Categories
гадаад мэдээ

2015 онд дэлхий дахинд зуу гаруй сэтгүүлч амиа алджээ

Өнгөрсөн 2015 онд дэлхий даяар нийт 110 сэтгүүлч амь үрэгдсэн харамсалтай тоо байна. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын тайлан илтгэлд өгүүлснээр, тэдний 67 нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан аж. Харин 28 нь буюу 40 орчим хувь нь исламын хэт даврагчдын гарт амиа алджээ. Сэтгүүлчдийн амь насанд хамгийн халтай оронд Сири улс тооцогдож байгаа бөгөөд тус улсад хэвлэл мэдээллийн 13 ажилтан амь үрэгдсэн байна.

Хамгийн олон сэтгүүлч амиа алдсан гурван орны тоонд Франц нэрлэгджээ. Энэ оны эхээр Парис хотод “Шарли эбдо” сэтгүүлийн байранд халдлага болох үеэр есөн сэтгүүлч амь үрэгдсэн юм.

2014 онд 61 сэтгүүлч амиа алдсан байна. Харин 2015 онд энэ тоо хоёр дахин өссөн нь олон улсын анхаарлын төвд ороод байгаа. Хамгийн сонирхолтой нь 2014 онд эдгээр 61 сэтгүүлчийн гуравны хоёр нь дайн хямрал болсон бүс нутагт амь үрэгдсэн бол, 2015 онд харин эсрэгээрээ амь үрэгдсэн сэтгүүлчдийн дийлэнх нь энх тайван бүс нутагт байжээ. Ингэснээр 2005 оноос хойш ажил мэргэжлээсээ үүдэн халдлагын золиос болсон, амь үрэгдсэн сэтгүүлчдийн нийт тоо 787-д хүрлээ.

Тайлан илтгэлийг боловсруулсан хүмүүсийн хэлж байгаагаар, исламын хэт даврагчид, тэр дотор “Исламын улс” болон “Аль-Каида” бүлэг сэтгүүлчдийн амь насанд хамгийн ихээр заналхийлж байна. Үүнээс гадна “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага Ирак, Бразил, Бангладеш, Өмнөд Судан, Йеменийг сэтгүүлчдийн амь насанд халтай орны тоонд багтаажээ. Франц улс энэ жил анх удаа энэ “хар жагсаалтад” багтсан байна. Өрнөдийн улс оронд сэтгүүлчдийн эсрэг энэ мэт томоохон халдлага анх удаа гарсан болохыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *