Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун (7)

8Түрүүч нь
¹154, 155, 156, 158 (4794, 4795, 4796, 4798) дугаарт
8

Буриад бол манай зарим иргэдийн хувьд худалдаа наймаа хийдэг томоохон
газар нь. Наймаачид Хятадаас авсан бараагаа галт тэргээр Улаан-Үд рүү зөөнө. Нэгэн
үе Улаан-Үд монгол наймаачдаар дүүрчээ. Том том цүнх үүрсэн наймаачид хотын гудамж,
талбай, орон сууцны хороолол дундуур бараагаа бариад явна. Хүмүүс хямдхан үнэ сонсоод
хаана ч хамаагүй наймаа хийнэ. Дэлгүүр хоршоо, автобусны буудал, гэрийнхээ үүдэнд
хүртэл. Сүүлдээ эндхийн иргэд монгол наймаачдаас залхах хандлагатай болж. Засаг
захиргааны зүгээс энэ байдалд анхаарал хандуулж монгол наймаачдад зориулсан худалдааны
төв, дэлгүүр хүртэл гаргаж өгчээ.

Монгол гэсэн тодотголтой тэр дэлгүүрээр нь орвол голдуу Эрээний бараа
байх аж. Бараанууд нь хямдхан. Сонголт ихтэй. Одоо монгол наймаачид “гахай”-гаа
үүрээд Улаан-Үдээр хэсэхээ больсон гэнэ. Хятад-Монгол-Улаан-Үд гэсэн чиглэлд наймаа
арилжаа хийж амьдардаг монголчууд Улаан-Үдэд байр хөлсөлдөг юм байна. Тэндхийн монголчууд
бие биенээ танина. Тэр байрны төдөн давхарт хоёр монгол амьдардаг. Харин тэр байранд
хоёр монгол айл байдаг гэхчилэн заана.

Хөлсний байр гэснээс Улаан-Үдэд байрны үнэ манайхтай харьцуулбал
өндөр. Нэг өрөө шинэ байр байршил, зэрэглэлээсээ хамаарч 1.5-2 сая рублийн үнэтэй.
Сүүлийн үед орон сууцны хорооллууд ихээр баригдах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор
залуу гэр бүлүүдийг ипотекийн зээлд хамруулах ажил ид өрнөж байна.

Улаан-Үдийн зун ерөнхийдөө халуун бүгчим. Их мөрний хөвөөнд байдаг
болохоор агаар нь ихэд чийглэг. Гудамжны моддын навчисыг нь имэрч үзэхээр өчүүхэн
ч тоос, тортоггүй. Нов ногооноороо. Зүлэг, ширэг нь ч мөн адил.

Харин өвөлдөө хүйтэрнэ. Ямар сайндаа цаа бугын арьсан гутал өмсөх
вэ дээ. “Юун ноосон малгай вэ. Өвөл дан малгайтай явна гэж байхгүй шүү” гэцгээнэ.
Ноосон малгай өмсвөл дээгүүр нь куртикнийхээ малгайг давхар өмсөнө. Цаг агаарын
хэм хасах 36 хүрч хүйтэрвэл цэцэрлэг, сургуулийн бага, дунд ангийнхан нь хичээлдээ
явахгүй. Хүүхдүүд урьд орой нь цаг агаарын мэдээ заавал үзнэ. Агаарын хэм -38 хүрвэл
ахлах ангийн сурагчид хичээлдээ явахгүй, Онцгой байдлын газраас нь онц байдал зарлана.

Улаан-Үдийн охид, залуусын арьс нь тунгалаг, нүд нь жавхлааг байдаг
нь зөөлөн, цэвэр агаар, устай нь холбоотой гэж Оросын бусад муж, улсуудын залуус
ярьдаг гэнэ.

Буриадууд оросуудыг орос гэхээсээ илүүтэй орд, мангад гэж хэлж, ярьдаг
нь сонирхол татсан билээ.

Улаан-Үдэд саатахдаа тэндхийн буриад иргэдтэй хөөрөлдсөн юм.

 

ЦЭДЭВ: БУРИАД ЗАЛУУС ЭХ ХЭЛЭЭ МАРТАЖ БАЙНА

Хөлсний тэрэгний жолооч Цэдэв.

-Та
такси бариад хэдэн жил болж байна вэ?

-Есөн жил болж байна.

-Та
аль аймгийн хүн бэ?

-Буриад улс чинь хорин аймагтай шүү дээ. Би Зэдийн аймгийнх.

-Буриадын
аймгуудыг эхнээс нь нэрлэвэл?

-Баргажин, Зэд, Сэлэнгэ, Хиагт, Түнхэн, Хурамхан, Яруун, Хорь, Тарвагатай,
Мухар шивэр гээд хорин аймаг бий.

-Сүүлийн
үед буриад залуус өв уламжлалаа сэр­гээж, хэл, соёлдоо ихээхэн анхаарал хандуулж
байгаа гэлцэх юм?

-Хөдөө аймгуудад ажил төрөл олдохгүй, бүгд төв бараадаж байна. Төвд
орж ирээд энд тэнд юм хийгээд л явцгааж байна. Хөдөөнийхөн ёс заншлаа авч үлдэх
талдаа сайн. Аав, ээжүүд, өндөр настнууд нь хүүхэд залуустаа хэл, ёс заншлаа хэлж
өгдөг юм.

-Улаан-Үдэд
ирсэн залуус голдуу ямар ажил хийж байна вэ?

-Худалдаа наймаа хийнэ. “Абсолют”, “Титан” гэсэн сүлжээ дэлгүүрүүдэд
ажиллацгаана. Барилга дээр ч ажиллаж байна.

-Залуус
үүх түүхээ хэр мэддэг вэ?

-Муухан даа. Хэдий хил зааглахад ахан дүүс салсан ч цаг сайхан болсон
болохоор бие биенийдээ байнга зочилц­гоодог. Бид чинь Улаанбаатар руу байнга явна.
Худалдаа наймаа хийнэ.

Намайг жаахан хүүхэд байхад нагац ахынх маань Монголд байдаг байсан
юм. Хожим нь сураг тасарч холбоогүй болчихсон.

-Та
буриадаар сайн ярьдаг юм байна шүү дээ. Гэртээ буриадаар ярих уу?

-Тэгэлгүй яахав. Манайхан хоорондоо буриадаар ярина. Улаан-Үдэд удчихаараа
л хэлээ мартчихдаг юм.

-Цагаан
сараа яаж тэмдэглэдэг вэ, танайх?

-Битүүндээ мах чанаж, бууз жигнэж идээд сүүгээ ууна. Маргааш нь аав,
ээждээ айлчилж очно доо. Дүү нар минь манайд ирж золгоно. Хотуудаар явж ахан дүүсийнхээрээ
орно.

-Дацангуудад
найр болдог гэх юм?

-Хурал ном хураад зон олноороо цуглаж, эрийн гурван наадмаа хийдэг.

-Монгол
ардын дуунуу­даа хэр дуулдаг вэ. Та дуулна биз дээ?

-Би дуулдаггүй. Спортоор явсан болохоор хоолой муутай (инээв). Монгол
дуу дуулдаг хүмүүс олон байдаг юм. Манай хамаатан садангууд бүгд монгол дуу мэднэ.

 

ЕСҮХЭЙ: БИ ОЛОН МОНГОЛ НАЙЗТАЙ

29 настай, өмгөөлөгч, маркетингийн менежер мэр­гэ­жилтэй Есүхэйтэй
ярилцлаа.

-Буриад
хэлээ хэр мэддэг вэ?

-Сайн мэднэ шүү. Буриад дуу ч мэднэ. Миний үеийн залуус буриад хэлээ
сэргээх гэж, сурах гэж их эрмэлзэх болсон. 1990-2000 оны үед бол юун эх хэлээ сурах
тухай бодох вэ, нийгэм хүнд байсан цаг. Харин одоо хэл соёлдоо анхаарал хандуулах
цаг нь болсон. Ер нь буриадуудын 90 хувь нь өөрсдийгөө Монгол гэж боддог.

-Таны
үеийн буриад залуус Улаан-Үдэд ихэвчлэн ямар ажил төрөл эрхэлж байна вэ. Нийгмийн
байр суурийг нь сонирхвол?

-Миний эргэн тойрны, миний таньдаг залуусын дийлэнх нь буюу жараад
хувь нь төрийн албан байгууллагад ажиллаж байна. Үлдсэн хувь нь худалдаа наймаа
хийж, өөрийн гэсэн бизнес эрхэлж байна.

-Ажилд
ороход ямар нэг хүндрэл байдаг уу?

-Буриад дарга нь буриад хүнийг ажилд авна. Орос дарга нь орос хүнийг
ажилд авдаг. Ерөнхийдөө ийм хандлага бий.

-Буриад
залуус ямар зан чанараараа ажлын байран дээрээ гайхагддаг вэ?

-Ажлаа сайн хийгээд явбал чи буриад, чи орос гэсэн ойлголт байхгүй
л дээ. Гэхдээ буриад залуусыг ажилдаа үнэнч, хөдөлмөрч, чадварлаг, хариуцлагатай
гэж үнэлдэг тал бий.

-Монголд
очихоор Улаанбаатарын хаагуур явах дуртай вэ?

-Гандан орно. Тэрэлж явна. Хотын төв болон III, IV хорооллоор явдаг.
Улаанбаатарыг сайн мэднэ. Монголд рубль хэдэн төгрөгт хүрч байна гэсэн бэ?

-54 төгрөг.

