Categories
мэдээ нийгэм

“Шангрила”-гийн барилга гал унтраах автомат системгүй байжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас сүүлийн үед гарсан томоохон галын ослын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила” зочид буудлын барилгад гарсан гал түймрийн талаар онцлон ярьсан юм. 

НОБГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах ангийн хоёр баг 12:49 цагт гарсан түймрийн обьектэд 2.5 км замыг туулж зургаан минутын дотор ирсэн. Анх долоон давхарт гал гарч түймрийн хэт халалтын улмаас цонхны шил хагаран улмаар гадагш нэвтэрч чийгнээс хамгаалах зориулалтаар хийсэн резин шатаж гал дээд давхар руу ассан байсан. Гал асар хурдтай тархаж байсан учраас аврах ангид дахин хүч нэмж гурван ангийн нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүн ажилласан. Барилгын эрчим хүч, цахилгааныг тасалсан байсан тул гал унтраах ажиллагаанд хүндрэл учруулж байлаа. Гэсэн ч бид барилга дотор байсан 19 хүнийг аварч гэмтэл бэртэлгүй гаргаж чадсан” гэсэн юм.

Аврагчдыг барилга дотор ороход дээрх 19 хүн галаас зугтан барилгын дээд давхарт гарсан байжээ. Тус барилга нь 24 давхар бөгөөд хуульд заасанчлан есөн давхраас дээш барилгад байх ёстой гал унтраах бүрэн тоноглолт автомат систем байгаагүй гэнэ. Мөн хөөсөнцөр дулаалга, чийгнээс хамгаалах резинэн материал зэрэг нь хурдан шатдаг учраас гал ийнхүү богино хугацаанд газар авчээ. Чухам барилгын хэдэн хувь шатсан эсэх, галын шалтгаан зэрэг одоогоор тогтоогдоогүй бөгөөд Цагдаагийн газрын хэрэг бүртгэх албанд шилжүүлэн шалгаж байгаа аж. 

Манай улсын гал унтраах аврах ангийн тоног төхөөрөмж, техник хангамж хүрэлцэхгүй байна гэдгийг дээрх түймрийн үеэр иргэд ярьж байсан. Энэ талаар НОБГ-ынхны мэдээлж байгаагаар тус албанд 52 метрийн урттай 12 давхарт хүрэх стандарттай шат байдаг байна. Тэд гал гарсан барилгын дотор, гадна талаас усаар шүршин хөргөлт хийж унтрааж чадсан гэдгийг онцолж байсан юм. 

Categories
гадаад мэдээ

Тайландын эмч нар эбола тэмцэх гэнэ

Тайландын эмч нар эбола вирустэй тэмцэхэд ахиц дэвшил гаргана хэмээн мэдэгдсэн байна. Тус улсын  Сирират эмнэлэгт ажиллаж буй Хунтайж Махидолын нэрэмжит их сургуулийн мэргэжилтнүүд  нэг жилийн дотор уг өвчнийг эмчлэх эмийг гаргаж авах гэнэ. Тэд нэгэн шинэ эм гаргаж авсан боловч түүнийг эмчилгээнд хэрэглэх хараахан болооогүй аж.  

Ю.Дэлгэр   

Categories
мэдээ улс-төр

Маргааш Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хуралдаанд оролцоно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Ингэхдээ хуралдаандаа Ерөнхий сайдыг байлцуулан зарим асуултад хариулт авахаар болсон юм. Гэсэн ч Ерөнхий сайд өнөөдрийн хуралдаанд оролцож амжихгүй гэдгээ хэлжээ. Харин маргааш тус бүлгийн хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгнө гэдгээ хэлсэн байна. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүтцийн асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барьж, олон нийтэд танилцууллаа. Ийн танилцуулахын өмнө Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналыг зөвшилцөх албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн юм байна. Тэрхүү албан бичгийн хариуд Ерөнхийлөгч “Өөрчлөлт оруулахдаа яамдын бүтцийг оновчтой болгох, давхардал, хүнд суртлыг арилгах, хөрөнгө санхүүгийн зарцуулалтыг үр ашгийг дээшлүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог чамбайруулах бодлого баримтлах нь зүйтэй. Мөн батлуулахаар санал болгож буй бүтцийн дагуу бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” хэмээжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хуралд ирсэнгүй

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлсэн тул УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдлаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан бүлгийн хуралдаандаа Ерөнхий сайдыг урьсан юм байна. Гэвч Ерөнхий сайд тус хуралд оролцоогүй аж. Тиймээс УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэзээ бүлгийн хуралд хүрэлцэн ирж, Засгийн газрын бүтцэд оруулж байгаа өөрчлөлтийнхөө талаар тодорхой тайлбар өгөх вэ гэдгийг тодруулах үүргийг авчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эл асуудлыг судалгаанд үндэслэж, нухацтай ярилцах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаандаа оролцуулахаас аргагүй гэжээ. Тиймээс тус бүлэг дахин энэ асуудлаар хуралдах болж буй аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мөн ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаанаар Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцэд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх үеэр бүлгийн гишүүдийн дийлэнх нь асуудлыг шийдэхдээ яарах шаардлагагүй гэсэн байр суурийг голлон барьжээ.

Categories
мэдээ нийгэм

“АПУ”-ийн борлуулагчийг хөнөөсөн этгээдийг баривчиллаа

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа 15 хоног үргэлжилсний эцэст түүний цогцосын Налайхын ашиглахаа байсан уурхай гүнээс ( 15 метр) уржигдар 16:00 цагийн орчимд олсон билээ. Харин түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуун мод хотоос олсон гэсэн албан бус мэдээлэл бидэнд ирсэн.

Харин Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг өчигдөр шөнө Хонхороос саатуулсан байна. Сэжигтэн этгээд одоог хүртэл ямар нэг мэдүүлэг тайлбар өгөхгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ногоон карт буюу дэлхийд гарах боломж

АНУ-ын Төрийн депар­таментаас  зохион байгуулдаг ногоон картны сугалааны бүртгэл эхэллээ. Жил бүр 50 мянга орчим хүн цагаачлалын виз мэдүүлэх эрхтэй болдог гэсэн статистик бий. Бүртгүүлэхийг хүссэн хэн ч төрийн департаментын www.dvlottery.state.gov сайтаар орж бүртгүүлэх боломжтой. Ингээд бүртгүүлчихвэл ямар нэг  хураамж төлөхгүйгээрээ давуу талтай. Манайд ногоон картны сугалаанд бүртгэдэг компани ч хэд хэдээрээ бий. Тэдэнд хандахад л таны өмнөөс бүгдийг амжуулаад өгнө.  

Сугалаанд оролцохыг зөв­шөөрсөн улсын иргэн байх, то¬дорхой шатны боловсрол юм уу эсвэл мэргэжлийн зэрэгтэй байх гэсэн босгыг давчихад  л бусад нь тийм бүдрэхээр шалгуур биш. Сугалаанд хож­вол Америкт байнга оршин суух эрхтэй болно. Сонгуульд өрсөлдөж, сонгуульд саналаа өгөхөөс эхлээд Америкийн иргэдийн эдэлдэг бүх эрх нээгдэнэ. Цаашлаад яривал Америкийн иргэдийн виз­гүй зорчдог улсуудад ая¬лаад байх боломжтой. За тэгээд америкчууд шиг төрийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр их дээд сургуульд сурна. Урт хугацааны бага хүүтэй зээлээр орон сууцтай болчихно. Өөрөө хүсвэл Америкт таван жил амьдарсныхаа дараа иргэн нь болоход хаалтгүй. 

