Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд яамдуудыг нэгтгэх талаараа мэдээлэл хийлээ

Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн барьсаныхаа дараа ийнхүү мэдээлэл өгсөн юм. 

Түүний хэлснээр Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай нэгтгэж Геологи, уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яам хоёрыг нэгтгэж Сангийн яам болгохоор төсөлд тусгасан байна. 

Түүнчлэн Барилга хот байгуулалтын яам Зам тээврийн яам хоёрыг нэгтгэж Дэд бүтцийн яам болгохоор санал оруулсан аж. 

Шадар сайдын хувьд Тэргүүн шадар сайд гэсэн нэртэй болох бөгөөд уг албан тушаалыг Гадаад харилцааны сайд давхар гүйцэтгэж, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн нэр байх гэнэ.

Дээрх яамдын сайд нарын тухайд Засгийн газрын тэргүүн мэдээлэл өгөөгүй бөгөөд үүнийг хэлэлцүүлгийн үеэр ярих бололтой.

Л.Төр 

Categories
мэдээ улс-төр

2015 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэв

Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.  

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу УИХ-ын 2014 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсан. Тус хуулийн зорилт нь дунд хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүдийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,201.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,690.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.4 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 489.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус баталсан юм байна. Гэвч энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн ирэх оны төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдлээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны Төсвийн төсөөллийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ. Иймд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд дараах агуулгатай заалтыг нэмжээ. Үүнд “33.2.7.Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх болон Засгийн газрын үнэт цаасны эх үүсвэрээр Хөгжлийн банкаар дамжин хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг нийт дүнгээр;

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.47 дах заалтын “улсын өр” гэснийг “Засгийн газрын өр” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.12,  12 дугаар зүйлийн 12.1.12 дах заалтын “улсын өрийн” гэснийг “Засгийн газрын өрийн” гэж тус тус өөрчилөхөөр тусгаад байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг сая эхлүүлсэн ч хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хаалттай горимд шилжүүллээ.

Тус хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм. УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч БНХАУ-тай хийх хэлэлцээр дуусаагүй байсан тул хойшлуулж намрын чуулган руу шилжүүлсэн юм. Мөн энэ асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлага байна гэсэн асуудлыг тухайн үед Зам тээврийн сайд тавьж байсан удаатай. Энэ дагуу чуулганыг хаалттай хийж байсан бол хэлэлцээр дууссан хэдий ч хаалттай горим үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Х.Бат-Ялалт нар урьдаас төлөвлөж, нэг нь шүүгчийг гүтгэж, нөгөө нь баримтжуулсан гэдэг нь тодорхой

Х.Бат-Ялалтын
шүүгчтэй маргалдаж буй бичлэгийн хэсэг

-Саяхан
Х.Бат-Ялалт нарын хүмүүс танай шүүхийн шүүгчийг тойрч зогсч байгаад айхавтар загнаж
байгаа бичлэгээ цахим мэдээллийн хэрэгслээр тараасан. Шүүгч рүү халдан түрэмгийлж,
ажлынх нь байран дээр ийм үйлдэл гаргаж байгаа нь халдашгүй байдалд нь нөлөөлж байгаа
хэрэг мөн үү?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар
шүүгчийн халдашгүй байдал гэдэгт “Амь бие, ажлын байр, хувийн болон албаны орон
сууц, эзэмшиж ашиглаж байгаа хувийн  болон
албаны тээвэр, холбооны хэрэгсэл, өөрийнх нь мэдэлд байгаа бичиг баримт, ачаа тээш,
бусад эд хөрөнгө, захидал харилцааны нууц” зэрэг зүйлүүд хамаардаг. Гэвч есдүгээр
сарын 24-ний өглөө Б.Бат-Дэлгэр, Бат-Ялалт нарын хэсэг хүмүүс шүүх хурал товлосон
цагтаа эхэлсэнгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг санаатайгаар орхин гарч, шүүх
хуралдааны дэгийг зөрчин, шүүхийн байранд зүй бус авир гаргалаа. Мөн шүүгчийг согтуу
хэмээн гүтгэсэн асуудал ч гарлаа. Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс шүүх хуралдааныг
цагтаа эхлээгүй гэдэг асуудалтай холбоотойгоор гомдол гаргаж болох хэдий ч тэр эрхээ
эдлэхгүйгээр шүүхийн байранд хашгирч, дайрч давшлан бичлэг хийх зэргээр шүүхийг
үл хүндэтгэсэн авир гаргасан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр
зүйлийн 21.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж,
шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж, дарамт учруулж байгаа ноцтой үйлдэл
гэж үзэж байна.

-Шүүгчийн
хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж байгаа бол шүүгчээ төлөөлж гомдол гаргасан
уу?

-Яг энэ асуудал дээр манай зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй байгаа.
Өмнө нь ийм тохиолдол гарч байсныг холбогдох байгууллагад мэдэгдэж байсан. Шүүгчийн
халдашгүй байдалд халдсан тохиолдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа жишээ
ч бий.

-Интернэтээр
цацсан бичлэгээс харахад шүүгч шүүх хуралдааныг товлосон цагтаа хийхгүй байгаа нь
иргэдийг чирэгдүүлж байна гэж байсан. Чухам юу болсон юм бэ?

-Шүүх стандартын байртай, шүүх хуралдааны танхим  хүрэлцээтэй 
байсан бол шүүгч товлосон цагтаа хурал хийх бүрэн боломжтой, хүмүүс ч цагтаа
хурал эхэлсэнгүй гэж бухимдахгүй байсан байх. Шүүх хуралдаан цагтаа эхлээгүйн гол
шалтгаан  нь шүүх хуралдааны заал хүрэлцээгүйгээс
болсныг тэнд байсан хүмүүс мэдэж байгаа хэдий ч, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийн
тулд үүгээр шалтаглан  гуйвуулан дүрс бичлэгжүүлж
олон нийтэд цацсан нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүхийн ачаалал маш их, шүүх
хуралдааны танхим хүрэлцээгүйгээс зарим хурал давхцдаг. Өдөрт дунджаар 50 хэрэг
шийдвэрлэж байна шүү дээ. Тэр өдөр Д.Ганболд шүүгч товлосон цагт шүүх танхимд ирсэн.
Гэхдээ танхим хүрэлцээгүйгээс өмнө нь өөр хэргийг шүүх хуралдаан болсон. Гэхдээ
тэр хуралдаан удаагүй завсарласан. Үүний дараа буюу 8.20 цагийн орчимд хэргийн оролцогчдыг
танхимд оруулж эхэлсэн.

Шүүхийн ажилтнууд хэргийн оролцогчдыг бүртгэж танхимд оруулахад бага
зэрэг хугацаа алдсан. Ингээд шүүх хуралдааны танхимд оруултал хэргийн оролцогчид
эхлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Улмаар шүүгчийг элдвээр доромжилж, дайрч байгаад
бүгд танхимыг орхиод гараад явчихсан. Шүүх хуралдааныг эхлүүлэх ямар ч боломж олгоогүй.
Тухайн үед  манай ажилтнууд учирлаж тайлбарлан
шүүх хуралдааны танхимд орохыг гуйсан боловч үл тоомсорлон, улмаар шүүхийн байранд
бусдыг уриалан дуудаж зүй бус авирлаж эхэлсэн. Энэ үеэр шүүгч хэргийн оролцогчдыг
хуралдааны танхимд орж ирэхийг хүлээж байгаад орж ирэхгүй болохоор нь гараад иртэл
түүн лүү дайрч шүүгчийг үндэслэлгүйгээр гүтгэн, түүнийгээ дүрс бичлэгжүүлэн олон
нийтийн цахим сүлжээнд цацсан хэрэг л болсон. Бичлэгээс харахад энэ үйл ажиллагаа
урдаас төлөвлөгдсөн, нэг нь шүүгчийг гүтгэж, нөгөө нь баримтжуулсан гэдэг нь тодорхой
харагдаж байгаа.

-Шүүхийн
халдашгүй, аюулгүй ажиллагааг хангахын тулд Тахарын алба байгуулагдсан. Тухайн үед
Тахарын албаныхан шүүгчийг яаж хамгаалсан юм бэ?

-Тахарын алба бол шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор байгуулагдсан
шинэ алба. Тухайн өдрийн үйл явдлыг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу шүүхийн хэвийн
үйл ажиллагааг хангаж ажиллаж чадсан бол Х.Бат-Ялалт нарт дураар авирлах боломж
олгохгүй байсан.Цаашид Тахарын алба үүрэгт ажлаа хуулийн дагуу хариуцлагатай, өндөр
сонор сэрэмжтэй гүйцэтгэх шаардлага тулгарч байгааг энэ явдал нотоллоо.

-Шүүх
хуралдааныг үймүүлбэл хуулийн дагуу хариуцлага тооцдог. Хууль сануулах боломж байгаагүй
юм уу?

-Шүүх хуралдааныг үймүүлсэн тохиолдолд захиргааны арга хэмжээ авах
хуультай. Баривчлах, торгох зэрэг хуулийн зохицуулалт бий. Гэхдээ тэр өдөр шүүх
хуралдааныг эхлүүлээгүй. Эхлэх ч боломж байгаагүй.

-Х.Бат-Ялалт
“Энэ шүүгч согтуу байна. Архи үнэртээд байна” гэж байсан. Шүүгч үнэхээр согтууруулах
ундаа хэрэглэсэн байсан юм уу?

– Шүүгч согтуу байгаагүй ээ. Энэ бол зориуд тараасан гүтгэлэг.

-Согтуурлын
зэргээ шалгуулсангүй гэж буруутгаж байгаа харагдсан. Шаардлагатай бол хаана хандаж,
хэнд шалгуулах ёстой вэ?

-Шүүгчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг Шүүхийн ёс зүйн хороонд хандаж
шийдвэрлүүлдэг. Б.Бат-Дэлгэр, Х.Бат-Ялалт нар Шүүхийн ёс зүйн хороонд гомдлоо гаргасан
байна лээ.

-Шүүгчид
хэл амнаас болгоомжилж өөр рүү нь дайрсан, доромжилсон, гүтгэсэн хүмүүсийг тоогоогүй
мэт өнгөрч байх шиг байдаг. Энэ нь шүүх эрх мэдэлд хэн хүссэн нь халдаж болдог мэт
ойлголт төрүүлж, эргээд хараат бус байдалд нь сөргөөр нөлөөлөх юм биш үү?

-Шүүгч нар хэргийн оролцогчдын гүтгэлэг, доромжлол, үг хэлээр дайрах
асуудалд хүлээцтэй байдлаар хүлээж авч ирсэн. Ер нь намайг ингэлээ тэглээ гээд гомдол
гаргаад заргалдаад яваа шүүгч нарын талаар та нар сонсоогүй байх. Шүүх эрх мэдлийг,
хэрэгжүүлж байгаа шүүгч гомдох, сэтгэлийн хат заах, тэвчээртэй байх асуудлыг урьтал
болгодог. Энэ нь эрх зүйн хамгаалалт нь ч учир дутагдалтай байж ирсэнтэй холбоотой.
Шүүхийн тухай багц хууль,Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль  шинээр хэрэгжиж эхэлснээр дээрх байдал өөр болж
шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалдаг Тахарын алба, шүүхийн бие даасан,шүүгчийн  хараат бус байдлыг хангаж ажилладаг Шүүхийн ерөнхий
зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд шүүгчээ хамгаалдаг эрх зүйн зохицуулалт баталгаажлаа.  Шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх
хариуцлага тодорхой болж байна.

-“Иргэдийн
шударга шүүх” гэх зэрэг төрийн бус байгууллага бий. Шүүхийн дэргэд шүүх байж болдог
юм уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 47 зүйлийн 47.1-д зааснаар “Монгол улсад
шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” 47.2-т “ Ямар ч нөхцөлд хуулиас гадуур
шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”
гэж заасан байдаг.Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулдаг учраас
шүүхийн дэргэд шүүх байна гэсэн ойлголт байхгүй.

Харин шүүхийг хардах эрх иргэнд бий. Үүнийгээ илэрхийлэх эрх нь хуулиар
олгогдсон.Гэхдээ хууль журмынхаа дагуу эрх бүхий байгууллагад нь гомдлоо гаргаж
шалгуулах эрхтэй. Тухайлбал, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах
шатны шүүх,Улсын дээд шүүх хүртэл гомдол гаргаж болно. Шүүгчийг ёс зүйн зөрчил гаргалаа
гэж үзвэл Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах эрх иргэдэд бий. Түүнээс биш бүдүүлэг
зан авир гаргаж, доромжилж, гүтгэж, ажил хэргийн болон албаны нэр хүндийг нь гутаан
доромжлох эрх байхгүй.

 Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

С.Батсүх: Өөрийгөө олчихсон хүнээс төгс бүтээл төрдөг

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүхтэй ярилцлаа.

-Сүүлийн
үед хийж буй шинэ уран бүтээлийн чимээ юу байна?

-“Өөртэйгөө ярилцахуй” гээд шинэ цомог дээр ажиллаж байна. Энэ цомогт
орсон дуунуудынхаа сэдвийг яруу найрагчдад өгч шүлгийг нь бичүүлсэн. Мөн дуу бүрийн
аяыг өөр өөр хөгжмийн зохиолчдоор бичүүллээ. Бүх дууныхаа хоолойны бичлэгт орчихсон.
Цомог бэлэн болсон. Цаг нь ирэхээр үзэгчдэдээ хүргэхээр хадгалаад байж байна. Миний
арав дахь цомог.

-Дууныхаа  сэдэв, санааг хүртэл захиалж хийлгэсэн гэхээр
дан таны ертөнцөөр ард түмэн аялах нь ээ?

-Тэгэлгүй яахав. Цомгоос гадна 
дуугаа сэргээж тайзан дээр дуулахаар зэхэж байна. Энэ дууг хэдэн жилийн өмнө
дуулаад телевиз, фм-үүдэд өгөлгүй өнгөрсөн юм. Хаа нэг бясалгалын төвүүдэд энэ дуу
маань эгшиглэж сонсогддог байлаа. Харин саяхнаас нэг лам залуу миний хоолойн дээр
ам бариад их аятайхан, дотоод сэтгэлээсээ дуулж байгаа бичлэг файсбүүк хуудсаар
тархах болж. Хүмүүс ч их сайхан дуу гэж байна.

Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай

Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий

Насан өндөр аав, ээжээ хайрлаарай

Нартын жам нь булаачихна ай хөөрхий… гээд үгийг нь Бавуудорж,
аяыг нь “Баянмонгол чуулга”-ын хөгжимчин Нармандах бичсэн. “Нандин цэнхэр тэнгэрийг
хайрлаарай” гэдэг нэртэй байсан чинь ард түмэн “Орчлонг хайрлаарай” гээд нэрлэчихэж.
Очсон газар болгон намайг энэ дуугаа дуулаач гэдэг боллоо. Тиймээс би энэ дууг тайзан
дээр дуулах цаг нь иржээ гэж бодлоо. Байгаль эх дэлхийтэйгээ зүй бусаар харьцах
болсон өнөөгийн нийгэмд зориулагдсан дуу. Нийгмийн захиалга юм уу даа. Миний нэг
зарчим байдаг л даа. Дуугаа ард түмэнд танигдаж хүрсний дараа тайзан дээр дуулдаг.

-Яагаад.
Чанартай, чанаргүй олон уран бүтээл гаргаж байснаас ард түмний сэтгэлд хүрсэн ганц
бүтээл хийе гэдэг утгаараа юу?

-Урлагийн хүн уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх ёстой.
Хэрэглэгч нь ард түмэн учраас. Тиймдээ ч би шинэ дуун дээр сургууль хийж тайзан
дээр дуулж үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Завхан гол”,
“Бүүвэй ээж”, “Аав уул минь” зэрэг дуу ард түмэнд хүрчихсэн, сэтгэлд нь хоногшчихсон
учраас үзэгчид намайг дуулахыг хүлээж, хүсч байна. Хэдэн жилийн өмнө тоглолтыг минь
үзэх гэж очдог байсан бол өнөөдөр ард түмэн надтай хамт дуулах гэж Бөхийн өргөөнд
очиж байна. Хүмүүс чөлөөт цагаараа караокедож хайртай дуучныхаа дууг өөрсдөө дуулахыг
илүүд үздэг болсон үе. Урлаг илүү цэнгүүн тал руугаа хөгжиж байгаа илрэл л дээ.
Өнөөдөр олон сайхан шинэ уран бүтээлч төрж байна. Урлагийн хүний гол зорилго нь
нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж сайн сайхан зүйлийг гурван бадаг дуугаараа ард түмэнд
ойртуулах гэдгийг мартаж болохгүй. Аливаа арга хэмжээ, тайзан дээр гараад шинэ дуугаа
хүргэхээсээ илүүтэйгээр тэдний хүсч байгаа дууг дуулах хэрэгтэй. Ингэхдээ амнаасаа
гарч буй хий болгоныг чин сэтгэлээсээ гаргадаг байх ёстой. Ингэж байж ард түмэн
чамайг сонсоно, ард түмэн чамайг хайрлаж хүндэлнэ, уран бүтээл чинь хүнд хүрч үзэгчдийн
сэтгэлийг баярлуулна шүү дээ.

-Чин
сэтгэлээсээ дуулж сурна гэдэг уран бүтээлч зөв замаараа явж байгаа нэг илрэл гэж
ойлгож болох уу?

-Үг үсэг, хэлж байгаа авиа хүртэл чин сэтгэлээсээ, үнэн байх ёстой.
Монголын ард түмэн намайг дуулаад дуусахад дуулж байгаа дуу, гоё хоолой руу биш
миний чин сэтгэл рүү минь баярласнаа илэрхийлж алга ташдаг байхгүй юу. Ер нь нэрд
гасан амжилтад хүрчихсэн мундаг дуучдыг хараад байхад их сэтгэлээсээ дуулж байгаа
нь харагддаг. Яагаад гэвэл тэд өөрт нь диваажин, шүтдэг уул ус, бүхий  л аз жаргал нь байгааг олчихсон, юуны тулд дуулж
буйгаа ухаарчихсан хүмүүс. “Харанга”-ын Лхагвасүрэн, Өлзий-Орших, Сарантуяа, Түвшинтөгс
нарыг хар. Гоё дуулахдаа биш. Дуу нь тэдний 
амьдрал болчихсон, дуун дотроо амьдардаг учраас үзэгчдэд хүрээд байна. Тэр
ятга тоглодог хөгжимчин Мөнх-Эрдэнэ байна. Бүр хөгжим дотроо амьдардаг, ятгынхаа
хөг бүрт чин сэтгэлээ зориулж байна. Үүнийг л өөрийгөө олох гээд байгаа юм. Өөрийгөө
олчихсон хүнээс төгс бүтээл гарна. Гэтэл манай залуус өөрийгөө олно гээд хаа нэгтээгээс
юм олох юм шиг хайгаад байдаг. Тийм биш л дээ. Мөн чанараа ухаараагүйн л шинж.

-Таны
дуулсан хуучны олон сайхан дуу бий. Бараг таны нэрээр овоглодог гэхэд буруудахгүй
болов уу?

-Аан тэгж ярьж болохгүй. Тэр домог болсон бурхан шиг хүмүүсийг би
яаж гүйцэж дуулахав. Өөрийнхөө хэмжээнд жаахан хэмнэлийг нь өөрчилсөн төдий. Гэхдээ
их цөөхөн. Нэг цомогт нэг дуу л ордог. “Зам дээр гээгдсэн цэцэг” дуу байна. Би цомог
болгондоо хүүхэд ахуйдаа дуулдаг байсан дуунаас заавал нэгийг оруулдаг. Хамгийн
анхны цомогтоо Зангад гуайн “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууг оруулсан. Арай хөнгөн
болгож дуулсан. Дараа нь “Отрын адуучин” дууг хоёр дахь цомогтоо оруулсан байх жишээтэй.
Учраа мэдэхгүй хүүхэд байхдаа хашгирч, амандаа байнга хүлхэж явсан дуугаа юун төлөө
дуучин болсон билээ гэж бодоод дуулсан хэрэг л дээ. Хүний дууг дуулна гэдэг бэлэн
хоол шүү дээ. Зангад гуай миний өмнө мах шөл, сонгино ногоог нь тааруулаад таваглаад
өгчихсөн л хоол байхгүй юу. Цомгоо борлуулахын тулд л нэр хүндтэй хүний бэлэн хоол
ашигласан явдал шүү дээ, нуулгүй хэлэхэд.

-“Гоёлоо
өмссөн ээж” дууг мэдэхгүй хүн байхгүй. Энэ дуу мэндэлсэн дурсамжаас хуваалцахгүй
юу?

-“Гоёлоо өмссөн ээж” дуу миний аав, ээждээ зориулсан дуу. Соёлын
төвийн эрхлэгч Ганбаатар гээд ая зохиодог хүнийх. “Ханийн сэтгэл” гээд дууны аяыг
бас бичсэн. Би аав, ээжийгээ сүрхий жаргааж, сэтгэлд нь байсан тэр өнгө, өнгийн
дээлийг олныг сольж өгч чадаагүй хүн. Тийм болохоор ирээдүй хойч залуус минь эцэг,
эхийнхээ ачийг амьд сэрүүн үед нь багахан ч хариулаасай гэж зориуд төрсөн дуу. Эх,
эцгийн ачийг хариулна гэдэг цэцгийн шүүдрийн дусал түүж цай чанахыг хэлдэггүй юм
шиг байгаа юм. Гол нь амьдарч буй нийгэмдээ биеэ зөв аваад, өөрсдийгөө арчлаад,
төрийнхөө гар хараад байхгүйгээр амьдрахыг хэлэх байх. Энэ эх оронч гээд яваад байгаа
залуус ч мөн адил. Ер нь миний уран бүтээлийн хамтрагч нөхөд маань өөрийн гэсэн
онцлогтой хүмүүс. “Аав уул”, “Завхан гол”, “Намрын борооноор цувгүй алхахдаа”,
“Ээжтэй орчлон” зэрэг олон сайхан дууны минь аяыг бичсэн манай УГЗ Ц.Жамъян багш
аяа эхлээд биччихээд дараа нь шүлгээ тааруулдаг, Цэвээнравдан болохоор шүлгэнд ая
хийдэг хүн. Харин Ц.Бавуудорж яруу найрагч болохоор надаас арваад дүү мөртлөө намайг
“Баагий” гэж дууддаг найз. Ц.Бавуудоржийн надад өгсөн эхний шүлэг нь нэг хэсэг нэлээд
шуугиулсан арван хэдхэн настай байхдаа бичсэн “Хөхнийх нь товчинд хүрсэн ч биш дээ”
дуу бол хоёр дахь нь  “Бүгээн анир” гээд номонд
нь орсон “Дөрвөн улирлын өнгө” юм. Намрын борооноор цувгүй алхахдаа

Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ гээд шүлэгтэй дууг надад
авчирч өгөөд  Ц.Жамъян багшаар ая хийлгэсэн.
Ц.Жамъян багш номыг нь бүр авчирч байгаад ая хийтэл дахилтгүй байсан. Тэгээд  Мөн чиг холоос харагдсан даа

Мөнгөн залаат уулс Отгонтэнгэр минь гээд дахилт хийгээд
бүтсэн дуу.

-Таныг
“Завхан гол” дууг анх дуулахад жалга довны үзэл гаргалаа гэж их л шүүмжилж байсан
гэдэг юм билээ?

-“Завхан гол” дууг хүмүүс жалгын дуу гэдэг байсан нь үнэн. Тухайн
үед “Саа мөнгөн Хэрлэн” гээд дууг хүн бүр, би ч дуулах дуртай байлаа. Хэн ч жалга
довны гэдэггүй мөртлөө “Завхан гол”-ыг хол явахгүй гэж байлаа. Харин өнөөдөр Монголын
ард түмэн бүгд л мэддэг сайхан дуу болсон байна. Н.Лутбаяр гээд яруу найрагч байна.
Манай Завханы дуучид хот руу Лувсаншарав, Бирваа  гуай нар руу “ая өгөөч”, яруу найрагчдаас шүлэг
гээд гуйгаад гүйгээд байдаг байсан. Миний онцлог нь хажуудах авдраа уудалж тэднийхээ
дууг гаргаж ирэх  зарчимтай хүн л дээ. Лутбаяр
Сүхбаатар аймгаас манай аймагт хүргэн болж ирээд байж таарсан үе. “Завхан гол” дуу
анх нэг их гоё аятай хэрнээ үг нь “Цус гүйсэн хүний амь…” зэрэг хүнд,
хатуу байсан.  Аяыг нь Жамъян багш аль хэдийнэ
хийгээд үгийг нь тааруулаад биччихсэн байсан. Яг тэр үед улсын баяр наадам болох
гээд баярын концертод орох номерыг аймгийн комисс хянах гээд ирчихдэг байгаа. Тэгэхээр
нь би дуулахдаа хүнд үгтэй хэсгийг аль болох тод хэлэхгүйгээр цааш нь залгиад дахилтны
Ээ Завхан
гол, элсний нүүдэл шиг чив чимээгүй
гэсэн хэсгийг үзэгчдэд өгөөд дууллаа.
Тэгсэн намайг магтаад “Ёстой амьдрахаар гоё дуу байна” гэж билээ. Үгийг нь ч анзаараагүй
байх.