-Тэгвэл ойрмогхон явъя байз. Рубль Монголд үнэд орвол бидэнд ашигтай
шүү дээ (инээв). Би Монголд очих дуртай. Тэнд миний олон найз бий. Би өөрийгөө Монголын
нэг хэсэг гэж боддог. Хэрвээ Монголд надад тохирох боломжийн ажил байвал хэзээ ч
явахад бэлэн байна.

Би буриад хэл мэддэггүй найзуудаа шоолдог юм. “Ичих­гүй байна уу,
буриад хэлээ мэдэхгүй байгаадаа” гэж.

Буриад улс тэр дундаа Улаан-Үд бол их тайван газар. Хүмүүс нь уужуу
сэтгэлтэй. Энд буриад, орос гэсэн зааг ялгаа ер нь гардаггүй юм. Зон олон нь ижилсчихсэн.
Москва ч юм уу Оросын зарим газруудад үндэсний үзэлтэй нөхдүүд бусдыг хавчих үзэгдэл
гаргадаг л даа. Харин Улаан-Үдэд тийм зүйл барагтай бол тохиолддоггүй. Залуус нь
эв найртай. Сайхан ч нөхөрлөдөг.

Би Улаанбаатарт очоод автобуснаас буухад хэзээ ч харь улсад очсон
юм шиг сэтгэгдэл төрдөггүй юм. Ганцаараа явчихдаг. Ерөөсөө юунаас ч айж эмээдэггүй.
Чемоданаа чирээд л дуртай газраараа алхчихдаг. Гоё байдаг.

 

БААТАРДОРЖ: БУРИАД ХЭЛ МИНЬ МАРТАГДААД Л БАЙНА

Хүний нөөцийн менежер мэргэжилтэй Баатартай ярилцлаа. Тэрээр 27 настай.

-Буриад
залуус хүссэн мэргэжлээ эзэмшээд хүссэн газартаа ажилд орох боломж хэр байдаг вэ?

-Хүн хүнээсээ шалтгаална. Өөрөө хүсээд тэмцвэл хүссэн газартаа ажилд
ордог. Энэ тал дээр ер нь шударга шүү. Үүнд хааж боогоод байдаг зүйл байдаггүй.

-Нэр
усаа гаргаад амжилттай яваа буриад залуусаа дурдвал?

-Эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа залуус салбар салбарт л байна.
Улс төр, бизнес, урлаг гээд олон.

-Та
буриадаар ярьдаг уу?

-Буриад хэл минь мартагдаад л байна (буриадаар ингэж хэлэв). Би багадаа
их сайн ярьдаг байсан. Байнга ярихгүй болохоор мартчих юм.

Би хүүхэд байхдаа Монгол руу их явдаг байлаа. Одоо манай ахан дүүсийн
хүүхдүүд Монголд очиж сурдаг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ

Цагаан сар, наадам дөхөхөөр мал хулгайлах гэмт хэрэг ихэсдэг талаар цагдаагийнхан сэрэмжлүүлдэг. Хулгайчид бүлэглэн, машин хөлөглөн бүл муутай малчдыг онилж, хотыг нь харлуулсан тухай мэдээлэл зуны улиралд тасардаггүй. Гурван жилийн өмнө Хүй долоон худагт зусаж байсан хоёр хөгшинг хөнөөж, хоёр настай зээг нь хүнд гэмтээж орхиод хоттой малыг нь туугаад явчихсан хэрэг гарсан. Малын хулгайчид үйлдэл дээрээ баригдвал хүний амь ч хөнөөж мэдэхээр зэвсэглэчихсэн явдаг зэрлэгшсэн хүмүүс аж. Зэрлэгшсэн гэхийн учир нь тэд хулгайлсан малаа араатнаас дор тамлаж, зовоодог юм байна. Саяхан хулгайчид Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутагт гавьяат малчин хөгшний хоттой хонийг тууж арав гаруйг нь жалганд нядлаад, үлдсэнийг нь чонийн ам руу хөөчихсөн хэрэг гарчээ. Тэдний үйлдлийг нэхэн сурвалжлахад хүнээс гармааргүй балмад авир, бусармаг үйлдэл хийдэг нь тодорхой байв. Малчин, мөрдөн байцаагчдын дунд явж байгаад тэнсэн ялтай үлддэг малын хулгайчдын увайгүй үйлдлийг “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буландаа онцолж байна. 

ХОТОНД ГЯЛАЛЗАХ ГЭРЛИЙН УЧИР

Төв аймгийн Баяндэлгэр сум нийслэлээс 101 км зайтай. Аймгийнхаа төвөөс  108 км, Багануур дүүргээс 26 км зайд байдаг. Засаг захиргааны нэгжийн тухайд Байдлаг, Галуут хоёр багтай. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг гэдгээр нь хүмүүс андахгүй. Хүн ам цөөтэй ч Улаанбаатар-Өндөрхааныг холбосон хэвтээ тэнхлэгийн мянганы зам сумын төвөөс хоёр км-ийн зайтай өнгөрдөг болохоор их хөлийн газар гэгддэг юм билээ. Нутгийн иргэдийн олонхи нь Хэрлэн голын хөвөөнөө малаа маллан амьдардаг. Сумын малчид чоно нохойноос илүү хулгайчдаас малаа хамгаалж,  байнгын харуул манаатай байлгадаг болоод удаж буй гэх. Ямар сайндаа л айл болгон бог малаа хашиж байх билээ. Бүлтэй, ээлжээр малаа харуул манаатай байлгах айлуудад хулгайч тэр бүр халдаад байж чаддаггүй гэнэ. Харин өндөр настай, бүл чадал муутай айлуудыг хулгайчид онилж, хотноос нь ганц нэг мал суйлж байгаад бөөнөөр нь туугаад явчихдаг аж. 

Гавьяат малчин Х.Магсар хөгшинтэйгээ, малыг нь малладаг залуутай гурвуулаа Хэрлэн голын хөвөөнд хаваржиж байжээ. Тэднийхээс саахалтын зайд хүүхдүүдийнх нь бий. Х.Магсар гуайнх цөөнгүй малтай болохоор бэлчээрээ харгалзан ганц гэрээрээ байхаас аргагүй гэнэ. Дал гаруй настай хоёр хөгшин ганц залуутай, 500 гаруй малтай байгааг хулгайчид мэддэг учраас эртнээс олзоо болгосон хэрэг. Шөнө дунд Х.Магсар гуайн хөгшин гарч бие засахад хотонд нь гэрэл гялалзаад, гүйгээд байдаг байж. Бүр малын хашаанд ч гэрэл гялалзаад байх болж. Энэ тухай өвгөндөө хэлээд хамт гарч харахаар юу ч мэдэгддэггүй гэнэ. Хоёр хөгшин нэгийгээ зөнөж, хий юм хардаг болж гээд өнгөрдөг байжээ.

Хааяа малаа тоолоход ганц, хоёр хонь сох дутчихаар нь малчин залуугаа “Хонь руу чоно оруулчихлаа” гэх юм уу “Айлын малтай хонио нийлүүлээд хольчихлоо” гэж зэмлээд өнгөрдөг байж. Гэтэл гэрэл гялалзаад байдгийн цаана нь хулгайч байдаг байсан нь хоттой хонийг нь тууж явснаар ил болжээ. Хулгайч тэдний малнаас ганц, хоёроор нь хулгайлдаг байснаа хүлээсэн байна. 

ХОТТОЙ ХОНИЙГ НЬ ТУУЖ ЖАЛГАНД АВААЧААД СОРЧИЛЖЭЭ

Х.Магсар гуайн хоттой хонийг тавдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хулгайчид туугаад явжээ. Хургатайгаа 500 гаруй хонийг хашаанаас нь гаргаж баруун хойшоо хоёр шахам км тууж Зүүн шандын аманд хүргэжээ. Шөнө дунд хотноос нь хөөгөөд босгохоор бог мал эргэж, хургадаг. Хулгайчид хурц иртэй төмөр юм уу, том хутгаар туусан бололтой нэлээд хэдэн хонийг ар нуруу руу сийчсэн байжээ. Малын хашаанд том хутга үлдээсэн нь ч үүнийг гэрчилнэ. Монголчууд малаа ширүүн туух, араас нь мод чулуу шидэхийг цээрлэдэг. Гэтэл хулгайчид хутга, мэсээр сийчиж хөөдөг болсон нь энэ. Түүгээр ч барахгүй хоттой хонийг нь Зүүн шандын аманд хөөж аваачаад гар чийдэн тусгаж байгаад сорчилж эхэлжээ. Шөнө дунд малын нүд рүү хурц гэрэл тусгахад хөдөлж чадахаа больдог. Ингэж гэрэл тусгаж байгаад хамгийн том, тарга тэвээргэ сайтайг нь сонгож хоолойг нь хэрчиж алсан байна. Энэ мэтээр 13 эр хонины хоолойг огтолж, дотрыг нь цувуулж хаяжээ. Нядалгаа хийсэн жалгандаа 13 хонины толгой, гэдсийг нь цувуулж хаячихаад гулууз махыг нь портер машиндаа ачаад явсан байна. 

Бүр хамгийн тарган, том хониных нь сүүлийг дундуур нь нэг хэрчээд Х.Магсар гуайн зүг рүү шидсэнээ хулгайчид ярьжээ. Хулгайлсан хониныхоо сүүлийг эзнийх нь зүг шидэх нь хулгайчдын хувьд дом юм байх. Сүүлийг нь шидвэл хэрэг нь баригддаггүй гэж ярьдгаа хулгайчид мөрдөн байцаагчид мэдүүлсэн байх юм. 

