130 тэрбумыг цалинд, 70 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд өгч байсныг санах хэрэгтэй” хэмээн хариулсан юм. Мөн нийслэлийн төсөвтэй холбоотой асуудал босоход Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Одоо тогтоогдсон төсвөөрөө хогийн уутаа хийж, боржуураа солиод байж бай. Чингэс бондын хөрөнгөөс нэг их наяд шахам төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ гээд тохирчихъё” гэсэн юм.

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дууссан бөгөөд үдээс хойш Төсвийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нэг обьект дээр хоёр удаа мөнгө тавьж төсөв оруулж ирсэн байна. Энэ ямар учиртай вэ” гэхэд “Харин үүнийг боль гэж байгаа юм” гэдэг хариултыг Ерөнхий сайдын зүгээс өглөө. Мөн орон нутагт төсвийн эрх мэдлийг өгнө гэдэг нь бүх төсвийн эрх шилжиж байгаа гэсэн үг биш гэдгийг нэмж тодотгов. Түүний дараа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ардын намынхан улсын төсвийг гацаагаагүй. Одоо даруйхан төсвийн тодотгол хийхгүй бол болохгүй нь. Ингэж амьдралаас тасарсан алдаатай төсөв оруулж ирж болохгүй шүү дээ. 2015 оны төсвийг харахаар эдийн засаг бүр хүндрэх төлөв ажиглагдаж байна. Засгийн газар төсвийн эрх мэдлийг орон нутагт өгч байгаа нь өөрсдөө хариуцлагаас мултрах гэсэн арга. Өөрөө томилсон хэдэн аймгийнхаа Засаг дарга нартай нийлж хөрөнгө оруулалтыг шийдэх гэж байна. Ам.долларын ханшийг 1750 төгрөг бус 1950 төгрөгөөр тооцох ёстой. Ноднин та нар яалаа. Бид 1384 төгрөгт барина гэж байсан ч байгаа царайгаа хар. Эдийн засгийн ангиллаар энэ төсвийг оруулж ирээгүй байна. Учир нь олдохгүй, тодорхойгүй төсвийг шууд оруулж иржээ. Хараад байхад ямар ч удирдлагагүй ханардаг төсөв болсон байна” гэлээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Одоо томилох ёстой дөрвөн яамны сайдаа бушуухан томилчихъё. Дараа нь төсвийн тодотголоо оруулж ирье. Хүрэлбаатар гишүүн эдийн засаг муудна гээд эдийн засгийн том дүгнэлт хийх юм.

