Categories
мэдээ нийгэм

Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар 2015 оноос хойшхи хөгжлийн зорилгыг хэлэлцжээ

БОНХЯ-ны “Хаан” танхимд БОНХ-ийн сайд С.Оюун өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. НҮБ-ын байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган өнгөрсөн сарын 23-27-ны өдрүүдэд Кени улсын Найроби хотноо НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төв байранд болж өнгөрсөн билээ. Чуулганы төлөөлөгчид эхний өдрийн хуралдаанаараа байгаль орчны Ассамблейн анхны Ерөнхийлөгчөөр БОНХ-ийн сайд, доктор Санжаасүрэнгийн Оюуныг санал нэгтэй сонгосон. Байгаль орчны Ассамблейн анхны Ерөнхийлөгч нь Монгол хүн, НҮБ-ын хүрээнд сонгуулиар гарч байгаа хамгийн өндөр сонгуульт албан тушаал юм.

С.Оюун 2016 оны зургаадугаар сар хүртэл энэхүү сонгуульт албан тушаалаа хаших хугацаандаа:

– НҮБ-ын байгаль орчны Ассамблейг олон улсын бусад байгууллагуудад, тухайлбал НҮБ-ын Ерөнхий Ассамблейд төлөөлнө.

– Чуулган хоорондын товчоо (Товчоо НҮБ-ын гишүүн 193 орныг төлөөлж сонгогдсон 10 гишүүнтэй удирдах бүтэц юм)-г удирдаж, жилд хоёроос доошгүй удаа болох хуралдааныг даргална.

Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар байгаль орчны хуулийн засаглал, ногоон эдийн засгийн санхүүгийн механизм, зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдаа, байгаль орчны тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлий дэмжсэн тогтвортой хөгжлийн болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилго зэрэг асуудлыг хэлэлцэж, төгсгөлийн баримт бичиг гаргасан байна. 

Б.Уранчимэг

Categories
мэдээ нийгэм

“Номин тав трейд” ХХК 10 сая төгрөгөөр торгууллаа

Өнөөдөр ШӨХТГ-т Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар хэвлэлтийн бага хурал хийлээ. Хуралд дараахь мэдээллүүдийг хүргэв.

1.Тус газраас гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан нэр бүхий 26 аж ахуйн нэгж Аж ахуйн үйл ажиллагааы тухай хуулийг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан байна. Зөрчлүүдийг тогтоож, зөрчлийг арилгуулахаар нэг сарын хугацаанд албан шаардлага хүргүүлж ажиллажээ.

2.Мөн Сантис боловсролын академи ХХК-д гомдол гаргасан 40-н иргэний өргөдлийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал, зөрүүтэй мэдээлсэн, сургалтын төлбөрт нэмж оюутан бүрээс 310.000 төгрөг төлөхийг шаардсан үйлдэл нь хууль зөрчсөн. Сантис боловсролын академи ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, Б.Уранзаяа нарын 40 иргэнийг 12.400.000 төгрөгөөс чөлөөлүүлж, дипломыг нь олгуулжээ.

3.Номин тав трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй (есөөр төгссөн үнийн дүнд нэг төгрөг хариулж өгдөггүй) ШӨХТГ-ын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцүүлэх шүүх хуралдаанд оролцож ажилласан. “Монгол банк”-д нэг төгрөг гүйлгээнд байдаггүй учир Номин тав трейд ХХК-д 10 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэрийг хэвээр үлдээжээ.

4.Түүнчлэн барилгын ажил үйлчилгээ эрхлэгч ААН-ийн үйл ажиллагаанд хийж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна. МД Тоф ХХК нь Монгол улсын стандарт МNS 6058:2009 “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал”-ын 7.2-т “Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна” дахь заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэрэгсэхгүй болгосон.

Categories
гадаад мэдээ

Жим Керри: “Би бол хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой алиа салбадай”

 

“Маск”, ”Эйс Вентура”, “Бүхнийг чадагч Брюс”, “Худалч худалч” зэрэг киногоороо үзэгчдийн нүднээс нулимс гартал инээлгэж чаддаг жүжигчин Жэймс Жим Керри 1979 оноос эхлэн урлагт хүчин зүтгэх болсон. Тэрбээр анх 17 настайдаа эцэг эхээ тэжээх гэж “Юк Юк” хэмээх театрт хошин шогийн жүжигчнээр ажиллаж, урлагийн гараагаа эхэлсэн гэдэг. Холливүдийн одод түүнийг “солиот” ч гэж хочлох нь бий. Үнэхээр ч өвөрмөц дүр төрх, нүүрний хувирал болон хачирхалтай хэрнээ үнэмшилтэй элэглэл нь түүнийг од болох замд нь хөтөлсөн гэмээр. Жим дэлгэцийн бүтээлд оролцох сонирхолтой байсан ч 1990 он хүртэл түүнд боломж олдоогүй аж. Түүнийг Лос-Анжелесийн инээдмийн киноны дэлгүүрт ажиллаж байхад нь инээдмийн жүжигчин Родни Дэнжирфилд инээдмийн тв шоунд оролцох санал тавьсан аж. Ингээд 1994 онд түүнд алдар нэрийг авчирсан анхны кино буюу “Эйс Вентура” үзэгчдийн хүртээл болоход тэрбээр хэдийнэ 11 кинонд тоглоод амжсан байв. Ингээд гижиг хүргэм инээдмийн жүжигчин Жим Керритэй blunt.com-ийнхон ярилцсаныг сонирхуулъя. 

– Таны бүтээсэн дүрийн олонхи нь инээдмийнх байдаг. Та инээдмийн төрөлд илүү дуртай юм аа даа?

– Мэдээж хүнийг инээлгэж, зовлонг нь түр ч гэсэн мартуулна гэдэг агуу үйл. Хүн инээлгэх дургүй хүн гэж байдаггүй болов уу. Найз нөхөд, гэр бүлтэйгээ байхдаа ч хошигнож, инээд хөөр бэлэглэх дуртай. Харин жүжигчин хүнийхээ хувьд бол инээдмийн төрлөөс илүүтэй уянгын буюу сэтгэлийн утас хөндсөн талдаа сонирхолтой шүү. Би уран бүтээлч хүн учраас бүтээлч байхыг чармайдаг. Хамгийн бүтээлч жүжиглэлт инээдмийнхнээс шаардагддаг юм. Ганц удаа инээлгэхийн тулд олон зүйл бодож, толины өмнө өч төчнөөн янзаар нүүр амаа мурийлгаж, сарийлгана шүү дээ /нүүрээ мурийлгав/.

– Та үргэлж за гэж хэлдэг залуугийн дүр бүтээсэн. Өнгөрсөн амьдралаа эргээд нэг харахад та за гэдэг үү, эсвэл үгүй гэдэг хүн үү?

-Би за гэж хэлдэг хүн нь байсан юм байна. Заримдаа үгүй гэж хэлсэн ч зөвшөөрөх тохиолдол байдаг шүү дээ. Тэр бүхнийг тооцвол би ч бүр гараад өгөх юм байна л даа.

– “Yes Man” кинонд тоглоход тань хүндрэл тулгарч байв уу? Ер нь тэр кинон дээрх Жим Керри амьдрал дээрхтэй хэр адил вэ?

-Би бусдаас илүү эрч хүчтэй, бүтээлч амьдрахыг хүсдэг. Үргэлж шинэ санаа сэдэж, түүнийгээ биелүүлж, үр дүнг нь харж байж санаа минь амардаг хүн. Кинонд тоглоход огт хүндрэл гарсан удаа байгаагүй. Тэр киног чинь нэг шөнийн дотор хийчихсэн юм шүү дээ /инээв/. Тоглосон юм шүү. Миний бодлоор “Yes Man” надаас тэс ондоо хүн биш, би тэр дүрдээ өөрийн зан чанарын өчүүхэн ч гэсэн хэсгийг шингээсэн. Жүжигчин болохоороо олон янзын ааш зантай шүү дээ бид чинь. 

