Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтыг эрчимжүүлэхийг яамнаас зөвлөжээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан ургац хураалтын ажлыг эрчимжүүлэхийг салбарын яамнаас тариаланчдад зөвлөжээ.  Монгол Улс энэ намар 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад буй.  Сүүлийн  мэдээгээр 63.8 мянган га тариаг ангилан хадаж, 42.2 мянган га-г шууд хурааж, нийтдээ 135.6 мянган га-гаас 207.6 мянган тонн үр тариа хураан авсан байна. 7.9 мянган га-гаас 95.1 мянган тонн төмс, 4.5 мянган га-гаас 56.9 мянган га хүнсний ногоо, тус тус хураан авснаар үр тарианы хураалт 59.3 хувь, хүнсний ногооны хураалт 55.6 хувьтай явж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Барилгын компаниудад шалгалт хийлээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийн мөрөөр “Албан мэдэгдэл-хяналт, шалгалт” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, шалгалт явууллаа.

Энэ үйл ажиллагааны хүрээнд барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр зөрчил дутагдлаа арилгах талаар албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Албан байгууллага аж ахуйн нэгжүүд албан мэдэгдлийн хариу бичигт бүх зөрчил дутагдлаа арилгасан гэж бичсэн боловч цагдаагийн алба хаагч нар газар дээр нь очиж үзлэг шалгалт явуулахад хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.

Тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэр байхгүй, байгаа дэвтэр дээрээ хөтлөлт хийгдээгүй, зориулалтын малгай өмсөөгүй, хамгаалалтын тор татаагүй, мэргэжлийн инженер хүрэлцээгүй, удирдлагаар хангаж ажиллаагүй зэрэг барилгын ажил явуулахад зайлшгүй шаардлагатай хэд хэдэн нөхцөлийг зөрчин ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд холбогдох журмын дагуу арга хэмжээ аван ажилласан байна. 

Categories
мэдээ соёл-урлаг

“Их талын джазз” тоглолт долоо хоногийн турш үргэлжилнэ

“Их талын Джазз” ТББ-ын зүгээс Олон улсын джазз  VIII их наадмыг зохион байгуулж байна.  Наадам өчигдөр “UB Jazz” клубт албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 6-ны өдөр хүртэл долоо хоногийн турш үргэлжлэн явагдах юм.

Уг наадамд таван орны 14 уран бүтээлч уригдан ирж, джазз хөгжим сонирхогчдод бүтээлээ өргөн барих бөгөөд  нээлттэй хичээлийг Хөгжим бүжгийн коллежийн байранд явуулах аж. Мөн энэ сарын 6-ны өдрийн 15:00 цагаас Чингисийн талбайд олон нийтэд сонирхуулан тоглох талаар зохион байгуулагчил онцлож байна.  

Джазз тоглолтууд “UB Jazz” клубт үдэш бүр 20:00-00:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тасалбарыг тус клубээс шууд худалдан авах боломжтой аж. 

Categories
мэдээ спорт

Эмэгтэй баг VIII байрт шалгарлаа

Инчон-2014 Азийн спортын XYII наадам өндөрлөхөд хоёрхон өдөр үлдлээ. Өнөөдөр манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Тайландын сагсчидтай тоглов. Тайландын баг хожиж долоодугаарт байрт шалгарсан бол манай сагсчид наймдугаар байр эзэллээ.

Ийнхүү Азийн наадамд анх удаа оролцсон манай эмэгтэй сагсчид чадварлаг тоглож, амжилттай өрсөлдлөө. Монголын шигшээ баг н.Долгор, н.Алтанзаяа, Б.Хос-Эрдэнэ, Б.Болортуяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Золзаяа, н.Цолмон, Г.Баярцэцэг, Г.Энхдэлгэр нарын 11 тамирчинтайгаар Азийн шилдгүүдтэй өрсөлдөж, шилдэг наймд багтсан билээ.

Тамирчиддаа баяр хүргэе.

Categories
мэдээ спорт

Эрэгтэй сагсчид VIII байр эзэллээ

БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдаж буй Азийн спортын XYII наадмын сагсны тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид ур чадвараа гайхуулан, Азийн шилдгүүдтэй өрсөлдлөө.

Тэмцээний шилдэг наймд шалгарсан манай эрэгтэй баг өнөөдөр Филиппин улсын багтай тоглож 68:84 онооны харьцаатайгаар ялагдал хүлээж, наймдугаар байрт шалгарлаа.

Гэхдээ манай тамирчид Азийн наадмын шилдэг наймт шалгарч, урьд байгаагүй өндөр амжилтыг үзүүлэн, Монголын тамирчдын чансааг Ази тивд тодорхойлж чадсан билээ. Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Б.Билгүүн, М.Отгонмөнх, О.Ууганбаяр, Ш.Сэдбазар, Б.Одбаяр, Г.Баттөр, Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн, М.Бадрах, Ц.Азбаяр, Б.Мөнхболд нарын хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр тивийн наадамд өрсөлдсөн юм.

Тамирчиддаа баяр хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдыг үдлээ

Өмнөд Судан улсын Дарфур мужид энхийг сахиулахаар Монголын цэргийн хээрийн II шатны албан хаагчдыг үдэх хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр боллоо. 

Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яамны удирдлага болон бусад албаны хүмүүс, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн оролцсон юм.

Энэ удаагийн энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлэгийн VI ээлжийн багт Зэвсэгт хүчний анги байгууллага 19, ЭМЯ, ШШГЕГ, ОБЕГ зэрэг бусад байгууллагын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх бөгөөд цэргийн захирагчаар дэд хурандаа В.Баярсайхан, штабын даргар хошууч А.Гансүх нар есөн сарын хугацаатай үүрэг гүйцэтгэх аж.

Өмнөд Судан улсын Дарфур мужид үймээн самуун, дайралт, зэвсэгт мөргөлдөөн их байгаа бөгөөд манай улсын 68 албан хаагч цэргүүд болон мужийн иргэдэд эмнэлгийн II шатны тусламж үзүүлэх юм. Гэхдээ нийт бүрэлдэхүүн 5000-7000 хүнд эмчилгээ үзүүлэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар цэвэр агаар” төслийнхөн зангиагүй уулзалт хийнэ

 Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа болон хийх ажлын талаар “Цэвэр агаар” төслийнхөн болон Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил хариуцсан албаны хүмүүс маргааш сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх гэж байна.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, “Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд нар оролцож сонгуулийн хорооны байранд нээлттэй ярилцах аж.

Улаанбаатар хотын агаарын чанар 2014 оны есдүгээр сарын дунд 10 хоногийн шинжилгээний дүнгээр өмнөх 10 хоногийн дундаж дүнтэй харьцуулахад агаар дахь хүхэрлэг агууламж ижил түвшинд, азотын давхар ислийн агууламж бага зэрэг өссөн дүнтэй гарчээ. Хүйтний эрч чангарах тусам агаар дахь хорт бодисын хэмжээ улам нэмэгддэг. Тиймээс иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй утаанаас салахаар “Улаанбаатар цэвэр агаар” төслийг урт хугацаанд хэрэгжүүлээд байгаа билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

УДБЭТ шинэ улирлынхаа нээлтийг хийнэ

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийх гэж байна. Энэ сарын 4-5-нд болох нээлтийн үйл ажиллагааг “Учиртай гурван толгой”-гоор эхлүүлэхээр болжээ. Харин балетийн нээлтээ 11, 12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар хийх гэнэ.  Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”, УГЗ Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинэчлэн найруулжээ.  Мөн “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүүжин” сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөсөн байна. УДБЭТ-ынхан тоглолтын 52 дахь улиралдаа  80 гаруй тоглолт зохион байгуулах нь.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд төмөр замын далангийн ажлын явцтай танилцав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн  ажлын явцтай танилцлаа.  Чингис бондын эх үүсвэрээс шинэ төмөр замын суурь бүтэц, барилгын ажилд зориулан 200 сая ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээс 193.9 сая ам.долларын санхүүжилт хийгджээ. “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замын төслийн гүйцэтгэгчээр “Samsung C and T” корпораци ажиллаж байгаа аж. Мөн дотоодын 12 туслан гүйцэтгэгч компанийн 1700 гаруй хүн ажиллаж байгаа юм байна.  276 км замын газар шорооны ажил 76 хувь, гүүр хоолойн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын ажлыг төлөвлөгөөний дагуу  ирэх 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахын тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, санхүүжилтийн бусад эх үүсвэр болон гадаад, дотоодын  хөрөнгө оруулагчдыг шинэ төмөр замын төсөлд татан оруулахыг холбогдох албаны хүмүүст Ерөнхий сайд үүрэг болголоо. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх тээвэрлэлтийн өртгийг хамгийн багаар бодоход 50 хувиар бууруулж, авто замаар тээвэрлэхэд үүсдэг байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах юм. Энэ жилийн хувьд Тавантолгой уурхайн нүүрсний экспортын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна. 2013 онд хоёр сая тонн нүүрс экспортлож байсан бол өнөөдрийн байдлаар тус уурхай дөрвөн сая тонн нүүрс экспортолжээ. Энэ онд экспортын хэмжээг 7 сая тоннд хүргэх боломжтой гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурь Ерөнхий сайдад танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зарим брокерын эрхийг түдгэлзүүллээ

Санхүүгийн зохицуулах хорооноос журам зөрчсөн зарим брокер, дилерүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг түтгэлзүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ын 3.1, 8.1 дахь заалт Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80.1 дэх заалтыг зөрчсөн нэр бүхий үнэт цаасны компаниудын дараах мэргэжилтнүүдэд арга хэмжээ авахаар болжээ. Дашдорж овогтой Нармандах, Эрдэнэбилэг овогтой Алтансүх, Ширэндэв овогтой Батжаргал, Ванданлувсан овогтой Баттулга, Сурмаажав овогтой Мягмарсүрэн нарын ажил, үйлчилгээ явуулах эрхийг гурван сараар түтгэлзүүлсэн байна. Цаашдаа үнэт цаасны компаниудын эрх бүхий албан тушаалтан, дотоод хяналтын ажилтан нар нь компанийн брокер, дилерийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулжээ.