Categories
мэдээ нийгэм

“MCS” групп онцгой байдлынханд талархал илэрхийлжээ

Өчигдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд гал гарч, барилгын гадна фасад бүхэлдээ шатсан. Өдрийн 12.40 цагийн үед гарсан галыг онцгойгийнхон хоёр цагийн дотор унтрааж, аюулгүй болгосон юм. Тус барилгын эзэмшигч “MCS” групп, “Шангри-Ла Улаанбаатар” ХХК-иас галын үед хурдан шуурхай ажилласан онцгой байдлынханд талархал илэрхийлжээ. Тус байгууллагуудаас илгээсэн талархалд “Галыг түргэн шуурхай унтрааж хүний эрүүл мэнд,  амь насанд аюул учрахаас сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажилласан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10, 14, 63 дугаар анги, нийслэлийн Аврах анги албан хаагчдад талархал илэрхийлье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу автобус явдаг боллоо

“Цахилгаан тээвэр”  компанийн шөнийн тээврийн үйлчилгээг зогсоож, нийслэлийн Тээврийн газартай хийсэн гэрээ, нэгдсэн даалгаварт өөрчлөлт оруулахаар болжээ. Тус компанийн шөнийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс 2015 оны хоёрдугаар 16-ны өдөр хүртэл зогсоохоор болжээ. Харин “ШҮ 7 буудал-МУБИС”, “ШҮ Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийн шөнийн  тээврийн үйлчилгээ хуучин маршрутаар үйлчилгээнд явах юм байна. Үүнээс гадна нийслэлийн Тээврийн газраас “М:11 Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийн замналыг “М:11 Нисэх- “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Ард кино театр” болгон өөрчилсөн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэгч иргэдийн хүсэлт, зорчин явах эргэлтийг үндэслэн автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар санал хурааж байна

МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал асуулгыг олон нийтийн дунд явуулж эхэлжээ. Тэд Төрийн ордны баруун талд эсгий гэр барьж, иргэдийн амьжиргааны талаар санал асуулга явуулж байгаа юм. Тус хорооныхон“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөр үр дүнгээ өгч, ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлсэн үү?, “Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сүүлийн гурван сарын хугацаанд өссөн үү?”, “Иргэдийн амьдралыг дээшлүүлж, ядуурлаас гарахын тулд нэн тэргүүнд ямар ажлуудыг хийх ёстой вэ?” гэх зэрэг есөн асуултад иргэдийн хариултыг авч байгаа аж. МАН-ын Шинэчлэлийн хороо өчигдрөөс  Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө иргэдээс санал авч эхэлсэн.  Хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцрох ёстой гэж үзэж, орон нутгийн иргэдийн саналыг авч, 10 мянга орчим хүний гарын үсгийг цуглуулжээ. Нийслэлд энэ санал асуулгаа ес хоногийн турш явуулахаар төлөвлөжээ. 

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

-УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ-

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Өнөөдөр Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулган эхэлж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа томоохон үйл явдлаар дүүрэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай хөрш хоёр орны тэргүүн БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин нар Монгол Улсад айлчлал хийлээ.

БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд элэгсэг дотно үг хэлж, төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 24 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдэж, “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр боллоо. Халхын голын ялалтын 75 жилийн ойг хамтран тэмдэглэлээ. Олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын нийт 15 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээр айлчлалууд нь манай орны хөрш хоёр оронтой харилцах харилцаанд шинэ үе шатыг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг онцлон тэмдэглэж байна.

Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай орны хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан төмөр замын, авто замын, нефтийн болон хийн хоолойн, эрчим хүчний, интернетийн шилэн кабелийн дамжин өнгөрөх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй, санаачлагатай ажиллах цаг хугацаа тохиож байна.

Энэ сарын сүүлчээр УИХ-ын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны парламент хоорондын харилцааны байнгын ажиллагааг бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ бусад асуудлаар Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг амжуулахаар хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж, үр дүнд хүргэх хэрэгтэй байна.

Монгол Улсын хоёр хөрштэйгээ харьцах харилцаанд гарсан сүүлийн үеийн ололт амжилт нь манай улсад Гурав дахь хөршийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Гурав дахь хөршийн холбоогоо бэхжүүлэхэд энэ удаагийн чуулганаар хэлэлцэх Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутагт ажиллахын зэрэгцээ ХБНГУ, Бельги, Англи, АНУ, Канад, Швед, Турк, Франц, Австри зэрэг улсад олон улсын хурал, чуулганд оролцож тухайн орнуудын хууль эрх зүйн орчинг судалж, парламентын үйл ажиллагаатай танилцсан байна.

Миний бие чуулганы завсарлагааны хугацаанд Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон, Булган аймгуудад ажиллаж, нийслэлийн эрчим хүчний бүтээн байгуулалт, Дөргөн, Тайшир, Эгийн голын усан цахилгаан станцын үйл ажиллагаа, төслийн явцтай танилцаж, Орхон аймгийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг өргөтгөх ажил эрчимтэй явагдаж байна. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд ТЭЦ-3,ТЭЦ-4 станцын хүчин чадлыг 50 мВт болон 128 мВт-аар нэмэгдүүлж өргөтгөсөн нь цаг хугацаа хожсон зөв бодлого байсныг харуулж байна. Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангах “Амгалангийн дулааны станц” хугацаандаа ашиглалтад орох боломжтой болжээ. Үүний үр дүнд нийслэлийн эрчим хүчний хангамж сайжрах нөхцөл бүрдэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн намрын чуулган Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны хоёр дахь хагасын эхлэлтэй давхцаж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын эрхэм гишүүд Та бид ард түмнээрээ ажлаа дүгнүүлэхэд хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдээд байна. Улсын Их Хурлаас өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын хөгжил, эдийн засгийг эрчимжүүлэх ач холбогдолтой хууль, тогтоол, шийдвэр олныг гаргасан нь зохих үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноос хойш гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хууль хяналтын байгууллагын эрх зүйн шинэтгэлтэй холбоотой багц хуулиудыг батлан гаргаж мөрдүүлсэн. Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнгээр Монгол Улс 124 дүгээр байрнаас 83 дугаар байрт шилжсэн нь авлигатай тэмцэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн юм. Гэсэн хэдий ч эдийн засаг, нийгэм, хууль хяналтын салбарын олон эмзэг асуудлыг шийдвэрлэх үүднээс цаг алдалгүй хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай хууль, тогтоолын төслүүд цөөнгүй байна.

Намрын чуулганаар 2015 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2014 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 13.6 хувиар буюу 605.8 тэрбум төгрөгөөр тасарч, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3,798,0 тэрбум, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3,951,0 тэрбум төгрөгт хүрч улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн тэнцэл 153 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг дахь төгрөгийн ханшийн савлагаа, инфляцийн өсөлт, экспортын бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамаарч ард иргэдийн зарим хэсгийн амьжиргааны түвшин буурч байна.

Эдийн засагт үүссэн эдгээр нөхцөл байдлыг болон удахгүй төлбөр нь нэхэгдэж эхлэх Хөгжлийн банкны, Чингис, Самурай бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар одооноос сайтар тооцож, 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг үндэслэл сайтай баталж мөрдүүлэх шаардлага УИХ-ын эрхэм зорилт болж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар баталж амжаагүй Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай байна.

Энэ удаагийн чуулганаар Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Худалдааны тухай зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэнэ. Мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, авто зам, боловсрол, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүд болон хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно.

Улс төрийн намууд сонгуульд зориулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас их хэмжээний хандив авдаг, намын санхүүжилт ил тод биш байгаа талаар ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Улс орныхоо эдийн засагт суурь чанартай томоохон өөрчлөлтүүдийг хийж, улсынхаа хөгжлийг дунд, урт хугацаанд төлөвлөх талаар бид олон удаа ярьж байна. Харамсалтай нь бодитой ажил хийгдсэнгүй өнөөдрийг хүрч байна. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн стратеги, бодлого боловсруулах чиглэлээр байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг ажилдаа яаравчлан орохыг сануулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэдгээ ард түмэндээ зарласан нь нийгмийн сэтгэл зүйд ихээхэн хүлээлт бий болгоод байна. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүд, олон нийтийн дунд өрнөж байгаа санал шүүмжлэл, салбаруудын уялдаа холбоог нарийвчлан тооцож, оновчтой хувилбараар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барих хэрэгтэй. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу цаг хугацаа, дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэж батлах болно. Энэ нь засаглалын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх алхам гэж үзэж байна. Харин Засгийн газрын бүтэц өөрчлөхтөй холбоотойгоор засаглалын аль ч шатанд ажил цалгардуулж болохгүй гэдгийг төрийн албан хаагчид, албан тушаалтнуудад анхааруулж байна.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг амжилттай хэрэгжүүлж, хуралдааны танхимуудад иж бүрэн цахим системийг шинээр суурилууллаа.

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны цагийг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар өөрчилж захирамж гаргалаа.

Намрын чуулган дараа жилийн төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгээр хэлэлцдэг учраас цаг хугацааг үр ашигтай, бүтээлчээр ашиглаж, төлөвлөгдсөн олон чухал хууль тогтоолыг батлахын тулд эрхэм гишүүд Та бүхнийг чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй, санаачлагатай оролцохыг уриалж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.

Categories
гадаад мэдээ

Хотын даргыг эхнэр нь буудаж хороожээ

АНУ-ын Калифорн мужийн Белл Гарденс хотын дарга Даниэл Креспог гэрт нь буудаж хороожээ. Лос Анжелес Таймс сонинд мэдээлснээр цагдаа нар энэ хэрэгт хотын даргын эхнэрийг сэжиглэн саатуулсан байна. Креспо амиа алдах үедээ 19 настай хүү, эхнэртэйгээ хамт байсан бөгөөд гэрт нь маргаан гарсан гэж хөршүүд нь ярьсан аж. Эхнэр нь Креспогийн цээжин биед олон удаа буудсан гэж эх сурвалж хэлжээ. Белл Гарденс нь Лос Анжелес хотын төвөөс 10 бээрийн зайтай байрладаг. Креспо нь 2001 оноос хойш тус хотын даргаар ажиллаж байжээ. 

Categories
гадаад мэдээ

Калифорн гялгар уутыг хориглолоо

АНУ-ын Калифорн мужид гялгар уутны хэрэглээг хориглосон байна. Гялгар уут нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй учраас ийм шийдвэр гаргажээ. Шийдвэр гарсаны дараа гялгар уутны компаниуд зах зээлээ алдахгүйн тул цаасан уут үйлдвэрлэхээс өөр аргагүй болжээ. “Энэ хориг нь далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэнг гялгар уутаар бохирдуулах явдлыг багасгана” гэж мужийн амбан захирагч Жерри Браун ярьжээ. Wal-Mart, Target зэрэг томоохон худалдааны төвүүдэд энэ хуулийг 2015 оны долдугаар сард, бусад жижиг дэлгүүрүүдэд 2016 оноос эхлэн мөрдөх юм байна. Мөн дэлгүүрүүд дахин ашиглах боломжтой цаасан уутыг 0,10 доллараас хэтрэхгүй үнэтэй байхаар зах зээлд нийлүүлж, бараа бүтээгдэхүүнийг савлаж байхаар хуульд заасан аж. 

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийг эмэгтэйчүүдийн хорих руу шилжүүлжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн  “нялх амраг” гэгдэж байсан Г.Сарангэрэл өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас Луусангийн эмэгтэйчүүдийн хорих буюу ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар анги руу хүргэгджээ. Нийслэлийн шүүхээс түүнийг эмэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэрийг гаргасан учраас ийнхүү шилжүүлжээ. Тэрээр шүүхээс 1,6 жилийн ял авсан юм. 10 сарын дараа гэхэд магадлан итгэмжлэх шалгалтаар орж ял чөлөөлөгдөх боломжтой аж. 

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүд автомашинтай боллоо

Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 322 дугаар тушаал гарсны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах таван автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо. Нийт гурван зуун гучин найман сая таван зуун мянган төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн таван автомашиныг Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төв, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хуваарилан өгсөн юм. 

Categories
мэдээ нийгэм

АПУ-гийн борлуулагч залуугийн цогцсыг олжээ

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа энэ сарын 15-нд эхэлсэн. Өчигдөр 16.00 цагийн үед Б.Алтанхуягийн цогцсыг Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах уурхайгаас олжээ. Дүүргийн цагдаа нар ашиглагдахаа байсан далд уурхайгаас 10 гаруй хоногийн өмнө амиа алдсан эрэгтэй хүний цогцос олж, Б.Алтанхуягийн ар гэрийнхнээр цогцсыг таниулж мөн болохыг тогтоосон байна.   Талийгаач Б.Алтанхуягийн ар гэрийнхэн “Цагдаагийн байгууллага амиа алдаад 10 гаруй хоносон эрэгтэй хүний цогцос олсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Тэгээд таниулах ажиллагаа явуулсан. Тэр цогцос манай хүний цогцос мөн байсан. Эдэлж хэрэглэж, өмсөж, зүүж явсан бүх зүйл нь таарч байна. Гэхдээ задлан шинжилгээгээр бүр нарийн сайн тогтоогдох байх” гэлээ. Б.Алтанхуяг есдүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн үед биедээ дөрөв орчим сая төгрөгтэй, “УНК 2983” дугаарын ачааны саарал микро автобусдаа 7-8 сая төгрөгийн бараа ачин, Хонхороос Гачуурт чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тарааж яваад сураггүй алга болсон юм.  

Categories
мэдээ нийгэм

“Буянт Ухаа-1”-ийнхэн байр эзэмших эрхээ эдэлж эхэлжээ

Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьсан 1764 айлын “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллыг олон нийтэд нээлттэй сугалаагаар худалдан авах эрхийг баталгаажуулах ажил өнгөрсөн тавдугаар сард явагдсан.

Тус хороололд байр худалдан авах эрхээ баталгаажуулсан иргэд холбогдох журмын дагуу материалаа бүрдүүлж, байраа эзэмших эрхээ эдлэж байгаа юм. Одоогийн байдлаар “Буянт-Ухаа-1” орон сууцны хороололд захиалга өгсөн 905 өрхийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ” гарчээ.