ҮЛДСЭН ХОНИЙГ НЬ ЧОНЫН АМ РУУ ХӨӨЖЭЭ

Үүр цүүрээр бой хийсэн хулгайчид үлдсэн малыг нь Хөх овоо руу туучихаад яваад өгч. Өөрөөр хэлбэл, чонын ам руу туусан гэсэн үг. Малчид “Ядаж эргүүлээд хот руу нь чиглүүлчихсэн бол хэдэн малаа чононд сэглүүлэхгүй байлаа” гэж ярьж байв. 

Х.Магсар гуайнх хаваржаандаа өвлийн байшинд амьдардаг. Тиймээс хоттой малыг нь хойноос нь иртэй мэсээр хөөж байгааг сонсоогүй юм билээ. Үүрээр хот нь эзгүйрснийг мэдэж араас нь эрэл болж. Гэгээ ороход Зүүн шандын жалган дээгүүр элээ, хон хэрээ эргэлдээд байхаар нь очтол сүргийнх нь сор хэдэн хонийн толгой, гэдсийг нь цувуулаад хаячихсан байж. Цаашлаад Хөх овоог давтал хээрийн нохой сүрэг хонь руу нь дайрч алахыг нь алж, сэглэхийг нь сэглээд хаячихсан байжээ. Тавь гаруй жил мал малласан хөгшин тийм дүр зургийг харах ямар байх билээ. Хэсэгтээ дуугаа хурааж, бодол болсон гэнэ. Алдсан хүн арван тамтай гэдэг үг малаа хулгайд алдсан малчдаас гарсан гэдгийн учир энэ биз. 

Нутаг усаараа хүндэлж явдаг гавьяат малчныхаа хотыг харлуулсан хулгайчид өөрсдөө мянгат малчдын хүүхдүүд байсан гэвэл итгэхэд бэрх. Гэвч тэд малын захад, өтөг идэж өссөн залуус байгаа нь харамсалтай. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Дотуур байранд амьдарч байгаа хүүхэд гэр бүлийн харилцаа, үнэт зүйлсийг мэдэхгүй өсдөг

“Дотуур байран дахь хүүхэд хамгаалал” гэсэн сэдвийн хүрээнд өчигдөр зөвлөлдөх уулзалт боллоо. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Нээлттэй нийгэм форумтай хамтарч “Дотуур байран дахь хүүхэд хамгаалал, стратегийн өмгөөлөл” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Ерөнхий боловсролын  сургуулийн 16 дотуур байранд очиж судалгаа явуулжээ.  Энэхүү судалгаагаа өчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүдэд танилцуулсан юм.  Энэ талаар  Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зөвлөх С.Баасанбатаас тодрууллаа.

-Дотуур байруудаар явж Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхэд судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүнг танилцуулахгүй юу?

-Нийтдээ 16 дотуур байранд очлоо.  Хоёр чиглэлээр судалгаа хийсэн. Дотуур байрны нөхцөл байдал ямар байгаатай танилцахаас гадна хүүхэд  дотуур байранд байхдаа хамгаалагдах эрхээ эдэлж байна уу гэдгийг онцгойлон анхаарч судаллаа. 

Өөрөөр хэлбэл, хүүхэд хүчирхийлэлд өртөж байна уу, үе тэнгийн дарамт байна уу, үл хайхрах, ялгаварлан гадуурхагдах, магадгүй мөлжлөгт өртө ж болзошгүй гэдэг үүднээс судалгааг явууллаа. Байрны нөхцөл байдлын хувьд, бидний очсон нийт 16 байрны зургаа нь мэргэжлийн хяналтын дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ. Өөр сонголт байхгүй учраас тухайн байранд өнөөдрийг хүртэл хүүхдүүд байрлаж байна. Уг нь дэлхийн жишгээр сургууль, цэцэрлэгийн байр стандартын хувьд хамгийн дээд  хэмжээнд байх шаардлагатай. Найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй стандартууд байдаг. Гэтэл манай улсад эсрэгээрээ малчдын хүүхдүүд хамгийн муу, нурж унах шахсан байранд байрлаж байна. Байрнуудын дулаан 14-15 градус. Стандартаар 20 градусаас доошгүй байх ёстой. Хүйтэн зэврүүн нөхцөлд хүүхдүүд гадуур хувцастайгаа суудаг. Бие засах газар нь дотуур байрнаас 30-50 метрийн зайтай. Тэр нь тээр тэнд ёлтойсон гэрэлтэй байх жишээтэй. 23.00 цагт дотуур байр гэрлээ унтраадаг. Тэгэхээр бага ангийнхан бие засах  газар руу явах замдаа айхаас эхлээд халдлагад өртөх эрсдэл өндөр байна.  Бие засах газар хол, гэрэлтүүлэггүй байгаа нь асуудал юм. Шөнө оройн цагаар 30 метрийн зайд хүүхэд гараад бие засах ямар байх вэ? Үнэхээр дотуур байрны нөхцөл хүнд байсан.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын дотуур байр  үнэхээр хүнд нөхцөлтэй. Орны хүрэлцээгүйгээс болоод хүүхдүүд өвөртөө унтдаг. Ах, эгч дүүс холилдож байдаг. Магадгүй өсвөр насны эрэгтэй хүүхэд эмэгтэй дүүтэйгээ байвал бид эрсдэлтэй гэж үзнэ.

-Хүүхдүүд хүчирхийлэлд өртөх, дарамтад орох, сэтгэл санаагаар гутрах ийм байдал хэр элбэг байдаг вэ?

-Хүүхдүүд үе тэнгийн дарамтад их өртдөг юм билээ.  Үүнийг хэвийн юм шиг ойлгодог. Хүүхдүүд байдаг л юм гэж  хүлээж авч байна лээ. Том  хүүхдүүд нь багачуудаасаа мөнгө татах, айлгаж зодох, хөвгүүд нь охидоо шоглох, өөр хоорондоо бүлэг болж тэмцэлдэж нэгнийгээ дарамталдаг.  Үе тэнгийн дарамтаас ангид байна гэдэг бол хүүхдийн хамгаалагдах  нэг эрх юм.  Хамгийн ноцтой нь дотуур байранд  хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг. Бие биенийгээ зодож, ялгаварлах, бэлгийн халдлагад өртөх тохиолдол гарсан байна. Жирэмсэн болсон охидууд байна. Энэ зүйлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бараг хийдэггүй. Багш нь өөрөө бэлтгэгдээгүй.  Ийм зүйл боллоо гэхэд ямар арга хэмжээ авч, ямар хариу үйлдэл хийх вэ гэдэг зааварчилгаа дутмаг. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол яаж асуудлыг шийдэх вэ, яаж нууцлалыг хадгалах вэ гэдэг журам байх ёстой. Ийм зүйл байхгүйгээс болоод нууц задарч хүүхэд  сургуульдаа байтугай сумандаа байх боломжгүй болж, өөр сум руу нүүх, эсвэл сургууль завсардах тохиолдлууд гарсан байна. Бид тоон судалгаа хийсэнгүй. Чанарын судалгаа хийлээ.  Ихэнх дотуур байранд ийм байдал түгээмэл ажиглагдсан. 

-Хүүхэд гэр бүлтэйгээ байх нь хамгийн чухал зүйл. Хар нялхаараа гэрээсээ хол хуарангийн маягаар дотуур байранд байрлаж байгаа нь хүүхдийн хүмүүжилд маш сөргөөр нөлөөлж байна гэдэг. Энэ тухайд?

-Зургаан настай хүүхэд сургуульд явдаг болсон, дотуур байрны нөхцөлд үнэхээр тохиромжгүй байна.  Тэднийг асран хамгаалах багшийн хүрэлцээ байхгүй.  Нялхаараа байгаа  хүүхдүүд гэрээсээ хол хямарна. Сургуулийн амьдралд дасах гэж  хэсэг хямарна. Ээжийнхээ  мөөмнөөс гараагүй хүүхдүүдийг гэрээс нь хол дотуур байранд байлгаж байгаад их санаа зовж байна. Нөгөө талаас  зургаан настай  хүүхдээ сургуульд явуулах гээд зарим залуу гэр бүл хоёр тусдаа амьдарч эхэлж байна. Аав нь малаа хараад үлддэг. Ээж нь төвд хүүхдээ эргэж тойрч тусдаа байдаг. Энэ нь эргээд гэр бүл салах шалтгаан болж байгаа юм билээ.  Ер нь Хүүхдийн эрхийн хорооноос сануулга ирсэн. Дотуур байранд хуарангийн нөхцөлд хүүхдийг амьдруулна гэдэг бол хүүхдийн амьдралд гэм хор учруулсан зохимжгүй орчин гэж. Дотуур байранд амьдарсан хүүхэд гэр бүлийн ариун нандин харилцаа, гэр бүлийн үнэт зүйлс, харилцан хамааралтай байх, бие биедээ өгч авалцах,  гэр бүлээ гэсэн сэтгэлтэй байх, гэртээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ийм харилцаанаас ангид тусдаа өсч  байна. Өөрөөр хэлбэл, дотуур байранд бүлэг фракцаар амьдардаг.  Хоорондоо өрсөлддөг,  ямар нэг зүйлийг булааж,  бусдыг дарамталж эзэмшихэд суралцдаг.  Хэт хувиа бодсон ийм  хүн болж өсдөг. Тиймээс Хүүхдийн эрхийн хорооноос дотуур байрны хүүхдийг эцэг, эхтэй нь ойр байлга. Дотуур байрны нөхцөл байдлыг гэр орны нөхцөлд дүйцүүлэх хэмжээнд тусгай  хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн санал тавьсан. Нөгөө талаас эцэг, эх хүүхэдтэйгээ долоо хоногт биш юмаа гэхэд сар бүр ирж уулздаг болох ёстой. Эцэг, эхээсээ хөндий өссөн хүүхэд амьдрах чадвараасаа хөндийрч бэлэнчлэх сэтгэлгээтэй, хүмүүжил нь ч гэсэн доголдолтой болдог. Гэр бүлийн харилцааг хэзээ ч юугаар ч орлох боломжгүй зүйл. Үүнээс  ангид өссөн, хүнд өгөх, авах, хайрлуулах, хайрлах хэрэгцээ нь хангагдаж чадахгүйгээсээ болоод хожим  нь гэр бүлийн амьдрал зохиох юм уу, нийгмийн амьдралд нь бэрхшээл учирдаг эрсдлүүд байгаа юм. 

-Манайхаас өөр улсад хүүхдийг хуарангаар нь байлгадаггүй гэсэн ?

-Үнэхээр хүүхэд гэртээ л өсч, торнимоор байгаа юм. Нүүдэлчин ахуйтай малчид учраас яалтай билээ.  Үүнээс гарах гарц хайх хэрэгтэй байна.  Энэ маягаар 90  жил явлаа. Ядаж дотуур байрыг гэр бүл шиг нь дүйцүүлсэн маягаар орлуулж болох гарц байна уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй байна. Хүүхдийн эрхийг зөрчихгүй тийм орчин хэрэгтэй байна. Гадныхан бол гайхаад байдаг. Ямар хүмүүжилтэй ямар хүн болж өсөх бол гээд.  Манайхан л болж байна  гээд байгаа. Эргэж харах зайлшгүй асуудлын нэг юм.  Цаашдаа дотуур байранд өссөн хүүхэд гэр бүлийн амьдралаа хэрхэн зохиож байна,  нийгмийн амьдралд ямар байр суурьтай оролцож байна гэдгийг нарийвчилж судалж үзмээр байгаа. 

-Дотуур байрны хүүхдүүд та нартай хэр чөлөөтэй ярьж байсан бэ. Юу ярьж байна?

-Биднийг очиход хүүхдүүд шалгуулж байна гэж ойлгоод нууцлах маягтай байна лээ.  Гэхдээ бид сөргүүлээд нэг асуултыг нь нөгөөгөөр нь нөхөөд нэлээд сайн яриуллаа. Тэгэхэд хүүхдүүд хоолондоо цадна гэж байхгүй. Бэлэн гоймон иддэг гэж байна. Мөнгө хамгийн их хэрэгтэй зүйлийг нэг. Эцэг, эхээс  мобайл банкаар мөнгө авна. Авахгүй нэг нь байнгын өлсгөлөн байдаг гэж байсан.  Хоол нь амтгүй. Дотуур байр нь сургуулийн үдийн цайг бэлтгэдэг учраас бүүр ч асуудалтай юм билээ. Багш үнэхээр хүрэлцээгүй. Тэр олон хүүхэдтэй багш хагас цэрэгжилтийн байдалтай ажиллахгүй бол бодит байдалд хүчрэхгүй нь тодорхой. 70-аад хүүхдэд нэг багш оногддог гэхээр хүүхэдтэй тулж ажиллах ямар ч боломжгүй. Тиймээс дотуур байранд ядаж сэтгэлзүйч хүн маш чухал байгаа юм. 

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ спорт

“Чингэс хаан” гран прид олимп, дэлхийн аваргууд зодоглоно

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн ивээл дор зохион байгуу­лагдах “Чингэс
хаан” гран при тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.
“Рио-2016” зуны гучин нэг дэх олимпийн наадамд зодоглох оноо өгөх уг тэмцээний даргаар
Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав томилогджээ. 

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Япон,Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж,
АНУ, Хонконг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казахстан, Польш,
Филиппин, Сингапур, Иран, Венесуэл, Швейцарь, Украйн, Турк, Бразил, БНХАУ, Португал
тэргүүтэй 40 орчим орны 350 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.
Мөн дэлхийд чансаагаараа тэргүүлдэг шилдэг жүдочид зодоглоно. 2012 оны Лондон­гийн
олимпийн аварга ОХУ-ын тамирчин Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт,
Европын аварга Крилл Динисов, Канад улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт
Антоун Валиус,  Узбекстаны тамирчин олимпийн
хүрэл медальт, дэлхийн аварга Абдул Тангерейв, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн
хошой аварга Ришод Собиров, БНСУ-ын тамирчин дэлхийн хошой  аварга, олимпийн мөнгөн медальт Ван Ки Жун, Унгар
улсын тамирчин олимпийн мөнгө, ДАШТ-ий гурван хүрэл медальт Миклос Унгвари, БНАСАУ-ын
тамирчин дэлхийн аварга Кион Сол, Герман улсын тамирчин Лондонгийн олимп, дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Димитри Петерс, Чехийн тамирчин дэлхийн
аваргын хошой хүрэл медальт Лукас Крпалик нар оролцохоор болжээ. Харин манай улсаас
дэлхийн аварга, Ази тивийн аварга М.Уранцэцэг, Лондонгийн олимпийн хүрэл медальт
С.Ням-Очир, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин зэрэг шилдэг тамирчид оролцоно.

С.АЛТАН

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замд суурь хучилт хийлээ

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам барих ажлыг “ЭСТО” ХХК он дамжуулан гүйцэтгэж байна. Зайсангийн уулзвараас зүүн тийш Скай ресорт хүртэл 10 км замын суурь хучилтыг хийж нээснээр баяр наадмын өмнө Богд уулын арын замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж эхэллээ. Энэ хэсэгт наадмын дараа өнгө хучилтын ажил хийгдэх юм. Харин Зайсангаас баруун тийш үргэлжлэх замын суурь ба өнгө хучилтыг 8 дугаар сарын 01-нээс өмнө хийж хүлээлгэж өгөх гэрээтэй. Богд уулын арын зам нь огцом эргэлт ихтэй тул туузан хашлага хийнэ. Хотын зүүн хэсгээс төв замд ачаалал өгөлгүй Яармаг-Нисэх чиглэлд шууд нэвтрэх энэ замыг “ЭСТО” компанийн замчид гурван бригадаар, 24 цагт хоёр ээлжээр барьж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын захиргаа цахилгаанаар ажилладаг машиныг туршилтаар ашиглана

 Япон Улсын Мицүбүши моторс корпорациас хоёр цахилгаан машиныг нийслэлд хандивлажээ.  Энэ машин нь 100 хувь цахилгаанаар ажилладаг  бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай юм байна. Мицүбүши моторс корпорацийн ахлах сургагч Цитому Хагивара  “Энэ машин зөвхөн байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд маш их хэмнэлт авчирдаг.   2011 онд Японд болсон аймшигт цунамигийн үеэр гамшигт нэрвэгсэдэд туслах  тээврийн хэрэгсэл нь бидний цахилгаан машин байсан юм.  Хорт утаа ялгаруулахгүй, агаар бохирдуулахгүй, байгаль орчинд ээлтэй,  дуу чимээ бага, ердийн болон хурдан гэсэн хоёр төрлийн цэнэглэгч суурилуулсан гэх мэт олон давуу талтай”  гэж онцлож байлаа. 

Хэрэв туршилтын автомашин нь  үр дүнгээ өгвөл хотын захиргаа Япон Улсын Мицүбүши Моторстой  цахилгаан машин нийлүүлэх тал дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Хандиваар өгсөн машиныг НЗДТГ болон Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар албан хэрэгцээндээ ашиглана  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрлийзүүд ба түүний дайснууд

Баабар ингэж өгүүлэв

1. Наяад оны дундуур ма¬най хүрээлэнгийн та¬ван ажилтан Югославт томилолтоор сар явлаа. Би ахалж явсан юм. Ирсний дараа манай хариуцах яамнаас хүрээлэнгийн захирал бид хоёрыг дууддаг юм байна. Томилолтоор явсан мэргэжилтнүүдийн дунд хятадын эрлийз нэг эмэгтэй ажилтан багтсан нь яам түргэн авах шалтаг болжээ. Захирал бид хоёрыг улс төрийн сонор сэрэмжгүй гэж тархи эргэтэл загналаа. Дараа нь НАХЯ-ны бас нэг төлөөлөгч ирж сонор сэрэмжийн талаар сурталчлан дараа дараагийн томилолтоор хэн хэнийг явуулж болохгүй талаар сурган эрлийз хурлийз, өвөрлөгч нарын жагсаалт гаргаж өглөө. НАХЯ-д бүртгэлтэй ийм хүмүүс манай хүрээлэнд дөрөв тав байдаг аж. Бид тэрийг нь сонирхож ч байсангүй үнэхээр улс төрийн сонор сэрэмж үгүй байсан бололтой.

