Categories
гадаад мэдээ

Ким Чен Унтай маргаснаас нас баржээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны авга эгч Ким Гён Хиг таалал төгссөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Ингэхдээ түүнийг Ким Чен Ун хөнөөсөн эсвэл өвчнөөр таалал төгссөн гэж мэдээлж байсан. Гэтэл Ким Гён Хи нөхрийг нь цаазаар авсан хэргээр Ким Чен Унтай утсаар маргалдаж байгаад цус харваж нас барсан гэнэ. 68 настай Ким Гён Хиг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан аж. Энэ тухай Хойд Солонгосын экс Ерөнхий сайд Кан Сун Саны хүргэн байсан Кан Мён Ду мэдээлсэн байна.

Ким Чен Ун өнгөрсөн оны арванхоёрдугаар сард авга эгчийнхээ нөхөр Жан Сун Тэкийг цаазаар авсан билээ. Хойд Солонгосын хоёр дахь хүчирхэг хүн гэгдэж байсан Жан Сун Тэкийг авлигал, завхайрал, мансууруулах бодистой холбоотой олон хэрэгт буруутгасан ч төрийн эргэлт хийхийг санаархсан гэснээр цаазаар авсан аж. Үүний дараа Ким Гён Хи өнгөрсөн нэгдүгээр сард Кумсусан ордонд экс удирдагчдад хүндэтгэл үзүүлэх ажиллагааны үеэр хамгийн сүүлд харагдсан аж. Тэрээр экс удирдагч Ким Чен Ирийн үед ахынхаа хамгийн ойрын зөвлөх байж, Хойд Солонгосын хөдөлмөрийн намд өндөр албан тушаал хашиж байв. Өдгөө түүнтэй ижил албан тушаалыг Ким Чен Уны охин дүү 26 настай Ким Ё Жон хаших болсон байна.

Жан Сун Тэк нь 1972 онд экс удирдагч Ким Чен Ирийн охин дүү Ким Гён Хитэй гэрлэж, Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд нэр нөлөө ихтэй болсон аж. Тэдний 29 настай ганц охин Францын нийслэл Парис хотноо суралцаж байх үедээ 2006 онд амиа хорлож нас баржээ.

Categories
гадаад мэдээ

Эболагийн халдвартай хүнийг тээвэрлэх онгоц бүтээжээ

Эболагийн тархалт дэлхий нийтийг түгшээж байна. Тэгвэл энэ вирусийн халдвар авсан хүнийг тээвэрлэх онгоцыг БНХГУ анх удаа үйлдвэрлэлээ. Энэхүү нисэх онгоцыг Германы агаарын тээврийн “Lufthansa” компани тоноглосон аж. Гал тогоо, тээшний тасалгаа болон зорчигчийн ихэнх суудлыг авч, оронд нь өвчтөнийг тээвэрлэж байхдаа нарийн эмчилгээ хийх боломжтой эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдээр тохижуулжээ. Вирус тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс агаарын даралтыг бага байлгах хоёр давхар хаалт суулгасан байна.

Categories
мэдээ улс-төр

МАН Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж ажиллана

МАН-ын II Бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж өндөрлөлөө. Хурлын дараа МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга мэдээлэл хийсэн юм. Тэрээр “МАН-ын Бага хурал нь 310 гишүүнтэйгээс санал хураах мөчид 75 хувийн ирцтэйгээр хуралдаж, олонхийн шийдвэрээр Засагт хамтрах шийдвэр гаргалаа. МАН улс төржихгүйгээр улс, ирээдүйгээ бодож, хамтарч ажиллах урилгыг хүлээн авлаа, хямралыг хамтын хүчээр давахаар болж ийм шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн юм.

Categories
булангууд гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Эболагаар нас барагсдын тоо нэмэгджээ

Баруун Африкт дэгдсэн Эбола вирусын халдвараар нас барагсдын тоо 6928 болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Эболагаар нас барагсдын тоо хамгийн сүүлд мэдээлснээс 1000 гаруйгаар нэмэгджээ. Халдварын тархалт Либери улсад буурч, Гвинейд тогтворжиж эхэлсэн боловч Сьерра-Леонед өндөр хэвээр байна. Түүнчлэн Эбола вирусын халдвараар өвчний голомт Гвиней, Сьерра-Леоне, Либери улсад 16 мянга гаруй хүн өвчлөөд байгаа аж. Харин Нигери, Сенегал улсууд үхлийн аюулт өвчнөөс бүрэн ангижирч, дахин халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Үүний зэрэгцээ ядуу буурай Мали улсад Эбола вирусын халдвар тархсанаар долоон хүн нас барж, 10 хүн өвчилжээ.

Барууны орнуудад Эбола вирусын халдвараас эдгэрсэн хүний цусны ийлдсээр эмчлэх арга хэрэглэсэн нь үр дүнд хүрч, олон хүний амийг авраад байгаа билээ. Үүний зэрэгцээ олон улсад Эбола вирусын халдварын эсрэг вакцин, эм ирэх 2015 оны эхэн гэхэд бэлэн болох мэдээлэл байна.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэ буюу Н.Цэцэнбилэг: Тоглолтынхоо орлогоор Нацагдоржийн номын санд бага насны хүүхдэд зориулсан танхим байгуулна

Рэппэр Н.Цэцэнбилэг буюу Цэцэтэй ярилцлаа. Тэрээр энэ сарын 27-нд “Mint club”-д бие даасан тоглолтоо хийсэн билээ.

-Тоглолт хэр болов. Тоглолтынхоо орлогыг хандивын үйлст зориулна гэж сонссон?

-Сайхан болсон. 500 гаруй хүн ирж үзлээ. Гэхдээ санасанд маань хүрсэнгүй. Би “Мобиком” корпорациас зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” аянд нэгдэж хүүхдийн номын сан байгуулах төслөөр МУГЖ Одончимэг зэрэг дөрвөн хүнтэй өрсөлдсөн. Харамсалтай нь миний санаа эцсийн шатанд шалгараагүй. Энэ төслөө ингээд орхичихолтой биш нэгэнт эхлүүлсэн юм чинь ажил хэрэг болгоод ард нь гаръя гэж бодсон. “Ном ба Ирээдүй” тоглолтоос олсон орлогынхоо мөнгөөр хүүхдийн номын сангийн танхим бий болгохоор шийдсэн. Энэ саналыг “Vanquish”, “Opozit”, “Гурван охин” хамтлагийнхан болон BX болон “Хувьсал” продакшны хамт олон дэмжиж тоглолтод оролцсон.

-Яагаад заавал хүүхдэд зориулсан номын сан гэж?

-1-6 насны хүүхдийн номын сан манайд огт байдаггүй юм билээ. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Гэтэл номоор дамжуулж хорвоо ертөнцтэй танилцах цаг үе дээр очоод ном уншчих газар байхгүй. Манайхан нэг буруу ойлголттой явдаг. Эмэгтэй хүн хүүхэд гаргаад 2, 3 нас хүртэл нь гэрээс гарахгүй хүүхдээ харах ёстой гэж боддог. Үнэндээ гадны бусад орнуудад хүүхдээ ой хүрээ юу үгүй юу, гадуур дагуулж зугаалж, номын санд насанд нь тохирсон ном уншиж өгч, хамтдаа цагийг өнгөрөөдөг юм билээ. Харин манайд хүүхдээ тэврээд дэлгүүр хэсэхээс өөр хувилбар байхгүй санагдсан. Нацагдоржийн номын санд сул талбай байгаа юм билээ. Тэр хэсэг талбайг 1-6 насны хүүхдэд зориулсан хүүхдийн номын сангийн танхим болгоно.

-Ер нь хичнээн төгрөг шаардлагатай байгаа юм бэ?

-Танхимын зураг төслийг гаргачихсан. Зураг төслийг “Grand creative” группын залуус гаргаж өгч байгаа. Нэг их том танхим биш ч гэсэн эцэг, эх, хүүхдүүд хамтдаа номтой нөхөрлөж нэг өдрийг ч гэсэн өнгөрөөхөд хангалттай гэж тооцоолж байгаа. Зураг төсөлд тусгагдсанаар нийт 18 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн.

-Тэгэхээр танхимаас гадна номын сан бүрдүүлэхэд бас тодорхой хэмжээний мөнгө орох нь ээ?

-“Мобиком”-оос надад энэхүү санаачилгыг маань дэмжиж таван сая төгрөг хандивласан. Энэ мөнгөөрөө эхний ээлжинд хүүхдийн комик ном хэвлэн гаргадаг “Motion frame” компаниас хямдралтай үнээр ном авч байгаа. Тус компани хүүхдэд зориулаад ном гаргаад байдаг. Ном нь тэр болгон хүүхдэд хүрэхгүй олон мянгаараа хадгалагдаж байхаар нэг нэгнээ дэмжээд хямдралтай үнээр авахаар ярьсан байгаа.