-Тэгээд
үгээ хэзээд нь өөрчилж амжив?

-Тэндээсээ гараад Н.Лутбаяр дээр очоод үгийг нь хэлэхэд их эвгүй,
эвлэхгүй байна. Өөрчилсөн нь дээр гэж хэлтэл манай хүн ч  шууд л “Өрнийн шаргалыг хоргойлсон, Өмнийн нарыг хүлхсэн,
Хадаг яндар Завхан гол, Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ”
гээд л бүх бадгийг
нь биччихсэн. Лутбаяр шүлгээ бичихдээ тухайн үеийнхээ салхиар бичдэг бол Бавуудорж
их бодож тунгаадаг байх жишээтэй.  “Аав уул”-ыг
бас Лутбаяр бичсэн. Сүүлийн үед морь уяад, бизнес хийгээд таарахаа байсан. Хааяа
таарахдаа гялс нэг шүлэг гээд авдаг.

-Аймгийн
театрт хичнээн жил ажилласан юм бэ?

-Би 1983 онд аймгийн театрт орсон. Арав гаруй жил ажилласан даа.
Аймгийн театрт байхдаа олон хүмүүстээ том бригадаар явах дургүй. Жүжигт тоглох дургүй.
Ганцаараа л уран бүтээл хийх дуртай, жожиг байж л дээ. Харин хөдөөний малчдыг их
дуулсан. Тэндээс л үзэгчидтэйгээ амьд холбоо үүсгэж, үгээ ард түмэнд хүргэж сурсан
юм болов уу гэж боддог. Зарим айлд орохоор униараа дүүрэн үхсэн хурганы арьс зүүчихсэн.
Аймгаас ирсэн дарга нараасаа чаваас даа айгаад эгцэлж харж чадахгүй, юун дуу сонсох
манатай. Хот мал нь бүрэн бүтэн онд орчихсон тарган хонины мах чанаад угтаж авч
байгаа малчныд ороод дуулах бас өөр.

-Таныг
гагнуурчин байсан гэдэг. Тэгээд яаж яваад урлагтай амьдралаа холбочихов оо?

-Аймагт Барилгын ТМС төгсөөд цэрэгт явсан. Тэгээд цэргээс ирээд ажилгүй
байж байхаар барилга дээр гагнуур хийхээр болсон юм. Тухайн үед  албан байгууллага болгон нэг гитартай. Гитар тоглодог
байсан учраас гагнуурчин болохгүй юу. Өдөр нь барилга дээр цэгэн гагнуур хийгээд
орой нь гитар дардаг байлаа шүү дээ. Урлагийн үзлэгт их орно. Тэгж явахдаа урлагийн
хүмүүсийг заяагдсан байдаг байх даа гэж боддог байлаа. Нэг өдөр аймгийн соёлын ордон
театрт болж өргөжөөд дуучин авна гэхээр нь очиж шалгуулсан. УГЗ Ц.Жамъян багшид
шалгуулаад тэнцэж байлаа. Ер нь манай аймгийнхан энэ нөхөр нэг тиймэрхүү дуулдаг
гээд мэддэг болчихсон байсан. Зангад гуайн дуунуудаас дуулж шалгуулж байсан. Ингээд
театрт орлоо тэгсэн нөгөө нэжигнэтэл алга ташдаг үзэгчдийн ташилт театрын ажилтан
гэхээр багасдаг юм билээ. Үзэгчид чинь өндөр мэдрэмжтэй. Гавьяат болохоор бүр суларна.
Мэргэжлийн хүнээс илүү ихийг шаардаж байхгүй юу. Тэгээд за дэмий ч юм болов уу гэж
бодол төрсөн. Тэгсэн Намхайнямбуу гуайн сонинд өгсөн “Москва Ленинград хоёр чинь
миний хотон дотор байсан юм байна ш дээ” гээд гарчигтай ярилцлагыг уншаад юу ч байсан
хоёр жил ажиллаад театраас гаръя гэж бодсон. Шууд гарчихвал миний амьдралд тохиох
хайр сэтгэл, амьдралын гол өнцөг булан бүрийг орхичих юм шиг санагдсан. Намхайнямбуу
гуай хонио хариулж, уул хадаар дуулж, малаа өсгөхөөс гадна сүүлд УИХ-ын гишүүн болсон
мундаг амьдралын ухаантай ихүн байсан юм билээ. Хаана хоосон булан байна тэнд нэг
морин хуурч залуутай дуугаа дуулаад явдаг байсан. Тэгээд “Завхан гол” дуу зэргийг
дуулсан. Тэрнээс хойш арав гаруй жил ажиллачихсан ш дээ.

-Аймгийн
театрт байхдаа МУГЖ авсан юм байна. Тийм үү?

-Тийм 1993 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг авч байсан.

-Тухайн
үед ялангуяа хөдөөний уран бүтээлч гавьяат авна гэдэг амаргүй даваа байсан биз?

-Одоо бодоход МУГЖ гээд сайхан л байна. Гэхдээ манай аймгийнхан нэг
гавьяат, нэг хөдөлмөрийн баатартай болох гээд л зүтгэсэн явдал болчихсон. Доржсамбуу
гуай хөдөлмөрийн баатар болж би гавьяат авсан байхгүй юу. Төрийн тэр өндөр цолыг
авна гэдэг сэтгэлзүйн хувьд хэцүү. Хөдөөний, дөнгөж цухалзаж гарч ирж байгаа уран
бүтээлч төрийн тэр өндөр шагналыг хүртэхэд ёстой бүх булчирхай л ажилладаг юм байна
лээ. Тэгээд ч аймгийн дарга, Ерөнхийлөгчтэй найзууд байсан юм шиг байна лээ. Ёстой
л арын хаалгадаад надад гавьяат авч өгч байсан байх (инээв). Гэхдээ нэг зүйлд би
их бэлгэшээдэг. Тухайн үед Ерөнхийлөгч, Аймгийн дарга, Театрын дарга,  Намын төв хорооны дарга нар бүгд Очирбат гэдэг
нэртэй байсан. Миний анхны хүүг Очир-Эрдэнэ, эхийнхээ хэвлийд байсан хоёр дахь хүүгээ
хүртэл Очирхуяг гэдэг нэр өгнө гээд бодчихсон байж таарсан. Тэр олон Очирууд тохиосон
нь бас л учиртай байж л гэж боддог. Харин СТА цолыг би зургаан жилийн өмнө авсан.
Үүндээ их хайртай. Би чинь СТА аваагүй гавьяат болсон хүн байхгүй юу (инээв). Одоо
харин гавьяатын энд очиж байгаа байх гэж боддог.

-Гэхдээ
МУГЖ авахдаа найр хийж байсан байлгүй?

-Хийсэн. Их хөгтэй юм болсон (инээв). Гавьяатын тэмдэг зүүгээд гараад
ирсэн чинь банкнаас мөнгө зээлээд төлж чадахгүй дампуураад өрөнд орчихсон юм шиг
л мэдрэмж төрсөн. Одоо тэгээд нэгэнт тийм том төрийн хишиг хүртсэн хүн чинь найр
хийхгүй яахав. Хүн амьтнаас бага багаар гуйсаар байгаад 300 мянган төгрөг зээлчихсэн
байдаг байгаа. Найраа ч яахав хүнээс мөнгө зээлээд хийчихлээ. Тэгсэн нөгөө мөнгөө
төлж чадахгүй бөөн юм болсон. Гэрийн утас дуугарахаар айгаад авч чадахгүй, шөнө
нойр хүрдэггүй арай гэж төлж билээ.

-Тэр
үед та хэдэн төгрөгийн цалинтай байсан юм бэ?

-600 төгрөгийн цалинтай. Уг нь хамгийн өндөр цалинтай байсан нь би.

-Та
хүүхэд ахуй насаа дурсахгүй юу. Аавыг тань сэхээтэн хүн байсан гэдэг юм билээ?

-Миний аав Санжаажав гээд орос хэлтэй сэхээтэн хэрнээ малчин хүн
байсан. Их бурхан ухаантай. Түрүүчийн нийгэмтэй дотроо зөрчилдөөнтэй хүн байсан
санагддаг. Үр хүүхдүүдээ “Өөрийнхөө төлөө өөрөө зүтгэ”, “Бүтээж байгаа бүтээлийнхээ
боол нь бай. Эзэн нь түрүүлээд явчихвал бүтээл төрөхгүй” гэж сургамжилдаг байсан.
Би энэ олон жил аавынхаа зам мөрөөр л явсан. Аав маань “50 нас хүрээд Отгонтэнгэрийн
орой дээр гараарай” гэж захисан. Би өнгөрсөн зун захиасыг нь биелүүлж Отгонтэнгэрийнхээ
оргил дээр гарлаа. Ээж болохоор сайхан дуулна, даруухан, зөөлөн хүн байсан. Харин
аав жаахан ёрдгордуу хүн байж билээ. Би эхээс наймуулаа. Нэг нь бурхан болоод одоо
долуулаа сайхан л амьдарч байна. Хүүхэд ахуйд нөлөөлсөн бас нэг зүйл гэвэл Хөхморьт
сумаас Дэндэв гээд төрөлхийн хараагүй эмгэн манайд ирсэн юм билээ. Тэр хөгшин их
үлгэр ярьж өгнө. Уран цэцэн үгтэй хүн байдаг. Орой болгон бидэнд үлгэр ярьж өгнө.
Тэр үлгэрийг сонсоод л их мөрөөднө. Бага байхдаа дэр ч бай өөрийн гэсэн юм болгон
дээрээ “БНМАУ БАТСҮХ” гээд биччихдэг хүүхэд байсан. Манай ах дүү нар сайхан дуулдаг
ч би урлагийн зам мөрөөр явах тавилантай байж. Оносон байна. Өнөөдөр ард түмэндээ
хүндлэгдээд сайхан л байна. Миний 60 гаруй дууг микрофоноо өгөхөд шууд дуулж байхыг
үзээд миний мөрөөдөл биелжээ гэсэн сэтгэл төрдөг.

-Таныг
намрын цагаар найр хуримын урилга, заллага ихтэй байдаг гэж ярьдаг?

-Яахав  “Найр хурим дээр дуулаад
өгөөч” гэсэн хүн их ярина. Манай Завханыхан олуулаа, би ганцаараа юм (инээв). Зөвхөн
Завханыхан ч гэлтгүй сүүлийн үед залуус хуримаа хийхдээ дуучдыг их дуулуулах сонирхолтой
болж. Аргагүйн эрхэнд миний утасны дугаарыг олоод нутгийн таньдаг хүмүүс ярихаар
арай ч “үгүй” гэж хэлж чадахгүй ганц нэг хурим дээр очиж дуулж байна. Нэг удаа бүр
манай нутгийн нэг хөгшин утсаар яриад “Охин маань хуримаа хийж байгаа юм. Хань маань
бурхан болчихсон. Та ирээд хойморт аавынх нь оронд суугаад өгөөч” гэж ярьж байх
жишээтэй. Би ер нь үзэгчдийн дунд байх дургүй. Шууд тайзан дээр гарч харагдаж дуугаа
дуулаад буцаад хүнд харагдахгүйгээр гараад явдаг.

-Ард
түмэн дуучны царайг харж танихаас илүүтэйгээр уран бүтээлийг нь мэддэг байх ёстой
гэж үү?

-Урлаг үнэтэй цэнтэй байх ёстой. Энэ утгаараа миний царайг харахаас
илүү чихээрээ дууг минь сонсоод тоглолтыг, дууг нь очиж үзэх юмсан гэсэн сэтгэл
төрдөг байх ёстой. Төр нь ялангуяа дуурийн дуучдаа, чуулгын дуучдаа халаасандаа
аваад урлагийн үнэ цэнийг ард түмэнд дээд зэргээр хүргэдэг байх ёстой шүү дээ. Гэтэл
хөөрхий манай уран бүтээлчид өдөржин тор барьж дэлгүүр хэсээд, эсвэл найр хурим
хэсч хэдэн төгрөгийн халтуур хийж аваад орой нь тайзан дээр тоглолт дээрээ дуулж
байна. Тэгж өдөржин гүйсэн хүн ямар юмныхаа сайхан, чин сэтгэлээсээ дуулах вэ дээ.
Би нэг суманд очоод тоглосон ч байрласан буудлаасаа гарахгүй, хүн амьтанд үзэгдэхгүй
байж байгаад шууд тайзан дээр гараад явдаг. Хэрвээ гудамжаар явж байгаад хүнтэй
таарлаа гэхэд “Өө Батсүх гээд бүдүүн нөхөр ирсэн л байна лээ” гээд үзэгчид хасагдах
жишээтэй, наад зах нь. Би дэлгүүр ч ордоггүй.

 Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ажлын уялдаагүйгээс Яармагийн шинэ замыг дахин сэтлэв

Гурван жил хэртэй үргэлжилсэн Яармагийн зам засварын ажил ерөнхийдөө
дууссан. Өргөн, түгжрэлгүй, аюулгүй замтай болсон нь тэр хавийнхны төдийгүй нийслэлчүүдийн
талархлыг хүлээгээд буй. Уг замыг “HKB”  ХХК
барьж гүйцэтгэсэн. Тэд есдүгээр сарын 20-нд энэ замыг Улсын комисст хүлээлгэж өгөхөөр
төлөвлөж байжээ. Гэтэл уг замын хот руу орж ирдэг хэсэг буюу урд талын эгнээг бүхэлд
нь хаагаад дулаан, цэвэр, бохир усны шугам гаргана гээд хэд хэдэн газарт нь сэтэлж
байна. Үүнийг харсан иргэд “Гурван жил зовж зүдрэн байж хийсэн шинэ замыг яагаад
сэтлээд эхлэв ээ”, “Энэ замыг ашиглалтад хэзээ өгөх бол хэмээн хүлээж байтал одоо
юу болоод дахиад ухаад байна вэ. Хэзээ бид сайхан замаар явах юм бэ” хэмээн халаглаж
байна.

“HKB”  компанийнхан Талбайн
инженер О.Цэвэлмаатай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай
компани хэдэн оноос энэ замын ажлыг эхлүүлсэн билээ?

-2012 оноос энэ ажлыг эхлүүлсэн. Гурван жил дамнасан ажил л даа.
13.7 км зам. Одоогоор ажлын явц 90 хувьтай явж байна. Бид энэ сарын 20-нд замаа
улсад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажлаа хүлээлгэж өгөхийн даваан
дээр барьсан замыг маань сэтэлчихлээ. Багаж техник авчраад сэтэлгээ хийх гэж байгаа
гэж дуулаад арай ч үгүй байлгүй дээ гээд итгээгүй. Хийгдээд дууссан замыг сэтэлнэ
гэж байхгүй дээ гэж бодож байсан. Тэгтэл дээрээс сайд дарга нар албан шаардлага
гаргаад сэтэл гээд баталчихсан юм билээ.

-Танай
барьсан замыг хэдэн хэсэгт сэтэлж байна вэ?

-Таван хэсэгт сэтэлчихсэн. Бид замаа сэтлүүлэх асуудлыг анхнаас нь
эсэргүүцэж, ийм шийдвэр гарсныг дуулаад ажил гүйцэтгэгчийн хувьд дуртай байгаагүй
л дээ.

-Шинэ
баригдсан замыг өдийд, газар хөлдөж байгаа үед сэтлэх нь ямар хор хохиролтой байдаг
юм бэ?

-Бид замаа норм дүрмийн дагуу барьсан. 2012 оноос эхлээд замаа барьж,
даланг нь л гэхэд үечлэх технологиор үе үеэр нь нягтруулсан шүү дээ. Гэтэл тэр сэтэлсэн
хэсгүүдийг буцаад дүүргэхэд байгалийн нягт нь хоёр, гурван жилийн турш нягтруулсан
чанарт хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ нөхөн сэргээлтийг нь хийж байгаа компаниуд
чанартай хийгээсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл манай компани энэ замыг комисс хүлээж
авснаас хойш гурван жилийн баталгаат хугацааг нь хариуцах юм. Ингэхээр манай компанийн
ажлын үр бүтээл энэ бүхэнд яригдах учир нөхөн сэргээлтийг нь сайн хийгээсэй. -Хэрвээ нөхөн сэргээлтийг
муу хийгээд замын тухайн хэсэг сууж эвдэрвэл хэн хариуцах юм бол?

-Бид тэр асуудлыг хариуцах боломжгүй шүү дээ. Улсын комиссынхон энэ
зам дээр ажиллах үеэр уг асуудлыг хөндөж ярина.

-Замын
ажил ид явагдаж байхад сэтэлгээний ажлаа хамт эхлүүлэхгүй яагаад ашиглалтад орсон
хойно нь ингэж байгаа юм бол?

-Төсөв мөнгө нь батлагдахгүй байсаар өдийг хүргэсэн юм шиг байна
лээ. Улсын ажил ямар ч уялдаа холбоогүй байгааг харуулж байна. Ядаж өнгөрсөн жил далангийн ажил хийж байх үед юм уу, үгүй юм аа гэхэд
хучилт авахаас өмнө ийм сэтэлгээ хийнэ гэж хэлэхгүй дээ. Гадаа хүйтэрч, ус хөлдөж
байгаа энэ үед замын ажил хийж байгаа нь баталгаатай харагдахгүй л байна. 

-Шинэ замыг сэтлэхэд ямар сөрөг нөлөө гардаг вэ?

-Хучилтаа хийхдээ асфальт дэвсэгчээр
дагууд нь тасралтгүй хийдэг. Гэтэл тэрийг голоор нь хөрөөдөөд тэндээ асфальт залгахаар
ямар олиг байх вэ дээ. Өнгө үзэмжийн хувьд ч ямар харагдах билээ. Хэрвээ тэр залгасан
хэсэгт суулт өгвөл машин тэрэг явахад хүндрэлтэй болж, цаашлаад осол гарах магадлал
нэмэгдэж болзошгүй. Гэхдээ сайн нягтруулаад хучилтаа сайн хийвэл гайгүй байх гэлээ.

Сэтэлгээ хийж байгаа хэсгүүдэд
очиж ажлыг нь сонирхлоо.

Яармагийн дунд буудлаас эхлүүлээд
дээд аюулгүйн тойрог хүртэл таван хэсэгт сэтэлгээ хийж байна. Ямар учиртай сэтэлгээ
хийж байна вэ гэхээр Яармагийн замын урд талд буюу Богд уулын хормойд орон сууцны
хорооллууд барих юм гэнэ. Ирээдүйд баригдах барилгын сантехникийн асуудлыг нь эртнээс
шийдэж байгаа нь энэ аж. Сэтэлгээний ажлыг “Тэргүүн инвест” компанийнхан толгойлон
хийж байгаа бол нийслэлийн замын таван компани нөхөн сэргээлт, замын ажлыг хариуцан
туслан гүйцэтгэж байгаа юм байна.

Долоон метрийн гүнтэй урт хонгил ухчихаж. Дотор нь дөрвөн метрийн
өргөнтэй, гурван метрийн өндөртэй 50-70 метрийн урттай туннель суурилуулсан байна.
Тэр туннелиэр инженерийн шугам сүлжээг явуулах аж. Бэлэн болсон туннелиудыг шороогоор
хуччихаж. Усны машин зогсчихсон, жижиг оврын индүү шороог нягтруулж байгаа харагдана.

“Тэргүүн инвест” компанийн түр бааз дээр очлоо. Тус компанийн ерөнхий
инженер Ж.Баасанжав “Хүмүүс машиныхаа цонхоор толгойгоо гаргаад та нар юугаа гээчихээд
зам ухаад байна аа” гэж хашгираад байгаа гэсээр угтлаа.

Зам сэтлэх захиалгыг
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам өгчээ. Засгийн газрын бүтээн байгуулалтын
зорилтот хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүчний салбарт 2014 онд хийгдэх ажлын жагсаалтад
Яармагийн замыг сэтлэх тухай орсон юм байна. Яармагаар ч зогсохгүй Сонсголонгийн
замыг нэг хэсэгт яг ингэж сэтэлчихсэн юм байна. Яармаг, Сонсголонгийн авто зам доогуур
нийт 360 метр, зургаан ширхэг нэвтрэх шугам барих аж. Одоогоор нэвтрэх шугамуудаа
замын нэг чиглэлд нь суурилуулчихсан юм байна.

Зам сэтлэх захиалгыг
өгсөн гол газар нь Эрчим хүчний Дэд бүтэц, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх нэгж юм
байна. Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хаагуур нь яаж сэтлэх тухай
зураг төслийг нь гаргажээ.

Сонсголонгийн замыг сэтэлж суулгасан туннелийн ажил дууссан бол Яармагийн
зам доогуур тавих туннелийн ажил 65 хувьтай явж байна.

Энэ хавийг бүхэлд нь дулаанд холбох ажил өрнөж байгаа аж. ТЭЦ
IV, ТЭЦ III-аас татсан дулааны шугамууд ерөнхийдөө Яармаг руу ирсэн бөгөөд зам доогуур
гаргах туннелиэр тэр шугамыг Богд уулын хормой руу үргэлжлүүлэн татах юм байна.
Дулааны шугамаас гадна цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамууд уг хоолойгоор
дамжих аж.

Яармагийн замын урд чиглэлийг сэтлэх ажил өнгөрсөн сарын 22-ноос
эхэлсэн бөгөөд өнөө өглөө дуусч байгаа бол үргэлжлүүлээд хойд талын замыг нь буюу
нисэх рүү явах чиглэлийг нь хаагаад сэтэлгээний ажлаа үргэлжлүүлнэ. Аравдугаар сарын
10 гэхэд энэ ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.

Хан-Уул дүүргийн иргэн, өндөр настан Т.Нина “Яармагийн замыг гоё
болохыг үзсэндээ баяртай байлаа. Гэтэл сэтэлчихээр нь яасан их гайхсан гээч. Улсын
ажил яахаараа ийм уялдаагүй явдаг байна аа. Үйлээ үзэн байж барьсан замыг хэдэн
хүмүүс ирээд сэтлээд эвдчих юм. Сэтэлсэн зам ямар сайн байх вэ. Хөдөлмөрлөж үзээгүй
хүмүүс хүний хөдөлмөрийг ингэж үрэн таран хийдэг юм. Зам барихаас өмнө тэр хоолой,
шугамын ажлаа хийхгүй яасан юм” хэмээлээ.

Инженерийн шугам сүлжээ явуулах туннель барих ажил гүйцэтгэсний дараа
нөхөн сэргээлт, нөхөөсний ажлыг “HKB” компанийнхнаар хийлгэх санал тавьжээ. Тус
компанийнхан “Олон жил хийсэн ажлаа нүдэн дээрээ баллуулчихаад сэтэлснийг нь нөхөөд
зогсоно гэж юу байх вэ” хэмээгээд саналыг нь хүлээж аваагүй аж. Тиймээс “Тэргүүн
инвест” компанийнхан замын нөхөн сэргээлтийн хөрөнгийг нь нийслэлд буцаан өгсөн
юм байна. Нийслэл тэр мөнгөөр нь замын таван компаниар уг ажлаа гүйцэтгүүлж байгаа
нь энэ.

Засгийн газар бүтээн байгуулалт нэрийн дор олон ажил сэдэж, хийж
байгаа. Гэтэл нэг бүтээн байгуулалт нь нөгөөгөө үгүйсгэж байгаа мэт нэгийгээ сүйтгэж
байгаад иргэд дургүйцэж байна. Ашиглалтад өгөхөд бэлэн болчихсон, алаг эрээн шугамуудын
будаг нь ч хатаагүй байсан замыг сэтэлж байгаа энэ үйлдлийг ямар ч хүн хараад “Улсын
ажилд ямар ч уялдаа алга. Энэ бүхнийг зангиддаг хүн гэж байна уу” хэмээцгээж байна.

 Д.САРУУЛ

 Гэрэл зургийг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Астра бьюлдинг”-ийн хууль бус барилгын ажлыг зогсоох ёстой гэж албаныхан үзэж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өдрийн сонин”-ы байрны
цонхыг таглан үйлчилгээ, орон сууцны зориулалттай “Астра бьюлдинг” барилгыг барьж
эхлээд хоёр сар болж байгаа тухай бид өмнөх дугааруудад мэдээлж байсан билээ. Одоо
уг барилгын ажил 13 дахь давхартаа үргэлжилсээр байгаа бөгөөд бүр 17 давхарт хүрнэ
гэсэн мэдээлэл байгаа юм. 

Өдөр, шөнөгүй үргэлжлэх уг барилгын ажлаас болж “Өдрийн сонин”-ы
сэтгүүлчдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх зөрчигдөөд байна.
Тодруулбал, сэтгүүлчид бид байгалийн гэрэл үзэхгүй, тоос шороо, дуу чимээтэй маш
хүнд нөхцөлд ажиллаж, ажил руугаа орж, гарахдаа байнгын түгшүүрт байдалтай явдаг
боллоо. Зөвхөн манай сонин төдийгүй уг барилгын эргэн тойронд байгаа бусад албан
байгууллагын ажилчид ч ийм байдалтайгаар ажлаа хийж байгаа юм.

“Астра бьюлдинг” хэмээх энэхүү орон сууц нь манай сонины байрнаас
цонхтой талаараа найман метрийн зайд баригдаж байгаа нь Монгол Улсын барилгын тухай
болон Орон сууцны тухай хуульд заасан “2-4 давхар барилга хоорондын зай хамгийн
багадаа 15 метр байх ёстой” гэсэн зүйл заалт, дүрэм журмыг зөрчөөд байгаа юм. Түүгээр
ч зогсохгүй Хүний эрхийн түгээмэл тунхаглалын тодор­хой зүйл заалтыг ч ноц­той­гоор
зөрчөөд байгаа билээ.

Яг манайх шиг цонхоо таглуулан ямар ч гэрэл гэгээ­гүй, тоос шороотой
хүнд нөх­цөлд ажиллаж, амьдарч бай­гаа иргэд сүүлийн үед олширч байгаа учир манай
сонин уг асуудлаар холбог­дох хүмүүсийг байл­цуу­лан хэлэлцүүлэг өрнүүллээ. Ер нь
манай сонин нийгэмд тулгам­даж буй чухал асуудлуудыг хөндөн цуврал хэлэлцүүлэг зохион
байгуулдгийн ээлжит хэлэл­цүүлэг нь энэ юм.

Өчигдөр болсон уг хэлэл­цүүлэгт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний
газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны
газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батчимэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хот
байгуулалтын улсын ахлах байцаагч Б.Хашчимэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын
Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав, Монголын хуульчдын
хол­бооны гишүүн, өмгөөлөгч Ч.Баднай­нямбуу болон цонхоо таглуулан барилга бариулж
буй Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны “Олимп 9” байрны “Шилэн пирамид” СӨХ-ны
дарга М.Алтанцэцэг болон тус байрны иргэд оролцлоо.

Харин “Өдрийн сонин”-ыг төлөөлж Эрэн сурвалжлах, тоймчдын албаны
дарга Д.Мөнгөндалай, Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга Н.Гантулга,
Дизайн, гэрэл зургийн албаны дарга Я.Баярбаатар нар оролцсон юм. Хэлэлцүүлгийг нээж
албаны дарга Н.Гантулга үг хэлсэн бөгөөд тэрээр үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор
харуулахын тулд редакцидаа хэлэлцүүлэг өрнүүлж буйгаа хэлж байв.

Хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн мэдээлэл, албан тушаалтан болон иргэдийн
дунд ямар яриа өрнөснийг тоймлон хүргэе.

-Н.Гантулга: “Өдрийн сонин” нь ард түмнийхээ өмнө
хариуцлага хүлээсэн, үндэсний хэмжээний сонин болохынхоо хувьд нийгэмд тулгамдаад
буй нэг чухал асуудлыг өөрийн жишээ болгон ярилцаж, ямар нэг шийдэлд хүрье гэж та
бүхнийг урьсан юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Эрдэнэчулуун манай
сонинд ярилцлага өгөхдөө холбогдох хуульд барилга хоорондын зай 15-45 метр байна
ярьсан. Гэтэл манай хажуугийн байр нь найман метр байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ
барилга хууль зөрчсөн. Тиймээс манай сонины зүгээс уг барилгыг зогсоох, буулгахыг
шаардаж байгаа юм.

-Д.Мөнгөндалай: Манай сонинд ийм нөхцөл байдалд
орсон олон мянган хүн ханддаг. Ер нь ийм байдал яагаад үүсдэг юм бэ, анхнаасаа төлөвлөлтдөө
үүнийг хэрхэн тусгасан байдаг юм бэ?

-О.Одбаяр: Манай ерөнхий төлөвлөгөөний газрын хийх
гол ажлыг 2012 онд УИХ-аас баталсан. Энэ нь 2020 он хүртэлх хот төлөвлөлт, 2030
оны ерөнхий чиг баримжаа гэдэг бичиг баримт юм. УИХ-ын 28 дугаар тогтоолоор бүр
хуульчилж баталсан. Энэ хуулийг мөрдөж, хэрэгжүүлэх зорилготой ажилладаг. Үүний
хүрээнд барилгын норм, дүрэм стандартыг тодор­­хой хэмжээнд мөр­дүү­­­лэхийг шаардаж
ажил­ладаг. Хэдийгээр манай бай­гуул­лагын бүтэц, зохион бай­гуулалт өргөжсөн ч
бүрэн эрх нь байдаггүй. Тухайлбал, архитекторууд маань газар дээр нь очоод барилгын
талбай нь норм стандартаа баримталсан эсэхийг шалгая гэхэд “Чи эрх бүхий хүн биш
байна. Зүгээр л нэг төрийн албан хаагч байна” гэх байдлаар ханддаг. Хамгаалалтын
албаныхан нь бараг барьж авч зоддог. Ийм асуудал байнга гардаг. Энэ бол бидний ажиллахад
тохиолддог нэг хүндрэл. Гэхдээ энэ байдлыг маань Нийслэлийн Засаг дарга, Иргэ­дийн
хурал ойлгож, авч хэлэл­цээд журам боловс­руулсан. Энэ нь хэрэв барилга бари­хаар
бол барилгын ойрол­цоох 15-45 метрт байгаа оршин суугчдаас саналыг нь авна гэсэн
журам юм. Түү­нээс бус олон улсын норм, дүрмээр барилга хоорондын зай тийм байна
гэсэн ойлголт биш. Өөрөөр хэлбэл, тухайн барилгаас 15-45 метрийн радиус дотор барилга
барилаа гэхэд өндөр, сүүдэрлэх байдал зэргээс нь хамаарч иргэдийн саналыг нь авах
тухай юм. Үүнийг журамлаад ирэхээр иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах асуудал
нэлээд цэгцэрнэ гэж бодож байгаа.

Ер нь бол ямар ч тохиол­­долд хажуу талын барилгынх нь цонхыг хааж
байшин барихаар төлөвлөх ёсгүй. Түүнээс гадна оршин суугчдын зам талбай, ногоон
байгууламж газрын 30 хувийг эзэлнэ гэсэн норм ч бий. Мөн гэрэл сүүдэрлэлтийн норм,
журмаар өдөрт нэг айлын цонх 2.5 цагаас дутуугүй нар үзэх ёстой гэсэн норм бас байгаа.
Энэ бүхнийг л тодорхой хэм­жээнд мөрдүүлэхийг зорьж ажил­ладаг байгууллага бай­гаа
юм. Мөн өмнө нь гар­сан алдаа завхрал буюу зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг цэгцлэх
гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

-Ч.Баднайнямбуу:
Өнөөд­­рийн “Өдрийн сонин”-ы зохион байгуулж буй хууль бус барилга, түүнээс үүдсэн
үр дагавар ямар байгааг ярил­цах хэлэлцүүлэгт миний бие хуульчийн хувиар оролцож
байна. Төр иргэдийнхээ хэвийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх үүрэгтэй.
Гэтэл өнөөдөр иргэд Үндсэн хуульд заасан эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа. Тодруулбал,
төрийн байгууллага, албан тушаалтнууд барилга барих­тай холбоотой асуудлаар зохих
шийдвэр гаргахдаа барилгын тухай хууль, дүрэм, норм зөрчих нь олонтаа болсон байна.
Үүний илрэл нь “Өдрийн сонин”-ы хойно баригдаж буй барилга. Үүний нотолгоо нь хэлэлцүүлэг
зохион байгуулж буй өрөө байгалийн ямар ч гэрэлгүй байна. Байгалийн гэрэлтүүлэг
үзэх боломжгүй болохын хэрээр хиймэл, зохиомол гэрэл­­түүлэг ашиглахад хүрдэг. Энэ
нь иргэдийн эрүүл мэнд болоод дэлхийн дулаарал гэх мэт олон зүйл сөрөг нөлөөтэй.
Түүнээс гадна иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах ёстой гэсэн заалттай хэр
нийцэж байгааг төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд үнэлэлт, дүгнэлт
өгөх ёстой. Барилга барих зөвшөөрлийг өгөөд л байдаг. Гэтэл тэр баригдаж байгаа
барилга нь тухайн орчинд амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдийн эрх ашигт
яаж нөлөөлж байгааг урьтал болголгүйгээр хамаа замбараагүй зөвшөөрөл олгодгоо болих
хэрэгтэй. Хамгийн сонгодог жишээ бол MCS-ийн 23 давхар барилга. Хойд талын таван
давхар орон сууцны барилгынх нь бүх нарыг хаачихсан. Үүнд зохих байгууллагуудад
хандаад явж байна. Одоогоор барилгын ажлыг түдгэлзүүлчихээд байгаа.

Ер нь бол зарим барилгуу­дыг эхнээс нь нурааж байж “Болохгүй юм байна,
бүтэхгүй юм байна шүү” гэсэн мессежийг нийгэмд өгөх хэрэгтэй.

-А.Мягмаржав:
Эхлээд барилгын ерөнхий байдлыг танилцуулъя. “Өдрийн сонин”-ы хойно Л.Зундуй болоод
“Астра интернэйшнл” компанийн 64 айлын орон сууц юм байна. 24.5×18.5 метр хэмжээтэй,
зоорьтой, 10 давхар, төмөр, бетон цутгамал карказан барилга.

2008 оны есдүгээр сарын 22-ны өдрийн НЗД-ын 449 тоот захирамжаар
наймдугаар хороо, “Өдрийн сонин”-ы байрны хойно газар олгосон байсан. Гүйцэтгэгч
байгууллага нь “Тэлмэн конст­ракшн”. Уг компани нь барилга, угсралтын ажил гүйцэтгэх
тусгай зөвшөөрөлтэй. Барил­гын үндсэн хийц, бүтээлтийн угсралтын ажилд 2016 оны
есдүгээр сарын 14 хүртэл Нийслэлийн ерөнхий төлөв­лөгөөний газрын хот байгуулалт
төлөвлөлтийн газрын дарга н.Эрдэнэтуяа гэж хүн зөвшөөрөл олгосон байна.

Хамгийн гол асуудал бол Монгол Улсын Үндсэн хууль, Барилгын тухай
хуульд аливаа байгууламжийг барих нь тухайн иргэн, байгууллагын эрх. Гэхдээ ганцхан
зүйл бий. Тухайн барилга байгууламж бүхэлдээ хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж,
амьдрах нөхцөл боломжийг хангасан байх ёстой. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод шугам
сүлжээ хүрэлцээгүй эсвэл зай талбай хомс гэх шалтгаанаар барилгад ойртуулж барьдаг
зөрчил сүүлийн жилүүдэд үргэлжилж байна.

“Астра бьюлдинг”-ийн тухайд барилга хоорондын зай нь ойрхон, “Өдрийн
сонин”-ы баригдаад олон жил болж байгаа барилгын гэрлийг хаа­сан зөрчилтэй байна.
Энэ талаар ойр орчмын бусад байгууллагуудаас ч гомдол ирж байгаа. Маш их дуу чимээтэйгээс
гадна дээрээс их хэмжээний зүйл унадаг, аюул осол ихтэй гэсэн гомдол ирж байна.
Энэ хоёр байшингийн дундуур машин замтай. Тиймээс аваар осол ч гарах орчин бүрдчихсэн.

Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний тогтоолоор барилга
байгууламжийн ажил эхлэх, үргэлжлэх зөвшөөрөл олгохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлсэн.
Ингэх­дээ 16 хүртэлх давхар барил­гыг Нийслэлийн ерөнхий төлөв­лөгөөний газар буюу
Нийслэлийн Засаг даргын мэдэлд, түүнээс дээшихийг Барилга, хот байгуулалтын сайдын
мэдэлд өгсөн. Үүний дагуу 2013 оны есдүгээр сарын 4-ний өдөр 421-2013 гэдэг зөвшөөрөл
олгосон байна. Тиймээс энэ барилгын орчны ерөнхий төлөвлөгөө буюу зэргэлдээх барилга
байгууламжтайгаа хэрхэн уялдаж байгаа гэх мэт асууд­­­луу­дыг Нийслэлийн захирагчийн
ажлын алба, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын зураг төсөл, хяналтынхан нь шалгаад
зөв­шөөрөл өгсөн байх учиртай. Ингэж шалгах явцдаа ямар нэгэн алдаа гаргасан бол
үүний­гээ эргүүлж нягтах, засах нөхцөл бололцоо бас байх хэрэгтэй гэж үзэж байна.
Манай байгууллагын зүгээс зай хэмжээ багассан эсэхийг архитекторууд маань үзэж байж
шийднэ. Ер нь Сүхбаатар дүүргийн хэмжээнд ийм нөхцөл байдал үүсгэсэн 80 гаруй барилга
байна. Гэтэл хариуцсан хоёрхон бай­цаагч­тай. Бид эхнээсээ гомдлын дагуу шалгаад
л явж байна.