– Таны за гэж хэлсэндээ хамгийн их харамссан үе байдаг уу?

– Одоо хүртэл харамсдаг зүйл байхгүй дээ. Харин харамсдаг байсан гэвэл 11 настайдаа залуу усан цэргийн дугуйланд явахуу гэхэд нь за гэж хэлсэндээ аягүй харамсдаг. Энэ дугуйлан нь цэрэгжүүлсэн байдалтай скаут л гэсэн үг. Тэнд миний үсийг хусч, хүн бүр над руу дайрч, надаар даажигнадаг байсан. Яагаад харамсахаа больсон бэ гэхээр хэрэв би тэр дугуйланд яваагүй бол өдийд ганц ч шүүмжилсэн үг сонсож чадахгүй нялзрай амьтан болох байсан болов уу гэж бодсон юм. Тэгэхээр за гэж хэлэх үргэлж сайн зүйл рүү хөтөлдөг байгаа биз. 

– Тэр кинонд та “банжи” үсрэлт хийдэг шүү дээ. Таны анхных биз дээ?

– Ээ бурхан минь, битгий тэр тухай ярь. Одоо хүртэл нүдэнд харагдаж байна. Үсэрч байхад надад юу бодогдсон гээч үхэл, үхэл бас дахиад үхэл. Ингээд л үхдэг юм байж дээ л гэж бодож байсан. Золтой л өмдөндөө дусаачихаагүй шүү. За жоохон дусаачихсан ч бил үү /инээв/. Би үсрэхээсээ өмнө “Хүмүүс үсрээд л байдаг шүү дээ. Юу нь хэцүү байх аж дээ. Асуудал байхгүй” энэ тэр гэж бодож байсан. Яг унаж байхдаа ёстой “за” гэж хэлсэндээ харамсч байлаа шүү дээ. “Ээ бурхан минь, намайг амьд л үлдээгээрэй. Би ер нь юугаа бодож, ийм зүйл хийж явдаг байна аа” гээд л үй түмэн зүйл бодогддог юм билээ. 

– Та дахиж үсрэх үү?

– Хэзээ ч үгүй. Наад асуултад чинь “үгүй” гээд хариулчихъя /инээв/. Би амьдралдаа нэг удаа үсэрсэн. Амьддаа амжиж хийх ёстой зүйлийн нэг гэдэг зүйлийг хийж үзлээ. Дахиж шаардлага гарсан ч үсрэхгүй байх бүх арга хэмжээг авах болно. Миний “банжи” үсрэлт хийснийг дэлхий даяар мэднэ. Тэд цэнхэр дэлгэцээр харсан. Энэ л байхад хангалттай. Хойд төрөлдөө л үсэрч болох юм. 

-Таныг дэлхийн хамгийн сонирхолтой, хөгжилтэй хүн гэдэг. Үүнтэй санал нийлдэг үү?

-Би хөгжилтэй хүн гэдэгтээ санал нийлнэ. Харин сонирхолтой гэдэг бол харьцангуй ойлголт. Жишээ нь би 2000 хүний дундаас хамгийн сонирхолтой хүн байж болно харин дэлхийд хоёрхон мянган хүн амьдардаггүй шүү дээ. 

– Таныг буддист гэх хүн олон байх юм. Та ямар шашинд сүжиглэдэг вэ? 