Тэгэхээр өнөөдрөөс эрх чөлөөний орны үүд хаалгыг өмнө тань цэлийтэл нээж өгөх ногоон картны сугалаанд идэвхтэйгээр бүртгүүлцгээе.  Бүр олноороо хугацаанд нь амжиж бүртгүүлмээр байна. Ногоон картны сугалаанд оролцсон монголчууд одтой байгаа нь анзаарагддаг. Жил бүр өчнөөн монгол Америкт байнга оршин суух эрх авч, ардчиллын орныг зорьцгоодог. Танд ч гэсэн алсын Америкт амьдрах аз таарах өндөр магадлал байгаа. Төр засгаас ногоон картны сугалаанд иргэдээ идэвхтэйгээр бүртгүүлэх бодлого барихад ч болохгүй юмгүй. Бүртгүүлэхэд нь дэмжих өчнөөн гарц бий. 

Америкт таван жил амьд¬раад иргэн нь болчихвол ойр дотныхноо татах боломж нээгд¬дэг.  Тэр хэрээр Америкийн монголчуудын хүрээ өргөсөөд ирнэ. Солонгосчууд, хятадууд шиг хороолол болоод амь­дарчихвал дэлхийд гарах өргөнөөс өргөн жим нээгд¬чихлээ л гэсэн үг. Ардчиллын загвар гэгддэг Америкт олноороо амьдрахын ашиг тус цаад утгаараа Монгол гэдэг улс тусгаар оршиход ч хэрэгтэй. Монголд ямар нэгэн юм тохиолдлоо гэж муугаар бодоход л Америкийн монголчууд улсынхаа улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болно гэдэгт эргэлзээд байх зүйлгүй. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ спорт

Арсенал хожиж, Ливерпүүл хожигдлоо

Аваргуудын лигийн хэсгийн хоёр дахь тойргийн тоглолтууд урд шөнө үргэлжиллээ. Олон жилийн дараа Аваргуудын лигт өрсөлдөж буй Ливерпүүл клуб энэ удаад Швейцарийн Баселийн талбайд зочилж, 1:0-ээр ялагдал хүлээсэн байна. Тоглолтын цорын ганц гоолыг Швейцарийн багийн довтлогч Стреллер 52 дахь минутад хийжээ. Ингэснээр Ливерпүүл В хэсгийн гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. Тэдний дараагийн өрсөлдөгч хүчирхэг Реал Мадрид. Өөрөөр хэлбэл, Ливерпүүлийн нөхцөл байдал тун хүнд болж ирлээ. Хэсгээс гарахын тулд хамгийн багадаа дөрвөн хожил хэрэгтэй. Хэдийгээр талбайдаа Реал Мадридыг хүлээж авах хэдий ч Испанийн гигантуудыг хожиход тун амаргүй юм. Английн өөр нэг баг болох Арсенал клуб харин талбай дээрээ Туркийн Галатсарайг хүлээн авч, 4:1-ээр хожсон байна. Арсеналын шинэ цэрэг Дани Уэлбэк энэ тоглолтод хэт трик хийж өөрийгөө хэн болохыг харуулжээ. Мөн Алексис Санчез нэг гоол нэмэрлэсэн байна. Арсенал одоогоор гурван оноотой хэсгийнхээ хоёрдугаар байрт жагсаж байна. Тэдний дараагийн өрсөлдөгч харьцангуй сул буюу Бельгийн Андерлехт клуб юм.

Categories
мэдээ нийгэм

Талийгаачийн машиныг Төв аймгаас олжээ

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийн унаж явсан машиныг цагдаагийнхан олсон байна. “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуун мод хотоос олжээ.  

Харин талийгаачийн цогцсыг Налайх дүүргийн ашиглахаа больсон уурхайгаас, 15 метрийн гүнээс тус амыг сэргээж нүүрс олборлодог дөрвөн залуу хоёр хоногийн өмнө олсон юм.  Эл хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэднийг хайх ажиллагаа улс даяар явагдаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдана

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 13 дахь өдрөө үргэлжилж байна. Дөнгөж сая Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Тэрээр өрсөлдөгчөө гурван үеийн турш 30:27, 30:27, 30:27-ын харьцаагаар илүүрхэн хожлоо.

Д.Отгондалай маргааш алтан медалийн төлөө Йордан, Филиппиний боксчдын хожсонтой нь тулалдах юм. 

Монголын боксын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.