2. Хөдөө суманд ажиллаж байлаа. Сургуульд цэрэгжлийн хичээл гэж нэг марзан юм орно. Сургуулийн нэг танхимын цонхыг төмөрлөж битүүлээд сурагчдаар ээлжилж мануулна. Сурагчид модон буугаар сургуулилна, харин битүүмжилсэн танхимд ганц ширхэг жинхэнэ АК автомат бий. Аймгийн цэргийн хэлтсээс нэг хошууч шалгалтаар ирдэг юм байна. Тэрээр мөнөөх ориг АК-г хэрхэн хадгалж байгааг шалгаад цонхны төмөр сараалжийг найдваргүй хэмээн голов. “Энэ бууг хулгайлчих хүн энэ суманд байгаа юм уу?” хэмээн хэрэгт дурлаад асуучихсан чинь хошууч миний тэнэгийг гайхаж байгаа бололтой толгой сэгсрэн сургамжилсан нь “Энэ суманд жаран хоёр онд урдаас орж ирээд нутаг заагдсан хоёр айл бий. Тэд юу ч хийж магадгүй. Сэхээтэн хүн байж мөн ч сонор сэрэмжгүй байна даа” хэмээн эелдгээр тайлбарлаж өгөв. Олон хүүхэдтэй багын багш нэг авгай, мөн сургуулийн мужаан хийдэг өвгөнийх хоёр мөнөөх нутаг заагдагч нар болохыг мэдэж авав. Хүүхдүүд нь том болсон авч тэдний хэн нь ч аймгийн төв орж үзээгүй гэнэ. Сумын хэлтсийн төлөөлөгчийн хараанд байдаг аж. Хэлтсийн төлөөлөгч залуутай хожим нь танилцаж дотно болсон. Түүний нэг чухал үүрэг нь мөнөөх нутаг заагдагч нарыг харж хандаж байх аж. Орой болгон гэрийнх нь гадуур сэм өнгөрч ам бүлийг нь бүртгэдэг байж билээ.

3. Би Арьс ширний үйлдвэрт нормын ажилчин, дөрөвдүгээр зэргийн эсгүүрчин байлаа. Цехээс нэг хөдөлмөрийн баатар төрөв. Үйлдвэр том хүлээж авч дараа нь баатрын гэрт лут найр боллоо. Найран дээр манай цехийн хамгийн аварга эсгүүрчин бут агсам тавьж сүүлдээ хутга шөвгөндөө тулж баатрын гуянд, цехийн даргын даланд тонгорог зоогдож, намын үүрийн дарга авгай хамраа нээлгүүлсэн. Агсамын шалтгаан тодорхой болов. Тэрээр бүх уралдаанд түрүүлдэг, хамгийн сайн эсгүүрчин боловч надтай адилхан дөнгөж дөрөвдүгээр зэрэгтэй аж. Дээд эсгүүрчин долдугаар зэрэгтэй болдог юм. Түүний аав нь хятад хүн байсан шалтгаанаар үргэлж гадуурхдаг, амралтын почоонк ч өгдөггүй байж. Баатраас хавьгүй илүү боловч ингэж гадуурхагдаж дарамтанд явсан гомдол нь зад татжээ. Хөөрхий шорон явсан, баатар хутгалсан хэргээр том ч ял авсан, хожим дуулахнаа шорондоо үхсэн гэнэ лээ.

4. Далан есөн онд улс төрийн хэргээр шоронд оров оо, би. Эрүүгийнхэн цагдаагийн хяналтанд тусдаа байдаг бол мань мэтийн улс төрийнхөн НАХЯ-ны мэдэлд Ганцын буланд тусгай маягтай хоригдоно. НАХЯ-ны тусгай төлөөлөгчийг хамт архидаж суугаад хутгалчихсан нэг тавьтаргүй өвгөн, хил давж оргож орж ирсэн нэг өвөр монгол залуу бид гурав нэг камерийн улс төрийнхөн. Өдөрт гурван удаа жорлон ороход эрүүгийнхэнтэй холилдоно. Мөн ч муухай өвгөн байж билээ. Өнөө муу өвөр монгол залууг эрүүгийнхэнд янз бүрээр худал хов зөөн хатгаж жорлонд зодуулдаг байсан. Нэг удаа би зэргэлдээ өрөөнд байцаагдаж байхдаа өвгөн өөрийн байцаагчид юу гэж бүлтэрч байгааг сонссон. Дайсны тагнуул өвөр монголыг зовоосноор эх оронч үйлдэл гүйцэтгэж хийсэн алдаа гэмээ цайруулж байгаа хэрэг гэж ярьсан шүү. Өвөр монгол залуу сүүлдээ жорлон явахаас айж хоолныхоо түмпэнд шээгээд цонхоор цацдаг болчиж билээ. 

5. Танил маань саяхан одонгоор шагнуулжээ. Ресторанд нэлээд халамцуу байхад нь тааралдав. Надад ихэд талархан бүр үнслээ. “Хужаагийн хүү намайг элдвээр гадуурхалгүй өдий болтол хүн шиг хүндэтгэж явсанд чинь би маш их талархдаг. Намайг сая одонгоор шагналаа. Ёстой зүүдлээгүй явсан юм” гэж яриад уйллаа. Үнэндээ би түүний гарал үүслийг огт мэддэггүй байсан. Гэхдээ ямар их дарамттайгаар энэ оронд 50 гаруй жил амьдарсныг нь ойлгон өрөвдөж эгээ л дагаад уйлчихсангүй. 

6. Нэгэн дээд сургуулийн таньдаг багш маань жараад оны үед Монголд орж ирсэн өвөрлөгч. Тархи толгой гайгүйтэй сүрхий эрдэмтэн боловч лав мэдэхээс ерэн он хүртэл мөн ч их гадуурхагдсан даа. Эрдмийн зэргээ хамгаалах гэж ёстой үйлээ эдэлсэн. Шагнал урамшил курс сургууль, гадаад томилолтоос дандаа хасагдана. Намд орох гэж зөндөө хөөцөлдөөд “идэвхитэн” гэдэг ангиллаас дээш гаргаагүй. Өөрөө ч үүндээ дасаад барагтай хүний доромжлолыг тоохоо больсон юм. Харин ерэн оноос хойш мань хүн шал өөр нэгэн болж хувирсан. Таарсан болгоныг эрлийз хурлийзаар нь дуудна, хэн нэгний тухайд гарал үүслийнх нь талаар үнэмшмээргүй зүйл ярина. Ялангуяа мань эртэй муудалцсан нэгэн шууд л гадаадын тагнуул болж хувирна. Хүмүүс залхдаг ч юм уу, төвөгшөөдөг ч юм уу түүний “атаман” гэдгийг аяндаа чимээгүй зөвшөөрлөө. Одоо тэрээр сургуулиа тэр чигээр нь атгачихсан, хүн болгоныг айлгана.

7. Батлан хамгаалах яаманд үзэл суртал хариуцаж байсан нэгэн надад ингэж ярьсан юм: “Одоо энэ хятадуудын эсрэг чанга орилж гүйгээд байгаа залуусын ард урьд офицер байсан эрлийз хурлийзууд байдаг юм билээ. Эд бүгд бүртгэлтэй, байнгын хараанд байсан. Ахмадаас дээш цол олгохыг зөвшөөрдөггүй байлаа. Шагнал урамшуулал бол бүр горьдолтгүй. Ингэж дарамтлуулж гадуурхагдаж байсныхаа өшөө хорслыг одоо авдаг болсон юм шиг билээ”.

8. Манлайбаатар Дамдинсүрэнг дагаж 1911 онд олон баргууд Халхад орж ирсэнд Богд хаанаас газар заан өгчээ. Энэ нь одоогийн Төв аймгийн урд сумд юм. Тэд “Ээж хад” хэмээх шүтээнээ хүртэл босгосон. Нэр алдар бүхий нэгэн эрхэм нэлээд хэдэн удаа ярилцлага өгөхдөө “голын урдуур баргууд байдаг, Дулмаа барга, би харин голын хойтхынх, жинхэнэ боржгон халх” гэж давтан өгүүлнэ. Уг нь тэрийг нь хэн ч сонирхоогүй л дээ, гэхдээ бүхэл бүтэн зуун жил өнгөрчихөөд байхад гоморхлын ул мөр арилдаггүй ээ.

9. ХХ зууны эхээр Өвөр Монголын Харчин хошууны ноён Манжийн хаантай заргалдан муудалцжээ. “Харчингуудыг үхрийн баас шиг цувуулна” гэж хаан занаад одоогийн Сүхбаатар аймгаас Ховдын хил хүртэл шинэ өртөө буй болгон харчингуудыг өртөөчин болгосон байна. Хожим нь цагийн явцад уусан алга болж тэд хэдхэн газар төвлөрчээ. Дундговийн урдуур, Өмнөговийн бас нэг хоёр сум гэх мэт. Зуу гаруй жилийн өмнөх юм ярьж байна шүү дээ. Гэвч тэдний нэлээдийн энэ комплекс үе дамжин үлдсэн байдаг. Эрлийз хурлийзын тухай, цусны ариун цэврийн тухай ярьдаг хашгичдаг хүмүүсийг сонирхоод байхад ийм нэгэн комплекс дөрвөн үе дамжин үлдсэн байх юм.

10. Сүхбаатар аймгийн урд хэдэн сум бас л зуугаад жилийн өмнө Гадаад Монголд багтдаггүй, Хаалганд хамаардаг байжээ. Хошуу захирагчийг нь өхрийдаа гэх маягтай нэрлэдэг, Бээжингээс томилогддог байсан бололтой. 1942 он хүртэл Дотоод яамны мэдэлд Жавхлантшарга аймаг нэртэй байсан. Сүхбаатар гэнэт Монголын удирдагчаар тодрох үед Жавхлантшаргыг Дорнодын болон Хэнтийн хэдэн сумтай нийлүүлж шинээр Сүхбаатар аймаг байгуулжээ. Бас л бөөн комплекс. Тэндэхийн цус шинжээчид мөн ч олон доо. 11. 1945 онд Барга, Үзэмчингээс нэлээд олон айл Монголд нүүн ирж суурьшсан. Заримд нь тусгай сум хүртэл байгуулж өгсөн. Харин тэр нь 1990 он хүртэл НАХЯ-ны хатуу хяналтанд байлаа. Үр хүүхэд нь сургууль номд явах, ер нь шилжин суурьших зэрэг нь мөн ч хязгаарлагдмал байжээ. Өсөрхөл үүсэх том шалтгаан мөн биз?

12. Дөрөв таван үеийн өмнө урдаас орж ирсэн гэх авч өдгөө мартагдвал мартагдахаар болсон хэсэг этгээд ерэн оны ардчиллын дөнгөж дараа цусны ариун цэвэр үзэж тогтоодог бүлэг (холбоо?, эвлэл?, нийгэмлэг?, байгууллага?) байгуулжээ. Монголын төрийн өндөрлөгт буй хятадын эрлийз гэх 500 хүний нэрийн жагсаалт гаргасан байна. Ингээд “хэрэгт холбогдогч” нарт өнөөхөө үзүүлж шантаажилдаг байгаа. Нэг багашаархан намын дарга өнөөх жагсаалтанд орчихжээ. Тохиролцож мөнгө төгрөг өгч авалцсаны дараа жагсаалтаас нэрээ “албан ёсоор” хасуулав. Одоо мөнөөх намын дарга дахин ийм хэрэгт орохгүйн тулд цус цэвэр байх тухай, хэн хэн ийм хэрэгт орсон талаар зурагтаар байнга ярьдаг болсон.

13.  Ерэн оноос Монгол Хятадын харилцаа хэвийн болж харилцан зорчих явдал нээлттэй болов. Ар монголчууд өвөрлөгч нараа үл тоохоор барахгүй элдвээр басамжлан хужаа хувхайгаар нь дуудах болов. Хүн гомддог юм байгаа биз дээ. Ингээд зарим ирсэн гийчид зориудын хагалан бутаргах явуулга хийж эхэлжээ. “Монгол дахь хятадын эрлийзүүдээс Хятадын дарга Зянь Зэминд бичсэн захидал” гэгч тухайн үедээ шар сонин болгон дээр хэвлэгдсэн. Тагнуулын байгууллагынхан этгээдийг саатуулан шалгахад хятад монгол хэлээр өөрөө бичин тараасан болох нь ил болсон. Тэдний зарим нь Монголд улс төрийн тавцанд гарч ирсэн болгоныг эрлийз хурлийзаар нь зарлах ажлаар дагнах болж билээ.

14. Эрлийз хурлийзын “хэрэгт” хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг халх ястан холбогддог. Хасаг, буриад, дархад ястан ийм хочоос ангид. Төв халхын “дурак” Лундаажанцан УИХ-ын дарга болоход түүнийг антропологийн шинжлэх ухааны үүднээс хятадын эрлийз болохыг нь зарласан хэвлэлийн бага хурал болж байсныг хүмүүс мартсан болов уу? Гэхдээ энэ бол МАХН-ын (Одоогийнхоор бол МАН) төлөөлөгч ийм хэрэгт орсон бараг анхны тохиолдол. Учир нь МАХН байвал цэв цэвэр монгол, харин Ардчилсан хүчнийхэн бол хуйгаараа хужаа. Цаад байгууллагынх нь инерци л юм болов уу даа.

15. Сонгуульд нэр дэвшигч шууд хужаагаар зарлагдана. Энэ бол хорин жил тогтсон ёс горимтой уламжлал. 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөв өө. Гурав нь цусны шинжилгээгээр хужаа болох нь шууд л батлагдсан. Ирсэн гарсан, цагаачин ногоочноороо яривал үлдсэн ганц цэвэр цустай нь гурав дахь үеийн цагаач байсан нь харин хувь заяаны шоглоом юм даа.

16. Хужаагийн хэрэгт орсон хүн эргээд өөрөө хамгийн лут цус шинжээч болдог. Хятадын далд бодлого гэх маягийн хүн үнэмшмээргүй үлгэр бүхий л мэдээллийн хэрэгслэлээр цацаж суудаг “төгс мэргэн үзмэрч” болон хувирна. Парной өвчинтэй болчихдог юм уу, эсвэл үнэхээр “но”-той болоод булах гэж ядаад байгаа юм уу, юутай ч нэг комплекс байх шиг байгаа юм. “Намайг хужаа гээд бодчих (мэдчих?) вий” гэсэн айдас!

17. Интернэтийн сүлжээнд сэтгэгдэл бичих нь хорслоо тайлах хамгийн таатай хэрэгслэл болсон. Монголын улс төрийн тайзанд гарч ирсэн болгон бараг зуун хувь хужаа. Ингэж нэр усгүй нуугдан бичиж сэтгэлийн шархаа эдгээдэг 100 хүрэхгүй хүн байдаг. Гэвч интернэт бол яг л телефон утас шиг заавал мөрөө үлдээдэг хог л доо. Терроризмтай тэмцэх нэрээр хэн хаанаас бичиж байгаа нь амархан илрэх болжээ. Сэтгэгдэлчид бараг бүгдээрээ гүн комплекстой, арилшгүй гомдолтой хүмүүс болох нь тогтоогдсон. 

18. Бусдыг хужаагаар дуудах нь нэг ёсны эх оронч үзлийн илэрхийлэл боллоо. Гэвч энэ нь гэмт хэргээ цайруулах, рэкет хийх, комплексоо нуух хэрэгслэл байдаг. Бараг бүх тохиолдолд. Үхсэн малын махаар хоол хийж зарж байгаад баригдсан нэгэн “Энийг хүнд өгөх гэсэн юм биш, хужаа нарт өгөх гэсэн юм” гэж мэдүүлжээ. Ямааны мах Хятадаар дамжуулж Иранд гаргах гэсэн юм гэсэн тайлбар хийж байгаа наймаачныг бүлтэлзүүлж байгаа сэтгүүлчдийн луг нэвтрүүлгийг зурагтаар харсан уу? Сэтгүүлчид наймаачныг махаа Иранд гаргах гэж байгаа бол ч яахав, гэхдээ л худлаа тэгж байгаад замдаа богооноо суллаад хятадуудад идүүлнэ дээ хэмээн хардана. Хөөрхий наймаачин монгол ямааны махыг лалын ах дүү нартаа идүүлнэ хэмээн бараг л цусаараа тангараг тавьж уйлагнана. “Хүн алж болохгүй, нохой хужаа нарыг бол алж болно” гэсэн эх оронч зарлалын самбар зам дагуу тавьсан байхыг бодвол олон хүн хараа биз. 

19. Үйлийн үр заавал эргэж боловсордог. Өнгөрсөн нийгэм хэдэн арван жилийн турш нийгмийн зарим гишүүдээ гарал үүсэлтэй нь холбогдуулан хүний ёсноос гадуур дарамталж зовоон гадуурхаж хэдэн үеэр нь арилшгүй сэтгэлийн гүн шарх үлдээсэн. Одоо эргэж үйлийн үрээ амсаж элдвээр хараалгаж тэрэндээ комплексдож зовж шаналж, ичсэнээсээ болон гадаад дотоодгүй зохиомол дайсан бий болгож түүнтэйгээ тэмцэж буй нэрээр улс орныхоо эрх ашгийн эсрэг ухамсартай болоод ухамсаргүйгээр хорлон сүйтгэж яваа нь үйлийн үр л юм. Системийн гажиг нүглийг олон жилийн дараа иргэд нь хувь бие дээрээ амсаж буй нь энэ ээ, бас. Олон жил хураагдсан өсөрхөл эргэж дэлбэрэхээрээ ийм л үр дүн гарах нь хууль. 

Жич: Зориуд өөрийгөө хужаа гэж нотолдог эсрэг үйлдэл бас байдаг нь их марзан. Гадаадад улс төрийн цагаачлал гуйхдаа өөрийгөө эрлийз хурлийз хэмээн нотолж Монголд гадуурхагдан зовж шаналж байгаа гэсэн өргөдөл бичиж орогнол авсан хүн мундахгүй бий. Шалгаад үзэхэд Монголд үнэхээр ийм гадуурхал өргөн тархсан байдаг нь нотлогддог. Улс төрийн орогнол ч ашигтай л даа, байр хоолоор хангана, үнэгүй хэл зааж өгнө, дараа нь ажилд оруулна. Харлаж зовж байснаас хавьгүй гоё.

2011.02.20

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хуруу зайг буцааж авмаар байна

Бидний амьдралын байн¬гын хэрэглээ хуруу зай аюултай хог хаягдалд ордог. Манайхан хуруу зайнаас эхлээд бусад аюултай хог хаягдлаа ангилж устгах талаар санаа тавьдаггүй. Хортой аюултай бодисоо хогийн цэгт зүгээр л хаячихдаг нь хөрс, усыг хордуулж,  орчны бохирдол үүсгэж өвчний эх үүсвэр болж байдаг. Монголчууд хорт хавдраар хамгийн их өвддөгийн шалтгааныг холоос хайх хэрэггүй. Зарим нь хэрэглэж дууссан хуруу зайгаа зүгээр л гал руугаа шидэж далд оруулдаг нь хамгийн  хор хөнөөлтэй аргаар устгаж байгаа хэрэг.  Хорт бодисыг шатаахаар хорыг нь уушиглаж байгаатай агаар нэг.  Хэрэггүй болсон хуруу зайг хазаж шамшийлгах, хүүхдээрээ тоглуулах нь бүр ч аюултай. Хор идэж байгаа хүүхэд гээд төсөөл дөө. Ихэнх хүмүүс хуруу зайгаа хог руугаа шидэж орхидог. Хөрсөнд хорт бодис нэвчих аюултай учраас энэ ч сайн арга биш. Хуруу зай хорт хавдар үүсгэдэг бодис ялгаруулдаг гэнэ шүү. Хөгжсөн орнуудад дэлгүүр, супермаркетуудад хуруу зай буцааж залгидаг төхөөрөмж ажиллуулдаг юм билээ. Хэрэггүй болсон хуруу зайгаа энд буцааж, орчны бохирдлоос сэргийлэх нь иргэний хариуцлагаа ухамсарлаж буйн илэрхийлэл. Зарим оронд хуруу зайгаа буцаасны төлөө урамшуулал өгдөг юм байна.  Хуруу зайнд хорт бодисоос гадна ашигтай элементүүд ч бас бий. Түүнийг нь ялгаж авах боломжтой. Хуруу зайг дахин боловсруулах жижигхэн батарейны цех байхад л нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Хорт хог хаягдлаасаа цэвэрхэн сална. Бас үйлдвэрлэл явуулаад, ажлын байр бий болгоод, бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг олчихно.

Б.ЯНЖМАА   

Categories
мэдээ соёл-урлаг

“Бостон балет”-ын шилдгүүд бүжих “Мodern of Night”

 “Найрсаг Улаанбаатар-375’’ аяны хүрээнд АНУ-ын “Бостон балет” театрын  гоцлоочдын модерн бүжгийн тоглолт нийслэл хотод болох гэж байна.   “Монголын балетын хөгжил сан” нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.  

Оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөр илэрхийлдэг балетын урлагийн шилдгүүд оролцох энэхүү тоглолтод Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, дэлхийд алдартай “Бостон балет”-ын гоцлоочид уригдан эх оронд маань ирээд байгаа юм. Тэдний тайзнаа бүжих оричн үеийн балетын урлагийн хөгжлийг харуулсан  “Мodern of Night” тоглолт энэ сарын 4, 5-нд 19.00 цагт ДБЭТ-т болох юм.

Английн “Рояал”, ОХУ-ын “Большой театр”, Италийн “Ла Скала” зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригддаг балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг ийнхүү Монголчууд эх орондоо үзэх боломжтой боллоо.

Тоглолтын тасалбарын ДБЭТ-ын кассаар борлуулж байгаа бөгөөд 20-120 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байгаа аж.

Ингээд “Мodern of Night” тоглолтын эздийг танилцуулья.

АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Японы “Комаки балет” компанийн хүндэт бүжигчин, Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг.

Товч намтар:

    1993-2000 он  Хөгжим Бүжгийн Коллежи

    2000 он АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль \School of American Ballet\-суралцсан

    2000 оноос    МУ-ын ДБЭТ-ын гоцлол бүжигчин

    2002 он  Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчин

    2003 оноос ХХ зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтит (Франц)-тэй хамтран ажилласан.

    2007  оноос  АНУ-ын Бостон Балет компанид ажиллаж байна.

    2010 оноос  Монголын Балетын Хөгжил сангийн тэргүүн

    Ла Скала болон Харвардын их сургууль, Бостоны их сургуульд урилгаар бүжиглэдэг.

Гавъяа, шагналууд:

– 1998 он  Болгарын Варна хотод болсон “Олон улсын бүжгийн жүжигчдийн 8-р тэмцээн”-ий тусгай байр

-2000 онАНУ-ын Нью-Йорк хотод болсон “Олон улсын бүжгийн жүжигчдийн тэмцээн”-ийтусгай шагнал

– 2001 онЯпоны Токио хотын Ази Номхон Далайн тэмцээний алтан медаль

– 2002 онАНУ-ын Миссисифи хотын “Жексон” тэмцээний тусгай байр

– 2002 онОХУ-ын Пермь хотод болсон Олон улсын балетын 7-р тэмцээнд оролцож, мөнгөн медаль, “Шилдэг модерн бүжигчин” цол болон үзэгчдийн шагнал,

-2002 онАНУ-ын Жексон хотод болсон Олон улсын 7-р тэмцээний тусгай байрын шагнал

-2003 онТокиогийн Ази, Номхон далайн тэмцээний мөнгөн медаль

-2003 онЧех улсын Праг хотод болсон Олон улсын балетын анхдугаар тэмцээний 3-р байр,

-2003 онМонгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол”, “Монгол бахархал өргөмжлөл”,

-2004-2005 он Олон улсын бүжгийн жүжигчдийн тэмцээний хүрэл медаль

-2005 он-Монгол Улсын гавъяат бүжигчин цол

-“Нью-Йорк Интернерншл” \New York International ballet Competition\ тэмцээний хүрэл медаль

– “Оны онцлох хүн” өргөмжлөл

– “Монголын Бахархал” өргөмжлөл

-2006 он-Дэлхийн шилдэг 8 балетчины нэг.

-МАСЗХ-ны “Алтан Сарнай” өргөмжлөл

– Соёл урлагийн салбарын Оны шилдэг залуу өргөмжлөл

-2010 онМонгол Улсын Нийслэлийн дээд шагнал Хангарьд одон

Бүтээсэн гол дүрүүд, оролцсон тоглолтууд:

    П.И.Чайковский “Хунт нуур” балетын Ханхүү па-де-тура,

    “Щелкунчик” балетын Щелкунчик

    “Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу, па-де-де

    “Парисын дарь эхийн сүм” балетын Фебсийн дүр

    С.Прокофьев “Ромео Джульетта” балетын Ромео

    Б.Асафьев “Бахчис оргилолт булаг” балетын Вацлав

    Л.Делив “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Франц

    Ц.Пуни “Вальпургийн шөнө” балетын Вагхан

    А.Адан балетийн “Жизель” балетын Альберт

    “Чойжид дагина” балетын эрлэгийн элч

    Р.Милс “Цаглахуй”

    Хүрэлбаатар “Мөргөл”

    Н.Жанцанноров “Морин хуурын эгшиглэнд бүжиглэхүй”

    Б.Шарав “Зуурдын орон”

    Б.Соронзонболд “Их домог”

    З.Хангал “Эрдэнэсийн уулс” балетын “Хос дуэт”

    2006 он “Дэлхийн шилдэг 8 балетчин”-ий дэлхийг тойрон аялсан тоглосон тоглолтонд оролцсон.

    2009 оны 9-р сарын 23-нд “Falling for dance” их наадмыг нээн бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн.

    2011 оны 6-р сард Монгол улсад анх удаа зохиогдсон “Night of ballet” олон улсын наадмыг санаачлан зохион байгуулж, оролцсон.

    2012-2013 онд “Winter star-2012”, “Комаки балет” болон “Монгол бахархал” тоглолтуудыг Монгол улсдаа санаачлан зохион байгуулж, оролцсон.

2. Жон лайм АНУ-ын иргэн, АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин


Товч танилцуулга:

    Марин балетын сургууль болон Канадын Үндэсний балетын сургуульд 4 настайгаасаа суралцаж, 2003 онд төгсөхдөө Питер Двайерийн тэтгэлэгт шагнал хүртсэн.

    Дэлхийн авъяаслаг, залуу бүжигчдийг дэмжиж, сургалтын тэтгэлэг олгодог Пиерино Амбросолийн сангийн тэтгэлэгт хамрагдсан цөөн хойд Америк бүжигчдийн нэг.

    2003 оноос Бостон балет компанид уригдан ажиллаж байна.

Гавъяа, шагналууд:

    2005 оны Солонгосын Олон улсын балетын тэмцээний шагналт байр

    Залуу авъяастанд олгодог Грейс бүжгийн тэмцээний 2005 оны шагналын эзэн

    Калифорни мужийн Сан Рафаэль хотын даргаас өргөмжлөл хүртсэн.

Бүтээсэн гол дүрүүд:

    Жорж Баланчин “Дөрвөн темперамент”

    Оберон “Зуны шөнийн зүүд”

    “Дивертименто №15”

    Рудовер Нуриев “Дон Кихот”

    Микко Ниссинен “Цөмөөхэй”

    П.И.Чайковский “Хунт нуур” балетын Ханхүү па-де-тура,

    Килиан “Сарабанде”

    “Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу

    Бусад…

Витнье Женьсон

АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин, АНУ-ын иргэн 

Товч танилцуулга:

    Солт Лэйк хотоос балетын хичээлээ эхэлж, Нью- Йорк хотын Валентина Козловагийн бүжгийн Консерваторид Козловатай хамтран хичээллэж эхэлсэн.

Бостон балет компанид 2009 онд бүжигчнээр, 2010 оноос гоцлол бүжигчнээр ажиллаж байна

Гавъяа, шагналууд:

    Залуу америкчуудын Гран При тэмцээнд мөнгөн медаль, “Америкийн итгэл найдвар” тэмцээний тусгай байр

    АНУ-ын балетын тэмцээн, Нью Жерсигийн Залуучуудын бүжгийн наадам, Дэлхийн балетын тэмцээн зэрэг томоохон тэмцээнүүдээс 7 алт, 1 мөнгөн медаль

    Нью Йорк Таймс сонины  “Шилдэг” өргөмжлөл

    2008 онд Варнагийн Олон Улсын балетын 23–р тэмцээний бүх дээд шагналууд

    Варнагийн тэмцээний 44 жилийн түүхэнд дөрөвхөн удаа олгогдож байсан “Хамгийн шилдэг бүжигчин”- ий медаль, диплом, олон улсын балетын шагналууд хүртсэн.

Бүтээсэн гол дүрүүд, оролцсон тоглолтууд:

    П.И.Чайковский “Хунт нуур”

 –  “Нойрссон гүнж” балет”

    С.Прокофьев “Ромео Джульетта”

    -«Щелкунчик» бүжгэн жүжгийн гол дүр

    Варна хотын Олон улсын балетын 22-р тэмцээний Гала тоглолт

    Хятадын үндэсний баяр болон Нью-Йорк хотын театрт “Амтат чавга” жүжгийн Па де де

    Нью-Йорк хотын төв театрт тавьсан “Фараоны охин”-ы дүр

    Балтын орнуудын Олон улсын балетын наадмын Гала тоглолт, Дэлхийн балетын одуудын наадамд хүндэт зочноор уригдан оролцсон.

Жеффри Сирио

АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин, АНУ-ын иргэн 

Товч танилцуулга:

-Марсиа Дейл Веаригийн Төв Пеннсильванийн Өсвөрийн балетын сургуульд багш Лазло Вердогийн удирдлаган дор суралцаж балетчин болох гаргаагаа эхэлсэн.

-Бостон балетын сургуульд суралцсан.

-Данийн Эзэн хааны балет, Орландогийн балетын сургуульд суралцсан.

-2008-2009 оны Фернандо Буханнес нэрэмжит Scholar болсон.

-2009 онд Бостон балет компанид бүжигчин, 2010 онд гоцлол бүжигчин, 2012 онд Принсипал  бүжигчин

-“Boston Globe” сонин, “Pointe Magazine” сэтгүүлд өндрөөр үнэлэгдэн бичигдэж байна.

Гавъяа, шагналууд:

-Орон нутгийн балетын тэмцээнд Гранд При шагнал

-АНУ-ын Өсвөрийн Гранд при тэмцээнд алтан медаль

-2006 онд Миннесота мужийн Жаксоны олон улсын балетын тэмцээнд хүрэл медаль

-Танзолип балетын тэмцээн-фестивальд Бостон балетын сургуулийг төлөөлөн оролцож, алтан медаль

-Сөүлийн олон улсын  бүжгийн 5 дугаар тэмцээнд Орландо Балетын сургуулийг төлөөлөн оролцож, мөнгөн медаль

– 2006 оны АНУ-ын балетын тэмцээний Шилдэг эрэгтэй бүжигчин

-2009 оны Урлаг дэмжих Үндэсний Сангийн “Silver level”

-2009 оны  АНУ-ын Өсвөрийн Гранд При тэмцээний “Senior grand prix”, Мари Дейн нэрэмжит шагнал

-2009 оны Дэлхийн балетын тэмцээнд алтан медаль

-2009 Финляндын Хельсинкийн Олон Улсын балетын тэмцээнд алтан медаль хүртсэн анхны АНУ-ын иргэн

-2011 “Boomerang Fund for the artists”-ийн шагнал

Бүтээсэн дүрүүд:

-Ла Баяадир балетын Алтан бурхан, Факир,

-Жорж Баланчин “Зуны үдшийн зүүд” балетын Оберон ба Пакболон

-П.И.Чайковский “Хунт нуур” балетын Ханхүү па-де-тура,

-“Щелкунчик” балетын Щелкунчик

– Кевин Мкензей “Дон Кихот”,

    С.Прокофьев “Ромео Джульетта”

    Бусад…

    Жеффри Сирио нь чадварлаг бүжигчин төдийгүй авъяаслаг бүжиг дэглээч гэдгээ харуулж, “Бостон Балет” компанид өөрийн дэглэсэн бүжгээ тавьж, балет шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.

    Лиа Сирио

АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин,  АНУ-ын иргэн 

Товч танилцуулга:

-Свартмор балетын театрт Лори Ардисын удидлаган дор хичээллэж эхэлсэн.

-Төв Пенсильванийн Өсвөрийн балетын сургуульд хувийн багш Тереза Кроуфорд болон Рафаель Григориантай балетын сургуулилтаа амжилттай үргэлжлүүлж, 16 насандаа Урлаг хөгжүүлэх Үндэсний сангийн  “Level One”  шагналын эзэн,  Урлагийн  финалистуудын  Ерөнхийлөгчийн  нэрэмжит  сурагчаар шалгарсан.

-“Regional Dance America” фестивальд Үндэслэгчдийн шагнал, дээд тэтгэлэг хүртсэн.

-Бостон балет компанийн хоёрдугаар компанид ажиллах урилгыг Бостон балетын компанийн захиал Микко Ниссиненээс хүлээн авсан.

-2004 онд Бостон балет компанийн “Princess Grace” шагналд нэр дэвшиж, Бостон балет компанийн Үндсэн компанийн бүжигчин, 2007 онд гоцлол бүжигчин.

-2008-2009 онд “Trey McIntyre” төслийн багийнхны хамт АНУ болон дэлхийг тойрон  аялан тоглолтонд оролцсон.

-2009 онд Бостон балет компанид үргэлжүүлэн ажиллаж байна.

-2010 онд Бостон балет компанийн Принсипал бүжигчин

Гавъяа шагналууд: 

-“The Patriot Ledger” сонины Шилдэг эмэгтэй бүжигчнээр шалгарсан

-Испанид хийсэн аялан тоглолтоор Тайзны гайхамшигт илрэлтэй, ер бусын эмэгтэйгээр шалгарсан

-“Dance” болон “Dance Spirit”  сэтгүүлүүдэд бичигдэж, “Pointe” сэтгүүлийн нүүрийг чимсэн.

Бүтээсэн гол дүрүүд:

-“Trey McIntyre” төслийн хүрээнд “Яруу найраг”, “Амьдрал дахь нэг өдөр”,” Хэлбэр төрхийн үзэгдлүүд” болон бусад McIntyre-ийн шинэ тавьсан бүжгэн жүжгүүдийн гол дүр

    – П.И.Чайковский “Хунт нуур”

    “Щелкунчик”

    С.Прокофьев “Ромео Джульетта”

    А.Адан балетын “Жизель”

    “Щелкунчик”

    “Нойрссон гүнж”

    С.Прокофьев “Ромео Джульетта”

    А.Адан “Жизель”

–  “Үнсгэлжин”

–  “Afternoon of Faun”

–  “Камиллиагийн хатагтай”

– Баланчин “Цэнхэр нүдэн бүсгүй”

– “Гурван хөдөлгөөнт симфони”

-“Аполло”

– Бусад…

-Килиан, Пикетт, Вийлдон, Брюс зэрэг өнөө цаг үеийн аддарт модерн бүжиг дэглээчидтэй хамтран ажиллаж байсан.

    Саби Варга

Бостон балет компанийн гоцлол бүжигчин, Бүгд Найрамдах Унгар улсын иргэн

Товч танилцуулга:

-Будапешт хотын Унгарын Бүжгийн академид балетаар хичээллэж эхэлсэн.

-Бүжгийн академиа төгсөөд Микко Ниссинены Альберта балет компанид ажиллсан.

-2002 онд Микко Ниссинен Бостон балет компанид ажиллахыг урьж, Бостон балет компанийн бүрэлдэхүүнд ажилласан.

-2004 онд Бостон балет компанийн гоцлол бүжигчин 

Гавъяа, шагналууд:

– АНУ-ын Өсвөрийн Гранд при тэмцээнд алтан медаль

-1997 онд  Рудольф Нуреевын Олон улсын балетын тэмцээнд Шилдэг залуу бүжигчнээр шалгарсан

Бүтээсэн гол дүрүүд:

-Микко Ниссинен  “Хунт нуур” Ротбард

-Микко Ниссинен  “Цөмөөхэй”  бүх гоцлол дүрүүд

-Руди ван Данциг  “Ромео Жулиет” Ромео

-Рудольф Нуреев  “Дон Кихот” Еспада

-Вал Канипорали “Камиллиагийн хатагтай” Густав

-Мариус Петипа “Нойрссон гүнж”

-Ёрма Эло “Plan to B”

-“Кармен”

-Жеймс Куделька “Үнсгэлжин”

-Дэйвид Давсон “Саарал бүс”

-Килиан “Сарабанде”

-Баланчин, Х.Томассон, Кристофер Вийльдон нарын бүжиг дэглээчдийн гоцлол дүрүүдийг бүтээж байсан юм.

Тэд тун удахгүй монголын тайзнаа бүжнэ.

Categories
мэдээ нийгэм

“Бүтээлч Монгол” наадмын үзэсгэлэн “Мишээл экспод” гарна

Шинэчлэлийн Засгийн газраас ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам, Мишээл экспо төв хамтран Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний Их баяр наадмыг угтаж “Бүтээлч Монгол” наадмын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн долдугаар сарын 4-8 ныг хүртэл үргэлжилнэх гэнэ. Үзэсгэлэнд есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгч 120-180 аж ахуйн нэгж оролцох аж. Наадмын гоёл дээл, даалин, алт мөнгөн эдлэл, монгол гутал, тэлээ гэх мэт үндэсний үйлдвэрлэгчдийн хийдэг бүхий л зүйл тавигдах юм байна. Уг үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүмүүст наадмын хуушуур, айргаар үйлчлэх аж. Үзэсгэлэнд 4-8 ханатай сийлбэртэй болон уянгын гэрүүд тавигдах бол уг үзэсгэлэнд худалдаа наймаа эрхлэгчид үндэсний хувцастай үйлчлэх юм байна. Үндэсний үйлдвэрлэгч нар оролцож байгаа учраас бүх юм үйлдвэрийнхээ үнээр байна гэж “Мишээл экспо” төвийн менежер С.Удвал хэллээ. 

У.Ууганцэцэг