-Гэгээн Есүс минь. Би будда, лал, католик шашинд сүжиглэдэг. Хүмүүс намайг ямар шашин шүтээсэй гэж хүснэ би тэр шашинг дагахад бэлэн. Би бол хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой алиа салбадай шүү дээ /инээв/. Үнэндээ би энэ шашин буруу тэр шашин зөв энэ тэр гэх дургүй. Шашин бол шашин бүгд ижил. Тэнд нэг бурхан гэж бий, түүнийг Есүс, Будда, Аллах гэж бид өөрсдөө хувааж нэрлээд байгаад л гол учир нь байгаа гэж боддог хүн. 

Categories
гадаад мэдээ

Бейонси нөлөө бүхий эрхмээр тодорлоо

Алдарт “Forbes” сэтгүүл энэ оны нөлөө бүхий 100 эрхмийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн жил тэргүүн байранд орж байсан хөтлөгч Опра Уйнфри тавдугаар байранд жагссан аж. Бейонси өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш нийт 115 сая ам.долларын орлого олсноос гадна нийгэм, олон нийтийн дунд эзлэх байр сууриараа онгойрсон тул түүнийг энэ оны онцлох эрхмээр тодруулсан гэж тус сэтгүүлийн редакци мэдээлэв.

Бейонси  “95-с топ” хэмээх ганцхан тоглолтоороо 2.4 сая ам.доллар олсон бөгөөд “Forbes”-ийн жагсаалтын зургаадугаар байрт орсон нөхөр Жэй Зитэйгээ хамт энэ зун томоохон хэмжээний аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Дуучны араас Леброн Жэймс, Доктор Дре, Эллен Дежиннерес, Флойд Мэйвээдэр, Рианна, Кейти Перри, бага Роберт Дауни нар эхний аравт багтсан бол Барак Обама 24, Мишель Обама 27, Путин 45-т жагсчээ.

Categories
мэдээ нийгэм

Цай эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Эрүүл мэндэд тус болдог нэгэн хоргүй эм бол төрөл бүрийн байгалийн гаралтай цай байдаг. Энэ нь үе мөчний өвчин, хуянгаас эхлээд гэдэсний өвчинг дарах чадалтай байдаг. Тэгвэл ямар цай эрүүл мэндэд, ямар сайн нөлөө үзүүлдэг болохыг мэдэцгээе.

1. Хар цай. Өтгөн идээгээр баялаг хар цай нь бактери болон үрэвслийн эсрэг хүчил агуулдаг бөгөөд суулгалт өвчний үед сайнаар нөлөөлдөг. 

Цайны нойтон уутыг зүссэн шарх, зөгий, шумууланд хазуулсан хэсэг дээр тавихад хавдрыг бууруулдаг бөгөөд шүдний өвчинг намдааж, нүд ядарч, өвдсөн үед амраадаг. Халгайнд түлэгдсэн үед нойтон цайны уут дэвтээж тавих хэрэгтэй. Хар цайнд агуулагддаг шүлт нь уруул дээр гарсан яр шархны хүчлийг саармагжуулж, өвчинг намдаана. Өдөрт 3-4 удаа чийгтэй, хүйтэн цайны уутыг яр гарсан хэсэг дээр тавина. Хар цайнд хөлөө дүрж байлгаснаар бактерыг устгаж, хөлсний нүхийг агшаадаг учир их хөлөрхөөс сэргийлж, хөлний эвгүй үнэрийг багасгана. 

2. Ногоон цай. Эрдэмтдийн баталж байгаагаар ногоон цайнд агуулагддаг полифинол нь хавдраас сэргийлэх чухал үүрэгтэй ажээ. 

Энэхүү бодис нь хавдрын эсийн тархалтыг багасгаж, устгадаг байна. Судалгаанд оролцсон хөхний хавдартай 472 эмэгтэй ногоон цайг байнга ууснаар хавдрын тархалт буурсан бас арьсны хавдрын туршилтаар ногоон цай ууж байсан амьтад бүгд эерэг үзүүлэлт үзүүлж байсан байна. Мөн ногоон цай нь зүрхний шигдээс өвчнөөр нас барах эрсдлийг бууруулж, шүдний цооролтыг багасгаж, оюун санааны эрт хөгшрөлтөөс сэргийлдэг аж. Ногоон цайгаар нүүрээ угаавал батганы толбыг бүдгэрүүлдэг.