Таны хэлж байгаа шиг эдийн засаг унахгүй ээ. Хамтраад асуудлаа яриад болохгүй зүйлээ шийдээд явбал болохгүй зүйл байхгүй. Өмнө нь нэг сая тонн нүүрснээс 100 сая ам.доллар олдог байсан. Гэтэл одоо 30 сая ам.доллар л олж байна. Энэ бүхнийг тооцох ёстой. Юманд учиртай, бодитой хандах хэрэгтэй. Бид харин ч тараасан бүхнийг чинь цуглуулж байна” гэхэд Ч.Хүрэлбаатар гишүүн “Би бодит зүйл ярьсан. Та Увсад дулааны цахилгаан станц байх ёсгүй гэсэн. Энэ станц гурван жил хөлдүүсэнд амьдарсан нутгийн иргэдийн хүслээр баригдсан. Наадмын талбай барих гэж байхад та царцаасан шүү. Ингэж улс төржих хэрэггүй” гээд микрофоноо хаалаа. Тэгвэл Ерөнхий сайд “Увсад хүүхдийн цэцэрлэг байхгүй гэхээр нь наадмын талбайн төсвийг оруулсан. Увсын энэ станц алдагдалтай байгаа. Тиймээс иргэд өндөр үнэ төлөх болчихоод байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Байнгын эрчим хүчгүй цөөхөн суманд Дорноговийн Хатанбулаг, Мандах сумд багтаж байна. 2012 онд улсын төсөв батлахдаа зураг төслийг нь гаргахаар сум бүрт 300 саяыг шийдсэн. Гэтэл энэ мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна. Эмнэлэг барих асуудал юу болж байна” гэхэд ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж “Таван сум эрчим хүчинд холбогдоогүй байгаа. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай яамныхнаас асуу” гэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрчим хүчинд холбогдоогүй гурван сум бий. МАК Цагаан суваргын орд руу эрчим хүч татахдаа Мандах сумыг дайруулахаар тохиролцсон. Хатанбулаг сум руу эрчим хүч татах гэхээр долоон тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Төсөв нь өндөр байна гэтэл 5.5 тэрбум болгож оруулж ирсэн” гэсэн хариултыг өглөө. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Анх төсөвлөгдсөнөөс хойш өртөг нэмэгдсэн олон барилга бий. Түүнд эмнэлгүүдийн барилга ч багтсан. Шинээр эмнэлгийн барилгыг төсөвт суулгаагүй. Царцаагдсан барилгуудаа эхэлж дуусгах хэрэгтэй гэж Засгийн газраас чиглэл гарсан” гэхэд Ж.Батсуурь гишүүн ихэд бухимдсан байдалтай “Асуудлаа мэддэг хүн ч алга. Орон нутагт очоод иргэдэд манайхан дотор асуудлаа мэддэг хүн алга гэж хэлэх болж байна уу” гээд хуралдааны танхимыг орхин гарав. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2015 оны төсөв холион бантан болсон. Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн. Төсвийн орлого нэг их наядаар тасарч байгаа. Гэтэл үүнтэйгээ ч уялдуулаагүй байна. Энэ төсөв хууль зөрчсөн үү, үнэхээр холион бантан мөн үү. Ирэх онд хүүхдийн мөнгийг өгч чадахгүй гэж яригдаж байна. Хүүхдийнхээ мөнгийг өгч чадах юм уу. Оюутны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон. 196700 төгрөгийг нэг оюутан ирэх онд авч чадах уу. Ам.долларыг 1750 төгрөгт багтаан барьж чадах уу” хэмээн асуулаа. Засгийн газрын тэргүүний зүгээс “Зургаан яам гурав болсон тул дахин зардлаа тооцож оруулж ирсэн. УИХ-ын бүрэн эрхэд халдаагүй” гэсэн бол ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “2012 онд хүүхдийн мөнгийг сэргээсэн. 2015 онд ч гэсэн хүүхдийн мөнгө олгогдоно. Хүүхдийн мөнгийг хасах зүйл яригдаагүй. Хүүхдийн мөнгөнөөс хэмнэгдсэн төсвөөр хүүхдэд хөрөнгө оруулалт хийж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвүүдийг барина” гэдгийг дуулгалаа. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Ирэх онд оюутны тэтгэлэг 70 мянгаараа олгогдоно. Дүнгийн голчийг харж хоёроос бага голчтой оюутанд тэтгэлэг олгохгүй. 2015 онд 101 мянган оюутанд 71 тэрбум төгрөг олгоно” гэдгийг мэдэгдлээ. Харин хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Батхүрэл “Валютын ханшийг гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийг харгалзан судалгаан дээр үндэслэж 1700 орчимд хэлбэлзэнэ гэж тооцсон” гэдгийг хэллээ. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт Засгийн газрын оруулж ирсэн төсвийг хараад харамсч байгаа илэрхийлэн “Хот хөдөөгийн ялгаа үнэхээр их байна. Хамгийн их орлого олж буйгаа хүн, хамгийн бага орлоготой хүний хооронд 250 дахин ялгаа гарч байна. 10 дахин ялгаа гарахад л долдугаар сарын нэгэн шиг үйл явдал болдог. Нэг ч шинээр ажлын байр бий болгохгүй. Ямар ч ажил хийхгүй. Өөрсдөөсөө хариуцлагыг холдуулан орон нутагт төсвийн эрх мэдлийг төвлөрүүлж байгаад сэтгэл гонсгор байна. Ийм унхиагүй зүйл хийж байгаад дургүй хүрч байна. Төсвөө эргүүлэн татахаар нь аятайхан сайхан төсөв орж ирэх нь гэтэл тийм биш байж. Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулж байж юм хийх юм байна. Тиймээс одоо ямар ч гишүүн үг хэлж, асуулт асуухгүйгээр төсвийг шууд баталъя. Дараа нь Засгийн газрыг огцруулж, шинэ бүрэлдэх Засгийн газ­раар төсвийн тодотголоо хий­гээд явъя” гэсэн саналтай байгаа хэмээв. Энэ мэтчилэн гишүүд өөрсдийн сонирхсон асуултдаа холбогдох хүмүү­сээс хариулт авч байсан юм.

Э.ЭНХ

Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *