Categories
мэдээ нийгэм

“Оюу Толгой”-н шинэ ТЭЗҮ-ийг хэлэлцжээ

“Оюу Толгой” компанийн шинэчилсэн ТЭЗҮ-ийн асуудлаар тус компанийн Төлөөлөн удирдөх зөвлөл пүрэв гарагт хуралджээ. Энэ талаараа тэд албан ёсоор мэдээлэл хийгээгүй. Гэхдээ олон улсын 15 банкны зээлийн баталгааны хугацааг сунгаагүй гэж “Turquoise Hill Resources” мэдээлсэн байна. Талууд далд уурхайн төслийн санхүүжилт, шинэчилсэн ТЭЗҮ-ийг хувьцаа эзэмшигчид батлах, Эрдэс баялгийн зөвлөл хүлээн авах зэрэг үлдсэн асуудлуудаа шийдвэрлэхээр ярилцаж байгаа гэж хөрөнгө оруулагч талаас мэдэгдсэн юм. Мөн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах хэрэгтэй байгаа юм байна. Харин олон улсын 15 банкны зээлийн баталгааны хугацаа өнгөрсөн сарын 30-нд дууссан. Хөрөнгө оруулагч тал энэ хугацааг сунгах хүсэлт гаргаагүй ч банкуудтай ярилцаж байгаагаас гадна хэлцлийн явцаас хамаарч хугацааг нь сунгах хүсэлтээ гаргана гэж “Turquoise Hill Resources” онцолжээ. Эдгээр 15 банкны нэг болох Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас баталгааны хугацаа нь энэ оны эцэс хүртэл хүчинтэй гэж мэдэгдээд байгаа юм. Үүнээс өмнө банкууд гурван ч удаа зээлийн баталгааны хугацаагаа сунгасан юм. Сүүлийн жил хагасын хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон “Rio Tinto” групп хэд хэдэн асуудал дээр санал зөрөлдсөний улмаас бүтээн байгуулалт нь түр саатсан. Мөн шинэчилсэн ТЭЗҮ-ээр далд уурхайд нэмэлт 4.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. 2013-2014 онд далд уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтад нийт 500 сая ам.долларыг зарцуулжээ. Харин эхний шатны бүтээн байгуулалт буюу ил уурхай нийт 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтсэн гэж “Оюу Толгой” компани мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Харилцаа холбооны салбарынхан Чингэсийн талбайд иргэдэд үйлчилж байна

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор өнөөдөр Чингэсийн талбайд “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх юм байна. Мөн энэ үеэр тус салбарынхан иргэдэд хэрэгтэй мэдээлэл зөвлөмжийг өгөхөөс гадна хөгжөөнт тоглоом, бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт урамшуулал, мөнгөн дугаар, хүрэл дугаар, WIFI route зэрэг олон төрлийн бэлгийг үзэгчиддээ задлах аж. Тухайлбал, Монголын цахилгаан холбоо компани гэхэд суурин утас, интернэт үйлчилгээ, олон улсын ярианы 001 гарц, кабелийн телевиз болон лавлах үйчилгээгээ танилцуулан үйлчилгээ тус бүртээ 100 хувийн хөнгөлөлт урамшууллыг олгож, шууд үйлчилгээг үзүүлж, аж ахуйн нэгж пүүс компаниуд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Гандангийн орчимд цэвэрлэгээ хийж байна

“Эрүүл, аюулгүй орчинд шүтээний орондоо сүсэглэн, соёлын өвөө хадгалан хамгаалъя” уриан дор Гандантэгчэнлин хийдийн орчинд олон нийтийн цэвэрлэгээ зохион байгуулахаар болжээ. Зохион байгуулагчид “Гандангийн орчимд тагтаа шувуу хэт олон болж, үүнээс үүдсэн орчны бохирдлыг цэвэрлэхээр болсон” хэмээж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Залуус ном худалдаалж, хандив өргөнө

“Манлайлах Урлаг төв ТББ” –аас оюутан залуусын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх болоод тэнхимд эзэмшсэн мэдлэгээ бодит практикт ашиглаж , борлуулалт хийх “National Sales challenge” тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.

Уг тэмцээнд оролцож буй багууд өөр өөрийн гэсэн борлуулалтын арга барилаар худалдааг зохион байгуулах бөгөөд тэр дундаас шалгарсан нэг баг нь ашигийнхаа тодорхой хувийг сайн үйлсэд хандивлах аж. Харин энэхүү тэмцээнд оролцогчид Фрэнклин Ковигийн дэлхийн бестселлэр номууд болоод Монголын уран зохиолын сонгомол бүтээл зэрэг номуудыг худалдан борлуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хавтгай хамгаалагчийг шагналаа

Дэлхийд ховордсон хавтгай тэмээг хамгаалах ажлыг Английн иргэн Жон Хэйр санаачлан 20 гаруй жил ажиллаж байна. Тэрбээр 2002 оноос Монголын хавтгай тэмээг хамгаалахад хамтран ажиллаж байна. Түүний хавтгай тэмээ болон нэн ховор амьтдыг хамгаалахад хийсэн ажил, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа. Шагналыг БОНХ-ийн зөвлөх Ц.Ганхуяг гардуулан өгч, нэн ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх, дэлхий дахинд сурталчлах үйл ажиллагааг дэмжин ажиллаж, бодитой хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Жон Хэйр Монголын ховор зүйлийн комисстой хамтран “Хавтгай үржүүлгийн төв”ийг байгуулж, хавтгайн сүрэгт чиглэсэн судалгаа, менежмент хийсэн байна.Түүнчлэн хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, хавтгай тэмээний ач холбогдол, үнэ цэнийг дэлхий нийтэд таниулах үүднээс эрдэм шинжилгээний хурал, илтгэл, лекц, хялбаршуулсан танилцуулга, гарын авлага,үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулсаар иржээ.

Categories
мэдээ нийгэм

Түр гүүрийн замын хөдөлгөөнийг хаана

Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингэсийн өргөн чөлөөний өргөтгөл шинэчлэлт, Богд уулын арын 17.1 км авто зам шинээр барих ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг гүүртэй зэрэгцээ 243 у/м төмөр түр гүүрийг угсарч дуусган байнгын ашиглалтад оруулаад байсан. Гэвч түр гүүрээр хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчсоны улмаас гүүр, замыг холбох хэсэг болох дамжих хавтангийн бетонд ноцтой эвдрэл гарсан тул өнөөдөр /X.4/ оройн 22.00 цагаас ням гаригийн /X.5/ 23:00 цаг хүртэл баруун шинэ гүүрийг хааж засварлах ажил хийхээр болжээ. Тиймээс зүүн талын хуучин гүүрээр эсрэг хөдөлгөөнөөр хөдөлгөөнийг өөрчлөн зохион байгуулах тул жолооч нарыг тухайн гүүрээр замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын цагдаагийн газраас анхаарууллаа. Түр гүүрийг Туул гол, Яармагийн одоо байгаа гүүртэй зэрэгцээ байрлалтайгаар шинээр баригдах төмөр бетон хос гүүрийн байгууламжийг ашиглалтад ортол 2-3 жил ашиглахаар тооцож төлөвлөн барьсан аж. Гүүрээр зорчих авто тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 20 тн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өргөст хэмх даршлах арга