3. Гаатай цай. Гаатай цай нь хоол шингээх үйл явцад сайнаар нөлөөлдөг ба өтгөн хаталт, дотор муухайрах, бөөлжих зэргийг намдаадаг. 

Хоолны өмнө нэг аяга гаатай цай ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, ялангуяа өөх тостой хоолыг хурдан шингэхэд тусална. Мөн гаатай цай нь хоолойн өвчнийг намдаадаг ба хүйтэн гаатай цайнд хөлөө дүрвэл тайвшруулж, амраана.

4. Удвал цэцгийн цай: Удвал цэцгийн цайг шимж уух эсвэл удвал цэцэгтэй усанд орсноор стресс, уур уцаарыг арилгадаг байна. 

Мөн уг цайг нойргүйдэх өвчтэй хүмүүс уувал тайван сайхан амарна. Удвал цэцэг нь хоол шингээх явцад сайнаар нөлөөлөх ба нэг аяга цай нь сарын тэмдгийг тогтворжуулж, суулгалт, дотор муухайрах, бөөлжис хүрэх зэргийг намдаана. Мөн ходоодны шарх үүсгэдэг бактерийг устгах үйлчилгээтэй. Зөгийн бал нь мөн ходоодонд сайн учир цайндаа бага зэрэг хийгээд ууж болно. Өтгөн удвал цэцгийн цай нь үе мөчний өвчнийг намдааж, батга, цэврүү, хатигны өвчин, улайлтыг намдаадаг. Зөгийнд хатгуулсан үед удвал цэцгийн цайгаар жин тавьбал сайн. Уг цайгаар амаа зайлснаар буйлны үрэвслийг намдаана. Хоолойн үрэвсэлтэй бол удвал цэцгийн цайг бага багаар шимж уугаарай.

5. Нимбэгтэй цай. 

Хэрэв та харшлаас болж шаналдаг бол нэг аяга халуун нимбэгтэй цай ууснаар хамрыг онгойлгож, хамрын хөндий дэх тоосыг гаргаж, өдөржин найтаахаас сэргийлнэ. Үйлчилгээг нь илүү нэмэгдүүлэхийн тулд бага зэрэг ногоон эсвэл улаан гоньд нэмж болно. Нимбэгтэй цай нь мөн хоолойн өвчин, ханиаданд сайн бөгөөд бага зэрэг зөгийн бал нэмж уувал илүү сайн.

6. Цагаан гаа. Хоол боловсруулах тогтолцоонд асуудал гарсан үед цагаан гааг мянга мянган жилийн өмнөөс хэрэглэдэг байжээ. Мөн тархинд нөлөөлж, толгой эргэх, бөөлжис цутгах шинж тэмдгийг намдаадаг. Цагаан гаа нь ходоодны шарх үүсгэдэг бактерийг устгадаг. 

Цагаан гаатай цай ууснаар сарын тэмдгийн үеийн өвдөлт, дотор муухайралт, шарталт зэрэгт сайнаар нөлөөлнө. Цагаан гааны үрэвслийн эсрэг агууламж нь хоолойн өвчин, ханиад зэрэгт маш сайн нөлөөтэй. Мөн эмч нар цагаан гааг хөлрөхийн тулд хэрэглэхийг зөвлөдөг. Үе мөчний үрэвсэл, булчин шөрмөсний үрэвслийн өвчинг бас толгойн хүчтэй өвдөлтийг ч намдаана. Цагаан гаатай цайг зөгийн балтай ууснаар антиоксидантын сайн нөлөөг нэмэгдүүлдэг.

7. Хар перецтэй цай. 