-Сүхбаатар
дүүргийн иргэн Г.Нямдорж:
Би олон жилийн турш бодож байгаа юм. Юун яам,
юун дарга нар вэ. Ер нь эцсийн эцэст Монголыг залж, залуурдаж байгаа ганцхан бодит
зүйл бол сонин хэвлэл тэр дундаа “Өдрийн сонин” л байна. Хаана болж бүтэж байна,
хаана болохгүй байгааг сониныхон л дэлгэдэг шүү дээ. Тиймээс ийм хүч чадалтай “Өдрийн
сонин” уг асуудлыг хөндсөн нь олны анхаарлыг татах нь лавтай.

Мэргэжлийн хяналтын газар өнөөдөр чадалгүй, хүчгүй байна. Тэгвэл
ийм чадалгүй төрийн байгууллага байж байхаар бүгдийг нь нийлүүлээд шинэчлэлийн Засгийн
газар, дөрөв дэх засаглалын хүчтэй ганцхан аппаратыг байгуулчих хэрэгтэй. Түүнээс
бус мянган удаа сайхан яриад, хэлээд нэмэргүй.

-Н.Гантулга: Сүхбаатар дүүрэгт гэхэд 80 гаруй барилга
байна гэж Мягмаржав гуай хэллээ. Барилга хоороондын зайн асуудал дээр та бүхний
саналыг сонсмоор байна.

-Б.Хашчимэг: Нийслэ­лийн нутаг дэвсгэр дээр
2008 оноос хойш барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа. Энэ нь шилжин суурьшилт болон
газар олголттой холбоотой. Олгогдож байгаа газар бол тухайн барилгыг барьж болохоор
норм, нормативыг хангахуйц байдаг. Харин түүн дээр тухайн аж ахуй нэгж барилга,
хот байгуулалтын тухай хууль, дүрмийг зөрчөөд тултал нь барилга бариад байгаа. Ногоон
байгууламж, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэргийг тооцоололгүйгээр авсан
газар дээрээ барилгаа босгочихдог. Энэ  бол
газар олгож байгаа байгууллагуудтай холбоотой. Гэр хорооллын дахин төлөв­лөлттэй
холбоотойгоор Баян­гол дүүргийн VII хороог жишээ татмаар байна л даа. Ард Аюушийн
гудамж бол амины орон сууцны төлөвлөлттэй байсан хэсэг. Гэтэл аж ахуй нэгж хоёр,
гурван айлын газ­рыг худалдаж аваад 5-12 давхар барилга барьчихсан. Дэд бүтэц, барилга
хоорондын зам талбай байхгүй, холбогдох газраас зөвшөөрлөө бүрэн гүйцэд аваагүй
байсан. “Өөрийн эзэмшил газар дээрээ хүүхдүүддээ зориулж орон сууц барьж байна”
гэсэн тайлбар өгсөн. Энэ мэт зөрчил давамгай байна.

-Н.Гантулга: Мэдээж ийм асуудлууд дээр мэргэжлийн
байгууллагууд албан шаард­ла­га тавьж байгаа байх л даа. Тэгэхээр газар олголтыг
яавал дээр вэ. Үнэхээр нүүр нүүрээ харалцсан ийм барилгууд цаашид боссоор байх уу?

-О.Одбаяр: Газар олгол­тын асуудал 2003 оноос хойш
нэлээд хийгдсэн байдаг юм билээ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш
уг асуудлыг ерөнхий төлөвлөгөөтэй нь уялдуулж, шийдэж байя гэсэн үндэслэлээр Газар
барил­гажилтын зөвлөлийг Засаг даргын захирамжаар байгуулсан. Үүнд Нийслэлийн ерөнхий
төлөвлөгөөний болон Өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга нар орж мэргэжлийн шийдлээ
гаргах юм. Бидний гаргасан шийдлийг Нийслэлийн Засаг дарга хянаж үзээд газар олголтыг
хийж байгаа. Үүнээс хойш газар олголтын асуудал нэлээд цэгцэрсэн. Өмнөх үеийн газар
олголт бол Ерөнхий төлөвлөгөө Газрын алба хоёр тус тусдаа байсан хэрэг. Газар зохион
байгуулагчдаас шийдвэр гардаг байсан учраас инженерийн шугам сүлжээн дээр олгох,
мөн байшинд наалдуулж, зам руу шахаж олгох, нийтийн эзэмшлийн зам талбайг хамрах
зэрэг асуудал гарсан байсан. Одоо ч гарсаар байгаа. Газар авсан хүн барилга барьж,
ашиглахыг хүсдэг. Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө эрх ашгийн хүрээнд
барилгаа барихыг хичээдэг. Ингээд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй янз бүрийн хэлбэрээр
барьдаг. Замбараагүй газар олголтыг шийдэхийн тулд 200 гаруй аж ахуй нэгжийн газрын
эрхийг цуцалсан.

-Д.Мөнгөндалай: Хуучин уялддаггүй байсан болохоор
өнөөдрийн байгаа нөхцөл байдал тэрнээс үүдэлтэй байх нь ээ?

-О.Одбаяр: Ерөнхий төлөв­­­лө­гөөний газраас эскиз
зураг гарснаас 1-2 жилийн дараа ажил нь эхэлдэг байгаа. 2013 онд эскиз зургаа батлуулсан
хүн бол зөвшөөрлөө авч, барилгын ажил нь эхлээд явсаар байгаад 2015 онд ажил нь
эхэлдэг байх жишээний. Энэ хугацаанд бэлтгэл ажлаа хангадаг. Одоогийн тулгараад
байгаа эдгээр асуудлууд 2-3 жилийн өмнө шийдэгдсэн. Тиймээс бид  хойноос нь засах гээд яваад байгаа юм.

-Д.Мөнгөндалай: “Өдрийн сонин”-ы барилгатай адил
наалдуулаад барьсан байшингууд хотод зөндөө байгаа гэлээ. Энэ асуудлыг яаж шийдэх
вэ. Үйл ажиллагааг нь гацаах уу?

-А.Мягмаржав: “Өдрийн сонин”-ы хажууд баригдсан
барилга бол жишээ. Энэ мэт­чи­­лэн иргэд, аж ахуй нэгжийн эрхийг зөрчиж барилга
барьс­наас болж шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдол олон бий. Барилга барихаас буулгахад
нь илүү их зардал гарна. Энэ асуудал шүүх дээр очихоор “Барилга барьсан хөрөнгийг
хэн төлөх юм бэ” гээд эргээд нэхэм­жилдэг. Тэгэхээр эрх зүйн орчныг үлэмж сайжруулах,
Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын гаргасан  шийд­вэрийг хэрэгжүүлдэг болох нь чухал байна.
Харамсалтай нь байцаагч нар актаа тог­тоож, албан шаардлагаа өгдөг ч тэр нь хэрэгждэггүй.
Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж, шийдвэрээ хэрэгжүүлдэг байхгүй бол
ганхана.

-Сүхбаатар дүүргийн I хорооны иргэн С.Бат­чулуун: Нийс­лэ­лийн
иргэ­дэд тулгамдсан асуудлуудын нэг болох энэ сэдвээр “Өдрийн сонин”-д хэлэлцүүлэг
өрнөж, албаны хүмүүс оролцох гэж байгаа тухай мэдээллийг аваад ирсэн юм. “Өдрийн
сонин” гэж хэвлэлийн энэ том хүчирхэг байгууллагаар бидний дуу хоолой гарч байна.
Иргэд бид эрхийнхээ төлөө хоёр жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй. “Өдрийн сонин”-ы ард
босч буй орон сууцны барилга ч иргэдийн эрхийг ноцтой зөрчжээ. Энд ногоон байгууламж,
машины зогсоолоос гадна, хүүхдийн тоглоомын талбай ч алга. Нэг талаар та бүхэн өөрсдийнхөө
эрх ашгийг хамгаалж байгаа ч нөгөөтэйгүүр “Астра бюлдинг”-ийн энэ орон сууцанд орсон
64 айлын хүүхдүүд нь тоглох газаргүй, машин багталцаж шингэхгүй нь байна шүү дээ.

-Я.Баярбаатар: Бидний гомдлын дагуу энэ барилгын
үйл ажиллагааг зогсоох боломж бий юу?

-Н.Оюунчимэг: Барилга хоорондын зай, хэмжээний асуудал
алдагдсан ийм тохиолдолд харьяаллын дагуу холбогдох байгууллагад нь хандах ёстой.
Мөн хөдөл­мөрийн аюулгүй ажиллагаа, орчны аюулгүй байдлыг хан­га­сан орчинд энэ
байгууллага үйл ажиллагаа явуулах учир­тай. Гэтэл ногоон тор татдаг. Зургаан давхраас
юм унагаахад цоороод доошоо нэвт унаж, ногоон тор амархан цоордог. Аюулгүй ажиллагааны
бүс бол тодорхой стандарттай байх ёстой. Манай байцаагчид барилгуудаар явж аюулгүй
ажиллагаагаа хэр хангаж байгааг нь шалгадаг. Гэтэл хүн хүч үнэндээ хүрэлцдэггүй.

-Я.Баярбаатар: Монгол Улсын барилгын норм ба дүрэмд
яах аргагүй хоёр байшингийн хоорондох зай 15-45 метр байх ёстой. Гэтэл яагаад найман
метр хүрэхгүй зайд яагаад барилгын зөвшөөрөл олгочихов гэдэг асуудал байна. Цаана
нь авлигын хэрэг байна уу. Яагаад хууль зөрчин барилгын зөвшөөрөл олгодог юм бэ.
Нэгэнт дагаж мөрдөхгүй юм бол хууль батлаад хэрэг байгаа юм уу?

-Н.Оюунчимэг: Өмнөх жилүүдэд барилга хоорондын зайг
баримталж, зөвшөөрөл олгохгүй гэхээр хүмүүс бид­­нийг хүнд сурталтай, авлига авах
гээд байна гэж шүүмжилдэг байсан. Нууцгүй хэлэхэд ийм байна. Барилга баригдаад хүний
амь эрсдээд байхад Мэргэжлийн хяналтын байгууллага юу хийж байв гээд яриад байдаг.
Бид үнэндээ тодорхой хэмжээгээр ажиллаж байна. Гэвч хүчгүйдээд байна. Яг мэргэжлийн
хяналтыг ажил үүргийнх нь дагуу хяналтыг нь тавиулаад явж байсан бол өнөөдрийн ийм
асуудал үүсэх гүй шүү дээ.

-Я.Баярбаатар: “Өдрийн сонин”-ы ард баригдаж байгаа
барилга хууль зөрчиж байгаа явдал мөн үү?

-А.Мягмаржав:
Мөн

-Н.Оюунчимэг:
Мөн

-Б.Хашчимэг: Зай хэмжээ­гээ мөрдөөд батлаад байвал
ийм зөрчил гарахгүй. Ийм асуудлыг зургийнх нь шатанд шийдэх ёстой.

-Я.Баярбаатар: Энэ барилга хууль зөрчсөнийг мэргэжлийн
байгууллагууд хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр ойрын хугацаанд зогсоох боломжтой
юу?

-Б.Хашчимэг: Одоо бүх шатны­хаа зөвшөөрлийг авчихсан
байгаа. Тэгэхээр хот байгуулалтын дүүрэг хариуц­сан байцаагч нь арга хэмжээ авдаг.
Холбогдох байгууллага нь зөвшөөрлөө авчихсан байхад холбогдох байцаагч зогсооно
гэдэг нь ч учир дутагдалтай. Хот байгуулалтын байцаагч маань барилга хоорондын зай,
хууль дүрэм хангаж байна уу гэдгийг л харна.

-А.Мягмаржав: Шулуухан хэлэхэд энэ барилгын эх загвар
зургийг баталчихсан байна. Ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг иргэдийн хур­лаас
журам гаргасан байна. Нэгэнт батлагдсан юм чинь зураг нь хийгдээд барилга нь баригдаж
л таарна. Тэгээд зураг нь хийгдэх юм бол тэр газар дахиад барилгыг барина гээд зөвшөөрөл
олгочихсон байгаа шүү дээ. Журмаа гаргасан хэрэгжүүлэх ёстой байгууллагууд  өөрсдөө зөрчөөд явчихсан байна.

-Б.Хашчимэг: Үе шаттай­гаар бүх зөвшөөрлүүд нэг
л байгууллагаар дамжиж байгаа. Олгосон эскизийнх нь дагуу зураг хийгдээд ирсний
дараа нөхдүүд хянаад дахиад зөвшөөрөл олгочихож.

-А.Мягмаржав: Энэ барил­гууд дээр зай хэмжээ зөрчсөн
байна гээд байцаагч албан шаардлага өгч байгаа. Өчигдөр манай ерөнхий газрын дарга
“Бид нар шүдгүй арслантай адил байна” гэж байсан. Үнэхээр мэргэжлийн хяналтынхан
ийм асуудлыг шийдэхэд хүчгүйдэж байна.

-Я.Баярбаатар: Энэ барилгын ажлыг царцчихлаа гэхэд
хэн нэгэн эрх мэдэлтэн хүрч ирээд үргэлжлүүлээд бариулчихвал яах вэ?

-А.Мягмаржав: Хяналтын тухай шинэ хуулинд “Хүний
амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулахаар тогтоогдсон бол тийм болзош­гүй
тохиолдолд барилга, ажил үйлчилгээг 14 хоногийн хугацаатай зогсооно” гэж заасан
байдаг. Энэ нь хувийн бизнесийг дэмжиж байгаа хэрэг гэнэ дээ.

-Я.Баярбаатар:
Тэгэхээр 14 хоног гүрийчихвэл болчихно гэсэн үг үү?.

-А.Мягмаржав:
Шинээр батлагдах хууль цоорхойтой байна.

-М.Алтанцэцэг: Бид энэ хэлэл­цүүлгийн тухай дам
сон­соод ирсэн юм. Олон хариуцлагатай албан тушаалтан ирсэн байна.  Төрийн албаны хариуцлагагүй, зохион байгуулалтгүйгээс
бид хохирсоор байх уу. Цаашид бид хаана хандах вэ. Чаддагаараа мэргэжлийн хяналтад
хандлаа. Төрийн алба зохион байгуулалтгүй, уялдаа холбоогүйгээс бид үндсэн хуулинд
заасан эрхээ эдэлж чадахгүй, зөрчүүлсээр байна. Үүнийг яах вэ. Ийм байдалд хүрээд
цаашид яваад байх уу.

-А.Мягмаржав: Нийгмийн тулгамдсан асуудлыг “Өдрийн
сонин” өөрт тулгамдсан асуу­дал дээрээс хөндөж байна. Бид төрийн хуулийг хэрэгжүүлэх
гэж явдаг байцаагч нарын хувьд өөрт тулж байгаа асуудлыг ярьж байна. Энэ үйл ажиллагаа
цаашид үр дүнд хүрэх ёстой. Хамгийн гол нь байцаагчид болон сониныхон шийдвэр гаргадаг
улсууд биш. Тэгэхээр нийгмийн санаа бодлыг олон нийтэд хүргэж байгаа сэтгүүлчдийн
санаа байна. Тэр битгий хэл бид барилгуудад шалгалт хийж, зөвшөөрөлгүйгийнх нь цахилгааныг
тасалдаг. Гэтэл тэд дахиад л цахилгаанаа залгачихдаг. Зарим нь дизель хөдөлгүүр
авчраад ажиллуулдаг. Сүүлдээ шүүхэд ханддаг. Шүүх хянаж үзээд Иргэний хэрэг хянан
шийдвэрлэх хуулиар энд ямар ч хохирол алга гэдэг. Мөнгөн хохирол гараагүй байнагээд
бидний гомдлыг буцааж байсан тохиолдол байна. Мэргэжлийн хяналт нь шүүхэд хандахаар
ингэж шийдвэр гарч байгаа юм чинь жирийн иргэн хандвал нэмэргүй.

-М.Алтанцэцэг: Мөн­гөөр тоо­цохоо больё гэхэд бид
эрүүл мэнд, сэтгэл санаагаа­раа хохирч, нар харах эрхээ хасуулж байна. Бид хаачих
вэ. Ер нь мэргэжлийн хяналт мэргэжлийн хяналт шиг байх ёстой. Бага ч гэсэн ийм хууль
бус зүйлийн үзүүрийг тасдмаар байна.

-А.Мягмаржав: Харин энэ санаачилгыг “Өдрийн сонин”
гаргалаа. Их баярлалаа.

-Сүхбаатар дүүргийн иргэн Н.Батчулуун: Мэр­гэж­лийн
хяналтынхан Барил­гачдын талбай дээрх барилгыг нурааж байсан шүү дээ.

-Н.Оюунчимэг: Тэр үед төр хүчтэй юм байна гэдгийг
харуулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хууль бий. Тэгэхээр хяналтын тухай шинэ
хуульд төр гэдэг үг байх­­гүй болж байгаа. Миний бод­лоор төр хүчтэй байх юм бол
иргэд, аж ахуй нэгжүүд нь хуу­лиа хэрэгжүүлдэг болох байх.

-А.Мягмаржав: Мэргэж­лийн хяналтын байгууллагыг
үе үеийн түр зуур томилогдож ирсэн дарга нар, намууд шороо­­­той хутгасан. Тэр хүмүүс
Монголын хөрсөн дээр буухгүй янз бүрийн өөрчлөлт хийдэг. Гэхдээ мэргэжлийн хяналтын
байгууллага өөрчлөгдөх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байгаа.

-Н.Оюунчимэг: Хот 2020 он хүртэл ерөнхий төлөв­лөгөөнийхөө
дагуу хөгжих ёстой. Тэр болтол ерөнхий төлөвлөгөөний дагуу архитектур төлөвлөгөөний
даалгавар газар олголт хийгдээд явж байх ёстой. Бичиг барим­таасаа эхлээд норм дүрмийн
шаардлага хангаад хууль дүрмээ барьж явбал ийм асуудал үүсэхгүй.

-Б.Хашчимэг: Бид мэргэж­лийн байгууллагуудад тавьдаг.
Гэтэл тэндээ очоод гацаад байна. Мэргэжлийн байгууллага байгуулагдаад хүчтэй байсан.
Тэнгисийн талбай, Баянзүрхийн гурван давхар барьсан барилгыг буулгуулж байсан. Бид
хүчтэй байсан. Гэтэл сүүлийн үед  тийм биш
байна. Гэтэл манай байгууллагыг тараана гэсэн мэдээлэл гарсан.

-Б.Батчимэг: Нийслэ­лийн хэмжээнд газар олгох асуудлыг
шинэ журмаар л олгоно. Э.Бат-Үүл дарга сон­гогд­соноос хойш нийслэлийн төвийн хэсэгт
шинээр газар олгоогүй. Энэ үүсээд байгаа асуудлууд бол урьд өмнө гарсан захирамж
шийдвэртэй холбоотой. Нэгэнт эрх зүйн харилцаанд орчихсон байсан нөхдүүд барилгаа
барьдаг юм уу, эрхээ шилжүүлдэг ч юм уу ийм л 
асуудал гарч байна. Тэрнээс шинэ журам гарснаас хойш дуудлага худал­­даагаар
огт газар олгоо­­гүй. Шинэ газар олголт алслагдсан дүүргүүдэд бүтээн байгуулалттай
холбоотой газар олгож байгаа.

-Д.Мөнгөндалай: Одоо энэ барилгыг яах ёстой юм бэ.
Хүмүүс хүний хувийн өмч гэсэн хэлбэрээр ойлгож байгаа байх?

-А.Мягмаржав: Шүүхэд хандана. 

 Т.ГЭРЭЛМАА

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ 

Categories
гадаад мэдээ

Эбола хөхний сүүгээр халдварладаг болох нь тогтоогджээ

ДЭМБ-ын дарга захирал Маргарет Чанг “ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусын улмаас 3338 хүн амиа алдаж, 7718 хүн халдвар авсан гэжээ. Тэрбээр “Халдвар авсан хүмүүсийн дотор 0-1 насны 327 нярай байгаа. Мөн 5-18 насны 1101 хүүхэд эболагийн халдвар авсан. Халдвар авсан нярайн эцэг эх нь эбола туссан нь шинжилгээгээр тодорхой болсон. Эбола вирус хөхний сүүгээр халдвар тараадаг нь тодорхой боллоо” гэж хэлжээ.

Эболагаар ганцхан долоо хоногийн дотор Либери 310, Сьерра-Леон 290, Гвиней 195,  Нигер улсад 59 хүн халдвар авчээ. Тус вирусын халдварыг зогсоохын тулд ДЭМБ-аас дахин 15 сая ам.долларыг төсөвлөжээ. ДЭМБ өнгөрөгч долоодугаар сард 30 сая ам.долларыг гаргасан юм. Мөн Британийн хатан хаан II Элизабет Сьерра-Леон улсад мөнгөн туслалцаа үзүүлэхээр болсон гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон твиттертээ жиргэжээ. ДЭМБ-аас мэдээлсэнээр Сьерра-Леон улсад өдөрт 15-30 хүн шинээр халдвар авч байгаа гэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Алив нөгөө “Арева”-тай алалцана гэсэн нь яалаа даа

Баруун Монгол ардын наргиантай харилцаа дуунууд дээр

“…Улаан бууртай тэмээгээ услана гэсэн яалаа даа. Ухаа хүрмэнгийн
үзүүрт л уулзана гэсэн яалаа даа яалаа даа…” гэж гардаг даа. Тэр лугаа манай байгаль
хамгаалагчид, орон нутгийн эх орончдын мятаршгүй тэмцлийн явц үр дүнгийн сүүлийн
үеийн мэдээ, мэдээллээр гарч байна. Дорноговь аймгийн Улаанбаатарлаг билүү нэг суманд
Францчууд хүрч ирээд цөмийн хайгуул хийснээс болоод тугал хордсон гэдэг. Ингээд
орон нутагт эсэргүүцлийн жагсаал цуглаан болж, хөдөлгөөн байгуулагдан хэвлэл мэдээллээр
цацагдан дуулиан тарьцгаасан. Харин саяхан үндэсний телевизээр нөгөө тэмцээд байсан
малчдын төлөөлөгчид маань Казахстанд заларчихсан, Францын “Арева” компанитайгаа
“хампаан” (найз нөхөд сурв) болчихсон цөмийн урвал түүний шар нунтаг гэгчийн талаар
үгээ олохгүй магтацгааж  байгаа харагдав.
Бас зарим төлөөлөгч, сэтгүүлчдийг нь Францад урин хоол цайгаар дайлаад Атомын станцын
үйлдвэрийг үзүүлээдэхсэн чинь “Тугал өөр зүйлээс болж хорджээ. Францчуудын зөв зөв”
гэцгээн хүрч ирцгээлээ.

Эх орон, Миний Монголын газар шороо гэсэн сүрт тэмцлүүдийг учир мэдэх
хэсгийнхэн элэглэж ч ханахгүй юм. Нөгөөдүүл нь ч одоо бүр ичиж зовохоо ч байж.  

 Ж.ГАНГАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Путины намтарт нэмж ТОДОТГОХ НЬ

Баабар ингэж өгүүлэв

Леонид Млечиний бичсэн Путин хэмээх энэ ном 2012 онд Путиныг Оросын
төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон тэр үеэр дуусч байгаа. Путин Ерөнхий
сайд байхдаа Оросын Ерөнхийлөгчийн алба хаших хугацаа дөрвөн жил байсныг Төрийн
Думаар шинэчилсэн хууль батлуулж зургаа болгон өөрчилж чадсан. Ингэхээр тэрээр
2024 он хүртэл энэ аварга гүрнийг толгойлох бүрэн магадлалтай боллоо. 1999 оноос
тооцвол Оросын түүхэнд ийм удаан (25 жил) төр барьсан ямар ч царь, эзэн хаан, намын
ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч байхгүй.

