Categories
мэдээ нийгэм

Д.Батцогт Ардчилсан хүчний холбоонд нэгдлээ

Aрдчилсан хүчний холбооны нийслэлийн чуулган өнөөдөр болж байна. “Монголоо шинэлчилье” уриатай тус холбоонд эх орноо хөгжүүлэх, шинэчлэх хүсэлтэй гишүүд, дэмжигчдээр өдөр бүр эгнээгээ тэлж байгааг удирдагчид нь хэлж байсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт тус холбоонд нэгдэж буйгаа зарлаж, Нийслэлийн чуулганд хүрэлцэн ирлээ.

Тэрбээр “Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж байсан. Тиймээс тус холбоонд нэгдэх шийдвэр гаргалаа” гэж ярьсан юм. Ардчилсан Хүчний Холбоо нь сонирхолын клубуудын үйл ажиллагаан дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага учраас намын харьяалал харгалзахгүй нэгдэх боломжтой байдаг.

Categories
мэдээ нийгэм

Захуудын чингэлгийн худалдааг зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болоод захуудын орчин нөхцөлд шалгалт явуулж цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Барс”, “Хархорин”, “Меркури”, “Эрдэнэбулган”, “Энхжин”, “Бөмбөгөр” зэрэг долоон зах, худалдааны төв болон 980 түрээслэгчийг шалгалтад хамруулсан байна.

Шалгалтаар нийт 446 зөрчил илэрч, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлд худалдаа эрхлэж байсан “Нарантуул”, “Барс” захуудын павильон, чингэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, зогсоосон байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Бүхий л худалдааны төв, захуудад хаяг шошгийн зөрчилтэй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа зөрчил нилээдгүй илэрсэн. Эдгээр зах, худалдааны төвүүдэд торгууль, шийтгэвэр оногдуулж ажиллалаа. Зориулалтын бус байранд худалдаа эрхэлж байгаа “Нарантуул”, “Барс” захуудын чингэлгийн худалдааг зогсоосон. Мөн таван аж ахуй нэгжид 28 сая төгрөгийн, 44 иргэн 7.4 сая төгрөгийн, эрх бүхий албан тушаалтанд 30.6 сая төгрөгийн торгууль оногдуулж, зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн даргад өрсөлдөгчид мэтгэлцэнэ

Улаанбаатар хот анх удаа Цагдаагийн газрын даргыг иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдийн бас нэг үнэлгээ болох халз ярилцлага, мэтгэлцээн өнөөдөр аравдугаар сарын 05-ны 21.00 цагт UBS телевизээр шууд үзэгчдэд хүрнэ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, шүүгчдийн асуултад хариулах юм байна. Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд иргэд нийслэлийн ЗДТГ-ынwww.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун хэсэгт байрлах санал асуулгын цонхонд нэвтэрч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, саналаа өгөх боломжтой.

Санал асуулгыг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг нууцалж А, Б хэмээн тэмдэглэжээ. Санал авах ажиллагаа энэ сарын 08-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн таны санал сонгон шалгаруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хотын удирдлагууд анхааруулав.

Энэ сонгон шалгаруулалтад иргэдийн оролцоотой сонгож, байгуулагдсан Нийслэлийн Иргэний зөвлөл голлох үүрэгтэй оролцож байгаа бөгөөд хөндлөнгийн хяналт тавьж, шууд ярилцлагын шүүгчээр ажиллах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Батбаяр: Монгол Улсын өр 20 тэрбум ам.долларт хүрээгүй

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлаар МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас мэдээлэл авсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаагүй билээ. Харин баасан гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийснээр эхэллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаа гэдэг бол гурван сар гаруйн хугацаа. Энэ хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх олон чухал арга хэмжээг Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаар батлуулж, олон хууль, тогтоомж батлагдаж, олон хүнд суртал багасч эдийн засаг эрчимжихэд нэмэр хандив боллоо гэдгийг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Ерөнхий сайдын дэргэд байнгын ажиллагаатай Эдийн засгийн зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх хуулиуд, мөн бизнест учирч байгаа саад бэрхшээлийг тодорхойлж 100 хоногийн хугацаанд маш идэвхтэй ажилласан. Цаашид ч мөн ажиллана гэлээ. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 28 хууль, тогтоолын төсөлд тэдний санал тусгагдсан аж. Тус зөвлөлийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын бүх шийдвэрүүд “Монголын бизнесийг дэмжсэн байх” гэсэн үндсэн зарчмыг баримталж байхаар болжээ. 100 хоногт Засгийн газар 53 тогтоол, тэмдэглэл баталсан бол Ерөнхий сайдын захирамжаар 14 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчид гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн гэдгийг дуулгалаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд төлөх гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсанаар иргэдэд 3.8 тэрбум төгрөг үлдлээ. Иргэд төлсөн татвараа буцаан авдаг болно гэв. Засгийн газрын шийдвэрээр Алтанбулаг, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ олон улсын боомт өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдрөөс 24 цагаар ажиллаж эхэллээ. Энэ нь иргэдийн харилцан зорчих, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Гашуун сухайтын гарцын хүчин чадал гурав дахин нэмэгдсэн тухай хэлсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын мэдэгдэлд дургүйцлээ илэрхийлж “Хувийн хэвшлийнхний чадан ядан хийсэн ажлыг та нар өөрсдөө хийсэн гэж хэлж байна. Тэдэнд ямар ч нэмэр болоогүй байж бид хийсэн гэж хэлэх эрх байгаа юм уу” хэмээн нэлээд бухимдалтай байсан юм.

УИХ дахь МАН-ын бүлэг “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжих хугацаанд талхны үнэ 850 төгрөгөөс 1150 төгрөг болж 300 төгрөгөөр өссөн бол орон сууцны үнэ хоёр жилийнхээс 2.6 дахин өссөн. Ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1906 төгрөгтэй тэнцсэн нь Монголын түүхэнд анх удаа валют дээрх жишигт хүрч, ханшийг шинэчлэн тогтоосон. Хоёр жилийн хугацаанд 54 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан төдийгүй зөвхөн “Эзэн 100” хөтөлбөр хэрэгжсэн 100 хоногийн хугацаанд 2000 гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсан нь эдийн засаг сэргэх биш хүндэрсэн гэж дүгнэхээс аргагүй байна гэв.

УИХ-ын гишүүн Су.Батболд бодит амьдрал ямар байгааг олж харахгүй бол Оюутолгойд ажиллаж байсан залуус хэдэн зуугаараа ажилгүй болж гэр рүүгээ буцсан. Бусад уурхайд ч байдал ийм. Хоёр жилийн өмнө хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөнтэй ресторанд ороход ширээ олддоггүй байсан бол одоо 20 хувь нь л хүнтэй. Сонины зарыг харахад “Үл хөдлөх хөрөнгүүдийг зарна” гэсэн зар маш их болсон. Ихэнх нь цайны газар, үйлдвэрлэл явуулж байсан цехээ зарна гэдэг. Хорооллын үйлчилгээний төвүүдийн лангууны 50 хувь хоосон болсон. Түрээсний мөнгөө төлөх боломжгүйгээс болж байдал ийм болчихоод байхад “Эзэн 100” сайн болсон гэж үзэх ёс зүй байхгүй гэдгийг хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ард иргэдээс авдаг торгууль шийтгэврийн хэмжээ хоёр дахин өссөн байтал ард иргэдийнхээ халаасанд үлдээсэн мөнгө өссөнгүй. Цалин тэтгэврийг хэзээ нэмэх вэ. Өргөн хэрэглээний барааны үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд 10-60 орчим хувиар өссөн. Төрийн алба тойрсон хулгай тасарсангүй. Монгол Улсын өр 20 тэрбум ам.доллар боллоо. Яагаад ийм байдалд хүрчих вэ гэхэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын өр 20 тэрбум ам.долларт хүрээгүй. Бодитой шалтгаанууд бий юу гэвэл бий. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ хэд дахин унасан. Үүнээс болж, 2011 онд уул уурхайн баялгаар дамжиж орж ирж байсан орлогын хэмжээ 2014 онд хэд дахин буурсан. Үүнийг хаа, хаанаа ойлгох ёстой. Нөгөө талдаа Оюутолгойгоос Монгол Улсад борлуулалтын орлого хэлбэрээр 700 сая ам.доллар орж ирээгүй байна. Энэ бүхэн нь эргээд хүндрэл учруулж байна” гэж хариулсан юм. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Улсын хэмжээнд нийт 99600 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 54 мянга орчим нь үйл ажиллагаа эрхэлж бусад нь Х тайлан гаргадаг. Энэ нь одоо бий болсон үзэгдэл биш, өмнөх Засгийн газрын үед ч байсан. Өнөөгийн байдлаар 44854 жижиг дунд үйлдвэрлэл ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл өмнөх жилүүдийнхээс өссөн тоо гардаг. Хөдөлмөрийн яам энэ онд 51 мянган иргэнийг ажилтай болгох зорилт тавьсан, түүндээ хүрч байгаа. Ажилгүй иргэдийн тоо өссөн асуудал байхгүй, бүртгэл сайжрахын хэрээр, хороо бүрт Хөдөлмөрийн бирж ажиллаж, иргэдийг ажил хөдөлмөрт зуучилдаг болсон. Тодорхой бэрхшээлүүд гарч байгааг үгүйсгэхгүй” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газар алдаагаа засахгүй бол зургаан сарын дараа нийгэм, эдийн засгийн байдал улам хүндэрнэ гэлээ. Эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд энэ онд эдийн засгийн өсөлт сайд Н.Батбаярын хэлж байсанчлан 10 хувьд хүрэхгүй зургаан хувьтай гарна. 2014 оны төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасарна. Төлбөрийн тэнцэл 2012 онд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2014 онд 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байгаа аж. Өрийн хэмжээ 2011 онд ДНБ-ий 32.7 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр өр ДНБ-ий 67.5 хувьтай тэнцэнэ. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнээс 40 хувиар өссөн. Ханшийн хямрал санхүүгийн хямрал болчих вий, бодлогын алдаагаа засч чадаагүй учраас энэ үзэгдлүүд гарч ирээд байна” гэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжүүлэхэд зардал мөнгө дорвитой гаргаагүй. Хоёр жилийн ажлын тайланг оруулаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхэд л тодорхой мөнгө зарцуулсан гэсэн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Дэлхийн зах зээл дээр эрдэнэс баялгийн үнэ хэд дахин унасан. “MCS”-ийн Л.Энх-Амгалан, “МАК”-ийн Н.Номтойбаяр нар хаана байна. Тэд нар мэдэж байгаа. Хэлээд өгнө” гэж байлаа.

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ тухай дэлгэрэнгүйг даваа гаригийн дугаараас уншаарай.

Э.ЭНХ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Бөхийн холбооны тэргүүлэгчид болоод академич Б.Жадамба нарын ангийнхан

“Нэг ангийнхан” буланд МУИС-ийн физик-математикийн факультетийн физикийн ангийн 1972-1977 онд төгсөгчид онцлогдлоо. Энэ ангийг арван есөн оюутан төгссөнөөс тав нь эмэгтэй байж. МУБИС-ийн ректороор олон жил ажилласан академич, шинжлэх ухааны доктор, онолын физикч, Монгол Улсын гавьяат багш Б.Жадамба бол энэ ангийнхны бахархал гэхэд хилсдэхгүй. Архангай аймгийн Тариат сумын уугуул эл эрхэм арван жилийн сургуулиа алтан медальтай төгсөж ирсэн “танк хүлэгч” аж. 1932 оны эсэргүү хөдөлгөөн дэгдэхэд Тариатынхан танк хүлнэ гэснээс үүдэлтэй энэ хочийг ангийнхан нь түүнд оюутан болсон эхний өдрөө л өгсөн гэнэ. Тамхи татахаас өөр ноцтой дутагдалгүй тэрээр ангийн даргаар томилогдож, таван жилийн хугацаанд үүргээ ч сайн гүйцэтгэжээ. Түүний нэг онцлог бол хөөрхөн барилдчихна, бас гар барилдаанаар ангийнхаа хөвгүүдэд хэзээ ч дийлдэж байгаагүй шөрмөслөг эр аж. Эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас Х.Хайрат хэмээх сэргэлэн хөвүүн ирсэн нь онолын физикч болжээ. Ангийнхнаа хооронд нь холбогч гүүр бол яах аргагүй тэр юм. Хайрат сургуулиа дүүргээд ШУА-ийн физик техникийн хүрээлэнд олон жил ажиллаж, Монголын анхны өнгөт “Монел” телевизийг хийлцсэн инженер гэж байгаа. Тэрээр эдүгээ байгаль орчны үнэлгээний компани удирдан ажиллуулдаг юм байна.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзан найзынх нь тодорхойлсноор “Говь-Алтай аймгийн Чандмань сумаас ирсэн өндөр хар залуу” бол эдүгээгийн МУСГЗ, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Рэгжийбуугийн Нямдорж байж. Тамхийг бол хуруу шиг бүдүүн ороогоод сайхан маналзуулчихдаг нөхөр ирсэн гэж байгаа. Ер нь Д.Данзан бээр Б.Жадамбаа, Р.Нямдорж хоёрын тамхи татах зуршилтай олон жил уйгагүй тэмцсэн нэгэн юм билээ. Ямар сайндаа л оюутан байхдаа сонин сэтгүүлээс тамхины хор холбогдлын талаарх булангуудыг хайчилбар хийн бэлэглэдэг байсан юм билээ. Харамсалтай нь мөнөөх хоёр нь андынхаа хичээл зүтгэлийг өнөө хүртэл талын нэг тарааж хаян, уушгины улаанаа уугиулсаар буй юм. Өнөөгийн тэргүүн Нямдорж оюутан байхдаа төрөлх сумандаа зуныхаа амралтаар очин барилдаж сумын начин цолтой ирж. Нямдорж, Данзан хоёр их сургуульд элссэн анхны өдрөөс эхэлж үерхэн өнөөг хүртэл холбоотой хоёр үрээ шиг зорилго үйлсээ нэгтгэж яваа нь хүн атаархмаар. Бөх хамт үздэг, уран зохиолын сонирхлоороо нэгдсэн гээд тэр хоёрыг холбох зүйл маш олон байжээ. Р.Нямдоржийн хувьд уянгын өгүүллэгүүд бичнэ. “Газрын хол”, “Дөмөн дуутай намар” зэрэг өгүүллэгийн түүврүүдээс гадна нийтлэлийн хорь гаруй ном туурвисан хүн бол тэр юм. “Газрын хол” киногоо 2002 онд олноо толилуулжээ. Данзан шүлэг оролдоно. Сонирхуулахад мань хоёр цагдаагийн байгууллагын ойгоор найруулал бичиж уралдаанд оролцож байсан. Төгсөх жилээ ангийн дарга онц сурлагатан Б.Жадамбынхаа тухай “Оюутны цонх гэрэлтэй” гэсэн найруулал бичин “Залуучуудын үнэн” сонинд хэвлүүлсэн нь ирээдүйн ректорын хувь заяанд эергээр нөлөөлсөн байх магадлал өндөр гэнэ. Учир юу гэвэл эдний ангийнхан байгалийн шинжлэх ухааны хичээлдээ “гавал” болохоос Шинжлэх ухаан коммунизмын түүх зэрэг нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүддээ “нохой хориход” маруухан байж. Сурган хүмүүжүүлэх ухааны хичээлийн шалгалт авахад ганц ч хичээлд сайн дүнгүй Б.Жадамба нэлээд баргар харагдана гэнэ шүү. Тэгтэл аз болж тэр өдөр нөгөө найруулал сонинд нийтлэгдсэн байсныг шалгалт өгөхөөр орсон ангийнхаа нэг нөхрөөр шалгалтын комиссын багш нарт атгуулчихаж. Нөгөөдүүл нь дамжуулж уншаад, хоорон­доо шивнэлдэн байж цонх гэрэл­түүлэгч найрууллын баат­рыг онц дүнгээр мялаажээ.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор Довдонгийн Данзан бол Ховдын Дарвийн уугуул нэгэн бөгөөд аймгийнхаа дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд МУИС-д элсэх урилга гардсан завшаантай. Сурагч байхдаа л ангийн эвлэлийн үүрийн даргын албан тушаалтай байсан тэрээр оюутан ангидаа ч, төгсөөд сургуулийнхаа багшаар ажиллахдаа ч энэ сэнтийгээсээ буугаагүй дархан дарга аж. “Монгол эрийн жавхаа”, “Түшээт хааны Намхай аварга”, “Гэртээ ирлээ”, “Насны хайр” тэргүүт олон дууг нь аялах хүн олон байж таарна. Мөн “Босоо дэлтэй борлог”, “Дэлхийд ганц наадам” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн нэгэн. Тэрээр МУИС-ийг онц дүнтэй төгсөж, сургуульдаа өчигдрийн оюутнаас өнөөдрийн багш болж, 16 жил бодис зүйн эрдмийн шимийг амтлуулж явсан багш, сурган хүмүүжүүлэгч, ардын боловсролын тэргүүний ажилтан хүн. “Хэт богино радио долгионы тархалтын судалгаа” гэсэн сэдвээр 1992 онд физик математикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Үндэсний бөхөө эрхэмлэн дээдэлж хөгжүүлэх үйлст оюун билэг, авьяас чадвараа сорин МҮБХ-г байгуулалцаж Бөхийн өргөөтэй болох нүсэр ачааг үүрэлцэж уран барилга, архитекторч болж үзсэн толгой. Д.Данзан “Эгшиглэнт нас”, “Босоо дэлтэй бор”, “Дэлхийд ганц наадам”, “Дэлхий чимсэн нутаг”, “Бусдынх амттай хорвоо” тэргүүт яруу найргийн түүврүүд хэвлүүлж, “Насны хайр”, “Сайхан хүмүүс” тоглол­тоо ард түмэндээ толилуулсан. Энэ эрхэм нийтлэл, танин мэдэхүйн гуч гаруй номыг хэвлүүлсэн хөдөлмөрч, авьяаслаг нэгэн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумаас ирсэн Ц.Нинжбат төгсөөд сумандаа багшаар очин, сургуулийнхаа хичээлийн эрхлэгч, захирлын алба хашихын зэрэгцээ физикийн улсын олимпиадад шавь нараа олон жил тууштай сайхан сойж байгаа “уяач” болжээ. Эдний ангийнхан намрын ажилд Төв аймгийн Жаргалантын САА-д хэдэн жил дараалан очиж ажилласан байна. Харин 1974-1975 онд хоёр жил дараалан зуны ажлаар Дорнод аймгийн Баяндун суманд очин сумын клубийн тоосгон барилгыг босголцжээ. Ийн ажиллахдаа 1974 оны наадамд Р.Нямдорж зодоглон үзүүрт тунаж, сумын заан Басгадайд тахимаа өгч байсан нь дурсгалтай санагддаг гэнэ. Хойтон жилийнх нь наадамд Ц.Нинжбат шигшээ барилдаанд түрүүлж, ангийн анд Жадамбаа, Данзан хоёрынхоо хорыг гозолзуулж байсан гэж байгаа. Учир нь энгийн үед барилдахад мөнөөх хоёр Нинжийгээ ёстой нэг нүдээрээ үздэггүй байж. Тэгсэн тэр барилдаанд нөгөө хоёр нь доор даваанд нутгийн ханагаруудад унаж, унаад байдаг найз нь түрүүлж л дээ. Эдний ангийн хөвгүүд Тасганы овоон дээр гараад бараг өдөржингөө барилдчихдаг байсан нь Монголын үндэсний бөхийн ирээдүйн их зүтгэлтнүүд төрөх үүдэл болсныг үгүйсгэх газаргүй. Баяндунд хоёр жил дараалан зусахдаа тухайн сумын наадмыг жинхэнэ утгаар амилуулсан гэдэг. Учир нь буриадууд монгол наадмыг тэгтлээ нэг их сонирхдоггүй болохоор идэвхгүй, нэг л тийм үлбэгэр наадманцар болдог байж л дээ.

Энэ ангийнхан хоёрдугаар курсээсээ гурван бүлэгт хуваагдан хичээллэх бол­жээ. Хатуу биеийн физикийн бүлэгт Д.Данзан, Р.Нямдорж, Ц.Нинжбат, Л.Майдар, Ш.Жаргалсайхан, Ц.Одончимэг нар, радио физикийн бүлэгт С.Бэрхээ, Г.Хүрлээ, С.Баасанцэрэн, А.Тогтох, Д.Ишзэн, Р.Бат-Эрдэнэ, С.Мягмарсүрэн нар, онолын физикийн бүлэгт Б.Жадамба, Ж.Бааст, Төгөлсүрэн, Ц.Мөнхжаргал, Х.Хайрат, Цэндсүрэн нар тус тус хуваагджээ. Шинжлэх ухааны докторын зэргийг Б.Жадамба хамгаалсан бол боловсролын докторын зэргийг С.Мягмарсүрэн, Д.Данзан нар нэр төртэй хамгаалсан байдаг. С.Мягмарсүрэн Ховдын багшийн дээд сургуульд насаараа физикийн багшаар ажилласан хөдөлмөрч, маш цэвэрч нэгэн. Цэвэрч нь дэндүүдээ оюутан байхдаа өглөө бүр цүнхнээсээ тусгай алчуур гарган сандал, ширээгээ бараг нүүр харагдтал зүлгэн арчиж байгаад суудаг байж. Энэ нь хамт суудаг Данзанд сайхан санагддаг байсан гэнэ. Харамсалтай нь энэ нямбай хүмүүн тавь гаруйхан насандаа бурхан болжээ. Төгөлсүрэн, Мягмарсүрэн, Майдар, Бэрхээ, Ишзэн нар нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч ангийн нөхөд нь оюутан ахуйн тэр л гэгээн дүр, хүүхдэрхэг занг нь өнөө ч дурссаар. Сургуулиа төгссөн даруйд Хүрлээ, Бэрхээ, Хайрат, Баасанцэрэн нар ШУА-ийн физик техникийн хүрээлэнд хуваарилагдан баяртайгаар очиж, хожим тэд “Монел” теливизийн хамтран зохион бүтээгчид болсон түүхтэй. Р.Нямдорж төгсөөд МУИС-ийн хуулийн тэнхимд криминалистикийн багшаар 16 жил ажилласан бол Оюунчимэг Геологийн төв лабораторид инженерээр ажилласан байна.

Ангийн гарын таван хуруу, цэцгийн таван дэлбээ болсон охид нь Төв аймгийн Жаргалантын САА-гаас ирсэн Жаргалсайхан хэмээх аманцар шар охин, нийслэлийн V сургуулийн төгсөгч Оюунчимэг, Сэлэнгэ нутгаас ирээд нутагтаа багшаар одсон Мөнхжаргал, Увсын Цэндсүрэн, Өмнөговийн Тогтох нар юм. Тогтох шиг гайхамшигтай сайхан бичигтэй хүнтэй өнөөдрийг хүртэл таарсангүй гэж ангийнхан нь ам шүд алдаж байна. Майдар, Баасанцэрэн хоёр Эрхүү хотоос эдний ангид ирсэн аж. Тэд орос хэлэнд ус цас болохоор нөгөөдүүл нь бараг л хадаг барьж шавь орохоо шахдаг байж. Ишзэн гитарыг ёстой л уйлуулж дуулуулах шиг тоглож, дуулахыг ч нэг үзүүлж өгдөг байсан нь оюутан цагийн уянгыг хөглөж үлджээ. Г.Хүрлээ нийслэлийн нэгдүгээр сургууль дүүргэж ирсэн болохоор математикаар толгой цохино. Аав Гомбосүрэн нь хот тохижилтын зүлэг услалтын жолооч хүн байж. Зан сайтынд хүн болгон цуглана гэгчээр эднийхийг тус ангийнхан бараг босгогүй болгосон гэж байгаа.

МУИС-ийн физик-математикийн факультетийн физикийн ангийн багш нь Монголын үндэсний сурын спортын мастер, физикийн шинжлэх ухааны доктор, Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг байжээ. Эднийг анх оюутан болоход МУИС-ийн захирал академич Н.Содном байсан бол төгсөх үед нь Монгол Улсын нам төрийн удирдагч Жамбын Батмөнх гуай захирлаар ажиллаж байсан гэнэ. Тэд мэргэжлийн хичээлийг доктор Д.Батсуурь, Д.Цэрэн, Г.Шилаагарьд, Н.Лувсандорж, Ө.Баваасан, Э.Дамдинсүрэн, И.В.Арсентеев нарын эрдмийн гэрэлт мэргэдээр заалгаж, ухааны жигүүр тэлсэндээ өнөө ч бахархаж явна.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Тивийн шилдгүүд дөрвөн жилийн дараа Жакартад өрсөлдөнө

-234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав.

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болж, өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөлдлөө.

БНХАУ 151 алт, 108 мөнгө, 83 хүрэл, нийт 342 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ (79+71+84), Япон (47+76+77), Казахстан (28+23+33), Иран (21+18+18) улсууд удааллаа. БНАСАУ 11 алт, 11 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бол 2018 оны XVIII наадмыг зохиох эрхийг авааад байгаа Индонези улсын баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 20 хүрэл медаль хүртжээ.

234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав. Монголын баг тамирчид өмнөх наадамд үзүүлж байсан олон амжилтыг эвдсэн.

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш нийт 14 алтан медаль хүртсэн бөгөөд “Шинэ Дель-1982” наадмаас гурван алтан медаль хүртэж байжээ. Харин “Шинэ Делт 1982”-т тогтоож байсан гурван алтан медалийн амжилтыг “Инчён-2014”-т тав болгон эвдэж, нийт 19 алтан медалийг Азийн наадмаас хүртээд байна.

Монголын боксчид Азийн наадмын түүхэн дэх анхны алтан медалиа хүртсэн бол таеквондогийн анхны медальтан төрлөө.

Үүнийг тодруулбал, Монголын боксчдоос анхны Азийн наадмын аваргыг ОУХМ Д.Отгондалай, таеквондын тамирчдаас анхны медальтан болсон М.Түмэнбаяр, марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар IV байрт шалгарсан, Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 66 кг-д Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, мөнгөн медалийг Дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар, Б.Дүүрэнбилэг, Г.Одбаяр, хүрэл медалийг Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүртлээ. Чөлөөт бөхийн баг тамирчдаас нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртлээ.

Мөн Азийн наадмын буудлагын тэмцээнд урт бууны тамирчин Чулуунбадрахын Нарантуяа 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болов. 25 метрийн спорт гар бууны дасгалд онч сорьсон олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртэв. Түүнчлэн Азийн наадамд оролцсон Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй болон эмэгтэй баг тамирчид маань гайхалтай тоглолтуудыг үзүүлж, шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үзүүллээ.

Ийнхүү амжилт бахархалаар дүүрэн, алдаа оноо, сургамж шүүмж, хөлс хөдөлмөрийг харуулсан олон олон сонирхолтой тоглолтууд үргэлжилсэн 16 хоног өнгөрлөө.

1962 онд Азийн зуны спортын IV дэх наадмыг зохион байгуулж байсан Индонезийн Жакарта хотод дөрвөн жилийн дараа тивийн шилдэг тамирчид дахин өрсөлдөх юм.

Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран, Н.Лхамгармаа нар аваргалжээ

АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нар аваргалж, алтан соёмбот далбаагаа мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн бол 65 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн тавцанд зогссон байна. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д хүч үзсэн Д.Орхон нар мөнгөн медаль хүртэж, мөн Монгол Улсынхаа төрийг далбааг өргүүлжээ. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөх юм байна.