Өргөст хэмх даршлахад, хамгийн гол нь хөгширч муудаагүй, дотор талдаа хөндий үүсээгүй сайн чанарын өргөст хэмхийг сонгож аваад сайтар угааж цэвэрлэнэ.Хэрэв хөндий үүсэж бүдүүрсэн хэмх даршилахад маш түргэн хугацаанд муудах ба амт чанар муутай болдог. Уусмалыг бэлтгэхдээ гурван литр усанд 180 гр нунтаг давс /иоджуулаагүй нунтаг давс/ 140 гр элсэн чихэр хийж буцлангуут нь зургаан халбага /дунд/ уксус хийж таглаад буцалгалтыг зогсооно. Энэ уусмал нь дундаж хэмжээтэй 6-7 шил өргөст хэмх даршилахад тохирно. Өргөст хэмх даршилах шил савыг урдаас 3-4 дамжлагаар сайтар угаасан байх ба хамгийн сүүлд 10-15 минут жигнэж ариутгана. Мөн тагыг маш сайн угааж ариутгасан байх ба зэвэрсэн таг хэрэглэж болохгүй. Ариутгасан нэг литрийн шилэн дотроо 2-3 ширхэг лаврын навчны толгой, гоньдны иш 2-3ш, үрлэн хар перец 5-6ш, 2ш саримсны хумс, 2-3 ширхэг үхрийн нүдний модны навч болон хэмжээ ижил хэмжээттэйгээр зайг нь тохируулан хийнэ. Хэрэв илүү үзэмжтэй амтлаг болгоё гэвэл жижиг лууван болон цэцэгт байцаа зэргийг 2-3 ширхгийг хийж болно. Лууван, цэцэгт байцаа, үхрийн нүдний навч зэрэг нь дарж байгаа ногоондоо сайхан үнэр, амт оруулдаг. Гоньдны толгой болон үхрийн нүдний навчаа, лууван зэрэгээ буцалсан усанд дүрж ариутгасан байх хэрэгтэй. Уусмалаа хийхдээ шилнийхээ 2/3 хүртэл хийж тагийг хагас таглаад 8-10 минут жигнэж гаргаж ирэнгүүтээ сайтар таглаад доош харуулж тасалгааны нөхцөлд долоо хоног хадгалж хэрэглэхэд бэлэн болно. Даршилсан ногоогоо сэрүүн нөхцөлд 1-6 сар хүртэл хадгалж хэрэглэж болох ба буруу аргаар даршилсан өргөст хэмхний таг бөмбийх, шүүс булингартах, исэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Өргөст хэмх даршлах арга ажиллагаатай алил аргаар лооль, лууван, манжин зэрэг хүнсний ногоог даршилж хадгалж болно.

Categories
мэдээ нийгэм

МУБИС-ийн оюутнуудад үйлчлэх төвтэй боллоо

МУБИС 13 мянга гаруй оюутантай бөгөөд тэдний 80 орчим хувь нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг юм байна. Өөрөөр хэлбэл оюутан сурагчдын дийлэнх нь чөлөөт цагаараа өөрсдийгөө хөгжүүлэх боломж хомс байдаг гэнэ. Тус сургуулиас нөхцөл байдлыг харгалзан үзэж оюутанд үйлчлэх төвийг сургууль дээрээ байгуулжээ. Ингэснээр оюутнууд хичээлийн бус цагаар судалгааны ажлууд дээр мэтгэлцэж харилцан мэдлэг солилцох боломжтой болох юм байна. Мөн тус төвөөс өөрт шаардлагатай кредит цагаа цахимаар авахаас гадна цагийн ажилд зуучлуулах, гадны тэтгэлэгт сургалтын талаар мэдээлэл авах зэрэг олон боломжийг оюутнуудад олгож байгаа аж. Эхний ээлжинд оюутнуудыг хичээлийн бус цагаар мэдээлэл солилцох боломжоор тус төв хангана гэж байна. Харин цаашид цахим орчныг бүрдүүлэхээс гадна оюутан залуучуудад хэрэгцээтэй мэдээлэл технологи цагийн ажлын мэдээлэл, гадаадын тэтгэлэгт сургалтын талаар мэдээлэл олгох зэрэг ажлуудыг тус төвөөр дамжуулан оюутнууддаа өгөхөөр төлөвлөөд байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Сагсчид эх орондоо ирлээ

БНСУ-ын Инчон хотноо болсон 17 дахь удаагийн Азинй наадамд амжилттай оролцож түүхэн амжилтын эзэд болсон Монголын сагсанбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан эх орондоо ирлээ. Энэ удаагийн Азийн наадамд манай эрэгтэй, эмэгтэй баг наймдугаар байрт бичигдсэн амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Бээжин”-гийн замын нээлт даваа гаригт болно

Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто замыг шинэчилж байгаа. Тодруулбал, Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 метр урт гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл энэ амралтын өдөр ямар нэгэн саатал гарахгүй бол ирэх даваа гаригт нээнэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байна. Гэхдээ гүүрийн засварын ажлыг ирэх сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийжээ.