НЭГ. УТАА ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН
Үе үеийн эрх баригчид маань утаатай тэмцээд ялагдсаар явна. Одоо Улаанбаатар хот дэлхийн хамгийн хорт хот төдийгүй, өвөл хүн амьдрахад аюултай түвшинд хүрээд байна. Дүн хүйтний улирал болохоор утаа гамшгийн хэмжээнд хүрнэ. Энэ үед мөнгөний боломжтой зарим хүн эрүүл мэндээ бодоод гадаад руу дүрвэж байна. Аминдаа арчаатай зарим нь ач, гучаа аваад утаанаас дайжин хөдөө уулын аманд гэр барин өвөлжихөөр нүүж байна. Нэг уушгинд оногдох хар тугалга зэрэг хорт элемент аль хэдийнэ аюулын хэмжээг давсан. Улаанбаатарын хорт утааг нялх хүүхдийн торго адил эмзэг нялх уушги битгий хэл, тамхи архины дархлаа тогтсон томчуудын уушги хүртэл тэсэхэд бэрхтэй. Бид дасч болохгүй утаандаа хүртэл дасаад, улстөрчид нь хүртэл утаагаа арилгах бодолгүй гөлийжээ. Зунжин амарч наадсан иргэд хотдоо бөөгнөрч, парламент хуралдаж эхлэв. Тун удахгүй Улаанбаатарт амьсгаа авдаг хүн байтугай чөтгөр тогтохын аргагүй болно. Гэтэл намрын чуулган энэ тухай авиа гаргалгүй “Эдийн засгаа 100 хоногт сайжруулаагүй АН-ын Засгийн газрыг огцрооно” гээд зогсч байх юм. Эрх баригчид нь хүртэл улс орны эдийн засгийг 100-хан хоногт сайжруулна гээд амлалт өгч мундагтсан байх юм.
100 хоног гэдэг эм тарианаас хамааралтай, өвчтэй хүний бие тэнхрэх богино хугацаа юу гэхээс, дэлхийгээс хамааралтай улс орны эдийн засаг 100 хоногт сэхдэггүй юм. Ийм үзүүлэлтийг таван жилээр ярьдаг, дүгнэдэг гэдгийг макро эдийн засгийн хичээлд үзсэн бүгд мэдэж байгаа. Тэгвэл одоо парламентаар юу ярих ёстой вэ. Улаанбаатарт онцгой байдал тогтоож гурван сар утаатай тэмцмээр байх юм. Үндсэн хуулийн заалт ёсоор “Монгол хүнээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахыг төр хариуцах” ёстой. Бүх сургууль, цэцэрлэгийг хааж нүүлгэн утаагүй бүсэд шилжүүлэх. Хорт утаа үйлдвэрлэж байгаа бүх яндангуудыг төр хяналтдаа авч нүүрс, дугуй зэрэг хорт хий үйлдвэрлэдэг түлш түлэхийг хатуу хориглосон ч яадаг юм. Улс төрийн бүх намууд хэлэлцэн нэг бодлого боловсруулан Ерөнхийлөгч онц байдал тогтоосон ч болно. Хугацааны хувьд 90 хоног гамшгийн байдалд ажиллаад ард иргэдээ хойч үеэ утаанаас аврахаас өөр тулгамдсан ажил алга. Цөмийн зэвсэг, газар хөдлөлт, элдэв тахлаас илүү наад утаа чинь аюулын хэмжээнд хүрээд байхад төр авралын болон онцгой байдлын, гамшгийн түгшүүрийн хонх цохих болсоон.
ХОЁР. АРГАЛЫН
УТАА БОРГИЛСОН НҮҮДЭЛЧНИЙ ХОТ
Асуудал бий. Утаа гаргахгүй гэхээр нийтийн халаалтанд холбогдож чадаагүй гэр хорооллынхон хасах 40 градусын хүйтнийг яаж давнаа. Түлээ түлье гэхээр өнөө хар нүүрс, дугуй, хог новшоо түлж дулаан хонох. Судалгаанаас үзэхэд сүүлийн таван жилийн дотор хөдөөнөөс нүүж ирсэн айлууд монгол гэрт өвөлжиж элдэв юм түлж өвлийг өнгөрөөдөг гэнэ. Харин тохилог хашаа байшинд өвөлжиж байгаа унаган хотын иргэд “гэр хорооллын баячууд” ядахдаа цахилгаанаар халдаг нам даралтын зуух тавьчихсан утаа гаргалгүй өвөлжиж чаддаг байна. Тэгвэл энэ их яндангийн утаа угаар хаанаас гараад байна. Хотынхон хотын ойролцоо газар авчихаад хашаа хатгачихаад, хашаанд нь хөдөөнөөс ирсэн нэг айл сахиулаар буулгачихдаг. Хөдөөгийн оюутнууд шилжин ирэгсэд гэр бариад айлын хашаа, ер нь хаа ч хамаагүй гэр барьж буучихаад нийт гэр хорооллын хорт утааны наян хувийг үйлдвэрлэж байна гэж судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жилд шилжиж ирсэн нүүдэлчдийн яндан биднийг утаж хордуулж байна гэжээ. Харин нүүдэлчид хотын захад аль тааралдсан газар буун гал түлэхдээ нүүрс сонгодог гэнэ. Хөдөөнөөс ирсэн нүүдэлчид өөрсдийнхөө хөдөө түлж байсан “аргал” гэдэг түлшийг хотод түлдэггүй. Уг нь “аргал” их сайн экологийн цэвэр түлш байна гэжээ. Жайка-гийн төслөөр ирсэн Ямаат гэдэг Япон улсын эрдэмтэн судалгаа хийжээ. (Япон эрдэмтний нэр нь Ямагато гэх. Манай хөдөөнийхөн Ямаат гээд нэрлэчихэж.Г.Д) Японы эрдэмтэн тайландаа маш сонин дүгнэлт гаргажээ. “Монголын эрх баригчид Улаанбаатарыг утаанаас нь салгахыг хүсэхгүй байна. Хэрвээ хүсэх юм бол утаа гаргадаггүй зуухаар биш утаа гаргадаггүй түлш сэтгэх ёстой, хийх ёстой. Түлшний гаргаж байгаа утаа нь хүний биед хоргүй тийм түлш бол нүүдэлчдийн өөрснийх нь олон зуун жил түлсээр ирсэн “аргал” гэдэг өвөрмөц эко түлш байна гэжээ. Хоёрдугаарт, монголчууд утаагаа арилгана гэж зуухаараа оролдоод байх юм. Түүний оронд утаа гаргаж байгаа бүх яндангаараа оролдож янданд утаа шүүх “маск” хийхэд л гарч байгаа утааны хар тугалга зэрэг хүнд элемент 60 хувь яндандаа унаж хорт чанар нь арилна” гэж эрдэмтэн Ямаат тайландаа бичжээ. Харин энэ эрдэмтэн тал хээрийн манай суманд очиж “аргал” судалсан байна. Монгол гэрт өвөлжиж, үхрийн баас зөөж, хөрзөн ховхолжээ.
Эрдэмтэн Ямаат гал түлж гэрт өвөлжиж эрдмийн ажил хийж аргал, хоргол, хөрзөн, хүйдэс хүртэл түүж, түлж өвөлжиж, зусаж үзсэн гэнэ. Үхэр, хонины нойтон баасыг усаар зуурч газ \хий\ үйлдвэрлэж, аргалын галаар мах утаж, өвлийн хүйтэнд малчны хотонд аргал асааж жавар үргээж, халуун зун аргал шатааж ялаа, шумуул хүртэл үргээж аргалыг бүх л талаас нь судалж кино бичлэг хийж авсан байна. Аргалын үнсээр нь хүртэл, шарх эмнэж эдгээдгийг сонирхож, ургамлын бордоо хийж хоёр жил шахуу монгол гэрт амьдарсан байна.
Яахаараа гадны эрдэмтэн гэхээр ийм мундаг байдаг байна. Миний хамгийн сайн мэдэх аргалыг хүртэл судлаад бүүр стратегийн түлш төдийгүй, хамгийн экологийн түлш гэдгийг тэд “нээсэн” байна. Тун удахгүй бүх хүнийг орон сууцаар хангатал нүүдэлчдийн нийслэл Улаанбаатарт ад үзэгдсэн гэр хорооллынхон аргал түлэх туршлагыг Японоос судлах болно. Хорт утаа, өвлийн гурван сард угаартаж үхэх их гамшгаас өнөө муу аргал хөрзөн маань аврах юм биш байгаа даа. Дүн өвлийн хүйтэнд дүмбийтэл дулаалсан монгол гэрт хөлдүү хөрзөн, хөх аргал түлээд пүнхийтэл дулаан өвөлжих сайхаан. Аргалын гал дээр хийсэн цай хоол, чанасан мах, өвөлжөөний адгаас үнэртэх аргалын утаа, монгол хүнд үнэхээр сайхаан. Энэ бүгдийг эрх баригчид даанч мэдэхгүй. Уг нь манай төр засгийнханд мөнгө байгаа шүү. Нүүдэлчдийн нийслэлээс аргалын утаа боргилно…