Орос орон үймээнтэй шуугиантай боловч 1917 оны 2-р сарын хувьсгалаас
Октябрийн хувьсгал хүртэл ахар богино хугацаанд ардчилсан тогтолцоо нэг удаа байгуулж
үзсэн. Гэвч энэ явдал эмгэнэлтэйгээр дууссан. Коммунизм унасны дараа 1991 оноос
арав орчим жил дахин ардчилсан тогтолцоо байгуулсан боловч хулгай, шамшигдуулал,
мафи, олигархи, нийгмийн замбараагүй байдал, хуучин тогтолцоогоо эргэж нэхсэн хөдөлгөөн,
үндэстэн хоорондын зөрчилдөөн, нийгмийн доторх баян ядуугийн ялгаа, төрийн ялзрал
дээд цэгтээ хүрчээ. Ардчиллын ямар ч туршлага үгүй, байгуулагдсан цагаасаа төрийн
дарангуйлалд байсаар тэндээ идээшин дассан ард түмэн нийгмийн шинэ тогтолцоонд дасахгүй
байлаа.

Путин гарч ирснээр нийгмийг дахин эмхэнд нь оруулав. Мэдээж ингэхийн
тулд маш олон ардчилсан бус арга хэрэглэсэн. Үүнээс гадна түүний аз тохиоход Ерөнхийлөгч
болсон тэр үеэс ёроолдоо тултал үнэ нь унаад байсан газрын тос, байгалийн хийн үнэ
олон дахин огцом өсчээ. Энэ хоёр бүтээгдэхүүн бол Оросын нийт экспортын дийлэнх
хувийг эзэлдэг. Дэлхийн хоёр дахь эдийн засаг асан ЗХУ-ын өвлөгч Орос улс энэ үзүүлэлтээр
бараг 20 дугаар байранд ортлоо ухарч байсан бол байгалийн баялгийн үнийн өсөлтийн
буянгаар дэлхийн эхний арван том эдийн засгийн нэг болж дөнгөлөө.

Медведевийг Ерөнхийлөгч байхад түр сулраад ирсэн “эмх замбараа” Путиныг
Ерөнхийлөгч болуут урьдахаасаа илүү чангарч эхлэв. Тэрээр юун түрүүн чөлөөт хэвлэл,
иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх рүү дайрч эхэллээ. Өрнийн орнуудад илт дайсагнасан
бодлого явуулж, цэргийн хүчээ улам зузаатгах болов. Түүнийг олон хүмүүс ЗХУ-ыг дахин
сэргээх оролдлого хийж байна гэж дүгнэх аж. Тэрээр Мюнхэнд “ЗХУ таран бутарсан нь
ХХ зууны хамгийн том сүйрэл болсон юм” гэж улайм цайм мэдэгдсэн билээ. “ЗХУ-ыг дахин
босгож ирвэл XXI зууны хамгийн том сүйрэл болно” гэж улс төрчид хариу хэлж байсан.
Өрнийн орнуудын дэмжлэг, хамтын ажиллагаагаар буй болсон Орос дахь төрийн бус байгууллагууд,
сан, хамтын байгууллагыг тэрээр “гадаадын агент” хэмээн албан ёсоор нэрлэж байх
хууль батлууллаа. Гадаадад амьдарч байгаа орос иргэдийн эрх ашиг хөндөгдвөл түүнийг
зэвсгийн хүчээр хамгаалж болох тухай хуулийг ч санаачлан батлуулсан билээ.

Путиныг анхлан гарч ирж байхад Орос орныг улам ардчилах шинэ залуу
хүн тодорлоо гэж найдан харж байсан дэлхийн нийт өдгөө түүнийг дийлдэшгүй том дарангуйлагч
болон хувирч байгааг нүдээр харж байна.

Молдав, Гүржид хийсэн халдлага, газар нутгийг нь булаан авсан тохиолдлын
дараагийн ээлж нь Украин боллоо. Крымийг булаан авсан нь Дэлхийн II дайнаас хойш
олон улсын хэлээр “аннекс” гэгддэг газар нутгийг булаан авч өөртөө нэгтгэсэн  анхны тохиолдол нь энэ болов. Урьд нь ийм тохиолдол
1990 онд Иракийн зүгээс Кувейтийг өөртөө нэгтгэсэн боловч олон улсын зүгээс цэргийн
хүч хэрэглэн Кувейтийг чөлөөлсөн билээ. Сиккимийг Энэтхэг мөн өөртөө нэгтгэсэн явдал
бий ч энэ нь үнэхээр аннекс мөн үү биш үү гэдэг нь маргаантай хэрэг юм. Өөртөө нэгтгэлгүйгээр
тусгаар улс болгосон олон тохиолдол бий ч энэ нь аннексаас өөр ойлголт. Аннекс хийдэг
энэхүү дундад зууны бүдүүлэг арга хэлбэр XXI зуунд ийнхүү эргэж сэргэсэн нь хангалттай
соёлжиж иргэншсэн, олон улсын хууль дүрэм дэлхий даяар хэрэгжих болсон өнөөгийн
ертөнцийг цочоосон юм. Дэлхийг хуваасан Ялтын гэрээнээс өмнө амжиж зөвлөлтүүд
1944 онд Туваг аннекс хийн өөртөө нэгтгэсэн нь түүхийн өмнөх тусдаа  хэрэг юм.

Крымийг өөртөө нэгтгэсэн төдийгүй, Украин дахь орос үндэстнийг босгож
энэ оронд иргэний дайн дэгдээснийг мөн л Путинтэй холбон тайлбарлаж байна. Украин
дахь хэрэг явдал зөвхөн ганцхан бие хүнээс хамаарч байна гэж олонхи улс төрийн шинжээчид
үзэж байгаа юм. “Уг нь дээр үед энэ бол манай газар нутаг байсан” гэх маягийн Путины
тайлбар  нь өнөөгийн иргэншсэн, олон улсын
дэг журмаар тун ч утга учиргүй үг юм. Дөрвөн арал Японых байсан, Карели Финландынх
байсан, Дорнод Прус Германых байсан, Тува Монголынх байсан, Уссур Хятадынх байсан.

Цаашилбал Оссетин Гүржийнх, Омск Казахстаных, Днестер Румыных байлаа.
Үргэлжлүүлээд Аляска Оросынх, Калифорни Мексикийнх, Саар Германых, Косово Сербийнх
байсан гэж явсаар Египт коптуудынх, Британи корневэльсчүүдийнх, Ойрхи Дорнод тэр
чигээрээ жүүдүүдийнх хэмээн эцэс төгсгөлгүй юм болно гэдгийг тэрээр мэдэхийн цаагуур
мэдэж байгаа. Иймээс Украины Ерөнхийлөгч П.Порощенко нутагт нь болж буй самууныг
иргэний дайн гэлгүй “эх орны ариун дайн” гэж нэрлэжээ.

Нэгдсэн үндэстний байгууллагаас Крымийг булаан авсан явдлыг бараг
л нэгэн дуугаар буруушаасан. Зөв гэж санал өгсөн арав хүрэхгүй орон байгаа нь тус
болгондоо өөрийн шалтгаантай байлаа. АНУ болон Өрнийн орнууд Орост удаа дараалан
хориг тавих болов. ЗХУ хүйтэн дайны үед ч ийм ширүүн, өргөн фронт бүхий хоригт орж
байгаагүй билээ. Харин Путин урдаас нь зөрүүдлэн эргүүлж хориг тавин, Украины салан
тусгаарлагчдыг зэвсэг техникээр үл барам цэргийн бие хүчнээр дэмжих болов.

Үхэж үрэгдэгсдийн тоо хэдэн мянгаар, дүрвэгсэд хэдэн зуун мянгаар
тоологдох болов. XXI зуун гарчихаад байхад хүн төрлөхтний соёл иргэншлийн оройд
гарсан Европын төв хэсэгт цус асгаруулсан дундад зууны дайн болсоор.

Путин 2012 оны сонгуу­лиар арай гэж тавь гаруйхан хувийн дэмжлэг
авч байсан бол энэхүү булаан эзлэлт, дайн самууныхаа хүчээр ард түмнээсээ 80 гаруй
хувийн дэмжлэг аваад байна. Сталины 100 хувийн дэмжлэгт ойртож буй хэрэг. Ийм хэт
өндөр дэмжлэг эмгэнэлтэй төгсдөгийг түүх олон жишээгээр батлан харуулсан.

Оросын бүхий л мэдээллийн хэрэгслээр Путины хийсэн мэдэгдэл болгоныг
уухайлан дэмжих төдийгүй, хэрэв хэлсэнд нь үнэмших юм бол өрнөдийн хориг өөрсдөд
нь маш хортойгоор тусч байгаа бол харин хориг Орост маш сайнаар нөлөөлж байгаа аж.
Хэвлэлийн эрх чөлөө хаахна явааг л энэ нь тод илтгэнэ. Өнөөдөр Орос нь хоёр их наяд
долларын эдийн засагтай. Бүх экспортынх нь 80 хувь нь үнэ нь дээш доош савлаж байдаг
байгалийн түүхий эд учир тунчиг хэврэг эдийн засаг. Хүн ам нь 130 сая. Цэрэгт гаргаж
буй хөрөнгө нь 70 тэрбум доллар. Нэг үгэндээ нэлээд томруулсан Саудын Араб юм. Гэтэл
хүчээ үзэх гээд байгаа өрнөд нь 36 их наядын эдийн засагтай, дэлхийн хайтек, технологийг
тэр чигээр нь атгасан 880 сая хүнтэй айл. Зөвхөн АНУ-ын цэрэгт зарцуулж буй хөрөнгө
нь 750 тэрбум доллар буюу Оросынхоос даруй арав гаруй дахин их. Украинд XIX зууны
Орос, XXI зууны Европ хоёр тулчихаад байна. Сэтгэлгээний хувьд ч ийм зөрүүтэй бололтой.
Юу гэвэл энэ нь Путины “Хэрэв би хүсвэл Киевийг хоёр долоо хоногийн дотор эзэлнэ”,
”Орос бол цөмийн хамгийн хүчирхэг гүрний нэг гэдгийг НАТО мартаад байна уу?” гэх
мэтийн аймшигтай мэдэгдлүүдээс тод харагдана.

Газар нутгийн хувьд Дэлхийн ван гаригаас том энэхүү хүчирхэг түүхэн
улсын хувь заяа цаашид хэрхэхийг өнөөдөр таашгүй. Путин Украинд тактикийн ялалт
хийж болох ч Орос орон стратегийн хувьд асар том ялагдал хүлээнэ хэмээн олон шинжээч
үзэж байна. “Путин Берлиний ханыг дахин босгохыг оролдсоноор улс орондоо хохирол
учруулж байна. Оросыг тусгаарлаж байгаа нь амиа хорлосонтой адил” гэж хурц мэдэгдлээс
үргэлж зайлсхийж явдаг Далай лам мэдэгдлээ. Магадгүй Путины энэ омогшил Оросын ирээдүйн
задралын эхлэл ч байж болох. Харин стратегийн хувьд хамгийн их хожих улс нь Украин
болов уу. Түүхэндээ анх удаа тусгаар тогтноод ердөө 23 жил болсон Украин нь өдий
хүртэл нэгдмэл үндэстний хэв шинжид ороогүй явсан юм. Украин, орос, польш, жүүд,
беларусь, татаар зэрэг үндэстэн болгон холилдсон энэхүү олон үндэстний улс Порощенкогийн
нэрлэснээр “эх орны ариун дайн”-ы хүчээр нэгдмэл үндэстэн болон нягтарч Украины
төлөө гэсэн эх оронч үзэл ард түмнийг нь нэгтгэж байна.

Түүх дэндүү хоржоонтой, дэндүү даажинтай. Сталин, Гитлер нар Европыг
хуваах нууц хуйвалдааныг Молотов-Риббентропын гэрээгээр хийсэн тухай олон жил ярьсан.
Үүнийг ЗХУ мөн ч олон жил үгүйсгэсэн дээ. Харин үнэхээр тийм юм болсон баримтыг
Ельцин задалсан. Польшийн 20 мянган офицерийг Катынд зөвлөлтүүд хядсан гэж олон
жил шуугисан. Үүнийг Германы нацистууд үйлдсэн хэмээн оросууд үргэлж гүрийж байв.
Үнэхээр энэ хядлагыг зөвлөлтүүд үйлдсэн баримтыг Горбачёв архиваас гаргаж буруугаа
хүлээсэн. Түүх бол даажин!

Леонид Млечиний энэхүү Путин хэмээх намтрын товчоо нь их л хөндлөнгийн
нүдээр анализ хийсэн дорвитой, судалгаатай, буурьтай бүтээл болж гэсэн сэтгэгдэл
төрж байна. Ном анх бичигдсэнээс хойш Путины амьдралд маш их үндсэн өөрчлөлт гарсан
тул үүнийг нөхөхийн тулд энэхүү төгсгөлийн үгийг бичив.

2014.9.10