-Тэгээд тоглолтоор хичнээн төгрөг цугларав?

-Шаардлагатай мөнгөнийхөө 50 хувийг л олсон. Тиймээс миний саналыг дэмжиж хувь хүн болон албан байгууллагатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ танай сониноор дамжуулж хэлмээр байна.

-Тоглолтын тасалбар хэд байсан юм бэ. Хүмүүс хандивын тоглолт гэдгийг чинь мэдэж байсан биз дээ?

-Тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй байсан. Уг нь 900 ширхэг тасалбар хэвлүүлсэн. Хүмүүс хандивын тоглолт их зохион байгуулдаг болчихсон юм биш үү. Тэгээд ч тэр үү хүмүүс нэг их шуурахгүй л байна. Ер нь миний санаачилгын ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байх шиг. Ийм номын сантай болсноор хүүхэд бүр мундаг боловсролтой болчих гээд байгаа юм биш. Эхлэлийг нь хэн нэгэн тавьж мессеж өгөх хэрэгтэй шүү дээ. Үүнийг л хүмүүс ойлгоод надтай нэгдээсэй гэж хүсч байна.

-Та чинь өмнө нь цомгийнхоо орлогыг бас хандивын үйлст зориулж байсан санагдаж байна?

-“2012” гээд цомгийнхоо орлогыг “Hi Fi”-аас аваад бас хүүхдийн төлөө хандив өргөсөн. 800 гаруй CD-ний мөнгө гэдэг чинь таван сая гаруй төгрөг болсон санагдаж байна.

-Уран бүтээлчид тэр болгон орлогоо хандивын үйлст зориулаад байдаггүй. Таны хувьд энэ бүхний цаана ямар нэгэн хэтийн зорилго байна уу?

-Залуу хүн гэдэг утгаараа нийгэмдээ өөрийн гэсэн бодит оролцоотой, үеийнхэндээ үлгэр дуурайлалтай амьдрах дуртай. Магадгүй миний хүмүүжилтэй холбоотой байж ч мэднэ. Харин сошиал ертөнцөд хүн бүр л өөр өөрийн өнцгөөс хүлээж авч байна. Ихэнхдээ миний эсрэг байр суурьтай сэтгэгдэл бичсэн харагдсан. “Энэ Цэцэ улс төрд орох нь, нэр төр хөөцөлдөөд” гэхчилэн бичсэн байсан. Наад зах нь миний тоглолтыг үзэж хандивт нэгдэх гэж байсан бага ангийн хүүхэд тэрийг нь уншаад нээрээ тийм юм байхдаа гээд бодчихно шүү дээ. Бага насны хүүхэд сэтгэл зүйн хувьд тогтворгүй хэний ч үгэнд итгэнэ. Тиймээс залуусыг сайн юм хийж яваа нэгнээ дэмждэггүй юм аа гэхэд доромжлохгүй амаа хамхиад яваасай гэж боддог.

-Хүмүүжил гэснээс гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй вэ?

-Манай аав цахилгааны инженер. Харин ээж багш. Би нэг эгчтэй. Бага нас ихэнхдээ өвөө, эмээ дээр өссөн. Өвөө монгол хэлний багш хүн. Намайг бага байхад янз бүрийн үлгэр уншиж өгнө. Гадаа тоглохоор нэг үлгэр уншаад утга санаа, үйл явдлыг нь ярьж өгөөд гарна шүү гэж байнга хэлнэ. Тэгээд ч тэр үү би ном унших дуртай. Хүүхэд байхдаа Нацагдоржийн номын санд байрныхаа найзуудыг дагуулж ирж ном уншина. Манайх 40 мянгатад байсан юм. Миний хувьд “Эхлэл” гээд хувийн дунд сургууль төгсөөд АНУ-д интерьер дизайнерын чиглэлээр сураад ирсэн.

-Хэзээнээс дуу хөгжим сонирхох болсон юм бэ. “Vanquish” хамтлагийн гишүүн байсан байх аа?

-Хүүхэд байхын л бүжиглэх дуртай байсан. “Одод болохын хүслэн” тэмцээнд реп бүжгээр оролцож тусгай байрын шагнал хүртэж байсан юм байна. Нэг хэсэг “Vanquish” хамтлагт байсан. Гэхдээ хамтлагт олон хүн байдаг. Тэр чинээгээрээ өөрийнхөө үзэл бодлыг уран бүтээлээрээ илэрхийлэх байдал хязгаарлагдмал байдаг. Тиймээс бие даасан уран бүтээлч байхаар шийдсэн.

-Сүүлийн үед реппер Цэцэгүй кино, жүжгийн дуугүй болсон харагдсан. Дуучид хүртэл тантай хамт уран бүтээл гаргах болж. Үүний нууцыг таны дууны шүлгийг бичих арга барил гэх юм?

-Би өөрөө сайн хэлж мэдэхгүй юм. Би тийм гэх нь утгагүй л дээ. Ер нь би дууныхаа шүлгэнд их ач холбогдол өгдөг. Бүх репперчид л адилхан. Миний хувьд нэг их нарийн гүн гүнзгий утга гэхээсээ бидний өдөр тутамдаа хэрэглэж буй энгийн үг хэллэг донжийг тааруулаад хэлэхэд хүнд хүрдэг юм санагддаг. Тэрнээс би айхтар мундаг яруу найрагч биш шүү дээ/инээв/.

-Таны саяхан гаргасан “Намхан” гээд дуу “Элбэгдорж намхан, Баттулга намхан, Алтанхуяг намхан, Баабар бас намхан, Путин бас намхан, Би ч гэсэн намхан. Ингээд харахад намхан нуруу ашигтай…” гэсэн үгтэй юм билээ. Үүгээрээ юу илэрхийлэх гэсэн юм бэ?

-Намайг хүн бүр л намхан гэдэг. Намхан хүний зовлон нэг. Хүн бүр л намхан нуруутай нь гэм юм шиг ханддаг. Хүнийг гаднаас нь хараад битгий дүгнээсэй гэсэн нь энэ дууны гол санаа. Төрийн том түшээд өндөр, нам нуруутай. Намхан нуруу гадаад үзэмж болохоос биш оюун ухааны илэрхийлэл биш шүү дээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Улсын гарьд, начин цолтонтой нэг ангийнхан

“Манай ангиас аймгийн арслан зургаа төрсөн. Тэр зургаагаас хоёр нь улсын цолонд хүрсэн. Үлдсэн дөрөв маань ид барилдаж байгаа. Ер нь манай ангийн 25 төгсөгчөөс арав гаруй нь улс, аймгийн цолтой. Жинхэнэ шижигнэсэн хөвгүүд байлаа даа” гэж оюутан цагийн дурсамжаа ярих нэг ангийнхантай уулзлаа. Тэд бол 2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийн төгсөгчид. Ангийн багш нь Монгол Улсын начин Д.Адъяахүү. Спортод, тэр дундаа бөхөд хайртай 35 залуу эх орныхоо өнцөг булан бүрээс цуглаж нэг ангийнхан болжээ. Дөнгөж арван жилийн сургуулиа төгсөөд ирцгээсэн, тэгээд ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор барагтай бол гадуур тэнэдэггүй байсан гэнэ. Эхний хоёр жил гэр сургууль, сургууль оюутны байрны хооронд жим гартал алхдаг байсан тухайгаа ярьж байна. Нэгдүгээр курст байхдаа хичээлээ цаг тухайд нь хийдэг, одоогийн оюутнууд шиг ганц нэг цагийг тасална гэх ойлголтгүй байжээ. Нэг ёсондоо тун томоотой оюутнууд явсан гэнэ. Гэхдээ хөвгүүд л болсон хойно байсгээд сахилгагүйтчихнэ. Багш нь тэр үед айхтар загнаад байхгүй ч хааяа нэг орой руу нь ортол зэмлэдэг байжээ.

Эдний ангийнхан нэгдүгээр курстээ 35-уулаа элссэн гэсэн. Дөрвөн жилийн хугацаанд шилжих нь шилжээд, сургуулиа орхих нь орхисоор 25-уулаа төгсчээ. Харин ангид ганцхан охин байсан нь Уянга. Хөвгүүд нь ганц охиноо үерхэж барья гэж илт гуйхгүй ч гэлээ бусад ангийн хөвгүүдээс сэмхэн харамладаг байжээ. Ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор голдуу хотод байх ах дүү, хамаатан садныхаараа амьдардаг. Бусад нь оюутны дотуур байранд суудаг байжээ. Гэр орон, аав ээжээсээ хол болохоор гэдэс өлсөх, мөнгө төгрөггүй болох үе их гарна. Мөнгөтэй үедээ 100-гийн ундаа, 150-ын наполеон торт идчихнэ. Бас сургуулийхаа гуанзны пирожки, мантуун буузыг ёстой нэг идэх шиг болдог байсан гэнэ. “Тэр үеийн пирожкины амт одоо ч амтагдах шиг болж байна.

Манай сургуульд эрчүүд голдуу сурдаг байсан болохоор гуанзны эгч нар оюутан хүүхдүүд гээд өрөвддөг байсан байлгүй мах ихтэй хийдэг байсан шүү” гэж ярилаа. Нээрээ л оюутнууд пирожки, мантуун буузтай найзалсан шигээ дөрвөн жилийг өнгөрөөдөг дөө. Харин “Аварга” сургууль биеийн тамирынх гэдэг утгаараа сургууль дээрээ маш олон цагийг өнгөрөөдөг байжээ. Өглөө найман цагаас хичээл нь эхлээд өдөр 13, 14 цагийн үед тарна. Хичээл тарахаар цаг хэртэй хугацаанд хоол унд эргүүлж байгаад үдээс хойш бэлтгэлдээ гарна. Д.Адъяахүү багш нь чөлөөт бөхийн мэх, барилдах арга техникээс эхлээд бөх хүн биеэ хэрхэн авч явах тухай, спортын ёс зүй, хэм хэмжээний тухай хаа явсан газраа үлгэрлэдэг байсан гэнэ. Ангийнхан нь багшийгаа дурсахдаа “Манай багш биднийг ер нь зодож байгаагүй. Зарим эрэгтэй хүүхдүүдтэй ангийг удирдахад хэцүү байдаг юм шиг байна лээ. Багш зодоод гэхийг зөндөө л олон удаа сонсож байсан. Харин манай ангийн багш биднийг зодож байгаагүй. Загнах нь ч ховор байсан байх. Гэхдээ л бид багшаасаа их айна. Ер нь анзаараад байхад хүүхдийг айхтар загнахгүй байхаар тэр хэрээр хүндлэл хүлээдэг шиг байгаа юм. Манай багш тийм л хүн байсан. Амьдрал дээр гарахаар янз бүрийн л хүнтэй уулзана. Хэцүү ааштай хүнтэй таарлаа гэхэд багш байсан бол лав л муудалцахгүй, эвтэйхэн өнгөөрчих байсан даа гэж бодоод аргалдаг юм” гэв.

Эднийх биеийн тамирын сургууль ч гэлээ оюутнуудын дунд ямар л уралдаан тэмцээн болох ёстой тэр бүхнийг зохионо. Урлагийн үзлэг болохоор ганцхан охинтой ч янз бүрийн үзүүлбэр үзүүлчихнэ. Чөлөөт сэдэв дээр туранхай, өндөр биетэй хөвгүүдээ загвар өмсөгч болгоод шоу хийчих жишээтэй. Энхсүх, Лхагва-Очир, Буянбаатар нарын залуус нүүрээ будаад, хиймэл үс зүүн эмэгтэй дүрд тоглодог байжээ. Эгчийнхээ, дүүгийнхээ, таньдаг эмэгтэй найзынхаа өндөр өсгийт, даашинзыг өмсөөд гунхалзаж өгнө. Бүр хөхний даруулга хүртэл зүүдэг байсан гэж байгаа. Нэгдүгээр курсийнхээ урлагийн үзлэгээр үзүүлсэн уг үзүүлбэр шүүгчдийн зүгээс өндөр оноо авсан тул ангиараа тэргүүн байр эзэлж байжээ. Харин найрал дуу дуулахаар дан эрчүүд урлагийн заалыг нураах шахам, сүртэйхэн дуулдаг байсан гэнэ. Бас сагсан бөмбөгөөр хоёр ч удаа сургуулийнхаа аварга болж байжээ. Ер нь авьяастай хүүхдүүд олон. Л.Баасанбаяр, Отгонхүү, Цэнджав, Эрдэнэбат, Лхагваа нарын хүүхдүүд ангийнхнаа манлайлан явдаг байжээ.

Хөвгүүд олонтой, дан эрчүүдийн анги ч гээд хэлчихэж болох учраас аливаа баяр ёслолын үеэр олон охинтой сургуулийнхантай шефлэнэ. Өөр сургуулийн, олон охинтой анги олох үүргийг ангийн багш нь хариуцдаг байжээ. Багшийнхаа олоод ирсэн ангийн охидыг хөөрхөн, муухай гэж гололгүй бөөн баяр болон хүлээн авдаг байсан гэдэг. Ингэж хоёр ангийнхан шефлэхэд хосоо олоод авах сэргэлэн нэгэн байх. Хэд хэдэн хос тэрхэн зууртаа үерхэж нөхөрлөж байсан нь оюутан ахуй цагийн дурсамж болон үлджээ.

Чөлөөт бөхийн ангийн хөвгүүд мэдээж хэрэг дөрвөн жилийг хоорондоо ноцолдож өнгөрөөсөн байж таараа. Бэлтгэлийн үеэр нэгийгээ давахын хүсэлд дийлдэн тэмцэлддэг мөртлөө хичээлийн бус цагаар нэгэндээ жигтэйхэн хайртай болчихсон байдаг байжээ. Ер нь гадны, өөр ангийнхнаас нэгийгээ учиргүй өмөөрнө. Ганц нэгээр нь явж байхад дээрэлхэх гэвэл олуулаа яваад очно. Гэхдээ гар зөрүүлэхгүй. Сүрийг бадруулж, нөгөө хэдийнхээ зүрхэнд шар ус хуруулчихаад л яваад өгчихдөг байжээ. Ер нь спортын аль нэг төрлөөр хичээллэж байгаа хүмүүс юун түрүүнд зодолдох гээд байдаггүй, аливаа маргааныг зөвөөр шийдвэрлээд сурчихдаг гэсэн. Харин нэгдүгээр курсээсээ хоорондоо, дараа нь сургуулийнхаа хэмжээнд ноцолддог байсан бол гуравдугаар курст орох жилээсээ улсын наадамд зодоглож эхэлсэн түүхтэй. Улсын наадам болон энд тэндхийн барилдаанд гайгүй гэсэн залуусаа ноцолдуулна. Заалны барилдаануудыг ер нь алгасдаггүй байжээ. Мөн төрөлх аймаг, сумынхаа наадамд очиж барилддаг байсан түүхтэй. Цолонд түрүүлж хүрсэн нь Ш.Жаргалсайхан. Тэрээр гуравдугаар курст орох жилийнхээ зун Завхан аймгийнхаа наадамд очиж ноцолдоод начин цол авсан гэнэ. Оюутан байх дөрвөн жилийн долдугаар сарын 12-ны оройг ангийнхан руугаа утас цохиж өнгөрүүлнэ. “За чи яав хө. Би гурвын даваанд уналаа. Тэр намайг амалж авлаа. Нөгөө хэдээс сураг байна уу. Манай нөгөө ангийн тэр манай нутгийнх юм байна. Аймагт ирж ноцолдоод овоо хэдэн даваа авчихлаа” гэхчлэн ярина. Оюутан байхаасаа ноцолдсон хөвгүүдээс одоо улсын цолтон хоёр төрчихсөн. Энэ жилийн наадамд үзүүрлэсэн улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын өсөх идэр начин Э.Энхбат хоёр тус ангийн бахархал. Наадам дөхөөд ирэхээр нөгөө хоёрын бэлтгэл хэр хангагдаж байгаа юм бол гээд чих тавин суудаг гэсэн. За тэгээд наадмын өмнөх орой барилдах хоёроосоо дутахгүй догдлон нойр нь хулждаг ажээ. Багаасаа бие биенээ мэдэх болсон нэг ангийнхан учраас давахад нь хамт хөөрч, өвдөг шороодоход нь хамт унаж иржээ. 2011 онд Ш.Жаргалсайхан, Э.Энхбат хоёр хамтдаа улсын начин цолонд хүрч анги хамт олон төдийгүй “Аварга” сургуулийнхнаа баярлуулжээ. “Өнгөрсөн жилийн наадмаар манай ангийнхан тэр чигтээ ёстой нэг догдолсон байх. Жагаагаа давах бүрт л магнай хагартлаа баярлаж байсан. Эрхгүй догдолдог юм билээ. Гэр гэртээ зурагтаа үзээд сууж байгаа хэрнээ давах бүрт нэг нэгэн рүүгээ залгаж баяраа хуваалцаж байсан” гэж ярив. Аваргуудыг даваа бүрт давсаар үзүүр, түрүү булаалдахаар зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд харах ч хэцүү, харахгүй байх ч хэцүү болтлоо тэвдэцгээжээ. Ангийн анд нь амжилттай сайн барилдаж, улсын гарьд цолонд хүрэхэд тун их бахархсан талаараа өнөөдөр ам булаалдан ярьж байна.

Тэдний оюутан насны дурсамж дандаа л бөхтэй холбоотой байх юм. Хоёрдугаар курст байхдаа ангийнх нь гайгүй сайн барилддаг таван залуу нийлж аваад Дарханд болсон тэмцээнд зодоглохоор явжээ. Дарханчууд ургацын баяраа хийгээд бөх барилдуулсан юм байх. Түрүүлсэн бөхийг хөгжмөөр шагнана гэдгийг дуулсан хөвгүүд уухайн тас явцгаажээ. Залуу насны дэврүүн сэтгэлээр очоод бүгдийг нь хага шидэх юм бодож явсан гэнэ. Тэгсэн нутгийн бөхчүүдэд бүгдээрээ өвдөг шороодчихож. Барилдаанаа дуусгачихаад буцах гэтэл унааны мөнгө үлдээгүй байна. Хөгжим өвөртлөөд буцна гэж байсан залуус харих ч мөнгөгүй болоод аргаа барахдаа галт тэргэнд “туулайчилж” хотод ирж байжээ.

Спортоор амьсгалсан ангийнхан өнөөдөр салбар салбарт амжилттай ажиллаж байна. Улсын цолтой хоёр бөхөөс гадна дөрвөн аймгийн арслантай. Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Батжаргал, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Нямдорж, Сэлэнгэ аймгийн арслан А.Амараа, Орхон аймгийн арслан Б.Ганхүү нарын “аваргууд” үндэсний бөхөөрөө барилдаж буй. Мөн Спортын төв ордны багш Батнаран тус ангийнх. Бусад нь голдуу хувийн бизнес хийж байгаа ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн шилдэг эрдэмтнээр тодорсон МОНГОЛ ХҮН

Дэлхийн Шинжлэх ухааны академи буюу “The World Academy of Sciences”-аас Монголын эрдэмтэн академич, доктор, профессор Г.Цэрэнчунтыг энэ оны “Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр шалгаруулсан байна. Түүнийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Тэрээр Дэлхийн болон АНУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн гэнэ. Гансүхийн Цэрэнчунт 1977 онд Дундговь аймагт төрсөн бөгөөд өдгөө эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Түүний хувьд бүхий л цаг хугацаанд шинжлэх ухааны салбараас алхам ч холдоогүй гэхэд болно. 2000 онд Монгол улсын Анагаах ухааны их сургуулийг төгсч улмаар Германы Берлин хотын Гумболдын их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Сурч байх явцдаа тус сургуульдаа эмч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг байжээ. Ингээд 2006 онд эх орондоо ирж Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд багшилж байгаад 2007 оноос Анагаах ухааны хүрээлэнд судлаач,Төслийн удирдагч, Шинжлэх ухаан технологийн “Оюун онош” төвийн ерөнхий захирлаар ажиллах болжээ. Харин 2009 оноос Монголын анагаах ухааны холбоог тэргүүлж байгаа аж. Г.Цэрэнчунтыг ерөөс гараа хумхиж суудаггүй хүн хэмээн мэргэжил нэгт нөхөд нь хэлдэг. Зөвхөн эх орныхоо шинжлэх ухааны салбарт олон туршилт, нээлт хийхээс гадна гадаадын нэртэй их, дээд сургуулиудад багшилж, ажиллаж үлгэр дуурайлал болж мэдлэгээ хуваалцаж яваа нэгэн. Тухайлбал, 2010 онд Австри улсын Венийн анагаах ухааны их сургуульд зочин профессор, 2011- 2012 онд ХБНГУ-ын Гумболдын их сургуульд зочин профессор, 2011 онд АНУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн байна. Ингээд 2012 онд тэр болгон хүн хүртээд байдаггүй профессор хэмээх эрхэм цол хүртсэн ажээ. Тус ондоо бас нэгэн амжилт гаргасан нь Дэлхийн Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн явдал юм.

Мэдээж дэлхийн хэмжээний эрдэмтний амжилт, гавьяа шагналыг дурдаад барахгүй их шагнал хөвөрнө. Зах зухаас нь танилцуулбал, говь нутгаас төрсөн эрдэмтэн хүү 2006 онд Монгол Улсын “Шилдэг” эрдэмтнээр шалгарч байжээ. Харин 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал, 2011 онд Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан бол 2012 онд Монгол улсын Шинжлэх ухааны салбарын Оны шилдэг бүтээлийн эзнээр шалгарч байсан удаатай.

Г.Цэрэнчунтын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж дэлхийн шилдэг эрдэмтэн болгосон нь монголчууд бидний хувьд бахархууштай түүхэн үйл явдал боллоо. Түүний цуврал бүтээл нь хавдрыг эс, молекулын түвшинд бүрэлдэж байх үед нь бүрэн дүүрэн оношилж чадсанаар хавдрыг төгс эмчлэх бололцоог бий болгожээ. Улмаар, хавдрыг нарийн оношлох маркерууд болон эмчлэх эмийн бодисуудыг нээж тогтоосноос гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны практикт нэвтрүүлсэн байна. Энэхүү ажлаа Европын холбооны улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн ба эдгээр нь хавдар судлалын оношилгоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгснийг дэлхий дахинаа онцолжээ.

Профессор Г.Цэрэн­чунтын бү­тээлүүд ХБНГУ, АНУ, Польш, Канад, Англи, Грек, ОХУ зэрэг олон орны нэр хүндтэй сэтгүүл, хэвлэлд нийтлэгдсэн байна. Энэхүү олон улсын олон нийтийн хяналттай, шалгуур өндөртэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдээс нь гадаадын 7000 гаруй судлаачид 500 орчим бүтээлдээ ишлэл авсан байдаг ажээ.

Д.СҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Н.Түвшинбаяр гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр БНСУ-ын Чэжү хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн гран при тэмцээний 100 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртлээ. Аваргын төлөө манай бөхийг эзэн орны тамирчин Чо Гу Хам торгуулиар ялж алтан медаль хүртжээ. Н.Түвшинбаяр аварга өнгөрсөн жилийн Чэжүгийн гран при тэмцээнд Украйныбөхийг ялж, түрүүлж байсан юм. Ингэснээр манай жүдочид Чэжүгийн гран при тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байна.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Ж.Амарсанаа амбицаа илэрхийлэв

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа салбараа тэргүүлэхэд бэлэн гэдгээ зарлалаа. Тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа Эрүүл мэндийн салбарыг удирдахад хэзээд бэлэн байгаа гэдгээ дурдана лээ. Дэд сайд Ж.Амарсанаа сүүлийн үед Н.Удвал сайдтайгаа эрс муу харилцаатай болж, хэвлэлээр янз бүрийн дайралтыг хийх болсон. Тэгвэл энэ нь түүний Эрүүл мэндийн сайд болох амбиц гэж улс төрийн хүрээнийхэн үзэж байна.

Элэгний С вирусийн эм оруулж ирэхээс эхлээд тэдний хооронд багагүй зөрчилдөөн үүссэн.

Сүүлийн үед Засгийн газрыг байгуулах их ажилд улс төрчид шуурхайлж, дор бүрнээ л тохироо хийж байх шиг байна. Энэ хэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Засгийн газраа хэрхэн бүрдүүлэхийг олон нийт маш анхааралтай ажиглаж байна. Чухам аль намын хэн нь ямар яамыг авах эсэх нь одоогоор тодорхойгүй ч шинэ Засгийн газрыг АН, МАХН, МҮАН, ИЗНН, МАН гээд улс төрд суудалтай намуудын төлөөллөөс бүрдүүлэх нь тодорхой юм.
Харин чухам аль намаас Эрүүл мэндийн сайдыг томилох юм. Хүн ардын эрүүл мэндийн төлөө ажилладаг энэ салбарт хамгийн хариуцлагатай томилгоог хийх ёстой билээ.

Categories
мэдээ нийгэм

Авто зогсоолуудад шалгалт хийнэ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн автомашины тавиулан, засварын газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг 2014 оны 10 дугаар сарын 1-27-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Шалгалтанд нийт 210 объект хамрагдаж, шалгалтын явцад 923 зөрчил илрүүлж, газар дээр нь 338 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 124, мэдэгдэл 41, ажиллагаа зогсоох тогтоол 9, танилцуулга 3-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.
Биелэлтийн шалгалтыг 2014 оны 12 дугаар сарын 04-17-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай авто зогсоол, автозасварын газрууд, авто үйлчилгээний байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтэс, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчид хийнэ.
Биелэлтийн шалгалтаар 10 дугаар сард хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг хэрхэн арилгасан, үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай, барилгын тухай хууль, гал түймрийн улсын хяналтын дүрэм, авто зогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага стандарт, Хийн хангамж, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал, Барилгын доторхи усан хангамж. Гадна сүлжээ ба байгууламж, Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл, Галын аюулаас хамгаалах. Аж ахуй нэгж байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага норм, халаалт агаар сэлгэлт ба кондиционер, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг тус тус шалгана гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.