Энэхүү сонирхолтой анагаах аргыг Шинэ Англичууд болон Эртний Хятадууд ханиадны уламжлалт эмчилгээ болгон хэрэглэдэг байжээ. Зөгийн бал ханиаданд антибиоток болдог бол хар перец цусны эргэлтийг сайжруулна. Аяганд 1 цайны халбага шинэхэн бөөрөнхий хар перец, 2 хоолны халбага зөгийн бал хийнэ. Дээрээс нь буцалсан халуун ус хийгээд уустал нь 15 минут байлгаад уугаарай.

8. Гангатай цай.

Ганга өвс нь халдвар тархалтын эсрэг хүчтэй нөлөөтэй бөгөөд үе мөчний өвчинг намдаах үйлчилгээтэй мөн ганга болон гаатай цайны нийлмэл нь хамрын хөндийн өвчинд сайн нөлөө үзүүлдэг байна. 2 хоолны халбага хатаасан гангыг халуун усанд хийгээд 20 минут буцалгасны дараа хөргөөд хөлөө 15-20 минут дүрвэл ядаргаа арилна.

9. Жүржийн хальстай цай. Суулгалтын үед жүржийн хальстай цай уух хэрэгтэй. Жүржийг хальслаад, хальсыг жижиглэж хэрчинэ. Буцалж буй усанд хийгээд таглаж, хөртөл нь байлгаж хандална. Бага зэрэг зөгийн бал хийж амтлаад уугаарай.

10. Багваахай цэцгийн цай. Багваахай цэцэг нь шээсийг хөөдөг бөгөөд бөөрний цусны хангамжинд сайнаар нөлөөлдөг. Бас цөс, элгээ байгалийн аргаар угаах арга болно. Хүндхэн хоолны өмнө болон дараа ууснаар хоолны шингэц сайжирна. Бөөрний өвчинд сайнаар нөлөөлөх ба жижиг хэмжээний бөөрний чулууг ч буталж, уусгах чадалтай.

Categories
мэдээ спорт

“Нийслэл лиг-2014” үргэлжилж байна

Үндэсний “Нийслэл лиг-2014” тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд хөлбөмбөгийн “Цэнгэлдэх хүрээлэн”-д болж байна. 

МХБХ-ноос “Албан ёсны түнш” байгууллага “АПУ” ХК-тай хамтран зохион байгуулдаг 18 дахь удаагийн Үндэсний “Нийслэл лиг” тэмцээний 7 дахь өдрийн тоглолт “Улаанбаатар Их Сургууль” – “Хоромхон”, “Эрчим” – “Улаанбаатарын Мазаалайнууд” клубүүдийн хооронд явагдлаа. Энэ өдрийн тоглолтод “Эрчим” багийнхан ээлжит хожлоо авсан бол “Улаанбаатар Их Сургууль” – “Хоромхон”, багууд тэнцлээ. Одоогийн байдлаар “Эрчим”, “Улаанбаатар Их Сургууль” багууд 10 оноогоор тэргүүлж байгаа бол “Хоромхон” 5 оноогоор удаалж байна.

Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний 1-р тойргийн 10 дахь тоглолтод оноолт таарсан “Улаанбаатар Их Сургууль” – “Хоромхон” багуудын хооронд эн тэнцүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Тоглолтын эхний гоолыг 16 дахь минутад “Хоромхон” багийн У.Содгэрэл оруулж тооны харьцааг 1:0 болгосон. Гэвч 73 дахь минутад “Улаанбаатар Их Сургууль”-ийн легионер хагас хамгаалагч Юсуке Минами /Япон/ хариу нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар тоглолтын харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. “Хоромхон” клубийн легионер хаалгач Авамодо Самсон Дада /Нигери/ улаан хуудсаар торгуулсны улмаас өмнөх тоглолтыг өнжиж энэ удаагийн тоглолтод оролцлоо

Categories
мэдээ нийгэм

Цэнгэлдэх хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам барина гэв

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай”

А/539 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Гандийн гудамжны баруун талын төгсгөл хэсэг буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын авто замын уулзвар хэсгийн замд борооны ус зайлуулах шугам барихаар боллоо.

Энэ ажилд 120.000.000 төгрөгийг зарцуулах бөгөөд Нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгосон байна. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгалаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Наадмын урлагийн тоглолтод 9000 хүн оролцоно

Цахим ярилцлагын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах соёлын арга хэмжээний талаар танилцууллаа. Үндэсний их баяр наадам нь Монгол үндэстэн оршин  байгаагийн илэрхийлэл, монгол түмний бахархал болсон хүндэтгэлт их цэнгэл юм. Тийм ч учраас Засгийн газраас баяр наадмын  бэлтгэл ажилд онцгой анхаарч Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай зохион байгуулах хороо ажилладаг. Эрийн гурван наадмаас гадна зохиогдох соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл хэллээ. Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Монгол төрийн хүндэтгэлийн концерт, Улаанбаатарын үдэш их цэнгүүнээс гадна “Эх орноо хамтдаа дуулъя” сэдэвт урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд өнгөрсөн жил 900 гаруй уран бүтээлчид оролцож байсан бол энэ жил 4000 орчим хүн оролцож, Монгол улсын  түүхийг үечлэн харуулсан урлагийн тоглолт бүхий нээлт хийхээр бэлтгэж байна.  

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд хандаж иргэдээс ирүүлсэн асуултын дийлэнх нь аялал жуулчлалын салбартай холбоотой байлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар аялал жуулчлалын салбарт цоо шинэ бодлого хэрэгжиж, 2017 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх  зорилт тавин ажиллаж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхнийг төр бодлогоор дэмжиж, эрх зүйн орчноо шинэчилж, жуулчдад зориулсан бүтээгдхүүнийхээ агуулгыг баяжуулж, тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулж байж энэ зорилт хэрэгжинэ. Жилд сая жуулчин авдаг болсон үед нэг жуулчнаас 1000 доллар Монгол улсад үлдэхэд нийт 1 тэрбум доллар улсын эдийн засагт шингэж үлдэнэ гэсэн тооцоо байна. Энэ нь одоогийн ноолуурын салбарын Монголд үлдээж байгаа мөнгөнөөс нэг дахин их, нүүрсний салбарын оруулж байгаатай дүйцэхүйц хэмжээний мөнгө гэдгийг  Төрийн нарийн бичгийн дарга хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

“Адуучин” тэмцээн наадмын хөтөлбөрт багтаах гэнэ

Адууны соёл, монгол залуучуудын ид хавыг үзүүлсэн “Адуучин” тэмцээнийг ирэх жилээс наадмын хөтөлбөрт багтаана. Монгол наадам, Адуучин тэмцээн дэлхийн брэнд болж, гадаад, дотоодын жуулчлал хөгжих учиртай. Аймаг, орон нутгийн наадам, тэмдэглэлт ойн баярыг ч амралтын энэ өдрүүдэд зохион байгуулдаг байхаар төлөвлөж байна гэлээ. 

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос, Өмнөд Солонгост түр дайсагналцахгүй байхыг санал болгов

БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгост хандан түр хугацаанд дайсагналцахгүй байх санал дэвшүүлжээ. Гэвч Сөүлээс энэ саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд “Хойд Солонгосын дэвшүүлж буй санал хуурамч бөгөөд хоёр улсын цэргийн дайсагналцал улам гүнзгийрсэнд Хойд Солонгос буруутай” хэмээн хариу мэдэгдэлдээ онцолсон байна. Зургаадугаар сарын 30-нд Пхеньянаас дээрх санал дэвшүүлэхдээ цэргийн төдийгүй бүх салбарт ийм байдлыг түр зогсоохыг санал болгосон юм. 

Ю.Дэлгэр