Categories
гадаад мэдээ

Турк Исламын улсын эсрэг тэмцэлд нэгдлээ

Туркийн арми Ирак, Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод байгаа Исламын улсын эсрэг тэмцэлд нэгдэхээр болсон тухай тус улсын парламентаас мэдээлсэн байна. Туркийн Батлан хамгаалахын сайд Исмет Юлмаз “Сирийн радикал, зэвсэгт бүлэглэлийн хүчирхэгжилт Туркийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна. Тиймээс эрх баригчид хилийн дагуух аливаа зэвсэгт мөргөлдөөнийг багасгах чиглэлд ажиллах болно” гэжээ. Туркийн парламентийн гишүүдийн 298 нь уг саналыг дэмжиж 98 гишүүн татгалзсанаар Турк улс нэг жилийн хугацаанд Исламын улсын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Гэхдээ цэргийн үйл ажиллагааны тодорхой шийдлийг гаргаж ирээгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Исламын улсын зэвсэгт дайчид Туркийн хилд ойртож байгаа мэдээлэл гарсан нь парламентийн гишүүд дээрх шийдвэрийг гаргахад багагүй нөлөөлсөн юм. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганд тус улсын Батлан хамгаалах салбарт шинэчлэл хийхийг сануулсан нэг том дохио боллоо гэж ажиглагчид дүгнэжээ. Харин Ерөнхийлөгч Эрдоган парламентийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Би бүхэн Исламын улсаар зогсохгүй Ирак, Сирийн нутагт дэвсгэрт буй бүхий л террорист байгууллагуудын эсрэг тэмцэх болно. Энэ бол бидний нэн тэргүүний зорилго байх болно. Турк улс терроризмын эсрэг тэмцэлд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Турк улс мөргөлдөөнд шууд цэргийн хүч илгээхийг хараахан зөвшөөрөөгүй байгаа билээ. АНУ-ын тэргүүлсэн Исламын улсын эсрэг кампанит ажилд одоогоор 30 гаруй орон нэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул”, “Барс” худалдааны төвийг хэсэгчлэн хаахаар болжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул”, “Барс”, “Хархорин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Энхжин” зэрэг томоохон худалдааны төвүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд хаяг шошгын зөрчилтэй, сав баглаа боодолгүй, хадгалалтын хугацаа дууссан, Монгол Улсад худалдан борлуулах зөвшөөрөлгүй зэрэг зөрчил олныг илрүүлсэн байна. Мөн “Барс”, “Нарантуул” худалдааны төвүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй хүнсний бөөний агуулах гэж нэрлэсэн обеъкт нь халаалт, усан хангамж болон гэрэлтүүлэггүйгээс хүнсний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн байжээ. Тиймээс дээрх зөрчлийг арилгатал тус худалдааны төвүүдийн задгай павильоны үйл ажиллагааг хэсэгчлэн хаахаар болсон байна. Түүнчлэн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан дээрх худалдааны төвүүдийн найман албан тушаалтанд 7.4 сая, нийт зөрчилд 53 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Categories
гадаад мэдээ

Япон улс эбола вирустай тэмцэхэд 62 сая ам.долларыг хандивлана гэв

Баруун Африкт дэгдсэн эбола вирусын халдвар хяналтаас гарч, халдварын тархалт хурдацтай өсөж байгаатай холбогдуулан олон улсын зүгээс анхаарал хандуулж эхэллээ. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр Японы Засгийн газар баасан гарагт болсон хуралдаанаар эбола вирусын тархалттай тэмцэхэд дахин 22 сая ам.долларыг хандивлах шийдвэр гаргажээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын сүүлээр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ 40 сая ам.долларын тусламж илгээнэ гэж мэдэгдсэн билээ. Энэхүү тусламж шууд мөнгөн хэлбэрээс гадна ДЭМБ –ын бусад тусламжийн хүрээнд Баруун Африкийн улс орнуудад очно гэж байсан юм. Ийнхүү Японы Засгийн газрын зүгээс вирусын халдвар тархсан бүс нутгуудад нийт 62 сая ам.долларын буцалтгүй тусламж илгээхээр боллоо. Өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн тархаж эхэлсэн эбола вирусын халдвар эдүгээ Либери, Сьерра Леон, Нигер, Сенегал орнуудын 3300 орчим иргэний аминд хүрч, 7000 орчим хүн уг вирусаар халдварлаад байгаа юм. Харамсалтай нь одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм бэлдмэл, вакцин гараагүй байгаа бөгөөд ОХУ, АНУ, Их Британи, Канад, Япон зэрэг хэд хэдэн улсын эрдэмтэд вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж.