Categories
мэдээ спорт

World soccer-ын хувилбараар Роналду шилдэг нь

Зөвхөн хөлбөмбөгөөр дагнан бичдэг World soccer сэтгүүл оны босгон дээр энэ жилийн шилдэгийн шилдэгүүдээ тодруулжээ. Зуу орчим сэтгүүлчдээс сонгон авсан шүүгчдийн бүрэлдэхүүн арван онооны шүүлэгтэйгээр үнэлэмжээ дүгнэхэд Роналду 928 оноо аван тэргүүлж Мануэль Нойер 789 оноо, Месси 593 оноогоор удаалав. Шилдэг дасгалжуулагчаар Лев, Диего Симеоне, Анчелоти нар дараалан байрласан бол шилдэг багаар Германы шигшээ баг 65-н оноотой эхний байр эзэлж “Реал”Мадрид 23 оноотой, “Атлетико” 11 оноотой хоёр, гуравдугаар байрыг эзлэв.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

2014 оны шилдэг оюутан, сурагчид тодорчээ

Нийслэлий Баянзүрх дүүрэг улиран одож буй 2014 онд үеий нөхдөөсөө урлаг, спорт, сурлагаараа шилдэг нь байсан оюутан, сурагчдад оны шилдэг өргөмжлөлийг нь гардуулан өгчээ. Энэ жилийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2014 оны шилдэг сурагчаар 102 дугаар сургуулийн сурагч Б.Ууганбаяр, Шавь цогцолбор сургуулийн 49 ангийн сурагч А.Хажидцогзол, тус сургуулийн 12б ангийн сурагч Д.Халиун, 10а ангийн сурагч Б.Мөнхжин, 11г ангийн сурагч Б.Ханхай нар тодорлоо. Мөн 14 дүгээр сургуулийн 5а ангийн сурагч Д.Мөнхманлай, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч Т.Энх-Ивээл, 44 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч О.Отгонням, 102 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Амартүвшин нар шилдэг сурагчаар тодорлоо.
Харин оны шилдэг оюутнаар Отгонтэнгэр их сургуулийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн Олон улсын худалдааны менежментийн 4 дүгээр ангийн оюутан Батмөнхийн Ану-Үжин, Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн 407 дугаар бүлгийн оюутан Баасандоржийн Оюунзул, Батлан хамгаалахын их сургууль Цэргийн инженерийн тэнхимийн 3а ангийн оюутан Дашнямын Пүрэвсүрэн нар тодорсон юм.

Categories
мэдээ нийгэм

12142 ширхэг галт зэвсэг тоологджээ

“Зэвсэг-2014” арга хэмжээ дуусаж, нэгдсэн дүнгээ гаргасан байна. Монгол улсын “Галт зэвсгийн тухай” хууль болон ЦЕГ-ын даргын 2010 оны 503 дугаартай тушаалаар батлагдсан “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох” журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж алдагдсан, олдож ирсэн галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсгийн нэгдсэн бүртгэл,тооллого явуулж, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэн зохион байгуулав.

Улаанбаатар хотын хэмжээнд 13190 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас арга хэмжээний хүрээнд 12142 ширхэг галт зэвсэг буюу 92 хувь нь тоологдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Долоон сурагч эрүүлжүүлэгджээ

2014 оны 11 сарын байдлаар нийт 59617 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гарган эрүүлжүүлэгдсэнээс 533 эмэгтэй, 316 нь 18 хүртэлх насны, 312 нь оюутан, харин долоо нь ЕБС-ийн сурагч байсан байна.

Саатуулагдсан хүний 1534 нь баар, цэнгээний газарт, 19369 нь гудамж талбайд байсан бол 7521 нь гэмт хэрэг зөрчилд холбогдсон байна. Мөн баар, цэнгээний газарт нийт 1266 захиргааны зөрчил үйлдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр ангийн сурагчид сайн үйлсийн аянд нэгджээ

Дэлхийн Муза сангаас санаачлан зохион байгуулж буй “Хамтдаа бэлэглэе” сайн үйлсийн аян 11-р сарын 20-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн.

Энэхүү сайн үйлсийн аяны зорилго нь нэн ядуу амьдралтай, хүнд өвчтэй, эцэг эх нь шоронд ял эдэлж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй 400 хүүхдийг шинэ жилийн баяраар баярлуулахад оршиж байгаа юм. Бид Улаанбаатар хотын ядуурал өндөртэй Сонгино-Хайрхан,Чингэлтэй,Банзүрх,Сүхбаатар дүүрэг,Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум,Төв аймгийн Зуун Мод хотын нийт 400 гаруй хүүхдэд хувь хүмүүс,албан газруудын өгсөн хандиваар бэлэг тараажээ.
Тус аянд хувь хүмүүсээс эхлээд гаруй ААН нэгдсэнээс гадна хилийн чанадаас АНУ-д ажиллаж,амьдарч буй монголчууд, Москва хотод сурч байгаа “Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо” –ны залуус идэвхтэй оролцсон байна.
Шинэ Үе дунд суруулийн 800 сурагч мөн Дархан-Уул аймгийн 19-р дунд сургуулийн 4 А ангийн хүүхдүүд хэрэглэж байсан хувцас,тоглоом,хичээлийн хэрэгслээ өгснөөс гадна өөрсдөө бэлэг бэлтгэж өгчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн театрын ирэх онд ийм тоглолтууд үзэгчдэдээ толилуулна

Дуурь бүжгийн эрдмийн театрын 2015 оны эхний улиралд эдгээр тоглолтыг үзэгч олондоо толилуулахаар төлөвлөжээ.

Нэгдүгээр сарын хөтөлбөр

03-нд 17.00 цагт Ж.Верди “Риголетто” дуурь
04-нд 17.00 цагт Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь
10-нд 17.00 цагт Л.Минкус “Дон Кихот” балет
11-нд 17.00 цагт Л.Минкус “Дон Кихот” балет
15-нд 19.00 цагт “Пусаны ОУХН -УДБЭТ” гала концерт
17-нд 17.00 цагт Ж.Верди “Травиата” дуурь
18-нд 17.00 цагт Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет
24-нд 17.00 цагт И.Штраус “Оргилуун дарс” шинэ балет
25-нд 17.00 цагт И.Штраус “Оргилуун дарс” шинэ балет
31-нд 17.00 цагт Ж.Пуччини “Богема” дуурь

Хоёрдугаар сарын хөтөлбөр

01-нд 17.00 цагт А.Адан “Жизель” балет
07-нд 17.00 цагт Ж.Пуччини “Тоска” дуурь
08-нд 17.00 цагт Х.Алтангэрэл “Төгсгөлгүй” балет
12-нд 17.00 цагт “Монголын алтан хоолойтнууд” концерт
14-нд 17.00 цагт П.И.Чайковский “Хунт нуур” балет
15-нд 17.00 цагт Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь
28-нд 17.00 цагт Ж.Верди “Травиата” дуурь

Гуравдугаар сарын хөтөлбөр

01-нд 17.00 цагт А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” балет
07-нд 17.00 цагт Ж.Бизе “Кармен” дуурь
08-нд 17.00 цагт “Тэнгэрлэг бүсгүй танаа” концерт
14-нд 17.00 цагт Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурь
15-нд 17.00 цагт Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балет
21-нд 17.00 цагт Ж.Верди “Трубадур” дуурь
22-нд 17.00 цагт Э.Чойдог “Чойжид дагина” балет
27-нд 19:00цагт “Балетын үдэш”
28-нд 17.00 цагт Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурь
29-нд 17.00 цагт Х.Алтангэрэл “Төгсгөлгүй” балет

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны сүүлчийн өдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцжээ. Өнгөрч буй 2014 онд эдийн засаг хүнд байсан ч чармайн ажилласан бизнес эрхлэгчдэдээ Ерөнхий сайд талархал илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарах гарц нь бидний хамтын ажиллагаа гэдгийг хэллээ. Мөн тэрээр Засгийн газраас бизнесийн таатай орчныг бүрдүүлэх тал дээр бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Юуны түрүүнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өмчийн тухай хууль, Татварын багц хуулиудыг УИХ-аар батлуулахад онцгой анхаарна гээд бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсчээ. Уулзалтыг зохион байгуулсан МҮХАҮТ-ын Ч.Лхагважав “Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, бизнес эрхлэгчид хамтдаа туулж гарна. Ойрын зургаан сарын дотор хүндрэлийг даван туулах эхний алхмуудаа хийнэ. Баялаг бүтээгчдээ санхүү, эдийн засгийн эрх чөлөө өгч бололцоо олговол бид эдийн засгийн хүндрэлээс гарах гол хүчин болж чадна” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэв

Цаг агаар эрс хүйтэрч, халаалт галлагаа нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлэх, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс шалтгаалан ахуйн гал түймрийн дуудлага эрс ихсэх хандлагатай байгаа аж. Иймээс Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулга гаргажээ. Үүнд

Иргэн Та

Галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахиж биелүүлж

Тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах

Галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх

Пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх

Гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх

Бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна гэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Индонезийн Ерөнхийлөгч зорчигчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ

Индонезийн Ерөнхийлөгч Жодо Видодо Сурабая хотын олон нисэх буудалд байршаад буй “Airbus A320”-ийн зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Онгоц Сурабая хотоос Сингапур руу нисч явахдаа сураггүй алга болсон юм. Тэрбээр “Үнэхээр харамсалтай. Зүрх минь шархалж байна Олон улсын аврах баг өнөөдрийг хүртэл онгоц осолдсон байх магадлалтай бүс нутгуудад самналт хийж байгаа” гэсэн байна. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн өмнө онгоцыг хайх ажиллагааг хэсэг хугацаанд зогсоож буйгаа аврах багаас мэдэгдсэн бөгөөд “Хайх ажиллагаа зогсоогүй. Бороо их орж байна. Үзэгдэх орчин муу байна. Тэнгэр онгойхоор хайх ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл зарвал хариуцлага тооцно гэв

Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгслийг худалдаалж байвал мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, НОБГ-ын 101 буюу 262248 дугаарын утсаар өгөх боломжтой аж. Холбогдох газруудаас очиж тухайн пиротехникийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох, захиргааны арга хэмжээ тооцох гэнэ.
Учир нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдан борлуулахыг хориглосон байдаг. Тиймээс пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд пиротехникийн хэрэгслийг хадгалсан, худалдан авсан, худалдсан, ашигласан тохиолдолд хураан авч улсын орлого болгох, холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм. Өнгөрсөн оны баяраар “Очир-Ундраа”,”Протек” хоёр компанид салют болон пиротехникийн хэрэгслийг худалдах зөвшөөрлийг олгож, тухайн газрын мэргэжлийн ажилтнууд буудлагыг гүйцэтгэж байсан. Мөн гар дээрээс худалдан авах явдлыг таслан зогсоож, хяналт тавьж ажилласнаар иргэд бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол гараагүй. Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан салют, пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөгдсөн газраас худалдаж авах, мэргэжлийн хүмүүсээр буудлага хийлгэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.